Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой
Чи шашны хэдэн зан үйл мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж, өөрийнхөөрөө хийж байсан бэ? Бурханы ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг эрэлхийлдгээсээ болоод чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Чи Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Өөрийн бүх үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай, гэхдээ энэ нь дүрэмд баригдах юм уу зөвхөн нүд хуурахын тулд арай ядан хийх явдал биш; харин Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Ийм хэрэгжүүлэлт л Бурханыг хангалуун байлгадаг. Бурханы таалалд нийцэх аливаа үйл ажиллагаа нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ. Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай байдаг. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчууд биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн нь Бурханд үнэнч нэгэн боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэл хийдэггүй. Орчин нөхцөл ямар ч байсан хамаагүй, асуудал үүсэх үед тэрээр мэргэн ухаанаа харуулдаг, үйл хэрэгтээ зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг; тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд ямар өртэй тухайгаа надад хэлж болох уу?” гэж асуувал тэд хэлэх үггүй болно. Хэрвээ чи Бурханд үнэнч бол гаднаа энэ талаар бүү ярь; харин бодит хэрэгжүүлэлтээр Бурханыг гэх хайраа харуулж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай үг хэлээрээ, хааш яаш л харьцдаг хүмүүс бол бүгд хоёр нүүртнүүд! Зарим нь залбирах болгондоо Бурханд өртэйгөө ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлтэй байдаг; тэд ийм зан үйл, үзлээр амьдран, ийм үйлдлийг Бурхан таалдаг, бас өнгөц сүсэг бишрэл, гунигт нулимс бол Бурхан таашаадаг зүйл гэдэгт үргэлж итгэдэг. Ийм хөгийн хүмүүсээс ямар сайн юм гарах билээ? Зарим нь даруу байдлаа харуулахын тулд бусдын дэргэд ярих үедээ журамтай дүр үзүүлдэг. Зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудад тохирох төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын ардууд цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байж, эрх чөлөөтэй амьдардаг байх ёстой. Тэд жудагтай, нэр төртэй, хаашаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг байх ёстой; тийм хүмүүсийг Бурхан болон хүмүүсийн аль аль нь хайрладаг. Шинээр итгэж байгаа хүмүүс гадаад талын хэт олон хэрэгжүүлэлттэй байдаг; тэд эхлээд харьцалт, эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гаднаа бусдаас ялгардаггүй, гэвч үйлдэл болон үйл хэрэг нь бусдад магтууштай байдаг. Ийм хүмүүсийг л Бурханы үгийг амьдран харуулж байна гэж үзэж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч эцсийн эцэст дүрэм, сургаал дотор амьдарч байгаа бол Бурханд алдрыг авчирч чадахгүй. Ийм хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм. Шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, ойрд та ямаршуухан байв даа?” гэж асуудаг. Эгч хариуд нь, “Би Бурханд өртэй, бас Түүний хүслийг биелүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг” гэдэг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, бас Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн үг, өгүүлбэр л дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг; ийм үг хамгийн жигшүүртэй, дэндүү ой гутам байдаг. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ ярилцаж, нөхөрлөлдөө яриандаа өөрсдийн зүрх сэтгэлийг уудалж байдаг. Үүнд ганц ч худал ааль аяг, ёсорхуу байдал, хоосон нялуун үг гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байж, ертөнцийн дүрэм журамд захирагддаггүй. Ямар ч мэдрэмжгүй ч гэлээ, гаднаа гаргаж үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Өөр хэн нэгнийг дуулах үед тэд саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Ийм хүмүүс нь үнэн сүсэгт, хүндлүүштэй бус, хэтэрхий хөнгөмсөг байдаг. Энэ бүх зүйл бол бодит байдлаас тасарсны илрэл юм. Зарим хүн сүнслэг амийн хэрэг явдлын талаар ярилцах үедээ хэдий Бурханд өртэйгөө ярьдаггүй ч зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тэгэхээр энэ тухай бусдад байнга ярих ямар хэрэгтэй юм бэ? Чи гаднах чармайлт, илэрхийлэлд биш, харин бодит байдалд ороход анхаарлаа хандуулах ёстой. Хүмүүсийн өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч амийг бус, харин хувийн зан чанарыг чинь л төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдын амийг хангаж, Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чаддаггүй. Чиний ийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурханы хүсэл, энэ нь сүнснийх гэж чи боддог боловч үнэн хэрэгтээ энэ чинь утгагүй зүйл! Чиний таашаадаг, хүсдэг зүйл бол Бурханыг баясгадаг зүйл гэж чи үздэг. Чиний таашаадаг зүйл Бурханыг төлөөлж чадах уу? Хүний зан авир Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол яг Бурханы үзэн яддаг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чамд өртэй санагдвал Бурханы өмнө очиж залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбиралгүй, оронд нь бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ чинь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж нүд хуурахаас цаашгүй байдаг бол чи дээд зэргийн нэрэлхүү гэсэн үг. Өнгөц сайн үйл л хийдэг, бодит байдалгүй хүмүүс ямар байдалтай хүмүүс вэ? Ийм хүмүүс бол зүгээр л хоёр нүүртэй фарисайчууд, шашны хүмүүс юм! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихэснэ. Хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихэснэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байдаг. Эцэст нь ийм хүмүүс гарцаагүй таягдан хаягдана!