Бурхан бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг

Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсийн өмнө ичнэ, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханы өмнө ичнэ.

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, үүнээс ч илүүтэйгээр, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүн төрөлхтний түүх болон ирээдүй Бурханы гараар бүтээгдсэн зохицуулалтаас зайлж чадахгүй. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохицуулалт дор байдаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг, Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний замналыг залдаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ нэг улс орон сайн хувь заяа хүсэж байвал бүх хүн төрөлхтөн Бурханд өвдөг сөгдөн Түүнийг шүтэн мөргөж, Бурханы өмнө ирж гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүн төрөлхтний хувь заяа, хүрэх газар зайлшгүй сүйрэл болно.

Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тэгээд тэд садар самуун уг чанартай болж, үзэшгүй муухай доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг орхиж, өөрсдөд нь Бурханы өгсөн бүхнийг хаяж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Зүрх сэтгэл нь Бурханаас улам бүр холдохын хэрээр тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тэгээд тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхийг сүйрүүлж эхэлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс оршин байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Бурхан Өөрийнх нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг, Өөрийнх нь үгийг анхааралтай сонсдог хүмүүсийг, Өөрийнх нь даалгаврыг мартдаггүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг, Өөрийнх нь өмнө балчир хүүхэд шиг дуулгавартай байж үл эсэргүүцдэг хүмүүсийг эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн шударга үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашигладаг, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

Нийгмийн шинжлэх ухаан бий болсноос хойш шинжлэх ухаан, мэдлэг нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн. Улмаар шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг захирах хэрэгсэл болж, хүмүүсийг Бурханд шүтэн мөргөх хангалттай орон зайгүй, Бурханд шүтэн мөргөх илүү таатай нөхцөл бололцоогүй болгож орхисон. Бүх хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам бүр доошилсон. Зүрх сэтгэлд нь Бурханы зай байхгүй бол хүмүүсийн дотоод ертөнц харанхуй, найдваргүй, хоосон байдаг. Иймээс ч хүмүүсийн оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Бурханы нэр хүнд, Бурханы агуу байдал хүмүүсийн зүрх сэтгэлд бүдгэрч, Бурханы оршин тогтнол болон Бурхан бүх зүйлийг захирдаг гэх итгэл үнэмшил хүмүүсийн зүрх сэтгэлд бүдгэрсэн. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болж, хүн төрөлхтөн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч, зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд харин ч бүр олон хүн ийм ертөнцөд амьдрах нь хэдийнээ насан эцэслэсэн хүмүүсээс ч аз жаргалгүй гэж үзэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь Бурханы удирдамжгүйгээр эрх баригчид болон социологичид хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх хоосныг хэн ч дүүргэж чадахгүй, учир нь хэн ч хүний амь байж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг хоосон байдлын зовлонгоос чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, таашаал, тав тух нь хүнд зөвхөн түр зуурын тайтгарал л авчирдаг. Эдгээр зүйл байлаа ч гэсэн хүн төрөлхтөн зайлшгүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байдаг. Эдгээр зүйл байлаа гээд хүн төрөлхтний судалж шинжлэх хүсэл, эрмэлзэлд саад болж чадахгүй. Учир нь хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд хүн төрөлхтний утгагүй золиос, судалгаа шинжилгээ нь хүнд улам их шаналал л авчирч, хүнийг үргэлжийн айдас түгшүүртэй байдалд оруулж, хүн төрөлхтний ирээдүйтэй хэрхэн нүүр тулах, эсвэл урдах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байхад хүргэж, хүн төрөлхтөн бүр шинжлэх ухаанаас айж, мэдлэгээс айж, хоосон байдлын мэдрэмжээс бүр ч их айх хэмжээнд хүрдэг. Энэ дэлхийд чи эрх чөлөөтэй оронд амьдарч байна уу, эсвэл хүний эрхгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж яавч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огт чадахгүй, тайлбарлахын аргагүй хоосон байдлын мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэр нь нэг ч агуу хүн гарч ирээд ийм асуудлуудыг шийдвэрлэж чаддаггүй. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг хэн ч орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл бол хүн бүр гэдэс цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байдаг шударга нийгэм төдий биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон өөрсдөд нь Бурханы өгдөг амийн хангалт юм. Хүн төрөлхтөн Бурханы амийн хангалт болон Бурханы авралыг хүртэх үед л хүний хэрэгцээ, судалж шинжлэх хүсэл, зүрх сэтгэлийнх нь хоосон мэдрэмж шийдвэрлэгдэж чадна. Хэрвээ нэг улс орон, нэг үндэстний хүмүүс Бурханы аврал, анхаарал халамжийг хүртэж чадахгүй бол тийм улс орон, улс үндэстэн доройтлын замаар харанхуй руу зүглэж, үр дүнд нь Бурханаар устгагдах болно.

Танай улс орон одоо цэцэглэн хөгжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмнийг Бурханаас холдуулбал улс орон чинь Бурханы ерөөлийг улам л алдаж, улсын чинь соёл иргэншил улам л хүний хөл доор гишгэлэгдэж, тун удалгүй ард түмэн нь Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараана. Ийм маягаар нэг улс орны хувь заяа өөрийн мэдэлгүй сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсыг сөрөхийн тулд Бурхан хүчирхэг улсуудыг босгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчина. Нэг улс, үндэстний хөгжил цэцэглэлт эсвэл уналт нь тухайн орны захирагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, Бурханд ойртож, Бурханд шүтэн мөргөхөд нь ард түмнээ хөтөлдөг эсэхээс хамаардаг. Гэвч энэхүү сүүлчийн эринд Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг, Бурханд шүтэн мөргөдөг хүмүүс тун ховор байдаг учраас Христийн шашныг улсынхаа шашин болгосон улс орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр эдгээр улсыг нэгтгэж, дэлхийн харьцангуй шударга хуаранг байгуулдаг бол бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханд шүтэн мөргөдөггүй орнууд тэр шударга хуаранг эсэргүүцэгчид болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болдог ч үүний зэрэгцээ шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орнуудыг олж аваад, Өөрийг нь эсэргүүцдэг улс орнуудад хориг, хязгаарлалт тавиулдаг. Тэгсэн хэр нь Бурхан Өөрт нь шүтэн мөргөх илүү олон хүнийг олж авч чадахгүй хэвээр байгаа, учир нь хүн төрөлхтөн Бурханаас хэтэрхий холдчихсон, дэндүү удаан хугацаанд Бурханыг мартчихсан бөгөөд энэ дэлхий дээр шударга ёсыг хэрэгжүүлж, шударга бус байдлыг эсэргүүцдэг улс орнууд л байна. Гэвч энэ нь Бурханы хүслэнд хүрэхээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч орны улс төрийн нам Бурханыг бишрэн хүндлэхийн тулд ард түмнээ цуглуулахгүй; Бурхан улс орон бүрийн, улс үндэстэн болгоны, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрх сэтгэлд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зарим нэг шударга хүчин оршдог хэдий ч хүний зүрх сэтгэлд Бурханы эзлэх орон зай байдаггүй аливаа засаглал тун хэврэг бөгөөд Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, ганц цохилт ч дааж чадахгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүй байна гэдэг наргүй байхтай адилхан. Захирагчид нь ард түмэндээ хэчнээн хичээнгүй хувь нэмэр орууллаа гээд, хэчнээн олон шударга хурал зөвлөгөөн хийлээ гээд, эдгээрийн аль нь ч нөхцөл байдлыг эргүүлж, хүн төрөлхтний хувь заяаг өөрчилж чадахгүй. Хүмүүс хоол унд, хувцас хунартай, хамтдаа энх амгалан суудаг улс орон бол сайн удирдагчидтай, сайн улс орон гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр үздэг. Хүний бодол Бурханыхаас үргэлж асар их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханд шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа маш эмгэнэлтэй байх бөгөөд энэ улс ямар ч хүрэх газаргүй байх болно.

Бурхан хүн төрөлхтний улс төрд оролцдоггүй ч улс орон, улс үндэстэн бүрийн хувь заяаг хянаж, энэ дэлхийг хянаж, бүхэл орчлон ертөнцийг хянадаг. Хүн төрөлхтний хувь заяа болон Бурханы төлөвлөгөө нягт холбоотой бөгөөд ямар ч хүн, улс орон, улс үндэстэн Бурханы дээд эрхээс мултарч чадахгүй. Хүн төрөлхтний хувь заяаг мэдэхийн тулд хүн Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг цэцэглэн хөгжүүлж, Өөрийг нь эсэргүүцэж, голдог хүмүүсийг доройтуулж, мөхөөнө.

Библид өгүүлсэн Бурхан Содомыг сүйрүүлсэн дүр зургийг эргэн санаж, бас Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн таар нөмрөн, үнсэн дунд суугаад гэмшиж, нүглээ улайсныг эргээд бод. 2,000 жилийн өмнө Есүсийг загалмайд цовдолсны дараа иудейчүүд ямар төгсгөлтэй тулгарсныг эргэн сана—тэд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу дүрвэж, олон хүн хөнөөгдөж, Иудей үндэстэн бүхэлдээ улс орныхоо сүйрлийн урьд хожид байгаагүй шаналлыг амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн бүх үр дагаврыг үүрэх ёстой болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол эрх баригчдынх нь улс орон, улс үндэстэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.

Өнөөдөр Бурхан Өөрийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд эргэж ирсэн, Түүний ажлын эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ: бурхангүй үзлийн бат бэх цайз Хятад юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Тэрээр Хятадын эрх баригч намд элдэв янзаар агнуулж, элдэв төрлийн зовлонд өртөж, толгой тавьж амрах газаргүй, хоргодох орон байргүй байсан. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байдаг: Тэр үг хэлж, айлдаж, сайн мэдээ түгээдэг. Бурханы төгс хүчинг хэн ч ухан ойлгож чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайснаа гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил, үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит дээд хэмжээгээр авардаг. Ямар ч улс орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр зорьдог зүйлд саад болж чадахгүй, Бурханы ажилд саад хийхээр оролддог, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлдэг, сүйтгэхээр оролддог хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ гэж бид бүгд итгэдэг. Хэрвээ хүн Бурханы ажлыг эсэргүүцвэл Бурхан түүнийг там руу цөлнө; хэрвээ нэг улс орон Бурханы ажлыг эсэргүүцвэл Бурхан үүнийг устгана; хэрвээ нэг улс үндэстэн Бурханы ажлыг эсэргүүцэн босвол Бурхан тэднийг энэ газар дэлхийгээс арчиж, оршин тогтнолыг нь эцэс болгоно. Би бүх үндэстэн, бүх улс орон, тэр ч байтугай бүх салбарын хүмүүсийг ирээд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, улмаар Бурханыг хүн төрөлхтний дунд хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд, шүтэгдэх цорын ганц Нэгэн болгож, яг л Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурханы анх бүтээсэн Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт амьдарч байсан шиг Бурханы ерөөл дунд амьдрах боломжийг бүх хүн төрөлхтөнд олгохыг уриалж байна.

Бурханы ажил яг л сүрлэг давлагаа нөмрөн ирэх мэт сүр далайцтай байдаг. Хэн ч Түүнийг тогтоон барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, зохих шийтгэлээ хүртэнэ.

Өмнөх: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Дараах: Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих