Ялагч гэж юу вэ? Гамшгаас өмнө хэрхэн ялагч болгуулах вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн; ариун агаад жинхэнэ, Давидын түлхүүртэй Нэгэн эдгээр зүйлийг хэлсэн, түүнийг нээхэд хэн ч хаахгүй; хаахад нь хэн ч нээхгүй. Би чиний үйлсийг мэднэ: Харагтун, Би өмнө чинь нээлттэй үүд тавьсан, үүнийг нэг ч хүн хааж чадахгүй: Учир нь чи хүч багатай, бас Миний үгийг сахисан бөгөөд Миний нэрийг үгүйсгээгүй… Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:7–12).
“Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм” (Илчлэл 7:14).
“Намайг харахад Сион уулан дээр Хурга зогсож байлаа, духан дээрээ Түүний Эцэгийн нэрийг бичсэн зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байв. Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн мэт дуу тэнгэрээс гарахыг би сонслоо: босоо ятгачид ятгаараа тоглож байгаа дууг би сонсов: Тэд сэнтийн өмнө, дөрвөн амьтан болон ахлагчдын өмнө шинэ дуу дууллаа: газар дэлхийгээс золин аварсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй. Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: Учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:1–5).
Холбогдох Бурханы үг:
Бурханд итгэх итгэл нь Түүнд дуулгавартай байж, Түүний ажлыг туулахыг шаарддаг. Бурхан маш их ажил хийсэн—хүмүүсийн хувьд энэ нь бүгд төгс болголт, цэвэршүүлэлт, түүнээс ч илүүтэйгээр гэсгээлт гэж хэлж болох юм. Хүний үзэлтэй нийцсэн Бурханы ажлын нэг ч алхам байгаагүй; хүмүүсийн эдэлсэн зүйл бол Бурханы хатуу үг юм. Бурханыг ирэх үед хүмүүс Түүний сүр жавхлан, уур хилэнг эдлэх ёстой. Гэхдээ Түүний үг хэчнээн хатуу байх нь хамаагүй, Тэр хүн төрөлхтнийг аварч, төгс болгохоор ирдэг. Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой
Хүн Хаанчлалын эрин үед бүрмөсөн бүрэн төгс болгуулна. Байлдан дагуулалтын ажлын дараа хүн цэвэршүүлэлт, гай зовлон амсах болно. Энэ гай зовлонгийн үеэр ялан гарч, гэрчлэлд зогсож чадах хүмүүс бол эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс юм; тэд бол ялагчид билээ. Энэ гай зовлонгийн үеэр хүн энэ цэвэршүүлэлтийг хүлээн авах шаардлагатай бөгөөд энэ цэвэршүүлэлт нь Бурханы ажлын сүүлийн тохиолдол юм. Бурханы бүх удирдлагын ажил дуусгавар болохын өмнө хүн сүүлийн удаа цэвэршүүлэгдэж, Бурханыг дагадаг бүх хүн энэхүү сүүлчийн туршилтыг, энэ сүүлчийн цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гай зовлонд автсан хүмүүс Ариун Сүнсний ажилгүй, Бурханы удирдамжгүй байдаг боловч үнэхээр байлдан дагуулагдсан, Бурханыг үнэхээр эрж хайдаг хүмүүс эцэстээ бат зогсоно; тэд бол хүн чанартай, Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм. Бурхан юу ч хийдэг бай, энэ ялагчид үзэгдлээс салахгүй бөгөөд гэрчлэлдээ бүтэлгүйтэлгүйгээр үнэнийг хэрэгжүүлсээр байх болно. Тэд бол эцэстээ үлэмж гай зовлонгоос гарч ирэх хүмүүс юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт
Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг
Бурханд итгэгчийн хувьд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг болон өнөөдөр чамд хийдэг Бурханы төлөвлөсөн ажлыг хүлээн авснаараа Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүртсэн гэдгээ та нар хүн бүрчлэн ойлгох ёстой. Бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы бүх ажил зөвхөн энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэрээр та нарын төлөө бүхнээ золиосолсон; Тэрээр орчлон ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч, та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнчлэн Тэрээр алдар суугаа Өөрийн сонгосон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн, Өөрийн төлөвлөгөөний зорилгыг энэ бүлэг хүнээр дамжуулан бүрэн харуулна. Тиймээс та нар бол Бурханы өвийг хүлээн авах хүмүүс, бүр түүгээр ч барахгүй Бурханы алдрын өв залгамжлагчид билээ. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.” Урьд нь та нар бүгд энэ үгийг сонссон атлаа хэн ч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодит ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгээ агуу улаан луу цагариглан хэвтэж байдаг газар нутагт түүний харгисаар хяхаж хавчсан хүмүүс дээр биелүүлэх болно. Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийнхүү доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь энэ бүлэг хүнд, та нарт биелдэг. Бурханыг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурханы бүх ажилд асар их саад тотгор учирч, Түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог; иймээс Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт Өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутаг дахь хүмүүсийн бүх сатанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалт, байлдан дагуулалтын ажлаа явуулдаг, ингэснээр Тэр үүнээс алдар сууг олж, Өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?
Хаанчлал хүмүүсийн дунд өргөжиж, хүмүүсийн дунд бүрэлдэж, хүмүүсийн дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. Өнөөдрийн хаанчлалд байгаа ардуудаас хэн чинь хүмүүсийн дундах нэг гишүүн биш вэ? Та нараас хэн чинь хүний нөхцөл байдлын гадна оршдог вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдах үед хүмүүс хариуд нь яах вэ? Хүний ертөнцийн байдлыг та нар нүдээрээ харсан; та нар энэ дэлхий ертөнцөд үүрд амьдрах найдлага өвөрлөдөггүй биз дээ? Би одоо Өөрийнхөө ардуудын дунд алхаж, дунд нь амьдарч байна. Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй. Өөрсдийгөө хаяж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?