Миний сонголт

2022-12-04

Бай Юнь, Хятад

2012 оны 3-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надтай хуваалцсанаас хойш би өдөр бүр Бурханы үгийг уншиж эхлээд, бусад ах, эгчтэй хамт байнга цуглаан хийж, Бурханы үгийг нөхөрлөдөг боллоо. Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр би Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсгийг уншив: “Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсээс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханаас ичнэ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг). Хүнийг Бурхан бүтээсэн, надад байгаа бүхэн Бурханаас ирсэн гэдгийг би Бурханы үгээс олж харсан юм. Би Бурханы хайрыг хариулж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстойгоо ойлгосон тул эргэн тойрныхоо хүмүүст сайн мэдээ түгээж эхэллээ.

2012 оны 12-р сарын нэг өдөр сайн мэдээ номлож байгаад хууль бусаар цагдаад баривчлагдаж, “нийгмийн дэг журмыг алдагдуулсан” гэж буруутгагдан 14 хоног саатуулагдав. Хоригдсоны долоо дахь хоног дээр аав, ээж, нөхөр гурав надтай уулзахаар цагдан хорих төвд ирлээ. Уулзалтын өрөөнд орж ирээд ээж, аав хоёр минь тэнд зогсож байгааг, нөхөр минь нэг ойтой хүүгээ тэвэрсэн байхыг хараад, бүгдээрээ тэнд байхыг хараад нүдэнд минь нулимс цийлгэнэлээ. Аав, ээжтэйгээ аяархан мэндэлснийхээ дараа нөхөр лүүгээ яаран очиж, хүүгээ тэврэх тэр мөчид надад маш гаслантай санагдаж байв. Зүгээр л Бурханд итгэж, сайн мэдээ түгээсний төлөө Хятадын Коммунист Нам намайг гэнэт хууль бусаар баривчилж, хорих үед бид бүгдээрээ хамтдаа нэг гэр бүл байсан. Одоо манай гэр бүлийнхэн гэнэт энд уулзаж байлаа. Тэгтэл нөхөр минь надад: “Чамайг баривчлагдсаныг олж мэдээд цэргийн даргадаа юу болсныг хэлэхэд дарга чамайг ятгаж Бурханд итгэхийг чинь болиул гэж надаас хүссэн. Чи коллеж төгссөн, боловсролтой, ирээдүйтэй хүн. Бурханд итгэсээр байх юм бол ирээдүй чинь сүйрнэ! Дарга бас, чамайг итгэхээ болихгүй бол намайг Намаас, армиас хөөнө гэсэн. Би дараа жил ажлаа сольсны урамшууллаа ч бүгдийг нь алдах нь байна! Би тэр бүхнийг тоохгүй байж чадна, гэхдээ чи намайг боддоггүй юм аа гэхэд хүүгээ, гэр бүлээ бодох ёстой шүү дээ. Чи дахиад баривчлагдвал энэ удаагийнх шиг байхгүй. Чи ял аваад шоронд орно, тэгвэл хүү маань яах юм бэ? Хүү минь хэзээ ч их сургуульд орж, төрийн албан хаагч болж, эсвэл цэрэгт явж чадахгүй. Нийгэмд яаж байр сууриа олох юм бэ? Хүүгээ бүх насаар нь ичгүүртэй амьдруулахыг хүсээ юу?” Нөхрийнхөө ингэж хэлэхийг сонсоод би бүр ч их сэтгэлээр унасан. Хүүгээ тэвэрч байхдаа сэтгэл шимширч, “Би хэзээ нэгэн цагт үнэхээр дахиад баривчлагдаж, шоронд хоригдох юм бол ийм жаахнаасаа ээж нь дэргэд нь байхгүй бол миний хүү эрүүл саруул өсөж чадах болов уу? Дооглуулж, ялгаварлан гадуурхагдах болов уу? Хэрвээ нөхөр минь Намаас, армиас хөөгдөх юм бол ирээдүй нь сүйрнэ…” гэж бодогдоод, цааш нь бодож ч зүрхлэлгүй, нулимсаа тэвчиж, нэг ч үг хэлээгүй юм. Юу ч хэлэхгүй байгааг минь хараад нөхөр ууртайгаар “Чамайг итгэхээ болино гэж амлахгүй бол салах ёстой гэж манай дарга хэлсэн. Чи сонголтоо хийгээдэх!” гэлээ. Намайг юу ч хэлэхгүй хэвээр байгааг хараад нөхөр хүүгээ буцаан авч, уурсан гарч одсон юм. Нөхөр минь надаас нүүр буруулан явж одохыг харах үнэхээр шаналгаатай байсан бөгөөд би цаашид нулимсаа барьж тэвчсэнгүй. Камер луугаа явах замдаа би “Нөхөр минь намайг баривчлагдсаныг яагаад даргадаа тэр дор нь хэлсэн юм бол? Ингэх нь надад ч, өөрт нь ч тус болохгүйг мэдэж байсан даа. Зүгээр л өөртөө төвөг удсан юм биш үү?” гэж гайхширан, дахиад жаахан бодож үзээд, нөхөр минь өөрийгөө хамгаалж байж таарлаа гэдгийг ухаарсан юм. Ингэж бодоод үгээр хэлэхийн аргагүй шаналж, гаслантай санагдахад би энэ баримтыг хүлээн зөвшөөрөхийг үнэндээ хүсээгүй. Тэгээд өөрийн эрхгүй, “Хүнийг Бурхан бүтээсэн, Бурханыг шүтэн мөргөж, Бурханд итгэх нь зөв зүйтэй, жам ёсны зүйл, гэтэл Коммунист Нам яагаад ингэж их үзэн яддаг юм бэ? Бүлэг итгэгч Бурханы үгийг уншиж, үнэнийг эрэлхийлж, Бурханыг гэрчлэн сайн мэдээ түгээхээр хамтдаа цуглах нь огтхон ч гэмт хэрэг биш. Коммунист Нам биднийг дарангуйлж, баривчлах гэж яагаад ингэж их зүтгэдэг юм бэ? Үүнээс гадна улсын үндсэн хуульд итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг тодорхой заасан биш үү? Итгэсний минь төлөө тэд яагаад намайг ингэж дарангуйлж, нөхрийг минь надаас сал гэж хүчилж байгаа юм бэ?” хэмээн гайхширлаа. Тухайн үед би үүний учрыг олж ер чадаагүй.

Камертаа буцаж очоод чуулганы надтай хамт баривчлагдсан нэг эгчид ийнхүү будилж байгаагаа ярихад эгч Төгс Хүчит Бурханы үгийн хоёр хэсгийг надад аяархан цээжээр уншиж өгсөн юм: “Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүхэлд нь бүрмөсөн эмх замбараагүй1 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан2 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 7). “Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!… Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Дараа нь эгч ингэж нөхөрлөлөө: “Эцсийн өдрүүдэд Бурхан махбод болоод, үг хэлж, ажиллахаар газар дэлхий дээр ирсэн. Тэрээр хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах үнэнийг илэрхийлдэг, зүрх сэтгэл, сүнстэй хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож, Төгс Хүчит Бурхан руу эргэдэг. Харин Коммунист Нам бол бурхангүй үзэлт нам. Тэд Бурханыг, үнэнийг үнэн голоосоо үзэн ядаж, хүн бүр Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, үнэнийг ойлгоод, Бурханыг эсэргүүцдэг эсэргүүцэл, хүмүүсийг харгисалдаг чөтгөрлөг төрхийг нь тодорхой харж, дараа нь өөрсдийг нь хаяж, голно, тэгээд Христийг дагаж, гэрчлэл хийнэ гэхээс айдаг. Тэгэх юм бол Хятадын ард түмнийг үүрд хорьж, хянах гэсэн цадиггүй, дэмий санаархал нь талаар болно. Тийм учраас ХКН улайран цуу яриа зохиож, Төгс Хүчит Бурханыг гүжирдэж, яллан, Христийг мөшгөж, Христэд итгэгчдийг харгисаар хавчихад улс орны бүх хүчийг дайчилдаг. Тэдний зорилго бол газар дээрх Бурханы ажлыг бүрмөсөн арчин хаяж, өөрсдийн бурхангүй үзэлт дарангуйллыг хамгаалах явдал. ХКН шашны итгэлийг ёрын муугаар хяхан хавчдагаа нуун далдлахын тулд л ‘итгэл үнэмшлийн эрх чөлөөг’ дэмжсэн дүр эсгэдэг. Энэ бүхэн нь зүгээр л дэлхий ертөнцийн ард түмнийг мэхэлж, хуурах гэсэн сайхан заль мэх юм. Хятадад итгэл бишрэлийн эрх чөлөө байхгүй, ямар ч хүний эрх байхгүй. Бид Бурханд итгэнэ гэдэг Коммунист Намын сатанлаг дэглэмд мөшгүүлж, хавчигдах нь гарцаагүй л гэсэн үг.” Эгчийн нөхөрлөлийг сонссоны дараа би Бурханыг, үнэнийг үзэн яддаг Коммунист Намын ёрын муу нүүр царайг илүү тодорхой олж харж чадсан юм. Коммунист Нам маш ёрын муу! Би бага байхаасаа л тэдний бурхангүй үзэлт боловсролд хордож, Намыг ард түмний “агуу аврагч” гэж үзээд, үнэхээр хүндэлж, биширдэг байлаа. Би тэдэнд бүрэн дүүрэн итгэж, хэлснийг нь хийдэг байв. Тэгэх нь хэчнээн мунхаг хэрэг байсныг би одоо л харж байна! Бас би, сайн мэдээг номлох үед нөхрийнхөө хэлсэн зүйлийг бодлоо: “Төгс Хүчит Бурханы Чуулганыг арчин хая гэж Төв Хорооноос тушааж, манай цэргүүдийн байлдааны бэлэн байдал гуравдугаар түвшинд очсон. Төгс Хүчит Бурханд итгэдэг хэнийг ч дайсан гэж үзнэ. Бас манай Намын ангийн долоо хоног тутмын улс төрийн хичээл одоо тэр чигтээ Төгс Хүчит Бурханы Чуулганы тухай болсон. Бурханд итгэх чинь сайн зүйл гэдгийг би мэднэ, гэхдээ яг одоо Коммунист Нам эрх барьж байгаа, сул дорой нь хүчтэйгээ дийлж чадахгүй шүү дээ. Тэдний тушаалыг дуулгавартай дагахаас өөр яалтай билээ?” Нөхрийнхөө хэлсэн энэ бүх зүйлийг бодоод миний уур маш их хүрлээ! Коммунист Нам дураараа авирлаж, Тэнгэрт тэрсэлж байна. Тэд бүх хүчээ Бурханы эсрэг тавьж, итгэгчдийг улсын гэмт хэрэгтэн мэт үзэж, яллаж, баривчилж, дарангуйлж байгаа төдийгүй, олон нийтийг өөрсдийнхөө талд оруулахын тулд сүрдүүлж, өдөөн турхирч байна. Миний нөхрийг ч сүрдүүлж, төөрөлдүүлээд, нөхөр минь зөв бурууг ялгаж чадалгүй, миний итгэлийг дарангуйллаа. Хэнийг ч Бурханыг дагаж, зөв замаар явахыг Коммунист Нам хүсдэггүй, харин Бурханыг эсэргүүцэх замаар явахдаа хүн бүрийг өөртөө итгүүлж, өөрийгөө дагуулахыг хүсдэг нь там руу, сүйрэл рүү хөтөлдөг. Энэ нь үнэхээр ёрын муу, жигшүүртэй, ичгүүр сонжуургүй! Би чөтгөрлөг Коммунист Намыг үзэн ядаж, харааж зүхсэн! Тэд миний хүү, миний нөхрийн ирээдүйг ашиглан намайг сүрдүүлж, намайг хүчээр Бурханаас урвуулах гэснийг би бодлоо. Би тэдний заль мэхэнд хууртаж, тэдэнд буулт хийж яасан ч болохгүй! Нөхөр минь намайг хэчнээн их дарамталсан ч хамаагүй, дахиад шоронд орох байлаа ч гэсэн би Бурханыг дагасаар байх болно!

Шөнө нь би орондоо хэвтээд, хүү минь одоо хэчнээн балчир байгааг, хэчнээн урт зам урд нь хүлээж байгааг бодон, миний итгэл хүүгийн минь ирээдүйд нөлөөлөх болов уу гэж гайхширч байлаа. Ингэж бодоод сул дорой болж эхэлсэн тул чимээгүйхэн Бурханд залбирч, зүрх сэтгэлийг минь харж хандаач гэж Бурханаас гуйсан юм. Залбирсныхаа дараа би Бурханы үгийн нэг хэсгийг бодлоо: “Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юм байна уу? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дунд бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 1-р бүлэг). Тийм шүү. Бурхан бол бүтээлийн Эзэн, бүх зүйлийг захирдаг. Миний хүүгийн хувь заяа ч гэсэн Бурханы гарт бий. Ямар нэг хүн биш, Бурхан л эцсийн шийдвэрийг гаргадаг. Би санаа зовлоо гээд ер нь яах юм бэ? Тиймээс би Бурханд залбирч, өөрийнхөө хүүхдийг Бурханд даатгасны дараа хавьгүй бага шаналж, санаа зовох минь багаслаа. Ийм маягаар би Бурханы өгсөн итгэл, хүч чадалд найдаад, хоригдож байсан 14 хоногоо давсан юм.

Суллагдсан өдрөө харьж явах замд уйлсандаа нүд нь улайсан нөхөр минь надад “Чамайг байхгүй байсан энэ бүх хугацаанд дарга надад үзэл суртлын ажил хийж, чиний талаар мэдээл гэсэн. Чамайг Бурханд итгэсээр байх юм бол чамаас салах ёстой, тэгэхгүй бол намайг хална гэсэн. Би бүр галзуурах гээд байна! Чамаас гуйя, итгэхээ больчих. Баригдах юм бол чи шоронд орно, манай гэр бүл салж сарнина!” гэсэн юм. Нөхөр минь ингэж ярингаа уйлж байхыг хараад миний сэтгэл шимширч, гуниглан, зүрх сэтгэлдээ Бурханд даруйхан залбирч, зүрх сэтгэлийг минь харж хандаач гэж Бурханаас гуйлаа. Тэгтэл Бурханы үгийн нэг хэсэг санаанд оров: “Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг). Энэ бол Сатаны заль мэхний нэг гэдгийг би тэгэхэд ухаарсан юм. Сатан нөхрийн минь сална гэх сүрдүүлгийг ашиглан намайг хүчилж, албадан Бурханаас урвуулахыг хүсжээ. Би Сатаны урхинд орж яавч болохгүй байв! Тиймээс би нөхөртөө: “Би энэ гэр бүлээ салгаж сарниамааргүй байна. Итгэгч болж, Бурханы үгийг уншсанаас хойш бага зэрэг өөрчлөгдсөнийг минь чи анзаарсан байх. Бид муудалцахаа больж, гэр бүл маань улам эв найртай болж байгаа. Бас чи Төгс Хүчит Бурханы үгийг ч сонссон, итгэлтэй байх нь сайн зүйл, амьдралын зөв зам гэдгийг чи мэднэ. Гэхдээ ХКН намайг хяхан хавчиж, баривчилж, чамайг халж, армиас хөөхөөр зүтгэж, чамайг надаас хүчээр салгах гээд байгаа. Чи хэлээдэх дээ, энэ гэр бүлийг үнэндээ хэн салгах гэж оролдож байна? ХКН-ыг үзэн ядахын оронд чи тэдэнтэй нийлээд миний итгэлийг хавчиж байна. Чи зөв, буруугаа ч ялгахгүй яваа юм биш үү? Коммунист Нам ямархуу нам болохыг чи надаас илүү мэднэ. Тэд Бурханыг, үнэнийг үзэн яддаг, Бурханы заналт дайсан. Тэд маш олон Христэд итгэгчийг баривчилж, харгисалж, маш их ёрын мууг үйлдсэн. Бурханы шийтгэлээс мултарч үнэхээр чадна гэж үү? Бурхан аль эрт ингэж хэлсэн: ‘Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад улс хамгийн эхлээд бүрмөсөн устгагдана; тэгээд Бурханы гарт сүйрнэ. Бурхан яавч өршөөл үзүүлэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг). Гамшиг одоо цаг үргэлж томорч байна. Агуу гамшиг ирэхэд Бурхан хамгийн түрүүнд Коммунист Намыг устгана, тийм зүйл болох үед намыг дагаж, Бурханыг эсэргүүцэж байсан бүх хүн мөхнө. Тэд ганц ч өдөр амар тайван байхгүй. Итгэлээ орхи гэж надаас дахиад битгий гуй. Би итгэхээ яасан ч болихгүй!” гэлээ. Буулт хийх шинжгүй байгааг минь хараад нөхөр минь уурласандаа нүүрэн дундуур тас хийтэл алгадав. Коммунист Нам л нөхрийг минь өдөөн хатгаж надад ингэж хандахад хүргэснийг би харж байлаа. Миний хувьд энэ нь үнэхээр шаналгаатай байсан бөгөөд би зүрх сэтгэлийнхээ гүнээс Намыг үзэн ядаж, “Намайг дарангуйлах тусам миний итгэл улам хүчтэй болно доо!” гэж бодсон.

Гэртээ хариад нөхөр бас л болихгүй, “Хэрвээ чи үнэхээр итгэх ёстой юм бол гэртээ итгэ. Би чамайг даргад мэдээлэхгүй, за юу?” гэсэн. Би дотроо: “Бурханы нигүүлсэл, ерөөл, үнэний хангалтыг би маш их эдэлсэн. Сайн мэдээ түгээхгүй, үүргээ гүйцэтгэхгүй байх нь Бурханд итгэх итгэл мөн гэж үү? Үүнээс гадна, цуглаанд оролцож, Бурханы үгийг нөхөрлөхгүй зүгээр л гэртээ байвал миний амь хэтэрхий удаан өснө. Тэгж болохгүй ээ. Би нөхрийнхөө үгэнд орохгүй” гэж бодсон. Хариу хэлэхгүй байгааг минь хараад манай нөхөр нялуун үгээр ятгахыг оролдож, “Би чамайг сайн халамжилж байгаагүй, бас чамайг хэлмэгдүүлжээ. Би нэг хэсэгтээ ажилдаа явахгүй, гэртээ хүү та хоёртойгоо хамт байя. Хүссэн газар луу чинь хамт явж, хүссэн юмыг чинь худалдаж авч өгье. Би чамайг л аз жаргалтай байлгамаар байна!” гэлээ. Нөхрөөсөө ийм сайхан үг сонсоод бага зэрэг сэтгэл хоёрдсон ч энэ нь Сатаны өөр нэг заль мэх гэдгийг би даруй ухаарч, ямар ч байсан итгэлээ хадгалж, үүргээ гүйцэтгэнэ гэж чимээгүйхэн залбирсан юм. Гэхдээ дараа нь манай нөхөр намайг хаашаа ч явсан дагаж эхэллээ. Нөхөр намайг мэдээлбэл бусад ах, эгч аюулд орно гэж би айсан тул тэдэнтэй уулзаж зүрхлээгүй юм. Тэр өдрүүдэд би баривчлагдахаас өмнөх амьдралаа үнэхээр хүсэн эрмэлзэж байсан. Тэр үеийг эргээд бодоход би бусад ах, эгчтэйгээ хамт цуглаж, нөхөрлөж, сайн мэдээ түгээж, үүргээ гүйцэтгэдэг байсан. Гэтэл одоо цуглаанд оролцож чадахгүй, алхам бүрдээ хязгаарлагдаж, Коммунист Намаас сүрдсэн нөхөр минь итгэхийг минь хүчээр болиулна, эсвэл надаас сална гэж шийдсэн байлаа. Би өөрт тулгарсан сонголтыг бодоод тарчилж, шаналан, нөхөр минь надтай адил итгэдэг болно, тэгвэл бид салах шаардлагагүй болно гэж үнэхээр найдаж байв. Тэр хугацаанд өдөр бүр нэг жил мэт санагддаг байсан юм. Би уйлж, Бурханы өмнө очин залбирч, “Өө Бурхан минь, ийм сонголттой тулгараад би үнэхээр их шаналж, сул дорой болж, яахаа мэдэхгүй байна. Намайг залж чиглүүлээч!” гэсэн. Дараа нь би Бурханы ийм үгийг уншлаа: “Итгэгчид, үл итгэгчид нь хоорондоо таарамжгүй; харин ч нэг нэгнийхээ эсрэг байдаг”. “Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрлөг байдгаас гадна тэд устгагдах болно… Бурханыг таньдаггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчдээс өөр хэн Сатан, чөтгөрүүд, Бурханы дайснууд байх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно). Бурханы үгийг уншсаныхаа дараа би намайг баривчлагдсанаас хойш нөхөр минь яаж авирласныг бодож эхэлсэн. Итгэхийг минь болиулахын тулд манай нөхөр намайг ахин дахин дарамталж, уруу татахын тулд сэтгэл хөдлөл ашиглаж, салалтаар намайг шахаж, бүр намайг цохисон. Энэ бүхэн нь намайг Бурханаас урвуулахын төлөө байсан биш үү? Миний нөхөр Бурханы хэлсэн “Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчид”-ийн нэг шиг авирлаж байсан биш үү? Намайг баривчлагдсаныг олж мэдэнгүүтээ тэр эхлээд цэргийн даргадаа намайг мэдээлсэн. Намайг огт бодолгүйгээр, өөрийгөө л хамгаалахын тулд тэгсэн биш үү? Түүний зүрх сэтгэлд өөрийнх нь ирээдүй надаас илүү чухал байр суурь эзэлдэг нь илэрхий байна. Надад байнга хэлээд байсан тэр сайхан зүйлс нь бүгд жүжиг байж! Тэр ХКН-ыг дагахаар сонгож, би Бурханыг дагахаар сонгоод, бид хоёр шал өөр замаар явж байна. Хамтдаа жинхэнэ аз жаргалыг олж ер чадахгүй. Ингэж бодоод би, өөрийнхөө итгэл, гэр бүл хоёрын аль нэгийг сонгох ёстой болсноо ухаарсан юм. Гэхдээ нөхөртэйгөө өнгөрүүлсэн тэр олон жилийг бодоод маш их сэтгэл гонсойж, шаналсан тул би дахин нэгэнтээ Бурханд залбирч, удирдамжийг нь гуйгаад, Бурханы үгээс үүнийг уншсан: “Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн зам өгч, итгэлийг минь сэргээсэн. Би Бурханы өмнө очин залбирч, “Өө Бурхан минь! Салах байлаа ч гэсэн би Таныг дагасаар байх болно! Та миний зүрх сэтгэлийг харж хандаж, Таныг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсож, Сатаныг шившиглэх итгэл өгөөч” гэлээ.

Нэг өдөр би нөхрөөсөө зугтаж амжсан тул зарим ах эгчтэй уулзаад гэртээ харих үедээ манай нөхөр хамаатны хэдэн хүнтэй хамт зогсож байгааг харлаа. Түүний нүд нь улаанаар эргэлдэж, үнэхээр бухимдсан харагдаж байв. Хамаатан садны маань зарим нь гунигтай, сэтгэлээр унасан, зарим нь үнэхээр ууртай харагдаж байлаа. Сатан энэ удаа гэр бүлийнхнийг минь ашиглан намайг дахиад л бүсэлж байгааг би ухаарсан тул Бурханд хурдхан чимээгүй залбираад, Бурханы үгийн энэ хэсгийг бодсон юм: “‘Ялагч’ гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан ‘ялагч’ байх гэж нэрлэдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой). Бурханы үг надад итгэл, хүч чадал өгч, гэр бүлийнхэн минь над руу яаж ч бүлэглэн дайрсан, Бурханаас хэзээ ч урвахгүй, Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсоно гэж би дотроо шийдсэн. Авга эгч диавол шиг царайлан, “Чи цуглаанд явсан биз дээ? Чи ер нь энэ гэр бүлээ боддог юм уу?” гэхэд авга ах над руу хашхичиж, “Бурхаан? Бурхан гэж байдаггүй юм! Хятад бол бурхангүй үзэлтэй улс, Коммунист Нам эрх барьж байгаа. Чи итгэхийг хүсэж байвал Намд итгэ!” гэлээ. Дараа нь авга ах утсан дээрээсээ Коммунист Намын сөрөг цуурхал хайж олоод, “Хар даа! Чиний итгэдэг Төгс Хүчит Бурхан энэ байна. Энэ бол улсын гол бай. Итгэгчид гэр бүлийнхнээ бүхэлд нь сүйрүүлж байна! Өөрийгөө биш юм аа гэхэд ядаж хүүхдээ бод!” гэлээ. Тэгтэл өөр нэг авга эгч хашхичин, “Та хоёр гэрлээд тийм ч их удаагүй, нэг их амар байгаагүй л байх. Ийм юмнаас болоод чи гэр бүлээ сүйрүүлж болохгүй! Хэлээдэх дээ, чамайг Бурханд итгээгүй бол гэр бүл чинь иймдээ тулах байсан гэж үү?” гэхэд бүгд түүнтэй санал нийлэн ярьж эхлэв. Тэдний тэгж хэлэхийг сонсоод би маш их уурлаж, эгдүүцсэн байдлаар, өөрийгөө зөвтгөн “Хэн энэ гэр бүлийг салгаж сарниахыг хүсэж байгаа юм бэ? Бурханд итгэж, зөв замаар явах тийм буруу юм уу? Коммунист Нам итгэгчдийг баривчилж, хавчиж, намайг шоронд хийхийг хүсдэг. Тэд бас та нарыг бүгдийг нь заналхийлж, айлган сүрдүүлж, нөхрийг минь надаас сал гэж шахсан. Коммунист Нам энэ бүх ёрын мууг хийсэн! Та нар ХКН-ыг үзэн яддаггүй, харин тэдний талд зогсож, намайг Бурханаас урвуулахаар дайрч давшилж, хүчилж байна. Ингэх нь надад, манай гэр бүлд хамгийн сайн гэж үү?” гэсэн. Намайг ингэж хэлсний дараа өөр нэг авга ах маань: “Тийм ээ, Намын хэлдэг зүйлд итгэж болохгүй, гэхдээ тэд одоо эрх барьж байгаа. Хэрвээ чи Бурханд итгэх юм бол чамд ямар ч өршөөл үзүүлэхгүй, шоронд хорино. Бид зүгээр л жирийн хүмүүс. Яаж Намын эсрэг зогсож чадах юм бэ? Зүгээр л бидний зөвлөгөөг дага. Итгэхээ боль. Гэр бүлээ авч үлдэх чинь л хамгийн чухал шүү!” гэлээ. Тэгэхэд нь би тэдэнд “Гамшиг одоо улам томорсоор л байгаа. Агуу гамшиг бууж ирэх үед Бурханыг эсэргүүцдэг бүх хүн шийтгүүлнэ. Бурханд гэмшсэн итгэлтэй хүмүүс л Бурханы хамгаалалтыг хүртэнэ, зөвхөн тэр хүмүүс л сайхан ирээдүй, хувь заяатай байна! Бурханд итгэхгүй бол амь гэж байхгүй, тэгвэл ямар ирээдүй байх юм бэ? Та нар бүгд миний хайртай хүмүүс, би та нарт сайн мэдээг ахин дахин номлосон ч та нар баривчлагдахаас айсаар л байна. Та нар үнэн замыг тодорхой мэдэж байгаа хэр нь итгэж зүрхэлдэггүй, одоо Коммунист Намыг даган надад саад болж, намайг хүчээр Бурханаас урвуулахаар оролдож байна. Та нар шийтгүүлэхээс айхгүй байна уу?” гэсэн юм. Намайг ингэж хэлсний дараа том авга ах уурласандаа нүүр нь улайж, хилэнтэйгээр “Итгэсээр байх юм бол арьсыг чинь хуулна даа! Чамайг цагдаад мэдээлээд шоронд хийлгэнэ!” гэж сүрдүүллээ. Ингэж хэлэнгээ халааснаасаа утсаа гарган, залгаж эхлэхэд авга эгч яаран очиж, утсыг нь булааж авсан юм. Авга ахынхаа тийм үйлдлийг хараад, үнэхээр урам хугарсан. Яаж ийм гэр бүл байх юм бэ? Энэ бол чөтгөрийн ажил! Тэгээд тэдэнд хандан, “Та нар надаас ахмад, би та нарыг хүндэлдэг, гэхдээ итгэлийн замаа сонгох тухайд бол би юу хийхээ хэзээ ч, хэнээр ч заалгахгүй! Би та нарын хүссэнээр итгэлээ орхиж, Бурханаас урваж, ХКН-ыг дагана гэж яасан ч байхгүй шүү!” гэж хэлсэн. Цухалдаж, балмагдсан манай нөхөр үүнийг сонсоод над руу харайн ирж, маш чанга цохин газар унагаахад миний нүдний шил үсрэн, өрөөний нөгөө талд уналаа. Нөхөр над руу заагаад, “Чи Бурханыг хүсэж байна уу, эсвэл энэ гэр бүлээ хүсэж байна уу? Итгэсээр байх юм бол би яг одоо чамаас сална!” гэж хашхирахад нөхөр маань өөрийнхөө ирээдүйг хамгаалахын тулд надаас салахад бэлэн байгааг хараад, би үнэхээр гомдож, Коммунист Намыг үзэн ядах сэтгэлээр дүүрсэн. Тэгээд Бурханд чимээгүйхэн залбирч, “Салах байлаа ч гэсэн би итгэлтэйгээр Бурханыг дагана!” гэсэн юм.

Хоёр сарын дараа, салахын өмнөх өдөр нөхөр над руу утасдаж, “Маргааш цэргийн дарга бидэнтэй хамт Иргэний хэрэг эрхлэх товчоонд очиж, гэр бүл цуцлуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ. Ингэж хэлэхийг нь сонсоод би юу ч хэлээгүй. Тийм сайхан гэр бүлийг маань ХКН хүчээр салгасан. ХКН маш ёрын муу, үнэхээр жигшүүртэй! Маргааш нь цэргийн даргын хяналтан дор бидний салалтыг эцэслэн шийдвэрлэж, тэр цагаас хойш нөхөр бид хоёр тус тусын замаа хөөсөн дөө. Би Бурханыг дагаж, сайн мэдээ түгээж, үүргээ гүйцэтгэсээр байгаа. Энэ бол миний сонголт, үүндээ би хэзээ ч харамсахгүй! Бурханд талархъя!

Тайлбар:

1. “Бүрмѳсѳн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.

2. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих