2. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын тухай үгс
51. Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд үүгээрээ Тэрээр зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөр өөр шинж чанартаа үндэслэн өөр өөр төрөлд хуваагддаг. Энэ нь чухамдаа Бурхан хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг илчилдэг үе юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол тэрслүү, зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөлийг илчилж болно. Хүмүүс гэсгээгдэж, шүүгдэх үедээ л жинхэнэ төрхөө харуулдаг. Муу нь муутай, сайн нь сайнтай тавигдах бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр ёрын муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгнө. Энэ бүх ажил зөвт гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, тэрслүү байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас гэсгээлт, шүүлт голлосон, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүмүүсийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож, ёрын мууг илчилж чадна, тийнхүү зөв шударга бус бүхэн хатуу шийтгүүлнэ. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг. Шинэ эрин үе болгоны ажлын төлөө Бурханы зан чанар илчлэгдэж, илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүмүүсийн төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүмүүсийг хязгааргүй өршөөл, хайр энэрлээр хайрласаар, тэдэнд хайртай хэвээр байж, тэдэнд зөвт шүүлт тулгахгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн төдий ч зөвт шүүлтгүйгээр тэднийг өршөөсөөр байлаа гэе. Тэгвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтний тохиромжтой хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээ нь, хүмүүсийг үргэлж хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлтэй элэгсэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн гэмт хэргээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хүмүүст хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвт шүүлт л хүмүүсийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үеийг төгсгөдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
52. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүн дотроо Бурханыг эсэргүүцдэг уг чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин авралаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хорт чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж, нүглээ уучлуулсан хэдий ч үүнийг Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л үзэж болно. Гэвч хүн нүглээс ангижралгүйгээр махан биед амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд, орой нь нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг хэдий ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн, учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ мэдэх үедээ гомдоллож, амийг эрэлхийлэхээ больж, туйлын сөрөг болдог. Хүн Бурханы ноёрхол дор бүрэн дуулгавартай байж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь чухамдаа сатанлаг завхарсан зан чанар биш гэж үү? Гэсгээлтэд өртөөгүй байх үедээ чи гараа бусдаас, бүр Есүсээс ч илүү өндөрт өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү болно! Бурханы дотнын хүн болно! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатанаас урва! Агуу улаан луунаас урва! Агуу улаан луу эрх мэдлээ нэгмөсөн алдах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай!” Чи бусад бүх хүнээс илүү чанга хашхирсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг ирэхэд чиний завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн. Чиний хашхираан намжиж, чи шийдэмгий байдлаа алдсан. Энэ бол хүний завхрал; энэ бол нүглээс илүү гүн нэвчсэн зүйл, Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болоход маш амаргүй бөгөөд өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
53. Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялладгийн зорилго нь чамд өөрийг чинь мэдүүлэхийн төлөө юм гэдгийг чи мэдэх ёстой. Тэр яллаж, харааж, шүүж, гэсгээдэг, ингэснээр чи өөрийгөө мэдэж авна, чиний зан чанар өөрчлөгдөнө, цаашлаад чи үнэ цэнээ мэдэж, Бурханы бүх үйлдэл зөвт бөгөөд, Бурханы зан чанарын дагуу, Бурханы ажлын шаардлагын дагуу байдаг, Тэрээр хүнийг аврахын тулд Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, мөн Тэр бол хүнийг хайрлаж, аварч, шүүж, гэсгээдэг зөвт Бурхан гэдгийг харна. Хэрвээ чи дорд байр суурьтай, завхарсан, тэрслүү гэдгээ л мэддэг боловч өнөөдөр чам дээр хийдэг шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Бурхан Өөрийн авралыг илчлэхийг хүсдэг гэдгийг мэддэггүй бол аливааг туулж мэдрэх ямар ч аргагүй бөгөөд цааш үргэлжлүүлж бүр ч чадахгүй. Бурхан хөнөөх юм уу устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөх хүртэл—Тэрээр төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхээс өмнө—газар дээрх Бурханы ажил авралын төлөө байх болно; үүний зорилго нь бүхэлдээ Өөрийг нь хайрладаг хүмүүсийг бүрмөсөн бүрэн төгс болгож, Өөрийн ноёрхол дор буулган авахын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй, энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Бурхан тэднийг авардаг. Хэрвээ тэгэхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй байх болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд амийг эрэлхийлэх нь аврал хүлээн авахын тулд хүний хийх ёстой зүйл юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь өршөөл, хайр энэрэл, түүнчлэн тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрласан хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл, нигүүлслээр дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг болохоор хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаг гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл, Тэр хүний сэтгэлийг хөдөлгөж байгаа нь түүнийг аварч байгаа хэрэг юм. Ийм аврал нь наймаацсанаар хийгддэг. Бурхан өөрсдөд нь зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн өмнө бууж өгч, Түүний төлөө сайн ажиллаж, Түүнд алдар суу авчрахаар чармайна. Энэ нь хүн төрөлхтний төлөөх Бурханы санаа зорилго биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн; үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Эс бөгөөс Тэр ажлаа хийхийн тулд биечлэн ирэхгүй байх байсан нь лавтай. Урьд нь Түүний авралын арга барил хамгийн их өршөөл, хайр энэрлийг харуулж байсан болохоор Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарт хайрласан аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил өршөөл юм уу хайр энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн гэсгээлт, шүүлт, өршөөлгүй цохилт байдаг боловч энэ хайр найргүй цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав. Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл бол ердөө тун хүний үнэргүй санагддаг цөөхөн хэдэн үг бөгөөд Би хэчнээн их уурласан ч бай, та нар дээр ирдэг зүйл нь мөн л зэмлэлийн үг, Бурхан та нарт хор хөнөөл учруулах гээгүй, эсвэл та нарыг цаазлах гээгүй. Энэ нь бүгд баримт бус уу? Өнөөдөр зөвт шүүлт ч бай, эсвэл харгис цэвдэг цэвэршүүлэлт, гэсгээлт ч бай, бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйл төрлөөрөө ангилагдах, эсвэл төрөл бүрийн хүмүүс илчлэгдэх эсэхээс үл хамааран, Бурханы бүх үг болон ажлын зорилго нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврах явдал юм. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын төлөө, хайр найргүй цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн төлөө; хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь хоёулаа ариусгаж, аврахын төлөө байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгох ёстой
54. Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы санаа зорилгод нийцэж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы санаа зорилгод нийцдэг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан ажлаа хийхээр газар дэлхийд ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрийг нь дуулгавартай дагаж, Өөрийг нь гэрчлэхийг хүнээс шаарддаг—хүн Бурханы бодит агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Бурханы хийдэг бүх ажлыг гэрчилж, мөн хүнийг байлдан дагуулах Түүний үйл хэргийг гэрчлэх ёстой. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодит байдаг, ийм гэрчлэл л Сатаныг шившиглэж чадна. Шүүлт, гэсгээлт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Тэрээр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж Өөртөө гэрчлэл хийлгэдэг. Тэрээр зан чанар нь өөрчлөгдсөн, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ашиглан Өөртөө гэрчлэл хийлгэдэг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тэнцэнэ, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тэнцэнэ. Өөрийнх нь нэрийг зориуд гутаахыг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна
55. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл тэдгээртэй хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы санаа зорилгыг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
56. Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнийг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал учраас, энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан мөн л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь маргаангүй. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн Христ үнэнийг ашиглан газар дэлхий даяарх хүмүүсийг сургаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн тавгүйтдэг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт итгэхэд хүмүүст хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил үргэлж хүний таамаглалаас хол давдаг, хүний оюун ухаанаар үүнийг хүлээн авахад хэцүү гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан өт хорхой л үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүмүүс үргэлж Бурхантай өрсөлдөхөөр оролддог; эцэстээ хэн хохирох нь ойлгомжтой гэж Би хэлдэг. Өөрсдийгөө алтнаас үнэтэй мэт бүү бод гэж Би та бүхэнд зөвлөж байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Бурханы ажилд зогсоохын аргагүй чиг хандлага байдаг. Чамайг “хувь нэмэр” оруулсан төдийд л Тэр шүүлтийн ажлыг дахин давтахгүй, ийм сайхан боломжийг алдсандаа чи асар их харамсана. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх израильчууд Есүсийг голж, үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнц даяар, дэлхийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт гүйцэлдүүлсэн баримт энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр байгаа бол Би чамайг зөрүүд үжирсэн мод гэж хэлнэ.а Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, Тэр чамайг хэдэн арван мянган жилийн турш галт нуурт шатаахаар хаяхдаа огтхон ч өршөөл үзүүлэхгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг
Тайлбар:
а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.
57. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй, нэг нэгээр нь сорилт туулуулдаггүй; ийнхүү хийвэл шүүлтийн ажил биш. Бүх хүн төрөлхтний завхрал адилхан бус уу? Бүх хүн төрөлхтний мөн чанар ижилхэн бус уу? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний завхарсан мөн чанар, Сатаны завхруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй, аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлэхийн тулд Өөрийг ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний зөвт бус байдал, тухайлбал Бурханд хандах хүний эсэргүүцэл, хүний Бурханаас эмээдэггүй байдал, эсвэл Бурханы ажлыг үймүүлдэг байдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд шүүлтийн энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүний үзэлдээ тээж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж буй ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон энэ махбодын ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр энэ махбодын ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт юм—энэ нь зөвхөн Хятадын сонгогдсон хүмүүсийн төлөө байдаггүй, цөөн тооны хүмүүсийн төлөө ч байдаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй
58. Өнөөдөр Миний хэлдэг үг хүний нүглийг шүүхийн төлөө, хүний зөв шударга бус байдлыг шүүхийн төлөө, хүний тэрслүү байдлыг хараахын төлөө байдаг. Хүний шударга бус, ов мэхтэй байдал, хүний үг, үйлдэл—Бурханы санаа зорилготой нийцдэггүй бүхэн шүүлт туулах ёстой, хүний бүхий л тэрслүү байдал нүгэл гэж тодорхойлогддог. Бурханы үг шүүлтийн зарчимд үндэслэдэг; Тэрээр хүний зөв шударга бус байдлыг шүүж, хүний тэрслүү байдлыг харааж, хүний үзэшгүй муухай нүүр царайг бүгдийг нь ил болгосноор зөвт зан чанараа харуулдаг. Ариун байдал бол Түүний зөвт зан чанарын төлөөлөл, үнэн хэрэгтээ Бурханы ариун байдал нь Түүний зөвт зан чанар билээ. Та нарын завхарсан зан чанар өнөөдрийн үгийн цаад шалтгаан—Би тэдгээрийн дагуу үг хэлж, шүүж, байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэдэг. Ганцхан энэ л бодит ажил, зөвхөн ийм маягаар л Бурханы ариун байдлыг бүрэн тодруулж чадна. Хэрвээ чамд завхарсан зан чанарын ямар ч ул мөр байдаггүй бол Бурхан чамайг шүүхгүй, зөвт зан чанараа ч чамд харуулахгүй. Чи завхарсан зан чанартай тул Бурхан чамайг хэлтрүүлэхгүй бөгөөд үүгээр дамжуулан Түүний ариун байдал харагддаг. Хүний бузар, тэрслүү байдал хэтэрхий их байгааг харсан мөртөө үг хэлж, чамайг шүүхгүй бол, мөн зөв шударга бус байдлын чинь төлөө чамайг гэсгээхгүй бол Тэр нүглийг үзэн ядахгүй байгаа учраас энэ нь Түүнийг Бурхан биш гэдгийг батлах байлаа; Тэр яг хүнтэй л адил бузар байх байв. Өнөөдөр бузраас чинь болж Би чамайг шүүдэг, завхрал болон тэрслүү байдлаас чинь болж Би чамайг гэсгээдэг. Би та нарт хүч чадлаа гайхуулж, эсвэл та нарыг зориуд дарангуйлж байгаа юм биш; харин энэхүү бузар газарт төрж, бузраар маш их бохирдсон та нараас болж Би эдгээр зүйлийг хийдэг. Та нар бохир газарт амьдардаг гахайтай адилаар ёс жудаг, хүн чанараа алдчихсан. Бузар булай, завхралаасаа болж та нар шүүгддэг бөгөөд Би уур хилэнгээ та нар дээр буулгадаг. Яг эдгээр үгийн шүүлтээс болж л та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харж чадсан; Өөрийн ариун, зөвт байдлаас л болж Тэр та нарыг шүүж, уур хилэнгээ та нар дээр буулгадаг; Тэрээр хүн төрөлхтний тэрслүү байдлыг хардаг учраас л зөвт зан чанараа илчилдэг. Хүн төрөлхтний бузар булай болон завхрал Түүний ариун байдлыг илчилдэг. Тэр бол ариун, өө сэвгүй атлаа бузар газарт амьдардаг Бурхан Өөрөө мөн гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Хэрвээ хүн хорон муу хүмүүсийг даган завхардаг, ямар ч ариун гэх юмгүй, ямар ч зөвт зан чанаргүй бол хүний зөв шударга бус байдлыг шүүх эрхгүй, хүнийг шүүхэд ч тохирохгүй. Бие биетэйгээ эн тэнцүүхэн бузар хүмүүс яаж өөртэйгөө адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж чадах юм бэ? Ариун Бурхан Өөрөө л бузар хүн төрөлхтнийг бүгдийг нь шүүж чаддаг. Хүн яаж хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн яаж хүний нүглийг харж чадах юм бэ, бас хүн яаж хүнийг яллах эрхтэй байж чадах юм бэ? Хэрвээ Бурхан хүний нүглийг шүүх шаардлагыг хангадаггүй байсан бол зөвт Бурхан Өөрөө байж яаж чадах юм бэ? Хүмүүс завхарсан зан чанараа илчилдэг учраас Бурхан тэднийг шүүхийн тулд үг хэлдэг, тэр үед л хүмүүс Тэр бол ариун Бурхан гэдгийг харж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын хоёр дахь алхам хэрхэн үр дүнд хүрдэг вэ
59. Бурхан ямар арга барилаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь голчлон зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалыг агуулдаг бөгөөд Тэрээр хүнийг голчлон шүүлтээрээ дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл хүн яаж бас төгс болгуулж чадах юм бэ?” гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний тэрслүү байдлыг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, хүний мэдрэмжийг огт бодолцохгүйгээр ярьж, хүний дотор буй бүхнийг ил болгож, хүний доторх мөн чанарын зүйлийг зарим хатуу үгээр ил болгодог хэдий ч ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай байдаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь тэрслүү бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
60. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн гол чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн гол чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээж, чамд буй дутагдлыг ухааруулж, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэх гэсэндээ Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
61. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажиллаж, та нарт мэргэн ухаанаа ойлгуулдаг. Та нар дотроо зарим зовлон шаналлыг амссан ч зүрх сэтгэл чинь үргэлж тогтвортой, амар амгалан мэдрэмжийг мэдэрдэг; Бурханы ажлын энэ үе шатыг эдэлж чадаж байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор ихэмсэг зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамыг засдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
62. Одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлт нь хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг танин мэдэж чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авах тусам хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрэх боломжтой. Дээд зэргээр ялзарсан, хамгийн ихээр мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл, сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд Тэнгэр байдаг гэдгийг тэр мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг ч мэддэггүй нь тодорхой; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин Үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан мэдэж чадах билээ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, үнэндээ л мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн үнэхээр доройтжээ! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанд гишгэчүүлсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хашхиран дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна
63. Чи мэдэж байх ёстой, Бурхан хүмүүсийг төгс төгөлдөр болгож, бүрэн төгс болгож, олж авах нь тэдний махан биед илд болон цохилт, мөн түүнчлэн эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гэсгээлт, хараал, хязгааргүй шалгалтыг л авчирдаг. Энэ нь хүнийг удирдах ажлын бодитой түүх болон үнэн юм. Гэсэн ч энэ бүх зүйл хүний махан биед чиглэдэг бөгөөд дайсагналын бүх сум хүний махан бие рүү хайр найргүйгээр онилдог (учир нь хүн гэмгүй). Энэ бүхэн Түүний алдар суу болон гэрчлэлийн төлөө, мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Учир нь Түүний ажил ганцхан хүн төрөлхтний төлөө байдаггүй, харин бүхий л төлөвлөгөөний төлөө, түүнчлэн хүн төрөлхтнийг бүтээх үеийнх нь анхдагч санаа зорилгыг биелүүлэхийн төлөө байдаг. Тиймээс, магадгүй хүний туулдаг зүйлийн ерэн хувь нь зовлон болон галын шалгалт бөгөөд хүний махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай, сайхан өдрүүд маш цөөхөн байдаг, эсвэл бүр огт байдаггүй. Хүн махан биеэр Бурхантай хамт цагийг сайхан өнгөрүүлэх аз жаргалтай мөчийг эдэлж бүр ч чаддаггүй. Махан бие бузар тул хүний махан бие гагцхүү Бурханы гэсгээлтийг л хардаг, эдэлдэг ба энэ нь эрүүл ухаангүй мэт хүн үүнийг хүний сэтгэлийг боддоггүй гэж үздэг. Учир нь Бурхан “хүний сэтгэлийг боддоггүй”, хүний халдахыг тэвчдэггүй, мөн дайснуудаа үзэн яддаг зөвт зан чанараа илчилнэ. Бурхан боломжит бүх аргаар дамжуулан Өөрийн бүх зан чанарыг ил тод илчилж, улмаар Сатантай хийсэн зургаан мянган жилийн тулааны ажил буюу бүх хүн төрөлхтнийг аварч, хөгшин Сатаныг устгах ажлаа төгсгөнө!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн төрөлхтнийг удирдахын зорилго
64. Чи одоо шүүлт гэж юу болох, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамд шүүлтийг дуулгавартай дага гэж зөвлөе, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Зөвхөн шүүлтийг л хүлээн авдаг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс буюу шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханд жигшигдэн гологдоно. Тэдний нүгэл фарисайчуудынхаас хавьгүй илүү ноцтой, илүү их байдаг, учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Хөдөлмөрлөхөд ч зохисгүй энэ хүмүүс илүү хүнд шийтгэл буюу цаашлаад мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь чухамдаа Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго яг энэ биш гэж үү? Шүүлтийн цаг үед элдэв янзын ёрын муу үйл хийсэн хүмүүсийг Бурхан муу ёрын сүнснүүд язганасан газар луу явуулж, тэр муу ёрын сүнснүүдийн зоргоор махан биеийг нь устгуулдаг бөгөөд тэр хүмүүсийн биеэс хүүрийн өмхий үнэр ханхалдаг. Энэ нь тэдний зүй ёсны цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичдэг бөгөөд цаг нь ирэхэд Тэр тэднийг бузар сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр хүссэнээр нь бузарлуулдаг, ингэснээр тэр хүмүүс хэзээ ч дахин төрөхгүй, дахин хэзээ ч гэрэл үзэхгүй. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсээ хүртэл үнэнч хэвээр үлддэггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан ёрын муу хүмүүсийн дунд жагсааж, тэднийг ёрын муу хүмүүстэй хамт намагт хөлбөрөн, тэдэнтэй хамтдаа зүсэн зүйлийн өөдгүй этгээдүүдийн бүлэглэл үүсгэхэд хүргэх ба эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, эсвэл хүч чадлаасаа ямар ч хувь нэмэр оруулаагүй хүмүүсийг Бурхан хаяж, огт анзаарахгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурхан хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй, харин Бурхантай хааш яаш харьцахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг Бухан Өөрийнх нь ардуудад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн дунд жагсаадаг. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чадна, харин ихэнх нь хөдөлмөр нь стандартад ч нийцэхгүй хүмүүсийн хамтаар устгагдана. Эцэст нь Бурхан Өөртэй нь адилхан зүрх сэтгэл, оюун санаатай хүмүүс, Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүсийг бүгдийг нь хаанчлалдаа аваачна. Тэд бол Бурханы ажлын биелэлт. Бурханы хуваасан ангиллын алинд нь ч багтаж чадахгүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд шүтлэггүй хүмүүсийн эгнээнд жагсах бөгөөд тэдний төгсгөл ямар байхыг та нар лавтайяа төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь ганцхан та нарын л сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй, Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг