Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно
Бурханд гэрчлэл хийж, агуу улаан лууг шившиглэхийн тулд хүн зарчимтай байх ёстой, мөн нэг нөхцөлийг хангаж байх ёстой: Хүн зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, Түүний үг рүү орох ёстой. Хэрвээ чи Бурханы үг рүү орохгүй бол Сатаныг шившиглэх ямар ч аргагүй байх болно. Амь чинь өссөнөөр чи агуу улаан лууг орхиж, түүнд туйлын их доромжлол авчирдаг; энэ нь л агуу улаан лууг үнэхээр шившиглэж байгаа хэрэг юм. Чи Бурханы үгийг хэрэгжүүлэхийг хэдий чинээ их хүснэ, Бурханыг гэх хайр, агуу улаан лууг гэх үзэн ядалт чинь төдий чинээ нотлогддог; чи Бурханы үгэнд дуулгавартай байх тусам, үнэнийг хүсэн эрмэлздэг чинь төдий чинээ батлагддаг. Бурханы үгийг хүсэн эрмэлздэггүй хүмүүс бол амьгүй хүмүүс юм. Тийм хүмүүс бол Бурханы үгийн гаднах, шашинд харьяалагддаг хүмүүс билээ. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс Бурханы үгийг идэж, ууснаар дамжуулан үгийнх нь талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй байдаг. Хэрвээ чи Бурханы үгийг хүсэн эрмэлздэггүй бол Бурханы үгийг жинхэнээсээ идэж, ууж чадахгүй бөгөөд Бурханы үгийн талаар ямар ч мэдлэггүй бол Бурханыг гэрчилж, сэтгэлийг нь хангалуун болгох ямар ч аргагүй байна.
Бурханд итгэхдээ хүн Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Хүн гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг, ажилд үндэслэн Бурханыг мэдэж авах ёстой ба юун түрүүнд Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх суурь юм. Бурханы үгийг хольцгүйгээр ойлгодоггүй тэр бүх олон янзын гажууд онол бол шашны үзэл юм; тэдгээр нь гажууд, эндүү ташаа ойлголт билээ. Шашны хүмүүсийн хамгийн агуу ур чадвар бол урьд нь ойлгосон Бурханы үгийг авч, өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдрийн Бурханд үйлчилж байхдаа чи Ариун Сүнсний урьдын гэгээрлээр илчлэгдсэн зүйлстэй зууралдвал үйлчлэл чинь саад учруулж, хэрэгжүүлэлт чинь хоцрогдож, шашны зан үйлээс цаашгүй болно. Бурханд үйлчилдэг хүмүүс бусад чанаруудын дундаас гаднаа даруухан, тэвчээртэй байх ёстой гэж чи итгэдэг бөгөөд ийм төрлийн мэдлэгийг өнөөдөр хэрэгжүүлдэг бол тийм мэдлэг нь шашны үзэл; тийм хэрэгжүүлэлт нь хоёр нүүртэй гүйцэтгэл болжээ. “Шашны үзэл” гэх хэллэг нь хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн зүйлсийг (урьд нь Бурханы хэлсэн үг болон Ариун Сүнсний шууд илчилсэн гэрлийн тухай ойлголтыг оролцуулаад) хэлдэг бөгөөд хэрвээ тэдгээрийг өнөөдөр хэрэгжүүлбэл Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тус авчрахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийн дотор байгаа, шашны үзэлд хамаарах тэдгээр зүйлээс ангижирч чадахгүй бол эдгээр зүйл Бурханд үйлчлэх үйлчлэлд нь асар их саад болно. Шашны үзэлтэй хүмүүс Ариун Сүнсний ажлын алхамуудтай хөл нийлүүлэх ямар ч аргагүй—тэд эхлээд нэг, дараа нь хоёр алхмын хойно хоцордог. Яагаад гэвэл, эдгээр шашны үзэл нь хүнийг ер бусын ихээр өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон зантай болгодог. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; ямар нэг зүйл хоцрогдсон л бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийнхөө үзлийг үнэхээр орхиж чадахгүй гэж үү? Хэрвээ чи урьд нь Бурханы хэлсэн үгтэй зууралдвал Бурханы ажлыг мэддэг гэдгийг чинь энэ нь нотлох уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадалгүй, оронд нь өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, Бурханы мөрийг дагадгийг чинь энэ нь баталж чадах уу? Чи шашны үзлийг орхиж чадахгүй л байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болно.
Хэрвээ хүмүүс шашны үзлийг орхиж чадах юм бол өнөөдрийн Бурханы үг, ажлыг хэмжихдээ оюун ухаанаа ашиглахгүй, харин шууд дуулгавартай дагана. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч чи урьдын үзэл бодлоо орхин, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Бурхан урьд нь хэрхэн ажиллаж байснаас үл хамааран Бурханы өнөөдрийн ажилд хамгийн чухал байр суурийг өгөх ёстой гэдгийг ойлгож чаддаг бол чи өөрийн үзлийг орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил болон үгэнд дуулгавартай байж, Бурханы мөрийг дагаж чаддаг хүн юм. Ингэснээр чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн болох болно. Чи Бурханы ажлыг задлан шинжилж, нягтлан үздэггүй; яг л Бурхан өмнөх ажлаа мартсантай адил чи ч гэсэн үүнийг мартсан. Одоо бол одоо, өнгөрсөн бол өнгөрсөн бөгөөд өнөөдөр Бурхан урьд нь хийсэн зүйлээ хойш тавьсан болохоор чи энэ талаар бодох ёсгүй. Тийм хүн л Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг, шашны үзлээ бүрмөсөн орхисон хүн билээ.
Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагдаж байдаг учраас шинэ ажил гарч ирэхэд хоцрогдож, хуучирдаг ажил гэж бий. Хуучин ба шинэ эдгээр өөр өөр төрлийн ажил нь нэг нэгтэйгээ зөрчилддөггүй, харин харилцан бие биеэ нөхдөг; алхам бүр нь сүүлийн алхмаасаа үргэлжилдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, аль эртнээс хэвшиж тогтсон хүний зарим хэрэгжүүлэлт болон дадал болсон үгс нь хүний олон жилийн туршлага, сургаалтай хослон хүний сэтгэлд элдэв янзын үзлийг бий болгожээ. Бурхан Өөрийн жинхэнэ царай болон төрөлх зан чанарыг хүнд хараахан бүрэн илчлээгүй нь эрт цагийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн дэлгэрсэнтэй хавсран хүний тийм үзэл бүрэлдэхэд илүү тааламжтай байсаар ирсэн юм. Бурханд итгэх хүний итгэлийн явцад янз бүрийн үзэл нөлөөлснөөр Бурханы талаарх элдэв янзын үзэл бүхий ойлголт хүмүүст тасралтгүй бий болж, хувьсан өөрчлөгдөхөд хүрсэн бөгөөд үүний үр дүнд Бурханд үйлчилдэг шашны олон хүн Түүний дайсан болсон гэж хэлж болох юм. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хүчтэй байх тусам Бурханыг улам эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй; энэ нь хэзээ ч хоосон сургаалыг бий болгодоггүй, харин их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Ийм маягаар ажиллах нь Бурханы Өөрийн төрөлх зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь бас Бурханы ажлын угийн зарчим бөгөөд Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Бурханы арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүн өөрчлөгдөхгүй, эсвэл Бурханыг мэдэж чадахгүй, Сатан ялагдахгүй байх байсан. Тиймээс, замбараагүй харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй тасралтгүй өөрчлөлтүүд Түүний ажилд гарч байдаг. Гэхдээ хүний Бурханд итгэдэг байдал нэлээд өөр. Хүн хуучны, танил сургаал болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хуучных байх тусам, төдий чинээ таатай байдаг. Хүний хад чулуу мэт өөрчлөгдөшгүй, мунхаг ухаан санаа Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил, үгийг хэрхэн хүлээн авч чадах билээ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн үзэн яддаг; тэрээр хөгшин хөвөө, буурал үстэй, хөдөлгөөнгүй, хуучин Бурхандаа л дуртай. Тиймээс, Бурхан, хүн хоёрын аль алинд өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болжээ. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жилийн турш хийсээр ирсэн үе буюу өнөөдөр ч гэсэн энэ олон зөрчилдөөн оршсоор л байна. Тэгэхээр тэдгээр нь засаршгүй ажээ. Магадгүй энэ нь хүний зөрүүд зангаас, эсвэл Бурханы захиргааны зарлигийг хэн ч зөрчих аргагүйгээс болдог байх—гэхдээ тэдгээр шашны албан тушаалтнуудыг өгөршсөн хуучин ном, цаастай зууралдсаар байхад Бурхан дэргэд нь хэн ч байхгүй мэт дуусаагүй удирдлагын ажлаа хийдэг. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан, хүн хоёрыг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн Бурхан тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй, тийм зүйл байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг ханддаг. Харин хүн итгэл, үзэлтэйгээ зууралдсаар, тэдгээрийгээ хэзээ ч орхидоггүй. Гэхдээ нэг зүйл илэрхий: Хэдий хүн байрнаасаа хазайдаггүй ч Бурханы хөл үргэлж хөдөлж, нөхцөл байдлаас хамааран байраа үргэлж өөрчилж байдаг. Эцэст нь хүн л ямар ч тэмцэлгүйгээр ялагдана. Харин Бурхан бол ялагдсан дайснуудынхаа хамгийн том дайсан нь, бас ялагдсан болон ялагдаагүй хүн төрөлхтний бүгдийнх нь аварга юм. Хэн Бурхантай тэмцэж, ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзлийн ихэнх нь Бурханы ажлаас үүдэн гарсан учраас Бурханаас үүсэлтэй мэт санагддаг. Гэсэн ч үүнээс болоод Бурхан хүнийг уучилдаггүй, түүнчлэн Бурханы ажлаас үүдэн Бурханы ажилд хамааралгүй бүтээгдэхүүнийг багц багцаар нь “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтаалаар булдаг ч үгүй. Харин ч Тэрээр хүний үзэл болон хуучин сүсэг бишрэлийг туйлын их зэвүүцдэг ба эдгээр үзэл анх гарч ирсэн хугацааг ч хүлээн зөвшөөрөх бодолгүй байдаг. Хүний үзлийг хүн түгээдэг учраас Өөрийнх нь ажлаас үүдэн эдгээр үзэл бий болсон гэдгийг Бурхан огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол, оюун ухаан бөгөөд Бурхан биш, харин Сатан юм. Бурханы санаа зорилго нь үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш, харин шинэлэг, эрч хүчтэй байлгахын төлөө байсаар ирсэн ба хүнээр баримтлуулдаг зүйлс нь үүрд мөнхийн, хувиршгүй биш, харин эрин үе, цаг хугацааны хамтаар өөрчлөгддөг. Учир нь Тэр бол хүнийг үхүүлж, хуучинсаг байлгадаг диавол биш, харин амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан билээ. Та нар үүнийг ойлгоогүй л байна уу? Хуучинсаг үзэл бодолтой учраас чи Бурханы тухай үзэлтэй байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй. Энэ нь, Бурханы ажилд эрүүл ухаан бараг байдаггүй, эсвэл Бурханы ажил хүний сэтгэл хөдлөлийг хайхардаггүйгээс болдог юм биш, түүнчлэн Бурхан үүргээ үргэлж цалгардуулдгаас ч болдог юм биш. Харин чи хэтэрхий дуулгаваргүй учраас, мөн чамд Бурханы бүтээлийн төрх өчүүхэн төдий ч байдаггүй учраас үзлээ орхиж чаддаггүй; Бурхан чамд хүндрэл учруулаад байдаг юм биш. Энэ бүхэн чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон, золгүй явдлыг хүн бий болгодог. Бурханы бодол үргэлж сайн байдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсдэггүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи өөрт чинь юу сайн болохыг мэддэггүй, үргэлж шинжлэн шалгаж, аль эсвэл нягтлан үзэж байдаг. Бурхан чамд хүндрэл учруулаад байгаа юм биш, харин чи Бурханыг огт хүндэлдэггүй, мөн дуулгаваргүй байдал чинь дэндүү их. Өчүүхэн жаахан бүтээгдсэн зүйл урьд нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй бага хэсгийг авч зүрхэлдэг, дараа нь эргээд үүнийгээ ашиглан Бурхан руу дайрч давшилдаг—энэ нь хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүмүүст Бурханы өмнө үзэл бодлоо илэрхийлэх эрх огт байхгүй, тэдгээр хуучинсаг үзэл битгий хэл, үнэ цэнгүй, олиггүй, илжирсэн, уран цэцэн үг хэлээ хүссэнээрээ гайхуулах эрх бүр ч байхгүй гэж хэлж болно. Тэдгээр нь бүр ч үнэ цэнгүй бус уу?
Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг, Бурхан ашиглахад тохирсон хүн бөгөөд шашны үзлийг орхиж чаддаг. Хэрвээ чи Бурханы үгийг үр өгөөжтэйгөөр идэж, уухыг хүсвэл шашны үзлээ орхих учиртай. Хэрвээ чи Бурханд үйлчлэхийг хүсдэг бол эхлээд шашны үзлээ орхиж, бүх зүйл дээр Бурханы үгийг дуулгавартай дагах нь бүр ч чухал юм. Бурханд үйлчилдэг хүний эзэмших ёстой зүйл энэ билээ. Хэрвээ чамд ийм мэдлэг байхгүй бол үйлчилж эхэлмэгцээ л саад тотгор, үймээн учруулах ба өөрийн үзлийг баримталсаар байвал Бурхан чамайг хэзээ ч дахин босохооргүй болтол цохин унагах нь гарцаагүй. Жишээлбэл, өнөө үеийг аваад үзье: Өнөөдрийн олон айлдвар болон ажил Библитэй нийцдэггүй, урьд нь Бурханы хийсэн ажилтай таардаггүй бөгөөд хэрвээ чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол чи хэдийд ч унаж магадгүй. Хэрвээ чи Бурханы хүслийн дагуу үйлчлэхийг хүсэж байвал эхлээд шашны үзлээ орхиж, өөрийн үзэл бодлыг засаж залруулах ёстой. Ирээдүйд хэлэх зүйлсийн ихэнх нь өнгөрсөнд хэлж байсантай нийцэхгүй ба хэрвээ одоо чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол өмнөх замаараа алхаж чадахгүй. Хэрвээ Бурханы ажилладаг аргуудын нэг нь чиний дотор үндэслэж, чи үүнийг хэзээ ч орхиогүй бол тэр арга чиний шашны үзэл болно. Хэрвээ Бурхан юу болох нь дотор чинь үндэслэсэн бол чи үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үг болон үнэн амь чинь болж чаддаг бол Бурханы талаар үзэлтэй байхаа болино. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй хүмүүс ямар ч үзэлгүй байх бөгөөд хоосон сургаал баримтлахгүй.
Сонор сэрэмжтэй байхын тулд эдгээр асуултыг асуу:
1. Чамд байгаа мэдлэг Бурханд үйлчлэхэд чинь саад болдог уу?
2. Өдөр тутмын амьдралд чинь хэр олон шашны хэрэгжүүлэлт байдаг вэ? Хэрвээ чи зөвхөн сүсэг бишрэлтэй мэт харагддаг бол амь чинь өсөж, төлөвшсөн гэсэн үг мөн үү?
3. Чи Бурханы үгийг идэж, уух үедээ шашны үзлээ орхиж чаддаг уу?
4. Залбирах үедээ чи шашны зан үйлээс ангижирч чаддаг уу?
5. Чи Бурхан ашиглахад тохирсон хүн мөн үү?
6. Бурханы талаарх мэдлэгийн чинь хэр их нь шашны үзэл агуулдаг вэ?