Библийн талаар 1

Бурханд итгэхдээ Библид хэрхэн хандах ёстой вэ? Энэ бол зарчмын асуулт юм. Яагаад бид энэ асуултыг ярилцаж байна вэ? Учир нь ирээдүйд чи сайн мэдээг түгээж, Хаанчлалын эрин үеийн ажлыг өргөжүүлэх бөгөөд Бурханы өнөөдрийн үгийг зүгээр л ярьж чаддаг байх нь хангалтгүй юм. Түүний ажлыг өргөжүүлэхийн тулд чи хүмүүсийн шашны хуучин үзэл болон итгэл бишрэлийн хуучин арга барилыг шийдвэрлэж, тэднийг бүрэн үнэмшүүлж чаддаг байх нь илүү чухал бөгөөд тухайн цэгт хүрэх нь Библитэй холбоотой. Олон жилийн турш хүмүүсийн итгэлийн (дэлхийн гурван гол шашны нэг болох Христийн шашны) уламжлалт арга барил нь Библийг унших явдал байсан; Библиэс холдох нь Эзэнд итгэх итгэл биш, Библиэс холдох нь буруу ном, тэрс үзэл бөгөөд хүмүүс өөр ном уншиж байхад ч гэсэн, эдгээр номын үндэс суурь нь Библийн тайлбар байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Эзэнд итгэдэг бол Библийг унших ёстой бөгөөд Библиэс гадна Библитэй холбоогүй ямар ч номыг шүтэх ёсгүй. Хэрвээ шүтвэл чи Бурханаас урваж байна. Библи байсан үеэс эхлээд Эзэнд итгэх хүмүүсийн итгэл нь Библид итгэх итгэл байсаар ирсэн. Хүмүүс Эзэнд итгэдэг гэж хэлэхийн оронд тэд Библид итгэдэг гэж хэлсэн нь дээр; тэд Библийг уншиж эхэлсэн гэж хэлэхийн оронд тэд Библид итгэж эхэлсэн гэж хэлсэн нь дээр; тэд Эзэний өмнө эргэн очсон гэж хэлэхийн оронд Библийн өмнө эргэн очсон гэж хэлсэн нь дээр. Ийм маягаар хүмүүс Библийг Бурхан мэт, мөн өөрсдийнх нь амийн эх булаг шиг шүтсэн ба үүнийг алдах нь амиа алдахтай адил байв. Хүмүүс Библийг Бурхантай адил өндөр дээд гэж үздэг ба Бурханаас дээгүүрт үздэг хүмүүс ч бий. Хүмүүс Ариун Сүнсний ажилгүй бол, Бурханыг мэдэрч чаддаггүй бол амьдарсаар байж чадах боловч Библийг алдах юм уу Библийн алдартай бүлэг болон үгийг алдмагцаа амиа алдсантай адил болдог. Иймээс хүмүүс Эзэнд итгэж эхэлмэгцээ Библийг уншиж, Библийг цээжилж эхэлдэг бөгөөд Библийг хэдий чинээ их цээжилж чадна, энэ нь Эзэнийг хайрладаг, агуу итгэлтэй гэдгийг нь төдий чинээ их нотолдог. Библийг уншсан, мөн үүний талаар бусдад ярьж чаддаг хүмүүс бол бүгд сайн ах эгч нар юм. Энэ бүх жилүүдэд хүмүүсийн Эзэнд итгэх итгэл, үнэнч байдал Библийг хэр ойлгодгоор нь хэмжигдсээр ирсэн. Ихэнх хүмүүс Бурханд яагаад итгэх ёстойгоо, эсвэл Бурханд хэрхэн итгэх ёстойгоо ч ер ойлгодоггүй бөгөөд Библийн бүлгүүдийг тайлж унших сэжүүрийг сохроор хайхаас өөрийг хийдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын чиглэлийг хэзээ ч эрэлхийлж байгаагүй; бүр анхнаасаа л тэд Библийг цөхрөнгөө баран судалж, шинжилсэн ба Библийн гаднах Ариун Сүнсний илүү шинэлэг ажлыг хэн ч, хэзээ ч олоогүй. Хэн ч, хэзээ ч Библиэс холдоогүй, хэзээ ч тэгж зүрхлээгүй. Хүмүүс энэ бүх жилүүдэд Библийг судалж, маш олон тайлбаруудыг гарган ирж, маш их чармайлт гаргасан; бас тэдэнд Библийн талаар олон өөр санал бодол байдаг бөгөөд тэд тасралтгүй мэтгэлцдэг болохоор өнөөдөр хоёр мянга гаруй өөр урсгал бий болсон юм. Тэд бүгдээрээ ямар нэг онцгой тайлбарыг, эсвэл Библи дэх илүү гүн гүнзгий нууцуудыг олохыг хүсдэг, мөн үүнийг судалж шинжлэн, Израиль дахь Еховагийн ажлын цаад учир, Иудей дэх Есүсийн ажлын цаад учир, эсвэл хэний ч мэддэггүй илүү олон нууцыг олохыг хүсдэг. Библид хандах хүмүүсийн хандлага нь донтолт, итгэлийн байдалтай байдаг бөгөөд Библийн дотоод түүх юм уу мөн чанарын талаар хэн ч бүрэн дүүрэн ойлгож чаддаггүй. Иймээс Библийн тухайд гэвэл, өнөөдөр ч хүмүүс дүрслэн хэлэхийн аргагүй гайхсан мэдрэмжтэй байдаг бөгөөд үүнд улам их донтож, улам их итгэдэг. Өнөөдөр хүн бүхэн Библиэс эцсийн өдрүүдийн ажлын тухай зөгнөлүүдийг олохыг хүсдэг, мөн эцсийн өдрүүдэд Бурхан ямар ажил хийдгийг болон эцсийн өдрүүдийн ямар тэмдгүүд байдгийг олж мэдэхийг хүсдэг. Ийм маягаар Библийг шүтэх нь илүү оргилуун болдог ба эцсийн өдрүүд ойртох тусам тэд ялангуяа эцсийн өдрүүдийн талаарх Библийн зөгнөлүүдэд төдий чинээ сохроор итгэдэг. Библид ийнхүү сохроор итгэснээр, Библид ингэж их найдсанаар тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч хүсэлгүй байдаг. Өөрсдийнхөө үзлээр хүмүүс Библи л Ариун Сүнсний ажлыг авчирч чадна гэж боддог; мөн Библиэс л Бурханы мөрийг олж чадна; Бурханы ажлын нууцууд зөвхөн Библид л нуугдаж байдаг; өөр ном юм уу хүмүүс биш, зөвхөн Библи л Бурханы талаарх бүх зүйлийг болон Түүний ажлыг бүхэлд нь тодруулж чадна; Библи тэнгэрийн ажлыг газарт авчирч чадна; Библи нь эрин үеүдийг эхлүүлж, бас төгсгөж чадна гэж боддог. Ийм үзэлтэй болохоор хүмүүст Ариун Сүнсний ажлыг эрж хайх ямар ч дур сонирхол байдаггүй. Иймээс урьд нь Библи хүмүүст хэр их тус болж байсан нь хамаагүй, энэ нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд саад тотгор болсон юм. Библигүй бол хүмүүс Бурханы мөрийг өөр хаа нэгтэйгээс хайх байсан атал өнөөдөр Түүний мөр Библиэр хязгаарлагдаж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг өргөжүүлэх нь хоёр дахин их хэцүү, бэрхшээлтэй тэмцэл болсон билээ. Энэ нь бүхэлдээ Библийн алдартай бүлэг болон үгсээс, түүнчлэн Библийн олон янзын зөгнөлүүдээс болдог. Библи хүмүүсийн сэтгэл дэх шүтээн болж, тэдний уураг тархин дахь таавар болсон бөгөөд тэд ердөө Бурхан Библиэс гадна ажиллаж чадна гэж итгэх чадваргүй, хүмүүс Бурханыг Библийн гаднаас олж чадна гэж итгэх чадваргүй, тэр ч бүү хэл сүүлчийн ажлын үеэр Бурхан Библийг орхиж, шинээр эхэлж чадна гэдэгт ч итгэж чаддаггүй. Энэ нь хүмүүсийн хувьд санаанд оромгүй зүйл; тэд үүнд итгэж чадахгүй, үүнийг төсөөлж ч чадахгүй. Хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд Библи томоохон саад тотгор болсон бөгөөд Бурхан энэ шинэ ажлыг өргөжүүлэхэд бэрхшээл учруулсан. Тиймээс хэрвээ та нар Библийн дотоод түүхийг ойлгодоггүй бол сайн мэдээг амжилттай түгээж чадахгүй, шинэ ажилд гэрчлэл хийж ч чадахгүй. Хэдийгээр өнөөдөр та нар Библийг уншдаггүй ч үүнд туйлын нөхөрсөг ханддаг, өөрөөр хэлбэл, гарт чинь Библи байхгүй байж болох ч та нарын ихэнх үзэл үүнээс гарч ирдэг. Та нар Библийн эх сурвалжийг, эсвэл Бурханы ажлын урьдын хоёр үе шатны тухай дотоод түүхийг ойлгодоггүй. Хэдийгээр та нар Библийг үргэлж уншдаггүй ч Библийг ойлгох ёстой, Библийн талаар зөв мэдлэгтэй болох ёстой, ийм маягаар л та нар Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж юу болохыг мэдэж чадна. Тэгээд хүмүүсийг ятгаж, энэ урсгал бол үнэн зам гэдгийг тэднээр хүлээн зөвшөөрүүлж, өнөөдөр алхдаг зам чинь үнэний зам бөгөөд үүнийг Ариун Сүнс залж чиглүүлдэг, ямар ч хүн үүнийг үүсгэн санаачлаагүй гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эдгээр зүйлийг ашиглана.

Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг хийсны дараа Хуучин Гэрээ бий болсон бөгөөд тэр үед хүмүүс Библийг уншиж эхэлсэн юм. Есүс ирснийхээ дараа Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийж, элч нар нь Шинэ Гэрээг бичжээ. Тийнхүү Библийн Хуучин болон Шинэ Гэрээ бий болсон бөгөөд бүр өнөөг хүртэл, Бурханд итгэдэг бүх хүн Библийг уншсаар ирсэн. Библи бол түүхийн ном юм. Мэдээж энэ нь бас эш үзүүлэгчдийн зарим зөгнөлийг агуулдаг бөгөөд эдгээр зөгнөл яавч түүх биш. Библи хэд хэдэн хэсгийг агуулдаг—үүнд зөвхөн зөгнөл байдаггүй, эсвэл зөвхөн Еховагийн ажил, бас зөвхөн Паулын захидлууд байдаггүй. Библи хэдэн хэсгийг агуулдгийг чи мэдэх ёстой; Хуучин Гэрээ нь Эхлэл, Гэтлэл … зэргийг багтаадаг ба бас эш үзүүлэгчдийн бичсэн зөгнөлийн номууд байдаг. Эцэстээ Хуучин Гэрээ нь Малахийн Номоор төгсдөг. Энэ нь Еховагийн удирдсан Хуулийн эрин үеийн ажлыг тэмдэглэсэн байдаг; Эхлэлээс эхлээд Малахийн Ном хүртэл энэ нь Хуулийн эрин үеийн бүх ажлын иж бүрэн тэмдэглэл юм. Өөрөөр хэлбэл, Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үед Еховагаар удирдуулж байсан хүмүүсийн туулсан бүхнийг тэмдэглэсэн байдаг. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өргөсөн асар олон тооны эш үзүүлэгч Түүний зөгнөлийг хэлж, янз бүрийн овог аймаг, улс үндэстэнд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн юм. Өргөгдсөн энэ хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгчээ: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чаддаг байсан ба ийнхүү тэд Түүний онгодыг хүртэж, зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил Еховагийн дуу хоолойн илэрхийлэл, Еховагийн зөгнөлийн илэрхийлэл байсан бөгөөд тухайн үеийн Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг залж чиглүүлэх явдал байв; Тэрээр махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй юм. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчийг өргөж, тэдэнд зөн билгүүдийг өгснөөр тэд үүнийг Израилийн бүх овог, урагт дамжуулжээ. Тэдний ажил нь зөгнөл хэлэх явдал байсан ба тэдний зарим нь бусдад харуулахын тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичиж тэмдэглэсэн. Ехова, зөгнөл хэлж, ирээдүйн ажил юм уу тухайн үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөг гэж энэ хүмүүсийг өргөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болон мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр ном нь Библийн бусад номоос нэлээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагаас үзэгдэл юм уу дуу хоолой олж авсан хүмүүсийн ярьсан, бичсэн үгс байв. Зөгнөлийн номуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн тэмдэглэл юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр ном нь Еховагийн өргөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад ном нь ажил дууссаны дараа бичигдсэн бөгөөд хүмүүс үүнийг хийх чадвартай байлаа. Тухайн үеийн эш үзүүлэгчдэд Еховагийн онгод өгөгдөж, зарим зөгнөлийг хэлсэн ба тэд олон үг хэлж, Нигүүлслийн эрин үеийн зүйлсийг болон Еховагийн хийхээр төлөвлөсөн ажил буюу эцсийн өдрүүд дэх дэлхийн сүйрлийг зөгнөсөн. Үлдсэн ном нь бүгд Израильд Еховагийн хийсэн ажлыг тэмдэглэсэн байдаг. Тиймээс Библийг унших үедээ чи ерөнхийдөө Израильд хийсэн Еховагийн ажлын тухай уншиж байгаа юм; Библийн Хуучин Гэрээ нь үндсэндээ Израилийг удирдан чиглүүлсэн Еховагийн ажил болон израильчуудыг Египетээс удирдан гаргахад Мосег хэрэглэснийг нь тэмдэглэсэн байдаг бөгөөд Мосе израильчуудыг Фараоны дөнгөнөөс чөлөөлж, цөлд аваачин, улмаар тэд Канаанд орсноор үүний дараа болсон бүхэн нь Канаан дахь тэдний амьдрал байсан. Үүнээс бусад бүх зүйл нь Израиль даяарх Еховагийн ажлын тэмдэглэлүүд юм. Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израиль дахь Еховагийн ажил, Адам Еваг бүтээсэн газар нутагт хийсэн Еховагийн ажил билээ. Ноагийн дараа Бурхан албан ёсоор газар дээрх хүмүүсийг удирдаж эхэлсэн үеэс эхлээд Хуучин Гэрээнд бичигдсэн бүхэн нь Израилийн ажил билээ. Тэгвэл яагаад Израилийн гаднах өөр ямар нэг ажил тэмдэглэгдээгүй вэ? Учир нь Израилийн газар нутаг бол хүн төрөлхтний өлгий юм. Эхэндээ Израилиас өөр ямар ч улс орон байгаагүй ба Ехова өөр ямар нэгэн газарт ажиллаагүй. Ийм маягаар, Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь гагцхүү тухайн үеийн Израиль дахь Бурханы ажил юм. Эш үзүүлэгчид, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үг … тэдний үг газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номоос гадна бусад бүх зүйл нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн тэмдэглэл юм.

Бүтээлийн ажил нь хүн төрөлхтөн бий болохоос өмнө тохиолдсон, харин Эхлэлийн Ном нь хүн төрөлхтөн бий болсны дараа л гарч ирсэн; энэ нь Хуулийн эрин үед Мосегийн бичсэн ном байлаа. Энэ нь өнөөдөр та нарын дунд тохиолдож буй зүйлстэй адилхан: Тэдгээрийг тохиолдсоны дараа та нар хойч үеийн хүмүүст харуулахын тулд бичиж тэмдэглэдэг, та нарын тэмдэглэсэн зүйлс бол өнгөрсөн үед тохиолдсон зүйл—тэдгээр нь түүхээс цаашгүй. Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд тэмдэглэгдсэн байдаг зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулдаг. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулдаг, тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед Шинэ Гэрээ ч бас хуучирсан—тиймээс Шинэ Гэрээ ч бас түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг эмх цэгцтэй биш, мөн үүн шиг олон зүйлийг ч бичээгүй. Еховагийн хэлсэн олон үг бүгдээрээ Библийн Хуучин Гэрээнд бичигдсэн байхад Есүсийн үгийн зарим нь л Дөрвөн Сайн Мэдээнд тэмдэглэгдсэн. Мэдээж Есүс бас маш их ажил хийсэн боловч үүнийг дэлгэрэнгүй бичээгүй. Шинэ Гэрээнд тийм бага зүйл бичигдсэн нь Есүсийн хийсэн ажлын хэмжээнээс болсон; газар дээрх гурван жил хагасын хугацаандаа Түүний хийсэн ажлын хэмжээ болон элчүүдийн ажил Еховагийн ажлаас хамаагүй бага байсан юм. Тиймээс Шинэ Гэрээнд Хуучин Гэрээнээс цөөхөн ном байдаг.

Библи чухамдаа ямар ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг тэмдэглэсэн байдаг. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн байдаг ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын тухай тэмдэглэлийг төгсгөдөг. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг тэмдэглэсэн байдаг: Нэг нь бүтээлийн ажил, нөгөө нь хууль гаргах явдал юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Ехова Бурханы нэрийн доорх ажлыг төлөөлдөг; энэ нь үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг тэмдэглэсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голчлон Есүсийн нэрийн дор хийгдсэн ажлыг бичсэн. Есүсийн нэрийн ач холбогдол болон Түүний хийсэн ажил ихэвчлэн Шинэ Гэрээнд бичигдсэн. Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Ехова Израильд ариун сүм болон тахилын ширээ барьж, газар дээрх израильчуудын амьдралыг залж чиглүүлж, тэд бол Түүний сонгосон хүмүүс, газар дээр Түүний сонгосон, Түүний зүрх сэтгэлийн дагуу байдаг эхний бүлэг хүмүүс, Түүний биечлэн удирдсан эхний бүлэг хүмүүс гэдгийг нотолсон юм. Израилийн арван хоёр овог нь Еховагийн анх сонгосон хүмүүс байсан тул Хуулийн эрин үеийн ажил нь төгсөх хүртэл Ехова үргэлж тэдний дунд ажилласан. Ажлын хоёр дахь үе шат нь Шинэ Гэрээний Нигүүлслийн эрин үеийн ажил байсан ба энэ нь Израилийн арван хоёр овгийн нэг болох иудей хүмүүсийн дунд хийгджээ. Есүс махбодтой болсон Бурхан байсан учраас ажлын цар хүрээ нь илүү бага байсан юм. Есүс Иудейн газар нутаг даяар л ажилласан ба гурван жил хагасын л ажил хийсэн; тиймээс Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл Хуучин Гэрээнд тэмдэглэгдсэн ажлын хэмжээг давж ер чадахааргүй байв. Нигүүлслийн эрин үеийн Есүсийн ажил нь үндсэндээ Дөрвөн Сайн Мэдээнд тэмдэглэгдсэн. Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийн алхсан зам нь тэдний амь зан чанар дахь хамгийн өнгөц өөрчлөлтийн зам байсан бөгөөд үүний ихэнхийг захидлуудад тэмдэглэсэн байдаг. Тухайн үед Ариун Сүнс хэрхэн ажиллаж байсныг захидлууд харуулдаг. (Мэдээж, гэсгээгдэж, золгүй явдалд өртсөнөөс үл хамааран, Паул хийсэн ажилдаа Ариун Сүнсээр зааварчлуулж байсан, тэрээр тухайн үед Ариун Сүнсний ашиглаж байсан хүн байв; Петрийг ч гэсэн Ариун Сүнс ашиглаж байсан, гэхдээ тэр Паул шиг их ажил хийгээгүй. Хэдийгээр Паулын ажил хүний хольц агуулж байсан ч тухайн үед Ариун Сүнс хэрхэн ажиллаж байсныг Паулын бичсэн захидлуудаас харж болно; Паулын хөтөлсөн зам зөв байсан, энэ нь зөв зүйтэй байсан бөгөөд Ариун Сүнсний зам байсан юм.)

Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махбод болж, Хятад дахь өөр сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажиллаж, газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлаас үргэлжлүүлэн хийдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам, хэн ч өмнө нь хараагүй зам билээ. Энэ нь урьд нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил—газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг, мөн энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс даван гарсан ба зөгнөлүүдийн гаднах шинэ, гайхамшигтай ажил, Израилиас давсан илүү шинэлэг ажил, хүмүүсийн ойлгож ч, төсөөлж ч чадахгүй ажил юм гэдгийг хүмүүс мэддэггүй. Ийм ажлын тухай илэн далангүй тэмдэглэлийг Библи яаж агуулж чадах билээ? Хэн өнөөгийн ажлыг нэг бүрчлэн, юу ч үлдээлгүйгээр урьдчилан тэмдэглэж чадах билээ? Тогтсон ёсыг зөрчдөг, энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн салбайсан хуучин номд тэмдэглэж чадах вэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библийг орхих ёстой, мөн зөгнөлийн ном, эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадна, тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадна. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг шаардаж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библиэс илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг хайдаггүйг, яагаад Библийн гаднах илүү хүчирхэг ажил байдгийг чи ойлгох ёстой. Та нарын ойлгох ёстой бүхэн энэ юм. Чи хуучин, шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжилж чаддаг байх ёстой; тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, улмаар шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэр хуучирсан, дорд замыг судална гэж? Илүү шинэлэг айлдвар, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучны түүхэн тэмдэглэл дунд амьдарна гэж? Шинэ айлдарууд чамайг хангадаг ба шинэ ажил мөн гэдгийг энэ нь баталдаг; хуучин тэмдэглэлүүд сэтгэлийг чинь хангаж чадахгүй, эсвэл одоогийн хэрэгцээг чинь хангаж чадахгүй бөгөөдөнөө үеийн ажил биш, түүх гэдгийг нь нотолдог. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил юм, мөн шинэ ажил байгаа болохоор өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байлаа ч энэ нь хүмүүсийн эргэн дурсах түүх төдий бөгөөд лавлах үнэ цэн нь ямар ч байлаа гэсэн, энэ нь мөн л хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; харин үүний талаарх тэмдэглэл “ариун номд” байхгүй ч шинэ зам бол одоо үеийнх. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.

Та нар Библийг ойлгох ёстой—энэ ажил зайлшгүй шаардлагатай! Өнөөдөр чи Библи унших хэрэггүй, учир нь үүнд ямар ч шинэ зүйл байхгүй; энэ нь бүхэлдээ хуучирсан. Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол—хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол—Есүс чамайг голж, яллах байлаа; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол фарисай байх байсан. Хэрвээ өнөөдөр Хуучин ба Шинэ Гэрээг хамтад нь идэж ууж, хэрэгжүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллана; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцорсон байх болно! Хэрвээ чи Хуучин болон Шинэ Гэрээг идэж уудаг бол Ариун Сүнсний урсгалын гадна байна! Есүсийн цаг үед, Есүс Өөрт нь байсан Ариун Сүнсний ажлын дагуу иудейчүүд болон Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийсэн зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид хэлсэн байдаг зүйлд Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, дагалдагчдаа удирдах замыг ч Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй, мөн шинэ замаар замнаж, шинэ ажил хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библиэс лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэж чадаагүй. Иймээс Түүний ажил, Түүний сургаал болон Түүний үгийн эрх мэдэл, хүч чадалд Хуулийн эрин үеийн ямар ч хүн хүршгүй байлаа. Есүс ердөө л илүү шинэлэг ажлаа хийсэн ба олон хүн Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, бүр Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг ашиглаж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар, мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадварынх нь талаар юу ч хэлээгүйгээс болоогүй гэж үү? Түүний ажил шинэ замаар хөтлөхийн тулд хийгдсэн, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд, эсвэл Хуучин Гэрээнээс зориуд ангижрахын тулд байгаагүй. Тэр зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд, Өөрийг нь хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахын тулд ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар, эсвэл Хуучин Гэрээний ажлыг баримтлахаар ирээгүй. Түүний ажил Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагүй, учир нь Түүний ажил Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс зүгээр л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгийн дагуу ч ажиллаагүй. Тэрээр Хуучин Гэрээнд хэлсэн зүйлийг үл ойшоож, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг, эсвэл үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүн Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашиглан Түүнийг яллаж байсан ч Тэр зүгээр л хийх учиртай ажлаа хийсээр байсан юм. Хүмүүст Түүний ажил үндэс суурьгүй мэт харагдсан, мөн Хуучин Гэрээний тэмдэглэлүүдтэй тохирохгүй зүйл их байсан. Энэ нь хүний алдаа бус уу? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Бурханы ажил эш үзүүлэгчдийн зөгнөлийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Яагаад Бурхан Библийн дагуу ажиллах ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй юм гэж үү? Бурхан Библийг орхиж, өөр ажил хийж болохгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний шавь нар Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Есүс Амралтын өдрийг харгалзан үзэж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад ирснийхээ дараа Амралтын өдрийг сахихын оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж, дарс уусан бэ? Энэ бүхэн нь Хуучин Гэрээний тушаалуудад байхгүй байгаа бус уу? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг мөрдсөн юм бол яагаад эдгээр ёс заншлыг зөрчсөн юм бэ? Бурхан, Библи хоёрын аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн болохоор Тэр бас Библийн Эзэн байж чадах бус уу?

Шинэ Гэрээний цаг үед Есүсийн хийсэн ажил шинэ ажлыг эхлүүлсэн юм: Тэр Хуучин Гэрээний ажлын дагуу ажиллаагүй, Хуучин Гэрээний Еховагийн хэлсэн үгийг ч мөрдөөгүй. Тэр Өөрийн ажлыг хийж, илүү шинэлэг ажил хийсэн бөгөөд тэрхүү ажил нь хуулиас дээгүүр байв. Тиймээс Тэр: “Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг үгүй болгохын тулд Намайг ирсэн гэж бүү бод. Би үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн билээ” гэж хэлсэн. Тиймээс Түүний гүйцэлдүүлсэн зүйлсийн дагуу ихээхэн ёс заншил эвдэгдсэн. Амралтын өдөр Түүнийг шавь нараа дагуулан тариан талбайгаар явахад шавь нар нь тариан түрүү түүж, идсэн; Тэрээр Амралтын өдрийг сахиагүй бөгөөд “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэж хэлсэн билээ. Тухайн үед, израильчуудын дүрмийн дагуу Амралтын өдрийг сахиагүй хэн боловч чулуугаар цохиулж үхэх ёстой байсан юм. Гэвч Есүс ариун сүмд ч ороогүй, Амралтын өдрийг ч сахиагүй бөгөөд Түүний ажлыг Хуучин Гэрээний үед Ехова хийж байгаагүй. Тиймээс Есүсийн хийсэн ажил Хуучин Гэрээний хуулиас давсан, энэ нь үүнээс илүү өндөр байсан ба үүний дагуу байгаагүй. Нигүүлслийн эрин үед Есүс Хуучин Гэрээний хуулийн дагуу ажиллаагүй бөгөөд тэдгээр ёс заншлыг аль хэдийн зөрчсөн. Харин израильчууд Библитэй улайран зууралдаж, Есүсийг ялласан—энэ нь Есүсийн ажлыг үгүйсгэж байгаа хэрэг бус уу? Өнөөдөр шашны ертөнц ч бас Библитэй улайран зууралддаг ба “Библи бол ариун ном бөгөөд үүнийг унших ёстой” гэж зарим хүн хэлдэг. Зарим нь: “Бурханы ажлыг үүрд баримтлах ёстой, Хуучин Гэрээ бол израильчуудтай хийсэн Бурханы гэрээ, үүнээс салж болохгүй ба Амралтын өдрийг үргэлж сахих ёстой!” гэж хэлдэг. Тэд инээдтэй биш гэж үү? Яагаад Есүс Амралтын өдрийг сахиагүй вэ? Тэр нүгэл үйлдэж байсан уу? Хэн ийм зүйлийг нэгд нэггүй ойлгож чадах вэ? Хүмүүс Библийг хэрхэн унших нь хамаагүй, ойлгохуйн хүчээ ашиглан Бурханы ажлыг мэдэх боломжгүй. Тэд Бурханы талаарх цэвэр мэдлэгийг олж авч чадахгүйгээр үл барам, үзэл нь бүр илүү жигшмээр болж, улмаар Бурханыг эсэргүүцэж эхэлнэ. Хэрвээ бие махбодтой болсон өнөөдрийн Бурхан байгаагүй бол хүмүүс үзлийнхээ улмаас сүйрч, Бурханы гэсгээлт дунд үхэх байлаа.

Өмнөх: Бурханы ажлын үзэгдэл 3

Дараах: Библийн талаар 2

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих