Хүн Ариун Сүнсний ажлыг хэрхэн олж авч болох тухай
Холбогдох Бурханы үг:
Яг одоо, Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы одоогийн үг юм. Тиймээс хэрвээ хүмүүс Ариун Сүнсний замд хөл тавья гэвэл дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы одоогийн үгийг идэж уух ёстой. Түүний хийдэг ажил бол үгийн ажил юм; бүх зүйл Түүний үгээс эхэлж, бүх зүйл Түүний үгэнд, Түүний одоогийн үгэнд суурилдаг. Бие махбодтой болсон Бурханы талаар итгэлтэй байх ч бай, эсвэл бие махбодтой болсон Бурханыг мэдэх ч бай, аль аль нь Түүний үгэнд илүү их хичээл чармайлт гаргахыг шаарддаг. Эс бөгөөс хүмүүс юу ч хийж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Бурханы үгийг идэж уусны үндсэн дээр Түүнийг мэдэж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж эхэлснээр л хүмүүс аажмаар Бурхантай хэвийн харилцаа тогтоож чадна. Хүний хувьд Бурханы үгийг идэж уун, хэрэгжүүлэхээс илүү дээр хамтын ажиллагаа гэж үгүй. Ийм хэрэгжүүлэлтээр дамжуулан тэд Бурханы ардын гэрчлэлдээ бат зогсож хамгийн сайн чаддаг. Хүмүүс Бурханы одоогийн үгийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үедээ Ариун Сүнсний залж чиглүүлдэг зам дээр амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд хөл тавьсан байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм
Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна
Хэрвээ чи Бурханы үгсээр амьдардаг бол Ариун Сүнс ажлаа хийх боломжтой болно; хэрвээ чи Сатаны нөлөөн дор амьдардаг бол Ариун Сүнсэнд тийм боломж олгохгүй. Хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил, хүмүүсийн дээр Түүний гэрэлтүүлдэг гэрэл, хүмүүст Түүний өгдөг итгэл хормын төдий л үргэлжилдэг; хэрвээ хүн анхаарал, болгоомжгүй байвал Ариун Сүнсний хийдэг ажил хажуугаар нь өнгөрөх болно. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдардаг бол Ариун Сүнс тэдэнтэй хамт байж, тэдэн дээр ажиллана. Хэрвээ хүмүүс Бурханы үгээр амьдрахгүй байгаа бол Сатаны боолчлолд амьдардаг. Ялзарсан зан чанартай амьдардаг хүмүүстэй Ариун Сүнс хамт байдаггүй, эсвэл тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн хүрээнд амьдарч буй бол, мөн Бурханы шаарддаг байдалд амьдардаг бол Түүнд харьяалагддаг ба Тэр чам дээр ажиллана; хэрвээ чи Бурханы шаардлагын хил хязгаар дотор амьдардаггүй, харин Сатаны эзэмшил дор амьдардаг бол Сатаны ялзрал дор амьдардаг чинь маргаангүй. Бурханы үгээр амьдарч, Түүнд зүрх сэтгэлээ өгснөөр л чи Түүний шаардлагад нийцэж чадна; чи Бурханы хэлснээр хийж, Бурханы айлдварыг оршин тогтнолынхоо үндэс, амьдралынхаа бодит байдал болгох ёстой бөгөөд тэр үед л чи Бурханд харьяалагдана. Хэрвээ чи үнэхээр Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлбэл Тэр чам дээр ажиллаж, чи Бурханы ерөөл дор, Бурханы дүр төрхийн гэрэлд амьдарч, Ариун Сүнсний хийдэг ажлыг ухаарч, Бурхантай хамт байхын баяр хөөрийг мэдэрнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна
Ариун Сүнс энэ зарчмаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, мөн идэвхтэй залбирч, хайж, Бурханд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрч чаддаг бөгөөд тэднийг Ариун Сүнс гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Ариун Сүнс ганцаараа үйлддэг, эсвэл хүн ганцаараа хийдэг юм биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын стандартад хүрэхээр эрэлхийлэх тусам, Ариун Сүнсний ажил төдий чинээ их болдог. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л бодит туршлагуудыг болон Бурханы үгийн талаарх мөн чанарын мэдлэгийг бий болгож чадна. Аажмаар, ийм маягаар туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бий болно. Бурхан ер бусын зүйл хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан төгс хүчит бөгөөд бүх зүйлийг Бурхан хийдэг—үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээж, Бурханы үгийг уншдаггүй, эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөхийг хүлээдэг. Харин зөв ойлголттой хүмүүс ингэж итгэдэг: Намайг хамтран ажиллахын хэрээр л Бурхан ажиллаж чадна. Бурханы ажлын надад үзүүлэх үр нөлөө хэрхэн хамтран ажиллахаас минь шалтгаалдаг. Бурханыг ярих үед Бурханы үгэнд шамдаж, эрж хайхын тулд би чадах бүхнээ хийх ёстой; энэ бол миний хийх ёстой зүйл.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай
Чи үнэнийг хайхын төлөө бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор залбирч, зовохыг хүсэх үед л Ариун Сүнс чам дээр ажиллаж чадна. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүст бичиг үсэг, сургаал, хоосон онолоос өөр юу ч байдаггүй ба үнэнгүй хүмүүс угаасаа Бурханы талаар олон үзэлтэй байдаг. Иймэрхүү хүмүүс, Бурхан махан биеийг нь сүнслэг бие болгон өөрчилж, тэгснээр тэд гурав дахь тэнгэр өөд гарч магад гэж л хүсэн эрмэлзэж байдаг. Энэ хүмүүс хэчнээн мунхаг вэ! Ийм зүйл хэлдэг бүх хүн Бурханы талаар, эсвэл бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй байдаг; ийм хүмүүс Бурхантай хамтран ажиллах боломжгүй, харин зөвхөн идэвхгүйгээр л хүлээж чадна. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгож, үнэнийг тодорхой харж, цаашлаад үнэнд орж, үүнийг хэрэгжүүлэхийг хүсвэл бодитоор дадлагажиж, бодитоор хайж, бодитоор өлсөж цангах ёстой. Өлсөж цангах үед чинь, Бурхантай бодитоор хамтран ажиллах үед чинь Бурханы Сүнс гарцаагүй чамайг хөдөлгөж, чиний дотор ажиллана, энэ нь чамд илүү их гэгээрэл авчирч, бодит байдлын тухай илүү их мэдлэгийг өгч, аминд чинь асар тустай байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай
Хамгийн чухал асуудлуудын нэг бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал гэдгийг туршлагаас харж болно. Энэ нь хүмүүсийн сүнслэг амьдрал болон амийн өсөлттэй холбоотой асуудал юм. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван байх л юм бол үнэн болон зан чанарын өөрчлөлтийн төлөөх эрэл хайгуул чинь үр дүнгээ өгнө. Чи ачаа үүрч Бурханы өмнө ирдэг учраас, маш олон талаар дутуу дулимаг гэдгээ үргэлж мэдэрч, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, туулах хэрэгтэй ихээхэн бодит байдал байдаг, мөн Бурханы хүсэлд бүх анхаарал халамжаа өгөх ёстой гэдгээ үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Тэдгээр нь чамайг амьсгалж чадахааргүй болтол дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хүнд оргидог (гэхдээ чи идэвхгүй байдалд байдаггүй). Ийм хүмүүс л Бурханы үгийн гэгээрлийг хүлээн авч, Бурханы Сүнсээр хөдөлгөгдөх эрхтэй. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан зовлонгоосоо болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно. Учир нь Бурхан хэнийг ч алагчилж үздэггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг боловч бас хүмүүст дур зоргоороо, эсвэл болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй байдаг. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурхан руу хараахан бүрэн эргээгүй, тиймээс амь зан чанарт нь мөн л ямар ч томоохон өөрчлөлт гараагүй. Яагаад гэвэл, тэд зөвхөн Бурханы нигүүлсэл дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олж аваагүй байдаг. Бурханаар ашиглуулахын тулд хүмүүсийн хүрэх ёстой шалгуур энэ: Тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэж, тэд Бурханы үгийн ачаа үүрч, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрж хайх шийдвэртэй байдаг. Ийм хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авч, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг удаа дараа олж авч чаддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай хэвийн харилцаа тогтоох нь маш чухал
Бурхан хүмүүсийг төгс болгоход дүрэм байдаг бөгөөд чамайг хэрэгжүүлэх замтай болгож, бүх сөрөг байдлаас чинь салгахын тулд Тэрээр чиний хүсүүштэй хэсгийг ашиглан чамайг гэгээрүүлж, сүнсээрээ чөлөөлөгдөхөд чинь тусалж, Түүнийг хайрлах илүү их чадвартай болгодог. Ийм маягаар чи Сатаны завхарсан зан чанарыг хаяж чаддаг. Чи цайлган, нээлттэй байж, өөрийгөө мэдэн, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг. Бурхан чамайг гарцаагүй ерөөх тул сул дорой, сөрөг байх үед чинь Тэр чамайг хоёр дахин их гэгээрүүлдэг бөгөөд өөрийгөө илүү сайн мэдэж, өөрийнхөө төлөө гэмшихийг илүү их хүсэж, хэрэгжүүлэх учиртай зүйлсээ илүү сайн хэрэгжүүлж чаддаг байхад чинь тусалдаг. Ийм маягаар л зүрх сэтгэл чинь тайван, амгалан байж чаддаг. Бурханыг мэдэхэд ерөнхийдөө анхаарлаа хандуулдаг, өөрийгөө мэдэхэд болон хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулдаг хүн Бурханы ажил болон Түүний удирдамж, гэгээрлийг олон дахин хүлээн авч чаддаг болно. Хэдийгээр тийм хүн сөрөг байдалд байж болох ч мөс чанарынхаа үйлдэл юм уу Бурханы үгийн гэгээрлээс үүдэн аливааг даруй өөрчилж чаддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна
Та нар Ариун Сүнс хэрхэн ажилладаг зүй тогтлын учрыг олов уу? Ариун Сүнс ер нь үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс дээр ажилладаг бөгөөд хүмүүс хэцүү байдалд орж, үнэнийг эрж хайж байхад нь ажилладаг. Өчүүхэн төдий ч эрүүл ухаангүй, хүний мөсгүй хүмүүсийг Бурхан тоож үзэхгүй. Хүн маш үнэнч шударга боловч хэсэг хугацаанд зүрх сэтгэл нь Бурханаас холдсон бол, сайжрах хүсэлгүй бол, сөрөг байдалд ороод үүнээсээ гардаггүй бол, байдлаа шийдвэрлэхийн тулд залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй бол, хамтран ажилладаггүй бол байдал нь тэгж хааяа харанхуйлах хугацаанд, эсвэл түүний түр зуур доройтох хугацаанд Ариун Сүнс түүн дээр ажиллахгүй. Тэгвэл хүн чанарын ухамсаргүй хүн дээр Ариун Сүнс ажиллаж яаж чадах юм бэ? Тэгэх нь бүр ч боломжгүй. Тэгвэл тийм хүмүүс юу хийх ёстой вэ? Тэдэнд дагах зам бий юу? Тэд чин сэтгэлээсээ гэмшиж, үнэнч шударга хүмүүс болох ёстой. Хүн яаж үнэнч шударга болох вэ? Нэгдүгээрт, зүрх сэтгэлээ Бурханд нээх ёстой, Бурханаас үнэнийг эрж хайх ёстой; үнэнийг ойлгосныхоо дараа хэрэгжүүлэх ёстой. Дараа нь чи Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханд өөрийгөө хариуцуулах ёстой. Ийм л маягаар чи Бурханы магтаалыг хүртэнэ. Чи эхлээд хувийн нэр хүнд, нэрэлхүү зангаа хойш тавьж, хувийн ашиг сонирхлоо орхих ёстой. Юуны түрүүнд тэдгээрийг хойш тавих гэж хичээ, хойш тавьчихсаныхаа дараа бүхий л бие, сэтгэлээ үүрэгтээ болон Бурханыг гэрчлэх ажилд зориул, тэгээд Бурхан чамайг хэрхэн залж чиглүүлэхийг, дотор чинь амар тайван, баяр хөөр бий болох эсэхийг, чамд ийм нотолгоо байгаа эсэхийг хар. Чи эхлээд үнэн сэтгэлээсээ гэмшиж, Бурханд өөрийгөө тушааж, зүрх сэтгэлээ Бурханд нээж, эрхэмлэдэг зүйлсээ хойш тавих ёстой. Хэрвээ чи тэдгээртэй зууралдсаар байх зуураа Бурханд хүсэлт тавих юм бол Ариун Сүнсний ажлыг олж авч чадах уу? Ариун Сүнсний ажил болзолтой байдаг бөгөөд Бурхан бол ёрын мууг үзэн яддаг, ариун Бурхан билээ. Хэрвээ хүмүүс үргэлж эдгээр зүйлтэй зууралдаж, өөрсдийгөө Бурханд байнга хаалттай байлгаж, Бурханы ажил болон удирдамжийг голдог бол Бурхан тэдэн дээр ажиллахаа болино. Бурхан хүн бүр дээр ажиллах ёстой юм биш, эсвэл Тэр чамайг албадан энэ, тэрийг хийлгэдэг юм биш. Тэр чамайг хүчилдэггүй. Муу ёрын сүнсний ажил нь хүмүүсийг албадан энэ, тэрийг хийлгэж, тэр ч бүү хэл, хүмүүсийг эзэмдэж, хянах явдал юм. Ариун Сүнс тун зөөлөн ажилладаг; Тэр чамайг хөдөлгөдөг ба чи үүнийг мэдэрдэггүй. Чи зүгээр л өөрийн мэдэлгүй ямар нэг зүйл ойлгож, ухаарчихсан юм шиг санагддаг. Ариун Сүнс хүмүүсийг ингэж хөдөлгөдөг ба хэрвээ тэд дуулгавартай дагах юм бол үнэхээр гэмшиж чадна гэдгээ мэдэж авна.
Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”
Заримдаа хэвийн бус нөхцөл байдалд Бурханыг дэргэдээсээ алдаж, хэчнээн залбираад ч Бурханыг мэдэрч чаддаггүй. Ийм үед айх мэдрэмж төрөх нь хэвийн бөгөөд нэн даруй хайж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Бурхан чамаас хол байж, чи Ариун Сүнстэй хамт байхгүйгээр, бүр Ариун Сүнсний ажилгүйгээр нэг хоёр өдөр, цаашлаад нэг, хоёр сар болох болно. Ийм нөхцөл байдалд чи улам хөшүүн болж, Сатанд дахин нэгэнтээ олзлогдон, бүх төрлийн үйл үйлдэх хэмжээнд очдог. Чи эд мөнгөнд шунахайрч, ахан дүүсээ хууран мэхэлж, кино, видео үзэж, маажаан даалуу тоглож, бүр ямар ч сахилга батгүйгээр тамхи татаж, архи уудаг. Зүрх сэтгэл чинь Бурханаас холдож, өөрийн замаар далдуур алхаж, Бурханы ажлыг дураараа шүүн магадалсан. Зарим тохиолдолд, хүмүүс бүр эр эмийн нүгэл эрээ цээргүй, ичиж зовохгүй үйлдэх ноцтой хэмжээнд ч хүрдэг. Ийм хүн бол Ариун Сүнсэнд хаягдсан хүн юм; үнэндээ ийм хүнээс Ариун Сүнсний ажил аль хэдийн арилж одсон байдаг. Завхралд улам гүн живж, ёрын муу гар нь улам сунаж, эцэст нь энэ замын оршин тогтнолыг үгүйсгэн, нүглийнхээ эрхээр Сатанд олзлогдсон хүнийг л тэднээс харж болно. Хэрэв чи Ариун Сүнсний дэргэд байгаа ч Ариун Сүнсний ажилгүй байгаа бол нөхцөл байдал хэдийн аюултай болжээ. Ариун Сүнсний байгааг ч мэдрэхгүй болох үедээ чи хэдийн үхлийн ирмэгт тулсан байх болно. Хэрэв чи гэмшихгүй бол Сатанд бүрэн эзлэгдэж, таягдан хаягдах хүмүүсийн дунд байна. Тиймээс Ариун Сүнсний дэргэд л байгаа (гэм нүгэл үйлдэхгүй, садар самуун явдалгүй, Бурханыг илэрхий дорд үзсэн үйлдэл хийхгүй) боловч Ариун Сүнсний ажилгүй (залбирсан ч сэтгэл хөдлөхгүй, Бурханы үгийг идэж уугаад ч илэрхий гэгээрч гийхгүй, Бурханы үгийг идэж уухаас залхуурч хойрголон, аминд ахиц дэвшил гарахгүй, урт удаан хугацаа өнгөрөвч асар их гэрэлтүүлэлтгүй) байгаагаа олж мэдвэл чи энэ үед илүү сэрэмжтэй байх ёстой. Өөрийгөө өөгшүүлж, зан авираа дураар нь тавьж огт болохгүй. Ариун Сүнс аль ч цагт арилан одож мэдэх тул ийм нөхцөл байдал маш аюултай. Хэрэв ийм байдалд орвол аль болох хурдан засахаар хичээ. Юун түрүүнд гэмшлийн залбирал үйлдэн, дахин нэг удаа өршөөхийг Бурханаас гуйх ёстой. Тэгээд үнэн зүрхний угаас залбиран, зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг илүү их идэж уу. Энэ суурин дээр залбирал олонтаа үйлдэж, дуулах, залбирах, Бурханы үгийг идэж уух болон үүргээ биелүүлэхдээ илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Чи хамгийн сул дорой байх үедээ Сатанд хамгийн амархан эзлэгддэг. Хэрэв ийм байдал тохиолдвол зүрх сэтгэл чинь Бурханы өмнөөс холдож, Сатан руу буцаж, улмаар чи Ариун Сүнсний дэргэд байхаа больдог. Ийм үед Ариун Сүнсний ажлыг буцаан олж авахад улам хэцүү байдаг. Ариун Сүнстэй хамт байх үедээ ажлыг нь эрж хайвал илүү дээр бөгөөд Бурхан чамайг улам гэгээрүүлж, чамайг хаяж орхихгүй байхад хүрнэ. Залбирах, магтан дуу дуулах, чиг үүрэгтээ үйлчлэх, Бурханы үгийг идэж уух чинь бүгд Сатанд ажлаа хийх боломж олгохгүйн төлөө хийгддэг бөгөөд ингэснээр Ариун Сүнс дотор чинь ажиллаж болох юм. Хэрэв Ариун Сүнсний ажлыг ингэж буцаан олж авалгүй, зүгээр л хүлээх юм бол Ариун Сүнс сэтгэлийг чинь онцгойлон хөдөлгөж, тусгайлан гэрэлтүүлж, гэгээрүүлээгүй л бол Ариун Сүнсийг дэргэдээсээ алдсан байх үед Ариун Сүнсний ажлыг буцаан олж авахад амаргүй байх болно. Тэгээд ч чиний байр байдал ганц, хоёр хоногт сэргэхгүй; заримдаа бүр хагас жилдээ ч сэргэхгүй байж мэднэ. Энэ бүхэн хүмүүс өөрсдийгөө дураар нь тавьж, хэвийн байдлаар туршлагажиж чадалгүй, улмаар Ариун Сүнсэнд хаягддагаас үүдэлтэй. Чи Ариун Сүнсний ажлыг буцаан олж авлаа ч гэсэн Бурханы одоогийн ажлыг мөн л тийм ч тодорхой ойлгохгүй байж мэднэ, учир нь амийн чинь туршлага асар хол, арван мянган бээрийн алсад шахам хоцорчээ. Энэ аймшигтай биш гэж үү? Гэсэн ч Би тийм хүмүүст гэмшихэд одоо ч оройтоогүй гэж хэлдэг, гэхдээ ганц л болзол бий: Тэр нь биеэ дайчилж, залхуурахгүй байх явдал юм. Бусад хүн өдөрт таван удаа залбирч байгаа бол чи арван удаа залбирах ёстой; бусад хүн өдөр хоёр цаг Бурханы үгийг идэж ууж байгаа бол чи дөрвөөс зургаан цаг идэж уух ёстой; бусад хүн хоёр цаг магтан дуу сонсдог бол чи хамгийн багадаа хагас өдөр сонсох ёстой. Бурханы өмнө үргэлж тайван байж, Бурханы хайрыг бод, сэтгэл чинь хөдөлж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэн очиж, Бурханаас дахин холдож зүрхлэхээ болих тэр цагт л чи урьдын, хэвийн байдалдаа эргэн орно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн байдалд хэрхэн орох вэ
Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү шинэ ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдлын төлөө хариуцлага хүлээх ачаатай бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, “Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?” гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна. Тиймээс залбиралдаа чи, Бурхан чамд илүү их ачаа үүрүүлж, илүү их үүрэг даалгавар даалгаасай гэж хүсэх хэрэгтэй, ингэснээр өмнө чинь хэрэгжүүлэх илүү их зам байж болох юм; мөн ингэснээр Бурханы үгийг идэж, уух чинь илүү их үр нөлөөтэй байж, Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чаддаг болж, Ариун Сүнсний хөдөлгөөнийг илүү сайн хүлээн авч чадна.
Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?