Үүргээ хэрхэн авч үзэх вэ

2021-01-23

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд хамгийн хэцүү зүйл нь жинхэнэ итгэлийн хариуд өөрийн бүх амьдралыг өгөх явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадна. Энэ нь бүтэлгүйтдэг хүмүүсийн хүрч чадашгүй зүйл бөгөөд Христийг олж чадахгүй хүмүүсийн хувьд бүр ч хүршгүй юм. Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч сайн биш учраас, Бүтээгчийн өмнө өөрийн үүргийг биелүүлэхийг хүсдэггүй учраас, үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, Тэнгэрийг үргэлж эсэргүүцдэг учраас үргэлж бүтэлгүйтэж, Сатаны заль мэхэнд үргэлж автаж, өөрийнхөө урхи торонд ордог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Үүрэг бол хүнд Бурханы даалгасан ажил, хүмүүсийн гүйцэтгэх ёстой даалгавар юм. Гэвч үүрэг яавч чиний хувиараа удирддаг бизнес биш, бас олноос онцгойроход чинь тулгардаг саад ч биш. Зарим хүн үүргээ удирдан манлайлах боломж болгон ашигладаг; зарим нь хүслээ хангаж, зарим нь сэтгэлдээ мэдэрдэг хоосролоо дүүргэж, мөн зарим нь азад найддаг сэтгэлгээгээ хангахад ашигладаг бөгөөд үүргээ гүйцэтгэж л байвал Бурханы гэр болон хүнд зориулан Бурханы бэлддэг гайхамшигт хүрэх газраас хувь хүртэнэ гэж боддог. Үүргийн талаарх ийм хандлага буруу; Бурхан үүнд ой гутдаг бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой.” Үүнийг уншаад, би өөрийнхөө туршлагыг нөхөрлөмөөр санагдлаа.

Үүргээ хэрхэн авч үзэх вэ

2017 онд би чуулганд бичиг цаасны үүрэгтэй байлаа. Дараа нь чуулганы удирдагч, Линь ахыг надтай хамт ажиллуулахаар зохицуулаад, намайг ахад заавал сайн туслаарай гэсэн юм. Би ч баяртайгаар зөвшөөрч, “Линь ах нийтлэл бичих үнэхээр дуртай, үүндээ ч сайн гэж сонссон. Ах зарчмыг хурдан ухаарч чадвал багийн ажилд улам их амжилт гарах нь гарцаагүй. Удирдагч намайг чадвартай гэж бодож, үнэхээр үнэлэх болохоор ахад чадах чинээгээрээ туслах хэрэгтэй юм байна” гэж бодлоо. Тэгээд Линь ахыг мэдэх хэрэгцээтэй бүхнээ аль болох хурдан ойлгож аваг гэсэндээ холбогдох бүх зарчим, материалыг эмхлээд, ахад судлуулахаар өгсөн юм. Бас ажилд нь саад тулгарах үед би бодол санаандаа дүн шинжилгээ хийхэд нь тусалж, ахад зарим жишээ, лавлагаа өглөө. Хэсэг хугацааны дараа ах зарим зарчмыг ойлгоод, эмхэлсэн баримт бичиг нь ч тодорхой, бодитой болсон байлаа. Ийм хурдан сайжирч байгааг нь хараад би үнэхээр баярласан. Юмыг маш хурдан ойлгосон болохоор ахад үнэхээр нөөц бололцоо байна гэж бодсон шүү! Манай багийн бүтээмж хавьгүй сайжирч, миний хийх ажил ч нэлээд багаслаа. Тэгээд Линь ахыг ахиад багахан хугацаанд сургавал бид үүрэгтээ улам ч сайн үр дүнд хүрнэ гэж бодсон.

Нэг өдөр удирдагч, чуулганд баримт бичиг эмхэтгэх хүн яаралтай хэрэгтэй байна гээд, Линь ах эмхэтгэхдээ сайн, ажилдаа ч хариуцлагатай болохоор тэр чуулган руу шилжүүлж, бичиг цаасных нь ажлыг хариуцуулна гэлээ. Би үүнийг сонсоод цочирдсон. “Юу гэнэ ээ? Ахыг шилжүүлнэ ээ? Тэгж болохгүй шүү дээ. Би ахыг ажил, зарчим хоёрт дадуулах гэж өчнөөн их хүчин чармайлт гаргалаа, ах багтаа дөнгөж л ахиц гаргаж эхэлж байна даг. Ахыг одоо шилжүүлчихвэл манай ажилд цохилт өгөх нь гарцаагүй. Тэгвэл хүмүүс намайг юу гэж бодох юм бэ? Чадваргүй гэнэ шүү дээ” гэж бодогдлоо. Ингэж бодох тусмаа улам гонсойсон. Линь ах шилжсэний дараа өөр хүн сургаж болно гэж удирдагч хэлсэн юм. Би юм хэлээгүй ч тэр санааг эсэргүүцэж байлаа. “Ялихгүй юм шиг ярьж байх шив. Хүн сургана гэдэг тийм амархан гэж бодоо юу? Үүнд маш их цаг хугацаа, зүтгэл ордог юм! Тэгээд ч Линь ах шилжсэний дараа бүх хариуцлага дахиад л над дээр бууна. Одоо ч завгүй байгаа юм чинь, чадвартай нэг хүнээ алдвал манай ажилд хохирол учрах нь гарцаагүй” гэж бодогдсон. Энэ талаар бодох тусмаа улам их эсэргүүцэл төрж байсан юм. Хоёр өдрийн дараа удирдагч надаар Линь ахын тухай үнэлгээ бичүүллээ. Би, “Ахын сайн чанарт биш, сул талд нь, яаж завхрал харуулдагт нь төвлөрөх хэрэгтэй. Тэгвэл удирдагч ахыг шилжүүлэхгүй байж магад” гэж бодсон. Үнэлгээгээ биччихээд бага зэрэг буруутай санагдаж, шударга бус байгаа эсэхээ гайхлаа. Гэхдээ дараа нь, багийн ажлаа л бодож байна даг гэж бодсон юм. Тэгээд үнэлгээгээ удирдагчид өгсөн. Удирдагчаас ямар ч хариу ирэлгүй хэд хоног өнгөрөхөд миний санаа зовж, “Удирдагч үнэлгээг уншаагүй, Линь ахыг шилжүүлэх хэвээрээ юм болов уу? Үгүй ээ, би хэт идэвхгүй байж болохгүй. Ахыг авч үлдэх арга бодож олох хэрэгтэй” гэж бодож эхэллээ. Тэгээд, “Таныг өөр чуулганд бичиг цаасны үүрэг хариуцаач гэж гуйвал та ямар бодолтой байх байсан бэ?” гэж Линь ахаас асууж, бодлыг нь тандах гэж үзлээ. “Би чуулганы зохицуулалтад захирагдана. Тэгээд явахад бэлэн байна” гэж ах шуудхан хэлсэн. “Бичиг цаасны ажил хариуцахад зарчмыг ойлгож, чадвартай байх нь чухал. Тэгэхгүй бол ажлын ахицад саад учрах нь лавтай. Би таныг энд үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн нь дээр гэж бодож байна” гэж би даруйхан хариуллаа. Гайхмаар нь, Лин ах огт тоолгүй, “Би боломж олдвол яваад, Бурханд найдахад бэлэн байгаа” гэж зүгээр л маш итгэлтэйгээр хэлсэн. Би зорилгоо биелүүлээгүй гэдэгтээ гонсойж, ахад жаахан бухимдлаа. Нэг удаа ахын боловсруулсан баримт бичиг бага зэрэг асуудалтай байгааг хараад өөрийн эрхгүй уурлаж, ахад сургамжилсан. Тухайн үед, Линь ахыг шилжүүлэх талаар бодох болгондоо үнэхээр барьц алддаг байсан юм. Ажиллахдаа огт тайван байж чадахгүй, бодол санаагаа чиглүүлж чадахгүй байлаа. Бас ажлын ямар ч асуудлыг ойлгохгүй байсан. Тэгээд цаг үргэлж мэлэрч, бас үнэхээр шаналж байсан. Би Бурханд залбирч, өөрийгөө мэдэхэд минь намайг замчлаач гэж гуйлаа.

Дараа нь Бурханы энэ үгийг уншсан юм: “Хүмүүс ихэвчлэн үнэнийг хэрэгжүүлдэггүй, үнэнээс ихэвчлэн нүүр буруулж, бардам зан, нэр төр, байр суурь, хувийн ашиг сонирхлоо хамгаалан үргэлж аминчхан, өөдгүй, завхарсан сатанлаг зан чанартайгаар амьдардаг. Тэд үнэнийг олж аваагүй. Тийм учраас чи дэндүү их шаналж, дэндүү их зовж, хэт их хүлээстэй байдаг.” “Хүний үйл хэргийг сайн, муу гэж үнэлдэг стандарт юу вэ? Чамд, чиний бодол, илэрхийлэл, үйлдэлд үнэнийг хэрэгжүүлж, үнэний бодит байдлыг амьдран харуулж байгаа гэх гэрчлэл байгаа эсэхээс энэ нь шалтгаалдаг. Хэрэв чи ийм бодит байдалгүй, үүнийг амьдран харуулдаггүй бол мууг үйлдэгч эргэлзээгүй мөн юм. Бурхан мууг үйлдэгчдийг хэрхэн хардаг вэ? Чиний бодол, гадаад үйлдэл Бурханд гэрчлэл хийдэггүй, Сатаныг ч шившиглэж, ялдаггүй; харин Бурханыг шившиглэж, Бурханыг ичгүүрт автуулах тэмдгээр дүүрэн байдаг. Чи Бурханд гэрчлэл хийж, Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж байгаа юм биш, мөн Бурханы өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж байгаа ч юм биш, харин өөрийнхөө төлөө үйлдэж байна. ‘Өөрийнхөө төлөө’ гэдгийн утга нь юу вэ? Сатаны төлөө гэсэн үг. Иймээс эцэст нь Бурхан: ‘Ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ. Бурханы нүдээр бол чи сайн үйл хийгээгүй, харин ч зан авир чинь ёрын муу болж хувирсан. Чи шагнуулахгүй; Бурхан чамайг санахгүй. Ингэх нь бүхэлдээ хий дэмий хэрэг бус уу?(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өгснийхөө дараа чи үнэнийг олж авч чадна”). Хүмүүс сайн, мууг үйлдэж байгаа эсэхийг Бурхан, өөрсдийгөө өнгөцхөн зарлагаддаг эсэх, хэчнээн их зовж, хэдий их төлөөс төлдөг гэдгээр нь биш, харин тэд ямар сэдэлтэй байна, үйлдэл нь Бурханы төлөө байна уу, өөрсдийнх нь төлөө байна уу, үнэнийг хэрэгжүүлж байна уу гэдгийг нь голлон харах замаар тогтоодог гэдгийг Бурханы үгийг эргэцүүлж байхдаа би ухаарсан юм. Тэр үеийн байр байдлаа эргэцүүлээд, зарчмыг хурдан ойлгоход нь Линь ахад туслах гэсэн зүтгэл минь чуулганы ажлын төлөө байгаагүйг ойлгосон. Би өөрөө сайн хүн болж харагдахын тулд ахаар дамжуулан багийн бүтээмжийг сайжруулахыг л хүссэн. Ахыг шилжүүлэх гэж байгааг хараад багийн ажилд хор хохирол учирна, миний нэр хүнд, байр суурь хохирно гэж айсан болохоор үнэлгээгээ бичихдээ ахын алдааг албаар дөвийлгөж, удирдагчийг төөрөлдүүлэхээр оролдсон юм. Тэгээд бүр үүргээ гэх идэвхийг нь мохоох гэж ахад сөрөг юм хэлсэн. Үүнийг яаж үнэнийг хэрэгжүүлж, үүргээ биелүүлж байгаа гэх юм бэ? Би үүргээ аминчханаар биелүүлж, чуулганы нийт ажлыг биш, зүгээр л хариуцсан ажлынхаа үр дүнг бодож, нэр төр, байр суурь минь хохирох вий гэдгийг л бодолцож байсан. Бас ов мэх гаргаж, удирдагчийн зохицуулсан чуулганы ажилд саад хийсэн. Би ингэж Бурханы гэрийн ажлыг үймүүлж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байсан юм! Ямар аюултай байдалд байгаагаа ойлгоод, Бурханд ингэж залбирсан: “Өө Бурхан минь, би маш аминчхан, жигшүүртэй юм. Би өөрийн ашиг сонирхлын төлөө Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн. Бурхан минь, би Танд гэмшмээр байна” гэсэн.

Тэгээд Бурханы ийм үгийг уншлаа: “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхол, байр суурь, нэр нүүр, нэр хүндийг үргэлж бүү бодолц. Хүмүүсийн ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, үүнийг эн тэргүүний зорилгоо болгох ёстой; мөн Бурханы хүслийг анхаарах ёстой. Чи үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байх, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бод. Чи эдгээр зүйлийг бодох хэрэгтэй. Эдгээр зүйлийг ахин дахин бодолцож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно(Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өгснийхөө дараа чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үгээс би хэрэгжүүлэх зам олсон юм. Би үүрэг дэх сэдлээ засаж залруулж, Бурханы шинжилтийг зөвшөөрч, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, Бурханы гэрийн ажлыг хамгаалах ёстой байлаа. Линь ах сайн хэв чанартай, асуудалтай тулгарахдаа үнэнийг эрж хайдаг болохоор өөр чуулганд ажил хариуцах юм бол Бурханы гэрийн ажилд ашиг тустай байх байсан юм. Тэгснээр ах илүү их туршлагатай ч болно, тийм болохоор ахыг дэмжих хэрэгтэй шүү дээ. Дараа нь би удирдагчийг олж уулзаад, аминчхан, зальхай сэдлийнхээ талаар сэтгэлээ уудалж, Линь ахын талаар бодитой, шударга үнэлгээ өгсөн юм. Эцэст нь Линь ах нөгөө чуулган руу шилжиж, арай гэж нэг юм сэтгэл амарсан даа.

Тухайн үед би бага ч болов өөрчлөгдлөө гэж бодсон. Иймэрхүү байдалтай тулгарахаар аминчхан, жигшүүртэй сатанлаг уг чанар маань дахиад цухалзана гэж огт санаагүй.

2018 оны өвөл Чэнь ах бид хоёр багийн удирдагчаар хамтран ажиллаж байсан юм. Бид хоёр бие биеийнхээ сул талыг нөхөж, Бурханы удирдамжаар ажилдаа улам бүр сайн үр дүн гаргаж байлаа. Чэнь ахтай ажиллахад үнэхээр сайхан байсан. Нэг удаа, цуглааны дараа удирдагч надтай ярилцаад, өөр багт тусламж хэрэг болсон болохоор Чэнь ахыг шилжүүлэх байх гэлээ. Чэнь ах сайн хэв чанартай, үнэнийг хурдан ойлгодог, үүрэгтээ хариуцлагатай болохоор манай багийн ажлыг урагшлуулахад үнэхээр хэрэгтэй гэж санагдсан юм. Хэрвээ ахын явсан нь манай ажилд нөлөөлбөл удирдагч намайг юу гэж бодох юм бэ? Ажлаа хийж чаддаггүй юм байна гэж бодох болов уу? Би Чэнь ахыг үнэхээр явуулмааргүй байсан ч чуулганы ажлыг бодолцоод зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Гайхмаар нь, удирдагч цааш ярихдаа чуулганд өөр нэг яаралтай хэрэг гараад, багийн бас нэг гишүүн болох Лу эгчийг явуулж, туслуулмаар байна гэлээ. Үүнийг сонсоод миний зүрх зогсчих шиг л болсон. “Та Лу эгчийг явуулах нь уу? Чэнь ах шилжчихсэн, гэтэл одоо Лу эгч бас явах нь. Багийн маань хоёр гол хүн явчихаар манай ажил балрах нь лавтай. Тэгж ярихгүй ээ! Лу эгчийг өгч чадахгүй” гэж бодогдсон юм. Гэхдээ, “Шуудхан татгалзвал удирдагч намайг амиа бодож байна гэх биш үү” гэж дараа нь бодлоо. Тэгээд арай тааруухан хэв чанартай өөр нэг эгчийг санал болгосон юм. Удирдагч бүх зүйлийг авч үзсэнийхээ дараа мөн л Лу эгчийг сонгосон нь дээр гэж бодсон болохоор үүргээ ингэж солих талаар эгчтэй нөхөрлөөч гэж надаас хүслээ. Би тэгье гэж хэлсэн ч сэтгэлдээ тэр санааг туйлын их эсэргүүцэж байсан. Дараа нь өөр нэг ахад баахан яншиж, удирдагч миний бэрхшээлийг тоохгүй, хоёр чухал хүнийг маань гэнэтхэн шилжүүлж байгаа. Би багийн ахлагч гэх ажлаа яаж хийх болж байна? гэж гомдоллолоо. Ярьж байгаа юм маань буруу гэдгийг үглэж үглэж, гэнэтхэн ухаарсан юм. Би тэр ахыг өөрийнхөө талд оруулах гэж хичээж, гомдлоо илэрхийлж байсан биш үү? Ингэх нь Бурханд халдаж байгаа хэрэг. Ингэж бодох тусам сэтгэл тавгүйрхлээ. Тэгээд даруйхан Бурханы өмнө очиж залбираад, өөрийгөө эргэцүүлсэн. Залбирсныхаа дараа, хариуцсан хүмүүсээ шилжих дөхөх болгонд яагаад зөрүүдэлж, саад хийх гэж элдвээр оролддогоо тунгаасан юм. Тэгж аашилдгийн минь цаадах жинхэнэ уг чанар юу юм бэ?

Тэгээд Бурханы ийм үгийг уншсан: “Үүрэг бол хүнд Бурханы даалгасан ажил, хүмүүсийн гүйцэтгэх ёстой даалгавар юм. Гэвч үүрэг яавч чиний хувиараа удирддаг бизнес биш, бас олноос онцгойроход чинь тулгардаг саад ч биш. Зарим хүн үүргээ удирдан манлайлах боломж болгон ашигладаг; зарим нь хүслээ хангаж… Үүргийн талаарх ийм хандлага буруу; Бурхан үүнд ой гутдаг бөгөөд үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой.” “Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд хүмүүс ‘сүм бол Бурханаас илүү агуу’ гэсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр байна. Жишээ нь, хүмүүс үүргээ биелүүлэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд өөрсдийн үүргийг ашиглан ур чадвараа мэргэжил болгосон боловч Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг зүгээр л нэг дагаж мөрдөх шашны номлолоос өөр юу ч биш мэт үздэг; гэх мэт. Эдгээр илэрхийлэл нь хүмүүсийн зүгээс мөн чанартаа ‘сүм бол Бурханаас илүү агуу’ гэсэнтэй адил илэрхийлэл биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсан бол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрмийг эрхэмлэдэг тэр хүмүүс дүрмийг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, мэргэжилдээ хайртай хүмүүс мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт—тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг: ‘Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдэнд бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг’ гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авьяасыг харуулж, өөрсдийн ажил хэрэг, мэргэжлийн албыг гүйцэтгэх боломж олмогцоо Бурханаас холдож, хайртай ажил мэргэжилдээ өөрсдийгөө зориулдаг. Бурханаас тэдэнд даалгасан зүйл, Бурханы хүслийн тухайд бол тэдгээр зүйл аль хэдийн хаягдсан байдаг. Ийм тохиолдолд энэ хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III).

Би Бурханы үгийг бодож үзээд, үйлдлийнхээ мөн чанарыг илүү тодорхой ойлгож авсан юм. Удирдагч манай багаас хүн шилжүүлэх болгонд эсэргүүцэж, саад хийдэг байсан маань үндсэндээ үүргээ амин хувийн ажил хэрэг гэж авч үздэг байснаас үүдэлтэй. Тэр ах эгч нар миний сургасан хүмүүс болохоор миний дор л үүргээ гүйцэтгэж, манай багийн ажлыг урагшлуулж байх ёстой болохоос биш, шилжих ёсгүй гэж үргэлж бодогддог байсан. Миний бодол дэндүү үндэслэлгүй, маш утгагүй байсан юм. Тэр ах эгч нар ямар ч хэв чанар, давуу талтай байлаа гэсэн тэр бүгдийг Бурхан ажилдаа зориулан урьдчилан тогтоосон шүү дээ. Ах эгч нар Бурханы гэрийн хаана хэрэгтэй байна, тийшээ очих ёстой. Энэ бол гарцаагүй. Гэтэл би тэднийг хяналтдаа байлгах гэж хичээж, надад үйлчлэл үзүүлж, миний төлөө хөдөлмөрлөх хэрэгсэл мэтээр үзэж байсан юм. Хүн шилжүүлэх гэсэн хэнийг ч эсэргүүцэж, тэр ч байтугай ар хударгаар нь шүүж, талцуулах гэж оролдсон. Би Эзэн Есүсийг эсэргүүцсэн фарисайчуудаас ямар ялгаатай юм бэ? Фарисайчууд сүмийг өөрсдийнхөө нөлөөллийн хүрээ гэж үзээд, итгэгчдэд сүмээс явж, Эзэн Есүсийг дагахыг зөвшөөрөөгүй. Тэд байр суурь, ашиг орлогоо хамгаалахын тулд итгэгчдийг хянахдаа яахаас ч буцахгүй байж, итгэгчдийг өөрсдийн харьяа гэж ичгүүргүйгээр мэдэгдсэн. Харин би ах эгч нарыг хяналтдаа байлгаж, Бурханы гэрт шилжүүлэхийг хүсээгүй. Тэгээд нөлөөллийнхөө хүрээг ашиглан Бурханыг эсэргүүцэж байсан биш үү? Би антихристийн замаар явж, Бурханыг эсэргүүцэж, зан чанарт нь халдсан байсан! Ингэж бодохоор айдас төрж, аминчхан, жигшүүртэй сатанлаг зан чанараа жигшиж эхэлсэн юм. Тэгээд гэмшсэндээ Бурханд яаран залбирсан. Дараа нь Лу эгч дээр очоод, шилжих тухай нь ярилцлаа. Тэгээд хуурч мэхэлсэн ахтайгаа ярьж, ахыг ялган таних чадвартай болгохын тулд хэлсэн юмныхаа уг чанар, үр дагаврыг нөхөрлөж, задлан шинжилсэн юм. Эцэст нь, би бага зэрэг тайвширсан.

Лу эгч, Чэнь ах хоёрыг шилжсэний дараа Ли эгч багт нэгдлээ. Эгч сайн хэв чанартай, юм сурахдаа хурдан байсан. Тэгээд багийн ажил огт саатаагүй. Өөрийнхөө зорилгын төлөө биш, Бурханы гэрийн ашиг тусын төлөө үүргээ биелүүлэх нь л Бурханы ерөөлийг хүртэх бодит арга гэдгийг би үнэхээр мэдэрсэн. Бурхан зөв хүмүүсийг ажилд бэлдэнэ. Тэгээд Өөрийнхөө ажлыг хамгаална. Үүнээс хойш гурван сарын дараа, нэг өдөр Линь эгч цуглаанаас буцаж ирчхээд ойролцоох чуулганы сайн мэдээний ажилд ахиц гарч байна, тэгээд шинэ хүмүүсийг нь услах хүмүүс үнэхээр хэрэгтэй байна гэж надад хэллээ. Удирдагч, Ли эгчийг явуулж, усалгааны үүрэг хариуцуулах санал гаргасан. Би бас л жаахан бухимдсан боловч байр байдал маань буруу байгааг шууд ухаарсан юм. Урьд нь олон ч удаа, нэр төр, байр суурийнхаа төлөө Бурханы гэрийн ашиг сонирхлыг үл ойшоосноо бодлоо. Тэгээд маш их тавгүйрхэж, буруутайгаа мэдэрсэн, дараа нь Бурханы ийм үг санаанд орсон юм: “Үүрэг бол чиний амин хувийн ажил биш, үүргээ гүйцэтгэснээр чи өөрийнхөө төлөө юм хийж, хувийнхаа бизнесийг удирдаж байгаа юм биш. Бурханы гэрт чи юу ч хийлээ гэсэн өөрийн аж ахуй дээр ажиллаж байгаа юм биш. Энэ нь Бурханы гэрийн ажил, мөн Бурханы ажил юм. Чи энэ мэдлэгийг ямагт ой тойндоо санаж, ‘Энэ бол миний хувийн ажил биш; би үүргээ гүйцэтгэж, хариуцлагаа биелүүлж байна. Би Бурханы гэрийн ажлыг хийж байна. Энэ бол Бурханы надад даалгасан ажил бөгөөд үүнийг би Бурханы төлөө хийж байна. Энэ миний амин хувийн ажил биш’ гэж хэлэх ёстой. Хэрвээ чи үүнийг амин хувийнхаа ажил гэж бодон, өөрийн санаа зорилго, зарчим, сэдлийн дагуу хийвэл асуудалд орно.” Бурханы үг бүр ч тодорхой болгож өгсөн. Миний үүрэг бол Бурханы өгсөн даалгавар болохоос амин хувийн ажил хэрэг биш. Би ашиг сонирхлоо хангахын тулд зүгээр л дураараа аашлаад байж болохгүй. Бурханы гэрийн ашиг сонирхлыг харгалзан үзэж, үнэнийг эрж хайж, Бурханы шаарддаг юмыг хийх хэрэгтэй. Бүтээгдсэн зүйл үүрэгтээ ийм л хандлага, эрүүл ухаантай байх ёстой. Би үргэлж өөрийнхөө ашиг сонирхлыг бодоод, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож, Бурханыг эсэргүүцэх юм нэлээд их хийсэн. Цаашид тэгж амьдарч болохгүй гэдгээ мэдэж байсан юм. Тэгээд аминчхан хүслээ орхиж, үнэнийг хэрэгжүүлэх ёстой байлаа. Ингэж бодоод сэтгэл үнэхээр уужирсан. Тэгээд Линь эгчид, “Бурханы гэрийн ажилд тус болох гэж удирдагч ингэж зохицууллаа. Үүрэг нь ингэж өөрчлөгдөх талаар Ли эгчтэй даруйхан ярилцах хэрэгтэй. Бурханы гэрийн ажилд нөлөөлж болохгүй” гэж хэлсэн юм.

Би Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар л үүрэгтээ өөрийн ашиг сонирхлыг хойш тавьж сурч, Бурханы гэрийн ажлыг бодож, байр сууриа мэдэж авч, жаахан мөс чанар, эрүүл ухаантай болсон доо.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Хожимдсон сэхээрэл

Линь Минь, Хятад Би 2013 онд Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Тэр үед их урам зоригтой, Бурханы үгийг байнга уншиж,...

Messenger дээр бидэнтэй холбоо барих