Үхлийн ирмэг дээр надад Төгс Хүчит Бурхан тусалсан

2020-08-24

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм төлөөс төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлж чадахгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Урьд нь би энэ хэсгийг уншихдаа онолын хувьд л ойлгосон болохоос хэзээ ч үнэхээр ойлгож, ухаараагүй юм. Хожим нь ХКН-д баривчлагдаад, хавчигдаж, харгисаар эрүүдэн шүүгдэж, Сатанд тамлуулж байхад минь Бурханы үг л намайг үхлийн савраас мултрахад удаа дараа замчилсан даа. Би Бурханы гайхалтай үйл хэргийг харж, Түүний үгийн эрх мэдэл бүх зүйлийг даван гардгийг мэдэрсэн. Тэгээд Бурханыг бага зэрэг ойлгож авч, итгэл минь нэмэгдсэн юм.

Тэгэхэд 2006 он байлаа, би чуулганд Бурханы үгийн номын хэвлэлтийг хариуцдаг байсан. Нэг удаа хүргэлтийн үеэр ном хүргэлт хариуцсан зарим ах эгч, хөлсөлсөн хэвлэх газрын маань жолооч бүгд ХКН-ын цагдаа нарт баривчлагдсаныг санаж байна. Тэр машинд байсан “Үг нь махбодоор илэрсэн” номын арван мянган хувийг бүгдийг нь хураасан. Тэр жолооч биднээс урвасан болохоор эцэст нь арав гаруй ах эгч баривчлагдлаа. Тэр хэрэг хоёр мужид шуугиан тарьж, дараа нь Төв Хороо үүнийг хянаж эхэлсэн. Хожим нь ХКН-ын засгийн газар чуулганы удирдагч гэдгийг минь олж мэдээд, ажлын минь цар хүрээг мөрдөхийн тулд зэвсэглэсэн цагдаа хүртэл дайчилсан байсан. Тухайн үед тэд бидэнтэй хамтран ажиллаж байсан хэвлэх газрын хоёр машин, нэг ачааны машин, бас 65,500 юанийг бэлнээр хураасан байсан. Тэгээд бас хүргэлтэд тусалж байсан ах эгч нараас 3,000 гаруй юань авсан юм. Дараа нь цагдаа нар манай гэрийг хоёр удаа ирж нэгжээд, тэр болгондоо хаалгыг бут цохин онгойлгодог байлаа. Тэд барьж авсан бүхнээ эвдэлж, хэмхэлж, гэрийг маань ёстой орвонгоор нь эргүүлсэн дээ. Эцэст нь ХКН намайг баривчлаагүй ч гэлээ манай хөршүүд, надтай холбоотой бусад хүнийг саатуулж миний байгаа газрыг албадан хэлүүлэхээр оролдсон байсан.

Би ХКН-ын баривчилгаа, хавчлагаас зугтахын тулд алс хол байдаг хамаатныхаа гэр лүү дүрвэхээс өөр аргагүй болсон. Гайхмаар нь, намайг тэнд байсан гурав дахь орой нутгийн маань цагдаа нар орон нутгийн зэвсэглэсэн цагдаа, эрүүгийн цагдаа нартай хамтарч, 100 гаруй хүн хамаатны маань гэрийг юу ч гарахааргүй нягт бүсэлсэн байлаа. Дараа нь цагдаа нар байшин руу дайран орсон. Арав гаруй цагдаа миний толгой руу буугаа онилоод, “Ганц л хөдөлбөл үхнэ гэж мэдээрэй!” гэж нэг нь хашхирлаа. Тэд намайг гавлах гэж эв хавгүй яарцгаан, баруун гарыг минь мөрөн дээгүүр давуулан нугалж, хойноос зүүн гарыг минь зулгаасан. Тэгээд гавлаж чадахгүй болохоороо нэг гарыг минь дээш татах гэж нуруун дээр хөлөө тавиад, хоёр бугуйг минь хүчлэн гавласан юм. Тэгэхэд тэсвэрлэхийн аргагүй өвдөж байлаа. Цагдаа нар надаас олсон 650 юаниа аваад чуулганы мөнгө хаана байгааг асууж, бүгдийг нь гаргаж өг гэлээ. Үүнд нь би багтартлаа уурласан юм. Тэд ямар юмных нь “ардын цагдаа” байх вэ дээ? Би цуглаанд оролцож, Бурханы үгийг уншиж, итгэлдээ үүргээ гүйцэтгэсэн байтал намайг л баривчлахын тулд тэд ийм олноороо цуглаж, эцсээ хүртэл явчхаад одоо бас чуулганы мөнгийг тонон дээрэмдэж, шамшигдуулахыг хүснэ гэнэ. Энэ инээдэм биш шүү! Юм хэлэхгүй байгааг минь хараад нэг цагдаа ирж, хоёр удаа үнэхээр хүчтэй дэлсээд, намайг өшиглөж, газар унагаасан. Тэгээд хөл бөмбөг шиг ээлжлэн өшиглөцгөөлөө. Би өвдсөндөө ухаан алдсан юм. Ухаан ортол, төрсөн нутаг руу минь буцаж байгаа цагдаагийн машин дотор явж байлаа. Машин дотор цагдаа нар надад хүнд дөнгө зүүлгэж, нэг талаас нь хүзүү, нөгөө талаас нь хоёр хөлийг маань гинжилсэн байлаа. Би унахгүйн тулд эвхрэн урвуугаа хараад, цээж, толгойгоо түшихээс өөр аргагүй байсан. Шаналж байгааг минь хараад цагдаа нар зүгээр л шоолон инээж, элдэв янзын доромжлол хэлсэн. Төгс Хүчит Бурханд итгэдгээс минь болоод тэгж хандаж байгааг би маш сайн мэдэж байсан л даа. Нигүүлслийн эрин үед Бурханы хэлсэн энэ эшлэл санаанд орсон: “Хэрвээ дэлхий ертөнц та нарыг үзэн ядвал та нарыг үзэн ядахаасаа өмнө Намайг үзэн ядсан гэдгийг мэдэж ав(Иохан 15:18). Намайг тэгж доромжлох тусам нь тэдний муу муухай байдал, Бурханыг үзэн яддаг сатанлаг, ёрын муу уг чанарыг улам тодорхой харсан. Тэгээд тэднийг бүр ч их үзэн ядсан юм. Би сэтгэл дэх залбиралдаа Бурханыг тасралтгүй дуудаж, ямар ч янзын эрүү шүүлттэй тулгарсан бай хамаагүй гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэхийн тулд зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж Бурханаас гуйлаа. Залбирсны дараа Бурханы ийм үг бодогдсон юм: Бурхан ингэж хэлсэн байдаг: “Миний дотор чимээгүй бай, учир нь Би чиний Бурхан, та нарын цорын ганц Золин Аврагч. Та нар зүрх сэтгэлээ цаг үргэлж тайван байлгаж, Миний дотор амьдрах ёстой; Би чиний хад, та нарын тулгуур(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Энэ үнэн. Хүний бүх зүйл Бурханы мэдэл, зохицуулалт дор байдаг, бидний үхэх, сэхэх эсэхийг Бурхан л эцэслэн шийддэг шүү дээ. Төгс Хүчит Бурхан ард минь байхад би юунаасаа айх юм бэ? Энэ бодол итгэлийг минь сэргээж, айсуй харгис эрүү шүүлттэй нүүр тулахдаа Бурханд түшиглэхэд би бэлэн болсон юм.

18 цаг орчим замд явахад өвдөлтөөсөө болж хэчнээн ч удаа ухаан алдсан юм, бүү мэд. Нутгийнхаа цагдан хорих газарт очиход шөнийн 2 цаг өнгөрч байсныг л санаж байна. Хамаг биеийн цус царцсан юм шиг санагдаж, гар хөл маш их хавагнаж, мэдээ алдаад хөшчихсөн, хөдөлгөж огт болохгүй байлаа. “Тэр залуу үхчихсэн юм уу?” гэж хоёр цагдаа миний талаар ярих нь сонсогдсон. Дараа нь тэд дөнгөнөөс зулгаан, намайг доош татлаа. Гавын шүд мах руу шигдэж байгаа нь мэдрэгдээд, намайг тэд машинаас чанга чирч гарган, газар унагаасан юм. Би өвдсөнөөсөө болоод ухаан алдсан. Удалгүй нэг цагдаа намайг чанга өшиглөн сэрээгээд, цаазын ялтнуудын хорих өрөөнд ширүүхэн чирч орууллаа. Маргааш нь, бүгд буутай арав гаруй цагдаа намайг цагдан хорих газраас авч яваад, хотын гаднах бөглүү газарт аваачсан. Тэнд өндөр ханаар хүрээлэгдсэн том хашаа байлаа. Үнэхээр өндөр хамгаалалттай харагдсан шүү. Зэвсэглэсэн цагдаа харуулд зогсон, хаалганых нь пайзан дээр “Цагдаагийн нохой сургах бааз” гэж бичээтэй байлаа. Өрөөнд ороход элдэв янзын эрүү шүүлтийн хэрэгсэл дэлгэн тавьсан байгаа харагдсан. Үүнийг хараад цус царцах шиг л болсон доо. Цагдаа нар эхлээд намайг хашааны голд зогсоогоод, битгий хөдөл гэж тушаасан юм. Тэгээд тор онгойлгож, дөрвөн догшин нохой гаргаад над руу заан, “Очоод ал!” гэж тушаалаа. Тэр дөрвөн нохой бүгд над руу зэрлэгээр дайран ирж, би ч айсандаа нүдээ хурдхан аньсан юм. Би мэгдэн цочиж, толгой дүнгэнэж байлаа. “Бурхан минь! Намайг авраач! Намайг авраач дээ!” гэх ганцхан бодол л толгойд эргэлдэж байсан. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханыг ахин дахин дуудсан юм. Хэсэг хугацааны дараа, тэр ноход зүгээр л хувцсыг минь хазаж байгаа болохоос намайг огт гэмтээгээгүй болохыг гэнэт ухаарсан. Бас нэг нохой мөрөн дээгүүр налаад, намайг үнэрлэж, нүүр долоож байлаа. Тэр нохой ч бас намайг гэмтээгээгүй. Тэгээд би Библид гардаг эш үзүүлэгч Даниелийн талаар гэнэт бодлоо. Даниел Бурханыг шүтэн мөргөдөг байсан учраас арслангийн үүрэнд хаягдсан, гэхдээ Бурхан түүнтэй хамт байсан. Бурхан тэнгэрэлчүүдийг илгээж, арслангуудын амыг тагласан болохоор өлсгөлөн арслангууд Даниелд ямар ч хор хүргээгүй шүү дээ. Тэгж бодоод итгэл минь нэмэгдлээ. Бүх юм Бурханы гарт байдаг, үхэх үү, сэхэх үү гэдгийг минь Бурхан шийддэг гэдгийг үнэхээр мэдэрсэн. Тэгээд, “Өнөөдөр Бурхан итгэлийнхээ төлөө амиа өргөх боломж олговол нэр төрийн хэрэг болно, би гомдоллохгүй” гэж бодлоо. Үхлийн талаарх бодолд хязгаарлагдалгүй Бурханы төлөө гэрчлэлд зогсохын тулд амиа өргөхөд бэлэн болмогцоо Бурханы бас нэгэн гайхалтай үйл хэргийг би харсан. “Ал! Алаач!” гэж тэр цагдаа нар хашхичиж байгаа нь сонсогдож байлаа. Гэхдээ ноход зүгээр л над дээр ирж, хувцсыг минь хазаж, намайг үнэрлэж, долоочхоод эргээд гүйгээд явчихсан. Цагдаа нар нохдыг зогсоож, над руу эргүүлж авчран дайруулах гэж үзсэн ч ноход сандарсандаа тарж зугтаад, намайг бас л хазаагүй. Цагдаа нар гайхацгаан, “Ноход хазахгүй байдаг нь яасан хачин юм бэ!” гэцгээж байлаа. Үүнийг сонсоод Бурханы ийм үг бодогдсон: “Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай, ямарваа зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол бүх зүйлийг удирддаг Бурханы арга зам юм(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Цагдаагийн сүрэг нохдын дунд эсэн мэнд үлдсэн нь Бурхан намайг чимээгүйхэн хамгаалж, төгс хүчин, гайхалтай үйл хэргээ харуулж байгаагаас болсон юм. Тэгээд Бурханд итгэх итгэл минь бүр ч нэмэгдлээ.

Цагдаа нар юм өөрсдийнх нь санаснаар нь болохгүй байгааг хараад намайг эрүү шүүлтийн өрөөнд оруулж, хананаас гавлан дүүжилсэн. Тэгэхэд хоёр бугуй хугарчих шиг гэнэт час хийсэн өвдөлт мэдрэгдлээ. Гэхдээ тэд бас л зүгээр байхгүй, намайг цохиж, өшиглөж эхэлсэн юм. Нэг нь эцэж цуцмагц өөр нэг нь эхэлдэг байлаа. Би хөх няц болтлоо зодуулж, маш их цус алдсан. Орой болсон ч тэд намайг зүгээр байлгахгүй л байлаа. Нүдээ жаахан анимагц л цахилгаан бороохойгоор цохиж, “Чамайг ухаан алдуулах юм бол, би яг тэр аргаар нь сэргээнэ!” гэж нэг цагдаа намайг цохингоо хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод, намайг биеэ барьж чадахгүй болтол тарчилгаад, эрүүл саруул сэтгэж чадахгүй болох үед минь чуулганы талаар мэдээлэл хэлүүлэхийн тулд Сатан намайг буулгаж авах гэж элдэв янзын харгис эрүү шүүлт хэрэглэж байгааг нь мэдсэн юм. Тэгвэл тэд ах эгч нарыг баривчилж, чуулганы мөнгийг хурааж чадах байсан юм. Би өвдөлтийг тэсвэрлэн шүд зууж, “Дүүжлүүлсэн ч Сатанд хэзээ ч бууж өгөхгүй” гэж өөртөө анхааруулсан. Тэд намайг дараа өдрийн үүр цайтал тэгж эрүүдсээр л байсан. Би ямар ч тэнхэлгүй болж, үхвэл амсхийх юм шиг санагдаж, цааш тэсвэрлэх ямар ч эрч хүчгүй боллоо. Тэгээд, “Өө Бурхан минь! Махан бие минь сул дорой болохоор цаашид үүнийг үнэхээр тэсвэрлэж чадахгүй нь. Намайг амь амьсгаатай, сэрүүн, сэхээтэй байгаа дээр сүнсийг минь аваач гэж Танаас гуйя. Би Иудас болж Танаас урвахгүй” гэж зүрх сэтгэлдээ Бурханыг тасралтгүй дуудаж байсан. Залбирсны дараа Бурханы эдгээр үг бодогдсон юм: “Бурханы ажлын энэ шатанд Бурхан махбодод ирж, улмаар агуу улаан лууны оршин суудаг газарт төрсөн учраас энэ удаа газар дээр ирэхэд нь урьдынхаас илүү ноцтой аюул дагалддаг. Түүний нүүр тулдаг зүйл нь хутга, буу, муна, бороохой; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүний нүүр тулдаг зүйл нь харгис санаархлаар дүүрсэн зүс царайтай бөөн хүн юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурхан бол Бүтээгч. Бурхан дээдийн дээд, маш хүндтэй. Бурхан хоёр удаа махбод болж, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг аврахын тулд асар их доромжлол туулж, цаг үргэлж Сатаны мөшгөлт, хавчлагад өртөж, шашны ертөнцөд яллагдан гологдож, хоёр үеийнхэнд хоёуланд нь гологдсон. Бурханы зовлон асар их байсан. Бурханы хайрын тухай бодоод сэтгэл маш их хөдөлсөн болохоор би “Амь амьсгаатай байгаа цагт гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэнэ!” гэж сэтгэл шулуудсан юм. Удаан хугацаанд ам нээхгүй, өршөөл гуйхгүй байгааг минь хараад цагдаа нар намайг үхтэл нь зодчихоод, тайлан гаргаж өгч чадахгүй байх вий гэж айсан. Тэгээд зодохоо больж, зүгээр л дахин хоёр өдөр, хоёр шөнийн турш хананаас дүүжлээтэй орхилоо.

Тэгэхэд цаг агаар үнэхээр хүйтэн байсан юм. Би үнэхээр нимгэн хувцастай, шалба норсон байсны дээр олон хоног юу ч идээгүй байсан. Тэгээд цаашид нэг их удаан тэсэж чадахгүй мэт санагдаж байлаа. Яг тэр үед цагдаа нар миний сэтгэхүйд нөлөөлж, тархи угаах гэж сэтгэл зүйч авчраад, бас нэг арга мэхээ туршсан юм. “Та эцэг эхтэй, өөрийн гэсэн үр хүүхэдтэй, одоо ч залуугаараа байна. Баривчлагдсанаас тань хойш танай удирдагч ч, бусад итгэгч ч таныг огт хайхарсангүй шүү дээ. Тэдний төлөө ингэж их зовох нь тэнэглэл биш үү?” гэж сэтгэл зүйч хэлсэн. Эдгээр худал хуурмагийг сонсоод би, “Ах эгч нар маань намайг эргэх гэж ирвэл шууд л урхинд яваад орчихсон болно биз дээ? Та эдгээр арга мэхээр намайг хуурч, урхидаж, ах эгч бидний харилцааг далимдуулан Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, голоход хүргэх гэж байна. Үүнийг чинь би зөвшөөрөхгүй” гэж бодсон. Бурханы хамгаалалтын ачаар би Сатаны заль мэхийг нэвт харж, хууртаагүй юм. Сэтгэл зүйч аргаа бараад толгой сэгсрэн, “Энэ залуу ч өнгөрчээ. Бид яасан ч бай, юу ч хэлүүлж ер чадахгүй юм байна. Энэ ердөө буулт хийхгүй байна” гэсэн. Ингэж хэлчхээд толгой сэгсрэн, аргагүйдээд яваад өгсөн юм.

Гэхдээ цагдаа нар зөөлөн арга үйлчлээгүй гэдгийг хараад тэр дороо дахин үнэн төрхөө харуулж, дахиад нэг өдрийн турш намайг дүүжиллээ. Орой гэхэд би маш их даарч, хөлөөс толгой хүртлээ дагжин чичирч, хоёр гар салж унах гэж байх шиг санагдсан. Маш их өвдөж байсан шүү. Ухаан орж гарч, үнэхээр цааш тэсвэрлэж чадахааргүй санагдсан. Яг тэр үед гэнэт тус бүрдээ нэг метр орчим урт саваа барьсан баахан цагдаа яаран орж ирлээ. Тэгээд өвдөг, шагай руу хүчтэй балбаж, зарим цагдаа нь намайг чимхэж эхэлсэн. Маш их өвдөж, үхмээр санагдсан шүү. Тэгэхэд би үнэхээр биеэ барьж дийлэхээ больсон. Эцэст нь үнэхээр тэвчээр алдраад, уйлж эхэллээ. Бурханаас урвах бодол толгойд орж, ах эгч нарыг л үүнд татан оролцуулаагүй цагт өөрийнхөө итгэлийн талаар ярьж болох байх гэж бодсон юм. Уйлж байгааг минь хараад цагдаа нар намайг газар буулгалаа. Тэнд хэвтүүлж, жаахан ус хийж өгөөд, бага зэрэг амрахыг зөвшөөрсөн юм. Тэгээд урьдчилан зэхсэн үзэг цаас гаргаж ирээд, тэмдэглэл хөтлөхөд бэлэн болсон. Сатаны уруу таталтад улам гүн автаж, Бурханаас яг урвах гэж байхад минь Бурханы үг гэнэт санаанд тодхон буусан юм: “Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Энэ бол Миний зан чанар юм… Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй(“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы зан чанар ямар ч зөрчлийг хүлцдэггүй, Бурхан Өөрөөс нь урвасан хэнийг ч, хэзээ ч өршөөхгүй гэдгийг би эндээс ухаарсан юм. Ой ухаан минь гэнэт цэлмэж, Иудас 30 мөнгөн зоосны төлөө Эзэн Есүсээс урвасан нь бодогдсон. Би агшин зуурын бие махбодын тав тухын төлөө Бурханаас үнэхээр урвах гэж үү? Бурханы үг намайг амжиж залж чиглүүлж, гэгээрүүлээгүй бол магадгүй би Бурханаас урваж, үүрд яллагдах байсан байх! Яг тэгэхэд нэг магтан дууны мөр бодогдлоо: “Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы захиас зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Үүнийг сэтгэлдээ намуухан аялж, итгэл минь нэмэгдэхийг мэдэрлээ. Үхэл амьдрал минь Бурханы гарт байгаа, Бурханы зохицуулалтыг би дуулгавартай дагах ёстой гэдгээ мэдэж байлаа. Амь амьсгаатай байгаа цагт би гэрчлэлд зогсож, ХКН-ын чөтгөрүүдэд хэзээ ч бууж өгөхгүй байх ёстой!

Огт хөдөлгөөнгүй, зүгээр л шалан дээр хэвтэж байгааг минь хараад тэд намайг аргадсаар байлаа. “Ингэж их зовох хэрэг байна уу? Бид чамд буруугаа залруулж, мэддэг юмаа хэлэх боломж өгч байна шүү дээ. Чамайг хэлсэн хэлээгүй бид бүх зүйлийг угаасаа мэднэ. Чамд хэрэг тулгаж, ял оноох хангалттай гэрч, нотлох баримт байгаа” гэж нэг нь хэллээ. Намайг Бурханаас урвуулж, бусад итгэгчээс урвуулахын тулд мэддэг бүх аргаа ашиглаж байгааг хараад би уураа барьж дийлэлгүй, “Та нар бүгдийг нь мэдэж байгаа юм чинь надаас асуух ямар ч хэрэггүй. Би бүх юмыг мэддэг байлаа ч та нарт хэзээ ч хэлэхгүй!” гэж тэдэн рүү хашхирсан. Нэг цагдаа бухимдсандаа, “Өнөөдөр хэлэхгүй бол үхнэ гэж мэдээрэй. Эндээс амьд гарна гэж санахын ч хэрэггүй шүү!” гэлээ. Хариуд нь би, “Та нарын гарт орчихсон юм чинь угаасаа амьд гарна гэж бодоогүй ээ!” гэсэн. Уурандаа нэг цагдаа гэдэс рүү өшиглөхөд гэдсийг минь хүү татах мэт мэдрэмж төрсөн. Тэд бүгд дахиад л намайг бүчин аваад өшиглөж, нүдэж эхэлсэн болохоор би өвдөлтөөсөө болж дахин нэг удаа ухаан алдлаа. Ухаан ороход яг урьдынх шигээ боловч арай өндөрт дүүжлээтэй байлаа. Хамаг бие хавагнаж эхэлсэн нь мэдрэгдэж, бүр ярьж ч чадахгүй байсан. Гэхдээ Бурханы хамгаалалтын ачаар ямар ч өвдөлт мэдрээгүй юм. Орой болоход дөрвөн цагдаа намайг манаж үлдээд эцэст нь талаар нэг тараад унтчихсан. Гэнэт миний гав хар аяндаа онгойж, би доороо юмаар түшүүлсэн мэт шалан дээр аяархан уналаа. Өөрийн биеэр туулаагүй бол үүнд би хэзээ ч итгэхгүй байх байсан шүү! Тэгээд Эзэний тэнгэрэлч Петрийг шоронд байхад нь аварсан үеийг бодсон юм. Тухайн үед Петрийн гинж шууд л сулран унаж, өрөөнийх нь хаалга өөрөө онгойсон байдаг. Би яг л Петр шиг Бурханы гайхалтай үйл хэргийг туулж байгаа гэдэгтээ итгэж өгөхгүй байсан. Тэр мөчид Бурхан намайг үнэхээр өргөж, ерөөж байгаа юм шиг санагдсан шүү! Миний сэтгэл маш их хөдөлж, Бурханы өмнө яаран сөгдөөд талархлын залбирал хийлээ. “Өө Бурхан минь! Намайг өршөөж, харж хандаж байгаад тань талархъя. Сатаны эрүү шүүлтээс болж маш олон удаа амиа алдах дөхөхөд тэр болгонд Та намайг чимээгүйхэн хамгаалж, төгс хүчин, гайхалтай үйл хэргээ харууллаа” гэж хэлсэн. Ингэж залбираад маш их сэтгэл хөдөлж, сэтгэл өег байсан юм. Би босоод гарч явахыг үнэхээр хүссэн ч гар хөлөө хөдөлгөж чадахгүй болохоор яваагүй. Тэгээд шалан дээр унтаж, маргааш нь цагдаа нар намайг өшиглөж сэрээлээ. Тэр ёрын муу цагдаа нар намайг шинэ аргаар эрүүдэж эхэлсэн юм. Өөр өрөөнд аваачаад цахилгаанд холбосон баран сандал дээр суулгалаа. Хүзүү, толгойг минь төмөр хавчаараар тогтоогоод огт хөдөлж чадахгүй болтол хоёр гарыг минь дөнгөлсөн. Би Бурханд залбирахаас өөр яаж ч чадаагүй юм. Тэр мөчид нэг цагдаа цахилгаан залгатал намайг цахилгаанд цохиулахдаа ямаршуу харагдахыг үзэхээр бусад арав гаруй цагдаа над дээр харцаа тогтоолоо. Намайг огт хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг хараад тэд цочирдсон. Бүх цахилгаан утсыг шалгаад хэсэг хугацааны дараа намайг огт хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор “Баран сандал эвдэрчихсэн юм болов уу? Яагаад гүйдэл гүйхгүй байна аа?” гэж нэг нь хэлсэн. Тэгээд юм бодолгүй намайг гараараа тонштол “түс!” хийсэн гүйдэлд хойшоо нэг метр шидэгдээд өвдсөндөө орь дуу тавин шалан дээр уналаа. Бусад бүх цагдаа маш их айсандаа гарч зугтаан, нэг нь явах гэж яарахдаа бүдэрч унасан. Нэлээд хугацаа өнгөрсний дараа, цахилгаанд цохиулах вий гэж айсандаа дагжин чичирсэн хоёр цагдаа түгжээг минь тайлахаар эргэж ирсэн юм. Би тэр баран сандал дээр бүхэл бүтэн хагас цаг суусан ч ямар ч цахилгаан мэдрэгдээгүй. Зүгээр л жирийн сандал дээр сууж байх шиг санагдсан шүү. Энэ нь Бурханы бас нэгэн гайхамшигт үйлс байсан юм. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Тухайн үед бүхнээ алдаж, бүр амиа ч өгөхөд бэлэн санагдаж байлаа. Бурхан надтай хамт байгаа цагт тэр нь хангалттай байсан.

Дараа нь тэд намайг цагдан хорих газарт эргүүлэн аваачлаа. Бие минь тэр аяараа шархалж, гар хөл тэвчихийн аргагүй өвдөж байсан. Хамаг бие сулбайж, сул дорой болсон. Босож сууж чадахгүй, ямар ч хоол хоолойгоор давахгүй байсан юм. Тэгээд нүүрээрээ газар унаад, тэндээ хэвтэж байхаас өөр аргагүй байсан. Тэр цаазын ялтнуудын өрөөнд надтай хамт байсан нэг залуу хэнийг ч барьж өгөөгүйг минь олж мэдээд үнэхээр биширсэн. Тэгээд “Итгэгч та нар жинхэнэ баатрууд юм!” гэсэн шүү. Би зүрх сэтгэлдээ Бурханыг магтан залбирсан юм. Дараа нь цагдаа нар бусад хоригдлоор намайг зодуулж, тамлуулах гэсэн ч гайхмаар нь тэд миний талд орж, намайг өмөөрсөн. “Энэ хүн Бурханд итгэдэг болохоос ямар ч буруу зүйл хийгээгүй. Та нар хүнийг эрүүдэн шүүгээд алах нь байна шүү дээ” гэцгээсэн. Цагдаа нар байдал хяналтаас гарах вий гэж айсандаа юу ч хэлж зүрхлэлгүй, зүгээр л аргаа бараад сэмхэн явцгаасан юм.

Цагдаа нар ямар ч ахиц гарахгүй байгааг хараад бас өөр аргад шилжиж, надаар маш их хөдөлмөр нэмж хийлгэхээр цагдан хорих газрын хуягуудтай хамсаж эхэллээ. Тэд өдөр болгон надаар талийгаачдын араас шатаадаг цаасан сахиус хоёр боодлыг хийлгэдэг байсан. Боодол болгон нь 1,600 хуудас тугалган цаас, шатдаг цааснаас тус тус бүрддэг байлаа. Энэ нь бусад хоригдлын хийх ёстой ажлаас хоёр дахин их байсан. Хоёр гар аймаар их өвдөж, юу ч өргөж чадахгүй байснаас гадна шөнөжин ажиллаад ч тэр бүхнийг дуусгах аргагүй байсан юм. Цагдаа нар энэ шалтгаар далимдуулан надад бие махбодын шийтгэл оноож, нэг бол хасах хорин хэмд хүйтэн шүршүүрт албадан оруулна, аль эсвэл шөнөжин тасралтгүй ажиллуулж, урт хугацаагаар манаанд зогсоодог байлаа. Шөнө болгон би гурав хүрэхгүй цаг унтдаг байсан. Тэр цагдан хорих газар нэг жил найман сарын туршид ийм маягаар зовсон доо. Дараа нь ХКН ямар ч нотлох баримтгүйгээр “гаж урсгалын байгууллага ашиглан хууль сахиулахад саад хийсэн” гэх хэрэг тулгаж, надад гурван жилийн хорих ял оноосон юм. Суллагдахад ч орон нутгийн цагдаагийн хэсэг нягт тандсаар байсан. Би хүссэн газраа явах эрх чөлөөгүй, тэднийг дуудмагц очиход бэлэн байх ёстой байлаа. Надад ямар ч хувийн эрх чөлөө гэж байгаагүй. Тэгээд чуулганы цуглаанд оролцож, үүргээ биелүүлж чадахгүй байсан. Энэ үнэхээр хэцүү байсан шүү. “Хэрвээ ХКН-ын байнгын тандалтад байж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чадахгүй бол амьдаараа үхэж байгаагаас ямар ялгаа байна?” гэж бодсон. Тийм болохоор дараа нь төрөлх нутгаа орхин өөр бүс нутагт очиж, тэндээ эцэст нь үүргээ биелүүлж чаддаг болсон.

ХКН-ын харгис хавчлага ой тойнд минь гүн сийлэгдсэн. Тэдний бузар булай царай, Бурханыг эсрэг чөтгөрлөг эсэргүүцэл, хүмүүсийг хорлодог аргыг нь үзээд, тэднийг голдоо ортол үзэн яддаг болсон. Бас би Бурханы гайхалтай үйл хэрэг, төгс хүчин, дээд эрхийг нүдээр үзсэн юм. Сатаны савраас мултлахын тулд Бурханы гайхалтай үйл хэрэг л намайг хамгаалж, үхлийн савраас намайг булаан авсан юм. ХКН-ын харгис хавчлагын туршид Бурханы үг л намайг залж чиглүүлж, Бурханы амийн хүчний дэмжлэгээр л би амь голтой үлдсэн, энэ нь Бурханыг дагах итгэлийг минь бэхжүүлсэн дээ. Бурханд талархъя! Бүх алдар суу Төгс Хүчит Бурханд байх болтугай!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Баривчлагдсаны дараа

Жоу Ли, Хятад 2013 оны 2-р сарын нэгэн өдөр үд дунд би гурван эгчтэй хамт цуглаан хийхээр явж байгаад биднийг хоёр машин дагаж байгааг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих