Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ ИЛРЭЛТ ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ АВЧИРСАН

Хурд

БУРХАНЫ ИЛРЭЛТ ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ АВЧИРСАН

Бурханы удирдлагын зургаан мянган жилийн төлөвлөгөө дуусаж байгаа бөгөөд Түүний илрэлтийг эрж хайдаг бүхэнд хаанчлалын үүд хаалга аль хэдийн нээгдээд байна. Хүндэт ах эгч нар аа, та бүхэн юу хүлээгээ вэ? Юу эрж хайгаа вэ? Бурханы илрэхийг хүлээж байгаа юм уу? Түүний мөрийг хайж байна уу? Бурханы илрэлтийг хүн хэчнээн хүсэн хүлээдэг билээ! Бурханы мөрийг олох хэчнээн хэцүү билээ! Ийм эрин үед, ийм дэлхий ертөнцөд, Бурханы илрэх өдрийг нүдээр үзэхийн тулд бид яах ёстой вэ? Бурханы мөртэй хөл нийлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Ийм төрлийн асуултууд Бурханы илрэхийг хүлээж байгаа бүх хүнд тулгардаг. Та бүгд эдгээрийг нэг бус удаа бодож үзсэн—гэхдээ үр дүн нь юу байв? Бурхан хаана илэрдэг юм бэ? Бурханы мөр хаа байгаа юм бэ? Хариултыг нь та нар олсон уу? Бурхан Өөрийг нь дагадаг бүх хүний дунд гарч ирдэг, Түүний мөр бидний дунд байдаг гэж олон хүн хариулна; энэ ийм энгийн! Нэгэн хэвийн хариултыг хэн ч өгч чадна, гэхдээ Бурханы илрэлт болон Түүний мөр гэдэг нь юу гэсэн утгатайг та нар ойлгодог уу? Бурханы илрэлт гэдэг нь газар дэлхий дээр ажлаа хийхээр биечлэн ирэхийг нь хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, шашны нэг төрлийн үйл явц бүр ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд “илрэлт” гэж нэрлэгддэг зүйл нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан илрэх бүрдээ нэг алхам агуу ажлыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтний авралын төлөөх илүү шинэ, илүү сайжирсан ажлын алхам юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.

Та нар Бурханы илрэлт гэж юу болохыг ойлгомогцоо Бурханы мөрийг хэрхэн эрж хайх ёстой вэ? Энэ асуултыг тайлбарлахад амархан: Бурханы илрэлт хаа байна, мөрийг нь тэндээс олох болно. Ийм тайлбар шулуухан сонсогдож болох ч хэрэгжүүлэхэд төдий л амаргүй байдаг, учир нь Бурхан Өөрийгөө хаана илчилдгийг олон хүн мэддэггүй, Тэр хаана илрэхийг хүсдэгийг, эсвэл хаана илрэх ёстойг бүр ч мэддэггүй. Ариун Сүнс хаа ажиллаж байна, тэнд Бурхан илэрдэг гэж зарим нь ойворгоноор итгэдэг. Эсвэл сүнслэг хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж итгэдэг. Эсвэл алдар нэртэй хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж итгэдэг. Ийм итгэл нь зөв, буруу эсэхийг түр хойш тавья. Ийм асуултыг тайлбарлахын тулд бид эхлээд тодорхой зорилготой байх ёстой: Бид Бурханы мөрийг хайж байгаа. Сүнслэг хүмүүсийг эрж хайгаагүй, алдар нэртэй хүмүүсийг бүр ч эрэлхийлээгүй байна; Бурханы мөрийг бид эрэлхийлж байна. Ийм учраас, бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг тоомсорлосонгүй. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлт хүний үзэлтэй нийцэх боломжгүй, мөн Бурхан хүний шаардлагаар илрэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрийн гэсэн сонголтыг хийж, Өөрийн гэсэн төлөвлөгөөг гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага бүр ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө хорионд оруулж, өөрийнхөө үзлээр бүр ч хязгаарлах ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайж, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах учиртайгаа өөрсдөөсөө шаардах хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.

Чи америк, британи, өөр аль ч үндэстэн бай хамаагүй, өөрийнхөө үндэс угсааны хязгаарлалтаас гарч, өөрийгөө даван, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Бурханы ажлыг харах хэрэгтэй. Ингэснээр чи Бурханы мөрөнд хязгаарлалт тогтоохгүй. Учир нь одоо цагт олон хүн Бурханыг тодорхой нэг улс үндэстэнд, тодорхой нэг ард түмний дунд илрэх боломжгүй гэж үздэг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн гүн гүнзгий, Бурханы илрэлт хэчнээн чухал билээ! Хүний үзэл, бодол тэдгээрийг яаж хэмжиж чадах билээ? Иймээс чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд үндэс, угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг. Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй; ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ. Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж, Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм. Тэрээр Өөрийгөө ямар ч улс үндэстэн, ард түмний хувийн өмч гэж үздэггүй, харин ямар ч хэлбэр, улс үндэстэн, ард түмэнд хязгаарлагдалгүй, Өөрийн төлөвлөснөөр ажлаа явуулдаг. Энэ хэлбэрийг чи магад хэзээ ч төсөөлөөгүй байх, эсвэл энэ хэлбэрт чи үгүйсгэх хандлагаар ханддаг байх, эсвэл Бурханы Өөрийгөө илчилдэг улс үндэстэн, ард түмэн нь хүн болгонд ялгаварлан гадуурхагдаж, газар дэлхий дээр хамгийн хоцрогдмол байж таардаг байх. Гэвч Бурханд Өөрийн мэргэн ухаан гэж бий. Тэрээр Өөрийн агуу их хүч чадал болон үнэн, зан чанараараа дамжуулан Өөртэй нь нэг санаатай, Өөрийнхөө бүрэн төгс болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг үнэхээр олж авсан—бүх төрлийн шалгалт, гай гамшиг болон бүх төрлийн хяхалт хавчлагыг туулж, Түүгээр байлдан дагуулагдсан бүлэг Түүнийг эцсээ хүртэл дагаж чаддаг. Бурхан ямар ч хэлбэр, улс үндэстэнд хязгаарлагдалгүй илэрдгийн зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжтой болох явдал юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ингэх боломжгүй гэж иудейчууд итгэсэн бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн хэлбэртэй болох боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргалаа. Тэд Бурханы айсуй илрэлтийг бүх чадлаараа тунхагладаг атлаа үүнийхээ хажуугаар Түүний илрэлтийг ялладаг; тэдний “боломжгүй” гэх итгэл нь Бурханы илрэлтийг дахин нэг удаа өөрсдийн төсөөллийн хил хязгаар дотор хорьдог. Иймээс Бурханы үгтэй тулгарсныхаа дараа олон хүн элгээ хөштөл, чанга инээхийг Би харж байсан юм. Гэхдээ энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний дэргэд хүндлэлгүй байдаг, бас үнэнийг хүсэн хүлээх хандлага бүр ч байдаггүй. Та нар хайхрамжгүйгээр шинжиж, хайнга сониуч бус байдлаар хүлээхээс өөр юу ч хийдэггүй. Ингэж шинжиж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг хүлээж авах хэрэг үү? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд ямар байдлаар тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэж, Бурханы дуу хоолой тэнд байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг. Үзлээ хойш тавигтун! Тайван байж, эдгээр үгийг анхааралтай унш. Үнэнийг хүсэн хүлээдэг бол, чамайг Бурхан гэгээрүүлэх бөгөөд Түүний хүсэл, Түүний үгийг чи ойлгох болно. “Боломжгүй” гэх тухай бодлоо хойш тавь! Хүмүүс аливааг боломжгүй гэж итгэх тусам энэ нь болох магадлал улам өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс өндөрт хөөрч, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр байж, Бурханы ажил хүний бодол, үзлийн хил хязгаарыг давдаг. Ямарваа зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайж болох төдий чинээ их үнэн үүнд байдаг; ямарваа зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс гадна оршино, Бурханы хүсэл үүнд төдий чинээ их байдаг. Учир нь, Өөрийгөө хаана ч илчиллээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр байдаг бөгөөд илрэлтийнх нь байршил, хэв маягаас үүдэн Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Мөр нь хаана байгаагаас үл хамааран Бурханы зан чанар хэвээр байдаг, мөр нь хаа ч байлаа гэсэн Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд Эзэн Есүс бол зөвхөн израильчуудын Бурхан бус, мөн Ази, Европ, Америкийн бүх хүний Бурхан төдийгүй бүхий л орчлон дахь цорын ганц Бурхан байдагтай энэ нь адил билээ. Иймд Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь билээ. Түүний үг, илрэлт зэрэгцэн оршдог бөгөөд Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж нээлттэй байдаг. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үгээс Бурханы илрэлтийг харж, шинэ эрин үе рүү алхлахдаа Түүний мөрийг дагаж эхлэн, илрэлтийг нь хүлээдэг хүмүүст зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан шинэ тэнгэр, газарт орж чадна гэж Би найдаж байна!

Өмнөх:ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Дараах:БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХУВЬ ЗАЯАГ БУРХАН ЗАХИРДАГ