Хэрэгжүүлэлт 3

Та нар бие даан амьдрах чадвартай байж, Бурханы үгийг өөрсдөө идэж ууж, Бурханы үгийг биечлэн туулж, бусдын удирдлагагүйгээр хэвийн сүнслэг амьдралаар амьдарч чаддаг байх ёстой. Та нар амьдарч, жинхэнэ туршлага руу орж, жинхэнэ мэдлэг ухаан олж авахын тулд Бурханы өнөөдөр хэлдэг үгэнд найдаж чаддаг байх ёстой. Тэр үед л та нар бат зогсож чадна. Өнөөдөр олон хүн хожмын гай зовлон, шалгалтуудыг бүрэн ойлгодоггүй. Ирээдүйд зарим хүн гай зовлон туулж, зарим нь шийтгэл амсана. Энэхүү шийтгэл бүр ч хатуу ширүүн байна; энэ нь баримтуудын ирэлт байх болно. Өнөөдөр чиний туулдаг, хийдэг, илэрхийлдэг бүхэн хожмын шалгалтуудын суурийг тавьдаг ба хамгийн наад зах нь чи бие даан амьдарч чаддаг байх ёстой. Өнөөдөр чуулган дахь олон хүний нөхцөл байдал ерөнхийдөө дараах байдалтай байдаг: Хэрвээ чуулганы ажлыг хийх удирдагчид, ажилчид байгаа бол тэд баярладаг бөгөөд байхгүй бол баяр хөөргүй байдаг; тэд чуулганы ажилд ч, өөрсдийн сүнслэг амьдралд ч анхаарал хандуулдаггүй ба тэдэнд өчүүхэн төдий ч ачаа байдаггүй—яг Ханхао шувуутайа адил. Үнэнийг хэлэхэд, олон хүний хувьд Миний ажил бол зүгээр л байлдан дагуулалтын ажил юм, учир нь олон хүн үндсэндээ төгс болгуулах үнэ цэнгүй байдаг. Хүмүүсээс тун цөөхөн нь л төгс болгуулж чадна. Хэрвээ эдгээр үгийг сонсчхоод, “Бурханы хийдэг ажил хүмүүсийг байлдан дагуулахын төлөө л байдаг юм чинь би хааш яаш л дагана” гэж чи боддог бол тийм хандлага яаж хүлээн зөвшөөрч болохуйц байх юм бэ? Хэрвээ чи үнэхээр мөс чанартай бол чамд ачаа болон хариуцлагын мэдрэмж байх ёстой. Чи ингэж хэлэх ёстой: “Би байлдан дагуулагдах эсвэл төгс болгуулах эсэхээ тоохгүй, гэхдээ би гэрчлэлийн энэ алхмыг зүй зохистой хийх ёстой.” Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханаар бүрэн байлдан дагуулагдаж чадна, эцэст нь хүн Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээрээ Бурханы хайрыг хариулж, өөрийгөө Бурханд бүрмөсөн зориулснаар Бурханыг хангалуун байлгаж чадна. Энэ бол хүний хариуцлага, энэ нь хүний биелүүлэх учиртай үүрэг, хүний үүрэх учиртай ачаа бөгөөд хүн энэ даалгаврыг гүйцэтгэх ёстой. Зөвхөн тэр үед л тэрээр Бурханд үнэхээр итгэнэ. Өнөөдөр чуулганд хийдэг зүйл чинь чиний хариуцлагын хэрэгжилт үү? Энэ нь ачаа үүрсэн эсэхээс чинь хамаардаг, мөн мэдлэгээс чинь хамаардаг. Энэ ажлыг туулахад хэрвээ хүн байлдан дагуулагдсан агаад жинхэнэ мэдлэгтэй бол өөрийн хэтийн ирээдүй, хувь заяаг үл харгалзан дуулгавартай байж чадна. Ийм маягаар Бурханы агуу ажил бүхэлдээ биелнэ, учир нь энэ хүмүүс үүнээс илүүг хийх чадваргүй бөгөөд илүү өндөр шаардлагыг хэрэгжүүлж чадахгүй. Гэсэн ч ирээдүйд зарим хүн төгс болгуулна. Тэдний хэв чанар сайжирч, сүнсэндээ илүү гүн гүнзгий мэдлэгтэй болж, амь нь өснө… Гэхдээ зарим нь үүнд хүрч огт чадахгүй байх тул аврагдаж чадахгүй. Тэд аврагдаж чадахгүй гэж Миний хэлсэнд шалтгаан бий. Ирээдүйд зарим нь байлдан дагуулагдах болно, зарим нь таягдан хаягдана, зарим нь төгс болгуулна, зарим нь ашиглагдана—иймээс зарим нь гай зовлон амсаж, зарим нь шийтгэл (байгалийн гамшиг болон хүний бий болгосон гай гамшгийн аль алийг) туулна, зарим нь таягдан хаягдаж, зарим нь амьд үлдэнэ. Ийнхүү бүгд төрлийнхөө дагуу ангилагдаж, бүлэг тус бүр нь тухайн хүний төрлийг төлөөлнө. Бүх хүн таягдан хаягдахгүй, мөн бүх хүн төгс болгуулахгүй. Учир нь Хятад хүмүүсийн хэв чанар маш дорд бөгөөд Паул шиг өөрийн ухамсартай хүн тэдний дунд ердөө хэдхэн байдаг. Энэ хүмүүсийн дундаас цөөхөн нь Петрийнх шиг Бурханыг хайрлах шийдвэртэй, эсвэл Иовынх шиг итгэлтэй байдаг. Давид шиг хэмжээнд Еховаг хүндэлж, Еховад үнэнчээр үйлчлэх түвшний хүн бараг байдаггүй. Та нар хэчнээн өрөвдөлтэй вэ!

Өнөөдөр, төгс болгуулах тухай яриа бол ердөө л нэг тал юм. Юу ч тохиолдсон бай хамаагүй та нар гэрчлэлийн энэ алхмыг зүй зохистой хийх ёстой. Хэрвээ та нараас сүмд Бурханд үйлчлэхийг хүссэн бол та нар яаж хийх байсан бэ? Хэрвээ чи тахилч биш бөгөөд ууган хүүгийн юм уу Бурханы хөвгүүдийн байр суурьгүй бол үнэнч байх чадвартай хэвээр байх уу? Чи хаанчлалыг түгээх ажилд бүх хүчин чармайлтаа зориулж бас л чадах уу? Чи Бурханы даалгасан ажлыг зүй зохистой хийх чадвартай хэвээр байх уу? Чиний амь хэр их өссөнийг үл харгалзан өнөөдрийн ажил чамайг бүрэн үнэмшүүлж, бүх үзлээ хойш тавихад хүргэнэ. Чамд амийг эрж хайхад хэрэгтэй зүйл байсан ч бай, үгүй ч бай, ерөнхийдөө Бурханы ажил чамайг бүрэн үнэмшүүлнэ. Зарим хүн: “Би Бурханд итгэдэг боловч амийг эрэлхийлэх гэж юу болохыг ойлгодоггүй” гэдэг. Зарим нь: “Би Бурханд итгэх итгэлдээ бүх будилчихлаа. Би төгс болгуулж чадахгүй гэдгээ мэднэ, иймээс гэсгээгдэхэд бэлэн байна” гэж хэлдэг. Гэсгээгдэж, устгагдахад бэлэн байгаа ийм хүмүүсээр ч гэсэн, өнөөдрийн ажлыг Бурхан хийж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Зарим хүн бас: “Би төгс болгуулъя гэж гуйдаггүй боловч өнөөдөр Бурханы бүх сургалтыг хүлээн авахад бэлэн байгаа бөгөөд хэвийн хүн чанарыг амьдран харуулж, хэв чанараа сайжруулж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байна …” гэдэг. Үүгээрээ тэд бас байлдан дагуулагдаж, гэрчлэл хийсэн ба тэр хүмүүсийн дотор Бурханы ажлын тухай зарим нэг мэдлэг байгааг энэ нь баталдаг. Ажлын энэ үе шат туйлын хурдан хийгдсэн бөгөөд ирээдүйд хилийн чанадад бүр ч илүү хурдан хийгдэнэ. Өнөөдөр хилийн чанад дахь хүмүүс тэсэн ядан хүлээж, бүгд Хятад руу яарч байгаа—иймээс хэрвээ та нар бүрэн төгс болгуулж чадахгүй бол хилийн чанад дахь хүмүүст саад учруулна. Тэр үед та нар ямар байхаас үл хамааран, цаг нь ирэхэд Миний ажил эцэслэн дуусна! Та нар хэр сайн орсныг, эсвэл ямархуу вэ гэдгийг чинь Би анхаардаггүй; Миний бүх ажил та нараас болж саатахгүй. Би бүх хүн төрөлхтний ажлыг хийдэг ба Миний хувьд та нарт илүү их цаг зарцуулах хэрэггүй! Та нар хэтэрхий урам зориггүй, өөрсдийн ухамсар хэтэрхий дутмаг! Та нар төгс болгуулах үнэ цэнгүй—бараг ямар ч чадамжгүй! Ирээдүйд хүмүүс маш хааш яаш, салан задгай байсаар байж, өөрсдийн хэв чанарыг сайжруулах чадваргүй хэвээр үлдсэн ч гэсэн энэ нь бүхий л орчлон ертөнцийн ажлыг зогсоохгүй. Бурханы ажил дуусах цаг ирэхэд энэ нь дуусаж, хүмүүсийн таягдан хаягдах цаг ирэхэд тэд таягдан хаягдана. Мэдээж төгс болгуулах учиртай, төгс болгуулах үнэ цэнтэй хүмүүс ч бас төгс болгуулна—гэхдээ хэрвээ та нарт үнэхээр ямар ч найдвар байхгүй бол Бурханы ажил та нарыг хүлээхгүй! Эцэст нь чи байлдан дагуулагдах юм бол үүнийг ч бас гэрчлэл хийж байна хэмээн тооцно; Бурханы та нараас шаарддаг зүйлд хязгаар байдаг; хүний биеийн хэмжээ хэр өндөрт хүрч чадна, тэр нь түүнээс шаарддаг гэрчлэлийн өндөр юм. Ийм гэрчлэл хамгийн өндөр хязгаарт хүрч, цангинасан байна гэж хүний төсөөлдөгтэй энэ нь адилгүй—Хятад хүмүүс та нарт энэ нь биелэхийн аргагүй. Би энэ бүх хугацаанд та нартай харилцсан бөгөөд та нар өөрсдөө үүнийг харсан: Би та нарт эсэргүүцэхгүй бай, тэрслэхгүй бай, Миний нүднээс далдуур үймээн, саад учруулах зүйл битгий хий гэж хэлсэн. Би эдгээр үгийг та нарын нүүрэн дээр олон удаа хэлсэн боловч хангалтгүй байсан—Намайг эргээд хармагц тэд өөрчлөгддөг, тэгэнгээ зарим нь огт гэмшихгүйгээр нууцаар Намайг эсэргүүцдэг. Намайг юу ч мэддэггүй гэж чи бодож байна уу? Надад төвөг удаад яах ч үгүй гэж чи бодож байна уу? Ар хударгаар минь Миний ажлыг нураахаар оролдож байгааг чинь мэдэхгүй гэж чи бодож байна уу? Чиний ялихгүй жаахан заль мэх ёс жудгийг чинь орлож чадна гэж бодож байна уу? Чи үргэлж хараажаар дуулгавартай байдаг боловч далдуур урвамтгай байдаг ба зүрх сэтгэлдээ хорон муу бодол нуудаг, чам шиг хүмүүст үхэл хүртэл хангалттай шийтгэл биш. Чам дахь Ариун Сүнсний багахан ажил Намайг гэсэн хүндлэлийг чинь орлож чадна гэж чи бодож байна уу? Тэнгэрийг дуудан хашхирснаар гэгээрэл олж авсан гэж бодож байна уу? Чи ичгүүр сонжуургүй юм! Чи бол маш үнэ цэнгүй! Чиний “сайн үйл хэрэг” Тэнгэрийг хөдөлгөсөн болохоор чамайг онцлон, уран цэцэн үгтэй төрөлхийн авъяас билгийг чамд хайрлаж, бусдыг хуурч, Намайг хуурах боломж олгосон гэж чи бодож байна уу? Чиний ухаалаг байдал хэчнээн дулимаг вэ! Чиний гэгээрэл хаанаас ирж байгааг чи мэдэх үү? Хэний хоолыг идэж өссөнөө чи мэдэхгүй гэж үү? Ямар мөс чанаргүй юм бэ! Та нарын дотроос зарим нь дөрөв таван жилийн харьцалтын дараа ч өөрчлөгдөөгүй; та нар эдгээр хэрэг явдлын талаар тодорхой мэднэ, мөн уг чанарынхаа талаар тодорхой мэдэж байх ёстой—иймээс нэг л өдөр хаягдах үедээ бүү дургүйц. Өөрсдийнхөө дээр, доор байдаг хүмүүсийн аль алийг үйлчлэлээрээ хуурдаг зарим хүн ихээхэн харьцалт амссан; мөнгөнд шунахайгаасаа болоод зарим нь ихээхэн харьцалт туулсан; эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох тодорхой зааг хязгаарыг баримтлаагүйн улмаас зарим нь ихээхэн харьцалт амссан; зарим нь залхуу агаад махан биеэ л анхаарч, чуулганд ирэх үедээ зарчмын дагуу үйлддэггүй учраас ихээхэн харьцалт туулсан; зарим нь хаа явсан газраа гэрчлэл хийж чаддаггүй, дур зоргоороо, болчимгүй авирлаж, бүр зориуд нүгэл үйлддэг учраас олон удаа сануулга авсан; зарим нь цуглааны үеэр ердөө үг, сургаал ярьж, бусдаас илүү дээр мэт аашилж, өчүүхэн төдий ч үнэн-бодит байдалгүй байж, ах эгч нарынхаа эсрэг хуйвалдаж, тэдэнтэй өрсөлдөж байдаг—тэд ихэвчлэн үүнийхээ улмаас илчлэгдсэн. Би эдгээр үгийг та нарт маш олон удаа хэлсэн ба өнөөдөр энэ тухай дахиж ярихгүй—хүссэнээ хийцгээ! Өөрсдийнхөө шийдвэрийг гарга! Олон хүн энэ харьцалтад ердөө ганц хоёр жил өртөөгүй, заримынх нь хувьд гурав, дөрвөн жил болсон, зарим нь үүнийг арваас дээш жил туулж байгаа ба итгэгчид болох үедээ харьцалтад өртсөн боловч өнөөг хүртэл тэдэнд өчүүхэн өөрчлөлт гарсан. Чи юу гэх вэ, чи гахайтай адил биш гэж үү? Бурхан чамд шударга бус хандаж байгаа юм гэж үү? Та нарыг тодорхой түвшинд хүрч чадахгүй л бол Бурханы ажил дуусахгүй гэж бүү бод. Хэрвээ та нар Бурханы шаардлагыг биелүүлж чадахгүй бол Тэр та нарыг хүлээсээр байна гэж үү? Би чамд ний нуугүй хэлье—тийм биш. Аливааг тийм өөдрөгөөр бүү хар! Өнөөдрийн ажилд цаг хугацааны хязгаар байгаа, Бурхан зүгээр л чамтай тоглож байгаа юм биш! Урьд нь, үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтыг туулах цаг ирэхэд, хэрвээ Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсоё гэвэл тодорхой түвшинд байлдан дагуулагдах ёстой—дуртайяа, баяртайяа үйлчлэл үзүүлэгч байх ёстой ба Бурханыг өдөр бүр магтаж, өчүүхэн төдий ч хааш яаш, хайнга байж болохгүй гэж хүмүүс боддог байсан. Зөвхөн тэр үед л тэд үнэхээр үйлчлэл үзүүлэгч байж чадна гэж тэд бодсон, гэхдээ энэ нь үнэхээр тийм гэж үү? Тэр үед янз бүрийн хүмүүс илчлэгдсэн; тэд төрөл бүрийн ааш авир гаргасан. Зарим нь гомдоллож, зарим нь үзэл тарааж, зарим нь цуглаанд оролцохоо больж, зарим нь бүр чуулганы мөнгийг үрсэн. Ах эгч нар бие биеийнхээ эсрэг хуйвалдсан. Энэ нь үнэхээр асар их чөлөөлөлт байсан боловч үүнд нэг сайн зүйл байсан: Хэн ч ухраагүй. Тэр талаар хэлж болох хамгийн сайн зүйл энэ юм. Тэд үүнээс болж Сатаны өмнө гэрчлэл хийсэн бөгөөд дараа нь Бурханы ардуудын ялгамж чанарыг олж авч, өнөөдрийг хүртэл явсан. Бурханы ажил чиний төсөөлсөн шиг явагддаггүй. Цаг нь болоход та нар ямар байхаас үл хамааран ажил дуусна. Зарим хүн: “Ингэж авирласнаар Та хүмүүсийг авардаггүй, эсвэл хайрладаггүй—Та бол зөвт Бурхан биш” гэж хэлж магад. Би чамд ний нуугүй хэлье: Миний өнөөдрийн ажлын гол цөм нь чамайг байлдан дагуулж, чамаар гэрчлэл хийлгэх явдал юм. Чамайг аврах нь ердөө нэмэлт зүйл; аврагдах уу, үгүй юү гэдэг чинь чиний эрэл хайгуулаас хамаардаг ба Надтай холбоогүй. Гэсэн ч Би чамайг байлдан дагуулах ёстой; Намайг бурантагтай тэмээ шиг хөтлөхөөр үргэлж бүү оролд—өнөөдөр Би ажиллаж, чамайг авардаг, эсрэгээрээ биш!

Өнөөдөр та нарын ойлгосон зүйл түүхэн туршид төгс болгуулаагүй ямар ч хүнийхээс илүү өндөр. Шалгалтын талаарх мэдлэг чинь, эсвэл Бурханд итгэх итгэл чинь ямар ч итгэгчийнхээс өндөр. Та нарын ойлгодог зүйл орчны шалгалтыг туулахаасаа өмнө мэдэж авсан зүйл боловч жинхэнэ биеийн хэмжээ чинь тэдгээртэй огт нийцэлгүй байдаг. Та нарын мэддэг зүйл хэрэгжүүлдэг зүйлээс чинь илүү өндөр. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг хайрлах ёстой ба ерөөлийн төлөө бус, харин Бурханы хүслийг хангалуун байлгахын төлөө л хичээх ёстой гэж та нар хэлдэг ч амьдралд чинь илэрхийлэгддэг зүйл үүнээс асар өөр бөгөөд ихээхэн өө сэвтэй. Ихэнх хүн амар амгалан байдлын төлөө болон бусад ашиг тусын төлөө Бурханд итгэдэг. Чиний ашиг тусын төлөө л биш бол чи Бурханд итгэдэггүй ба Бурханы нигүүлслийг хүлээн авч чадахгүй бол уруу царайлдаг. Энэ нь яаж чиний жинхэнэ биеийн хэмжээ байх юм бэ? Хүүхдүүд өвдөх, нөхөр эмнэлэгт хэвтэх, ургац муу ургах, гэр бүлийн гишүүдийн хавчлага гэх мэт гэр бүлийн зайлшгүй хэрэг явдлын тухайд гэвэл чи өдөр тутмын амьдралд ихэвчлэн тохиолддог эдгээр зүйлийг ч даван гарч чаддаггүй. Тийм зүйл тохиолдох үед чи самгардаж юу хийхээ мэдэхээ больдог—тэгээд ихэнхдээ Бурханы талаар гомдоллодог. Бурханы үг чамайг хуурч, Бурханы ажил чамаар доог тохуу хийсэн гэж чи Бурханд гомдоллодог. Та нарт тийм бодол байдаггүй гэж үү? Та нарын дунд тийм зүйлс тун ховорхон тохиолддог гэж чи бодож байна уу? Та нар тийм үйл явдлуудын дунд амьдарч өдөр бүрийг өнгөрөөдөг. Тэгээд Бурханд итгэх итгэлийнхээ амжилтыг болон Бурханы хүслийг хэрхэн хангалуун байлгах талаар өчүүхэн төдий ч бодож үздэггүй. Та нарын жинхэнэ биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бүр бяцхан дэгдээхэйнхээс ч илүү жаахан. Нөхрийн чинь бизнес алдагдалд ороход та нар Бурханы талаар гомдоллодог, Бурханы хамгаалалтгүй орчинд орсноо мэдэх үедээ мөн л Бурханы талаар гомдоллодог, дэгдээхэйнүүдийн чинь нэг нь үхэхэд, эсвэл малын хашаан дахь үхэр чинь өвдөхөд хүртэл гомдоллодог. Хүү чинь гэрлэх болсон ч танай гэр бүлд хангалттай мөнгө байхгүй байвал та нар гомдоллодог; гэртээ зочин байлгах үүрэг биелүүлэхийг хүсдэг боловч тэгж чадахгүй байх үедээ бас л гомдоллодог. Чиний гэдэс гомдлоор дүүрсэн байдгаас болоод чи заримдаа цуглаанд явдаггүй, эсвэл Бурханы үгийг идэж, уудаггүй бөгөөд чи асар урт хугацааны турш сөрөг болж магадгүй байдаг. Өнөөдөр чамд тохиолддог нэг ч зүйл чиний хэтийн ирээдүй, эсвэл хувь заяатай ямар нэгэн холбоогүй; хэрвээ чи Бурханд итгээгүй бол эдгээр зүйл мөн л тохиолдох байсан, гэсэн ч чи тэдгээрийн хариуцлагыг Бурхан руу чихэж, Бурхан чамайг таягдан хаясан гэж зүтгэсээр байдаг. Чи Бурханд чухамдаа хэр итгэдэг вэ, өөрийнхөө амийг үнэхээр өргөн барьсан уу? Хэрвээ та нар Иовтой адил шалгалт амссан бол өнөөдөр Бурханыг дагадаг та нарын дундаас нэг нь ч бат зогсож чадалгүй, бүгд унах байсан юм. Та нарыг Иовтой харьцуулбал яг л тэнгэр газар шиг асар их ялгаатай. Өнөөдөр, эд хөрөнгийн чинь хагасыг булаан авсан бол та нар Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж зүрхлэх байсан; хүү юм уу охиныг чинь авсан бол та нар гудамжаар гүйн хараах байсан; амьдрал чинь мухардалд орсон бол Бурхантай тооцоо бодохоор оролдож, чамайг айлгахын тулд анх яагаад маш олон үг хэлснийг минь асуух байлаа. Тийм үед та нар юу ч хийж зүрхэлнэ. Та нар үнэхээр юу ч ойлгоогүй бөгөөд жинхэнэ биеийн хэмжээ огт байхгүйг чинь энэ нь харуулдаг. Тиймээс та нарыг шалгах шалгалтууд хэтэрхий их, учир нь та нар дэндүү ихийг ойлгодог боловч үнэхээр мэддэг зүйл чинь та нарын ухамсарласан зүйлийн мянганы нэгд ч хүрэхгүй. Ойлголт мэдлэг төдийхнөөр бүү зогс; та нар үнэндээ хэр ихийг хэрэгжүүлж чадахаа, мөн шаргуу ажлын чинь хэр их хөлс хүч Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт болж хувирсныг болон хэр олон хэрэгжүүлэлтдээ өөрсдийнхөө шийдвэрийг биелүүлснээ харсан чинь дээр. Чи өөрийнхөө биеийн хэмжээ болон хэрэгжүүлэлтийг нухацтай авч үзэх ёстой. Бурханд итгэх итгэлээрээ чи зүгээр л хэн нэгэнд хийсэн дүр үзүүлэхээр хичээх ёсгүй—эцэстээ үнэн болон амийг олж авч чадах уу, үгүй юү гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг.

Тайлбар:

а. Ханхао шувууны түүх нь шоргоолж, царцаа хоёрын тухай Эзопын ёгт үлгэртэй тун адилхан. Ханхао шувуу өөрийн хөрш, алаг шаазгайн олон удаагийн анхааруулгыг үл харгалзан, цаг агаар дулаахан байх зуур үүрээ барихын оронд унтахыг илүүд үздэг. Өвөл болоход уг шувуу хөлдөж үхдэг.

Өмнөх: Гурвал оршин байдаг уу?

Дараах: Хэрэгжүүлэлт 4

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих