38. Бурхан миний дэргэд байдаг

Гуожи, АНУ

Би Христэд итгэгч гэр бүлд төрсөн бөгөөд намайг нэг настай байхад ээж маань эмээгийн эрс эсэргүүцлийг үл тоон, эргэн ирсэн Эзэн Есүс буюу Төгс Хүчит Бурханы шинэ ажлыг хүлээн авсан юм. Намайг бага байхад эмээ маань үргэлж л “Хэрэв сэтгэл санаа чинь сайнгүй, эсвэл гэрийн даалгавраа хийж чадахгүй бол Эзэн Есүст залбираарай. Тэр чамд оюуны чадамж, мэргэн ухаан хайрлана, бас чамайг хамгаална” гэж хэлдэг байлаа. Гэвч ээж надад: “Бурхан энэ дэлхийг бий болгож, хүн төрөлхтнийг бүтээсэн. Тэр үргэлж бидэнтэй хамт байдаг. Ямар нэгэн асуудал тулгарвал Төгс Хүчит Бурханд залбирахаа битгий март, Тэр чамайг харж хандаж, хамгаална” гэж үргэлж хэлдэг байв. Ийм хоёр өөр дуу хоолой миний чихэнд байнга сонсогддог байв. Би ээжээсээ: “Эмээ намайг Эзэн Есүст залбир гэсэн, харин та намайг Төгс Хүчит Бурханд залбир гэж хүсдэг. Би хэний үгийг сонсох ёстой вэ?” гэж нэг удаа эргэлзэнгүй асуусан юм. Ээж маань: “Үнэндээ, Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан хоёр бол нэг л Бурхан юм. Зүгээр л цаг хугацаа нь өөр, Бурханы авдаг нэрс нь өөр, бас хийдэг ажил нь ялгаатай. Эзэн Есүс Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн бөгөөд Төгс Хүчит Бурхан Хаанчлалын эрин үеийн ажлыг хийдэг. Тэрээр эрин үе болгонд ажиллах арга замаа өөрчилдөг, бас нэрээ өөрчилдөг. Түүний нэр болон ажил яаж ч өөрчлөгдсөн бай, мөн чанар нь өөрчлөгддөггүй. Жишээлбэл, өнөөдөр чи сургуульд явахдаа улаан өнгийн хувцас өмсөж, маргааш ресторанд орохдоо цэнхэр хувцас өмслөө гэж бодъё—өөр хувцас өмсөж, өөр өөр газарт өөр өөр зүйл хийсэн хэдий ч чи бол чи хэвээр л байна. Харин Бурханы шинэ эрин үе ирэхэд бид Түүний шинэ ажилтай хөл нийлүүлэх ёстой. Тийм учраас бид одоо Төгс Хүчит Бурханд залбирах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Ээжийнхээ тайлбарыг сонссон ч гэсэн би тун их будилсан хэвээр байсан бөгөөд Төгс Хүчит Бурханы шинэ ажилд нэг л эргэлзсэн хандлага өвөрлөсөөр байлаа.

2014 оны 8 дугаар сард би АНУ-д суралцахаар ирлээ. Ээж маань ч бас хэдэн сарын дараа ирээд АНУ дахь Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбоо тогтоов. Тэр цагаас эхлэн би Төгс Хүчит Бурханы оршин тогтнолыг бага багаар мэдэрч эхэллээ. Би АНУ-д суралцахаар дөнгөж ирснийхээ дараа эндхийн амьдрал, тэр дундаа айлд амьдрангаа суралцана гэдэг дасан зохицоход үнэхээр хэцүү болохыг мэдсэн юм. Би үнэхээр хулчгар тул ганцаараа унтахаас айдаг байв. Ээж маань надад: “Бурханы эрх мэдэл цор ганц гэдэгт бид итгэх ёстой. Сатан, чөтгөрүүд ч бас Түүний эрх мэдэл дор байдаг тул чи шөнө айх юм бол зүгээр л Бурханд залбир. Зүрх сэтгэлд чинь Бурхан байгаа цагт Сатан чамд ойртож чадахгүй” гэж хэлсэн юм. Ээжийнхээ нөхөрлөхийг сонсох болгонд хавьгүй тайван амгалан, санаа амар санагддаг байлаа.

2015 оны 12 дугаар сард би Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож эхэлсэн боловч итгэлийн талаар сайн ойлголтгүй байсан учраас ихэнхдээ өөрийгөө хүчлэн оролцдог байв. Хоёр үйл явдлыг биеэр туулсныхаа дараа л би Бурханы жинхэнэ оршин тогтнолыг бодитоор ухаарах болж, түүнээс хойш, Төгс Хүчит Бурхан бол нэгэн жинхэнэ Бурхан бөгөөд үргэлж миний дэргэд байдаг гэдгийг зүрх сэтгэлийн угаас баталж чадсан юм...

Нэг Баасан гарагийн үдээс хойш тэр өдрийн хичээлээ үндсэндээ дуусгаад гэртээ харихын өмнө ганцхан дүрслэх урлагийн хичээл л үлдсэн байлаа. Гэтэл ангийн маань нэг хүүхэд надад гэнэт: “Хамгийн сүүлийн цагийг таслаад, хотын төв орж, хоол идэж, дэлгүүр хэсэцгээе. Тэнд үнэхээр сайхан хоолтой далайн хоолны шинэ газар нээгдсэн гэнэ” гэж хэлэв. Үүнийг сонсоод би уруу татагдав—өдрийн хоолонд юу ч идээгүй болохоор үнэхээр өлсөж байлаа. Ходоод хонхолзон, бараг л далайн хоолны ресторан руу хурдан оч гэж шавдуулж байгаа мэт байв. Гэхдээ би эргэлзсээр байлаа. “Би хэзээ ч хичээлээ тасалж байгаагүй шүү дээ. Баригдвал яах болж байна аа?” гэж бодогдов. Гэхдээ дараа нь би: “Манай ангийн Шиаоли бүр чухал хичээлүүдийг ч тасалдаг, тэгээд баригдалгүйгээр маш олон удаа тасалсан юм чинь би ч гэсэн баригдахгүй” гэж бодлоо. Тиймээс би ангийнхаа хүүхэдтэй хамт явахыг зөвшөөрч, үдээс хойш эмчид үзүүлэх ёстой учир эрт явах хэрэгтэй байна хэмээн дүрслэх урлагийн багшдаа хэлээд чөлөө авав. Тэгээд ангийнхаа хүүхэдтэй хамт хотын төвд хоол идэж, дэлгүүр хэсэхээр такси барьсан бөгөөд оройн найм, есөн цаг болтол гэртээ харьсангүй. Харьсныхаа дараа би гадаад оюутан хариуцсан багшаас, дараа сургуульдаа ирэхдээ эмчид үзүүлсэн бичиг баримтаа авч ирэхийг хүссэн э-мэйл хүлээн авлаа. Үүнийг хараад би сандарч, ангийнхантайгаа яаравчлан зөвлөлдөв. Нэг нь: “Багшид ямар ч бичиг баримт аваачиж өгөх хэрэггүй. Тэр бол хувийн асуудал” гэж хэллээ. Би түүний хэлснийг зөв гэж бодсон боловч энэ асуудлын хувьд миний буруу байсан тул өөрийнхөө төлөө эгдүүцэн маргалдана гэхээс ичиж байсан юм. Тиймээс би энэ асуудлаас гарах арга олоход минь туслаач гэж байрны эзэн эмэгтэйгээс хүсэв. Тэрээр хариуцсан багш дээр очиж, буруугаа хүлээ гэж хэлсэн юм. Хэлснийг нь сонсоод санаа зовлоо—би буруугаа хүлээх ёстой юу, эсвэл үргэлжлүүлэн мэхлэх үү гэдгээ мэдэхгүй байв. Тэгээд унтаж чадалгүй шөнөжингөө эргэж хөрвөөлөө. Би буруугаа хүлээхийг хүсэж байсан боловч багш, бас ангийнхан маань намайг юу гэж бодох бол гэдгээс, миний үргэлж хадгалдаг эерэг дүр төрх нүд ирмэх зуур устаж үгүй болох вий гэхээс айж байлаа. Зовж шаналан байхдаа би залбирч, эрж хайхаар Бурханы өмнө очсон ба дараа нь Бурханы үгээс энэ хэсгийг уншив: “Гэхдээ ов мэхтэй хүмүүс ингэж үйлддэггүй. Тэд Сатаны гүн ухаан, өөрсдийн ов мэхтэй уг чанар, мөн чанарт үндэслэн амьдардаг. Бусад хүн өө сэвийг нь атгачих вий гэсэндээ тэд бүх зүйл дээр анхааралтай байх хэрэгтэй болдог; эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдийгөө илчлэх вий гэж айсандаа үнэн нүүр царайгаа далдлахын тулд тэд хийж байгаа бүхэндээ өөрсдийн арга барилыг, мөн өөрсдийн ов мэхтэй, шударга бус ов мэхийг ашиглах ёстой болдог—тэгээд үнэн төрхөө харуулах үедээ тэд аливааг өөрчлөхөөр оролддог. Тэгээд аливааг өөрчлөхөөр оролдоход тийм ч амар биш үе олон байдаг бөгөөд чадахгүй бол тэд түгшиж эхэлдэг. Бусад хүн өөрсдийг нь нэвт харна гэдгээс тэд айдаг; тийм зүйл тохиолдох үед, өөрсдийгөө шившиг болголоо гэж тэдэнд санагддаг, тэгээд нөхцөл байдлыг засаж залруулах ямар нэгэн зүйл хэлэх арга зам бодох хэрэгтэй болдог… Оюун ухаандаа тэд, чамд өөрсдийгөө буруугаар ойлгуулахаас сэргийлэх талаар, өөрсдийнхөө хэлж байгааг чамд хэрхэн сонсгох талаар, мөн санаанд нь байгаа зорилгод хүрэх талаар юу хийж байгаагаа чамд харуулах талаар үргэлж боддог. Иймээс тэд үүнийг толгойдоо ахин дахин эргэцүүлдэг. Шөнө унтаж чадахгүй байх үедээ тэд энэ талаар боддог; өдрийн цагаар хоол идэж чадахгүй бол энэ тухай бодож байдаг; бусадтай ярилцах үедээ үүнийг зөвшилцдөг. Өөрсдийг нь тийм хүн гэж бүү бодоосой гэсэндээ, өөрсдийг нь сайн гэж бодоосой гэсэндээ, эсвэл тэд ийм санаатай байгаа юм байна гэж бүү бодоосой гэсэндээ тэд үргэлж дүр эсгэдэг” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”). Бурханы үг болгон ар араасаа доторх бодлыг минь ил болгон, зүрх сэтгэлийн минь харанхуй хэсэгт гэнэт гэрэл цацруулж, гэрэлтүүлэх мэт намайг ихэд ичээж, нүүр хийх газаргүй болгож орхив. “Тийм шүү! Би хичээлээ тасалж, худлаа ярьсан. Дараа нь алдаагаа хүлээн зөвшөөрөх санаачилга гаргаагүйгээр үл барам, харин ч худал үгээ нуун далдалж, үнэнийг нуун дарагдуулах арга зам бодож олохоор тархиа гашилгасан. Гэмших, харамсах сэтгэл өчүүхэн төдий ч төрөөгүй. Тэр ч бүү хэл, гадаад оюутан хариуцсан багш бусдын хэрэгт хошуу дүрэх ёсгүй гэж бодсон. Өө! Иймэрхүү үйлдэл нь Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд Бурхан үүнийг зэвүүцдэг! Миний бодол санаа, үйл хэргийн аль нь ч Бурханы шаардлагад нийцэхээргүй байна—Бурханд итгэгч ингэж авирладаггүй! Үгүй ээ, би үл итгэгчдийн аргаар асуудлаа шийдэх ёсгүй. Би Бурханы өмнө гэмшиж, Түүний шаардлагын дагуу үйлдэх ёстой. Үнэнээ хэлж, үнэнч хүн байх ёстой” гэж би бодлоо.

Тиймээс, маргааш нь хичээлдээ очоод би багш дээр очиж, хичээл тасалсан буруугаа хүлээн зөвшөөрөв. Гадаад оюутан хариуцсан багш намайг огт зэмлэлгүй, харин оронд нь намайг маш үнэнч байна, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг байх нь сайн зүйл гэж хэлэхэд би гайхан цочирдсон юм! Гэвч, хичээл тасалсны шийтгэл заавал байх ёстой тул хичээл тарсны дараа багш намайг үлдээж, юу хийснийг минь сайтар бодуулахын тулд нэг цаг суулгалаа. Хичээл тасалж, худал ярьсныхаа төлөө би маш өчүүхэн шийтгэл хүлээсэн хэдий ч Бурхан намайг хамгаалж байгаа болохыг мэдэрсэн юм. Хожим нь би цуглаан дээр энэ үйл явдлын талаар чуулганы эгчтэйгээ нөхөрлөв. Миний яриаг сонсоод эгч надад Бурханы хэлсэн үгээс энэ хэсгийг уншиж өглөө: “Хэрэв чи Бурханы захиралтад итгэдэг бол өдөр бүр тохиолддог сайн, муу аль ч зүйл санаандгүй тохиолдол биш гэдэгт итгэх ёстой. Хэн нэгэн чамд зориуд хатуу хандаж, чамайг онилж байгаа юм биш; үнэн хэрэгтээ энэ бүгдийг Бурхан зохицуулдаг. Бурхан юуны төлөө эдгээр зүйлийг зохион байгуулдаг вэ? Дутагдлыг чинь илчилж, чамайг ил болгохын төлөө ингэдэг юм биш; чамайг илчлэх нь эцсийн зорилго биш. Харин чамайг төгс болгож, аврах нь эцсийн зорилго юм. Бурхан яаж тэгдэг вэ? Нэгдүгээрт, Тэр чамд завхарсан зан чанар, уг чанар, мөн чанар, дутагдал, дутагддаг зүйлийг чинь ухамсарлуулдаг. Чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг мэдэж, ойлгосноор л үнэнийг эрэлхийлж, завхарсан зан чанараа аажмаар хаяж чадна. Энэ нь Бурхан чамд боломж олгож байгаа хэрэг юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”). Бурханы үгийн талаар нөхөрлөснөөр би, ангийнхан маань хичээлээ маш олон удаа тасалсан ч юу ч тохиолдоогүй атал би яагаад эхний удаадаа л багшид баригдсанаа ойлгож авсан юм: Энэ нь үнэхээр Бурханы дээд эрх байлаа. Бурхан намайг илчилж, цээрлүүлж, сахилгажуулах орчныг бодитой байдлаар бий болгосон; намайг өөрийнхөө сатанлаг уг чанарыг ойлгож, худал хэлж, хууран мэхэлдэг завхарсан зан чанараа мэдэж, улмаар үнэнийг эрэлхийлж, үнэнч хүн байж, хүний төрхийг амьдран харуулахад хүргэх гэсэндээ үүнийг хийсэн байв. Энэ нь Бурхан намайг хайрлаж, аварч байгаа хэрэг байв! Урьд нь хүн бүр намайг сайн хүүхэд гэж магтдаг, би ч бас өөрийгөө үргэлж тэгж боддог байсан юм. Гэвч баримтуудын илчлэлээр дамжуулан, мөн Бурханы үгээр шүүгдэж, илчлэгдээд би өөрийнхөө уг чанарын шударга бус, зальжин байдлыг эцэст нь ухаарсан билээ. Би улайм цайм худлаа ярьж, хууран мэхэлж чаддаг байсан бөгөөд үнэхээр жаахан биеийн хэмжээтэй байжээ. Цаг ямагт, газар сайгүй би үл итгэгчдийг дагаж, завхарсан зан чанар дотроо амьдарч, улмаар Бурханы нэрийг шившиглэх чадвартай байв. Багш намайг ангид үлдээж шийтгэсэн. Хэдийгээр махан бие маань бага зэрэг зовсон ч энэ сургамжийг санаж, цаашид хэзээ ч худлаа ярихгүй. Хэрэв би тэр үед хичээл таслаад баригдаагүй бол дараа нь туршилт, уруу таталттай тулгарах үедээ үүнийгээ дахин хийхийг хүсэх байсан. Тэгээд би зүгээр л ахин дахин худлаа ярьж, улам найдваргүй, улам зальтай болж, эцэстээ Сатан намайг бүрмөсөн үхүүлэх байжээ. Бурхан үнэнч хүмүүсийг хайрлаж, авардаг ба ов мэхтэй хүмүүсийг үзэн ядаж, таягдан хаядаг учраас тэр үед Бурхан намайг бүр хүлээн зөвшөөрөхөө ч болих байв. Яг тэр мөчид би худал ярих нь ямар их хор хөнөөл учруулдгийг эцэст нь тодорхой харсан бөгөөд бас үнэнч хүн байх нь хэчнээн чухал болохыг олж харсан юм!

Нэг их удалгүй бид тооны шалгалт өгсөн юм. Урд орой нь хичээлээ давтаж байхдаа би, эзэмшиж чадаагүй сэдэв бас л олон байгааг олж мэдэв. Дараа өдөр нь шалгалттай байсан болохоор би үнэхээр их санаа зовлоо. Их сургуульд ороход тэр улирлын шалгалтын дүн хамгийн чухал байдаг учраас тэр жилийн дүнгүүдийг минь хараад, хэрвээ тооны хичээл дээрээ уначихсан байх юм бол урьдын бүх шаргуу хөдөлмөр минь талаар болох байв. Бодох тусам би улам түгшиж байлаа. Маргааш нь шалгалтаас хэдхэн минутын өмнө би бүх томьёог бичсэн дэвтрээ авчрахаа мартсанаа анзаарсан юм. Би бүр самгардаж орхилоо. Тэр тэмдэглэлийн дэвтэр дээр маш олон жишээ бодлого нууцаар тэмдэглэчихсэн байсан боловч одоо алга болгочихсон болохоор шалгалтдаа унах нь гарцаагүй болов. Хаа нэгтээ шалан дээр санамсаргүй унагаачихсан байх вий гэх өчүүхэн найдвар тээгээд би хаа сайгүй хайлаа. Дээгүүр доогуур хайж байхдаа би хажууд сууж байгаа сурагчийн шалгалтын хуудсан дээрх хариултыг нууцаар харчхав. Ийм аз дайрсанд баясаж, найдварын оч харсан мэт санагдлаа. Багшийг хулгайгаар сэм харахад компьютерынхоо урд ажилдаа төвлөрчихсөн сууж байлаа. Тэгэхээр нь би тооны шалгалтын бүх асуултад хурдхан шиг хариулж биччихээд хажуугийн сурагчаа хөнгөхөн цохиж, хариултуудаа харьцуулъя гэж дохив. Хэдий хариултуудаа харьцуулъя гэж хэлсэн ч үнэндээ би түүний хариултуудыг өөрийнхөө шалгалтын цаасан дээр хуулахыг хүссэн юм. Тэр бүх хугацаанд сэтгэл түгшин, энэ маягаар сэм харсаар тооны хичээлийн шалгалтыг би давлаа.

Би хамгийн муу мэддэг хичээлийнхээ учрыг эцэст нь нэг юм олчихлоо хэмээн бодоод, амралт эхэлмэгц цагийг сайхан өнгөрүүлэхээр төлөвлөж байлаа. Хачирхалтай нь гэхдээ хэдэн өдрийн дараа сургууль эцэг эх, асран хамгаалагчдын хурал хийж, байрны маань эзэн эмэгтэй миний оронд дүнгийн дэвтрийг авахаар очив. Тэгээд намайг бүх хичээл дээрээ сайн дүн авсан боловч хичээлийн шударга байдалтай холбоотой асуудал байж магад гэж сургууль сэжиглэсэн учраас тооны хичээлийн дүнг бусад дүнтэй хамт тавиагүй гэж тэр хэлэв. Үүнийг сонсоод би сэтгэлээр навс уналаа—сэтгэл минь зовнин, үймэрч, юу хийхээ мэдэхгүй байсан юм. Би дотроо: “Хичээлийн шударга байдалтай холбоотой асуудал гэнэ үү? Ангийнхаа хүүхдийн хариултыг хуулсныг минь мэдчихсэн юм болов уу? Тийм бол би яах билээ? Хүнээс хуулах бол ноцтой асуудал болохоор их сургуульд орох боломжид минь ч нөлөөлж магадгүй. Гэхдээ одоогоор сургууль зөвхөн сэжиглэж л байгаа болохоор надад найдвар байна. Тодорхой тайлбар өгч чадах л юм бол зүгээр байх хэдий ч би үүнийг яаж тайлбарлах билээ? Би үнэхээр хүнээс хуулсан шүү дээ. Магадгүй зүгээр л очоод, хэргээ хүлээх хэрэгтэй юм болов уу?” гэж ахин дахин бодлоо. Тэгээд үүнийг ахин дахин эргэцүүлэв. Ангийнхан маань ямар ч тохиолдод хэргээ хүлээж болохгүй, ямар нэг өгөх тайлбар бодож олоод л мултарч гарах замаа олох хэрэгтэй гэж зөвлөв. Гэхдээ дараа нь би: “Энэ бол Бурханд итгэгчийн хийх ёстой зүйл биш. Би ер нь яах вэ?” хэмээн бодлоо. Яг тэр орой нь чуулганы цуглаантай байж таарсан тул би эгч нартаа өөрийнхөө нөхцөл байдлын талаар ам нээн нөхөрлөлөө. Нэг эгч маань надаар Бурханы үгийн энэ хэсгийг уншуулав: “Одоо бол хүмүүс үнэний талаар маш их номлол сонсож, Бурханы ихээхэн ажлыг туулсан. Гэсэн ч олон янзын хүчин зүйлс, нөхцөл байдлаас үүдсэн хөндлөнгийн оролцоо, саад бартааны улмаас ихэнх хүн үнэнийг амжилттай хэрэгжүүлж чаддаггүй, бас Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ч чаддаггүй. Хүмүүс улам их хойрго болж, улам итгэлгүй болсон… Тэр эдгээр үнэнийг тэдэнд хайрлаж, Өөрийн замыг тэдэнд суулгаж өгч, дараа нь тэднийг өөр өөр арга замаар шалгахын тулд өөр өөр орчин нөхцөл зохицуулдаг. Түүний зорилго нь эдгээр үг, эдгээр үнэн болон Өөрийн ажлыг авч, хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болох төгсгөлийг авчрах явдал билээ. Миний харсан ихэнх хүн Бурханы үгийг хоосон сургаал, цаасан дээрх зүгээр нэг үсэг, сахин мөрдөх журам гэж үздэг. Тэд үйлдэж, ярихдаа, эсвэл шалгалттай тулгарахдаа Бурханы замыг өөрсдийн мөрдөх ёстой зам гэж үздэггүй. Хүмүүс ялангуяа томоохон шалгалттай тулгарахад энэ үнэн байдаг; Бурханаас эмээж, муугаас зайлахаар хэрэгжүүлж байгаа ямар ч хүнийг Би хараагүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”). Эдгээр үгийг уншсаны дараа сэтгэлд минь зэмлэх мэдрэмж төрлөө. Би үнэнч хүн байх тухай үнэнийг бага зэрэг ойлгож, тэр талаар Бурханы цээрлүүлэлт, сахилгажуулалтыг туулаад удаагүй байсан хэр нь өөр нэг шалгалттай тулгармагцаа бас л үнэнийг хэрэгжүүлж чадсангүй. Хүнээс хуулах нь буруу гэдгийг маш тодорхой мэдэж байсан ч дүнгийнхээ төлөө би, үнэнч хүмүүс бай гэж биднээс шаарддаг Бурханы үнэний тухай таг мартжээ. Би Бурханд гэрчлэл хийгээгүйгээр үл барам бүр Түүнийг шившиглэжээ. Тэр шөнө би үүнийг ахин дахин бодсоор унтаж чадсангүй. Эцэст нь би үнэнч хүн байж, хувийн ашиг сонирхлоо хамгаалахын төлөө Бурханы нэрийг дахин шившиглэхгүй байхаар шийдсэн юм. Ийм шийдвэрт хүрмэгцээ би орноосоо үсрэн босоод, компьютероо асааж, хийсэн буруу үйлээ наманчлан, өөртөө шүүмж бичлээ. Маргааш өглөө нь би сургууль дээрээ маш эрт очин, өөрийнхөө шүүмж бичгийг багшдаа өгөөд, зан байдалдаа уучлал гуйж, ирээдүйд дахиж хэзээ ч хуурахгүй гэж амлалаа. Тооны хичээлдээ тэг оноо авна гэдэгт би өөрийгөө бэлтгэн хурцалж, сургуулиас өгөх ямар ч шийтгэлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байлаа. Багш дахин шалгалт өгүүлэхээр шийднэ гэж би огт төсөөлөөгүй юм. Тэр мөчид би өөрийн эрхгүй зүрх сэтгэлийнхээ гүнээс талархал, магтаалаа Бурханд илэрхийлэв: Надад өршөөл үзүүлснийх нь төлөө Бурханд талархъя! Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг гэдгийг энэ нь надад харуулсан бөгөөд хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, үнэнч хүн байх тухай үнэнийг хэрэгжүүлэх үед минь Бурхан надад гарах гарц нээн өгч, шалгалтыг дахин өгүүлэхийг багшаар зөвшөөрүүлжээ. Бурхан дэргэд минь байж, хийсэн хөдөлгөөн бүрийг минь ажиглаж, эргэн тойрны минь бүх хүн, үйл явдал, зүйлс, орчныг зохицуулж байсныг би үнэхээр мэдэрсэн ба тэгснээр би Түүний жинхэнэ оршин тогтнолыг биечлэн мэдэрч чадах байлаа. Намайг гэх Бурханы хайр маш бодит!

Хэд хоногийн дараа, тэр улиралд бүх хичээлдээ А үнэлгээ авсан сурагчдад жуух бичиг гардуулах сургуулийн хэмжээний хурал дээр бүр ч хачирхалтай явдал болов. Багш миний нэрийг дуудахад нь би алдаа байх гэж бодлоо. Ангийнхны маань зарим нь надад ямар нэг зүйл хэлэх үед л би үнэхээр жуух бичиг хүлээн авч байгаагаа ухаарсан юм. Ангийнхан маань бүгд маш их гайхаж, тооны шалгалт дээрээ хүнээс хуулсныхаа дараа яаж жуух бичиг авч чадсан юм бол гэж гайхширч байв. Би зүрх сэтгэлдээ чимээгүйхэн уулга алдлаа: “Энэ бүхэн бол Бурханы үйл хэрэг! Энэ жуух бичгийг миний дүнд зориулаагүй, харин үнэнч хүн байхаар хэрэгжүүлсний минь төлөө Бурханы өгч буй шагнал гэдгийг би мэдэж байна.” Бурхан үнэхээр цаг ямагт миний дэргэд байж, хором бүрд намайг ажиглаж байгаа гэдгийг энэ нь улам бүр баталгаажуулав. Надад зориулж Бурханы зохицуулдаг бүхэн үргэлж хамгийн сайн үр дүнд хүрдэг.

Одоо би цуглаанд дуртай болж, Бурханы үгийг улам их уншиж байгаа. Завхарсан зан чанараа амьдрал дээр илчилсээр байгаа хэдий ч, юутай ч тулгарсан бай, би асуудлаа шийдвэрлэхийн тулд эгч нартайгаа үргэлж нөхөрлөж, Бурханы үгээс үнэнийг эрж хайж чадна. Хамтдаа ажиллаж, бодитой арга замаар хамтран ажилласнаар би улам их үнэнийг ойлгож авч, улам эрч хүчтэйгээр тэдгээрийг хэрэгжүүлдэг. Бурхан дэргэд минь байгаа бөгөөд төрөл бүрийн хүн, үйл явдал, зүйлсээр дамжуулан намайг хэдийд ч илчилж чадна гэдгийг би мэдэрдэг төдийгүй Тэр бас, үнэнд ороход минь намайг хөтөлж, залж чиглүүлэхийн тулд үгээ ашигладаг. Одоо Бурхантай харилцах харилцаа минь улам дотно болж байгаа мэт санагддаг бөгөөд Төгс Хүчит Бурхан бол жинхэнэ Бурхан гэдэгт, Тэр бол хэдийд ч, хаана ч намайг харж хандаж, халамжилж, хамгаалдаг Бурхан мөн гэдэгт би туйлын итгэлтэй байдаг!

Өмнөх: 37. Ачлалгүй хүү эргэн ирсэн нь

Дараах: 39. Би жинхэнэ гэрээ оллоо

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

3. Шүүлтийн нууцыг илчлэх нь

Эньхуй, Малайз улсНамайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх