Бурханы ажлын үзэгдэл 3

Бурхан анх махбод болохдоо Ариун Сүнснээс олдсон бөгөөд энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай холбоотой байлаа. Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг хэлэхээ больсон; харин үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажил хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ. Иймээс өнөөдөр Еховагийн үгийг идэж, уусаар байгаа, мөн Хуулийн эрин үеийн ажлын дагуу бүхнийг хийсээр байгаа хүн—чи дүрэм журмыг сохроор мөрдөж байгаа бус уу? Чи өнгөрсөн үед гацчихаагүй гэж үү? Эцсийн өдрүүд ирсэн гэдгийг чи одоо мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр л байх юм гэж үү? Ехова Израилийн ард түмэнд Мессиа ирнэ гэж хэлсэн ч ирэх үедээ Тэрээр Мессиа биш, харин Есүс гэж нэрлэгдэж байв. Өөрөө дахин ирнэ, явсан шигээ ирнэ гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үг байсан боловч Есүс ямар байдлаар явсныг чи харсан уу? Есүс цагаан үүл хөлөглөн явж одсон, гэхдээ Тэр цагаан үүл хөлөглөн хүмүүсийн дунд биечлэн ирэх юм гэж үү? Хэрвээ тэгсэн бол Түүнийг Есүс гэж нэрлэсээр байх бус уу? Есүсийг дахин ирэх үед эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх тул Түүнийг Есүс гэж нэрлэсээр байж болох уу? Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л мэдэж болох юм гэж үү? Түүнийг шинэ эрин үед шинэ нэрээр нэрлэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно. Еховагийн эрин үе, эсвэл Есүсийн эрин үе байх нь хамаагүй, эрин үе бүрийг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн төгсгөлд эцсийн эрин үе хүрэлцэн ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихсэн. Түүнийг яаж Есүс гэж нэрлэсээр байж болох юм бэ? Тэр яаж хүмүүсийн дунд Есүсийн дүртэй хэвээр байж болох юм бэ? Есүс Назарын дүр төрхтэйгөөс цаашгүй байсныг чи мартчихав уу? Есүс хүн төрөлхтний Золин аврагч л байсныг чи мартчихсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг Тэр яаж хариуцаж чадах юм бэ? Есүс цагаан үүл хөлөглөн явсан—энэ бол баримт—гэхдээ Тэр яаж хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр эргэн ирж, Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр үүлэн дээр ирсэн бол хүн яаж Түүнийг танихгүй байх юм бэ? Дэлхий дахины хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд, Есүс ганцаараа Бурхан байх бус уу? Тэр тохиолдолд Бурханы дүр нь Иудей хүний төрх байх байсан бөгөөд түүнчлэн үүрд өөрчлөгдөхгүй байх байлаа. Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр энэ бүлэг хүмүүс та нарт хэлсэн юм гэж үү? Тэрээр үүл хөлөглөн явсан шигээ ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан Өөрөө ажлаа яг яаж хийдгийг мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн хэлсэн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэрээр: Эцсийн өдрүүдэд хүний Хүүг ирэхэд Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, бүх хүн мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл, Сүнс л мэднэ гэж хэлсэн юм. Хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй атал чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи мэдэх, нүдээрээ харах чадвартай байсан бол эдгээр үгийг хий дэмий хэлсэн юм биш үү? Тухайн үед Есүс юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Миний Эцэг л мэднэ. Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно… Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй. Хүний Хүү гэдэг нь Бурханы махбод болсон биеийг, хэвийн агаад эгэл жирийн хүнийг хэлдэг. Хүний Хүү Өөрөө ч мэддэггүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Явсан шигээ ирнэ гэж Есүс хэлсэн. Ирэх үедээ Тэр Өөрөө ч мэдэхгүй, тэгвэл Тэр чамд урьдчилан мэдэгдэж чадах уу? Чи Түүний ирэхийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш үү? Бурхан газар дээр ирэх бүрдээ Өөрийн нэр, хүйс, дүр төрх болон ажлыг өөрчилдөг; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй. Тэр бол үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин байдаггүй Бурхан билээ. Өмнө нь ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгддэг байв; энэ удаа дахин ирэх үедээ Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Өмнө нь ирэх үедээ Тэр эрэгтэй байсан; энэ удаа Тэр дахиад эрэгтэй байж болох уу? Нигүүлслийн эрин үед ирэхдээ Түүний ажил нь загалмайд цовдлогдох явдал байсан; дахин ирэх үедээ Тэр мөн л хүн төрөлхтнийг нүглээс золин аварч болох уу? Тэр дахин загалмайд цовдлогдож болох уу? Тэгэх нь Өөрийн ажлыг давтаж байгаа хэрэг болох бус уу? Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс бий. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажилд гарсан өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг нотолдоггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэднэ, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил урагшлахаа хэзээ ч больдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний зан чанар хүнд аажмаар илчлэгддэг бөгөөд илчлэгддэг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм. Анх Бурханы зан чанар хүнээс нуугдмал байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч ил тод илчилж байгаагүй бөгөөд хүн Түүний талаар огт мэддэггүй байсан. Үүнээс болоод Тэр зан чанараа хүнд аажмаар илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигладаг боловч ийм маягаар ажиллах нь Бурханы зан чанар эрин үе бүрд өөрчлөгддөг гэсэн үг биш юм. Бурханы хүсэл үргэлж өөрчлөгдөж байгаа учраас зан чанар нь байнга өөрчлөгдөж байдаг юм биш. Харин ч Түүний ажлын эрин үеүд өөр өөр байдгаас болоод Бурхан, хүн Өөрийг нь мэддэг болж чадах байх гэсэндээ Өөрийн төрөлх зан чанарыг бүхэлд нь аваад, хүнд алхам алхмаар илчилдэг. Гэхдээ энэ нь, Бурхан анх ямар ч тодорхой зан чанаргүй байсан, эсвэл эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн нотолгоо яавч биш—ийм ойлголт нь андуу ташаа юм. Өөр өөр эрин үеийн дагуу Бурхан Өөрийн төрөлхийн болон тодорхой зан чанарыг—Тэр юу болохоо хүнд илчилдэг; ганц эрин үеийн ажил Бурханы бүх зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс “Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш” хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд “Бурхан хувиршгүй” хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үхмэл үгээр хязгаарлаж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэр байж болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагш ахиж байдгийн тэмдэг билээ.

Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин Түүний ажлын тухайд бол, энэ нь үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг. Хэрвээ шинэ эрин үед хүмүүс Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харж чадахгүй бол Түүнийг загалмайд үүрд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү? Хэрвээ Бурхан зөвхөн эрэгтэй болж махбодод ирсэн бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж хязгаарлах байсан бөгөөд Тэр бол эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байв. Эрэгтэйчүүд тэгээд, Бурхан бол эрэгтэй хүмүүстэй адилхан хүйстэй, Бурхан бол эрэгтэйчүүдийн тэргүүн гэж үзэх байлаа—тэгвэл эмэгтэйчүүд яах вэ? Энэ бол шударга бус; энэ нь ялгаварласан хандлага биш гэж үү? Хэрвээ тийм байсан бол Бурханы аварсан хүмүүс бүгд Түүнтэй адил эрэгтэй байх байсан бөгөөд ганц ч эмэгтэй хүн аврагдахгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээхдээ Адамыг бүтээсэн, мөн Еваг бүтээсэн. Тэрээр Адамыг бүтээснээр үл барам, эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. Бурхан эцсийн өдрүүд дэх ажлын шинэ үе шатанд орсон. Тэрээр Өөрийн зан чанарыг улам их илчлэх бөгөөд энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр биш байх болно. Түүнд шинэ ажил байгаа тул энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдана. Иймээс хэрвээ энэ ажлыг Сүнс хийсэн бол—хэрвээ Бурхан махбод болоогүй, харин оронд нь Сүнс аянгын дуугаар дамжуулан шууд ярьж, хүн Түүнтэй харилцах ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг мэдэж чадах байсан уу? Хэрвээ ажлыг гагцхүү Сүнс хийсэн бол хүн Бурханы зан чанарыг мэдэж авах ямар ч аргагүй байх байлаа. Бурханыг махбод болох үед, Үг махбодоор илрэх үед л хүмүүс Бурханы зан чанарыг нүдээрээ харж чадах бөгөөд Тэр Өөрийн бүх зан чанарыг махбодоор илэрхийлдэг. Бурхан үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанартай бодитоор харилцаж, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харилцаж чадна; зөвхөн ийм маягаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж авч чадна. Үүний зэрэгцээ Бурхан бас “Бурхан бол эрэгтэйчүүдийн Бурхан, мөн эмэгтэйчүүдийн Бурхан” гэх ажлыг гүйцэлдүүлж, махбод дахь ажлаа бүхэлд нь гүйцэтгэсэн юм. Тэр ямар ч эрин үед ажлыг давхардуулдаггүй. Эцсийн өдрүүд ирчихсэн тул Тэр эцсийн өдрүүдэд хийдэг ажлаа хийх бөгөөд эцсийн өдрүүд дэх бүхий л зан чанараа илчилдэг. Эцсийн өдрүүдийн тухай ярих юм бол, энэ нь тусдаа эрин үеийг хэлдэг, Есүсийн хэлснээр энэ эрин үед та нарт гарцаагүй гамшиг тулгарч, газар хөдлөлт, өлсгөлөн, тахал тулгарах бөгөөд хуучны Нигүүлслийн эрин үе байхаа болиод, шинэ эрин үе иржээ гэдгийг энэ нь харуулна. Хүмүүсийн хэлдгээр Бурхан үүрд өөрчлөгдөшгүй, зан чанар нь үргэлж өршөөнгүй агаад хайр энэрэлтэй, хүнийг Өөр шигээ хайрладаг, хүн бүрд аврал өгч, хүнийг хэзээ ч үзэн яддаггүй байсан бол Түүний ажил ер нь дуусаж чадах байсан уу? Есүс ирж, загалмайд цовдлогдон, бүх нүгэлтний төлөө Өөрийгөө золиосолж, тахилын ширээн дээр Өөрийгөө өргөл болгохдоо золин авралын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн юм. Тэгвэл тэр эрин үеийн ажлыг эцсийн өдрүүдэд давтах нь ямар хэрэгтэй юм бэ? Нэг зүйлээ хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэсэн хэрэг бус уу? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажил хийгээгүй боловч хайр энэрэлтэй, өршөөнгүй хэвээр үлдсэн бол эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Хайр энэрэлтэй, өршөөнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах байсан уу? Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд Тэрээр бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, шинж чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг бөгөөд Түүний зан чанарын илчлэл болон илрэл нь шинэ эрин үе бүрийн ажлын төлөө илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүний төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүнд хязгааргүй өршөөл, хайр харуулж, түүнийг үргэлжлүүлэн хайрлаж, хүнд зөвт шүүлт хүртээхгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн ч зөвт шүүлтгүйгээр хүнийг өршөөсөөр байсан бол Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, үргэлж бусдыг хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлээр шүүдэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн нүглээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдийн үеэр зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг.

Бурханы бүх удирдлага дахь ажил тов тодорхой байдаг: Нигүүлслийн эрин үе бол Нигүүлслийн эрин үе, эцсийн өдрүүд бол эцсийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд тодорхой ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан, тухайн эрин үеийг төлөөлөх ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн, сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд гэж сүүлчийн эрин үеийг хэлдэг. Сүүлчийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан гэсгээлт, шүүлт авчрах ёстой. Ийм маягаар л Тэр эрин үеийг төгсгөж чадна. Есүсийн зорилго нь хүнийг үргэлжлүүлэн амьд үлдээж, амьдруулж, илүү дээр байдлаар оршин тогтнуулахын төлөө байсан юм. Тэрээр хүний доройтохыг болиулж, Үхэгсдийн орон болон тамд амьдрахыг нь болиулахын тулд нүглээс аварсан бөгөөд хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаараа Есүс үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон билээ. Одоо эцсийн өдрүүд ирчихсэн. Бурхан хүнийг устгаж, хүн төрөлхтнийг бүрмөсөн сүйрүүлнэ, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний тэрслүү байдлыг өөрчилнө. Энэ шалтгааны улмаас, урьдын өршөөнгүй, хайр энэрэлтэй зан чанараар Бурхан эрин үеийг төгсгөх юм уу зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй байх байв. Эрин үе бүрд онцгой төлөөлөх зан чанар байдаг ба эрин үе бүр Бурханы хийх ёстой ажлыг агуулдаг. Иймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийн хийдэг ажил жинхэнэ зан чанарынх нь илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр болон Түүний хийдэг ажил хоёулаа эрин үеийн хамтаар өөрчлөгддөг—тэдгээр нь бүгд шинэ байдаг. Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хууль ашиглахаас бүрдэж байв. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлээд Өөрийн ажлыг гадагш тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэрээр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв. Нигүүлслийн эрин үед Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байсан, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанар энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд Бурхан хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд хүний төлөө загалмайд цовдлогдох ёстой болсон юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн авснаар л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл, асар их, хэмжээлшгүй нигүүлсэл, авралыг хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн юм. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв. Тиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ. Эрин үе бүрд, Түүний ажлын үе шат болгонд Бурханы зан чанар илэрхий байдаг.

Анх Хуучин Гэрээний Хуулийн эрин үед хүнийг залж чиглүүлэх нь хүүхдийн амьдралыг залж чиглүүлэхтэй адилхан байлаа. Анхны хүн төрөлхтөн Еховагаас дөнгөж төрсөн байв; тэд бол израильчууд байсан юм. Тэдэнд Бурханыг хэрхэн хүндлэх тухай, эсвэл газар дээр хэрхэн амьдрах талаар ямар ч ойлголт байсангүй. Өөрөөр хэлбэл, Ехова хүн төрөлхтнийг буюу Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд Еховаг хэрхэн хүндэлж, газар дээр Еховагийн хуулийг хэрхэн дагах талаар ойлгох эрхтэн өгөөгүй байсан юм. Еховагийн шууд удирдамжгүйгээр хэн ч үүнийг шууд мэдэж чадаагүй, учир нь анх хүнд тийм эрхтэн байхгүй байв. Ехова бол Бурхан гэдгийг л хүн мэдэж байсан, харин Түүнийг хэрхэн хүндлэх, яаж биеэ авч явбал Түүнийг хүндэлж байгаад тооцогдох, ямар сэтгэлээр Түүнийг хүндлэх ёстой, эсвэл Түүнийг хүндлэхдээ юуг тахил болгох ёстойг хүн огт мэддэггүй байлаа. Еховагийн бүтээсэн бүх зүйлийн дундаас эдэлж болох зүйлийг хэрхэн эдлэхээ л хүн мэддэг байсан, харин газар дээр чухам яаж амьдрах нь Бурханы бүтээл гэх нэрд зохих талаар огт мэддэггүй байв. Тэдэнд зааварлах хэн ч байхгүй бол, тэднийг биечлэн залж чиглүүлэх хэн ч байхгүй бол энэ хүн төрөлхтөн, хүмүүст зүй ёсоор тохирох амьдралаар хэзээ ч амьдрахгүй, харин үл анзаарагдам байдлаар Сатанд олзлогдсоор байх байсан юм. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд илүү их оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээх Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэрээр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Өөрийг нь хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын хэвийн дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүнийг бүтээх үйлээ яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн гадаад бүрхүүл төдий байсан ба хүн байх бодит байдалгүй байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг юм уу хуулийг хэрхэн мөрдөх талаар өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд мөн л бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чаддаг болж магад байсан ба Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Ийм маягаар л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн ийм маягаар л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс, хүн төрөлхтнийг бүтээгээд Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан. Хүн төрөлхтнийг бүтээсний дараа Тэр энэ ажлыг хийж, Иаковын эрин хүртэл үүнийг үргэлжлүүлсэн ба тухайн үед Тэрээр Иаковын арван хоёр хүүг Израилийн арван хоёр овог болгосон билээ. Тэр цагаас эхлээд Израилийн бүх ард түмэн газар дээр Түүгээр албан ёсоор удирдуулсан хүмүүс болж, Израиль нь газар дээрх Түүний ажлын тусгай байршил болсон билээ. Ехова энэ хүмүүсийг, газар дээрх ажлаа албан ёсоор хийх эхний бүлэг хүмүүс болгосон бөгөөд Израилийн бүх газар нутгийг Өөрийн ажлын эхлэлийн цэг болгож, тэднийг бүр ч илүү агуу ажлын эхлэл болгон ашигласан, ингэснээр газар дээр Түүнээс төрсөн бүх хүн Түүнийг хэрхэн хүндэлж, газар дээр хэрхэн амьдрахаа мэдэх байсан юм. Иймээс израильчуудын үйл хэрэг нь Харь үндэстний хүмүүсийн дагах үлгэр жишээ болсон бөгөөд Израилийн ард түмний дунд хэлсэн зүйл нь Харь үндэстний хүмүүсийн сонсох үг болжээ. Учир нь тэд Еховагийн хууль болон тушаалыг эхлээд хүлээн авах хүмүүс байсан ба иймээс ч тэд бас Еховагийн замыг хэрхэн хүндлэхээ эхлээд мэдэж авах хүмүүс байсан юм. Тэд бол Еховагийн замыг мэддэг хүн төрөлхтний өвөг дээдэс, түүнчлэн Еховагийн сонгосон хүн төрөлхтний төлөөлөл байлаа. Нигүүлслийн эрин үе ирэхэд Ехова хүнийг ийм маягаар залж чиглүүлэхээ больсон. Хүн нүгэл үйлдэж, нүгэлд автсан тул Тэрээр хүнийг нүглээс аварч эхэлсэн юм. Ийм маягаар Тэр, нүглээс бүрэн гэтэлгэх хүртлээ хүнийг зэмлэжээ. Эцсийн өдрүүдэд хүн ийм түвшинд хүртлээ доройтсон учраас энэ үе шатны ажлыг зөвхөн шүүлт, гэсгээлтээр л дамжин явуулж болно. Ийм маягаар л ажлыг гүйцэлдүүлж болно. Энэ нь хэд хэдэн эрин үеийн ажил байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, нэг эрин үеийг нөгөөгөөс зааглаж, тэдгээрийн хооронд шилжилт хийхдээ Бурхан Өөрийн нэр, Өөрийн ажил болон өөр өөр Бурханы дүрийг ашигладаг; Бурханы нэр болон ажил нь Түүний эрин үеийг төлөөлж, эрин үе бүр дэх Түүний ажлыг төлөөлдөг. Эрин үе бүр дэх Бурханы ажил үргэлж адилхан байж, Түүнийг үргэлж нэг нэрээр нэрлэдэг байсан бол хүн Түүнийг яаж мэдэх юм бэ? Бурханыг Ехова гэж нэрлэх ёстой, Бурханыг Ехова гэж нэрлэхээс бусдаар, өөр ямар нэг нэрээр нэрлэгддэг нэгэн бол Бурхан биш. Аль эсвэл Бурхан зөвхөн Есүс байж болох ба Есүсийн нэрээс өөр ямар ч нэрээр Түүнийг нэрлэж болохгүй; Есүсээс бусад тохиолдолд, Ехова бол Бурхан биш, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн боловч Бурхан бол хүнтэй хамт байдаг Бурхан, Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байдаг гэж хүн итгэдэг. Ингэх нь хоосон сургаал мөрдөж, Бурханыг тодорхой цар хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Түүний хийдэг ажил—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлт туулж, Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг. Эцсийн өдрүүд ирэх үед чиний хардаг Бурхан Есүс хэвээр байхаас гадна цагаан үүл хөлөглөн ирж, Есүсийн гадаад төрхтэй хэвээр байж, хэлдэг үг нь “Та нар хөршөө өөр шигээ хайрлах ёстой, мацаг барьж, залбирч, өөрийн амийг нандигнадаг шигээ дайснаа хайрлаж, бусдад хүлээцтэй хандаж, тэвчээртэй, даруу байх ёстой. Та нар Миний шавь болохоосоо өмнө энэ бүх зүйлийг хийх ёстой. Энэ бүх зүйлийг хийснээр Миний хаанчлалд орж болох юм” хэмээх Есүсийн үг байлаа гэж үзье. Энэ нь Нигүүлслийн эрин үеийн ажилд харьяалагдах бус уу? Түүний хэлдэг зүйл Нигүүлслийн эрин үеийн зам байх бус уу? Хэрвээ эдгээр үгийг сонссон бол та нарт ямар санагдах байсан бэ? Энэ нь мөн л Есүсийн ажил гэж санагдахгүй гэж үү? Энэ нь ажлыг давтаж байгаа хэрэг биш үү? Хүн үүнээс таашаал авч чадах уу? Бурханы ажил энэ хэвээрээ л үлдээд, цааш ахиц гарахгүй. Түүнд ийм л хүч чадал байдаг ба хийх ямар ч шинэ ажил байхгүй, Түүний хүч чадал хязгаартаа хүрчихсэн гэж та нарт санагдах байсан. Одоогоос хоёр мянган жилийн өмнө Нигүүлслийн эрин үе байсан ба хоёр мянган жилийн дараа ч Тэр бас л Нигүүлслийн эрин үеийн замыг номлосоор, хүмүүсийг гэмшүүлсээр байвал хүмүүс: “Бурхан минь, Танд ердөө ийм л хүч чадал байдаг. Та маш ухаалаг гэж би бодож байна, гэхдээ Та зөвхөн хүлээцтэй байдлыг л мэддэг ба тэвчээрийг л анхаардаг, Та дайснаа хайрлахаас өөрийг мэддэггүй” гэх байлаа. Хүний оюун санаанд Бурхан үүрд Нигүүлслийн эрин үед байсантайгаа адил байх байсан бөгөөд Бурхан бол элэгсэг, энэрэнгүй гэж хүн үргэлж бодох байв. Бурханы ажил үргэлж хуучин замаараа алхана гэж чи бодож байна уу? Иймээс Өөрийнхөө ажлын энэ үе шатанд Тэр цовдлогдохгүй бөгөөд хардаг, хүрдэг бүхэн чинь та нарын төсөөлсөн юм уу сонссон юутай ч адилгүй байх болно. Өнөөдөр Бурхан фарисайчуудтай харилцдаггүй, мөн дэлхий ертөнцөд ч мэдэгддэггүй бөгөөд Түүнийг мэддэг хүмүүс бол Түүнийг дагадаг та нар л юм, учир нь Тэр дахин цовдлогдохгүй. Нигүүлслийн эрин үед Есүс сайн мэдээний ажлынхаа төлөө газар нутаг даяар ил тод номлосон. Цовдлолын ажлын төлөө Тэр фарисайчуудтай харилцсан; хэрвээ Тэр фарисайчуудтай харилцаагүй, эрх мэдэлтэй байсан хүмүүс Түүнийг огт мэддэггүй байсан бол яаж Тэр яллагдаж, дараа нь урвалт амсаж, загалмайд цовдлогдож чадах юм бэ? Иймээс Тэр цовдлолын төлөө фарисайчуудтай харилцсан юм. Өнөөдөр Тэр сорилтоос зайлсхийхийн тулд Өөрийн ажлыг нууцаар хийдэг. Бурхан хоёр удаа бие махбодтой болоход ажил болон ач холбогдол нь өөр, орчин нөхцөл нь ч өөр байдаг, тэгвэл Түүний хийдэг ажил яаж бүхэлдээ адилхан байж болох юм бэ?

“Бурхан бидэнтэй хамт” гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэлбэл энэ нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүс гэдэг нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Маш олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөр олон хүн, өөрсдийнх нь доторх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан маш агуу! Бурхан маш ариун! Бурхан маш хайр татам! Өнөөдөр хүний иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн атал хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй байдаг, учир нь Бурханы оршихуй маш элбэг арвин агаад хүний хэл тун хомсхон. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, тэгвэл Тэрээр тогтсон нэг нэртэй байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд цаг хугацааны ач холбогдол бүхий энэхүү тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай агаад Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—аяа, үүнийг яах ч аргагүй—иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэхээ больж, Түүнийг зүгээр л “Бурхан” гэж дууддаг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн мөртөө бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг тул үүнийг ердөө дүрслэх аргагүй. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Ганц нэрийн төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүний нэрс байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо ч Бурханы нэрийн араас хөөцөлдсөөр байна уу? Чи Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно хэмээн хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэж байх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Түүнийг ямар ч нэрээр нэрлэсэн бай—үүнийг Тэр Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр боловч энэ нэр бол хүний нэгтгэн дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт нэг Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, маш ухаалаг, маш өргөмжит, тун гайхалтай, тун нууцлаг, үнэхээр төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, тэгээд өөр юу ч хэлж чадахгүй; мэддэг бүхэн чинь ийм жаахан байдаг. Тийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд Бурхан ажлаа хийж байгаа хэвээр хэдий ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.

Бурхан орчлон ертөнц даяар болон орчлон ертөнцийн дээр хамгийн агуу нь болохоор махбодын дүрийг ашиглаад Өөрийгөө бүрэн тайлбарлаж чадах уу? Бурхан ажлынхаа нэг үе шатыг хийхийн тулд энэ махбодыг өмсдөг. Махбодын энэ дүр төрхөд ямар ч онцгой утга учир байхгүй, энэ нь эрин үе өнгөрөхтэй ямар ч холбоогүй, мөн Бурханы зан чанартай ч хамаагүй. Яагаад Есүс Өөрийн дүр зургийг үлдээгээгүй вэ? Яагаад Тэр дараагийн үеийнхэнд дамжуулахын тулд хүнээр Өөрийнхөө дүрийг зуруулаагүй вэ? Түүний дүр төрх бол Бурханы дүр төрх гэдгийг Тэр яагаад хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлээгүй вэ? Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүрээр бүтээгдсэн боловч хүний гадаад төрх нь Бурханы өргөмжит дүрийг төлөөлөх боломжтой гэж үү? Бурхан махбод болохдоо тодорхой нэг махбодод тэнгэрээс бууж ирсэн төдий юм. Түүний Сүнс махбодод бууж ирсэн ба махбодоор дамжуулан Тэр Сүнсний ажлыг хийдэг. Сүнс махбодоор илэрхийлэгдэж, Өөрийн ажлыг махбодоор хийдэг. Махбодоор хийгддэг ажил нь Сүнсийг бүрэн төлөөлдөг бөгөөд уг махбод ажлын төлөө байдаг боловч махбодын дүр төрх нь Бурханы Өөрийн жинхэнэ дүр төрхийг орлодог гэсэн үг биш; энэ нь Бурхан махбод болсны зорилго, ач холбогдол биш юм. Тэр махбод болсон болохоор л Сүнс Өөрийн ажилд тохирох оршин суух газрыг олж, махбод дахь ажлаа илүү сайн биелүүлж болох бөгөөд ингэснээр хүмүүс Түүний үйл хэргийг харж, Түүний зан чанарыг ойлгож, Түүний үгийг сонсож, Түүний ажлын гайхамшгийг мэдэж чадна. Түүний нэр зан чанарыг нь төлөөлдөг, Түүний ажил ялгамж чанарыг нь төлөөлдөг боловч махбодынх нь гадаад төрх Өөрийнх нь дүр төрхийг төлөөлдөг гэж Тэр хэзээ ч хэлээгүй; тэр нь ердөө л хүний үзэл юм. Иймээс бие махбодтой болсон Бурханы гол чухал талууд нь Түүний нэр, Түүний ажил, Түүний зан чанар болон Түүний хүйс билээ. Энэ эрин үе дэх Түүний удирдлагыг төлөөлөхөд эдгээр нь ашиглагддаг. Махбод дахь Түүний гадаад төрх нь Түүний удирдлагад ямар ч хамаагүй бөгөөд тухайн үеийн Түүний ажлын төлөө л байдаг. Гэсэн ч бие махбодтой болсон Бурханы хувьд ямар ч тодорхой гадаад төрхгүй байх боломжгүй тул Өөрийнх нь гадаад төрхийг шийдэх тохиромжтой гэр бүлийг Тэр сонгодог. Хэрвээ Бурханы гадаад төрх төлөөллийн ач холбогдолтой бол Түүнтэй төстэй царайтай бүх хүн ч бас Бурханыг төлөөлөх байсан. Тэгэх нь ноцтой алдаа байх бус уу? Хүнээр шүтүүлэхийн тулд Есүсийн хөргийг хүн зурсан. Тухайн үед Ариун Сүнс ямар ч онцгой удирдамж өгөөгүй тул хүн төсөөллийн тэрхүү хөрөг зургийг өнөөдрийг хүртэл дамжуулсан юм. Үнэндээ Бурханы анхдагч санаа зорилгоор бол хүн ингэх ёсгүй байсан. Хүний хичээл зүтгэл л Есүсийн хөрөг зургийг өнөөдрийг хүртэл үлдээсэн юм. Бурхан бол Сүнс бөгөөд Түүний дүр төрх яг ямар болохыг хүн хэзээ ч нэгтгэн дүгнэж чадахгүй. Түүний дүр төрхийг Түүний зан чанар л төлөөлж чадна. Түүний хамар, ам, нүд, үсний харагдах байдлын тухайд бол эдгээр нь нэгтгэн дүгнэх чадвараас чинь давдаг. Иоханд илчлэл ирэх үед тэр хүний Хүүгийн дүрийг харсан: Түүний амнаас хоёр талдаа иртэй хурц сэлэм гарсан, нүд нь галын дөл шиг, толгой болон үс нь ноос шиг цагаан, хөл нь өнгөлсөн хүрэл шиг байсан ба Түүний цээжинд алтлаг тууз байв. Түүний үг туйлын тодорхой байсан хэдий ч түүний дүрсэлсэн Бурханы дүр төрх нь бүтээгдсэн зүйлийн дүр төрх байгаагүй юм. Түүний харсан зүйл ердөө л үзэгдэл байсан ба материаллаг ертөнцийн хүний дүр төрх биш байлаа. Иохан үзэгдэл харсан боловч Бурханы жинхэнэ төрхийг хараагүй. Бурханы махбод болсон биеийн дүр төрх нь бүтээгдсэн зүйлийн дүр болохоор Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадахгүй. Ехова хүн төрөлхтнийг бүтээх үедээ Өөрийн дүрээр бүтээсэн гэж хэлсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээсэн. Тухайн үед Тэр эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурханы дүрээр бүтээсэн гэж хэлсэн билээ. Хэдийгээр хүний дүр төрх Бурханы дүртэй төстэй боловч хүний гадаад төрх бол Бурханы дүр мөн гэсэн утгатай хэмээн тайлбарлаж болохгүй. Мөн Бурханы дүр төрхийг бүрэн илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашиглаж ч болохгүй, учир нь Бурхан маш өндөр дээд, маш агуу, тун гайхалтай агаад ойлгохын аргагүй билээ!

Есүс Өөрийн ажлыг хийхээр ирсэн нь Ариун Сүнсний зааварчилгааны дор явагдсан; Тэрээр Ариун Сүнсний хүссэн зүйлийг хийсэн бөгөөд энэ нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн дагуу, эсвэл Еховагийн ажлын дагуу байгаагүй. Хэдийгээр Есүсийн хийхээр ирсэн ажил нь Еховагийн хууль, эсвэл Еховагийн тушаалуудыг мөрдөх явдал биш байсан ч Тэдний эх сурвалж ав адилхан байсан юм. Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм. Есүсийн хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг л төлөөлж чадсан бөгөөд Еховагийн хийсэн ажил зөвхөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л төлөөлж байв. Ехова зөвхөн Израиль, Египетийн ард түмэн болон Израилийн гаднах бүх үндэстний хүмүүсийг л удирдан чиглүүлсэн юм. Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил нь, эрин үеийг залж чиглүүлэнгээ Есүсийн нэрээр ажилласан Бурханы ажил байлаа. Хэрвээ чи, Есүсийн ажил нь Еховагийнх дээр суурилсан, Тэр ямар ч шинэ ажил эхлүүлээгүй, Түүний хийсэн бүхэн Еховагийн үгийн дагуу, Еховагийн ажлын дагуу, Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хэлбэл Есүс махбод болсон Бурхан биш байх байв. Хэрвээ Тэр ийм маягаар ажлаа явуулсан бол Хуулийн эрин үеийн элч юм уу ажилчин байх байлаа. Хэрвээ чиний хэлдэг шиг байсан бол Есүс эрин үеийг эхлүүлж чадахгүй, өөр ямар ч ажил хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, Ариун Сүнс Өөрийн ажлыг үндсэндээ Еховагаар дамжуулан хийх ёстой ба Еховагаар дамжуулахгүй л бол Ариун Сүнс ямар ч шинэ ажил хийж чадахгүй байх байв. Хүн Есүсийн ажлыг ийм маягаар ойлгох нь буруу юм. Есүсийн хийсэн ажил Еховагийн үг болон Исаиагийн зөгнөлийн дагуу байсан гэж хүн итгэдэг бол Есүс бие махбодтой болсон Бурхан байсан уу, эсвэл эш үзүүлэгчдийн нэг байсан уу? Энэ үзэл бодлоор бол Нигүүлслийн эрин үе гэж байхгүй ба Есүс бие махбодтой болсон Бурхан биш байх байв, учир нь Түүний хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг төлөөлж чадахгүй, харин Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийг л төлөөлж чадах байлаа. Есүс шинэ ажил хийхээр ирж, шинэ эрин үеийг эхлүүлж, урьд нь Израильд хийгдсэн ажлаас халин гарч, Өөрийн ажлыг Еховагийн Израильд хийсэн ажлын дагуу явуулалгүй, Түүний хуучин дүрэм журамд баригдалгүй, ямар ч ёс заншлыг дагалгүй, харин Өөрийн хийх ёстой шинэ ажлыг хийсэн үед л шинэ эрин үе бий болох байсан юм. Эрин үеийг эхлүүлэхийн тулд Бурхан Өөрөө ирдэг ба эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан Өөрөө ирдэг. Хүн эрин үеийг эхлүүлэх болон эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Хэрвээ Есүс ирснийхээ дараа Еховагийн ажлыг төгсгөөгүй бол Тэр ердөө хүн байсан ба Бурханыг төлөөлөх чадваргүй байсан гэдгийг энэ нь нотлох байв. Есүс ирж, Еховагийн ажлыг дуусгаж, Еховагийн ажлыг үргэлжлүүлж, улмаар Өөрийнхөө ажлыг буюу шинэ ажлыг гүйцэтгэсэн учраас л энэ бол шинэ эрин үе байсан бөгөөд Есүс бол Бурхан Өөрөө байсан гэдгийг энэ нь нотолдог. Тэд ажлын илт өөр хоёр үе шатыг гүйцэтгэсэн. Нэг үе шат нь сүмд явагдсан ба нөгөө нь сүмийн гадна хийгджээ. Нэг үе шат нь хуулийн дагуу хүний амьдралыг удирдан хөтлөх, харин нөгөө нь нүглийн тахил өргөхийн төлөө байв. Ажлын энэ хоёр үе шат харваас өөр байсан; энэ нь шинэ эрин үеийг хуучнаас салгадаг бөгөөд тэдгээр нь хоёр өөр эрин үе юм гэж хэлэх нь туйлын зөв. Тэдний ажлын байршил өөр байсан, ажлынх нь агуулга өөр байсан, ажлынх нь зорилго өөр байсан юм. Иймээс тэдгээрийг хоёр эрин үед хувааж болно: Шинэ ба Хуучин Гэрээ буюу шинэ ба хуучин эрин үе. Есүс ирэхдээ сүм рүү очоогүй нь Еховагийн эрин үе төгссөнийг нотолдог. Сүм дэх Еховагийн ажил дууссан, дахин хийх хэрэггүй байсан учраас Тэр сүмд ороогүй бөгөөд үүнийг дахин хийх нь давтаж байгаа хэрэг болох байв. Сүмийг орхин явж, сүмийн гадна шинэ ажил эхлүүлж, шинэ замыг нээснээр л Тэр Бурханы ажлыг дээд цэгт нь аваачиж чадах байлаа. Хэрвээ Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд сүмээс гараагүй бол Бурханы ажил сүмийн суурин дээр зогсож, ямар ч шинэ өөрчлөлт гарахгүй байх байв. Иймээс Есүс ирэх үедээ сүмд ороогүй ба Өөрийн ажлыг сүмд хийгээгүй юм. Тэрээр ажлаа сүмийн гадна хийж, шавь нараа дагуулан Өөрийн ажлыг чөлөөтэй хийж эхэлсэн билээ. Бурхан Өөрийн ажлыг хийхээр сүмээс явсан нь Бурханд шинэ төлөвлөгөө бий гэсэн утгатай байв. Түүний ажил сүмийн гадна явагдах ёстой байсан бөгөөд хэрэгжих байдлаараа хязгаарлагдахгүй шинэ ажил байх ёстой байлаа. Есүс ирмэгцээ Хуучин Гэрээний эрин үе дэх Еховагийн ажлыг төгсгөсөн юм. Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан ч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр нь өөр байсны адилаар ажлын агуулга өөр, эрин үе өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэр авдаг нь Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагш ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг харуулдаг. Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ, илүү агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой. Хором бүрд Бурханы Сүнс үргэлж шинэ ажил хийж байгаа ба хуучин арга зам, дүрэм журамтай хэзээ ч зууралддаггүй. Мөн Түүний ажил хэзээ ч зогсоогүй, харин хором мөч өнгөрөх бүрд хийгдсээр байгаа. Хэрвээ чи, Ариун Сүнсний ажил хэзээ ч хувиршгүй гэж хэлдэг бол, сүм дотор Өөрт нь үйлчлэхийг Ехова тахилчдаас шаардсан атал Есүсийг ирэх үед хүмүүс Түүнийг тэргүүн тахилч, Давидын гэрийн нэгэн, түүнчлэн тэргүүн тахилч, агуу Хаан гэж хэлж байсан ч Есүс яагаад сүмд ороогүй юм бэ? Яагаад Тэр тахил өргөөгүй вэ? Сүмд орсон ч бай, эсвэл үгүй ч бай—энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил биш гэж үү? Хэрвээ хүний төсөөлдгөөр Есүс дахин ирж, эцсийн өдрүүдэд Есүс гэж нэрлэгдсэн хэвээр байж, Есүсийн дүрээр хүмүүсийн дунд цагаан үүл хөлөглөн бууж ирсэн бол Түүний ажил давтагдсан хэрэг болох бус уу? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдаж чадах уу? Хүний боддог бүхэн нь үзэл бөгөөд хүний ойлгодог бүхэн нь үгчилсэн утгын дагуу, бас өөрсдийнх нь төсөөллийн дагуу байдаг; тэр нь Ариун Сүнсний ажлын зарчимтай тохирдоггүй бөгөөд Бурханы санаа зорилгод нийцдэггүй. Бурхан тийм маягаар ажиллахгүй; Бурхан тийм ч мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил чиний төсөөлдөг шиг тийм энгийн биш. Хүмүүсийн төсөөлдөг бүхэнд үндэслэвэл Есүс үүл хөлөглөн ирж, та нарын дунд бууна. Үүл хөлөглөсөн Тэрээр Өөрийгөө Есүс мөн гэж хэлэхийг та нар харна. Та нар бас Түүний гар дахь хадаасны сорвийг олж хараад, Есүс мөн гэдгийг нь мэднэ. Тэрээр та нарыг дахин аварч, та нарын хүчирхэг Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, дор бүрд чинь цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болж, диваажин руу хүргэгдэнэ. Ийм итгэл нь хүний үзэл биш гэж үү? Бурхан хүний үзлийн дагуу ажилладаг уу, эсвэл хүний үзлийн эсрэг ажилладаг уу? Хүний бүх үзэл Сатанаас үүдэн гардаггүй гэж үү? Бүх хүнийг Сатан завхруулаагүй гэж үү? Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг хүний үзлийн дагуу хийсэн бол Сатан болчихгүй гэж үү? Тэр Өөрийнхөө бүтээлүүдтэй адил төрлийнх байх бус уу? Түүний бүтээлүүдийг одоо Сатан маш их завхруулж, хүн Сатаны биелэл болсон тул хэрвээ Бурхан, Сатаны зүйлсэд нийцүүлэн ажилласан бол Сатантай хуйвалдаж байгаа хэрэг болох бус уу? Хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Тиймээс Бурхан хэзээ ч хүний үзлийн дагуу ажиллахгүй, хэзээ ч чиний төсөөлдөг шигээр ажиллахгүй. Үүлэн дээр ирнэ гэж Бурхан Өөрөө хэлсэн гэцгээдэг хүмүүс бий. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг нэг ч хүн ухан ойлгож чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурханы үгийг нэг ч хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн гэдэгт чи өчүүхэн ч эргэлзэхгүйгээр итгэж байна уу? Мэдээж Ариун Сүнс чамд тийм шууд байдлаар харуулаагүй биз дээ? Үүнийг Ариун Сүнс зааварласан уу, эсвэл өөрийн чинь үзэл чамайг ингэж бодоход хүргэсэн үү? Чи: “Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн” гэсэн. Гэхдээ Бурханы үгийг хэмжихдээ бид өөрсдийн үзэл, оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн хэлсэн үгийн тухайд гэвэл, чи түүний үгийг туйлын итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Чи түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Чи Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яагаад Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлдэг юм бэ? Есүс, Исаиа хоёрын хэн нь илүү өндөр дээд вэ? Хариулт нь Есүс байхад чи яагаад Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг юм бэ? Бурхан Өөрийнхөө ажлын талаар чамд урьдчилан хэлэх үү? Ганц ч бүтээгдсэн зүйл, бүр тэнгэр дэх элчүүд, хүний Хүү ч мэдэж чадахгүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Хүн хэтэрхий дутуу дулимаг. Одоо чиний хувьд хамгийн чухал зүйл бол ажлын гурван үе шатыг мэдэх явдал юм. Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй.

Өмнөх: Бурханы ажлын үзэгдэл 2

Дараах: Библийн талаар 1

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих