Сатанлаг зан чанараасаа ангижирч, аврагдахын тулд Бурханд яаж итгэх вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм

Завхралаа ариусгаж, амь зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл үнэнийг гэх хайр болон үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвар чамд байх ёстой. Үнэнийг хүлээн зөвшөөрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэнийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь чи ямар ч завхарсан зан чанартай бай, эсвэл агуу улаан лууны ямар ч хор уг чанарт чинь байдаг бай, Бурханы үгээр илчлэгдэх үедээ үүнийг хүлээн зөвшөөрч, эдгээр үгэнд захирагдана гэсэн үг; чи тэдгээрийг болзолгүйгээр, шалтаг тоочилгүйгээр, шилж сонголгүйгээр хүлээн зөвшөөрч, Бурханы хэлдэг зүйлд үндэслэн өөрийгөө мэдэж авдаг. Бурханы үгийг хүлээн зөвшөөрнө гэдэг нь энэ юм. Бурхан юу ч хэлсэн бай, Түүний айлдварын хэр их нь зүрх сэтгэлийг чинь сүлбэсэн ч бай, Тэр ямар ч үг хэрэглэсэн бай хамаагүй, хэлдэг зүйл нь үнэн мөн л бол чи хүлээн авч чадах ба бодит байдалтай нийцэж байгаа л бол үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Бурханы үгийг хэчнээн гүн гүнзгий ойлгодгоосоо үл хамааран чи үүнд захирагдаж чаддаг бөгөөд Ариун Сүнсний илчилсэн, ах эгч нарынхаа нөхөрлөсөн гэрлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагддаг. Ийм хүн тодорхой хэмжээнд үнэнийг эрэлхийлэх үедээ үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж чадна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”

Хэрэв чи Бурханы захиралтад итгэдэг бол өдөр бүр тохиолддог сайн, муу аль ч зүйл санаандгүй тохиолдол биш гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үнэн хэрэгтээ энэ бүгдийг Бурхан зохицуулдаг. Бурхан юуны төлөө эдгээр зүйлийг зохион байгуулдаг вэ? Дутагдлыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин чамайг төгс болгож, аврах нь эцсийн зорилго юм. Бурхан яаж тэгдэг вэ? Нэгдүгээрт, Тэр чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг мэдэж, ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм. Чи энэ боломжийг хэрхэн ашиглахаа мэддэг байх ёстой, Бурхантай бүү тэрсэлд. Ялангуяа эргэн тойронд чинь Бурханы зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмстай нүүр тулах үедээ аливаа зүйл хүссэнээр чинь болохгүй байна гэж үргэлж бодон, үргэлж зугтахыг хүсэж, Бурханыг буруутган, буруугаар ойлгож болохгүй. Ингэх нь Бурханы ажлыг туулж байгаа хэрэг биш бөгөөд ингэснээр үнэний бодит байдал руу ороход маш хэцүү болно. Чи ямар нэг зүйлийг бүрэн ойлгож чадахгүй байлаа ч гэсэн, бэрхшээлтэй тулгарах үедээ захирагдаж сурах ёстой. Эхлээд Бурханы өмнө очиж, илүү их залбирах хэрэгтэй. Ингэснээр дотоод байр байдал чинь нэг мэдэхэд л өөрчлөгдөж, асуудлаа шийдвэрлэхийн тулд чи үнэнийг эрж хайж чадна—Бурханы ажлыг туулж чадна. Энэ хугацаанд дотор чинь үнэний бодит байдал ажиллаж байгаа бөгөөд чи ийнхүү ахин дэвшиж, амийн байдалд чинь ийнхүү өөрчлөлт гарна. Энэ өөрчлөлтийг туулж, үнэний ийм бодит байдалтай болмогцоо чи биеийн хэмжээг эзэмших бөгөөд биеийн хэмжээтэй хамтаар амь ирдэг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”

Хүний бодол санаа болгоны дотор, үйлдэл бүрийнх нь цаад сэдэл дотор завхарсан зан чанар нь нуугдаж байдаг; энэ нь аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодол бүрд, мөн Бурханы хийдэг бүхэнд хандах тэдний хандлага дахь бодол, ойлголт, үзэл, хүсэл болгоны дотор нуугдаж байдаг. Эдгээр зүйлийн дотор энэ нь далдлагдаж байдаг. Тэгвэл Бурхан юу хийдэг вэ? Хүний эдгээр зүйлд Бурхан хэрхэн ханддаг вэ? Тэр чамайг илчлэх орчныг зохицуулдаг. Тэр чамайг илчлээд зогсохгүй бас шүүнэ. Завхарсан зан чанараа харуулах үед, Бурханыг эсэргүүцдэг бодол, санаатай байх үед, Бурхантай тэмцэлддэг төлөв байдал, үзэл бодолтой байх үед, Бурханыг буруугаар ойлгох юм уу Түүнийг эсэргүүцэж, тэмцэх төлөв байдалтай байх үед чинь Бурхан чамайг зэмлэж, шүүж, гэсгээж, заримдаа бүр шийтгэж, сахилгажуулна. Чамайг сахилгажуулах нь ямар зорилготой вэ? Чиний хийсэн зүйл буруу гэдгийг чамд ойлгуулах зорилготой. “Миний боддог зүйл хүний үзэл байсан ба тэдгээр нь буруу байж. Миний санаа зорилго Сатанаас болон хүний хүслээс гарсан бөгөөд Бурханыг төлөөлөөгүй. Энэ нь Бурхантай нийцэлгүй байсан ба Бурханы хүслийг хангаж чадаагүй. Бурхан үүнийг жигшиж, үзэн ядаж, уурласандаа үүнийг хараадаг. Би санаа зорилгоо өөрчлөх ёстой.” Үүнийг яаж өөрчилж болох вэ? Эн түрүүнд, Бурханы чамд ханддаг байдал, Түүний чамд зориулан зохицуулдаг орчин, хүмүүс, үйл явдал, юмсад дуулгавартай байх ёстой. Чи дуулгавартай байх ёстой, мөн бүх зүйлээс өө эрэх ёсгүй бөгөөд объектив шалтгаан бүү хай, хариуцлагаас бүү булз. Үүнээс гадна, чи ямар үнэнийг хэрэгжүүлж, орох ёстойгоо Бурханы хийж байгаа зүйл дотроос эрж хайх хэрэгтэй. Бурхан чамайг үүнийг ойлгоосой гэж хүсдэг. Чи завхарсан зан чанар, сатанлаг мөн чанараа танин мэдэж, дараа нь чамд зориулан Бурханы зохицуулдаг орчинд дуулгавартай байж, эцэстээ Бурханы шаарддаг зүйлийг хүслийнх нь дагуу хэрэгжүүлж, Түүний хүслийг хангаж чаддаг байгаасай гэж Тэр хүсдэг. Тэгсэн цагт чи хүнд сорилтыг давсан байх болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэхээр дуулгавартай байна гэдэг л жинхэнэ итгэл юм”

Чи хэрэг явдлын талаар зарим зүйлийг ойлгосныхоо дараа үнэнийг шууд л хэрэгжүүлж чадах уу? Чи үүнийг нэн даруй хэрэгжүүлж чадахгүй. Чамайг ойлгож байх зуур бусад хүн чамайг засаж, чамтай харьцдаг ба үнэний зарчимд нийцүүлэн үйлдэхэд хүрээлэн буй орчин чинь чамайг албадан, хүчилдэг. Заримдаа хүмүүс үүнийг туулахыг хүсдэггүй ба “Би яагаад тэгж хийж болохгүй гэж? Би ингэж хийх ёстой юм уу?” хэмээн хэлдэг. Бусад нь “Хэрвээ чи Бурханд итгэдэг бол үүнийг ингэж хийх ёстой. Ингэж хийх нь үнэнд нийцдэг” хэмээн хэлдэг. Хүмүүс зарим нэг шалгалтыг туулж, эцэст нь Бурханы хүсэл болон зарим үнэнийг ойлгосон тодорхой түвшинд хүрэх үедээ үнэний зарчмын дагуу үйлдэхдээ бага зэрэг аз жаргалтай, дуртай байх болно. Эхэндээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ дурамжхан байдаг. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар чамд зарим нэг ойлголт байдаг бөгөөд чи бас холбогдох үнэнийг ойлгодог боловч хэзээ өөрийгөө Бурханд бүрэн зориулж чадах юм бэ? Хэзээ чи өөрийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд үйл явц шаардагдана. Энэ явцад чи олон бэрхшээл туулж болох юм. Зарим хүн чамтай харьцаж, бусад нь чамайг шүүмжилж магадгүй. Хүн бүхний харц чам дээр тогтох ба тэр үед л чи буруутайгаа ухаарч, үнэндээ тааруухан ажилласан нэгэн мөн гэдгээ, үүргээ биелүүлэхэд үнэнч зан дутмаг байх нь хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг, мөн хааш яаш, хайхрамжгүй байх ёсгүй гэдгээ ухаарч эхэлнэ. Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлж, алдаа гаргах үед чинь зэмлэнэ. Энэ явцад чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож, хэтэрхий их хольцтой гэдгээ, үүргээ биелүүлэхдээ хэтэрхий олон хувийн сэдэл өвөрлөдөг, дэндүү олон давруу хүсэлтэй байдаг гэдгээ мэднэ. Эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы өмнө ирж залбиран, үнэхээр гэмшиж чадна; ийм маягаар чи тэрхүү бохироос цэвэрлэгдэж чадна. Хэрэв чи өөрийн бодит асуудлуудыг шийдэхийн тулд ийм маягаар байнга үнэнийг эрж хайвал итгэлийн зөв замд аажмаар хөл тавина. Хүний завхарсан зан чанар ариусах тусам амь зан чанар нь төдий чинээ өөрчлөгдөнө.

Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы дээдийн дээд хайр, дээдийн дээд авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд найдаж байж л Бурханы хүслийг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна

Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр итгэж байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг

Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханыхүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна, Бурханы үгэн дотроос тэрээр, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад нэн анхаарчээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм; энэ нь түүний өөрийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг өөрийнх нь амь болж, үнэнд харьяалагдаж байгаа цагт Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонссоныхоо дараа тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг яг таг хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм. Петр үндсэндээ ингэж хийсэн учраас үйлчлэл нь Бурханы хүсэлтэй нийцэж байсан юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих