1.3. Хаанчлалын эрин үе—эцсийн эрин үеийн талаар

33. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махбод болсон ба энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

34. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ ухаарах үедээ гомдлын үг хэлж, амийг эрэлхийлэхээ больж, туйлын сөрөг болдог. Хүмүүс Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь яг нарийндаа завхарсан сатанлаг зан чанар биш гэж үү? Гэсгээлтэд өртөөгүй байх үедээ чи гараа бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөрт өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү болно! Бурханы дотнын хүн болно! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг босоцгоо! Агуу улаан лууны эсрэг босоцгоо! Агуу улаан луу арчаагүйгээр эрх мэдлээ алдах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай!” Хашхираан чинь бусад бүх хүнийхээс ч илүү чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн юм. Тэгээд тэдний хашхираан намжиж, шийдэмгий байдал нь бүтэлгүйтсэн. Энэ бол хүний завхрал; нүглээс илүү гүн нэвчсэн энэ нь Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

35. Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

36. Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг буюу Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгана. Өнөөдрийг хүртэл Бурханы мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы ажлыг эцсийн үе шатанд нь хүлээн зөвшөөрөх хүн нэг бүр Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатандаа яваа ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

37. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

38. Сатаны маш гүн гүнзгий завхруулсан хүн төрөлхтөн Бурхан байдаг гэдгийг мэддэггүй ба Бурханд шүтэн мөргөхөө больжээ. Анх Адам, Ева хоёрыг бүтээгдэх үед Еховагийн алдар болон гэрчлэл үргэлж байдаг байлаа. Гэхдээ завхруулагдсаныхаа дараа хүн алдар болон гэрчлэлийг алджээ, учир нь хүн бүр Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэхээ бүрмөсөн больсон юм. Өнөөдрийн байлдан дагуулалтын ажил нь, бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэлтэй байхын тулд бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авч, бүх хүнээр Бурханыг шүтүүлэхийн төлөө байдаг; энэхүү үе шатанд хийгдэх ажил нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг яаж байлдан дагуулдаг вэ? Хүнийг бүрэн дүүрэн үнэмшүүлэхийн тулд энэ үе шатны үгийн ажлыг ашигласнаар; хүнийг бүрэн ятгахын тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараал ашигласнаар; хүний тэрслүү байдлыг илчилж, эсэргүүцлийг нь шүүснээр хийгддэг, ийнхүү тэрээр хүн төрөлхтний шударга бус, бузар булай байдлыг мэдэж, улмаар Бурханы зөвт зан чанарын товойлгогч болгон эдгээр зүйлийг ашиглаж чадна. Үндсэндээ эдгээр үгээр дамжуулан хүнийг байлдан дагуулж, бүрэн үнэмшүүлдэг. Үг бол хүн төрөлхтнийг эцэстээ байлдан дагуулах арга барил бөгөөд Бурханы байлдан дагуулалтыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн Түүний үгийн цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

39. Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэрээр өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болсон, ингэснээр хүн Үг махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харж чадах байв. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг ба энэ нь Үгийн эрин үед ажиллахдаа үг ашиглахын жинхэнэ утга учир юм. Эдгээр үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар болон хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Эдгээр үгээр хүмүүсийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүмүүс Бурханы үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаан, мөн түүнчлэн хүнийг гэх Бурханы хайр, хүнийг аврах Түүний хүсэлд итгэх болсон. “Үг” хэмээх үг энгийн, жирийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор амьдарч, Түүний үгээр хариулуулж, хангагддаг. Хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдардаг бөгөөд Түүний үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үг ашиглан удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхий л хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглаж, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцэлдүүлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм

40. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы гүйцэлдүүлэх зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой энэ бүх ажлыг бүгдийг нь тодорхой өгүүлсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелнэ. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, бие махбодтой болсон Бурханы эцсийн өдрүүдэд хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг хүнд илчлэхдээ Бурхан үгийн арга барилыг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

41. Өнөөдөр Бурхан ерөнхийдөө “Үг махбодоор илрэх” ажлыг гүйцэлдүүлж, үг ашиглан хүнийг төгс болгож, үгийн харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авхуулахын тулд бие махбодтой болсон юм. Өөрийнхөө үгээр Тэр чамд хангалт болон амийг хүртээдэг; Түүний үгээс чи ажил болон үйл хэргийг нь хардаг. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үг ашигладаг, иймээс чи хүндрэл бэрхшээл туулж байвал, энэ чинь бас Бурханы үгээс үүдэлтэй. Өнөөдөр, Бурхан баримт бус, үг ашиглан ажлаа явуулдаг. Түүний үг чамд хүрсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, чамд зовлон шаналал юм уу баяр баясгаланг мэдрүүлж чадна. Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачиж чадах ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Иймээс чи ядаж л үүнийг ойлгох ёстой: Эцсийн өдрүүдэд Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, хүнийг замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм. Тэр бүх ажлаа үгээр дамжуулан хийдэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй. Зарим хүн Бурханыг эсэргүүцэх үе гардаг. Бурхан чиний тав тухыг ихэд алдагдуулахгүй, махан биеийг чинь гэсгээхгүй, бас чи бэрхшээл ч туулахгүй боловч Бурханы үг чам дээр бууж, чамайг цэвэршүүлмэгц энэ нь тэсвэрлэшгүй санагддаг. Тийм биш гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үед Бурхан хүнийг ёроолгүй нүхэнд хая гэж хэлсэн. Үнэхээр хүн ёроолгүй нүхэнд орсон гэж үү? Хүнийг цэвэршүүлэхдээ үг ашигласнаар л хүнийг ёроолгүй нүхэнд оруулсан. Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг ил болгохын тулд үндсэндээ үг ашигладаг. Тэр юу болохыг чи үгээс нь л харж чадна; Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи үгээс нь л харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—тиймээс баримт шаардлагагүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Тэрээр гол нь энэ ажлыг хийхээр, Өөрийн хүч чадал болон дээдийн дээд байдлыг хүнд үгээрээ үзүүлж, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгаа хүнд үгээрээ харуулж, мөн Өөрийг нь бүрэн дүүрэн мэдэх боломжийг хүнд үгээрээ олгохын тулд ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд бий. Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд оршдог. Эндээс Бурханы үгээ хэлдэг олон арга барил чамд харагддаг. Энэ бүх хугацаанд Бурханы ажлын дийлэнх нь хүнд чиглэсэн хангалт, илчлэл, харьцалт байсан. Бурхан хүнийг амархан хараагаад байдаггүй, хараасан ч гэсэн үүнийгээ үгээр дамжуулан үйлддэг. Иймээс, Бурхан махбод болсон энэ эрин үед, Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөж байгааг дахин үзэх гэж бүү хичээ, үргэлж тэмдэг хүлээхээ боль—энэ нь ямар ч хэрэггүй! Тэдгээр тэмдэг хүнийг төгс болгож чадахгүй! Ний нуугүй хэлэхэд: Өнөөдөр махбод дахь бодитой Бурхан Өөрөө үг л хэлдэг болохоос үйлддэггүй. Энэ бол үнэн! Тэрээр үг ашиглан чамайг төгс болгож, үг ашиглан чамайг хооллож, ундалдаг. Тэр бас үг ашиглан ажилладаг ба Өөрийнхөө бодит байдлыг чамд мэдүүлэхийн тулд баримтын оронд үг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ийм төрлийн ажлыг ухамсарлах чадвартай бол амархан сөрөг болохгүй. Та нар сөрөг зүйлд анхаарал хандуулахын оронд эерэг зүйлд л анхаарах ёстой—өөрөөр хэлбэл, Бурханы үг биелсэн ч бай үгүй ч бай, баримт гарч ирсэн ч бай үгүй ч бай, Бурхан хүнийг Өөрийнхөө үгээс амь олж авахад хүргэдэг нь хамгийн агуу тэмдэг төдийгүй маргашгүй баримт юм. Энэ нь Бурханы тухай мэдлэг олж авах хамгийн сайн нотолгоо бөгөөд тэмдгээс агуу тэмдэг юм. Зөвхөн эдгээр үг л хүнийг төгс болгож чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

42. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, харьцалт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг… Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүч чадлыг илэрхий болгож илүү сайн чадах бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүгд Бурханы үгээр биелдэг

43. Эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Бурхан голчлон үг хэлэхийн тулд газар дээр ирсэн. Есүс ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээж, цовдлолын золин авралын ажлыг гүйцэлдүүлсэн. Тэрээр Хуулийн эрин үеийг төгсгөж, бүх хуучин зүйлийг халсан. Есүсийн ирэлт нь Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг авчирсан; эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгосон юм. Тэрээр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, үг ашиглан хүнийг төгс болгож, гэгээрүүлж, гэрэлтүүлэхээр, хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн билээ. Есүс ирэх үедээ энэ үе шатны ажлыг хийгээгүй. Есүс ирээд олон ид шид үзүүлсэн, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулсан ба цовдлолын золин авралын ажлыг хийсэн юм. Үүний үр дүнд, өөрсдийн үзэлдээ хүмүүс Бурхан ийм л байх ёстой гэж итгэдэг. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгах ажил хийгээгүй; харин Тэр цовдлогдож, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээсэн. Нэг талаар, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь хүний үзэл дэх тодорхойгүй Бурханы эзэлж буй орон зайг арилгадаг, ингэснээр тодорхойгүй Бурханы дүр хүний зүрх сэтгэлд байхаа больдог. Өөрийн бодит үг, бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой, хэвийн ажлаар дамжуулан Тэрбээр Бурханы бодит байдлыг хүнд мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар, Бурхан хүнийг бүрэн төгс болгохын тулд Өөрийн махбодын хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг гүйцэлдүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

44. Эцсийн өдрүүдэд Бурхан голчлон Өөрийн үгийг хэлэхийн тулд ирсэн. Тэрээр Сүнсний өнцгөөс, хүний өнцгөөс болон гуравдагч хүний өнцгөөс ярьдаг; Тэрээр хэсэг хугацаанд нэг арга зам ашиглан өөр өөр байдлаар ярьдаг ба хүний үзлийг өөрчилж, хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүрийг арилгахын тулд үг хэлэх арга барилыг ашигладаг. Энэ бол Бурханы хийдэг үндсэн ажил юм. Бурхан өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, ид шид үзүүлж, эд материалын ерөөлийг хүнд хайрлахаар ирсэн гэж хүн итгэдэг учраас тийм зүйлсийг хүний үзлээс арилгахын тулд Бурхан ажлын энэ үе шатыг буюу гэсгээлт, шүүлтийн ажлыг хэрэгжүүлдэг, ингэснээр хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг мэдэж, зүрх сэтгэлээс нь Есүсийн дүр арилж, Бурханы шинэ дүрээр солигдож болох юм. Хүний доторх Бурханы дүр хуучин болмогцоо шүтээн болдог. Есүс ирээд ажлын тухайн үе шатыг биелүүлэхдээ Бурханыг бүхэлд нь төлөөлөөгүй. Тэр зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлж, зарим үгийг хэлж, эцэст нь цовдлогдсон юм. Тэрээр Бурханы нэг хэсгийг төлөөлж байв. Бурхан юу болох бүхнийг Тэр төлөөлж чадаагүй, харин Бурханы ажлын нэг хэсгийг хийхдээ Бурханыг төлөөлсөн юм. Учир нь, Бурхан маш агуу, маш гайхалтай, ойлгошгүй бөгөөд эрин үе болгонд ажлынхаа нэг хэсгийг л хийдэг билээ. Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүний амийг үгээр хангах; хүний уг чанар-мөн чанар, завхарсан зан чанарыг илчлэх; шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хоцрогдсон үзэл бодол, хүний мэдлэг, соёлыг таягдан хаях явдал юм. Бурханы үгээр дамжуулан ил болгосноор эдгээр зүйлийг бүгдийг нь цэвэрлэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Тэрээр хүнийг ил болгож, шүүж, гэсгээж, төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, мөн Бурханы үгээр дамжуулан Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд мэдлэгийг нь юу ч бүрэн дүүрэн болгож чадаагүй учраас Бурхан үргэлжлүүлэн үг хэлж, ажилласан юм. Нигүүлслийн эрин үед хүн Бурханы үйл хэргийн нэг хэсгийг дахин нэгэнтээ харсан. Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж чадсан ба цовдлогдоод гурван өдрийн дараа амилж, хүний өмнө махбодоор харагдсан юм. Бурханы талаар хүн үүнээс илүү юу ч мэдээгүй. Бурханаас өөрт нь харуулсныг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юу ч харуулахгүй бол хүн тийм хэмжээнд л Бурханыг хязгаарлана. Тиймээс Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлэх гэсэндээ, Бурханы мөн чанарыг хүн аажмаар мэдэж аваг гэсэндээ Бурхан үргэлжлүүлэн ажилладаг. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний завхарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд шашны үзэл чинь Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ “Үг махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрдэг” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн бөгөөд хэрвээ чамд энэ тухай бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи бат зогсож чадахгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илэрдэг ажлын үе шатыг гүйцэлдүүлэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь

45. Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг, гайхамшгийн илрэлээс илүү сүр хүчтэй байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийнхаас давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг өмнө чинь ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгийн эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгийн ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшиг үзүүлснээр дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүнд нигүүлсэл л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба завхарсан сатанлаг зан чанар хүний дотор байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт хамаатай хэвээр байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л хүн Бурханаар авхуулж, ариусаж чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

46. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцсийн үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа, утгагүй ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, Харь үндэстний тухай үзэл бодол болон бусад бүх алдаа, гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2

47. Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн завхарсан зан чанараас хэзээ ч ангижрахгүй. Хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг мөртөө Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй байдаг бол итгэлдээ Бурханыг үнэхээр олж авч хэзээ ч чадахгүй. Энэ төрлийн итгэл үнэхээр өрөвдөлтэй. Энэ номыг уншиж дуусаад, Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсан үедээ чи олон жил тээсэн итгэл найдвар чинь эцэстээ биелснийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдэрнэ; одоо л Бурханы царайг ширтэж, Бурханы хувийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг ойлгож, Бурхан хэчнээн бодитой бөгөөд төгс хүчтэй болохыг үнэхээр мэдэрсэн гэж чамд санагдана. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдэрнэ. Энэ үед чи Бурханд итгэх гэж юу болох, Бурханы хүсэлд нийцэх гэж юу болох талаар тодорхой мэднэ. Мэдээж, хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухай баримтыг голж, эсвэл үгүйсгэвэл юу ч олж авалгүй гар хоосон үлдээд, эцэст нь Бурханыг эсэргүүцсэн гэмтэй гэж хэлүүлнэ. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан—Төгс Хүчитийн нэрэн дор орно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч, илүү их, илүү өндөр үнэнийг олж авч, бас жинхэнэ амьдралыг хүлээн авч чадна. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй үзэгдлийг харна: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж хараад долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12–16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын илэрхийлэл нь бас энэ удаа бие махбодтой болсон Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт, шүүлтийн урсгалд хүний Хүү айлдвараараа дамжуулан төрөлх зан чанараа илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгодог нь Иоханы харсан хүний Хүүгийн нүүр царайн үнэн зөв дүрслэл юм. (Мэдээж, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авдаггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.) Хүний хэлийг ашиглан Бурханы жинхэнэ нүүр царайг бүрэн илэрхийлж чадахгүй тул Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд төрөлх зан чанараа илэрхийлэх аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлх зан чанарыг ойлгосон бүх хүн нь хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан дэндүү агуу бөгөөд хүний хэлээр бүрэн илэрхийлэх аргагүй. Хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулмагцаа дэнгүүдийн дундах хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэднэ: “Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатааж өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хурц нар мэт гэрэлтэж байв.”

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

48. Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шат вэ? Энэ нь яг нарийндаа төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулахын төлөө байдаг бус уу? Энэ нь гэсгээлт, шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад, жинхэнэ нүүр царайгаа харуулж, дараа нь төрлийнхөө дагуу ангилагдах боломжийг хүн бүрд олгохын төлөө байдаг бус уу? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа хэрэг гэж хэлэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг харуулж байгаа хэрэг гэж хэлсэн нь дээр байж магад. Энэ нь, хүмүүсийн нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг илчилж, улмаар ёрын муу, эсвэл зөв шударга эсэхийг нь шийдэх явдал юм. Байлдан дагуулалтын ажлын дараа сайныг шагнаж, мууг шийтгэх ажил явагддаг. Бүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг бүхий л орчлон ертөнцөд Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна; байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхөө дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж, дахин хэзээ ч нарны гэрэлд байхгүй бөгөөд зөв шударга хүмүүс сайны бүлэгт ангилагдан гэрлийг хүлээн авч, үүрд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойрхон байна; хүний төгсгөл нүдэнд нь тодорхой харагдсан бөгөөд бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдана. Тэгвэл хүмүүс дор бүрнээ төрлөөрөө ангилагдахын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхлээд байлдан дагуулалтын бүх ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх илчлэлт нь гэсгээлтийн явцад, мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүх суудлын өмнө хийгддэг…

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулалтаар дамжуулан бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл, хүн бүрийн нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс, хүмүүсийг яаж ангилж чадах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа ангилах ажил нь бүхий л орчлон ертөнц дэх ийм ажлын эхлэл юм. Үүний дараа, бүх газар нутгийн хүмүүс болон бүх ард түмэн ч бас байлдан дагуулалтын ажлыг хүлээн авна. Энэ нь, бүтээл дэх хүн бүр төрлөөрөө ангилагдаж, шүүгдэхийн тулд шүүх суудлын өмнө захирагдана гэсэн үг юм. Хэн ч, юу ч энэхүү гэсгээлт, шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй, мөн төрлөөрөө ангилагддаггүй ямар ч хүн, ямар ч зүйл үгүй; хүн бүр ангилагдана, учир нь бүх зүйлийн төгсгөл ойртож, тэнгэр, газар бүгд төгсгөлдөө хүрсэн. Хүний оршин тогтнолын сүүлчийн өдрүүдээс хүн хэрхэн зугтаж чадах билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

49. Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болсон Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр Сатаныг хаяж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм замаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулалтын ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болно, Сатаныг бүрэн ялах ч боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, ёрын муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажлын ялах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эрхшээлдээ оруулсан учраас, мөн хүн бол Бурханы бүх удирдлагаа хэрэгжүүлэхдээ ашигладаг хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл түүнийг Сатаны гараас эргүүлээд булаах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон байсан хүнийг буцаан олж авах ёстой гэсэн үг. Тиймээс, хүний хуучин зан чанарын өөрчлөлт, анхдагч эрүүл ухааныг нь сэргээх өөрчлөлтөөр дамжуулан Сатаныг ялах ёстой. Ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

50. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэст нь Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдуулж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран мууг үйлдэгчид эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, дуулгаваргүй байсан уу гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг гүйцэтгэж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, хорон мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Өмнөх: 1.2. Нигүүлслийн эрин үе дэх ажлын тухай Бурханы илчлэлийн талаар

Дараах: 2. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын тухай үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих