Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 232

Би зөвт, Би итгэмжит, Би хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан! Хэн нь үнэн, хэн нь худлыг Би дор нь илчилнэ. Бүү түгш; бүх зүйл Миний цагаар ажилладаг. Хэн Намайг чин сэтгэлээс хүсдэг, хэн Намайг хүсдэггүйг Би та нарт нэг нэгээр нь хэлнэ. Зүгээр л сайн идэж, сайн ууж, Миний өмнө ирэхдээ Надад ойр дөхөхөө л бод, харин Би ажлаа Өөрөө хийнэ. Үр дүнг нь хурдан харах гэж хэт бүү бачимд, Миний ажил бол нэгмөсөн хийж болдог зүйл биш. Үүнд Миний алхам, Миний мэргэн ухаан оршдог учраас Миний мэргэн ухаан илчлэгдэж чаддаг юм. Өөрийн гараар юу хийдгээ, мууг шийтгэж, сайныг шагнадаг болохоо Би та нарт харуулна. Би лав хэнд ч давуу эрх олгодоггүй. Намайг чин үнэнээр хайрлагчийг Би чин үнэнээр хайрлах ба Намайг чин үнэнээр хайрладаггүй хүмүүстэй уур хилэн минь хэзээд хамт байна, ийнхүү тэд Намайг жинхэнэ Бурхан, хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан гэдгийг байнга санах болно. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар бүү авирла; Би хийдэг бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд хэдий чи бусдыг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Би тов тодорхой хардаг. Аливааг нууж хаах боломж чамд үгүй; бүгд Миний гарт байна. Өчүүхэн тооцоолол чинь чамд ашигтайгаар эргэсний төлөө өөрийгөө маш ухаантай гэж бүү бод. Би чамд хэлье, хүн хэчнээн олон төлөвлөгөөг, мянга, түмээр нь гаргаж болох боловч эцэст нь тэд Миний гараас зугтаж чадахгүй. Миний гар ганц хүнийг байтугай бүх зүйл, бүх үйл явдлыг удирддаг! Надаас бултаж, нуугдах гэж бүү оролд, аргалах юм уу, нуун далдлах гэж бүү оролд. Миний алдар суут төрх, Миний уур хилэн, Миний шүүлт нийтэд илчлэгдсэнийг чи хараагүй л байгаа юм биш биз дээ? Намайг чин сэтгэлээсээ хүсдэггүй хэнийг ч Би нэн даруй, ямар ч өршөөлгүй шүүх болно. Миний өрөвч сэтгэл дууссан; өөр үлдээгүй. Цаашид хоёр нүүртэй байхаа больж, цадиггүй, балмад явдлуудаа зогсоо.

Хүү минь, сэрэмжтэй бай; Миний өмнө илүү их цаг зарцуул, тэгвэл Би чамайг удирдах болно. Бүү ай, давхар ирт хурц илдийг минь гаргаж ирээд, Миний хүслийн дагуу Сатантай эцсээ хүртэл тулалд, Би чамайг хамгаална, бүү санаа зов. Нууцлагдсан бүх зүйл нээгдэж, илчлэгдэнэ. Би бол бүх харанхуйг энэрэлгүй гийгүүлэгч, гэрэл гаргагч Нар. Миний шүүлт бүрэн буусан; чуулган бол тулааны талбар. Та нар бүгдээрээ биеэ бэлдэж, чи бүхий л оршихуйгаа эцсийн шийдвэрлэх тулаанд зориулах хэрэгтэй; Би чамайг гарцаагүй хамгаална, тэгснээр чи Миний төлөө ялгууснаар, сайн тулалдах болно.

Болгоомжтой бай, өнөөгийн хүмүүсийн зүрх сэтгэл хуурамч, тааж мэдэшгүй бөгөөд тэдэнд итгэх аргагүй. Зөвхөн Би л та нарын төлөө бүхнээ зориулдаг. Миний дотор ямар ч заль мэх үгүй; зүгээр л Намайг түш! Миний хөвгүүд эцсийн шийдвэрлэх тулаанд гарцаагүй ялалт байгуулах бөгөөд Сатан үхэн хатан үзэлцэхээр гарч ирэх тун магадтай. Бүү ай! Би чиний хүч, Би чиний бүх зүйл. Аливааг байн байн бүү бод, тийм их бодолд дарагдаж болохгүй. Цаг дэндүү давчуу учир Би та нарыг замаар цаашид чирч явахгүй гэж өмнө нь хэлсэн. Та нарыг чихдэж аваад алхам тутамд сануулах цаг Надад өөр байхгүй—тэгэх боломжгүй! Та нар тулааны бэлтгэлээ л дуусга. Би чиний төлөө бүх хариуцлагыг үүрдэг; бүх зүйл Миний гарт. Энэ бол үхэх, сэхэхийн төлөөх тулаан бөгөөд аль нэг тал нь гарцаагүй сөнөнө. Гэхдээ Би бол үүрд ялгуусан бөгөөд дийлдэшгүй, харин Сатан гарцаагүй сүйрнэ гэдгийг чи мэдэх ёстой. Энэ бол Миний алхам, Миний ажил, Миний хүсэл, Миний төлөвлөгөө!

Дууссан! Бүгд дууссан! Бүү зүрх алд, бүү ай. Би чамтай, чи Надтай үүрдийн үүрд хаад байх болно! Би үг хэлсэн л бол үүрд хувирахгүй ба та нарт удахгүй үйл явдлууд тохиолдоно. Сонор бай! Та нар мөр бүрийг сайн тунгаах хэрэгтэй; Миний үгсийн талаар бүүр түүр төсөөлдөг байхаа боль. Тэдний талаар тодорхой мэдэж байх ёстой! Миний өмнө аль чадахаараа их цаг зарцуулна гэдгийг санаж явах ёстой!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “44-р бүлэг”-ээс

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 233

Мууг үйлддэг, эрх мэдэл эзэмшдэг ба Бурханы хөвгүүдийг хавчдаг хүмүүсийг шийтгэх арга хэмжээг Би аваад эхэлчихсэн. Одоогоос эхлээд, Миний захиргааны зарлигийн гар зүрх сэтгэлдээ Надтай зөрчилддөг хүмүүс дээр байх болно. Үүнийг мэд! Энэ бол Миний шүүлтийн эхлэл бөгөөд Би зөвт байдлыг хэрэгжүүлдэг, алагчилж үздэггүй Бурхан тул хэнд ч өршөөл үзүүлэхгүй, хэнийг ч хэлтрүүлэхгүй; үүнийг мэдэх нь та нарт сайн.

Мууг үйлддэг хүмүүсийг Би шийтгэхийг хүсдэг юм биш; харин тэд өөрсдийн муу үйлдлээс болж өөрсдөдөө залхаан цээрлүүлэлт авчирдаг. Би хэнийг ч шийтгэх гэж яардаггүй, бас хэнд ч шударга бус ханддаггүй—Би бүгдэд зөвт байдаг. Би хөвгүүдээ үнэхээр хайрладаг ба Намайг эсэргүүцдэг тэр муу хүмүүсийг үнэхээр үзэн яддаг; энэ бол Миний үйлдлүүдийн ар дахь зарчим. Та нар дор бүрнээ Миний захиргааны зарлигийн талаар жаахан ойлголттой байх хэрэгтэй; эс бөгөөс та нар өчүүхэн төдий ч эмээхгүй бөгөөд Миний өмнө хайхрамжгүй авирлах болно. Би юу гүйцэлдүүлмээр байгааг, юу биелүүлмээр байгааг, юу олж авмаар байгааг юм уу, эсвэл Миний хаанчлалд ямар төрлийн хүн хэрэгтэй гэдгийг та нар бас мэдэхгүй.

Миний захиргааны зарлиг бол:

1. Хэн байх чинь хамаагүй, зүрх сэтгэлдээ Надтай зөрчилдвөл чи шүүгдэнэ.

2. Миний сонгосон хүмүүс аливаа буруу бодлынхоо төлөө нэн даруй сахилгажуулагдана.

3. Надад үл итгэгчдийг Би нэг тийш тавина. Хайхрамжгүй ярьж, үйлдэхийг нь Би тэдэнд эцсийг нь хүртэл зөвшөөрнө, тэгээд тэднийг бүрэн шийтгэж, учрыг нь олно.

4. Надад итгэгчдийг Би цаг ямагт харж хандан, хамгаална. Би авралын замыг ашиглан тэднийг цаг ямагт амиар хангана. Энэ хүмүүст Миний хайр байх бөгөөд тэд лав унахгүй, замаа алдахгүй. Тэдэнд буй аливаа сул тал түр зуурынх байх бөгөөд Би тэдний сул талыг мэдээж нэхэн санахгүй.

5. Надад итгэдэг мэт харагддаг ч үнэндээ итгэдэггүй—Бурхан байдагт итгэдэг боловч Христийг эрж хайдаггүй, гэхдээ бас эсэргүүцдэггүй—хүмүүс бол хамгийн өрөвдөлтэй бөгөөд Би Өөрийн үйл хэргээр дамжуулан тэдэнд тодорхой харуулна. Ийм хүмүүсийг Би үйлдлээрээ аварч, тэднийг буцаан авчирна.

6. Миний нэрийг эхлээд хүлээн зөвшөөрсөн, ууган хөвгүүд ерөөгдөнө! Би та нарыг ханатлаа эдлэг гэж хамгийн сайн ерөөлийг та нарт гарцаагүй хайрлана; хэн ч үүнд саад болж зүрхлэхгүй. Энэ бүгдийг тэр чигт нь та нарт бэлтгэсэн, учир нь энэ бол Миний захиргааны зарлиг билээ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “56-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 234

Миний үгийг уншиж, энэ нь биелнэ гэдэгт итгэдэг хүмүүс ерөөлтэй еэ. Би чамтай муухай харьцахгүй; Би чиний итгэдэг зүйлийг чиний дотор биелүүлж өгнө. Энэ бол Миний ерөөл чам дээр ирж буй нь юм. Миний үг хүн бүрийн дотор нуугдсан нууцыг яг онож цохидог. Хүн бүр үхлийн шархтай ба Би бол эдгээрийг анагаадаг сайн эмч юм: Зүгээр л Миний өмнө ир. Би ирээдүйд уй гашуу болон нулимс байхаа болино гэж яагаад хэлсэн бэ? Үүний учир нь энэ шүү дээ. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн байдаг, харин хүмүүсийн дотор бүх зүйл завхарч, хий хоосон ба хүмүүст хуурмаг байдаг юм. Миний дэргэд чи бүх зүйлийг хүлээж авах бөгөөд төсөөлж ч чадахааргүй ерөөлүүдийг харж, мөн эдлэх болно. Миний өмнө ирдэггүй хүмүүс лав тэрслүү бөгөөд яахын аргагүй Намайг эсэргүүцдэг хүмүүс юм. Би тэднийг яав ч хялбар өршөөхгүй; ийм төрлийн хүмүүсийг Би хатуу гэсгээнэ. Үүнийг санагтун! Миний өмнө олон хүн ирэх тусам улам илүүг олж авна, гэхдээ энэ нь зөвхөн нигүүлсэл байна. Дараа нь тэд бүр ч илүү их ерөөлүүд хүлээж авна.

Дэлхийг бүтээснээс хойш Би энэ бүлэг хүмүүсийг, тухайлбал, өнөөдрийн та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, та нарын төрсөн гэр бүл, ажил, гэрлэлт гээд чамайг бүхэлд чинь, үс болон арьсны чинь өнгийг, мөн чиний төрөх цаг, газрыг хүртэл бүгдийг нь Би гараараа зохицуулсан. Өдөр тутам чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийнхөө дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдалд бүү оруул; чи тайван урагшлах хэрэгтэй. Миний өнөөдөр чамд эдлүүлдэг зүйл нь чиний хүртвэл зохих хувь бөгөөд үүнийг дэлхий бүтээгдэх үед Би урьдчилан тогтоосон. Хүмүүс бүгд маш туйлшрамтгай: Нэг бол хэтэрхий гөжүүд, үгүй бол туйлын ичгүүргүй. Тэд аливааг Миний төлөвлөгөө болон зохицуулалтын дагуу хийгээд явж чаддаггүй. Цаашид ингэдгээ боль. Миний дотор бүгд чөлөөлөгдсөн; аминд чинь гарз учрах учир өөрийгөө бүү хүл. Үүнийг сана!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “74-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 235

Би бол цор ганц Бурхан Өөрөө, түүнээс гадна Би бол Бурханы цорын ганц үнэн бие, бас Би бүхэлдээ махбод, түүгээр ч зогсохгүй Бурханы бүрэн илрэл юм. Намайг хүндлэхгүй байж зүрхэлдэг, эсэргүүцэж байгаагаа харцаараа харуулж зүрхэлдэг, Намайг эсэргүүцсэн үг хэлж зүрхэлдэг хэн ч бай Миний хараал, уур хилэнгээс болж үхэх нь лавтай (Миний уур хилэнгээс хараал үүднэ). Мөн Надад үнэнч, ачлалтай биш байж зүрхэлдэг, Намайг мэхлэхээр оролдож зүрхэлдэг хэн боловч Миний үзэн ядалтаас болж үхэх нь лавтай. Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт үүрдийн үүрд байх болно. Эхэндээ Би элэгсэг, өршөөнгүй байсан ч, энэ нь Миний бүрэн бурханлаг зан чанар биш юм; зөвт байдал, сүр жавхлан, шүүлт л гагцхүү бүрэн төгс Бурхан Өөрөө болох Миний зан чанарыг бүрдүүлдэг. Нигүүлслийн эрин үед, Би элэгсэг, өршөөнгүй байсан. Өөрийн дуусгах ёстой байсан ажлын шаардлагаар Би хайр энэрэлтэй, бас өршөөлтэй байсан юм; гэвч дараа нь тийм байх шаардлагагүй болсон (тэр үеэс хойш огт байхгүй болсон). Миний хэвийн хүн чанар, Миний бүрэн бурханлаг чанарын хослолын бүрэн гүйцэд зан чанар нь бүгд зөвт байдал, сүр жавхлан, шүүлт юм.

Намайг мэддэггүй хүмүүс ёроолгүй нүхэнд мөхөж, Намайг бат мэддэг нь Миний хайранд халамжлуулж, хамгаалуулан үүрд амьдрах болно. Намайг нэг үг хэлэхэд бүх орчлон ертөнц болон газар дэлхийн зах хязгаар хүртэл дагжин чичирдэг. Миний үгийг сонсоод, айн чичрэхгүй байж хэн чадах вэ? Намайг хүндлэн мэлмэрэхээ барьж тэвчих хэн байх билээ? Хэн Миний үйл хэргээс Миний зөвт байдал, сүр жавхланг мэдэж чаддаггүй билээ! Хэн Миний үйл хэрэг дэх Миний төгс хүчит байдал, мэргэн ухааныг харж чаддаггүй билээ! Анхаарал хандуулдаггүй хэн ч бай, үхэх нь лавтай. Учир нь анхаарал хандуулдаггүй хүмүүс бол Намайг эсэргүүцдэг, Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд хамгийн дур зоргоороо тэргүүн тэнгэрэлч юм. Өөрсдийгөө шалгацгаа: Дур зоргоороо, өөрийгөө зөвтгөдөг, ихэрхүү, биеэ тоосон хэн боловч Миний үзэн ядалтын бай болж, мөхөх болно!

Одоо Би Өөрийн хаанчлалын захиргааны зарлигийг сонордуулъя: Бүх зүйл Миний шүүлт, Миний зөвт байдал, Миний сүр жавхлан дотор байдаг бөгөөд Би зөвт байдлаа бүгдэд хэрэгжүүлдэг. Надад итгэдэг гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ Надтай зөрчилддөг, эсвэл зүрх сэтгэл нь Намайг хаясан хүмүүс бүгд Миний тогтоосон цагт хөөгдөх болно. Хүнд анзаарагдахгүй байдлаар Миний тухай егөөдөн ярьдаг хүмүүс даруй үхэх болно (тэд сүнс, бие, сэтгэлээрээ үхнэ). Миний хайрладаг хүмүүсийг дарлаж, үл тоомсорлодог хүмүүсийг Миний уур хилэн даруй шүүнэ. Өөрөөр хэлбэл, Миний хайрладаг хүмүүст атаархдаг, Намайг зөвт бус гэж боддог хүмүүсийг Өөрийн хайртай хүмүүсээр шүүлгэхээр шилжүүлэн өгнө. Төлөв томоотой, энгийн, үнэнч бүх хүн (мэргэн ухаан мөчид хүмүүсийг оролцуулаад), мөн Миний хүсэлд гуйвшгүй чин үнэнчээр ханддаг бүх хүн Миний хаанчлалд үлдэнэ. Сургалтад хамрагдаагүй, өөрөөр хэлбэл, мэргэн ухаан, мэдлэг дутуу энэ үнэнч хүмүүс Миний хаанчлалд эрх мэдэлтэй байх болно. Гэвч тэд ч бас харьцуулж, эвдүүлж байсан. Тэд сургалтад хамрагдаагүй гэдэг нь зайлшгүй биш боловч эдгээр зүйлээр дамжуулан Би Өөрийн төгс хүчит байдал, мэргэн ухааныг хүн бүхэнд үзүүлэх болно. Надад эргэлзсээр байгаа тэр хүмүүсийг Би хөөн явуулна, Надад тэднээс ганц нь ч хэрэггүй (энэ мэт цаг үед Надад эргэлзсэн хэвээр байдаг хүмүүсийг Би жигшдэг). Бүхий л орчлон ертөнц даяар хийдэг үйл хэргээрээ Би үнэнч хүмүүст Өөрийн үйлдлийн гайхамшигт байдлыг үзүүлж, тэгснээрээ тэдний мэргэн ухаан, мэдлэг, ялган таних чадварыг хөгжүүлнэ, мөн Өөрийн гайхамшигт үйл хэргийн дүнд Би зальхай хүмүүсийг хормын дотор устгана. Миний нэрийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн бүх ууган хөвгүүн (ариун, хир толбогүй, үнэнч тэр хүмүүсийг хэлж байна) эхлээд хаанчлалд орж, бүх улс үндэстэн, бүхий л ард түмнийг Надтай хамт захирч, хаанчлалд хаан суун, хамтдаа бүх улс үндэстэн, бүх ард түмнийг шүүх болно (өөр хэнийг ч бус, хаанчлал дахь бүх ууган хөвгүүнийг хэлж байна). Бүх улс үндэстэн, бүх ард түмний дундаас шүүгдэж, гэмшсэн хүмүүс Миний хаанчлалд орж, Миний ардууд болох ба зөрүүд, гэмшдэггүй хүмүүс ёроолгүй нүхэнд (үүрд мөхөхөөр) хаягдана. Хаанчлал дахь шүүлт эцсийнх байх бөгөөд Би дэлхийг нэгд нэггүй цэвэрлэж байгаа хэрэг байх болно. Ямар ч шударга бус байдал, уй гашуу, нулимс, шүүрс алдалт гэж байхаа болино, тэр ч бүү хэл дэлхий ертөнц гэж байхгүй болно. Бүгд Христийн илрэл болж, бүгд Христийн хаанчлал байх болно. Ямар их алдар суу вэ! Хэчнээн их алдар суу вэ!

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “79-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 236

Одоо Би Өөрийн захиргааны зарлигийг та нарт сонордуулъя (өөр өөр хүмүүст өөр өөр гэсгээлт оноох бөгөөд сонордуулсан өдрөөсөө хүчинтэй):

Би хэлсэндээ хүрдэг, бүх зүйл Миний гарт байдаг: Эргэлзсэн хэн ч бай гарцаагүй хороогдох болно. Ямар ч бодолцох зүйл гэж байхгүй; тэднийг нэн даруй сөнөөж, Миний зүрх сэтгэлээс үзэн ядалтыг үгүй хийнэ. (Хороогдсон хэн ч болов Миний хаанчлалын гишүүдийн нэг биш, Сатаны үр удам байх ёстой гэдэг нь үүнээс хойш баталгаажиж байна.)

Та нар ууган хүүгийн хувиар өөрсдийн байр суурийг хадгалж, үүргээ сайн биелүүлж, бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх ёстой. Та нар Миний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийгөө өргөн барьж, хаа ч явсан Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулах хэрэгтэй. Ичгүүртэй үйл бүү хий, харин Миний хөвгүүд, Миний ардуудад үлгэр жишээ бол. Хором ч болов цадиггүй бүү бай: Та нар хүн бүрд барлаг шиг бус, ууган хүүгийн хувиар харагдаж, харц дээгүүр урагш алхах, ёстой. Миний нэрийг гутаах биш харин алдаршуулахыг Би та нараас хүсэж байна. Ууган хүү болсон хүмүүс бүхнийг хийж чадахгүй, харин тус бүрдээ өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол Миний та нарт өгсөн зайлсхийж болохгүй үүрэг хариуцлага. Та нар Миний даалгасан зүйлсийг биелүүлэхэд бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчин чадлаа зориулах ёстой.

Энэ өдрөөс хойш орчлон ертөнц даяар Миний бүх хүү, Миний бүх ардыг хариулах үүргийг биелүүлэх нь Миний ууган хөвгүүдэд оногдох бөгөөд үүнийг биелүүлэхэд бүхий л зүрх сэтгэл, бүхий л оюун ухаанаа зориулж чадаагүй хэнийг ч бай Би гэсгээнэ. Энэ бол Миний зөвт байдал—Би Өөрийн ууган хөвгүүдийг ч өршөөж, зөөлөн хандахгүй.

Хэрэв Миний хөвгүүд, Миний ардууд дунд Миний ууган хөвгүүдийн нэгийг дооглож, доромжилдог хүн байвал Би хатуу шийтгэнэ, учир нь Миний ууган хөвгүүд Намайг төлөөлдөг бөгөөд тэдэнд яаж хандана, Надад бас тэгж хандаж байгаа хэрэг. Энэ бол Миний захиргааны зарлигуудын хамгийн хатуу чанга нь юм. Миний хөвгүүд, Миний ардуудын дунд энэ зарлигийг зөрчсөн хэнд ч бай, Миний зөвт байдлыг хүссэнээрээ хэрэгжүүлэхийг Би Өөрийн ууган хөвгүүдэд зөвшөөрнө.

Намайг өнгөцхөнөөр хардаг; Миний хоол унд, хувцас хунар, нойронд л анхаардаг; Миний ачааг хайхардаггүй, Миний гадаад хэрэгт л оролцдог, өөрсдийн үүргийг зохистой биелүүлэхэд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Би аажмаар хаядаг. Энэ нь чихтэй бүхэнд хамаатай.

Надад үйлчлэл хийж дууссан хэн ч бай, хэл ам гаргалгүй дуулгавартайгаар буцах ёстой. Болгоомжтой бай, эс бөгөөс Би чамайг журамлах болно. (Энэ бол зарлигийн нэмэлт.)

Одооноос Миний ууган хөвгүүд төмөр савааг авч, бүх улс үндэстэн, ард түмнийг захирах Миний эрх мэдлийг хэрэгжүүлж, бүх улс үндэстэн, ард түмний дунд алхаж, Миний шүүлт, зөвт байдал, сүр жавхланг бүх улс үндэстэн, ард түмний дунд хэрэгжүүлж эхэлнэ. Миний удирдлагын төлөвлөгөө биелж, Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж чаддаг учраас Миний хөвгүүд, Миний ардууд зогсолтгүй Надаас эмээж, Намайг магтаж, Намайг уухайлж, Намайг алдаршуулах болно.

Энэ бол Миний захиргааны зарлигийн нэг хэсэг бөгөөд ажил урагшлахын хирээр дараа нь Би та нарт тэдгээрийг хэлэх болно. Дээрх захиргааны зарлигаас та нар Миний ажлаа хийдэг хурдыг, мөн Миний ажил ямар алхамд хүрснийг харах болно. Энэ бол баталгаа билээ.

Би аль хэдийн Сатаныг шүүсэн. Миний хүсэл саадгүй, бас Миний ууган хөвгүүд Надтай хамт алдрыг олж авсан тул Би Сатанд харьяалагддаг бүх зүйл болон ертөнцөд Өөрийн зөвт байдал, сүр жавхланг аль хэдийн хэрэгжүүлсэн. Би Сатанд анхаарал огт хандуулдаггүй, хуруугаа ч хөдөлгөдөггүй (учир нь тэр Надтай ярих гавьяагүй). Би зүгээр л хийхийг хүссэн зүйлээ хийсээр байдаг. Миний ажил алхам алхмаар төвөггүй урагшилж, Миний хүсэл бүх газарт саадгүй байна. Энэ нь Сатаныг тодорхой хэмжээнд шившиглэж, бүрэн устгасан ч, Миний хүслийг биелүүлээгүй. Би мөн Өөрийн захиргааны зарлигийг тэдэн дээр хэрэгжүүлэхийг Өөрийн ууган хөвгүүдэд зөвшөөрдөг. Нэг талаар, Би Сатанд өөрт нь хандсан уур хилэнгээ харуулдаг; нөгөөтээгүүр Би түүнд Өөрийн алдар сууг харуулдаг (Миний ууган хөвгүүд бол Сатаны доромжлолын хамгийн цангинасан гэрчлэгч нар гэдгийг харуулдаг). Би түүнийг биечлэн шийтгэдэггүй, харин Өөрийн ууган хөвгүүдэд Миний зөвт байдал, сүр жавхланг хэрэгжүүлэх боломж олгодог. Сатан Миний хөвгүүдэд зүй бусаар хандаж, Миний хөвгүүдийг хавчиж, дарладаг байсан учир өнөөдөр түүний үйлчлэл дууссаны дараа Би нас бие гүйцсэн, Өөрийн ууган хөвгүүдэд түүнийг журамлах зөвшөөрөл олгоно. Сатан уналтын эсрэг хүчгүйдсэн. Дэлхий дээрх бүх улс үндэстний зогсонги байдал бол үүний хамгийн сайн гэрч; тулалдаж буй хүмүүс, дайн дажинтай улс орнууд бол Сатаны хаанчлал нуран унасны илэрхий шинж. Би өмнө нь ямар ч тэмдэг, гайхамшиг үзүүлээгүйн шалтгаан нь Сатаныг шившиглэж, Өөрийн нэрийг алхам алхмаар алдаршуулах гэснийх юм. Сатаныг бүрэн устгасны дараа Би Өөрийн хүчийг үзүүлж эхэлнэ: Миний хэлсэн зүйл биелж, хүний үзэлтэй нийцэхгүй ер бусын зүйлс биелэх болно (энэ нь удахгүй ирэх ерөөлийг хэлж байна). Би бол бодитой Бурхан Өөрөө агаад Надад дүрэм гэж үгүй, Би Өөрийн удирдлагын төлөвлөгөөн дэх өөрчлөлтийн дагуу ярьдаг тул өнгөрсөнд Миний хэлсэн зүйл өнөөдөрт хамаарах албагүй. Өөрсдийн үзэлтэй бүү зууралд! Би дүрэм дагадаг Бурхан биш. Надтай байхад бүх зүйл чөлөөтэй, ер бусын, бас бүрэн чөлөөлөгдсөн байдаг. Магадгүй өчигдөр хэлсэн зүйл өнөөдөр хуучирч эсвэл хөсөр хаягдаж магад (гэвч Миний захиргааны зарлиг тунхаглагдсанаасаа хойш хэзээ ч өөрчлөгдөхгүй). Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд юм. Дүрэм журамтай бүү зууралд. Өдөр бүр шинэ гэрэл, шинэ илчлэл байдаг ба тэр бол Миний төлөвлөгөө. Өдөр бүр Миний гэрэл чамд илчлэгдэж, Миний дуу хоолой орчлон ертөнцөд гарах болно. Ойлгов уу? Энэ бол чиний үүрэг, Миний чамд даалгасан хариуцлага. Чи үүнийг хором ч огоорох ёсгүй. Би Өөрийн сайшаадаг хүмүүсийг эцсээ хүртэл ашиглах бөгөөд энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би төгс хүчит Бурхан учир ямар хүн юу хийх ёстой, ямар хүн юу хийх чадвартайг мэднэ. Энэ бол Миний бүхнийг чадагч чанар юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “88-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 237

Миний айлдсан өгүүлбэр бүхэн эрх мэдэл, шүүлт агуулдаг агаад Миний үгийг хэн ч өөрчилж чадахгүй. Би үгээ хэлэхэд аливаа зүйл Миний үгийн дагуу биелэгдэх нь гарцаагүй; энэ бол Миний зан чанар юм. Миний үг бол эрх мэдэл, Миний үгийг засварладаг хэн боловч Миний гэсгээлтийг зөрчиж буй хэрэг бөгөөд Би тэднийг цохин унагаах ёстой. Ноцтой тохиолдолд тэд өөрсдийн аминд сүйрэл авчирч, Үхэгсдийн орон руу явах буюу ёроолгүй нүхэнд унадаг. Хүн төрөлхтөнтэй Би ингэж л харьцдаг, хүн үүнийг өөрчлөх аргагүй—энэ бол Миний захиргааны зарлиг. Үүнийг санаж яв! Миний зарлигийг зөрчихийг хэнд ч зөвшөөрөхгүй; Миний хүслийн дагуу аливааг хийх ёстой! Өмнө нь Би та нарт хэтэрхий зөөлөн байж, та нар зөвхөн Миний үгтэй л таарч байсан. Хүмүүсийг цохиж унагаах тухай Миний хэлсэн үг хараахан биелээгүй байна. Гэхдээ Миний хүслийг дагадаггүй хүмүүсийг шийтгэхээр бүх гай гамшиг (Миний захиргааны зарлигийн дагуу) өнөөдрөөс эхлэн ар араасаа ирнэ. Бодит баримтууд гарч ирэх ёстой, эс бөгөөс хүмүүс Миний уур хилэнг харж чадахгүй, ахин дахин самуурах болно. Миний удирдлагын төлөвлөгөөний нэг алхам нь энэ бөгөөд ажлынхаа дараагийн алхмыг Би ингэж хийдэг. Зөрчил гаргах, мөхлийн зовлонг үүрд туулахаас зайлсхийж чадаасай гэсэндээ Би та нарт үүнийг урьдчилан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн Би Өөрийн ууган хөвгүүдээс бусад бүх хүнийг Өөрийн хүслийн дагуу зохих байранд нь тавьж, нэг нэгээр нь гэсгээх болно. Би нэгийг нь ч зүгээр өнгөрөөхгүй. Та нар дахиж завхраад үзээрэй! Та нар дахиж тэрслээд үзээрэй! Би бүгдэд нь зөвт байдаг, Надад уян сэтгэл өчүүхэн ч үгүй гэдгийг Би өмнө нь хэлсэн бөгөөд Миний зан чанарт халдах ёсгүйг энэ нь харуулдаг. Энэ бол Миний үнэн бие. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх хүн Миний үгийг сонсож, бүх хүн Миний суу алдарт дүр төрхийг хардаг. Бүх хүн Надад бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай байх ёстой—энэ бол Миний захиргааны зарлиг юм. Орчлон ертөнц даяарх, хорвоогийн хязгаарт буй бүх хүн Намайг магтан алдаршуулах хэрэгтэй, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө, Би бол Бурханы үнэн бие билээ. Миний үг, айлдварууд болон Миний яриа, зан байдлыг хэн ч өөрчилж чадахгүй, учир нь эдгээр нь ганцхан Миний хувьд чухал, эдгээр нь эртнээс нааш Надад байсан бөгөөд үүрд орших болно.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “100-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 238

Миний төлөвлөсөн ажил нэг ч хором зогсолгүй урагшилсаар байдаг. Хаанчлалын эрин үед орж, та нарыг Өөрийн ардууд болгон хаанчлалдаа оруулсан тул Би та нарт өөр шаардлагууд тавина; өөрөөр хэлбэл, энэхүү эринийг захирахдаа баримтлах үндсэн хуулийг Би та нарын өмнө тунхаглан зарлаж эхэлнэ:

Та нар Миний ардууд гэж нэрлэгддэг тул Миний нэрийг алдаршуулж чаддаг байх ёстой; өөрөөр хэлбэл, шалгалтын дунд гэрчлэлд зогс. Хэрвээ хэн нэгэн Намайг аргалж, Надаас үнэнийг нуух гэж оролдвол, эсвэл Миний араар шившигтэй үйл хийвэл тийм хүмүүс бүгд ялгаагүй Миний гэрээс хөөгдөж, зайлуулагдан, өөрсөдтэй нь харьцахыг минь хүлээнэ. Урьд нь Надад үнэнч бус, ачлалгүй байсан хүмүүс, мөн өнөөдөр Намайг ил тод шүүхээр дахин өндийн босдог хүмүүс ч бас Миний гэрээс хөөгдөнө. Миний ардууд ачаанд минь үргэлж анхаарал хандуулж, түүнчлэн үгийг минь мэдэхээр эрэлхийлэх ёстой. Ийм хүмүүсийг л Би гэгээрүүлэх бөгөөд тэд хэзээ ч гэсгээлт амсахгүйгээр, Миний удирдамж, гэгээрэл дор амьдрах нь гарцаагүй. Миний ачаанд анхаарал хандуулж чадалгүй, өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөхөд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс—өөрөөр хэлбэл, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар зорихын оронд өглөг тусламж хайдаг хүмүүс буюу гуйлгачин шиг энэ амьтдыг ашиглахаас Би эрс татгалзана, учир нь тэд төрсөн цагаасаа л Миний ачаанд анхаарал хандуулна гэж юу гэсэн үг болохыг огт мэдээгүй. Тэд бол хэвийн эрүүл ухаанаар дутмаг хүмүүс юм; ийм хүмүүс тархины “тэжээлийн дутагдлаас” болж зовж байгаа ба “шим тэжээл” авахын тулд гэртээ харих хэрэгтэй. Надад ийм хүмүүс ямар ч хэрэггүй. Миний ардуудын дундах хүн бүр, Намайг мэдэх явдлыг идэх, хувцаслах, унтахтай адил хүний хэзээ ч, ганц хором ч мартдаггүй зүйл шиг, эцэст нь хүртэл заавал биелүүлэх үүрэг гэж үзэх шаардлагатай, ингэснээр Намайг мэдэх гэдэг нь эцэстээ хоол идэхтэй адил, дадсан гараар амархан хийдэг зүйл болно. Миний хэлдэг үгийн тухайд бол, нэг бүрийг нь туйлын итгэлтэйгээр авч үзэн, бүрэн өөрийн болгох ёстой; хааш яаш, хагас дутуу арга хэмжээ байж болохгүй. Миний үгэнд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Намайг шууд эсэргүүцэж байна гэж үзнэ; Миний үгийг иддэггүй, эсвэл тэдгээрийг мэдэхээр эрэлхийлдэггүй хэнийг ч Надад анхаарал хандуулахгүй байна гэж үзэх ба Миний гэрийн хаалгаар шууд шүүрдэж гаргана. Яагаад гэвэл, урьд нь Миний хэлсэнчлэн Миний хүсдэг зүйл бол асар олон тооны хүн биш, харин онцгой сайн чанар юм. Зуун хүнээс нэг нь л Миний үгээр дамжуулан Намайг мэдэж чаддаг бол Би энэ ганцхан хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бусдыг нь бүгдийг хаяхад бэлэн байх болно. Олон тооны хүмүүс дангаараа Намайг илтгэж, Намайг амьдран харуулж чадна гэдэг үнэн байх албагүй гэдгийг эндээс харж болно. Миний хүсдэг зүйл бол (хэдийгээр үр нь дүүрэн биш байж болох ч) улаан буудай бөгөөд (хэдий үр нь бахадмаар боловсорсон байсан ч) үрийн сүүл биш юм. Эрж хайхыг анхаардаггүй, харин хөшүүн хойрго байдлаар авирладаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд өөрсдөө явах ёстой; тэд Миний нэрд гутамшиг авчирсаар байх вий гэсэндээ Би тэднийг дахиж харахыг хүсдэггүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “5-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 239

Чи Миний гэрийн хүмүүсийн дунд байдаг учраас, чи Миний хаанчлалд үнэнч учраас хийдэг бүхэндээ Миний шаарддаг стандартыг мөрдөх ёстой. Би чамайг хөвөгч үүл болгоод зогсохгүй, харин гялтганах цас болгож, мөн чанарыг нь, үүнээс ч илүүтэйгээр үнэ цэнийг нь эзэмшүүлдэг. Би ариун газраас ирсэн учраас нэр төдий, мөн чанаргүй бадамлянхуа цэцэгтэй адил биш, учир нь тэр ариун газраас биш, харин намаг балчгаас гардаг билээ. Шинэ тэнгэр газар дээр бууж, шинэ газар тэнгэр дээгүүр тархах үе бол Би албан ёсоор хүмүүсийн дунд ажилладаг яг тэр үе юм. Хүмүүсийн дундаас хэн Намайг мэдэх вэ? Миний ирэх мөчийг хэн харсан бэ? Би нэртэй байгаад зогсохгүй, бас мөн чанартай гэдгийг хэн харсан бэ? Би цагаан үүлсийг Өөрийн гараар арчин холдуулж, тэнгэрийг ойроос ажигладаг; Миний гараар зохицуулагддаггүй зүйл огторгуйд огт үгүй ба огторгуйн дор, Миний агуу үйл хэргийн хэрэгжилтэд өчүүхэн хувь нэмрээ оруулдаггүй ямар ч хүн байхгүй. Би газар дээрх хүмүүст яршигтай шаардлага тавьдаггүй, учир нь Би үргэлж бодитой Бурхан байсаар ирсэн ба Би бол хүмүүсийг бүтээсэн Төгс Хүчит бөгөөд тэднийг сайн мэддэг билээ. Бүх хүн Төгс Хүчитийн нүдний өмнө байдаг. Газар дэлхийн хамгийн буйдхан өнцөг буланд байдаг хүмүүс хүртэл Миний Сүнсний шинжилтээс зайлсхийж яахан чадах билээ? Хүмүүс Миний Сүнсийг “мэддэг” боловч Миний Сүнсэнд халдсаар байдаг. Миний үг бүх хүний муухай царайг ил гаргаж, бүх хүний зүрх сэтгэлийн хамгийн гүний бодлуудыг ч ил гаргадаг бөгөөд газар дээрх хүн бүхэн Миний гэрэлд ил болж, Миний шинжилтийн дунд нуран унадаг. Гэхдээ унаж, бүтэлгүйтсэн хэр нь тэдний зүрх сэтгэл Надаас холдон явж зүрхэлдэггүй. Бүтээгдсэн зүйлсийн дунд Миний үйл хэргээс болоод Намайг хайрладаггүй хэн байна? Миний үгийн үр дүнд Намайг хүсэн эрмэлздэггүй хэн байна вэ? Миний хайраас болоод сэтгэл татагддаггүй хэн байна вэ? Сатан завхруулснаас болоод хүмүүс Миний шаардсан байдалд хүрч чадаагүй. Сатан цадиггүй аашлан галзуу мэт эзэрхэг байдаг эрин буюу Сатан хүний хамаг биеийг бохир заваанд хутгалдтал нь дэвсэлсэн цаг үе болох өнөөдөр битгий хэл, Миний шаарддаг хамгийн доод стандарт ч хүний санааг зовоодог. Хүмүүс доройтлынхоо уршгаар Миний зүрх сэтгэлийг анхаарч чадаагүй нь Надад уй гашуу авчраагүй гэж үү? Би Сатаныг өрөвддөг юм гэж үү? Миний хайр андуурсан юм гэж үү? Хүмүүс Надад дуулгаваргүй байхад Миний зүрх сэтгэл нууцхан уйлдаг; Намайг эсэргүүцэхэд нь Би тэднийг гэсгээдэг; тэд Надаар авруулж, үхлээс дахин амилахад Би тэднийг дээд зэргээр халамжлан тэжээдэг; тэднийг Надад захирагдахад Миний зүрх сэтгэл амарч, тэнгэр, газар, бүх зүйлд асар их өөрчлөлт гарч байгааг тэр даруй мэдэрдэг. Хүмүүс Намайг магтахад Би баярлахгүй байж яаж чадах билээ? Тэд Намайг гэрчилж, Надаар авхуулахад Би алдаршихгүй байж яаж болох юм бэ? Хүмүүсийн хийдэг бүхнийг Би захирч, хангадаггүй гэж үү? Намайг чиглэл заавар өгөөгүй үед хүмүүс хойрго, хөдөлгөөнгүй болдог; түүнчлэн, Миний ар хударгаар тэд тэдгээр “магтууштай” бохир ажлыг эрхэлдэг. Өөрийгөө хувцасласан бие махбод минь чиний үйлдэл, зан авир, үг хэлний талаар юу ч мэдэхгүй гэж чи бодож байна уу? Олон жил Би салхи, бороог тэсвэрлэж, хүний ертөнцийн гашууныг ч мөн амссан; гэхдээ сайн эргэцүүлэн бодвол ямар ч их зовлон шаналал махан биетэй хүнийг Надад итгэж найдахаа болиход хүргэхгүй, ямар ч сайхан байдал махан биетэй хүнийг Надад хүйтэн хөндий, сэтгэлээр унаж, үл ойшоосон байдлаар хандахад хүргэж бүр ч чадахгүй. Намайг гэх хүний хайр үнэхээр зовлон шаналалгүй юм уу сайхан байдалгүй байхаар хязгаарлагддаг юм уу?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “9-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 240

Өнөөдөр та нарыг өдий хүртэл удирдан хөтөлсөн учраас Би тохирсон зохицуулалтыг хийсэн бөгөөд Надад өөрийн гэсэн зорилго бий. Хэрвээ Би үүнийгээ та нарт өнөөдөр хэлсэн бол та нар үнэхээр тэдгээрийг мэдэж чадна гэж үү? Би хүний оюун ухаан дахь бодол, хүний зүрх сэтгэлийн хүслийг нэлээд сайн мэддэг: Өөрсдөдөө гарах гарц хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн хэтийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюуны чадавхтай хэдий ч эрин үеүдийн дараа өнөө үе ийм болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан билээ? Энэ нь үнэхээр бодит хичээл чармайлтын чинь үр дүн гэж үү? Цуцашгүй зүтгэлийн чинь төлбөр гэж үү? Оюун ухаандаа ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг чинь гэж үү? Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлээгүй бол хэн өөрсдийгөө Миний зохицуулалтаас салгаж, өөр гарц олж чадах юм бэ? Хүний төсөөлөл, хүсэл нь түүнийг өдий хүргэсэн юм гэж үү? Олон хүн өөрсдийн хүслийг биелүүлэлгүйгээр бүх амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний сэтгэхүй дэх алдаанаас болсон гэж үү? Олон хүний амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь, үнэхээр тэд хэтэрхий багыг хүлээдгээс болдог гэж үү? Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу? Олон хүн үхлийг урин дууддаг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй хүн байхыг хүсэж, үхлээс айдаг ч нэг л мэдэхэд үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу унагадаг; олон хүн тэнгэр лүү хараад, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог. Хэдийгээр хүнд Өөрийгөө тодорхой харуулахын тулд Би биечлэн гарч ирээгүй ч олон хүн Миний царайг харахаас айж, өөрсдийг нь цохих вий, мөн сөнөөх вий гэж үхтэлээ айдаг. Хүн Намайг үнэхээр мэддэг үү, эсвэл мэддэггүй юу? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тийм биз дээ? Та нар Надаас болон Миний гэсгээлтээс хоёулангаас нь айдаг атлаа өндийн босож, Намайг илт эсэргүүцэж, Намайг шүүдэг. Тийм биш гэж үү? Хүн хэзээ ч Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсож байгаагүй учраас Намайг огт мэдээгүй. Тиймээс, хэдийгээр Би хүний зүрх сэтгэл дотор байдаг ч хэний зүрх сэтгэл дотор Би бүрхэг, бүдэг бадаг биш байдаг вэ? Хэний зүрх сэтгэл дотор Би тов тодорхой байдаг вэ? Миний ардууд Намайг бүдэг бадаг, тодорхой бусаар харахыг Би хүсдэггүй тул энэ агуу ажлыг эхлүүлсэн юм.

Би хүмүүсийн дунд чимээгүй ирж, дараа нь хөвөн оддог. Хэн ер нь Намайг харсан юм бэ? Нар шатаж буй дөлийнхөө улмаас Намайг харж чадна гэж үү? Сар гялалзсан тунгалаг байдлынхаа улмаас Намайг харж чадна гэж үү? Одны ордууд тэнгэр дэх байрлалынхаа улмаас Намайг харж чадах уу? Намайг ирэх үед хүн мэддэггүй ба бүх зүйл мэдэхгүй хэвээр байдаг, Намайг явах үед ч хүн мөн л мэддэггүй. Хэн Надад гэрчлэл хийж чадах юм бэ? Газар дээрх хүмүүсийн магтаал уу? Зэрлэг талд цэцэглэж байгаа сараана цэцэг үү? Тэнгэрт нисэж буй шувууд уу? Ууланд архирч буй арслангууд уу? Хэн ч Намайг бүрэн гэрчилж чадахгүй! Миний хийх ажлыг хэн ч хийж чадахгүй! Тэд энэ ажлыг хийсэн ч гэсэн энэ нь ямар үр нөлөөтэй байх юм бэ? Би өдөр бүр олон хүний үйлдэл болгоныг ажиглаж, өдөр бүр олон хүний зүрх сэтгэл, оюун ухааныг шинжилдэг; хэн ч хэзээ ч Миний шүүлтээс зугтаж байгаагүй, хэн ч хэзээ ч Миний шүүлтийн бодит байдлаас өөрсдийгөө салгаагүй. Би тэнгэрийн дээр зогсож, алс холыг хардаг: Хэмжээлшгүй олон хүн Надад цохиулсан, гэсэн ч мөн тоо томшгүй олон хүн Миний өршөөл, хайр энэрэл дунд амьдардаг. Та нар ч гэсэн тийм нөхцөл байдалд амьдардаггүй гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “11-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 241

Газар дээр бол Би хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бодитой Бурхан Өөрөө; тэнгэрт бол Би бүх бүтээлийн Эзэн. Би ууланд авирч, гол мөрнийг гаталсан ба хүмүүсийн дунд хаа сайгүй явсан. Бодитой Бурханыг Өөрийг нь хэн илт эсэргүүцэж зүрхлэх юм бэ? Төгс Хүчитийн дээд эрхээс хэн ангижирч зүрхлэх юм бэ? Намайг тэнгэрт байдаг гэж ямар ч эргэлзээгүйгээр хэн баталж зүрхлэх юм бэ? Түүнчлэн, Намайг газар дээр маргаангүй байдаг гэж хэн баталж зүрхлэх юм бэ? Бүх хүний дундаас Миний оршин суудаг газруудыг нарийвчлан тодорхой өгүүлж чадах хэн ч үгүй. Тэнгэрт байх болгондоо Би ер бусын Бурхан Өөрөө бөгөөд газар дээр байх болгондоо бодитой Бурхан Өөрөө юм гэж үү? Мэдээж бүх бүтээлийн Захирагч гэдгээр минь, эсвэл Би хүний ертөнцийн зовлон шаналлыг туулдаг гэх баримтаар бодитой Бурхан Өөрөө мөн эсэхийг минь тодорхойлж болохгүй биз дээ? Хэрвээ тэгдэг байсан бол хүмүүс ямар ч найдваргүй мунхаг байх бус уу? Би тэнгэрт байдаг, Би бас газар дээр байдаг; Би тоо томшгүй олон бүтээгдсэн зүйлийн дунд байдаг, бас олон түмний дунд байдаг. Хүмүүс Надад өдөр бүр хүрч чадна; түүнчлэн тэд Намайг өдөр бүр харж чадна. Хүмүүсийн тухайд бол Би заримдаа нуугдаж, заримдаа үзэгдэж байгаа мэт санагддаг; Би үнэхээр оршин байгаа мэт атлаа бас оршдоггүй мэт санагддаг. Хүмүүсийн ойлгошгүй нууцууд Надад оршдог. Надад байдаг бүр ч их нууцыг нээн илрүүлэхийн тулд бүх хүн Намайг микроскопоор харж, тэгснээрээ өөрсдийн зүрх сэтгэл дэх таагүй мэдрэмжүүдийг арилгана гэж найдаж байгаа мэт байдаг. Гэхдээ хүмүүс рентген туяа ашигласан ч гэсэн Надад байдаг нууцуудын аль нэгийг нээн илрүүлж яахан чадах билээ?

Миний ажлын үр дүнд Миний ардууд Надтай хамт алдрыг олж авах яг тэр үед агуу улаан лууны ичээг ухан гаргах болно, бүх шавар шороог шүүрдэн цэвэрлэж, тоймгүй олон жилийн турш хуримтлагдсан бохир ус Миний дүрэлзсэн галд хатаж, цаашид оршин байхаа болино. Тэгээд агуу улаан луу гал ба хүхэртэй нууранд мөхөх болно. Та нар лууд баригдахгүйн тулд Миний хайр халамжин дор үлдэхийг үнэхээр хүсэж байна уу? Та нар түүний зальхай ов мэхийг үнэхээр үзэн яддаг уу? Хэн Миний төлөө хүчирхэг гэрчлэл хийж чадах вэ? Миний нэрийн төлөө, Миний Сүнсний төлөө, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө хэн бүх хүч чадлаа зориулж чадах вэ? Өнөөдөр, хаанчлал хүний ертөнцөд байгаа үе бол Би хүмүүсийн дунд биечлэн ирсэн үе юм. Хэрвээ ийм байгаагүй бол Миний оронд тулааны талбар луу айдас хүйдэсгүйгээр орж чадах нэгэн байна уу? Хаанчлал хэлбэрээ олог гэж, Миний зүрх сэтгэл хангалуун байг гэж, тэгээд бас Миний өдөр ирэг гэж, бүтээлийн тоо томшгүй олон зүйл дахин төрж, элбэг дэлбэг болон өсөх цаг ирэг гэж, хүмүүс зовлонгийн далайгаас аврагдаг гэж, маргааш ирэг гэж, тэр нь гайхалтай байж, хөгжин цэцэглэг гэж, бас ирээдүйд баяр хөөртэй байг гэж бүх хүн хамаг чадлаараа чармайж, юугаа ч гамналгүй Миний төлөө өөрсдийгөө золиосолж байна. Энэ нь ялалт аль хэдийн Минийх гэдгийн тэмдэг биш гэж үү? Миний төлөвлөгөө биелсний тэмдэг биш гэж үү?

Хүмүүс эцсийн өдрүүдэд орших тусмаа, дэлхий ертөнцийн хоосон байдлыг улам их мэдэрч, амьдрах зориг нь улам бага байх болно. Ийм учраас, тоо томшгүй олон хүн урам хугаран нас барсан, тоймгүй олон бусад хүн эрэл хайгуулдаа урам нь хугарч, тоо томшгүй олон хүн Сатаны явуулгад автаж өөрсдийгөө зовоосон. Би маш олон хүнийг аварч, маш олон хүнийг дэмжсэн ба маш олон удаа хүмүүсийг гэрлээ алдах үед гэрэл дотор Намайг мэдэж, аз жаргалын дунд Намайг таашааг гээд Би тэднийг буцаагаад гэрэлтэй газарт аваачсан. Миний гэрэл ирснээс болоод Миний хаанчлалд оршин суудаг хүмүүсийн зүрх сэтгэлд хүндлэл бишрэл бий болдог, учир нь Би бол хүмүүсийн хайрлах Бурхан, хүмүүсийн салж чадахааргүй дассан Бурхан бөгөөд тэд Миний биеийн талаар гүн гүнзгий сэтгэгдлээр бялхдаг. Гэхдээ эцсийн эцэст, энэ нь чухамдаа Сүнсний ажил уу, эсвэл бие махбодын чиг үүрэг үү гэдгийг ойлгодог хүн нэг ч үгүй. Хүмүүс насан туршдаа нэгд нэггүй туулахад энэ нэг зүйл дангаараа хангалттай юм. Хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд Намайг хэзээ ч жигшиж байгаагүй; харин ч сүнснийхээ гүнд тэд Надаас салж яддаг билээ. Миний мэргэн ухаан тэдний бахдал бишрэлийг төрүүлж, Миний үзүүлдэг гайхамшгууд тэдний нүдийг хужирлаж, Миний үг тэдний санаанд багтамгүй байдаг ч тэд тэдгээрийг нандигнан хайрладаг. Миний бодит байдал хүмүүсийг самгардуулж, мэл гайхуулж, алмайруулдаг хэр нь тэд үүнийг хүлээж авахад бэлэн байдаг. Энэ нь чухамдаа хүмүүсийн жинхэнэ биеийн хэмжээ биш гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “15-р бүлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 242

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

2. Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал.

3. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг. Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ийм зүйл хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй бас мөнгөний уутанд хийсэн зүйлээс зөвшөөрөлгүй авсан.

4. Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй.

5. Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярь, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэхийн тулд хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ.

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

7. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дага. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чанд дагаж мөрд, харин зөв бурууг бүү шинж; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамааралгүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.

8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

9. Ухаан бодлоо чуулганы ажил дээр төвлөрүүл. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавь. Энэ бол ариун хүний ёс журам юм.

10. Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэг үгүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээнэ, гэхдээ чи болчимгүй загнаж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг”-аас

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 243

Хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг баримтлах ёстой байдаг. Үүнийг хүмүүс дагаж мөрдөх ёстой, үүнийг тэд хэрэгжүүлэх ёстой. Ариун Сүнсний хийх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн үүнд оролцож болохгүй. Хүн өөрийн хийх ёстой зүйлийг л баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь хүний хийх учиртай зүйлээс өөр юу ч биш бөгөөд Хуучин Гэрээн дэх хуулийг дагахтай яг л адил тушаал мэт даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо Хуулийн эрин үе биш боловч Хуулийн эрин үед ярьдаг байсантай адил дагаж мөрдөх ёстой олон үг байсаар байгаа. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөдөгт найдсанаар л эдгээр үгийг хэрэгжүүлдэггүй, харин эдгээр нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл: Та нар бодитой Бурханы ажлыг шүүх ёсгүй. Бурханы гэрчилсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө та нар зөв зохистой авирлах ёстой, замбараагүй байж болохгүй. Хэл яриа чинь боломжийн байж, үг, үйлдэл чинь Бурханы гэрчилсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы айлдварын өнгө, зорилгыг дуурайх ёсгүй. Гаднаа та нар Бурханы гэрчилсэн хүнийг илэрхий эсэргүүцэх ямар нэг зүйл хийж болохгүй, гэх мэтчилэн эдгээрийг хүн бүр даган мөрдөх ёстой. Эрин үе бүрд Бурхан хуультай төстэй олон дүрэм журмыг тогтоосон бөгөөд тэдгээрийг хүн даган мөрдөх ёстой байдаг. Үүгээр дамжуулан Тэр хүний зан чанарыг хязгаарлан барьж, чин сэтгэлийг нь илрүүлдэг. Жишээ нь, Хуучин Гэрээний эрин үеийн “Эцэг эхээ хүндэл” гэдэг үгийг аваад үз. Эдгээр үг нь өнөөдөр хэрэглэгдэхгүй; тухайн үед, эдгээр үг нь ердөө л хүний зарим гаднах зан чанарыг хазаарлаж, Бурханд итгэх хүний итгэлийн чин сэтгэлийг харуулахын тулд ашиглагдаж байсан, Бурханд итгэж байсан хүмүүсийн тэмдэг байв. Хэдийгээр одоо Хаанчлалын эрин үе ч гэсэн, хүний даган мөрдөх ёстой олон дүрэм журам байсаар байгаа. Өнгөрсөн үеийн дүрэм журам хэрэглэгддэггүй; өнөөдөр, хүн хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой бөгөөд шаардлагатай олон хэрэгжүүлэлт байгаа. Тэдгээрт Ариун Сүнсний ажил хамаарахгүйн дээр хүн хийх ёстой байдаг.

Нигүүлслийн эрин үед Хуулийн эрин үеийн олон хэрэгжүүлэлт хаягдсан, учир нь эдгээр хууль тухайн үеийн ажилд тодорхой үр нөлөөтэй байгаагүй. Тэдгээрийг хаясны дараа тухайн эрин үед тохиромжтой олон хэрэгжүүлэлтийг гаргаж тавьсан нь өнөөдрийн олон дүрэм журам болсон билээ. Өнөөдрийн Бурхан ирэхдээ эдгээр дүрэм журмыг хаяж, цаашид даган мөрдөх хэрэггүй болсны дээр өнөөдрийн ажилд зохимжтой олон хэрэгжүүлэлтийг гаргаж тавьсан. Өнөөдөр, эдгээр хэрэгжүүлэлт нь дүрэм журам биш хэдий ч тодорхой үр дүнд хүрэхийг зорьдог; тэдгээр нь өнөөдөр тохиромжтой—магадгүй маргааш тэдгээр нь дүрэм журам болох болно. Дүгнээд хэлэхэд, чи өнөөдрийн ажилд үр өгөөжтэй дүрмийг даган мөрдөх ёстой. Маргаашийг бүү анхаар: Өнөөдөр хийгдэж байгаа зүйл өнөөдрийн төлөө байдаг. Магадгүй маргааш болоход, чиний хэрэгжүүлэх шаардлагатай илүү дээр хэрэгжүүлэлт гарах болно—гэхдээ түүнд хэтэрхий их анхаарал бүү хандуул. Харин Бурханыг эсэргүүцэхээс зайлсхийхийн тулд өнөөдөр даган мөрдөх ёстой зүйлээ л даган мөрд. Өнөөдөр хүний хувьд, дараах зүйлийг сахин мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй: Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханыг чи аргалахаар оролдох юм уу Түүнээс юу ч нуух ёсгүй. Урд чинь байгаа Бурханы өмнө чи бузар заваан, биеэ тоосон юм ярьж болохгүй. Бурханы итгэлийг олж авах гэж нүдний чинь өмнө байгаа Бурханыг чихэр шиг үг, сайхан яриагаар хуурч болохгүй. Бурханы өмнө чи хүндэтгэлгүй авирлаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой бөгөөд Түүний үгийг сөрж, эсэргүүцэж, маргаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үгийг хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Хорон муу хүмүүсийн ов мэхтэй урхинд орохоос зайлсхийж үг хэлээ хянах ёстой. Чамд зориулан Бурханы тогтоосон хил хязгаарыг давахаас зайлсхийж алхаагаа хянах ёстой. Хэрэв чи хил хязгаарыг давбал Бурханы байр сууринд зогсож, ихэрхүү, ихэмсэг үгээр ярихад хүрч, тэгснээр Бурханд жигшигдэх болно. Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр түгээж болохгүй, тэгвээс бусад хүн чамайг дооглон тохуурхаж, диаволууд чамайг маллах вий. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах болно. Чи ойлгоогүй ч гэсэн үүнийг шүүж болохгүй; чи эрж хайж, нөхөрлөхөөс өөрийг хийж чадахгүй. Ямар ч хүн Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууриас өнөөдрийн Бурханд зааж болохгүй—ингэх нь буруу юм. Бурханы гэрчилсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үг, үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодлоороо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ бол хүний хариуцлага, үүнийг хэн ч өөрчилж болохгүй бөгөөд ингэх нь захиргааны зарлигийг зөрчинө. Үүнийг хүн бүхэн санах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шинэ эрин үеийн тушаал”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 244

Би та нарыг олон зүйлд хүрнэ гэж найддаг ч та нарын бүх үйлдэл, амьдралын чинь бүх байдал Миний шаардсан зүйлийг бүрэн биелүүлж чаддаггүй, иймээс шууд гол зүйлдээ орж, Өөрийнхөө хүслийг та нарт тайлбарлахаас өөр сонголт Надад алга. Та нарын ялган таних чадвар дульхан, сонирхох чадвар ч мөн адил тааруухан болохоор Миний зан чанар, мөн чанарын талаар бараг юу ч мэддэггүй, тиймээс тэр талаар та нарт мэдэгдэх нь яаралтай асуудал болоод байна. Өмнө нь хэр ихийг ойлгосон чинь хамаагүй, эдгээр асуудлыг ойлгохыг хүсдэг эсэхээс чинь үл хамааран Би эдгээрийг бас л дэлгэрэнгүй тайлбарлах ёстой. Эдгээр асуудал та нарын огт мэддэггүй зүйл биш боловч эдгээрт агуулагддаг утга учрын талаар та нарт ихээхэн ойлголт, мэдлэг дутагддаг. Та нарын олонх нь ердөө л бүдэг бадаг ойлголттой байдаг ба тэр нь хагас дутуу, бүрэн бус байдаг. Үнэнийг илүү сайн хэрэгжүүлж, Миний үгийг илүү сайн хэрэгжүүлэхэд нэмэр болгохын тулд та нар эдгээр асуудлыг эн түрүүнд мэдэх ёстой гэж Би бодож байна. Тэгэхгүй бол та нарын итгэл тодорхойгүй, хуурамч агаад шашны шинж тэмдгээр дүүрэн хэвээр үлдэнэ. Хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний төлөө хийх учиртай ажлаа хийх боломжгүй болно. Хэрвээ чи Бурханы мөн чанарыг мэддэггүй бол Түүнийг хүндэлж, Түүнээс айх боломжгүй болно; харин жишимгүй хааш яаш байдал, булзаарал, түүнчлэн засаж боломгүй доромжлол л байх болно. Бурханы зан чанарыг ойлгох нь үнэхээр чухал бөгөөд Бурханы мөн чанарыг мэдэх явдлыг орхигдуулж болохгүй хэдий ч эдгээр асуудлыг хэн ч нягтлан шалгаж, эсвэл нарийвчлан судлаагүй. Та нар бүгдээрээ Миний гаргасан захиргааны зарлигийг үл тоомсорлосон нь харахад илт байдаг. Хэрвээ та нар Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Түүний зан чанарт халдаж тун болзошгүй. Түүний зан чанарт халдах нь Бурханы Өөрийн уур хилэнг хүргэхтэй адилхан бөгөөд тэр тохиолдолд үйлдлийн чинь эцсийн үр дүн нь захиргааны зарлигийг зөрчсөн хэрэг болно. Бурханы мөн чанарыг мэдэх үедээ зан чанарыг нь ч ойлгож чадах бөгөөд Бурханы зан чанарыг ойлгох үедээ захиргааны зарлигийг ч бас ойлгосон байна гэдгээ чи одоо ухаарах хэрэгтэй. Мэдээж, захиргааны зарлигт агуулагддаг зүйлийн ихээхэн нь Бурханы зан чанарыг хөнддөг боловч захиргааны зарлигт Түүний зан чанар бүхэлдээ илэрхийлэгддэггүй; иймд та нар Бурханы зан чанарын талаарх ойлголтоо дахиад нэг алхам гүнзгийрүүлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 245

Бурханы зан чанар бол хүн бүхэнд маш хийсвэр санагддаг сэдэв бөгөөд түүнчлэн Түүний зан чанар хувь хүний зан ааштай адилгүй учир хэний ч хувьд хүлээн зөвшөөрөхөд амаргүй сэдэв билээ. Бурханд ч бас Өөрийн гэсэн баяр хөөр, уур хилэн, уй гашуу, аз жаргалын сэтгэл хөдлөл байдаг боловч эдгээр сэтгэл хөдлөл хүнийхээс ялгаатай. Бурханд Өөрийн гэсэн оршихуй болон эзэмшил байдаг. Түүний илэрхийлж, харуулдаг бүхэн бол Түүний мөн чанар, ялгамж чанарын төлөөлөл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар, ялгамж чанар нь ямар ч хүн орлож чадахгүй зүйл юм. Түүний зан чанар нь хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, мөн түүнээс гадна хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан ааш харин өөдрөг, золбоолог юм уу мэдрэлгүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүйа Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)б Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй. Харин хүний зан ааш бол амьтнаас жаахан давуу гэдгийнх нь бэлгэ тэмдэг төдий юм. Хүн өөрөө дангаараа эрх мэдэлгүй, бие даасан байдалгүй, өөрийгөө дийлэх чадваргүй, харин мөн чанартаа төрөл бүрийн хүмүүс, үйл явдал, юмсын эрхшээлд навталздаг нэгэн юм. Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, хөндлөнгийн оролцооны хүн төрөлхтөнд нь учруулдаг хор хөнөөлөөс болж, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ. Нөгөө талаар, хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь бүгд өөрийнх нь хувийн ашиг сонирхлын төлөө гарч ирдгээс биш зөвт байдал, гэрэл, эсвэл сайхан зүйлийн төлөө байдаггүй, Тэнгэрээс хайрласан нигүүлслийн төлөө бүр ч байдаггүй. Хүн төрөлхтний сэтгэл хөдлөл нь аминчхан агаад харанхуйн ертөнцөд харьяалагддаг. Тэдгээр нь Бурханы хүслийн төлөө оршдоггүй, Бурханы төлөвлөгөөний төлөө бүр ч оршдоггүй, иймээс хүн, Бурхан хоёрыг хэзээ ч зэрэгцүүлэн харьцуулж болохгүй. Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чаддаггүй, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.

б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.


Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 246

Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, тэгвэл асар их ашиг тус хүртэх нь гарцаагүй. Бурханы мөн чанарыг ухаарахад маш хэцүү боловч та нар бүгдээрээ Бурханы зан чанарын тухай жаахан ч атугай мэднэ гэж Би итгэж байна. Тэгээд та нар Бурханы зан чанарт халдахгүй зүйл илүү ихийг хийснээ Надад харуулна гэж найдаж байна. Тэгвэл Миний санаа амарна. Жишээлбэл, Бурханыг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлга. Аливааг үйлдэхдээ Түүний үгийн дагуу хий. Бүх зүйлээс Түүний санаа зорилгыг эрж хай, мөн Бурханыг үл хүндэлж, гутаах зүйл хийхийг цээрлэ. Чи өөрийнхөө зүрх сэтгэлийн хожмын хоосролоо дүүргэхийн тулд Бурханыг сэтгэлийнхээ мухарт хийж бүр ч болохгүй. Хэрвээ тэгэх юм бол Бурханы зан чанарт халдсан байх болно. Дахин хэлэхэд, чи насан туршдаа хэзээ ч Бурханыг хараан доромжилж, Түүнд гомдоллоогүй гэж үзье, мөн Түүний даалгасан бүхнийг зохих ёсоор биелүүлж, насан туршдаа Түүний бүх үгэнд захирагдаж чаддаг гэж үзье, тэгвэл чи захиргааны зарлигийг зөрчихөөс зайлсхийсэн байна. Жишээлбэл, хэрвээ чи хэзээ нэгэн цагт “Би яагаад Түүнийг Бурхан гэж боддоггүй юм бэ?”, “Эдгээр үг Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй байх”, “Миний бодлоор бол, Бурханы хийдэг бүхэн зөв байх албагүй”, “Бурханы хүн чанар минийхээс давуу биш”, “Бурханы үг зүгээр л үнэмшилгүй” гэдэг ч юм уу, эсвэл өөр иймэрхүү шүүмжилсэн үг хэлж байсан бол нүглээ илүү олонтоо улайж, гэмш гэж Би чамд сануулж байна. Эс бөгөөс уучлуулах боломж чамд хэзээ ч гарахгүй, учир нь чи хүнд биш, харин Бурханд Өөрт нь халддаг. Чи хүнийг шүүмжилж байна гэж бодож болох ч Бурханы Сүнс тэгж үздэггүй. Түүний махбодыг үл хүндлэх нь Түүнийг үл хүндлэхтэй адилхан. Тэгэхээр хийсэн бүхэн чинь Бурханы зан чанарт халдсан бус уу? Бурханы Сүнсний хийдэг бүхэн нь махбодод хийсэн Түүний ажлыг хамгаалахын төлөө, энэхүү ажлыг сайн хийхийн төлөө байдаг гэдгийг чи санах ёстой. Хэрвээ үүнийг үл ойшоовол чи Бурханд итгэхдээ хэзээ ч амжилт гаргаж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Чи Бурханы уур хилэнг хүргэсэн учраас чамд сургамж өгөхийн тулд Тэр тохирох шийтгэлийг ашиглана.

Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй асуудал биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авна. Энэ мэдлэгт орохоороо чи илүү өндөр, илүү сайхан ертөнц рүү алхаж байгаагаа олж мэднэ. Эцэст нь чи үзэшгүй муухай сүнснээсээ ичихээс гадна ичгүүрээсээ нуугдах газар хаа ч үгүй гэж санагдана. Тэр үед Бурханы зан чанарт халдах үйлдэл чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэх хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэнэ. Энэ бол хүн төрөлхтөн гайхалтай сайхан ертөнцөд орж буйн тэмдэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй. Та нар бүгд хувь заяаныхаа төлөө яарч тэвддэг тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох сонирхол хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчинө, учир нь та нар Бурханы зан чанарын талаар дэндүү бага ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь суурийг тавьж байгаа бус уу? Бурханы зан чанар Миний ажлаас салшгүй гэдгийг ойлгохыг Би та нараас шаардаж байна. Учир нь, захиргааны зарлигийг байнга зөрчдөг бол та нарын дундаас хэн чинь шийтгэлээс зугтах юм бэ? Тэгвэл Миний ажил бүхэлдээ талаар өнгөрөх байсан бус уу? Тиймээс биеэ авч явах байдлаа нягтлан шалгахын зэрэгцээ өөрсдийн хийдэг алхамд хянуур бай гэж Би бас л шаардаж байна. Энэ нь та нарт Миний тавьдаг илүү өндөр шаардлага бөгөөд та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан авч үзэж, ул суурьтай анхаарна гэж Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь амсах ба өөр хэн ч та нарын оронд шийтгэл хүлээхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 247

Бурхан бол зөвт Бурхан бөгөөд хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр хүнийг алагчлахгүй нь гарцаагүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж үү? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг зөвт зан чанараараа шүүдэг ч хүнд тавьдаг шаардлагуудад минь тохиромжтой нөхцөл байдаг бөгөөд хэн байхаас үл хамааран, Миний шаарддаг зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой. Чиний чадвар хэр болох нь, хэр удаан ийм чадвартай байсан чинь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн байхгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагадаг бол тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр, хэрвээ чи Миний хэлсэн үгийг мөрдсөн бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч хольцоор сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн: “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгэхэд Би чамаас “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал арилжаа наймаанд үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас л Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг хүртэнэ гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдана” гэх Миний үгэнд далд утга бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Надаар бүрэн авхуулах хүмүүс юм, тэд бол Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, гэхдээ өөр яасан гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа зорилго чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олоод, азтай болно гэж найдсан хандлагаар л энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгч бүхний зөвт шийтгэл энэ юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдож, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. “Тухайн үед Бурханыг дагах зуураа би бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх билээ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй!” Гэсэн ч оюун санаандаа хүн: “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний халдлагыг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг юм: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хэний ч хувьд энэ захиргааны зарлиг нь зөвт шийтгэл, энд ямар ч аврал үгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгүүлнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе; авралын ажил төгсгөл болж, хүнийг аврах ажил хийгдэхээ больж, мууг үйлддэг хүн нэг бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 248

Би бүхнийг залгигч гал бөгөөд халдахыг тэвчдэггүй. Хүмүүсийг бүгдийг нь Би бүтээсэн учраас Миний хэлсэн, хийсэн юуг ч хүн дуулгавартай дагах ёстой ба тэрсэлж болохгүй. Миний ажилд хошуу дүрэх эрх хүмүүст байхгүй, Миний ажил болон Миний үгийн юу зөв, юу буруу болохыг задлан шинжлэхэд тэд бүр ч тохирохгүй. Би бол бүтээлийн Эзэн бөгөөд бүтээгдсэн зүйлс Намайг хүндлэх зүрх сэтгэлээр Миний шаарддаг бүхнийг биелүүлэх ёстой; тэд Надад учирлахаар оролдох ёсгүй, ялангуяа эсэргүүцэх ёсгүй. Би Өөрийн эрх мэдлээр ард түмнээ засагладаг бөгөөд Миний бүтээлийн хэсэг болох бүх хүн Миний эрх мэдэлд захирагдах ёстой. Хэдийгээр өнөөдөр та нар Миний өмнө зоригтой, давилуун байж, Миний зааж сургадаг үгэнд дуулгаваргүй хандаж, ямар ч айдсыг мэддэггүй ч тэрслүү байдлыг чинь Би зөвхөн тэвчээрээр хариулдаг; шалихгүй жаахан өтнүүд овоолсон өтөг бууцан дахь хог шороог хөдөлгөснөөс болоод Би уурсаж, ажилдаа нөлөөлөхгүй. Эцгийнхээ хүслийн төлөө Би зэвүүцэж, үзэн яддаг бүх зүйлийнхээ үргэлжилсэн оршин тогтнолыг тэвчдэг агаад бүх айлдвар маань дуусах хүртэл, мөн Өөрийн эцсийн мөчийг хүртэл ийнхүү тэвчинэ. Санаа бүү зов! Би нэргүй өттэй ижил түвшинд очиж чадахгүй, мөн ур чадварынхаа хэмжээг чамтай харьцуулахгүй. Би чамайг үзэн яддаг ч тэвчиж чадна. Чи Надад дуулгаваргүй ханддаг ч Эцгийн минь Надад амласан, чамайг гэсгээх өдрөөс минь зугтаж чадахгүй. Бүтээгдсэн өтийг бүтээлийн Эзэнтэй харьцуулж болно гэж үү? Намар цагт, унаж буй навчис үндэс рүүгээ буцдаг; чи “эцгийнхээ” гэр лүү буцаж, Би Эцгийнхээ хажууд буцан очно. Намайг Эцгийн минь энхрий зөөлөн хайр дагалдаж, чамайг эцгийн чинь дэвслэлт дагана. Надад Миний Эцгийн алдар байх болно, чамд эцгийн чинь ичгүүр байна. Чамд хань болгохын тулд Би удаан хугацаанд барьж байсан гэсгээлтээ ашиглана, чи хэдэн арван мянган жилийн турш завхарсаар ирсэн хуршсан махан биеэрээ Миний гэсгээлттэй тулгарна. Чамд хийсэн, тэвчээр дагалдсан үгийн ажлаа Би дуусгасан байх болно, чи Миний үгэн дэх гай гамшгийг туулах үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Би асар ихээр баярлан хөөрч, Израильд ажиллана; чи цурхиран уйлж, шүдээ хавиран, шавар шавхай дунд амьдарч, насан эцэслэнэ. Би анхдагч хэлбэрээ эргүүлэн олж аваад, чамтай хамт бузар заваанд үлдэхээ болино, харин чи анхдагч үзэшгүй муухай байдлаа эргүүлэн олж аваад, овоолсон өтөг бууцыг нүхлэн амьдарсаар байна. Миний ажил болон үг дуусах үед энэ нь Миний хувьд баяр хөөртэй өдөр байх болно. Эсэргүүцэл, тэрслүү байдал чинь дуусах үед энэ нь чиний цурхиран уйлах өдөр байх болно. Би чамайг өрөвдөхгүй, чи Намайг дахин хэзээ ч харахгүй. Би чамтай ярилцахаа болино, чи Надтай дахин хэзээ ч тааралдахгүй. Би тэрслүү байдлыг чинь үзэн ядна, чи Миний хайр татам байдлыг санана. Би чамайг цохиж, чи Намайг дурсан санана. Би баяртайяа чамаас салж одно, чи Надад өртэйгээ мэднэ. Би чамайг дахин хэзээ ч харахгүй, харин чи Надад үргэлж найдлага тавина. Чи одоогоор Намайг эсэргүүцдэг учраас Би чамайг үзэн ядна, харин Би одоо чамайг гэсгээдэг учраас чи Намайг үгүйлэн санана. Би чамтай хамт амьдрахыг хүсдэггүй боловч үүнийг чи гашуунаар хүсэн эрмэлзэж, үүрд уйлна, учир нь чи Надад хийсэн бүхэндээ харамсана. Чи тэрслүү байдал болон эсэргүүцэлдээ харуусаж, харамссандаа бүр нүүрээ газарт наан, Миний өмнө унаад, Надад ахин хэзээ ч дуулгаваргүй хандахгүй хэмээн тангараглана. Гэхдээ чи зүрх сэтгэлдээ ганцхан Намайг хайрлах боловч Миний дуу хоолойг хэзээ ч сонсож чадахгүй. Би чамайг өөрөөсөө ичихэд хүргэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 249

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүс дээр Миний өршөөл харагддаг. Харин хорон муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд цурхиран уйлна. Бүх төрлийн хорон мууг үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй!

Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг л анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд, та нарын үйлдэл, үйл хэрэг чинь бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл, хайр хий хоосон бөгөөд хулчгар юм уу хатуужилтай гэдгээ л та нар харуулсан. Энэ тухайд Би зөвхөн сайн, муу гэдгийг шүүнэ. Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 250

Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажиллаж буй нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг Тэр бүтээсэн, гэхдээ бүгдийг нь Сатан завхруулсан билээ. Гэсэн ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ариун байдлаа илчлэхийн төлөө бузар газарт ирж, тэндээ ажилладаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө л хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэхүү бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм ажил хийхдээ асар их доромжлол туулдаг. Энэ нь гэрчлэл хийхийн тулд, бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг. Ийм ажил хүмүүст Бурханы зөвт байдлыг харуулдаг бөгөөд энэ нь Бурханы дээдийн дээд байдлыг илүү сайн харуулж чаддаг. Бусдын зэвүүцэн жигшдэг бүлэг дорд хүмүүсийг аврах авралаас Түүний агуу, шулуун шударга байдал харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтнийг гэх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ ингэж хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг, Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг. Бурхан бол ариун агаад зөвт. Тэр бузар газарт төрсөн хэдий ч, мөн Нигүүлслийн эрин үед Есүс нүгэлтнүүдтэй хамт амьдарч байсны адилаар бузар заваан байдлаар дүүрэн хүмүүстэй хамт амьдардаг хэдий ч Түүний бүхий л ажил бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө хийгддэг бус уу? Энэ нь бүхэлдээ, хүн төрөлхтөн агуу авралыг олж авахын төлөө байдаггүй гэж үү? Хоёр мянган жилийн өмнө Тэр хэдэн жилийн турш нүгэлтнүүдтэй хамт амьдарсан. Тэр нь золин авралын төлөө байсан юм. Өнөөдөр Тэр бузар заваан, дорд бүлэг хүмүүстэй хамт амьдарч байгаа. Энэ нь авралын төлөө байдаг. Түүний бүхий л ажил хүмүүс та нарын төлөө биш гэж үү? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол тэжээлийн онгоцонд төрснийхөө дараа Тэр яагаад нүгэлтнүүдтэй хамт маш олон жилийн турш амьдарч, зовсон юм бэ? Хэрвээ хүн төрөлхтнийг аврахын төлөө байгаагүй бол Тэр яагаад хоёр дахь удаагаа бие махбодод эргэн ирж, чөтгөрүүдийн цуглардаг энэ газар нутагт төрж, Сатаны гүнзгий ялзруулсан энэ хүмүүстэй хамт амьдрах юм бэ? Бурхан итгэмжит биш гэж үү? Түүний ажлын аль хэсэг нь хүн төрөлхтний төлөө байгаагүй вэ? Аль хэсэг нь та нарын хувь заяаны төлөө байгаагүй вэ? Бурхан бол ариун—энэ нь хувиршгүй! Хэдий Тэр бузар заваан газар нутагт ирсэн боловч бузар заваанаар бохирдоогүй; энэ бүхэн нь, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр туйлын аминч бус бөгөөд Түүний туулдаг зовлон, доромжлол туйлын их л гэсэн үг юм! Та бүхний төлөө, та нарын хувь заяаны төлөө Тэр хэр их доромжлол амсдагийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр агуу хүмүүс юм уу баян, хүчирхэг гэр бүлийн хөвгүүдийг аврахын оронд дорд агаад бусдын үл тоодог хүмүүсийг онцгойлон авардаг. Энэ бүхэн нь Түүний ариун байдал биш гэж үү? Энэ бүхэн нь Түүний зөвт байдал биш гэж үү? Бүх хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө Тэр бузар заваан газарт төрж, доромжлол бүрийг амсахыг илүүд үзнэ. Бурхан бол маш бодитой—Тэр ямар ч хуурамч ажил хийдэггүй. Ажлын үе шат бүр ийм бодитой байдлаар хийгддэггүй гэж үү? Хэдийгээр хүмүүс бүгд Түүнийг гүжирдэж, Тэр нүгэлтнүүдтэй хамт нэг ширээнд суудаг гэж хэлж, бүгдээрээ Түүнийг дооглож, Түүнийг бузар хөвгүүдтэй, хамгийн дорд хүмүүстэй хамт амьдардаг гэж хэлдэг ч гэсэн Тэр Өөрийгөө амь бие хайргүйгээр зориулсаар байж, улмаар хүн төрөлхтний дунд гологдсоор байдаг. Түүний туулдаг зовлон та нарынхаас илүү их биш гэж үү? Түүний ажил та нарын төлсөн төлөөснөөс их биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 251

Бурхан энэ бохир, завхарсан хүмүүс дээр ажлаа хийж, энэ бүлэг хүмүүсийг төгс болгож чадах түвшинд хүртлээ Өөрийгөө даруу болгосон. Бурхан хүмүүсийн дунд амьдарч идэж, хүмүүсийг хариулж, хүмүүсийг хэрэгцээт зүйлээр нь хангах гэж л махбод болоогүй. Илүү чухал нь Тэр тэсэхийн аргагүй энэ завхарсан хүмүүс дээр аврах, байлдан дагуулах нүсэр их ажлаа хийдэг. Бүх хүн өөрчлөгдөж, шинэчлэгдэж магадгүй гэсэндээ Тэр хамгийн их завхарсан энэ хүмүүсийг аврахын тулд агуу улаан лууны гол цөмд ирсэн. Бурханы туулж буй энгүй их бэрхшээл зовлон нь бие махбодтой болсон Бурханы туулдаг бэрхшээл зовлон төдийгүй бүхнээс илүүгээр Бурханы Сүнс туйлын их доромжлол амсдаг—Тэр Өөрийгөө маш их даруу болгож, нуудаг болохоор эгэл жирийн хүн болдог. Бурхан хэвийн хүний амьдралтай, хэвийн хүний хэрэгцээтэй гэдгээ хүмүүст харуулах гэж бие махбодтой болж, махбодын хэлбэрийг авсан. Бурхан Өөрийгөө туйлын их даруу болгожээ гэдгийг батлахад энэ хангалттай. Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Түүний Сүнс маш өндөр, агуу хэдий ч Сүнснийхээ ажлыг хийхийн тулд Тэр ердийн, ялихгүй хүний хэлбэртэй болдог. Та бүгдийн хэв чанар, мэдлэг ухаан, эрүүл ухаан, хүн чанар, амьдрал чинь энэ төрлийн Бурханы хайрыг хүлээж авахад үнэхээр тохирохгүй гэдгийг харуулдаг. Та нар өөрсдийнхөө төлөө Бурханаар ийм зовлон туулуулах үнэхээр эрхгүй. Бурхан бол маш агуу. Тэр маш эрхэм дээд, хүмүүс маш дорд хэдий ч Тэр тэдэн дээр ажилласаар байдаг. Хүмүүсийг хангаж, хүмүүстэй ярилцахын тулд Тэр бие махбодтой болоод зогсохгүй бүр хүмүүстэй хамт амьдардаг. Бурхан маш даруу, маш хайр татам.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 252

Хүн төрөлхтний ажлын төлөө Бурхан олон шөнийг нойргүй өнгөрөөсөн. Бурхан өдөр хоногоо хүнтэй өнгөрөөхийн тулд дээрээс хамгийн доод ёроолд, хүний амьдардаг амьдын тамд бууж ирсэн бөгөөд хүмүүсийн дундах ноорхой байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байсных нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй, харин ажлаа биечлэн гүйцэтгэх явцдаа хамгийн их доромжлол амсдаг. Бурхан юу гэж тамд харьяалагдах билээ? Бурхан амьдралаа тамд өнгөрөөж яахан болох билээ? Гэвч бүх хүн төрөлхтний төлөө, мөн бүхий л хүн төрөлхтнийг эртхэн амраахын төлөө Бурхан газар дээр ирэхийн тулд доромжлолыг тэсвэрлэж, шударга бус явдлыг туулж, хүнийг аврахын тулд “там”, “Үхэгсдийн орон”, барын үүрэнд биечлэн орсон юм. Хүн яаж Бурханыг эсэргүүцэхэд тохирох юм бэ? Бурханы талаар гомдоллох ямар шалтгаан хүнд байгаа юм бэ? Хүн яахан Бурханыг харж зүрхлэх билээ? Тэнгэрийн Бурхан энэхүү ёс суртахуунгүй хамгийн бузар булай нутагт ирээд хэзээ ч гоморхоогүй, мөн хүний талаар гомдоллоогүй, харин ч хүний сүйтгэл,1 дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний үндэслэлгүй шаардлагыг Бурхан хэзээ ч шүүмжлээгүй, хүнд хэзээ ч хэрээс хэтэрсэн шаардлага тавиагүй, мөн хүнээс хэзээ ч үндэслэлгүй зүйл шаардаагүй; Бурхан зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгээр цэвэршүүлэх, сануулах, захих, тайтгаруулах, шүүх, илчлэх гэх зэрэг хүний шаардсан бүх ажлыг зүгээр л гомдолгүйгээр хийдэг. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй юм бэ? Хэдийгээр Бурхан хүний хэтийн ирээдүй, хувь заяаг үгүй хийсэн ч Түүний гүйцэтгэсэн аль алхам хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг амьд үлдээхийн төлөө байгаагүй вэ? Аль нь хүнийг энэхүү зовлон, шөнө шиг түнэр харанхуйн хүчний дарлалаас ангижруулахын төлөө байгаагүй вэ? Аль нь хүний төлөө байдаггүй вэ? Элбэрэлт эхийн сэтгэл мэт Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы ирмүүн зүрх сэтгэлийг хэн ухаарч чадах вэ? Бурханы оргилуун зүрх сэтгэл, бадрангуй хүлээлтийг хүн хүйтэн, цэвдэг сэтгэл, үл хайхарсан харц, удаа дараагийн зэмлэл, доромжлол; мөн зүрх зүсэм үг, ёжлол, басамжлалаар хариулсан; хүн доог тохуу хийж, дэвсэлж, голж, үл ойлгож, гомдоллож, хөндийрч, зайлсхийж, ов мэх гаргаж, дайрч давшлан, хорсохоос өөр хариу бариагүй. Халуун дулаан үгийг нь хөмсөг зангидан, мянган хуруугаар чичлэн хүйтнээр үл ойшоосон билээ. Бурхан гагцхүү толгой гудайлган тэвчиж, номхон шар үхэр мэтээр хүмүүст үйлчлэхээс өөр яаж ч чаддаггүй.2 Нар сар тун олон удаа улирч, Бурхан ододтой асар олон удаа нүүр учирч, маш олон удаа үүрийн гэгээгээр гараад үдшийн бүрийд эргэн ирж, эргэж хөрвөөн, Эцэгээсээ хагацахаас мянга дахин хүнд гасланг туулж, хүний дайралт, эвдэлт, харьцалт, засалтыг туулсан юм. Бурханы даруу, нуугдмал байдлыг хүн алагчлах сэтгэл,3 шударга бус үзэл санаа, ёс бус хандлагаар хариулж, далд ажилладаг Бурханы нам гүм арга, хүлцэл, тэвчээрийг шунахай харцаар хариулсан; хүн харуусахгүйгээр Бурханыг дэвслэн хөнөөхийг хүсэж, газартай нь тэгшлэх гэж оролддог. Бурханд хүн “гойд сүйхээтэй” ханддаг бөгөөд хүний дээрэлхэж, зэвүүцдэг Бурхан олон түмэн хүний хөлд бяц дэвслүүлдэг байхад хүн толгодын хаан болж, хэмжээгүй эрх эдлэн,4 нууцхан анхаарлын төвд байхыг хүсдэг мэт, Бурханыг хичээл зүтгэлтэй, дүрэм журмыг баримталдаг, эсэргүүцэж, хэрэг төвөг удах эрхгүй, хөшигний цаадах найруулагч болгохыг эрмэлздэг мэтээр нуруу тэнэгэр зогсдог. Бурхан сүүлчийн эзэн хааны дүрд тоглож, ямар ч эрх чөлөөгүй утсан хүүхэлдэй5 байх ёстой. Хүний үйл хэрэг хэлж ярихын аргагүй атал хүн яахаараа Бурханаас энэ тэрийг шаардах эрхтэй байдаг билээ? Хүн яахаараа Бурханд санал хэлэх эрхтэй байдаг билээ? Хүн яахаараа сул талыг нь өрөвд гэж Бурханаас шаардах эрхтэй байдаг юм бэ? Хүн Бурханаас өршөөл хүртэхэд яахан тохирох билээ? Бурханы уужим сэтгэлийг ахин дахин хүртэхэд яахан тэнцэх билээ? Бурханаас ахин дахин уучлал хүртэхэд яаж тэнцэх юм бэ? Хүний мөс чанар хаа байна? Бурханы сэтгэлийг хүн аль эрт шархлуулж, Бурханы зүрх сэтгэлийг аль эрт эмтэлсэн. Бурхан хүнийг Өөрт нь өгөөмөр зан гаргана, өчүүхэн ч болтугай халуун дулаан хандана гэж найдан нүдэндээ галтай, нүүрэндээ цогтойгоор хүмүүсийн дунд ирсэн юм. Гэвч Бурханы зүрх сэтгэлийг хүн тайтгаруулалгүй удаж, Бурханыг гагцхүү удаа дараа6 дайрч давшлан, тарчилгасан. Зүрх сэтгэл нь хэт шунахай, хүсэл нь дэндүү их, хэзээ ч ханаж цаддаггүй, цаг ямагт зальхай, муйхар зоригтой байдаг хүн Бурханд ямар ч эрх чөлөө, үг хэлэх эрх огт олголгүйгээр доромжлолд өртөж, хүний эрхээр байхаас өөр сонголт үлдээдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-өөс эш татав

Тайлбар:

1. Хүний дуулгаваргүй байдлыг ил болгохын тулд “сүйтгэл” гэдгийг ашиглажээ.

2. “Хөмсөг зангидан, мянган хуруугаар чичлэн хүйтнээр үл ойшоохтой тулгарч, толгой гудайлган, номхон шар үхэр мэтээр хүмүүст үйлчилдэг” гэдэг нь анх нэг өгүүлбэр байсан боловч утгыг нь тодорхой болгохын тулд хоёр өгүүлбэрт хуваав. Эхний өгүүлбэр нь хүний үйлдэлд хамаатай бол хоёр дахь өгүүлбэр нь Бурханы туулдаг зовлон болон Бурхан бол даруу, нуугдмал гэдгийг илтгэдэг.

3. “Алагчлах сэтгэл” гэдэг нь хүмүүсийн дуулгаваргүй зан чанарыг хэлж байна.

4. “Хэмжээгүй эрх эдлэх” хэмээсэн нь хүмүүсийн дуулгаваргүй зан чанарыг хэлжээ. Тэд өөрсдийгөө өргөмжилж, бусдыг дөнгөлөн, тэднийг дагуулж, өөрсдийнхөө төлөө зовоодог. Тэд бол Бурханд дайсагнагч хүчин юм.

5. “Утсан хүүхэлдэй” гэдгээр Бурханыг мэддэггүй хүмүүсийг элэглэжээ.

6. Хүмүүсийн дорд зан араншинг онцлохын тулд “удаа дараа” гэдгийг ашиглажээ.


Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 253

Бурханы хийдэг юм болгон бодитой бөгөөд Түүний хийдэг юу ч хоосон биш, Тэр энэ бүхнийг Өөрөө туулдаг. Хүн төрөлхтний хүрэх газрын хариуд Өөрөө зовлон зүдүүр туулах төлөөсийг Бурхан төлдөг. Энэ бодитой ажил биш гэж үү? Эцэг эх нь үр хүүхдүүдийнхээ төлөө үнэн сэтгэлийн төлөөс төлж болох бөгөөд энэ нь тэдний чин сэтгэлийг төлөөлдөг. Мэдээж, үүнийг хийснээрээ бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнд хамгийн чин үнэнч, итгэмжит байгаа юм. Бурханы мөн чанар итгэмжит байдаг; Тэр хэлснээ хийдэг бөгөөд хийсэн болгоноо гүйцээдэг. Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх байдаг. Тэр зүгээр нэг айлдвар айлддаггүй; Тэр төлөөс төлнө гэж хэлэх үедээ үнэндээ төлөөс төлдөг. Хүн төрөлхтний зовлон зүдүүрийг үүрч, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ үнэхээр тэдний дунд амьдрахаар ирж, энэ зовлон зүдүүрийг биечлэн мэдэрч, туулдаг. Үүний дараа, Бурханы хийдэг бүхэн зөв зүйтэй агаад зөвт, Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг орчлон ертөнц дэх бүх зүйл хүлээн зөвшөөрнө: Энэ бол хүчирхэг нотолгоо юм. Мөн түүнчлэн, хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай болох бөгөөд үлдэх бүх хүн Бурханыг магтана; үнэхээр хүн төрөлхтнийг гэх хайраас үүдэн Бурханы үйл хэрэг хийгдсэн гэдгийг хүмүүс магтан дуулна. Бурхан хүмүүсийн дунд эгэл хүн болон даруухнаар ирдэг. Тэгээд зүгээр ч нэг ажил хийж, хэдэн үг хэлчхээд явчихдаггүй; харин Бурхан үнэхээр хүмүүсийн дунд ирж, ертөнцийн зовлонг туулдаг. Энэ зовлонг туулж дууссаны дараа л Тэр явна. Бурханы ажил ийм л үнэн, бодитой байдаг; үлдэх бүх хүн үүнээс үүдэн Түүнийг магтаж, Бурханы хүнд итгэмжтэй байдал, сайхан сэтгэлийг харна. Бурханы гоо үзэсгэлэн, сайн сайхны мөн чанарыг бие махбодтой болсных нь ач холбогдлоос харж болно. Түүний хийдэг юу ч чин сэтгэлийнх байдаг; Түүний хэлдэг юу ч үнэн сэтгэлийнх бөгөөд итгэмжит байдаг. Тэрээр хийхийг зорьдог бүхнээ үнэхээр хийдэг бөгөөд төлөөс төлөхдөө үнэхээр төлдөг; Тэр зүгээр нэг айлдвар айлддаггүй. Бурхан бол зөвт Бурхан; Бурхан бол итгэмжит Бурхан билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 254

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадах зүйл биш, хэн бүхний хялбархан олж авч чадах ч зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй холбоотой, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн бөгөөд хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам билээ. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлснээс нь хойших хүний оршин тогтнолын баялаг хөрөнгө байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштайгаар амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг дийлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давуу байдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүгд Бурханы ноёрхол дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 255

Хэрвээ чи мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх уйгагүй эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариул: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Бурхан тэнгэрт амьдардаг гэж чи хариулах байх, мэдээж Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, тийм биз? Магадгүй чи Бурхан бүх зүйлийн дунд амьдардаг нь мэдээжийн хэрэг гэж хэлэх байх. Эсвэл чи Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлж магад. Би үүний алийг нь ч үгүйсгэдэггүй, гэхдээ Би энэ асуудлыг та нарт тодорхой болгох ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв биш, бас тэр чигтээ буруу ч биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь жинхэнэ эсвэл хуурамч, Бурханд сайшаагддаг эсвэл сайшаагддаггүй, таалалд нь нийцдэг эсвэл жигшигддэг, Бурханы төгс болгодог эсвэл таягдан хаядаг хүмүүс гэж бий. Иймд Би Бурхан цөөн хэдэн хүний л зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин энэ хүмүүс нь эргэлзэх юмгүйгээр Бурханд үнэхээр итгэдэг, Бурханаар сайшаагдаж, таалалд нь нийцдэг, Түүний төгс болгодог хүмүүс юм. Тэд бол Бурханаар удирдуулдаг хүмүүс мөн. Тэд Бурханаар удирдуулдаг учраас Бурханы мөнх амийн замыг аль хэдийн сонссон, үзсэн хүмүүс юм. Бурханд итгэх итгэл нь хуурамч, Бурханд сайшаагддаггүй, Бурханы үзэн ядаж, таягдан хаядаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замыг ололгүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүний хаана байгааг мэддэг. Тэд бол Бурханы мөнх амийн замаа хайрласан, Бурханыг дагадаг хүмүүс юм. Одоо чи Бурхан хаана байгааг мэдсэн үү? Бурхан хүний зүрх сэтгэлд, мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх зүйлийн дээр оршоод зогсохгүй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс эцсийн өдрүүд ирж, Бурханы ажлын алхмуудыг шинэ хүрээнд авчирсан. Бурхан бүх зүйлийн дундах юм бүрийг захирдаг, хүний зүрх сэтгэл дэх түшиг тулгуур төдийгүй Тэр хүмүүсийн дунд оршдог. Ийм маягаар л Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн зам руу хүн төрөлхтнийг аваачдаг. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдарснаар хүн амийн замыг олж, оршин тогтнох боломжтой болдог. Үүний зэрэгцээ Бурхан бас хүмүүсийн дундах Өөрийн удирдлагатай хамтран ажиллуулахын тулд бүх зүйлийн дундах юм бүрийг удирдаг чиглүүлдэг. Иймээс хэрвээ чи Бурхан тэнгэрт болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн сургаалыг л хүлээн зөвшөөрдөг атлаа хүмүүсийн дундах Бурханы оршин тогтнолын үнэнийг эс зөвшөөрөх аваас амийг болон үнэний замыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх болно, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж шүтэж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь л зөвхөн үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй зууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн мода, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас эш татав

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.


Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 256

Бурхан Өөрөө үнэнийг эзэмшдэг, үнэний эх сурвалж юм. Эерэг зүйл болгон, үнэн бүр Бурханаас ирдэг. Бурхан бүх зүйл, бүхий л үйл явдлын зөв, бурууг шүүж чаддаг; болж өнгөрсөн зүйл, эдүгээ өрнөж буй зүйл, хүний хараахан мэдэхгүй байгаа ирээдүйн юмсыг ч шүүж чаддаг. Тэр бол бүх зүйлийн зөв бурууг шүүж чаддаг цорын ганц шүүгч бөгөөд бүх зүйлийн зөв бурууг Бурхан л шүүж чаддаг гэсэн үг юм. Бурхан бүх зүйлийн дүрмийг мэддэг. Энэ нь үнэний биелэл бөгөөд Бурхан Өөрөө үнэний мөн чанарыг эзэмшдэг гэсэн үг билээ. Хэрэв хүн үнэнийг ойлгож, төгс болсон бол үнэний биелэлтэй хамаатай байх уу? Хүн төгс болгуулах үедээ Бурханы одоо хийдэг бүхэн болон Бурханы шаарддаг зүйлсийн талаар үнэн зөв үнэлэлт дүгнэлттэй, хэрэгжүүлэх зөв замтай болдог; түүнчлэн Бурханы хүслийг ойлгож, зөв бурууг ялгадаг. Гэвч хүний хүрч чаддаггүй, Бурханыг хэлж өгсний дараа л мэдэж чаддаг зарим зүйл бий—хүн хараахан мэдэгдээгүй юмс, Бурханы хараахан хэлж өгөөгүй зүйлсийг мэдэж чадахгүй бөгөөд хүн урьдчилан таамаглаж чаддаггүй. Түүнчлэн, хүн Бурханаас үнэнийг олж авч, үнэн-бодит байдлыг эзэмшиж, олон үнэний мөн чанарыг мэдэж, зөв бурууг ялгаж салгах чадвартай боллоо ч гэсэн бүх зүйлийг хянаж, захирах чадвартай болохгүй. Ялгаа нь энэ юм. Бүтээгдсэн зүйлс ер нь үнэний эх сурвалжаас л үнэнийг олж авч чадна. Тэд хүнээс үнэнийг олж авч чадах уу? Хүн үнэн мөн үү? Хүн үнэнээр хангаж чадах уу? Чадахгүй, үүнд ялгаа нь байгаа юм. Чи үнэнийг хүлээн авч л чаддаг болохоос үүгээр хангаж чадахгүй—чамайг үнэний биелэл гэж нэрлэж болох уу? Үнэний биеллийн мөн чанар яг юу вэ? Энэ нь үнэнээр хангадаг эх сурвалж, бүх зүйлийн захиралт, дээд эрхийн эх сурвалж, бас бүх зүйл, бүхий л үйл явдлыг шүүдэг стандарт, дүрэм билээ. Энэ нь үнэний биелэл юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Гуравдугаар хэсэг)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 257

Үнэнийг илэрхийлэхдээ Бурхан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг; үнэний илэрхийлэл нь хүн төрөлхтний таньдаг янз бүрийн эерэг зүйл болон мэдэгдлийн талаарх хүн төрөлхтний дүгнэлтэд үндэслэдэггүй. Бурханы үг бол Бурханы л үг; Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох ёстой үндэс суурь, хууль бөгөөд хүн төрөлхтөнтэй хамт үүсдэг ягшмал номлол гэх зүйлсийг Бурхан ялладаг. Тэдгээр нь Түүний сайшаалд нийцдэггүй бөгөөд Түүний айлдварын эх сурвалж, үндэс суурь бол бүр ч биш. Бурхан үгээрээ дамжуулан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг. Бурханы илэрхийллээр гарч ирсэн бүх үг үнэн мөн, учир нь Бурханы мөн чанар Түүнд л байдаг бөгөөд Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал билээ. Энэ завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэрхэн байрлуулж, тодорхойлохоос үл хамааран, тэдгээрийг хэрхэн авч үзэж, ойлгохоос ч үл хамааран Бурханы үг бол үнэн мөн гэдэг баримт хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан хэчнээн их үг айлдаж, энэхүү завхарсан, нүгэлт хүн төрөлхтөн тэдгээрийг хэчнээн их яллаж, голдог ч бай, өөрчилж болохгүй нэг баримт үлддэг: Ийм нөхцөл байдалд ч гэсэн хүн төрөлхтний эрхэмлэдэг соёл, уламжлал гэгч нь эерэг зүйлс болж, үнэн болж чадахгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй юм. Цаг хугацаа өөрчлөгдөх юм уу өнгөрөн одсоноос болж хүн төрөлхтний уламжлалт соёл, оршин тогтнолын арга зам үнэн болохгүй, бас хүн төрөлхтний яллалт, эсвэл мартамхай байдлаас болж Бурханы үг хүний үг болохгүй. Энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй; үнэн хэзээд үнэн байдаг. Энд ямар баримт оршдог вэ? Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн тэр бүх онч мэргэн үг Сатанаас үүсдэг—тэдгээр нь хүний төсөөлөл, үзэл бөгөөд бүр хүний түргэн ууртай байдлаас ч үүсдэг, эерэг зүйлстэй огтхон ч хамаагүй байдаг. Харин Бурханы үг бол Бурханы мөн чанар, ялгамж чанарын илэрхийлэл юм. Ямар шалтгаанаар Тэр энэхүү үгсийг илэрхийлдэг вэ? Тэдгээр нь үнэн мөн гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь бүх хууль, зарчим, эх үндэс, мөн чанар, бодитой чанар, бүх зүйлийн нууцыг Бурхан захирдаг, тэдгээр нь Түүний гарт атгаастай байдаг ба Бурхан ганцаараа тэдгээрийн эх сурвалжийг, тэдгээрийн эх үндэс үнэндээ юу болохыг мэддэг. Тиймээс Бурханы үгэнд дурдсан бүх зүйлийн тодорхойлолт л хамгийн үнэн зөв бөгөөд Бурханы үгэн доторх хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага нь хүн төрөлхтөнд зориулсан цорын ганц стандарт—хүн төрөлхтний оршин тогтнох ёстой цорын ганц шалгуур юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 258

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүргээ биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний гарал үүсэл, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.

Шөнийн харанхуй сэмхэн ойртож байхад хүн мэддэггүй, учир нь шөнө хэрхэн нөмөрдгийг ч тэр, хаанаас ирдгийг ч тэр хүний зүрх сэтгэл ухамсарлаж чаддаггүй юм. Шөнө сэмхэн дайжин одоход хүн өдрийн гэрлийг угтан авдаг боловч гэрэл хаанаас ирснийг, шөнийн харанхуйг хэрхэн хөөснийг мэддэг ч үгүй, мэдэрдэг ч үгүй. Ээлжлэн солигдох өдөр, шөнө хүнийг нэг үеэс нөгөөд, түүхийн нэг нөхцөлөөс нөгөөд аваачихын хажуугаар цаг үе болгон дахь Бурханы ажил болон эрин үе бүрд зориулсан Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлж ирсэн. Хүн эдгээр цаг үеийн турш Бурхантай хамт алхаж ирсэн атлаа Бурхан бүх зүйл болон амьд бодгалийн хувь заяаг захирдгийг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний цаг үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг ухаараагүй явжээ. Үүний шалтгаан нь, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал байдагт бус, Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханаас хэтэрхий хол байдаг учраас, тиймдээ ч хэдий Бурханыг дагаж байсан ч сатанд үйлчилсээр л байдаг бөгөөд үүнийгээ ч хүртэл мэддэггүйд оршиж байгаа юм. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ хорвоо, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ цаг үед хүн зүрх сэтгэл, сүнсээ Сатанд барих өргөл, Сатаны идэш тэжээл болгосон. Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, зугаацахад тохиромжтой талбар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг, түүнчлэн Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн анх өөрт нь байсан үндсийг алддаг: Энэ бол энэ хүн төрөлхтний уй гашуу билээ. Чухамдаа гэвэл, бүр эхнээсээ өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтөнд зориулан эмгэнэлт жүжиг тайзнаа тавьсан бөгөөд хүн үүний гол дүр төдийгүй хохирогч нь юм. Тэгээд энэхүү эмгэнэлт жүжгийн найруулагч нь хэн болохыг хэн ч хариулж чаддаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 259

Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд бодгаль болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь дэмждэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа ба хүний амийн зөн мэдрэмж өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн итгэдэг. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн мэдрэмж хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, уйгагүй хичээл зүтгэл бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг. Хүний амийн үүсэл ба үргэлжлэлийн нууцуудыг хэн ч, хэзээ ч судалж үзээгүй. Энэ бүхнийг ойлгодог Бурхан л, Өөрөөс нь бүх зүйлийг хүлээн авсан мөртөө талархдаггүй хүний учруулдаг шаналал, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Амийн авчирдаг бүхнийг хүн жам ёсны зүйл шиг эдэлдэг ба тийм ч болохоор Бурханаас урваж, Бурханыг мартан, Бурханаас сүрдүүлэн авдаг нь “мэдээжийн хэрэг” билээ. Бурханы төлөвлөгөө үнэхээр тийм чухал юм гэж үү? Хүн гэдэг, Бурханы гараас гарсан энэхүү амьд бодгаль үнэхээр тийм чухал юм гэж үү? Бурханы төлөвлөгөө мэдээж чухал; гэвч Бурханы гараар бүтээгдсэн энэхүү амьд бодгаль Түүний төлөвлөгөөний төлөө оршин тогтнодог. Иймд Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсандаа төлөвлөгөөгөө гаргуунд нь гаргачхаж чадахгүй. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон Өөрийн гаргасан амьсгалын төлөө, хүний махан бие бус, хүний амийн төлөө л бүх зовлон шаналлыг тэвчдэг билээ. Тэрээр хүний махан биеийг бус, амьсгалсан амиа буцааж авахын тулд л ингэдэг юм. Энэ бол Түүний төлөвлөгөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 260

Энэ дэлхийд ирсэн хүн бүхэн амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэдний ихэнх нь үхэл, дахин төрөлтийн мөчлөгөөр дамжин өнгөрсөн. Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ. Энэ бүхэн нь амьд бодгаль болгонд зориулан Бурханы зохицуулсан амийн замнал билээ. Гэвч энэхүү замнал, энэ мөчлөг бол Бурханы хүнд яг харуулахыг хүссэн үнэн юм: Бурханы хүнд хайрласан амь хязгааргүй бөгөөд махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Хүний амь Бурханаас ирсэн гэдэгт олон хүн итгэдэггүй байж болох ч Түүний оршин тогтнолд итгэдэг ч бай, үгүйсгэдэг ч бай ялгаагүй, Бурханаас ирдэг бүхнийг хүн зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхий дээр оршдог бүхнийг эргүүлэн авахыг хүсэж, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно. Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй үнэн бөгөөд эдгээр ойлгох аргагүй үнэн бол Бурханы амийн хүчний яг жинхэнэ илрэл, гэрчлэл билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээл ойлгох аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: Бүх бүтээгдсэн зүйлийн хувьд амийн хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байсан ч хамаагүй, амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг; чи ямар ч төрлийн амьд бодгаль байсан ялгаагүй Бурханы тогтоосон амийн замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг. Амийнх нь үнэ цэнийг дэмий үрдэг хүний ийм санаа амар байдлыг Бурхан яаж зөвшөөрч чадах юм бэ? Өмнө нь Миний хэлсэнчлэн, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг нандигнаж чадахгүй бол Бурхан анх өгсөн зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй, Өөрийнхөө өгсөн бүхний үнийг хүнээр хоёр нугалан төлүүлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 261

Энэ ертөнцийн бүх зүйл Төгс Хүчитийн бодлын дагуу, Түүний нүдэн дор хурдан өөрчлөгддөг. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэтхэн ирж байхад хүн төрөлхтний эртнээс эзэмшсэн зүйлс мэдэгдэлгүйгээр алга болдог. Төгс Хүчитийн хаана байдгийг хэн ч ухан ойлгож чаддаггүй, Төгс Хүчитийн амийн хүчний ер бусын, агуу байдлыг мэдэрч бүр ч чаддаггүй. Хүмүүсийн ухамсарлаж чадахгүй зүйлийг ухамсарлаж чаддаг болохоороо Тэр ер бусын байдаг. Хүн төрөлхтөнд орхигдсон атлаа хүн төрөлхтнийг авардаг Нэгэн болохоороо Тэр агуу байдаг. Тэрээр амьдрал, үхлийн утга учрыг мэддэг, үүнээс гадна, бүтээгдсэн хүн төрөлхтний дагах ёстой оршин тогтнолын хуулийг мэддэг. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолын суурь, Тэр бол хүн төрөлхтнийг дахин амилуулдаг Золин аврагч юм. Тэрээр Өөрийн ажлын төлөө, Өөрийн төлөвлөгөөний төлөө аз жаргалтай зүрх сэтгэлийг уй гашуугаар дарж, уй гашуутай зүрх сэтгэлийг аз жаргалтай болгодог.

Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээс эмээдэг. Тэд тусламж, дэмжлэггүй байдаг атлаа нүдээ аних дургүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр өөрийн сүнсийг мэдэрдэггүй махан биед өөдгүйгээр оршин тогтнохын тулд өөрсдийгөө хатамжилдаг. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна. Одоог хүртэл, ухаан алдсан хүмүүст ийм итгэл биеллээ олоогүй. Гэсэн ч хүмүүс ингэж хүсэн эрмэлзсээр байдаг. Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухаан алдсан энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамайг цаашдаа өлсөж, цангахгүй байгаасай гэсэндээ чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна. Тэр хажууд чинь чамайг ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж, хэдийд ч юм “эцэгтэй” болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж ажиглаж, эргэн ирэхийг чинь маш урт удаан хугацаанд хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байна. Тэрээр цөхөрсөн мөрөөсөлтэйгөөр ажигласаар, хариултгүй хариуг хүлээсээр ирсэн. Түүний ажиглалт, хүлээлт үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг. Энэхүү ажиглалт, хүлээлт тодорхой бус хугацаатай байж магадгүй, мөн төгсгөлдөө хүрсэн байж ч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэл болон сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчитийн санаа алдалт”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 262

Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсийг, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханыг гутаах болно.

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд садар самуун уг чанартай болж, жигшүүрт доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхий дээр сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөвт үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг зөв шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглахаас өөрийг хийдэггүй, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 263

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Танай улс эдүгээ дээшлэн дэвжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмэнд Бурханаас төөрч холдохыг зөвшөөрвөл улс чинь Бурханы ерөөлийг улам л алдаж байгаагаа харна. Улсын чинь соёл иргэншил улам бүр хөл доор гишгэгдэж, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Тэгээд улс орны хувь заяа нэг мэдэхэд сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсад арга хэмжээ авахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний мандаж, доройтох нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард иргэдээ Бурханд илүү ойр, Түүнд шүтэн мөргөдөг болгоход залдаг эсэхээс хамаардаг. Гэвч өнөөгийн энэ сүүлчийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс улам цөөрсөн учраас Христийн шашныг улсынхаа шашин болгосон орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээр улсыг нэгтгэдэг байхад харин бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханыг шүтэн мөргөдөггүй орнууд зөв шударга хүрээний дайснууд болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болоод зогсохгүй, мөн Бурханыг эсэргүүцдэг улс оронд хориг, хязгаарлалт тавихын тулд зөв шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орныг олж авдаг. Гэвч тэглээ гээд илүү олон хүн Бурханыг шүтэн мөргөхөөр ирэхгүй л байна. Яагаад гэвэл, хүн Бурханаас хэтэрхий холдчихсон бөгөөд хүн Бурханыг мартаад дэндүү удаж байгаа юм. Зөв шударга байдлыг хэрэгжүүлж, зөв шударга бус байдлаас татгалздаг тийм орнууд л газар дэлхий дээр үлддэг. Гэвч энэ нь Бурханы хүслээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч улс төрийн нам Бурханд шүтэн мөргөхийн тулд хүмүүсээ цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстэн, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зөв шударга хүчнүүд оршдог хэдий ч хүний зүрх сэтгэлд Бурханы эзлэх орон зай байдаггүй засаглал бол хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, ганц цохилт ч дааж чадахааргүй болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүйгээр байхтай адилхан. Улс гүрний удирдагчид ард түмэндээ хэчнээн их хувь нэмэр орууллаа гээд, хэчнээн олон зөв шударга хурал зөвлөгөөн хийлээ гээд, аль нь ч урсгалын чиглэлийг өөрчилж чадахгүй, эсвэл хүн төрөлхтний хувь заяаг өөрчилж чадахгүй. Ард иргэд нь хоол унд, хувцас хунартай, хамтдаа энх амгалан суудаг улсыг сайн улс, сайн удирдагчидтай гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр итгэдэг. Хүний санал бодол Бурханыхаас дэндүү их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханыг шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа эмгэнэлтэй болох бөгөөд тэр улс ямар ч хүрэх газаргүй байх болно.

Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 264

Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьдарч буй хүмүүс нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг юм бэ? Яагаад бид үхэх ёстой юм бэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?… Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг тасралтгүй асуусан. Харамсалтай нь, хүн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангах болжээ. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, чадан ядан нуусан айдас, арга мөхөс байдлаас нь хүнийг ангижруулахад огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зүрх сэтгэлээ мэдээгүйжүүлэхийн тулд энгийн нүдээр харж, уураг тархиараа ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг төдий. Гэсэн ч шинжлэх ухааны тийм мэдлэг нь нууцыг шинжлэн судлах гэсэн хүн төрөлхтнийг болиулахад хангалтгүй. Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрүүдийн дээр мөнхөөс мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж аваагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн юм—гэсэн ч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтнийг хангаж, тэжээдэг, хүнийг оршин тогтнуулдаг Нэгэн; мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн Нэгэн юм. Түүнчлэн амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний найддаг цорын ганц Нэгэн Тэр билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дэх бүх амьд оршихуйг удирддаг. Тэрээр дөрвөн улирлыг хянаж, салхи, хяруу, цас, бороог дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уулс, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьд зүйлсээр хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг, Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд дор бүрнээ Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Хэн Түүний дээд эрхээс өөрийгөө чөлөөлж чадах вэ? Хэн Түүний зохицуулалтаас өөрийгөө салгаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байж, бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж бүр ч чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл хамааран чиний хувь заяаг Бурхан тодорхойлдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийг захирна гэдэгт эргэлзэх юмгүй. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн танин мэдэж, ойлгох эсэхээр тогтоогддоггүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, төд удалгүй хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор амьдарч, нас бардаг. Хүн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүд анихдаа ч бас энэхүү удирдлагын төлөө нүд аньдаг. Хүмүүс ахин дахин нааш цааш ирж, буцдаг. Энэ нь бүгд ялгаагүй Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага хэзээ ч зогсоогүй; энэ нь үргэлжид урагшилж байгаа. Тэрээр хүн төрөлхтөнд Өөрийн оршин тогтнолыг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд буцаан аваачна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Өмнөх: Бурханы ажлыг мэдэх нь 2

Дараах: Библийн тухай нууцууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих