Шүүлт бол тэнгэрийн хаанчлалд хүрэх түлхүүр юм
Би Христэд итгэгч гэр бүлд төрсөн. Аав минь дандаа л “Эзэнд итгэснээр нүгэл маань уучлагдаж, бид нүгэлгүй болдог, Эзэн ирээд биднийг тэнгэрийн хаанчлалд аваачна, яагаад гэвэл Библид, ‘Учир нь хүн зүрх сэтгэлдээ итгэн зөв шударга байдалд хүрдэг; мөн амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг’ (Ром 10:10) гэсэн байдаг” гэж хэлдэг байлаа. Тийм болохоор би өөрийгөө итгэлээр зөвтгөгдөж, аврагдсан, тэнгэрт очно гэж олон жил итгэсэн юм. Дараа нь Эзэн Есүсийн үгийг унштал, “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3). “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21) гэсэн байсан. Үүнд би маш их будилсан. Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн л тэнгэрт гарч болно гэж Эзэн хэлээд, бидэнд бусдыг бүү үзэн яд, бүү атаарх, бие биеэ хайрла гэж хэлсэн. Гэхдээ би энэ стандартад хүрэхгүй байгаагаа мэдэж байлаа. Би өөрийн ашиг сонирхлын төлөө цаг үргэлж худал хэлж, хуурч мэхэлдэг, бас ах эгч нарт нэг их тэвчээртэй ханддаггүй байсан. Би бусдыг өөр шигээ хайрлаж чадаагүй юм. Юм буруугаар эргэн үед Бурханыг буруутгадаг байлаа. Бурханыг үнэхээр хайрладаг байгаагүй. Тэгээд Эзэний тушаалыг сахиж чадахгүй, Бурханы хүслийг биелүүлэхгүй байсан. Би яаж тэнгэрт гарч чадах юм бэ? Тэгтэл Бурханы ийм үг санаанд орлоо: “Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). Би үргэлж нүгэл үйлдэж, нүглээ улайн, нүгэлд хүлээтэй хэвээр байсан. Эзэн ирээд намайг тэнгэр лүү аваачна гэж үү? Энэ бүгдийг ухаж ойлгохоор Библийг сайтар судаллаа. Ахин дахин уншсан ч нүглээс ангижрах зам олж чадаагүй юм. Тэгээд Паулын хэлсэн үг санаанд орсон: “Өө, би хөөрхийлөлтэй хүн юм! Энэ үхлийн биеэс хэн намайг ангижруулах билээ?” (Ром 7:24). Үүнийг Паул ч олж чадаагүй байхад би яаж чадах вэ дээ? Нас явж, амьдралынхаа дийлэнх хугацаанд итгэгч байсан мөртөө тэнгэрт орох эсэхээ би бас л баттай мэдэхгүй, маш хөөрхийлөлтэй, төөрч будилсан мэт санагдсан. Тэнгэр лүү гарч, эцэст нь амар тайвнаар Эзэнтэй уулзах арга олохыг маш их хүссэн юм. Тийм болохоор олны танил, ахмад Христэд итгэгчдийг хаа байгаа газар нь очиж уулзаж эхэлсэн ч тэд ч бас надад тусалж чадаагүй. Бусад урсгалын цуглаанд оролцтол тэд итгэлээр зөвтгөгдөж, аврагдах тухай өнөөх л улиг болсон юмаа ярьсан. Үүнд би маш их урам хугарсан юм.
Гэнэтийн боломж олдож, би гаднынхны ажиллуулдаг шашны сургуульд суралцаж эхэллээ. Гаднынхны номлол сайхан байх болно гэж бодоод, тэндээс хариултаа олно гэж бат итгэж, итгэл дүүрнээр, хоёр сар гаруй тэнд суралцсан. Харамсалтай нь пастор хичээл дээрээ чуулганы түүх, Есүсийн амьдрал, Шинэ, Хуучин Гэрээний тойм гэх зэргийн тухай номоос л уншдаг, амийн замын талаар огт ярьдаггүй байсан юм. Нэг үдэш, оройн хоолны дараа би пастороос “Бидэнд амийн замын талаар ярьж өгч болох уу?” гэж асуулаа. Пастор: “Энд бид яг наадхыг чинь заадаг юм шүү дээ. Бид бол олон улсад танигдсан, дэлхийн хамгийн том шашны байгууллага. Гурван жилийн дараа та олон улсын пасторын гэрчилгээ авна. Тэгээд дэлхийн хаана ч сайн мэдээ номлож, чуулган байгуулж болно” гэлээ. Үүнд би үнэхээр их урам хугарсан. Би пастор болохыг хүсээгүй. Зүгээр л яаж тэнгэрт гарахыг мэдмээр байсан. Тийм болохоор, “Тэр гэрчилгээ тийм сайхан юм бол тэрийг ашиглаад тэнгэрт гарч болох уу?” гэж асуухад пастор үүнд огт хариулаагүй. Би цааш нь ингэж асуусан юм. “Таныг олон жил итгэсэн гэж сонссон. Тэгээд та аврагдав уу? Тэнгэрт гарч чадах юм уу?” гэж. Пастор ч бүрэн итгэлтэйгээр, “Мэдээж! Би тэнгэрт гарна гэдэгтээ итгэлтэй байна” гэхэд би: “Та наад үгээ юунд үндэслэж байгаа юм бэ? Та бусдыг өөр шигээ хайрладаг уу? Нүглээс ангижраад, одоо ариун болсон уу? Жаахан хүүхэд шиг болсон юм уу? Бид өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, цаг үргэлж Эзэний сургаалаас зөрдөг. Өдрөөр нүгэл үйлдээд, шөнө нь нүглээ улайдаг. Бурхан бол ариун. Бидэн шиг нүгэлтэй хүмүүс тэнгэрийн хаанчлалд орж чадна гэх гээд байна уу?” гэж асуулаа. Ингэж асуусны минь дараа пасторын нүүр час улайгаад, таг дуугүй болсон. Миний урам хугарч, шашны сургуулиас гараад, гэртээ харьсан.
Харих замдаа сэтгэлээр унаж, эцсийн найдлага тасарсан мэт санагдаж, тэнгэрт гарах замыг хаанаас олохоо ер мэдэхгүй байсан. Дараа нь хөгшин эцгийн минь нулимстай царай санаанд орлоо. Аав маань итгэлээр зөвтгөгдөнө, бид үхээд тэнгэрт гарна гэж насан туршдаа номлосон ч харуусалтайгаар өөд болсон юм. Би амьдралынхаа дийлэнх хугацаанд Эзэнд итгэж, хүмүүсийг үхээд тэнгэрт гарна гэж өдөр болгон хэлдэг байсан ч одоо тэнгэрийн хаанчлалд яаж орохоо сайн мэдэхгүй байсан юм. Би аав шигээ болж, харуусалтайгаар үхэх юм гэж үү? Гэтэл Эзэн Есүсийн хэлсэн үг гэнэт бодогдлоо: “Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) гэсэн байдаг. “Эзэн итгэмжтэй байдаг, бууж өгч болохгүй! Амьд мэнд байгаа цагт тэнгэр лүү гарах замыг хайсаар л байя” гэж би бодлоо. Тэгээд Эзэний өмнө очиж, ийнхүү залбирлаа: “Хүндэт Эзэн минь, би нүглээс ангижирч, тэнгэрт гарах замыг хаа сайгүй хайлаа, хэн ч надад тусалж чадахгүй байна. Өө Эзэн минь, би яах ёстой юм бэ? Би бол, тэнгэрт гарахын тулд итгэлдээ тууштай бай, эцсээ хүртэл тэвч гэж хүмүүст өдөр болгон хэлдэг номлогч. Гэхдээ яаж нүглээс ангижирч, тэнгэрт гарахыг одоо би өөрөө ч мэдэхгүй байна. Би сохор нь сохрыгоо удирдах гэгч болж, тэднийг бүгдийг нь нүхэнд унагаж байгаа биш үү? Өө Эзэн минь! Тэнгэрт гарах замыг хаанаас олж болох вэ? Таны удирдамжийг гуйж байна” гэсэн.
Гэртээ хариад, олон чуулганы сайн гишүүд, удирдагчид Зүүний Аянга руу явсан гэж сонслоо. Хүмүүс тэдний номлолыг маш сайхан гэцгээн, шинэ гэрэлтэй, тэр ч бүү хэл зарим пасторын бишрэлийг төрүүлсэн гэж байлаа. “Яахаараа би Зүүний Аянгын хүмүүстэй огт уулзаж байгаагүй байдаг билээ? Нэг өдөр тэдэнтэй уулзвал сайхан аа! Би явж очоод, тэдэнтэй хамт эрж хайж, номлол нь яагаад тийм сайхан байдгийг харж, миний асуудлыг шийдвэрлэж чадах эсэхийг нь үзэх ёстой юм байна” гэж бодогдсон.
Нэг өдөр манай чуулганы Ван ах ирээд, Төгс Хүчит Бурханд итгэдэг хоёр хамаатан нь айлчилж яваа болохоор намайг очооч гэж гуйлаа. Ахын ингэж хэлэхийг сонсоод маш их баярлаж, ахын гэрт яаран очсон юм. Би тэдэнтэй танилцаад, асуудлаа хэлж, “Баптисм хүртвэл аврагдлаа гэсэн үг, зүрх сэтгэлдээ Бурханд итгэж, амаараа нүглээ улайвал итгэлээр зөвтгөгдлөө гэсэн үг, бас Эзэн ирээд биднийг тэнгэр лүү өргөнө гэж би үргэлж итгэж ирсэн. Гэхдээ би тэнгэрт гарч чадах эсэх талаар өнгөрсөн хэдэн жилийн турш будилж, энэ нь тийм энгийн байж болохгүй гэж бодож байна. Библид, ‘Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй’ (Еврей 12:14) гэдэг. Би ч, чуулганы ах эгч нар ч байнга л нүгэл үйлддэг, бидэн шиг нүгэл дунд амьдардаг хүмүүс тэнгэрт гарч чадахгүй гэж бодогдох юм. Бид яг яаж тэнгэрийн хаанчлалд орж болохыг мэдмээр байна. Энэ талаар нөхөрлөж өгч болох уу?” гэсэн.
Жоу эгч инээмсэглээд, “Тэнгэрийн хаанчлалд орох нь Христэд итгэгч болгоны хувьд чухал асуудал. Энэ асуудлын тухайд Эзэн Есүс: ‘Намайг, Эзэн минь, Эзэн минь гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно’ (Матай 7:21) гэж тодорхой хэлсэн. Эзэн маш тодорхой хэлсэн. Үгийг нь хэрэгжүүлж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна. Бид нэг аврагдвал үүрд аврагддаг гэж Эзэн хэзээ ч хэлээгүй, биднийг итгэлээр зөвтгөгдсөн болохоор хаанчлалд нь орж болно гэж ч хэлээгүй. Итгэлээр зөвтгөгдөх гэдгийг Паул зохиосон юм. Паул зүгээр л элч, завхарсан хүн байсан. Паул Христ биш байсан болохоор үг нь Христийн үг байгаагүй. Бид тэнгэрт гарахын тулд Паулын үгэнд найдаж болохгүй. Есүс л Эзэн, бас тэнгэрийн хаанчлалын Хаан юм. Түүний үг л эрх мэдэлтэй, үнэн мөн. Хүний үзэл үнэн биш, Эзэний хаанчлалд орох стандартыг тогтоож чадахгүй. Бид үүн дээр Эзэний үгийг л баримталж болно. Паулын үгээр явж болохгүй, тэгээд л гүйцээ” гэсэн. Дараа нь Жоу эгч, итгэлээр зөвтгөгдөж, аврагдах гэж юу гэсэн үг болох тухай, мөн аврагдаж, тэнгэрт гарах тухай Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг бидэнд уншиж өгсөн юм. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүгэлтэн байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2). “Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулж, Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар). “Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).
Дараа нь Ван эгч ингэж нөхөрлөлөө: “Хуулийн эрин үеийн сүүлчээр Сатан хүн төрөлхтнийг улам гүн гүнзгий завхруулж, хүмүүс улам их нүгэл үйлдэж, хүн болгон хуулийн дор үхэх аюулд байсан. Тиймээс Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажил хийж, цовдлуулснаар хүний нүглийн тахил болж, хүний нүглийг уучилсан юм. Тухайн үед бид Эзэнд итгэж, нүглээ улайж, Эзэнд гэмшихэд л болох байсан, тэгээд нүгэл маань уучлагдаж, бид Эзэний хайрласан нигүүлслийг эдэлж чадах байлаа. Энэ нь хуулийн дор амьдарч байсан хүмүүсийн хувьд аврал байсан юм. Энэ ‘аврал’ нь хуулийн дор яллагдаж, хараагдахаа больж, дахин хэзээ ч хуулиар яллагдахгүй гэсэн утгатай байсан. Энэ нь ‘итгэлээр аврагдах’ явдал байсан юм. Итгэлээр зөвтгөгдлөө гээд бид зөв шударга болчихдог юм биш. Итгэлээр зөвтгөгдөж, аврагдана гэдэг нь бид нүгэлгүй болж, бүрмөсөн ариусаж, бүрэн аврал хүртсэн, бас тэнгэрт гарч чадна гэсэн үг биш. Хэдийгээр нүгэл маань уучлагдсан ч нүгэлт уг чанар, сатанлаг зан чанар маань бидний дотор гүн үндэслээтэй хэвээр байна. Бид одоо ч худал хэлж, хуурч мэхэлж, бусдад атаархаж, бусдыг үзэн ядаж чаддаг, бас үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Сатанлаг зан чанараар ингэж их дүүрсэн, Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг бидэн шиг хүмүүс ер нь тэнгэрийн хаанчлалд орж яаж чадах юм бэ? Тийм учраас Эзэн Есүс эргэж ирнэ гэж амласан. Тэгээд эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирсэн. Тэр биднийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн, бас сатанлаг уг чанар болон зан чанарыг маань шийдвэрлэж, биднийг нүглээс бүрэн аварч, ариусгаж, улмаар тэнгэрийн хаанчлалд оруулахын тулд шүүлтийн ажил хийж байгаа. Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил Эзэн Есүсийн ийм зөгнөлийг биелүүлдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана’ (Иохан 16:12–13). ‘Учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш, харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно’ (Иохан 12:47–48). ‘Бас 1 Петрт: Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ’ (1 Петр 4:17) гэдэг. Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлыг туулснаар бид Эзэний нигүүлслийг л эдэлж, нүглээ уучлуулж чадна. Харин нүглээс ангижирч, цэвэрлэгдэж чадахгүй. Тийм болохоор бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авч, дуулгавартай дагаж, үнэхээр гэмшиж, завхралаа цэвэрлэж, нүглээс ангижирч, нэгмөсөн бүрэн аврагдах ёстой. Тэгээд бид гамшгаас амьд үлдэж чадна, Бурхан биднийг хаанчлалдаа оруулна” гэлээ.
Эгчийн нөхөрлөл үнэхээр нүдийг минь нээсэн юм. Итгэлээрээ аврагдаж, тэнгэрт гарна гэх санаа ердөө л бидний төсөөлөл, бас Эзэний үгтэй нийцдэггүй байж шүү дээ. Эзэн Есүс золин авралын ажил хийсэн болохоос нүглээс ангижруулах ажил хийгээгүй, тиймээс бидний дотор нүгэлт уг чанар маань хэвээр үлдэж, бид одоо ч өөрийн эрхгүй нүгэл үйлдэн, Эзэнийг эсэргүүцдэг. Би махан биеэ яаж ч хаяж, биеэ яаж ч захирлаа гэсэн тэр олон жилийн турш нүглээс хэзээ ч ангижирч чадаагүйд гайхах юм алга. Энэ нь нүгэлт уг чанараас минь болсон, бас Бурханы шинэ ажлыг туулаагүйгээс минь болсон байж таарлаа. Төгс Хүчит Бурхан бидний нүгэлт уг чанарыг үндсээр нь арилгаж, биднийг нэгмөсөн цэвэрлэж, бүрэн аврахын тулд шүүлтийн ажил хийдэг. Энэ бидэнд яг хэрэгтэй зүйл, энэ маш сайхан хэрэг юм! Эцсийн өдрүүдэд Бурхан биднийг яаж шүүж, цэвэрлэдгийг би мэдэхгүй байсан болохоор эгч нараас энэ талаар асуулаа.
Ван эгч Төгс Хүчит Бурханы үгээс өөр нэг хэсгийг уншиж өгсөн юм: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн бол Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдог тухайд хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг).
Дараа нь эгч ингэж нөхөрлөсөн: “Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан биднийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлж, Бурханыг эсэргүүцдэг хүний сатанлаг уг чанар, зан чанарыг илчилдэг. Бурханы үгийн шүүлт, илчлэл, баримтаар дамжуулан бид Сатаны завхралд яг хэр их өртсөнөө олж хардаг. Бид уг чанартаа биеэ тоосон, зальхай, үнэнийг үзэн яддаг, хатуу чанд, ёрын муу байдаг. Сатанлаг зан чанар бидний яс маханд шингэж, бид бараг хүн шиг харагддаггүй. Эдгээр завхарсан зан чанарт хянуулаад бид өөрийн эрхгүй Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдэг. Жишээ нь, бид бусдаас хүндлэл хүлээхийн тулд ажиллаж, номлож байхдаа ихэвчлэн онгирч, гайхуулдаг. Бид өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө яахаас ч буцахгүй, бас нэр төрийн төлөө тэмцэлдэж, бие биеийнхээ эсрэг хуйвалдаж, өөрсдөөсөө сайн хэнд ч атаархаж, үзэн яддаг, ерөөл хүртэж, Бурханы хаанчлалд орохын төлөө л өөрсдийгөө зарлагадаж, гэр оронд асуудал гармагц Бурханыг буруутгаж, буруугаар ойлгодог. Бурханы шүүлт, гэсгээлт бидэнд завхралыг маань харуулдаг. Дараа нь бид сатанлаг уг чанараа үнэхээр үзэн ядаад, харуусаж, өөрсдийгөө үзэн ядаж эхэлдэг, тэгээд Бурханд гэмшдэг. Бас Бурханы зөвт зан чанарын талаар бага зэрэг мэдэж авч, Бурханаас эмээж, Бурханд захирагдаж эхлэн, ухамсартайгаар махан биеэ хаяж, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаг, бас зүй зохистой бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ биелүүлж чаддаг болж, хүний төрхийг амьдран харуулж эхэлдэг. Энэ бүхнийг туулснаар бид, Сатаны завхралд хэчнээн гүн гүнзгий автсанаа мэдэрч, Бурханы үгийн шүүлтийг хүлээн авах ёстой гэдгээ, сатанлаг зан чанараа цэвэрлэх ёстой, Бурханыг цаашид эсэргүүцэж болохгүй, энэ нь л Бурханы хаанчлалд орох цорын ганц зам гэдгийг мэдэрдэг” гэлээ.
Эдгээр нөхөрлөлийг сонсоод сэтгэл цэлмэлээ. Хэрвээ бид Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил биш, Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлыг л хүлээн авах юм бол насан туршдаа Эзэнд итгээд ч нүгэлд үргэлж хүлээтэй байна, тэгээд хэзээ ч Бурханы хүслийг биелүүлж, Бурханы хаанчлалд орохгүй. Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийж байгаа нь тэнгэрийн хаанчлалд орох цорын ганц арга зам юм! Би тэнгэрийн хаанчлалд орох замыг олон жилийн турш газар сайгүй хайгаад, одоо эцэст нь олоод, баярын нулимс цийлгэнэж, урт удаан хугацаанд тээж явсан хүсэл минь биелсэн. Энэ бол Бурханы дуу хоолой, Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн Есүс мөн! Эзэн Есүсийг мэндлэх үед, төрснөөс нь хойш наймхан хоногийн дараа уулзаад, Симеон магнай хагартлаа баярласан. Би энэ насандаа Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авч чадсандаа Симеоноос ч их баярлаж, илүү их ерөөгдсөнөө мэдэрдэг! Би Төгс Хүчит Бурханд маш их талархаж байна!
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?