Бурхан бол миний амийн хүч чадал

2021-01-24

Шиаохэ, Хэнань муж

Нүд ирмэх төдий хугацаанд би Төгс Хүчит Бурханыг дагаад 14 жил болчихжээ. Энэ он жилүүдийн туршид сайн муу ээлжилж, зам үргэлж хүнд хэцүү байсан боловч Бурханы үг болон Бурханы хайр, өршөөл намайг дагалдаж байсан тул би гойд сэтгэл хангалуун байж ирсэн юм. Энэ 14 жилээс хамгийн дурсамжтай туршлага гэвэл 2003 оны 8-р сард баривчлагдсан явдал байлаа. Баригдаад байх үедээ би ХКН-ын цагдаа нарт харгисаар тамлуулж, эрэмдэг болохоо шахсан юм. Төгс Хүчит Бурхан л намайг харж хандаж, хамгаалсан бөгөөд үгээрээ намайг удаа дараа замчилснаар эцэст нь би тэр чөтгөрүүдийн тамлалыг даван туулж, бат зогсон, гэрчлэл хийх боломжтой болсон билээ. Энэ туршлагын үеэр би Төгс Хүчит Бурханы үгийн ер бусын хүч чадал, Түүний амийн хүчний сүр хүчийг гүнээ мэдэрсэн бөгөөд Төгс Хүчит Бурхан бол бүхнийг засаглаж, бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан мөн гэдгийг үүгээр тодорхойлсон юм. Түүнчлэн Тэр миний цорын ганц аврал, миний найдаж болох цорын ганц Нэгэн мөн бөгөөд ямар ч дайсны хүч намайг Бурханаас салгаж, Түүний мөрийг дагахыг минь болиулж чадахгүй билээ.

Тэр орой би хоёр эгчтэйгээ хамт цуглаан хийж байхад гадаа гэнэт нохой хуцах дуулдаж, мөн хашааны ханыг хүмүүс давж байгаа чимээ сонсогдсоныг санаж байна. Удалгүй хэн нэгэн хаалга яаран нүдэж, “Хаалгаа тайл! Та нар бүслэгдсэн!” гэж хашхирах нь дуулдлаа. Бид юмаа хурдхан цуглуулж, далд хийсэн боловч яг тэр мөчид хаалга түс хийн нээгдэж, гар чийдэнгийн хэд хэдэн гэрэл бидэн рүү эгц туссан бөгөөд бидний нүд гялбаж, нүдээ анихаас аргагүй болов. Тэр даруйд арав гаруй хүн өрөө рүү дайран орж ирээд, биднийг хана руу хүчээр түлхэнгээ: “Бүү хөдөл! Аятайхан байгаарай!” гэж бархирлаа. Үүний дараа тэд байшинг нэгжин, дээрэмчид шиг л онгичив. Яг тэр мөчид гадаанаас буун дуу хоёр удаа түс хийсний дараа дотор байсан нэг цагдаа: “Тэднийг барьчихлаа! Гурвууланг нь!” гэж хашхирсан юм. Тэд биднийг гавлаад, цагдаагийн машин руу чанга түлхэн суулгав. Тэр үед би ухаан орж, цагдаа нарт баривчлагдсан гэдгээ ухаарлаа. Машинд суумагц гартаа цахилгаан бороохой барьсан нэг цагдаа: “Та нар бүгдээрээ сонсож бай: Бүү хөдөл, хөдөлсөн хүнийг би бороохойдно, тэгээд та нарыг хөнөөсөн ч хууль зөрчсөнд тооцогдохгүй шүү!” гэж хашхичив. Явах замд ёрын муу хоёр цагдаа намайг голдоо чихэж суулгаад, нэг нь хоёр хөлийг минь өвөр дээрээ авч, намайг гар луугаа татсан юм. Тэгээд: “Чамайг ашиглахгүй бол боломжоо дэмий өнгөрөөж байгаа хэрэг болно!” гэж завхай зайдан байдлаар хэллээ. Хамаг хүчээрээ тэмцсэн ч тэр намайг чанга тэвэрсээр байсан бөгөөд “Битгий маяглаад бай! Түргэхэн шиг даалгавраа дуусгаад, үүнээс салцгаая” гэж өөр нэг цагдаа хэлсний дараа л намайг тавьсан юм.

Тэд биднийг цагдаагийн хэсэгт авчран, жижигхэн өрөөнд цоожлоод, тус бүрийг маань төмөр сандлуудаас гавлалаа. Биднийг харгалзах даалгавар авсан хүн нэр, амьдардаг газрыг маань хахир дуугаар асуув. Би сандран, юу гэж хэлэх ёстойгоо мэдэхгүй байсан тул Бурханд чимээгүйхэн залбирч, Түүний мэргэн ухаан болон хэлэх зөв үгийг Түүнээс гуйлаа. Тэр үед Бурханы үг намайг гэгээрүүлсэн юм: “юу ч хийж байсан Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгийн чухал зүйл хэмээн үзэж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтад захирагдах гэсэн үг юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?). Тийм шүү! Би Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих ёстой. Тэд намайг яаж ч тамлаж, яргаллаа гэсэн би ах эгч нараа худалдаж болохгүй, Иудас болж, Бурханаас урваж ч болохгүй. Би бат зогсож, Бурханыг гэрчлэх ёстой байлаа. Үүний дараа тэр намайг яаж ч байцаалаа гэсэн би үл тоомсорлов. Маргааш өглөө нь тэд биднийг цагдан хорих газар луу аваачих гэж байхад садар цагдаа: “Бид та нарыг барихаар урхи тавьсан юм. Тэгээд хайсаар яваад та нарыг оллоо шүү!” гэлээ. Намайг гавлаж байхдаа тэр хоёр хөхийг минь илж таалсан бөгөөд үүнд нь би дүрсхийн уурлав. Ардын цагдаа намайг гэгээн цагаан өдрөөр ийнхүү зовооно гэж би хэзээ ч төсөөлж явсангүй. Тэд дээрэмчид, тонуулчдаас цаашгүй байж! Энэ нь үнэхээр ой гутам, үзэн ядмаар байлаа!

Цагдан хорих газарт цагдаа нар гэрийн хаяг, Бурханд итгэх итгэлийн минь талаар мэдээлэл хэлүүлэхийн тулд эхлээд зөөлөн арга ашиглаж, сайн цагдаагийн дүр эсгэн намайг ятгаж, тал засуулахаар эмэгтэй цагдаа явуулсан юм. Энэ нь бүтэхгүй байгааг тэд ухаараад, хүчээр миний бичлэгийг хийсэн бөгөөд телевизийн сувагт тэр видеог аваачиж, нэр хүндийг минь унагана гэлээ. Гэвч би ердөө л үнэнийг эрэлхийлж, амьдралын зөв замаар алхдаг Бурханд итгэгч байсан болохоос гутамшигтай, хууль бус, гэмт хэргийн чанартай ямар ч зүйл хийгээгүй тул “Хүссэнээ л хий!” гэж хорссон өнгөөр хариулсан юм. Ёрын муу энэ цагдаа нар арга мэх нь бүтэхгүй байгааг хараад намайг заналтайгаар эрүүдэн шүүхээр шийдэв. Тэгээд намайг хал үзсэн гэмт хэрэгтэн мэтээр гавлаж, 5 килограмм жинтэй дөнгөөр дөнгөлөөд, байцаахын тулд машин руу авч явлаа. Хөл дэх дөнгө маш хүнд байсан тул үүнийг нь би чирч алхах ёстой болсон юм. Ахлахад маш хэцүү байсан бөгөөд хэдхэн алхсаны дараа хөлийн арьс холгогдон шархалсан байлаа. Машинд ормогц толгойд хар уут углан, хоёр цагдаагийн голд шахан суулгав. Би цочирдсондоо: “Энэ цагдаа нар ямар ч хүн чанаргүй шүү дээ, бас намайг тамлахын тулд ямар заналтай зүйл хийхийг нь мэдэх арга алга. Би тэвчиж чадахгүй бол яана аа?” гэж гэнэт дотроо бодлоо. Иймээс Бурханд даруйхан залбирав: “Төгс Хүчит Бурхан минь! Туулах нөхцөл байдлынхаа өмнө махан бие минь сул дорой байна. Намайг хамгаалж, надад итгэл хайрлаач. Би ямар ч эрүү шүүлттэй учирлаа гэсэн Таныг хангалуун байлгахын тулд гэрчлэлдээ бат зогсмоор байна, бас Танаас урвахаас эрс татгалзаж байна.” Бид нэг барилгад орж, тэд толгойноос минь уутыг салгасан бөгөөд дараа нь намайг өдөржин зогс гэж тушаалаа. Тэр орой нэг цагдаа миний өмнө хөлөө ачин суугаад, “Асуултад минь нааштай хариул, тэгвэл чамайг суллана! Бурханд чи хэдэн жил итгэсэн бэ? Хэн чамд үүнийг номлосон бэ? Танай чуулганы удирдагч хэн бэ?” гэж харгис өнгөөр асуув. Намайг хариулахгүй болохоор тэр: “Нөгөө сонголтыг нь тодорхой болгохгүй бол чи хариулахгүй нь шив!” гэж уурсан хашхирлаа. Тэгээд, үргэлжлүүлэн зогсонгоо гараа дээш өргөөд, бүү хөдөл гэж надад үүрэгдэв. Удалгүй гар минь чилж эхэлсэн бөгөөд дээшээ өргөж чадахгүй болсон ч тэр цагдаа гарыг минь буулгуулахгүй байлаа. Хөлөрч, хамаг бие чичрэн, гараа цаашид өргөж чадахааргүй болох үед л хоёр гарыг минь буулгуулсан боловч суухыг зөвшөөрөхгүй байв. Надаас үүр цайтал зогсохыг шаардсан бөгөөд үүр цайхад хоёр хөл маань мэдээ алдаж, хавагнасан байлаа.

Хоёр дахь өдрийн өглөө нь тэд намайг дахин байцааж эхэлсэн ч би ямар нэг зүйл хэлэхээс татгалзсаар байв. Тэд нэг талын маань (гинжтэй) гавыг тайлсны дараа тэдний дарга 10см зузаан, 70см урттай шургааг модоор хоёр өвдөгний минь ар луу чанга цохиж, намайг газар сөгдүүллээ. Тэгээд өвдөгний арын хонхорхой руу саваа мод чихэж, дараа нь хоёр гарыг минь шургаагийн доогуур татан, намайг хүчээр буцаан гавлав. Тэр дороо цээж давчдан, амьсгалахад хэцүү болсон бөгөөд мөрний шөрмөс сунаж, тасрахдаа туллаа. Хоёр шилбэ минь маш их чангарч, хугарах гэж байгаа мэт санагдав. Маш их өвдөж байсан тул миний хамаг бие чичирч байсан юм. Гурван минут орчмын дараа би байрлалаа өөрчлөх гэж оролдсон ч биеэ дааж чадахгүй байсан бөгөөд гэдрэгээ харан, бөгсөөрөө хойш түс хийн унав. Өрөөнд байсан дөрвөн цагдаагийн нэг нь, нөгөө хоёртоо миний хоёр талд гарч, шургааг модыг нэг гараараа дарангаа нөгөө гараараа мөрийг минь урагш түлх гэж үүрэгдсэн бөгөөд гурав дахь цагдаад толгойг минь хоёр гартаа бариад, нуруу руу өшиглөж, намайг явган суулга хэмээн зааварлаж, улмаар энэ байршлыг хадгал гэж надад тушаалаа. Гэвч бүхий л бие минь тэсвэрлэхийн аргагүй их өвдөж байсан бөгөөд удалгүй намайг дахин унах үед тэд явган суух байрлалд маань дахин оруулав. Би унасаар, тэд намайг явган суух байрлалд ахин дахин оруулсаар байсан бөгөөд энэ яргалал нэг цаг шахуу үргэлжилсний эцэст тэд бүгд амьсгаадаж, хөлөрмөгц тэдний дарга нь: “Больцгоо, больцгоо, би бүр ингэсээр ядарч гүйцлээ!” гэж хэлэв. Тэр үед л тэд эрүү шүүлтийн хэрэгслийг тайлсан юм. Хамаг бие минь сул дорой болж, бүрэн тамирдчихаад, шалан дээр би амьсгаадан хэвтэж байлаа. Тэгэхэд гав бугуйн арьсыг минь зулгалсан байсан бөгөөд дөнгөний доор хоёр шагай минь цусанд будагдсан байв. Маш их өвдсөндөө хамаг бие минь хөлөрч байсан бөгөөд шарх руу хөлс нэвчих үед хутгаар зүсэх мэт өвтгөж байсан юм. Ийм гаслан дунд би: “Өө Бурхан минь! Намайг авраач, би үүнийг цаашид удаан тэсвэрлэж чадахгүй нь!” гэж зүрх сэтгэлдээ өөрийн эрхгүй орь дуу тавьсаар байлаа. Тэр мөчид Бурханы үг намайг гэгээрүүлэв: “Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялихгүй болж, хэн ч тэднийг дийлж чадахгүй. Аминаас илүү чухал зүйл юу байх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 36-р бүлэг). Бурханы үг надад бүх зүйлийг даруйхан тодорхой болгосон юм. Хүмүүс махан биеэ нандигнаж, үхлээс бүр ч их айдаг гэдгийг Сатан мэддэг тул намайг үхлээс айлгахын тулд махан биеийг минь харгисаар гэмтээж, улмаар намайг Бурханаас урвуулна гэж найдаж байжээ. Сатаны явуулга ийм байсан ч, Бурхан бас Өөрт нь итгэх миний итгэл, үнэнч байдлыг туршихын тулд Сатаны явуулгыг ашиглаж байсан юм. Сатаны өмнө Өөрт нь гэрчлэл хийж, улмаар Сатаныг шившиглээсэй гэж Бурхан надаас хүссэн байлаа. Бурханы хүслийг ойлгомогцоо би дахиад итгэл, хүч чадалтай болж, өөрийн амийг золиод ч гэсэн бат зогсож, Бурханыг гэрчлэх шийдвэртэй болов. Бурханыг хангалуун байлгахын тулд амиараа дэнчин тавих тангараг өргөмөгц өвдөлт минь асар их намдаж, би ч тэгтлээ гутарч, гансрахаа болилоо. Үүний дараа цагдаа надад бос гэж тушаан, “Чамайг бос гэж хэлсэн шиг санагдах юм! Хэр удаан тэвчихийг чинь харъя л даа!” хэмээн уурслаа. Ийнхүү тэд намайг харуй бүрий болтол албадан зогсоов. Орой бие засах газар луу явж байхад хоёр хөл минь дөнгөнөөс болж хавдан, нөжирсөн цусаар будагдсан байсан тул шалан дээр хөлөө ганц ганцаар нь ойр ойрхон чирэхээс өөр аргагүй байлаа. Хөдлөх болгонд хоёр хөлд минь час хийсэн өвдөлт мэдрэгдэж байсан тул явахад туйлын хэцүү байсан бөгөөд алхам тутамд минь шинэхэн цусны тод мөр үлдсэн байв. Бие засах газар луу яваад, эргэн ирэх 30 метрт алхахад минь нэг цаг шахуу шаардагдсан юм. Тэр шөнө би хавдсан хөлөө өөрийн эрхгүй гараараа илсэн бөгөөд атирсан ч, жийсэн ч хоёр хөл минь эвгүй байлаа. Би туйлын их өвдөж байсан боловч Бурханы хамгаалалттай байсан тул Бурханаас урваагүй гэдэгтээ л тайтгарч байсан юм.

Гурав дахь өдрийн өглөө нь ёрын муу энэ цагдаа нар өнөөх аргаараа намайг дахин тамлалаа. Намайг унах бүрд цагдаагийн ахлагч нь хорлонтойгоор инээж, “Хөөрхөн ойчлоо шүү! Дахиад нэг!” хэмээж байв. Дараа нь тэд намайг дахин босгож, би ч дахин унах бөгөөд “Наад байрлал чинь таалагдаж байна, сайхан харагдаж байна. Дахиад хий дээ!” хэмээн тэр хэлдэг байлаа. Намайг тэд энэ маягаар бараг цаг шахуу тамласны эцэст духаар нь хөлс бурзайн, эцэж цуцсандаа больцгоов. Би гэдрэг харан шалан дээр унасан бөгөөд тэнгэр эргэлдэж байгаа мэт санагдсан юм. Би зогсолтгүй салгалан, шорвог хөлс урссанаас болж нүдээ нээхийн аргагүй болсон бөгөөд дотор муухай оргин, асар их огиудас цутгаж байв. Би үхэх гэж байгаа мэт санагдлаа. Яг энэ үед Бурханы үг санаанд зурсхийсэн юм: “‘Учир нь цаг зуурын хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог.’ …Агуу улаан луу Бурханыг хавчдаг, Бурханы дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс доромжлол, хавчлагад өртдөг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?). Бурханд итгэж, Бурханыг дагаснаар асар их доромжлол, хор хөнөөлтэй заавал учирдаг, чөтгөрүүдийн засагладаг Хятад гэх улсад Бурхан энэ хавчлагыг ашиглан бүлэг ялагчдыг бүтээж, улмаар Сатаныг ялахаар зорьдог бөгөөд яг энэ үед л бид Бурханы алдар сууг харуулж, Түүнд гэрчлэл хийх учиртай гэдгийг Бурханы үг надад ойлгууллаа. Бурханы алдрын төлөө өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм. Бурханы үгээр замчлуулаад би эрэмгий хүч чадлыг олоод зогсохгүй, “Зэвүүн чөтгөр минь, би сэтгэлдээ хатуужсан. Яаж ч тамлууллаа гэсэн би чамд бууж өгөхгүй. Амиа алдлаа ч гэсэн би Бурхантай хамт зогсохоо андгайлж байна” хэмээн зүрх сэтгэлдээ Сатанд тунхаглалаа. Цагдаа нарын ахлагч асуултад нь хариулахгүй хэвээр байгааг минь хараад шургааг модыг ууртайгаар салган, “Алив, босоодох! Зөрүүд зан чинь хэр удаан тэсэхийг харъя л даа. Чамтай урт удаан тоглоом тоглоё. Чамайг лавтайяа будаа болгоно!” гэж дүрсхийн хэлэв. Би хоёр хөл дээрээ шаналантайгаар босохоос өөр аргагүй байсан ч хөл минь маш их хавдаж, хөндүүрлэсэн тул цэх зогсож чадалгүй, хана налах ёстой боллоо. Тэр өдрийн үдээс хойш цагдаагийн ахлагч надад ингэж хэлэв: “Бусад хүн анх удаа ‘савлуур дээр суусныхаа’ дараа бүгд ам нээдэг юм. Харин чи нэлээд зовлон тэвчиж чаддаг юм байна! Хоёр хөлийнхөө байж байгааг хараач, ийм байж бас л ам нээхгүй юм. Хаанаас чинь ийм хүч гардаг юм бол доо…” гэлээ. Дараа нь тэр над руу дахин хараад, “Би маш олон хүнээр нууцыг нь дэлгүүлсэн, гэтэл чи надтай тэмцэх зүрх зоригтой байна гэнэ ээ? Хн! Бид чамаас үг унагадаггүй юм аа гэхэд 8 – 10 жилийн ял оноож мөн л чадна, бас өдөр бүр чамайг хоригдлуудаар хараалгаж, зодуулна даа! Чамайг янзлаад өгнө өө!” гэж бархирав. Түүний ингэж хэлэхийг сонсоод би: “Бурхан надтай байгаа, та нар надад 8-10 жилийн ял өглөө ч гэсэн, би айхгүй байна” гэж бодсон юм. Намайг хариу хэлэхгүй болохоор тэр уурсан гуяа алгадаж, хөлөө дэвслэн, “Бид чамайг ам нээлгэх гэж өчнөөн өдөр үрлээ. Хүн болгон чам шиг байсан бол ер нь би ажлаа яаж хийх болж байна?” гэж хэллээ. Сатан хүчин мөхөстөж, Бурханы гарт бүрмөсөн ялагдсан байсан тул ингэж хэлэхийг нь сонсоод би дотроо инээмсэглэсэн юм! Тэр мөчид өөрийн эрхгүй Бурханы дараах үг бодогдлоо: “Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). Бурханы үг бүр үнэн бөгөөд үүнийг би тэр өдөр өөрийн биеэр мэдэрсэн юм. Гурван хоногийн турш би хэлэн дээрээ юу ч тавиагүй, мөн цурам ч хийгээгүй бөгөөд асар их тамлуулсан ч эсэргүүцсээр л байсан нь бүхэлдээ Бурханы надад өгсөн хүч чадлаас үүдэлтэй байлаа. Бурхан л намайг харж хандаж, хамгаалж байсан юм. Бурханы бат дэмжлэггүйгээр би аль эрт ам нээчих байлаа. Бурханы амийн хүч үнэхээр ер бусын хүчирхэг, Бурхан үнэхээр төгс хүчит юм! Бурханы үйл хэргийг нүдээр үзсэний дараа Сатаны өмнө Бурханы төлөө гэрчлэл хийх итгэл минь улам батажлаа.

Дөрөв дэх өдрийн өглөө нь ёрын муу цагдаа нар хүчээр хоёр гарыг минь урагш сунгуулж, мөртэй зэрэгцүүлэн, хагас явган суулгасны дараа гарын ар талд модон саваа байрлуулав. Удалгүй би тэр байрлалаа хадгалж чадахаа болилоо. Хоёр гар минь унжиж, саваа газарт уналаа. Тэд савааг аваад, хурууны үе, өвдөг рүү балмадаар цохин, цохилт болгонд час хийсэн өвдөлт мэдрэгдсэн бөгөөд дараа нь тэд дахиад намайг хүчээр хагас явган суулгалаа. Хэд хоногийн эрүү шүүлтийн дараа хоёр хөл минь аль хэдийн хавдаж, зовуурьтай байсан тул ганцхан хором явган суухад л хоёр хөл миний жинг даахгүй, шалан дээр лүгхийн унасан юм. Тэд намайг дахин босгосон ч тавимагц нь би дахиад уначихлаа. Хэд хэдэн удаа ийм зүйл болов. Өгзөг минь аль хэдийн маш их хөхрөөд, ийм шалан дээр унахыг тэсвэрлэхийн аргагүй байсан бөгөөд асар их өвдсөндөө хамаг бие минь хөлөрч эхэллээ. Тэд намайг нэг цаг шахуу ийм байдлаар тамласан юм. Дараа нь тэд намайг шалан дээр суу гэж тушаагаад, урд минь шорвог давстай ус авчран, намайг уу гэлээ. Би татгалзсан тул ёрын муу энэ цагдаа нарын нэг нь миний нүүрний хоёр талаас барьж авсан бол нөгөө нь духан дээр нэг гараа тавиад, нөгөө гараараа амыг минь хүчээр нээж, давстай усыг ам руу цутгав. Давстай ус хоолой дээр гашуу оргиж, аргаж байсан бөгөөд ходоодонд минь тэр даруй гал дүрэлзэх мэт болж, тэсвэрлэхийн аргагүй байсан тул уйлмаар санагдлаа. Тавгүйтлийг минь хараад тэд заналтайгаар: “Давстай ус уулгасны дараа зодох юм бол амархан цус алддаггүй юм” гэв. Үүнийг сонсоод дүрсхийсэн уураа би арайхийн барьсан юм. Хятадын Ардын цагдаа гэгч нь ийм ёрын, хорлонтой байх юм гэж би хэзээ ч төсөөлж явсангүй. Энэхүү заналт чөтгөрүүд надаар тоглоом тохуу хийж, намайг хорлох гэж биш, харин намайг доромжлохоор оролдож байлаа. Тэр шөнө энэхүү ёрын муу цагдаа нарын нэг нь над дээр ирж, явган суугаад нүүрэнд минь гараа хүргэнгээ бузар үг хэлэв. Би дүрсхийн уурлаж, нүүр лүү нь шууд нулимсан юм. Тэр багтартлаа уурлан, намайг чанга алгадсанаас болж нүдэнд гал маналзаж, чих дүнгэнэлээ. Дараа нь тэр заналтай өнгөөр: “Манай байцаалтын бусад арга хэрэгслийг чи бас л туулаагүй байна. Энд чамайг үхвэл хэн ч мэдэхгүй. Хэргээ хүлээ, эсвэл чамтай бид бүр ч их зугаацаж болно шүү!” гэв. Тэр шөнө би огт хөдөлж чадалгүй шалан дээр хэвтэж байлаа. Бие засах газар луу явмаар байсан тул тэд намайг өөрөө бос гэж хэлсэн юм. Би бүх чадлаа шавхан аажмаар босож чадсан ч ганцхан алхаад эргэн уналаа. Тэгээд хөдөлж чадахгүй байсан учраас эмэгтэй цагдаа намайг бие засах газар луу чирч оруулах ёстой болсон бөгөөд тэнд би дахиад л ухаан алдав. Ухаан орохдоо би өрөөндөө эргэн ирсэн байв. Хоёр хөл минь маш их хавдан, арьс нь гялайж харагдсан бөгөөд бугуй, шагайн арьс руу гав, дөнгө гүн шигдэж, шархнаас нь цус, идээ гоожин, үгээр илэрхийлэхийн аргагүй их өвдөж байлаа. Нүүрэнд минь хүрсэн цагдаагийн над дээр ашиглана гэж хэлсэн бусад эрүү шүүлтийн арга хэрэгслийн талаар бодоод би өөрийн эрхгүй сул дорой болсон тул Бурханд ийнхүү залбирсан юм: “Бурхан минь! Энэ диаволууд намайг тамлахын тулд өөр юу хийхийг бүү мэд, бас би цаашид удаан тэсэж чадахгүй нь. Намайг замчилж, итгэл өгч, хүч хайрлаж, Таны төлөө гэрчлэлд зогсох боломж олгооч.” Залбирсныхаа дараа би, хүн төрөлхтнийг аврахын тулд хоёр удаа бие махбодтой болж ирэхдээ Бурханы туулсан зовлонг санав: Нигүүлслийн эрин үед, хүн төрөлхтнийг золин аврахын тулд Эзэн Есүс цэргүүд, олон нийтийн тоглоом тохуу болж, зодуулж, доромжлуулсан бөгөөд өргөст титэм зүүн, эцэст нь амьдаараа загалмайд цовдлуулсан; өнөөдөр бурхангүй үзэлт улс оронд ажиллахын тулд Бурхан бие махбодтой болж ирснээр бүр ч их эрсдэл үүрсэн бөгөөд чимээгүйхэн, гомдолгүйгээр ХКН-ын засгийн газрын хавчлага, баривчилгааг тэвчиж, түүнчлэн шашны ертөнцийн улайрсан эсэргүүцэл, гололт, яллалтыг тэвчсэн юм. Би дахиад Бурханы үгийг саналаа: “Та нарт одоо тулгардаг зовлон нь Бурханы зовлонтой яг адилхан биш гэж үү? Та нар Бурхантай хамт зовж байгаа бөгөөд Бурхан хүмүүстэй хамт зовж байна. Өнөөдөр та нар бүгд Христийн гай зовлон, хаанчлал, тэвчээрээс хуваалцдаг ба эцэстээ алдрыг олж авах болно. Ийм төрлийн зовлон нь утга учиртай. Шийдвэргүй байх нь нэмэргүй. Чи өнөөдрийн зовлонгийн ач холбогдлыг ойлгож, яагаад ийнхүү зовох ёстойгоо ойлгох учиртай. Үүнээсэ алдрыг олж авах болно. Ийм төрлийн зовлон нь утга учиртай. Шийдвэргүй байх нь нэмэргүй. Чи өнөөдрийн зовлонгийн ач холбогдлыг ойлгож, яагаад ийнхүү зовох ёстойгоо ойлгох учиртай. Үүнээс бага зэрэг үнэнийг эрж хайж, Бурханы санаа зорилгын багахныг ойлго, тэгвэл чи зовлон туулах шийдвэртэй болно(Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л чи амь зан чанараа өөрчилж чадна”). Тийм шүү, миний туулж байгаа зовлонг Бурхан аль эрт тэвчсэн юм. Бурхан гэм зэмгүй атлаа завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд шаналал, доромжлол бүрийг үүрсэн бол миний туулж байгаа зовлон ердөө л жинхэнэ аврал хүртэхийн төлөө байлаа. Энэ асуудлыг сайтар бодолцож үзээд Бурханы тэвчсэн зовлонгийн хажууд миний зовлонг бараг дурдахын ч хэрэггүй гэдгийг би ухаарав. Биднийг аврахын тулд Бурханы тэвчсэн шаналал, доромжлол хэмжээлшгүй их гэдгийг би эцэст нь ойлгосон бөгөөд хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр үнэхээр хүчирхэг, аминч бус байдгийг мэдэрсэн билээ! Зүрх сэтгэлдээ би Бурханыг санагалзаж, хүсэн мөрөөссөн юм. Зовлонгийн туршид Бурхан надад Өөрийн хүч чадал, эрх мэдлийг улам их харуулж, Түүний үг бол хүний амийн хүч гэдгийг улам их ухааруулж, ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулахад намайг хөтөлж чадсан юм; энэ зовлонгоор дамжуулан Бурхан бас миний итгэлийг цэвэршүүлж, хүслийг минь хатуужуулж, дутагдлыг минь нөхөж, алдаа доголдлыг минь төгс болгож байлаа. Би Бурханы хүслийг ойлгосон бөгөөд тэр өдөр туулсан зовлон минь Бурханы нигүүлслийн агуу их бэлэг, Бурхан надтай хамт байгаа тул би ганцаараа биш гэдгийг ухаарсан юм. Тэгээд өөрийн эрхгүй чуулганы нэг магтан дууг саналаа: “Бурхан бол миний түшиг тулгуур, айх зүйл юу байна? Сатантай эцсээ хүртэл тулалдахаа амиараа би тангараглая. Бурхан биднийг өргөдөг, бид Христэд гэрчлэл хийхийн тулд бүхнээ орхин, тэмцэх ёстой. Бурхан газар дээр Өөрийн хүслийг биелүүлнэ. Би хайр, үнэнч байдлаа бэлдэж, Бурханд тэр бүгдийг зориулна. Бурхан алдар суутайгаар буух үед би Бурханы эргэн ирэлтийг баяртайгаар угтаж, Христийн хаанчлал биеллээ олоход Түүнтэй би дахин уулзана(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Хаанчлал”).

Тав дахь өдөр нь ёрын муу энэ цагдаа нар намайг хагас явган суулгасаар байв. Хоёр хөл минь аль хэдийн маш их хавдаад, би огт зогсож чадахгүй байсан тул цагдаа нар намайг тойрон, нэг талаас нөгөө тийш түлхдэг байлаа. Зарим нь бас нөхцөл байдлыг минь далимдуулан намайг илж таалдаг байв. Тэдэнд би мэдрэлгүйгээр хүүхэлдэй шиг тоглуулахаас өөр яаж ч чадсангүй. Би аль хэдийн асар их тамлуулсаар толгой эргэж, нүд бүрэлзэж байсан юм. Гэвч цаашид яг тэсэж чадахааргүй болох үед хаалганы гадаа хөлийн чимээ сонсогдож, дараа нь тэд хаалга рүү гүйлдэн, хаалга хаасан бөгөөд харгис тоглоомоо эцэс болгосон юм. Энэ нь Бурхан надад өршөөлөө үзүүлж, өвдөлтийг минь намжааж байгаа хэрэг болохыг би мэдлээ. Тэр шөнө ёрын муу цагдаа нарын нэг нь над дээр буцаж ирээд, гутлаа тайлж, өмхий хөлөө нүүрний өмнө тавингаа: “Энд суугаад чи юу бодож байгаа юм бэ? Эрчүүдийн тухай бодоо юу? За, ямар байна даа? Хөлийн минь шивэр таалагдаж байна уу? Хөлийн шивэр минь л чамд яг дутагдаж байгаа гэж би бодож байна!” хэмээн садар самуун байдлаар хэлэв. Түүний бузар үгэнд би дүрсхийтэл уурлалаа. Тэгээд түүн рүү ууртайгаар ширтэж, ичгүүр сонжуургүй, ой гутам царайг нь харах зуураа намайг яаж ахин дахин дур зоргоороо тамлаж, доромжилсон тухай бодов. Тэд ямар ч хүн чанаргүй, араатнаас долоон дор, ямар ч эрүүл ухаангүй сүрэг чөтгөрөөс цаашгүй байсан бөгөөд энэ диаволуудыг би голдоо ортол үзэн ядсан юм! Урьд нь хүндлүүштэй байдлын үлгэр жишээ гэж миний тооцдог байсан Ардын цагдаа нар ичгүүргүй өөдгүй этгээдүүдээс цаашгүй байсан гэдгийг би өнгөрсөн хэдэн өдрийн хувийн туршлагаараа дамжуулан олж харсан бөгөөд эндээс би Сатаныг орхиж, бат зогсон, Бурханыг хангалуун байлгахын тулд гэрчлэл хийхээр сэтгэл шулуудсан билээ.

Зургаа дахь өдөр нь би өөрийн эрхгүй зүүрмэглэж эхэллээ. “Эцэст нь чи зүүрмэглэж эхлэх шив! Унтмаар байна уу? Больж үз! Чамайг ам нээтэл унтуулахгүй! Хэр удаан тэсэхийг чинь харъя л даа!” хэмээн цагдаагийн ахлагч бахархалтайгаар зарлав. Тэд намайг ээлжээр манадаг байсан бөгөөд нүдээ аньж, зүүрмэглэмэгц маань ташуураараа ширээ цохиж, эсвэл маш их хавдан, арьс нь гялайсан хоёр хөл рүү минь нарийн модон саваагаар саваадах юм уу үснээс зэрлэгээр зулгааж, хөлөн дээр дэвсэлдэг, тэгэх болгонд нь би цочин сэрдэг байлаа. Заримдаа тэд миний дөнгө рүү өшиглөдөг бөгөөд идээлсэн шарханд дөнгө хүрэх үед цочин сэртэл их өвддөг байв. Эцэстээ миний толгой дэлбэрэх гэж буй мэт их өвдөж, өрөө дайвж байх шиг санагдан, би түрүүлгээ харан газар унаж, ухаан алдлаа… “Та нар хэд хоногийн турш хоол унд өгөөгүй юм уу? Хэтэрхий хатуурхсан байна шүү дээ. Бас энэ дөнгөнүүд аль хэдийн маханд нь шигдчихэж. Дахиж эднийг зүүлгэж болохгүй” гэж эмчийн хэлж байхыг би ухаан балартан байхдаа олж сонссон юм. Эмчийг явсны дараа цагдаа нар надад 2.5 кг жинтэй дөнгө зүүн, эм түрхэж өгсөн бөгөөд тэр үед л би ухаан оров. Бурханы бүхнийг чадагч байдлаас болж, мөн Бурхан эмчээр дамжуулан ярьж, намайг нууцхан хамгаалж, өвдөлтийг минь намдаан, шаналлыг минь хөнгөлсөн учраас л амьд үлдсэн гэдгээ би мэдэж байлаа. Тэгээд би Бурханд урьд урьдынхаасаа илүү их итгэж, Сатантай эцсээ хүртэл тулалдахаар сэтгэл шулуудсан юм. Бурхан миний хүчирхэг дэмжлэг, хоргодох газар байв. Бурханы зөвшөөрөлгүйгээр Сатан намайг хэчнээн ч их тамлалаа гэсэн амийг минь авч чадахгүй гэдгийг би мэдэж байлаа.

Долоо дахь өдрийн өглөө нь би цааш тэвчихээргүй их эцэж цуцсан бөгөөд байсхийгээд л зүүрмэглэж байв. Ёрын муу цагдаа нарын нэг нь миний нөхцөл байдлыг хараад, байнга хөл дээр гишгэж, гарын араас чимхэн, нүүр лүү алгадаж байсан юм. Үдээс хойш тэр ёрын муу цагдаа нар надаас дахин чуулганы тухай мэдээлэл асуулаа. “Өө Бурхан минь! Би нойроор маш их дутагдан, саруул ухаанаар бодож чадахгүй нь. Намайг хамгаалж, саруул ухаан хайрлаач, тэгснээр би цаг ямагт Таны төлөө гэрчлэлд зогсож чадна” гэж би Бурханд даруйхан залбирав. Хоол унд, нойргүйгээр долоон өдөр, зургаан шөнийн туршид сэрүүн байсан хэдий ч Бурханы хамгаалалтын ачаар миний ухаан санаа бүрэн цэлмэсэн бөгөөд тэд хэчнээн ч их уруу татлаа гэсэн, мөн л юу ч хэлээгүй юм. Үүний дараа цагдаагийн ахлагч миний бичсэн сайн мэдээ номлогчдын жагсаалтыг гаргаж ирээд, бусад нэрийг хүчээр хэлүүлэх гэж оролдов. Гэвч энэ диаволуудын учруулсан харгислалыг туулсны дараа би ямар ч ах эгчээ тэдний гарт оруулахааргүй байсан тул хүч чадал хайрлаач гэж Бурханыг дуудсан бөгөөд цагдаагийн анхаарал сарнисан үеэр урагш үсрэн, нэрсийн жагсаалтыг шүүрч, ам руугаа чихээд залгичихлаа. Ёрын муу хоёр цагдаа намайг ууртайгаар хараан, амыг минь нээх гэж оролдсон бөгөөд нүүр лүү заналтайгаар цохив. Цохилтоос болж миний хоёр завжнаас цус усгарч, толгой эргэн, нүүр хавдлаа.

Хэдэн удаагийн хий дэмий байцаалтын дараа тэд бууж өгөхөөс өөр аргагүй болсон тул намайг цагдан хорих газар луу буцаав. Цагдан хорих газрын цагдаа нар хэчнээн хүнд бэртэж гэмтсэнийг минь хараад, намайг тэнд үхвэл хариуцлага хүлээхээс айсандаа хүлээн авахаас татгалзлаа. Ёрын муу байцаагчид багтартлаа уурлан, намайг эмнэлэгт аваачиж, хүчил төрөгчийн гуурс суулгуулахаас өөр аргагүй болов. Дараа нь тэд намайг цагдан хорих газар луу буцаасан бөгөөд тэнд би дөрвөн хоногийн турш комд байсан юм. Бусад хоригдол намайг сэрээсний дараа би дахиад хоёр удаа ухаан алдав. Эцэст нь ХКН-ын засгийн газар надад “Буруу номын байгууллагад нэгдсэн” гэх гэмт хэргээр нэг жил, есөн сарын турш хөдөлмөрөөр дахин хүмүүжих ял оноолоо. Гэвч би маш их тамлуулж, саажиж, алхаж чадахаа больсон тул засан хүмүүжүүлэх газар намайг хүлээж аваагүй учраас цагдаа нар миний видео бичлэгийг телевизээр цацлаа. Гурван сарын дараа нөхөр маань надад юу тохиолдсон талаар эцэст нь олж мэдээд, намайг батлан даалтаар шоронгоос суллахын тулд барьцаанд нь 12,000 юань зарцуулсан юм. Нөхөр маань намайг авахаар ирэхэд би алхаж чадахааргүй хүнд гэмтсэн байсан тул тэр намайг машин руу өргөж аваачихаас өөр аргагүй байлаа. Гэртээ харьсны дараа намайг үзсэн эмч нар нурууны хоёр диск мултарсан, цаашид хүний асаргаа шаардлагатай, мөн насан туршдаа саажилттай болсон хэмээн оношилсон юм. Би үлдсэн амьдралаа хэвтэрт өнгөрүүлэх нь гэж бодсон ч Бурханы өршөөл болон тууштай эмчилгээний ачаар бие минь нэг жилийн дараа аажмаар эдгэрч эхэллээ. Бурханы бүхнийг чадагч хүч, түүнчлэн намайг гэх хайрыг би үнэхээр нүдээр үзсэн юм. Бурханд талархъя, би бүтээгдсэн зүйлийн үүргээ үргэлжлүүлж чадсан билээ!

Эдгээр зовлон, бэрхшээлийн туршид би өвчин шаналлыг бүрэн мэдэрсэн боловч амийн баялгийг ч бас олж авсан юм. ХКН-ын засгийн газрын чөтгөрлөг мөн чанарыг би тодорхой харснаар үл барам, хамгийн гол нь Бурханы гайхалтай үйл хэрэг, Бурханы үгийн эрх мэдэл, хүч чадлыг харсан бөгөөд Бурханы амийн хүчний ер бусын, энгүй уудам байдлыг мэдэрсэн билээ: Намайг хамгийн сул дорой, арга мухардсан байхад Бурханы үг л хүч чадал, эр зориг хайрлаж, Сатаны харанхуйн хүчнээс чөлөөлөгдөх итгэл өгсөн юм; махан бие минь эрүү шүүлт, тамлалыг тэвчиж чадахаа болих үед Бурхан ачааг минь хөнгөлөхийн тулд хүмүүс, юмс, зүйлсийг зохицуулсан; чөтгөрүүд намайг ухаан алдтал тамлахад Бурханы гайхалтай ажил замыг нээж, аюулаас намайг эсэн мэнд гэтэлгэсэн билээ… Эдгээр зүйлийг туулсныхаа дараа би, Бурхан үргэлж дэргэд минь байж, намайг харж хандаж, хамгаалж, надтай цуг алхаж байсан гэдгийг харсан. Намайг гэх Бурханы хайр үнэхээр агуу юм! Бурхан бол миний амийн хүч, шаардлагатай үе дэх миний түшиг тулгуур, дэмжлэг бөгөөд би Бурханд бие сэтгэлээ зориулж, Бурханыг мэдэхээр эрж хайн, утга учиртай амьдралыг амьдран харуулмаар байна!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Нугаршгүй итгэл

Мэн Ён, Хятад 2012 оны 12-р сард би хэдэн ах, эгчийн хамт сайн мэдээ түгээхээр нэг газар очсон бөгөөд эцэст нь муу хүмүүс биднийг мэдээлсэн...

Мөнхийн гаслан

Хүй Гай, Хятад Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Сатаны завхруулсан бүх сүнс Сатаны эзэмшилд олзлогдсон байдаг. Христэд итгэдэг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих