Христэд итгэгчид бид өвчин тусах үедээ хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

2019-06-25

Ду Шуай

“Өвчин тусахаараа эмч олох гэж сандарна” гэх хэлц нь өвчин тусах үедээ хүмүүсийн мэдэрдэг түгшүүр, арга мөхөс байдал, сандралыг шууд тусгадаг. Бурхан бүх зүйлийг бүтээж, бидэнд амьсгалыг маань хайрласан бөгөөд хүний амьдрал, үхлийг Бурхан захирч, зохицуулдаг гэдгийг Христэд итгэгчид болохынхоо хувьд бид мэддэг боловч өвчин тусах үедээ мөн л яах ёстойгоо мэдэхгүй болдог. Олон хүн энэ асуудал дээр будилдаг: “Биднийг өвчин тусах үед Бурханы санаа зорилго юу байдаг вэ? Бид үүнийг Бурханы хүсэлд нийцүүлэн хэрхэн туулах ёстой вэ?” Та бүхэнд жаахан тус болно хэмээн найдаад би өнөөдөр энэ асуудалтай холбогдуулан өөрийнхөө ойлголтыг бага зэрэг ярьж, өвчинд хэрхэн хандах тухай хэрэгжүүлэлтийн 3 зарчмыг хуваалцъя.

1. Өвчний гарал үүслийг ойлго, Бурханд бүү гомдолло

Өвчин тусах үедээ хүн болгон энэ тухайд өөрийн гэсэн бодолтой байх бөгөөд зарим ах эгч өвчнийхөө талаар гомдоллон: “Би Бурханд итгэдэг мөртөө яаж ийм өвчин тусаж чадав аа?”, “Бурхан яагаад намайг харж, хамгаалдаггүй юм бэ?” гэх мэт зүйл хэлнэ. Түүнчлэн ямар нэг байдлаар Бурханы дургүйг хүргэн, гонсойлгосон учраас өвчин туссан хэмээн бодох ах эгч нар байдаг бөгөөд тэд үүнээсээ үүдээд өөрийгөө голж, гутран, сөрөг байдалд байхдаа Бурханыг буруугаар ойлгон, гомдоллодог... Бид өвчин тусах үедээ иймэрхүү байдлыг илэрхийлдэг бөгөөд эдгээр нь бүгд өвчний гарал үүслийг ойлгодоггүйгээс маань үүддэг. Үнэн хэрэгтээ, ямар ч өвчин туслаа гэсэн бид Бурханыг буруутгаж, буруугаар ойлгож болохгүй, учир нь өвчин Сатанаас үүдэлтэй, мөн Сатан биднийг завхруулсны дараа өвчин үүссэн билээ. Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Төрөлт, үхэл, өвчин, өтөл наснаас эхлээд хүмүүсийн туулдаг насан туршийн зовлонгийн эх сурвалж юу вэ? Юунаас болоод хүмүүст эдгээр зүйл байх болсон бэ? Анх бүтээгдэхэд нь хүмүүст ийм зүйлс байгаагүй, тийм биз дээ? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүмүүс Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа бий болсон юм. Хүний махан биеийн өвдөлт, зовлон шаналал, хоосон байдал, мөн түүнчлэн хүний ертөнцийн туйлын золгүй хэрэг явдал нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа л бий болжээ. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тарчилгаж эхэлсэн юм. Үүний үрээр хүмүүс улам бүр доройтлоо. Хүмүүсийн өвчин эмгэг улам бүр хүндэрч, зовлон нь улам хэцүү бэрх болжээХүмүүс хүний ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, түүнчлэн тэнд үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлаа улам их мэдэрч, дэлхий ертөнцөд улам бага найдах болов. Тийнхүү энэ зовлонг Сатан хүмүүст авчирсан билээ.(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”).

Бид бүгдийн мэддэгчлэн, Адам Ева хоёр эхэндээ Бурханы үгийг анхаарч, Түүнийг дуулгавартай даган, Еден цэцэрлэгт Бурханы халамж, хамгаалалт дор ямар ч санаа зовох зүйлгүй амьдардаг байсан юм; тэр хоёр шаналал, зовнил байтугай өвчин зовлон, үхэл хагацал гэдгийг ч мэддэггүй байв. Хожим нь Адам, Ева хоёрыг Сатан уруу татан, Бурханы хориглосон сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идүүлсэн тул тэд Бурханаас зайлж, урван, Бурханы халамж, хамгаалалтыг алдаад Сатаны эзэмшил дор унасан юм. Иймээс өвчин, зовнил, хоосрол, үхэл гэх зэрэг нь хүн төрөлхтнийг нэрвэжээ. Сатан олон мянган жилийн турш бурхангүй үзэл, материализм, хувьслын онол болон “Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг, би үхэхээр чи үх” “Дэлхий дээр ямар ч Аврагч байхгүй” “Бидний хувь заяа бидний гарт байдаг” “Хүн мөнгөний төлөө үхдэг; шувуу хоолны төлөө үхдэг” “Чи хэдийчинээ их зовно, төдийчинээ амжилтанд хүрэх болно” “Чи өөрийнхөө аз жаргалыг олж авах ёстой” “Мөнгө дэлхийг эргүүлдэг” гэх мэт янз бүрийн сатанлаг гүн ухаан зэрэг алдартай, агуу хүмүүсийн тэрс үзэл, төөрөгдлийг ашиглан хүнийг хуурч, завхруулж ирсэн юм. Сатан сургуулийн боловсрол, эцэг эхийн нөлөө болон нийгмийн орчны нөлөө зэрэг сувгаар дамжуулан эдгээр тэрс үзэл, гаж онолоор хүмүүсийг ямагт ухуулдаг. Эдгээр тэрс үзэл, төөрөгдөлд хордон, нөлөөнд нь автмагцаа бид Бурханы оршин тогтнол, дээд эрхийг үгүйсгэдэг бөгөөд биднийг хангаж, тэтгэгч нь Бурхан гэдэгт итгэхээ больж, хүн болгоны хувь заяаг Бурхан захирдаг гэдэгт ч итгэхээ больдог. Тэгээд оронд нь Сатаны янз бүрийн тэрс үзэл, төөрөгдөл, гүн ухаан, зарчимд түшиглэн, мөнгийг эрхэмлэж, хоосон нэр алдарт дурлаж, нэр алдар, эд хөрөнгө, байр суурийг хөөцөлддөг. Дээгүүр түвшний материаллаг таашаал олж авахын тулд бид ухаанаа шавхаж, тархиа гашилгаж, ийш тийш гүйн, маш шаргуу ажилладаг бөгөөд бүр өөрсдийнхөө эрүүл мэндээр дэнчин тавьж, ямар ч төлөөсийг төлдөг. Шаргуу ажиллавч мөнгө, нэр алдар, эд хөрөнгө, байр суурийн төлөөх хүсэл маань ханахгүй байх үед бид түгшиж, ууртай, цухалдуу болж, тэр ч бүү хэл амьдралдаа сэтгэлээр унаж ч болдог. Амьдралд урт удаан хугацаагаар дарлал, шаналал мэдрэх нь бидний бие, сэтгэлийг туйлдуулан, туйлын их шаналал мэдрүүлээд зогсохгүй толгой эргэх, цээж багтрах, мэдрэлийн ядаргаа зэрэг янз бүрийн өвчнөөр бие маань өвчилж, мөн ноцтой тохиолдолд бүр сэтгэл гутрах эмгэг, цусны даралт ихсэлт, зүрхний өвчин ч тусаж болох юм. Сайн сургуульд орж, бусдаас онцгойрохын тулд зарим оюутан сурч боловсроход бүрмөсөн шамдаж, шаргуу суралцахын тулд бүхнээ зориулан, улмаар бага залуу насандаа хүзүүний өвчин тусаж, мэдрэлийн ядаргаанд ордог; тэгээд элсэлтийн шалгалтдаа унахаар зарим нь үүнийгээ тэсвэрлэлгүй өдөр бүр сэтгэл гонсойж, архаг сэтгэл гутралд ордог. Түүнчлэн их мөнгө олж, дээш гарах гэсэн олон хүн байдаг бөгөөд биеийнхээ чадлаас давуулан хэт их ажиллаж, нуруу, хөл, хүзүү, мөр, ходоод, зүрхний асуудалтай болж, тэр ч бүү хэл туйлдаад үхэж ч болдог. Эдгээр нь ердөө цөөн хэдэн жишээ бөгөөд өвчин гэдэг Сатаны бидэнд учруулсан завхрал, хор хөнөөлийн үр дүн, мөн эдгээр нь Бурханыг үгүйсгэн, Бурханаас зайлж, урваж, өөрсдийнхөө шаргуу хөдөлмөрт түшиглэх замаар эд баялаг, нэр алдар, өв хөрөнгө, байр суурь хөөцөлдсөнөөс үүдэлтэй үр дүн гэдгийг бид эндээс харж болно. Иймээс бид хойшид өвдөх үедээ ухаалаг байж, зөв хандлага баримтлах ёстой болохоос Бурханыг буруутгаж, буруугаар ойлгох ёсгүй.

Заримдаа бид хүнд зориулан Бурханы тогтоосон амьдралын хуулийг зөрчсөнөөс үүдэн өвдөж болно.

Бурхан тэнгэр, газар дээрх бүх зүйлийг бүтээн, хүн төрөлхтнийг бас бүтээсэн юм. Түүнчлэн хүн төрөлхтөн болон бүх зүйлд зориулж амьдралын хууль, дүрмийг гаргасан билээ. Тухайлбал, өдөрт гурван удаа хооллож, өдрөөр ажиллан шөнөөр амарч, тухайн улиралд нийцүүлэн Бурханы хангадаг хоол хүнсийг идэх ёстой гэх мэтээр Бурхан хүн төрөлхтөнд зааварчилсан байдаг. Хүнд зориулан Бурханы гаргасан амьдралын хуулийг дагаж, Бурханы өдөр болгон бидэнд хайрладаг хоол ундыг эдэлж, газар дэлхий дээр эмх замбараатай амьдарснаар л бид зарим өвчнөөс зайлсхийж, аяндаа эрүүл биетэй болно. Гэвч Сатан биднийг улам бүр завхруулсаар байгаа бөгөөд зүрх сэтгэлд маань Бурханыг гэх орон зай алга байна. Бид бие махбодын хүслээ хангахын тулд Бурханы хүнд зориулан гаргасан амьдралын хуулийг ихэвчлэн зөрчиж, эмх замбараатай амьдралаар амьдардаггүй бөгөөд үүнээс үүдэн бие маань элдэв янзын өвчинд нэрвэгддэг. Жишээлбэл, зарим хүн утсан дээрээ байнга тоглоом тоглодог, эсвэл шөнө дүл болтол юм уу шөнөжингөө гадуур наргидаг бөгөөд замбараагүй амьдрал болон ажил амьдралын хэв маягаасаа үүдэн дотоод шүүрлийн булчирхайн эмгэг, унтаа өвчин, элэг гэмтэх гэх мэт өвчин тусаж, яваандаа янз бүрийн бие махбодын асуудал үүсэж болдог. Зарим хүн бие махбодын таашаалд шунадаг бөгөөд дуршлаа хангахын тулд хүссэн хэмжээгээрээ идэж ууж, улирал нь болоогүй хоол унд, түүхий, хүйтэн, тостой хоол идэж, тэр ч бүү хэл урт удаан хугацаагаар түргэн хоол идсэнээр шим тэжээлийн дутагдалд орж, дархлаа нь муудан, нарийн гэдэсний үрэвсэл, ходоодны өвчин болон зүрх судас, тархины цусан хангамжийн өвчин тусдаг. Зарим нь даралт ихтэй болж, чихрийн шижин тусаж, цусан дахь холестерин нь ихсэн, бүр хорт хавдар ч тусдаг. Ялангуяа дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн энэ эрин үед хүмүүс гэрээсээ ч гаралгүйгээр хэрэгтэй бүхнээ худалдан авч болдог болсон бөгөөд олон хүн хангалттай дасгал хөдөлгөөн хийдэггүй. Компьютерын өмнө нэг байрлалд олон цагаар суух нь цусны эргэлтийг удаашруулж, нуруу, хөл, хүзүү, мөрийг хөндүүр, зовуурьтай болгож, ноцтой тохиолдолд хүзүүний өвчтэй болж, эсвэл бүсэлхий нуруунд жийргэвчний ивэрхий үүсдэг. Эдгээр жишээ бол бүгд бидэнд зориулан Бурханы гаргасан амьдралын хуулийг зөрчсөний гашуун үр дагавар юм. Иймээс бид Бурханы гаргасан амьдралын хуулийг даган, тус тусын нөхцөл байдлынхаа дагуу өдөр нь ажиллаж, шөнө нь амрахын тулд ажил, амралтын хэв маягтаа зохих өөрчлөлтийг хийх ёстой бөгөөд дасгал байнга хийж, агаар салхинд улам их гарах ёстой. Хоолны дэглэмийн тухайд гэвэл, амтанд бус шим тэжээлд анхаарах хэрэгтэй. Ийм төрлийн хэвшмэл, эмх замбараатай амьдрал нь өвчний тохиолдлыг бууруулж чадна.

2. Бурханы өмнө тайван байж, завхрал, гэм буруугаа шинжилж, Бурханд нүглээ улайж, үнэхээр гэмш

Бурханы үгэнд ингэж хэлдэг: “Өвчний дайрлагыг хэрхэн туулбал зохих вэ? Чи Бурханы өмнө залбирахаар ирж, Түүний хүслийг ухаарахаар эрж хайж, юуг буруу хийснээ эсвэл шийдвэрлэж чадахгүй байгаа ямар завхарсан зан чанар дотор чинь байгааг шинжлэх хэрэгтэй. Завхарсан зан чанараа чи өвдөж шаналахгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Хүмүүс өвчин шаналлаар хатуужих ёстой; тэр цагт л тэд задарсан байхаа больж, цаг үргэлж Бурханы өмнө амьдарна. Зовлон зүдүүртэй нүүр тулах үедээ хүмүүс үргэлж залбирна. Хоол, хувцас, зугаа цэнгэлийн тухай огт бодохгүй; зүрх сэтгэлдээ тэд залбирч, энэ хугацаанд ямар нэг буруу зүйл хийсэн эсэхээ шинжилдэг. Ихэнхдээ хүмүүс ноцтой өвчин юм уу зарим нэг нийтлэг бус эмгэгт нэрвэгдэж, энэ нь тэдэнд асар их шаналал авчирч байгаа бол эдгээр зүйл санамсаргүй болдоггүй; чи өвчтэй эрүүл аль нь ч байсан Бурханы хүсэл энэ бүхний ард байдаг. ... Өвчин, шаналал дайрах үед чи Бурханд залбирч, Бурханыг эрж хайдаг уу? Тэгээд Ариун Сүнс чамайг ердөө л гэгээрүүлж, гэрэлтүүлдэг үү? Энэ бол Түүний ажиллах ганц арга биш. Бурхан хүмүүсийг хэрхэн туршдаг вэ? Тэднийг өвтгөж, шаналгаснаар туршдаггүй гэж үү? Шалгалт байгаа бол өвчин шаналал байна—шалгалтгүйгээр хүмүүс яаж зовох юм бэ? Тэгээд зовохгүйгээр хүмүүс яаж өөрчлөгдөх юм бэ? Шалгалт нь өвчин шаналлыг дагуулж байгаа бол энэ нь Ариун Сүнсний ажил юм. Заримдаа Бурхан хүмүүст өвчин шаналал өгдөг, эс бөгөөс тэд тэнгэрийн өндөр, газрын гүнийг мэдэхээ больж, ичгүүргүй болдог. Зарим асуудал дээр ердөө л үнэний талаар нөхөрлөхөд түшиглэлээ гээд асуудлыг шийдвэрлэхгүй. Бусад хүн асуудлыг чинь чамд хэлж, чи өөрөө ч үүнийг мэдэж байдаг хэдий ч өөрчлөгдөж чаддаггүй. Өөрийгөө хязгаарлах сэтгэлийн тэнхээндээ яаж ч найдсан, магадгүй бүр нүүр лүүгээ алгадаж, толгойгоо цохихдоо тулавч энэ нь асуудлыг бас л шийддэггүй, учир нь чиний уг чанар дотор чинь оршсоор байдаг. Энэ зүйл бол амьд, яг л хүний амьд бодол шиг бөгөөд хэзээ ч хамаагүй илэрч чаддаг. Тэгэхээр чи үүнийг шийдвэрлэж чадахгүй бол юу хийж чадах вэ? Хүмүүс зарим нэг өвчнөөр дамжуулан цэвэршүүлэгдэх ёстой бөгөөд цэвэршүүлэгдэж байхдаа тарчлалыг тэсвэрлэж чадахгүй залбирч, эрж хайж эхэлдэг хүмүүс байдаг. Өвчин тусахаасаа өмнө чи задарсан, ичгүүргүй байдаг, харин өвчин чамайг хүмүүжилтэй болгодог. Чи ичгүүргүй хэвээр байж чадна гэж үү? Үг бүр чинь үхээнц байх үед чи хүмүүст сургамжилсаар, биеэ тоосоор байж чадах уу? Тийм үед чи юуг ч биш зөвхөн өвчин шаналлыг дуусаасай л гэж хүсдэг, юу идэх, юу өмсөх, юуг таашаах талаар боддоггүй. Та нарын ихэнх нь ийм мэдрэмжийг туулах болоогүй байгаа. Мэдрэх үедээ та нар ойлгох болно(Эцсийн өдрүүдийн Христийн яриа номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”). Өвчнийг хэрхэн туулах ёстой тухайд Бурханы үг бидэнд хэрэгжүүлэх замыг харуулдаг. Хэдийгээр зарим өвчин байгалийн жамаар үүсдэг боловч ямар ч шалтгаангүйгээр тохиолддоггүй өөр бусад өвчин бас байдаг бөгөөд Бурхан бидний завхрал, тэрслүү байдлыг цэвэрлэж, өөрчлөх гэсэндээ тэдгээрийг бэлддэг учраас эдгээр өвчний цаана Бурханы сайн санаа зорилго, сайхан хүсэл байдаг билээ. Сатан биднийг маш гүн гүнзгий завхруулж, бид биеэ тоосон, ихэрхүү, аминчхан, жигшүүртэй, зальхай, өв мэхтэй, хорон муу, шунахай байх гэх зэрэг сатанлаг зан чанараар дүүрсэн учраас өөрийн эрхгүй нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг. Жишээлбэл, бид Бурханы төлөө ажиллаж, номлохдоо байнга онгирдог бөгөөд хэчнээн их зовж, хэр хол явж, хэчнээн их ажил хийсэн тухайгаа гайхуулж, үүнээс үүдэн ах эгч нар биднийг шүтэн, хүндэлж, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх зайгүй болдог. Заримдаа бид нэр нүүр, байр сууриа хамгаалахын тулд худал хэлж, хүмүүсийг хуурахаас өөр аргагүй байдаг бөгөөд үргэлж хүмүүсийн нүүрэн дээр нэг зүйл хэлж, ар хударгаар нь өөр нэг зүйл хэлдэг. Заримдаа хамтран зүтгэгчид маань биднээс дээр номлол хийж, ах эгч нар бүгд тэднийг сонсох хүсэлтэй байгааг хараад бид атаархан хорсож, хэнийг ч өөрсдөөсөө сайн, илүү дээр байхыг хүсэлгүй, тэднийг шүүн, дорд үзэж, гадуурхахдаа тулдаг. Заримдаа зүрх сэтгэл маань ёрын муу чиг хандлагад татагдан, бид мөнгөтэй зууралдаж, материаллаг зүйлсийг эдэлдэг бөгөөд Бурханаас зайлж, үнэнийг эрэлхийлдэггүй. Эдгээр нь ердөө л зах зухын жишээ юм. Бурхан биднийг сэрээж, Өөрийг нь эсэргүүцэж, тэрсэлдгийг болиулах гэж, мөн Сатаны эзэмшил дор хууртагдаж, хорлуулахгүй байлгахын тулд өвчин ашиглан бидэнд өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө мэдэж, Бурхан руу амжиж эргэх боломж олгодог. Энэ нь Библи дэх: “Учир нь Өөрийнхөө хайрладаг хүнийг Эзэн сахилгажуулдаг” (Еврей 12:6) хэмээх үгийг яг биелүүлдэг билээ. Иймээс бид өвчин тусах үедээ Бурханы өмнө очин залбирч, Бурханы хүслийг эрж хайж, Бурхантай харилцах харилцаагаа эргэцүүлж, Бурханы хүсэл, шаардлагын эсрэг ямар нэг зүйл хийсэн эсэхээ эргэцүүлэх ёстой. Залбирч, эрж хайн, эргэцүүлэх явцад Бурхан биднийг гэгээрүүлж, залж чиглүүлнэ, ингэснээр бид завхрал, тэрслүү байдлаа тодорхой харахын зэрэгцээ Бурханы зөвт, ариун байдлыг ойлгон, Бурхан нүгэлд амьдарч байгааг маань үзэн ядаж, Өөрийнх нь үгийг хэрэгжүүлэн, хүний төрхийг амьдран харуул хэмээх үгийнх нь дагуу амьдрах үед маань баярладаг гэдгийг ойлгож авдаг. Биднийг аврах гэсэн Бурханы нөр их хөдөлмөрийг бид эндээс ухаарч, зүрх сэтгэл маань Түүнийг хүндлэхээс өөр аргагүй байдаг бөгөөд бид завхарсан зан чанараа улам их үзэн яддаг болж, мөн дараа нь гэмшиж, өөрчлөгдөн, амийг эрэлхийлхээр шийддэг билээ.

Энэ тухай нэг эгч туршлагаа хуваалцахыг би нэг удаа сонссон юм. Тэр эгч нэг өдөр гэнэтхэн ханиад хүрчээ. 39 хэм хүртэл халуураад, тариа хийлгэж, эм уугаад ч өвчин нь намжсангүй. Тэгээд, “Ханиад минь огт дээрдэхгүй байна. Бурханы хүсэлд нийцэхгүй зүйл хийснээс болсон юм болов уу?” гэж гайхахаас өөр аргагүй байв. Эгч Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очоод, өнгөрсөн хэд хоног дахь нөхцөл байдлаа эргэцүүлжээ. Чуулганы удирдагчийн албыг авснаасаа хойш тэр номлол хийж, зарим ажлыг гүйцэтгэж чадсан төдийгүй ах эгч нарынхаа зарим нэг асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чадсан тул өөрийгөө үнэнийг эрэлхийлэхдээ сайн агаад бусдаас дээр хэмээн бодож, өөртөө тун сэтгэл хангалуун байж, өөрийгөө асар их биширсэн байв. Ажилд нь байгаа зарим сул талыг хамтран зүтгэгчид нь хэлж өгөхөд эгч гаднаа хүлээн зөвшөөрсөн мэт царай гаргавч, зүрх сэтгэл нь хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд заримдаа үйлдлээ хамтран зүтгэгчдэдээ зөвтгөхөөр оролддог байжээ. Хамтран зүтгэгчид нь чуулганы ажлын талаар зарим үндэслэлтэй санал хэлэх үед эдгээр нь үнэнтэй нийцтэй эсэхийг бодож тунгаалгүй, харин ч өөрийн үзэл бодолтой зууралдаж, хамтран зүтгэгчдийнхээ санал, бодлоос татгалзжээ. Үүнээс үүдэн тэр эгч Бурханд үйлчлэхдээ хамтран зүтгэгчидтэйгээ эв найртай ажиллаж чадахгүйд хүрч, чуулганы ажилд саад тотгор учруулсан байв. Өөрийгөө эргэцүүлсний дараа тэрээр хэтэрхий биеэ тоосон, их зантай байснаа болон үнэнийг хүлээн зөвшөөрч, захирагдаагүй, Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байгаагүй, мөн өөрийнхөө амийг хохироогоод зогсохгүй чуулганы ажилд тээр болж байсан гэдгээ ухаарсан юм. Тэр эгч Сатаны завхралд автсан хүн байснаа ухаарсан бөгөөд Бурханы удирдамж байгаагүй бол ямар ч ажлыг огт хийж чадахгүй байсан гэдгээ мөн ойлгожээ. Эгч жаал жуул ажил хийж, зарим ах эгчийн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэж чадсан нь тэр чигтээ Бурханы ажлын гавьяа байсан бөгөөд суу алдрыг нь хулгайлах гэсэн эгчийн оролдлогод Бурханы ой гутсан байв. Үүний зэрэгцээ, үүргээ биелүүлэх явцдаа үнэнийг эрэлхийлж, ах эгч нартай эв найртай хамтран ажиллаж, хүн бүрийн давуу талыг гарган ирж, хүн бүрийг нэг нэгнийх нь давуу талаас суралцуулж, Бурханы өөрсдөд нь даалгасан ажлыг хамтдаа биелүүлэхийг нь Бурхан хүсдэг, учир нь энэ маягаар л чуулганы ажил улам сайн хийгдэх болно гэдгийг тэр эгч ойлгож авчээ. Ийнхүү ойлгосныхоо дараа эгч маш их ичиж, харуусаж, Бурханд даруйхан гэмшиж, нүглээ улайсан юм. Тэгээд Бурханы үгийн дагуу үнэнч хүн байхыг хэрэгжүүлж, өөрийнхөө завхралын тухайд ах эгч нартайгаа маш нээлттэй байх болжээ. Үүний дараагаас тэр эгч чуулганы ажлыг гүйцэтгэж, ах эгч нарынхаа асуудлыг амжилттай шийдвэрлэх үедээ Бурханд талархал, магтаалаа өргөн, алдар сууг Бурханд өргөдөг болжээ. Бурханд үйлчлэхээр хамтран зүтгэгчидтэйгээ цуг ажиллаж байхдаа тэр эгч өөрийгөө ухамсартайгаар үгүйсгэж чаддаг байсан бөгөөд аливаа хамтран зүтгэгчийн санал үнэнтэй нийцтэй, чуулганы ажилд тустай л байвал үргэлж хүлээн зөвшөөрдөг болов. Эгч энэ маягаар хэрэгжүүлж эхлэх үед бие нь сайжирч, нэг л мэдэхэд өвчин нь дээрджээ. Энэхүү туршлагынхаа дараа тэрээр өвчин хүмүүст маш их ашиг тустайг ойлгосон юм, учир нь үнэндээ энэ нь хүнийг гэх Бурханы жинхэнэ хайр, хамгаалалт байв. Туршлагынхаа үеэр тэр бас Бурханы зөвт зан чанарын тухай зарим мэдлэгийг олж авчээ: Завхралд амьдарч, зүг чигээ өөрчлөх ёстойгоо мэдэлгүй байхад нь Бурхан өвчин ашиглан эгчийг сахилгажуулсан бөгөөд зүрх сэтгэлээ тайван болгож, өөрийгөө эргэцүүлэхэд түүнийг хүргэжээ; түүнийг Өөр лүү нь эргэх үед Бурхан завхарсан зан чанарыг нь мэдүүлж, Өөрийн хүслийг ойлгуулахын тулд залж чиглүүлж, гэгээрүүлсэн юм; эгч Бурханд гэмшин, үнэнийг хэрэгжүүлж эхлэх үедээ Ариун Сүнсний ажлыг эдэлж, өвчин нь аажмаар дээрджээ. Бурхан хажууд маань байж, завхралаас биднийг аврахын тулд бодитоор ажиллаж байдгийг тэр эгч ухаарч авсан юм. Түүнчлэн өвчин тусах үедээ бид Бурханд залбирч, Бурханы хүслийг ухаарч, өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө мэдэх замаар үүнээсээ олон сургамж авч болох бөгөөд өвчин бол үнэндээ үнэн рүү орох гойд сайхан боломж юм гэдгийг бас ойлгож авчээ.

3. Өвчнөөр шаналж байхдаа Бурханд итгэж, Түүний төлөө гэрчлэлд зогс

“Эцэг эх нь удаан хугацаагаар өвдвөл хамгийн ачлалтай хүү ч орхин явдаг”, “Хүний сэтгэлийг цаг хугацаа харуулдаг” гэх зэрэг үг бий. Бид дөнгөж өвдөх үедээ үүнийгээ туулах итгэлтэй хэвээр байдаг; Бурханд залбирч, өөрсдөдөө асуудал байгаа эсэхийг судалж, буруу байдлаа засаж залруулахад анхаарч чаддаг. Гэвч өвчин маань бахь байдгаараа байж, дээрдэхгүй бол Бурханд үндэслэлгүй шаардлага тавьж, тэр ч бүү хэл Бурханыг буруутган, буруугаар ойлгож эхэлдэг. Тэгвэл ийм нөхцөл байдлыг бид хэрхэн туулах ёстой вэ? Бурханы хүсэл юу вэ? Бурханы үгэнд ингэж хэлсэн байдаг, “Шалгалтыг туулж байхдаа хүмүүс сул дорой болж, дотроо сөрөг байдал тээж, Бурханы хүсэл болон хэрэгжүүлэлтийн замыг ойлгож чадахгүй байх нь хэвийн юм. Гэвч ямар ч тохиолдолд чи Бурханы ажилд итгэлтэй байж, яг л Иов шиг Бурханыг үгүйсгэхгүй байх ёстой. Хэдийгээр Иов сул дорой байж, төрсөн өдрөө хараасан боловч Ехова хүний амьдрал дахь бүх зүйлийг хайрласан, мөн Ехова бол тэднийг бүгдийг нь авч явах Нэгэн мөн гэдгийг тэр үгүйсгээгүй. Түүнийг яаж ч шалгасан тэр энэ итгэлээ хадгалсан. Туршлагынхаа явцад чи Бурханы үгээр дамжуулан ямар цэвэршүүлэлт туулах нь хамаагүй, хүн төрөлхтнөөс Бурханы шаарддаг зүйл бол товчхондоо тэдний итгэл, Өөрийг нь гэх хайр юм. Ийм байдлаар ажилласнаараа Тэр хүмүүсийн итгэл, хайр, тэмүүллийг төгс болгодог. Бурхан төгс болгох ажлыг хүмүүс дээр хийдэг бөгөөд хүмүүс үүнийг харж, мэдэрч чаддаггүй; ийм нөхцөлд чиний итгэл шаардлагатай. Юмыг энгийн нүдээр харах боломжгүй үед хүмүүст итгэл шаардлагатай болдог бөгөөд үзлээ орхиж чадахгүй үед чинь чамд итгэл хэрэгтэй байдаг. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй байх үедээ чиний хийх ёстой зүйл бол итгэлтэй байж, дороо бат зогсож, гэрчлэлд зогсох юм. Иов энэ цэгт хүрэх үед Бурхан түүнд харагдаж, түүнтэй ярьсан. Өөрөөр хэлбэл, итгэл дотроосоо л чи Бурханыг харж чадах бөгөөд итгэл байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно. Итгэл үгүй бол Тэр үүнийг хийж чадахгүй. Чиний олж авахаар найдаж байгаа бүхнийг Бурхан чамд хайрлана. Чамд итгэл байхгүй бол төгс болгуулж чадахгүй бөгөөд чи Бурханы үйлсийг харж чадахгүй, Түүний төгс хүчийг харж бүр ч чадахгүй. Бодитой туршлагаараа Түүний үйлдлийг харна гэсэн итгэл чамд байгаа үед Бурхан чамд харагдаж, Тэр чамайг дотроос чинь гэгээрүүлж, чиглүүлэх болно. Ийм итгэл үгүй бол Бурхан үүнийг хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд найдах найдвараа алдсан бол Түүний ажлыг хэрхэн туулж чадах юм бэ? Тиймээс чамд итгэл байгаа бөгөөд Бурханд эргэлзэх эргэлзээ тээгээгүй үед л, Түүнийг юу ч хийсэн, Түүнд итгэх жинхэнэ итгэл чамд байгаа үед л туршлагаар чинь дамжуулан Тэр чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд тэр цагт л чи Түүний үйлдлийг харж чадна. Энэ бүхэнд бүгдэд нь итгэлээр дамжуулан хүрдэг. Итгэл зөвхөн цэвэршүүлэлтээр дамжин ирдэг бөгөөд цэвэршүүлэлт байхгүй бол итгэл бий болж чадахгүй. “Итгэл” хэмээх энэхүү үг юуг хэлдэг вэ? Итгэл гэдэг нь аливаа зүйлийг харж, барьж чадахгүй үед, Бурханы ажил хүний үзэлтэй нийцэхгүй үед, хүн хүрэхийн аргагүй үед хүнд байх ёстой жинхэнэ итгэл үнэмшил, чин үнэн зүрх сэтгэл юм. Энэ бол Миний ярьдаг итгэл юм. Бэрхшээл зовлон, цэвэршүүлэлтийн цаг үед хүмүүст итгэл хэрэгтэй бөгөөд итгэл нь цэвэршүүлэлтийг дагаж ирдэг зүйл юм; цэвэршүүлэлт, итгэл хоёрыг салгах боломжгүй. Бурхан яаж ч ажилласан, орчин нөхцөл чинь ямар ч байсан чи амийг эрэлхийлж, үнэнийг эрж хайж, Бурханы ажлын талаарх мэдлэгийг эрж хайж, Түүний үйлдлийн талаар ойлголттой байж, үнэний дагуу үйлдэж чаддаг. Ингэх нь жинхэнэ итгэлтэй байх явдал бөгөөд үүгээрээ чи Бурханд итгэх итгэлээ алдаагүй гэдгээ харуулдаг. Цэвэршүүлэлтээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхдээ туйлбартай байж чаддаг бол, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаг, Түүний талаарх эргэлзээ бий болгодоггүй бол, Тэр юу ч хийсэн Түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлсээр байдаг бол, Түүний хүслийг гүн гүнзгий эрж хайж, Түүний хүсэлд санаа тавьж чаддаг бол чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадна. Урьд нь чамайг хаан суух болно гэж Бурхан айлдахад чи Түүнийг хайрласан бөгөөд Тэр чамд Өөрийгөө ил тод харуулахад чи Түүнийг эрж хайсан. Гэвч одоо Бурхан нуугдсан, Түүнийг харж чадахгүй, чамд саад тотгор таарсан энэ үед чи одоо Бурханд найдах найдвараа алдах уу? Тэгэхээр чи цаг үргэлж амийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангахаар эрж хайх ёстой. Үүнийг л жинхэнэ итгэл гэдэг бөгөөд энэ бол хамгийн үнэн, хамгийн сайхан хайр билээ(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Бурхан биднийг аврах явцдаа биднийг шалгаж, цэвэршүүлэх элдэв янзын нөхцөл байдлыг бэлдэн, үүгээр бидний завхарсан зан чанар, итгэлийн маань бузрыг ил болгон, ариусгах болно гэдгийг бид Бурханы үгээс ойлгодог. Үүний зэрэгцээ Бурхан Өөрт нь итгэх итгэл, хайрыг маань төгс болгодог. Өвчин бол Бурхан биднийг туршдаг нэг арга зам бөгөөд үүнийг туулангаа бид Бурханд итгэсээр байх ёстой юм. Өвчин маань дээрдсэн ч бай, үгүй ч бай, бид Бурханд үндэслэлгүй шаардлага тавихын оронд бүтээгдсэн зүйлийн байранд үргэлжлүүлэн зогсож, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдан, Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой билээ.

Жишээлбэл, Библид тэмдэглэснээр Иов Бурханы замыг даган, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан юм. Бурхан Иовын итгэлийг сайшаан, Түүний нүдээр Иов бол төгс хүн хэмээн хэлжээ. Гэвч Сатан үүнд үнэмшилгүй, Иовоор Бурханыг үгүйсгүүлж, Бурханаас урвуулахыг хүссэн тул олон удаа Иовыг уруу татаж, биеийг нь хөлөөс толгой хүртэл хөндүүртэй яр хатгинд бариулсан юм. Иов асар их шаналсан боловч Бурханы эсрэг гомдоллохгүй бөгөөд харин “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэв. Иймэрхүү ухаалаг үг хэлж, эцэст нь Бурханд хийх гэрчлэлдээ бат зогссон билээ. Иов өдөр тутмын амьдралдаа Бурханы бүтээсэн бүх зүйлийн дотроос Бурханы төгс хүчин, дээд эрх, мөн хүнийг гэх Бурханы хайрыг мэдэрсэн тул энэхүү шалгалтыг туулж байхдаа нүгэлт үг хэлэхээс зайлсхийж чадсан юм; тэрээр Бурханы зохион байгуулалтад захирагдах ёстой бүтээгдсэн зүйлээс цаашгүй гэдгээ маш сайн мэдэж байлаа. Бие махбодын өвдөлтөөсөө үүдэн асар их тарчилсан боловч тэрээр зүрх сэтгэлдээ Бурханаас үргэлж эмээн, өөрт нь тохиолдож байгаа зүйлийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаж, өвчиндөө баригдахгүй байж чадсан бөгөөд эцэст нь Сатан ичсэндээ зугтсан юм. Иймээс Бурхан Иовыг сайшааж, салхин дунд үзэгдэн Иовтой ярьжээ. Иовын Бурханд итгэх итгэл ийм шалгалтаар дамжин дэвшсэн бөгөөд Иов ийм шалгалтыг нандигнан таашааж, зүрх сэтгэл нь амар амгалан, баяр баяслаар дүүрч байлаа. Зарим өвчин нь Бурханы туршилт байдаг боловч бид завхарсан зан чанартай учраас эдгээрийг бас Сатаны уруу таталт гэж хэлж болох юм гэдгийг бид Иовын шалгалтаас харж болно. Сатан өвчин ашиглан Бурханд итгэх итгэлийг маань сүйтгэж, биднээр Бурханд гомдоллож, Бурханаас урвуулж, Бурханыг орхиулахыг хүсдэг. Гэвч Бурхан Сатаны зальжин явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг бөгөөд өвчнөөр дамжуулан Өөрт нь итгэх итгэлийг маань төгс болгодог. Хувь заяа маань Бурханы гарт байгаа, Бурхан бидний хэзээ төрөх, хэзээ үхэх, ямар өвчин тусахыг шийддэг гэдэгт бид итгэдэг бөгөөд Бурханд энэ бүхнийг даатгаж, Түүний зохион байгуулалтад захирагдахаар сонгох нь бидний хийж болох хамгийн зөв сонголт юм. Энэ маягаар бид Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж чадах бөгөөд өвчнөөр хязгаарлагдахаа больж, Бурханыг шүтэн мөргөхийн тулд бүтээгдсэн зүйлийн байранд зогссоор байж чаддаг; мөн Бурханд зохих ёсоор ойртон, үнэнийг зохих ёсоор сайтар эрэлхийлж чаддаг; бид бүтээгдсэн зүйлийн үүргийг тууштай гүйцэтгэн, Бурхан өвчнийг маань эдгээсэн ч бай, үгүй ч бай үүнтэй тайвнаар нүүр тулж чаддаг; насан туршдаа өвчтэй байлаа ч гэсэн бид гомдоллохын оронд Бурханд итгэх, үнэнийг эрэлхийлэхдээ тууштай байж, үүргээ чадах чинээгээрээ биелүүлж чадах бөгөөд бидний амийн өсөлтөд өвчин маань саад болохыг зөвшөөрөхгүй. Энэ бол Бурханы өмнө бидний хийх ёстой гэрчлэл бөгөөд энэ маягаар хэрэгжүүлснээр зүрх сэтгэл маань тайван, амгалан болно.

Эцэст нь гэвэл, бид өвчин тусах үедээ өөрсдийгөө шинжиж, Бурханы ажлыг туулангаа итгэлдээ түшиглэн үүнийг давж гарахын зэрэгцээ эмнэлгийн тусламж авахаар сонгож болно гэдгийг анхаарах ёстой—энэ тухайд ямар ч дүрэм байдаггүй. Хамгийн чухал нь бид үүнээс үнэнийг олж авч, аминд маань ахиц дэвшил гарч, үр бүтээлтэй байж чадах юм.

Ах эгч нар аа, энэ дэлхийд амьдрахдаа бид өвчин шаналал, амьдралын гачигдал, гэр бүлийнхээ хавчлага болон ертөнцийн хүмүүсийн гүжирдлэг зэрэг хэзээ ч төсөөлөөгүй зүйлтэйгээ өдөр бүхэн учирна. Христэд итгэгчдийн хувиар бид элдэв янзын шалгалтаас Бурханы хүслийг хэрхэн эрж хайж, ойлгон, сургамж авч, үнэнийг олж авах вэ гэдэг нь бидний эрж хайж, орох ёстой зүйл юм. Дээр нөхөрлөсөн хэрэгжүүлэлтийн гурван зарчим нь өвчний саад тотгорыг давахад чинь тус болно гэж би найдаж байна, мөн ах эгч нар шалгалт болгонд Бурханы хүслийг ойлгож, үнэнийг олж авч, гэрчлэлд зогсож чадаасай гэж үнэхээр хүсэж байна. Бурхан биднийг залж чиглүүлж, ерөөх болтугай. Амен.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Христэд итгэгчид сүнслэг тулаанд Сатаны уруу таталтыг даван туулах 3 арга зам

Христэд итгэгчдийн хувьд Сатаны заль мэхийг танин мэдэж сурах нь шийдвэрлэх чухал юм. Иймээс сүнслэг тулаан дундаас Сатаны заль мэхийг нэвт шувт харж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох боломжтой байхын тулд бид юу хийж чадах вэ? Сатаны сорилтыг ялан дийлэх хэрэгжүүлэлтийн гурван замын талаар би та нартай нөхөрлөмөөр байна.

Messenger дээр бидэнтэй холбоо барих