5. Хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг

Холбогдох Бурханы үг:

Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь уучлагдсан хүмүүсийг нүглээс нь гэтэлгэж, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс ангижруулж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно. Тиймээс ажлын гурван үе шатанд Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн гүйцэтгэхийн тулд Бурхан хоёр удаа л махбод болсон юм. Яагаад гэвэл, ажлын гурван үе шатны ердөө нэг нь л хүмүүсийн амьдралыг залж чиглүүлэх явдал байсан, харин нөгөө хоёр нь авралын ажлаас бүрддэг. Бурхан махбод болсноор л хүмүүстэй хамт амьдарч, дэлхий ертөнцийн зовлонг туулж, хэвийн махан биед амьдарч чадна. Зөвхөн ийм маягаар л Тэр, бүтээгдсэн зүйлийн хувиар хүмүүст хэрэгтэй байдаг бодитой үгээр хүмүүсийг хангаж чадна. Хүн бие махбодтой болсон Бурханаар дамжуулан Бурханаас бүрэн аврал хүртдэг болохоос биш, залбирлынхаа хариуд тэнгэрээс шууд хүртдэггүй. Хүн мах, цуснаас бүрдсэн учраас Бурханы Сүнсэнд ойртох нь бүү хэл, Түүний Сүнсийг харах ямар ч аргагүй байдаг. Хүн Бурханы махбод болсон биетэй л харилцаж чадах бөгөөд үүгээр л дамжуулан бүх зам, бүх үнэнийг ойлгож, бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь удаа бие махбодтой болох нь хүний нүглийг арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай байх болно. Иймд хоёр дахь удаа бие махбодтой болоход махбод дахь Бурханы бүх ажил төгсөж, Бурхан бие махбодтой болохын ач холбогдол бүрэн гүйцэд болно. Энэ үеэс махбод дахь Бурханы ажил бүхэлдээ дууссан байх болно. Хоёр дахь удаа бие махбодтой болсныхоо дараа Тэр гурав дахь удаа бие махбодтой болох ажлыг хийхгүй. Учир нь Түүний удирдлага бүхэлдээ төгсчихсөн байна. Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан Өөрийн сонгосон хүмүүсийг бүрэн олж авсан байх ба эцсийн өдрүүд дэх хүмүүс бүгд төрлөөрөө ангилагдсан байх болно. Тэр авралын ажлыг дахин хийхгүй, мөн ямар нэг ажил хийхийн тулд махбодод ч эргэн ирэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Эхний удаа бие махбодтой болохдоо Бурхан бие махбодтой болсон Бурханы ажлыг гүйцэлдүүлээгүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг гүйцээсэн ба Бурхан үүнийг махбодоор хийх шаардлагатай байв. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махбодод эргэн ирээд махбодын бүх л хэвийн, бодитой байдлыг амьдран харуулдаг, өөрөөр хэлбэл, Бурханы Үгийг бүхэлдээ хэвийн, эгэл махбодоор илэрхийлж, улмаар махбодоор хийж чадалгүй орхисон ажлаа гүйцээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү хэвийн байдаг. Үүний үр дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн туулдаг зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махбод дахь Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд завхарсан хүний зовлонгоос ялгаатай байдаг. Энэ нь бас Түүний махбодын хэвийн, бодитой байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг туйлын хэвийн, бодитой махбодоор хэрэгжүүлдэг учраас махбод нь асар их зовлон зүдүүрийг туулах ёстой. Энэхүү махбод хэвийн, бодитой байх тусам Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхдээ төдий чинээ их зовно. Бурханы ажил огтхон ч ер бусын биш, маш эгэл жирийн махбодоор илэрхийлэгддэг. Түүний махбод хэвийн бөгөөд хүнийг аврах ажлыг ч бас үүрэх ёстой учраас Тэрээр ер бусын махан биеэс ч илүү их зовдог—энэ бүх зовлон нь Түүний махбодын бодитой, хэвийн байдлаас үүсэн гардаг. Бурханы махбод болсон хоёр биеийн үйлчлэлээ гүйцэтгэх явцдаа туулсан зовлонгоос бие махбодтой болохын мөн чанарыг харж болно. Махбод нь хэвийн байх тусам ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээл туулах ёстой байдаг; ажлыг хийж буй махбод бодитой байх тусам хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу болдог, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай байдаг. Түүнчлэн махбод нь бодитой байх тусам, мөн махбод нь хэвийн хүний бүрэн эрүүл ухаан болон хэрэгцээтэй байх тусам Тэр Бурханы ажлыг махбодоор хийх төдий чинээ чадвартай байдаг. Есүсийн махбод загалмай дээр цовдлогдсон, Тэр Өөрийн махбодыг нүглийн тахил болгосон; хэвийн хүн чанартай махбодын тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг загалмайнаас бүрэн аварсан. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь бүрэн төгс махбодоор байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялдаг. Бүрмөсөн хэвийн, бодитой махбод л байлдан дагуулалтын ажлыг бүхэлд нь хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах нь ер бусын ид шид, илчлэлээр бус, махбод дахь Бурханы бодитой, хэвийн байдлаар дамжин үр дүнд хүрдэг. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь үг хэлж, улмаар хүнийг байлдан дагуулж, төгс болгох явдал юм; өөрөөр хэлбэл, махбодод биеллээ олсон Сүнсний ажил буюу махбодын үүрэг нь үг хэлж, тэгснээрээ хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдан хаях явдал билээ. Иймээс байлдан дагуулалтын ажлаар дамжуулан махбод дахь Бурханы ажил бүрэн гүйцэлдэнэ. Эхний золин авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө л эхлэл байсан; байлдан дагуулалтын ажлыг хийдэг махбод нь бие махбодтой болохын бүх ажлыг гүйцээнэ. Хүйсийн хувьд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй бөгөөд үүгээр Бурхан бие махбодтой болохын утга учрыг биелүүлж, Бурханы талаарх хүний үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль нь ч болж чадах ба мөн чанартаа бол бие махбодтой болсон Бурхан хүйсгүй юм. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн бөгөөд Түүний хувьд хүйсийн ялгаа байхгүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар үр дүндээ хүрнэ. Түүнчлэн, үүний шалтгаан нь энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажил бол өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах явдал биш, харин үгээ хэлж, хүнийг байлдан дагуулах явдал юм, өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлх чадвар нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх, хүнийг байлдан дагуулах билээ. Хэвийн хүн чанараар хийдэг Түүний ажил ид шидийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үг хэлэх явдал тул Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хавьгүй илүү хэвийн мэт санагддаг. Бурхан бие махбодтой болох нь худал биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд хоёулаа бие махбодтой болсон Бурхан мөн хэдий ч Тэд ав адилхан биш. Есүс хэвийн хүн чанартай, жирийн хүн чанартай байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшиг дагалдаж байсан. Энэ удаа бие махбодтой болсон Бурханаас хүн ямар ч тэмдэг, гайхамшиг харахгүй, өвчтэйг эдгээж байгааг ч, чөтгөрийг зайлуулж байгааг ч, тэнгис дээгүүр алхахыг ч, эсвэл дөчин өдрийн турш мацаг барихыг ч харахгүй… Тэр Есүсийн хийсэнтэй адилхан ажлыг хийдэггүй бөгөөд энэ нь Түүний махбод мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас тэр юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажлыг үймүүлдэггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээр хүнийг байлдан дагуулдаг тул хүнийг ид шидээр эрхшээлдээ оруулах гэсний хэрэггүй, иймээс энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөхийн төлөө байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Бие махбодтой болохын утга учир Есүсийн ажлын үе шатанд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүхэлдээ махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махбод дахь Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин авралын ажлыг л хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэгэнтээ махбод болсон. Ажлын энэ үе шатыг ч бас эгэл жирийн махбодоор хийдэг; хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш, туйлын хэвийн хүн үүнийг хийдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бүрэн төгс хүн болсон; Тэр бол уг ажлыг хэрэгжүүлж буй Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махбод юм. Хүний нүдээр Тэр бол огтхон ч ер бусын биш махан бие бөгөөд хурлын том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигтай тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг тун эгэл жирийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхний махбодын ажилтай тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлын юуг ч энэ удаа харж чадахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхний удаагийнхаас ялгаатай ч Тэдний эх сурвалж ав адилхан биш гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; ингэж бие махбодтой болсон нь нэг нэгнээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр танин мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу хүний оюун ухааны чадвараас хэтийдсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие адилхан эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу, эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийсэн ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил тогтсон заншлыг мөрддөггүй, харин тухай бүрдээ шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүсийн оюун санаан дахь эхний махбодын талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын аль ч тусгаар үе шат нь хүнд Бурханы талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; үе шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч хүний ойлгох чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх мэдлэг нь хагас хугас хэвээр үлддэг. Хүний хэлийг ашиглаад Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй; түүнчлэн, Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж яахан чадах билээ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж болно. Олон янзын ажлаар нь дамжуулан Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм маягаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд хязгаарлагдаагүй, бүрэн дүүрэн мэдлэгтэй болж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Есүсийн гүйцэтгэсэн ажлын үе шат “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг л биелүүлсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байж, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба тэрхүү махбодоос салшгүй байв. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийн бүр ч том нотолгоо юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг яг таг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдгийг илүү гүн утга учиртай болгосон бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгэнд бат итгэх боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үед Бурханд үг байсан, Түүний үг Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн эрин үед Тэрээр Өөрийн үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгон, хүнд Өөрийн бүх арга замыг харуулж—бүх үгээ сонсгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлийг нэгд нэггүй ойлгож авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх асуудал биш, харин махбод болон Үгийг ойлгох тухай юм. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл, хүн бүрийн мэдэх ёстой зүйл билээ. Энэ бол хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил—Бурхан махбод болдог сүүлчийн удаа учраас бие махбод болохын ач холбогдлыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж, махбод дахь Бурханы ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлэн, гаргаж, махбод дахь Бурханы оршихуйн эринийг төгсгөл болгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 4

Энэ үе шатанд бие махбодтой болсон Бурхан зовлон бэрхшээл туулж байсан ч, эсвэл Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байсан ч, бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө үүнийг хийдэг, учир нь энэ бол Бурхан сүүлчийн удаа бие махбодтой болж байгаа хэрэг юм. Бурхан ердөө хоёр удаа л бие махбодтой болж чадна. Гурав дахь удаа гэж байхгүй. Эхний бие махбод нь эрэгтэй байсан, хоёр дахь нь эмэгтэй, иймээс Бурханы махбодын дүр хүний оюун санаанд гүйцэлдсэн; түүнчлэн, хоёр удаа бие махбодтой болсон нь махбодоор хийх Бурханы ажлыг аль хэдийн дуусгасан. Эхний удаад бие махбодтой болсон Бурхан, бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн тулд хэвийн хүн чанарыг эзэмшиж байсан. Энэ удаа ч Тэр бас хэвийн хүн чанартай байдаг, гэхдээ энэ удаа бие махбодтой болсны утга учир нь өөр: Энэ нь илүү гүн гүнзгий бөгөөд Түүний ажил илүү гүн ач холбогдолтой. Бурхан дахин нэг удаа махбод болсны шалтгаан нь бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө байдаг. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг бүрмөсөн дуусгах үед бие махбодтой болохын бүхий л утга учир буюу махбод дахь Бурханы ажил дуусах ба махбодоор хийгдэх өөр ажил цаашид байхаа болино. Өөрөөр хэлбэл, одоогоос эхлээд Бурхан Өөрийнхөө ажлыг хийхийн тулд дахин хэзээ ч махбодод ирэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй хэлбэрээр ирсэн бол Бурхан энэ удаад эмэгтэй хэлбэрээр ирсэн. Үүнээс чи, Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн нь Өөрийнх нь ажилд Түүнд хүйсийн ялгаа байдаггүй. Түүний Сүнс ирэхдээ Өөрийн хүссэн ямар ч махбодыг сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлж чадна; эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, Түүний махбод болсон бие мөн л бол Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэхдээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол, өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш, харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын одоогийн үе шатыг эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан, тэгсэн ч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байв. Үе шат бүрд хийгдсэн ажил өөрийн гэсэн ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, нөгөөтэйгөө ч зөрчилддөггүй. Тухайн үед, Есүс Өөрийн ажлыг хийж байхдаа цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд “Хүү” гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулдаг. Тэгвэл одоогийн энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурддаггүй вэ? Яагаад гэвэл, ажил нь Есүсийнхээс өөр хүйстэй байхыг шаардсан юм. Бурханы хувьд хүйсийн ялгаа ер байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махбод болсон бөгөөд эцсийн өдрүүдийн үеэр бие махбодтой болдог нь сүүлчийнх гэдэг нь илэрхий юм. Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг мэдэгдэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махбод болоогүй бол, Бурхан эмэгтэй биш, зөвхөн эрэгтэй гэсэн үзэлтэй хүн үүрд зууралдах байлаа. Үүнээс өмнө, Бурхан зөвхөн эрэгтэй байж болох бөгөөд эмэгтэй хүнийг Бурхан гэж нэрлэж болохгүй гэж бүх хүн итгэдэг байв, учир нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж тэд итгэдэг байлаа. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, эрэгтэй хүнээс илүү байж болохгүй гэж ч хэлдэг байв. Урьд нь, эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед энэ нь могойд мэхлэгдсэн Адам, Евад чиглэсэн болохоос бус, анх Еховагийн бүтээсэн эрэгтэй, эмэгтэй хүн рүү чиглээгүй юм. Мэдээж эмэгтэй хүн нөхөртөө дуулгавартай байж, түүнийг хайрлах ёстой, нөхөр нь гэр бүлээ тэжээж, тулж түшиж сурах ёстой. Энэ нь Еховагийн тогтоосон хууль, зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой. Ехова эмэгтэй хүнд, “Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор хэвийн амьдралаар амьдарч, хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай, зөв зохистой дэг журмаа алдахгүй байгаасай гэсэндээ Тэр ингэж хэлсэн юм. Тиймээс Ехова эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зөв зохистой дүрэм журам гаргасан, гэхдээ энэ нь газар дээр амьдарч байгаа бүх бүтээгдсэн зүйлд хамаатай байсан бөгөөд Бурханы махбод болсон биед ямар ч хамаагүй байлаа. Бурхан яаж Өөрийн бүтээсэн зүйлстэй адил байж болох юм бэ? Түүний үг Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн рүү л чиглэж байсан; хүн төрөлхтнийг хэвийн амьдралаар амьдруулахын тулд Тэр эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж дүрэм журам тогтоосон билээ. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ хоёр төрлийн хүнийг буюу эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; иймээс Түүний махбод болсон бие ч бас эрэгтэй, эмэгтэй болж хуваагддаг. Тэр Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ үндэслэн Өөрийн ажлыг шийдээгүй. Тэр хоёр удаа махбод болсон нь бүхэлдээ, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон, өөрөөр хэлбэл, ялзруулагдахаас өмнөх эрэгтэй, эмэгтэй хүнд үндэслэн Тэрээр хоёр удаа бие махбодтой болох ажлаа гүйцэтгэсэн юм. Хэрэв хүмүүс могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг аваад бие махбодтой болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч бас эхнэрээ хайрлах учиртай байсан бус уу? Тэгвэл Бурхан бас Бурхан хэвээр байх байсан уу? Хэрвээ тийм байсан бол Тэр Өөрийн ажлыг гүйцэлдүүлж мөн л чадах байсан уу? Хэрвээ Бурханы махбод болсон бие эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн асар том алдаа болохгүй гэж үү? Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болох нь буруу гэж хүмүүс итгэсээр байгаа бол гэрлээгүй, тийм ч болохоор Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүс одоогийн бие махбодтой болсон Бурхантай адил ихээхэн алдаатай байх бус уу? Өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг хэмжихдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг бол Нигүүлслийн эрин үед бие махбодтой болсон Эзэн Есүсийг үнэлэхдээ Адамд хэлсэн Еховагийн үгийг ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи могойд мэхлэгдээгүй эрэгтэйгээр Эзэн Есүсийг хэмждэг бол өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэйгээр хэмжиж болохгүй. Энэ нь шударга бус! Бурханыг ингэж хэмжиж байгаа нь чамд саруул ухаан дутаж байгааг нотолдог. Ехова хоёр удаа махбод болох үед Түүний махбодын хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан; могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүний дагуу Тэр хоёр удаа махбод болсон юм. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэр хоёр хоорондоо огт хамаагүй бөгөөд тэд бол өөр өөр шинж чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь Тэрээр бүх эрэгтэй хүний бус, бүх эмэгтэй хүний тэргүүн гэдгийг баталж байгаа хэрэг биш биз дээ? Тэр бүх Иудейн (эрэгтэй болоод эмэгтэй аль алийг нь багтаагаад) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн эмэгтэй хүний тэргүүн биш, бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүн байхын бэлгэ тэмдэг гэж чи яаж тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзарсан Адамтай адилхан эрэгтэй байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшдэг Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэр тохиолдолд Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова могойд мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нэгтгэх байсан уу? Өнөө үеийн бие махбодтой Бурхан нь хүйсээрээ Есүсээс ялгаатай боловч уг чанараараа адилхан бие махбодтой болсон Бурханы ажлын өөр нэг тохиолдол биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбодтой болсон Бурхан эмэгтэй байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх сурвалж тул Бурхан эмэгтэй хүнтэй адил махбод болж болохгүй гэж мөн л хэлж зүрхлэх үү? Чи, “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, хэзээ ч Бурханыг илэрхийлж, эсвэл шууд төлөөлж чадахгүй” гэж хэлж зүрхэлсээр л байна уу? Чи өмнө нь ойлгоогүй байсан боловч одоо ч гэсэн Бурханы ажлыг, ялангуяа Бурханы махбод болсон биеийг доромжилсоор байж чадах уу? Хэрвээ чи үүнийг тов тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, тэнэглэл болон мэдлэггүй байдал чинь илчлэгдэж, муу муухай чинь илрэх вий. Чи бүхнийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэг хэсгийг ойлгоход ч харсан, туулсан бүхэн чинь хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгвэл яагаад чи ийм ихэрхүү авирладаг юм бэ? Чиний өчүүхэн жаахан авьяас, туйлын бага мэдлэгийг Есүс Өөрийнхөө ажлын нэг секундэд ч ашиглахад хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Бүх насаараа харсан, сонссон, төсөөлсөн бүхэн чинь Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи өөнтөглөхгүй байсан нь дээр. Чи хүссэнээрээ биеэ тоож болно, гэхдээ чи бол шоргоолжны хэмжээнд ч хүрэхгүй бүтээлээс цаашгүй! Гэдсэн дотроо агуулдаг бүхэн чинь шоргоолжны гэдсэнд байдгаас ч бага! Бага зэрэг туршлага, зэрэг зиндаа олж авсан учраас энэ нь чамд цадиггүйгээр дохиж зангаж, сайрхах эрх олгодог гэж бүү бод. Чиний туршлага болон зэрэг зиндаа Миний айлдсан үгийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг шаргуу ажил, хөдөлмөрийн чинь үр дүнд ирсэн гэж итгэж байна уу? Өнөөдөр чи махбод болсныг минь харж байна, гагцхүү үүнээс л болж чиний дотор хангалттай баялаг ойлголт, хязгааргүй их үзэл байдаг. Хэрвээ Би бие махбодтой болоогүй бол чи ер бусын авьяастай байсан ч гэсэн ийм их уран сэтгэмжтэй болохгүй байх байсан; эдгээрээс чиний үзэл гарч ирдэггүй гэж үү? Хэрвээ Есүс анх махбод болоогүй байсан бол чи бие махбодтой болох талаар мэдэх байсан гэж үү? Эхний удаа бие махбодтой болсон нь чамд мэдлэг өгсөн болохоор хоёр дахь удаа бие махбодтой болсныг нь шүүх гэж оролдох эрээ цээргүй зан чамд байгаа бус уу? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг судалж шинжлэх ёстой юм бэ? Чамайг энэ урсгалд орж, бие махбодтой болсон Бурханы өмнө ирэх үед үүнийг судлахыг чинь Тэр чамд зөвшөөрөх үү? Чи гэр бүлийнхээ түүхийг судалж болно, гэтэл Бурханы “гэр бүлийн түүхийг” судлахаар оролдвол өнөөдрийн Бурхан ийм судалгаа хийхийг чинь зөвшөөрөх үү? Чи сохор бус уу? Чи жигшил зэвүүцэл төрүүлдэггүй гэж үү?

Хэрвээ эцсийн өдрүүдийн энэхүү үе шатан дахь ажлыг нэмэхгүйгээр зөвхөн Есүсийн ажил хийгдсэн бол, Есүс ганцаараа л Бурханы цорын ганц Хүү, өөрөөр хэлбэл, Бурханд цорын ганц хүү байдаг бөгөөд дараа нь өөр нэрээр ирсэн хэн боловч Бурхан Өөрөө байх нь бүү хэл, Бурханы цорын ганц Хүү ч биш гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байсан юм. Нүглийн тахил болон үйлчилж, эсвэл Бурханы өмнөөс эрх мэдлийг гартаа авч, бүх хүн төрөлхтнийг золин авардаг хүн л Бурханы цорын ганц Хүү юм гэсэн үзэл хүнд байдаг. Ирдэг Нэгэн нь эрэгтэй байх л юм бол Түүнийг Бурханы цорын ганц Хүү болон Бурханы төлөөлөгч гэж үзэж болно хэмээн итгэдэг зарим хүн байдаг бөгөөд Есүс бол Еховагийн Хүү, Түүний цорын ганц Хүү гэж хэлдэг ч хүмүүс бий. Энэ нь хүний хэтрүүлэгтэй үзэл биш гэж үү? Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй байсан бол Бурханы тухайд бүх хүн төрөлхтөн харанхуйн сүүдэрт хучигдах байв. Хэрвээ ийм байсан бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү дээр гэж бодох байсан ба эмэгтэйчүүд хэзээ ч толгой өргөн явж чадахгүй байх байсан, тэгвэл ганц ч эмэгтэй хүн аврагдаж чадахгүй байх байлаа. Бурхан бол эрэгтэй, түүнээс гадна Тэр үргэлж эмэгтэй хүнийг үзэн яддаг бөгөөд түүнд аврал хайрлахгүй байсан гэдэгт хүмүүс үргэлж итгэдэг. Хэрвээ ийм байсан бол Еховагийн бүтээсэн, бас ялзарсан бүх эмэгтэй хүн хэзээ ч аврагдах боломжгүй байх байсан бус уу? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл, Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан бус уу? Эмэгтэй хүн мөнхөд мөхөх байсан бус уу? Ийм шалтгааны улмаас, эцсийн өдрүүд дэх ажлын үе шат нь зөвхөн эмэгтэй хүнийг биш, харин бүх хүн төрөлхтнийг аврахын тулд хийгддэг. Бурхан эмэгтэй хүний дүрээр бие махбодтой болбол, тэр нь гагцхүү эмэгтэй хүнийг аврахын төлөө байна гэж хэн нэгэн бодох юм бол тэр хүн үнэхээр тэнэг юм!

Өнөөдрийн ажил Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажилд ахиц гарлаа. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед үндэслэн хийгддэг гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Яагаад гэвэл, өнөөдрийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба гинжин холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат Есүсийн хийсэн ажилд тулгуурлан хийгдээгүй гэж үзвэл энэ үе шатанд өөр цовдлол явагдах хэрэгтэй болох байсан бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утгагүй байх байлаа. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн юм. Ажлын энэхүү үе шат Хуулийн эрин үеийн суурин дээр, Есүсийн ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Бурханы ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхийн оронд хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил цовдлолын дараа болоогүй, одоо ирж байгаа минь Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүж эхэлдэг. Энэ үе шатан дахь ажил бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас, ийм ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод ямарваа төрлийн мах цусны барилдлагагүй ч Тэд бол хоёр өөр цаг хугацаанд бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн. Гэхдээ, Тэд нэг удам сударгүй, эсвэл нэг хэлээр ярьдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь Хятад хэлээр л ярьдаг эмэгтэй хүн). Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр улс оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Тэд адилхан мөн чанартай Сүнс хэдий ч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд адилхан хүн чанартай ч Тэдний махбодын гадаад төрх болон төрөлтийн нөхцөл байдал адилгүй. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог ба Тэдний махбод өөр өөр удам судартай. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Үүний адилаар өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан, Есүс хоёр цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл, Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл, хайр энэрлийн ажлыг, түүнчлэн хүнийг зөв шударгаар шүүж, гэсгээх ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэрээр дэлхийг устгаж, хорон муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү? Тэрээр хүний төлөө хууль тогтоож, түүнд зориулан тушаал гаргахын аль алиныг хийж чадсан ба түүнчлэн тухайн үеийн израильчуудыг газар дээр амьдрахад нь залж чиглүүлж, сүм болон тахилын ширээ барихад нь тэдэнд зааварчилж, бүх израильчуудыг Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж чадсан. Өөрийнхөө эрх мэдлээс үүдэн Тэр Израилийн ард түмэнтэй хамт газар дээр хоёр мянган жилийн турш амьдарсан юм. Израильчууд Түүний эсрэг тэрсэлж зүрхлээгүй; бүгд Еховаг хүндэтгэж, Түүний тушаалуудыг мөрджээ. Энэ нь, Түүний эрх мэдэл, бүхнийг чадагч байдалд түшиглэн хийгдсэн ажил байв. Дараа нь Нигүүлслийн эрин үед Есүс унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл, хайр энэрлийг харуулсан. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс хайр энэрлээр бялхаж, хүнийг үргэлж хайрладаг байсан, учир нь Тэр хүмүүсийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж чаддаг байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл, хайр энэрэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөө нүглийн тахил болж, хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй агаад элэгсэг байсан юм. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс ч бас бүх зүйл дээр тэвчээртэй, энэрэнгүй байхаар хичээж байсан. Тэд урт удаан хугацаанд зовсон бөгөөд зодуулж, хараалгаж, эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй. Гэхдээ сүүлийн үе шатанд дахин тийм байж болохгүй. Есүс, Ехова хоёрын Сүнс нэг байсан хэдий ч Тэдний ажил бүхэлдээ адилхан байгаагүй. Еховагийн ажил эрин үеийг төгсгөөгүй, харин эрин үеийг удирдаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн ажил нь Харь үндэстнүүд дэх гүнзгий ялзруулагдсан хүмүүсийг байлдан дагуулж, Хятад дахь Бурханы сонгосон хүмүүсийг төдийгүй, бүхий л орчлон ертөнц, бүх хүн төрөлхтнийг удирдахын төлөө байдаг. Энэ ажил одоо зөвхөн Хятадад хийгдэж байна гэж чамд харагдаж болох боловч үнэндээ энэ нь аль хэдийн хилийн чанадад түгэж эхэлсэн. Хятадын гаднах хүмүүс яагаад үнэн замыг ахин дахин эрж хайдаг юм бэ? Яагаад гэвэл Сүнс аль хэдийн ажиллаж эхэлсэн ба өнөөдөр хэлсэн үг орчлон ертөнц дахины хүмүүст чиглэдэг. Үүний хамтаар ажлын тэн хагас аль хэдийн хийгдсэн. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Бурханы Сүнс ийм агуу ажлыг хийж эхэлсэн бөгөөд түүнчлэн өөр өөр эрин үед, өөр өөр улс үндэстэнд ялгаатай ажил хийсэн юм. Эрин үе бүрийн хүмүүс Түүний хийдэг өөр өөр ажлаар аяндаа илчлэгддэг өөр өөр зан чанарыг нь хардаг. Тэр бол өршөөл, хайр энэрлээр дүүрэн Бурхан; Тэр бол хүний төлөөх нүглийн тахил бөгөөд хүний хоньчин; гэхдээ Тэр бас хүний шүүлт, гэсгээлт болон хараал юм. Тэрээр хүнийг газар дээр амьдрахад нь хоёр мянган жилийн турш удирдаж, бас ялзарсан хүн төрөлхтнийг нүглээс золин аварч чадсан. Өнөөдөр Тэр бас Өөрийг нь мэддэггүй хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Өөрийнхөө эрх мэдэл дор байлгаж, бүгдийг нь Өөртөө бүрэн захирагдуулж чаддаг. Эцэст нь, Тэрээр орчлон ертөнц дахины хүмүүсийн доторх бузар, зөв шударга бус бүгдийг шатаан, Тэр бол өршөөнгүй, энэрэнгүй Бурхан, мэргэн ухаан, гайхамшгийн Бурхан, мөн ариун Бурхан байгаад зогсохгүй, түүнчлэн хүнийг шүүдэг Бурхан юм гэдгийг хүмүүст харуулна. Хүн төрөлхтний дундах муу хүмүүст Тэр бол шатаалт, шүүлт, шийтгэл; төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон, цэвэршүүлэлт, шалгалт, түүнчлэн тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт, харьцалт, засалт юм. Таягдан хаягдах хүмүүст бол Тэрээр шийтгэл, мөн залхаан цээрлүүлэлт билээ. Надад хэлээч, Бурхан төгс хүчит биш гэж үү? Тэр чиний төсөөлдөг шиг зөвхөн цовдлолыг биш, харин аливаа бүх ажлыг хийх чадвартай. Чи Бурханыг хэтэрхий доогуур бодож байна! Тэрээр цовдлолоор дамжуулан бүх хүн төрөлхтнийг золин аварч л чадна, тэгээд л тэр гэж чи итгэж байна уу? Үүний дараа чи амийн модны жимсийг идэж, амийн голоос уухын тулд тэнгэр өөд Түүнийг дагах уу?… Ийм энгийн байж болно гэж үү? Надад хэл дээ, чи юу хийж гүйцэлдүүлсэн юм бэ? Чамд Есүсийн амь байгаа юу? Чи үнэндээ Түүгээр золин авруулсан, гэхдээ цовдлол нь Есүсийн Өөрийнх нь ажил байсан. Хүний хувиар чи ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Чамд гадаад талын сүсэг бишрэл л байдаг боловч Түүний замыг ойлгодоггүй. Ингэж чи Түүнийг харуулдаг юм уу? Хэрвээ чи Бурханы амийг олж аваагүй, эсвэл Түүний зөвт зан чанарыг бүхэлд нь хараагүй бол өөрийгөө амьтай нэгэн гэж хэлж болохгүй бөгөөд тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход тэнцэхгүй.

Бурхан Сүнс байгаад зогсохгүй, бас махбод болж чаддаг. Түүнчлэн Тэр бол алдрын бие мөн. Хэдий та нар Есүсийг хараагүй боловч тухайн үеийн израильчууд буюу иудейчүүд Түүнийг нүдээрээ харсан. Тэр эхлээд махбодтой бие байсан, харин цовдлогдсоныхоо дараа алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд газар бүрд ажиллаж чаддаг. Тэр Ехова, Есүс, эсвэл Мессиа байж чадна; эцэст нь Тэр бас Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт байдал, шүүлт, гэсгээлт; Тэр бол хараал, уур хилэн; гэхдээ Тэр бас өршөөл, хайр энэрэл юм. Түүний хийсэн бүх ажил Түүнийг төлөөлөх чадвартай. Түүнийг ямархуу Бурхан гэж чи хэлэх вэ? Чи тайлбарлаж чадахгүй. Хэрвээ чи үнэхээр тайлбарлаж чадахгүй бол Бурханы талаар дүгнэлт гаргах ёсгүй. Нэг үе шатанд золин авралын ажил хийснээс нь болж Бурхан бол үүрд өршөөл, хайр энэрлийн Бурхан байна гэсэн дүгнэлт бүү гарга. Тэр зөвхөн өршөөнгүй, энэрэнгүй Бурхан байна гэдэгт чи итгэлтэй байж чадах уу? Хэрвээ Тэр ердөө өршөөнгүй, энэрэнгүй Бурхан юм бол яагаад эцсийн өдрүүдэд эрин үеийг төгсгөх вэ? Яагаад маш олон гамшгийг илгээх вэ? Хүмүүсийн үзэл, бодлын дагуу бол хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг аврахын тулд Бурхан бүр эцсээ хүртэл өршөөнгүй, энэрэнгүй байх ёстой. Гэтэл эцсийн өдрүүдэд, Бурханыг дайснаа гэж үздэг ёрын муу энэ хүн төрөлхтнийг устгахын тулд Тэр яагаад газар хөдлөлт, тахал, өлсгөлөн гэх мэтийн агуу гамшгийг буулгадаг юм бэ? Яагаад Тэр хүнийг эдгээр гамшгаас болж зовохыг зөвшөөрдөг вэ? Бурхан ямархуу болохыг та нарын дундаас хэн ч хэлж зүрхэлдэггүй, хэн ч тайлбарлаж чаддаггүй. Тэр бол үнэхээр Сүнс гэж чи хэлж зүрхлэх үү? Тэр бол Есүсийн махбодоос өөр хэн ч биш гэж хэлж зүрхлэх үү? Мөн чи Түүнийг хүний төлөө үүрд цовдлогдох Бурхан гэж хэлж зүрхлэх үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Өмнөх: 4. Завхарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг

Дараах: 1. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаа

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих