1.1. Хуулийн эрин үе дэх ажлын тухай Бурханы илчлэлийн талаар
21. Тухайн үед, Израиль дахь Еховагийн ажлын ач холбогдол, зорилго, алхмууд нь Өөрийн ажлыг дэлхий даяар эхлүүлэх буюу Израилийг төвөө болгон аажмаар Харь үндэстнүүд рүү түгэх явдал байлаа. Энэ бол орчлон ертөнц даяар ажиллахдаа Түүний баримталдаг зарчим—загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн сайн мэдээг нь хүлээн авах хүртэл загвараа өргөжүүлэх явдал мөн. Эхний израильчууд Ноагийн үр удам байв. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал өгөгдсөн ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ хангахуйц зүйлийг ойлгож байсан боловч Ехова ямархуу Бурхан болохыг, хүний төлөөх Түүний хүсэл юу болохыг мэдээгүй, бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн хүндэтгэх ёстойгоо бүр ч мэдээгүй. Дуулгавартай дагаха дүрэм журам, хууль байсан эсэх, эсвэл бүтээгдсэн зүйл нь Бүтээгчийн төлөө хийх ёстой үүрэг байсан эсэх тухайд бол, Адамын үр удам эдгээрийн алийг ч мэддэггүй байлаа. Гэр бүлээ тэжээхийн тулд эр нөхөр нь хөлсөө урсган хөдөлмөрлөж, эхнэр нь нөхөртөө захирагдаж, Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэдгийг л тэд мэддэг байв. Өөрөөр хэлбэл, Еховагийн амьсгал болон амийг л агуулж байсан ийм хүмүүс Бурханы хуулийг хэрхэн дагахыг, эсвэл бүх бүтээлийн Эзэнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг мэддэггүй байжээ. Тэд дэндүү багыг ойлгодог байлаа. Иймээс, хэдийгээр тэдний зүрх сэтгэлд гажууд, ов мэхтэй зүйл юу ч байгаагүй, тэдний дунд атаархал, хэрүүл тэмцэл хааяахан гардаг байсан ч тэд бүх бүтээлийн Эзэн Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүний эдгээр өвөг дээдэс зөвхөн Еховагийн зүйлийг идэж, Еховагийн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан боловч Еховаг хэрхэн хүндлэхийг мэддэггүй байжээ; Ехова бол өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстой Нэгэн гэдгийг тэд мэддэггүй байлаа. Иймээс тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Хэрвээ тэгсэн бол “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр Өөрийгөө харуулж, Өөрийгөө алдаршуулж, Өөрийгөө төлөөлүүлэхээр хүнийг бүтээсэн” гэдэг үгийг хий дэмий хэлсэн болох бус уу? Еховаг огт хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл болж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илрэл болж чадах юм бэ? Тэгвэл “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэх Еховагийн үг, муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Тэгвэл эдгээр үг нь Ехова хүнийг бүтээсний ичгүүрийн тэмдэг болох бус уу? Ажлын тэрхүү үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас эхлээд Ноаг хүртэл тэдэнд зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үерээр дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн газар нутаг даяар амьдарч байсан Израилийн бүх ард түмэнд удирдамж өгсөн бөгөөд Ехова хүнд амьсгал үлээн оруулж, Өөрийн амийг өгөөд, тоос шорооноос бүтээгдсэн хүнийг бий болгож чадахаар үл барам, хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж чадна гэдгийг хүмүүст харуулсан юм. Иймээс, Ехова газар дээрх хүний амьдралыг залж чиглүүлж, хүн төрөлхтний дунд өдөр шөнийн цагийн дагуу үг хэлж, ажиллаж чадна гэдгийг ч бас тэд харжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, түүнчлэн хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л Тэр энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, бусад ард түмэн болон үндэстэн (үнэндээ тэд Израилиас тусгаар байгаагүй, харин Израилиас салбарласан ч мөн л Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн аваг гэсэндээ Тэрээр Өөрийн ажлыг Израильд анх хийсэн бөгөөд ингэснээр орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэлж, дээдэлж чадах байлаа. Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүй, харин оронд нь хүн төрөлхтнийг бүтээчхээд газар дээр дураар нь амьдруулсан бол, тэр тохиолдолд махан биеийнхээ уг чанараас болоод хүн (уг чанар гэдэг нь хүн харж чадахгүй зүйлээ хэзээ ч мэдэж чадахгүй гэсэн үг бөгөөд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг мэдэхгүй, Тэр яагаад үүнийг хийснийг бүр ч мэдэхгүй гэсэн үг юм), Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг, эсвэл Тэр бол бүх бүтээлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрвээ Ехова хүнийг бүтээж, газар дээр тавьчхаад, дараа нь хэсэг хугацаанд удирдамж өгөхийн тулд хүн төрөлхтний дунд үлдэхийн оронд зүгээр л гар дахь тоосоо гөвөөд, явчихсан бол бүх хүн устан мөхөх байв; бүр Түүний бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйл, бүх хүн төрөлхтөн устан мөхөхийн сацуу Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ийм маягаар, “Газар дээр буюу бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газар Түүнд байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байлаа. Иймээс хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Тэрээр амьдралыг нь залж чиглүүлэхийн тулд тэдний дунд үлдэж, тэдний дундаас тэдэнд хандан үг хэлж чаддаг байсан нь бүгд Түүний хүслийг гүйцэлдүүлж, Түүний төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө байсан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил
22. Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгажээ. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлах зорилготой байсан бөгөөд тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахидаг эсэх, эцэг эхээ хүндэлдэг эсэх, хуурамч шүтээн шүтдэг эсэх гэх мэт нь нүгэлтэй юу, эсвэл зөв шударга уу гэдгийг нь шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас зарим нь Еховагийн галд цохиулсан, зарим нь чулуу шидүүлж алуулсан, мөн зарим нь Еховагийн ерөөлийг хүртсэн бөгөөд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийнх нь дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алдаг байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуу шидэж алдаг байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг байв. Амьдралыг нь удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байг гэсэндээ Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймээс Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил
23. Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хууль ашиглахаас бүрдэж байв. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлээд Өөрийн ажлыг гадагш тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан бөгөөд тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэрээр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
24. Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг хүнд олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуг анхаарах ёстойг, юуг сахин мөрдөх ёстойг, юу хийх ёстойг, юу хийх ёсгүйг тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн зан авирыг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь тэднийг чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байх байсан, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн онцгой агуулга юм. Хууль, дүрэм маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай байсан, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад бүх хүн төрөлхтнийг удирдан залах Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
25. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл, Тэрээр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн боловч тэдэнд илүү их оюун ухаан, эсвэл мэргэн ухаан хайрлаагүй юм. Хэдий тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч бараг юу ч ойлгоогүй юм. Иймээс хүн төрөлхтнийг бүтээх Еховагийн ажлын хагас нь л дууссан бөгөөд бүрэн гүйцэлдээгүй байв. Тэрээр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд Өөрийн амьсгалыг өгсөн боловч Өөрийг нь хүндлэх хангалттай хүсэл зоригийг хүнд хайрлаагүй юм. Анх хүнд Түүнийг хүндлэх, эсвэл Түүнээс эмээх оюун санаа байгаагүй. Хүн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон хүний амьдралын хэвийн дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдийгээр Ехова эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээж, долоон өдрийн туурвилаа дуусгасан боловч хүнийг бүтээх үйлээ яавч бүрэн төгс болгоогүй, учир нь хүн гадаад бүрхүүл төдий байсан ба хүн байх бодит байдалгүй байлаа. Хүн төрөлхтнийг Ехова бүтээсэн гэдгийг л хүн мэддэг байсан боловч Еховагийн үгийг юм уу хуулийг хэрхэн мөрдөх талаар өчүүхэн ч мэддэггүй байв. Иймээс хүн төрөлхтөн бий болсны дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэрээр хүн төрөлхтнийг Өөрийнхөө өмнө ирүүлэхийн тулд мөн л бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байлаа, ингэснээр тэд газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чаддаг болж магад байсан ба Түүний удирдамжтайгаар газар дээрх хэвийн хүний амьдралын зөв замд орж магад байв. Ийм маягаар л үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил бүрэн дууссан; өөрөөр хэлбэл, зөвхөн ийм маягаар л дэлхийг бүтээх Еховагийн ажил бүрэн дууссан юм. Иймээс, хүн төрөлхтнийг бүтээгээд Тэр хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон ба ийнхүү хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг мөрдөж, газар дээрх хэвийн хүний амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
26. Ехова ажлаа хийсэн хоёр мянган жилээс өмнө хүн юу ч мэддэггүй байсан бөгөөд бараг бүх хүн төрөлхтөн доройтолд орж, дэлхийг үерээр устгахаас өмнө садар самуун болон завхрал нь гүнзгийрч, зүрх сэтгэлд нь Ехова огт байхгүй, Түүний зам бүр ч байхгүй байсан. Тэд Еховагийн хийх гэж байгаа ажлыг огт ойлгоогүй; тэд эрүүл ухаангүй, тэр ч бүү хэл мэдлэггүй, амьсгалдаг машин шиг байсан бөгөөд хүн, Бурхан, дэлхий ертөнц, амь гэх мэтийг ер мэддэггүй байлаа. Газар дээр тэд могойтой адилаар олон уруу таталт явуулж, Еховад халдсан олон зүйл хэлсэн боловч мэдлэггүй байснаас нь болоод Ехова тэднийг гэсгээж, сахилгажуулаагүй юм. Үерийн дараа л, Ноаг 601 настай байхад Ехова Ноад албан ёсоор харагдаж, түүнийг болон гэр бүлийг нь залж чиглүүлж, үерээс амьд гарсан шувууд, амьтдыг Ноа болон түүний үр удмын хамтаар Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэл нийтдээ 2,500 жил удирджээ. Тэрээр Израильд ажилласан, өөрөөр хэлбэл, албан ёсоор нийт 2,000 жил ажилласан бөгөөд Израильд болон Израилийн гадна нэгэн зэрэг ажилласан хугацаа нь 500 жил байсан тул нийтдээ 2,500 жил болсон байна. Энэ хугацаанд Тэрээр, Еховад үйлчлэхийн тулд сүм барьж, тахилчийн өмсгөл өмсөх ёстой гэдгийг, мөн гутлаараа сүмийг бохирдуулж, сүмийн оройгоос гал бууж өөрсдийг нь шатаахаас зайлсхийхийн тулд сүм рүү үүрээр хөл нүцгэн орох ёстой гэдгийг израильчуудад зааварчилсан билээ. Тэд үүргээ биелүүлж, Еховагийн зохицуулалтад захирагдсан юм. Тэгээд сүмд Еховад залбирдаг байсан ба Еховагаас илчлэл хүлээн авсныхаа дараа буюу Еховаг үг хэлсний дараа тэд хурсан олныг удирдан хөтөлж, Еховад—өөрсдийн Бурханд хүндлэл үзүүлэх ёстой гэдгийг тэдэнд зааж сургажээ. Мөн Ехова тэдэнд сүм болон тахилын ширээ барих ёстой гэж хэлсэн бөгөөд тэднийг хязгаарлаж, Еховаг хүндлэх зүрх сэтгэлтэй болгохын тулд Еховагийн тогтоосон цагт буюу Алгасал баяраар шинэ төрсөн тугал, хургыг бэлдэж, Еховад үйлчлэх тахил болгон тахилын ширээн дээр өргөх ёстой гэж хэлсэн юм. Тэд энэ хуулийг дуулгавартай дагах эсэх нь Еховад үнэнч зангийнх нь хэмжүүр болж байв. Ехова бас тэдэнд зориулан Өөрийн бүтээлийн долоо дахь өдрийг Амралтын өдөр болгон тогтоосон юм. Амралтын өдрийн маргаашийг Тэрээр нэг дэх өдөр буюу Еховаг магтах, Түүнд тахил өргөх, Түүнд зориулан хөгжим тоглох өдөр болгожээ. Энэ өдөр Ехова, тахилын ширээн дээрх тахилыг хүмүүст идүүлэхээр хуваахын тулд бүх тахилчийг дуудан цуглуулсан, ингэснээр тэд Еховагийн тахилын ширээн дээрх тахилыг эдэлж чадах байв. Тэгээд Ехова, тэд бол ерөөгдсөн, Түүнтэй хамт хуваалцдаг ба Түүний сонгосон хүмүүс мөн гэж хэлжээ (энэ нь израильчуудтай хийсэн Еховагийн гэрээ байлаа). Ийм учраас өнөөдрийг хүртэл Израилийн ард түмэн, Ехова бол зөвхөн тэдний Бурхан бөгөөд Харь үндэстнүүдийн Бурхан биш гэж хэлсээр байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил
27. Ехова олон айлдвар хэлж, ихээхэн ажил хийсэн боловч хүмүүсийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба хэрхэн хүн байхыг, яаж амьдрахыг, Еховагийн замыг хэрхэн ойлгохыг энэ мэдлэггүй хүмүүст заажээ. Ихэнхдээ, Түүний хийсэн ажил нь хүмүүсээр Өөрийн замыг сахиулж, Өөрийн хуулийг дагуулахын төлөө байв. Уг ажил багахан завхарсан хүмүүс дээр хийгдсэн; энэ нь тэдний зан чанарыг өөрчлөх, эсвэл амийн ахиц гаргах хэмжээнд хүртэл өргөжөөгүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, хянахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байв. Тухайн үеийн израильчуудын хувьд Ехова бол зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байлаа. Тэрээр үүлэн багана, галан багана байсан юм. Еховагийн тэднээс шаардсан бүхэн нь, өнөөдрийн хүмүүсийн Түүний хууль, тушаал гэж үздэг зүйлийг дагах явдал байв—үүнийг дүрэм ч гэж хэлж болно—учир нь Еховагийн хийсэн зүйл тэднийг өөрчлөхийн төлөө биш, харин хүнд байх учиртай илүү их зүйлийг тэдэнд өгч, тэдэнд Өөрийн амаар зааварчлахын төлөө байсан. Учир нь бүтээгдсэний дараа, хүний эзэмших ёстой зүйл хүнд огт байгаагүй юм. Иймээс Ехова хүмүүст, газар дээр амьдрахдаа эзэмших учиртай зүйлсийг нь өгч, Өөрийн удирдсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас нь илүү гаргасан, учир нь Еховагийн тэдэнд өгсөн зүйл анх Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс нь илүү байлаа. Ямартай ч, Еховагийн Израильд хийсэн ажил нь зөвхөн хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах л зорилготой байв. Тэр тэднийг байлдан дагуулаагүй, өөрчлөөгүй, харин ердөө л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн билээ. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын цаад шалтгаан, жинхэнэ түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гарын хяналтад байлгахын төлөөх зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл юм. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх илүү олон ажил төрөн гарсан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хуулийн эрин үе дэх ажил
Тайлбар:
а. Эх бичвэрт “дуулгавартай дагах” гэх хэллэг байдаггүй.