Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг
Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсийн өмнө ичнэ, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханы өмнө ичнэ.
Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, үүнээс ч илүүтэйгээр, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүн төрөлхтний түүх болон ирээдүй Бурханы гараар бүтээгдсэн зохицуулалтаас зайлж чадахгүй. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохицуулалтын дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг, Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний чиглэлийг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ нэг улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн өвдөг сөгдөн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө ирж гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар зайлшгүй сүйрэл болно.
Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд садар самуун уг чанартай болж, жигшүүрт доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхий дээр сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.
Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө балчир хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн шударга үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашигладаг, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.
Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй бол хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй, хоосон байдаг. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурханы удирдамжгүйгээр эрх баригчид болон социологичид хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хүний зүрх сэтгэл дэх хоосныг хэн ч дүүргэж чадахгүй, учир нь хэн ч хүний амь байж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг хоосон байдлын зовлонгоос чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, таашаал, тав тух нь хүнд зөвхөн түр зуурын тайтгарал л авчирдаг. Эдгээр зүйл байсан ч гэсэн хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байдаг. Эдгээр зүйл байлаа гээд хүний судалж шинжлэх эрмэлзэл, дур хүслийг хорьж чадахгүй. Учир нь хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд утга учиргүй золиос, шинжилгээ судалгаа нь хүнд улам их гуниг зовлон авчирч, хүнийг байнгын түгшүүрт автуулж, хүн төрөлхтний ирээдүйтэй, урд нь буй замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй болоход хүргэснээр хүн шинжлэх ухаан, мэдлэгээс хүртэл айж, хоосон байдлын мэдрэмжээс бүр ч их айхдаа тулдаг. Энэ дэлхийд чи эрх чөлөөтэй оронд амьдарч байна уу, эсвэл хүний эрхгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж яавч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огт чадахгүй, тайлагдашгүй хоосон байдлын мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг социологичид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэр нь нэг ч агуу хүн ийм асуудлуудыг шийдвэрлэхээр гарч ирж чадахгүй. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл бол хүн бүр гэдэс цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байдаг шударга нийгэм төдий биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон хүнд Бурханы өгдөг амийн хангалт юм. Хүн Бурханы амийн хангалт болон Бурханы авралыг хүртэх үед л хүний хэрэгцээ, судалж шинжлэх хүсэл, зүрх сэтгэлийнх нь хоосон мэдрэмж шийдвэрлэгдэх боломжтой. Хэрвээ улс орон, үндэстний хүмүүс Бурханы аврал, анхаарал халамжийг хүлээн авч чадахгүй бол тийм улс орон, үндэстэн доройтлын замаар харанхуй руу зүглэж, үр дүнд нь Бурханаар устгагдах болно.
Танай улс одоо цэцэглэн хөгжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмэнд Бурханаас төөрч холдохыг зөвшөөрвөл улс чинь Бурханы ерөөлийг улам л алдаж, улсын чинь соёл иргэншил улам л хүний хөл доор гишгэлэгдэж, тун удалгүй ард түмэн нь Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараана. Ийм маягаар улс орны хувь заяа өөрийн мэдэлгүй сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсыг сөрөхийн тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний хөгжил цэцэглэлт эсвэл доройтол нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард түмнээ Бурханд ойртож, Бурханд шүтэн мөргөдөг болгоход хөтөлдөг эсэхээс хамаардаг. Гэвч энэхүү сүүлчийн эринд Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг, Бурханд шүтэн мөргөдөг хүмүүс тун ховор байдаг учраас Христийн шашныг улсынхаа шашин болгосон улс орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр эдгээр улсыг нэгтгэж, дэлхийн харьцангуй шударга хуаранг байгуулдаг бол бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханд шүтэн мөргөдөггүй орнууд тэр шударга хуаранг эсэргүүцэгчид болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болдог төдийгүй, мөн шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орнуудыг олж аваад, Өөрийг нь эсэргүүцдэг улс орнуудад хориг, хязгаарлалт тавиулдаг. Тэгсэн хэр нь Бурхан Өөрт нь шүтэн мөргөх илүү олон хүнийг олж авч чадахгүй хэвээр байгаа, учир нь хүн Бурханаас хэтэрхий холдчихсон, дэндүү удаан хугацаанд Бурханыг мартчихсан бөгөөд энэ дэлхий дээр шударга ёсыг хэрэгжүүлж, шударга бус байдлыг эсэргүүцдэг улс орнууд л байна. Гэвч энэ нь Бурханы хүслэнд хүрэхээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч орны улс төрийн нам Бурханыг бишрэн хүндлэхийн тулд ард түмнээ цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстэн, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зарим нэг шударга хүчин оршдог хэдий ч хүний зүрх сэтгэлд Бурханы эзлэх орон зай байдаггүй аливаа засаглал тун хэврэг бөгөөд Бурханы ерөөлгүй улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, ганц цохилт ч дааж чаддаггүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүй байна гэдэг нарны гэрэлгүй байхтай адилхан. Удирдагчид нь ард түмэндээ хэчнээн хичээнгүй хувь нэмэр орууллаа гээд, хэчнээн олон шударга хурал зөвлөгөөн хийлээ гээд, аль нь ч нөхцөл байдлыг эргүүлж, хүн төрөлхтний хувь заяаг өөрчилж чадахгүй. Ард иргэд нь хоол унд, хувцас хунартай, хамтдаа энх амгалан суудаг улс орон бол сайн удирдагчидтай, сайн улс гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр үздэг. Хүний бодол Бурханыхаас үргэлж асар их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханд шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа маш эмгэнэлтэй байх бөгөөд энэ улс ямар ч хүрэх газаргүй байх болно.
Бурхан хүний улс төрд оролцдоггүй хэр нь улс, үндэстэн бүрийн хувь заяаг хянадаг, Тэрээр энэ дэлхий, бүхий л орчлон ертөнцийг хянадаг. Хүн төрөлхтний хувь заяа болон Бурханы төлөвлөгөө нягт холбоотой байдаг бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс зугтаж чадахгүй. Хэрвээ хүн хувь заяагаа мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг хөгжин цэцэглүүлж, Өөрийг нь эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.
Библид өгүүлсэн Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг эргээд бод, 2,000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олонх нь хөнөөгдөж, бүхий л Иудей үндэстэн улс орон нь сүйрсэн, урьд хожид байгаагүй шаналлыг амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.
Өнөөдөр Бурхан Өөрийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд эргэж ирсэн, Түүний ажлын эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ: бурхангүй үзлийн бат бэх цайз Хятад юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Тэрээр Хятадын эрх баригч намд элдэв янзаар агнуулж, элдэв төрлийн зовлонд өртөж, толгой тавьж амрах газаргүй, хоргодох орон байргүй байсан. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр үг хэлж, айлдаж, сайн мэдээ түгээдэг. Бурханы төгс хүчинг хэн ч ухан ойлгож чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайснаа гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил, үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит дээд хэмжээгээр авардаг. Ямар ч улс орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхийг хүсдэг зүйлд саад болж чадахгүй, Бурханы ажилд саад хийхээр оролддог, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлдэг, сүйтгэхээр оролддог хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ гэж бид бүгд итгэдэг. Бурханы ажлыг эсэргүүцдэг ямар ч хүнийг Бурхан там руу хөөнө; Бурханы ажлыг эсэргүүцдэг ямар ч улс орныг Бурхан устгана; Бурханы ажлыг сөрөн босдог ямар ч үндэстэн Бурханаар газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, тэр ч байтугай бүх салбарын хүмүүсийг, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, улмаар Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд, хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц бай болгож, бүх хүн төрөлхтнийг, яг л Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурханы анх бүтээсэн Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт амьдарч байсан шиг Бурханы ерөөл дунд амьдруулахыг шавдуулж байна.
Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ.