Бурханы ажлаас зан чанарыг нь хэрхэн мэдэх тухай

2018-01-02

Холбогдох Бурханы үг:

Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр хүн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залан чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон өнөөгийн Хаанчлалын эрин үеийг авчирч, үргэлж хүний дэргэд байсаар байна. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүн төрөлхтөнд харагдсан Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь цэвэр илэрхийлэл мөн билээ. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажилд ямар арга, эсвэл ямар өнцөг сонгохыг нь үл харгалзан, Тэр хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, Өөрт оногдсон ажлыг хийж, хэлэх ёстой үгийг хэлдэг. Бурхан ямар ч өнцгөөс яривч—гуравдагч тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу, бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүй, нууж далдлахгүй ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Бурханы зан чанар хүн бүрд нээлттэй байдаг ба нуугдмал байдаггүй, учир нь Бурхан аливаа хүнээс хэзээ ч санаатайгаар зайлсхийгээгүй ба хүмүүс Өөрийг нь мэдэх, Өөрийг нь ойлгоход саад хийх гэж Өөрийгөө хэзээ ч зориуд нуух гээгүй. Бурханы зан чанар үргэлж нээлттэй байсаар ирсэн бөгөөд хүн тус бүртэй үргэлж илэн далангүй нүүр тулдаг. Бурханы удирдлагад Бурхан хүн бүхэнтэй нүүр тулан Өөрийн ажлыг хийдэг бөгөөд Түүний ажил хүн нэг бүр дээр хийгддэг. Тэрээр энэ ажлыг хийхдээ зан чанараа тасралтгүй илэрхийлж, хүн нэг бүрийг удирдан чиглүүлж, хангахын тулд Өөрийн мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоо тасралтгүй ашиглаж байна. Эрин үе болгонд, үе шат бүрд нөхцөл байдал сайн эсвэл, муу байгааг үл харгалзан Түүний амь хүнийг байнга, зогсолтгүйгээр хангаж, дэмжиж байдгийн адил Бурханы зан чанар хувь хүн бүрд үргэлж нээлттэй байдаг бөгөөд Түүний эзэмшил болон оршихуй нь хувь хүн бүрд үргэлж нээлттэй байдаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм бөгөөд Бурханы зан чанар болон Тэр юу болох нь ажлын гурван үе шатаар илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдгийг ухаарч чаддаггүй, мөн Бурханы ажлын мэргэн ухааныг ч мэддэггүй. Тэд бас хүн төрөлхтнийг авардаг Түүний олон арга зам болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмыг мэдэхгүй байх болно, мөн ажлын тодорхой нэг үе шатнаас үлдсэн дүрэм журмыг л чандлан баримталдаг хүмүүс нь Бурханыг дүрэм журмаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл тодорхойгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна, мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилго болон хүн төрөлхтний авралын бүхий л үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ бол Бурхан Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, Бурханы ялалтын баталгаа, мөн Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатнаас нэг үе шатыг нь л ойлгодог хүмүүс Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Ажлын энэ нэг л үе шат нь хүний үзэлд дүрэм журмыг амархан бий болгож, Бурханыг амархан тодорхойлдог ба Бурханы зан чанарын энэ ганц хэсгийг Бурханы бүхий л зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Түүнчлэн хүний ихэнх төсөөлөл дотроо холилдсон байдаг, ингэснээр хүн Бурханы зан чанар, оршихуй, мэргэн ухаан болон Бурханы ажлын зарчмыг хязгаарлагдмал цар хүрээн дотор чандлан хязгаарлаж, Бурхан нэг удаа ийм байсан бол үргэлж ийм хэвээрээ үлдэж, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг, ойлгодог хүмүүс л Бурханыг үнэн зөв, бүрэн дүүрэн мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг израильчуудын юм уу иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй, мөн Түүнийг хүн төрөлхтний төлөө үүрд загалмай дээр цовдлогдох Бурхан гэж үзэхгүй. Хэрвээ хүн Бурханыг ажлынх нь нэг үе шатнаас л мэдэж авбал мэдлэг нь хэтэрхий өчүүхэн бөгөөд далай дахь нэг дуслаас цаашгүй юм. Тийм биш бол шашны хуучинсаг үзэлтнүүд яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдлох юм бэ? Энэ нь, хүн Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарладгаас болдоггүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л ажлын тэмдэглэл, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралын тэмдэглэл бөгөөд санаанаас зохиосон зүйл биш. Хэрвээ та нар Бурханы бүхий л зан чанарын талаарх мэдлэгийг эрж хайхыг үнэхээр хүсвэл Бурханы гүйцэтгэсэн ажлын гурван үе шатыг мэдэх ёстой, түүнчлэн ямар нэг үе шатыг нь орхигдуулах ёсгүй. Энэ бол Бурханыг мэдэхээр эрж хайдаг хүмүүсийн биелүүлэх ёстой наад захын зүйл юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийг хүн өөрөө зохиож чадахгүй. Энэ нь хүний өөрийн төсөөлж чадах зүйл биш, мөн ганцхан хүнд зориулсан Ариун Сүнсний тусгай ивээлийн үр дүн ч биш. Харин энэ нь хүн Бурханы ажлыг туулсны дараа гардаг мэдлэг бөгөөд Бурханы ажлын баримтуудыг туулсны дараа л гарч ирдэг Бурханы тухай мэдлэг юм. Тийм мэдлэгийг хялбархан олж авдаггүй, үүнийг мөн заалгаж ч болдоггүй. Энэ нь бүхэлдээ хувийн туршлагатай холбоотой. Ажлын гурван үе шатны гол цөм нь хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал юм, гэхдээ авралын ажил дотор, ажиллах хэд хэдэн арга барил болон Бурханы зан чанарыг илэрхийлэх арга агуулагдаж байдаг. Үүнийг ялган таних нь хүний хувьд хамгийн хэцүү байдаг ба хүн ойлгоход хэцүү байдаг. Эрин үеүдийн зааг, Бурханы ажил дахь өөрчлөлт, ажлын байршил дахь өөрчлөлт, энэ ажлын хүлээн авагч дахь өөрчлөлт гэх мэт нь бүгдээрээ ажлын гурван үе шатанд багтдаг. Ялангуяа, Ариун Сүнсний ажиллах арга зам дахь ялгаа, түүнчлэн Бурханы зан чанар, дүр, нэр, ялгамж чанар дахь хувиралт болон бусад өөрчлөлт нь бүгдээрээ ажлын гурван үе шатны нэг хэсэг юм. Ажлын нэг үе шат нь нэг хэсгийг л төлөөлж чаддаг ба тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг. Энэ нь бусад тал байтугай эрин үеүдийн зааг юм уу Бурханы ажилд гарсан өөрчлөлтийг агуулдаггүй. Энэ нь мэдээж илэрхий баримт юм. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос л бүрддэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Ноагийн түүхийн тухай энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг харав уу? Хүний ялзрал, бузар булай, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Тэр цаашид тэвчихээ больж, харин шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнд хүмүүс хэзээ ч халдаж болохгүй гэдгийг юм уу, эсвэл Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын тулд биш бөгөөд хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулахын тулд ч биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь иймэрхүү хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний эрх мэдэл дор цаашид амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л дэлхий дээр Түүний аварч чадах нэг ч хүн байхгүй болоход Тэр ийм хүн төрөлхтнийг цаашид тэвчихээ болих ба ийм хүн төрөлхтнийг устгах Өөрийн төлөвлөгөөг эргэлзэж тээнэгэлзэлгүй хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогддог. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы эрх мэдэл дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эрин үед Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсэн яддагийг харуулахгүй байна гэж үү? Ийм нөхцөлд Бурхан юунд хамгийн их санаа тавьдаг вэ? Түүнийг огт дагадаггүй хүмүүс, эсвэл Түүнийг юу ч гэсэн эсэргүүцдэг хүмүүс Түүнд яаж хандаж, Түүнтэй яаж мөчөөрхдөг, эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж гүжирдэж байгаад биш. Зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх авралын бай нь Түүгээр бүрэн төгс болгуулсан эсэх, мөн тэд Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л санаа тавьдаг. Түүнийг дагадгаас бусад хүмүүсийн тухайд бол Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг төдий. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр бас Өөрийг нь дагадаг ба Өөрөө аврах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар, Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын их тэвчээр, хүлээцтэй байж, тэднийг чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар, Өөрийг нь дагадаггүй, Өөрийг нь эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг туйлгүй үзэн ядаж, жигшдэг. Сатаны төрлийн энэ хүмүүс Өөрийг нь дагаж, Өөрийг нь шүтэн мөргөдөг эсэхийг Тэр тоодоггүй хэдий боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчихийн хамт тэднийг мөн л зэвүүцдэг бөгөөд Сатаны төрлийн энэ хүмүүсийн төгсгөлийг шийдэнгээ Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмууд ирэхийг бас хүлээж байна.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Анх Бурхан Өөрийнхөө үзлээр маш сайн бөгөөд Өөртөө ойр хүн төрөлхтөн бүтээсэн боловч тэд Түүний эсрэг боссоны дараа тэднийг үерээр устгасан. Ийм хүн төрөлхтөн хоромхон зуур ингэж алга болсон нь Бурханыг шаналгасан уу? Мэдээж, шаналгасан! Тэгвэл Тэр энэ зовнилоо юугаар илэрхийлсэн бэ? Энэ нь Библид хэрхэн тэмдэглэгдсэн бэ? Энэ нь Библид ийнхүү тэмдэглэгджээ: “Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй”. Энэ энгийн өгүүлбэр нь Бурханы бодлыг илчилж байна. Дэлхийн энэ сүйрэл Түүнийг маш их шаналгасан. Хүний үгээр бол Тэр маш гунигтай байсан юм. Бид ингэж төсөөлж болно: Нэгэнтээ амиар дүүрэн байсан дэлхий үерт устсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Нэгэнтээ хүн төрөлхтнөөр дүүрэн байсан дэлхий тэр үед ямархуу харагдаж байсан бол? Хүний суурьшил үгүй, амьд зүйл үгүй, хаа сайгүй ус, усны гадаргуу дээр жинхэнэ сүйрэл байсан. Бурхан дэлхий ертөнцийг бүтээх үед иймэрхүү дүр зураг Түүний анхдагч санаа зорилго байсан уу? Мэдээж үгүй! Бурханы анхдагч санаа бол бүх газар нутаг даяар амьдрал цэцэглэхийг харах, Түүнийг шүтэн мөргөдөг ганц хүн нь, эсвэл Түүний дуудлагад хариу өгч, даалгасан зүйлийг нь гүйцээдэг ганц хүн нь Ноа биш, харин Өөрийнх нь бүтээсэн хүмүүс Өөрт нь шүтэн мөргөж байхыг харах явдал байлаа. Хүн төрөлхтөн алга болоход Бурхан Өөрийн анх төлөвлөж байсан зүйлийг бус, харин шал эсрэг зүйлийг харсан. Түүний зүрх яаж шаналахгүй байж чадах юм бэ? Иймд Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж байх үедээ Бурхан шийдвэр гаргасан. Тэр ямар шийдвэр гаргасан бэ? Бурхан дахиж хүн төрөлхтнийг үерээр устгахгүй хэмээн амлаж, хүнтэй байгуулсан гэрээ болгон үүлэнд нум (тайлбар: бидний хардаг солонго) хийх шийдвэр. Мөн үүний зэрэгцээ энэ нь хүмүүст Бурхан нэгэн цагт дэлхийг үерээр сөнөөсөн гэдгийг хэлж, Бурхан яагаад ийм зүйл хийснийг хүнд үүрд сануулахын тулд байсан.

………………………

Эндээс бид Бурханы зан чанарын аль хэсгийг ойлгох хэрэгтэй вэ? Хүн Түүнтэй дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй хэвээр үлдсэн. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд ноцтой хэмжээгээр дуулгаваргүй хандахад Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг цаашид амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга зам хэрэглэхийг хүртэл хүсэж байв. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан; өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, тэдэнд хүлээцтэй хандсан ч хамаагүй, хүмүүс үүнийг нь ойлгоогүй, үнэлээгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан шаналж байхдаа хүний ухаарч өөрчлөгдөхийг хүлээн хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй билээ. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд ухаарч өөрчлөгдөх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байв. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байсан. Бид үүнээс юу ойлгож байна вэ? Эргэлзээгүйгээр, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь зүгээр нэг дэмжсэн дүр үзүүлэх явдал биш, харин үнэн бодитой гэдгийг ойлгож байна. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, мэдэгдэхүйц бөгөөд бачтай, хуурамч, мэхэлсэн, эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан хайр татам гэдгээ хүмүүст харуулахын тулд хэзээ ч, ямар ч заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд, эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гайхуулахын тулд хэзээ ч хуурамч гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр тал нь хүний хайрыг хүртүүштэй бус уу? Тэдгээрийг шүтэн мөргүүштэй биш гэж үү? Тэдгээрийг нандигнууштай биш гэж үү? Одоо Би та нараас ингэж асуумаар байна: Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээц, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын олон янзын тал нэг бүрийн нарийн ширийн нь ажлаа хийх бүрд нь бодитоор илэрхийлэгдэж, хүнд хандсан Түүний хүсэлд шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхийг үл харгалзан Бурхан хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, сүнсийг сэргээхийн тулд Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийг боломжийн бүх аргаар халамжилж байна. Энэ бол маргаангүй үнэн юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I

Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүн төрөлхтнийг юм уу аливаа зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгаад зогсохгүй; тэдний сүнс, сэтгэл, биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс, материаллаг ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд нь оршин тогтнохооргүй болгосон. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг харуулж, илэрхийлдэг нэг арга зам нь юм. Ийм маягийн илрэл, илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал байдгийн адил бас Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илрэл билээ. Бурхан уур хилэнгээ гаргахдаа, ямар ч өршөөл, өгөөмөр сэтгэлийг харуулахаа больж, мөн хүлээцтэй байдал, тэвчээрээ ч харуулахаа больдог; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, өршөөлөө дахин хүртээж, хүлээцтэй байдлаа дахин нэгэнтээ хайрла гэж Түүнийг ятгаж чадах ямар ч хүн, юмс, учир шалтгаан гэж үгүй. Харин ч оронд нь, Бурхан ганц ч хором эргэлзэхгүйгээр уур хилэн, сүр жавхлангаа гаргаж, хүссэн зүйлээ хийдэг. Тэр эдгээр зүйлийг Өөрийн хүсэлд нийцүүлэн хурдан, цэвэрхэн байдлаар хийх болно. Энэ бол Өөрийн уур хилэн, сүр жавхланг гаргадаг Бурханы арга зам, хүн үүнд халдаж болохгүй, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл билээ. Бурхан хүний төлөө санаа зовж, хүнийг хайрлаж байгааг хүмүүс хараад уур хилэнг нь мэдэрч, сүр жавхланг нь харж, халдахыг тэвчдэггүй гэдгийг нь мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар нь гагцхүү өршөөл, хүлээцтэй байдал, хайр юм гэдэгт хүмүүсийг итгэхэд үргэлж хүргэдэг. Гэвч Бурхан хотыг устгаж, хүн төрөлхтнийг жигшихийг нь хүн харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн, сүр жавхлан нь Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол Бурханы халдахыг тэвчдэггүй байдал юм. Халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь аливаа бүтээгдсэн зүйлийн төсөөллөөс даван гардаг бөгөөд бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүтэйгээр үүнийг хуулбарлаж, дуурайж чадахгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүн төрөлхтний хамгийн сайн мэдэх ёстой зүйл юм. Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг, Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Хорон муу, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал, хүн төрөлхтнийг завхруулж, залгидаг Сатаны ёрын муу үйлдлийг Бурхан үзэн яддаг, Өөрийг нь эсэргүүцдэг бүх нүгэлт үйлдлийг жигшдэг учраас, мөн ариун, бузартаагүй мөн чанарынхаа улмаас Бурхан ийм зөвт зан чанартай байдаг. Үүнээс болж, ямар ч бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс Өөрийг нь илт эсэргүүцэж, сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл үзүүлж, эсвэл сонгож байсан хүн Түүний зан чанарыг уурлуулж, тэвчээртэй, хүлээцтэй байдлын зарчмыг нь зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөж, тээнэгэлзэлгүйгээр халдахыг тэвчдэггүй зөвт зан чанараа гаргаж, харуулах болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр ажиглаж, сайтар бодож, урт хугацаа зарцуулдаг; цаг нь болохоос өмнө Тэр лав ямар нэгэн шийдвэр гаргахгүй, эсвэл аливаа дүгнэлт яаран хийхгүй. Содомыг устгах Бурханы шийдвэр өчүүхэн төдий ч буруу байгаагүй гэдгийг Абрахам болон Бурханы хоорондын яриа бидэнд харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байхгүй, гучин ч зөв шударга хүн байхгүй, хорь ч байхгүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байв. Тэнд бүр арав ч байгаагүй. Тус хотод Лот л цорын ганц зөв шударга хүн байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, тэндхийн нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд гарын арван хуруу шигээ мэддэг байлаа. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Харин ч Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мунхаг, маш харалган. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгээс харж болно. Бурхан анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн бидний харвал зохих Бурханы зан чанар энд ч бас байна. Тоонууд бол энгийн бөгөөд юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл бий. Бурхан тавин зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байсан. Бурханы өршөөл энэрлээс болоод уу? Түүний хайр, хүлээцээс болоод уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд аравхан зөв шударга хүн байсан ч Бурхан тэр арван зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байв. Энэ нь Бурханы хүлээц, хайр биш гэж үү? Бурханы өршөөл, хүлээц, мөн тэрхүү зөв шударга хүмүүст санаа тавих учраас Тэрээр тус хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам, “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Бурхан “Би түүнийг устгахгүй” гэв. Түүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй—учир нь Содомд түүний хэлсэн арван зөв шударга хүн байгаагүй, түүнд өөр хэлэх үг ч байгаагүй бөгөөд тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг ойлгосон юм. Үүнээс Бурханы ямар зан чанар харагдаж байна вэ? Бурхан ямар шийдвэр гаргасан бэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан үүний оршин тогтнохыг зөвшөөрөхгүй байсан ба үүнийг лавтайяа устгах байсан. Энэ нь Бурханы уур хилэн биш гэж үү? Энэ уур хилэн нь Бурханы зан чанарыг төлөөлөхгүй гэж үү? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүн халдах ёсгүй Бурханы зөвт мөн чанарын илчлэл биш гэж үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг нотлоод Бурхан тус хотыг устгах нь мадаггүй болж, тэр хотод байсан хүмүүсийг хатуу шийтгэх гэж байсан, яагаад гэвэл, тэд Бурханыг эсэргүүцсэн ба маш бохир, ялзарсан байсан юм.

…Бурханд өршөөл энэрэл, хүлээц үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь ямар ч халдлагыг тэвчдэггүй талыг нь хүнд бас үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллахад хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан ихэд уурладаг. Тэр хэр их хэмжээнд хүртэл уурладаг вэ? Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл Түүний уур хилэн үргэлжилнэ. Зөвхөн тэр үед л Бурханы уур арилна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй, хэрвээ зүрх сэтгэл нь Бурханаас холдож, хэзээ ч эргэж ирэхгүйгээр Бурханаас нүүр буруулсан бол, харваас буюу тэдний хийсвэр хүслийн хувьд, тэд биеэрээ, эсвэл бодол санаагаараа Бурханд шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байя гэж хүсэхийг нь үл тоомсорлон Бурханы уур хилэн зогсолтгүй ундарна. Бурхан хүнд өргөн боломж өгчихөөд уураа айхтар ноцтой гаргахад энэ нь нэгэнт суларвал буцаах аргагүй болох бөгөөд Тэр тийм хүн төрөлхтөнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан нэг хотыг устгах нь хүмүүст хэвийн мэт санагддаг, учир нь Бурханы бодлоор бол нүглээр дүүрэн хот оршин тогтнож, хэвээр үлдэж болохгүй бөгөөд түүнийг Бурхан устгах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг устгахаас өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр нинжин, сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлсэд гүнээ хилэгнэж, уур хилэнгээ зогсолтгүй илгээдэг. Эдгээр нь Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал бөгөөд түүнчлэн, тэдгээрийг Бурхан эхнээс нь эцсийг нь хүртэл ил харуулсан: өгөөмөр өршөөл ба айхтар уур хилэн.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас эхлээд Ноаг хүртэл тэдэнд зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үерээр дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн газар нутаг даяар амьдарч байсан Израилийн бүх ард түмэнд удирдамж өгсөн бөгөөд Ехова хүнд амьсгал үлээн оруулж, Өөрийн амийг өгөөд, тоос шорооноос бүтээгдсэн хүнийг бий болгож чадахаар үл барам, хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж чадна гэдгийг хүмүүст харуулсан юм. Иймээс, Ехова газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлж, хүн төрөлхтний дунд өдөр шөнийн цагийн дагуу үг хэлж, ажиллаж чадна гэдгийг ч бас тэд харжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, түүнчлэн хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л Тэр энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, бусад ард түмэн болон үндэстэн (үнэндээ тэд Израилиас тусгаар байгаагүй, харин Израилиас салбарласан ч мөн л Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн аваг гэсэндээ Тэрээр Өөрийн ажлыг Израильд анх хийсэн бөгөөд ингэснээр орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэлж, дээдэлж чадах байлаа.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгажээ. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлах зорилготой байсан бөгөөд тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахидаг эсэх, эцэг эхээ хүндэлдэг эсэх, хуурамч шүтээн шүтдэг эсэх гэх мэт нь нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг нь шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас зарим нь Еховагийн галд цохиулсан, зарим нь чулуу шидүүлж алуулсан, мөн зарим нь Еховагийн ерөөлийг хүртсэн бөгөөд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийнх нь дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алдаг байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуу шидэж алдаг байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг байв. Амьдралыг нь удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байг гэсэндээ Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймээс Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ. Ехова олон айлдвар хэлж, ихээхэн ажил хийсэн боловч хүмүүсийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба хэрхэн хүн байхыг, яаж амьдрахыг, Еховагийн замыг хэрхэн ойлгохыг энэ мэдлэггүй хүмүүст заажээ. Ихэнхдээ, Түүний хийсэн ажил нь хүмүүсээр Өөрийн замыг сахиулж, Өөрийн хуулийг дагуулахын төлөө байв. Уг ажил багахан завхарсан хүмүүс дээр хийгдсэн; энэ нь тэдний зан чанарыг өөрчлөх, эсвэл амийн ахиц гаргах хэмжээнд хүртэл өргөжөөгүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, хянахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байв. Тухайн үеийн израильчуудын хувьд Ехова бол зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байлаа. Тэрээр үүлэн багана, галан багана байсан юм. Еховагийн тэднээс шаардсан бүхэн нь, өнөөдрийн хүмүүсийн Түүний хууль, тушаал гэж үздэг зүйлийг дагах явдал байв—үүнийг дүрэм ч гэж хэлж болно—учир нь Еховагийн хийсэн зүйл тэднийг өөрчлөхийн төлөө биш, харин хүнд байх учиртай илүү их зүйлийг тэдэнд өгч, тэдэнд Өөрийн амаар зааварчлахын төлөө байсан. Учир нь бүтээгдсэний дараа, хүний эзэмших ёстой зүйл хүнд огт байгаагүй юм. Иймээс Ехова хүмүүст, газар дээр амьдрахдаа эзэмших учиртай зүйлсийг нь өгч, Өөрийн удирдсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас нь илүү гаргасан, учир нь Еховагийн тэдэнд өгсөн зүйл анх Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс нь илүү байлаа. Ямартай ч, Еховагийн Израильд хийсэн ажил нь зөвхөн хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах л зорилготой байв. Тэр тэднийг байлдан дагуулаагүй, өөрчлөөгүй, харин ердөө л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн билээ. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын цаад шалтгаан, жинхэнэ түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гарын хяналтад байлгахын төлөөх зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл юм. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх илүү олон ажил төрөн гарсан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил

Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр, ажлын үр дүнд хүрэхийн тулд хүний нүглийг цайруулах хангалттай тахилыг шаардсан юм. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүний нүглийг цайруулах Миний тахил—Есүс байв. Бурхан өршөөнгүй, хүлээцтэй байж чадна гэдгийг л тэд мэддэг бөгөөд Есүсийн өршөөл, энэрлийг л хардаг. Энэ нь бүхэлдээ, тэд Нигүүлслийн эрин үед төрснөөс болсон билээ. Иймээс золин аврагдаж чадахаасаа өмнө тэд, Есүсийн хайрласан олон янзын нигүүлслийг эдлэх ёстой болжээ, ингэснээр л үр ашгийг нь хүртэх болно. Ийм маягаар, нигүүлсэл эдэлснээр тэд нүглээ уучлуулж, бас Есүсийн хайрласан тэсвэр, тэвчээрийг эдэлснээр золин авруулах боломжтой болж чадах байлаа. Есүсийн тэсвэр, тэвчээрээр л дамжуулан тэд уучлал хүлээн авч, Есүсийн хайрласан элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхийг олж авсан юм. Яг л Есүсийн хэлсэнчлэн: Би зөв шударга хүмүүсийг биш, харин нүгэлтнүүдийг золин аварч, нүгэлтнүүдэд нүглээ уучлуулах боломж олгохоор ирсэн. Махбод болох үедээ Есүс шүүлт, хараал, хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг авчирсан бол хүн хэзээ ч золин аврагдах боломжгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байлаа. Ийм байсан бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе зургаан мянган жилээр сунжрах байв. Хүний нүгэл улам их, улам хүнд болж, хүнийг бүтээсний ач холбогдол нь бүхэлдээ талаар болох байлаа. Хүмүүс хуулийн дор Еховад үйлчилж л чадах байсан боловч нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс давах байсан юм. Есүс хүн төрөлхтнийг улам их хайрлаж, хүний нүглийг уучилж, хүнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл авчрах тусам тэд Есүсээр авруулж, Есүсийн асар их үнээр буцаан худалдаж авсан төөрсөн хурганууд гэж нэрлэгдэх улам их эрхтэй болсон билээ. Сатан ч бас энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадахгүй, учир нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэг энэрэлт эхийн адилаар Есүс дагалдагчдадаа хандаж байв. Тэрээр тэдэнд уурлаж, тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байлаа; тэдний дунд Есүс хэзээ ч уурсан хилэгнээгүй, харин нүглийг нь тэвчсэн бөгөөд мунхаглал, мэдлэггүй байдлыг нь хараагүй дүр үзүүлж, “Бусдыг дал дахин долоон удаа уучил” хэмээн хэлэхэд хүрч, Түүний зүрх сэтгэл бусдын зүрх сэтгэлийг уяраасан. Ингэснээр л хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан нүглээ уучлуулсан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх

Есүсийн зорилго нь хүнийг үргэлжлүүлэн амьд үлдээж, амьдруулж, илүү дээр байдлаар оршин тогтнуулахын төлөө байсан юм. Тэрээр хүний доройтохыг болиулж, Үхэгсдийн орон болон тамд амьдрахыг нь болиулахын тулд нүглээс аварсан бөгөөд хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаараа Есүс үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон билээ. Одоо эцсийн өдрүүд ирчихсэн. Бурхан хүнийг устгаж, хүн төрөлхтнийг бүрмөсөн сүйрүүлнэ, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний тэрслүү байдлыг өөрчилнө. Энэ шалтгааны улмаас, урьдын өршөөнгүй, хайр энэрэлтэй зан чанараар Бурхан эрин үеийг төгсгөх юм уу зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй байх байв. Эрин үе бүрд онцгой төлөөлөх зан чанар байдаг ба эрин үе бүр Бурханы хийх ёстой ажлыг агуулдаг. Иймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийн хийдэг ажил жинхэнэ зан чанарынх нь илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр болон Түүний хийдэг ажил хоёулаа эрин үеийн хамтаар өөрчлөгддөг—тэдгээр нь бүгд шинэ байдаг. Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хууль ашиглахаас бүрдэж байв. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлээд Өөрийн ажлыг гадагш тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэрээр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв. Нигүүлслийн эрин үед Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байсан, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанар энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд Бурхан хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд хүний төлөө загалмайд цовдлогдох ёстой болсон юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн авснаар л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл, асар их, хэмжээлшгүй нигүүлсэл, авралыг хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн юм. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв. Тиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ. Эрин үе бүрд, Түүний ажлын үе шат болгонд Бурханы зан чанар илэрхий байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй өршөөл, хайр харуулж, түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, хүнд зөвт шүүлт хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байсан бол Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж бусдыг хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Чамд өөрийг чинь мэдүүлж, зан чанарыг чинь өөрчилж, түүнчлэн үнэ цэнийг чинь мэдүүлж, Бурханы бүх үйлдэл зөвт агаад Түүний зан чанар, Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүнийг аврахын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрлаж, хүнийг аварч, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг харуулах гэсэндээ Бурхан яллаж, харааж, шүүж, гэсгээдэг. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг ил болгохыг хүсдэг гэдгийг мэддэггүй бол туршлагажих ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь гагцхүү Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор аваачихын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө захирагдаж, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний төлөө Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил хайр юм уу энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр буун ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт байсан ч бай, эсвэл хайр найргүй цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний төрлүүдийг ил болгож байгаа эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой

Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг хүн болгож эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан тэдний зам, тэдний төрөлх шинж чанар болон эцэстээ тэд биеэ хэрхэн авч явсныг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас мултрахгүй бөгөөд Миний тогтоосончлон бүгд өөрсдийн төрөлтэй хамт байх болно. Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас болон тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм…

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!

Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг л анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих