10.3. Хэрхэн өөрийгөө мэдэж, жинхэнэ гэмшилд хүрэх тухай
358. Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эзэмшил дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?
Өөрийн мөн чанарыг мэдэхээс эхлээд үзэл санаа, уг чанар, оюун санааны төлөв гэх үндсэн өөрчлөлтөөр дамжин хүний зан чанар өөрчлөгддөг. Ийм маягаар л хүний зан чанарт жинхэнэ өөрчлөлт гарна. Сатанд хорлогдож, дэвслүүлэн, үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас хүнд ялзарсан зан чанар үүсдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг ойлгодоггүй. Тиймээс Бурханы талаарх мэдлэг, үнэний талаарх мэдлэгийг нь өөрчлөх үзэл санаа, мэдлэг ухаан, эрүүл ухааны өөрчлөлтөөс нь хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой. Хамгийн гүн завхарсан газар нутагт төрсөн хүмүүс Бурхан юу болохыг, Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг бүр ч мэддэггүй. Хүмүүс хэдий чинээ их завхарсан байна, Бурханы оршин тогтнолыг төдий чинээ мэддэггүй, эрүүл ухаан, мэдлэг ухаанаар төдий чинээ дульхан байдаг. Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар огт эргэлзэхгүй, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, Түүнд үнэнч байдлаа гээж, Бурханыг гэх мөс чанар гэж бүр юу ч үгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүй, ердөө л Түүнээс утга учиргүй юм нэхэж, Түүнд шаардлага тавьдаг. Хэвийн бус ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа харамсах чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; өөрсдийгөө хараахан мэдэж чадаагүй хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж байна, төдий чинээ ухаан нь эрүүл саруул бус байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг
359. Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад ёрын мууг үйлдсэнийг нь асуувал тэд: “Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн. Сатаны хийдэг бүхэн өөрийнх нь төлөө байдаг. Тэр Бурханаас давуу байж, Түүнээс ангижирч, өөрөө эрх мэдэл барьж, Бурханы бүх бүтээлийг эзэмшихийг хүсдэг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэн хэрэгтээ, маш олон хүний уриа уг чанарыг нь төлөөлж, тусгаж чаддаг. Хүмүүс дүр үзүүлэхээр хэчнээн их оролдлоо ч гэсэн, хийдэг, хэлдэг бүхэндээ хэн болохоо нууж чаддаггүй. Үнэнийг хэзээ ч хэлдэггүй, дүр үзүүлэхдээ сайн зарим хүн байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцмагцаа тэдний ов мэхтэй уг чанар, туйлын үнэнч шударга бус занг олж мэддэг. Эцэст нь бусад хүмүүс дараах дүгнэлтэд хүрдэг: Тэр хүн бол хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй юм. Энэ үг тухайн хүний уг чанарыг төлөөлдөг; энэ нь тэдний уг чанар-мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний амьдралын гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт ийм гүн ухаан асар их агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг мэддэггүй, ойлгодоггүй; гэсэн хэдий ч амьдралын хором бүр чинь үүнд үндэслэж байдаг. Түүнчлэн, энэхүү гүн ухаан нь нэлээд зөв, үндэслэлтэй бөгөөд огтхон ч алдаа мадаггүй гэж чи боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд өчүүхэн төдий ч тэрслэлгүйгээр үүнд бүрэн нийцэлтэй амьдардаг гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж байгаа ба бүх талаар сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг. Сатаны уг чанар бол хүний амь юм.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ
360. Хүмүүсийн уг чанарыг мэдэх тухайд хамгийн чухал зүйл бол ертөнцийг харах хүний үзэл бодол, амьдрал болон үнэт зүйлийн талаарх үзэл бодлоос нь уг чанарыг нь харах явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Ийм маягаар уг чанарыг нь задлан шинжилбэл хүн өөрийгөө амархан мэдэж авч чадна.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ
361. Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгоно гэдэг үнэндээ сэтгэлийнхээ гүнийг задлан шинжилнэ гэсэн үг; аминд чинь байгаа зүйл үүнд багтдаг. Чи Сатаны логик, Сатаны үзэл бодлын дагуу амьдарсаар ирсэн; өөрөөр хэлбэл, Сатаны амиар амьдарч ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил болгосноор л чи уг чанараа таньж чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон үйл явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй; ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарч, ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой бөгөөд гүн гүнзгий ухаж төнхөх үедээ л үр дүнг нь харна. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар, мөн чанараа аажмаар мэдэж авна. Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлийг гүйцэтгэх ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш; харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, чиний хийх дуртай зүйлс болон зүрх сэтгэлдээ шүтээн болгодог хүмүүсийг хэлж байгаа юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн үзэсгэлэнтэй, маш тансаг харагддаг, хүмүүсийн туйлын их шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг… чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл
362. Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно. Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, өөрсдөөсөө урвах чадваргүй тул Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжгүйгээр энэ замаар алхах хэцүү байх байв. Төгс болгуулах Петрийн замаар алхах нь шийдэмгий, итгэлтэй байж, Бурханд найдахаас үндсэндээ хамаардаг. Түүнчлэн хүн Ариун Сүнсний ажилд захирагдах ёстой; бүх зүйл дээр Бурханы үггүй байж болохгүй. Эдгээр нь гол талууд бөгөөд алийг нь ч зөрчиж үл болно. Туршлагаар өөрийгөө мэдэж авна гэдэг маш хэцүү; Ариун Сүнсний ажилгүйгээр үүн рүү ороход тун хэцүү байдаг. Петрийн замаар алхахын тулд хүн өөрийгөө мэдэж, зан чанараа өөрчлөхөд анхаарах ёстой.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг
363. Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, олиггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөр өөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
364. Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэхийн гол түлхүүр нь энэ: Тодорхой талуудад сайн хийж, зөв хийсэн гэж санагдах тусам, мөн тодорхой талуудад Бурханы хүслийг хангаж чадна, эсвэл бардамнаж чадна гэж бодох тусмаа чи тэр талууд дээр өөрийгөө мэдэж, өөрт чинь ямар ариун бус зүйлс байгааг, түүнчлэн чиний доторх ямар зүйлс Бурханы хүслийг хангаж чадахгүй байгааг харахын тулд төдий чинээ гүнзгий ухаж төнхвөл зохино. Паулаар жишээ авъя. Паул гойд их мэдлэгтэй байсан бөгөөд номлолын ажилдаа ихээхэн зовсон. Түүнийг олон хүн онцгойлон биширдэг байжээ. Үүний үр дүнд Паул ихээхэн ажил гүйцэтгэснийхээ дараа өөрт нь титэм зэхэгдсэн байх болно гэж бодсон. Үүнээс үүдэн тэр буруу замаар улам уруудсаар, эцэст нь Бурханаар шийтгүүлсэн билээ. Хэрвээ тухайн үед тэр өөрийгөө эргэцүүлж, задлан шинжилсэн бол тэгж бодохгүй байх байв. Өөрөөр хэлбэл, Паул Эзэн Есүсийн үгээс үнэнийг эрж хайхад анхаараагүй; харин өөрийн үзэл, төсөөлөлд л итгэдэг байсан юм. Хэдэн сайн зүйл хийж, сайхан зан авир харуулсан цагт Бурханаар сайшаагдаж, шагнуулна гэж тэр боддог байв. Эцэст нь үзэл, төсөөлөл нь түүний оюун ухааныг сохолж, үнэн төрхийг нь халхалсан билээ. Гэвч хүмүүс үүнийг мэдээгүй бөгөөд Бурхан үүнийг илчлээгүй байх үед тэд Паулыг хүрэх стандарт, дагах үлгэр жишээ болгож, өөрсдийнх нь тэмүүлдэг нэгэн, эрэл хайгуулын бай, мөн даган дуурайх бай гэж үздэг байв. Паулын тухай энэ түүх нь Бурханд итгэдэг хүн бүрд анхааруулга болдог, өөрөөр хэлбэл, бид өөрсдийгөө гойд сайн хийлээ гэж бодох юм уу зарим талаар тун авьяас билигтэй гэж бодон, зарим талаар өөрчлөгдөж, харьцалт амсах хэрэггүй гэж итгэх бүрдээ өөрсдийгөө тэр талаас нь илүү сайн мэдэж, эргэцүүлэхээр чармайх хэрэгтэй; энэ нь амин чухал юм. Учир нь, сайн гэж үздэг талуудад чинь үнэндээ Бурханыг эсэргүүцдэг ямар нэг зүйл байгаа эсэхийг харахын тулд чи үүнийгээ ухаж төнхөж, үүндээ анхаарал хандуулж, задлан шинжлэхгүй нь лавтай.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Эндүү ташаа үзэл бодлоо танин мэдсэнээр л хүн үнэнээсээ өөрчлөгдөж чадна
365. Хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.
Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг