Харьцалт туулснаар би юу олж авсан бэ

2023-07-11

Би 2022 оны 6-р сард чуулганы удирдагчаар сонгогдсон юм. Хариуцах бүх ажил, хуримтлуулах олон төрлийн туршлагынхаа талаар болон энэ нь миний амийн өсөлтөд хэр тустай байх талаар бодоод би маш их баярлаж, хэрэгжүүлэх энэ боломжийг өгснийх нь төлөө бас Бурханд талархаж байв. Гэхдээ би удирдлагын ажилд шинэ байсан болохоор маш олон зарчмыг мэдэхгүй, асуудал гарах үед зарчмыг эрж хайлгүй, харин зүгээр л хамгийн сайн гэж бодсон зүйлээ сохроор хийж байлаа. Албан тушаалд хүн сонгохдоо ч тийм байв. Хэсэг хугацааны дараа миний сонгосон зааварлагч үүрэгтээ хайнга хандаж, ажлыг саатуулахад дээд түвшний удирдагч намайг зэмлэж, “Ажилчдыг томилох гэх мэт чухал зүйлд та яагаад зарчмыг үл тоож, хамтран зүтгэгчидтэйгээ ярилцахгүйгээр өөрийн дураар шийддэг юм бэ? Ямар биеэ тоосон, өөртөө эрдсэн юм бэ!” гэсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод надад эвгүй санагдаж, биеэ тоосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч нэгэнт миний асуудал илчлэгдсэн юм чинь удирдагч болон бусад ах, эгч жинхэнэ төрхийг минь харна. Дахин ийм асуудал гарвал удирдагч намайг намайг халах болов уу гэж маш их санаа зовсон юм. Гайхмаар нь, төд удалгүй юмыг өөрийнхөөрөө хийснээс минь болоод өөр нэг төсөл дээрх миний зарим ажлыг ахин хийх шаардлагатай боллоо. Тэр нь ажлыг хойшлуулж, би дахиад л засалт, харьцалт туулав. “Удирдагчийн хувьд та хувийн асуудлаа шийдээгүй, харин чуулганыг бүхэлд нь хамарсан ажлыг хийж байгаа. Удирдагчид үнэний зарчмыг эрж хайж, бүх асуудал дээр хамтран зүтгэгчидтэй ярилцах ёстой. Та яагаад үргэлж юу хүссэнээ хийдэг юм бэ? Та хэтэрхий биеэ тоосон байна” гэж надад хэлсэн. Удирдагчийн үгийг сонсоход зүрхэнд хутга зоох шиг болж, би урсах нулимсаа барьж дийлээгүй. Түүний зөв байсан—удирдагч энэ асуудлыг аль хэдийн хэлж өгсөн. Би яагаад адилхан алдаа гаргав? Хэрэв би юмыг үргэлж өөрийнхөөрөө хийж, бүтэлгүйтвэл эрт орой хэзээ нэгэн цагт халагдаж л таарна. Энэ хугацаанд миний эргэн тойронд үүргээ гүйцэтгэхдээ үнэний зарчмыг эрж хайдаггүй, харин өөрийнхөөрөө хийдэг зарим хүн байгааг би анзаарсан. Үүнээс болж ажил тасалдаж, тэд шүүмжлэгдэж, зарим нь халагдсан. Үүнийг хараад би улам их түгшиж, айж, үүнээс хойш үнэхээр анхааралтай байж, хэзээ ч алдаа гаргах ёсгүй юм шиг санагдсан. Эс бөгөөс дараагийн халагдах хүн нь би байх байв. Хэрэв би үнэхээр үүргээ алдвал сайн төгсгөл, хүрэх газартай хэвээрээ байх уу? Үүний дараа би ажилдаа үнэхээр сандруу болсон. Санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй жирийн ажлын хэлэлцүүлэг дээр хүртэл буруу юм хэлээд, асуудлаа илчлэх вий гэж айсандаа би ам ангайхаас эргэлзэж, анзаарсан асуудлынхаа талаар саналаа хэлэхдээ өөртөө тээнэгэлзэж, “Энэ үнэхээр асуудал мөн үү? Хэрэв миний буруу бол удирдагч надтай харьцах болов уу? За, яршиг. Энэ тухай ярихгүй байсан нь дээр. Ингэвэл ядаж буруудаж, шүүмжлэлд өртөхгүй” гэж бодсон. Ингэж бодоод би эргэлзэж байгаа зүйл дээрээ мөрөө хавчаад өнгөрдөг байв. Гэвч ингэснээр буруутай мэт санагдаж, ажилдаа хариуцлагагүй хандаж байгаагаа ухаараад, хамтран зүтгэгчдээсээ асууж, тэдний бодлыг мэдсэнийхээ дараа асуудлыг шийдэх ёстой гэж бодсон юм. Тэгвэл удирдагч намайг биеэ тоосон, хүссэнээ хийдэг гэж хэлэхгүй байв. Нэг удаа чуулган сайн мэдээний ажилд багийн удирдагч сонгох шаардлагатай боллоо. Нэг ах сайн мэдээ түгээх авьяастай байсан ч бусад нь түүнийг хүн чанар муутай, бусдыг ам хэлээр дайрч, өшөөгөө авч байсан удаатай гэж хэлсэн. Би түүнийг боломжийн нэр дэвшигч мөн эсэхийг хэлж мэдэхгүй байсан тул хамтран зүтгэгчидтэйгээ ярилцахад бүгд л оролдоод үзье гэв. Надад тухайн үед эвгүй санагдаж, цааш нь ярилцахыг хүссэн ч ганцхан надад тэр ах тохирохгүй юм шиг санагдаж л дээ, хэрвээ би зохисгүй санал гаргаад, удирдагч намайг зарчмыг ойлгодоггүй, биеэ тоосон зантай гээд, надтай харьцвал яах билээ гэж бодсон юм. Тиймээс би санаа зовнилоо хэлээгүй, бүр өөрийгөө ингэж тайвшруулсан: Би угаасаа хүн бүрийг саналыг асуусан, иймээс ямар нэг юм буруугаар эргэвэл би дангаараа хариуцлага хүлээхгүй. Төд удалгүй дээд түвшний удирдагч бидний ажлыг шалгаад, тэр ах хүн чанар муутай болохыг олж мэдэв. Тэр ах бусдын саналыг хүлээж авдаггүй, тэр ч бүү хэл ам хэлээр дайрч давшлан, өшөөгөө авдаг байжээ. Удирдагч “Хэрэв түүнийг даруйхан халахгүй бол ажилд нөлөөлнө” гэсэн. Би ингэж хэлэхийг нь сонсоод үнэхээр бухимдсан, учир нь би өмнө нь энэ асуудлыг мэдэж байсан ч миний бодол буруу байгаад, асуудал гарвал би харьцалт туулна гэж айсандаа юу ч хэлээгүй. Аз болоход удирдагч үүнийг анзаарч тэр ахыг ажлаас нь халсан, эс бөгөөс ажилд хохирол учрах нь гарцаагүй байлаа. Би үнэхээр буруутай юм шиг санагдсан. Асуудал байгааг би маш тодорхой мэдэрсэн байж яагаад үүнийг гаргаж тавьж зүрхэлсэнгүй вэ? Яагаад чуулганы ажлыг хамгаалж чадсангүй вэ? Би яагаад засалт, харьцалт туулахаас тэгтлээ айв? Би Бурханд залбирч, асуудлаа ойлгоход минь залж чиглүүлээч гэж гуйлаа.

Тэгээд нэг өдөр Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм: “Зарим хүн хүссэнээрээ үйлдэж, зарчмыг зөрчдөг бөгөөд засалт, харьцалт туулсныхаа дараа өөрсдийгөө биеэ тоосон, мөн үнэнгүй учраас л алдаа гаргасан гэдгээ ердөө үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зүрх сэтгэлдээ тэд ‘Надаас өөр хэн ч түрүүлж гардаггүй, тэгээд эцэст нь ямар нэг юм буруугаар эргэвэл тэд бүх хариуцлагыг над руу түлхдэг. Би тэнэг биш үү? Дараагийн удаа би адилхан юм хийж, түрүүлж гарч болохгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг шүү дээ!’ гэж гомдоллосон хэвээр байдаг. Энэ хандлагыг чи юу гэж бодож байна? Энэ гэмшсэн хандлага мөн үү? (Биш.) Энэ ямар хандлага вэ? Тэд зальхай, ов мэхтэй болсон биш үү? Зүрх сэтгэлдээ тэд ‘Энэ удаа гамшиг болж хувираагүй нь азтай хэрэг. Хал үзэж, халуун чулуу долооно гэдэг чинь энэ шүү дээ. Би ирээдүйд илүү хянамгай байх ёстой’ гэж боддог. Тэд үнэнийг эрж хайдаггүй, асуудлыг зохицуулж, шийдвэрлэхийн тулд шалихгүй зан, зальхай арга ашигладаг. Тэд ийм маягаар үнэнийг олж авч чадах уу? Чадахгүй, яагаад гэвэл, тэд гэмшээгүй. Гэмших үедээ хийх эхний зүйл бол ямар буруу юм хийснээ мэдэж, хаана алдаа гаргаснаа харж, асуудлын мөн чанарыг, илчилсэн завхарсан зан чанараа ойлгох явдал юм; чи эдгээр зүйлийг эргэцүүлж, үнэнийг хүлээн авч, дараа нь үнэний дагуу хэрэгжүүлэх ёстой. Зөвхөн энэ л гэмшлийн хандлага юм. Нөгөө талаар хэрвээ чи зальжин арга замыг нэгд нэггүй бодож үздэг болж, урьдынхаасаа илүү зальхай болж, арга техник чинь улам овжин, далд болж, аливааг зохицуулах улам олон арга барилтай болсон бол асуудал зүгээр нэг ов мэхтэй байх шиг энгийн биш. Чи арга заль хэрэглэж байгаа бөгөөд хэлж болохгүй нууц чамд байдаг. Энэ бол ёрын муу. Чи гэмшээгүй төдийгүй улам зальхай, ов мэхтэй болсон. Чи тун гөжүүд, ёрын муу, өөрийнхөө бурууг өнгөн дээрээ хүлээн зөвшөөрч, харьцалт, засалтыг хүлээн авдаг ч бодит байдал дээр чамд өчүүхэн ч гэмшсэн хандлага байдаггүйг Бурхан хардаг. Бид яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь ийм үйл явдал болж байхад юм уу болсных нь дараа чи үнэнийг огт эрж хайгаагүй, өөрийгөө эргэцүүлж, мэдэхээр оролдоогүй, үнэний дагуу хэрэгжүүлээгүй. Чи Сатаны гүн ухаан, логик, асуудлыг шийдвэрлэх арга барилыг ашигладаг хандлагатай. Бодит байдал дээр чи асуудлаас зайлсхийж, асуудлын ул мөрийг бусдад харуулахгүй, юу ч цухуйлгахгүйн тулд аятайхан өнгөлөн далдалдаг. Эцэст нь чи өөрийгөө тун ухаалаг гэж боддог. Өөрт тохиолдсон асуудлыг үнэхээр эргэцүүлж, нүглээ улайж, гэмшээд, дараа нь үнэнийг эрж хайж, үнэний дагуу хэрэгжүүлж байгааг чинь биш, харин үүнийг л Бурхан хардаг. Чиний хандлага бол үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж буй хандлага биш, Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагдах хандлага ч биш, харин асуудлаа шийдвэрлэхийн тулд Сатаны аргачлал, арга барилыг ашиглаж буй хандлага юм. Чи бусдад хуурамч сэтгэгдэл төрүүлж, Бурханаар илчлэгдэхийг эсэргүүцдэг бөгөөд чамд зориулж Бурханы зохион байгуулсан орчин нөхцөлийн тухайд хамгаалсан, сөргөлдсөн байдалтай байдаг. Зүрх сэтгэл чинь урьд өмнөхөөсөө илүү хаагдмал болж, Бурханаас улам тусгаарлагддаг. Тэгэхээр үүнээс ямар нэг сайн үр дүн гарч болох уу? Чи гэрэлд амьдарч, амар амгалан, баяр хөөрийг эдэлсээр байж чадах уу? Чадахгүй. Чи үнэнээс, Бурханаас зайлдаг, чи гарцаагүй харанхуйд унаж, уйлж шүдээ хавирна(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна). Бурханы илчилснээр бол, үүргээ гүйцэтгэхдээ зарчмыг зөрчиж, ажилд саад болдог хүмүүсийн дундаас үнэнийг хайрлаж, хүлээн авдаг хүмүүс нь засалт, харьцалт туулах үедээ үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлж, хаана алдсанаа, ямар завхарсан зан чанар харуулснаа, яаж тэрийгээ шийдвэрлэх ёстойгоо мэдэж авч чаддаг. Дараа нь тэд үүргээ зарчмын дагуу гүйцэтгэж чадна. Энэ нь харьцалтыг үнэхээр хүлээн авч, жинхэнээсээ гэмшиж байгаа хэрэг юм. Гэвч үнэнийг хүлээн авдаггүй хүмүүс харьцалт туулах үедээ буруугаа амаараа хүлээн зөвшөөрч магадгүй ч үнэнийг эрж хайдаггүй, өөрийгөө мэдэхийн тулд өөрийгөө эргэцүүлдэггүй. Үүний оронд тэд өөрсдийгөө далдлах зальжин, ов мэхтэй арга хэрэглэн бусдаас асуудлаа нууснаар, өөрсдийгөө хамгаалах гэдэг. Ийм хүн зүгээр ч нэг зальжин биш; бас ёрын муу юм. Бурханы үгийн илчлэлтэй өөрийгөө харьцуулаад үзэхэд би анх удирдагч болохдоо олон зарчмыг мэддэггүй, судалдаггүй; зүгээр л юмыг өөрийнхөөрөө хийдэг байсан нь ажилд саад учруулсан юм. Удирдагч надад туслахын тулд асуудлыг минь хэлж өгсөн. Гэхдээ би алдсанаа хүлээн зөвшөөрсөн ч дараа нь өөрийгөө эргэцүүлээгүй, зарчмыг ойлгохын тулд чармайлт гаргаагүй. Би зүгээр л таамаг дэвшүүлж, сэрэмжилж, удирдагч намайг аль хэдийн нэвт харсан болохоор дахин алдаа гаргавал ажлаасаа халагдаж магадгүй, тэгвэл сайн төгсгөлтэй болохгүй гэж бодсон. Би өөрийгөө хамгаалахын тулд алхам тутамдаа дүр эсгэж, асуудал, дутагдлаа харуулаагүй, хэлсэн, хийсэн бүхэндээ үнэхээр их хаширласан. Асуудлыг хэлж, санал бодлоо илэрхийлэхээсээ өмнө сайн, мууг нь дэнсэлж, миний буруу байвал үр дагавар нь ямар байхыг, үүний төлөө харьцалт туулах эсэхээ бодолцон үзэж, бүх зүйл зүгээр гэдэг нь баталгаатай үед л ам нээж, харин эргэлзэж байгаа зүйлийнхээ талаар нэг ч үг унагалгүй, асуудлыг үл тоовол ажил хэрхэн хохирохыг огт бодолцон үздэггүй байв. Бас хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд, хэн нэгнийг сонгох шаардлагатай үед хамтран зүтгэгчдийнхээ саналыг асуусан ч тэр нь зүгээр л нүд хуурахын төлөө байлаа. Хэдий би тэдний саналд сэтгэл дундуур байсан ч цааш нь судлаагүйгээс буруу хүнийг сонгогдоход хүргэсэн. Энэ нь ах, эгч нарт ч, ажилд ч хохиролтой байв. Би засалт, харьцалт туулах үедээ огт гэмшээгүй гэдгээ ойлгосон. Зүгээр л илүү овжин, зальтай болж, алдах, шүүмжлүүлэх хоёроос яаж зайлсхийх талаар байнга бодож, Бурхан болон удирдагчдаас үргэлж болгоомжилж байжээ. Тийм маягаар үүргээ гүйцэтгэх нь Бурханы хувьд ой гутам, жигшмээр байсан. Би тийм байдлаар Ариун Сүнсний ажил, удирдамжийг хэзээ ч олж авахгүй байх байв. Хэрэв гэмшихгүй бол эцэст нь Бурханд гологдож, таягдан хаягдахаа мэдэж байлаа.

Нэг удаа сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр антихристүүд харьцалтад хэрхэн ханддаг талаарх Бурханы үгийн хэсгийг уншсан нь өөрийнхөө асуудлыг ойлгоход минь тусалсан юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы гэрт ажилладаг зарим антихрист хянамгай байж, алдаа гаргахгүй, засалт харьцалт туулахгүй, Дээрхийн уурыг хүргэхгүй, муу зүйл хийгээд удирдагчдаа баригдахгүй, сайн үйлээ заавал бусдын өмнө хийнэ гэж чимээгүйхэн шийддэг. Гэхдээ хэчнээн хянамгай байсан ч буруу гараанаас эхэлж, буруу зам сонгож, зөвхөн алдар нэр, байр суурийн төлөө үйлдэж, үнэнийг огт эрж хайдаггүй учраас байнга зарчмыг зөрчиж, чуулганы ажилд саад болж, үймүүлж, Сатаны боол мэт авирлаж, тэр ч бүү хэл, байнга гэм буруу үйлддэг. Ийм хүмүүс байнга зарчмыг зөрчиж, гэм буруу үйлдэх нь маш түгээмэл байдаг. Тиймээс тэдний хувьд засалт, харьцалт туулахаас зайлсхийх нь мэдээж хэцүү. Тэгвэл засалт, харьцалт туулаагүй байхдаа антихристүүд яагаад тэгтлээ болгоомжилдог вэ? Баттай нэг шалтгаан нь гэвэл тэд ‘Би болгоомжтой байх ёстой, эцсийн эцэст “Болгоомжлол бол аюулгүй байдлын үндэс”, “Сайн хүн амар тайван амьдардаг”. Би эдгээр зарчмыг дагаж, буруу зүйл хийх, асуудалд орохоос сэргийлэхийн тулд агшин бүрд өөртөө сануулж, завхрал, санаа зорилгоо дарах ёстой. Би буруу зүйл хийхгүй, эцсээ хүртэл тууштай байж чадсан цагт л ерөөл хүртэж, гамшгаас зайлсхийж, Бурханд итгэх итгэлдээ амжилттай байх болно!’ гэж боддог. Тэд ихэвчлэн ийм маягаар өөрсдөдөө шавдуулж, өөрсдийгөө урамшуулж, зоригжуулдаг. Хэрэв буруу зүйл хийвэл ерөөгдөх магадлал нь эрс багасна гэж тэд боддог. Энэ нь тэдний зүрх сэтгэлийн гүнд орших тооцоолол, бодол бус уу? Антихристийн энэ тооцоолол, бодол санаа зөв үү, буруу юу гэдгийг хойш тавиад, энэ бодол санаанд үндэслэвэл тэд засалт, харьцалт туулахдаа юунд хамгийн их санаа зовох вэ? (Хэтийн ирээдүй, хувь заяандаа.) Тэд засалт, харьцалтыг хэтийн ирээдүй, хувь заяатайгаа холбодог—энэ нь тэдний ёрын муу уг чанартай холбоотой. Тэд дотроо ‘Бурхан намайг таягдан хаях гэж байгаа болохоор би ийм харьцалт туулж байна уу? Бурхан намайг хүсэхгүй байгаагаас болов уу? Бурханы гэр намайг энэ үүргээ гүйцэтгэхийг минь болиулах гэж байна уу? Би итгэл даахуйц биш юм болов уу? Намайг илүү сайн нэгнээр солих гэж байна уу? Хэрэв таягдан хаягдвал би ерөөгдөж чадах болов уу? Тэнгэрийн хаанчлалд орж чадах болов уу? Миний гүйцэтгэлд тийм ч сэтгэл хангалуун биш байх шиг байна, тэгэхээр би цаашдаа илүү болгоомжтой байж, дуулгавартай, томоотой байж сурч, асуудал үүсгэхгүй байх ёстой. Би тэвчээртэй байж сурч, толгой доогуур байж л амьд үлдэх ёстой. Өдөр бүр ямар нэг зүйл хийхдээ нимгэн мөсөн дээр алхаж байгаа гэж төсөөлөх ёстой. Сонор сэрэмжээ сулруулж болохгүй. Энэ удаа би хайхрамжгүйгээр өөрийгөө илчилж, харьцалт, засалт туулсан ч асуудал тийм ч ноцтой биш бололтой. Надад боломж байсаар л байх шиг байна—би гамшгаас зугтаж, ерөөгдөж чадах учраас үүнийг зүгээр л даруухан хүлээж авах ёстой. Би таягдан хаягдаж, хөөгдөх нь битгий хэл, халагдах гэж байгаа биш учраас ийм маягаар харьцалт, засалтыг хүлээн авч чадна’ гэж боддог. Энэ нь харьцалт, засалтыг хүлээн авах хандлага мөн үү? Завхарсан зан чанараа үнэхээр мэдэж байгаа хэрэг мөн үү? Үнэхээр гэмшиж, өөрчлөгдөхийг хүсэж байгаа явдал мөн үү? Энэ нь үнэхээр зарчмын дагуу үйлдэхээр шийдсэн хэрэг мөн үү? Үгүй, биш. Тэгвэл тэд яагаад ингэж авирладаг юм бэ? Гамшгаас зугтаж, ерөөгдөж чадна гэсэн өчүүхэн итгэл найдвараас болоод тэгж авирладаг. Тэр өчүүхэн итгэл найдвар оршиж байгаа цагт тэд өөрсдийгөө илчилж, жинхэнэ төрхөө ил болгож, зүрх сэтгэлийнхээ гүнд байгаа зүйлийг бусдад хэлж, дотроо тээсэн дургүйцлээ бусдад мэдэгдэж чадахгүй. Тэд өөрсдийгөө нууж, сэрэмжлээд, жинхэнэ төрхөө бусдад харуулах ёсгүй байдаг. Тиймээс засалт, харьцалт туулсны дараа тэд огт өөрчлөгддөггүй, өмнөх шигээ л аливааг хийсээр байдаг. Тэгвэл тэдний үйлдлийн ард ямар зарчим байна вэ? Ердөө л бүх зүйл дээр өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалах. Тэд ямар ч алдаа гаргасан бусдад мэдэгддэггүй; эргэн тойрныхоо хүмүүст өөрсдийгөө алдаа, дутагдалгүй төгс хүн, огт буруу зүйл хийдэггүй гэж бодогдуулах ёстой байдаг. Тэд ингэж л дүр эсгэдэг. Урт хугацаанд дүр эсгэсний эцэст тэд гамшгаас мултарч, ерөөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох нь ямартай ч тодорхой гэдэгтээ итгэлтэй болдог(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). Зарчмыг зөрчсөн эсвэл мууг үйлдсэнийх нь төлөө өөрсөдтэй нь харьцах үед антихристүүдийн хамгийн их санаа зовдог зүйл нь таягдан хаягдаж, ямар ч ерөөл хүртэхгүй байх явдал гэдгийг би Бурханы үгээс ойлгосон. Тиймээс тэд харьцалтын дараа асар болгоомжтой болж, Бурхан болон хүнээс сэрэмжилдэг. Тэд ямар ч буруу зүйл хийхгүй, алдаа дутагдлаа ил болгож, бусдад харуулаагүй цагт байр сууриа хадгалж чадна, ерөөл нь баталгаатай болно гэж боддог. Антихристүүд асар аминч, жигшүүртэй, зальжин, ёрын муу болохыг би харсан. Тэд ерөөлийн төлөө л Бурханд итгэдэг. Тэд харьцалт туулахдаа, өөрсдийн ирээдүй, ашиг сонирхлыг л боддог. Тэд хэсэг хугацаанд биеэ зөв авч явж, нийцтэй болж магадгүй, гэхдээ энэ нь зүгээр л жүжиг, тэгж байж л тэд гамшгаас зайлсхийхийн тулд чуулганд хоргодож чадна. Би харьцалтад хандах хандлага минь антихристүүдийн үйлдэлтэй яг адилхан болохыг ойлгосон, тэд шүүмжлэлийг ерөөл хүртэхтэй холбодог. Зэмлүүлэх үедээ би удирдагч намайг халах болов уу гэж таамаглаж, сайхан ирээдүй, хүрэх газартай байх эсэхдээ санаа зовсон. Дараа нь би үүргээ гүйцэтгэхдээ туйлын хашир болж, дэвшүүлсэн санал, асуудлаа ахин дахин бодож үзэн, алдаа гаргах, дутагдлаа илчлэхээс маш их айсан. Тэгвэл удирдагч миний хэмжээг мэдээд намайг ажлаас чөлөөлөх байв. Би өмнө нь харьцалтыг үнэнээсээ хүлээн аваагүй, эсвэл өөрийгөө эргэцүүлж, алдаагаа олж хараагүй. Зүгээр л Бурханаас сохроор сэрэмжилж, дүр эсгэхийн тулд бүр ч илүү ов мэхтэй тактик ашигласан. Жинхэнэ нүүр царайгаа нууж, дахин алдаа гаргахгүй, шүүмжлэлд өртөхгүй л бол халагдахгүй, тэгээд чуулганд үлдэж, сайн төгсгөл, хүрэх газартай болж чадна гэж бодсон. Би үргэлж Бурханд болгоомжтой хандаж, хувийн ашиг, алдагдлаа тооцоолж тархиа гашилган, асуудал харсан ч огт эрж хайгаагүй, мэдээлээгүй, зүгээр л өөрийгөө хамгаалахад л анхаарч, чуулганы ажлыг ер бодолцоогүй. Би маш аминч, зальжин байжээ. Тэгж дүр эсгэснээрээ хэдийгээр удирдагчийг түр зуур хуурч, нэн даруй халагдахгүй байж чадах ч өөрийгөө эргэцүүлж, гэмшиж, өөрчлөлт хийхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурхан намайг илчилж, таягдан хаях байлаа. Үүнийг ухаараад би залбирч, асуудлаа шийдвэрлэхийн тулд гэмшиж, үнэнийг эрж хайхад бэлэн болсон.

Эрж хайж байгаад би харьцалтад хэрхэн зөв хандах тухай Бурханы зарим үгийг уншсан юм: “Үнэндээ хүмүүс үүргээ гүйцэтгэж байхдаа дураараа авирлаж, Бурханы гэрийн ажилд саад учруулж, үймүүлдэг, өөрийгөө эргэцүүлж, гэмшдэггүй учраас л Бурханы гэр тэр хүмүүсийг засаж, харьцдаг. Тийм учраас тэд засалт, харьцалт туулдаг. Хүмүүс ийм нөхцөл байдалд засалт, харьцалт туулах үедээ таягдан хаягддаг уу? (Үгүй.) Мэдээж үгүй, хүмүүс эдгээр зүйлийг эергээр ойлгох ёстой. Энэ нөхцөлд Бурханаас эсвэл бусад хүнээс, удирдагчид, ажилчдаас эсвэл ах, эгчээс ирсэн засалт, харьцалт нь хорлонтой зүйл биш бөгөөд чуулганы ажилд ашиг тустай байдаг. Дураараа авирлаж, Бурханы гэрийн ажлыг үймүүлэх үед тэр хүнийг засаж, харьцаж чаддаг байх нь зөв шударга, эерэг зүйл юм. Энэ бол шулуун шударга, үнэнийг хайрладаг хүмүүсийн хийх ёстой зүйл билээ(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). “Засалт, харьцалт туулах тухайд хүмүүсийн мэдэх ёстой наад захын зүйл нь юу вэ? Үүргээ хангалттай гүйцэтгэхийн тулд засалт, харьцалт туулах ёстой—энэ нь зайлшгүй. Энэ бол Бурханд итгэж, авралд хүрэхдээ хүмүүсийн өдөр тутамдаа нүүр тулж, байнга туулах ёстой зүйл юм. Засалт, харьцалт туулахаас хэн ч ангид байж чадахгүй. Хүнийг засаж, харьцах нь тэдний ирээдүй, хувь заяатай холбоотой зүйл мөн үү? (Биш.) Тэгвэл хүнийг засаж, харьцах нь юуны төлөө байдаг юм бэ? Хүмүүсийг яллахын тулд уу? (Үгүй, үнэнийг ойлгож, үүргээ зарчмын дагуу гүйцэтгэхэд нь хүмүүст тусалж байгаа юм.) Яг зөв. Энэ бол хамгийн зөв ойлголт. Хэн нэгнийг засаж, харьцана гэдэг нь нэг төрлийн сахилгажуулалт, нэг төрлийн цээрлүүлэлт хэдий ч мөн хүмүүст туслах нэг хэлбэр юм. Засалт, харьцалт туулах нь чамд буруу эрэл хайгуулаа цаг тухайд нь өөрчлөх боломж олгодог. Энэ нь өөрийнхөө одоогийн асуудлыг даруйхан танин мэдэж, өөрийн харуулдаг завхарсан зан чанарыг цаг тухайд нь таних боломж олгодог. Ямартай ч засалт, харьцалт туулах нь үүргээ зарчмын дагуу биелүүлэхэд чинь тусалдаг, алдаа гаргаж, төөрөлдөхөөс чинь өмнө амжиж авардаг, гай гамшиг учруулахаас чинь сэргийлдэг. Энэ нь хүмүүсийн хувьд хамгийн том тусламж, хамгийн том эмчилгээ биш гэж үү? Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс харьцалт, засалтад зөв хандаж чаддаг байх ёстой(Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (VIII хэсэг)). Бурханы үгээс миний олж мэдсэнээр, харьцалт нь хүмүүсийг ариусгаж, төгс болгох нэг арга зам, бас бидний амийн өсөлтийн явцад тулгардаг, даван туулах ёстой зүйл юм. Заримдаа засалт, харьцалт маш хатуу, шаналгаатай байж болох ч бидний завхарсан зан чанар луу чиглэж, завхрал, дуулгаваргүй байдлыг маань шууд илчилж, задлан шинжилдэг. Энэ нь бидний эсрэг ямар ч хорон санаа агуулдаггүй бөгөөд биднийг яллаж, таягдан хаягдахын төлөө байдаггүй—бидний ирээдүй, хувь заяатай холбоогүй. Гэтэл би харьцалт туулахыг яллагдаж, халагдаж, таягдан хаягдахтай эндүүрсэн. Бурханыг ингэж буруугаар ойлгох нь зөвт байдлыг нь үгүйсгэж, Бурханыг доромжилсон хэрэг байлаа! Удирдагч намайг засаж, надтай харьцсан нь үндсэндээ биеэ тоож, өөрийнхөөрөө загнаж, чуулганы ажилд саад болсонтой минь холбоотой бөгөөд энэ нь үнэхээр уур хүрмээр зүйл байлаа. Чуулганы ажлыг хамгаалахын тулд удирдагч намайг аль болох хурдан өөрчлөгдөөсэй гэж хүссэн. Ширүүн өнгөөр ярих нь энэ дэлхийн хамгийн энгийн зүйл байсан бөгөөд удирдагч намайг халах гээгүй. Тэр шүүмжилсэн үг миний асуудал, завхралын голыг онож, асуудал хэр ноцтой байгааг харах боломжийг надад олгосон юм. Миний зүрх сэтгэл маш хөшүүн, хатуу байсан бөгөөд үүнгүйгээр би эелдэг зөвлөгөөг бүрмөсөн үл тоож, алдаагаа давтсаар байх байлаа. Тэгвэл би үүрэгтээ хэзээ ч ахиц гаргахгүй, чуулганы ажилд саад хийж, ёрын мууг үйлдсээр байх байв. Надтай харьцах болгонд энэ нь миний гажуудал, алдааг цаг алдалгүй засаж, ёрын мууг минь болиулсан. Энэ нь надад хамгийн их тустай зүйл юм. Би хэзээ үнэнийг хамгийн их олж авснаа сайтар бодоод үзэхэд тэр нь миний бүдэрч, унаж, харьцалт туулсан үе байв. Харьцалт нь биднийг шүүж, цэвэрлэх Бурханы хамгийн сайн, хамгийн үр дүнтэй арга гэдгийг би үнэхээр мэдэрсэн. Үүнийг туулж чадна гэдэг бол Бурханы нигүүлсэл, ерөөл, надад зориулсан онцгой ач ивээл юм. Гэвч би үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлээгүй. Зүгээр л Бурханыг үл ойлгож, ирээдүй, хувь заяаныхаа талаар санаа зовж амьдарсаар л байлаа. Би үнэхээр эрүүл ухаангүй, надад юу тустайг мэдэхгүй байв.

Нэг удаа цуглааны үеэр Бурханы үгийн энэ хэсгийг уншихад үнэхээр сэтгэл хөдөлгөсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хэрэв хүн үүргээ гүйцэтгэхдээ үргэлж өөрсдийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйг төлөвлөж, чуулганы ажил юм уу Бурханы гэрийн ашиг сонирхлыг огт боддоггүй бол энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг биш. Энэ бол оппортунист үзэл, аливааг өөрсдийнхөө ашиг тусын төлөө, өөрсдөө ерөөл хүртэхийн төлөө хийж буй хэрэг. Ийм маягаар үүргээ гүйцэтгэхийн цаад уг чанар өөрчлөгддөг. Энэ нь ердөө Бурхантай наймаа хийж, өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд үүргийн гүйцэтгэлээ ашиглахыг хүсэж буй хэрэг юм. Аливааг ингэж хийх нь Бурханы гэрийн ажилд маш амархан саад учруулдаг. Хэрвээ энэ нь чуулганы ажилд багахан л хохирол учруулсан бол үүнийгээ цайруулах орон зай байсаар байх бөгөөд тэднийг зайлуулахын оронд үүргээ гүйцэтгэх боломж олгож болох юм; харин чуулганы ажилд асар их хохирол учруулж, Бурханы ч, хүмүүсийн ч уур хилэнг төрүүлсэн бол тэдэнд үүргээ гүйцэтгэх боломж олгохгүйгээр илчилж, таягдан хаяна. Зарим хүн ийм маягаар халагдаж, таягдан хаягддаг. Яагаад тэднийг таягдан хаядаг вэ? Та нар үндсэн шалтгааныг нь олсон уу? Үндсэн шалтгаан нь гэвэл, тэд үргэлж өөрсдийн ашиг, алдагдлыг бодолцож, ашиг сонирхолдоо автдаг, махан биеэ хаяж чаддаггүй, Бурханд огт дуулгавартай ханддаггүй учраас бодлогогүй авирлах хандлагатай байдаг. Тэд өчүүхэн төдий ч болов үнэнийг биш, харин ашиг хонжоо, нигүүлсэл, ерөөл хүртэхийн тулд л Бурханд итгэдэг учраас Бурханд итгэх итгэл нь бүтэлгүйтдэг. Энэ нь тэдний асуудлын үндэс юм. Тэднийг илчилж, таягдан хаях нь шударга бус гэж та нар бодож байна уу? Энэ нь огтхон ч шударга бус биш бөгөөд бүхэлдээ тэдний уг чанараар тодорхойлогддог. Үнэнийг хайрладаггүй, эсвэл үнэнийг эрэлхийлдэггүй хэн боловч эцэстээ илчлэгдэж, таягдан хаягдана(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна). Бурханы хэлснээр бол, хэрэв чи үүргээ гүйцэтгэхдээ өөрийн ашиг сонирхол, ирээдүйг үргэлж бодож, төлөвлөдөг бол хийж буй зүйлийн чинь уг чанар өөрчлөгдөж, чи үүргээ гүйцэтгэхээ больжээ. Чи эцэстээ мууг үйлдэж, чуулганы ажлыг үймүүлээд, дараа нь халагдаж, таягдан хаягдах тавилантай. Би шинэхэн удирдагч байсан учраас зарчмыг мэддэггүй, ихэвчлэн юу хүссэнээ хийдэг байв. Харьцалт туулсныхаа дараа би гэмшээгүй, харин өөрийнхөө хувь заяаг бодсоор, шилжихээс айсаар байсан. Би асуудлыг тодорхой харсан ч алдаа гаргахаас сэргийлэхийн тулд тэдгээрийг хэлэхийн оронд ажлыг хойшлуулахахыг илүүд үзсэн. Энэ нь үүргээ биелүүлж байгаа биш, чуулганы ажлыг хохироож, мууг үйлдэж байгаа хэрэг байлаа. Миний халагдаж, таягдан хаягдахыг нь харсан зарим хүн үүргээ гүйцэтгэхдээ үргэлж өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж байсан. Асуудал гарч ирж, харьцалт туулах үедээ тэд үнэний зарчимд тийм их хичээл зүтгэл гаргаагүй, харин зүгээр л дүр эсгэж, Бурхан болон удирдагчдаас болгоомжлох болсон. Тэд халагдаж, таягдан хаягдах вий гэж байнга санаа зовж, үргэлж ийм ёрын муу тойрогт амьдардаг байв. Тэдний Бурхантай харилцах харилцаа хэвийн биш байсан бөгөөд үүргээ биелүүлэхдээ хэзээ ч үр дүнд хүрээгүй. Зарим нь бүр мууг үйлдэж, чуулганы ажилд саад хийж, эцэст нь илчлэгдэж, таягдан хаягдсан. Би тэдний бүтэлгүйтлээс Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхэд хүний зөв сэдэл, эхлэлийн цэг, сонгосон зам нь маш чухал, энэ нь тэдний төгсгөл, хүрэх газарт шууд нөлөөлдөг гэдгийг харсан. Миний байдал, зан авир, явсан зам тэр хүмүүсийнхтэй адил байсан. Би алдаа гаргаж, зэмлүүлэхээс үргэлж айж, хулчийж, Бурханаас болгоомжилж, өөрийн ашиг сонирхол, ирээдүйтэй тууштай зууралддаг байсан ч удирдагчийн надад хэлж өгсөн асуудлыг шийдэхийн тулд үнэний зарчмыг ховорхон эрж хайсан. Энэ нь удаан үргэлжилсэн бол би үүрэгтээ ахиц гаргаж чадахгүйгээр зогсохгүй, ажилд хохирол учруулж, гэм буруутай үлдэх байлаа. Үүний уг чанар, үр дагавар ноцтой юм. Тэгвэл Бурхан намайг илчилж, таягдан хаясан биш, би өөрийнхөө ирээдүйг сүйрүүлсэн хэрэг болох байв. Тэгээд би миний хийх хамгийн чухал зүйл бол халагдах, таягдан хаягдах талаар санаа зовох биш, харин удирдагчийн хэлж өгсөн асуудлыг бодитоор эргэцүүлж, үнэний зарчмыг эрж хайх, бодолцоход хүчин чармайлт гаргаж, зарчмыг дагахаар чармайх явдал гэдгийг ухаарсан. Бүхнээ зориулаад ч сайн ажиллалгүй, халагдсан байлаа ч би Бурханы зохицуулалтад захирагдах ёстой байв.

Дараа нь би хэрэгжүүлж, орох Бурханы зарим үгийг олсон юм. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар итгэдэг. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хөдөлмөрлөж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, ов мэх юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л ажилладаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл ов мэхээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй гэдгээ Би урьд нь хэлсэн. Үнэнч хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Хүмүүс Миний зүрх сэтгэлийг туйлын их анхаарч, хайхарч байгаагаа харуулахад, мөн Миний төлөө бүхнийг орхиж ч чадах үед Би бүр их дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэлийг тайтгаруулж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай). “Бурханд болон үүрэгтээ хандахдаа хүмүүс үнэнч шударга зүрх сэтгэлтэй байх ёстой. Тэгвээс тэд Бурханаас эмээдэг хүн болно. Үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханд ямар хандлагаар ханддаг вэ? Наад зах нь тэд Бурханаас эмээдэг, бүх зүйл дээр Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байдаг, ерөөл, золгүйтлийн талаар юу ч асуудаггүй, болзол тавьдаггүй, өөрсдийгөө Бурханы эрхшээлд орхидог. Тэд бол үнэнч шударга зүрх сэтгэлтэй хүмүүс юм(Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна). Үүргээ гүйцэтгэхдээ үргэлж өөрийн ирээдүй, хүрэх газрыг бодолцдог, өөрийнхөө ашиг сонирхлыг л боддог хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ ханддаггүй, харин Түүнийг ашиглаж, хуурдаг, Бурхан тэднийг жигшиж, үзэн яддаг гэж Бурхан хэлсэн. Ерөөл, хараалыг хайхардаггүй, болзол тавьдаггүй, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг үнэнч шударга хүмүүст Бурхан дуртай. Зөвхөн тийм хүн Бурханы сайшаалыг хүртэж чадна. Бурханы хүслийг ойлгомогцоо би хэрэгжүүлэлтийн замыг олсон. Би үүргээ биелүүлэхдээ үнэнч шударга хүн байхаар хичээж, Бурханд зүрх сэтгэлээ нээж, хувийн ашиг, алдагдлаа орхиход төвлөрөх ёстой байв. Харьцалт туулах үед удирдагч надад ямар ч хандлагаар хандсан, халагдсан ч бай, үгүй ч бай, би үүргээ сайн биелүүлэх зарчмуудыг эрж хайх ёстой—энэ л хамгийн чухал. Тухайн үед удирдагч гол төлөв биеэ тоосон, өөртөө бардсан, аливааг хүссэнээрээ хийдэг байсны минь төлөө надтай харьцаж байсан. Хэрэв энэ асуудал шийдэгдээгүй бол би тийм маягаар ажилласаар байх байв. Иймээс би гарч ирсэн асуудлуудыг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг нэг нэгээр нь зарчимтай харьцуулж, ямар нэг юм ойлгомжгүй байвал бусадтай очиж нөхөрлөсөн. Түүнээс хойш сайн мэдэхгүй зүйлтэйгээ тулгарвал би дахиж шууд өөртөө итгэж, юмыг хүссэнээрээ хийхээ больж, Бурханд залбирч, зарчмуудыг чимээгүйхэн эрж хайж, бас хамтран зүтгэгчидтэйгээ зөвшилцөлд хүртлээ ярилцсан. Хэсэг хугацаанд ингэсний дараа алдаа гарах нь багассан юм. Би үнэхээр шийдвэрлэж чадахгүй сорилттой тулгарвал дээд түвшний удирдагчдаас тусламж эрдэг байв. Нэг удаа би асуулт асуугаад дээд түвшний удирдагчийг нөхөрлөсний дараа ч тодорхой ойлгохгүй хэвээр байсан. Надад асуух юм байсаар байгаа юм шиг санагдаж, асуумаар байсан ч сайн асуулт биш байвал удирдагч намайг чадваргүй, гүн ойлголтгүй гэж хэлж магадгүй гэж айсан юм. Яг тээнэгэлзэж байх үедээ би дахиад ашиг, алдагдалдаа санаа зовж байгаагаа ухаараад, үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн болоход бэлэн байж, Бурханд ахин дахин залбирч эхэллээ. Асуудлыг үнэн зөв харсан ч бай, үгүй ч бай би сэдлээ залруулж, үнэний энэ талыг тодорхой ойлгоход бэлэн байв. Эцэст нь би зориг гарган асуултаа асуулаа. Намайг сонссоныхоо дараа удирдагч миний асуусан зүйлийг үнэхээр асуудал байна гэсэн. Бас тэрээр: “Хэрэв ойлгоогүй, бүрэн шийдэгдээгүй зүйл байсаар байвал чи тэр даруй хэлэх хэрэгтэй. Тэгвэл чуулганы ажилд тустай” гэж нөхөрлөсөн. Удирдагчийн ингэж хэлэхийг сонсоод би Бурханд үнэхээр талархаж, хувийн ашиг сонирхлоо мартаж, үнэнч шударга хүн байхын дотоод амар амгаланг мэдэрсэн юм.

Энэ туршлагаас би харьцалт туулах нь бидэнд үнэхээр тустай гэдгийг ойлгосон доо. Харьцалт туулахад тухайн үедээ хэцүү байж болох ч одоо үүнд зөв хандаж чаддаг болсон болохоор би захирагдаж, үнэний зарчмыг эрж хайж, асуудлаа шийдвэрлэж чадна. Ингэснээр миний сэтгэл хавьгүй илүү амар амгалан болдог.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих