Бурханы ажил болон хүний ажлын хоорондох үндсэн ялгаа

2018-01-02

Холбогдох Бурханы үг:

Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажлыг хамардаг ба энэ нь бас бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний ажлын хөдөлгөөн, чиг хандлага бүрийг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа явагдаж, араас нь дагадаг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд энэ нь удирдлагын ажилтай ямар ч хамаагүй байдаг. Бурханы Өөрөө хийдэг ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил нь зөвхөн ашиглагдаж байгаа хүмүүсийн үүрэг бөгөөд удирдлагын ажилтай холбоогүй. Энэ хоёр хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар болон ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн Бурханы ажил болон хүний ажлын хооронд тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн, өөр өөр ялгамж чанартай байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ ялгаатай байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүний ашигладаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэл дотор байдаг бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй байх байлаа. Хүний хийдэг ажил ердөө л хүний хувьд хийх боломжтой үүргийнх нь хүрээнд байдаг бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээж чадна, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний хэлж байгаа зүйл бие махбодтой болсны ажилтай холбоотой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон бурханы аврал илүү их хэрэгтэй

Бие махбодтой болсон Бурхан нь Бурханы ашигладаг хүмүүсээс мөн чанартаа өөр юм. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханы ашигладаг хүмүүс тэгж чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд Бурханы Сүнс биечлэн үг хэлж, шинэ эринийг эхлүүлдэг. Түүнийг үг хэлж дуусах үед, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг энэ нь илтгэдэг. Үүний дараа, амийн туршлага руу орохын тулд хүмүүс бүгд Бурханы ашигладаг хүмүүсийн удирдлагыг дагадаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Бурханы үгийг хүний үг болгож болохгүй, хүний үгийг Бурханы үг болгож бүр ч болохгүй. Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш. Энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээрийг Бурханы үг гэж биш, зүгээр л хүний олж авсан гэгээрэл хэмээн хүлээн зөвшөөрч магадгүй. Тэр тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг яаж хүний олж авсан гэгээрэлтэй адил байж болох юм бэ? Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед барих чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь хэрэгжүүлэлтийн энгийн заавар буюу мэдлэг төдий юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний энгийн гэгээрэл гэж үзээд, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний алдаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Ариун Сүнсний ашигладаг хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Тийм хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна түүний хийдэг ажил ч бас Бурханыг шууд төлөөлж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүний туршлагыг Бурханы удирдлага дотор шууд тавьж болохгүй бөгөөд энэ нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй. Бурханы Өөрийн хийдэг ажил нь тэр чигтээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьдог ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүний хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсийнхээс давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүс хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэрээр хангадаг. Тэднийг Ариун Сүнс ашигладаг хэдий ч тэдний хийдэг ажил зургаан мянган жилийн төлөвлөгөөний агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний өргөсөн хүмүүс төдий юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Энэ хүмүүс өөрсдөө Түүний удирдлагын агуу ажлыг хийж чадахгүй, шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл чиг үүргээ биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл, тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийсэн ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед хүн үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил Бурханы удирдлагатай холбоогүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь, Витнес Ли, Ватчман Ни хоёрын ажил нь зам заах явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библийн дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Орон нутгийн чуулганыг сэргээхийн төлөө байсан ч бай, эсвэл барьж байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон ажил буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Өөрсдийнхөө ажлаар тэдний хийсэн зүйл нь, эхэн үеийн ажилдаа Есүсийн дараагийн үеийнхнээсээ шаардсан зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч шинэ ахиц дэвшил гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л харж чадна. Гэхдээ тэдний ажлаас хүн Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр төлөвлөдөг шинэ ажлыг олж бүр ч чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучин зам хэвээр байсан—ямар ч шинэчлэлт, ямар ч ахиц дэвшил байгаагүй. Тэд Есүсийн цовдлолын бодит баримттай зууралдаж, гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс шаардах дадлыг баримталж, эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно, эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн үгийг мөрдөж, тэр ч бүү хэл эгч нар номлож болохгүй, зөвхөн дуулгавартай дагах ёстой гэсэн уламжлалт үзлийг мөрдсөөр байв. Хэрвээ ийм маягийн удирдлагыг үргэлжлүүлэн мөрдсөн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг дүрэм журмаас чөлөөлж, эсвэл тэднийг эрх чөлөө болон гоо сайхны ертөнц рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тиймээс эрин үеийг өөрчилдөг ажлын энэ үе шатыг Бурхан Өөрөө хийж, үг хэлэх ёстой; эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орж, Ариун Сүнсний ашигласан хүмүүс өөрсдийн тулгуурыг алдсан. Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл, Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүнээс үүдэн, адилхан ажил хийж байгаа хүмүүст өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсний ашигладаг хүмүүс бас зарим нэг шинэ ажил хийж болох ба урьдын эрин үед хийгдсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон хэрэгжүүлэлтийг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцалсныг ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуухан байдаг. Тэрээр Өөрийн хийхээр зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх зорьсноороо шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил ч гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн үзэл бодлоор бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үедээ үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Тиймээс, эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1

Нигүүлслийн эрин үед Есүс зарим нэг үгийг айлдаж, ажлын нэг үе шатыг гүйцэтгэсэн. Тэдгээрт бүгдэд нь орчин нөхцөл байсан бөгөөд тухайн үеийн хүмүүсийн байр байдалд тохиромжтой байв; Есүс тухайн үеийн орчин нөхцөлд тохируулан үг хэлж, ажилласан. Тэр бас зарим нэг зөгнөл хэлсэн билээ. Үнэний Сүнс эцсийн өдрүүдэд ирж, ажлын нэг үе шатыг гүйцэтгэнэ гэж Тэрээр зөгнөсөн юм. Өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн эрин үед Өөрийнхөө хийх ажлаас өөр юуг ч ойлгоогүй; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы авчирдаг ажил хязгаарлагдмал юм. Тиймээс, Тэр зөвхөн Өөрийнхөө байгаа эрин үеийн ажлыг л хийдэг бөгөөд Өөртэй нь холбоогүй бусад ажлыг хийдэггүй. Тухайн үед Есүс мэдрэмж юм уу үзэгдлүүдийн дагуу ажиллаагүй, харин цаг хугацаа, орчин нөхцөлд тохируулан ажилласан. Хэн ч Түүнийг удирдан, чиглүүлээгүй. Түүний ажил тэр чигтээ Өөрийнх нь оршихуй байсан—энэ нь бие махбодтой болсон Бурханы Сүнсний гүйцэтгэх учиртай ажил байсан ба бие махбодтой болсон Бурханы эхлүүлсэн бүхий л ажил байв. Есүс Өөрийнхөө харж, сонссон зүйлийн дагуу л ажилласан. Өөрөөр хэлбэл, Сүнс шууд ажилласан; элчүүд Түүнд харагдаж, Түүнд зүүд зүүдлүүлж, эсвэл ямар нэгэн агуу гэрэл Түүн дээр тусаж, Түүнд харуулах хэрэггүй байлаа. Тэр чөлөөтэйгээр, хязгаарлалтгүйгээр ажилласны учир нь Түүний ажил мэдрэмжид үндэслээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, ажиллах үедээ Тэрээр тэмтчиж, таамаглаж байгаагүй, харин аливааг амархан хийж, Өөрийнхөө санааны дагуу болон нүдээр харсан зүйлийнхээ дагуу ажиллаж, үг хэлж, Өөрийг нь дагаж байсан шавь нэг бүрээ цаг тухайд нь хангаж байв. Энэ нь Бурханы ажил болон хүмүүсийн ажлын хоорондох ялгаа юм: Хүмүүс ажиллах үедээ эрж хайж, тэмтчин явж, илүү гүн оролтод хүрэхийн тулд бусдын тавьсан суурин дээр үндэслэн үргэлж дуурайж, цэгнэн нягталж байдаг. Бурханы ажил бол Тэр юу болохын хангалт бөгөөд Тэрээр хийх учиртай ажлаа хийдэг. Тэрээр хэн нэгэн хүний ажлаас гарсан мэдлэгийг ашиглан чуулганыг хангадаггүй. Харин ч, хүмүүсийн байр байдалд үндэслэн өнөөгийн ажлыг хийдэг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 5

Бурхан газар дээр ирэх үедээ Өөрийнхөө ажлыг л бурханлаг чанараар хийдэг бөгөөд энэ бол бие махбодтой болсон Бурханд тэнгэрлэг Сүнсний даалгасан зүйл юм. Ирэх үедээ Тэр гагцхүү газар нутаг даяар үгээ хэлж, Өөрийн айлдваруудыг өөр өөр аргаар, өөр өөр өнцгөөс айлддаг. Тэр үндсэндээ хүнийг хангаж, хүнд зааж сургах явдлыг Өөрийн зорилго, ажиллах зарчим гэж авч үздэг бөгөөд хүн хоорондын харилцаа юм уу хүмүүсийн амьдралын нарийн ширийнийг анхаардаггүй. Түүний гол үйлчлэл нь Сүнсний өмнөөс ярих явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс махбодод бодитоор илрэх үедээ зөвхөн хүний амийг хангаж, үнэнийг гаргадаг. Тэр хүний ажилд хутгалддаггүй, өөрөөр хэлбэл, хүмүүсийн ажилд оролцдоггүй. Хүмүүс бурханлаг ажил хийж чаддаггүй, Бурхан хүний ажилд оролцдоггүй. Бурхан Өөрийн ажлыг хийхээр энэ газар дэлхийд ирснээсээ хойш энэ бүх хугацаанд үүнийгээ үргэлж хүмүүсээр дамжуулан хийсэн юм. Гэхдээ энэ хүмүүсийг бие махбодтой болсон Бурхан гэж үзэж болохгүй, Бурханы ашигладаг хүмүүс л гэж үзэж болно. Харин өнөөдрийн Бурхан шууд бурханлаг чанарын өнцгөөс үг хэлж, Сүнсний дуу хоолойг илэрхийлж, Сүнсний өмнөөс ажиллаж чадна. Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан бүх хүн нь мөн л Бурханы Сүнс махан бие дотор ажилласан тохиолдол мөн—тэгвэл яагаад тэднийг Бурхан гэж нэрлэж болдоггүй юм бэ? Гэхдээ, өнөөдрийн Бурхан ч бас Бурханы сүнс шууд махбодоор ажиллаж буй хэрэг бөгөөд Есүс ч гэсэн махбодоор ажилласан Бурханы Сүнс байсан; энэ хоёрыг хоёуланг нь Бурхан гэж нэрлэдэг. Тэгвэл ялгаа нь юу вэ? Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байж чадсан. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг ойлгосон байв. Тэдэнд хэвийн хүний үзэл санаа байсан бөгөөд хэвийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байлаа. Тэдний олонх нь ер бусын ур чадвартай, төрөлхийн ухаантай байсан юм. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас заяасан билиг авьяас болох ур чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний ур чадварыг нь ажиллуулж, Бурханы төлөө үйлчлэхэд давуу талыг нь ашигладаг. Гэсэн ч Бурханы мөн чанар нь үзэл санаа, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл ч дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч явах зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго юм уу хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэрээр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс шууд үг хэлдэг буюу хүний санаа зорилгыг өчүүхэн төдий ч холилгүйгээр бурханлаг чанар шууд ажил хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол, үзэл санаанаас ангид байдаг бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар ажиллаж байсан бол (өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө ажиллаж байсан бол) Бурханы ажлыг газар дээр гүйцэтгэх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Бурханыг газар дээр ирэх үед, бурханлаг чанараар хийдэг ажлынхаа хамтаар хүн чанар дотор ажиллахдаа ашиглах цөөн тооны хүн Түүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, бурханлаг чанарын ажлаа хадгалахын тулд Бурхан хүний ажлыг ашигладаг. Тэгэхгүй бол хүн бурханлаг ажилтай шууд холбогдох ямар ч аргагүй байх болно. Есүс болон Түүний шавь нарын хувьд ч ийм л байсан. Дэлхий дээр байх хугацаандаа Есүс хуучин хуулийг хүчингүй болгож, шинэ тушаалуудыг тогтоосон. Тэр бас олон үг хэлсэн юм. Энэ бүх ажил бурханлаг чанараар хийгджээ. Петр, Паул, Иохан гэх мэт бусад хүмүүс дараа нь Есүсийн үгэнд суурилан ажилласан билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан тухайн үед Өөрийн ажлыг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тавьсан буюу шинэ эрин үеийг авчран, хуучин эрин үеийг халсан бөгөөд бас “Бурхан бол Эхлэл ба Төгсгөл” хэмээх үгийг биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бурханлаг ажлын суурин дээр хүний ажлыг хийх ёстой. Есүс хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж, газар дээрх ажлаа дуусгамагцаа хүнийг орхиж одсон. Үүний дараа, ажиллаж байхдаа бүх хүн Түүний үгэнд илэрхийлэгдсэн зарчмын дагуу үйлдэж, Түүний хэлсэн үнэний дагуу хэрэгжүүлсэн юм. Энэ бүх хүн Есүсийн төлөө ажилласан. Хэрвээ Есүс ганцаараа ажил хийж байсан бол Тэр хэчнээн их үг хэлсэн ч бай, хүмүүс Түүний үгтэй холбогдох аргагүй байх байв, учир нь Тэр бурханлаг чанараар ажиллаж, бурханлаг чанарын үгийг л хэлж чадах байсан ба хэвийн хүмүүс үгийг нь ойлгож чадах хэмжээнд аливааг тайлбарлаж чадахгүй байх байлаа. Иймээс Түүний ажилд нэмэр болохоор араас нь ирсэн элчүүд болон эш үзүүлэгчид Түүнд хэрэгтэй байсан юм. Бурханлаг чанарын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд махбод болсон биеийг ашиглан үг хэлж, ажиллаад, дараа нь Өөрийн ажилд нэмэр болгохоор Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг цөөн хэдэн, эсвэл арай олон хүнийг ашиглах нь бие махбодтой болсон Бурханы ажилладаг зарчим билээ. Өөрөөр хэлбэл, Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдалд оруулахын тулд Бурхан, хүмүүсийг хариулж, услах ажил хийлгэхээр Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг ашигладаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг илтгэдэг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний хэрсүү ухаан, үндэслэл, учир зүй болон баялаг төсөөлөл бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага ажлыг нь илтгэж чаддаг ба хүний туршлага ажлынх нь бүрэлдэхүүн хэсэг болно. Хүний ажил туршлагыг нь илэрхийлж чадна. Зарим хүн сөргөөр туршлагажих үед тэдний нөхөрлөлийн ихэнх нь сөрөг элементүүдээс бүрдэнэ. Хэрэв хэсэг хугацаанд тэдний туршлага эерэг байж, тэд ялангуяа эерэг талын замыг эзэмшдэг бол нөхөрлөл нь тун зоригжуулам байдаг ба хүмүүс тэднээс эерэг хангалт олж авч чадна. Хэрэв ажилчин хэсэг хугацаанд идэвхгүй болбол нөхөрлөл нь үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Ийм нөхөрлөл дарамттай бөгөөд түүний нөхөрлөлийн дараа бусад нь өөрийн эрхгүй сэтгэлээр унана. Дагалдагчдын байр байдал удирдагчийнхаас хамааран өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байр байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгддөг. Тэрээр хүний туршлагын дагуу ажиллаж, хүнийг хүчилдэггүй боловч туршлагынх нь хэвийн явцын дагуу хүмүүст шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүмүүсийн нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь хэрсүү ухаан болон туршлагыг дамжуулж, Бурханы ажилд үндэслэсэн хэрсүү ухаан, туршлагыг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж, үг хэлсний дараа, юуг хэрэгжүүлж, юунд орох учиртайгаа олж мэдээд, дараа нь дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тиймээс хүний ажил өөрийнх нь оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажилд хүний хичээл, туршлага, эсвэл зарим нэг бодол холилдсон байдаг. Ариун Сүнс яаж ч ажилласан бай, хүн дээр, эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллах нь хамаагүй, ажилчид үргэлж юу болохоо илэрхийлж байдаг. Хэдийгээр Ариун Сүнс ажиллаж байгаа боловч тухайн ажил хүн төрөлхөөсөө юу болоход суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдалд үргэлж тохирч байдаг. Ийм маягаар л хүний зан чанар өөрчлөгдөж, хуучин үзэл, бодлууд нь өөрчлөгдөж болно. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулдаг, мөн төсөөлж чадах зүйлс бөгөөд хоосон сургаал, эсвэл үзэл байлаа ч гэсэн, үүнд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажил ямар ч хэмжээтэй байсан бай, хүний туршлагын цар хүрээнээс давч чадахгүй, мөн хүний хардаг зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах зүйлийн цар хүрээнээс ч давж чадахгүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй—өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэх аргагүй. Тэрээр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг буюу Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлдэг бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан олж авсан хэрсүү ухаан болон мэдлэг юм. Ийм хэрсүү ухаан болон мэдлэгийг хүний оршихуй гэдэг бөгөөд хүний төрөлх зан чанар, бодит хэв чанарт үндэслэн илэрхийлэгддэг—ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл бол хүний туулдаг зүйл биш, мөн хүний харж чадах зүйл биш; мөн хүний хүрч чадах зүйл биш, харин Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянган жил хийсэн. Би хүн төрөлхтөн бүтээгдэхээс эхлээд одоог хүртэлх бүхнийг туулсан; Би яаж энэ талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан; Би үүнийг аль эртнээс ажигласан. Тийм байхад Би яаж үүнийг тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан тул Би хүнийг гэсгээж, шүүхэд тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажлыг Миний махбод хийгээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, Өөрийн хийх учиртай ажлыг хийхэд тохирно. Хүмүүсийн ярьдаг зүйл бол тэдний туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун ухаанаараа хүрч чадах зүйл бөгөөд мэдрэхүйгээрээ мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг ба Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэрээр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болон Түүний хийсэн ажлыг харуулдаг. Хүний ажил нь юунд орох ёстой, юу ойлгох хэрэгтэйг хүмүүст илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил нь хүн төрөлхтөнд шинэ зам, шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг хүмүүст илчилж, Бурханы зан чанарыг мэдэх боломж олгохын төлөө байдаг. Бурханы ажил бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийн ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байлаа. Хүний ажил зөвхөн тодорхой цаг хугацаа, үе шатанд л хэрэглэгдэж болно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний алхдаг замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс л гэгээрүүлж чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын хүрээнээс хальж чадахгүй. Үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гаждаг туршлагажих зам биш юм. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байр байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн Ариун Сүнсний гэгээрүүлсэн хэвийн хүний алхдаг зам гэж хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй. Эрэлхийлдэг хүмүүс нь адилгүй учраас хэвийн хүний туршлагад Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, хүмүүсийн туулдаг орчин болон туршлагын цар хүрээ адилгүй байдаг учраас, мөн оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд хольцтой байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт бүрэн бус байдаг ба ердөө л ганц юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь хүн бүрийн нөхцөл байдалд тулгуурлан хүнээс хүнд үргэлж ялгаатай байдаг. Ийм маягаар, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаартай байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, мөн хүний туршлага Ариун Сүнсний явуулдаг төгс болгох ажилтай тун ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрлээс олж авсан мэдлэг болон хувийн туршлагаараа олж авсан үнэнийг илэрхийлж л чадна. Хүн Ариун Сүнсний гарц байхад тэнцдэггүй, мөн болзлыг нь хангадаггүй. Өөрийнх нь ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүн янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тиймээс хүний алхдаг замыг Ариун Сүнсний алхдаг зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Хүний ажил дүрэмд баригдахдаа амархан бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаж, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагч хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч бас хэдхэн төрлөөр хязгаарлагддаг ба Ариун Сүнсний ажил юм уу Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй. Учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан ажлаа хийхдээ дүрэм журамд баригддаггүй; үүнийг яаж ч хийлээ гэсэн ганцхан арга барилаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй—Түүний бүх ажил хязгаарлалтгүй, чөлөөтэй байдаг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн Бурханы ажиллах арга замыг захирдаг ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай, үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Ганцхан цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, өөр янзын удирдлагатай байж, хүмүүсийг үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байлгаж болно. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи ялган таньж чадахгүй бөгөөд тиймээс л Бурханыг дагалдагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийг нь сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг дүрэм журамд баригдах юм уу шашны үзэлд авталгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажил өөрийнхөө хувийн туршлага, хүрч чадах зүйлд үндэслэн хүмүүст шаардлага тавьдаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагдаж, хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр зүйл дүрэм журам, зан үйл болдог. Хэрвээ Бурханаар биечлэн төгс болгуулж, шүүгдээгүй хүн нэг цаг үеийн ажлыг удирдвал дагалдагчид нь бүгд шашны хуучинсаг үзэлтнүүд болж, Бурханыг эсэргүүцэхдээ мэргэжилтэн болдог. Тиймээс, хэрвээ хүн тохирсон удирдагч мөн юм бол шүүлт туулж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлт туулаагүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байж болох ч гэсэн тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлнө. Бурханы гүйцэтгэдэг ажил хүний махан биетэй нийцдэггүй. Энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; энэ нь шашны тодорхойгүй өнгө аястай холилддоггүй. Түүний ажлын үр дүнд Түүгээр төгс болгуулаагүй хүн хүрч чадахгүй, мөн үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлдэг зүйл өөрийнх нь туршлага доторх ухаарал, мэдлэг байдаг. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс, эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах эрхтэнтэй болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг эрхтэн байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй; зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билиг, хүн болгонд байх ёстой эрхтэн юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах эрхтэнээ алдаж, хүний зөн билгээ гээвэл хамгийн эрхэм нандин зүйлээ ч бас алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг юм уу ажлын тухай мэдлэг, туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг. Махбодоор юм уу Сүнсээр шууд илэрхийлэгдсэн эсэх нь хамаагүй бурханлаг чанар юу болохыг илэрхийлэх нь Бурханы зөн билиг юм; энэ нь Бурханы үйлчлэл билээ. Хүн өөрийн туршлага, эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр юм уу дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл, тэр юу болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн билиг, үүрэг бөгөөд хүний биелүүлэх ёстой зүйл юм. Хэдийгээр хүний илэрхийлэл Бурханы илэрхийлдэг зүйлээс хамаагүй дутуу боловч хүний илэрхийлэл олон дүрэм журамд баригддаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстой зүйлээ хийх учиртай. Хүн үүргээ биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой бөгөөд өчүүхэн төдий ч биеэ нөөсөн явдал байх ёсгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Зарим хүн: “Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил болон өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид, элч нарын хийсэн ажлын хоорондох ялгаа юу вэ? Давидыг ч бас Эзэн гэж нэрлэдэг байсан, Есүс ч мөн адил; хэдийгээр тэдний хийсэн ажил ялгаатай байсан ч тэднийг адилхан нэрлэж байсан. Тэдний ялгамж чанар адилхан биш гэж яагаад хэлдэг юм бэ? Иоханы харсан зүйл үзэгдэл байсан, энэ нь ч бас Ариун Сүнснээс ирсэн бөгөөд Ариун Сүнсний хэлэх гэсэн үгийг тэр хэлж чадсан; тэгвэл яагаад Иоханы ялгамж чанар Есүсийнхээс өөр байсан юм бэ?” гэж асууна. Есүсийн хэлсэн үг Бурханыг бүрэн төлөөлж чаддаг байсан ба Бурханы ажлыг бүрэн төлөөлсөн. Иоханы харсан зүйл нь үзэгдэл байсан ба тэр Бурханы ажлыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй байв. Иохан, Петр, Паул нар Есүсийн адилаар олон үг хэлсэн, гэхдээ тэд яагаад Есүстэй адил ялгамж чанартай байгаагүй юм бэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байснаас болдог. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэрээр шинэ эрин үеийн ажил буюу өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэрээр шинэ замыг нээж, Еховаг төлөөлж, Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан, харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг л төлөөлж байсан ба Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч ердөө Бурханы бүтээлүүд байсан бөгөөд Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор ажилласан, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад Есүс юм уу Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд өөр ямар ч ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд ердөө л Бурханы бүтээлүүд байсан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар

Нигүүлслийн эрин үед Есүс ч бас маш олон үг хэлж, ихээхэн ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр чухамдаа эш үзүүлэгч байсан уу? Яагаад Түүнийг Христ гэдэг вэ? Тэдний хоорондох ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлдэг хүмүүс байсан бөгөөд тэдний үг хүмүүст бараг адилхан харагддаг байсан юм. Тэд бүгд үг хэлж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсны адилаар Есүс ч бас тэгсэн. Яагаад тэр вэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанарт үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэх ёсгүй, мөн тэдний үгийн гүн гүнзгий, өнгөц байдлыг ч авч үзэх ёсгүй. Чи үргэлж тэдний ажил болон тэдний ажлын хүнд үзүүлдэг үр нөлөөг эхлээд авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан онгод нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол эгэл хүмүүсийн хийх боломжгүй тэр ажлыг хэн ч хийж чадахгүй байх байсан. Есүс ч гэсэн олон үг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг өөрчилж чадсан; гуравдугаарт, Тэрээр эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Еховагийн ажлыг залгамжилж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан, Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажилтай харьцуулахын тулд Исаиаг авч үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үеийг эхлүүлэх гэж ажиллаагүй. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрөөс нь давсан байв. Тэрээр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан юм. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадаагүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэрээр зөвхөн Хуулийн эрин үе дотор, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Есүс Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Дээр нь нэмээд Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байв. Тэр цөөн хэдхэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй. Бурхан яаж бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс яаж илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн тухайд бол эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр баримт нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн нотолгоо болох ямар ч боломжгүй. Иймээс, хүнд мэдэгдэхүйц байдаг Бурханы үг ба ажилд л үндэслэн ялгааг нь харж болно. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл, Сүнсний хэрэг явдал чамд харагддаггүй ба Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, Бурханы махбод болсон бие ч бүгдийг нь мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаас нь л Бурхан мөн эсэхийг нь баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт, Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт, Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ ертөнцийг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр нь дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжилгүй, ердөө л эхлэлийг бүрдүүлсэн юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь төгсгөл болгосон, гэхдээ Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байснаас гадна Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг бэлдсэн. Хэдийгээр ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам юм уу илүү гүн гүнзгий үнэнийг хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийг ч ойлгоогүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгогдсон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялган таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд, Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иохан, Есүс хоёрын хийсэн ажил адилгүй байсан бөгөөд өөр шинж чанартай байсан. Иохан Бурхан мөн байсан уу, үгүй юү гэдгийг хүн үүнээс тодорхойлж болно. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэхийн төлөө байв. Тэрээр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээ түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Түүнчлэн хаа сайгүй явж, хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээжээ. Энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаа нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас, Нигүүлслийн эрин үед хүний хэрэгжүүлэх ёстой үг, хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлыг дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байх байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг Есүс хийсэн ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 1

Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсний ашигласан тэр хүмүүс үг хэлж, ажилласан нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийн чиг үүргийг гүйцэтгэхийн төлөө байсан бөгөөд энэ нь хүний хийх учиртай зүйл байсан юм. Харин бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн зүйлийнх байсан ч Түүний ажил нь Өөрийн чиг үүргийг биш, харин Өөрийн үйлчлэлийг биелүүлэхийн төлөө байв. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн зүйлтэй холбоотой хэрэглэгддэг байхад “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий; тэдгээр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол удирдаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс, хэдийгээр Ариун Сүнс олон элчийг ашиглаж, олон эш үзүүлэгч Түүгээр дүүргэгдэж байсан ч тэдний ажил ба үг ердөө л бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийн төлөө байв. Тэдний зөгнөл бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс хэтрэн гарч, хүн чанар нь бие махбодтой болсон Бурханыхаас ч давсан байж болох ч тэд үйлчлэл хийж байсан юм биш, харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүргийг хэлдэг; энэ нь хүний хүрч болох зүйл юм. Харин, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлдэг үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба үүнд хүн хүршгүй юм. Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлага дунд агуу ажил хийж байгаа ба тийм ажлыг хүн Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол Бурханы удирдлагын ажлын тодорхой үе шатанд, бүтээгдсэн зүйлийн үүргээ л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүй бол, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алдагдсан бол бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд үүрэг даалгавраа биелүүлэх явдал бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж яавч болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт—Түүний Сүнсэнд—Бурханы ажил бол Өөрийнх нь удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэртэй бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Тэр ямар ч ажил хийлээ гэсэн, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж байгаа; хүн Бурханы удирдлагын цар хүрээн дотор, Түүний удирдамж дор чадах бүхнээ хийж л болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа

Эцсийн эцэст Бурханы ажил хүний ажлаас өөр, түүнчлэн Түүний илэрхийлэл яаж тэднийхтэй адилхан байж болох юм бэ? Бурханд Өөрийн гэсэн онцгой зан чанар байдаг, харин хүнд биелүүлэх учиртай үүрэг гэж бий. Бурханы зан чанар ажлаар нь илэрхийлэгддэг байхад хүний үүрэг нь хүний туршлагад биеллээ олж, хүний эрэл хайгуулаар илэрхийлэгддэг. Тиймээс хийгдсэн ажлаас ямар нэг зүйл Бурханы илэрхийлэл үү, эсвэл хүний илэрхийлэл үү гэдэг нь илэрхий болдог. Үүнийг Бурхан Өөрөө тайлбарлах хэрэггүй, хүн гэрчлэл хийхээр чармайх ч шаардлагагүй; түүнчлэн Бурхан Өөрөө ямар нэг хүнийг дарангуйлах хэрэггүй. Энэ бүхэн нь төрөлхийн илчлэл болон гарч ирдэг; энэ нь албадан тулгах юм уу хүн хөндлөнгөөс оролцож чадах зүйл биш. Хүний үүргийг илэрхийллээр нь дамжуулан мэдэж болох ба ямар нэгэн нэмэлт туршлагын ажил хийхийг хүмүүсээс шаарддаггүй. Хүний бүх мөн чанар үүргээ гүйцэтгэж байхад нь илчлэгдэж болдог байхад Бурхан ажлаа хийх зуураа төрөлх зан чанараа илэрхийлж чаддаг. Хэрвээ энэ нь хүний ажил мөн бол үүнийг нуун далдалж болдоггүй. Харин Бурханы ажил бол Бурханы зан чанарыг хэн нэгэн хүн далдлах бүр ч боломжгүй, хүн үүнийг хянах бүр ч боломжгүй. Нэг ч хүнийг Бурхан гэж хэлж болохгүй, мөн тэдний ажил болон үгийг ариун гэж харах юм уу хувиршгүй гэж үзэж болохгүй. Бурхан Өөрийгөө махбодоор хувцасласнаас болоод Түүнийг хүн гэж хэлж болох боловч Түүний ажлыг хүний ажил юм уу хүний үүрэг гэж үзэж болохгүй. Түүнчлэн, Бурханы айлдвар болон Паулын захиаг адилтган үзэж болохгүй, Бурханы шүүлт, гэсгээлт болон хүний удирдамжийн үгсийг эн зэрэгцүүлэн ярьж ч болохгүй. Тиймээс Бурханы ажлыг хүний ажлаас ялгадаг зарчмууд байдаг. Тэдгээрийг ажлын цар хүрээ, эсвэл түр зуурын бүтээмжийнх нь дагуу биш, харин мөн чанараар нь ялгадаг. Энэ сэдвийн тухай ихэнх хүмүүс зарчмын алдаа гаргадаг. Учир нь хүн өөрсдийн хүрч чадах гадна талыг л хардаг байхад Бурхан, хүн төрөлхтний махан биеийн нүдээр ажиглах аргагүй мөн чанарыг хардаг. Хэрвээ чи Бурханы үг болон ажлыг ердийн хүний үүрэг гэж авч үзээд хүний томоохон цар хүрээтэй ажлыг хүний гүйцэтгэдэг үүрэг гэхийн оронд махбодоор хувцасласан Бурханы ажил гэж үзвэл зарчмын хувьд андуурч байгаа бус уу? Хүний захиа болон намтрыг, зөвхөн Ариун Сүнсний ажлын суурин дээр л амархан бичиж болно. Харин Бурханы айлдвар болон ажлыг хүн амархан гүйцэтгэж, эсвэл хүний мэргэн ухаан, бодол сэтгэхүйгээр биелүүлж чадахгүй, хүмүүс тэдгээрийг судалж шинжилснийхээ дараа нэгд нэггүй тайлбарлаж ч чадахгүй. Хэрвээ зарчмын эдгээр асуудал та нарт ямар ч хариу үйлдэл төрүүлэхгүй бол итгэл чинь төдийлөн жинхэнэ, бас цэвэр биш гэдэг нь илэрхий юм. Та нарын итгэл тодорхойгүй байдлаар дүүрэн, будилж төөрөлдсөн, зарчимгүй гэж хэлж л болно. Бурхан, хүн хоёрын хамгийн гол чухал асуудлыг ч ойлгодоггүй иймэрхүү итгэл тэр чигтээ ухан ойлгох чадвараар дутмаг итгэл бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Арван гурван захидлын талаар чи ямар хандлага баримталдаг вэ?

Та нар Бурханы ажлыг хүний ажлаас яаж ялгахаа мэддэг байх ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Түүний оршихуй нь хүнийхээс өөр юм. Хүний оршихуй нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай төрөл бүрийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар, тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Тэр юу болох юм. Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй хэдий ч дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Тэр юу болох бөгөөд хүмүүст ил, бас хүмүүсээс нуугдмал байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч бүх зүйлийг нь мэддэг. Тэр мэдлэггүй, хэрсүү ухаангүй “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс өндөр, агуу хүмүүсээс дээгүүр үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүний ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг бөгөөд дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгэм болон хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг илэрхийлэх явдал юм. Тэр л энэ ажлыг хийж чадна; энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлаас хүмүүс Тэр ямар төрлийн хүн бэ гэдгийг таньж чадахгүй. Бас Түүний ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах аргагүй болгодог. Хүн Түүнийг хүн биш гэж л тооцож чадах боловч ямар ангилалд оруулахаа мэддэггүй тул Бурхан гэж ангилахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний хувьд ингэх нь үндэслэлгүй зүйл биш, учир нь Тэрээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг танихын тулд чи энэ хоёрын ялгааг л харьцуулах ёстой. Хэрвээ Бурханы Өөрийн хийдэг ажил гэж байхгүй, зөвхөн хүний ажил л байсан бол чи хүмүүсийн сургаал нь өндөр бөгөөд хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байдаг. Та нар бүгд хэв чанар сайтай, өндөр дээд мэдлэгтэй энэ хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгээс чи хүн чанар нь хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ хэвийн, бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд бас хэмжээлшгүй байдаг, тиймээс хүмүүс Түүнийг нэг талаар биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, эргэцүүлэл нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; ийм шинж чанар нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг боловч тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Сайн ажиллаж чаддаг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг боловч тэд биширч, атаархахаас бус, огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй; харин ч Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай гэдгийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулах үедээ Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай гэдгийг эхлээд мэдэж, өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Түүний хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухааны мэдлэгийн хүрээ хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэж, Түүний хүслийг биелүүлж чаддаг байхыг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн өөрөө ч хангалтгүй байдлаа мэддэггүй атал Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг тул хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Бурханы талаар хүмүүсийн мэдэрдэг зүйл бишрэл биш, харин ч зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг; Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хэлж чадахгүй зүйлийг хэлдэг. Бурханы ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс Бурханыг гэх хайрыг ойлгож чаддаг; тэд Бурханы хайр татам байдлыг мэдэрч, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, улмаар тэдний дунд хязгааргүй их хүч үүсдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг нь мэдэрдэг. Түүний ихээхэн ажлыг туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзэлтэй үргэлж сөргөлддөг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй; харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлаас үүдэн Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс зүрхнийхээ угаас Бурханыг хүндэтгэн биширдэг. Бурханыг хүн хүндэлж, дуулгавартай дагах учиртай, учир нь Түүний оршихуй болон зан чанар бүтээгдсэн зүйлийнхтэй адилгүй, үүнээс дээгүүр юм. Бурхан бол өөрөө оршин тогтнодог, үүрд мөнхийн, бүтээгдсэн бус зүйл бөгөөд Бурханыг л хүндэлж, Түүнд захирагдвал зохино; хүн ийм шаардлага хангадаггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих