Надад үнэнч шударга хүн байх хэцүү байхаа больсон

2022-12-04

Кот-д'Ивуар

Миний амьдардаг байсан орчинд хүн хоорондын харилцаа нэлээд төвөгтэй байсан. Үнэн үг хэлэх юм уу хэн нэгэнд нууцаа хуваалцвал шоолуулж, бүр басамжлуулна. Бүх үнэнийг шулуухан хэлээд байж болохгүй, эс бөгөөс чи шархална гэж ээж минь үргэлж хэлдэгсэн. Миний ажиллаж байсан газарт илэн далангүй байх боломж бүр ч бага байсан. Жишээ нь, менежер нэг өдөр ажилдаа ирээгүй үед дарга хаана байгааг нь асуувал ажилчид бүгд тэр менежерийг юм худалдаж авахаар юм уу үйлчлүүлэгчтэй уулзахаар гарсан гэж хэлдэг байв. Гэвч ийм зан авир надад хэзээ ч таалагддаггүй байлаа. Нэг өдөр би тэр менежерийг ажилдаа ирээгүй гээд үнэнийг даргад хэлчхэв. Үүний дараа ажлынхан маань намайг үл тоомсорлож, менежер надад муухай хандаж, хамт ажиллагсдын маань адил надад хүйтэн хөндий хандсан. Ичиж, гомдсондоо би угаалгын өрөөнд нуугдаж, нууцхан уйлсан. Ингэж худал хуурмагаар дүүрэн орчинд амьдрахдаа яваандаа дүр эсгэж, ов мэхтэй байж сурлаа. Өөрийгөө хамгаалах гэсэндээ би үзэл бодлоо хамаагүй хуваалцахаа больж, асуудал олж харвал тэр талаар ярьж зүрхэлдэггүй, хэн нэгнийг гомдоочих вий, буруу юм хэлчихвэл бусад хүн намайг дорд үзэх вий гэж айсандаа ярихаасаа өмнө үг бүрээ сайтар цэгнэдэг байв. Бас дасан зохицоход минь туслах олон арга сурсан. Жишээлбэл, хашир байж, сул талаа ил гаргахгүй байх, тэгвэл бусад хүн намайг нэвт харахгүй, дорд үзэхгүй. Энэ тактикууд миний мөрдөж амьдардаг дүрэм болсон.

2019 онд би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авлаа. Зарим үнэнийг ойлгосныхоо дараа эдгээр амьдралын гүн ухаан буруу, Бурхан үүнийг сайшаадаггүйг олж мэдсэн юм. Олон ах, эгч яг л Бурханы шаарддагчлан үнэнч шударга хүмүүс байхыг хэрэгжүүлснээр амьдрал нь тайван, чөлөөтэй байхыг би харсан. Ах эгч нар өөрсдөдөө тохиолдсон зүйлээс гадна өөрсдөд нь илэрсэн завхарсан зан чанарын талаар илэн далангүй ярьж чаддаг байв. Надад үнэнийг тэгж хэрэгжүүлэх нь гайхалтай санагдаж, ах эгч нар шиг хүмүүст амархан сэтгэлээ нээхийг хүссэн. Би үнэнийг хэлж, үнэнч шударга хүн байхыг байдгаараа хичээсэн ч өөрийнхөө дүр төрхийг хамгаалахын тулд худал хэлэхгүй байж чадахгүй байлаа. Ам нээхээсээ өмнө бүх хүн миний сул талыг харж, намайг дорд үзэх вий гэж айсандаа хэлэх гэж байгаа зүйлээ үргэлж сайтар тунгаан бодож, өөрийн жинхэнэ бодлоо хуваалцаж зүрхэлдэггүй байсан. Жишээлбэл, бид хамтдаа цугларч, ямар нэг зүйлийн талаар ярилцан хүн бүр санал бодлоо хуваалцах шаардлагатай үед би түрүүлж юу ч хэлэхгүй, бусад хүн ярьж дуусахыг хүлээж, дараа нь хэдий үнэндээ өөрөөр бодсон ч гэсэн хүмүүсийг аялдан дагаж “Би та нартай санал нэг байна” гэдэг байв. Заримдаа миний бодол бусдын бодсоноос эсрэг байсан ч би буруу зүйл яривал хүмүүс миний бодлыг инээдтэй гэх байх гэж айсандаа хуваалцдаггүй байлаа. Тэгвэл үнэхээр ичмээр шүү дээ. Цуглаан дуусах үед удирдагч хүн бүрээс тэр өдрийн нөхөрлөлийн хэлэлцүүлгийг ойлгосон эсэхийг асуухад би заримдаа бүрэн ойлгоогүй байсан ч, бусдад дорд үзэгдэхгүйн тулд “Амен! Би ойлгосон” гэж хэлдэг байлаа. Би зүгээр л олныг дагадаг байв. Нэг удаа цуглааны үеэр ах эгч нар үүргээ гүйцэтгэсэн ч сайн үр дүн гарахгүй байна гэж удирдагч хэлээд, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхийг бүгдээс хүсэв. Бүгд бодлоо хуваалцсан бөгөөд эхэндээ би ч гэсэн санал бодлоо хуваалцахыг хүссэн ч тэнд олон удирдагч, хамт ажиллагсад байгааг хараад түдгэлзэж, буруу зүйл хэлбэл дорд үзэгдэх учраас болгоомжтой байж, дуугарахгүй байх хэрэгтэй гэж өөртөө хэлээд юм дуугараагүй. Цуглааны дараа надад муухай санагдсан, яагаад гэвэл буруу зүйл хэлбэл бусад хүн миний дутагдлыг олж харах юм уу миний бодлыг тэнэг гэж бодох вий гэж айгаад өөрийн гэсэн харах өнцөг байсан ч би хав дарсан. Энэ нь надад хүнд санагдаж, би дарамтад орлоо.

Би дан ганц нөхөрлөлийн үеэр өөрийгөө нууж, дүр эсгээд зогсохгүй өдөр тутмын амьдралдаа ч тийм байсан. Нэг өглөө би унтаад, ах эгч нартайгаа холбогдохоор интернэтэд хоцорч орлоо. Удирдагч “Чи энэ бүлгийг хариуцдаг учир интернэтэд эрт орох ёстой, ах эгч нарт чинь чамтай хэлэлцэх зүйл байж юуны магад” гэж хэлэв. Удирдагч үүнийг ажилд маань санаа тавьсандаа хэлснийг би мэдэж байсан. Бусад хүн надтай хэлэлцэх ажилтай байхад би онлайнд байхгүй байвал саатал үүсэх байв. Гэвч миний талаарх удирдагчийн төсөөллийг эвдэхгүйн тулд, өөрийгөө залхуу гэж бодуулахгүйн тулд “Би өглөө босоод эхлээд Бурханы үгийг идэж ууж, бясалгах хэрэгтэй байдаг. Интернэтэд орохоосоо өмнө сүнслэг үйл ажиллагаагаа хийхгүй бол зүрх сэтгэлээ тайван болгож, үүргээ сайн биелүүлж чаддаггүй” гэж худал хэлсэн. Удирдагч өөр юу ч хэлээгүй ч би үнэнч шударга бус хандаж, худлаа ярьж байгаагаа мэдэж байв. Бас удирдагч намайг ямархуу байгааг асуух болгонд би үргэлж бултаж, үнэнээ хэлэлгүй, зөвхөн “Сайн байгаа” гэж хариулдаг байсан. Бодит байдал дээр би сайнгүй байдалтай байсан ч удирдагчид үнэнээ хэлээгүй, тэрийгээ харуулчих вий гэсэндээ чадах бүхнээ хийсэн. Заримдаа би сэтгэлийн гүндээ үнэндээ ямархуу байгаагаа өчүүхэн ч цухуйлгалгүйгээр нуудаг байлаа. Удирдагч маань намайг үнэхээр ямаршуу байгааг мэдвэл намайг цаашид үнэлэхээ больж, надтай харьцалт хийж, бүр халах байх гэж айсан учраас би тэгсэн юм. Удирдагч миний талаар тааруухан бодолтой байхыг би хүсээгүй. Түүний өмнө нь нэр нүүрээ алдахаас айсан учир бодит нөхцөл байдлаа нуусан.

Энэ хугацаанд би үргэлж ов мэхтэй, өөрийгөө өмгөөлсөн сөрөг байдалд амьдарч, аливаа зүйлээс үнэнийг эрж хайдаггүй, цуглаан дээр Бурханы үгийн талаарх нөхөрлөлөөс гэгээрэл авдаггүй, үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханы удирдамжийг мэдэрдэггүй, юу ч хийж бүтээхгүй байсан тул эцэст нь халагдсан. Бурхан ов мэхтэй хүмүүст дургүй учраас намайг цээрлүүлж, сахилгажуулж байгаа нь энэ гэдгийг би мэдэж байв. Би дүр эсгэх гэж их хичээсэн ч Бурхан бидний зүрх сэтгэл, оюун ухаан руу өнгийж хардаг. Тэр миний завхралыг харж чадсан бөгөөд энэ нөхцөл байдлыг өөрийгөө эргэцүүлэхэд минь туслахад ашигласан. “Бурхан минь, ингэж халагдсан минь Та намайг гэсгээж, сахилгажуулж буй хэрэг. Хэдий би зовж шаналж байгаа ч Та үүнийг миний авралын төлөө хийж байгааг би мэдэж байна. Бурхан минь, намайг гэгээрүүлж өгөөч, тэгж гэмээ нь би Таны хүслийг ойлгож, тэрслүү байдлаа таньж чадна” гэж би залбирсан.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгээс үүнийг уншсан: “Ов мэхтэй хүний гол шинж нь хэн нэгэнтэй нөхөрлөхийн тулд зүрх сэтгэлээ хэзээ ч нээдэггүй, хамгийн сайн найздаа ч зүрх сэтгэлээ уудалдаггүй. Тэд ер бусын нууцлаг. Ийм хүн заавал хөгшин байх албагүй, хорвоогийн хэрэг явдалд гүнзгий оролцдог байх ч албагүй бөгөөд бүр багахан туршлагатай байж магадгүй ч нууцлаг байдаг. Тэд хүн гэхээсээ илүү чөтгөр юм. Энэ нь уг чанараараа ов мэхтэй хүн биш гэж үү? Тэд өөрийгөө хэн ч нэвт харж чадахааргүй маш гүн нуудаг. Хэчнээн олон үг хэлэх нь хамаагүй аль нь үнэн, аль нь худал болохыг хэлэхэд хэцүү бөгөөд хэзээ үнэн хэлж байгаа, хэзээ худал хэлж байгааг нь хэн ч мэддэггүй. Түүнчлэн, тэд дүр эсгэж, төөрөгдүүлсэн зүйл ярихдаа тун чадварлаг. Тэд хүмүүст хуурамч сэтгэгдэл төрүүлж үнэнийг байнга нуудаг, ингэснээр бүх хүн хуурамч төрхийг нь л хардаг. Өөрсдөө эрхэмсэг, сайн, журамтай, хар муу санаагүй, хүмүүсийн дуртай, сайшаадаг хүн мэт дүр эсгэж, эцэст нь хүн болгон тэднийг биширч, хүндэлдэг. Чи ийм хүнтэй хэчнээн удаан хамт байсан ч юу бодож байгааг нь хэзээ ч мэдэхгүй. Тэд бүх төрлийн хүн, хэрэг явдал, юманд хандах үзэл бодол, хандлагаа зүрх сэтгэлдээ нуудаг, ийм зүйлийг хэнд ч хэзээ ч хэлдэггүй. Хамгийн дотнын итгэл хүлээсэн хүндээ ч ийм зүйлийн талаар хэзээ ч нөхөрлөдөггүй. Бурханд залбирахдаа зүрх сэтгэлдээ байгаа зүйлээ, үнэндээ юу бодож байгаагаа итгэж хэлэхгүй ч байж магадгүй. Түүгээр ч барахгүй хүн чанартай, маш сүнслэг, үнэнийг эрэлхийлэхэд өөрийгөө зориулсан хүний дүр эсгэхийг хичээдэг. Ямар зан чанартайг нь, ямархуу хүн болохыг нь хэн ч харж чадахгүй(Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы оршин тогтнолд итгэдэггүй, Христийн мөн чанарыг үгүйсгэдэг (Нэгдүгээр хэсэг)”). Бурханы үг намайг илчилж байгаа юм шиг санагдаж, би заль мэхнээсээ ичсэн. Зальжин хүмүүс хэзээ ч сэтгэлээ нээх юм уу бусдад үнэнээ хэлдэггүй, харин үргэлж өөрсдийгөө нууж байдаг гэж Бурхан хэлдэг. Тэд бусдад үнэн төрхөө харуулахгүй, бусдын сэтгэлд эзэлдэг дүр төрхөө хамгаалахын тулд тэгдэг. Өөрийгөө Бурханы үгтэй харьцуулаад би ямар овжин, зальжин байснаа, зүрх сэтгэлийн гүн дэх бодлоо хэзээ ч хуваалцдаггүй байснаа олж харлаа. Бусдад өөрийгөө давгүй гэж бодогдуулахын тулд заримдаа худал хэлэхээс сийхгүй, хүмүүс намайг дорд үзэх вий гэж айсандаа цуглаан дээр үргэлж бусдын үзэл бодлыг аялдан дагаж, өөр бодолтой юм уу ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ хэлж зүрхэлдэггүй байв. Залхуурсан үедээ би зүгээр л үүргээ аргацааж, нүдэнд нь муухай харагдахгүйн тулд удирдагчид худал хэлсэн. Намайг ямар байдалтай байгааг мэдэхийг хүсэх үед нь зүгээр л “Би зүгээр ээ” гээд удирдагчид юмаа хэлдэггүй байв. Бурханы үг уг чанартаа ямар овжин байгааг минь харуулсан. Тэрний дараагаар би өөрийн энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар үргэлжлүүлэн жаахан эрж хайлаа.

Би Бурханы үгээс үүнийг уншсан. “Бурхан үнэнч хүнд дуртай гэдгийг та нар мэдэх учиртай. Бурхан итгэмжит мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно; түүнчлэн, Түүний үйлдэл алдаа мадаггүй агаад маргаангүй байдаг. Ийм учраас Өөрт нь туйлын үнэнч хүмүүст Бурхан дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх, бүх зүйл дээр Бурханд үнэн сэтгэлээсээ хандаж, бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байж, бодит баримтыг хэзээ ч нуухгүй байж, дээд, доод хүмүүсээ мэхлэхээр оролдохгүй байж, Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байна гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйлдэл болон үгийг цэвэр байлгаж, Бурханыг ч, хүнийг ч мэхлэхгүй байх явдал билээ. Миний хэлдэг зүйл маш энгийн боловч та бүхний хувьд хоёр дахин хэцүү бэрх байдаг. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга). “Иймээс хэрвээ хүмүүс аврагдахыг хүсвэл эхлээд үнэнч шударга байх ёстой. Эцэст нь Бурханаар авхуулах хүмүүсийг тэмдэглэдэг тэмдэг бий. Энэ нь юу болохыг та нар мэдэх үү? ‘Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй; тэд гэм зэмгүй билээ’ (Илчлэл 14:5) гэж Библийн Илчлэлд бичсэн байдаг. ‘Тэд’ гэж хэн бэ? Тэд бол Бурханы аварч, төгс болгож, олж авсан хүмүүс юм. Бурхан энэ хүмүүсийг хэрхэн дүрсэлдэг вэ? Тэдний үйлдлийн шинж чанар, илэрхийлэл юу вэ? Тэд гэм зэмгүй байдаг. Тэгээд огт худал хэлдэггүй. Огт худал хэлдэггүй гэж юу гэсэн үг болохыг та нар бүгд ойлгож, ухаарч чадах байх: Энэ нь үнэнч шударга байх гэсэн үг. ‘Гэм зэмгүй байх’ гэж юуг хэлдэг вэ? Энэ нь мууг үйлдэхгүй байх гэсэн үг. Мууг үйлдэхгүй байх нь ямар суурин дээр үндэслэдэг вэ? Энэ нь Бурханаас эмээх суурин дээр үндэслэдэг нь эргэлзээгүй. Тиймээс гэм зэмгүй байх гэдэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах гэсэн үг юм. Гэм зэмгүй хүнийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Бурханы нүдэнд, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс л төгс байдаг; тиймээс гэм зэмгүй хүмүүс нь Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс бөгөөд төгс хүмүүс л гэм зэмгүй. Энэ нь тун зөв юм(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Би Бурханы үгийн талаар бодоод, Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай, хуурмаг хүмүүсийг жигшдэгийг олж харсан. Үнэнч шударга хүмүүс Бурханыг, бусад хүнийг хуурдаггүй, харин байгаа юмыг байгаагаар нь хэлдэг. Тэд бодит баримтыг нуухгүйгээр зүгээр л байгаагаар нь хэлдэг, дүр эсгэдэггүй, хууран мэхэлдэггүй. Бурхан зөвхөн үнэнч шударга хүмүүсийг аварч, бусдыг нь жигшин голж, таягдан хаяна. Би үнэнч шударга байгаагүй, харин завхрал, алдаагаа нуун далдалж, худал хэлж, хууран мэхэлж байснаа Бурханы үгээс олж харсан. Би хэзээ ч сул талынхаа талаар юм уу үүрэгтээ гарч байгаа асуудал, бэрхшээлийн талаар илэн далангүй нөхөрлөж байгаагүй, харин дүр эсгэхдээ сайн байсан. Бурхан зүрх сэтгэл рүү минь өнгийж, миний хийсэн зүйлийг олж харж чадсан. Би гэмшсэн хандлага огт гаргаагүй учраас Ариун Сүсний ажлыг алдаж, тэгээд үүрэгтээ ямар ч үр дүн гаргахгүй байсаар халагдсан. Энэ бол Бурханы зөвт байдал байсныг би мэдэж байсан, учир нь миний овжин байдал Бурханыг жигшээсэн. Үүний ачаар би ноцтой асуудалтайгаа олж харж, гэмшиж, юмыг тэгж хийхээ болихыг хүссэн. Эс бөгөөс эцэст нь Бурхан намайг таягдан хаях байв. Би Бурханд, “Төгс Хүчит Бурхан минь, би яг одоо завхарсан зан чанарынхаа балгаар сүнслэг байдлын түнэр харанхуйд байна. Би Таны шаардлагын дагуу юмсыг хийдэггүй, ов мэхтэй, хуурмаг байсаар халагдахад хүрлээ. Энэ бол Таны зөвт байдал байжээ. Би цаашид худлаа ярихгүй, харин үнэнийг эрэлхийлж, үнэнч шударга хүн байж, хэвийн хүн чанарыг амьдран харуулмаар байна” гэж залбирсан.

Үүний дараа цуглаан дээр бид юу ч ярилцаж байсан би өөрийн жинхэнэ бодлыг хуваалцаж, бусад хүн намайг дорд үзэх вий гэж санаа зовохоо больсон. Бурхан, ах эгч нарынхаа өмнө үнэнч шударга хүн байх, Бурханыг сэтгэл хангалуун байлгахад л анхаарч, удирдагч надаас байдлын минь талаар асуухад би өмнөх шигээ нуухаа больж, харин ч ямар шүү байгаагаа ний нуугүй хэлж, тэгээд удирдагчийн тусламжийг авч, сөрөг байдлыг өөрчилж чаддаг болсон. Энэ нь гайхалтай хэрэгжүүлэлт шиг санагдаж, би хавьгүй чөлөөтэй, тайван болж, өмнөх шигээ гутарч, зовохоо больсон. Гэвч овжин уг чанар надад гүн шингэсэн байсан тул би худал хэлэх, хууран мэхлэхээ больж чадахгүй байгаагаа олж мэдсэн юм. Нэг өдөр удирдагч биднээс үүргээ гүйцэтгэж байхдаа олж мэдсэн асуудлууд, түүний дотор бусад ах, эгч нарын үүргээс олж харсан байж болох асуудлуудыг бичихийг хүсэв. Би үнэндээ хүн бүр маш идэвхгүй байх шиг байгааг, завхрал харуулах үедээ өөрийгөө эргэцүүлэхийн тулд Бурханы үгийг ашиглах тал дээр анхаарахгүй байгааг анзаарсан. Тэрийгээ бичсэн боловч энэ асуудлыг өмнө нь сөхөх үед нэг эгч “Чамаас өөр хэн ч тэгж хэлэхгүй байна. Чи хүмүүст арай өндөр шаардлага тавиад байгаа юм биш үү” гэж хэлж байсныг санаад удирдагч руу илгээгээгүй. Магадгүй надад л ганц тэгж санагдаж байгаа байх, иймээс хэрэв би ганцаархнаа энэ асуудлыг сөхвөл удирдагч намайг тэнэгтэж байна, энэ бол утгагүй хэрэг, тийм байж таарахгүй гэж бодож магадгүй гэж би бодлоо. Ингэвэл бусад хүний миний талаарх үзэл бодлыг үгүй хийх вий гэж би санаа зовсон учраас бичсэнээ устгаад, зүгээр л “Би ямар ч асуудал анзаараагүй” гэж бичив. Дараагаар нь энэ талаар ахиж бодоогүй.

Гэвч нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгийн энэ хэсгийг уншлаа: “Зарим хүн хэзээ ч хэнд ч үнэнийг хэлдэггүй. Хүмүүст хэлэхээсээ өмнө юм болгоныг оюун санаандаа тунгааж, боловсруулдаг; хэлсэн зүйлийнх нь аль нь үнэн, аль нь худлыг чи ялгаж чадахгүй. Тэд өнөөдөр нэг, маргааш өөр нэг зүйл хэлж, нэг хүнд нэг юм, өөр хүнд өөр нэг зүйл хэлдэг; хэлдэг бүхэн нь хоорондоо зөрчилддөг. Ийм хүмүүст яаж итгэж болох юм бэ? Бодит баримтын талаар үнэн зөв ойлголт авахад маш хэцүү; чи тэднээс яг таг зүйл олж авч чадахгүй. Энэ ямар зан чанар вэ? Зальжин байдал. Зальжин зан чанарыг өөрчлөх амархан уу? Үүнийг өөрчлөхөд хамгийн хэцүү. Зан чанартай холбоотой ямар ч зүйл хүмүүсийн уг чанарыг хамардаг, хүмүүсийн уг чанартай холбоотой зүйлийг өөрчлөхөд хамгийн хэцүү байдаг. Цоохор ирвэс толбоо өөрчилж чадахгүй гэх хэллэг байдаг. Энэ бол туйлын үнэн. Юуны тухай ярьж, юу хийж байгаа нь хамаагүй, зальжин хүмүүс үргэлж өөрийн гэсэн зорилго, сэдэл өвөрлөдөг. Зорилго, сэдэлгүй бол тэд юу ч хэлдэггүй. Тэдний зорилго, сэдэл юу болохыг ухаж ойлгох гэж оролдвол тэд таг дуугүй болдог; хэрвээ тэд санаандгүй үнэн зүйл хэлчихвэл түүнийгээ мушгин гуйвуулж, толгойг чинь эргүүлж, чамд үнэнийг мэдэгдэхгүй байх арга зам бодож олохын тулд юу ч хийхээс буцахгүй. Өөрөөр хэлбэл, тэд хийж байгаа юм бүхэндээ нөхцөл байдлын бодит үнэнийг хэнд ч мэдүүлдэггүй; хүмүүс тэднийг хэчнээн удаан мэддэг байсан ч гэсэн оюун санаанд нь үнэндээ юу болж байгааг хэн ч мэдэж чадахгүй. Зальжин хүмүүсийн уг чанар ийм байдаг. Зальжин хүмүүс хэчнээн их ярьсан ч гэсэн сэдэл нь юу болох, үнэндээ юу бодож байгаа, яг ямар зорилгод хүрэхийг хичээж байгааг нь чи хэзээ ч мэдэхгүй. Эцэг эхэд нь хүртэл үүнийг мэдэхэд хэцүү байдаг; зальжин хүнийг ойлгох гэж оролдох туйлын хэцүү. Зальжин хүмүүс ийм байдаг: Ямар нэг зүйлийг хийхээсээ бүр өмнө зальжин байдлаа илчилсэн байдаг. Энэ нь нэг төрлийн зан чанар мөн, тийм биз дээ? Ямар нэгэн зүйл хэлсэн эсэх, ямар нэгэн зүйл хийсэн эсэх чинь хамаагүй, энэ зан чанар дотор чинь байдаг, цаг үргэлж, хаа сайгүй чамайг захирч, тоглоом тоглож, заль мэх гаргаж, хүмүүсээр даажигнаж, үнэнийг нуун далдалж, дүр эсгэхэд хүргэдэг. Энэ бол зальжин байдал(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Зан чанараа өөрчлөхийн тулд завхарсан зан чанарын зургаан талыг ойлгох ёстой”). Би тэр санал хүсэлтийг бичихдээ дахиад л зальжин байдал харуулсан болохоо Бурханы үгээс олж харсан. Асуудал байгааг анзаарсан гэж бичсэн ч миний буруу байвал удирдагч намайг дорд үзэх вий гэж айсандаа овжиноор жинхэнэ бодлоо устгаж, ямар ч асуудал байгааг анзаараагүй гэж удирдагчид худал хэлсэн. Нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд үнэнийг хэлэх зориг надад байсангүй. Би үргэлж өөрийгөө нууж, сэтгэлийн гүндээ үнэндээ юу боддогоо бусдад харуулж байсангүй. Тэр ч бүү хэл үнэнийг нуухын тулд ямар нэг худал зүйл хэлэн баримтыг мушгидаг байсан. Би өөрийнхөө зан авирыг Сатан шиг зальтай, овжин болохыг олж харсан.

Би Бурханы үгийг нэмж уншсан нь худал хэлэхийн мөн чанарыг илүү сайн ойлгоход минь тусалсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Антихрист ангиллын хүмүүсийн хувьд, засаршгүй худалч зан нь тэдний гол шинжүүдийн нэг юм. Тэдний үг яриа, ярьж буй байдал, илэрхийлэх арга маяг, ярианых нь утга санаа, цаад сэдлээс энэ хүмүүс бол хэвийн хүн чанаргүй бөгөөд үнэнч шударга хүмүүсийн хүн чанарын стандартыг эзэмшдэггүй гэдэг нь харагддаг. Антихристүүд бол сурамгай худалчид. Тэдний худал үг, хууран мэхлэлт ихэнх хүнийхээс хамаагүй илүү ноцтой байдаг; энэ бол байдаг л нэг завхарсан зан чанар биш, харин аль хэдийн мөс чанар, эрүүл ухаанаа алдаж, хүн чанар огт байхгүй болсон хэрэг. Мөн чанартаа энэ хүмүүс бол чөтгөрүүд; чөтгөрүүд ихэвчлэн ийм маягаар худал хэлж, хүмүүсийг хууран мэхэлдэг, тэдний хэлдэг юу ч үнэн биш. Ихэнх хүн худал хэлэх үедээ худал үг зохиож, үүнийгээ анхааралтай бодох хэрэгтэй байдаг; харин антихрист юу ч зохиох шаардлагагүй, эсвэл бодох ч хэрэггүй: Тэд ам нээгээд л худлаа хэлдэг бөгөөд нэг л мэдэхэд чи хууртсан байна. Удаан ойлгоцтой хүмүүс тэдний худал үг, хууран мэхлэлтийг ойлготлоо хоёр гурван өдөр болж магад; тэр үед л тэд энэ хүн юу гэснийг ухаардаг. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс ялган таньж чаддаггүй. Антихристүүд худал хэлж хэвшсэн байдаг: Тэдний хүн чанарын онцлог юу вэ? Энэ нь хэвийн хүн чанарын нэг хэсэг биш гэдэг нь тодорхой. Үүнд ямар нэг чөтгөрлөг зүйл байдаг бус уу? Нарийн яривал, энэ нь чөтгөрийн уг чанар юм. Тэдний худал хэлж хэвшсэн байдал, худал үг, хууран мэхлэлт: аливааг хийх эдгээр арга зам нь сургуульд сурсан зүйл үү, эсвэл гэр бүлийнх нь нөлөөллийн үр дүн үү? Аль нь ч биш. Эдгээр зүйл бол тэдний төрөлх уг чанар, тэд эдгээр зүйлтэй төрсөн. Эцэг эх нь хүүхдүүдээ сургаж боловсруулах үед бага балчраасаа худал хэлж, хууран мэхэл гэж хэн ч хүүхдэдээ зааж сургадаггүй, худал хэлж, хууран мэхэл гэж хэн ч тэднийг хүчилдэггүй атал өсөж том болох үедээ гагцхүү худал хэлж, ямар ч худал үг хэлсэн гэмгүй царайлаад, хэзээ ч харамсаж, шаналдаггүй, эсвэл худал үг хэлсэндээ буруутай санагддаггүй, харин ч өөрсдийгөө маш сэргэлэн, асар ухаантай гэж үргэлж боддог, худал үг, өөр арга заль хэрэглэн бусдыг аргалж, хууран мэхэлж чаддаг болохоор азтай, бахтай санагдаж, нууцхан баярладаг хүүхдүүд байдаг. Энэ нь тэдний уг чанар юм. Антихристүүд төрөлхөөсөө ийм байдаг. Энэ бол сурамгай худалч хүмүүсийн уг чанар, мөн чанар. Хэдийгээр үргэлж цуглаанд оролцож, номлол, нөхөрлөл сонсдог ч антихристүүд хэзээ ч өөрсдийгөө эргэцүүлдэггүй, өөрсдийгөө мэдэж авахаар оролддоггүй бөгөөд хэчнээн хуурамч, ов мэхтэй байсан ч гэсэн, шийдэл болох үнэнийг эрж хайхаар идэвхтэй оролдох нь бүү хэл, мөс чанарынхаа зэмлэлийг ч мэдэрдэггүй—антихристүүд бол мөн чанартаа үл итгэгчид гэдгийг энэ нь нотолдог. Тэд хэчнээн их хоосон сургаалыг хүмүүст зааж сургаж чадах нь хамаагүй, эдгээр сургаалыг өөрсдөө мөрддөггүй, өөрсдийгөө хэзээ ч задлан шинжилдэггүй, хэчнээн олон худал үг хэлж, хэчнээн олон хүнийг мэхэллээ ч үүнийгээ хэзээ ч хэлдэггүй, харин ч дүр үзүүлж, дүр эсгээд, зальжин хүн гэдгээ бусдын өмнө хүлээн зөвшөөрөх зориг огт байдаггүй. Үүнээс гадна, тэд хэрэгтэй гэж үзсэн үедээ худал хэлж, хүмүүсийг хуурсаар л байдаг. Энэ нь тэдний уг чанар мөн биз дээ? Мөн, үүнийг өөрчлөх ямар ч аргагүй. Энэ уг чанар нь хэвийн хүн чанарын илэрхийлэл биш; үнэн хэрэгтээ энэ нь чөтгөрийн уг чанар, Сатаны зан чанар бөгөөд ийм хүмүүс бол диаволууд, амилсан чөтгөрүүд билээ(Антихристүүдийг илчлэх нь номын “Антихристүүдийн ёс жудаг, тэдний зан чанарын мөн чанарыг нэгтгэн дүгнэх нь (Нэгдүгээр хэсэг)”). Бурхан антихристүүдийг овжин, ёрын муу болохыг илчилж, худал хэлэх нь тэдний уг чанар болдог гэжээ. Тэд худал хэлж байгаагаа ч ухаардаггүй, хэзээ ч жинхэнэ төрхөө харуулдаггүй, өөрсдийгөө задлан шинжилдэггүй. Энэ нь надад Эзэн Есүсийн хэлсэн хоёр зүйлийг санагдуулав: “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм(Матай 5:37). “Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн(Иохан 8:44). Худал хэлэх нь ёрын муугаас, чөтгөрөөс гардаг бөгөөд байнга худал хэлдэг хүмүүс бол чөтгөр юм. Би цаг үргэлж худал хэлж, ов мэхтэй байсан минь намайг чөтгөртэй, Сатантай яг адилхан болгож байгаа бус уу? Бурханы үг миний уг чанарыг илчилсэн, худал хэлэх нь миний уг чанар болсон бөгөөд ашиг сонирхол минь хөндөгдөх бүрд би дүр эсгэж, бусдыг хуурдаг байсан. Удирдагч намайг яагаад тэгж их оройтож интернэтэд орсныг асуухад би дүр төрхөө хамгаалахын тулд удирдагчид худал хэлж, тэрний дараагаар сэтгэлээ нээж, өөрийгөө задлан шинжлээгүй. Удирдагч биднийг чуулганы ажилд санал зөвлөмж өгөөч гэхэд би бусдад дорд үзэгдэхгүйн тулд үнэнч шударга байгаагүй. Асуудалтай нүүр тулгараад зөвхөн хувийн ашиг сонирхлоо бодож, тодорхой нэг үйлдэл надад юу авчрахыг тооцоолж, бусад хүн миний талаар юу гэж бодох талаар санаа зовж байсан. Би цаг үргэлж ов мэхтэй байж, чөтгөрийн уг чанарыг амьдран харуулжээ. Үнэн төрхийг минь харуулсан Бурханы үгийн шүүлт, илчлэлд би үнэхээр талархсан. Би цаашид Сатан шиг худал хуурмагаар дүүрэн байхыг, дүр эсгэж, хууран мэхлэхийг хүсээгүй. Үнэнч шударга хүн байж, үнэнээ хэлж, аливааг үнэнч шударгаар хийж, хэвийн хүн шиг амьдрахыг хүссэн. Юу ч байсан би өөрийгөө илчилж, дотроо байгаа сатанлаг зан чанарыг ил болгож, Сатанд захирагдаж, даажигнуулахаа болихыг хүссэн. Үүний дараа би ах эгч нар сөрөг, идэвхгүй байдалд байсаар, үүргээ сайн биелүүлэхгүй байгааг анзаарсан. Би үнэнч шударга хүн байгаагүйдээ, энэ тухай удирдагчид эртхэн хэлж үүрэг хариуцлагаа биелүүлээгүйдээ маш их харамссан. Харин ч хуурмаг, овжин байсан маань бидний ажилд нөлөөлсөн. Хожим нь удирдагч дахиад л биднийг ажилдаа олж илрүүлсэн аливаа асуудлаа бич гэлээ, энэ удаад би шударга байж, анзаарсан асуудлаа бичсэн. Тэгээд удирдагч энэ асуудалд хандсан нөхөрлөл хуваалцаж, ах эгч нар байдлаа өөрчилж, үүрэгтээ илүү идэвхтэй болж чадсан.

Үүний дараа би удирдагчийг хайж олоод, тэр үед ямар хуурмаг байдал үзүүлсэн, мөн өөрт нь хэрхэн худал хэлсэн тухайгаа илэн далангүй хэлсэн. Надаас байдлын маань талаар асуухад нь харуулсан завхралын минь талаар мэдвэл намайг дорд үзэх вий гэж айсандаа би үнэнээ хэлээгүй гэдгээ түүнд хэлсэн. Тийм маягаар дүр эсгэх нь намайг зовоож, би ихэвчлэн харанхуй, сөрөг байдалд байсан бөгөөд асуудал, бэрхшээлээ цаашид нуухыг хүсэхгүй байгаагаа түүнтэй хуваалцсан. Би удирдагчид өөрийнхөө сөрөг байдлын талаар сэтгэлээ уудлахыг хүсэж, сатанлаг зан чанарынхаа дарамтаас ангижрахад минь туслахыг гуйсан. Үнэндээ ямар байгаагаа өөрт нь ярьсны дараа удирдагч намайг огтхон ч дорд үзээгүй, харин хожим нь цуглаан дээр яаж үнэнч шударга хүн байх тухай Бурханы үгийн талаарх нөхөрлөлийг хуваалцсан. Тэр нь надад үнэний тэр талыг илүү сайн ойлгоход тусалсан. Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг: “Үнэнч шударга байх хэрэгжүүлэлт нь олон талыг хамардаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг талыг хангаснаар л үнэнч шударга байх стандартад хүрдэг юм биш; үнэнч шударга байхын тулд олон талаар стандартад нийцдэг байх ёстой. Зарим хүн үнэнч шударга байхын тулд яаж ийгээд худал хэлэхгүй байх хэрэгтэй гэж үргэлж боддог. Энэ үзэл бодол зөв үү? Үнэнч шударга байх нь ердөө худал хэлэхгүй байх явдлыг л хамардаг уу? Үгүй, энэ нь бас өөр хэдэн талыг хамардаг. Нэгдүгээрт, чамд юу ч тулгарсан хамаагүй, энэ нь чиний нүдээрээ харсан зүйл ч бай, эсвэл хэн нэгний чамд хэлсэн зүйл ч бай, хүмүүстэй харилцах ч бай, эсвэл асуудлыг зохицуулах ч бай, гүйцэтгэх учиртай үүрэг чинь ч бай, эсвэл Бурханы чамд даалгасан зүйл ч бай, чи үргэлж үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой. Аливаад үнэнч сэтгэлээр хандах хандлагыг хүн хэрхэн хэрэгжүүлбэл зохилтой вэ? Юу бодож байгаагаа хэл, шударгаар ярь; хоосон үг, албан үг хэллэг, чихэнд чимэгтэй үгээр бүү ярь, тал зассан, хоёр нүүртэй хуурамч зүйл бүү хэл, харин зүрх сэтгэлдээ байгаа үгийг хэл. Ингэх нь үнэнч шударга хүн байх явдал юм. Зүрх сэтгэлдээ байгаа жинхэнэ бодол, үзэл бодлыг илэрхийлэх нь үнэнч хүмүүсийн хийвэл зохих зүйл билээ(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Бурханы үг надад үнэнч шударга хүн болох хэрэгжүүлэлтийн замыг өглөө. Үүнээс хойш үүрэгтээ ч бай, өдөр тутмын амьдралдаа ч бай би ямар ч нөхцөл байдалтай тулгарсан дүр эсгэхийн тулд ов мэхтэй байх юм уу сайхан сонсогдох зүйл хэлэх ёсгүй, харин бүх хүнд, аливаа зүйлд энгийн, үнэнч шударга зүрх сэтгэлээр хандах ёстой. Хэн нэг нь миний бодол юм уу байдлыг алийг нь ч асуусан бай би чин үнэнийг хэлж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг тэдэнд харуулах ёстой. Энэ бол Сатаныг шившиглэх цорын ганц арга. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд төлөөс нь ямар байх нь хамаагүй, овжин зан чанараа шийдвэрлэж, үнэнч шударга хүн байхаар шийдсэн. Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би жинхэнэ төрхөө харсан

Шиаошиао, Жиансу муж Чуулганы ажлын хэрэгцээнээс үүдэн, доройтмол байдалтай байсан өөр чуулганд үүрэг гүйцэтгүүлэхээр намайг шилжүүллээ....

Messenger дээр бидэнтэй холбоо барих