Гэр бүлийн хавчлагаас суралцсан нь

2022-01-21

Тодорхойгүй, Канад

Манай нөхөр намайг итгэж эхлэх үед саад хийгээгүй, би бас нөхөртөө сайн мэдээ түгээсэн. Гэхдээ манай нөхөр мөнгө олоход хэт анхаараад, итгэгч болохыг хүсээгүй. Дараа нь миний зан араншин бүхэлдээ өөрчлөгдөж, хавьгүй төлөв төвшин болсныг анзаарсан учраас манай нөхөр үүнийг үнэхээр дэмждэг болсон юм. Гэхдээ нэг жилийн дараа надад саад болж эхэлсэн дээ. Нэг өдөр ажлаасаа тарж гэртээ ирээд, “Чи Зүүний Аянгад итгэдэг биз дээ? Өнөөдөр би Майкийг гэрт нь хүргэж өгсөн. Зүүний Аянга үнэн зам биш, номлол нь гүн гүнзгий, төөрөлдөхөд амархан байдаг гэж чуулганых нь лам хуврагууд бүгд хэлдэг гэж Майк надад хэлсэн. Тэдний номлолыг сонсох ёсгүй гэж надад анхааруулсан” гэлээ. Майк манай нөхрийн дарга, Эзэнд удаан итгэсэн итгэгч байсан. Майкийг үнэхээр авьяаслаг болохоор нь манай нөхөр маш их хүндэлдэг байлаа. Нөхөр маань Майкийн зөв гэж бодож байгааг хараад би, “Итгэлийн асуудлыг чи ойлгохгүй байна, бусад хүний хэлж байгаа үгийг зүгээр л тоть шиг давтаад байж болохгүй” гэж хэлсэн. Нөхөр маань хэсэг зуур тээнэгэлзэх шиг болсноо өөр юм хэлээгүй юм.

Дараа нь бас нэг удаа надад, “Би интернэтээр судалгаа хийлээ, Коммунист Нам танай Төгс Хүчит Бурханы эсрэг эрс арга хэмжээ авч байгаа юм байна. Бас хүмүүс Төгс Хүчит Бурханы тухайд маш их юм хэлж, Бурхан биш, зүгээр л хүн гэцгээж, Төгс Хүчит Бурханы Чуулган хүмүүсээс мөнгө сааж байгаа гэж байна. Би цаашид чамайг тэр Чуулганы хүмүүстэй цуглаанд оролцохыг зөвшөөрч чадахгүй. Чамайг луйвардуулчихна гэж айгаад байна” гэж нухацтай хэллээ. Үүнийг сонсоод би үнэхээр уурлаж, хариуд нь, “Чи Төгс Хүчит Бурханы үгийг уншаагүй, бас Чуулганыг ойлгодоггүй. Зарим нэг онлайн цуу ярианд үндэслээд л дураараа дүгнэлт хийж яаж болдог юм бэ? Христэд итгэгчид бүгд Эзэн Есүст итгэж, жинхэнэ Бурхан мөн гэдгийг нь мэддэгийг чи мэднэ. 2,000 жилийн өмнө Эзэн Есүсийг ажиллаж байх үед нь бас л маш олон хүн яллаж, үгүйсгэсэн шүү дээ. Эзэнийг тэд зүгээр л ердийн хүн, мужааны хүү гэцгээсэн. Эзэн Есүс гаднаа ердийн хүн шиг харагддаг ч бурханлаг мөн чанартай, үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг золин аврах чадвартай байсан. Эзэн махбод нөмөрсөн Бурханы Сүнс, хүн төрөлхтнийг Золин Аврагч байсан юм. Хэрвээ бид Коммунист Намыг сонсож, гаднаа хэвийн хүн шиг харагддаг хэн ч Бурхан биш гэх юм бол Эзэн Есүс Христийг ч бас үгүйсгэсэн хэрэг болох биш үү? Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн яг адилаар онцлох юмгүй харагддаг ч үнэнийг илэрхийлж, Бурханы дуу хоолойг илэрхийлж чаддаг. Одоо би Төгс Хүчит Бурханы маш олон үгийг уншаад байна. Эдгээр нь Библийн талаарх янз бүрийн нууцыг илчилж, Сатан хүн төрөлхтнийг яаж завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг яаж авардаг, манай ертөнц дэх бүх харанхуй, ёрын муугийн уг үндэс, хүний завхралын талаарх үнэнийг бидэнд хэлдэг. Эдгээр нь бас нүглээс чөлөөлөгдөж, Бурханаар аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох замыг бидэнд заадаг. Хэчнээн алдартай, агуу ч бай, хэн ч эдгээр үнэнийг илэрхийлж чадаагүй. Үнэнийг ямар хүн илэрхийлж чадах юм бэ? Золин аврал болон авралын ажлыг хэн хийж чадах юм бэ? Хэн ч чадахгүй. Төгс Хүчит Бурхан үнэхээр хүн төрөлхтөн дээр бие махбодтой болж ирсэн Бурхан мөн гэдгийг энэ нотолдог” гэлээ. Би бас нөхөртөө, Төгс Хүчит Бурханы Чуулган хэзээ ч тахил гуйж байгаагүй гэдгийг хэлсэн. Бурханы үгийн бүх номыг үнэ төлбөргүй өгдөг. Чуулган хүмүүсийн мөнгийг л хүсдэг гэх ХКН-ын үг цэвэр гүжирдлэг. Би нөхөртөө эдгээр худал хуурмагт итгэж яавч болохгүй гэж хэлсэн юм. Үг дуугүй яваад өгсөн.

Дараа нь нэг удаа намайг сайн мэдээ түгээчхээд эргэж иртэл, нөхөр маань үнэхээр бухимдаж, “Танай Чуулганы хүмүүс гэр бүлээ хаяж байгаа гэж Нам хэлэхийг би дөнгөж сая онлайнаар харлаа. Чи ойрд гадуур маш их гарч байна. Явахдаа бэлдээд байгаа юм уу?” гэсэн. Тэгэхээр нь, “Би гэр орноо сайн авч явдаг. Чи яаж тэгж хэлж чадав аа? Би Аврагч ирсэн гэдгийг хүмүүст мэдэгдэж, авралыг нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд сайн мэдээ түгээх гэж гадуур гарч байгаа. Хүмүүс цаг үргэлж улам бүр завхарч, ёрын муу хандлага дагаж, нүгэлд амьдарч байгааг чи харсан. Найз нараа хар л даа. Тэд бүгд нэг бол мөрийтэй тоглож, эсвэл янхнууд руу явдаг. Ёс суртахуунтай ганц хүн байна уу? Ертөнц маш ёрын муу болчихлоо. Бүх хүн Бурханыг үгүйсгэж, эсэргүүцэж, завхрал дээд цэгтээ хүрч байна. Эцсийн өдрүүдэд агуу гамшиг завхарсан бүх хүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчина гэж Библи зөгнөдөг. Одоо гамшиг нэмэгдэж байна. Хүмүүс Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, нүгэл, завхралаас ангижирснаар л гамшгийн туршид Бурханаар хамгаалагдаж, Бурханы хаанчлалд орж чаддаг. Бурхан хүмүүсийг аврах хэр ирмүүн хүсэлтэй байгааг Төгс Хүчит Бурханд итгэгчид ойлгодог, бид махан биеийн таашаалыг орхиж, Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээж, гэрчлэх гэж хичээхэд бэлэн байна. Энэ нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг. Энэ нь зөв шударга, сайн үйл үйлдэж байгаа явдал! Гэтэл Коммунист Нам хүмүүст итгэж, сайн мэдээ түгээж, Бурханд гэрчлэл хийхийг зөвшөөрдөггүй, бас Христэд итгэгчдийг галзуу мэт баривчилж, хяхаж хавчиж байна. Үүнээс болж маш олон Христэд итгэгч аргагүйн эрхэнд гэр бүлээсээ хагацаад, эргэж ирж чадаагүй. Зарим нь бүр баривчлагдаж, хоригдож, үхтлээ хяхаж хавчигддаг. Энэ бүгд Коммунист Нам Христэд итгэгчдийг хяхаж хавчдагаас үүдэлтэй биш үү? Гэтэл тэд хохирогчдыг буруутгаж, итгэгчид гэр бүлээ хаяж байна гэж байна. Энэ нь аливааг гуйвуулж, үнэнийг орвонгоор нь эргүүлж байгаа хэрэг биш үү? Итгэдэг байх нь зөв, зүйтэй. Дэлхий даяар маш олон итгэгч бий. Итгэл хаана гэр бүлийг сүйрүүлээд байгаа юм бэ? ХКН ёрын муу, худал ярихаас өөр зүйл хийдэггүй шүү дээ. Гэтэл чи тэднийг жигшихгүй, бүр худал хуурмагт нь итгэх юм. Чи зүгээр л тэдний амыг дагуулж, биднийг гэр бүлээ орхидог гэж хэлж байна. Энэ нь зөв, бурууг хольж хутгаж байгаа хэрэг” гэлээ. Нөхөр маань ХКН-ын худал хуурмагт хууртчихаад, намайг ер сонсохгүй байсан. Тэгээд ууртайгаар, “Надад хамаагүй ээ. Төгс Хүчит Бурханд л биш бол, өөр юунд ч хамаагүй итгэ” гэсэн. Нөхрөө энэ талаар маш шийдэмгий байгааг хараад би гэнэтхэн балмагдсан юм. Бид гэрлээд арван жил гаруй болж, хамтдаа маш их зүйл туулсан. Ямар ч сүрхий хямрал гаргалгүй, үргэлж бүх зүйлийг хэлэлцэж, бие биеэ дэмждэг байлаа. Төгс Хүчит Бурханд итгэдгээс минь болж нөхөр маань надад тэгж уурлахыг хараад үнэхээр гутарсан. Би чимээгүйхэн залбирч, Бурханаас намайг замчилж, хүслээ ойлгуулаач гэж гуйлаа. Залбирсны дараа Бурханы үгийн ийм эшлэл санагдсан: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Өнгөн дээрээ манай нөхөр итгэлд минь саад болж байгаа мэт харагдсан ч үнэндээ цаана нь Сатаны хөндлөнгийн оролцоо байгааг ойлгоход минь энэ тус болсон. Сатан хүмүүсийг үүрд захирч, эзэмдэхийг хүсдэг. Тэр намайг Бурханы өмнө очиж, Бурханыг шүтэн мөргүүлэхийг хүсээгүй учир надад саад болох гэж элдвээр үзэж, нөхрийг минь төөрөлдүүлэхэд онлайн худал хуурмаг, цуу яриа ашиглаж, замд минь саад хийхэд нөхрийг минь ашиглахаар оролдож, улмаар намайг нөхрөө гэх сэтгэлээсээ үүдэн үнэн замыг орхиж, Бурханаас урвахад хүргэх гэсэн. Сатан маш ёрын, хорон муу юм байна лээ! Үүнийг мэдээд, Сатаныг юу ч хийлээ гэсэн би итгэсээр байж, Бурханыг дагаж, Сатанд хэзээ ч бууж өгөхгүй байхаар сэтгэл шулуудсан! Иймээс нөхөртөө, “Би Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Энэ бол зөв зам. Энэ миний сонголт, харин чи хөндлөнгөөс оролцох эрхгүй шүү!” гэж хэллээ. Нөхөр маань багтартлаа уурлан, үг дуугүй яваад өгсөн.

Нэг өдөр нөхөр маань намайг Бурханы үгийн магтан дуу сонсож байгааг олж мэдлээ. Тэгээд уруу царайлан, ууртайгаар, “Төгс Хүчит Бурханд битгий итгэ гэж хэлээ биз дээ. Яагаад чи ер нь үгэнд ордоггүй юм бэ? Майк итгэгч болоод өчнөөн удсан, үнэхээр үнэн сүсэгтэй Христэд итгэгч шүү дээ. Зүүний Аянга үнэн зам биш гэж Майк надад хэлсэн, тэгэхээр чи Бурханд итгэх бол Майкийн чуулганд яв. Тэднийх том, нэр цуутай юм байна лээ. Би долоо хоног бүр чамтай хамт үйлчлэлд оролцъё, бас Майк пастороо чамтай яриулж өгч болно” гэлээ. Тэгэхээр нь би, “Чи яагаад Майкийн хэлдэг үгэнд тийм итгэлтэй байгаа юм бэ? Яагаад пасторуудыг хүндэлдэг юм бэ? Чи пасторуудын мэргэжилтэй, нэр цуутай гэдгийг л хараад, үнэндээ тэд юу номлодгийг хайхрахгүй юм. Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрөлгүйгээр тэд үнэний тэжээл авахгүй. Тэгээд Библийн мэдлэг, улиг болсон юмныхаа тухай л ярьдаг. Эзэний үгийг яаж хэрэгжүүлэх, хүмүүсийн нүгэлт байдлыг яаж шийдвэрлэх талаар тэдэнд хэлэх үг алга. Тэр чуулганд яваад надад ямар ч нэмэр болохгүй. Би Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд дуртай. Тэндээс тэжээл авдаг. Цуглаан болгон дээр илүү их үнэнийг ойлгож, хэвийн хүн чанарыг яаж амьдран харуулах тухай сурдаг. Намайг итгэдэг болсноосоо хойш өөрчлөгдсөн гэж чи өөрөө хэлээ биз дээ. Тийм байж яагаад баримтуудын дагуу явж чадахгүй, ХКН-ын худал хуурмагт итгэж, надад саад болно гэж зүтгээд байгаа юм бэ?” гэлээ. Нөхөр маань үүний эсрэг маргаж чадаагүй учир намайг шууд сүрдүүлээд, “Чи миний үгэнд орохгүй гээд л байх юм. Ингэж зүтгэх юм бол бүх мөнгө, банкны данснуудаа надад шилжүүлж өгөх болж дээ, бас байшинг миний нэр дээр шилжүүлэх ёстой шүү” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод миний зүрх зүсэгдэх шиг болсон. Гэрлэснээсээ хойш энэ олон жил би үнэхээр арвич хямгач байж, мөнгө олохоор шаргуу ажилласан. Байшин худалдаж авах урьдчилгаа төлбөрийг хамтдаа олоход амаргүй байсан юм. Би өөртөө ганц шинэ хувцас авахыг ч зөвшөөрдөггүй байсан. Гэр орныхоо төлөө юу ч хайрлаагүй. Нөхөр минь надад тийм цэвдэг зүйл хэлсэнд нь цочирдсон шүү. Яахаараа энэ олон жилийн дараа бидний харилцаа итгэлээс минь болоод л мухардалд ордог байна? Би ямар ч мөнгөгүй, үл хөдлөх хөрөнгөгүй болчхоод нөхөртөө хөөгдчихвөл яах болж байна? Миний зүрхийг хутгаар сийчиж байх шиг санагдсан шүү. Би унтлагын өрөөнд ороод, уйлж эхлэн, нулимстайгаар Бурханд залбирч, “Бурхан минь, би шаналж, үнэхээр сул дорой байна. Иймэрхүү зүйлийг яаж туулахаа мэдэхгүй юм. Намайг замчилж, хүслээ ойлгуулаач дээ” гэсэн.

Дараа нь Бурханы ийм үг бодогдсон юм, “Урьд нь хүмүүс амлалтаа өгөхөөр Бурханы өмнө бүгд ирж ‘Өөр хэн ч Бурханыг хайрладаггүй байсан ч гэсэн би Түүнийг хайрлах ёстой’ гэж хэлдэг байсан. Гэвч одоо цэвэршүүлэлт чам дээр ирж, энэ нь чиний үзэлтэй нийцэхгүй болохоор чи Бурханд итгэх итгэлээ алддаг. Энэ жинхэнэ хайр мөн гэж үү? Иовын үйл хэргийн тухай чи олон удаа уншиж байсан байж тэр талаар мартлаа гэж үү? Жинхэнэ хайр итгэл дотроос л хэлбэрээ олдог. Чиний туулдаг цэвэршүүлэлтээр дамжин Бурханыг гэх бодит хайр чинь бий болдог бөгөөд чи итгэлээрээ дамжуулан бодитой туршлагадаа Бурханы хүсэлд санаа тавьж чаддаг ба мөн л итгэлээр дамжуулан махан биеэ хаяж, амийг эрж хайдаг; энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэрэв чи үүнийг хийдэг бол Бурханы үйлдлийг харж чаддаг болно, харин чамд итгэл дутагдаж байвал Бурханы үйлдлийг харж, Түүнийг ажлыг туулж чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурханы үг надад хүч чадал өгсөн. Дарлал, хүндрэл бэрхшээл нүүрлэх үед Бурхан жинхэнэ итгэл, хайрыг л хүсдэг. Бид юу туулж байлаа ч, хэр их зовлоо ч Бурханаас төөрөлдөж болохгүй. Эцсийн өдрүүдэд Бурханы дуу хоолойг сонссон минь маш азтай хэрэг гэдгийг би мэдэж байсан. Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах боломж олдож, Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы илэрхийлсэн тэр бүх үнэний тэжээлийг эдэлсэн минь бүхэлдээ намайг гэх Бурханы хайр байсан юм. Христийг дагахын тулд зовох нь үнэ цэн, утга учиртай байсан. Энэ нь зөв шударга байдлын төлөө байлаа. Бурханыг дагаж, гэрчилсэн Эзэн Есүсийн элч, шавь нарыг би бодлоо. Тэднийг Ромын засгийн газар харгисаар хяхаж хавчиж, шашны удирдагчид яллаж, дарласан шүү дээ. Зарим нь бүр Эзэний төлөө амиа алдаж, өөрсдийн амийг өргөсөн. Өнөөдөр би өчүүхэн бага зовж байгаа нь үе үеийн туршид ариун хүмүүсийн туулсан зүйлтэй харьцуулахад юу ч биш байлаа. Би өөрийгөө өрөвдөлгүй, тэднээс суралцах учиртай. Юу ч боллоо гэсэн Бурханыг эцсээ хүртэл дагах ёстой байсан. Ингэж бодоод нулимсаа арчиж, унтлагын өрөөнөөс гараад, нөхөртөө, “Хоёулаа гэрлээд арав гаруй жил болж байна, би гэр орныхоо төлөө маш их зүйл хийсэн. Одоо чи миний бүх мөнгө, өмч хөрөнгийг булаахыг хүсэж, үнэн замыг орхиулахын тулд намайг санхүүгийн хувьд хянах гэж байна. Би чиний үгэнд орохгүй. Би Бурханыг дагана!” гэлээ. Ингэж хэлэхийг минь сонсоод нөхөр маань дүрсхийн уурласан. Галзуурсан аятай, надаас ЭмПи-3 тоглуулагчийг минь булааж аваад, дараа нь хувийн хамаг эд хогшлыг минь урж хүүллээ. Тэгээд миний бүх бичиг баримт, үнэт эдлэл, банкны картууд болон бэлэн мөнгийг авсан. Дараа нь утсыг минь авч, шал руу маш хүчтэй шидсэнээ сандал аваад, утсыг хэдэн хэсэг болгон бяцалсан. Тийм маягаар намайг гадаад ертөнцөөс бүрэн холбоо таслах гэж үзэж байсан юм.

Дараа нь манай аав ээж, дүү нар болон хүргэн ахыг гэрт дуудаад, тэд бүгд над руу бүлэглэн дайрсан. Манай дүү нар Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай Коммунист Намын зохиосон элдэв янзын гүжирдлэг онлайнаар харчхаад, ХКН-ын зохиосон Жаоюанийн хэргийн талаарх зүйлс надад үзүүлсэн. Тэгэхээр нь би, “Наад бүгдийг чинь мэднэ ээ. Жаоюанийн хэргийг ХКН-ын шүүхэд шүүсэн, тэр сэжигтнүүд өөрсдийгөө Төгс Хүчит Бурханы Чуулганы нэг хэсэг байсан гэж хэлээгүй шүү дээ. Тэд Чуулгантай хэзээ ч холбоотой байгаагүй гэж шүүхэд тодорхой хэлсэн, харин Коммунист Намын шүүгч тэднийг чуулганы гишүүд мөн гэж зүтгэсэн. Тэр нь зүгээр л Чуулганыг гүтгэж байгаа хэрэг биш үү? Энэ харваас тэдний зохиосон хуурамч хэрэг байгаа биз дээ? Коммунист Нам бурхангүйн үзэлтэй гэдгийг та нар мэднэ, тэд засгийн эрхэнд гарснаасаа хойш ямагт шашин шүтлэгийг хяхаж хавчиж ирсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганы эсрэг тэдний хэлдэг юманд та нар итгэж яаж болдог юм бэ?” гэлээ. Гэхдээ манай хоёр дүү тэдний худал хуурмагт итгэчхээд, ХКН-ын түгээсэн цуу ярианд ямар ч шүүмжлэлт сэтгэлгээ ашиглаагүй. Тэгээд, “Томоохон бүх мэдээний суваг ингэж хэлж байна. Энэ үнэн байхгүй яах юм бэ?” гэсэн. Тэдэнд би, “Хятадын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг Коммунист Нам хянадаг, тэд ХКН-ын дуу хоолой шүү дээ. ХКН-ын хэл гэсэн юм бүхнийг тэд хэлэх ёстой, тэгээд үнэний талаар мэдээлж зүрхэлдэггүй. Гадаадын маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас ХКН-д худалдагдаад, тэдний юу хүссэнийг хэлдэг. Та нар юу болоод байгааг харж чадахгүй байна уу? Баримтууд үнэн мөнийг илчилдэг, харин ухаалаг хүмүүс цуу яриа сонсдоггүй юм. Би та нарт нүдээ нээж, тэр цуу яриануудыг сохроор сонсохоо боль гэж зөвлөе” гэж хэлсэн. Хариуд нь тэдэнд хэлэх үг олдоогүй. Ээж ууртайгаар, “Чи бидний үгэнд ер орохгүй юм. Төгс Хүчит Бурханыг орхиход үнэхээр тийм хэцүү байна уу? Гэр бүлийнхэн бүгд итгэлээс чинь болж чиний талаар санаа зовж байна. Яагаад чи бидний зөвлөгөөг авдаггүй юм бэ?” гэлээ. Тэгээд уйлж эхэлсэн. Ээжийнхээ тийм гунигтай байгааг харахад үнэхээр хэцүү байлаа. Ээж бид гурвыг гурвууланг нь ганцаараа өсгөж, энэ нь амаргүй байсан юм. Одоо нас дээр гарчхаад байхад нь би ээжийн санааг зовоохыг хүсээгүй. Ингэж бодоод уйлах шахсан шүү. Дараа нь манай дүү надад, “Та ээжийг яг яаж байгаагаа хараач. Та ээжийг сонгох уу, Төгс Хүчит Бурханыг сонгох уу?” гэлээ. Нөгөө дүү маань цэвдгээр, “Та шашнаа шүтмээр байвал өөрт чинь гэр бүл шиг хандсангүй гэж биднийг буруутгаж болохгүй шүү. Бид таныг хүн луйвардсан гэж хэлээд, гэмт хэрэг үйлдлээ гэж цагдаад мэдэгдэнэ, тэгээд тэд таныг Хятадад шилжүүлэн өгнө. Би л таныг Канадад ирүүлэхээр урьсан гэдгийг битгий мартаарай” гэлээ. Энэ бүгдийг хэлэхийг нь сонсоод би маш их уурласан. Тэд итгэлийг минь хүчээр болиулах гэж хичээн, бүр тийм хорлонтой, жигшүүрт аргаар намайг сүрдүүлнэ гэж хэзээ ч төсөөлөөгүй байсан юм. Би үүнд хууртаж болохгүй байлаа. Би угаасаа Канадын иргэн болчихсон учир тэд надад дур зоргоороо ял тулгаад, намайг нутаг буцааж чадахгүй байсан. Мах цусны тасархай болсон дүү минь надад тиймэрхүү зүйл хэлнэ гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй л дээ. Сэтгэл өвдөөд, би зогсолтгүй уйлж байсан.

Дараа нь чуулганы ийм магтан дуу бодогдлоо. “Ямар ч үед Та надтай хамт”: “Таны үг, ажил намайг замчилж, Таны хайр намайг татаж Таныг дагахад хүргэдэг. Үгийг тань би өдөр бүр амталдаг, Та миний байнгын хань. Сөрөг, сул дорой байхад минь Таны үг миний хангалт, хүч чадал болдог. Азгүйдэж, бүтэлгүйтэхэд минь Таны үг намайг босоход тусалдаг. Сатанд бүслэгдэхэд Таны үг надад эр зориг, мэргэн ухаан өгдөг. Шалгалт, цэвэршүүлэлттэй тулгарахад Таны үг гэрчлэлд зогсоход минь замчилдаг. Таны үг надад хань болж, замчлан, зүрх сэтгэл минь дулаан, амар амгалан болдог. Таны хайр маш бодитой, зүрх сэтгэл минь талархлаар дүүрэн” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” ном). Өөрийг минь ойлгож чаддаггүй дарангуй гэр бүлтэй ч гэлээ Бурхан үргэлж дэргэд минь байгаа гэдгийг мэдсэн. Бурханы үгийн гэгээрэл, удирдамжаар Сатаны залийг нэвт харж чадсан юм. Бас Бурхан намайг тайтгаруулж, үгээрээ надад хүч чадал, итгэл өгсөн. Энэ тухайд ийм маягаар бодоод тэгтлээ их шаналахаа больсон. Бас ийм нэг хэсэг миний санаанд орсон: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг, тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно… Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс Миний жаргалыг гарцаагүй хуваалцана. Энэ бол та нарт өгөх Миний амлалт, Миний ерөөл юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Үүнийг тунгаагаад би тэнгэрийн хаанчлалд хүрэх зам хэн ч зайлсхийх аргагүй бэрхшээлээр дүүрэн байдгийг ойлгосон. Гэр бүлийн маань энэ дарлал, шүүмжлэл миний хувьд Сатаны өмнө гэрчлэлд зогсох боломж байлаа. Бурхан намайг үүгээр өргөж, ерөөж байсан, тав тухтай орчноос би үүнийг хэзээ ч олж авахгүй байх байсан юм. Тэр зовлон үнэ цэн, утга учиртай байсан. Би үүнийг үнэн зам, Бурханы ажил мөн гэдэгт итгэлтэй байсан учир хэчнээн их дарлал, шаналантай нүүр туллаа ч Бурханыг дагасаар байхад бэлэн байсан.

Намайг буулт хийхгүй гэдгийг хараад нөхөр маань уурласандаа нүд нь гялалзаж, түрэмгийгээр, “Танай найз чамайг итгэгч болгосныг би мэднэ. Цаадах чинь чамаас мөнгө салгахыг л хүссэн. Найзыг чинь би жигшдэг юм. Чи итгэнэ үү, байна уу хамаагүй, би шоронд суух боллоо ч цаадхыг чинь ална даа” гэлээ. Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод би бүрмөсөн цочирдож, үнэхээр айсан. Тэгээд өөрийн эрхгүй дагжин чичирч эхэлсэн юм. Тэр олон жил миний хамт амьдарсан эр гэнэтхэн ийм зэрлэг болж чадна гэж би үнэндээ зүүдлээ ч үгүй. Тэр ямар гээч нөхөр байгаа вэ? Нөхөр маань харваас Бурханыг үзэн ядаж, үнэнийг үзэн яддаг чөтгөр байсан! Намайг зүгээр л итгүүлэхгүй гэсэндээ тийм аймаар юм хэлсэн. Тэгэхэд би нөхрийнхөө балмад талыг хараад, найзыг минь алчих вий гэж үнэхээр айсан шүү. Сэхэл авч амжаагүй байтал ээж надад, “Та хоёр муудалцаад байх юм шиг байна. Хувцсаа аваад, хэд хоногтоо манайд ирж бай. Чи гадагшаа холбоо барьж, ажилдаа явж болохгүй, харин гэрт байж, хийсэн зүйлийнхээ талаар бод” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод миний санаа зовсон. Нөхөр минь галзуурчхаад, яаж ч мэдэхээр байсан. Миний утсыг эвдэлчихсэн болохоор нь найздаа анхааруулж чадаагүй юм. Одоо тэд намайг хэнтэй ч холбоо бариулахгүй, бүр ажилд ч явуулахгүй нь. Энэ нь гэрийн хорио биш үү? Би чуулгантай яаж холбоо барьж, чуулганы амьдралаар амьдрахаа мэдэхгүй байлаа. Тэгээд зүрх сэтгэлдээ Бурханыг яаран дуудаж, намайг замчлаач гэж гуйсан. Дараа нь өрнөдийн орнуудад шашны эрхийг хамгаалдаг, хүмүүс шашин шүтэх эрх чөлөөтэй гэдгийг саналаа. Дүү нар маань намайг цагдаад очоод мэдэгдэж, гүжирдэхийг хүссэн учир би ч бас цагдаад мэдэгдэл гаргаж болох байсан юм. Нэгдүгээрт, энэ нь найзыгаа хамгаалахын төлөө байх байсан, хоёрдугаарт, цагдаа нар оролцох юм бол тэд дэмий юм хийж зүрхлэхгүй байх байлаа. Тийм болохоор би ээждээ, “Танайх руу явмааргүй байна, цагдаад очиж мэдэгдэл гаргамаар байна” гэлээ. Үүнд тэд мэл гайхаад, юу ч хэлээгүй. Би цагдаагийн хэсэг орохоор шууд явсан юм. Тэнд очоод, гэр бүл маань намайг итгэлээс минь болж хяхаж хавчаад байгаа тухай тэдэнд товчхон хэллээ. Барууны оронд тиймэрхүү юм болж байгаа гэдэгт тэд бараг итгэж ч чадахгүй байсан. Тэгээд үнэхээр өрөвдөж, намайг буцаагаад гэрт хүргэж өгсөн юм. Тэд манай нөхөр болон гэр бүлийнхэнд анхааруулга өгч, “Энэ улсад бид шашны эрх чөлөөтэй. Та нар түүний итгэлд саад болж, хувийн эрх чөлөөг нь хязгаарлаж болохгүй. Түүнийг ажилдаа явмаар байвал та нар саад хийж болохгүй. Үүнээс гадна бичиг баримт гэдэг хувийн өмч. Бичиг баримтыг нь буцааж өг” гэлээ. Цагдаа нараас ийм үг сонссоныхоо дараа тэд намайг хүчлэх гэж оролдож зүрхлээгүй. Би Бурханд маш их талархаж, надад гарах гарц нээж өгсөнд нь баярласан юм.

Нөхөр минь хуульд хязгаарлагдаад, миний эсрэг шууд үйлдэл хийж зүрхлээгүй, гэхдээ бууж өгөлгүй, итгэлийг минь хүчээр орхиулах арга бодож олох гэж хичээсээр л байсан. Хоёр хоногийн дараа намайг байшинг өөрийнх нь нэр дээр шилжүүл гэж шахаж эхэллээ. Тэгж хэлэхээр нь би санаа зовсон. Хоёрхон хоногийн өмнө тэр миний бүх бэлэн мөнгө, үнэт эдлэлийг булааж авчхаад, одоо байшинг өөрийнх нь нэр дээр шилжүүл гэж хүссэн юм. Нөхөртөө хөөгдөх юм бол би юу ч үгүй хоцрох байлаа. Үүнээс гадна манай аав ээж болон дүү нар намайг гэртээ байлгахгүй. Энэ бүгдийг бодоод би дахин гутарч эхэлсэн ч яг тэр үед Бурханы ийм үг санагдсан: “Бурхан Өөрийн ажлыг хийж, Бурхан нэг хүнийг халамжилж, энэ хүнээ харж ханддаг ба тэр зуур Сатан Түүний алхам бүрийг тувт салахгүй мөрддөг. Бурхан хэнийг л ивээнэ Сатан араас нь мөшгөж, мөн л ажигладаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсвэл, Сатан Бурханд саад болохын тулд Бурханы хийдэг ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон муу заль мэх ашиглан далд зорилгодоо хүрэхийн төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ зорилго нь юу вэ? Бурхан хэнийг ч олж авахыг тэр хүсдэггүй; Бурханы хүсдэг бүх хүнийг тэр өөртөө авахыг хүсдэг, тэднийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, муу үйл үйлдэхэд нь түүнтэй нэгдэх юм. Энэ нь Сатаны хорлонтой сэдэл биш гэж үү?(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IV). “Хэрвээ тэд аврагдахыг хүсэж, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанд соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг бөгөөд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй; тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II). Иов Бурханыг гэх жинхэнэ итгэл, дуулгавартай байдал, хүндлэлтэй байсан учраас л Сатаны буруутгал, уруу таталтыг даван гарсан. Бурханы үнэмлэхүй захиралтад итгэж, байгаа бүх зүйлийг нь Бурхан өөрт нь өгсөн гэдэгт итгэсэн учир Бурхан авсан ч бай, өгсөн ч бай, Иов хүлээн зөвшөөрч, захирагдаж чадсан. Өмч хөрөнгө, үр хүүхдээ алдаж, тэр ч бүү хэл хамаг бие нь яр шарханд баригдах үед Иов бас л Бурханыг буруутгалгүй, Бурханы нэрийг магтсан. Эхнэр нь түүнд, “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” (Иов 2:9) гэсэн. Харин Иов эхнэрээ зэмлэж, “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэсэн шүү дээ. Иовын гэрчлэл надад үнэхээр урам зориг өгсөн юм. Би Иов шиг байхыг хүссэн. Нөхөр маань намайг хэр их дарлалаа ч, надаас хэдий их өмч хөрөнгө авлаа ч, бүр намайг хөөж, юу ч үгүй үлдээлээ ч гэсэн би мөн л Бурханыг итгэн дагаж, гэрчлэлд зогсож, Сатаныг шившиглэх байсан.

Маргааш нь бид байрны зээлээ шилжүүлэхээр банк руу очтол банкны ажилтан үүнийг шинэ зээл байна гэсэн, тэгээд байрны зээл шинээр авах гэвэл энэ нь үнэхээр төвөгтэй үйл явц, бас нэлээд их хохирол учирна гэж бидэнд хэллээ. Ер нь боломжтой бол үүнийгээ таван жилийн дараа соль гэж тэр санал болгосон. Манай нөхөр арга мухардсан учраас бууж өглөө. Би Бурханд зүрх сэтгэлээсээ талархаж, Бурханы үг хэчнээн үнэн гэдгийг үнэхээр мэдэрсэн: “Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Дараа нь би ах эгч нартай эргээд холбоо барьсан юм. Үүнийг олж мэдээд нөхөр маань надаас цуглаанд явсаар байх юм уу гэж асуусан. Хариуд нь би, “Чи дахиад надад саад болох гэж төлөвлөж байна уу? Тийм бол би нүүгээд, өөр газар амьдарч болно. Чи намайг чуулганд луйвардуулна, гэр бүлээ хаяна гэж санаа зовоод байгаа биш үү? Чуулганд ийм олон жил болоход минь тэд надаас мөнгө луйвардсан бил үү? Итгэгч бид гэр бүлээ хаяж байгаа гэх цуу яриа үнэн гэж үү?” гэж асуусан. Нөхөр маань мэл гайхсанаа жаахан байж байгаад, “Чиний зөв. Чуулган чамаас ямар ч мөнгө луйвардахыг би үзээгүй. Бас чи биднийг хаях гээгүй. Би тэр цуу ярианд дэндүү амархан итгэчхэж. Чамайг залилуулахаас сэргийлмээр байсан юм. Чи юу хүссэндээ итгэж болно” гэлээ. Би маш их баярласан шүү. Нөхөр маань саад болж эхэлснээс хойш би цуглаанд хэвийн байдлаар оролцож байгаагүй, тэгээд нөхөртөө цаашид боогдохгүй гэдгээ мэдсэн. Хожим нь нөхөрт маань санхүүгээ зохицуулах үнэхээр ядаргаатай санагдаж эхлэн, сайн чадахгүй байсан учир намайг зохицуул гээд бүх зүйлээ шилжүүлж өгсөн. Байрны зээлийг өөрийнхөө нэр дээр болгох тухай дахин хэзээ ч дурдаагүй шүү.

Гэр бүлдээ дарлуулсан энэ туршлага надад Коммунист Нам хэр ёрын муу гэдгийг харуулсан. Тэд Хятад дахь Христэд итгэгчдийг галзуу мэт хяхаж хавчиж, баривчлаад зогсохгүй онлайнаар худал хуурмагаа тарааж, Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдэж, дэлхийг тэр аяар нь хуураад Чуулганыг эсэргүүцэх, Бурханы эсрэг өөрсөдтэй нь хамтран тэмцэх, улмаар эцэстээ бүгд тамд шийтгүүлэхэд хүргэхээр хичээж байна. Коммунист Нам бол Бурханыг эсэргүүцэж, хүмүүсийг төөрөлдүүлж, бүхлээр нь залгидаг ёрын муу чөтгөр. Сатан асар ёрын муу, гэхдээ Бурханы мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг. Сатан тэр дарлалыг ашиглан намайг Бурханаас урвуулж, аврагдах боломжийг минь алдуулахыг хүссэн ч энэ нь надад ялган таних чадвараа хөгжүүлж, тэдний үзэшгүй муухай байдлыг үнэхээр харах боломж олгоно гэж хэзээ ч төсөөлөөгүй. Би тэднийг зүрх сэтгэлээсээ харааж, голоод, Бурханд итгэх итгэл минь бэхэжсэн дээ. Бурханд талархъя!

Дараах: Аюулын ирмэгт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Бурханы үг бол миний хүч чадал

Жинниань, Канад Би хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийнхнээ даган Эзэнд итгэж, үргэлж Библи уншин, цуглаанд оролцдог байлаа. Гэрлэснийхээ дараа...

Messenger дээр бидэнтэй холбоо барих