Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог
Өөртэй нь хамтран ажиллахыг хичээдэг, Түүний ажлыг дуулгавартай дагаж чаддаг, Бурханы хэлдэг үгийг үнэн гэж итгэдэг, Бурханы шаардлагыг хэрэгжүүлж чаддаг хүмүүсээс бүрддэг тодорхой бүлэг хүмүүсийг Бурхан одоо олж авахыг хүсдэг; тэд бол зүрх сэтгэлдээ жинхэнэ ойлголттой, төгс болгуулж чадах хүмүүс бөгөөд төгс болгуулах замаар гарцаагүй алхаж чадна. Төгс болгуулж чадахгүй хүмүүс нь Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй, Бурханы үгийг идэж уудаггүй, Түүний үгийг анхаардаггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хайргүй хүмүүс юм. Бие махбодтой болсон Бурханд эргэлзэж, Түүний талаар үргэлж тээнэгэлзэн, үгийг нь хэзээ ч нухацтайгаар авч үзэлгүй, Түүнийг үргэлж мэхэлдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд харьяалагддаг хүмүүс юм; ийм хүмүүсийг төгс болгох ямар ч аргагүй.
Хэрвээ чи төгс болгуулахыг хүсвэл эхлээд Бурханд таалагдах ёстой, учир нь Тэр Өөрт нь таалагддаг, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг төгс болгодог билээ. Хэрэв чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхыг хүсвэл Түүний ажлыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрэлхийлэхээр хичээж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Чиний хийдэг бүхэн Бурханы шинжилтийг давсан уу? Санаа зорилго чинь зөв үү? Хэрэв санаа зорилго чинь зөв бол Бурхан чамайг сайшаана; хэрэв санаа зорилго чинь буруу бол зүрх сэтгэлийн чинь хайрладаг зүйл Бурхан биш, харин махан бие, Сатан юм гэдгийг харуулдаг. Тиймээс чи бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх арга зам болгож залбирлыг ашиглах ёстой. Залбирах үед чинь Би хэдийгээр өмнө чинь биечлэн зогсож байхгүй ч Ариун Сүнс чамтай хамт байдаг бөгөөд Надад болон Бурханы Сүнсэнд хоёуланд нь чи залбирч байгаа. Чи энэ махбодод яагаад итгэдэг вэ? Түүнд Бурханы Сүнс байдаг учраас чи итгэдэг. Энэ хүнд Бурханы Сүнс байхгүй байсан бол чи Түүнд итгэх байсан уу? Чи энэ хүнд итгэхдээ Бурханы Сүнсэнд итгэдэг. Чи энэ хүнээс эмээхдээ Бурханы Сүнснээс эмээдэг. Бурханы Сүнсэнд итгэх итгэл нь энэ хүнд итгэх итгэл бөгөөд энэ хүнд итгэх итгэл нь мөн Бурханы Сүнсэнд итгэх итгэл юм. Чи залбирах үедээ Бурханы Сүнс чамтай хамт байгааг, Бурхан чиний өмнө байгааг мэдэрдэг, тиймээс ч чи Түүний Сүнсэнд залбирдаг. Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй байж, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно. Хэрэв чи зүрх сэтгэлдээ Бурханыг үнэхээр хайрладаг бол “Тэнгэр, газарт болон бүх зүйлийн дунд байдаг Бурхан Танд би амлая: Таны Сүнс миний хийдэг бүхнийг шалгаж, намайг цаг үргэлж хамгаалж, халамжлан, хийдэг бүх зүйлээ Таны өмнө байлгах боломж олгох болтугай. Миний зүрх сэтгэл Таныг хайрлахаа боливол, эсвэл хэзээ нэгэн цагт Танаас урвавал намайг хатуу чангаар гэсгээж, хараа. Энэ амьдралд ч, дараагийн амьдралд ч намайг бүү өршөө!” хэмээн Бурханд тангарагла. Чи ийм тангараг өгч зүрхлэх үү? Хэрэв чи ингэж зүрхлэхгүй бол хулчгар бөгөөд өөрийгөө хайрласаар байгааг чинь энэ нь харуулдаг. Чамд ингэх шийдвэр байна уу? Хэрэв үнэхээр ингэж шийдсэн бол ийм тангараг өгөх хэрэгтэй. Хэрэв чамд ингэж тангараглах шийдвэр байгаа бол Бурхан шийдвэрийг чинь биелүүлнэ. Чамайг Бурханд тангараг өгөхөд Тэр сонсдог. Чиний залбирал, хэрэгжүүлэлтийг хэмжсэнээр Бурхан нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг чинь тодорхойлдог. Энэ нь одоо та нарыг төгс болгох үйл явц бөгөөд хэрэв чамд төгс болгуулах итгэл үнэхээр байвал хийдэг бүхнээ Бурханы өмнө авчирч, Түүний шинжилтийг хүлээж авах болно; хэрэв чи хэтэрхий тэрслүү зүйл хийх юм уу Бурханаас урвавал Тэр тангаргийг чинь биелүүлнэ, ингэснээр мөхөл ч бай, гэсгээлт ч бай, чамд юу ч тохиолдсон хамаагүй, энэ нь өөрийн чинь хийсэн хэрэг юм. Чи тангараг өгсөн тул үүнийгээ мөрдөх ёстой. Хэрэв чи тангараг өгдөг боловч мөрддөггүй бол мөхөх болно. Чинийх тангараг байсан болохоор Бурхан тангаргийг чинь биелүүлнэ. Зарим хүн залбирсныхаа дараа айж, “Бүх зүйл өнгөрлөө! Миний самуун амьдрах боломж үгүй боллоо; хорон муу зүйл хийх боломж үгүй боллоо; орчлон хорвоогийн хүсэлд ташуурах боломж үгүй боллоо!” хэмээн халагладаг. Энэ хүмүүс хорвоогийн юмс болон нүглийг хайрласаар байдаг бөгөөд мөхөх нь гарцаагүй.
Бурханд итгэгч байна гэдэг нь хийж буй бүхнээ Түүний өмнө авчирч, шинжүүлэх ёстой гэсэн үг юм. Хийж буй зүйлээ Бурханы Сүнсний өмнө авчирч болох боловч Бурханы махбодын өмнө авчирч болохгүй бол чи Түүний Сүнсээр шинжүүлж байгаагүйг харуулж байна. Бурханы Сүнс гэж хэн бэ? Бурхан гэрчлэл хийдэг хүн хэн бэ? Тэд нэг биш гэж үү? Ихэнх нь Тэднийг хоёр тусдаа оршихуй гэж үзэн, Бурханы Сүнс бол Бурханы л Сүнс, харин Бурхан гэрчлэл хийдэг хүн бол ердөө л нэг хүн гэж итгэдэг. Гэвч чи андуурсан бус уу? Энэ хүн хэний өмнөөс ажилладаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурханы Сүнс, Түүний махбод болсон бие хоёр нэг бөгөөд учир нь Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Энэ хүн чамд базаахгүй хандвал Бурханы Сүнс эелдэг хандана гэж үү? Чи будилсан бус уу? Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжилтийг хүлээн авах явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн авч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн авах нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.
Бурханы талаар ойлгодоггүй хүмүүс Бурханыг хэзээ ч бүрэн дуулгавартай дагаж чадахгүй. Ийм хүмүүс бол дуулгаваргүй байдлын хөвгүүд юм. Тэд хэтэрхий их санаатай, дотроо хэтэрхий их тэрслүү учраас Бурханаас холдож, Түүний шинжилтийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байдаг. Ийм хүмүүсийг төгс болгоход амаргүй. Зарим хүн Бурханы үгийг идэж уух болон хүлээн зөвшөөрөхдөө голж шилдэг. Тэд Бурханы үгээс өөрсдийнх нь үзэлд нийцдэг тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөөд, нийцэхгүйг нь үл хэрэгсдэг. Энэ чинь Бурханы эсрэг хамгийн илэрхий тэрслэлт, эсэргүүцэл биш гэж үү? Хүн Бурханы талаар өчүүхэн ч ойлголт олж авалгүйгээр олон жил итгэж байгаа бол үл итгэгч юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа хүмүүс бол Түүнийг ойлгохоор эрэлхийлдэг, Түүний үгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг хүмүүс юм. Тэд Бурханы өв болон ерөөлийг хүлээн авах хүмүүс бөгөөд хамгийн их ерөөгдсөн хүмүүс юм. Зүрх сэтгэлд нь Түүнд зориулсан орон зай үгүй хүмүүсийг Бурхан харааж, ийм хүмүүсийг гэсгээж, хаядаг. Чи Бурханыг хайрладаггүй бол Тэр чамайг хаяна, Миний хэлэхийг сонсдоггүй бол Бурханы Сүнс чамайг хаяна гэдгийг Би амлая. Итгэхгүй бол оролдоод үз! Өнөөдөр Би чамд хэрэгжүүлэлтийн замыг тодруулж өгье, гэвч хэрэгжүүлэх эсэхээ өөрөө шийд. Хэрэв чи үүнд итгэдэггүй бол, үүнийг хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс дотор чинь ажилладаг эсэхийг өөрөө харах болно! Чи Бурханыг ойлгохоор эрэлхийлдэггүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй. Үгийг нь эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүсийн дотор Бурхан ажилладаг. Бурханы үгийг эрхэмлэх тусам Ариун Сүнс чиний дотор илүү их ажиллана. Хүн Бурханы үгийг эрхэмлэх тусам Бурханаар төгс болгуулах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог бөгөөд Өөрийнх нь өмнө зүрх сэтгэлээ тайван байлгадаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Бурханы бүх ажлыг эрхэмлэх, Бурханы гэгээрлийг эрхэмлэх, Бурханы хамт байгааг эрхэмлэх, Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэх, Бурханы үг хэрхэн бодит байдал чинь болж, амийг чинь хангаж байгааг эрхэмлэх нь бүгд Бурханы зүрх сэтгэлтэй хамгийн сайн нийцдэг. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлэдэг бол, өөрөөр хэлбэл, чам дээр хийсэн Түүний бүх ажлыг эрхэмлэдэг бол Тэр чамайг ерөөж, чиний бүх зүйлийг өсгөж үржүүлэх болно. Чи Бурханы үгийг эрхэмлэдэггүй бол Тэр чиний дотор ажиллахгүй, харин итгэлийн чинь төлөө өчүүхэн нигүүлсэл соёрхоно, эсвэл чамайг багахан эд баялаг, гэр бүлийг чинь багахан амар амгалан байдлаар ерөөнө. Чи Бурханы үгийг бодит байдлаа болгон, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийн дагуу байж чаддаг байхаар хичээх ёстой. Ердөө л Түүний нигүүлслийг эдлэхийн төлөө мэрийх ёсгүй. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч, төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болохоос илүү чухал зүйл үгүй. Энэ бол чиний эрэлхийлэх ёстой зорилго юм.
Нигүүлслийн эрин үед хүний эрэлхийлж байсан бүхэн одоо үеэ өнгөрөөсөн, учир нь одоо эрэл хайгуулын илүү өндөр стандарт гэж бий, эрэлхийлдэг зүйл илүү сүрлэг, илүү бодитой бөгөөд эрэлхийлж буй зүйл хүний дотоод хэрэгцээ шаардлагыг илүү сайн хангаж чадна. Бурхан өнгөрсөн эрин үеүдэд, өнөөдрийнх шигээ хүмүүс дээр ажиллаагүй; өнөөдрийнх шигээ хүмүүстэй ярилцаагүй; хүмүүст тавьдаг Түүний шаардлагууд ч өнөөдрийнх шиг өндөр байгаагүй. Бурхан одоо эдгээр зүйлийг та нарт хэлж байгаа нь Бурханы эцсийн санаа зорилго энэ хэсэг хүмүүс, та нар дээр төвлөрдгийг харуулж байна. Хэрэв чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол үүнийг гол зорилгоо болгон эрэлхийл. Ийш тийшээ гүйж байна уу, өөрийгөө зарлагадаж байна уу, чиг үүрэг биелүүлж байна уу, эсвэл Бурханы даалгаврыг хүлээж авсан уу гэдэг нь хамаагүй, зорилго нь үргэлж төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлж, эдгээр зорилгод хүрэхийн төлөө байдаг. Хэрвээ хүн Бурханаар төгс болгуулахаар, эсвэл амь руу орохоор эрэлхийлдэггүй, харин бие махбодын амар амгалан, баяр хөөрийг л эрэлхийлдэг бол хамгийн сохор хүн юм. Амь-бодит байдлыг эрэлхийлдэггүй, харин зөвхөн ирэх ертөнц дэх үүрдийн амьдрал, энэ ертөнц дэх аюулгүй байдлыг л эрэлхийлдэг бол тэд хамгийн сохор хүмүүс юм. Тиймээс хийж буй бүхнээ Бурханаар төгс болгуулж, авхуулах зорилгоор хийх хэрэгтэй.
Хүмүүст Бурханы хийдэг ажил бол өөр өөр шаардлагад нь үндэслэн тэднийг хангах явдал юм. Хүний амь том байх тусмаа ихийг шаардаж, ихийг эрэлхийлдэг. Энэ үе шатанд чамд ямар ч эрэл хайгуул байдаггүй бол Ариун Сүнс чамайг орхисон гэдгийг энэ нь баталж байна. Амийг эрэлхийлдэг бүх хүнийг Ариун Сүнс хэзээ ч хаяхгүй, ийм хүмүүс үргэлж эрэлхийлж, зүрх сэтгэлдээ үргэлж хүсэл тэмүүлэлтэй байдаг. Ийм хүмүүс байгаа байдалдаа хэзээ ч сэтгэл ханадаггүй. Ариун Сүнсний ажлын үе шат бүр чамд үр нөлөө үзүүлэхийг зорьдог боловч хэрэв чи өөртөө сэтгэл ханавал, чамд хэрэгцээ байхаа боливол, Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөхөө боливол Тэр чамайг хаях болно. Хүмүүс өдөр бүр Бурханаар шинжүүлэх шаардлагатай; тэдэнд Бурханы элбэг дэлбэг хангалт өдөр бүр хэрэгтэй. Хүмүүс Бурханы үгийг өдөр бүр идэж уулгүйгээр байж чадах болов уу? Хэрэв хэн нэгэнд Бурханы үгийг хангалттай идэж ууж чадахгүй байгаа мэт санагдаж, үргэлж эрж хайж, Түүний үгээр өлсөж цангаж байвал Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллана. Хүн хүсэж эрмэлзэх тусам нөхөрлөлөөс нь илүү бодитой зүйлс гарч болно. Хүн үнэнийг эрчимтэйгээр эрж хайх тусам амийн өсөлтөд улам хурдан хүрч, Бурханы гэрийн арвин туршлагатай, чинээлэг оршин суугч болно.