Атаархлын хүлээсээс чөлөөлөгдсөн нь

2022-01-31

Жойлин, Филиппин

2018 оны 1-р сард би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг дөнгөж хүлээн авчхаад байлаа. Төд удалгүй надад сайн мэдээний хөгжмийн видеонд гоцлол дуучны үүрэг өгсөн. Эхэндээ олон ах эгч намайг анзаарч, сайхан дуулдаг гэцгээн, хаа ч явлаа гэсэн намайг таньдаг байлаа. Би од юм шиг санагдсан учраас үүнд баярласан юм. Хэдэн сарын дараа намайг чуулганы удирдагчаар сонгосон. Услах шинэ итгэгч олонтой, хянах сайн мэдээний ажил их байлаа. Шинэ итгэгчдийн асуудлыг илүү сайн зохицуулахын тулд би Бурханы ажлын талаарх үнэнээр зэвсэглэж, үүнийг ойлгох гэж үргэлж сайн мэдээний кино үздэг байсан. Тэгээд тэднийг тодорхой нэг үзэл, асуудлыг ойлгохгүй байх болгонд би нөхөрлөл хийж, асуудлыг нь шийдвэрлэж чадсан. Бас байнга томоохон цуглаан зохион байгуулж, сайн хэв чанар, ойлголттой гээд ах эгч нартаа үргэлж магтуулдаг байлаа. Би ах эгч нараасаа сайшаал хүртсэндээ маш баяртай байсан. Гэхдээ сайн мэдээний ажлыг хянахдаа би төдийлөн урагштай байгаагүй юм. Удирдагчид чуулган болгоны сайн мэдээний ажлын үр ашигтай байдлыг судлах бүрд манай чуулган байнга хамгийн муу нь байдаг байлаа. Хожим нь, Кэти эгч сайн мэдээ номлохоор манай чуулганд шилжиж ирсэн. Тэгээд ажилдаа хурдан дасаж, бусдын үүрэгт гарсан ямар ч асуудлыг нөхөрлөж, шийдвэрлэж чаддаг, бас цуглаан зохион байгуулах үеэр идэвхийлэн нөхөрлөдөг гэдэг нь харагдлаа. Кэти эгч үүрэгтээ ийм хариуцлагатай байгаад би баярлах учиртай байсан ч үл мэдэгдэх шалтгаанаар эгчид дургүйлхсэн. Ах эгч нартай нөхөрлөл хийх болгонд нь Кэти эгчийг харахыг ч хүсдэггүй байлаа. Ялангуяа тэд Кэти эгчийг маш сайн болохоор нь сайн мэдээний санваартнаар сонгомоор байна гэх бодлоо хэлэхийг нь сонсоод би бүр ч эвгүйцсэн. Тэгээд, “Таныг ирэхээс өмнө ах эгч нар бүгдээрээ намайг сайн хэв чанар, ойлголттой, усалгаандаа сайн гэж магтаад, бүгд намайг хүндэлдэг байсан, гэтэл одоо тэд бүгдээрээ таныг хамгийн сайн нь гэж бодон, хүндэлж байна. Одоо хэн намайг хүндлэх юм бэ?” гэж бодогдсон юм. Тэр үеэс хойш би Кэти эгчид атаархаж эхлэн, ах эгч нарын зүрх сэтгэл дэх байр сууриа булаалгах вий гэж санаа зовдог болсон.

Үүний дараа, Кэти эгч шинэ итгэгчдийн байдлын талаар асуух гэж үргэлж утасддаг, бас олон шинэ итгэгч асуудлаа шийдвэрлүүлэхээр эгчид ханддаг нь харагдлаа. Нэг удаа, миний усалдаг эгч сайн мэдээний ажилдаа бэрхшээлтэй тулгараад, миний саналыг асуусан юм. Тэгээд намайг өөртэй нь нөхөрлөсний дараа Кэти эгч дээр очсон. Кэти эгч дээр очсоныг нь олж мэдээд би гутарсан шүү. Эгч миний саналыг нухацтай авч үзэхгүй байж магад, Кэти эгчийг надаас дээр гэж бодоод, намайг хүндлэхээ болих нь гэж бодсон юм. Гутарсандаа, “Би сайн мэдээний ажилд ийм муу юм чинь дутагдлаа даван туулах ёстой. Тэгвэл Кэти эгчийн доор орохгүй, бас цаашдаа ах эгч нар асуудал гарвал эгч дээр биш, над дээр ирнэ” гэж бодлоо. Дараачийн өдрүүдэд нь, Кэти эгч өдөр бүр оройн хоолоо оройтож идэн, үүрэг гээд завгүй байдаг, заримдаа шөнөжин ажилладаг гэдгийг нь харсан. Иймээс би ч бас үүргийнхээ төлөө нойроо хасах гэж үзлээ. Тэгснээр ах эгч нарт бас хариуцлагатай, эгчээс дордох юмгүй харагдах байсан. Дараа нь, чуулган сайн мэдээний санваартны сонгууль зохион байгууллаа. Үнэндээ, энэ үүрэгт Кэти эгч бүх талаар хамгийн тохиромжтой байсан ч би эгчийг сонгохыг хүсээгүй. Эгч чуулганд албан тушаалтай болчихвол бүх хүний анхаарал аажмаар эгч рүү хандаж магадгүй, тэгээд тэд эгчийг надаас илүү чадавхтай гэж үзнэ гэж бодсон. Гэхдээ чуулганы удирдагч бүх ажлыг ганцаараа хийж чадахгүй, санваартнуудаар туслуулах хэрэгтэй гэдгийг харгалзан үзээд, Кэти эгчийг сонгох хэрэгтэй юу гэж гайхлаа. Сонгочихвол ах эгч нар Кэти эгч рүү хуйлраад, би ганцаараа хоцрох нь гарцаагүй байсан. Гэхдээ Кэти эгч маш сайн хэв чанартай, сайн мэдээний санваартны үүргийг зохицуулж чадна гэдгийг би хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байлаа. Үүнийг урт удаан хугацаанд бодолцоод, эцэст нь эгчийг дурамжхан сонгосон юм.

Нэг удаа, чуулган хөгжмийн видеоны бүлэгт бичлэг хийхэд филиппин, англи хэл сайтай ах эгч хайж байлаа. Кэти эгчийн филиппин, англи хэл хоёулаа сайн болохоор эцэстээ ах эгч нар Кэти эгчийг сонгосон. Би маш их бухимдаж, “Миний филиппин, англи хэл бас сайн шүү дээ, гэтэл тэд яагаад миний оронд эгчийг сонгочхов?” гэж бодлоо. Эгчид маш их атаархаж, зүрх сэтгэлдээ бас бага зэрэг үзэн ядалт мэдэрсэн. Тухайн үед Кэти эгч жаахан биеэ тоосон зан чанартай байсан учраас удирдагчид маань эгчийг үүргээ яаж гүйцэтгэж байгааг судалж байхдаа надаас эгчийн талаар үнэлгээ бичиж өг гэж хүслээ. Би ч маш их баярлаж, эгчийн дутагдлыг илүү их хөндөхийг хүссэн юм. Тэгснээр удирдагчид маань эгчид өөр үүрэг өгч, би эгчийн дэргэд байх албагүй болох байлаа. Гэхдээ бас тиймэрхүү юм бодох буруу, эгчид зөв зүйтэй хандах ёстой гэдгээ мэдэж байсан. Кэти эгч завхарсан зан чанартай ч гэсэн эгчид зарчмын дагуу шударгаар хандах ёстой гэж удирдагч маань бас бидэнтэй нөхөрлөсөн юм. Гэхдээ ах эгч нар Кэти эгчийг хүндлэх вий гэж санаа зовох шаардлагагүй болохын тулд би зүрх сэтгэлдээ эгчийг явуулахыг хүссэн. “Таныг ирэхээс өмнө ах эгч нар бүгдээрээ хариулт эрж хайхаар надад ханддаг байсан. Харин одоо таныг энд байгаа болохоор тэд надад биш, танд байнга хандаад байх шиг байна” гэж бодсон. Энэ талаар тунгаагаад гомдож, шаналлаа. Хамтдаа үүрэг гүйцэтгэх үедээ ч би эгчтэй уулзмааргүй байсан. Тухайн үед атаархал үнэхээр миний зүрх сэтгэлийг эзэмдсэн байлаа.

Дараа нь, чуулганы ажлыг хянахад минь маш их дарамт учирч, зарим нэг асуудал гарсан ч би Бурханы хүслийг мэдэрч чадахгүй, эдгээрийг яаж шийдвэрлэхээ мэдэхгүй байсан. Үнэхээр эцэж цуцмаар байсан шүү. Би Ариун Сүнсний ажил, удирдамжийг мэдэрч чадахгүй, үүрэгтээ урагшгүй байлаа. Миний сөрөг байдал аль хэдийн үүрэгт минь нөлөөлж байгаа гэдгийг цуглаан дээр Төгс Хүчит Бурханы ийм үгийг олж харснаар л ухаарсан, “Чуулганы удирдагч байхын тулд хүн үнэнийг ашиглан асуудал шийдвэрлэж сурах ёстойгоор үл барам авьяастай хүмүүсийг олж илрүүлж, хөгжүүлж сурах ёстой, тэднийг дарж, тэдэнд атаархаж яавч болохгүй. Үүргээ ингэж биелүүлэх нь стандартад нийцдэг бөгөөд ийнхүү үйлддэг удирдагч, ажилчид стандартад нийцнэ. Хэрвээ чи бүх зүйл дээр зарчмын дагуу үйлдэж чаддаг болбол үнэнч байдалтай байх болно. Бусад нь өөрөөс нь дээр, илүү өндөрт байж, өөрийг нь үл ойшоогдож байх зуур нэр хүнд олох вий гэж зарим хүн үргэлж айдаг. Үүнээсээ болоод тэд бусад руу дайрч давшилж, бусдыг гадуурхдаг. Ингэх нь өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж байгаа хэрэг бус уу? Ийм ааш авир аминчхан, жигшүүртэй бус уу? Энэ нь ямар зан чанар вэ? Энэ нь хорлонтой! Өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө хүслийг л хангаж, бусдын үүрэг юм уу Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй хүмүүс муу зан чанартай байдаг бөгөөд Бурхан тэднийг огт хайрладаггүй. Хэрэв чи Бурханы хүслийг үнэхээр анхаарч чаддаг бол бусад хүнд шударгаар хандаж чадна. Хэрэв чи сайн хүнийг дэмжиж, чадварлаг болгон сургаад, улмаар Бурханы гэрт өөр нэг авьяастай хүн бий болох юм бол ажил чинь хийхэд илүү амархан болох бус уу? Чи энэ үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан байх бус уу? Энэ бол Бурханы өмнөх сайн үйл; удирдагч хүнд байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгийг уншсаныхаа дараа, би нэр төр, байр суурийн төлөө, хүмүүст хүндлүүлж, бишрүүлэх гэж үүргээ гүйцэтгэдгээ ухаарсан. Кэти эгч чуулганд ирэх үед үнэний талаар нөхөрлөж, асуудал шийдвэрлэж чаддаг гэдэг нь харагдсан. Бас бусад нь нөхөрлөл хийхээр надад биш, эгчид хандах үед Кэти эгч миний орыг эзлэх нь гэж айсан. Иймээс би эгчид атаархаж, алхам тутамдаа эгчтэй өрсөлдсөн. Ах эгч нартаа хүндлүүлэхийн тулд үнэнийг ойлгодог, хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж чаддаг гэдгээ харуулахыг хүссэн. Чуулган сайн мэдээний санваартан сонгох үед Кэти эгч тэр ажлыг хийх чадвартайг мэдэж байсан ч миний алдрыг хулгайлна гэж айгаад эгчийг сонгохыг хүсээгүй, бас зүрх сэтгэлдээ эгчийг үзэн ядаж, жигшсэн. Тэр ч бүү хэл заналт санаа өвөртөлж, эгчээс өө эрэх гэж хичээсэн. Эгчийг завхрал илчлэх үед баярлаад, ах эгч нартаа өөрийнхөө давуу талыг харуулахын тулд эгчийг хөөж явуулах гээд үнэлгээндээ муу юм бичмээр санагдсан. Би эгчийн чадварт атаархаад, надаас дээр байгааг нь тэсвэрлэж чадаагүй гэдгийг, бас миний илчилж байгаа зүйл заналтай зан чанар гэдгийг Бурханы үгийн илчлэлээр л ухаарсан юм. Би гаднаа үүргээ идэвхийлэн биелүүлж байсан ч зүрх сэтгэлдээ Бурханы гэрийн ажлыг харгалзаж үзээгүй. Кэти эгч Бурханы гэрийн ажилд тус болж, сайн мэдээний ажлыг илүү урагштай болгосон. Гэтэл би яаж эгчийн дээр гарах вэ гэж л боддог байж. Бурхан бидний зүрх сэтгэл, үүрэгтээ хандах хандлагыг шинждэг. Би Бурханаас айлгүй үүргээ гүйцэтгэж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхөд л анхаарсан. Ийм маягаар аашлахад Бурханы ой гутдаг шүү дээ.

Дараа нь, би Бурханы үгийн бас нэг хэсгийг уншлаа. “Та нарын толгойг дүүргэдэг үзэл, төсөөлөл, мэдлэг, хувийн санаархал, хүсэл анхдагч хэлбэрээсээ өөрчлөгдөлгүй үлддэг. Иймээс Бурханы гэр янз бүрийн авьяас билгийг хөгжүүлнэ гэж сонсогдвол, энэ нь байр суурь, нэр нүүр, нэр хүндийг хөндмөгц хүн бүрийн зүрх сэтгэл догдолсондоо булгилдаг бөгөөд та нар дор бүрнээ онцгойрч, алдаршиж, танигдахыг үргэлж хүсдэг. Тэмцэлдэх нь ичмээр бөгөөд Бурханы гэрт зөвшөөрөгддөггүй ч гэлээ хүн бүр бууж өгөхийг хүсэлгүй, оронд нь үргэлж тэмцэлдэхийг хүсдэг. Тэгээд тэмцэлдэхгүй бол сэтгэл чинь мөн л ханадаггүй. Хэн нэгэн онцгойрохыг харах үедээ чи атаархаж, үзэн ядаж, үүнийг шударга бус гэж боддог. ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа тэр хүн онцгойрч, миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ Дараа нь чи хорсол мэдэрдэг. Тэгээд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Чи Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгарах үедээ даван гарч чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүн ийм байдалд унана гэдэг урхи бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг миний байдлыг илчилсэн юм. Би алдар нэр, байр суурь ихэд хүсэмжилдэг, бас онцгойрч, хүмүүсийн зүрх сэтгэл дэх орон зайг эзлэхийг хүсдэг учраас эгчдээ атаархсан юм байна лээ. Их сургуульд байхдаа бусдад магтуулж, бишрүүлэхийн тулд ангийнхантайгаа өрсөлдөж, онцгойрч чадаж л байвал бие биеэ гомдоох эсэх нь хамаагүй байсныг санаж байна. Би Бурханд итгэдэг болсныхоо дараа Бурханы гэрт бас тиймэрхүү байдлаар эрэлхийлсэн. Кэти эгч надаас дээр байгааг хараад би илүү олон хүнд сайшаагдахыг хүсэж, хүмүүст бишрүүлж, шүтүүлнэ гэж их санаалан найдсан учраас эгчийг даван гарахыг хүсэж, тэр ч бүү хэл үзэн ядсан. Энэ миний хэчнээн биеэ тоосон гэдгийг харуулсан. Би бас нэр төр, байр суурь хөөцөлдөж байсан учраас үүргээ сайн биелүүлж, Ариун Сүнсний ажилтай болж чадаагүйгээ олж хараад, улам бүр ахархан бодолтой болж байгаагаа мэдэрсэн юм. Яг л Бурханы үгэнд илчилдгээр, “Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм.” Миний санахаар Библид, “Атаархал бол ясыг ялзруулагч юм” (Сургаалт үгс 14:30) гэсэн байдаг. Тийм шүү. Атаархал бол сатанлаг зан чанарын илэрхийлэл юм. Хүмүүс үүнээс болж үзэн ядах, тэр ч бүү хэл бодлогогүй зүйл хийхэд хүрдэг.

Дараа нь, миний харсан Бурханы үгийн бас нэг хэсэг надад нэр төр, байр суурь хөөцөлдөхийн мөн чанар, үр дагаврыг ойлгоход тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрэв чи үргэлж махан биеийн дагуу амьдарч, аминчхан хүслээ байнга хангаж байдаг бол ийм хүмүүст үнэний бодит байдал байдаггүй; энэ бол Бурханыг гутаахын тэмдэг билээ. ‘Би юу ч хийгээгүй шүү дээ; Бурханыг би яаж гутаасан юм бэ?’ гэж чи хэлдэг. Оюун санаанд чинь гагцхүү ёрын муу л байдаг; чи бол Сатанд харьяалагддаг хүн. Үйлдлийнхээ цаад санаархал, зорилго, сэдэл, хийсэн зүйлийнхээ үр дагавар гээд бүх талаар Сатаныг хангалуун болгож, түүний тоглоом тохуу болж, түүнд сул талаа атгуулж байна. Чамд Христэд итгэгчийн хувиар эзэмших ёстой гэрчлэл огтхон ч алга. Чи бүх зүйл дээр Бурханы нэрийг хугалдаг бөгөөд жинхэнэ гэрчлэлгүй байдаг. Бурхан хийсэн зүйлийг чинь санах уу? Эцэстээ Бурхан чиний үйлдэл, гүйцэтгэсэн үүргийн талаар ямар дүгнэлт хийх вэ? Үүнээс чинь ямар нэг зүйл, ямар нэг үг гарахгүй гэж үү? Библид, Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг: ‘Тэр өдөр олон хүн, “Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?” гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, “Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлнэ’ (Мат 7:22–23). Эзэн Есүс яагаад ингэж хэлсэн бэ? Эзэний нэрээр өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөж, Эзэний нэрээр номлохоор явдаг хүмүүс яагаад мууг үйлдэгчид болсон юм бэ? Энэ мууг үйлдэгчид хэн бэ? Тэд Бурханд итгэдэггүй хүмүүс үү? Тэд бүгд Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Мөн Бурханы төлөө аливааг орхин, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, үүргээ биелүүлдэг. Гэвч тэд үүргээ биелүүлэхдээ үнэнч байдал, гэрчлэлгүй байдаг тул энэ нь мууг үйлдэж байгаа явдал болжээ. Иймээс Эзэн Есүс ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлсэн юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Төгс Хүчит Бурханы үгийн энэ хэсгийг уншсаныхаа дараа би шүүгдсэн мэт санагдаж, ичсэн. Өөрийн минь санаа, бодол, санаархал, сэдэл Бурханыг огт сэтгэл хангалуун байлгах биш, харин гагцхүү бусдад бишрүүлэхийн төлөө байсныг олж харсан. Ах эгч нар маань Кэти эгчид надаас илүү их анхаарал хандуулж байгааг хараад би атаархаж, өрсөлдмөөр санагдаж, эгчийн дээр гарахыг хүсэж, тэр ч бүү хэл эгчийг өөр чуулганд шилжинэ гэж найдсан. Чуулганы удирдагчийн хувьд би чуулганы ажил хийх хүмүүсийг хөгжүүлэхэд анхааралгүй үүргээ орхигдуулж, буруу замаар явж, авьяас билигт атаархаж, алдар нэр, байр суурь хөөцөлдөх байдалтай амьдарсан. Би Эзэн Есүсийн ялласан ёрын мууг үйлдэгчидтэй адилхан. Хэдийгээр тэд зовж, хөдөлмөрлөсөн ч Бурханд үнэнч биш, ямар ч гэрчлэлгүй байсан, тэгээд нэр төр, байр сууриа хамгаалж, бусдад хүндлүүлэхээр эрмэлзсэн. Би ч гэсэн тийм байлаа. Ах эгч нараасаа магтаал хүртэж, нэр төр, байр сууриа хамгаалахын тулд зовж, өөрийгөө зарлагаддаг байсан. Онгирох гээд завгүй байх зуур үүрэг дэх санаа зорилго минь зөв байхаа больж, улмаар би Ариун Сүнсний ажлыг олж авах боломжгүй болсон юм. Нөхөрлөл минь ямар ч гэрэлгүй болж, би шинэ итгэгчдийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Атаархуу байх нь үнэхээр ёрын муу, Бурханы жигшдэг зүйл юм. Эзэн Есүс ингэж хэлсэн: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:22–23). Гаднаа Бурханы төлөө хэрэн хэсэж, зовдог мэт санагддаг ч үнэндээ өөрсдийн санаа, сэдлийг л биелүүлэхээр хөдөлмөрлөдөг хүмүүсийг Бурхан үнэхээр үзэн яддаг. Тэдний хийж байгаа зүйл өөрсдийнх нь тусын тулд байдаг. Энэ нь Бурханыг хангалуун байлгаж, гэрчлэхийн төлөө огт байдаггүй. Иймээс тэд маш их ажил хийлээ ч Бурхан үүнийг нь хүлээн зөвшөөрдөггүй. Би өөрөө тийм зүйл хийж байгаагаа олж харсан. Гаднаа үүргээ гүйцэтгэж байсан ч үнэнийг эрэлхийлж, өөрийгөө эргэцүүлэх, мэдэх гэж хичээгээгүй, бас хамтрагчийнхаа давуу талаас суралцах гэж оролдоогүй. Оронд нь нэр төр, байр суурь хөөцөлдөх буруу замаар орсон учир тэр ёрын мууг үйлдэгчдээс би ямар ч ялгаагүй байлаа. Үнэнийг эрэлхийлэх биш, алдар нэр, байр суурь хөөцөлдөхөөр Бурханд итгэх нь Бурханыг эсэргүүцэх зам юм. Бид гаднаа өөрсдийгөө хэчнээн их орхиж, зарлагадлаа ч Бурхан хэзээ ч сайшаахгүй. Паул гагцхүү титэм хүртэж, бусдад хүндлүүлж, шүтэгдэхийн төлөө л маш их зарлагадсан тухай бодлоо. Паул завхарсан зан чанараа өөрчилье гэж хэзээ ч эрэлхийлээгүй, бас Паулын хийсэн зүйл Бурханыг биш, өөрийг нь гэрчилж байсан. Эцэстээ Бурхан үүнийх нь төлөө Паулыг шийтгэсэн. Би аминчхан хүслээр үүргээ биелүүлсээр байвал Бурханы гэрийн ажлыг хохироож, үймүүлж, өөрийн мэдэлгүй яг Паул шиг ёрын мууг үйлдэгч болоод, Бурханд гологдож, таягдан хаягдах байлаа. Үүнийг ухаармагцаа Бурханы өмнө очоод залбирсан юм. “Төгс Хүчит Бурхан минь, би нэр төр, байр суурь хөөцөлдөх байдалд амьдардаг. Эгчдээ атаархаж, өөрийгөө эгчтэйгээ харьцуулж, өрсөлддөг. Бурхан минь, завхарсан зан чанар минь миний үүрэгт саад болоосой гэж би хүсэхгүй байна, завхарсан зан чанараа шийдвэрлэж, үүргээ биелүүлэхийн тулд эгчтэйгээ хамт ажилламаар байна. Бурхан минь, энэ асуудлыг шийдвэрлэхэд намайг замчлаач” гэсэн.

Дараа нь Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан юм. “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно. Хэв чанар чинь дорд, туршлага чинь өнгөц, мэргэжлийн ажилдаа сайн дадаагүй бол ажилд чинь зарим алдаа дутагдал байж болох бөгөөд үр дүн нь төдийлөн сайнгүй байж магад—гэхдээ чи бүх хүчин чармайлтаа зарцуулсан байх болно. Тэгээд аминч хүслээ бодолгүй, эсвэл хийж байгаа зүйлдээ өөрийн ашиг сонирхлыг бодолцолгүй, харин ч Бурханы гэрийн ажлыг байнга харгалзан үзэж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг сэтгэлдээ тээж, үүргээ сайн биелүүлэх үедээ чи Бурханы өмнө сайн үйл хуримтлуулж байх болно. Эдгээр сайн үйлийг үйлддэг хүмүүс бол үнэний бодит байдалтай хүмүүс юм; тийм болохоор тэд гэрчлэл хийсэн(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өгсөн. Бид бусдаар магтуулж, бишрүүлэхийн тулд бусдын өмнө үүргээ гүйцэтгэх учиргүй. Нэр төрөө хойш тавьж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, үүргээ эн тэргүүнд тавих учиртай. Ингэх нь Бурханы хүсэлд нийцдэг. Кэти эгч сайн мэдээний ажил сайн хийдэг, үүрэгтээ хариуцлагатай байсан. Би эгчид атаархах ёсгүй байсан юм. Өөрийнхөө дутагдлыг залруулахын тулд эгчийн давуу талаас суралцаж, эгчтэй эвтэй байж, үүргээ хамт биелүүлэх ёстой байж.

Нэг удаа, би үеэлдээ сайн мэдээ номлохыг хүссэн ч үеэл минь шашны гүн гүнзгий үзэлтэй болохоор эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг яаж гэрчлэхээ мэдэхгүй байлаа. Бас нөхөрлөл минь тодорхойгүй байх вий гэж санаа зовсон учир хамтрах эгч олохыг хүсэж байтал Кэти эгч санаанд орсон ч би эргэлзлээ. “Эгчийг хамтрагчаа болговол эгчээс муу, Бурханы ажлыг гэрчилж, шашны үзэл шийдвэрлэж чаддаггүй гэдгийг минь нотлох биш үү? Ах эгч нар маань олж мэдвэл намайг дорд үзэх болов уу? Кэти эгч манай үеэлийн шашны үзлийг шийдвэрлэх юм бол ах эгч нар маань эгчийг хүндлэх нь лавтай” гэж бодогдсон. Тэгж бодох үедээ дахиад алдар нэр, ашиг хонжооны төлөө эгчтэй өрсөлдөж байгаагаа ухаарсан учраас Бурханд чимээгүйхэн залбирлаа. Дараа нь Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон, “Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Бусдаас онцгойрч, алдар суу хүртэх боломж олдмогц бүү тэмц, мөн завшааныг ашиглахаар бүү яар. Чи буулт хийж сурах ёстой, гэхдээ үүргийн биелэлтээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр хүнд, байр сууриа орхих тусмаа, мөн ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэлд чинь улам их орон зай нээгдэж, байр байдал чинь улам сайжирна. Тэмцэлдэж, өрсөлдөх тусам байдал чинь улам хар бараан болно. Хэрэв чи үүнд итгэхгүй бол өөрөө оролдоод үз!(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг намайг гэгээрүүлсэн юм. Би бардам зангаа хойш тавиад, эгчтэй хамтран ажиллах ёстой байсан. Ингэж хэрэгжүүлэх нь миний үүрэгт тус болох байлаа. Эгчид атаархсаар байж, алдар нэр, ашиг хонжооны төлөө эгчтэй өрсөлдөх юм бол миний байдал улам л сөрөг, харанхуй болох байсан. Яагаад гэвэл алдар нэр, байр суурь хөөцөлдөх нь Сатаны зам юм. Би Бурханд залбираад, “Төгс Хүчит Бурхан минь, би завхарсан зан чанартай хэвээр байгаагаа мэднэ. Би эгчдээ атаархаж, алдар нэр, ашиг хонжооны төлөө эгчтэйгээ өрсөлдөх тухай боддог ч нэр төр, байр сууриа хойш тавих ёстой юм байна. Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлэхэд намайг замчлаач” гэсэн. Залбирсны дараа арай тайвшраад, нөхцөл байдлыг тайлбарлахаар Кэти эгч дээр очлоо. Эгч тэр дороо зөвшөөрөөд, яаж хандахаа надтай зөвлөлдсөн. Үүнийг нь хараад, миний сэтгэл маш их хөдөлсөн шүү. Би байнга өөрийнхөө нэр төрийн төлөө амьдарч, Кэти эгчтэй эвтэй байгаа дүр эсгэсэн, гэтэл эгч миний жинхэнэ бодлыг хэзээ ч мэдээгүй гэж бодогдлоо. Иймээс Кэти эгчид сэтгэлээ уудлахаар шийдсэн юм.

Оройн хоолны дараа Кэти эгчтэй яриад, илчилсэн бүх завхралынхаа талаар нөхөрлөсөн. Эгч үүнийг сонссоныхоо дараа, “Зүгээр дээ. Энэ тал дээр үнэндээ би танаас илүү завхарсан шүү дээ. Иймэрхүү нөхөрлөл маш сайхан юм” гэж хэлсэн. Сэтгэлээ уудалсны дараа миний дотор бас нэлээд уужирч, эгчид атаархахаа больж чадсан даа. Одоо би Кэти эгчтэй хамт үүргээ биелүүлж чаддаг, тэгээд амар амгалан, сэтгэл уужралыг гүнээ мэдэрдэг юм. Энэ бүгд Бурханы үгийн шүүлтээс гарсан үр нөлөө байсан. Үнэнийг хэрэгжүүлснээр бид тайван, амгалан болдог. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Зохицон үйлчлэхийн ач холбогдол

Мэй Жиэ, Шаньдун муж Бүх түвшний чуулганы удирдагчдыг хамтрагчтай (хамт ажиллах хамтран зүтгэгчтэй) болохыг шаардсан ажлын зохицуулалтыг...

Messenger дээр бидэнтэй холбоо барих