Цор ганц Бурхан Өөрөө VIII

Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (II)

Бид өмнөх сэдвийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Өнгөрсөн удаа бид ямар сэдвээр нөхөрлөснийг санаж байна уу? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн энэ сэдэв та нарт их хол санагдаж байна уу? Эсвэл та нар зүрх сэтгэлдээ аль хэдийн бүдүүн тоймын ойлголттой болсон байгаа юу? Энэ сэдвийн талаарх өмнөх нөхөрлөлийн маань гол санаа юу байсныг товчхон ярьж чадах хүн байна уу? (Бурхан бүх зүйлийг бүтээсний улмаас Бурхан бүх зүйл болон хүн төрөлхтнийг тэтгэдгийг би хардаг. Өмнө нь би, Бурхан хүнд зориулан хангалт хийхдээ зөвхөн Өөрийн сонгосон хүмүүсийг үгээрээ хангадаг гэж үргэлж боддог байсан; бүх зүйлийг захирдаг хуулиар дамжуулан Бурхан бүх хүн төрөлхтнийг тэтгэж байгааг би хэзээ ч харж байгаагүй. Тэр бол бүх зүйлийн эх сурвалж, Тэр бүх зүйлийн амийг хангадаг, Бурхан эдгээр хуулийг зохицуулж, бүх зүйлийг тэтгэдэг гэдгийг үнэний тухай Бурханы яриагаар л дамжуулан би мэддэг болсон. Бүх зүйлийг бүтээснээс нь би Бурханы хайрыг хардаг.) Өнгөрсөн удаа бид, Бурхан бүх зүйлийг бүтээсэн талаар, мөн тэдгээрт зориулж хууль, зарчмыг Тэр хэрхэн тогтоосон талаар голчлон нөхөрлөсөн. Ийм хууль, ийм зарчмын дор бүх зүйл хүнтэй хамт Бурханы ноёрхол дор, Бурханы нүдэнд амьдарч, үхэж, зэрэгцэн оршдог. Бурхан бүх зүйлийг бүтээж, мөн бүх зүйлийн өсөж үржих хууль, түүнчлэн тэдгээрийн өсөлт үржилтийн график, хэв маягийг тогтооход Өөрийн арга барилыг ашигладаг тухай бид эхлээд ярилцсан. Тэрээр энэ газар нутагт бүх зүйлийн амьдрах арга замыг бас тогтоож өгсөн, ингэснээр тэд үргэлжлүүлэн өсөж үржин, бие биеэсээ харилцан хамааралтай амьдарч болно. Ийм арга зам, хуулиуд байснаар бүх зүйл энэ газар нутаг дээр төвөггүй, амар тайван оршиж, өсөж үржиж чаддаг, ийм л орчинд хүн тогтвортой гэр орон, тогтвортой амьдрах нөхцөлтэй болж, түүндээ Бурханы удирдамж дор хэзээд урагшаа, үргэлж урагшлан амьдарч болно.

Өнгөрсөн удаа бид Бурхан бүх зүйлийг хангадаг тухай үндсэн ухагдахууныг хэлэлцсэн: Бүх зүйл хүн төрөлхтний тусын тулд оршиж, амьдраасай гэсэндээ Бурхан ийм маягаар бүх зүйлийг хангадаг. Өөрөөр хэлбэл, Бурханы тогтоосон хуулиудаас болж ийм орчин нөхцөл оршин байдаг. Бурхан эдгээр хуулийг сахиулж, захирдаг болохоор л одоогийн амьдрах орчин нөхцөл нь хүн төрөлхтөнд байгаа билээ. Өнгөрсөн удаа бидний ярилцсан зүйл болон өмнө нь бидний ярьсан Бурханы талаарх мэдлэгийн хооронд томоохон үсрэлт байна. Ийм үсрэлт байгаагийн шалтгаан юу вэ? Учир нь, урьд нь бид Бурханыг мэдэх тухай ярилцахдаа Бурхан хүн төрөлхтнийг аварч, удирдах хүрээнд—өөрөөр хэлбэл, Бурханы сонгосон хүмүүсийг аврах, удирдах тухай ярилцаж байсан—мөн тэрхүү цар хүрээнд бид Бурхан, Бурханы үйл хэрэг, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний хүсэл, Тэр хүнийг үнэн болон амиар хэрхэн хангадаг тухай ярилцсан. Гэхдээ өнгөрсөн удаа эхлүүлсэн сэдэв маань Библийн агуулга, мөн Бурхан Өөрийнх нь сонгосон хүмүүсийг аврах хүрээнд хязгаарлагддаггүй. Харин ч сэдэв нь энэхүү цар хүрээнээс хэтэрч, Библи, мөн Өөрийн сонгосон хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын гурван үе шатны хүрээнээс хальж Бурханыг Өөрийг нь хэлэлцдэг. Тиймээс Миний нөхөрлөлийн энэ хэсгийг чи сонсохдоо Бурханы талаарх мэдлэгээ Библи болон Бурханы ажлын гурван үе шатаар хязгаарлах ёсгүй. Харин харах өнцгөө нээлттэй байлгах хэрэгтэй; бүх зүйлийн дотроос Бурханы үйл хэрэг болон Түүнд юу байгаа, Тэр юу болох, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн захирч, удирдаж байдгийг харах ёстой. Энэ аргаар, энэ суурин дээрээс чи Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадгийг харж чадна. Бурхан бол бүх зүйлийн амийн жинхэнэ сурвалж бөгөөд энэ бол үнэндээ Бурханы Өөрийнх нь жинхэнэ ялгамж чанар гэдгийг ойлгох боломжийг энэ нь хүн төрөлхтөнд олгодог. Өөрөөр хэлбэл, Бурханы ялгамж чанар, байр суурь, эрх мэдэл хийгээд Түүний бүх зүйл Өөрийг нь одоо дагаж байгаа хүмүүст зөвхөн зориулагдаагүй—зөвхөн энэ бүлэг хүн та нарт зориулагдаагүй—харин бүх зүйлд зориулагдсан билээ. Тэгэхээр бүх зүйлийн цар хүрээ маш өргөн юм. Юм бүхнийг захирдаг Бурханы захиргааны цар хүрээг тайлбарлахын тулд Би “бүх зүйл” гэдэг нэр томьёог ашигладаг, учир нь Бурханы захирдаг зүйлс зөвхөн та нарын нүдээрээ харж чадах зүйлс биш юм, үүнд бүгдийн харж чаддаг материаллаг ертөнц төдийгүй, материаллаг ертөнцөөс чанагш, хүний нүдэнд үл үзэгдэх өөр ертөнц, бүр цаашилбал, хүн төрөлхтний амьдран суух боломжгүй гараг эрхэс, сансар огторгуй багтдаг. Энэ бол бүх зүйлийг ноёрхдог Бурханы ноёрхлын цар хүрээ юм. Түүний ноёрхлын цар хүрээ маш өргөн; та нар юу ойлгож, юу харах, ямар зүйлийн талаар мэдлэгтэй байх ёстойгоо хүн нэг бүр ойлгож, харж, тодорхой мэдэх шаардлагатай, бас ёстой. Хэдийгээр “бүх зүйл” гэдэг нэр томьёоны цар хүрээ яах аргагүй маш өргөн ч гэсэн тэрхүү цар хүрээн доторх та нарын харах аргагүй буюу биечлэн хүрэх боломжгүй зүйлийн талаар Би та нарт ярихгүй. Хүмүүсийн хүрч, ойлгож, ухаарч ойлгож чадах тэрхүү цар хүрээн доторх зүйлийн талаар л Би та нарт ярина, тэгснээр хүн бүр “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг хэллэгийн жинхэнэ утгыг мэддэг болж чадах юм. Ингэснээр та нарт Миний нөхөрлөсөн үгийн аль нь ч дэмий хоосон үг болохгүй.

Бурхан хэрхэн бүх зүйлийг хангадаг тухай үндсэн ойлголтыг хүмүүс олж авах болов уу гэж “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэдэг сэдвийн талаар энгийн ерөнхий тойм өгөхөөр түүх өгүүлэх аргыг өнгөрсөн удаа бид хэрэглэсэн. Энэхүү үндсэн ухагдахууныг та нарт заасны зорилго юу вэ? Бурханы ажил бол Библи болон Түүний ажлын гурван үе шатнаас ч илүү гэдгийг хүмүүст ойлгуулах билээ. Тэрээр хүний харж, хүрч чадахгүй маш их ажлыг хийж байдаг, энэ ажилд Тэр биечлэн анхаарал тавьдаг. Хэрвээ Бурхан өөр бусад ажлыг хийхгүйгээр гагцхүү Өөрийн удирдлага болон Өөрийн сонгосон хүмүүсийг урагшаа хөтлөх тал дээр л ажиллаж байсан бол та бүгдийг оролцуулаад энэ хүн төрөлхтний хувьд үргэлжлүүлэн урагшлахад маш хэцүү байх байсан. Энэ хүн төрөлхтөн, энэ дэлхий ертөнц үргэлжлүүлэн хөгжиж чадахгүй байх байв. Өнөөдөр Би та нартай хийж буй нөхөрлөлийн сэдэв болох “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” хэмээх хэллэгийн ач холбогдол энд оршиж байна.

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бүтээсэн амьдралын үндсэн орчин

Бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” хэмээх үгтэй холбоотой олон сэдэв, нэлээд агуулгыг хэлэлцсэн, гэхдээ Бурхан та нарыг Өөрийн үгээр хангаж, та нар дээр Өөрийн гэсгээлт, шүүлтийн ажлыг гүйцэтгэхээс гадна хүн төрөлхтөнд ямар зүйлс хайрладгийг та нар зүрх сэтгэлдээ мэддэг үү? Зарим хүн “Бурхан надад нигүүлсэл, ерөөл хайрладаг; Тэр надад сахилгажуулалт, тайтгарал өгч, намайг бүхий л байдлаар халамжилж, хамгаалдаг” гэж хэлж магад. Нөгөө хэсэг нь “Бурхан надад өдөр бүр хоол, унд хайрладаг” гэж хэлдэг бол зарим нь бүр “Бурхан надад бүхнийг хайрласан” гэж хэлнэ. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд тулгардаг тэдгээр асуудалд та нар, өөрсдийн махан биеийн амьд туршлагын цар хүрээтэй холбоотой байдлаар хариу үйлдэл үзүүлж болох юм. Бурхан хүн бүрд олон зүйлийг хайрладаг, гэхдээ энд бидний хэлэлцэж байгаа зүйл зөвхөн хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээний хүрээнд хязгаарлагдахгүй, харин хүн бүрийн харах өнцгийг тэлж, аливааг томоор харах боломж олгох зорилготой юм. Бурхан бүх зүйлийн амийн эх сурвалж тул Тэр бүх зүйлийн амийг хэрхэн тэтгэдэг вэ? Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг оршин тогтнуулахын тулд тэдний оршин тогтнол болон оршин тогтнолынх нь хуулийг хадгалах гэж Бурхан Өөрийн бүтээсэн бүх зүйлд юу өгдөг вэ? Энэ бол бидний өнөөдрийн хэлэлцүүлгийн гол санаа юм. Та нар Миний хэлснийг ойлгож байна уу? Энэ сэдэв та нарт тун танил биш байж магад боловч Би хэт гүн гүнзгий хоосон сургаалын талаар ярихгүй. Би үгээ та нарт сонсгож, ойлгуулах гэж хичээнэ. Та нар тээршээх хэрэггүй—анхааралтай сонсоход л болно. Гэхдээ, энэ мөчид Би дахин нэгэнтээ онцлох ёстой: Би ямар сэдвээр ярьж байгаа билээ? Надад хэлээч. (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Тэгэхээр Бурхан бүх зүйлийг хэрхэн хангадаг вэ? Тэр бүх зүйлийг юугаар хангадаг болохоор “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэж хэлдэг байж болох вэ? Та нарт энэ талаар ойлголт, төсөөлөл байна уу? Та нарын бараг огт мэдэхгүй, зүрх сэтгэл, оюун ухааны чинь бараг үл таних сэдвийн талаар Би ярилцаад байх шиг байна. Гэхдээ та нар энэ сэдэв болон Миний ярих зүйлсийг аливаа мэдлэг, хүмүүний соёл, судалгаатай биш харин Бурханы үйл хэрэгтэй холбож ойлгож чадна гэж Би найдаж байна. Би зөвхөн Бурхан болон Бурханы Өөрийнх нь талаар ярьж байна. Энэ бол Миний та нарт өгөх санаа юм. Та нар ойлгож байгаа, тийм үү?

Бурхан хүн төрөлхтөнд олон зүйл хайрласан. Би хүмүүсийн харж чадах зүйл, өөрөөр хэлбэл, тэдний мэдэрч чадах зүйлийн талаар яриагаа эхэлнэ. Эдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, ойлгож чадах зүйлс юм. Иймд Бурхан хүн төрөлхтнийг юугаар хангасан талаар ярихдаа эхлээд материаллаг ертөнцийн талаарх хэлэлцүүлгээс эхэлцгээе.

а. Агаар

Эхлээд Бурхан хүнийг амьсгалаг гэж агаарыг бүтээсэн. Агаар бол өдөр тутмын амьдралдаа хүмүүсийн хүрэлцэж болдог бодис бөгөөд хором бүрд, бүр унтаж байхдаа ч гэсэн хүмүүсийн хамааралтай байдаг зүйл юм. Бурханы бүтээсэн агаар бол хүн төрөлхтөнд асар чухал: Энэ нь амьсгалах бүрд, амьдрахад нэн чухал юм. Зөвхөн мэдэрч л болохоос харж болохгүй энэхүү бодис нь Өөрийн бүтээсэн бүх зүйлд Бурханы өгсөн хамгийн анхны бэлэг байсан юм. Гэвч агаарыг бүтээснийхээ дараа Бурхан ажлаа дууссан гэж үзээд больсон уу? Эсвэл Тэр агаарын нягтшил ямар байхыг бодолцсон уу? Тэр агаарын агууламжид юу байхыг бодолцсон уу? Бурхан агаарыг бүтээж байхдаа юу бодож байсан бэ? Бурхан яагаад агаарыг бүтээсэн бэ, үүнийг бүтээсэн шалтгаан нь юу вэ? Хүмүүст агаар хэрэгтэй, тэд амьсгалах хэрэгтэй. Юуны өмнө агаарын нягтшил хүний уушгинд тохирох ёстой. Агаарын нягтшилыг мэддэг хүн байна уу? Үнэндээ энэ асуултын тоо эсвэл мэдээлэлтэй холбоотой хариултыг хүмүүс мэдэх гойд хэрэгцээ байхгүй, хариултыг нь мэдэх бараг шаардлагагүй—ерөнхий ойлголттой байхад яг л хангалттай. Бурхан, хүний уушги амьсгалахад хамгийн тохиромжтой нягтшил бүхий агаарыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл, Тэрээр, амьсгалаар нь дамжин хүний биед амархан орж болохоор, амьсгалах үед биед нь хор хөнөөл учруулахааргүй байхаар агаарыг бүтээсэн. Бурхан агаарыг бүтээхдээ эдгээрийг бодолцсон. Дараагийн бидний ярилцах зүйл бол агаар юу агуулдаг тухай юм. Агаарын агууламж хүмүүст хоргүй, уушги, биеийн аль нэг эд эрхтнийг гэмтээхгүй. Бурхан энэ бүхнийг бодолцож үзэх хэрэгтэй байсан. Хүний амьсгалдаг агаар биед саадгүй орж, гарч байх хэрэгтэй, мөн амьсгалсны дараа агаар доторх бодисын шинж чанар, тоо хэмжээ нь цус, түүнчлэн уушги болон бие дэх хэрэггүй агаар бүхэлдээ зохих ёсоор бодисын солилцоонд орохуйц байхыг бодолцох ёстой болсон. Түүнчлэн агаарт ямар ч хортой бодис агуулагдах ёсгүй байхыг Тэр бодолцох ёстой байлаа. Агаарын энэхүү хоёр стандартын талаар Би та нарт хэлж байгаа нь тодорхой нэг мэдлэгээр хангах гэсэн юм биш, харин Бурхан Өөрийн бүтээл дэх юм болгоныг бүтээхдээ бодсоныхоо дагуу бүтээсэн, Түүний бүтээсэн бүхэн нь байж болох хамгийн сайн нь гэдгийг та нарт харуулахыг зорьсон юм. Түүнээс гадна, агаар дахь тоосны хэмжээ; газар дээрх тоос, элс, шорооны хэмжээ; түүнчлэн тэнгэрээс газар луу туугдан ирдэг тоосны хэмжээний тухайд гэвэл, тэдгээрийг арилгах, задлах арга зам гээд эдгээр зүйлийг удирдах Өөрийн гэсэн арга зам ч бас Бурханд байдаг. Тодорхой хэмжээний тоос байдаг ч гэсэн Бурхан, тоос бие махбод, хүний амьсгалд хор хөнөөл учруулахааргүй, тоосны өчүүхэн ширхгүүд нь бие махбодод аюулгүй байхуйц хэмжээтэйгээр бүтээсэн. Бурхан агаарыг бүтээсэн нь нууцлаг байгаа бус уу? Энэ нь амнаасаа жаахан агаар үлээхтэй адил энгийн байсан уу? (Үгүй.) Түүний бүтээсэн хамгийн энгийн зүйлд ч Бурханы нууцлаг байдал, Түүний оюун ухааны ажиллаж байгаа байдал, Түүний сэтгэлгээний арга барил, Түүний мэргэн ухаан цөм илэрхий байдаг. Бурхан бодитой бус уу? (Тийм ээ, Тэр бодитой.) Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Бурхан эгэл зүйлийг бүтээхдээ ч хүн төрөлхтнийг бодож байсан юм. Юуны өмнө, хүний амьсгалдаг агаар цэвэр, агууламж нь хүн амьсгалахад зохимжтой, хоргүй, хүнд хор хөнөөл учруулдаггүй; агаарын нягтшил нь мөн л ижилхэн хүн амьсгалахад тохирсон байдаг. Хүмүүсийн тогтмол амьсгалж, гаргаж байдаг энэхүү агаар хүний биед, хүний махан биед нэн чухал юм. Иймээс хүмүүс саадгүй, санаа зоволгүйгээр чөлөөтэй амьсгалж болно. Тэд ийнхүү хэвийн амьсгалж болно. Агаар бол Бурханы эхэнд нь бүтээсэн зүйл бөгөөд хүн амьсгалахад зайлшгүй шаардлагатай билээ.

б. Температур

Бидний хэлэлцэх хоёр дахь зүйл нь температур юм. Хүн бүр температур гэж юу болохыг мэднэ. Температур бол хүн амьдрахад зохимжтой орчинд нэн чухал зүйл билээ. Жишээ нь, хэрвээ температур хэт өндөр, цельсийн 40 хэмээс дээш температуртай байлаа гэж бодоход хүмүүсийг маш ихээр туйлдуулах байсан бус уу? Тийм нөхцөлд амьдрахад хүмүүст хэцүү бэрх байх байсан бус уу? Хэрэв температур хэт бага байсан бол бас яах вэ? Температур цельсийн хасах 40 хэм хүрдэг байлаа гэж бодоход хүмүүс ийм нөхцөл байдлыг ч бас тэвчиж чадахгүй. Тиймээс Бурхан хүний биеийн дасан зохицож чадах температурын хэлбэлзлийн хязгаар болох ойролцоогоор цельсийн хасах 30 хэмээс 40 хэм байх энэ температурын хязгаарыг тогтоохдоо үнэндээ маш нарийн хандсан байдаг. Хойд зүгээс өмнө зүг хүртэлх газар нутаг дахь температур үндсэндээ энэ хязгаарын дотор байдаг. Хүйтэн бүс нутагт температур магадгүй цельсийн хасах тавь, жаран хэм хүртэл буурч болно. Бурхан ийм бүс нутагт хүмүүсийг амьдруулахгүй байсан. Тэгвэл яагаад ийм тэсгэм хүйтэн бүс нутаг байдаг вэ? Үүнд зориулсан Өөрийнх нь мэргэн ухаан, санаа зорилго Бурханд бий. Тэр чамайг тийм газруудын ойр явуулахгүй. Бурхан хэт хүйтэн болон хэт халуун газрыг хамгаалдаг нь хүнийг тэнд амьдруулахаар төлөвлөөгүй гэсэн үг юм. Эдгээр газар нь хүн төрөлхтөнд зориулагдаагүй. Гэхдээ Бурхан яагаад ийм газруудыг дэлхий дээр байлгадаг юм бэ? Хэрвээ энэ газруудад хүн суурьшиж, бүр амьд үлдэхийг Бурхан зөвшөөрөхгүй юм бол Бурхан тэдгээрийг яах гэж бүтээсэн юм бэ? Бурханы мэргэн ухаан энд оршдог. Өөрөөр хэлбэл, хүний амьдрах орчны температурын хязгаарыг Бурхан ул суурьтайгаар тохируулсан. Энд ч бас байгалийн хууль үйлчилж байдаг. Температурыг хадгалж, барихын тулд зарим нэг зүйлийг Бурхан бүтээсэн. Тэдгээр нь юу вэ? Юуны өмнө, нар хүмүүст дулаан илчийг авчирдаг боловч энэхүү дулаан илч нь хэтэрхий их бол хүмүүс тэвчиж чадах уу? Наранд ойртож зүрхлэх хүн бий юу? Наранд дөхөж очиж чадах ямар нэгэн шинжлэх ухааны төхөөрөмж дэлхий дээр бий юу? (Үгүй.) Яагаад чадахгүй вэ? Нар хэт халуун. Хэтэрхий ойртсон ямар ч зүйл хайлна. Тиймээс Бурхан, хүн төрөлхтний дээр байх нарны өндөр, нар хүн хоёрын хоорондох зайг Өөрийн нарийн тооцоо, стандартын дагуу тогтоох гэж тусгайлан ажилласан. Мөн дэлхийн Өмнөд ба Хойд гэсэн хоёр туйл бий. Энэхүү бүс нутгууд тэр чигээрээ хөлдсөн, мөнх цэвдэгтэй. Хүн төрөлхтөн мөнх цэвдэгтэй бүс нутагт амьдарч чадах уу? Ийм газар нутаг хүн амьдрахад тохиромжтой юу? Үгүй, тиймээс хүмүүс ийм газрууд руу явдаггүй. Хүмүүс Хойд ба Өмнөд туйл руу явдаггүй болохоор мөнх цэвдэг нь хэвээр хадгалагдаж, температурыг барих үүргээ гүйцэтгэж чаддаг. Ойлгов уу? Хэрвээ Хойд, Өмнөд туйл гэж байхгүй байсан бол нарны байнгын халуун дэлхий дээрх хүмүүсийг мөхөхөд хүргэнэ. Гэвч Бурхан гагцхүү энэ хоёр зүйлээр л температурыг хүн амьдрахад тохирсон хязгаарт байлгадаг уу? Үгүй, нарны халууныг шингээн авч, ингэснээрээ, хүн төрөлхтний амьдардаг орчны температурыг тохируулахаар нарны дулааны эрчим хүчийг саармагжуулдаг төрөл бүрийн амьд зүйлс, тухайлбал хээр талын өвс ногоо, ойн янз бүрийн мод, бүх төрлийн ургамал бий. Мөн гол мөрөн, нуур гэх мэт усны эх үүсвэр байдаг. Гол мөрөн, нуур бүрхэх талбайг хэн ч шийдэж чадахгүй. Дэлхий дээр хэр зэрэг их ус байх, тэр ус хаашаа урсах, урсах чиглэл, усны хэмжээ, урсгалын хурдыг хэн ч хянаж чадахгүй. Зөвхөн Бурхан л мэднэ. Газрын гүний уснаас эхлээд газар дээрх нүдэнд үзэгдэх гол мөрөн, нуур зэрэг эдгээр янз бүрийн усны эх үүсвэр нь хүний амьдардаг орчны температурыг мөн зохицуулж чаддаг. Усны эх үүсвэрээс гадна, уул, тал, хавцал, намгархаг газар гээд бүгд газар зүйн цар хүрээ, талбайтайгаа тэнцүү хэмжээгээр температурыг зохицуулдаг бүх төрлийн газар зүйн тогтоц бас бий. Жишээлбэл, хэрвээ уул 100 километрийн тойрогтой бол тэрхүү 100 километр нь 100 километрийн хэмжээний ашиг тус өгнө. Бурхан, ийм уул, хавцал хэр олныг газар дээр бүтээсэн тухайд гэвэл, энэ тоог Бурхан бодолцсон байгаа. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн зүйл болгоны оршин тогтнолын ард түүх байдаг, юм болгон Бурханы мэргэн ухаан, төлөвлөгөөг агуулдаг. Жишээлбэл, ой мод, төрөл бүрийн ургамал ногоог аваад үзье—тэдгээрийн оршин тогтнож, ургадаг талбайн хэмжээ, цар хүрээг ямар ч хүн хянах аргагүй бөгөөд эдгээр зүйлийг шийдэх эрх хэнд ч байхгүй. Үүнтэй ижил тэдгээр нь хэр их ус шингээх, нарнаас хэр их дулааны эрчим хүч шингээж авах зэргийг бас ямар ч хүн хянаж чадахгүй. Энэ бүхэн нь бүх зүйлийг бүтээхдээ Бурханы гаргасан төлөвлөгөөний хүрээнд байдаг.

Бурхан бүх талаар хичээнгүйлэн төлөвлөж, бодолцож, зохицуулсан учраас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг юм. Тиймээс хүний нүдээрээ хардаг нар гэх мэт юм бүхэн, хүмүүсийн байнга сонсдог хойд ба өмнөд туйл, түүнчлэн газар дээр, доор болон усан дахь янз бүрийн амьд зүйл, ой болон бусад төрлийн ургамал ногоо, усны эх үүсвэрийн эзлэх талбай, янз бүрийн хэлбэр хэмжээтэй ус, далайн ус ба цэвэр усны хэмжээ, газар зүйн өөр өөр орчин гээд энэ бүх зүйлийг Бурхан ашиглаж хүний амьдрах хэвийн температурыг хадгалдаг. Энэ бол маргаангүй. Бурхан энэ бүхний талаар гүнзгий бодсон учраас л хүн ийм зохимжтой температуртай орчинд амьдарч чаддаг. Хэт халуун ч биш, хэт хүйтэн ч биш байх ёстой: Хүний биеийн дасан зохицож чадах температураас хэтэрсэн дэндүү халуун газруудыг Бурхан чамд зориулж бэлдээгүй нь мэдээж. Температур нь хэт бага, хэтэрхий хүйтэн, хүн тэнд ирснийхээ дараа хэдхэн минутад ярьж чадахгүй болж, тархи нь царцаж, бодож чадахаа болж, амьсгаа нь боогдож бүрэн хөлдөх ийм газруудыг Бурхан бас хүн төрөлхтөнд зориулж бэлдээгүй. Хүмүүс ямар төрлийн судалгаа явуулахыг хүсэх нь хамаагүй, ийм хязгаарлалтыг давж гарах шинэ санаачилга гаргахыг хүсэх эсэх нь ч бас хамаагүй—хүмүүс юу бодох нь хамаагүй, тэд хүний биеийн дасан зохицох хязгаарыг хэзээ ч давж чадахгүй. Хүний төлөө Бурханы бүтээсэн эдгээр хязгаарлалтаас тэд хэзээ ч салж чадахгүй. Учир нь Бурхан хүнийг бүтээсэн бөгөөд ямар температурт хүний бие дасан зохицож чадахыг Бурхан хамгийн сайн мэднэ. Харин хүмүүс өөрсдөө мэдэхгүй. Яагаад Би хүмүүс мэдэхгүй гэж хэлдэг вэ? Хүмүүс ямар мунхаг зүйл хийсэн бэ? Олон хүн хойд ба өмнөд туйлтай үзэлцэхээр байнга оролдож байсан бус уу? Тэр хүмүүс тийм газарт очиж, газар нутгийг нь эзэлж, улмаар тэндээ суурьшихыг үргэлж хүсдэг байсан. Ингэх нь мунхаглал болно. Чи хоёр туйлыг бүрэн дүүрэн судалсан ч гэсэн, тэгээд юу гэж? Чи температурт нь дасан зохицож, тэнд амьдарч чадсан ч гэсэн, хойд, өмнөд туйлын одоогийн амьдрах орчныг “сайжрууллаа” гээд хүн төрөлхтөнд ямар нэгэн байдлаар ашиг тус болох уу? Хүн төрөлхтөнд амьдарч чадах орчин байсаар атал хүмүүс чимээгүйхэн, дуулгавартайгаар тэндээ үлдэхгүй, харин ч амьд үлдэж чадахааргүй газрууд руу явж аз туршихаар зүтгэдэг. Яагаад ингэдэг юм бэ? Тэд ийм зохимжтой температурт амьдрахаасаа уйдаж тэсэхээ байдаг бөгөөд хэтэрхий их ерөөл эдэлсэн. Үүнээс гадна, хүн төрөлхтөн энэхүү амьдрах ердийн орчноо бараг бүрэн устгасан, иймээс одоо тэд илүү их сүйтгэх гэж, эсвэл ямар нэг “гал цогтой шинэ зам харгуй” олж чадна хэмээн ямар нэг “үйл хэргийг” эрэлхийлэхээр хойд, өмнөд туйл руу явсан нь дээр байх гэж боддог. Энэ чинь тэнэг хэрэг бус уу? Өөрөөр хэлбэл, энэ хүн төрөлхтөн өөрсдийн өвөг дээдэс Сатаны удирдлага дор утгагүй зүйлсийг ээлж дараалан хийж, тэдэнд зориулан Бурханы бүтээсэн сайхан орон гэрийг хайр найргүй, дур зоргоороо устгасаар байна. Энэ бол Сатаны хийж буй хэрэг. Улмаар дэлхий дээрх хүн төрөлхтний амьд байх нь тодорхой хэмжээгээр аюулд орсныг хараад олон хүн саран дээр очих арга замыг эрж хайж, тэнд амьдрах арга замыг бий болгохыг хүсдэг. Гэвч эцсийн эцэст, саран дээр хүчилтөрөгч байхгүй. Хүмүүс хүчилтөрөгчгүйгээр амьдарч чадах уу? Саран дээр хүчилтөрөгч байхгүй тул хүн байж чадах газар энэ биш, гэсэн ч хүн тийшээ очихыг хүссээр байдаг. Ийм зан авирыг юу гэж нэрлэх ёстой вэ? Энэ нь мөн өөрийгөө хорлож буй хэрэг. Сар бол агааргүй газар, температур нь хүн амьдрахад тохиромжгүй учраас энэ бол Бурханы хүнд зориулж бэлдсэн газар биш.

Бидний дөнгөж сая ярьсан сэдэв болох температур бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд тааралддаг зүйл юм. Температур бол бүх хүний бие мэдэрч чадах зүйл боловч температур хэрхэн бий болсон, хүн амьдрахад тохиромжтой энэ температурыг хэн хариуцаж, удирддаг талаар хэн ч боддоггүй. Энэ бол бидний одоо мэдэж авах зүйл юм. Үүнд Бурханы мэргэн ухаан байна уу? Үүнд Бурханы үйлдэл бий юу? (Тийм.) Бурхан, хүн амьдрахад тохиромжтой температур бүхий орчныг бүтээснийг бодож үзвэл, бүх зүйлийг хангадаг Бурханы арга замуудын нэг нь энэ мөн үү? Мөн.

в. Дуу чимээ

Гурав дахь зүйл нь юу вэ? Энэ нь бас хүн оршин байх хэвийн орчны нэн чухал хэсэг болсон, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы зохицуулалт хийх ёстой болсон зүйл юм. Энэ нь Бурханд болон хүн болгонд маш чухал. Хэрвээ Бурхан үүнийг зохицуулаагүй байсан бол хүн төрөлхтний амьд байхад маш ихээр саад болох байв, өөрөөр хэлбэл, энэ нь хүний амьдрал болон махан биед ноцтой нөлөө үзүүлж ийм орчинд хүн төрөлхтөн амьдарч чадахгүйд хүрэх байсан. Ийм орчинд ямар ч амьд зүйл амьд үлдэж чадахгүй байсан гэж хэлж болно. Тэгэхээр Миний ярьж буй энэ зүйл юу вэ? Би дуу чимээний талаар ярьж байна. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйл Бурханы гарт амьдардаг. Бурханы бүтээсэн бүх зүйл Түүний нүдэнд амьдарч, байнгын хөдөлгөөнд эргэлдэж байдаг. Үүгээр Би юу хэлэх гээд байна вэ гэвэл, Бурханы бүтээсэн зүйл нэг бүр оршин тогтнох өөрийн гэсэн үнэ цэн, утга учиртай; өөрөөр хэлбэл юм бүрд оршин тогтнох ямар нэг зайлшгүй хэрэгцээ бий. Бурханы нүдэнд юм бүхэн амьтай, нэгэнт бүх юм амьтай учраас тус бүр нь дуу чимээ гаргадаг. Жишээ нь, дэлхий байнга эргэж байдаг, нар байнга эргэж байдаг, сар ч бас байнга эргэж байдаг. Бүх зүйл үржиж, хөгжиж, хөдлөхдөө дуу чимээ байнга гаргаж байдаг. Дэлхий дээр орших Бурханы бүтээсэн бүх зүйл байнга өсөн үржиж, хөгжиж, хөдөлж байна. Жишээлбэл, уулсын суурь хөдөлж, нүүж, далай тэнгисийн гүн дэх амьд зүйл цөм сэлж, нааш цааш хөдөлж байдаг. Энэ нь эдгээр амьд зүйл, Бурханы нүдэн дэх бүх зүйл тогтсон хэв маягийн дагуу тасралтгүй, жигд хөдөлгөөнд байдаг гэсэн үг юм. Тэгэхээр харанхуйд үржиж, хөгжин, нууцаар хөдөлж байдаг энэ бүх зүйл юу бүтээдэг вэ? Дуу чимээ—асар их, хүчирхэг дуу чимээ. Дэлхийгээс гадна төрөл бүрийн гараг ч бас байнгын хөдөлгөөнд байдаг бөгөөд эдгээр гараг дээрх амьд зүйлс, организмууд мөн байнга үржиж, хөгжин, хөдөлж байдаг. Өөрөөр хэлбэл, амьтай, амьгүй бүх зүйл Бурханы нүдэнд байнга урагшаа хөдөлж байдаг ба ингэхдээ тэд дор бүрнээ бас дуу чимээ гаргаж байдаг. Бурхан эдгээр дуу чимээнд бас зохицуулалт хийсэн бөгөөд Түүний ингэсэн шалтгааныг та нар хэдийнээ мэддэг гэдэгт Би итгэлтэй байна, тийм биз дээ? Нисэх онгоцонд ойртоход хөдөлгүүрийнх нь нүргээнтэй чимээ чамд ямар нөлөө үзүүлдэг вэ? Хажууд нь хэтэрхий удаан байвал чих чинь дүлийрнэ. Зүрх чинь яах вэ—ийм хүнд сорилтыг тэсэж чадах уу? Зүрх муутай зарим хүн тэсэж чадахгүй. Мэдээж, эрүүл чийрэг зүрхтэй хүмүүс ч гэсэн үүнийг хэтэрхий удаан тэсэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, чих ч бай, зүрх ч бай, хүний биед үзүүлэх дуу чимээний нөлөөлөл нь хүн нэг бүрд туйлын ноцтой бөгөөд хэт чанга дуу чимээ хүмүүст хор хөнөөл учруулна. Тиймээс бүх зүйлийг бүтээхдээ, тэдгээр нь хэвийн ажиллаж эхэлсний дараа Бурхан эдгээр дуу чимээ—хөдөлгөөнд буй бүх зүйлийн дуу чимээнд тохирох зохицуулалтыг хийсэн юм. Энэ нь бас хүн төрөлхтөнд зориулсан орчныг бүтээхдээ Бурханы бодолцож үзэх ёстой болсон асуудлын нэг байсан билээ.

Юун түрүүнд, дэлхийн гадаргаас дээшээ агаар мандал хүртэлх өндөр нь дуу чимээнд нөлөөлнө. Түүнчлэн хөрсөн дэх завсрын хэмжээ бас дуу чимээг гуйвуулж, түүнд нөлөөлнө. Үүнээс гадна янз бүрийн газар зүйн орчин уулзаж нийлэхдээ мөн л дуу чимээнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурхан зарим дуу чимээг арилгахын тулд тодорхой аргуудыг ашигладаг ба ингэснээр чих болон зүрх нь тэсвэрлэж чадах орчинд хүмүүс амьдарч чадах юм. Эс бөгөөс хүн төрөлхтний оршин тогтноход дуу чимээ асар том саад учруулж; амьдралд нь асар их тээр болж, тэдний хувьд том асуудал болно. Энэ нь Бурхан газар, агаар мандал, янз бүрийн газар зүйн орчныг бүтээхдээ маш нарийн хандсан бөгөөд энэ бүхэнд Бурханы мэргэн ухаан агуулагддаг гэсэн үг юм. Хүн төрөлхтөн үүнийг хэтэрхий нарийн ойлгох шаардлагагүй—хүмүүс Бурханы үйлдэл энд агуулагддаг гэдгийг мэдэхэд хангалттай. Одоо та нар Надад хэлээч, Бурханы хийсэн энэ ажил—хүн төрөлхтний амьдрах орчин, тэдний хэвийн амьдралыг хадгалахын тулд дуу чимээг нарийн тохируулах шаардлагатай байсан уу? (Тийм.) Энэхүү ажил чухал байсан юм бол, энэ өнцгөөс нь Бурхан бүх зүйлийг хангах нэг арга болгож энэ ажлыг ашигласан гэж хэлж болох уу? Бурхан хүн төрөлхтнийг хангахад зориулан ийм нам гүм орчныг бүтээсэн, ингэснээр хүний бие ийм орчинд ямар ч саад бэрхшээл учрахгүйгээр, тун хэвийн амьдарч, ингэснээр хүн төрөлхтөн хэвийн оршин байж, амьдарч чадна. Тэгэхээр хүн төрөлхтнийг хангадаг Бурханы арга замын нэг энэ бус уу? Бурханы хийсэн энэ зүйл маш чухал байсан бус уу? (Тийм.) Энэ маш чухал хэрэгтэй байсан. Тэгэхээр та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Хэдийгээр энэ нь Бурханы үйлдэл байсан гэж та нарт санагдахгүй, мөн Бурхан тухайн үед энэ үйлдлийг хэрхэн хийснийг мэдэхгүй ч гэсэн, Бурхан энэ зүйлийг хийх шаардлагатай байсан гэж одоо ч гэсэн та нарт санагддаг уу? Та нар үүнд шингэсэн Бурханы мэргэн ухаан, хайр халамж, сэтгэлийг мэдэрч чадаж байна уу? (Тийм ээ, мэдэрч байна.) Та нар үүнийг мэдэрч чаддаг байхад хангалттай. Хүмүүсийн мэдэрч, харж чаддаггүй олон үйлдлийг Өөрийн бүтээсэн бүх зүйлийн дунд Бурхан гүйцэтгэсэн. Та нарыг Бурханыг мэдэж аваасай гэсэндээ Бурханы үйлдлийн талаар мэдээлэл өгөх л гэж Би үүнийг хөндөж байна. Бурханыг илүү сайн мэдэж, ойлгоход эдгээр сэжүүр та нарт тусалж чадна.

г. Гэрэл

Дөрөв дэх зүйл нь хүмүүсийн нүдэнд хамаатай: гэрэл. Энэ ч бас маш чухал. Чамайг тод гэрэл харж байхад, гэрлийн хүч тодорхой хэмжээнд хүрээд хүний нүдийг сохлох боломжтой. Эцсийн эцэст хүний нүд бол махан биеийн нүд. Нүд цочролыг тэвчиж чадахгүй. Нар луу шууд ширтэж зүрхлэх хүн бий юу? Зарим хүн оролдож үзсэн, хэрвээ тэд нарны шил зүүж байвал яах ч үгүй—гэхдээ үүнд багаж хэрэгсэл ашиглах шаардлагатай болдог. Хүний энгийн нүд багаж хэрэгсэлгүйгээр нар луу шууд эгцэлж хараад, шууд ширтэх ямар ч боломжгүй. Гэхдээ Бурхан хүн төрөлхтөнд гэрэл гэгээ авчрах гэж нарыг бүтээсэн бөгөөд энэхүү гэрэл ч бас Түүний анхаарал тавьсан зүйл юм. Бурхан зүгээр нэг нарыг бүтээж дуусаад, хаа нэгтээ тавиад орхичхоогүй; Бурхан юмыг тэгж хийдэггүй. Тэрээр үйлдэлдээ тун анхааралтай байж, нэгд нэггүй боддог. Бурхан хүн төрөлхтөнд хар гэж нүд заяасан, бас хүн юмыг харж чадах гэрлийн үзүүлэлтийг ч урьдчилан тогтоосон юм. Гэрэл хэтэрхий бүдэг байсан бол хэрэггүй байх байв. Өмнөө байгаа хуруугаа ч харж чадахааргүй маш харанхуй байх үед хүмүүсийн нүд чиг үүргээ алдаж, ямар ч хэрэггүй болдог. Гэхдээ хурц гэрэл тэвчихийн аргагүй байдаг учраас хэтэрхий тод гэрэл мөн адил хүний нүдийг юм харж чадахгүй болгодог. Иймээс хүн төрөлхтний оршин тогтнож буй орчинд Бурхан, хүний нүдэнд тохирох—хүмүүсийн нүдний ажиллагааг алдагдуулах нь байтугай өвтгөж гэмтээхээргүй хэмжээний гэрлээр хангасан. Ийм учраас Бурхан нар болон дэлхийн эргэн тойронд хэдэн давхар үүл нэмсэн бөгөөд мөн хүмүүсийн нүд, арьсыг гэмтээж болох гэрлийг агаарын нягтшил зохих ёсоор шүүж авч чаддаг. Эдгээр нь харилцан уялдаатай. Түүнчлэн, Бурханы бүтээсэн газар дэлхийн өнгө нарны гэрэл болон бусад бүх төрлийн гэрлийг ойлгодгийн дээр хүний нүд дасан зохицоход хэтэрхий хурц гэрлийг устгаж чаддаг. Иймээс хүмүүс гадуур алхаж, байнга тас хар нарны шил зүүх шаардлагагүйгээр амьдарч болдог. Хэвийн нөхцөлд хүний нүд гэрэл саад болохгүйгээр үзэгдэх орчиндоо юм харж чаддаг. Өөрөөр хэлбэл, гэрэл хэт хурц юм уу, хэт бүдэг байж болохгүй. Хэрвээ хэт бүдэг байвал хүмүүсийн нүд гэмтэж, удалгүй харж чадахаа болино; хэт хурц байвал хүмүүсийн нүд тэсвэрлэж чадахгүй. Хүмүүст байдаг яг энэ гэрэл нь хүний нүд харахад тохиромжтой байх ёстой бөгөөд гэрлээс болж хүний нүдэнд учрах хор хөнөөлийг Бурхан янз бүрийн аргаар хамгийн бага болгожээ; энэхүү гэрэл хүний нүдэнд тустай, эсвэл халгаатай байж болох ч хүмүүс амьдралынхаа төгсгөл хүртэл нүдээрээ харахад хангалттай байдаг. Бурхан үүнийг сайтар бодолцсон бус уу? Харин диавол Сатан иймэрхүү зүйлийг хэзээ ч бодолцож үзэлгүйгээр үйлддэг. Сатан байхад, гэрэл үргэлж нэг бол хэт хурц, эсвэл хэт бүдэг байдаг. Сатан ингэж л үйлддэг.

Бурхан хүн төрөлхтний дасан зохицож амьдрах чадварыг дээд цэгт нь хүргэхийн тулд харах, сонсох, амтлах, амьсгалах, мэдрэх гээд эдгээр зүйлийг хүний биеийн бүх талд хийсэн, ингэснээр тэд хэвийн амьдарч, үргэлжлүүлж чадах юм. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн одоогийн амьдрах орчин нь хүн төрөлхтөн амьдрахад хамгийн тохиромжтой, ашиг тустай орчин мөн. Зарим хүн үүнийг нэг их чухал биш, бүгд тун энгийн зүйл гэж бодож магадгүй. Төрсөн мөчөөсөө эдэлж ирсэн дуу чимээ, гэрэл, агаарыг төрөхөөс олгогдсон эрх гэж хүмүүс боддог. Гэхдээ чиний эдлэх боломжтой байгаа эдгээр зүйлийн цаана Бурхан ажиллаж байсан гэдгийг хүмүүс мэдэж, ойлгох хэрэгтэй. Эдгээр зүйлийг ойлгох, мэдэх хэрэггүй гэж чамд санагддаг ч байсан гэсэн, товчхондоо Бурхан эдгээрийг бүтээхдээ сайтар бодолцож, төлөвлөгөөтэй, тодорхой бодол санаатай байсан. Тэр хэрэг явдлыг сайтар бодож үзэлгүйгээр хүн төрөлхтнийг зүгээр нэг, дэмий ийм амьдрах орчинд тавьчхаагүй. Та нар Намайг энэ жаахан зүйлсийг тус бүрээр нь дэндүү дэвэргэн ярьж байна гэж бодож магад, гэхдээ Миний үзэл бодлоор бол Бурханы хангасан юм болгон хүн төрөлхтөн амьдрахад зайлшгүй шаардлагатай. Бурханы үйлдэл үүнд байдаг.

д. Агаарын урсгал

Тав дахь зүйл нь юу вэ? Энэ зүйл хүн бүрийн өдөр тутмын амьдралд маш ойр байдаг. Энэ материаллаг ертөнцөд хүний бие үүнгүйгээр амьдарч чадахааргүй тийм хэмжээнд хүний амьдралд ойр холбоотой байдаг. Энэ зүйл бол агаарын урсгал. “Агаарын урсгал” гэдэг нэр үгийг сонсоод хэн ч ойлгож чадах байх. Тэгэхээр агаарын урсгал гэж юу вэ? “Агаарын урсгал” гэдэг нь ердөө л урсаж буй агаарын хөдөлгөөн гэж хэлж болно. Агаарын урсгал бол хүний нүд харж чадахгүй салхи юм. Энэ нь бас хий шилжин хөдлөх нэг арга зам билээ. Гэхдээ ямар “агаарын урсгалын” талаар энд голчлон ярьж байна вэ? Та нар Намайг хэлмэгц ойлгоно. Дэлхий эргэхдээ уулс, далай тэнгис хийгээд бүх зүйлийг тээж явдаг бөгөөд тийнхүү эргэхдээ хурдтай эргэдэг. Ийнхүү эргэлдэж байгааг нь чи огт мэдэрдэггүй ч гэсэн, эргэж л байдаг. Энэхүү эргэлт юу үүсгэдэг вэ? Чамайг гүйхэд салхи үүсэж чихний чинь хажуугаар өнгөрдөг бус уу? Хэрвээ чамайг гүйхэд салхи үүсэж болж байгаа юм бол дэлхий эргэх үед салхи байхгүй байж яаж болох билээ? Дэлхий эргэх үед бүх зүйл хөдөлгөөнд оршдог. Дэлхий өөрөө хөдөлгөөнд оршиж, тодорхой хурдтай эргэж байхад түүн дээрх бүх зүйл ч бас байнга өсөж үржин, хөгжиж байдаг. Тиймээс тодорхой хурдтай хөдөлгөөн аяндаа агаарын урсгалыг бий болгоно. Үүнийг Би “агаарын урсгал” гээд байгаа юм. Энэхүү агаарын урсгал хүний биед тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү? Хар салхийг аваад үзье: Энгийн хар салхи тийм ч хүчтэй биш боловч хар салхи ирэх үед хүмүүс тогтвортой зогсож ч чаддаггүй, салхинд алхахад хэцүү байдаг. Ганц алхахад ч бэрх байдаг, зарим хүн бүр салхинд юм руу шахагдаад, хөдөлж чаддаггүй. Энэ бол агаарын урсгалын хүн төрөлхтөнд нөлөөлж болох хэлбэрийн нэг юм. Хэрвээ газар дэлхий бүхэлдээ тал газраар дүүрэн байсан бол дэлхий болон бүх зүйл эргэхэд түүнээс үүсэх агаарын урсгалыг хүний бие тэсвэрлэх огт боломжгүй байх байлаа. Тийм нөхцөлд хариу үйлдэл үзүүлэхэд туйлын хэцүү байх байсан. Үнэхээр тийм байсан бол тэрхүү агаарын урсгал хүн төрөлхтөнд зөвхөн хор хохирол учруулаад зогсохгүй бүрэн сүйрүүлэх байлаа. Ийм орчинд хүмүүс амьд үлдэж чадахгүй байх байсан. Ийм учраас тэрхүү агаарын урсгалыг шийдвэрлэхийн тулд Бурхан өөр өөр газарзүйн орчныг бий болгосон—өөр өөр орчинд агаарын урсгал сулран, чиглэл, хурд, хүчээ өөрчилдөг. Тийм учраас хүмүүс уулс, их уулсын нуруу, хээр тал, толгод, голын сав газар, хөндий, өндөрлөг газар, их мөрнүүд гээд янз бүрийн газарзүйн орчныг хардаг билээ. Бурхан эдгээр янз бүрийн газар зүйн орчноор агаарын урсгалын хурд, чиглэл, хүчийг өөрчилдөг. Тэрээр энэ арга барилыг ашиглан агаарын урсгалыг сааруулж, салхины хурд, чиглэл, хүчийг нь тохиромжтой болгосноор хүмүүс хэвийн амьдрах орчинтой болно. Ингэх шаардлагатай юу? (Тийм ээ.) Ийм зүйл хийнэ гэдэг хүмүүст хэцүү мэт санагдавч харин Бурханд бол амархан, учир нь Тэр бүх зүйлийг ажиглаж байдаг. Хүн төрөлхтөнд тохирсон агаарын урсгал бүхий орчныг бүтээх нь Түүний хувьд үнэхээр энгийн, хялбар юм. Тиймээс Бурханы бүтээсэн ийм орчинд, Түүний бүтээсэн бүх зүйлийн доторх юм нэг бүр зайлшгүй чухал билээ. Юм нэг бүрийн оршин тогтнолд үнэ цэнэ, хэрэгцээ шаардлага гэж бий. Гэсэн хэдий ч Сатан болон завхарсан хүн төрөлхтөн энэ зарчмыг ойлгодоггүй. Тэд уулсыг тэгшилж, хавцлыг дүүргэж, тэгш газар дээр тэнгэр баганадсан барилга барьж бетонон ширэнгэ бүтээх хоосон мөрөөдөлтэйгөөр зогсолтгүй сүйтгэж, хөгжүүлж, олборлож байдаг. Өөрийнх нь тэдэнд зориулан бэлдсэн хамгийн зохимжтой орчинд хүн төрөлхтөн аз жаргалтай амьдарч, өсөж үржин, өдөр бүрийг баяр баясалтайгаар өнгөрүүлж чадна гэж Бурхан найддаг. Тийм ч учраас хүн төрөлхтний амьдрах орчинд Бурхан хэзээ ч хайнга хандаж байгаагүй. Температураас агаар, дуу чимээнээс гэрэл хүртэл Бурхан нарийн төлөвлөгөө, зохицуулалт хийсэн, ингэснээр хүмүүсийн бие махбод болон амьдрах орчинд байгалийн нөхцөл байдал саад болохгүй, харин ч хүн төрөлхтөн хэвийн амьдарч, өсөж үржин, бүх зүйлтэй хамт эв найртайгаар зэрэгцэн оршиж, хэвийн амьдарч чадна. Бүх зүйл болон хүн төрөлхтнийг Бурхан энэ бүхнээр хангадаг.

Хүн амьдрах энэхүү таван үндсэн нөхцөлийг зохицуулж байгаа байдлаас нь Бурхан хүн төрөлхтнийг хангаж байгааг харж болохоор байгаа биз? (Тийм.) Өөрөөр хэлбэл, Бурхан бол хүн амьдрах хамгийн үндсэн бүх нөхцөлийн Бүтээгч бөгөөд Бурхан эдгээр зүйлийг бас удирдаж, хянаж байгаа; хүн хэдэн мянган жил оршин тогтносны дараа, одоо ч гэсэн Бурхан тэдний амьдрах орчныг байнга өөрчлөн, хэвийн амьдарч болохуйц хамгийн сайн, хамгийн тохиромжтой амьдрах орчноор тэднийг хангасаар байна. Ийм нөхцөл байдлыг хэр удаан хадгалж болох вэ? Өөрөөр хэлбэл, Бурхан биднийг хэр удаан ийм орчноор хангасаар байх вэ? Бурхан Өөрийн удирдлагын ажлыг бүрэн дуусгах хүртэл үргэлжилнэ. Дараа нь Бурхан, хүн төрөлхтний амьдрах орчныг өөрчилнө. Үүнийгээ Тэр адилхан аргаар, эсвэл өөр аргаар хийж магадгүй. Гэхдээ одоо хүмүүсийн мэдэх ёстой зүйл гэвэл, Бурхан хүн төрөлхтний хэрэгцээг байнга хангаж, хүн төрөлхтний амьдрах орчныг удирдаж, тэрхүү орчныг тэтгэж, хамгаалж, хадгалсаар байгаа билээ. Ийм орчин байгаа болохоор Бурханы сонгосон хүмүүс хэвийн амьдарч, Бурханы аврал, гэсгээлт, шүүлтийг хүлээн авч чаддаг билээ. Бурханы дээд эрхийн улмаас бүх зүйл амьдарсаар байдаг, Бурхан ийнхүү хангаж байгаа болохоор бүх хүн төрөлхтөн урагшилсаар байна.

Бидний нөхөрлөсөн энэхүү сүүлийн хэсэг та нарт ямар нэг шинэ бодол санаа өгсөн үү? Та нар одоо Бурхан, хүн төрөлхтөн хоёрын хоорондох хамгийн том ялгааг мэдэж авав уу? Эцсийн эцэст хэн бүх зүйлийн эзэн бэ? Хүн үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан болон хүмүүсийн бүх бүтээлд хэрхэн ханддагийн ялгаа нь юу вэ? (Бурхан бүх зүйлийг захирч, зохицуулдаг байхад хүн тэдгээрийг эдэлдэг.) Та нар үүнтэй санал нийлж байна уу? Бурхан, хүн төрөлхтөн хоёрын хоорондох хамгийн том ялгаа нь Бурхан бүх бүтээлийг захирч, хангадаг. Бурхан бол бүх зүйлийн эх сурвалж, Бурхан бүх зүйлийг хангадаг байхад хүн төрөлхтөн түүнийг нь эдэлдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бүх зүйлд хайрласан амийг хүн хүлээн авахдаа бүтээгдсэн бүх зүйлийг эдэлдэг. Бурхан бол Эзэн, Бурхан бүх зүйлийг бүтээсний үр шимийг хүн төрөлхтөн эдэлдэг. Тэгвэл Бурханы бүтээсэн бүх зүйлийн өнцгөөс авч үзвэл, Бурхан болон хүн төрөлхтний хоорондох ялгаа юу вэ? Бурхан бүх зүйлийн өсөн үржих хуулийг тодорхой харж чаддагийн дээр эдгээр хуулийг хянаж, захирдаг. Өөрөөр хэлбэл, бүх зүйл Бурханы нүдэнд, Түүний шинжих хүрээн дотор байдаг. Хүн төрөлхтөн бүх зүйлийг харж чадах уу? Хүн төрөлхтний харж чадах зүйл нүднийх яг урд байгаа зүйлээр хязгаарлагддаг. Хэрвээ чи энэ ууланд авирвал чиний харах зүйл зөвхөн тэр уул л байна. Уулын нөгөө талд юу байгааг чи харж чадахгүй. Хэрвээ далайн эрэгт очвол чи далайн нэг талыг л харна, далайн нөгөө тал ямар болохыг мэдэж чадахгүй. Хэрвээ ой модонд очвол эргэн тойронд чинь, урьд чинь байгаа ургамлуудыг харахаас бус, түүнээс цаашаа юу байгааг чи харж чадахгүй. Хүмүүс илүү өндөр, илүү хол, илүү гүн газруудыг харж чадахгүй. Тэд өөрсдийнх нь чанх урд, үзэгдэх орчинд нь буй зүйлийг л хардаг. Хүмүүс жилийн дөрвөн улирлын зүй тогтлыг болон бүх зүйлийн өсөж үржих зүй тогтлыг мэддэг байлаа ч гэсэн, бүх зүйлийг удирдаж, эсвэл захирч чаддаггүй. Харин Бурхан бүтээгдсэн бүх зүйлийг харахдаа Өөрөө биечлэн бүтээсэн машиныг харж байгаа юм шиг л хардаг. Тэрээр эд анги, холболт бүрийг нь, ямар зарчимтай, ямар зүй тогтолтой, ямар зориулалттайг нь тун сайн мэднэ—Бурхан энэ бүхнийг хамгийн тодорхой мэднэ. Тиймээс Бурхан бол Бурхан, хүн бол хүн билээ! Хүн бүх зүйлийг захирдаг хууль, шинжлэх ухааныг гүнзгий судалж болох ч тэрхүү судалгаа нь цар хүрээний хувьд хязгаарлагдмал байдаг, харин Бурхан бүх зүйлийг хянадаг бөгөөд хүний хувьд энэ нь хязгааргүй билээ. Хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судлахад бүхий л амьдралаа зориулаад ч ямар ч жинхэнэ үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг сонгож, Бурханыг мэдэж авах гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйлдэл, мэргэн ухаан хаа сайгүй, нэгэн зэрэг байгааг танин мэдэж, Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэдгийг мэдэх болно. Чи ийм ойлголттой болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг, чамайг оролцуулаад бүх зүйл, юм болгон Бурханы тасралтгүй урсах хангалтыг байнга хүлээн авч байгааг улам их ойлгоно. Энэ дэлхий дээр, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах тийм чадвар, мөн чанар Бурханаас өөр хэнд ч байх боломжгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна. Ийм ойлголтод хүрэхдээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр танина. Энэ хэмжээнд хүрэхдээ чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгосон байх болно. Ийм ойлголттой болж, амь чинь ийм хэмжээнд хүрэхэд чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, зүрх сэтгэлдээ Бурханыг үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн байх учраас Бурхан чамайг шалгаж, шүүхээ больж, бас чамд ямар нэгэн шаардлага тавихаа ч болино. Бурхан бүх зүйлийг захирч, удирддаг тухай эдгээр сэдвээр нөхөрлөх нэг чухал шалтгаан энэ билээ. Ингэх нь хүмүүст илүү их мэдлэг, ойлголт өгөх зорилготой байдаг—чамаар зүгээр нэг хүлээн зөвшөөрүүлэх гэж биш, харин Бурханы үйлдлийг чамд илүү бодитойгоор мэдүүлж, ойлгуулахын төлөө юм.

Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлддэг өдөр тутмын хоол, унд

Дэлхийг бүтээхдээ Бурханы бэлдсэн хүрээлэн буй орчны нэг хэсгийн талаар ерөнхийд нь, ялангуяа хүн төрөлхтөн амьд үлдэхэд нэн шаардлагатай орчин нөхцөлийн талаар бид дөнгөж сая ярилцлаа. Бид таван зүйлийн талаар, хүрээлэн буй орчны таван элементийн талаар ярилцсан. Бидний дараагийн сэдэв бол хүн бүрийн биет амьдралтай нягт холбоотой, тэрхүү амьдралд илүү нийцдэг бөгөөд чухал шаардлагатай нөхцөлөө өмнөх таваасаа үлэмж сайн биелүүлдэг билээ. Чухамхүү энэ бол хүмүүсийн иддэг хоол хүнс юм. Бурхан хүнийг бүтээж, тохиромжтой амьдрах орчинд тавьсан; дараа нь хүнд хүнс, ус хэрэгтэй болсон. Хүнд ийм хэрэгцээ байсан болохоор Бурхан түүнд зориулж зохих бэлтгэлийг хийсэн юм. Тиймээс Бурханы ажлын алхам бүр, Түүний хийдэг юм болгон нь зүгээр нэг хэлсэн хоосон үг биш, харин бодитоор хийгддэг жинхэнэ үйлдэл юм. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд хоол хүнс зайлшгүй шаардлагатай бус уу? Хоол хүнс агаараас илүү чухал уу? Хоёулаа адилхан чухал. Хоёулаа л хүн төрөлхтөн амьд үлдэхэд, хүн үргэлжлүүлэн амьдрахад шаардлагатай нөхцөл байдал, зүйлс юм. Аль нь илүү чухал вэ—агаар уу, ус уу? Температур уу, хоол хүнс уу? Бүгд л адилхан чухал. Хүмүүс эдгээрийн алингүйгээр ч байж чадахгүй учраас аль нэгийг нь сонгож чадахгүй. Энэ бол жинхэнэ, бодит асуудал бөгөөд чиний сонгох зүйл биш. Чи мэдэхгүй, харин Бурхан мэднэ. Чи хоол хараад “Би хоолгүй байж чадахгүй!” гэж боддог. Гэхдээ дөнгөж бүтээгдсэнийхээ дараа чамд хоол хүнс хэрэгтэй гэдгийг чи мэдэж байсан уу? Чи мэдээгүй, харин Бурхан мэдэж байсан. Чи өлсөөд, идэх жимс модон дээр, үр тариа газар байхыг хараад л чамд хоол хэрэгтэй гэдгийг ухаарсан. Чи цангаж, булгийн усыг хараад, түүнээс уухдаа л чамд ус хэрэгтэйг ухаарна. Усыг Бурхан хүн төрөлхтөнд зориулан урьдаас бэлдсэн. Хүн өдөрт хоёр, гурван удаа, эсвэл түүнээс ч олон хооллох нь хамаагүй, товчхондоо, хоол хүнс бол хүмүүсийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Хүний биеийн хэвийн амьдралыг тэтгэхэд хэрэгтэй зүйлсийн нэг энэ билээ. Тэгвэл ихэнх хоол хүнс хаанаас гардаг вэ? Нэгдүгээрт, энэ нь хөрснөөс гардаг. Хөрсийг Бурхан хүн төрөлхтөнд зориулан урьдаас бэлдсэн бөгөөд хөрс нь зөвхөн мод, өвс бус янз бүрийн ургамал амьдрахад тохиромжтой байдаг. Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүх төрлийн үр тариа, өөр бусад янз бүрийн хоол хүнсний үр бэлдэж, тариалахад тохиромжтой хөрс, газрыг хүн төрөлхтөнд өгсөн бөгөөд эдгээр зүйлээс хүн төрөлхтөн хоол хүнс олж авдаг. Төрөл бүрийн хоол хүнс нь юу вэ? Та нар хэдийнээ мэдэж байгаа байх. Нэгдүгээрт, төрөл бүрийн үр тариа байдаг. Ямар өөр өөр төрлийн үр тариа байдаг вэ? Улаан буудай, хоног будаа, шар будаа, бог будаа болон бусад төрлийн хальстай үр тариа. Амуу тариа мөн л бүхий л сортоор, арвай, буудай, овьёос, сагаг гээд олон төрөл зүйлээр урдаас хойшоо байдаг. Өөр өөр төрөл зүйл нь өөр өөр бүс нутагт тариалахад тохиромжтой. Мөн өөр өөр төрлийн тутарга байдаг. Өмнөдөд өөрийн гэсэн төрөл зүйл байдаг, өмнөдөд илүү халуун байдаг учраас урт мөхлөгтэй, тэндхийн хүмүүст тохирсон байдаг нь нутгийн хүмүүс ази тутарга гэх мэт хэт цавуулаг биш төрлийг нь идэх ёстой гэсэн үг юм. Тутарга нь хэт цавуулаг байж болохгүй, эс бөгөөс тэд үүнийг боловсруулж чадахгүй бөгөөд хоолны дуршлаа алдана. Хойд нутаг үргэлж хүйтэн байдаг болохоор тэндхийн хүмүүс илүү цавуулаг ихтэй зүйл идэх ёстой байдаг учраас хойд нутгийнхан илүү цавуулаг тутарга иддэг. Түүнээс гадна мөн газар дээр ургадаг төрөл бүрийн шош, газар доор ургадаг төмс, амтлаг төмс, таро гэх мэт үндэст ногоо бий. Төмс хойд зүгт ургадаг, чанар нь тун сайн. Хүмүүст идэх үр тариа байхгүй үед өдөрт гурван удаа хооллоход нь төмс тэдний үндсэн хоол хүнс болж чаддаг. Төмсийг мөн хүнсний нөөц болгон хэрэглэж болно. Амтлаг төмсний чанар төмснөөс арай муу ч гэсэн өдрийн гурван хоолны нэг үндсэн хоол болгож болно. Үр тариа олдоц багатай үед хүмүүс амтлаг төмсөөр өлсөхөө дарж болно. Өмнөд нутгийн хүмүүсийн дандаа иддэг тарог ч бас ийм маягаар хэрэглэж болох бөгөөд мөн л үндсэн хоолны үүрэг гүйцэтгэж чадна. Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнс, ундны зайлшгүй хэсэг болсон янз бүрийн ургац ийм байдаг. Хүмүүс янз бүрийн үр тариа ашиглан талх, мантуу, гоймон, будаа, пүнтүүз болон бусад зүйлсийг хийдэг. Бурхан эдгээр төрөл бүрийн үр тариаг хүн төрөлхтөнд элбэг ихээр хайрласан. Яагаад ийм олон төрөл зүйл байна вэ гэдэг нь Бурханы хүслийн хэрэг билээ: Тэдгээр нь хойд, өмнөд, зүүн, баруун зүгийн өөр өөр хөрс, уур амьсгалд ургахад тохирсон байдаг бол тэдгээрийн янз бүрийн найрлага, агууламж нь хүний биеийн янз бүрийн найрлага, агууламжид таарсан байдаг. Хүмүүс эдгээр үр тариаг идэж байж л өөрсдийн биед шаардлагатай янз бүрийн шим тэжээл, бодисыг хадгалж чадна. Хойд болон өмнөд нутгийн хоол хүнс ялгаатай боловч ялгаатай гэхээсээ илүү төстэй байдал нь их юм. Тэдгээрийн аль аль нь хүний биеийн ердийн хэрэгцээг хангаж, хэвийн амьдралыг тэтгэж чадна. Тиймээс бүс нутаг бүрд ургадаг төрөл зүйл маш их байдгийн шалтгаан нь эдгээр өөр өөр хоол хүнсний хангадаг зүйл хүний бие махбодод хэрэгтэй. Биеийн хэвийн оршин тогтнолыг хадгалж, хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд хөрсөнд ургасан янз бүрийн хоол хүнснээс хангадаг зүйлс тэдэнд хэрэгтэй байдаг. Товчоор хэлбэл, Бурхан хүн төрөлхтөнд маш их анхаарал тавьсан. Хүмүүст Бурханы хайрласан янз бүрийн хоол хүнс нь нэгэн хэвийн биш—эсрэгээрээ маш олон янз байдаг. Хүмүүс овьёос идмээр байвал овьёос идэж болно. Зарим хүн улаан буудайнаас илүү цагаан будаанд дуртай байдаг, улаан буудайд дургүй болохоор тэд цагаан будаа идэж болно. Урт, богино гээд бүх төрлийн цагаан будаа байдаг ба хүмүүс нэг бүрийг нь амтархан идэж болно. Тиймээс хүмүүс эдгээр үр тариаг идвэл—дэндүү их хоол хүнс голж шилдэг биш л бол—шим тэжээлээр дутагдахгүй, үхэх хүртлээ эрүүл амьдрах нь баталгаатай. Хүн төрөлхтөнд хоол хүнс хайрлахдаа Бурханы зорьж байсан санаа энэ байсан. Хүний бие эдгээр зүйлгүйгээр байж чадахгүй—энэ нь бодит байдал бус уу? Хүн төрөлхтөн эдгээр бодит асуудлыг өөрсдөө шийдвэрлэж чадаагүй, харин Бурхан үүнийг тэдэнд зориулж бэлдсэн: Тэр урьдаас бодож, хүн төрөлхтөнд зориулж эдгээр зүйлийг бэлдсэн.

Гэвч хүн төрөлхтөнд Бурханы өгсөн зүйл үүгээр тогтохгүй—мөн Тэр хүн төрөлхтөнд хүнсний ногоо өгсөн! Цагаан будаа байхад чи цагаан будаанаас өөр юу ч идэхгүй бол хангалттай шим тэжээл авч чадахгүй байж магадгүй. Нөгөө талаар хэрвээ чи жаахан ногоо шарах буюу салат хутгаад хоолтойгоо идвэл хүнсний ногоонд агуулагдах витамин, янз бүрийн микро элемент, бусад шим тэжээл нь мэдээжийн хэрэг чиний биеийн хэрэгцээг хангаж чадна. Мөн хүмүүс хоолны дундуур бага зэрэг жимс бас идэж болно. Заримдаа хүмүүст илүү их шингэн, эсвэл өөр шим тэжээл, өөр амт хэрэгтэй болдог бөгөөд жимс, хүнсний ногоо энэ хэрэгцээг хангахын тулд байдаг. Өмнөд, хойд, зүүн, баруун нутгийн цаг агаар болон хөрс өөр өөр байдаг болохоор өөр өөр төрлийн жимс, хүнсний ногоо ургадаг. Өмнөд нутгийн цаг агаар дэндүү халуун болохоор тэндхийн жимс, хүнсний ногооны дийлэнх нь идмэгц хүний биеийн халуун, хүйтнийг тэнцвэржүүлж чадахуйц сэрүүн чанарын байдаг. Эсрэгээрээ хойд нутагт илүү цөөн төрлийн жимс, хүнсний ногоо байдаг ч нутгийн хүмүүс идэхэд хангалттай. Гэвч сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил болон нийгмийн дэвшил гэгчийн улмаас, түүнчлэн хойд, өмнөд, зүүн, барууныг холбосон тээвэр, харилцаа холбоо сайжирсны улмаас хойд нутгийн хүмүүс ч бас өмнөдийн зарим жимс, хүнсний ногоо, өмнө зүгийн бүс нутгийн бүтээгдэхүүнийг идэхдээ жилийн дөрвөн улиралд идэж чаддаг болсон. Хэдийгээр энэ нь хүмүүсийн идэх дур, материаллаг хүслийг хангаж чаддаг ч, биед нь өөрийн мэдэлгүй янз бүрийн хэмжээгээр хор хөнөөл учирч байдаг. Учир нь хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлдсэн хоол хүнс дунд өмнөдийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс, хүнсний ногоо гэж байхаас гадна, хойд нутгийн хүмүүст зохимжтой хоол хүнс, жимс, хүнсний ногоо гэж бий. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи өмнөдөд төрсөн бол өмнөдийн юм идэх нь чамд зохистой. Өмнөд нутаг онцлог цаг агаартай учир Бурхан, эдгээр хүнс, жимс, хүнсний ногоог тусгайлан бэлтгэсэн. Хойд нутагт, хойд нутгийн хүмүүсийн биед хэрэгтэй хоол хүнс байдаг. Гэвч хүмүүс ханаж цадахгүй дуршилтай учраас тэд нийгмийн шинэ чиг хандлагын давлагаанд өөрийн мэдэлгүй татагдан орж, эдгээр хуулийг ухамсаргүйгээр зөрчиж байна. Хэдийгээр хүмүүс амьдрал нь өнгөрсөн үеэс илүү дээрдсэн гэж бодож байгаа ч, ийм нийгмийн дэвшил нь маш олон хүний биед далдуур хор хөнөөл учруулж байдаг. Энэ бол Бурханы харахыг хүсдэг зүйл биш, мөн хүн төрөлхтнийг эдгээр хоол хүнс, жимс, хүнсний ногоогоор хангахдаа Түүний зорьж байсан зүйл биш. Хүмүүс Бурханы хуулийг зөрчсөнөөр одоогийн нөхцөл байдлыг бий болгосон юм.

Тэр бүхнээр ч барахгүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрласан хишиг нь үнэхээрийн элбэг баян агаад газар нутаг бүрд орон нутгийн бүтээгдэхүүн байдаг. Жишээлбэл, зарим газар улаан хасарваань (мөн улаан чавга гэж нэрлэдэг) элбэг байхад, заримд нь хушга, газрын самар, өөр бусад олон янзын самар элбэг байдаг. Эдгээр материаллаг зүйл бүгд хүний биеийг хэрэгтэй шим тэжээлээр нь хангадаг. Гэхдээ Бурхан жилийн улирал, цаг үеийн дагуу аливаа зүйлээр зөв цагт нь таарсан хэмжээгээр хүн төрөлхтнийг хангадаг. Хүн төрөлхтөн бие махбодын таашаалд шунадаг, ховдог хомхой учраас хүн төрөлхтнийг бүтээхдээ Түүний тогтоосон хүний өсөж үржих байгалийн хуулийг зөрчиж, сүйтгэхэд хялбар байдаг. Интоорыг жишээ болгон авч үзье. Интоор ойролцоогоор зургаадугаар сард боловсордог. Хэвийн нөхцөлд наймдугаар сар гэхэд интоор байхгүй болсон байна. Интоорыг хоёрхон сар л шинэхэн байлгаж болно, гэвч хүмүүс тэр хугацааг одоо шинжлэх ухааны аргаар 12 сар, тэр ч бүү хэл, интоорын дараагийн ургац хүртэл сунгаж чадаж байна. Энэ нь бүтэн жилийн турш интоор байна гэсэн үг. Энэ үзэгдэл хэвийн үү? (Үгүй.) Тэгвэл интоор идэх хамгийн тохиромжтой улирал хэзээ вэ? Зургаадугаар сараас наймдугаар сар. Энэ хугацаанаас хойш бол чи яаж ч шинэхнээр нь хадгалаад адилхан амтагдахгүй, хүний биед хэрэгтэй зүйлийг нь ч өгөхгүй. Хугацаа нь дуусмагц ямар ч химийн бодис хэрэглэсэн гэсэн, байгальд ургасан шиг бүх зүйлийг нь шингээж өгч чадахгүй. Дээрээс нь, тэдгээр химийн бодисын хүмүүст учруулах хор хөнөөлийг хэн ч, яаж ч оролдоод арилгаж, эсвэл өөрчилж чадахгүй. Тэгэхээр одоогийн зах зээлийн эдийн засаг хүмүүст юу авчирдаг вэ? Хүмүүсийн амьдрал илүү дээрдсэн мэт санагдаж, бүс нутгуудын хоорондох зам тээвэр ихээхэн тав тухтай болж, хүмүүс бүх төрлийн жимсийг дөрвөн улирлын хэдийд ч идэж чадахаар болсон. Хойд нутгийн хүмүүс гадилаас гадна бүс нутгийн ямар ч амттан, жимс, өмнөдийн бусад хүнсийг байнга идэж чадахаар болсон. Гэхдээ хүн төрөлхтөнд Бурханы өгөхийг хүссэн амьдрал энэ биш юм. Ийм зах зээлийн эдийн засаг хүмүүсийн амьдралд зарим нэг ашиг тус авчирч болох ч бас хор хөнөөл авчирч чадна. Зах зээл дээр элбэг дэлбэг байдгаас нь болж олон хүн амандаа юу хийж байгаагаа бодолгүйгээр иддэг. Ийм зан авир байгалийн хуулийг зөрчиж байгаа бөгөөд хүмүүсийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй. Иймээс зах зээлийн эдийн засаг хүмүүст жинхэнэ аз жаргалыг авчирч чадахгүй. Өөрсдөө харцгаа. Зах зээл дээр жилийн дөрвөн улирлын турш усан үзэм зардаг бус уу? Усан үзэм үнэндээ түүсний дараа тун богино хугацаанд л шинэхнээрээ байдаг. Хэрвээ дараа жилийн зургаадугаар сар хүртэл хадгалбал тэдгээрийг усан үзэм гэж нэрлэж болох уу? Эсвэл “хог” гэх нь илүү дээр нэр болов уу? Тэдгээр нь зүгээр нэг шинэхэн усан үзэмд байх ёстой бодис нь байхгүй болсон юм биш илүү их химийн бодистой болсон байдаг. Жилийн дараа шинэхэн байхаа больж, шим тэжээл нь хэдийн үгүй болсон байдаг. Хүмүүс усан үзэм идэхдээ: “Бид ямар азтай юм бэ! Бид 30 жилийн өмнө энэ улиралд усан үзэм идэж чаддаг байл уу? Хүссэн ч идэж чадахгүй байсан. Одоо амьдрал үнэхээр сайхан байна!” гэж санагддаг. Энэ үнэхээр аз жаргал мөн үү? Хэрвээ чи сонирхож байвал химийн бодисын тусламжтайгаар хадгалдаг усан үзмийг өөрөө судалж үзээд, яг юунаас бүтдэг, тэрхүү бодис нь хүнд ашиг тус өгч чадах эсэхийг харж болно. Хуулийн эрин үед израильчууд Египетийг орхиж гараад явж байхад нь Бурхан тэдэнд бөднө шувуу болон манна өгсөн. Гэвч Бурхан тэдгээр хүнсийг хадгалахыг хүнд зөвшөөрсөн үү? Тэдний зарим нь алсын хараагүй байсан бөгөөд маргааш дахиж өгөхгүй байх гэж айгаад заримыг нь дараа хэрэглэхээр хадгалсан. Гэтэл юу болсон бэ? Дараагийн өдөр тэр нь ялзарсан байсан. Үлдээж, нөөцлөхийг Бурхан чамд зөвшөөрөхгүй, учир нь Тэр чамайг баталгаатай өлсгөлөн явуулахгүйгээр бэлдсэн. Гэвч хүн төрөлхтөнд тийм найдвар ч, Бурханд итгэх жинхэнэ итгэл ч байхгүй. Тэд арга мэх сүвэгчлэх боломж өөртөө гаргахыг үргэлж хүсдэгийн дээр хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн зүйлийн цаана байгаа тэр бүх халамж, сэтгэлийг хэзээ ч харж чаддаггүй. Тэд үүнийг мэдэрч чаддаггүй учраас Бурханд бүрэн итгэж чадахгүй, үргэлж: “Бурханы үйлдэл найдваргүй! Бурхан бидэнд хэрэгтэй зүйлийг өгөх эсэхийг, эсвэл хэзээ өгөхийг хэн мэдэх юм! Хэрвээ намайг өлсөж үхэх гэж байхад Бурхан хангахгүй бол би өлбөрч үхэх бус уу? Би хоол тэжээлийн дутагдалд орох бус уу?” хэмээн бодож байдаг. Хүний итгэл хэчнээн үхээнц болохыг харж байна уу!

Үр тариа, жимс, хүнсний ногоо, бүх төрлийн самар гээд энэ бүгд нь ургамлын гаралтай хоол юм. Хэдийгээр ургамлын гаралтай хоол боловч хүний биеийн хэрэгцээг хангахуйц хангалттай шим тэжээлтэй. Гэсэн хэдий ч Бурхан: “Эдгээр хоолыг л Би хүн төрөлхтөнд өгнө. Тэдэнд эдгээр зүйлийг л идүүл!” гэж хэлээгүй. Бурхан тэгээд зогсчхоогүй, харин ч хүн төрөлхтөнд бүр их амттай илүү их хоолыг бэлдсээр байсан. Эдгээр хоол нь юу вэ? Энэ нь та нарын ихэнх нь харж, идэж чаддаг төрөл бүрийн мах, загас юм. Тэрээр хүнд зориулан маш олон төрлийн мах, загас бэлдсэн. Загас усанд амьдардгийн дээр усны загасны махных нь бүтэц хуурай газар дээр амьдардаг амьтдын махнаас өөр байдаг ба хүнд өөр өөр шим тэжээл өгч чадна. Загас мөн хүний бие дэх халуун, хүйтнийг зохицуулж чадах шинж чанартай байдаг нь хүнд ихээхэн ашиг тустай юм. Гэхдээ сайхан амттай хоолыг хэтрүүлж идэж болохгүй. Аль хэдийн Миний хэлсэнчлэн, Бурхан хүн төрөлхтөнд зөв цагт нь, таарсан хэмжээгээр нь хайрладаг, ингэснээр хүмүүс Түүний хайрласныг улирал, цагийн дагуу хэвийн байдлаар, зүй зохистойгоор эдэлж чаддаг. Тэгэхээр шувууны махны ангилалд ямар төрлийн хүнс багтдаг вэ? Тахиа, бөднө, тагтаа гэх мэт. Олон хүн бас нугас, галуу иддэг. Бурхан энэ бүх махаар хангасан хэдий ч Өөрийн сонгосон хүмүүст тодорхой шаардлага тавьж, Хуулийн эрин үед хоол хүнсэнд нь тодорхой хязгаарлалт тавьсан. Өнөө үед энэхүү хязгаарлалт нь хувь хүний дур сонирхол, өөрөө хэрхэн ойлгох дээр тулгуурладаг. Энэхүү янз бүрийн мах нь хүний биеийг янз бүрийн шим тэжээлээр хангаж, уураг, төмөр нөхөж, цус төлжүүлж, булчин, яс бэхжүүлэн, тамир тэнхээ суулгадаг. Хүмүүс ямар аргаар болгож идэхээс үл хамааран, эдгээр мах нь хоолны амт сайжруулж, хүмүүсийн хоолны дуршлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөн ходоодыг нь дүүргэхэд тусалж байдаг. Хамгийн чухал нь эдгээр хоол хүнс хүний биеийн өдөр тутмын шим тэжээлийн хэрэгцээг хангаж чадна. Бурхан хүн төрөлхтөнд зориулан хүнс хоол бэлдэхдээ үүнийг бодолцож үзсэн. Ногоо ч, мах ч байдаг нь элбэг баян байгаа бус уу? Гэвч Бурхан хүн төрөлхтөнд зориулж бүх хоол хүнсийг бэлдэж өгөхдөө ямар санаа зорилготой байсныг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ хоол хүнсийг хүн төрөлхтөн хэтрүүлэн хэрэглэг гэсэн үү? Хүн эдгээр материаллаг хүслээ хангахаар оролддогоо болихгүй болчихвол юу болох вэ? Тэр хоол тэжээлийн илүүдэлтэй болох бус уу? Хоол тэжээлийн хэт илүүдэлтэй байх нь хүний биеийг олон янзаар зовоодог бус уу? (Тийм.) Тийм учраас Бурхан таарсан хэмжээгээр зөв цагт хуваарилан өгч, өөр өөр цаг үе, улиралд нийцүүлэн хүмүүст янз бүрийн хоол хүнс хэрэглүүлдэг билээ. Жишээлбэл, маш халуун зуны дараа хүмүүсийн биед нэлээд их халуунаас гадна эмгэг хуурайшилт, чийг хуримтлагдана. Намар болоход, олон төрлийн жимс боловсордог бөгөөд хүмүүс эдгээр жимсийг идэхэд бие дэх чийгийг нь хөөнө. Энэ үед үхэр, хонь мөн тарга тэвээрэг авсан байх тул хүмүүс тэжээл болгож илүү их мах идэх хэрэгтэй. Төрөл бүрийн мах идсэнээр хүмүүсийн бие өвлийн хүйтнийг давах эрч хүч, дулааныг олж авч, үүний үр дүнд өвлийг аюулгүй, эсэн мэнд давч чадна. Бурхан хүн төрөлхтнийг хэдийд, юугаар хангах, мөн өөр өөр зүйлс хэдийд ургаж, үр жимсээ өгч, боловсрохыг маш нарийн бодож, тооцоолон хянаж, зохицуулдаг. Энэ нь “Хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй хоол хүнсийг Бурхан хэрхэн бэлддэг”-т хамаарна. Олон төрлийн хоол хүнснээс гадна, Бурхан хүн төрөлхтнийг усны эх үүсвэрээр бас хангадаг. Хүмүүс юм идсэний дараа ус уух хэрэгтэй. Жимс дангаараа хангалттай юу? Хүмүүс дан ганц жимсээр амьдарч чадахгүй, үүнээс гадна зарим улиралд жимс байдаггүй. Тэгэхээр хүн төрөлхтний усны асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Бурхан нуур, гол, булаг гээд газар дээр болон газар доор усны олон эх үүсвэр бэлдэж үүнийг шийдвэрлэсэн. Ямар нэгэн байдлаар бохирдуулаагүй, хүмүүс өөрчилж, сүйтгээгүй л бол эдгээр усны эх үүсвэрээс ууж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн амьдралыг баян, элбэг дэлбэг, юугаар ч дутахгүй байлгах гэж Бурхан, хүн төрөлхтний бие махбодын амьдралыг тэтгэх хоол хүнсний эх үүсвэрийн тухайд маш чамбай, маш нарийн, тун зохимжтой бэлтгэл хийсэн. Энэ бол хүмүүсийн харж, мэдэрч болох зүйл юм.

Түүнчлэн, бүх зүйлийн дундаас Бурхан хүний биеийн гэмтлийг эдгээх, өвчнийг анагаахад онцгойлон зориулсан зарим ургамал, амьтан, төрөл бүрийн өвс ногоог бүтээсэн. Жишээлбэл, хэрвээ хүн түлэгдэх юм уу, санамсаргүй шалзлагдвал юу хийх хэрэгтэй вэ? Түлэгдлээ усаар зайлаад л болох уу? Чи зүгээр нэг даавууны өөдсөөр боогоод л болох уу? Тэгвэл шарх идээ бээрээр дүүрэх буюу халдвар авч магадгүй юм. Жишээлбэл, хүн халуурах буюу ханиад хүрч, ажиллаж байхдаа гэмтэж бэртэн, буруу зүйл идсэнээс болж ходоодны эмгэгтэй болох буюу амьдралын хэв маягийн хүчин зүйл юм уу сэтгэл хөдлөлийн асуудлаас үүдсэн зүрх судасны өвчин, сэтгэцийн эмгэг, дотор эрхтний өвчин гэх мэт тодорхой нэг өвчинтэй болбол эдгээр өвчнийг эмчлэхэд таарах ургамлууд байдаг. Цусны эргэлт сайжруулан бүлэгнэлийг арилгаж, өвчин намдаан, цус алдалт зогсоож, мэдээ алдуулан, арьсыг сэргээн хэвийн байдалд нь оруулахад тусалж, цусны бүлэгнэл арилган, биеэс хор гадагшлуулдаг ургамлууд бий. Товчоор хэлбэл, энэ ургамлууд өдөр тутмын амьдралд хэрэгтэй. Тэдгээрийг хүмүүс хэрэглэж болно, Бурхан хүний биед хэрэг болно гэж бэлдсэн. Тэдгээрийн заримыг санаандгүй олж илрүүлэх боломжийг Бурхан хүнд олгосон бол үүнийг хийлгэхээр Бурханы сонгосон хүмүүс, эсвэл Бурханы зохион байгуулсан онцгой үзэгдлийн үр дүнд бусдыг нь олж илрүүлсэн. Эдгээр ургамлыг олж нээснийхээ дараа хүн төрөлхтөн өвлүүлэн дамжуулж, олон хүн энэ тухай мэдэж авдаг. Ийнхүү Бурхан эдгээр ургамлыг бүтээсэн нь үнэ цэн, утга учиртай юм. Дүгнэж хэлбэл, эдгээр зүйл бүгд Бурханаас улбаатай бөгөөд хүн төрөлхтөнд амьдрах орчин бүтээхдээ Түүний бэлдэж, тарьсан зүйлс юм. Эдгээр нь маш чухал. Бурхан бодож боловсруулахдаа хүн төрөлхтнөөс илүү нягт нямбай байдаг уу? Чи Бурханы хийсэн бүхнийг хараад Бурханы бодитой талыг мэдэрдэг үү? Бурхан нууцаар ажилладаг. Хүн энэ дэлхийд хараахан ирээгүй байхад, хүн төрөлхтөнтэй харилцахаасаа өмнө Бурхан энэ бүхнийг бүтээсэн. Хүн төрөлхтөнд зориулан Өөрийнх нь бэлдэж өгсөн энэ баян, элбэг дэлбэг материаллаг дэлхийд тэд хоол, хувцасны талаар санаа зоволгүй, дутагдах зүйлгүйгээр аз жаргалтай амьдраасай гэсэндээ Бурхан хүн төрөлхтнийг бодож, хүний оршин тогтнолын төлөө, тэднийг амьд байлгахыг бодолцож юм болгоныг хийсэн. Хүн төрөлхтөн ийм орчинд үргэлжлүүлэн өсөн үржиж, амьдарч чадна.

Бурханы том, жижиг бүх үйлс дотроос ямар ч үнэ цэн, учир утгагүй зүйл бий юу? Түүний хийдэг юм болгон үнэ цэн, утга учиртай байдаг. Хэлэлцүүлгээ түгээмэл сэдвээр эхэлцгээе. Хүмүүс: “Тахиа, өндөг хоёрын аль нь анхдагч вэ?” гэж үргэлж асуудаг. (Тахиа.) Тахиа анхдагч гэдэг нь эргэлзээгүй! Тахиа яагаад анхдагч вэ? Өндөг яагаад анхдагч байж болохгүй гэж? Тахиа өндөгнөөс гардаг бус уу? 21 хоногийн дараа тахиа өндөгнөөс гарч ирдэг. Тэр тахиа дараа нь олон өндөг гаргаж, тэр өндөгнүүдээс нь илүү олон тахиа гарна. Тэгэхээр тахиа, өндөг хоёрын аль нь түрүүлж гарсан бэ? Та нар туйлын итгэлтэйгээр “тахиа” гэж хариулдаг. Гэвч яагаад ингэж хариулдаг юм бэ? (Шувууд болон араатан амьтдыг Бурхан бүтээсэн гэж Библид өгүүлдэг.) Тэгэхээр та нарын хариулт Библид үндэслэсэн юм байна. Гэхдээ Бурханы үйлдлийн тухай ямар нэгэн бодит мэдлэг та нарт бий эсэхийг харах болов уу гэсэндээ өөрсдийнхөө ойлголтын талаар яриасай гэж Би хүсэж байна. Одоо та нар хариултдаа итгэлтэй байна уу, үгүй юу? (Бурхан тахиаг бүтээгээд түүнд үржих чадвар буюу өндөг дарах чадвар өгсөн.) Энэ тайлбар бараг л зөв. Эхлээд тахиа, дараа нь өндөг гарсан. Энэ бол гарцаагүй. Энд нэг их сүрхий нууц саад байх юм үгүй боловч дэлхийн хүмүүс үүнийг их сүрхий юм болгож, гүн ухааны онолоор шийдвэрлэх гэж оролддог ч хэзээ ч дүгнэлтэд хүрдэггүй. Тэднийг Бурхан бүтээсэн гэдгийг хүмүүс мэддэггүйтэй энэ нь яг адил. Тэд энэ суурь зарчмыг мэддэггүй, мөн өндөг анхдагч уу, эсвэл тахиа анхдагч уу гэдэг талаар ч тодорхой ойлголт байхгүй. Тэд аль нь анхдагч байх ёстой вэ гэдгийг мэдэхгүй тул хэзээ ч хариуг нь олж чаддаггүй. Тахиа эхлээд бий болсон нь тун хэвийн юм. Хэрвээ тахианаас өмнө өндөг байсан бол энэ нь хэвийн бус байх байсан! Энэ бол их энгийн зүйл—тахиа эхлээд бий болсон нь мадаггүй. Энэ бол их мэдлэгтэй байхыг шаарддаг асуулт биш. Бурхан юм бүхнийг хүнд эдлүүлэх зорилготойгоор бүтээсэн. Нэгэнт тахиа оршин байгаа цагт өндөг жамаараа гарна. Энэ нь бэлээхэн шийдэл бус уу? Хэрвээ өндөг эхлээд бүтээгдсэн бол үүнийг дарах тахиа мөн л хэрэгтэй болох байсан бус уу? Шууд тахиа бүтээх нь хавьгүй дөт шийдэл юм. Ингэснээр тахиа өндөглөж, өндгөн дотроо ангаахай дарж чадах бөгөөд хүмүүс тахианы мах идэж болно. Хэчнээн амар вэ! Аливааг хийх Бурханы арга зам аятайхан, цэвэрхэн, огтхон ч төвөгтэй биш байдаг. Өндөг хаанаас гардаг вэ? Тахианаас гардаг. Тахиа байхгүй бол өндөг байхгүй. Бурханы бүтээсэн юм нь амьд зүйл байсан! Хүн төрөлхтөн хөгийн, инээд хүрмээр, үргэлж ийм энгийн зүйлд будилж, эцэстээ өчнөөн олон утгагүй төөрөгдлийг гаргаж ирдэг. Хүн ямар гэнэн юм бэ! Өндөг, тахиа хоёрын хоорондын харилцаа тодорхой байдаг: Тахиа эхлээд бий болсон. Энэ бол хамгийн үнэн зөв тайлбар, үүнийг ойлгох хамгийн үнэн зөв арга, хамгийн үнэн зөв хариулт юм. Энэ бол зөв.

Бид дөнгөж сая ямар сэдвээр ярилцсан бэ? Бид хүн төрөлхтний амьдардаг орчин, энэ орчны төлөө Бурхан юу юу хийж, бэлдсэн талаар, эхлээд ярилцсан. Тэр юуг зохицуулсан; хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлдсэн бүх зүйлийн хоорондын харилцаа; мөн Түүний бүтээсэн зүйлс хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулахаас сэргийлэхийн тулд эдгээр харилцааг Бурхан хэрхэн зохицуулсан талаар бид ярилцлаа. Бурхан бас хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд олон өөр өөр хүчин зүйлийн учруулж болзошгүй хор хөнөөлийг багасгаж, бүх зүйлд үүргээ хамгийн сайн гүйцэтгэх боломж олгож, хүн төрөлхтөнд ач тустай элемент бүхий ашиг тустай орчныг бүрдүүлснээрээ ийм орчинд дасан зохицож, амьдрал, үржлийн мөчлөгийг тасралтгүй үргэлжлүүлэх боломжийг хүн төрөлхтөнд олгосон. Дараа нь бид хүний биед хэрэгтэй хоол хүнс—хүн төрөлхтний өдөр тутмын хоол ундны талаар ярилцсан. Энэ нь ч бас хүн төрөлхтөн амьд оршиход зайлшгүй чухал нөхцөл билээ. Өөрөөр хэлбэл, хүний бие дан ганц амьсгалаад, зөвхөн нарны гэрлээр тэтгүүлээд, салхи, эсвэл тохирсон температуртай байгаад амьдарч чадахгүй. Хүмүүс бас ходоодоо дүүргэх хэрэгтэй бөгөөд Бурхан хүн төрөлхтөнд зориулан тэдний ходоодоо дүүргэх хүнсний эх үүсвэрийг юуг нь ч орхигдуулалгүйгээр бэлдсэн. Хүн төрөлхтний хоол ундны эх үүсвэр болох эдгээр элбэг баян бүтээгдэхүүнийг хараад, Бурхан бол хүн төрөлхтөн болон Түүний бүтээсэн бүх зүйлийг тэтгэх эх сурвалж мөн хэмээн чи хэлж чадах уу? Хэрвээ бүтээлийн цаг үед Бурхан зөвхөн мод, өвс ургамал юм уу олон тооны бусад амьд зүйлийг бүтээсэн бол, энэхүү янз бүрийн амьд зүйл, ургамал нь бүгд үхэр, хонь, эсвэл эрээн тахь, буга зэрэг өөр бусад янз бүрийн амьтанд зориулагдсан, жишээлбэл, эрээн тахь, буга зэргийг арслан иддэг, хонь, гахай зэргийг бар иддэг, харин хүн идэхэд тохиромжтой ганц ч зүйл байхгүй байсан бол болох байсан уу? Болохгүй. Хүн төрөлхтөн удаан амьдарч чадахгүй байсан. Хүн зөвхөн навч иддэг байсан бол яах вэ? Тэгж болох байсан уу? Хонинд зориулагдсан өвсийг хүмүүс идэж чадах байсан уу? Жаахан идэж үзвэл зүгээр байж магадгүй боловч удаан хугацаанд тийм зүйл идвэл ходоод нь боловсруулж чадахгүй бөгөөд хүмүүс удаан амьд явахгүй. Амьтад идэж болдог ч хүнд хортой зүйл ч байдаг. Амьтад идээд яах ч үгүй боловч хүмүүсийн хувьд тийм биш. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг бүтээсэн болохоор хүний биеийн бүтэц, зүй тогтол болон хүнд юу хэрэгтэйг Бурхан хамгийн сайн мэддэг. Биеийн найрлага, агууламж, хэрэгцээ, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаа, тэдгээр нь янз бүрийн бодисыг хэрхэн шингээж, задалж, боловсруулдгийг Бурхан маш сайн мэддэг. Хүмүүс үүнийг мэдэхгүй; заримдаа тэд ухаангүй идэж, өөртөө огт санаа тавихгүй, хэтэрхий их ийм байх нь тэнцвэр алдагдахад хүргэдэг. Хэрвээ та нарт зориулж Бурханы бэлдсэн зүйлсийг хэвийн байдлаар идэж, эдэлбэл чамд ямар ч эрүүл мэндийн асуудал үүсэхгүй. Заримдаа сэтгэл санаа тавгүй, цусны бүлэгнэлтэй байсан ч гэсэн ямар ч асуудалгүй. Чи тодорхой нэг төрлийн ургамал идэхэд л цусны бүлэгнэл арилна. Бурхан энэ бүх зүйлийг бэлдчихсэн. Иймээс, Бурханы нүдэнд хүн төрөлхтөн ямар ч амьд зүйлээс хамаагүй дээгүүрт байдаг. Бурхан ургамлын төрөл зүйл бүрд зориулсан орчин, амьтны төрөл зүйл бүрд зориулсан хоол, амьдрах орчин бэлдсэн, харин хүн төрөлхтний хүрээлэн буй орчны хэрэгцээ шаардлага л хамгийн нарийн бөгөөд энэхүү хэрэгцээ шаардлагыг үл тоомсорлож өчүүхэн ч болохгүй. Эс бөгөөс, хүн төрөлхтөн хэвийн байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, амьдарч, үржиж чадахгүй байх байлаа. Бурхан үүнийг зүрх сэтгэлдээ маш сайн мэддэг. Бурхан үүнийг хийхдээ юу юунаас ч илүү чухал ач холбогдол өгсөн юм. Чи амьдралдаа харж, эдэлж чаддаг зарим энгийн зүйл, эсвэл төрсөн цагаас чинь чамд байсан харж, эдэлж болох зүйлийн ач холбогдлыг мэдэрч чаддаггүй байж магадгүй боловч Бурхан чамд зориулаад үүнийг аль эрт, нууцаар бэлдчихсэн байдаг. Бурхан, хүн төрөлхтөнд таатай бус, хүний биед хор хохирол учруулж болох бүх сөрөг элементийг боломжит дээд хэмжээгээр арилгаж, багасгасан. Энэ нь юуг харуулж байна вэ? Хүн төрөлхтнийг бүтээхдээ тэдэнд хандаж байсан Бурханы хандлагыг энэ удаад харуулж байна уу? Тэрхүү хандлага нь ямар байсан бэ? Бурхан хянамгай бөгөөд хичээнгүй хандаж байсан бөгөөд Өөрөөс нь өөр ямарваа хүчин зүйл, нөхцөл байдал, эсвэл дайсны ямар ч хүч хөндлөнгөөс оролцохыг Тэр тэвчихгүй байсан. Хүн төрөлхтнийг бүтээж, удирдахдаа гаргадаг Бурхан хандлагыг үүнээс энэ удаад харж болно. Бурханы хандлага ямар байдаг вэ? Хүнийг бүтээснээс хойш тэдэнд хандах Бурхны хариуцлагатай хандлага, түүнчлэн энэ удаад хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы шийдэмгий байдлыг бид, хүн төрөлхтний амьдрах орчин, эдэлдэг амьдрал, түүнчлэн тэдний өдөр тутмын хоол унд, хэрэгцээнээс харж болно. Эдгээр зүйлээс Бурханы бодит байдал харагддаг уу? Түүний гайхалтай байдал харагддаг уу? Бурханы ойлгошгүй байдал харагддаг уу? Түүний бүхнийг чадагч байдал харагддаг уу? Бүх хүн төрөлхтнийг хангаж, түүнчлэн Өөрийн бүтээсэн бүх зүйлийг хангахын тулд Бурхан Өөрийн мэргэн бөгөөд төгс хүчит арга замыг ашигладаг. Би маш их зүйлийг та нарт хэлсэн болохоор Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж та нар хэлж чадах уу? (Тийм.) Гарцаагүй тийм шүү. Та нарт эргэлзээ байна уу? (Үгүй.) Бурхан бүх зүйлийг хангадаг нь Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг харуулахад хангалттай, учир нь Тэр бол бүх зүйлд орших, амьдрах, өсөж үржих, үргэлжлэх боломжийг олгосон хангалтын эх сурвалж бөгөөд Бурханаас Өөрөөс нь өөр ямар ч эх сурвалж үгүй. Хүмүүсийн хүрээлэн бус орчны хамгийн үндсэн хэрэгцээ ч бай, өдөр тутмын амьдралынх нь хэрэгцээ ч бай, эсвэл хүмүүсийн сүнсийг хангадаг үнэний хэрэгцээ ч бай, Бурхан бүх зүйлийн хэрэгцээг бүгдийг нь, хүн төрөлхтний бүх хэрэгцээг хангадаг. Бурханы ялгамж чанар, байр суурь бүх талаар хүн төрөлхтөнд асар их ач холбогдолтой байдаг; зөвхөн Бурхан Өөрөө л бүх зүйлийн амийн эх сурвалж юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол хүмүүсийн харж, мэдэрч чаддаг энэхүү ертөнцийн Захирагч, Эзэн, Хангагч юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь Бурханы ялгамж чанар бус уу? Үүнд ямар ч худал зүйл үгүй. Иймээс чи тэнгэрт нисэж буй шувууг харахдаа Бурхан нисэж чаддаг бүх зүйлийг бүтээсэн гэдгийг мэдэх ёстой. Усанд сэлдэг амьд зүйл байдаг бөгөөд тэдгээр нь өөрийн гэсэн амьдрах арга замтай. Хөрсөнд амьдардаг мод, ургамал хавар соёлж, нахиалан, намар үр жимсээ өгч, навчсаа гөвж, өвөл болоход бүх навчис нь унаж тэдгээр ургамал өвлийг давж гарахад бэлддэг. Энэ бол тэдний амьд үлдэх арга зам юм. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, эдгээр нь тус бүрдээ өөр өөр хэлбэрээр, өөр өөр арга замаар амьдарч, өөрийн амийн хүч чадал, амьдардаг хэлбэрийг үзүүлэхдээ өөр өөр арга хэрэглэдэг. Тэд хэрхэн амьдрахаас үл хамааран бүгд Бурханы захиргаан дор байдаг. Бүх төрлийн амьдралын хэлбэр болон амьд биесийг Бурхан захирдгийн зорилго юу вэ? Хүн төрөлхтнийг амьд байлгахын төлөө юу? Тэрээр амийн бүх хуулийг хянадаг нь бүгд хүн төрөлхтнийг амьд байлгахын төлөө байдаг. Хүн төрөлхтөн амьд байх Бурханд хэчнээн чухал болохыг энэ нь харуулдаг.

Хүн төрөлхтөн хэвийн амьдарч, өсөж үржих чадвартай байх нь Бурханд нэн чухал юм. Тиймээс Бурхан хүн төрөлхтөн болон Өөрийн бүтээсэн бүх зүйлийг байнга хангаж байдаг. Тэр бүх зүйлийг өөр өөр арга замаар хангадаг бөгөөд бүх зүйлийг амьд байлгаснаар Тэр хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн урагш ахиулж, хүн төрөлхтний хэвийн амьдралыг хадгалдаг. Бидний өнөөдөр нөхөрлөж байгаа хоёр тал энэ юм. Энэ хоёр тал нь юу вэ? (Том өнцгөөс харвал, Бурхан хүн төрөлхтний амьдрах орчныг бүтээсэн. Энэ нь нэг дэх тал. Мөн Бурхан, хүн төрөлхтөнд хэрэгтэй бөгөөд харж, хүрч болох материаллаг зүйлсийг бэлдсэн.) Бид үндсэн сэдвээ энэ хоёр талаас нь нөхөрлөсөн. Үндсэн сэдэв маань юу вэ? (Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж.) Миний нөхөрлөсөн энэ сэдэв яагаад ийм агуулгатай байсан талаар та нар одоо зарим нэг ойлголттой болсон байх ёстой. Үндсэн сэдэвтэй холбогдолгүй хэлэлцүүлэг байсан уу? Огт байгаагүй! Магадгүй эдгээр зүйлийг сонсоод та нарын зарим нь ямар нэг ойлголт авч, эдгээр үг нөлөөтэй, маш чухал гэдгийг одоо мэдэрсэн боловч бусад нь зөвхөн шууд утгаар нь ойлгож, эдгээр үг нь өөрөө чухал биш гэж боддог. Одоогоор та бүхэн үүнийг хэрхэн ойлгож байгаагаас үл хамааран, туршлага тодорхой хэмжээнд хүрч, та нарын ойлголт тодорхой хэмжээнд хүрэхэд, өөрөөр хэлбэл, Бурханы үйлдэл болон Бурханы Өөрийнх нь тухай мэдлэг чинь тодорхой түвшинд хүрэхэд та нар Бурханы үйлдлийн талаар гүн гүнзгий, жинхэнэ гэрчлэл хийхийн тулд өөрсдийн бодитой үгийг ашиглана.

Та нарын одоогийн ойлголт нэлээд өнгөц, баригдмал хэвээр байгаа гэж Би боддог боловч Миний нөхөрлөлийн энэ хоёр талыг сонсоод хүн төрөлхтнийг хангахдаа Бурхан ямар арга барил хэрэглэдэг, эсвэл Бурхан хүн төрөлхтнийг юугаар хангадгийг ядаж танин мэдэж чадсан уу? Та нарт үндсэн ухагдахуун, үндсэн ойлголт байна уу? (Тийм.) Гэхдээ Миний нөхөрлөсөн энэ хоёр тал Библитэй холбоотой юу? Тэдгээр нь Хаанчлалын эрин үе дэх Бурханы шүүлт, гэсгээлтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Би яагаад тэдгээрийн талаар нөхөрлөсөн бэ? Хүмүүс Бурханыг мэдэхийн тулд тэдгээрийг ойлгох ёстой учраас тэр үү? (Тийм.) Эдгээр зүйлийг мэдэх нь маш чухал, бас эдгээрийг ойлгох нь маш чухал. Бурханыг бүхэлд нь ойлгохоор эрж хайхдаа өөрийгөө Библиэр бүү хязгаарла, зөвхөн Бурхан хүнийг шүүж, гэсгээдгээр өөрийгөө бүү хязгаарла. Энийг хэлж байгаагийн минь зорилго юу вэ? Бурхан бол зөвхөн Өөрийн сонгосон ард түмний Бурхан төдий биш гэдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд юм. Чи одоогоор Бурханыг дагадаг, Тэр чиний Бурхан, харин Өөрийг нь дагадаггүй хүмүүсийн Бурхан Тэр мөн үү? Бурхан Өөрийг нь дагадаггүй бүх хүний Бурхан мөн үү? Бурхан бүх зүйлийн Бурхан мөн үү? (Мөн.) Тэгвэл Бурханы ажил, үйлдлийн цар хүрээ ердөө л Өөрийг нь дагадаг хүмүүсээр хязгаарлагддаг уу? (Үгүй.) Түүний ажил болон үйлдлийн цар хүрээ юу вэ? Түүний ажил болон үйлдлийн хамрах хүрээ нь хамгийн багадаа бүх хүн төрөлхтөн болон бүтээгдсэн бүх зүйлийг хамардаг. Хамгийн ихдээ энэ нь хүмүүсийн харж чаддаггүй бүхэл бүтэн орчлон ертөнцийг хамардаг. Тиймээс Бурхан бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлдлийг гүйцэтгэдэг гэж хэлж болох бөгөөд Бурханыг Өөрийг нь бүхэлд нь мэдэж авах боломжийг хүмүүст олгоход энэ хангалттай. Хэрвээ чи Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг мэдэж, ойлгож авахыг хүсэж байвал зөвхөн Бурханы ажлын гурван үе шат болон Бурханы урьд нь гүйцэтгэсэн ажлын тухай түүх төдийхнөөр өөрийгөө бүү хязгаарла. Хэрвээ чи Түүнийг тийм маягаар мэдэх гэж оролдвол Бурханд хязгаар тавьж, Түүнийг хязгаарлаж байна. Чи Бурханыг маш өчүүхэн зүйл гэж харж байна. Ингэх нь хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ? Чи Бурханы гайхалтай байдал болон эрхэм дээд чанарыг ч тэр, бас Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал, Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх чиний чадвар, түүнчлэн Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурийн тухай мэдлэгт чинь ийм ойлголт нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ойлголт чинь хязгаарлагдмал цар хүрээтэй бол хүлээн авч чадах зүйл чинь ч бас хязгаарлагдмал байна. Ийм учраас чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Бурханы ажил, Бурханы удирдлага, Бурханы захиргааны цар хүрээ, Түүний удирдаж, захирдаг бүх зүйл гээд энэ бүхнийг чи ойлгохоор эрж хайх ёстой. Ийм зүйлээр дамжуулан чи Бурханы бүх үйлдлийг ойлгож авах ёстой. Ийм ойлголттой байхад Бурхан бүх зүйлийн дундаас бүх зүйлийг захирч, удирдаж, хангаж байдгийг өөрийн мэдэлгүй мэдэрч, бас чи бүх зүйлийн нэг хэсэг, нэг гишүүн гэдгээ үнэхээр мэдэрнэ. Бурхан бүх зүйлийг хангадаг болохоор чи ч бас Бурханы захиралт болон хангалтыг хүлээн авдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Бүх зүйл Бурханы захиргаан дор өөрсдийн хуульд захирагддаг, бүх зүйл Бурханы захиргаан дор өөрийн гэсэн оршин тогтнох дүрэмтэй. Хүн төрөлхтний хувь заяа болон хэрэгцээ нь мөн Бурханы захиргаа, хангалттай холбоотой байдаг. Тийм учраас Бурханы ноёрхол болон захиргаан дор хүн төрөлхтөн, бүх зүйл өөр хоорондоо холбоотой, харилцан хамааралтай, сүлжилдсэн байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсний зорилго, үнэ цэн энэ билээ.

2014 оны 2 дугаар сарын 2

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө VII

Дараах: Цор ганц Бурхан Өөрөө IX

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих