1.2. Нигүүлслийн эрин үе дэх ажлын тухай Бурханы илчлэлийн талаар
28. Есүс Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төлөөлдөг; Тэрээр бие махбодтой болж, загалмайд цовдлогдсон бөгөөд бас Нигүүлслийн эрин үеийг эхлүүлсэн билээ. Тэрээр золин авралын ажлыг гүйцэлдүүлж, мөн Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд цовдлогдсон, иймээс Түүнийг “Өрлөг жанжин”, “Нүглийн тахил”, “Золин аврагч” гэж нэрлэжээ. Үүний үр дүнд, Есүсийн ажил болон Еховагийн ажил агуулгаараа ялгаатай байсан хэдий ч зарчим нь адилхан байсан юм. Ехова Хуулийн эрин үеийг эхлүүлэн, газар дээрх Бурханы ажилд зориулсан эхлэлийн цэг буюу суурийг тавьж, мөн хууль, тушаал гаргажээ. Энэ нь Түүний явуулсан ажлын хоёр хэсэг бөгөөд тэдгээр нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэн ажил нь хууль гаргаагүй, харин тэдгээрийг гүйцэлдүүлж, улмаар Нигүүлслийн эрин үеийг авчирч, хоёр мянган жил үргэлжилсэн Хуулийн эрин үеийг дуусгасан юм. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхийн тулд ирсэн зам гаргагч байсан ч Түүний ажлын гол хэсэг золин авралд оршдог. Иймээс Түүний ажил ч бас шинэ эрин үеийг эхлүүлэх, мөн цовдлолоороо дамжуулан золин авралын ажлыг гүйцэлдүүлэх гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд дараа нь Тэр явж одсон. Тийнхүү Хуулийн эрин үе төгсөж, Нигүүлслийн эрин үе эхэлсэн билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх
29. Нигүүлслийн эрин үед Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байсан, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанар энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд Бурхан хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд хүний төлөө загалмайд цовдлогдох ёстой болсон юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн авснаар л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл, асар их, хэмжээлшгүй нигүүлсэл, авралыг хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ. Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн юм. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
30. Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр, ажлын үр дүнд хүрэхийн тулд хүний нүглийг цайруулах хангалттай тахилыг шаардсан юм. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүний нүглийг цайруулах Миний тахил—Есүс байв. Бурхан өршөөнгүй, хүлээцтэй байж чадна гэдгийг л тэд мэддэг бөгөөд Есүсийн өршөөл, энэрлийг л хардаг. Энэ нь бүхэлдээ, тэд Нигүүлслийн эрин үед төрснөөс болсон билээ. Иймээс золин аврагдаж чадахаасаа өмнө тэд, Есүсийн хайрласан олон янзын нигүүлслийг эдлэх ёстой болжээ, ингэснээр л үр ашгийг нь хүртэх болно. Ийм маягаар, нигүүлсэл эдэлснээр тэд нүглээ уучлуулж, бас Есүсийн хайрласан тэсвэр, тэвчээрийг эдэлснээр золин авруулах боломжтой болж чадах байлаа. Есүсийн тэсвэр, тэвчээрээр л дамжуулан тэд уучлал хүлээн авч, Есүсийн хайрласан элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхийг олж авсан юм. Яг л Есүсийн хэлсэнчлэн: Би зөв шударга хүмүүсийг биш, харин нүгэлтнүүдийг золин аварч, нүгэлтнүүдэд нүглээ уучлуулах боломж олгохоор ирсэн. Махбод болох үедээ Есүс шүүлт, хараал, хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг авчирсан бол хүн хэзээ ч золин аврагдах боломжгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байлаа. Ийм байсан бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе зургаан мянган жилээр сунжрах байв. Хүний нүгэл улам их, улам хүнд болж, хүнийг бүтээсний ач холбогдол нь бүхэлдээ талаар болох байлаа. Хүмүүс хуулийн дор Еховад үйлчилж л чадах байсан боловч нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс давах байсан юм. Есүс хүн төрөлхтнийг улам их хайрлаж, хүний нүглийг уучилж, хүнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл авчрах тусам тэд Есүсээр авруулж, Есүсийн асар их үнээр буцаан худалдаж авсан төөрсөн хурганууд гэж нэрлэгдэх улам их эрхтэй болсон билээ. Сатан ч бас энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадахгүй, учир нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэг энэрэлт эхийн адилаар Есүс дагалдагчдадаа хандаж байв. Тэрээр тэдэнд уурлаж, тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байлаа; тэдний дунд Есүс хэзээ ч уурсан хилэгнээгүй, харин нүглийг нь тэвчсэн бөгөөд мунхаглал, мэдлэггүй байдлыг нь хараагүй дүр үзүүлж, “Бусдыг дал дахин долоон удаа уучил” хэмээн хэлэхэд хүрч, Түүний зүрх сэтгэл бусдын зүрх сэтгэлийг уяраасан. Ингэснээр л хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан нүглээ уучлуулсан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх
31. Есүс бие махбодтой болохдоо огт сэтгэл хөдлөлгүй байсан хэдий ч шавь нараа үргэлж тайтгаруулж, хангаж, тэдэнд тусалж, тэднийг дэмжсэн билээ. Тэр хэчнээн их ажил хийж, хэчнээн их зовлон туулсан ч бай, хүмүүст хэзээ ч хэтэрсэн шаардлага тавиагүй, харин тэдний нүгэлд үргэлж тэвчээртэй, хүлээцтэй хандсан, тийм болохоор Нигүүлслийн эрин үеийн хүмүүс Түүнийг “хайр татам Аврагч Есүс” хэмээн энхрийлэн нэрлэдэг байв. Тухайн үеийн хүмүүс буюу бүх хүний хувьд Есүст юу байгаа, Тэр юу болох нь өршөөл, энэрэл байлаа. Тэрээр хүмүүсийн гэм бурууг хэзээ ч санаагүй бөгөөд хэзээ ч гэм бурууд нь үндэслэн тэдэнд хандаж байсангүй. Өөр эрин үе байсан учраас хүмүүсийг цадталаа идэг гэсэндээ элбэг арвин хоол хайрладаг байлаа. Тэрээр бүх дагалдагчдаа нигүүлсэнгүй хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, үхсэн хүнийг амилуулж байв. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийдэг бүхэн чин сэтгэлээр, үнэнчээр хийгддэг гэдгийг үзүүлэхийн тулд Тэрээр илжирсэн цогцсыг амилуулахад ч хүрсэн бөгөөд үхсэн хүн ч Түүний гарт амилж болно гэдгийг харуулсан. Ийм маягаар Тэр чимээгүйхэн тэвчиж, тэдний дунд золин авралын ажлаа явуулсан билээ. Есүс, загалмайд цовдлогдохоосоо ч өмнө хүний нүглийг аль хэдийн Өөртөө үүрч, хүний төлөөх нүглийн тахил болсон. Тэрээр цовлогдохоосоо ч өмнө хүн төрөлхтнийг золин аврахын тулд загалмайн замыг нээсэн байв. Эцэст нь, загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиосолж, Өөрийн бүх өршөөл, энэрэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрлажээ. Тэрээр хүмүүст үргэлж хүлээцтэй хандаж, хэзээ ч хонзогноогүй бөгөөд тэдний нүглийг уучилж, гэмшихийг захиж, мөн тэсвэр, тэвчээр, хайр агуулж, Түүний мөрийг даган, загалмайн төлөө өөрсдийгөө золиослохыг тэдэнд зааж сургасан юм. Ах, эгч нарыг гэх Түүний хайр Мариаг гэх хайраас нь давсан. Түүний хийсэн ажил бүхэлдээ өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахыг зарчмаа болгосон ба энэ бүхэн нь Түүний золин авралын төлөө байв. Тэр хаана ч очсон, Өөрийг нь дагаж байсан бүх хүнд нигүүлсэнгүй ханддаг байлаа. Тэрээр ядууг баян, суунги хүнийг алхдаг, сохрыг хардаг, дүлийг сонсдог болгож байв. Тэр ч бүү хэл, хамгийн дорд, ядуу хүмүүс, нүгэлтнүүдийг урьж, Өөртэйгээ нэг ширээнд суулгаж, тэднийг хэзээ ч гололгүй, харин үргэлж тэвчээртэй байж, “Хоньчин зуун хониноосоо нэгийг нь алдвал ерөн есөн хонио орхиод төөрсөн хонио хайхаар явна, тэгээд олох үедээ ихэд баярлан баясна” хэмээн хэлж ч байсан юм. Эм хонь хургаа хайрладгийн адилаар Тэр дагалдагчдаа хайрласан билээ. Тэд мунхаг, мэдлэггүй агаад Түүний нүдээр бол нүгэлтнүүд, түүнчлэн нийгмийн хамгийн доод давхаргын гишүүд байсан хэдий ч бусдын жигшдэг энэ нүгэлтнүүдийг Тэрээр нүдний цэцгий мэт авч үзжээ. Тэр тэднийг тоосон тул тахилын ширээн дээр өргөл болсон хурга мэтээр Өөрийн амийг тэдний төлөө өгсөн юм. Тэрээр зарц нь мэт тэдний дунд явж, Өөрийгөө тэдэнд ашиглуулж, нядлуулж, тэдэнд болзолгүйгээр захирагдсан. Дагалдагчдадаа Тэрээр хайр татам Аврагч Есүс байсан боловч өндөр индрээс хүмүүст зааж сургадаг фарисайчуудад өршөөл, энэрлийг бус, харин жигшил, зэвүүцэл харуулсан юм. Фарисайчуудын дунд Тэр их ажил хийгээгүй, хааяа нэг сургаж, зэмлэж байсан ба тэдний дунд золин авралын ажил хийгээгүй, мөн тэмдэг, гайхамшиг ч үзүүлээгүй. Өөрийн бүх өршөөл, энэрлийг дагалдагчдадаа хайрлаж, энэ нүгэлтнүүдийн төлөө бүр эцсээ хүртэл тэвчиж, загалмайд цовдлогдон, бүх хүн төрөлхтнийг бүрэн золин аврах хүртлээ доромжлол болгоныг амссан юм. Энэ нь Түүний бүхий л ажил байлаа.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх
32. Есүсийн золин авралгүйгээр хүн үүрд нүгэлд амьдарч, нүглийн үр, чөтгөрүүдийн үр сад болох байлаа. Тийнхүү үргэлжилсэн бол бүхий л дэлхий ертөнц Сатаны орогнодог орон буюу тэрний оршин суудаг газар болох байв. Гэхдээ золин авралын ажил нь хүнд өршөөл, энэрэл үзүүлэхийг шаарддаг; тийм арга замаар л хүн төрөлхтөн уучлал хүлээн авч, эцэстээ бүрэн төгс болгуулж, Бурханаар бүрэн авхуулах эрхийг олж авч чадах байсан юм. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө өрнөж чадахгүй байх байлаа. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр ердөө л өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан бол хүмүүс нүглээ бүрэн уучлуулж чадахгүй байх байсан юм. Есүс газар дэлхий дээр ажлаа хийн өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаандаа золин авралын ажлынхаа хагасыг л гүйцэлдүүлсэн; дараа нь загалмайд цовдлогдож, нүгэлт махан биеийн төрхтэй болж, ёрын муу нэгэнд өгөгдсөнөөр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж, хүн төрөлхтний хувь заяаг захирах болжээ. Сатаны гарт хүргэгдсэнийхээ дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан юм. Гучин гурван жил хагасын хугацаанд Тэрээр газар дээр зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч бүү хэл толгой хоргодох газаргүй, амрах газаргүй болоход хүрсэн бөгөөд дараа нь цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—ариун агаад гэм зэмгүй бие—загалмайд хадагдсан. Тэрээр бүх төрлийн зовлонг туулсан юм. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг тохуурхаж, ташуурдаж, цэргүүд бүр нүүр лүү нь нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцсээ хүртэл тэвчин, үхэн үхтэлээ нөхцөл болзолгүй захирагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр үед л Тэрээр амрах боломжтой болсон. Есүсийн хийсэн ажил Нигүүлслийн эрин үеийг л төлөөлдөг; энэ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй, эцсийн өдрүүдийн ажлыг ч орлодоггүй. Энэ бол хүн төрөлхтний туулсан хоёр дахь эрин үе болох Нигүүлслийн эрин үе—Золин авралын эрин үе дэх Есүсийн ажлын мөн чанар билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх