Шашны үзлийг илчлэх нь

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 281

Бурхан, хүн хоёрыг эн тэнцүү мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан хүний ертөнцөд биечлэн Өөрийн ажлыг хийж, Өөрийн үгийг хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байлаа. Тэгвэл бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний сайшаалыг хүртэж чадахгүй байх байв. Хэрвээ Бурхан ажиллаж эхлэхгүй бол хүн хэчнээн сайн ажиллалаа ч гэсэн, бүгд хий дэмий болно, учир нь Бурханы бодол үргэлж хүний бодлоос дээгүүр байх ба Бурханы мэргэн ухааныг хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “бүрэн ойлгодог” гэж хэлдэг хүмүүс бол чадваргүй хүмүүс гэж Би хэлдэг; тэд бүгд биеэ тоосон, мунхаг байдаг. Хүн Бурханы ажлыг тодорхойлох ёсгүй; түүнчлэн, хүн Бурханы ажлыг тодорхойлж чадахгүй. Бурханы нүдээр бол хүн шоргоолж шиг өчүүхэн юм; тэгэхээр хүн яаж Бурханы ажлыг ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж, тэгж ажилладаггүй”, эсвэл “Бурхан ийм, тийм” хэмээн чалчих дуртай хүмүүс биеэ тоосон байдалтай ярьж байгаа бус уу? Махан биетэй хүнийг Сатан завхруулсан гэдгийг бид бүгд мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь хүн төрөлхтний уг чанар юм. Хүн төрөлхтөн Бурхантай эн зэрэгцэж чадахгүй, Бурханы ажилд зөвлөгөө өгч бүр ч чадахгүй. Бурхан хүнийг хэрхэн залж чиглүүлдгийн тухайд бол, энэ нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн ийм, тийм гэсэн үзэл бодол илэрхийлэлгүйгээр захирагдах ёстой, учир нь хүн бол тоос шороо төдий билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар зорьж байгаа тул Бурханыг бодолцож үзэг гэсэндээ Бурханы ажилд өөрсдийн үзлийг нэмэх ёсгүй, тэр ч байтугай Бурханы ажлыг зориуд эсэргүүцэхийн тулд завхарсан зан чанараа чадлынхаа хэрээр ашиглах ёсгүй. Тэгвэл бид антихристүүд болох бус уу? Тийм хүмүүс яаж Бурханд итгэж чадах юм бэ? Бид Бурхан байдаг гэдэгт итгэдэг, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүнийг харахыг хүсдэг учраас үнэний замыг эрэлхийлэх ёстой ба Бурхантай нийцэлтэй байх замыг хайх ёстой. Бид Бурханыг зөрүүдлэн эсэргүүцэж зогсох ёсгүй. Тийм үйлдлээс ямар сайн үр дагавар гарах юм бэ?

Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байж магад, тэдгээр нь чамд хачин санагдаж магад боловч төрөлхийн чанараа бүү илчил гэж Би чамд зөвлөе, учир нь Бурханы өмнө зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж цангадаг хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэн сүсэгт хүмүүсийг л Бурхан гэгээрүүлж, залж чиглүүлж чадна. Хэрүүл маргаанаар биш, тайван тогтуунаар үнэнийг эрж хайснаар үр дүнд хүрдэг. “Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн” гэж Би хэлэхдээ Бурхан махбодод эргэн ирсэн явдлыг хэлж байгаа юм. Магадгүй эдгээр үгийг чи тоодоггүй байх; магадгүй чи тэдгээрийг үзэн яддаг; эсвэл магадгүй асар их сонирхдог байх. Ямартай ч, Бурханы илрэлтийг үнэхээр хүсэн хүлээдэг бүх хүн яаран дүгнэлт гаргахын оронд энэ баримттай нүүр тулж, няхуур шинжлэн үзэж чадна гэж Би найдаж байна; энэ бол ухаалаг хүний хийх ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын Өмнөх үг-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 282

Бурханд итгэхдээ хүн Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Хүн гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг, ажилд үндэслэн Бурханыг мэдэж авах ёстой ба юун түрүүнд Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх суурь юм. Бурханы үгийг хольцгүйгээр ойлгодоггүй тэр бүх олон янзын гажууд онол бол шашны үзэл юм; тэдгээр нь гажууд, эндүү ташаа ойлголт билээ. Шашны хүмүүсийн хамгийн агуу ур чадвар бол урьд нь ойлгосон Бурханы үгийг авч, өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдрийн Бурханд үйлчилж байхдаа чи Ариун Сүнсний урьдын гэгээрлээр илчлэгдсэн зүйлстэй зууралдвал үйлчлэл чинь саад учруулж, хэрэгжүүлэлт чинь хоцрогдож, шашны зан үйлээс цаашгүй болно. Бурханд үйлчилдэг хүмүүс бусад чанаруудын дундаас гаднаа даруухан, тэвчээртэй байх ёстой гэж чи итгэдэг бөгөөд ийм төрлийн мэдлэгийг өнөөдөр хэрэгжүүлдэг бол тийм мэдлэг нь шашны үзэл; тийм хэрэгжүүлэлт нь хоёр нүүртэй гүйцэтгэл болжээ. “Шашны үзэл” гэх хэллэг нь хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн зүйлсийг (урьд нь Бурханы хэлсэн үг болон Ариун Сүнсний шууд илчилсэн гэрлийн тухай ойлголтыг оролцуулаад) хэлдэг бөгөөд хэрвээ тэдгээрийг өнөөдөр хэрэгжүүлбэл Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тус авчрахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийн дотор байгаа, шашны үзэлд хамаарах тэдгээр зүйлээс ангижирч чадахгүй бол эдгээр зүйл Бурханд үйлчлэх үйлчлэлд нь асар их саад болно. Шашны үзэлтэй хүмүүс Ариун Сүнсний ажлын алхамуудтай хөл нийлүүлэх ямар ч аргагүй—тэд эхлээд нэг, дараа нь хоёр алхмын хойно хоцордог. Яагаад гэвэл, эдгээр шашны үзэл нь хүнийг ер бусын ихээр өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон зантай болгодог. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; ямар нэг зүйл хоцрогдсон л бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийнхөө үзлийг үнэхээр орхиж чадахгүй гэж үү? Хэрвээ чи урьд нь Бурханы хэлсэн үгтэй зууралдвал Бурханы ажлыг мэддэг гэдгийг чинь энэ нь нотлох уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадалгүй, оронд нь өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, Бурханы мөрийг дагадгийг чинь энэ нь баталж чадах уу? Чи шашны үзлийг орхиж чадахгүй л байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болно.

Хэрвээ хүмүүс шашны үзлийг орхиж чадах юм бол өнөөдрийн Бурханы үг, ажлыг хэмжихдээ оюун ухаанаа ашиглахгүй, харин шууд дуулгавартай дагана. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч чи урьдын үзэл бодлоо орхин, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Бурхан урьд нь хэрхэн ажиллаж байснаас үл хамааран Бурханы өнөөдрийн ажилд хамгийн чухал байр суурийг өгөх ёстой гэдгийг ойлгож чаддаг бол чи өөрийн үзлийг орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил болон үгэнд дуулгавартай байж, Бурханы мөрийг дагаж чаддаг хүн юм. Ингэснээр чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн болох болно. Чи Бурханы ажлыг задлан шинжилж, нягтлан үздэггүй; яг л Бурхан өмнөх ажлаа мартсантай адил чи ч гэсэн үүнийг мартсан. Одоо бол одоо, өнгөрсөн бол өнгөрсөн бөгөөд өнөөдөр Бурхан урьд нь хийсэн зүйлээ хойш тавьсан болохоор чи энэ талаар бодох ёсгүй. Тийм хүн л Бурханыг бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг, шашны үзлээ бүрмөсөн орхисон хүн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 283

Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагдаж байдаг учраас шинэ ажил гарч ирэхэд хоцрогдож, хуучирдаг ажил гэж бий. Хуучин ба шинэ эдгээр өөр өөр төрлийн ажил нь нэг нэгтэйгээ зөрчилддөггүй, харин харилцан бие биеэ нөхдөг; алхам бүр нь сүүлийн алхмаасаа үргэлжилдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, аль эртнээс хэвшиж тогтсон хүний зарим хэрэгжүүлэлт болон дадал болсон үгс нь хүний олон жилийн туршлага, сургаалтай хослон хүний сэтгэлд элдэв янзын үзлийг бий болгожээ. Бурхан Өөрийн жинхэнэ царай болон төрөлх зан чанарыг хүнд хараахан бүрэн илчлээгүй нь эрт цагийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн дэлгэрсэнтэй хавсран хүний тийм үзэл бүрэлдэхэд илүү тааламжтай байсаар ирсэн юм. Бурханд итгэх хүний итгэлийн явцад янз бүрийн үзэл нөлөөлснөөр Бурханы талаарх элдэв янзын үзэл бүхий ойлголт хүмүүст тасралтгүй бий болж, хувьсан өөрчлөгдөхөд хүрсэн бөгөөд үүний үр дүнд Бурханд үйлчилдэг шашны олон хүн Түүний дайсан болсон гэж хэлж болох юм. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хүчтэй байх тусам Бурханыг улам эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй; энэ нь хэзээ ч хоосон сургаалыг бий болгодоггүй, харин их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Ийм маягаар ажиллах нь Бурханы Өөрийн төрөлх зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь бас Бурханы ажлын угийн зарчим бөгөөд Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Бурханы арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүн өөрчлөгдөхгүй, эсвэл Бурханыг мэдэж чадахгүй, Сатан ялагдахгүй байх байсан. Тиймээс, замбараагүй харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй тасралтгүй өөрчлөлтүүд Түүний ажилд гарч байдаг. Гэхдээ хүний Бурханд итгэдэг байдал нэлээд өөр. Хүн хуучны, танил сургаал болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хуучных байх тусам, төдий чинээ таатай байдаг. Хүний хад чулуу мэт өөрчлөгдөшгүй, мунхаг ухаан санаа Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил, үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн үзэн яддаг; тэрээр хөгшин хөвөө, буурал үстэй, хөдөлгөөнгүй, хуучин Бурхандаа л дуртай. Тиймээс, Бурхан, хүн хоёрын аль алинд өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болжээ. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жилийн турш хийсээр ирсэн үе буюу өнөөдөр ч гэсэн энэ олон зөрчилдөөн оршсоор л байна. Тэгэхээр тэдгээр нь засаршгүй ажээ. Магадгүй энэ нь хүний зөрүүд зангаас, эсвэл Бурханы захиргааны зарлигийг хэн ч зөрчих аргагүйгээс болдог байх—гэхдээ тэдгээр шашны албан тушаалтнуудыг өгөршсөн хуучин ном, цаастай зууралдсаар байхад Бурхан дэргэд нь хэн ч байхгүй мэт дуусаагүй удирдлагын ажлаа хийдэг. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан, хүн хоёрыг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн Бурхан тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй, тийм зүйл байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг ханддаг. Харин хүн итгэл, үзэлтэйгээ зууралдсаар, тэдгээрийгээ хэзээ ч орхидоггүй. Гэхдээ нэг зүйл илэрхий: Хэдий хүн байрнаасаа хазайдаггүй ч Бурханы хөл үргэлж хөдөлж, нөхцөл байдлаас хамааран байраа үргэлж өөрчилж байдаг. Эцэст нь хүн л ямар ч тэмцэлгүйгээр ялагдана. Харин Бурхан бол ялагдсан дайснуудынхаа хамгийн том дайсан нь, бас ялагдсан болон ялагдаагүй хүн төрөлхтний бүгдийнх нь аварга юм. Хэн Бурхантай тэмцэж, ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзлийн ихэнх нь Бурханы ажлаас үүдэн гарсан учраас Бурханаас үүсэлтэй мэт санагддаг. Гэсэн ч үүнээс болоод Бурхан хүнийг уучилдаггүй, түүнчлэн Бурханы ажлаас үүдэн Бурханы ажилд хамааралгүй бүтээгдэхүүнийг багц багцаар нь “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтаалаар булдаг ч үгүй. Харин ч Тэрээр хүний үзэл болон хуучин сүсэг бишрэлийг туйлын их зэвүүцдэг ба эдгээр үзэл анх гарч ирсэн хугацааг ч хүлээн зөвшөөрөх бодолгүй байдаг. Хүний үзлийг хүн түгээдэг учраас Өөрийнх нь ажлаас үүдэн эдгээр үзэл бий болсон гэдгийг Бурхан огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол, оюун ухаан бөгөөд Бурхан биш, харин Сатан юм. Бурханы санаа зорилго нь үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш, харин шинэлэг, эрч хүчтэй байлгахын төлөө байсаар ирсэн ба хүнээр баримтлуулдаг зүйлс нь үүрд мөнхийн, хувиршгүй биш, харин эрин үе, цаг хугацааны хамтаар өөрчлөгддөг. Учир нь Тэр бол хүнийг үхүүлж, хуучинсаг байлгадаг диавол биш, харин амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан билээ. Та нар үүнийг ойлгоогүй л байна уу? Хуучинсаг үзэл бодолтой учраас чи Бурханы тухай үзэлтэй байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй. Энэ нь, Бурханы ажилд эрүүл ухаан бараг байдаггүй, эсвэл Бурханы ажил хүний хүслээс зөрдгөөс болдог юм биш, түүнчлэн Бурхан үүргээ үргэлж цалгардуулдгаас ч болдог юм биш. Харин чи хэтэрхий дуулгаваргүй учраас, мөн чамд Бурханы бүтээлийн төрх өчүүхэн төдий ч байдаггүй учраас үзлээ орхиж чаддаггүй; Бурхан чамд хүндрэл учруулаад байдаг юм биш. Энэ бүхэн чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон, золгүй явдлыг хүн бий болгодог. Бурханы бодол үргэлж сайн байдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсдэггүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи өөрт чинь юу сайн болохыг мэддэггүй, үргэлж шинжлэн шалгаж, аль эсвэл нягтлан үзэж байдаг. Бурхан чамд хүндрэл учруулаад байгаа юм биш, харин чи Бурханыг огт хүндэлдэггүй, мөн дуулгаваргүй байдал чинь дэндүү их. Өчүүхэн жаахан бүтээгдсэн зүйл урьд нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй бага хэсгийг авч зүрхэлдэг, дараа нь эргээд үүнийгээ ашиглан Бурхан руу дайрч давшилдаг—энэ нь хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүмүүст өөрсдийн үзэл бодлыг Бурханы өмнө илэрхийлэх эрх огт байхгүй, үнэ цэнгүй, олиггүй, илжирсэн, уран цэцэн үг хэлээ хүссэнээрээ гайхуулах эрх бүр ч байхгүй—өнөөх илжирсэн үзлүүдийг бол дурдахын ч хэрэггүй гэж хэлж болно. Тэдгээр нь бүр ч үнэ цэнгүй бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 284

Бурханы ажил үргэлж урагшилж байгаа бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй хэдий ч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас байнга өөрчлөгдөж байдаг. Бурхан илүү их ажил хийх тусам Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ бүрэн гүйцэд болдог. Бурханы ажлын үр дүнд хүний зан чанарт ч бас зохих өөрчлөлт гардаг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Тэр хуучин ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн урьдын хийсэн ажилд нь үндэслэн Бурханы одоогийн ажлыг байнга шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг хэрэгжүүлэхэд Бурханд маш хэцүү байдаг. Хүн хэтэрхий олон бэрхшээлтэй! Бодол санаа нь дэндүү хуучинсаг! Бурханы ажлыг хэн ч мэддэггүй мөртөө хүн бүр үүнийг хязгаарладаг. Бурханаас холдох үедээ хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг атлаа амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг хэр нь Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй бөгөөд үүрд зогсонги байдалтай байдаг хэмээн итгэдэг. Тэдний бодлоор бол Бурханаас мөнхийн аврал хүртэхийн тулд хуулийг л мөрдөх хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үргэлж хангалуун байна. Бурхан бол хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэж тэд боддог; тэд бас Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч ч чадахгүй гэж боддог. Яг ийм санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, үхмэл дүрэм журмуудад хүлсэн юм. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэж бүр ч олон хүн боддог. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай шинжилдэггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Нигүүлслийн эрин үед Еховагийн ажил хоцрогдсон гэдгийг Есүс хэлж байсны адилаар өнөөдөр Би Есүсийн ажил ч бас хоцрогдсон гэж хэлдэг. Зөвхөн Хуулийн эрин үе гэж байгаад Нигүүлслийн эрин үе байгаагүй бол Есүс цовдлогдохгүй, бүх хүн төрөлхтнийг золин аварч чадахгүй байх байсан юм. Хэрвээ Хуулийн эрин үе л байсан бол хүн төрөлхтөн өнөөдрийг хүрч ер нь чадах байсан гэж үү? Түүх урагшилдаг, түүх бол Бурханы ажлын байгалийн хууль биш гэж үү? Энэ нь бүхий л орчлон ертөнц даяар хүнийг удирдах Түүний удирдлагын дүрслэл биш гэж үү? Түүх урагшилдаг бөгөөд Бурханы ажил ч мөн адил. Бурханы хүсэл тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Тэрээр зургаан мянган жилийн турш ажлын ганц үе шатанд үлдэж болохгүй, учир нь хүн бүрийн мэддэгчлэн Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд цовдлолтой адил ажлыг хийсээр байж, загалмайд нэг, хоёр, гурван удаа … цовдлогдож яавч чадахгүй. Ингэж бодох нь тэнэг хэрэг болно. Бурхан нэг ажлыг үргэлжлүүлэн хийдэггүй; Би та нарт өдөр бүр шинэ үг хэлж, шинэ ажил хийдгийн адилаар Түүний ажил ямагт өөрчлөгдөж, үргэлж шинэ байдаг. Энэ бол Миний хийдэг ажил бөгөөд гол түлхүүр нь “шинэ”, “гайхалтай” хэмээх үг юм. “Бурхан хувиршгүй, Бурхан үргэлж Бурхан байх болно” хэмээх үг яах аргагүй үнэн; Бурханы мөн чанар өөрчлөгддөггүй, Бурхан үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болж чадахгүй боловч Түүний ажил мөн чанартай нь адил тогтмол, хувиршгүй гэдгийг энэ нь нотолдоггүй. Бурхан хувиршгүй гэж чи тунхагладаг, тэгвэл Бурханы үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүйг чи яаж тайлбарлаж чадах юм бэ? Бурханы ажил тасралтгүй түгж, байнга өөрчлөгддөг ба Бурханы хүсэл тасралтгүй илэрхийлэгдэж, хүнд мэдэгдэж байдаг. Бурханы ажлыг туулахын хэрээр хүний зан чанар зогсолтгүй өөрчлөгддөг, мэдлэг нь ч мөн адил. Тэгвэл энэхүү өөрчлөлт хаанаас гардаг юм бэ? Бурханы үргэлж өөрчлөгддөг ажлаас үүддэг биш үү? Хүний зан чанар өөрчлөгдөж болдог юм бол Миний ажил, үг ч бас тасралтгүй өөрчлөгдөхийг хүн яагаад зөвшөөрч чаддаггүй юм бэ? Би хүний хязгаарлалтад захирагдах ёстой гэж үү? Чи хүчээр тулгасан маргаан, мушгин гуйвуулсан логик ашиглаж байгаа бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 285

Иудейчүүд бүгд Хуучин Гэрээг уншсан бөгөөд эрэгтэй хүүхэд тэжээлийн онгоцонд төрнө гэх Исаиагийн зөгнөлийг мэддэг байсан. Тэгвэл энэ зөгнөлийг бүрэн мэддэг байсан мөртөө тэд яагаад Есүсийг мөн л хяхаж хавчсан юм бэ? Энэ нь тэдний тэрслүү уг чанар болон Ариун Сүнсний ажлыг мэддэггүйгээс нь болоогүй гэж үү? Тухайн үед фарисайчууд, зөгнөгдсөн эрэгтэй хүүхдийн талаар өөрсдийнх нь мэддэг зүйлээс Есүсийн ажил өөр байна гэж бодсон; харин бие махбодтой болсон Бурханы ажил Библитэй нийцдэггүй учраас өнөөдрийн хүмүүс Бурханыг голдог. Бурханд хандах тэдний тэрслүү байдлын мөн чанар адилхан биш гэж үү? Чи Ариун Сүнсний бүх ажлыг эргэлзээгүй хүлээн зөвшөөрч чадах уу? Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил бол зөв урсгал мөн бөгөөд чи ямар ч болгоомжлолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой; чи юуг нь хүлээн зөвшөөрөхөө шилж сонгох ёсгүй. Хэрвээ чи Бурханыг илүү гүнзгий ойлгож, Түүнд илүү болгоомжтой ханддаг бол ингэх чинь шаардлагагүй бус уу? Чи Библиэс нэмэлт баталгаа хайх хэрэггүй; хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил мөн бол хүлээн зөвшөөрөх ёстой, учир нь чи дагахын тулд Бурханд итгэдэг бөгөөд Түүнийг судалж шинжлэх ёсгүй. Би бол чиний Бурхан мөн гэдгийг нотлох нэмэлт нотолгоог чи хайх ёсгүй, харин Би чамд ашиг тустай эсэхийг ялган таньж чаддаг байх учиртай—хамгийн чухал зүйл бол энэ юм. Чи Библийн дотроос маргашгүй нотолгоо ихийг оллоо ч гэсэн энэ нь чамайг Миний өмнө бүрэн дүүрэн авчирч чадахгүй. Чи Миний өмнө биш, ердөө Библийн хязгаарлалт дотор л амьдардаг; Библи Намайг мэдэхэд чинь тусалж чадахгүй, Намайг гэх хайрыг чинь ч гүнзгийрүүлж чадахгүй. Эрэгтэй хүүхэд төрнө гэж Библид зөгнөсөн ч Бурханы ажлыг хүн мэддэггүй тул уг зөгнөл хэн дээр биелэхийг хэн ч ухан ойлгож чадаагүй, үүнээс үүдэн фарисайчууд Есүсийн эсрэг зогссон юм. Миний ажил хүний ашиг сонирхлын төлөө байдаг гэдгийг зарим нь мэддэг атлаа Есүс бид хоёрыг харилцан үл нийцэх, бүрмөсөн салангид хоёр оршихуй гэж бодсоор байдаг. Тухайн үед Есүс хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, залбирлаараа хэрхэн гуйх, бусдад хэрхэн хандах гэх мэт сэдэвтэй хэдэн цуврал сургаалыг л Нигүүлслийн эрин үед шавь нартаа айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Өөрийг нь дагадаг хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэрээр Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн ба эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй юм. Ехова Хуулийн эрин үед Хуучин Гэрээний хуулийг тогтоох үедээ яагаад Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийгээгүй юм бэ? Яагаад Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан тодорхой болгоогүй юм бэ? Хүн хүлээн зөвшөөрөхөд энэ нь тус болох байсан биш үү? Тэрээр эрэгтэй хүүхэд төрж, эрх мэдэлд хүрнэ гэдгийг л зөгнөсөн болохоос Нигүүлслийн эрин үеийн ажлыг урьдчилан гүйцэтгээгүй юм. Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой хил хязгаартай байдаг; Тэр тухайн эрин үеийнхээ ажлыг л хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Энэ маягаар л эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү товойн гарч чаддаг. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмай үүрч, зовлонг тэвчих талаар л ярьсан; Тэрээр, эцсийн өдрүүдийн хүн хэрхэн орох ёстой, Бурханы хүслийг хангахын тулд хэрхэн эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй. Ийм байхад Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг Библиэс хайх нь утгагүй биш үү? Зүгээр л Библитэй зууралдсанаар чи юу харж чадах юм бэ? Библи тайлбарлагч ч бай, номлогч ч бай, өнөөдрийн ажлыг хэн урьдчилан харж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 286

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь-үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Энэ итгэл нь учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 287

Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг ердөө л оюун ухаан, үзэл баримтлалынх байдаг, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олж авахын төлөө байдаг, тэгвэл итгэл чинь ямар болж таарах вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний мэхлэлтийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолтой чинь нийцдэггүй үнэний үгийг яллахаа л мэддэг. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хүсэл чинь хаана байна вэ? Бурханыг хүндлэх хүндлэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, бодлогогүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол ухаангүй, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бардамналд идэгдсэн байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас зөвлөе. Бурханыг өчүүхэн төдий хүндэтгэх зүрх сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар том эмгэнэл болох бус уу? Ихээхэн судалж шинжилснийхээ дараа ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал эцэстээ шийтгүүлж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханаар авруулахад тохирохгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очихуйц ерөөгдсөн хүн биш гэж үү? Бодоод үз! Бодлогогүй, хуумгай бүү бай, Бурханд итгэх итгэлд тоглоом мэт бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хэтийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод, мөн өөрөөрөө бүү тогло. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадах уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 288

Тухайн үед Есүсийн ажлын нэг хэсэг нь Хуучин Гэрээний дагуу, түүнчлэн Хуулийн эрин үеийн Мосегийн хууль, Еховагийн үгийн дагуу байв. Есүс Өөрийн ажлын нэг хэсгийг хийхдээ энэ бүхнийг ашигласан юм. Тэрээр хүмүүст номлож, синагогт тэдэнд зааж сургаж, Өөртэй нь дайсагнадаг фарисайчуудыг зэмлэхийн тулд Хуучин Гэрээн дэх эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж, тэдний дуулгаваргүй байдлыг илчилж, улмаар тэднийг яллахын тулд Бичвэрийн үгийг ашигласан. Учир нь тэд Есүсийн хийсэн зүйлийг үзэн ядсан; ялангуяа Есүсийн ажлын ихэнх нь Бичвэр дэх хуулийн дагуу байгаагүй, түүнчлэн Түүний зааж сургасан зүйл тэдний өөрсдийнх нь үгээс илүү өндөр, Бичвэр дэх эш үзүүлэгчдийн зөгнөсөн зүйлээс ч илүү дээгүүр байсан учраас тэд үзэн яджээ. Есүсийн ажил зөвхөн хүний золин аврал болон цовдлолын төлөө л байсан тул ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд илүү их үг хэлэх хэрэггүй байсан юм. Хүмүүст Түүний заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй ч гэсэн, Тэрээр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж мөн л чадсан юм. Түүний ажил үгийн ажил байгаагүй, хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө ч хийгдээгүй, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө хийгдсэн ажил билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болсон бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгийн эх сурвалж болоогүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох Харь үндэстний ажлыг хийгээгүй, харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр ажил нь Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэрээр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил мөн л Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг байлдан дагуулах боломжгүй байх байсан, учир нь Хуучин Гэрээнд Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдал болон нүглийг тэмдэглээгүй байдаг ба та нарын нүглийн тухай ямар ч түүх байдаггүй. Иймээс хэрвээ энэ ажил мөн л Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй байсан. Библи нь израильчуудын хязгаарлагдмал түүхийг л тэмдэглэсэн байдаг бөгөөд сайн муу эсэхийг чинь тогтоох юм уу та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байлаа гээд төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх байсан уу? Та нар хэчнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол байлдан дагуулах ажлыг гүйцэлдүүлэх боломжгүй байх байв. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг байлдан дагуулахын тулд Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой. Есүсийн хийсэн ажил Хуучин Гэрээнээс ердөө нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр: “Би хуулийг хэрэгсэхгүй болгохын тулд биш, харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн бэ? Гэсэн ч Хуучин гэрээний израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш, харин гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулж байсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан, цаашлаад энэ нь илүү амьд агаад дүрэм журмыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй гэж үү? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэрээр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ хүссэнээрээ хийнэ гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгддэг бүхэн өнөө үед үндэслэдэг ч Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээг давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах, садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаарддаг зүйл зөвхөн Арван Тушаалаар хязгаарлагддаггүй, харин урьд байснаас илүү өндөр зэрэглэлийн тушаал болон хуулиас бүрддэг. Гэхдээ энэ нь урьдын зүйлсийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат бүр урьд нь явагдсан үе шатны суурин дээр хийгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээн шүтэхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй, эсвэл хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхсэн юм идэхгүй, цус уухгүй байх гэх мэт тухайн үед Еховагийн Израильд хийсэн ажлын тухайд бол, өнөөдөр ч гэсэн энэ нь хэрэгжүүлэлтийн чинь суурийг бүрдүүлдэггүй гэж үү? Өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл ажил хийгдсээр ирсэн. Хэдийгээр өнгөрсөн үеийн хуулиудыг дурдахаа больж, чамд шинэ шаардлага тавьсан боловч эдгээр хууль хүчингүй болоогүйгээр үл барам, харин ч илүү өндөрт өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлбэл өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэхдээ зарим тушаалыг чи мөн л үүрд мөнхөд баримтлах ёстой. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжиж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд “тамхи татаж болохгүй”, “архи ууж болохгүй” гэх мэт тушаалуудыг онцлон тэмдэглэх хэрэггүй. Энэ суурин дээр, өнөөдрийн хэрэгцээний чинь дагуу, биеийн хэмжээний чинь дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргадаг. Шинэ эрин үеийн тушаалуудыг тунхаглах нь хуучин эрин үеийн тушаалуудыг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг биш, харин хүний үйлдлийг илүү бүрэн гүйцэд болгож, бодит байдалтай илүү зохицолтой болгохын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм. Хэрвээ өнөөдөр та нараас израильчуудын адилаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөхийг л шаардсан бол, тэр ч бүү хэл Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байлаа. Хэрвээ та нар тэр хэдхэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжилсэн бол хуучин зан чанар чинь гүнзгий шингэсэн хэвээр үлдэх байсан бөгөөд үүнийг үндсээр нь арилгах ямар ч аргагүй байх байв. Тиймээс та нар улам бүр доройтох байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болохгүй байх байсан юм. Өөрөөр хэлбэл, хэдхэн энгийн тушаал, эсвэл тоймгүй олон хууль Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг цээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн чин үнэнч байдлыг ганцхан Түүнд өгч чаддаг байсан. Харин та нар үүнд хүрч чадахгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдхэн тушаал нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх, эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр үл барам, харин ч та нарыг цалгар болгож, Үхэгсдийн орон руу унагана. Учир нь Миний ажил байлдан дагуулалтын ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болон хуучин зан чанар луу чиглэдэг. Ехова, Есүс хоёрын эелдэг үг өнөөгийн шүүлтийн хатуу үгээс хавьгүй дутмаг байдаг. Тийм хатуу үггүйгээр, хэдэн мянган жилийн турш дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт хуучин хуулиас хавьгүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн шалихгүй хязгаарлалтууд биш, харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш, харин хэдэн мянган жилийн турш ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо хүрэх ёстой зүйл өнөөдрийн хүний бодит байр байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байдаг бөгөөд дүрэм журам баримтлахыг чамаас шаарддаггүй. Ингэснээр хуучин зан чанарт чинь өөрчлөлт гарч, чи өөрийн үзлийг хаяж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 289

Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ, илүү агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой. Хором бүрд Бурханы Сүнс үргэлж шинэ ажил хийж байгаа ба хуучин арга зам, дүрэм журамтай хэзээ ч зууралддаггүй. Мөн Түүний ажил хэзээ ч зогсоогүй, харин хором мөч өнгөрөх бүрд хийгдсээр байгаа. Хэрвээ чи, Ариун Сүнсний ажил хэзээ ч хувиршгүй гэж хэлдэг бол, сүм дотор Өөрт нь үйлчлэхийг Ехова тахилчдаас шаардсан атал Есүсийг ирэх үед хүмүүс Түүнийг тэргүүн тахилч, Давидын гэрийн нэгэн, түүнчлэн тэргүүн тахилч, агуу Хаан гэж хэлж байсан ч Есүс яагаад сүмд ороогүй юм бэ? Яагаад Тэр тахил өргөөгүй вэ? Сүмд орсон ч бай, эсвэл үгүй ч бай—энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил биш гэж үү? Хэрвээ хүний төсөөлдгөөр Есүс дахин ирж, эцсийн өдрүүдэд Есүс гэж нэрлэгдсэн хэвээр байж, Есүсийн дүрээр хүмүүсийн дунд цагаан үүл хөлөглөн бууж ирсэн бол Түүний ажил давтагдсан хэрэг болох бус уу? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдаж чадах уу? Хүний боддог бүхэн нь үзэл бөгөөд хүний ойлгодог бүхэн нь үгчилсэн утгын дагуу, бас өөрсдийнх нь төсөөллийн дагуу байдаг; тэр нь Ариун Сүнсний ажлын зарчимтай тохирдоггүй бөгөөд Бурханы санаа зорилгод нийцдэггүй. Бурхан тийм маягаар ажиллахгүй; Бурхан тийм ч мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил чиний төсөөлдөг шиг тийм энгийн биш. Хүмүүсийн төсөөлдөг бүхэнд үндэслэвэл Есүс үүл хөлөглөн ирж, та нарын дунд бууна. Үүл хөлөглөсөн Тэрээр Өөрийгөө Есүс мөн гэж хэлэхийг та нар харна. Та нар бас Түүний гар дахь хадаасны сорвийг олж хараад, Есүс мөн гэдгийг нь мэднэ. Тэрээр та нарыг дахин аварч, та нарын хүчирхэг Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, дор бүрд чинь цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болж, диваажин руу хүргэгдэнэ. Ийм итгэл нь хүний үзэл биш гэж үү? Бурхан хүний үзлийн дагуу ажилладаг уу, эсвэл хүний үзлийн эсрэг ажилладаг уу? Хүний бүх үзэл Сатанаас үүдэн гардаггүй гэж үү? Бүх хүнийг Сатан завхруулаагүй гэж үү? Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг хүний үзлийн дагуу хийсэн бол Сатан болчихгүй гэж үү? Тэр Өөрийнхөө бүтээлүүдтэй адил төрлийнх байх бус уу? Түүний бүтээлүүдийг одоо Сатан маш их завхруулж, хүн Сатаны биелэл болсон тул хэрвээ Бурхан, Сатаны зүйлсэд нийцүүлэн ажилласан бол Сатантай хуйвалдаж байгаа хэрэг болох бус уу? Хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Тиймээс Бурхан хэзээ ч хүний үзлийн дагуу ажиллахгүй, хэзээ ч чиний төсөөлдөг шигээр ажиллахгүй. Үүлэн дээр ирнэ гэж Бурхан Өөрөө хэлсэн гэцгээдэг хүмүүс бий. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг нэг ч хүн ухан ойлгож чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурханы үгийг нэг ч хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн гэдэгт чи өчүүхэн ч эргэлзэхгүйгээр итгэж байна уу? Мэдээж Ариун Сүнс чамд тийм шууд байдлаар харуулаагүй биз дээ? Үүнийг Ариун Сүнс зааварласан уу, эсвэл өөрийн чинь үзэл чамайг ингэж бодоход хүргэсэн үү? Чи: “Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн” гэсэн. Гэхдээ Бурханы үгийг хэмжихдээ бид өөрсдийн үзэл, оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн хэлсэн үгийн тухайд гэвэл, чи түүний үгийг туйлын итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Чи түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Чи Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яагаад Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлдэг юм бэ? Есүс, Исаиа хоёрын хэн нь илүү өндөр дээд вэ? Хариулт нь Есүс байхад чи яагаад Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг юм бэ? Бурхан Өөрийнхөө ажлын талаар чамд урьдчилан хэлэх үү? Ганц ч бүтээгдсэн зүйл, бүр тэнгэр дэх элчүүд, хүний Хүү ч мэдэж чадахгүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ? Хүн хэтэрхий дутуу дулимаг. Одоо чиний хувьд хамгийн чухал зүйл бол ажлын гурван үе шатыг мэдэх явдал юм. Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат тасралтгүй уялдаатайгаар Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг хуваадаг бүх хүн Бурханыг эсэргүүцэн зогсдог. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлговол зохино. Үүнд эргэлзэх юмгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 290

Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн “Хургыг хаашаа ч явсан дагах” ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран, хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ойрхон дагадаг. Ингэвэл Ариун Сүнс яаж хүнийг таягдан хаяж чадах юм бэ? Бурхан юу ч хийдэг бай, хүн энэ нь Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад Бурханыг ямар нэг модон хүн мэт даруй тодорхойлж, Бурхан үүрд өөрийнх нь хардаг шиг төрхтэй байна, өнгөрсөнд ямар байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг мэддэг болчихоод, ямар хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байгаа нь хамаагүй, хүн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс билээ. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч бас Бурханыг голдог. Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан” нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг ч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тэгэхээр хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байж, Бурханы ерөөлийг мөн л хүлээн авдаггүйд гайхах юмгүй. Энэ нь хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажилтай хөл нийлүүлээгүй, дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай байх болно гэж найдан, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлнэ гэж боддог. Гэсэн атлаа, Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэх талаар ч бат итгэлтэй байж чаддаггүй, түүгээр ч үл барам төсөөлсөн тэр өдөр нь Есүс үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэддэггүй; урсгал бүрээс ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсийг Бурхан нэг бүрчлэн авах эсэхийг ч мэддэггүй. Бурханы одоо хийдэг ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—эдгээрийн алийг нь ч тэд ухаардаггүй бөгөөд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чаддаггүй. Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасалдаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагаж, Бурханы үгийг сахидаг” болохоор Бурхан өөрсдийг нь тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд Бурханы хэлсэн үгэнд “чин үнэнч” ханддаг ч Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, ёрын мууг үйлддэг учраас үг, үйлдэл нь маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадахаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болж, шинэ эринд гологдон, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн мөс чанаргүй гэж олонх нь итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлыг мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь хэтийн ирээдүйг сүйрүүлэх болно. Бурханы ажил дүрэм журам мөрддөггүй, Өөрийнх нь ажил байлаа ч гэсэн Бурхан мөн л үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэх ёстой зүйлийг үгүйсгэж, таягдах ёстой зүйлийг таягдан хаях ёстой. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурч, өөрийгөө Бурхантай дайсагнасан байр сууринд тавьдаг. Энэ нь хүний утгагүй байдал биш гэж үү? Хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байх вий гэж эмээж, болгоомжлох тусам хүмүүс илүү их ерөөл олж авч чадахгүй бөгөөд эцсийн ерөөлийг хүртэж бүр чадахгүй. Хуулийг боол мэт сахидаг хүмүүс бүгд хуулинд туйлын үнэнч болохоо харуулдаг ба хуулинд үнэнч байдлаа харуулах тусмаа төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо үе бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг урьдын ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж ч болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч бас өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмай үүрэх явдал биш, тиймээс хууль болон загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы сайшаалыг хүртэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 291

Өнөөдөр чамайг байлдан дагуулахын зорилго нь Бурхан бол чиний Бурхан, бас бусдын Бурхан, хамгийн чухал нь Түүнийг хайрладаг бүхний Бурхан, бүх бүтээлийн Бурхан гэдгийг чамаар хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Тэр бол израильчуудын Бурхан бөгөөд Египетийн ард түмний ч Бурхан юм. Тэр бол англичуудын Бурхан, америкчуудын Бурхан билээ. Тэр бол зөвхөн Адам Евагийн Бурхан биш, бас тэдний бүх үр удмын Бурхан. Тэр бол тэнгэр дэх бүх зүйлийн, мөн газар дахь бүх зүйлийн Бурхан билээ. Израильчууд ч бай, Харь үндэстэн ч бай, бүх гэр бүл бүгд нэгэн Бурханы гарт байдаг. Тэр Израильд хэдэн мянган жил ажиллаж, Иудейд нэгэнтээ төрөөд зогсохгүй, өнөөдөр агуу улаан лууны цагариглан хэвтдэг газар болох Хятадад бууж ирсэн. Хэрвээ Иудейд төрсөн нь Түүнийг иудейчүүдийн Хаан болгодог юм бол та бүхний дунд өнөөдөр бууж ирэх нь Түүнийг та бүгдийн Бурхан болгохгүй гэж үү? Тэр израильчуудыг удирдаж, Иудейд төрсөн бөгөөд бас Харь үндэстний нутагт төрсөн. Түүний бүх ажил Өөрийн бүтээсэн бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг бус уу? Тэр израильчуудыг зуу дахин их хайрлаж, Харь үндэстнүүдийг мянга дахин их жигшдэг үү? Энэ та нарын үзэл биш гэж үү? Бурхан хэзээ ч та нарын Бурхан байгаагүй юм биш, харин ч та нар л Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй; Бурхан та нарын Бурхан байхыг хүсдэггүй юм биш, харин ч та нар л Бурханыг голдог. Бүтээгдсэн зүйлийн дотроос хэн Төгс Хүчитийн гарт байдаггүй вэ? Та нарыг өнөөдөр байлдан дагуулахын зорилго нь Бурхан бол та нарын Бурханаас өөр хэн ч биш гэдгийг та нараар хүлээн зөвшөөрүүлэх явдал биш гэж үү? Хэрвээ та нар, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан гэж үзсэн хэвээр, мөн Израиль дахь Давидын гэр бол Бурханы төрөлтийн уг сурвалж бөгөөд Израилиас өөр ямар ч үндэстэн Бурханыг “бий болгох” эрхгүй, тэр ч бүү хэл ямар ч Харь үндэстний гэр бүл Еховагийн ажлыг биечлэн хүлээн авч чадахгүй гэж бодсоор байвал энэ нь чамайг зөрүүд эсэргүүцэгч болгохгүй гэж үү? Израиль дээр үргэлж харцаа бүү тогтоо. Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа. Бас тэнгэр лүү ч бүү ширтсээр бай. Тэнгэр дэх Бурханаа хүсэмжлэхээ боль! Бурхан та нарын дунд ирсэн, тэгэхээр Тэр яаж тэнгэрт байж болох юм бэ? Чи Бурханд тийм ч удаан итгээгүй атлаа Түүний талаар ихээхэн үзэл өвөрлөн, израильчуудын Бурхан Өөрийн биеэр та нарыг нигүүлсэнэ гэдгийг нягтлан бодохгүй байж зүрхлэхдээ тулдаг. Өөрсдөө тэвчихийн аргагүй бохир болохоор та нар Бурхан биечлэн гарч ирэхийг хэрхэн харах талаар бодохгүй байж зүрхлэхдээ ч тулдаг. Бас Бурхан Харь үндэстний нутагт хэрхэн биечлэн бууж ирэх талаар хэзээ ч бодож байгаагүй. Тэр Синаи Уул, эсвэл Чидун Уулан дээр буун ирж, израильчуудад харагдах учиртай. Харь үндэстнүүд (өөрөөр хэлбэл, Израилийн гаднах хүмүүс) нь бүгд Түүний жигшил зэвүүцлийн бай биш гэж үү? Тэр яаж тэдний дунд биечлэн ажиллаж чадах юм бэ? Энэ бүхэн нь олон жилийн туршид та нарын бий болгосон, гүн үндэслэсэн үзэл юм. Та нарыг өнөөдөр байлдан дагуулахын зорилго нь эдгээр үзлийг чинь эвдэх явдал. Тиймээс Бурхан Синаи Уулан дээр, эсвэл Чидун Уулан дээр биш, харин урьд нь хэзээ ч удирдаж байгаагүй хүмүүсийнхээ дунд—та нарын дунд биечлэн илрэхийг та нар хардаг. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа израильчууд болон бүх Харь үндэстний аль аль нь, Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Харь үндэстнүүдийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байхыг л хүсэж байгаа гэх үзэлтэй болсон. Израильчууд, Бурхан зөвхөн бидний Бурхан байж болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг гэж итгэдэг. Иудей хүмүүс ч бас ингэж итгэдэг: Эзэн Есүс иудей хүмүүс бидний дүр төрхийг авсан бөгөөд иудей хүмүүсийн тэмдгийг тээдэг Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л израильчууд болон иудей хүмүүс энэ бүх үзлийг бий болгосон. Тэд Бурханыг өөрсдийнх нь гэж түрэмгийлэн зарладаг ба Бурхан бол Харь үндэстнүүдийн ч Бурхан мөн гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм маягаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон зай болсон. Учир нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан байхыг хүсдэггүй, Тэр зөвхөн израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст л дуртай ба ялангуяа Өөрийг нь дагаж байсан шавь нар болох иудейчүүдэд л дуртай гэж хүн бүр итгэх болсон юм. Ехова, Есүс хоёрын хийсэн ажил бүх хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилийн гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг чи одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа бус уу? Энэ нь зүүд байж болохгүй биз дээ? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй юу? Та нар үүнд итгэж, эсвэл энэ талаар бодож зүрхэлдэггүй. Үүнийг яаж харахаас чинь үл хамааран, Бурхан яг энд та нарын дунд байгаа бус уу? Та нар энэ үгэнд итгэхээс мөн л айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх байлдан дагуулагдсан хүмүүс болон Бурханы дагагчид болохыг хүсдэг бүхэн Бурханы сонгосон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын танин мэдэх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг байлдан дагуулах ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та нар бүгд Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 292

Хуучин үзлээ хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь хуучин үзэлтэй заавал адил байх албагүй. “Үзэл” гэдэг нь хүний төсөөлсөн, бодит байдалтай нийцэхгүй зүйлсийг хэлдэг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд хүнийг шинэ ажилд ороход нь саад болдог бол ийм мэдлэг ч бас үзэл юм. Хүн ийм мэдлэгт зөв хандлага баримталж чадвал, мөн хуучин, шинэ хоёрыг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болж, шинэ эрин үед орох үндэс суурь нь болдог. Бурханыг мэдэх хичээл нь, Бурханы шинэ ажлын бүх зохицуулалтад захирагдахын тулд Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин зан чанараас хэрхэн ангижрах зэрэг олон зарчмыг эзэмшихийг чамаас шаарддаг. Хэрвээ чи эдгээр зарчмыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал мэдлэг чинь улам бүр гүн гүнзгий болно. Хэрвээ чи ажлын гурван үе шатны талаар, өөрөөр хэлбэл, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлын талаар тодорхой мэдлэгтэй бол, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханы хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хамгийн бат бэх суурь чинь энэ болно. Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шатыг Бурхан Өөрөө л хийж чадна, ямар ч хүн ийм ажлыг Түүний өмнөөс хийж чадахгүй—өөрөөр хэлбэл, эхлэлээс авхуулаад өнөөдрийг хүртэл Бурхан л Өөрийн ажлыг Өөрөө хийж чадна. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үед, өөр өөр газарт явагдаж, мөн ажил бүр нь ялгаатай байсан ч энэ нь бүгд нэг Бурханы хийсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл энэ бөгөөд хүн үүнийг бүрэн ойлговол бат зогсож чадна. Өнөөдөр төрөл бүрийн шашин болон урсгалд тулгараад байгаа хамгийн том асуудал бол Ариун Сүнсний ажлыг мэддэггүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний бус ажлыг ялган салгаж чаддаггүй, иймээс өмнөх хоёр үе шатны ажилтай адилаар энэ үе шатны ажлыг ч бас Ехова Бурхан хийсэн эсэхийг тэд тодорхой харж чадахгүй. Хэдийгээр ихэнх хүмүүс Бурханыг дагадаг ч энэ нь зөв зам эсэхийг хүмүүс одоо ч тодорхой харж чадахгүй. Энэ зам нь Бурхан Өөрөө биечлэн удирддаг зам мөн эсэх, бие махбодтой болсон Бурхан бодит эсэхэд хүн санаа зовдог бөгөөд ийм зүйлсийг хэрхэн ялган таних талаар ихэнх хүнд ямар ч сэжүүр байдаггүй. Бурханыг дагадаг хүмүүс замыг тодорхойлж чаддаггүй бол ярьсан сургаалууд нь энэ хүмүүсийн дунд үр дүнгээ бүрэн өгч чадалгүй, ердөө хагас хугас үр нөлөөтэй байдаг, энэ нь хүмүүсийн амийн оролтод нөлөөлдөг. Хэрвээ хүн ажлын гурван үе шатнаас, эдгээр нь өөр өөр цаг үед, өөр өөр газарт, өөр өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал; мөн ажил нь өөр байсан ч энэ бүгдийг нэг Бурхан хийсэн ба энэ нь нэг Бурханы хийсэн ажил тул алдаа мадаггүй зөв байж таарна, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь нэг Бурханы хийсэн ажил мөн гэдгийг үгүйсгэх аргагүйг харж чадвал; хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил мөн гэдгийг баттай хэлж чадвал хүний үзэл дурдахын ч хэрэггүй, ердөө ялихгүй зүйл болох болно. Хүний үзэгдэл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг Бурхан, Есүсийг Эзэн гэж л мэдэн, өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы тухайд сэтгэл нь хоёрддог учраас олон хүн Ехова болон Есүсийн ажлаас салж ядан, өнөөдрийн ажлын талаар олон үзэлд баригддаг ба ихэнх хүн үргэлж эргэлзэн, өнөөдрийн ажлыг нухацтай авч үздэггүй. Ажлын үл үзэгдэх өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй, учир нь хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүй юм. Ажлын энэ үе шатуудыг харж чадахгүй учраас хүн хүссэнээрээ төсөөлдөг; хүн юу ч төсөөллөө гэсэн ийм төсөөллийг батлах баримт байдаггүй, мөн засаж залруулах хүн ч байдаггүй. Хүн зан аашаа зоргоор нь тавьж, сэрэмж болгоомжоо салхинд хийсгээд, төсөөлөлдөө умбадаг, мөн энэ төсөөллийг батлах ямар ч баримт байхгүй учраас ямар нэг үндэслэл бий эсэхээс үл хамааран хүний төсөөлөл нь “баримт” болдог. Тиймээс хүн ой ухаандаа өөрийн төсөөлсөн Бурханд итгэн, бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Нэг хүнд нэг төрлийн итгэл байвал зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээр сонссоноос биш, нүдээр үзээгүй. Хүн үлгэр, домог сонссон байдаг боловч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг сонссон байх нь ховор. Тиймээс нэг жил итгэсэн хүмүүс өөрсдийн үзлээр Бурханд итгэдэг. Насан туршдаа Бурханд итгэсэн хүмүүс ч бас тэгдэг. Баримтыг харж чаддаггүй хүмүүс Бурханы талаарх үзэл бүхий итгэлээсээ хэзээ ч мултарч чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээсээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл, цуурхал л төдий гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Хүн өөрийнхөө үзлийг алдаа мадаггүй зөв гэж бодон, эдгээр үзэл Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ зоргоор нь тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, санаа нь энэ үе шатны ажилд саад болсон ба ийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү болсон. Алхам алхмаар явагдах энэ ажлын тухайд бол, өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүний үзэл улам бүр ноцтой болсон бөгөөд энэ хүмүүст бие махбодтой болсон Бурханы эсрэг эвлэршгүй үзэн ядалт аажмаар үүссэн. Энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөлөлд оршдог. Хүний үзэл, төсөөлөл нь өнөөдрийн ажил буюу хүний үзэлтэй нийцдэггүй ажлын дайсан болжээ. Баримт нь хүнд төсөөлөлдөө умбах боломж олгодоггүй, түүнчлэн хүн дураараа няцаахыг зөвшөөрдөггүй, мөн хүний үзэл, төсөөлөл нь баримт байгааг тэвчдэггүй, цаашлаад хүн баримтын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг дураар нь тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг учраас л ийм зүйл болсон юм. Үүнийг хүний үзлийн алдаа л гэж хэлж болохоос биш, Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн хүссэн бүхнээ төсөөлж болох ч Бурханы ажлын ямар ч үе шат юм уу үүний өчүүхэн төдий хэсгийг ч дураараа няцааж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм. Чи төсөөллөө зөнгөөр нь орхиж, тэр ч бүү хэл Ехова болон Есүсийн ажлын талаар сайхан түүхүүдийг эмхэтгэн гаргаж болох ч Ехова болон Есүсийн ажлын үе шат бүрийн баримтыг няцааж болохгүй; энэ бол зарчим төдийгүй захиргааны зарлиг бөгөөд эдгээр асуудлын чухал ач холбогдлыг та нар ойлгох ёстой. Ажлын энэ үе шат нь хүний үзэлтэй нийцдэггүй, харин ажлын өмнөх хоёр үе шатны хувьд тийм байгаагүй гэж хүн итгэдэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, өмнөх хоёр үе шатны ажил нь өнөөдрийн ажилтай яавч адилгүй гэж итгэдэг, гэвч Бурханы ажлын зарчмууд бүгд адилхан, Түүний ажил үргэлж бодитой байдаг бөгөөд эрин үеэс үл хамааран Түүний ажлын баримтыг эсэргүүцэж, сөргөлдөх хүн үргэлж асар олон гарч ирдэг гэснийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өнөөдөр энэ үе шатны ажлыг эсэргүүцэж, сөргөлдөж байгаа бүх хүн өнгөрсөн үед ч гэсэн Бурханыг эсэргүүцэж байсан нь эргэлзээгүй, учир нь тийм хүмүүс бүгд Бурханы дайсан юм. Бурханы ажлын баримтыг мэддэг хүмүүс нь ажлын гурван үе шатыг нэг Бурханы ажил гэж үзэн, өөрсдийн үзлийг орхиж чаддаг. Эдгээр нь Бурханыг мэддэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс бол Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс юм. Бурханы бүхий л удирдлага төгсөх дөхөхөөр Бурхан бүх зүйлийг төрлийнх нь дагуу ангилах болно. Бүтээгчийн гар хүнийг бүтээсэн ба эцэст нь Тэр хүнийг Өөрийн эрх мэдэл дор бүрэн эргүүлэн авчрах ёстой; ажлын гурван үе шатны төгсгөл энэ юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль, Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хүмүүс энэ ажлын ихэнхийг туулаагүй, нүдээр үзээгүй хэдий ч баримт бол баримт хэвээрээ л байна, үүнийг ямар ч хүн үгүйсгэх аргагүй. Орчлон ертөнцийн газар болгонд байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын тодорхой нэг үе шатыг л мэддэг, нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед Бурханы хийсэн ажлыг ойлгодоггүй бол Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярьж чадахгүй ба Бурханы талаарх мэдлэг чинь өрөөсгөл байна, учир нь чи Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг ойлгодоггүй тул Бурханд гэрчлэл хийхэд тохирохгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүн гүнзгий ч бай, өнгөц ч бай, эцэст нь та нар мэдлэгтэй болж, бүрэн үнэмших ёстой, тэгээд бүх хүн Бурханы ажлыг бүхэлд нь харж, Бурханы эрх мэдэл дор захирагдана. Энэ ажлын төгсгөлд бүх шашин нэг болж, бүх бүтээл Бүтээгчийн эрх мэдэл дор эргэн ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх муу шашин үгүй болж, хэзээ ч дахин гарч ирэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 293

Бурханы ажлын зорилго, хүн дээр хүрдэг үр нөлөө болон хүний төлөөх Бурханы хүсэл яг юу болохыг ухаарах нь Бурханыг дагадаг хүн бүрийн хүрэх ёстой зүйл юм. Өнөө үед бүх хүнд дутагддаг зүйл бол Бурханы ажлын тухай мэдлэг билээ. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл хүмүүс дээр ажилласан Бурханы үйл хэрэг, Бурханы бүхий л ажил болон хүнийг гэх Бурханы хүсэл яг юу болох—эдгээр нь хүний мэддэг ч үгүй, ойлгодог ч үгүй зүйлс юм. Энэхүү дутагдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, бас Бурханд итгэдэг бүх хүнээс ч харагддаг. Чи үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг үнэхээр ухаарч, Бурханы хийсэн бүх үйл хэргийг харж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг таньж—Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүмүүст хийсэн бүх ажлыг нь харах өдөр ирэхэд—тэр үед чи Бурханд итгэх итгэлдээ амжилт гаргасан байх болно. Бурхан бүхнийг хамардаг ба бүхэлдээ элбэг дэлбэг гэж хэлэх үед чухамдаа Тэр ямар байдлаар бүхнийг хамардаг вэ, мөн ямархуу маягаар бүхэлдээ элбэг дэлбэг байдаг вэ? Хэрвээ чи үүнийг ойлгохгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэж болохгүй. Шашны ертөнц дэх хүмүүс Бурханд итгэгчид бус, харин мууг үйлдэгч, диаволын төрлийнх гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа минь тэд Бурханы хүслийг ойлгодоггүй, мэргэн ухааныг нь хардаггүйгээс болж байгаа юм. Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч тэдэнд илчилдэггүй. Тэд бол сохор; тэд Бурханы үйл хэргийг харж чаддаггүй, Бурханд хаягдсан ба тэдэнд Бурханы халамж, хамгаалалт огтхон ч байдаггүй, Ариун Сүнсний ажил бүр ч байдаггүй. Бурханы ажилгүй хүмүүс бол бүгд мууг үйлдэгчид, Бурханыг эсэргүүцэгчид юм. Миний ярьдаг, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг амаараа хүлээн зөвшөөрдөг атлаа Түүнийг мэддэггүй хүмүүс, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүс, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүсийг хэлдэг. Бурханы ажлын зорилгыг ойлгохгүйгээр, хүнд Бурханы хийдэг ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы хүсэлтэй нийцэж чадахгүй, Бурханы гэрчлэлд зогсож ч чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний завхарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажилладаг зарчим, хүнийг гэх Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханд хандах хүний эсэргүүцлийн түүхийг бүрдүүлдэг. Хүний уг чанар дотор Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл байдаг учраас шинэхэн итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс завхарсан зан чанар дээрээ нэмээд Бурханыг мэддэггүйгээсээ болж Түүнийг эсэргүүцдэг. Бурханыг махбод болохоос өмнөх хугацаанд, хүн тэнгэр дэх Бурханы тогтоосон зарлигуудыг мөрддөг эсэхэд үндэслэн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь хэмжигддэг байв. Тухайлбал, Хуулийн эрин үед Еховагийн хуулийг мөрддөггүй хэнийг ч бай Бурханыг эсэргүүцдэг хүн гэж үздэг байлаа; Еховагийн тахилыг хулгайлсан хэнийг ч, Еховагийн тааллыг олсон хүмүүсийг эсэргүүцдэг хэнийг ч Бурханыг эсэргүүцдэг хүн гэж үзээд чулуугаар шидэж хөнөөдөг байв; эцэг, эхээ хүндэлдэггүй хэнийг ч, мөн бусдыг цохисон юм уу хараасан хэнийг ч хуулийг мөрдөөгүй хүн гэж үздэг байлаа. Еховагийн хуулийг мөрдөөгүй бүх хүнийг Түүнийг эсэргүүцэж байна гэж үздэг байсан юм. Нигүүлслийн эрин үед ийм байхаа больж, Есүсийг эсэргүүцдэг хэнийг ч Бурханыг эсэргүүцсэн хүн гэж үзээд, Есүсийн айлдсан үгийг дуулгавартай дагаагүй хэнийг ч Бурханыг эсэргүүцсэн нэгэн гэж үзсэн билээ. Энэ удаа, Бурханыг эсэргүүцдэг арга замыг илүү үнэн зөв, илүү бодитоор тодорхойлсон. Бурханыг хараахан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, Түүнийг хүндэлдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Тухайн үед Бурханыг эсэргүүцэх арга замыг төдийлөн бодитой тодорхойлоогүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүр ямархуу болохыг ч, Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг ч мэдээгүй байсан юм. Бурхан хүнд хараахан харагдаагүй байсан учраас хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хүнд хэтэрхий их шаардлага ч тавиагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв. Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэл өвөрлөдөг боловч Түүнийг дуулгавартай дагахад бэлэн, дуулгавартай дагахыг хүсдэг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санаанд нь үндэслэж бус, харин санаа зорилго, үйлдэлд нь үндэслэн хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас зугтаж чадах ганц ч хүн үгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлнэ. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг энэ хүмүүсийн тухайд бол, тэдний эсэргүүцэл Бурханы талаарх үзлээс нь үүдэн гардаг ба энэ нь Бурханы ажлыг үймүүлэх үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажлыг үймүүлэх зүйлсийг хийдэг, энэ шалтгааны улмаас ийм төрлийн хүмүүс яллагдана. Бурханы ажлыг дур зоргоороо үймүүлдэггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд дуртайяа дуулгавартай дагаж чаддаг бөгөөд үймээн, саад тотгор учруулах үйлдэл хийдэггүй. Ийм хүмүүс яллагдахгүй. Гэхдээ хүмүүс Бурханы ажлыг олон жилийн турш туулсан ч Бурханы талаар үзэл өвөрлөсөөр, бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэх чадваргүй хэвээр байж, хэчнээн олон жил Түүний ажлыг туулсан ч Бурханы талаар үзэл тээсээр, Бурханыг мэдэж авч чадахгүй хэвээр байвал үймүүлэх юм хийгээгүй ч гэсэн тэдний зүрх сэтгэл Бурханы талаарх олон үзлээр дүүрсэн байх ба эдгээр үзэл ил болоогүй ч гэсэн, тийм хүмүүс Бурханы ажилд ямар ч тус дэмгүй байдаг. Тэд Бурханы төлөө сайн мэдээ түгээж, эсвэл Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй. Ийм хүмүүс бол ямар ч хэрэггүй, тэнэгүүд билээ. Тэд Бурханыг мэддэггүй, түүнчлэн Бурханы талаарх үзлээ хаяж огт чаддаггүй учраас яллагддаг. Үүнийг ингэж хэлж болно: Шинэхэн итгэсэн хүмүүсийн хувьд Бурханы талаар үзэл тээх юм уу Түүний талаар юу ч мэдэхгүй байх нь хэвийн юм, харин Бурханд олон жил итгэж, Бурханы ихээхэн ажлыг туулсан хүн үзэл өвөрлөсөөр байх нь хэвийн бус бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэггүй байх нь бүр ч хэвийн бус юм. Энэ нь хэвийн бус байдал учраас тэд яллагддаг. Энэ хэвийн бус хүмүүс бүгд хог новш; тэд бол Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы нигүүлслийг хий дэмий эдэлсэн хүмүүс юм. Ийм хүмүүс эцэстээ бүгд таягдан хаягдана!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 294

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол Бурханыг бүр ч их эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлдэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, түүнчлэн Бурханыг шууд харж байхдаа ч Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс бол хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, биеэ тоосон, ихэрхүү хүмүүс билээ. Бодит туршлагатай, Бурханы талаар бодитой мэдлэгтэй атлаа өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж боддог хүмүүсийг Тэр хамгийн их хайрладаг. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар төгс болгуулж үнэхээр чаддаг. Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы хүслийг ойлгодог атлаа үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы үгийг идэж, уудаг атлаа Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; бие махбодтой болсон Бурханы талаар үзэл тээдэг, түүнчлэн тэрслүү санаа бодолтой хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг шүүдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг мэдэж, эсвэл Түүнд гэрчлэл хийж чаддаггүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид билээ. Иймээс Би та нарыг шавдуулж байна: Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байгаа бол үргэлжлүүлэн дага. Харин та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр. Тэгэхгүй бол, та нарын хувьд юмс муугаар эргэх магадлал туйлын өндөр, учир нь та нарын уг чанар зүгээр л дэндүү их завхарсан. Та нарт үнэнч сэтгэл, дуулгавартай байдал, зөвт байдал, үнэнээр цангасан зүрх сэтгэл, Бурханыг гэх хайр өчүүхэн төдий ч байхгүй. Бурханы өмнөх нөхцөл байдал чинь туйлын замбараагүй байдаг гэж хэлж болно. Та нар баримтлах учиртай зүйлээ баримталдаггүй, ярих учиртай зүйлээ ярьж чаддаггүй. Мөн хэрэгжүүлэх учиртай зүйлээ хэрэгжүүлж чадаагүй, биелүүлэх учиртай чиг үүргээ биелүүлж чадаагүй. Та нарт байх учиртай үнэнч зан, мөс чанар, дуулгавартай байдал юм уу шийдвэр байдаггүй. Туулах ёстой зовлонгоо туулаагүй, та нарт байх учиртай итгэл ч байхгүй. Нэлээд энгийнээр хэлбэл, та нарт ямар ч гавьяа байхгүй: Үргэлжлүүлэн амьдрахаас ичихгүй байна гэж үү? Та нар мөнхөд амрахаар нүдээ аньж, тэгснээрээ та нарын тусын тулд санаа зовж, та нарын төлөө зовлон туулахаас Бурханыг хэлтрүүлсэн нь дээр гэж Би ятгаж байна. Та нар Бурханд итгэдэг ч Түүний хүслийг мэддэггүй; Бурханы үгийг идэж, уудаг ч хүнээс Бурханы шаарддаг зүйлийг биелүүлж чаддаггүй. Бурханд итгэдэг ч Түүнийг мэддэггүй бөгөөд ямар ч зорьсон зорилгогүй, ямар ч үнэ цэнгүй, ямар ч утга учиргүй амьдардаг. Та нар хүний хувиар амьдардаг ч ямар ч мөс чанар, ёс жудаг, өчүүхэн төдий ч найдвартай байдал байдаггүй—та нар өөрсдийгөө хүн гэж нэрлэж чадна гэж үү? Та нар Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэхэлдэг; түүнээс гадна, Бурханы мөнгийг аваад, Түүнд өргөсөн тахилыг иддэг. Гэсэн ч эцэст нь Бурханы мэдрэмжийг өчүүхэн төдий ч хайхардаггүй, Бурханыг гэх жаахан ч болов мөс чанар харуулдаггүй. Та нар Бурханы хамгийн ялихгүй шаардлагыг ч биелүүлж чаддаггүй. Та нар өөрсдийгөө хүн гэж нэрлэж чадна гэж үү? Бурханы хангасан хоолыг идэж, Түүний өгсөн хүчилтөрөгчөөр амьсгалж, нигүүлслийг нь эдэлдэг ч эцэст нь та нар Бурханы талаар өчүүхэн төдий ч мэддэггүй. Харин ч та нар Бурханыг эсэргүүцдэг ямар ч хэрэггүй хүмүүс болсон. Тэгэхээр та нар нохойноос ч дор араатан бус уу? Амьтдын дунд та нараас илүү хорлонтой амьтан байгаа гэж үү?

Өндөр индэр дээр зогсоод бусдад зааж сургадаг тэдгээр пастор, ахлагч бол Бурханыг эсэргүүцэгчид бөгөөд Сатаны хамсаатан юм; өндөр индэр дээр зогсоод бусдад зааж сургадаггүй та нар Бурханыг бүр ч их эсэргүүцдэг бус уу? Та нар бүр тэднээс ч илүү Сатантай сүлбэлддэг бус уу? Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс Бурханы хүсэлд хэрхэн нийцэхээ мэддэггүй. Мэдээж, Бурханы ажлын зорилгыг ойлгодог хүмүүс Бурханы хүсэлд хэрхэн нийцэхээ мэдэхгүй байна гэж үгүй. Бурханы ажил хэзээ ч алдаа мадаггүй байдаг; харин ч хүний эрэл хайгуул л дутагдалтай. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг өөдгүй хүмүүс тэр пастор, ахлагч нараас ч илүү зэвүүн, хорлонтой бус уу? Бурханыг эсэргүүцдэг хүн маш олон байдаг ч тэдний дунд Бурханыг эсэргүүцдэг олон өөр арга зам байдаг. Төрөл бүрийн итгэгчид байдгийн адилаар Бурханыг эсэргүүцдэг, өөр хоорондоо адилгүй янз бүрийн хүмүүс бий. Бурханы ажлын зорилгыг тодорхой танин мэдэж чаддаггүй хүмүүсийн нэг нь ч аврагдаж чадахгүй. Хүн урьд нь Бурханыг хэрхэн эсэргүүцэж байснаас үл хамааран, Бурханы ажлын зорилгыг ойлгож авч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд хичээл чармайлтаа зориулах үед түүний урьдын бүх нүглийг Бурхан арилгах болно. Хүн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж байгаа цагт хийсэн зүйлийг нь Бурхан санахгүй. Түүнчлэн, үнэнийг хэрэгжүүлснийх нь үндсэн дээр Бурхан хүнийг зөвтгөдөг. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Хүн Бурханыг харж, Түүний ажлыг туулахаасаа өмнө Бурханд хэрхэн хандаж байсан нь хамаагүй, Тэр үүнийг санадаггүй. Харин Бурханыг харж, Түүний ажлыг туулмагц хүний бүх үйлдэл, үйл хэргийг Бурхан “түүхэн бичигт” бичнэ, учир нь хүн Бурханыг харж, Түүний ажил дотор амьдарсан билээ.

Хүн Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг үнэхээр харж, дээдийн дээд байдлыг нь харж, Бурханы ажлыг үнэхээр мэдэж авах үед, түүнчлэн хүний хуучин зан чанар өөрчлөгдөх үед Бурханыг эсэргүүцдэг тэрслүү зан чанараа бүрэн хаясан байх болно. Нэгэн цагт хүн бүр Бурханыг эсэргүүцсэн ба нэгэн цагт хүн бүр Бурханы эсрэг тэрсэлсэн гэж хэлж болно. Гэвч хэрвээ чи бие махбодтой болсон Бурханыг дуртайяа дуулгавартай дагаж, энэ үеэс эхлэн үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж, хэрэгжүүлэх учиртай үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх учиртай үүргээ биелүүлж, мөрдөх учиртай дэг журмыг мөрддөг бол чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэрслүү байдлаа хаяхыг хүсдэг, Бурханаар төгс болгуулж чадах хүн юм. Чи алдаагаа харахаас татгалзаж, гэмших санаагүй байвал, мөн Бурхантай хамтран ажиллаж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах өчүүхэн ч болов санаа зорилгогүйгээр тэрслүү үйлдлээ хэвээр үргэлжлүүлж байвал чам шиг ийм зөрүүд, тэнэг хүн гарцаагүй шийтгүүлэх ба Бурханаар төгс болгуулах нэгэн байж хэзээ ч чадахгүй. Тийм болохоор чи өнөөдөр Бурханы дайсан, маргааш ч бас Бурханы дайсан байх бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; чи үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Тэгвэл Бурхан чамайг яаж хэлтрүүлж чадах юм бэ? Бурханыг эсэргүүцэх нь хүний уг чанар боловч уг чанараа өөрчлөх нь дааж давшгүй байдгаас болоод хүн Бурханыг эсэргүүцэх “нууцыг” зориуд эрж хайх ёсгүй. Хэрвээ тийм бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр, ирээдүйд гэсгээлт чинь илүү хатуу ширүүн болох вий, мөн зэрлэг догшин уг чанар чинь гарч ирж, махан бие чинь эцэстээ Бурханаар устгуулахдаа тултал дийлдэшгүй болох вий. Чи ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэдэг; гэвч эцэст нь золгүй явдал л чамд тохиолдох юм бол ичгүүртэй байх бус уу? Өөр төлөвлөгөө зохиосон нь хамаагүй дээр гэж Би та нарыг шавдуулж байна. Өөр юу ч хийсэн бай, Бурханд итгэхээс дээр байх болно: Мэдээж ганцхан энэ зам л байдаг байж таарахгүй. Та нар үнэнийг эрж хайгаагүй бол үргэлжлүүлэн амьдрах байсан биз дээ? Яах гэж ийм маягаар Бурхантай зөрөлдөх ёстой гэж?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 295

Би хүмүүсийн дунд их ажил хийсэн бөгөөд энэ хугацаандаа бас олон ч үг илэрхийлсэн. Эдгээр үг нь бүгд хүний авралын төлөө бөгөөд хүнийг Надтай нийцэлтэй болгохын тулд илэрхийлэгдсэн юм. Гэвч Би газар дээр Өөртэй минь нийцэлтэй байдаг хүн цөөн хэдийг л олж авсан, иймээс Миний үгийг хүн нандигнадаггүй гэж Би хэлнэ, учир нь хүн Надтай нийцдэггүй билээ. Энэ мэтчилэн, Миний хийдэг ажил хүнийг ердөө л Надад шүтэн мөргүүлэхийн төлөө байдаггүй; хамгийн гол нь, хүнийг Надтай нийцэлтэй байж чаддаг болгохын төлөө байдаг. Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Миний эсрэг байдаг хүмүүс бол Надтай нийцэлгүй хүмүүс юм. Мөн үнэнийг хайрладаггүй хүмүүс ч Надтай нийцэлгүй хүмүүс. Миний эсрэг тэрсэлдэг хүмүүс бол бүр ч Миний эсрэг байдаг, Надтай нийцдэггүй хүмүүс билээ. Надтай нийцэлгүй бүх хүнийг Би муу ёрын нэгний гарт өгч, муу ёрын нэгний ялзралд орхиж, хорон муу үйлийг нь илчлэхийн тулд зөнгөөр нь орхиж, эцэст нь муу ёрын нэгэнд залгиулахаар шилжүүлнэ. Хэчнээн хүн Намайг шүтэн мөргөдөг нь Надад хамаагүй, өөрөөр хэлбэл, хэчнээн хүн Надад итгэдэг нь хамаагүй. Хэчнээн хүн Надтай нийцэлтэй вэ гэдэг л санааг минь чилээдэг ганц зүйл юм. Учир нь Надтай нийцэлгүй бүх хүн бол Надаас урвадаг муу ёрын хүмүүс билээ; тэд Миний дайсан бөгөөд дайснуудаа Би Өөрийн гэрт “тахихгүй.” Надтай нийцэлтэй хүмүүс Миний гэрт үүрд Надад үйлчилнэ, харин Надтай дайсагнадаг хүмүүс Миний шийтгэлийг үүрд амсана. Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 296

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн тэнгэрт Эцэг байдгаар үл барам, мөн Хүү, бүр Сүнс ч байдаг. Тэнгэрт ийм Бурхан буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурвал Бурхан байдаг гэдэг нь хүний уламжлалт үзэл юм. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан, гэхдээ гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд ноцтойгоор заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Энэ гурван хэсгийг нийлүүлсэн нь л Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр Бурхан мөн л бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлд хүмүүс Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй хэмээн итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо шашны бүх итгэгч, бүр та нарын дундах дагалдагч болгон энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг учраас энэхүү итгэл зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй. Хэдий эдгээр нь үзэл боловч та нар зөв, буруу эсэхийг нь мэддэггүй, учир нь шашны үзэл та нарт хэтэрхий ноцтойгоор халдварласан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүн гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор дотор чинь дэндүү гүн нэвчсэн. Тиймээс энэхүү асуудал дээр ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь гурвал Бурхан ердөө оршин байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл, хүний эндүү ташаа ойлголт билээ. Олон зууны туршид, хүний оюун санаан дахь үзлээс бий болсон, хүний зохиосон, урьд нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан Библийн тайлбарлагчид олон байсан боловч гурвал Бурханыг гурван өөр нэгдмэл бодгаль хэмээсэн тийм тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба хүмүүс бүгд Бурханы “бүтцийн” талаар будилдаг. Ямар ч агуу хүн бүрэн гүйцэд тайлбар өгч огт чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон бичиг цаасан дээр шаардлага хангадаг боловч нэг ч хүн үүний утга учрыг тов тодорхой ойлгодоггүй. Яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлдээ хадгалдаг агуу Гурвал ердөө оршин байдаггүй. Учир нь хэн ч Бурханы жинхэнэ төрхийг харж байгаагүй, мөн Бурханы оршдог газарт ямар зүйл байдгийг шинжлэхийн тулд, “Бурханы гэр”-т яг хэдэн арван мянга, хэдэн зуун сая үе удам байгааг тодорхойлохын тулд, эсвэл Бурханы төрөлхийн бүтцийг яг хэдэн хэсэг бүрдүүлдгийг шалгахын тулд Бурханы оршин байгаа газарт зочлохоор дээш гарах хувьтай хүн нэг ч байгаагүй. Үндсэндээ юуг шинжлэх хэрэгтэй вэ гэвэл: Эцэг, Хүү, бас Ариун Сүнсний нас; бодгаль тус бүрийн харагдах байдал; Тэд яг хэрхэн хуваагддаг болон хэрхэн нэг болдог явдал юм. Харамсалтай нь, энэ бүх жилүүдэд нэг ч хүн энэ хэрэг явдлын үнэнийг тодорхойлж чадаагүй. Гурвалын талаар анхаардаг, шашны тэр бүх үнэн сүсэгт, цогтой итгэгчдэд хэрэг явдлын үнэнийг тайлагнахын тулд хэн ч, хэзээ ч тэнгэр лүү зочлохоор дээш гарч, бүх хүн төрөлхтөнд зориулсан “эрэн сурвалжлах тайлантайгаар” буцаж ирээгүй учраас тэд бүгдээрээ зүгээр л таамагладаг. Мэдээж ийм үзлийг бий болгосных нь төлөө хүнийг буруутгаж болохгүй, тэгвэл яагаад Эцэг Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Хүү Есүсийг дагуулж яваагүй юм бэ? Эхэндээ бүгд Еховагийн нэрээр явсан бол энэ нь илүү дээр байх байсан юм. Хэрвээ буруутгах ёстой юм бол, бүтээлийн цаг үед Хүү болон Ариун Сүнсийг Өөрийнхөө өмнө дуудалгүй, харин ч Өөрийн ажлыг ганцаараа хийсэн Ехова Бурханы түр зуурын ташаарлыг л буруутга. Тэд бүгд нэгэн зэрэг ажилласан бол нэг болох байсан бус уу? Хэрвээ бүр эхнээсээ эцсээ хүртэл зөвхөн Ехова гэх нэр байж, Нигүүлслийн эрин үеийн Есүсийн нэр байгаагүй бол, эсвэл тухайн үед Бурхан Ехова гэж нэрлэгдсээр байсан бол хүн төрөлхтний үүсгэсэн энэхүү хуваагдлын зовлонгоос салах байсан бус уу? Мэдээж, энэ бүхний төлөө Еховаг буруутгаж болохгүй; хэрвээ буруутгах ёстой бол олон мянган жилийн турш Ехова, Есүс, тэр ч бүү хэл Ариун Сүнсний нэрээр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийж, Бурхан гэж яг юу вэ гэдгийг мэдэхээ больтол нь хүнийг будилуулж, төөрөлдүүлсэн Ариун Сүнсийг л буруутга. Хэрвээ Ариун Сүнс Өөрөө хэлбэр дүрс, дүр төрхгүйгээр, түүнчлэн Есүс гэх мэт нэргүйгээр ажиллаж, хүн Түүнд хүрч ч, харж ч чадахгүй, зөвхөн аянгын дууг сонсдог байсан бол ийм төрлийн ажил нь хүн төрөлхтөнд илүү их ач тустай байх байсан бус уу? Тэгвэл одоо юу хийж болох вэ? Хүний үзэл уул шиг өндөр, далай шиг өргөн уудам болж овоорсон ба өнөөгийн Бурхан цаашид тэдгээрийг тэвчиж чадахгүй, яахаа мэдэхгүй байх хэмжээнд очсон. Урьд нь Ехова, Есүс болон Тэдний дундах Ариун Сүнс байх үед хүн яаж учрыг нь олохоо аль хэдийн мэдэхээ больсон байсан ба одоо үүн дээр нэмээд мөн л Бурханы нэг хэсэг гэж хэлэгддэг Төгс Хүчит байгаа. Тэр хэн бэ гэдгийг болон Гурвалын аль бодгальтай Тэр холилдсон, эсвэл хэчнээн олон жилийн турш дотор нь нуугдсан гэдгийг хэн мэдэх билээ? Хүн яаж үүнийг тэвчиж чадах юм бэ? Насан туршдаа тайлбарлахад гурвал Бурхан дангаараа хангалттай байсан атал одоо “дөрвөн бодгаль дахь нэг Бурхан” байна. Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Чи тайлбарлаж чадах уу? Ах, эгч нар аа! Өнөөдрийг хүртэл та нар ийм Бурханд яаж итгэж байсан юм бэ? Би та нарыг биширч байна. Гурвал Бурханыг тэвчих нь аль хэдийн хангалттай байсан; гэтэл та нар дөрвөн бодгаль дахь энэ нэг Бурханд ийм тууштай итгэсээр байж яаж чадаж байна вэ? Та нараас явахыг шаардсан ч та нар татгалздаг. Үнэхээр санаанд багтамгүй! Та нар үнэхээр сүрхий юм! Хүн үнэндээ дөрвөн Бурханд ч гэсэн итгээд, үүнийгээ юман чинээ бодохгүй байж чадна; та нар үүнийг гайхамшиг гэж бодохгүй байна уу? Та нарыг хараад ийм агуу гайхамшиг үзүүлж чадна гэдгийг чинь хэн ч мэдэхгүй! Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч гурвал Бурхан оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг, Хүү хоёр хамтдаа Ариун Сүнсийг хэрэгсэл болгон ашигладаг гэх ухагдахуун ч байхгүй. Энэ бүхэн нь энэ дэлхийн хамгийн гажууд онол бөгөөд огт оршдоггүй! Гэхдээ ийм гажууд онол ч гэсэн эх сурвалжтай байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол үндэслэлгүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, ухаалаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд гажууд онол бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг овжноор олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүсийг ноёлж, тэднийг агуу, алдартай “мэргэжилтний сургаал”-даа итгүүлэхийн тулд зүгээр л таамаглал, төсөөлөл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Ганц ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн турш Бурханыг та нар ийм маягаар хуваасан, энэ нь үеэс үед илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг чинь хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Гарал үүслээ бас л олно гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу буцаан илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэцгээх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Би Бурханыг Өөрийг нь хуваадгийг чинь болиулсан. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг шүтэхээр ширээн дээрээ тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь уу, эсвэл гурав дахь нь уу? Алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэгт үү? Хүүд үү? Аль эсвэл Сүнсэнд үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч үнэндээ уураг тархиндаа л итгэдэг! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм Гурвалууд байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 297

Хэрвээ ажлын гурван үе шатыг Гурвалын тухай энэхүү ухагдахууны дагуу үнэлбэл тус бүрийнх нь хийсэн ажил адилхан байгаагүй болохоор гурван Бурхан байх учиртай. Хэрвээ та нарын дундаас хэн нэг нь Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бодгаль дахь энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тухайн үеийн Еховагийн ажлыг ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнс хийгээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбараар бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бодгаль нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг. Тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи цорын ганц Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр яаж хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Цорын ганц Бурхан байдаг, энэ Бурханд цорын ганц үнэн бие байдаг, цорын ганц Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдарч, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байж чаддаг. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэрээр махбодод, орчлон ертөнцөд, орчлон ертөнцийн дээр нэгэн зэрэг оршиж чадна. Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж бүх хүн хэлдэг тул хэний ч хүслээр хуваагдашгүй ганцхан Бурхан байдаг! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бодгаль; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ чиний хэлдгээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэдний бодгаль өөр, бас мөн чанар нь ялгаатай тул Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй, хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Сүнс мөн гэдэг нь гарцаагүй. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Эцэг, Хүүгийн хоорондох харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болон Эцэгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцэгийн хэрэгсэл юм уу? Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондох харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондох харилцаа юу, эсвэл хүн, Сүнс хоёрын хоорондох харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван бодгалийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр бодгалиуд байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай энэ үзэл баримтлал хамгийн утгагүй! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бодгаль болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Надад хэл дээ, тэнгэр, газар болон бүх зүйлийг Эцэг бүтээсэн үү, Хүү бүтээсэн үү, эсвэл Ариун Сүнс бүтээсэн үү? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн золин аварсан бэ? Ариун Сүнс үү, Хүү юү, эсвэл Эцэг үү? Хүү хүн төрөлхтнийг золин аварсан гэж зарим нь хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн бай, Тэрээр тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү үзэл санаа зүгээр л худал юм. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы Сүнс гэж хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол Түүний ажил Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах байсан уу? Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс эгэл, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй болсон учраас л тэгсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн гадаад төрх нь хэвийн хүнийх байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр эгэл жирийн хүмүүсийн хэвийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, ямартай ч хүний гадаад төрхтэй) байсан юм. Тиймээс Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэрээр бүтээгдсэн хүний өнцгөөс ингэсэн. Та нарт цээжлүүлэх гэж Есүсийн заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа…” Тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Бурханыг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил байр сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дууддаг учраас Есүс Өөрийгөө та нартай адил байр сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзжээ. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь бүтээгдсэн зүйл гэдгээс чинь болж байгаа бус уу? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханыг (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсийг) тийм байдлаар дуудаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг нотолдоггүй. Харин ч Тэр өөр бодгаль байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бодгалийн оршин тогтнол гэдэг нь гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдийн Хаан байсан; Тэрээр алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм. Тэгэхээр чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж болохгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбирлыг заамагц та нар бүгдээрээ Хүү болох бус уу? Хэрвээ та нар одоо ч үнэмшихгүй байгаа бол Надад хэл дээ, та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг явж одсоны дараа Эцэг, Хүү гэх энэ санаа байхаа больсон. Энэхүү санаа нь Есүсийг махбод болсон байх тэр жилүүдэд л тохиромжтой байв; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын тухай энэхүү санаа хэзээ ч байж болохгүй; энэ нь эрин үеүдэд ховорхон харагддаг гажууд онол бөгөөд оршин байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 298

Энэ нь Эхлэл дэх Бурханы үгийг ихэнх хүнд сануулж магадгүй: “Бид өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээцгээе.” “Бид хүнийг Өөрсдийнхөө дүрээр бүтээе” гэж Бурханы хэлснийг авч үзвэл “Бид” гэдэг нь хоёр буюу түүнээс олон гэдгийг илэрхийлж байна; нэгэнт Тэр “Бид” гэж хэлсэн учраас зөвхөн ганц Бурхан байдаггүй. Ийм маягаар хүн өөр өөр бодгалийг хийсвэрээр бодож эхэлсэн бөгөөд эдгээр үгээс Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай санаа төрсөн. Тэгвэл Эцэг ямархуу вэ? Хүү ямархуу вэ? Мөн Ариун Сүнс ямархуу вэ? Өнөөдрийн хүн төрөлхтөн энэ гурвыг нийлүүлсэн нэгний дүрээр бүтээгдсэн юм гэж үү? Тэгвэл хүний дүр Эцэг, Хүү, эсвэл Ариун Сүнснийхтэй адилхан уу? Бурханы эдгээр бодгалийн алиных нь дүрээр хүн бүтээгдсэн бэ? Хүний энэ санаа зүгээр л буруу бөгөөд ямар ч утгагүй! Энэ нь ердөө нэгэн Бурханыг хэд хэдэн Бурхан болгон хувааж л чадна. Дэлхийн бүтээлийн дараагаар хүн төрөлхтөн бүтээгдсэний хойно Мосе Эхлэлийг бичсэн. Хамгийн анх дэлхий ертөнц бий болох үед Мосе байгаагүй. Мосе Библийг их сүүлд бичсэн юм, тэгвэл тэнгэр дэх Бурханы юу хэлснийг тэр яаж мэдсэн байх юм бэ? Бурхан энэ дэлхийг хэрхэн бүтээсэн талаар тэр огт мэдэхгүй. Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буй тухай дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр өөр өөр нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр бодгалийг хэлдэг гэдгийг энэ нь нотолж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Бурханд тоо томшгүй олон бодгаль байх байсан бус уу? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил, Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан ба Түүнийг ярих үед бий болж, Түүнийг тушаах үед биелж байсан. Тэр бол ажлаа гүйцэтгэхээр ирсэн Эцэг гэж Ехова хэзээ ч хэлээгүй, эсвэл хүн төрөлхтнийг золин аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ ч зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд гэвэл, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болсон гэж л хэлсэн байдаг, харин Хүү ирсэн гэж хэлээгүй. Эрин үеүд адилгүй бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил ч бас ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Ийм маягаар, Түүний төлөөлдөг ялгамж чанар ч бас ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ үнэндээ үүнийг Есүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; тэнгэр дэх Эцэг Бид хоёр нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцэгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцэгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бодгаль болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, өөр өөр бодгалийн тухай санаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгодог. Хүн тусдаа бодгалиудын тухай ярих үед, энэ нь Бурханыг материаллаг болгож байгаа бус уу? Хүн бодгалийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний төсөөлөл, лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй бөгөөд туйлын бодит бус! Хэрвээ чи түүнээс: “Хэдэн Бурхан байдаг вэ?” гэж асуувал тэр, Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал буюу ганц жинхэнэ Бурхан юм гэж хэлэх болно. Хэрвээ чи цааш нь: “Эцэг хэн бэ?” гэж асуувал тэрээр: “Эцэг бол тэнгэр дэх Бурханы Сүнс; Тэр бүхнийг хариуцдаг ба тэнгэрийн Эзэн юм” гэж хэлнэ. “Тэгвэл Ехова Сүнс мөн үү?” гэхэд тэрээр “Тийм!” гэж хариулна. Хэрвээ дараа нь чи түүнээс “Хүү хэн бэ?” гэж асуувал мэдээж Есүс бол Хүү гэх болно. “Тэгвэл Есүсийн түүх юу вэ? Тэр хаанаас ирсэн бэ?” гэхэд тэр ингэж хэлнэ: “Есүс Ариун Сүнснээс олдож Мариагаас төрсөн.” Тэгвэл Түүний мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Түүний ажил ч бас Ариун Сүнсний ажлын төлөөлөл биш гэж үү? Ехова бол Сүнс, Есүсийн мөн чанар ч бас адилхан. Одоо эцсийн өдрүүдэд, энэ нь мөн л Сүнс юм гэдгийг хэлэх бүр ч шаардлагагүй; Тэд яаж өөр өөр бодгаль байх юм бэ? Ердөө л Бурханы Сүнс өөр өөр өнцгөөс Сүнсний ажлыг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тийм болохоор бодгалиудын хооронд ялгаа байдаггүй. Есүс Ариун Сүнснээс олдсон, Түүний ажил яг тэр Ариун Сүнснийх байсан нь маргаангүй. Гүйцэтгэсэн ажлынхаа эхний үе шатанд Ехова махбод болоогүй, бас хүнд ч харагдаагүй. Иймээс хүн хэзээ ч Түүний гадаад төрхийг хараагүй. Тэр хэчнээн агуу, хэчнээн өндөр байсан нь хамаагүй, хүнийг анх бүтээсэн Бурхан Өөрөө буюу Сүнс хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, Тэрээр Бурханы Сүнс байлаа. Үүлэн дундаас хүнтэй ярих үедээ Тэр ердөө л Сүнс байсан ба Түүний гадаад төрхийг хэн ч нүдээр үзээгүй; зөвхөн Нигүүлслийн эрин үед Бурханы Сүнс махбодод ирж, Иудейд бие махбодтой болоход л хүн бие махбодтой болсон Бурханыг иудей хүний дүрээр анх харсан. Түүнд Еховагийн гэх юу ч байгаагүй. Гэсэн ч Тэр Ариун Сүнснээс олдсон, өөрөөр хэлбэл, Еховагийн Өөрийн Сүнснээс олдсон бөгөөд Есүс мөн л Бурханы Сүнсний биелэл болон төрсөн билээ. Ариун Сүнс Есүс дээр тагтаа мэт буухыг л хүн анх харсан; энэ нь ганцхан Есүсийн Сүнс байгаагүй, харин ч Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Есүс, Хүү бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс юм бол Тэд яаж нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байв. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажил гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, түүнчлэн бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бодгаль хийж чадахгүй байх байв. Түүний Сүнсийг Ехова, Есүс, түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, бас газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээш өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, бас Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Хэдэн зуун мянган нэрээр нэрлэж болох ч Тэр Өөрөө хэвээр бөгөөд Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнсний шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа бодгалиуд оршин тогтнодоггүй, Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх санаа бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 299

Бурханы удирдлагын төлөвлөгөө зургаан мянган жил үргэлжилдэг бөгөөд Түүний ажлын ялгаанд үндэслэн гурван эрин үед хуваагддаг: Эхний эрин үе нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үе; хоёр дахь нь Нигүүлслийн эрин үе; гурав дахь нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе юм. Эрин үе болгонд өөр өөр ялгамж чанарыг төлөөлдөг. Энэ нь зөвхөн ажлын ялгаанаас буюу ажлын шаардлагаас болдог. Хуулийн эрин үе дэх ажлын эхний үе шат Израильд явагдсан ба золин авралын ажлыг төгсгөсөн хоёр дахь үе шат нь Иудейд хийгдсэн. Золин авралын ажлын төлөө Есүс Ариун Сүнснээс олдож, цорын ганц Хүү болон төрсөн. Энэ бүхэн нь ажлын шаардлагаас болсон юм. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж, тэндхийн хүмүүсийг байлдан дагуулахыг хүсдэг, ингэснээр Түүний нэр тэдний дунд агуу болж болох юм. Тэрээр бүх үнэнийг ойлгож, ороход нь хүнийг залж чиглүүлэхийг хүсдэг. Энэ бүх ажлыг нэг Сүнс хийдэг. Хэдий Тэр өөр өөр өнцгөөс ингэж хийдэг боловч ажлын шинж чанар болон зарчим адилхан хэвээр үлддэг. Тэдний гүйцэтгэсэн ажлын зарчим, шинж чанарыг ажигламагцаа энэ бүхнийг нэг Сүнс хийсэн гэдгийг чи мэднэ. Гэсэн ч зарим хүн: “Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болно” хэмээн хэлсээр байж магадгүй. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Эцэг, Ариун Сүнс хоёрыг яаж нэг болгож чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгох тухай ярих нь, нэг бүхэл болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлж байгаа хэрэг биш гэж үү? Гэхдээ бүхэл болгуулахаасаа өмнө Тэд хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол материаллаг зүйл биш, материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүний үздэгээр, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр Сүнс, Ариун Сүнс бас нэг Сүнс юм, тэгээд нэг бүхэл болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нэг болох бус уу? Энэ бол гарцаагүй эндүү ташаа, утгагүй тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа хэрэг биш үү? Яаж Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр шинж чанартай гурван хэсэг биш гэж үү? “Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?” хэмээн хэлдэг хүмүүс бий. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон удирдлагын төлөвлөгөөнийх нь ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Ехова гэж нэрлэгддэг, израильчуудын хоньчин байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод өмссөн байсан учраас махбодын өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би энэ дэлхийд ирэхийн тулд махбод өмссөн тул тэнгэрээс холын хол байна” гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байв. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы Сүнсний эзэмших ёстой зүйл байлаа. Махбодын өнцгөөс Эцэгт залбирч байснаас нь болоод Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм. Хэрвээ Тэр Бурхан Өөрөө байсан юм бол яагаад залбирсан юм бэ гэж хүмүүс гайхдаг. Үүний учир нь, Тэр бол тэнгэр дэх Сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан, махбод дотор амьдарч байгаа Бурхан байсан билээ. Хүний харж байгаагаар, Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд Бурхан. Зөвхөн энэ гурвыг нэг болгосон үед л нэг жинхэнэ Бурхан гэж үзэж болох ба ийм маягаар Түүний хүч чадал ер бусын агуу юм. Ийм маягаар л Тэр бол долоо дахин эрчимжсэн Сүнс мөн гэж хэлдэг хүмүүс бий. Ирснийхээ дараа Хүү залбирах үед Түүний залбирсан зүйл нь тэрхүү Сүнс байсан. Үнэндээ Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс л залбирч байлаа. Махбод бүрэн гүйцэд биш учраас Тэр махбодод ирэх үедээ бүрэн гүйцэд байгаагүй, олон сул талтай байсан, мөн Өөрийн ажлыг махбодоор гүйцэтгэхэд Түүнд ихээхэн төвөг учирсан. Тийм учраас Тэр цовдлогдохоосоо өмнө Эцэг Бурханд гурвантаа залбирсан, түүнчлэн тэрнээс өмнө ч олон удаа залбирсан. Тэр шавь нарынхаа дунд залбирсан; уулан дээр ганцаараа залбирсан; загасчны завин дээр залбирсан; үй олон хүмүүсийн дунд залбирсан; талх хувааж байхдаа залбирсан; мөн бусдыг ерөөхдөө залбирсан билээ. Яагаад тэгсэн бэ? Тэрээр Сүнсэнд хандаж залбирсан; Тэр махбодын өнцгөөс Сүнсэнд, тэнгэр дэх Бурханд залбирч байсан. Тиймээс хүний үзэл бодлоор бол, ажлын тэрхүү үе шатанд Есүс Хүү болсон юм. Гэхдээ энэ үе шатанд Тэр залбирдаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Түүний авчирдаг зүйл нь үгийн ажил бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт юм. Тэр залбирах хэрэггүй, Түүний үйлчлэл бол үг хэлэх явдал билээ. Тэр загалмайд цовдлогдохгүй бөгөөд хүн Түүнийг эрх мэдэлтнүүдэд барьж өгөхгүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Есүс залбирч байх үедээ, тэнгэрийн хаанчлал бууж ирэхийн төлөө, Эцэгийн хүсэл биелэгдэхийн төлөө болон хожмын ажлын төлөө Эцэг Бурханд залбирсан. Энэ үе шатанд тэнгэрийн хаанчлал аль хэдийн бууж ирсэн тул залбирах хэрэг Түүнд байгаа гэж үү? Түүний ажил бол эрин үеийг төгсгөх явдал бөгөөд цаашид шинэ эрин үе гэж байхгүй, иймд дараагийн үе шатны төлөө залбирах хэрэг байгаа юу? Үгүй байх аа!

Хүний тайлбарт олон зөрчилдөөн байдаг. Үнэндээ, эдгээр нь бүгд хүний үзэл юм; та бүхэн цааш нь нарийвчлан судлалгүйгээр тэдгээрийг үнэн зөв хэмээн итгэдэг. Гурвал Бурхан гэх ийм санаа нь хүний үзэл гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Хүний ямар ч мэдлэг бүрэн гүйцэд биш. Үүнд үргэлж хольц байдаг ба хүнд хэтэрхий олон санаа бий; бүтээгдсэн зүйл Бурханы ажлыг тайлбарлаж ер чадахгүй гэдгийг энэ нь харуулдаг. Хүний оюун санаанд хэтэрхий их зүйл байдаг ба эдгээр нь бүгд үнэнтэй зөрчилддөг логик болон бодлоос үүсэн гардаг. Чиний логик Бурханы ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Еховагийн бүх ажлыг нэвт харж чадах уу? Энэ бүхнийг нэвт шувт хардаг нь хүн чи юү, эсвэл мөнхөөс мөнхөд харж чаддаг нэгэн нь Бурхан Өөрөө юү? Мөнхийн эрт дээр үеэс тэнгэр, газар, бүх зүйлийн үүрд мөнхийг харж чаддаг нь чи юү, эсвэл мөнхийн эрт дээр үеэс ирээдүйн мөнхийг хүртэл харж чаддаг нь Бурхан уу? Чи юу гэх вэ? Бурханыг тайлбарлахад чи яаж тохирох юм бэ? Чиний тайлбар юунд үндэслэдэг вэ? Чи Бурхан уу? Тэнгэр, газар болон бүх зүйлийг Бурхан Өөрөө бүтээсэн. Чи үүнийг хийгээгүй, тэгвэл чи яагаад буруу тайлбар өгч байгаа юм бэ? Одоо чи гурвал Бурханд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий ядаргаатай гэж бодохгүй байна уу? Гурав биш ганц Бурханд итгэх нь чиний хувьд хамгийн сайн байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр, учир нь Эзэний ачаа хөнгөн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас эш татав

Өмнөх: Библийн тухай нууцууд

Дараах: Хүн төрөлхтний завхралыг илчлэх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих