Бурханыг мэдэх нь 1

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 1

Та нар дор бүрнээ Бурханыг дагах үйл явцдаа Бурханыг үнэхээр ойлгож, үнэхээр ухаарч, үнэхээр мэдэж авсан эсэхээ, янз бүрийн хүмүүст Бурхан ямар хандлага баримталдгийг үнэхээр мэддэг эсэхээ, мөн Бурхан чам дээр юу хийж байгааг болон үйлдэл бүрийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдгийг үнэхээр ойлгож байгаа эсэхээ харахын тулд амьдралынхаа туршид Бурханд хэрхэн итгэснээ шинээр шинжлэн шалгах ёстой. Хажууд чинь байж, урагшлах чиглэлийг чинь залж чиглүүлж, хувь заяаг чинь захирч, хэрэгцээг чинь хангадаг энэ Бурханыг чи чухамдаа хэр их ойлгож, хэр их мэддэг вэ? Тэр өдөр бүр чам дээр юу хийдгийг чи мэдэх үү? Түүний үйлдэл бүр ямар зарчим, зорилгод үндэслэдгийг мэдэх үү? Тэр чамайг хэрхэн залж чиглүүлдгийг мэдэх үү? Чамайг хангадаг Түүний арга барилыг мэдэх үү? Чамайг удирддаг Түүний арга замыг мэдэх үү? Тэр чамаас юу олж авахыг хүсдэгийг болон Тэр чамд юу гүйцэтгэхийг хүсдэгийг чи мэдэх үү? Чиний гаргаж байгаа олон төрлийн аашинд Тэр ямар хандлага баримталдгийг чи мэдэх үү? Чи Түүний хайртай хүн мөн эсэхээ мэдэх үү? Түүний баяр баясгалан, уур хилэн, уй гуниг, баяр хөөрийн уг сурвалж, тэдгээрийн ар дахь бодол, санаа болон Түүний мөн чанарын талаар чи мэдэх үү? Эцсийн эцэст итгэдэг энэ Бурхан чинь ямар Бурхан бэ гэдгийг мэдэх үү? Гэх мэт эдгээр асуулт нь чиний хэзээ ч ойлгож эсвэл бодож байгаагүй зүйл мөн үү? Бурханд итгэх үйл явцдаа чи Бурханы үгийг бодитоор мэдэрч, туулах замаар Түүний талаарх буруу ойлголтоо арилгасан уу? Бурханы сахилгажуулалт, цохилтыг хүртсэнийхээ дараа чи Бурханд жинхэнээсээ дуулгавартай байж, анхаарал тавьж эхэлсэн үү? Бурханы гэсгээлт, шүүлтийн дунд чи, хүний тэрслүү байдал болон сатанлаг уг чанарыг танин мэдэхээр дамжуулан Бурханы ариун байдлын талаар өчүүхэн ч гэсэн ойлгож авсан уу? Бурханы үгийн удирдамж болон гэгээрлийн дор чи амьдралыг үзэх шинэ үзэл бодолтой болсон уу? Бурханы илгээсэн шалгалтын дунд чи, хүний халдахыг Тэр тэвчдэггүй гэдгийг, түүнчлэн Тэр чамаас юу шаарддагийг болон Тэр чамайг хэрхэн аварч буйг мэдэрсэн үү? Бурханыг буруугаар ойлгох гэж юу болохыг, эсвэл энэ буруу ойлголтыг хэрхэн залруулахыг мэддэггүй бол чамайг хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаагүй, хэзээ ч Бурханыг ойлгож байгаагүй гэж хэлж болно, эсвэл чи наад зах нь хэзээ ч Түүнийг ойлгохыг хүсээгүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы сахилгажуулалт, цохилт гэж юу болохыг мэддэггүй бол дуулгавартай байх болон анхаарал тавих гэдэг нь юу болохыг мэддэггүй нь лавтай, эсвэл чи наад зах нь хэзээ ч Бурханд үнэхээр дуулгавартай байж, анхаарал тавьж байгаагүй юм байна. Хэрвээ чи Бурханы гэсгээлт, шүүлтийг хэзээ ч туулж байгаагүй бол Түүний ариун байдлыг мэдэхгүй нь лавтай бөгөөд хүний тэрслүү байдал юу болох талаар бүр ч мэдэхгүй. Хэрвээ чамд амьдралыг үзэх зөв үзэл бодол юм уу амьдралын зөв зорилго хэзээ ч байгаагүй, харин урагшаа явахаас ч эргэлзэх хүртэл хэмжээнд амьдралынхаа ирээдүйн замд тээнэгэлзэж, тэвдсээр байгаа бол Бурханы гэгээрэл, удирдамжийг хэзээ ч хүлээн авч байгаагүй чинь илэрхий юм; чамайг үнэхээр хэзээ ч Бурханы үгээр хангагдаж, нөхөгдөж байгаагүй гэж хэлж болно. Хэрвээ чи Бурханы шалгалтыг хараахан туулаагүй бол Бурхан хүний халдахыг тэвчдэггүй гэж юу болохыг мэдэхгүй нь лавтай, мөн Бурхан чамаас эцсийн эцэст юу шаарддагийг ойлгохгүй, хүнийг удирдаж, аврах Түүний ажил юу болохыг бүр ч ойлгохгүй нь тодорхой юм. Хүн Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханы үгээс хэзээ ч, юу ч мэдэрч ойлгоогүй бол тэр хүн авралын зам руу мэдээж алхаагүй, Бурханд итгэх итгэл нь мэдээж ямар ч бодитой агуулгагүй, Бурханы талаарх мэдлэг нь ч гэсэн мэдээж хоосон бөгөөд Бурханыг хүндлэх гэж юу болохыг огт мэддэггүй нь илэрхий юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 2

Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар нь бүгд Түүний үгээр дамжин хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн. Хүн Бурханы үгийг туулж байхдаа тэдгээрийг хэрэгжүүлэх явцад Бурханы хэлдэг үгийн цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн зорьсон үр нөлөөг ойлгож, мэдэрнэ. Хүмүүсийн хувьд, үнэн болон амийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг болохын тулд туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл бол энэ юм. Хүн эдгээр зүйлийг туулж, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авсан байх бөгөөд энэ үедээ бас Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авсан байх болно. Энэхүү ойлголт, мэдлэг нь хүний төсөөлж зохиосон зүйлээс гарч ирдэггүй, харин ч өөрийнхөө дотор ухамсарлаж, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Эдгээр зүйлийг ухамсарлаж, туулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг агуулгатай болдог; энэ үед л хүний олж авсан мэдлэг үнэн, бодитой, алдаа мадаггүй байх бөгөөд Бурханы үгийг ухамсарлаж, туулж, мэдэрч, батлах замаар Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц бол Бурхан, хүн хоёрын хоорондох жинхэнэ харилцаа юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож, мэдэж, Бурханы зан чанарыг аажмаар ойлгож, мэдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтын талаар жинхэнэ үнэмшил болон зөв тодорхойлолттой болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодитой танин мэдэхүй, мэдлэгтэй болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлж, Түүний талаар дураараа сэжиглэж, Түүнийг буруугаар ойлгож, яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Тийнхүү Бурхантай маргах нь багасаж, зөрчилдөх нь багасаж, Бурханы эсрэг тэрслэх нь цөөрдөг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх хүндлэл нь улам бодитой, улам гүн гүнзгий болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангалт болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй, үүний зэрэгцээ бас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Ийм төрлийн харилцаан дунд хүн зан чанараа өөрчилж, аврал хүртээд зогсохгүй, үүний зэрэгцээ бүтээгдсэн зүйлээс Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх итгэл нь хоосон цаас, хий дэмий амлалт юм уу сохор эрэл хайгуул, сохор шүтлэг байхаа больдог; ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба энэ үед л хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ дуулгавартай байдал, анхаарал халамж руу, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилждэг, түүнчлэн хүн Бурханыг дагах үйл явцдаа идэвхгүй байснаа идэвхтэй байдалтай болж, сөрөг байснаа эерэг болж аажмаар ахин дэвшдэг; ийм харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх жинхэнэ ойлголт, ухаарал, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Хүмүүсийн дийлэнх нь хэзээ ч Бурхантай жинхэнээсээ харилцаж байгаагүй учраас Бурханы талаарх мэдлэг нь онолын түвшинд, бичиг үсэг, хоосон сургаалын түвшинд хүрээд зогсдог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дийлэнх нь Бурханд хэчнээн олон жил итгэсэн байх нь хамаагүй, Бурханыг мэдэхийн тухайд бол одоо ч эхлэлийн цэг дээрээ байж, феодалын мухар сүсэг болон романтик өнгө аястай холбоотой уламжлалт бишрэл хүндэтгэлийн хэлбэрийн суурин дээр гацаж байдаг. Бурханы талаарх хүний мэдлэг эхлэлийн цэг дээрээ гацна гэдэг бол бараг байхгүй гэсэн үг. Бурханы байр суурь, ялгамж чанарын талаарх хүний баталгаанаас бусдаар бол хүний Бурханд итгэх итгэл нь мөн л бүдэг бадаг тодорхойгүй байдалд байдаг. Ийм болохоор хүнд Бурханыг гэх жинхэнэ хүндлэл хэр их байдаг вэ?

Чи Бурханы оршин тогтнолд хэчнээн бат итгэдэг нь хамаагүй, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь ч, Бурханыг хүндлэх хүндлэлийг чинь ч орлож чадахгүй. Чи Бурханы ерөөл, нигүүлслийг хэчнээн их эдэлсэн ч бай, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь орлож чадахгүй. Бурханы төлөө бүхнээ зориулж, бүхнээ зарлагадахыг хэчнээн их хүсэх чинь хамаагүй, энэ нь Бурханы талаарх мэдлэгийг чинь орлож чадахгүй. Магадгүй чи Бурханы хэлсэн үгийг маш сайн мэддэг болж, тэдгээрийг цээжилж, дуржигнатал уншиж чадаж байлаа ч гэсэн, энэ нь Бурханы талаарх чиний мэдлэгийг орлож чадахгүй. Бурханыг дагахдаа хүн хэчнээн шийдэмгий байлаа ч гэсэн, Бурхантай хэзээ ч жинхэнээсээ харилцаж байгаагүй бол, Бурханы үгийг жинхэнээсээ туулаагүй бол Бурханы талаарх мэдлэг нь хий хоосон, эцэс төгсгөлгүй мөрөөдөл байх болно; чи зөрж өнгөрөхдөө Бурхантай мөр шүргэлцэж, Түүнтэй нүүр тулан уулзсан ч бай, Түүний талаарх мэдлэг чинь хоосон хэвээр байх ба Бурханыг гэх хүндлэл чинь хий хоосон уриа лоозон, хүслэнт үзэл баримтлалаас өөрцгүй байх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 3

Олон хүн Бурханы үгийг бариад өдөр бүр уншдаг, бүр тэнд байгаа бүх сонгодог эшлэлийг өөрсдийн хамгийн эрхэм эрдэнэ шиг анхааралтай цээжлэхэд хүрдэг төдийгүй Бурханы үгийг хаа сайгүй номлож, Бурханы үгээр бусдыг хангаж, тусалж байдаг. Ингэх нь Бурханыг гэрчилж байгаа, Түүний үгийг гэрчилж байгаа хэрэг бөгөөд ингэх нь Бурханы замыг дагаж байна гэж тэд боддог; ингэх нь Бурханы үгээр амьдарч байна, ингэх нь Түүний үгийг бодит амьдралдаа авчирч байна, мөн ингэвэл Бурханы сайшаалыг хүртэж, аврагдаж, төгс болгуулах боломжтой гэж тэд боддог. Гэвч, тэд Бурханы үгийг номлож байхдаа ч гэсэн, хэрэгжүүлэхдээ хэзээ ч Бурханы үгийг дагаж мөрддөггүй, мөн Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй өөрсдийгөө нийцүүлэхээр хичээдэггүй. Үүний оронд тэд Бурханы үгийг ашиглан бусдын хүндлэл, итгэлийг мэхлэн авч, өөрсдийн удирдлагыг эрхэлж, Бурханы алдрыг завшиж, хулгайлдаг. Тэд Бурханы ажил болон сайшаалаар шагнуулахын тулд Бурханы үгийг түгээх боломжийг ашиглах гэж хий дэмий найддаг. Хэчнээн олон жил өнгөрсөн ч гэлээ, энэ хүмүүс Бурханы үгийг номлох явцдаа Бурханы сайшаалыг хүртэж чадаагүйгээр үл барам, Бурханы үгийг гэрчлэх явцад өөрсдийн дагах ёстой замыг олж нээж чадаагүйгээр барахгүй, Бурханы үгээр бусдыг хангаж, туслах явцдаа өөрсдөдөө тусалж, өөрсдийгөө дэмжиж чадаагүйгээс гадна, энэ бүх зүйлийг хийх явцдаа Бурханыг мэдэж, Бурханыг хүндлэх жинхэнэ хүндлэлд хүрч чадаагүйгээр зогсохгүй; харин ч Бурханы талаарх буруу ойлголт нь улам бүр гүнзгийрч, Түүнийг сэжиглэх нь улам ч ноцтой болж, Түүний талаарх төсөөлөл нь бүр их хэтрүүлэгтэй болдог. Бурханы үгийн тухай онолын хангалт болон удирдлага дор тэд загас усанд орсон мэт, өөрсдийн ур чадварыг ядах юмгүй хялбархан ашиглаж байгаа мэт, өөрсдийн амьдралын зорилго, үүрэг даалгаврыг олсон мэт, шинэ амийг олж аваад, аврагдсан мэт, Бурханы үгийг цээжээр урсган уншихынхаа хамтаар үнэнийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, Бурханыг мэдэх замыг нээн олсон мэт, Бурханы үгийг номлох явцдаа Бурхантай дандаа нүүр тулан уулзсан мэт харагддаг. Мөн, тэд үргэлж цурхиран уйлтлаа “сэтгэл нь хөдөлдөг” ба Бурханы үгэн дэх “Бурханаар” байнга удирдуулснаар, Түүний чин сэтгэлийн анхаарал, сайн санаа зорилгыг нь тасралтгүй ухаарч байгаа мэт харагддагийн зэрэгцээ хүнийг аврах Бурханы аврал болон Түүний удирдлагыг ухаарч, Түүний мөн чанарыг мэдэж авч, Түүний зөвт зан чанарыг ойлгосон мэт харагддаг. Энэ сууринд үндэслэн тэд Бурханы оршин тогтнолд улам бүр бат итгэж, Түүний эрхэм дээд байдлын талаар улам бүр ухаарч, Түүний агуу, ер бусын байдлыг бүр ч гүнзгий мэдэрч байх шиг санагддаг. Тэд Бурханы үгийн тухай өнгөц мэдлэгт автан, итгэл нь өсөж, зовлон туулах шийдэмгий байдал нь батжиж, Бурханы талаарх мэдлэг нь гүнзгийрсэн мэт харагддаг. Тэд Бурханы үгийг үнэхээр туулахаас нааш Бурханы талаарх бүх мэдлэг, бодол санаа нь өөрсдийнх нь хий хоосон төсөөлөл, таамаглалаас гарч ирдэг гэдгийг хэрхэн мэдэх билээ. Тэдний итгэл Бурханаас ирсэн ямар ч туршилтыг дийлэхгүй, тэдний сүнслэг байдал болон биеийн хэмжээ гэгддэг зүйл нь Бурханы шалгалт юм уу үзлэгийг ердөө даахгүй, тэдний шийдвэр элсэн дээр баригдсан цайзтай адил бөгөөд тэдний хэлдэг Бурханы талаарх мэдлэг нь санаанаасаа зохиосон төсөөллөөс цаашгүй. Үнэндээ, Бурханы үгэнд “их хэмжээний хүчин чармайлт” гаргасан энэ хүмүүс жинхэнэ итгэл гэж юу болох, жинхэнэ дуулгавартай байдал гэж юу болох, жинхэнэ анхаарал халамж гэж юу болох, Бурханы талаарх жинхэнэ мэдлэг гэж юу болохыг хэзээ ч ухаараагүй. Тэд онол, төсөөлөл, мэдлэг, авьяас билиг, уламжлал, мухар сүсэг, тэр ч бүү хэл хүний ёс суртахууныг хүртэл аваад, тэдгээрийг Бурханд итгэх болон Түүнийг дагах “хөрөнгө”, “зэр зэвсэг” болгон, тэр ч байтугай тэдгээрийг Бурханд итгэх итгэл, Түүнийг дагах үндэс сууриа болгодог. Үүний зэрэгцээ, тэд бас энэ хөрөнгө, зэр зэвсгийг аваад, Бурханыг мэдэж, Бурханы хяналт, шалгалт, гэсгээлт, шүүлттэй нүүр тулж, харьцах шидэт сахиус болгодог. Эцэст нь, тэдний цуглуулсан зүйл шашны өнгө аяс, феодалын мухар сүсэг нэвчиж, романтик, хачин жигтэй, учир битүүлэг бүхэн шингэсэн Бурханы талаарх дүгнэлтээс цаашгүй зүйлээс бүрддэг. Бурханы талаарх тэдний мэдлэг, тодорхойлолт нь зөвхөн Дээд Тэнгэр, эсвэл Тэнгэр Эцэгт итгэдэг хүмүүсийнхтэй нэг хэвд цутгагдсан байдаг бол Бурханы бодитой байдал, мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох гэх зэрэг бодитой Бурхантай Өөртэй нь хамаатай юм бүхэн тэдний ухаарч ойлгож чадаагүй зүйлс бөгөөд тэдний мэдлэг үүнтэй огт хамааралгүй, бүр хойд, өмнөд туйл шиг хол байдаг. Ийм маягаар хэдий тэд Бурханы үгийн хангалт, тэжээл дор амьдардаг ч гэсэн Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхаж үнэхээр чаддаггүй. Үүний жинхэнэ шалтгаан нь тэд хэзээ ч Бурханыг мэдэж аваагүй, мөн хэзээ ч Түүнтэй жинхэнээсээ холбогдож, ярилцаж байгаагүй. Иймээс тэдний хувьд Бурхантай харилцан ойлголцолд хүрч, Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, шүтэн мөргөх боломжгүй юм. Бурханы үгийг ийнхүү үзэж, Бурханыг ийнхүү үздэг тэдний харах өнцөг, хандлага нь тэднийг гар хоосон буцахад хүргэсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замаар мөнхөд алхаж чадахааргүй болоход хүргэсэн. Тэдний зорьж буй зорилго болон явж байгаа чиглэл нь тэд бол мөнхөд Бурханы дайсан, үүрд мөнхөд хэзээ ч аврал хүртэж чадахгүй гэдгийг илтгэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 4

Бурханыг олон жилийн турш дагаж, Түүний үгийн хангалтыг олон жил эдэлсэн хүний хувьд, Бурханы талаарх түүний тодорхойлолт нь мөн чанартаа хуурамч шүтээний өмнө хүндэтгэн мөргөдөг хүнийхтэй адил бол тухайн хүн Бурханы үгийн бодит байдлыг олж аваагүй гэдгийг энэ нь илтгэнэ. Учир нь тэр Бурханы үгийн бодит байдалд ердөө ороогүй бөгөөд энэ шалтгааны улмаас Бурханы үгэнд угаасаа байдаг бодит байдал, үнэн, санаа зорилго, хүн төрөлхтөнд тавьсан шаардлага зэрэг нь бүгд тэр хүнтэй огт хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, ийм хүн Бурханы үгийн өнгөц утгын талаар хэчнээн хүчин чармайлт гаргалаа ч энэ бүхэн нь нэмэргүй юм: Учир нь тэр ердөө үг үсгийг л эрэлхийлдэг тул түүний олж авах зүйл мөн л үг үсэг төдий байх болно. Бурханы хэлдэг үг гаднаа энгийн ч бай, гүн гүнзгий ч бай, амь руу ороход хүнд шаардлагатай бүх үнэн юм; тэдгээр нь сүнсээрээ болон махан биеэрээ амьд үлдэх боломжийг хүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралдаа биеэ авч явахад нь зориулсан зарчим, итгэл үнэмшлээр; авралд хүрэхийн тулд явах ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээгдсэн зүйл нь болохын хувьд эзэмших ёстой бүх үнэнээр; Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх тухай бүх үнэнээр хангадаг. Тэр нь хүний амьд үлдэх баталгаа, хүний өдөр тутмын талх төдийгүй, хүнийг хүчтэй, тэсвэртэй болгодог бат бөх дэмжлэг юм. Тэр нь бүтээгдсэн хүн төрөлхтөн хэвийн хүн чанарыг амьдран харуулдаг үнэн-бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг завхралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүмүүст өгсөн чин сэтгэлийн сургаал, сануулга, зоригжуулалт болон тайтгарлаар баялаг байдаг. Тэр нь бүхий л эерэг зүйлийг ойлгоход хүмүүсийг удирдан гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга, сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон эд зүйлсийг бүгдийг нь хэмждэг хэмжүүр, мөн түүнчлэн хүмүүсийг аврал болон гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм. Бурханы үгийн бодит туршлага дунд л хүн үнэн болон амиар хангагдаж чадна; эндээс л хүн хэвийн хүн чанар гэж юу болох, утга учиртай амьдрал гэж юу болох, жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болох, Бурханд үнэхээр дуулгавартай байх гэж юу болохыг ойлгож авч чадна; эндээс л Бурханыг хэрхэн анхаарч халамжлах ёстойг, бүтээгдсэн зүйлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүний дүртэй болох ёстойг ойлгож авч чадна; эндээс л жинхэнэ итгэл, жинхэнэ шүтлэг мөргөл гэж юу гэсэн үг болохыг ойлгож авч чадна; тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч хэн болохыг ойлгож авч чадна; бүхнийг захирагч Нэгний бүх зүйлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож авч чадна; бүхнийг захирагч Нэгний оршин тогтнож, үзэгдэж, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож авч чадна. Бурханы үгийг бодитоор туулахаас өөрөөр хүнд Бурханы үг болон үнэний талаарх ямар ч жинхэнэ мэдлэг, ойлголт байдаггүй. Ийм хүн бол чухамдаа амьд үхдэл, бүрэн цогцос бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүх мэдлэг түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр ийм хүн хэзээ ч Түүнд итгээгүй, мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй, иймээс Бурхан ийм хүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч, дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 5

Жинхэнэ бүтээл болохын хувьд, Бүтээгч гэж хэн болох, хүнийг бүтээсэн нь юуны төлөө болох, бүтээгдсэн зүйлийн үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх, бүтээлийн Эзэнийг хэрхэн шүтэн мөргөхийг мэдэх ёстой бөгөөд Бүтээгчийн хүсэл, сэтгэлийн үг, шаардлагыг ойлгож, ухаарч, мэдэж, анхаарч, Бүтээгчийн үгийг даган мөрдөж—Бурханаас эмээж, муугаас зайлах ёстой.

Бурханаас эмээх гэж юу вэ? Хүн яаж муугаас зайлах вэ?

“Бурханаас эмээх” гэдэг нь хэлэхийн аргагүй айдас болон аймшгийг хэлдэггүй, бултан зугтах, зайгаа барих, бишрэн шүтэх, мухар сүсэг гэсэн үг ч биш. Харин энэ нь бишрэл, хүндлэл, итгэл, ойлголцол, анхаарал халамж, дуулгавартай байдал, зориулалт, хайр, түүнчлэн болзол тавихгүйгээр, гомдоллохгүйгээр шүтэн мөргөх, ач хариулах болон захирагдах гэсэн үг юм. Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр, хүмүүст жинхэнэ бишрэл, жинхэнэ итгэл, жинхэнэ ойлголт, жинхэнэ анхаарал халамж юм уу дуулгавартай байдал гэж байхгүй, харин зөвхөн айдас, түгшүүр, эргэлзээ, үл ойлголцол, булталт, зайлсхийлт л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ зориулж, ач хариулна гэж байхгүй; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдана гэж байхгүй, сохор шүтлэг, мухар сүсэг л байх болно; Бурханы талаарх жинхэнэ мэдлэггүйгээр хүмүүс Бурханы үгийг даган мөрдөж, Бурханаас эмээж, муугаас зайлж яавч чадахгүй. Эсрэгээр нь хүмүүсийн хийдэг үйл ажиллагаа, гаргадаг зан авир болгон нь тэрслүү, эсэргүүцэл, Бурханы тухай гүжирдсэн зэмлэл, гутаасан шүүлт, үнэн болон Бурханы үгийн жинхэнэ утга учрыг зөрчсөн муу үйлээр дүүрнэ.

Хүмүүс Бурханд үнэхээр итгэх үедээ Түүнийг жинхэнээсээ дагаж, Түүнд найдна; Бурханд үнэхээр итгэж, найдсанаар л хүмүүс жинхэнэ ойлголт, ухааралтай болж чаддаг; Бурханы талаар бодит ухааралтай болсноор л Түүнийг бодитоор анхаарч халамжилдаг; Бурханыг жинхэнээсээ анхаарч халамжилдаг байснаар л хүмүүс үнэхээр дуулгавартай болно; Бурханд жинхэнээсээ дуулгавартай байснаар л хүмүүс жинхэнээсээ зориулна; Бурханд жинхэнээсээ зориулснаар л хүмүүс болзол тавьж, гомдоллолгүй ач хариулна; жинхэнэ итгэл найдвар, жинхэнэ ойлголт, анхаарал халамж, жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ зориулалт, ач хариулалт байснаар л хүмүүс Бурханы зан чанар, мөн чанарыг үнэхээр мэдэж, Бүтээгчийн ялгамж чанарыг мэдэж авч чадна; Бүтээгчийг үнэхээр мэдэж авсан үедээ л хүмүүс жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдаж чадна; Бүтээгчид жинхэнээсээ шүтэн мөргөж, захирагдах үедээ л хүмүүс муу арга замаа үнэхээр хойш тавих буюу муугаас зайлж чадна.

Эдгээр нь “Бурханаас эмээж, муугаас зайлах” бүхий л үйл явцыг бүрдүүлдэг төдийгүй Бурханаас эмээж, муугаас зайлах бүхий л агуулга юм. Түүнчлэн Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд явах ёстой зам юм.

“Бурханаас эмээж, муугаас зайлах” болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогддог ба тэдгээрийн хоорондох холбоо илэрхий юм. Хэрвээ хүн муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурханаас үнэхээр эмээх ёстой; хэрвээ хүн Бурханаас үнэхээр эмээхийг хүсвэл эхлээд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой; хэрвээ хүн Бурханы талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы цохилт, сахилгажуулалт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой; хэрвээ хүн Бурханы үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, хүмүүс, үйл явдал, эд зүйлтэй холбоотой төрөл бүрийн орчинд Бурханы үгийг туулах боломжоор хангахыг Бурханаас гуйх ёстой; хэрвээ хүн Бурхан болон Бурханы үгтэй нүүр тулахыг хүсвэл эхлээд цайлган, үнэнч зүрх сэтгэл, үнэнийг хүлээн авахад бэлэн байдал, зовлон бэрхшээл туулах хүсэл, муугаас зайлах шийдвэр, эр зориг болон жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой… Ийм маягаар алхам алхмаар урагшилснаар чи Бурхантай улам бүр ойртож, зүрх сэтгэл чинь илүү ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэн Бурханыг мэдэж авснаас чинь үүдэн улам бүр утга учиртай, улам бүр гэрэл гэгээтэй болно. Нэг л өдөр чи Бүтээгч оньсого байхаа больсныг болон Бүтээгч хэзээ ч чамаас нуугдаагүй, Бүтээгч хэзээ ч нүүрээ чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас огтхон ч хол байдаггүй, мөн Бүтээгч чиний цаг үргэлж боддог ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн байхаа больж, үнэхээр баруун зүүн талд чинь хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг чинь хянаж байдаг гэдгийг мэдэрнэ. Тэрээр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй, мөн Өөрийгөө өндөрт үүлэн дунд ч нуугаагүй. Тэр чиний яг хажууд, бүх зүйлийг чинь захирч байдаг, Тэр бол чиний бүх зүйл, чамд байгаа цорын ганц зүйл юм. Тийм Бурхан л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, Түүнээс зүүгдэж, Түүнд ойр байж, Түүнийг биширч, Түүнийг алдахаас айж, Түүнээс татгалзах, Түүнд дуулгаваргүй байх, Түүнээс холдох, Түүнээс бултах хүсэлгүй болох боломжийг чамд олгодог. Түүнд анхаарал тавьж, Түүнийг дуулгавартай дагаж, чамд өгсөн бүхнийх нь ачийг хариулж, Түүний эрх мэдэлд захирагдахыг л чи хүсдэг. Чи цаашид Түүгээр удирдуулж, хангагдаж, халамжлуулж, хамгаалагдахаас татгалзахгүй, мөн чиний төлөөх Түүний захиралт, зохицуулалтаас цаашид татгалзахгүй. Түүнийг л дагаж, Түүний хажууд Түүнтэй хамт байхыг л чи хүсэх бөгөөд Түүнийг өөрийн цорын ганц амь гэж хүлээн авах, Түүнийг өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн авахыг л чи хүсдэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 6

Хүмүүсийн итгэл үнэмшил үнэнийг орлож чадахгүй

Зарим хүн зовлон бэрхшээлийг дааж чаддаг, төлөөс төлж чаддаг, гаднаа маш сайхан зан авиртай, ихээхэн хүндлэгддэг, бусдын бишрэлийг хүлээсэн байдаг. Ийм гаднах зан авирыг үнэнийг хэрэгжүүлж байна хэмээн үзэж болно гэж та нар хэлэх үү? Ийм хүмүүс Бурханы хүслийг хангаж байна гэж тодорхойлж болох уу? Хүмүүс ийм хүмүүсийг хараад, тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлэх замаар алхаж, Бурханы замаар явж байна гэж яагаад дандаа боддог юм бэ? Зарим хүн яагаад ингэж боддог юм бэ? Үүнд ганцхан тайлбар бий. Тэр нь ямар тайлбар вэ? Асар олон хүний хувьд, үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг юу гэсэн үг болох, Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж юу гэсэн үг болох, жинхэнээсээ үнэний бодит байдалтай болно гэж юу гэсэн үг болох гэх мэт зарим асуултуудыг тийм ч сайн ойлгодоггүй. Тиймээс гаднаа сүнслэг, журамт, эрхэмсэг, агуу мэт санагддаг хүмүүст байнга хууртдаг зарим хүн байдаг. Үсэг, хоосон сургаалын тухай цэцэн цэлмэг ярьж чаддаг, үг яриа, үйлдэл нь бахдан бишрүүштэй юм шиг санагддаг хүмүүсийн тухайд гэвэл, тэдэнд мэхлэгдэгсэд үйлдлийнх нь мөн чанар, үйл хэргийнх нь цаад зарчим, тэдний зорилго юу болохыг хэзээ ч харж байгаагүй. Түүнчлэн энэ хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг эсэхийг нь хэзээ ч харж байгаагүй, үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэхийг нь бас хэзээ ч тодорхойлж байгаагүй. Тэд энэ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг хэзээ ч ялган таньж байгаагүй. Харин ч тэдэнтэй танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд бага багаар энэ хүмүүсийг биширч, дээдлэн хүндлэх болж, эцэстээ энэ хүмүүс шүтээн нь болдог. Түүнчлэн зарим хүний бодлоор бол тэдний шүтэн биширдэг, гэр бүл, ажлаа орхиж чадна гэдэгт нь итгэдэг, өнгөн талдаа төлөөс төлж чаддаг мэт санагддаг шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг, сайн төгсгөл болоод сайн хүрэх газарт үнэхээр хүрч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор бол эдгээр шүтээн нь Бурханы магтдаг хүмүүс юм. Юунаас болж тэд ийм зүйлд итгэдэг вэ? Энэ асуудлын мөн чанар юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.

Хүмүүсийн үзэл бодол, хэрэгжүүлэлтийн арга барил, тэд хэрэгжүүлэлтийн аль зарчмыг авч хэрэгжүүлэхээр сонгодог, дор бүрнээ юунд анхаарлаа төвлөрүүлэх хандлагатай байдаг тухай эдгээр асуудал нь хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагатай үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Хүмүүс өнгөц хэрэг явдал, эсвэл гүнзгий асуудал, үсэг, сургаал номлол, эсвэл бодит байдлыг анхаардаг ч байсан гэсэн өөрсдийн хамгийн их баримталбал зохих зүйлээ баримталдаггүй, өөрсдийн хамгийн их мэдэх ёстой зүйлээ ч мэддэггүй. Үүний шалтгаан бол хүмүүс үнэнд огт дургүй; тиймээс тэд Бурханы айлдвар дахь хэрэгжүүлэлтийн зарчмуудыг эрж хайж, хэрэгжүүлэхэд цаг зав, хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Үүний оронд тэд дөт зам ашиглан, өөрсдийн сайн хэрэгжүүлэлт, сайн зан авир гэж ойлгож, мэддэгээ нэгтгэн дүгнэхийг илүүд үздэг; энэхүү дүгнэлт нь хожим өөрсдийнх нь эрэлхийлэх зорилго болдог бөгөөд үүнийгээ тэд хэрэгжүүлэх үнэн гэж үздэг. Үүний шууд үр дагавар нь хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх явдлыг хүний сайн зан авираар орлуулан ашигладаг ба энэ нь бас хүмүүсийн Бурханд тал олж авах гэсэн хүслийг хангадаг. Энэ нь тэдэнд үнэнтэй тэмцэлдэх хөрөнгийг өгдөг, үүнийг ашиглан тэд бас Бурханыг ятгаж, Түүнтэй өрсөлддөг. Үүний зэрэгцээ хүмүүс бас Бурханыг эрээ цээргүйгээр хаяж, шүтэн биширдэг шүтээнээ Түүний оронд тавьдаг. Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, үзэл бодол, өрөөсгөл бодол, хэрэгжүүлэлттэй болоход хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярьж өгнө: Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Түүний айлдварыг өдөр бүр уншдаг боловч үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Асуудлын үндэс энд байдаг. Хэрвээ хэн нэгэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Тэр юунд дуртай, юуг жигшдэг, юу хүсдэг, юуг голдог, ямар хүнийг Тэр хайрладаг, ямар хүнд дургүй байдаг, хүмүүст шаардлага тавихдаа Тэр ямар стандарт хэрэглэдэг, тэднийг төгс болгохдоо Тэр ямар арга зам баримталдгийг мэддэг бол тэр хүн өөрийн хувийн бодлыг тээсэн хэвээр байж чадах уу? Ийм хүмүүс зүгээр л явж очоод, өөр нэг хүнийг шүтэж чадах уу? Энгийн нэг хүн тэдний шүтээн болж чадах уу? Бурханы хүслийг ойлгодог хүмүүс үүнээс арай илүү ухаалаг үзэл бодолтой байдаг. Тэд ялзарсан хүнийг зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм, зарчмыг сохроор дагаж мөрдөх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэдэгт ч итгэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 7

Хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог Бурханы стандартын талаар олон санал бодол байдаг

Хүн болгон өөрийн төгсгөлийн талаар санаа зовнидгоос хойш Бурхан тэр төгсгөлийг хэрхэн тодорхойлдгийг та нар мэдэх үү? Бурхан ямар аргаар хүний төгсгөлийг тодорхойлдог вэ? Түүнчлэн үүнийг тодорхойлохдоо Тэр ямар стандарт хэрэглэдэг вэ? Хүний төгсгөл хараахан тодорхойлогдоогүй байх үед үүнийг ил болгохын тулд Бурхан юу хийдэг вэ? Үүнийг мэдэх хүн байна уу? Хүмүүсийн төгсгөл, эдгээр төгсгөлийн хуваагддаг ангиллууд, өөр өөр төрлийн хүмүүсийг хүлээж байдаг янз бүрийн төгсгөлийн талаарх сэжүүрийг эрж хайхыг чармайж Бурханы үгийг судлахад аль хэдийн маш урт хугацааг зарцуулсан зарим хүн байдаг гэж Би хормын өмнө хэлсэн. Тэд бас Бурханы үг хэрхэн хүний төгсгөлийг удирддаг, Тэр ямар стандарт хэрэглэдэг, хүний төгсгөлийг Тэр яг яаж тодорхойлдгийг олж мэдэх гэж найддаг. Гэсэн ч эцэстээ энэ хүмүүс хариултыг нь хэзээ ч олж чаддаггүй. Үнэндээ энэ асуудлын талаар Бурханы айлдварт тун цөөхөн дурдсан байдаг. Яагаад тэр вэ? Хүний төгсгөл хараахан ил болох болоогүй цагт Бурхан эцэст нь юу болохыг хэнд ч хэлэхийг хүсдэггүй, мөн цаг нь болоогүй байхад хүрэх газрынх нь талаар хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй—учир нь, ингэх нь хүн төрөлхтөнд ямар ч ашиггүй байх болно. Яг одоо Би Бурхан ямар арга замаар хүний төгсгөлийг тодорхойлдог, эдгээр төгслийг тодорхойлж, ил болгохдоо Түүний ажилдаа баримталдаг зарчим, хүн амьд үлдэж чадах эсэхийг тодорхойлохдоо Түүний ашигладаг стандартын тухай та нарт хэлэхийг л хүсэж байна. Эдгээр нь та нарын хамгийн их санаа зовниж буй асуулт бус уу? Тэгвэл Бурхан хүмүүсийн төгсгөлийг хэрхэн тодорхойлдог гэж хүмүүс боддог вэ? Та нар зарим хэсгийг нь дөнгөж сая дурдлаа: Бурханы төлөө зарлагадаж, үүргээ үнэнчээр биелүүлэхтэй энэ хамаатай гэж та нарын зарим нь хэлсэн; энэ бол Бурханд захирагдаж, Түүнийг сэтгэл хангалуун байлгах тухай гэж зарим нь хэлсэн; Бурханы зохион байгуулалтад захирагдах нь нөлөөлөх хүчин зүйл болно гэж зарим хүн хэлсэн; хамгийн гол нь даруухан байх гэж зарим хүн хэлсэн … Та нар эдгээр үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийн зөв гэж итгэдэг зарчмын дагуу хэрэгжүүлэхдээ Бурхан юу бодож байгааг мэддэг үү? Энэ чигээрээ яваад л байх нь Түүний хүслийг хангаж байна уу, үгүй юу гэдгийг та нар эргэцүүлж үзсэн үү? Энэ нь Түүний стандартад нийцдэг үү? Түүний шаардлагыг хангаж байна уу? Ихэнх хүн үнэндээ энэ асуултыг нэг их эргэцүүлж боддоггүй гэж Би бодож байна. Тэд Бурханы үгийн хэсэг, номлолын хэсэг, эсвэл өөрсдийн шүтэн биширдэг тодорхой сүнслэг хүмүүсийн стандартыг зүгээр л бодох юмгүйгээр хэрэглэж, энэ тэрийг хийх гэж өөрсдийгөө хүчилдэг. Ингэж хийх нь зөв гэж тэд итгэдэг учраас эцсийн дүнд юу болох нь хамаагүй, үүнийгээ баримталсаар, хийсээр байдаг. Зарим хүн “Би маш олон жил итгэсэн; би үргэлж ийм байдлаар хэрэгжүүлсэн. Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгасан, мөн би үүнээс их зүйл олж авсан гэж надад санагдаж байна. Учир нь энэ хугацаанд би олон үнэнээс гадна өмнө нь ойлгож байгаагүй олон зүйлийг ойлгож авсан. Тухайлбал миний олон үзэл санаа, үзэл бодол өөрчлөгдсөн, миний амьдралын үнэт зүйл маш их өөрчлөгдсөн, одоо би энэ хорвоогийн талаар нэлээд сайн ойлголттой болсон” гэж боддог. Тийм хүмүүс, энэ бол үр өгөөж, энэ бол хүн төрөлхтний төлөө хийсэн Бурханы ажлын эцсийн үр дүн гэж итгэдэг. Та нарын бодлоор бол эдгээр стандарт болон та нарын бүх хэрэгжүүлэлтийг хамтад нь авч үзвэл та нар Бурханы хүслийг хангаж байна уу? Та нарын зарим нь тун итгэлтэйгээр “Мэдээж! Бид Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж байна; бид Дээрхийн номлож, ярилцсан зүйлийн дагуу хэрэгжүүлж байна. Бид үргэлж үүргээ биелүүлж, Бурханыг үргэлж дагаж байна, бид Түүнийг хэзээ ч орхиогүй. Тиймээс бид Бурханыг сэтгэл хангалуун байлгаж байна гэдгээ бүрэн итгэлтэйгээр хэлж чадна. Бид Бурханы санаа зорилгыг хэр зэрэг ойлгож, Бурханы үгийг хэр зэрэг ухаарч ойлгох нь хамаагүй, бид Бурхантай нийцтэй байхыг эрж хайх зам дээр үргэлж байж ирсэн. Бид зөв үйлдэж, зөв хэрэгжүүлж байгаа цагт зөв үр дүнд хүрэх нь дамжиггүй” гэж хэлнэ. Та нар энэ үзэл бодлын талаар юу гэж бодож байна? Энэ зөв үү? “Би эдгээр зүйлийн талаар өмнө нь хэзээ ч бодож байгаагүй юм байна. Би үүргээ биелүүлж, Бурханы айлдварын шаардлагын дагуу үйлдсээр байвал амьд үлдэж чадна гэж л боддог. Би Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж чадах эсэх, Түүний тавьсан стандартад би нийцэж байгаа эсэх тухай асуултыг хэзээ ч бодож үзээгүй. Бурхан надад хэзээ ч ямар нэг тодорхой заавар хэлж өгөөгүй хойно, намайг зогсохгүй ажилласаар байгаа цагт Бурхан сэтгэл ханаж, надад ямар нэгэн нэмэлт шаардлага тавих ёсгүй гэдэгт би итгэдэг” гэж хэлэх хүмүүс бас байж магадгүй. Ийм итгэл нь зөв үү? Миний хувьд бол, ийм маягийн хэрэгжүүлэлт, ийм бодол, эдгээр үзэл бодол нь бүгд хий мөрөөдлөөс гадна бага зэргийн харалган байдал юм. Намайг ингэж хэлэхэд та нарын зарим нь бага зэрэг урам хугарч: “Харалган байдал аа? Хэрвээ энэ ‘харалган байдал’ юм бол бидний аврагдах, амьд үлдэх найдвар маш бага, тодорхойгүй юм байна, тийм үү? Ингэж хэлснээрээ Та бидэн дээр хүйтэн ус асгаж байгаа хэрэг бус уу?” гэж бодож магадгүй. Та нар юу гэж итгэх нь хамаагүй, Миний хэлдэг, хийдэг зүйлс та нар дээр хүйтэн ус асгаж байгаа мэт санагдуулах гээгүй юм. Харин ч Бурханы санаа зорилгын талаарх ойлголтыг чинь сайжруулж, Тэр юу бодож байгаа, юу биелүүлэхийг хүсдэг, ямар хүнийг таалдаг, юуг жигшдэг, юуг үзэн яддаг, ямар төрлийн хүнийг олж авахыг хүсдэг, ямар төрлийн хүнийг зэвүүцэн голдог талаарх та нарын ойлголтыг нэмэгдүүлэх гэсэн юм. Тэдгээр нь та нарын оюун санааг саруул болгож, та нарын нэг бүрийн чинь үйлдэл, бодол Бурханы шаардсан стандартаас чухам хэр хол хадуурсан талаар тодорхой ойлголт өгөхийн тулд юм. Эдгээр сэдвийг хэлэлцэх тун шаардлагатай юу? Учир нь та нар маш урт удаан хугацаанд итгэж, маш их номлол сонссон боловч эдгээр нь та нарт хамгийн их дутагдаж байгаа яг тэр зүйлс гэдгийг Би мэднэ. Та нар бүх үнэнийг дэвтэртээ тэмдэглэж, өөрөө чухал гэж итгэдэг зарим зүйлээ зүрх сэтгэлдээ цээжилж, тогтоосон хэдий ч, мөн хэрэгжүүлэлтийнхээ үеэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд эдгээрийг ашиглаж, хэрэгтэй үедээ үүнийгээ ашиглаж, өмнө чинь байгаа хүнд хэцүү цаг үеийг туулахын тулд үүнийгээ ашиглаж, эсвэл амьдрах хугацаандаа эдгээр зүйлийг өөрийнхөө араас зүгээр л дагуулахаар төлөвлөдөг хэдий ч, Миний хувьд бол, яаж хийх чинь хамаагүй, та нар үүнийг хийж л байгаа бол энэ нь тийм ч чухал биш. Тэгвэл юу маш чухал юм бэ? Хэрэгжүүлж байхдаа хийж байгаа бүхэн чинь, үйл хэрэг бүр чинь Бурханы хүсэлтэй нийцэж байгаа эсэх, чиний бүх үйлдэл, бүх бодол, хүрэхийг хүсдэг үр дүн, зорилго чинь Бурханы хүсэлд нийцэж, Түүний шаардлагыг хангаж байгаа эсэх, мөн Бурхан тэдгээрийг сайшааж байгаа эсэхийг чи сэтгэлийнхээ гүнд үнэхээр баттай мэдэж байх ёстой. Эдгээр нь маш чухал зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 8

Бурханы замаар алх: Бурханаас эмээж, муугаас зайл

Та нарын тэмдэглэж авах ёстой хэллэг байдаг. Энэхүү хэллэг нь маш чухал гэж Би итгэдэг, учир нь Миний хувьд энэ үг өдөр бүр тоо томшгүй олон удаа санаанд орж ирдэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Би хэн нэгэнтэй нүүр тулах бүрд, хэн нэгний түүхийг сонсох бүрд, хэн нэгний Бурханд итгэсэн тухай туршлага, гэрчлэлийг сонсох бүрдээ энэ хүн Бурханы хүсдэг, Бурханд таалагддаг төрлийн хүн мөн үү, биш үү гэдгийг зүрх сэтгэлдээ тодорхойлохын тулд энэ хэллэгийг үргэлж ашигладаг. Тэгэхээр энэ юу гэсэн хэллэг вэ? Одоо Би та бүгдийг суудал дээр чинь өндөлзүүлж байна. Намайг энэ хэллэгийг хэлэх үед та нарын урам хугарч магадгүй, учир нь олон жилийн турш үүнийг ярихаас цаашгүй байж ирсэн хүмүүс бий. Гэхдээ Би нэг ч удаа үүнийг ярихаас цаашгүй байгаагүй. Энэ хэллэг Миний зүрх сэтгэлд оршдог. Тэгэхээр энэхүү хэллэг нь юу вэ? Энэ нь: “Бурханы замаар алх: Бурханаас эмээж, муугаас зайл” юм. Энэ хэтэрхий энгийн хэллэг бус уу? Тийм боловч энэхүү хэллэг нь хэдий энгийн ч гэсэн энэхүү үгийн талаарх жинхэнэ гүнзгий ойлголттой хүмүүс энэ нь асар их жинтэй, энэхүү хэллэг нь хэрэгжүүлэлтэд маш үнэ цэнтэй; үнэний бодит байдлыг агуулсан амийн хэлний нэг мөр, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаг хүмүүсийн хувьд насан туршийнх нь зорилго, Бурханы санаа зорилгыг анхаардаг хэн хүний дагах ёстой насан туршийн зам гэдгийг мэдэрнэ. Тэгэхээр та нар юу гэж бодож байна: Энэхүү хэллэг үнэн бус уу? Энэ нь ийм чухал юу, үгүй юү? Мөн магадгүй та нарын зарим нь энэ хэллэгийн талаар бодоод учрыг нь олохоор оролдож байхад: Энэ хэллэг маш чухал уу? Тун чухал уу? Үүнийг тийм их онцлох шаардлагатай юу? гээд эргэлздэг зарим хүн ч байх. Та нарын зарим нь бас энэ хэллэгт тийм ч их дуртай биш байх, учир нь Бурханы замыг аваад, энэ нэг хэллэгт багтаах нь хэтэрхий хялбарчилсан хэрэг гэж та нар боддог. Бурханы хэлсэн бүхнийг авч, ганц хэллэг болгон багасгах нь Бурханыг арай дэндүү өчүүхэн болгож байгаа бус уу? Тийм биш гэж үү? Эдгээр үгийн цаадах гүн гүнзгий утга учрыг та нарын ихэнх нь бүрэн ойлгохгүй байж болох юм. Та нар бүгд үүнийг тэмдэглэж авсан ч гэсэн энэ хэллэгийг зүрх сэтгэлдээ хадгалах санаагүй байгаа; та нар завтай цагтаа дахин харж, эргэцүүлэн бодохын тулд үүнийг зүгээр л тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авсан. Та нарын зарим нь энэ хэллэгийг сайн ашиглах гэж хичээх нь байтугай цээжилье гэж оролдох ч үгүй. Гэвч Би яагаад энэхүү хэллэгийг дурдахыг хүсдэг вэ? Та нарын харах өнцгөөс үл хамааран, та нар юу ч гэж боддог байсан, энэ хэллэгийг Би дурдах ёстой байсан, учир нь Бурхан хүмүүсийн төгсгөлийг хэрхэн тодорхойлдогтой энэ туйлын их хамаатай. Энэ хэллэгийн талаарх одоогийн ойлголт чинь ямар байх, эсвэл та нар үүнд хэрхэн хандах нь хамаагүй, Би та нарт үүнийг хэлнэ: Хэрвээ хүмүүс энэ хэллэгийг хэрэгжүүлж, туулан, Бурханаас эмээж, муугаас зайлах стандартад хүрч чадвал амьд үлдэх нь гарцаагүй бөгөөд сайн төгсгөлтэй байх нь лавтай. Гэвч хэрвээ чи энэ хэллэгийн тавьсан стандартад хүрч чадахгүй бол төгсгөл чинь тодорхойгүй гэж хэлж болно. Тиймээс Би сэтгэл зүйг чинь бэлдэх гэж энэ хэллэгийн тухай та нарт хэлж байна, ингэснээр та нарыг хэмжихдээ Бурхан ямар стандарт ашигладгийг та нар мэдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 9

Хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг туршихын тулд Бурхан янзын бүрийн шалгалт ашигладаг

Эрин үе болгонд Бурхан хүмүүсийн дунд ажиллаж байхдаа тэдэнд зарим үгийг хайрлаж, зарим үнэнийг хэлдэг. Эдгээр үнэн нь хүмүүсийн баримтлах ёстой зам, тэдний алхах ёстой зам, тэднийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болгох зам, амьдралдаа болон амьдралынхаа явцад хүмүүсийн хэрэгжүүлж, баримталбал зохих зам болдог. Ийм шалтгааны улмаас Бурхан эдгээр айлдварыг хүн төрөлхтөнд илэрхийлдэг. Бурханаас ирдэг эдгээр үгийг хүмүүс баримтлах ёстой бөгөөд тэдгээрийг баримтлах нь амь хүртэхийн тулд юм. Хэрвээ хүн тэдгээрийг баримталдаггүй, хэрэгжүүлдэггүй, Бурханы үгийг амьдралдаа амьдран харуулдаггүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй юм байна. Түүнчлэн хэрвээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхгүй бол Бурханаас эмээж, муугаас зайлахгүй байна, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ч чадахгүй. Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй, ийм хүмүүст төгсгөл байхгүй. Тэгвэл Бурхан Өөрийнхөө ажлын явцад хүний төгсгөлийг хэрхэн тодорхойлдог вэ? Хүний төгсгөлийг тодорхойлохын тулд Бурхан ямар арга хэрэглэдэг вэ? Одоогоор та нар энэ талаар сайн мэдэхгүй хэвээр байж магадгүй ч Би та нарт процессыг нь хэлэх үед нэлээд тодорхой болно, яагаад гэвэл, та нараас олонх нь үүнийг аль хэдийн өөрсдөө туулсан.

Өөрийн ажлын явцад, эхнээсээ л Бурхан хүн бүхэнд, өөрөөр хэлбэл Өөрийг нь дагадаг хүн бүхэнд зориулж шалгалт тавьсан бөгөөд энэхүү шалгалт нь янз бүрийн хэмжээтэй байдаг. Гэрийнхэндээ гологдох шалгалт, базаахгүй орчны шалгалт, баривчлагдаж, тамлагдах шалгалт, сонголттой тулгарах шалгалт, мөн мөнгө, байр суурийн шалгалт туулсан хүмүүс байдаг. Ерөнхийд нь хэлбэл, та нар дор бүрнээ бүх төрлийн шалгалттай тулгарсан. Бурхан яагаад ингэж ажилладаг вэ? Тэр яагаад хүн бүхэнд ингэж ханддаг вэ? Тэр ямар үр дүн харахаар эрж хайдаг вэ? Миний та нарт хэлэхийг хүсдэг санаа энэ байна: Энэ хүн Бурханаас эмээж, муугаас зайлдаг төрлийн хүн мөн эсэхийг Бурхан харахыг хүсдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан чамайг шалгаж, чамайг энэ тэр зарим нэг нөхцөл байдалтай тулгараад Өөрөөс нь эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг турших санаатай байдаг. Хэрвээ хэн нэгэнд тахил хамгаалах үүрэг тулгарч, энэхүү үүргийнхээ улмаас Бурханы тахилд хүрсэн бол энэ нь Бурханы зохицуулсан зүйл гэж чи хэлэх байсан уу? Эргэлзээгүй тийм! Чамд тулгардаг бүхэн Бурханы зохицуулсан зүйл байдаг. Ийм асуудалтай тулгарах үед Бурхан чамайг нууцаар ажиглаж, ямар сонголт хийх, хэрхэн хэрэгжүүлэх, ямар бодолтой байгааг чинь харах болно. Бурхан эцсийн үр дүнг хамгаас их анхаардаг, учир нь яг тухайн шалгалтад Түүний стандартад хүрсэн эсэхийг чинь хэмжихэд энэхүү үр дүн Түүнд тусална. Гэхдээ хүмүүс асуудалтай тулгарах болгондоо яагаад үүнтэй тулгарч байгаа, ямар стандартад нийцэхийг Бурхан тэднээс шаарддаг, Тэр тэднээс юу харахыг хүсдэг, юу олж авахыг хүсдэг талаар тэд ихэнхдээ боддоггүй. Энэ асуудалтай тулгарах үедээ ийм хүмүүс ердөө л “Энэ надад тулгарсан зүйл; би болгоомжгүй биш, болгоомжтой байх ёстой! Ямар ч байсан энэ бол Бурханы тахил бөгөөд би үүнд хүрч болохгүй” гэж боддог. Ийм энгийн бодолтой хүмүүс үүргээ биелүүлсэн гэж итгэдэг. Энэ шалгалтын үр дүнд Бурхан сэтгэл хангалуун байх уу, үгүй юу? Энэ талаар ярилцаарай. (Хэрвээ хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг бол Бурханы тахилд хүрэх боломж олгох үүрэгтэй тулгарах үедээ Бурханы зан чанарт халдах нь хэчнээн амархан байх талаар бодож үзэх бөгөөд энэ нь тэднийг гарцаагүй болгоомжтой ханддаг болгоно.) Хариулт чинь дөхөж байна, гэхдээ хараахан болоогүй байна. Бурханы замаар алхах нь гаднаа дүрэм журам мөрдөх явдал биш; харин ч чамд асуудал тулгарах үед чи үүнийг Бурханы зохицуулсан нөхцөл байдал, Түүнээс чамд хайрласан хариуцлага, эсвэл Түүний чамд даалгасан даалгавар гэж юуны түрүүнд үзнэ гэсэн үг юм. Энэ асуудалтай тулгарах үедээ чи үүнийг бүр Бурханы чамд тавьсан шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чи зүрх сэтгэлдээ стандарттай болж, энэ хэрэг явдал Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи Бурханд үнэнч байхын зэрэгцээ үүргээ биелүүлж чадахуйц байдлаар үүнийг хэрхэн шийдэх талаар, мөн Түүнийг хилэгнүүлж, Түүний зан чанарт халдалгүйгээр хэрхэн үүнийг хийх талаар бодох ёстой. Тахилыг хамгаалах талаар бид дөнгөж сая ярилаа. Энэ хэрэг явдал тахилтай хамаатай, бас чиний үүрэг, хариуцлагыг хөнддөг. Чи энэхүү хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Гэхдээ энэ асуудалтай тулгарсан үед ямар нэгэн уруу таталт байдаг уу? Байдаг! Энэ уруу таталт хаанаас гардаг вэ? Энэхүү уруу таталт Сатанаас гардаг, мөн энэ нь хүний ёрын муу, завхарсан зан чанараас гардаг. Уруу таталт байгаа болохоор хүмүүсийн хийх учиртай гэрчлэлд зогсох явдал энэ асуудалд хамаардаг бөгөөд энэ нь мөн чиний үүрэг, хариуцлага юм. Зарим хүн “Энэ бол маш жижиг асуудал; үүнийг ийм сүртэй юм болгох үнэхээр шаардлагатай гэж үү?” гэдэг. Тийм ээ, шаардлагатай! Учир нь, Бурханы замаар явахын тулд бид өөрсдөд маань, эсвэл бидний эргэн тойронд болж байгаа юуг ч, бүр өчүүхэн зүйлсийг ч зүгээр орхиж болохгүй; бид үүнд анхаарал хандуулах ёстой юу, үгүй юу гэж боддог ч байсан бай, ямар нэгэн асуудал тулгарсан л бол бид үүнийг зүгээр орхиж болохгүй. Болж буй бүхнийг Бурханы бидэнд өгсөн туршилт гэж харах ёстой. Юмыг ингэж харах талаар чи юу гэж бодож байна? Хэрвээ чи ийм хандлагатай бол энэ нь: Чи сэтгэлийнхээ гүнд Бурханаас эмээдэг бөгөөд муугаас зайлахад бэлэн гэсэн нэг баримтыг баталдаг. Хэрвээ чамд Бурханыг сэтгэл хангалуун байлгах энэ хүсэл байгаа бол чиний хэрэгжүүлж байгаа зүйл Бурханаас эмээж, муугаас зайлах стандартаас тийм ч холгүй байна.

Хүмүүсийн нэг их анхаардаггүй, ер нь дурддаггүй асуудлууд нь үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй, ялихгүй аар саар зүйл гэж итгэдэг хүмүүс нэлээд их байдаг. Тийм асуудал тулгарахад энэ хүмүүс үүнийг нэг их бодож үзэлгүй, тэгээд зүгээр өнгөрөөдөг. Гэвч үнэндээ энэ асуудал нь чиний сурах ёстой сургамж, Бурханаас хэрхэн эмээж, муугаас хэрхэн зайлах тухай сургамж байсан юм. Түүнчлэн, чиний бүр ч илүү санаа зовних хэрэгтэй зүйл бол энэ асуудал чамд тулгарахаар гарч ирэх үед Бурхан юу хийж байгааг мэдэх явдал билээ. Бурхан яг хажууд чинь үг, үйлдэл бүрийг чинь ажиглаж, хийж буй юм болгоныг чинь, бодол санаанд чинь ямар өөрчлөлт гарч байгааг хардаг—энэ бол Бурханы ажил. Зарим хүн “Энэ хэрвээ үнэн юм бол би яагаад үүнийг мэдрээгүй юм бэ?” гэж асуудаг. Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чи гол замаа болгож баримтлаагүй учраас үүнийг мэдрээгүй; тиймээс, хүмүүст хийдэг Бурханы нарийн ажлыг, хүмүүсийн янз бүрийн бодол, үйлдлийн дагуу өөрөө илэрдэг тэр ажлыг чи мэдэрч чаддаггүй. Чи хөнгөн хийсвэр юм! Томоохон асуудал нь юу вэ? Жижиг асуудал нь юу вэ? Бурханы замаар алхахтай хамаатай асуудлуудыг том, жижиг гэж хуваадаггүй боловч та нар үүнийг хүлээн зөвшөөрч чадах уу? (Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадна.) Өдөр тутмын асуудлуудын тухайд, хүмүүсийн маш том, ач холбогдолтой гэж үздэг зарим асуудал, ялихгүй аар саар зүйл гэж үздэг өөр хэсэг асуудал байдаг. Хүмүүс эдгээр том асуудлыг маш чухал гэж үздэг бөгөөд тэдгээрийг Бурхан илгээсэн гэж тооцдог. Гэвч энэ том асуудлуудыг шийдвэрлэх явцад дутуу дулимаг биеийн хэмжээ, дорд муу хэв чанарынхаа улмаас хүмүүс Бурханы хүслийг дандаа биелүүлж, ямар ч илчлэл олж авч, үнэ цэнтэй ямар ч бодит мэдлэг эзэмшиж чаддаггүй. Жижиг асуудлуудын тухайд гэвэл, тэдгээрийг хүмүүс зүгээр л анзаарахгүй үлдээж, бага багаар алга болгодог. Тиймээс Бурханы өмнө шинжлүүлэх, Түүгээр туршигдах олон боломжийг хүмүүс алдсан. Бурханы чамд зориулж зохицуулсан хүмүүс, үйл явдал, юмс, нөхцөлүүдийг чи үргэлж анзаардаггүй бол юу гэсэн үг вэ? Энэ нь өдөр бүр, цаашлаад мөч бүрд Бурхан чамайг төгс болгохоос, мөн Бурханы манлайллаас чи байнга татгалзаж байна гэсэн үг юм. Бурхан чамд зориулан нөхцөл байдал зохицуулах бүрдээ нууцаар харж, зүрх сэтгэлийг чинь харж, бодол, эргэцүүллийг чинь ажиглаж, хэрхэн бодож байгааг чинь харж, хэрхэн үйлдэхийг чинь харахаар хүлээж байгаа. Хэрвээ чи хайхрамжгүй хүн бол—Бурханы зам, Түүний үг, эсвэл үнэнд хэзээ ч нухацтай хандаж байгаагүй хүн бол—Бурхан чамд зориулан тодорхой орчин зохицуулахдаа Тэр ямар шаардлагад нийцэхийг чамаас шаарддаг, Тэр юу гүйцэлдүүлэхийг хүсэж байгааг чи хайхарч, анхаарал хандуулахгүй. Чамд тохиосон хүмүүс, үйл явдал, юмс нь үнэн, эсвэл Бурханы хүсэлтэй ямар холбоотойг чи бас мэдэхгүй. Иймэрхүү олон удаагийн нөхцөл байдал болон шалгалттай тулгарсны дараа Бурхан чамаас ямар ч үр дүн олж харахгүй бол Тэр яах вэ? Чи шалгалттай удаа дараа нүүр тулсны дараа зүрх сэтгэлдээ Бурханыг өсгөөгүй, бас чамд зориулан Бурханы зохицуулсан нөхцөл байдлыг ч байгаагаар нь, Бурханы шалгалт, туршилт гэж хараагүй. Харин ч Бурханы чамд хайрласан боломжуудаас ээлж дараалан татгалзаж, тэдгээрийг ахин дахин алдсан. Энэ бол хүмүүсийн харуулдаг туйлын дуулгаваргүй байдал бус уу? (Мөн.) Үүнээс болж Бурхан гомдох уу? (Тэгнэ.) Бурхан гомдохгүй! Миний ингэж хэлэхийг сонсоод та нар дахин нэг удаа цочирдлоо. “Бурханд үргэлж гомдолтой санагддаг гэж өмнө нь хэлээгүй бил үү? Тиймээс Бурхан гомдохгүй гэж үү? Тэгвэл Бурханд хэзээ гомдолтой санагддаг вэ?” гэж та нар бодож байж магадгүй. Товчхондоо Бурхан энэ нөхцөлд гомдохгүй. Тэгвэл дээр дурдсан зан авирт хандах Бурханы хандлага юу вэ? Хүмүүс Бурханы илгээдэг шалгалт, туршилтыг голж, тэдгээрээс зайлсхийх үед ийм хүмүүст хандах цорын ганц хандлага Бурханд байдаг. Энэ ямар хандлага вэ? Бурхан ийм хүмүүсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс зэвүүцэн голдог. “Зэвүүцэн голох” гэдэг үгэнд давхар утга бий. Би үүнийг Өөрийнхөө өнцгөөс хэрхэн тайлбарлах хэрэгтэй вэ? Гүн утгаараа “зэвүүцэн голох” гэдэг үг нь жигших, үзэн ядах гэсэн утгатай байдаг. Нөгөө нэг утга нь юу вэ? Тэр нь ямар нэг зүйлээс татгалзах гэсэн санааг агуулдаг хэсэг юм. “Татгалзах” гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Товчоор хэлбэл, “зэвүүцэн голох” гэдэг нь иймэрхүү байдлаар авирлаж байгаа тэр хүмүүст хандах Бурханы эцсийн хандлага, хариу үйлдлийг илэрхийлдэг үг юм; энэ бол тэдэнд хандах туйлын үзэн ядалт, зэвүүцэл, улмаар энэ нь тэднийг орхих шийдвэрт хүргэдэг. Энэ бол Бурханы замаар хэзээ ч алхаагүй, хэзээ ч Бурханаас эмээж, муугаас зайлаагүй хүнд чиглэсэн Бурханы эцсийн шийдвэр билээ. Миний өмнө нь дурдсан энэхүү хэллэгийн чухал ач холбогдлыг та нар одоо бүгд харж чадаж байна уу?

Хүний төгсгөлийг тодорхойлохын тулд Бурханы хэрэглэдэг аргуудыг одоо та нар ойлгож байна уу? (Тэр өдөр бүр өөр өөр нөхцөл байдлыг зохицуулдаг.) “Тэр өөр өөр нөхцөл байдлыг зохицуулдаг”—эдгээр нь хүмүүсийн мэдэрч, хүрч чаддаг зүйл. Тэгвэл үүнийг хийх Бурханы сэдэл юу вэ? Тэр хүн нэг бүрд өөр өөр арга замаар, өөр өөр цагт, өөр өөр газарт шалгалт өгөх санаа зорилготой байдаг. Шалгалтын үеэр хүний ямар талуудыг туршдаг вэ? Өөрт тулгардаг, сонсож, харж, биечлэн туулдаг асуудал бүрдээ чи Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг чинь шалгалт тодорхойлдог. Хүн бүхэн ийм шалгалттай тулгарна, учир нь Бурхан бүх хүнд шударга ханддаг. Та нарын зарим нь “Би Бурханд олон жилийн турш итгэсэн; тэгэхээр би яагаад ямар ч шалгалттай тулгараагүй юм бол?” гэж хэлдэг. Бурхан чамд зориулан нөхцөл байдлыг зохицуулах болгонд чи тэдгээрийг нухацтайгаар авч үзээгүй, Бурханы замаар алхахыг хүсээгүй учраас чамд шалгалт тулгараагүй гэж санагддаг. Иймээс чи зүгээр л Бурханы шалгалтыг огт мэдэрдэггүй. Зарим хүн “Би цөөн хэдэн шалгалттай тулгарч байсан боловч хэрхэн зүй зохистой хэрэгжүүлэхээ мэдэхгүй. Хэрэгжүүлсэн үедээ ч гэсэн Бурханы шалгалтын үеэр бат зогссон эсэхээ мэдэхгүй л байна” гэдэг. Ийм байдалтай хүмүүс гарцаагүй цөөнх биш. Тэгвэл хүмүүсийг хэмждэг Бурханы стандарт юу вэ? Хэдхэн хормын өмнө яг л Миний хэлсэнчлэн: Чи хийж, бодож, илэрхийлж байгаа юм бүхэндээ Бурханаас эмээж, муугаас зайлж байна уу, үгүй юу гэдэг чинь юм. Чамайг Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн үү, биш үү гэдгийг ингэж тодорхойлдог. Энэ ухагдахуун энгийн байна уу? Үүнийг хэлэхэд бишгүй амархан, харин хэрэгжүүлэхэд амархан уу? (Тийм ч амархан биш.) Яагаад тийм ч амархан биш вэ? (Яагаад гэвэл, хүмүүс Бурханыг мэддэггүй, Бурхан хүмүүсийг хэрхэн төгс болгодгийг мэддэггүй учраас асуудалтай тулгарах үедээ тэд асуудлаа шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэггүй. Тэд Бурханаас эмээх бодит байдалтай болж чадахаасаа өмнө янз бүрийн шалгалт, цэвэршүүлэлт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой.) Та нар ингэж хэлж болох ч та нарын хувьд Бурханаас эмээж, муугаас зайлах нь яг одоо амархан хийж болохуйц санагддаг. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, та нар маш их номлол сонсож, үнэний бодит байдлаас багагүй хэмжээний усалгаа хүлээн авсан; энэ нь хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлахыг онолын болон оюун санааны хувьд ойлгох боломжийг та нарт олгосон. Тэрхүү Бурханаас эмээж, муугаас зайлахыг хэрхэн бодитоор хэрэгжүүлэх тухайд бол энэ мэдлэг бүгд тун тустай байсан бөгөөд тийм зүйлийг амархан биелүүлж болмоор юм шиг та нарт санагдуулдаг. Тэгвэл хүмүүс яагаад үүнийг бодитоор биелүүлж чаддаггүй вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн уг чанар-мөн чанар нь Бурханаас эмээдэггүй бөгөөд мууд дуртай байдаг. Жинхэнэ шалтгаан нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 10

Бурханаас эмээхгүй, муугаас зайлахгүй байх нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг

Та нар одоо Бурхантай, Бурханы үгтэй нүүр тулсан байдаг; Бурханы талаарх та нарын мэдлэг Иовынхоос хавьгүй илүү. Би яагаад үүнийг сөхөж байна вэ? Ингэж хэлсний минь зорилго юу вэ? Би та нарт нэгэн баримтыг тайлбарлахыг хүсэж байна, гэхдээ тэгэхээсээ өмнө та нараас нэг асуулт асуумаар байна: Иов Бурханы тухай маш бага мэддэг байсан ч Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг байсан; өнөөгийн хүмүүс яагаад ингэж чаддаггүй юм бэ? (Тэд гүн завхарсан байдаг.) “Гүн завхарсан”—энэ бол уг асуудлыг үүсгэж буй өнгөцхөн үзэгдэл боловч Би үүнийг хэзээ ч ингэж харахгүй. Та нар “гүн завхрал”, “Бурханы эсрэг тэрслэх”, “Бурханд үнэнч бус байх”, “дуулгаваргүй байдал”, “үнэнд дургүй байх” гэх мэт сургаал, нэр томьёог авч, асуудал бүрийн мөн чанарыг тайлбарлахдаа эдгээр хэлц үгийг ашигладаг. Энэ бол хэрэгжүүлэх өө сэвтэй арга юм. Өөр өөр шинж чанартай асуудлуудыг тайлбарлахдаа нэг хариулт ашиглах нь үнэн болон Бурханыг доромжилж байна гэсэн сэжгийг зайлшгүй төрүүлдэг; Би иймэрхүү хариулт сонсох дургүй. Энэ тухай нухацтай бодоод үз! Та нарын хэн нь ч энэ асуудлын талаар бодож байгаагүй боловч Би өдөр бүр үүнийг харж, мэдэрч чадна. Тиймээс та нарыг үйлдэж байхад Би харж байдаг. Ямар нэгэн зүйл хийж байхдаа та нар мөн чанарыг нь мэдэрч чаддаггүй, харин Би үүнийг харахдаа мөн чанарыг нь харж, бас мэдэрч чаддаг. Тэгэхээр энэ мөн чанар нь юу вэ? Өнөө үед хүмүүс яагаад Бурханаас эмээж, муугаас зайлах чадваргүй байдаг вэ? Та нарын хариулт энэ асуудлын мөн чанарыг тайлбарлаж огт чадахгүй, бас шийдвэрлэж ч чадахгүй. Яагаад гэвэл, та нарын мэддэггүй эх сурвалж үүнд байдаг. Энэ эх сурвалж нь юу вэ? Та нар энэ талаар сонсмоор байгааг Би мэдэж байна, иймээс Би энэ асуудлын эх сурвалжийг та нарт хэлье.

Бурхан ажил хийж эхэлснээс хойш хүнийг хэрхэн үздэг байсан бэ? Бурхан тэднийг аварсан; Тэр хүмүүсийг Өөрийн гэр бүлийн гишүүн, Өөрийн ажлын зорилго, Өөрөө байлдан дагуулж, аврахыг хүссэн хүмүүс, Өөрөө төгс болгохыг хүссэн хүмүүс гэж үзэж байсан. Өөрийн ажлын эхнээс л Бурхан хүнд ингэж хандаж байв. Харин тэр үед хүн төрөлхтөн Бурханд ямар хандаж байсан бэ? Бурхан хүмүүсийн хувьд үл таних нэгэн байсан бөгөөд тэд Бурханыг танихгүй нэгэн шиг үзсэн. Бурханд хандах тэдний хандлага зөв үр дүнд хүрээгүй, тэд Бурханд хэрхэн хандах ёстой талаар тодорхой ойлголтгүй байсан гэж хэлж болно. Тиймээс тэд Түүнтэй хүссэнээрээ харьцаж, юу дуртайгаа хийсэн. Тэдэнд Бурханы талаар ямар нэгэн үзэл бодол байсан уу? Эхэндээ тэдэнд байгаагүй; тэдний санаа бодол, таамаглал гэгч нь Түүний тухай тодорхой нэг үзэл, таамаглалаас бүрдэх төдий байсан. Өөрсдийнх нь үзэлд нийцсэн зүйлсийг нь тэд хүлээн зөвшөөрсөн бөгөөд, ямар нэг зүйл үзэлтэй нь нийцэхгүй үед тэд өнгөн дээрээ дуулгавартай дагасан боловч зүрх сэтгэлийнхээ гүнд үүнтэй хүчтэй зөрчилдөж, эсэргүүцсэн. Эхэндээ хүн, Бурхан хоёр хоорондоо ийм харилцаатай байв: Бурхан тэдийг гэр бүлийн гишүүнээ гэж харж байхад, хүн Бурханд танихгүй нэгэн шиг хандсан. Гэхдээ Бурхан хэсэг ажилласны дараа Бурхан юунд хүрэхээр хичээж байгааг хүмүүс ойлгож авч, Бурхан бол жинхэнэ Бурхан юм гэдгийг тэд мэдсэн; тэд мөн Бурханаас юу олж авч болохыг мэдэж авсан. Энэ үед хүмүүс Бурханыг юу гэж үзсэн бэ? Тэд Түүнийг аврах татлага хэмээн харж, Түүний нигүүлсэл, ерөөл, амлалтыг хүртэх гэж найдсан. Энэ үед Бурхан хүнийг юу гэж үздэг байсан бэ? Тэр тэднийг байлдан дагуулалтынхаа бай гэж харж байсан. Бурхан үг ашиглан тэднийг шүүж, туршиж, тэднээр шалгалт туулуулахыг хүссэн. Гэхдээ тэр үеийн хүмүүсийн хувьд Бурхан бол өөрийн гэсэн зорилгодоо хүрэхэд ашиглаж болох объект л байсан. Бурханы гаргасан үнэн өөрсдийг нь байлдан дагуулж, аварч чадна, Бурханаас хүссэн зүйлээ авахаас гадна, хүссэн хүрэх газартаа хүрэх боломж тэдэнд байна гэдгийг хүмүүс харсан. Үүнээс болж тэдний зүрх сэтгэлд өчүүхэн төдий чин сэтгэл бүрэлдэж, Бурханыг дагахад бэлэн болсон. Цаг хугацаа өнгөрч тэд Бурханы талаар өнгөцхөн, хоосон онолын бага зэрэг мэдлэг олж авсан учраас Бурхан, Түүний хэлсэн үг, Түүний номлол, Түүний гаргасан үнэн, Түүний ажилтай “танил” болж эхэлсэн гэж хүртэл хэлж болно. Иймээс өөрсдөд нь Бурхан танихгүй нэгэн байхаа больж, өөрсдийгөө аль хэдийн Бурхантай нийцтэй болох замд хөл тавьсан гэж тэд эндүүрэх болсон. Одоо бол хүмүүс үнэний талаар маш их номлол сонсож, Бурханы ихээхэн ажлыг туулсан. Гэсэн ч олон янзын хүчин зүйлс, нөхцөл байдлаас үүдсэн хөндлөнгийн оролцоо, саад бартааны улмаас ихэнх хүн үнэнийг амжилттай хэрэгжүүлж чаддаггүй, бас Бурханыг сэтгэл хангалуун байлгаж ч чаддаггүй. Хүмүүс улам их хойрго болж, улам итгэлгүй болсон. Өөрсдийнх нь төгсгөл тодорхойгүй юм шиг санагдах нь улам нэмэгдсэн. Тэд хэрээс хэтэрсэн санаа гаргаж зүрхэлдэггүй, ахиц дэвшил гаргах гэж тэмүүлдэггүй; тэд зүгээр л дуртай дургүй дагаж, алхам алхмаар урагшилдаг. Хүмүүсийн өнөөгийн байдлын тухайд, тэдэнд хандах Бурханы хандлага ямар вэ? Тэр эдгээр үнэнийг тэдэнд хайрлаж, Өөрийн замыг тэдэнд суулгаж өгч, дараа нь тэднийг өөр өөр арга замаар шалгахын тулд өөр өөр орчин нөхцөл зохицуулдаг. Түүний зорилго нь эдгээр үг, эдгээр үнэн болон Өөрийн ажлыг авч, хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болох төгсгөлийг авчрах явдал билээ. Миний харсан ихэнх хүн Бурханы үгийг хоосон сургаал, цаасан дээрх зүгээр нэг үсэг, сахин мөрдөх журам гэж үздэг. Тэд үйлдэж, ярихдаа, эсвэл шалгалттай тулгарахдаа Бурханы замыг өөрсдийн мөрдөх ёстой зам гэж үздэггүй. Хүмүүс ялангуяа томоохон шалгалттай тулгарахад энэ үнэн байдаг; Бурханаас эмээж, муугаас зайлахаар хэрэгжүүлж байгаа ямар ч хүнийг Би хараагүй. Тиймээс хүмүүст хандах Бурханы хандлага нь туйлын их жигшил, зэвүүцлээр дүүрэн байдаг! Тэр тэднийг удаа дараа, бүр хэдэн зуун удаа шалгасан ч гэсэн, “Би Бурханаас эмээж, муугаас зайлахыг хүсэж байна!” хэмээн шийдсэнээ харуулах ямар ч тодорхой хандлага байхгүй хэвээр байдаг. Хүмүүст ийм шийдэмгий байдал нэгэнт байхгүй, ингэж харагддаггүйгээс хойш тэдэнд хандах Бурханы өнөөгийн хандлага нь, өршөөл үзүүлж, хүлээцтэй байж, хүлцэн тэвчиж, тэвчээр гаргаж байсан өнгөрсөн үеийнхтэй нь адил байхаа больсон. Харин ч Тэр хүн төрөлхтөнд туйлын их урам хугарсан. Хэнээс болж ийнхүү урам хугарсан бэ? Хүмүүст хандах Бурханы хандлага хэнээс хамаардаг вэ? Энэ нь Түүнийг дагадаг хүн нэг бүрээс хамаардаг. Олон жилийн ажлынхаа замналын явцад Бурхан хүмүүст олон шаардлага тавьж, тэдэнд зориулж олон нөхцөл байдлыг зохицуулсан. Гэхдээ хэрхэн гүйцэтгэснээс нь үл хамааран, Бурханд хандах хандлага нь ямар ч байсан, хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлах зорилгод тодорхой нийцүүлэн хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс Би үүнийг нэг хэллэгээр дүгнэн хэлж, хүмүүс яагаад Бурханаас эмээж, муугаас зайлах Бурханы замаар алхаж чаддаггүй талаар бидний дөнгөж сая ярьсан бүхнийг тайлбарлахад энэ хэллэгийг ашиглана. Энэ ямар хэллэг вэ? Энэ бол: Бурхан хүмүүсийг Өөрийн аврах объект, Өөрийн ажиллах объект гэж үздэг; хүмүүс Бурханыг өөрийн дайсан, өөрийн эсрэгцэл гэж үздэг. Одоо чи энэ асуудлын талаар тодорхой ойлголттой болсон уу? Хүн төрөлхтний хандлага ямар болох, Бурханы хандлага ямар болох, хүн, Бурхан хоёрын хоорондын харилцаа ямар болох нь маш тодорхой байна. Та нар хэчнээн ч их номлол сонссон ч гэсэн, Бурханд үнэнч байж, Бурханд захирагдаж, Бурхантай нийцтэй байх замыг эрж хайж, бүхий л амьдралаа Бурханд зарлагадахыг, Бурханы төлөө амьдрахыг хүсэх гээд өөрийн гэсэн дүгнэлтээ гаргасан тэдгээр зүйл нь Надад бол, Бурханаас эмээж, муугаас зайлах Бурханы замаар ухамсартайгаар алхаж байгаагийн жишээ биш, харин ч тэдгээр нь тодорхой зорилгод хүрэхдээ ашиглаж болох зүгээр нэг сувгууд юм. Тэдгээрт хүрэхийн тулд та нар зарим дүрэм журмыг дурамжхан мөрддөг бөгөөд Яг энэ дүрэм журмууд л Бурханаас эмээж, муугаас зайлах замаас хүмүүсийг улам илүү холдуулж, Бурханыг дахин нэгэнтээ хүн төрөлхтний эсрэг болгодог.

Өнөөдрийн сэдэв бага зэрэг хүнд боловч ямар ч байсан хожмын туршлага, хожмын цаг хугацааг туулахдаа Миний дөнгөж сая та нарт хэлсэн зүйлийг хийж чадна гэж Би найдсаар л байна. Чамд хэрэг болсон үед Бурхан оршин байдаг, харин хэрэггүй үед Тэр оршин байдаггүй юм шиг Түүнийг хоосон агаар мэт бүү үз. Дотоод ухамсартаа ийм бодол тээмэгцээ чи Бурханыг аль хэдийн хилэгнүүлсэн байдаг. “Би Бурханыг хий хоосон агаар төдий гэж үздэггүй. Би үргэлж Түүнд залбирч, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг, миний хийдэг бүхэн Бурханы шаардсан цар хүрээ, стандарт, зарчмын дотор байдаг. Би гарцаагүй өөрийн санаа бодлын дагуу үйлдэхгүй байгаа” гэж хэлэх хүн байж магадгүй. Тийм ээ, чиний хэрэгжүүлж байгаа арга зам зөв! Гэсэн ч чи асуудалтай тулгарах үедээ юу гэж боддог вэ? Чамд асуудал тулгарах үед чи хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Зарим хүн Бурханд залбирч, Түүнээс гуйх үедээ л Бурхан оршин байгааг мэдэрдэг боловч асуудал тулгарах болгонд, өөрийн санааг гаргаж, түүнийгээ дагахыг хүсдэг. Энэ нь тэд Бурханыг ердөө л хоосон агаар гэж үздэг гэсэн үг бөгөөд ийм нөхцөл байдлын улмаас оюун санаандаа тэд Бурханыг оршин байхгүй болгодог. Хэрэгтэй үед нь Бурхан орших ёстой, харин хэрэггүй үед Тэр орших ёсгүй гэж хүмүүс итгэдэг. Өөрсдийнхөө санаанд үндэслэж хэрэгжүүлэх нь хангалттай гэж хүмүүс боддог. Тэд хүссэн болгоноо хийж болно гэж итгэдэг; Бурханы замыг эрж хайх хэрэг тэдэнд байхгүй гэж тэд гагцхүү итгэдэг. Одоо ийм нөхцөлд байгаа, ийм байдалд гацсан хүмүүсийн тухайд тэд аюул дуудаж байгаа бус уу? Зарим хүн “Аюул дуудаж байгаа, үгүйн аль нь ч бай, би маш олон жилийн туршид итгэж ирсэн, Бурхан намайг орхиж тэвчихгүй учраас намайг орхихгүй гэдэгт би итгэдэг” гэдэг. Нөгөө хэсэг нь “Би бүр эхийнхээ хэвлийд байсан цагаас Эзэнд итгэж ирсэн. Дөч, тавин жил болсон учраас цаг хугацаагаар бол би Бурханаар аврагдаж, амьд үлдэхэд хамгийн тохирно. Энэхүү дөч, тавин жилийн хугацаанд гэр бүл, ажил төрлөө орхиж, мөнгө, байр суурь, зугаа цэнгэл, гэр бүлтэйгээ байх цаг гээд өөрт байсан бүхнийг би хаясан. Би олон амттай хоол идэж, их зугаа цэнгэлийг эдлээгүй, олон сонирхолтой газраар яваагүй, энгийн хүний дааж чадахааргүй зовлонг хүртэл туулсан. Хэрвээ Бурхан энэ бүхний төлөө намайг аварч чадахгүй юм бол надад шударга бус хандаж байна, би ийм Бурханд итгэж чадахгүй” гэдэг. Ийм үзэл бодолтой хүн олон байдаг уу? (Олон байдаг.) Тэгвэл өнөөдөр Би нэг баримтыг ойлгоход чинь та нарт тусалъя: Ийм үзэл бодолтой хүмүүс бүгд өөрсдийгөө баллаж байна. Яагаад гэвэл, тэд өөрсдийнхөө төсөөллөөр нүдээ таглаж байна. Яг эдгээр төсөөлөл, мөн өөрсдийнх нь дүгнэлт нь хүмүүсээс хүрэхийг шаарддаг Бурханы стандартыг орлож, Бурханы жинхэнэ санаа зорилгыг хүлээн зөвшөөрөхөөс тэднийг хойш татдаг. Энэ нь Түүний жинхэнэ оршин тогтнолыг мэдэрч чадахгүй болгож, мөн Бурханаар төгс болгуулах боломжоо алдаж, Бурханы амлалтад оролцох аливаа оролцоогоо хаяхад хүргэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 11

Бурхан хүмүүсийн төгсгөлийг хэрхэн тодорхойлдог болон хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог Түүний стандарт

Чи аливаа үзэл бодол, дүгнэлт дээр тогтохоосоо өмнө чамд хандах Бурханы хандлага ямар болохыг, Тэр юу бодож байгааг ойлгох хэрэгтэй, тэгвэл чи өөрийнхөө бодлыг зөв эсэхийг шийдэж чадна. Хүний төгсгөлийг тодорхойлохдоо, Бурхан хэзээ ч цаг хугацааг, хэмжих нэгж болгож ашиглаж байгаагүй, ийнхүү тодорхойлохдоо, хүний хэр их зовлон зүдүүр амссанд нь бас хэзээ ч үндэслэж байгаагүй. Тэгвэл Бурхан хүний төгсгөлийг тодорхойлохдоо юуг стандарт болгож ашигладаг вэ? Цаг хугацаанд үндэслэж тодорхойлох нь хүмүүсийн үзэлтэй хамгийн их нийцэх болно. Түүнчлэн, нэгэн үе үлэмж ихийг зориулж, ихийг зарлагадаж, асар том төлөөс төлж, үлэмж ихээр зовж байсныг нь та нар байнга хардаг хүмүүс байдаг. Та нарын бодлоор бол тэд Бурханы аварч болох хүмүүс юм. Энэ хүмүүсийн үзүүлж, амьдран харуулдаг бүхэн нь хүний төгсгөлийг тодорхойлох Бурханы стандартын талаарх хүмүүсийн үзэлтэй яг таг нийцдэг. Та нар юунд ч итгэдэг байсан, Би эдгээр жишээг нэг нэгээр нь нэрлэхгүй. Товчоор хэлбэл, Бурханы бодсон стандарт биш л бол хүний төсөөллөөс гардаг бөгөөд иймэрхүү бүх зүйл хүний үзэл юм. Хэрвээ чи өөрийн үзэл, хоосон төсөөлөлдөө сохроор зүтгэвэл ямар үр дагавар гарах вэ? Бурхан чамайг зэвүүцэн голох үр дагавар л байж болно гэдэг нь тун илэрхий байна. Учир нь чи Бурханы өмнө үргэлж чадвараа гайхуулж, Түүнтэй өрсөлдөж, маргалдаж байдгийн дээр Түүний бодлыг үнэхээр ухаарч ойлгох гэж хичээдэггүй, бас Түүний хүсэл болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ухаарч ойлгох гэж ч хичээдэггүй. Ийм маягаар авирлах нь Бурханыг алдаршуулахгүй, харин өөрийгөө бүхнээс дээгүүр өргөмжилж байгаа хэрэг юм. Чи өөртөө итгэдэг; чи Бурханд итгэдэггүй. Бурхан ийм хүмүүсийг хүсдэггүй, бас тэдэнд аврал авчрах ч үгүй. Хэрвээ чи ийм үзэл бодлоо хаяж, урьд нь чамд байсан тэдгээр буруу үзэл бодлыг залруулж чадвал, чи Бурханы шаардлагын дагуу байж чадвал, энэ мөчөөс эхлэн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хэрэгжүүлж чадвал, Бурханыг бүх зүйл дээр агуу Нэгэн хэмээн дээдэлж, өөрийгөө болон Бурханыг тодорхойлохдоо өөрийн хоосон төсөөлөл, үзэл бодол, итгэл үнэмшлийг ашиглахаас татгалзаж хүчрээд, оронд нь Бурханы санаа зорилгыг бүхий л талаар эрж хайж, хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ухааран, ойлгож авч, Түүний стандартад нийцсэнээрээ Түүнийг сэтгэл хангалуун болгож чадвал—тэгвэл гайхалтай байх болно! Энэ нь чамайг Бурханаас эмээж, муугаас зайлах замд орох гэж байгааг илтгэн харуулна.

Бурхан хүмүүсийн янз бүрийн бодол, санаа, үзэл бодлыг төгсгөлийг нь тодорхойлох стандарт болгож ашигладаггүй бол, Тэр хүмүүсийн төгсгөлийг тодорхойлохдоо ямар стандарт ашигладаг вэ? Тэр төгсгөлийг нь тодорхойлохдоо шалгалт ашигладаг. Бурхан хүмүүсийн төгсгөлийг тодорхойлохдоо шалгалт ашигладаг хоёр стандарт бий: Эхнийх нь хүмүүсийн туулдаг шалгалтын тоо, хоёр дахь нь эдгээр шалгалтын хүмүүст үзүүлсэн үр дүн. Энэ хоёр үзүүлэлт нь хүний төгсгөлийг тогтоодог. Тэгвэл одоо энэ хоёр стандартыг дэлгэрэнгүй тайлбарлацгаая.

Эхлээд, хүн Бурханаас ирсэн шалгалттай тулгарах үед (тайлбар: Чиний нүдээр бол энэ шалгалт нь багахан, дурдахын ч хэрэггүй байж болно) Түүний гар чам дээр байгаа, энэ нөхцөл байдлыг Тэр чамд зориулж зохицуулсан гэдгийг Тэр чамд тов тодорхой мэдүүлнэ. Биеийн хэмжээ чинь дутуу дулимаг хэвээр байхад Бурхан чамайг туршихаар шалгалт зохицуулах бөгөөд эдгээр шалгалт нь чиний биеийн хэмжээ, чиний ухаарч ойлгож, тэсвэрлэж чадах зүйлд тохирсон байна. Чиний аль хэсгийг турших вэ? Бурханд хандах хандлагыг чинь. Энэ хандлага маш чухал уу? Мэдээж, чухал! Энэ бол онцгой чухал! Хүний энэ хандлага бол Бурханы хүсэж байгаа үр дүн учраас Түүний хувьд, энэ бол бүхнээс хамгийн чухал зүйл юм. Эс бөгөөс Бурхан ийм ажил хийж, хүчин чармайлтаа хүмүүст зарцуулахгүй байх байсан. Эдгээр шалгалтын аргаар Бурхан Өөрт нь хандах чиний хандлагыг харахыг хүсдэг; чамайг зөв зам дээр байгаа эсэхийг харахыг Тэр хүсдэг. Мөн Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа эсэхийг чинь харахыг Тэр хүсдэг. Тиймээс тодорхой нэг цаг үед үнэнийг их ч ойлгосон, бага ч ойлгосон бай, чи Бурханы шалгалттай тулгарсаар байх болно, чиний ойлгосон үнэний хэмжээ ихсэхийн хэрээр Бурхан чамд таарах шалгалтуудыг үргэлжлүүлэн зохицуулсаар байх болно. Чи шалгалттай дахин нэг удаа тулгарах үед чиний үзэл бодол, бодол санаа, мөн Түүнд хандах хандлага чинь энэ хооронд ямар нэгэн өсөлт туулсан эсэхийг Бурхан харахыг хүснэ. Зарим хүн “Яагаад Бурхан дандаа хүмүүсийн хандлагыг харахыг хүсдэг юм бэ? Үнэнийг хэрхэн хэрэгжүүлж байгааг нь Тэр аль хэдийн харсан бус уу? Яагаад бас хүмүүсийн хандлагыг харах гэж?” хэмээн гайхдаг. Энэ бол утгагүй дэмий яриа! Бурхан ийм маягаар ажилладаг болохоор Түүний хүсэл тэнд байх л ёстой. Бурхан хүмүүсийг байнга хөндлөнгөөс ажиж, үг үйлдэл бүр, үйл хэрэг, хөдөлгөөн бүрийг нь ажигладаг; тэр ч бүү хэл тэдний бодол, санаа бүрийг Тэр аждаг. Бурхан хүмүүст тохиолддог бүхнийг, тэдний сайн үйлс, тэдний алдаа, гэм буруу, бүр урвалт, эсэргүүцлийг нь хүртэл тэдний төгсгөлийг тодорхойлох нотолгоо болгож тэмдэглэж авдаг. Бурханы ажил алхам алхмаар өргөгдөхийн хэрээр чи улам их үнэнийг сонсож, улам их эерэг зүйл, эерэг мэдээллийг хүлээн зөвшөөрдөг болж, илүү их үнэний бодит байдлыг олж авна. Энэ үйл явцын туршид чамд тавих Бурханы шаардлага ч мөн нэмэгдэж, ийнхүү нэмэгдэхийн хэрээр, Тэр чамд зориулж илүү чухал шалгалтыг зохицуулна. Энэ хугацаанд Түүнд хандах чиний хандлага сайжирсан эсэхийг ажиглах нь Түүний зорилго юм. Мэдээж, ийм зүйл болох үед Бурханы чамаас шаарддаг үзэл бодол, үнэний бодит байдлын талаарх чиний ойлголттой нийцэх болно.

Биеийн хэмжээ чинь аажмаар өсөн нэмэгдэхэд чамаас шаарддаг Бурханы стандарт мөн адил өснө. Чамайг дутуу дулимаг байхад Тэр чамд маш доогуур стандарт тогтооно; биеийн хэмжээ чинь арай их болоход Тэр чиний стандартыг арай өндөр болгоно. Гэхдээ, бүх үнэний талаарх ойлголтыг олж авсны дараа Бурхан яах вэ? Тэр чамайг бүр ч илүү том шалгалттай тулгаруулна. Эдгээр шалгалтын дундаас Бурхан чамаас олж авахыг хүсдэг, чамаас харахыг хүсдэг зүйл бол Түүнийг илүү гүнзгий мэддэг болж, Түүнийг жинхэнээсээ хүндэтгэдэг болох явдал юм. Энэ үед, чамд тавих Түүний шаардлага нь, биеийн хэмжээ чинь дутуу дулимаг байсан үеийнхээс илүү өндөр, “илүү хатуу ширүүн” байх болно (тайлбар: Хүмүүс тэдгээрийг хатуу ширүүн гэж үзэж магадгүй боловч Бурхан үнэндээ тэдгээрийг боломжийн гэж үздэг). Бурхан хүмүүсийг шалгахдаа ямар бодит байдлыг бүтээхийг хүсдэг вэ? Тэр хүмүүсээс зүрх сэтгэлээ Өөрт нь өгөхийг үргэлж шаардаж байна. Зарим хүн “Би яаж үүнийг өгөх юм бэ? Би үүргээ биелүүлсэн; би гэр орон, ахуй амьдралаа орхиж, өөрийгөө зарлагадсан. Эдгээр нь бүгд миний зүрх сэтгэлээ Бурханд өгөхийн жишээ бус уу? Өөрөөр би яаж зүрх сэтгэлээ Бурханд өгч болох юм бэ? Эдгээр нь үнэндээ миний Түүнд зүрх сэтгэлээ өгөх арга зам биш байсан байж болох уу? Бурханы тодорхой шаардлага юу вэ?” гэж хэлнэ. Шаардлага нь тун энгийн. Үнэндээ, шалгалтынхаа янз бүрийн үе шатанд, зүрх сэтгэлээ Бурханд янз бүрийн хэмжээгээр аль хэдийн өгчихсөн зарим хүн байдаг боловч хүмүүсийн дийлэнх олонх нь зүрх сэтгэлээ Бурханд хэзээ ч өгдөггүй. Бурхан чамайг шалгахдаа зүрх сэтгэл чинь Түүнтэй, махан биетэй, эсвэл Сатантай байгаа эсэхийг хардаг. Бурхан чамайг шалгахдаа Түүнийг эсэргүүцэн зогсож байна уу, эсвэл Өөртэй нь нийцсэн байр сууринд байна уу гэдгийг чинь харж, зүрх сэтгэл чинь Өөрийнх нь талд байгаа эсэхийг хардаг. Чи дутуу дулимаг байхдаа шалгалттай тулгахдаа итгэл багатай байдаг бөгөөд үнэний талаар хязгаарлагдмал ойлголттой байдаг учраас Бурханы санаа зорилгыг биелүүлэхийн тулд чухам юу хийх хэрэгтэйгээ мэдэж чадахгүй. Гэвч хэрэв чи үнэнээсээ, чин сэтгэлээсээ Бурханд залбирч чаддаг хэвээр байвал, зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүнийг өөрийн эзэн болгож, хамгийн эрхэм дээд гэж итгэдэг зүйлсээ Түүнд өргөн барихад бэлэн байж чадвал, чи зүрх сэтгэлээ Бурханд аль хэдийн өгчихсөн байх болно. Чи илүү их номлол сонсож, үнэнийг илүү их ойлгох тусам биеийн хэмжээ чинь бас аажмаар өснө. Энэ үед Бурханы шаардлагын стандарт нь чиний дутуу дулимаг байсан үеийнхтэй адилгүй байна; Тэр чамаас илүү өндөр стандарт шаардана. Хүмүүс зүрх сэтгэлээ Бурханд аажмаар өгөхийн хэрээр зүрх сэтгэл нь Бурханд аажмаар улам ойртсоор байдаг; хүмүүс Бурханд жинхэнээсээ ойртож чадах тусам зүрх сэтгэл нь Түүнийг улам их хүндэтгэнэ. Бурхан чухам ийм л зүрх сэтгэлийг хүсдэг.

Бурхан хэн нэгний зүрх сэтгэлийг олж авахыг хүсэх үедээ тухайн хүнийг олон тооны шалгалт туулуулна. Эдгээр шалгалтын үеэр хэрвээ Бурхан тухайн хүний зүрх сэтгэлийг олж аваагүй, эсвэл энэ хүнд ямар нэг хандлага байгааг нь харвал, өөрөөр хэлбэл, энэ хүн Түүнд хүндэтгэл үзүүлсэн байдлаар хэрэгжүүлэх буюу авирлахыг нь Бурхан хараагүй, мөн энэ хүнээс Тэр муугаас зайлах хандлага, шийдэмгий байдлыг хараагүй бол, зөндөө олон шалгалтын дараа түүнд гаргасан тэвчээрээ Бурхан буцаан авч, түүнийг цаашид хүлцэхээ болино. Энэ хүнийг Тэр цаашид шалгахаа больж, түүн дээр ажиллахаа болино. Тэгэхээр энэ хүний төгсгөлийн тухайд энэ нь юуг илтгэн харуулж байна вэ? Энэ нь түүнд ямар ч төгсгөл байхгүй гэсэн үг юм. Магадгүй энэ хүн ямар ч муу зүйл хийгээгүй байж болно; магадгүй тэр ямар ч бусниулах зүйл хийж, ямар ч үймээн үүсгээгүй байж болно. Магадгүй тэр Бурханыг илт эсэргүүцээгүй байж болно. Гэвч энэ хүний зүрх сэтгэл Бурханаас далд хэвээр байна; тэр хэзээ ч Бурханд хандах тодорхой хандлага, үзэл бодолтой байгаагүй бөгөөд зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Өөрөөс нь эмээж, муугаас зайлахаар эрж хайж байгааг нь Бурхан тодорхой харж чаддаггүй. Бурхан ийм хүмүүсийг тэвчихээ больж, тэдний төлөө ямар нэг төлөөс төлж, тэдэнд ямар нэг өршөөл үзүүлж, тэдэн дээр ажиллахаа болино. Ийм хүний Бурханд итгэх итгэлийн амьдрал аль хэдийн дууссан. Учир нь түүнд өгсөн олон шалгалтаас бүгдээс нь Бурхан Өөрийн хүссэн үр дүнг олж аваагүй. Тиймээс өөрсдөөс нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг Би хэзээ ч олж хараагүй олон хүн байдаг. Үүнийг хэрхэн харж болох вэ? Энэ хүмүүс олон жил Бурханд итгэсэн байж болно, өнгөн дээрээ маш эрч хүчтэйгээр авирлаж байсан; тэд олон ном уншиж, олон ажил хэргийг зохицуулж, арван хэдэн тэмдэглэлийн дэвтэр дүүргэж, үлэмж олон үг, хоосон сургаал эзэмшсэн. Гэвч тэдэнд ямар ч харагдахуйц өсөлт ер байгаагүй, Бурханы талаарх үзэл бодол нь үл мэдэгдэх хэвээр, хандлага нь тодорхойгүй байсаар байдаг. Өөрөөр хэлбэл, тэдний зүрх сэтгэлийг харах боломжгүй байна; тэдгээр нь үргэлж боодолтой, битүүмжлэгдсэн байдаг—Бурханаас битүүмжлэгдсэн байдаг. Ийм учраас тэдний үнэн зүрх сэтгэлийг Тэр хараагүй, энэ хүмүүсээс Өөрийг нь гэсэн жинхэнэ хүндлэлийг Тэр хараагүй, түүнээс гадна, энэ хүмүүс Өөрийнх нь замаар хэрхэн алхаж байгааг Тэр хараагүй. Хэрвээ одоог хүртэл Бурхан ийм хүмүүсийг олж аваагүй бол ирээдүйд Тэр тэднийг олж авч чадах уу? Чадахгүй! Тэр олж авч чадахгүй зүйлээ авах гэж зүтгээд л байх уу? Тэгэхгүй! Тэгвэл ийм хүмүүст хандах Бурханы одоогийн хандлага ямар вэ? (Тэр тэднийг зэвүүцэн голж, үл ойшоодог.) Тэр тэднийг үл ойшоодог! Бурхан ийм хүмүүсийг анхаарч үздэггүй; Тэр тэднийг зэвүүцэн голдог. Та нар эдгээр үгийг маш хурдан, маш үнэн зөв цээжилсэн. Та нар сонссон зүйлээ ойлгосон мэт байна!

Бурханыг дагаж эхлэхдээ дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг зарим хүн байдаг; тэд Түүний хүслийг ойлгодоггүй, бас Түүнд итгэх гэдэг юу болохыг ч мэддэггүй. Тэд хүний үүсгэсэн, андуу ташаа арга замаар Бурханд итгэж, Бурханыг дагадаг. Ийм хүмүүс шалгалттай тулгарах үедээ үүнийг мэддэггүй; Бурханы удирдамж, гэгээрэлд хөшүүн хэвээр байдаг. Бурханд зүрх сэтгэлээ өгнө гэж юу болох, шалгалтын үеэр бат зогсох гэж юу болохыг тэд мэдэхгүй. Бурхан ийм хүмүүст хязгаарлагдмал хугацаа өгөөд энэ хугацаанд Бурханы шалгалт гэж юу болох, Бурханы санаа зорилго юу болохыг ойлгуулна. Дараа нь энэ хүмүүс үзэл бодлоо харуулах ёстой. Энэ үе шатанд байгаа хүмүүсийг Бурхан хүлээсээр л байна. Зарим нэг үзэл бодолтой боловч тээнэгэлзсээр байгаа, Бурханд зүрх сэтгэлээ өгөхийг хүсдэг боловч үүнтэй эвлэрээгүй байгаа, хэдийгээр зарим энгийн үнэнийг хэрэгжүүлдэг ч томоохон шалгалт тулгарахад нуугдаж, бууж өгөхийг оролддог хүмүүсийн тухайд—тэдэнд хандах Бурханы хандлага ямар вэ? Тэр одоо ч гэсэн тэднээс жаахныг хүлээдэг бөгөөд үр дүн нь тэдний хандлага болон гүйцэтгэлээс хамаардаг. Хэрвээ хүмүүс ахиц дэвшил гаргахдаа идэвхтэй биш бол Бурхан яадаг вэ? Тэр тэднийг хаядаг. Учир нь Бурхан чамайг хаяхаас өмнө чи аль хэдийн өөрийгөө хаячихсан байдаг. Тиймээс ингэсэнд нь Бурханыг чи буруутгаж болохгүй, тийм биз дээ? Энэ нь шударга уу, үгүй юу? (Шударга.)

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 12

Хүмүүс Бурханыг дагахдаа Түүний хүсэлд бараг анхаарал хандуулдаггүй, Түүний бодол, хүмүүст хандах Түүний хандлагыг ховорхон анхаарч үздэг. Хүмүүс Бурханы бодлыг ойлгодоггүй тул Түүний санаа зорилго, зан чанарын тухай асуулт асуухад та нар будилдаг; та нар гүн эргэлзээнд автдаг, тэгээд нэг бол тааж, эсвэл аз туршдаг. Энэ ямар гээч сэтгэлгээ вэ? Энэ нь нэг баримтыг баталдаг: Бурханд итгэдэг ихэнх хүн Түүнийг хоосон агаар шиг, нэг хоромд оршин тогтноод дараагийн хоромд үгүй болдог юм шиг санагддаг зүйл шиг үздэг. Яагаад Би ингэж хэлж байна вэ? Учир нь, асуудалтай тулгарах бүрдээ та нар Бурханы хүслийг мэддэггүй. Та нар Түүний хүслийг яагаад мэддэггүй вэ? Та нар яг одоо л мэдэхгүй байгаа юм биш, харин ч эхнээсээ эцсээ хүртэл та нар энэ асуудлын талаарх Бурханы хандлага юу болохыг мэддэггүй. Чи үүнийг ойлгож чадахгүй, Бурханы хандлагыг ямар болохыг мэдэхгүй боловч энэ талаар сайн бодож байсан уу? Чи үүнийг мэдэхээр эрж хайсан уу? Чи энэ талаар нөхөрлөсөн үү? Үгүй! Энэ нь нэг баримтыг баталж байна: Чиний итгэж үнэмшдэг Бурхан бодит байдлын Бурхантай ямар ч холбоогүй. Чи Бурханд итгэхдээ зөвхөн өөрийн болон удирдагч нарынхаа санаа зорилгыг л эргэцүүлдэг; чи Бурханы хүслийг үнэхээр мэдэж, эрж хайх гэж огтхон ч оролдохгүйгээр, ердөө л Бурханы үгийн өнгөц, онолын утгыг л эргэцүүлдэг. Тийм биш гэж үү? Энэ асуудлын мөн чанар нь тун аймшигтай! Маш олон жилийн дараа Би Бурханд итгэдэг олон хүнийг харсан. Тэдний итгэл Бурханыг оюун санаанд нь юу болгож хувиргасан бэ? Зарим хүн Бурханыг зүгээр нэг хоосон агаар мэт үзэж Түүнд итгэдэг. Энэ хүмүүс Бурханы байгаа, байхгүйг мэдэрч, мэдэж чаддаггүй, тэр ч бүү хэл, тодорхой харж, эсвэл ойлгож чаддаггүй учраас Бурханы оршин тогтнолын талаарх асуултад өгөх хариулт тэдэнд байдаггүй. Дотоод ухамсартаа энэ хүмүүс Бурханыг оршдоггүй гэж боддог. Зарим хүн Бурханыг хүн мэтээр үзэж Түүнд итгэдэг. Өөрсдийнх нь хийж чаддаггүй бүх зүйлийг Тэр бас хийж чадахгүй, Тэр өөрсөд шиг нь бодох ёстой гэж энэ хүмүүс боддог. Тэд Бурханыг “үл үзэгдэх, хүршгүй хүн” тодорхойлдог. Бурханыг хүүхэлдэй мэтээр итгэдэг бүлэг хүн бас байдаг; энэ хүмүүс Бурханд ямар ч сэтгэл хөдлөл байхгүй гэж итгэдэг. Бурхан бол шавар хөшөө, асуудалтай тулгарах үедээ Бурханд ямар ч хандлага, үзэл бодол, санаа байдаггүй гэж тэд боддог; Түүнийг хүн төрөлхтний эрхшээлд байдаг гэж тэд итгэдэг. Хүмүүс ердөө л хүссэнээрээ итгэдэг. Түүнийг тэд агуу болговол Тэр агуу; тэд Түүнийг жижиг болговол Тэр жижиг байдаг. Хүмүүс нүгэл үйлдээд, Бурханы өршөөл, хүлээцтэй байдал, хайр хэрэгтэй болоход Бурхан өршөөлөө үзүүлэх ёстой гэж тэд боддог. Энэ хүмүүс Бурханыг оюун ухаандаа зохиож, энэхүү “Бурханаар” хэрэгцээгээ гүйцэлдүүлж, бүх хүслээ хангуулдаг. Хаана, хэзээ гэдэг нь хамаагүй, мөн ийм хүмүүс юу хийдэг нь хамаагүй, тэд Бурхантай харьцаж, Бурханд итгэхдээ энэхүү хоосон төсөөллөө ашигладаг. Бурханы хайр хязгааргүй, Түүний зан чанар зөвт, хүн Түүнд хэчнээн халдах нь хамаагүй, Тэр алийг нь ч санахгүй гэж боддог учраас Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн атлаа өөрсдийг нь Тэр аварч чадна гэж итгэдэг хүмүүс ч бас байдаг. Хүний алдаа, гэм нүгэл, дуулгаваргүй байдал нь тэр хүний зан чанарын түр зуурын илэрхийлэл учраас Бурхан хүмүүст боломж олгож, тэдэнд тэвчээртэй, хүлээцтэй хандана гэж тэд боддог; Бурхан тэднийг урьдын адил хайрласаар байна гэж тэд итгэдэг. Иймээс тэдний аврагдах ихээхэн найдвар тээсээр байдаг. Үнэндээ, хүмүүс Бурханд яаж итгэдэг байх нь хамаагүй, үнэнийг эрэлхийлэхгүй байгаа цагт Тэр тэдэнд сөрөг хандлага баримтална. Учир нь чи Бурханд итгэх явцдаа Бурханы үгийн номыг авч, эрдэнэ мэт үзэж, өдөр бүр судалж, уншдаг атлаа жинхэнэ Бурханыг үл тоомсорлодог. Чи Түүнийг ердөө л нэг хоосон агаар мэт, яг л хүн шиг үздэг—та нарын зарим нь Түүнийг хүүхэлдэйнээс хэтрэхгүй зүйл мэт үздэг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл Миний харж байгаагаар, та нар асуудалтай нүүр тулсан ч бай, эсвэл зарим нэг нөхцөл байдалтай тулгарсан ч бай дотоод ухамсарт чинь оршиж байгаа тэдгээр зүйл, дотроос чинь гарсан тэдгээр зүйл Бурханы үг болон үнэнийг эрэлхийлэхтэй хэзээ ч ямар ч холбоотой байгаагүй. Чи юу бодож байгаа, чиний үзэл бодол юу болохыг чи өөрөө л мэддэг, тэгээд өөрийн бодол санаа, үзэл бодлыг Бурханд хүчээр тулгадаг. Чи оюун санаандаа тэдгээрийг Бурханы үзэл бодол болгодгийн дээр эдгээр үзэл бодлыг стандарт болгон тууштай баримталдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, ингэж авирлах нь чамайг Бурханаас улам бүр холдуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 13

Бурханы хандлагыг ойлгож, Бурханы талаарх бүх буруу төсөөллийг хая

Та нарын одоо итгэж байгаа энэ Бурхан чухам ямар Бурхан юм бэ? Та нар ер нь энэ талаар бодож үзсэн үү? Муу хүн муу үйл үйлдэж буйг хараад Тэр үзэн яддаг уу? (Тиймээ, Тэр тэгдэг.) Харанхуй бүдүүлэг хүмүүс алдаа гаргахыг хараад Түүний хандлага ямар байдаг вэ? (Гунигтай.) Тахилыг нь хүмүүс хулгайлж байгааг хараад Тэр ямар хандлагатай байдаг вэ? (Тэр тэднийг үзэн яддаг.) Энэ бүгд маш ойлгомжтой, тийм үү? Хүн Өөрт нь итгэх итгэлдээ төөрөлдөж, үнэнийг яагаад ч эрэлхийлэхгүй байгааг нь хараад Бурхан ямар хандлагатай байдаг вэ? Та нар тийм ч итгэлтэй биш байна, тийм үү? “Төөрөгдөл” гэдэг бол хандлага болохын хувьд нүгэл биш, бас Бурханд халдаж байгаа ч хэрэг биш бөгөөд энэ нь нэг төрлийн томоохон алдаа биш гэж хүмүүст санагддаг. Тэгэхээр энэ тохиолдолд Бурханы хандлага ямар байхыг Надад хэлээч? (Тэр үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.) “Хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байх”—энэ ямар хандлага вэ? Энэ нь Бурхан энэ хүмүүсийг дорд үзэж, үл тоомсорлодог гэсэн үг юм! Тэр энэ хүмүүстэй харьцаж байгаа байдал нь хүйтэн хөндий хандлага байдаг. Гэгээрэл, гэрэлтүүлэлт, цээрлүүлэлт, сахилгажуулалтын ажил зэрэг ямар ч ажлыг тэдэн дээр хийлгүйгээр үл тоомсорлох нь Бурханы арга барил юм. Ийм хүмүүсийг ердөө л Бурханы ажилд оруулдаггүй. Түүний зан чанарыг хилэгнүүлж, захиргааны зарлигийг нь зөрчдөг хүмүүст хандах Бурханы хандлага ямар байдаг вэ? Туйлын их жигшил зэвүүцэл! Түүний зан чанарыг хилэгнүүлсэндээ гэмшдэггүй хүмүүст Бурхан туйлын их хилэгнэдэг. “Хилэгнэсэн” гэдэг нь зөвхөн мэдрэмж, сэтгэлийн байдал юм; энэ нь тодорхой хандлагатай холбоогүй. Гэхдээ иймэрхүү мэдрэмж, сэтгэлийн байдал нь ийм хүмүүст төгсгөл авчирна: Энэ нь Бурханыг туйлын их жигшлээр дүүргэнэ! Энэхүү туйлын их жигшлийн үр дагавар нь юу вэ? Бурхан энэ хүмүүсийг үл тоомсорлож, хэсэг хугацаанд хариу өгөхгүй. Тэгээд Тэр “намрын улирлын дараа” тэднийг ялгахаар хүлээнэ. Энэ нь ямар санааг агуулж байна вэ? Энэ хүмүүст төгсгөл байсаар байх уу? Бурхан ийм хүмүүст төгсгөл өгөхийг хэзээ ч зориогүй! Иймээс Бурхан ийм хүмүүст одоо хариу өгөхгүй байгаа нь тун хэвийн хэрэг бус уу? (Тийм, энэ бол хэвийн.) Ийм хүмүүс одоо юу хийхээр бэлдэж байх ёстой вэ? Тэд өөрсдийн зан авир болон үйлдсэн муу үйлийнхээ сөрөг үр дагаврыг үүрэхэд бэлдэх хэрэгтэй. Энэ бол ийм хүнд барьж буй Бурханы хариу юм. Иймээс Би одоо ийм хүмүүст: Эндүүрэлтэйгээ зууралдахаа боль, бүтэшгүй мөрөөдөл бүү өвөрлө хэмээн тодорхой хэлж байна. Бурхан хүмүүст үргэлж хүлээцтэй хандахгүй; Тэр тэдний гэм буруу, дуулгаваргүй байдлыг үргэлж тэсвэрлэхгүй. Зарим хүн: “Би ч бас иймэрхүү цөөн хэдэн хүн харж байсан, залбирах үед нь Бурхан тэдний сэтгэлийг онцгойлон хөдөлгөж, тэд гашуунаар уйлдаг. Ер нь тэд бас маш их аз жаргалтай байдаг; Бурхан тэдэнтэй хамт байгаа мэт, Бурханы удирдамж тэдэнд байгаа мэт санагддаг” гэж хэлнэ. Ийм дэмий юм бүү ярь! Гашуунаар уйлж байгаа нь заавал Бурхан сэтгэлийг нь хөдөлгөсөн юм уу, эсвэл Бурхан түүнтэй хамт байгаа гэсэн үг биш, Бурханы удирдамж байна гэсэн үг бүр ч биш. Хэрвээ хүмүүс Бурханыг хилэгнүүлбэл Бурхан тэднийг удирдан чиглүүлсээр байх уу? Товчхондоо, Бурхан хэн нэгнийг таягдаж, хаяхаар шийдсэн бол тэр хүний төгсгөл аль хэдийн үгүй болдог. Залбирах үед нь тэдэнд хэчнээн таатай санагдах, зүрх сэтгэлдээ Бурханд хэчнээн их итгэдэг байх нь хамаагүй энэ нь чухал биш болсон байдаг. Чухал зүйл нь Бурханд ийм итгэл хэрэггүй; Бурхан энэ хүмүүсийг аль хэдийн зэвүүцэн голсон. Ирээдүйд тэдэнтэй хэрхэн харьцах нь ч бас чухал биш. Чухал зүйл нь гэвэл, энэ хүмүүс Бурханыг уурлуулах яг тэр мөчид төгсгөл нь тогтоогддог. Хэрвээ Бурхан ийм хүмүүсийг аврахгүй гэж шийдсэн бол тэд шийтгүүлэхээр үлдэнэ. Бурханы хандлага энэ билээ.

Хэдийгээр Бурханы мөн чанар хайр агуулдаг бөгөөд Тэр хүн болгонд өршөөнгүй ханддаг боловч Түүний мөн чанар нь бас эрхэм чанар гэдгийг хүмүүс анзаардаггүй, мартсан байдаг. Түүнд хайр бий гэдэг нь хүмүүс Түүнд дураараа халдаж болдог, Тэр ямар ч мэдрэмж, хариу үйлдэл гаргахгүй гэсэн үг биш, түүнд өршөөл бий гэдэг нь хүмүүст хэрхэн хандах талаар Түүнд ямар ч зарчим байхгүй гэсэн үг бас биш билээ. Бурхан амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй, эсвэл өөр ямар нэг эд зүйлийн аль нь ч биш. Тэр оршдог болохоор бид Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг цаг үргэлж анхааралтай сонсож, Түүний хандлагад нухацтай анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгож авах хэрэгтэй. Бурханыг тодорхойлохдоо бид хүмүүсийн төсөөллийг ашиглах ёсгүй, бас хүмүүний бодол, хүслийг Түүнд тулган, Бурханыг хүний төсөөлөлд үндэслэсэн хүний арга барилаар хүнд ханддаг болгох ёсгүй. Хэрвээ тэгвэл чи Бурханыг уурлуулж, Бурханы уур хилэнг төрүүлж, Бурханы эрхэм чанарыг сорьж байна! Тиймээс энэ асуудал хэр хүнд болохыг та нар ойлгож авмагцаа өөрийнхөө үйлдэлд анхаарал болгоомжтой бай гэж Би та нарын хүн нэг бүрээс шаардаж байна. Хэлж ярихдаа ч мөн анхаарал болгоомжтой бай—чи Бурханд хэрхэн хандах тухайд бол анхаарал болгоомжтой байх тусмаа сайн! Бурханы хандлага ямар болохыг ойлгохгүй байхдаа хайхрамжгүй бүү ярь, хайхрамжгүй үйлдэл бүү хий, хайнга нэр хоч бүү зүүлгэ. Түүнээс ч чухал нь, дур зоргоороо дүгнэлт бүү хий. Үүний оронд чи хүлээж, эрж хайх ёстой; ийм үйлдэл нь бас Бурханаас эмээж, муугаас зайлахын илрэл юм. Юуны түрүүнд, хэрвээ чи үүнд хүрч чадвал, юуны түрүүнд, чи ийм хандлагатай бол тэнэглэл, харанхуй бүдүүлэг байдал болон аливаа юмсын цаад учир шалтгааныг ойлгодоггүй гээд Бурхан чамайг буруутгахгүй. Харин ч Бурханд халдахаас айдаг, Түүний санаа зорилгыг хүндэлдэг, Түүнийг дуулгавартай дагахад бэлэн хандлагын чинь ачаар Бурхан чамайг санаж, чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг байдлыг чинь тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах хандлага чинь хүндэтгэлгүй—Түүнийг хүссэнээрээ шүүж, Түүний санаа бодлыг дур зоргоороо таамаглаж, тодорхойлж байвал—Бурхан чамайг яллаж, сахилгажуулж, бүр шийтгэнэ; эсвэл Тэр чиний талаар санал шүүмж хэлж магад. Тэрхүү санал шүүмж нь чиний төгсгөлтэй хамаатай байж ч болох юм. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэмээр байна: Та нар дор бүрнээ Бурханаас ирдэг бүхэнд анхаарал, болгоомжтой байх ёстой. Хайхрамжгүй бүү ярь, мөн хайхрамжгүй үйлдэл бүү хий. Чи ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө зогсоод бодох ёстой: Миний энэ үйлдвэл Бурханыг уурлуулах болов уу? Ингэснээрээ би Бурханыг хүндэлж байна уу? Энгийн асуудал дээр ч гэсэн чи эдгээр асуултыг ойлгох гэж оролдон, тэдгээрийг бодож үзэхэд илүү их хугацаа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ чи бүхий л талаар, бүх зүйл дээр, цаг ямагт эдгээр зарчмын дагуу үнэхээр хэрэгжүүлж, ялангуяа ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ ийм хандлага баримталбал Бурхан чамайг үргэлж залж чиглүүлж, дагах замаар хангана. Хүмүүс ямар дүр үзүүлэх нь хамаагүй, Бурхан тэднийг тун тодорхой, ил тод хардаг бөгөөд ийнхүү үзүүлсэнд чинь үнэн зөв, тохирох үнэлгээг өгнө. Сүүлчийн шалгалтыг туулсны чинь дараа Бурхан чиний төгсгөлийг тодорхойлохын тулд бүх зан авирыг чинь авч бүрэн нэгтгэж дүгнэнэ. Энэхүү үр дүн нь хүн нэг бүрийг ямар ч эргэлзээгүйгээр итгүүлнэ. Би энд та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл: Та нарын үйл хэрэг, үйлдэл бүр, бодол болгон хувь заяаг чинь шийднэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 14

Хүмүүсийн төгсгөлийг хэн тодорхойлдог вэ?

Хэлэлцэх ёстой хамгийн чухал бас нэг асуудал байгаа бөгөөд тэр нь Бурханд хандах та нарын хандлага юм. Энэ хандлага бол туйлын чухал! Энэ нь та нарыг эцэстээ сүйрэл рүү явах уу, эсвэл та нарт зориулж Бурханы бэлдсэн гайхалтай сайхан хүрэх газар луу явах уу гэдгийг шийддэг. Хаанчлалын эрин үед Бурхан хэдийнээ 20 гаруй жил ажилласан бөгөөд магадгүй энэ 20 жилийн хугацаанд та нар ямар байсан талаараа сэтгэлийнхээ гүнд бага зэрэг итгэлгүй байж ирсэн байх. Гэвч Бурхан зүрх сэтгэлдээ та нарын хүн нэг бүрийн талаар бодит, үнэн зөв бүртгэл хийчихсэн. Хүн болгон Түүнийг дагаж, Түүний номлолыг сонсож, үнэнийг аажмаар улам их ойлгож эхэлсэн үеэс нь эхлээд, хүн болгон үүргээ биелүүлж эхэлсэн хүртэлх хүн бүрд хамаарах бүх зан төлөвийн байдлын бүртгэлийг Бурхан хөтөлсөн. Үүргээ гүйцэтгэж, бүх төрлийн орчин нөхцөл, шалгалттай тулгарч байхдаа хүмүүсийн хандлага ямар байдаг вэ? Тэд хэрхэн биелүүлдэг вэ? Зүрх сэтгэлд нь Бурханы талаар ямар мэдрэмж төрдөг вэ?… Бурханд энэ бүгдийн данс, бүртгэл бий; Тэд бүгдийнх нь бүртгэлийг хөтөлдөг. Та нарын бодлоор эдгээр асуудал толгой эргэмээр байж магад. Гэвч Бурханы үзэж байгаагаар бол тэдгээр нь бүгд тов тодорхой, хайнга байдлын өчүүхэн төдий ч ул мөр байдаггүй. Энэ бол хүн нэг бүрийн төгсгөлтэй хамаатай, тэдний хувь заяа болон хэтийн ирээдүйг хөндсөн асуудал, тэр ч байтугай, Бурхан уйгагүй хүчин чармайлтаа энд л зарцуулдаг; иймд Бурхан үүнийг хэзээ ч өчүүхэн төдий ч үл ойшоож тэвчихгүй, бас ямар ч хайнга байдлыг тэвчихгүй. Бурхан хүн төрөлхтний энэхүү дансны бүртгэлийг хөтөлж, Бурханыг дагасан хүмүүсийн замналыг эхнээс нь төгсгөл хүртэл бүгдийг нь тэмдэглэж авдаг. Энэ хугацаанд Бурханд хандах чиний хандлага хувь заяаг чинь тодорхойлдог. Энэ үнэн бус уу? Одоо чи Бурхан зөвт гэдэгт итгэж байна уу? Түүний үйлдэл зохистой юу? Та нарын толгойд Бурханы талаар өөр ямар нэгэн төсөөлөл байсаар байна уу? (Үгүй.) Тэгэхээр та нар хүний төгсгөл бол Бурханы тодорхойлдог зүйл гэж хэлэх үү, эсвэл хүмүүс өөрсдөө тодорхойлдог зүйл гэж хэлэх үү? (Энэ бол Бурханы тодорхойлох зүйл.) Хэн эдгээрийг тодорхойлдог вэ? (Бурхан.) Та нар итгэлгүй байна, тийм үү? Хонконгийн ах, эгч нар аа, хэлээч—хэн тэдгээрийг тодорхойлдог вэ? (Хүмүүс өөрсдөө тэдгээрийг тодорхойлдог.) Хүмүүс өөрсдөө тодорхойлдог гэж үү? Тэгвэл хүмүүсийн төгсгөл Бурхантай ямар ч хамаагүй гэсэн үг болох бус уу? Өмнөд Солонгосын ах, эгч нар хэлээч. (Бурхан хүмүүсийн бүх үйлдэл, үйл хэрэг дээр үндэслэж, мөн явж байгаа замынх нь дагуу төгсгөлийг нь тодорхойлдог.) Энэ маш бодитой хариулт байна. Миний та бүхэнд мэдэгдэх ёстой нэг баримт бий: Бурхан авралын ажлынхаа явцад хүмүүст зориулж стандарт тогтоосон. Тэд Бурханы үгийг сонсож, Бурханы замаар алхах ёстой байх нь энэхүү стандарт билээ. Энэ стандартыг хүмүүсийн төгсгөлийг дэнслэхэд ашигладаг. Чи Бурханы энэ стандартын дагуу хэрэгжүүлбэл сайн төгсгөл олж авч чадна; тэгэхгүй бол чи сайн төгсгөл олж авч чадахгүй. Тэгэхээр энэ төгсгөлийг хэн тодорхойлдог гэж чи хэлэх вэ? Бурхан ганцаараа биш, харин Бурхан, хүн хоёр хамтдаа үүнийг тодорхойлдог. Энэ зөв үү? (Зөв.) Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурхан хүн төрөлхтнийг аврах ажил хийж, хүн төрөлхтөнд үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг бэлдэхийг идэвхийлэн хүсдэг; хүмүүс бол Бурханы ажлын объект бөгөөд энэ төгсгөл, энэхүү хүрэх газрыг Бурхан тэдэнд бэлдэж өгдөг. Хэрвээ Түүнд ажиллах объект байгаагүй бол Тэр энэ ажлыг хийх хэрэггүй байх байв; Бурхан энэ ажлыг хийгээгүй бол хүмүүст аврал хүртэх боломж үгүй байх байлаа. Хүмүүс бол аврагдах хүмүүс, хэдийгээр аврагдах нь энэхүү процессын идэвхгүй тал нь боловч энэ үүргийг гүйцэтгэж байгаа хүмүүсийн хандлага нь хүн төрөлхтнийг аврах ажилдаа Бурхан амжилттай байх уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. Бурхан чамайг залж чиглүүлдэггүй байсан бол чи Түүний стандартыг мэдэхгүй, бас зорилгогүй байх байсан. Чамд энэ стандарт, энэ зорилго байсан ч, чи хамтран ажилладаггүй, үүнийг хэрэгжүүлдэггүй, төлөөс төлдөггүй хэвээр байвал энэ төгсгөлийг олж авахгүй. Ийм учраас хүний төгсгөлийг Бурханаас салгаж болохгүй, бас хүнээс салгаж болохгүй гэж Би хэлдэг. Одоо тэгэхээр та нар хүмүүсийн төгсгөлийг хэн тодорхойлдгийг мэдэж авлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 15

Хүмүүс туршлага дээр тулгуурлан Бурханыг тодорхойлох хандлагатай байдаг

Бурханыг мэдэх тухай сэдвийг хэлэлцэж байх үед та нар нэг зүйлийг анзаарсан уу? Бурханы хандлага сүүлийн үед өөрчлөгдсөнийг та нар анзаарсан уу? Хүмүүст хандах Түүний хандлага хувиршгүй юу? Бурхан үргэлж ингэж тэвчиж, бүх хайр, өршөөлөө хүмүүст үүрд үзүүлсээр байх уу? Энэ асуудалд Бурханы мөн чанар бас хамаардаг… Бурхан хүн төрөлхтнийг хайрладгийг мэдээд тэд Түүнийг хайрын бэлгэ тэмдэг гэж тодорхойлдог: Хүмүүс юу хийж, хэрхэн авирлаж, Бурханд яаж хандаж, хэчнээн дуулгаваргүй байсан ч бай, Бурханд хайр байдаг учраас, Бурханы хайр хязгааргүй агаад хэмжээлшгүй учраас эдгээрийн аль нь ч үнэндээ хамаагүй; Бурханд хайр байдаг учраас Тэр хүмүүст хүлээцтэй хандаж чаддаг; Бурханд хайр байдаг учраас Тэр хүмүүст, тэдний дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг, дуулгаваргүй байдалд өршөөнгүй хандаж чаддаг гэж тэд итгэдэг. Энэ үнэхээр ийм байдаг уу? Зарим хүний хувьд, тэд Бурханы тэвчээрийг нэг удаа, эсвэл хэдэнтээ мэдэрснийхээ дараа энэхүү туршлагаа Бурхан талаарх ойлголтынхоо хөрөнгө мэт үзэж Тэр өөрсдөд нь үүрд тэвчээртэй, өршөөнгүй хандана гэж итгээд амьдралынхаа явцад Бурханы энэхүү тэвчээрийг өөрсдөд нь хандах Түүний стандарт болгож үздэг. Бурханы хүлээцтэй байдлын нэг удаа мэдэрснийхээ дараа Бурханыг хүлээцтэй, тэдний бодлоор бол энэхүү хүлээцтэй байдал нь хязгааргүй, хариу нэхдэггүй, бүр ямар ч зарчимгүй гэж үүрд тодорхойлох хүмүүс бас байдаг. Ийм итгэл үнэмшил зөв үү? Бурханы мөн чанар, Бурханы зан чанарын тухай асуудлыг хэлэлцэх бүрд та нар гайхширсан мэт харагддаг. Та нарын ийм байгааг харах нь Намайг тун их түгшээдэг. Та нар Бурханы мөн чанартай холбоотой олон үнэнийг сонссон; мөн Түүний зан чанартай холбоотой нэлээд олон хэлэлцүүлгийг сонссон. Гэвч та нарын оюун санаанд эдгээр асуудал болон үнэний энэ талууд нь зүгээр л онол болон бичигдсэн үгс дээр үндэслэсэн ой санамжууд юм; та нарын хэн нь ч өдөр тутмын амьдралдаа Бурханы зан чанар гэж чухамхүү юу болохыг хэзээ ч мэдэрч, харж чадаагүй. Тиймээс та нар бүгд итгэхдээ мунгинуу байдаг; Бурханд хүндэтгэлгүй хандаж, бүр Түүнийг үл тоомсорлох хүртлээ та нар бүгд сохроор итгэж байна. Та нар Бурханд ийм хандлагатай байх нь юунд хүргэдэг вэ? Энэ нь та нарыг үргэлж Бурханы талаар дүгнэлт хийхэд хүргэдэг. Та нар өчүүхэн төдий мэдлэг олж авмагцаа маш их сэтгэл ханаж, Бурханыг бүхэлд нь олж авсан мэт санагддаг. Дараа нь Бурхан ийм л байдаг гэж дүгнэх бөгөөд Түүнийг чөлөөтэй хөдөлгөдөггүй. Түүнчлэн Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийх болгонд Түүнийг Бурхан гэдгийг нь та нар хүлээн зөвшөөрч чаддаггүй. Нэг л өдөр Бурхан “Би хүн төрөлхтнийг хайрлахаа болино; Би хүмүүст өршөөл үзүүлэхээ болино; хүмүүст гаргах Миний тэсвэр, тэвчээр барагдлаа; Би тэднийг туйлаас жигших жигшил, дургүйцлээр дүүрэн боллоо” гэж хэлэх үед хүмүүс энэхүү мэдэгдлээс болж сэтгэлийнхээ гүнд зөрчилдөнө. Тэдний зарим нь бүр “Та миний Бурхан байхаа больсон; Та миний дагахыг хүссэн Бурхан байхаа хэдийнээ больсон. Хэрвээ Та ингэж хэлж байгаа бол, Та цаашид миний Бурхан байхад тохирохгүй бөгөөд би Таныг цаашид дагах хэрэггүй. Хэрвээ Та надад өршөөл үзүүлж, намайг хайрлаж, надад хүлээцтэй хандахгүй юм бол би Таныг дагахаа болино. Та намайг хязгааргүй тэвчиж, надад үргэлж хүлээцтэй хандаж, Та бол хайр, тэвчээр, хүлээцтэй байдал гэдгээ надад харуулах юм бол л би Таныг дагаж чадна, зөвхөн тэр үед л би эцсээ хүртэл Таныг дагах итгэлтэй болно. Би нэгэнт Таны тэвчээр, өршөөлийг хүртсэнээс хойш миний дуулгаваргүй байдал болон гэм нүгэл үүрд өршөөгдөж, уучлагдаж болохын дээр би хэдийд ч, хаана ч нүгэл үйлдэж, улайж, өршөөгдөж, мөн Таныг уурлуулж болно. Та миний талаар сэтгэгдэлтэй байх, эсвэл дүгнэлт хийх ёсгүй” гэж хэлдэг. Хэдийгээр магадгүй та нарын нэг нь ч ийм асуудлын талаар субьектив байдлаар, санаатайгаар бодохгүй ч гэсэн Бурханыг нүглийг чинь уучлах хэрэгсэл, гайхалтай сайхан хүрэх газар олж авахад ашиглах объект гэж үзэх болгондоо, чи амьд Бурханыг чадамгайгаар өөрийнхөө эсрэг, өөрийн дайсан болгосон байдаг. Надад ингэж харагддаг. “Би Бурханд итгэдэг”, “Би үнэнийг эрэлхийлдэг”, “Би зан чанараа өөрчлөхийг хүсэж байна”. “Би харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөхийг хүсэж байна”. “Би Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна”. “Би Бурханд дуулгавартай байхыг хүсэж байна”, “Би Бурханд үнэнч байж, үүргээ сайн гүйцэтгэхийг хүсэж байна” гэх мэт зүйлсийг чи хэлсээр байж магадгүй юм. Гэхдээ чиний үг хэчнээн сайхан сонсогддог, чи хэдий их онол мэддэг, тэр онол хэдий сүржин, хүндэлмээр байх нь хамаагүй бодит үнэн гэвэл одоо та нарын ихэнх нь Бурханы талаар дүгнэлт хийхдээ эзэмшсэн дүрэм журам, хоосон сургаал, онолоо хэрхэн ашиглахыг аль хэдийн сурсан учраас Түүнийг хар аяндаа л өөрсдийнхөө эсрэг тавьдаг. Хэдийгээр чи үсэг, хоосон сургаал эзэмшсэн боловч үнэний бодит байдалд жинхэнээсээ ороогүй учраас чиний хувьд Бурхантай ойр болж, Түүнийг мэдэж, ойлгох нь маш хэцүү байдаг. Энэ бол тун эмгэнэлтэй явдал юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 16

Ажлынх нь явцад зугтсан хүмүүст хандах Бурханы хандлага

Ийм хүмүүс хаа сайгүй байдаг: Тэд Бурханы замын талаар итгэлтэй байдаг байснаа янз бүрийн шалтгаанаар гарч явж, юу хүссэнээ хийх гээд баяртай ч гэж хэлэлгүй чимээгүйхэн явдаг. Энэ хүмүүсийн явдаг шалтгааныг бид одоохондоо ярилцахгүй; эхлээд бид ийм хүнд хандах Бурханы хандлага ямар байдгийг авч үзэх болно. Энэ маш тодорхой байна! Бурханы нүдэнд бол, энэ хүмүүс явсан тэр мөчөөс Бурханд итгэх хугацаа нь дуусдаг. Үүнийг хувь хүн өөрөө биш, харин Бурхан дуусгасан. Энэ хүн Бурханыг орхиж явсан нь Бурханыг хэдийн голж, Түүнийг хүсэхээ больж, Бурханы авралыг хүлээн авахаа больсон гэсэн үг юм. Ийм хүн Бурханыг хүсэхгүй байгаагаас хойш Бурхан түүнийг хүсэж болно гэж үү? Түүнчлэн ийм хүмүүс ийм хандлага, ийм үзэл бодолтойн дээр Бурханыг орхиж явахаар шийдэхдээ Бурханы зан чанарыг аль хэдийн хилэгнүүлсэн байдаг. Хэдийгээр тэд уурсаж, Бурханыг хараагаагүй, аливаа балиар, дэндсэн авир гаргаагүй ч гэсэн, мөн хэдийгээр энэ хүмүүс “Би гадаа ханатал зугаацаж, эсвэл ямар нэгэн зүйлийн улмаас Бурхан надад хэрэгтэй хэвээр байх өдөр ирвэл би эргэж ирнэ. Эсвэл Бурхан намайг дуудвал би эргэж ирнэ” хэмээн бодож эсвэл “Би гаднаа гомдож, эсвэл гадаад ертөнц хэтэрхий харанхуй, хэтэрхий хорон муухай гэдгийг хараад урсгалаараа явахыг хүсэхээ болих үедээ Бурханд эргэж очно” гэж хэлдэг ч гэсэн тийм байдаг. Хэдийгээр энэ хүмүүс яг хэзээ буцаж очихоо дотроо тооцоолсон ч гэсэн, буцаж ирэх хаалгаа онгорхой орхихыг хичээсэн ч гэсэн тэд юунд итгэж, хэрхэн төлөвлөх нь хамаагүй, энэ бүгд зүгээр л хий хоосон мөрөөдөл гэдгийг тэд ухаардаггүй. Тэдний явахыг хүсэж байгаа нь Бурханд ямар санагдахыг мэддэггүй нь тэдний хамгийн том алдаа юм. Тэд Бурханыг орхиж явахаар шийдсэн тэр мөчөөс Тэр тэднийг бүрмөсөн хаядаг; тэр үед Тэрээр ийм хүний төгсгөлийг зүрх сэтгэлдээ аль хэдийн тодорхойлсон байдаг. Тэр нь ямар төгсгөл вэ? Тэр нь энэ хүн хулгануудын нэг учраас тэдэнтэй хамт мөхөх болно. Тиймээс хүмүүс хэн нэгэн Бурханыг хаясан боловч шийтгэл хүртэхгүй байх иймэрхүү нөхцөлийг дандаа хардаг. Бурхан зарчмынхаа дагуу ажилладаг. Зарим зүйлийг харж болдог байхад заримыг нь Бурхан зөвхөн зүрх сэтгэлдээ шийдвэрлэдэг учраас хүмүүс үр дүнг нь харж чаддаггүй. Хүмүүст харагддаг тал нь аливаа юмны жинхэнэ тал байх албагүй, харин чиний хардаггүй нөгөө тал нь үнэндээ Бурханы жинхэнэ чин сэтгэлийн бодол, дүгнэлтийг агуулдаг.

Бурханы ажлын үеэр зугтсан хүмүүс бол үнэн замыг хаядаг хүмүүс юм

Тэгэхээр Бурхан ийм хүмүүст тийм ноцтой шийтгэл яаж өгч чаддаг вэ? Яагаад Тэр тэдэнд маш их уурладаг вэ? Юуны өмнө Бурханы зан чанар бол сүр жавхлан, уур хилэн гэдгийг бид мэднэ; Тэр бол хэн нэгэнд нядлуулах хонь биш, хүмүүсийн хүссэнээрээ удирдах хүүхэлдэй бүр ч биш. Тэрээр мөн захируулдаг хоосон агаар ч биш. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт үнэхээр итгэдэг бол Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй байж, Түүний мөн чанарыг уурлуулах учиргүй гэдгийг мэдэх ёстой. Энэхүү уур хилэн нь нэг үгээс, нэг бодлоос, магадгүй хүмүүсийн нүдэнд бол, хүний ёс зүйгээр зүгээр өнгөрөөж болох зарим нэг өөдгүй зан авираас үүдсэн; эсвэл магадгүй хоосон сургаал, онолоос үүдэлтэй байж ч болно. Гэхдээ нэгэнт Бурханыг уурлуулсан бол чи боломжоо алдаж, төгсгөлийн өдрүүд чинь ирсэн байна. Энэ бол аймшигтай зүйл! Хэрвээ чи Бурханд халдаж болохгүй гэдгийг ойлгодоггүй бол Бурханаас айдаггүй, магадгүй Түүнд тогтмол халддаг байж болзошгүй юм. Хэрвээ чи Бурханаас хэрхэн эмээхээ мэддэггүй бол Бурханаас эмээж чадахгүй бөгөөд Бурханы замаар алхах—Бурханаас эмээж, муугаас зайлах зам дээр хэрхэн өөрөө гарахыг мэдэхгүй. Чи үүнийг мэддэг болж, Бурханд халдаж болохгүй гэдгийг ухаарч ойлгомогц, Бурханаас эмээж, муугаас зайлах гэж юу болохыг мэдэх болно.

Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхах нь чи хэр их үнэнийг мэддэг, хэр их шалгалт туулсан, эсвэл хэр их сахилгажсан тухай байх албагүй юм. Харин ч энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд хандах хандлагаас чинь болон ямар мөн чанарыг илэрхийлдгээс чинь хамаардаг. Хүмүүсийн мөн чанар болон тэдний субьектив хандлага маш чухал, гол түлхүүр нь юм. Бурханаас татгалзаж, орхиж явсан хүмүүсийн тухайд гэвэл, Түүнд хандах тэдний жигшмээр хандлага, үнэнийг үзэн яддаг зүрх сэтгэл нь хэдийнээ Түүний зан чанарыг уурлуулсан учраас Түүний хувьд тэд хэзээ ч уучлагдахгүй. Тэд Бурханы оршин тогтнолын тухай мэддэг, Тэр аль хэдийн ирчихсэн гэдэг мэдээлэл тэдэнд байсан, бүр Бурханы шинэ ажлыг ч туулсан. Тэдний явсан нь төөрөгдөлд орсон эсвэл мунгинасан хэрэг биш, тэднийг албадсан хэрэг бүр ч биш. Харин ч тэд ухамсартайгаар, саруул ухаанаар Бурханыг орхиж явахыг сонгосон. Тэдний явсан нь замаа алдсан явдал биш, тэд хаягдсан хэрэг ч бас биш. Тиймээс Бурханы нүдэнд тэд бол замаа алдсан үрэлгэн хүү байх нь байтугай, сүргээсээ төөрсөн хурга ч биш юм. Тэд аймшиггүйгээр явсан бөгөөд ийм нөхцөл, ийм байдал нь Бурханы зан чанарыг хилэгнүүлдэг бөгөөд ийнхүү хилэгнэсэн учраас Тэр тэдэнд горь тасрам төгсгөл өгдөг. Ийм төгсгөл аймшигтай бус уу? Иймээс, хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй бол Бурханд халдаж болно. Энэ бол жижиг асуудал биш! Хэрвээ хүмүүс Бурханы хандлагыг нухацтай авч үздэггүй, мөн тэд бол Бурханы зарим төөрсөн хурганууд бөгөөд зүрх сэтгэлээ өөрчлөхийг нь Бурхан хүлээсээр байгаа учраас буцаж ирэхийг нь Бурхан тэсэн ядан хүлээж байгаа гэж итгэсээр байдаг бол тэд шийтгэгдэх өдрөөсөө тийм ч холгүй байна. Бурхан тэднийг хүлээж авахаас зүгээр ч нэг татгалзахгүй. Тэд Түүний зан чанарыг хоёр дахь удаагаа хилэгнүүлж байгаа тул хэрэг явдал бүр ч илүү аймшигтай! Энэ хүмүүсийн хүндэтгэлгүй хандлага Бурханы захиргааны зарлигийг хэдийнээ зөрчсөн байдаг. Тэр тэднийг одоо ч хүлээж авах уу? Энэ асуудлын талаарх Түүний зүрх сэтгэл дэх зарчим бол, хүн үнэн замын тодорхой мэдлэгийг олж авсныхаа дараа ч ухамсартайгаар, саруул ухаанаар Бурханыг голж, Бурханаас явж чадаж л байвал Бурхан тийм хүний авралд хүрэх замыг нь хааж, хойшид энэ хүний хаанчлалд орох хаалга нь хаагдана. Энэ хүн дахин нэг ирж хаалга тогшиход Бурхан хаалгаа нээж өгөхгүй; энэ хүн үүрд хаалганы цаана үлдэнэ. Магадгүй та нарын зарим нь Библи дэх Мосегийн түүхийг уншсан байх. Бурхан Мосег мялаасны дараа 250 удирдагч Мосегийн үйлдэл болон өөр янз бүрийн шалтгааны улмаас дуулгаваргүй байдлаа түүнд илэрхийлсэн. Тэд хэнд захирагдахаас татгалзсан бэ? Энэ нь Мосе байгаагүй. Тэд Бурханы зохицуулалтад захирагдахаас татгалзсан; тэд энэ асуудал дээр Бурханы ажилд захирагдахаас татгалзсан. Тэд дараах зүйлийг хэлсэн: “Та нар арай дэндэж байна. Чуулсан олон түмэн, хүн бүр нь ариун бөгөөд Ехова тэдний дунд байна…” Хүний үзэл бодлоор бол эдгээр үг, мөр маш ноцтой юу? Тэдгээр нь ноцтой биш! Ядаж л эдгээр үгийн үгчилсэн утга нь ноцтой биш. Хуулийн үүднээс тэд ямар ч хууль зөрчөөгүй, учир нь, энэ нь гадна өнгөндөө дайсагнасан үг хэлтэй биш, доромжилсон өнгө аяс бүр ч байхгүй. Эдгээр нь жирийн л өгүүлбэр, өөр юу ч биш. Тэгвэл яагаад эдгээр үг Бурханы уур хилэнг тэгж их өдөөж чаддаг вэ? Яагаад гэвэл, тэдгээрийг хүмүүст биш, харин Бурханд хэлсэн юм. Тэдний илэрхийлсэн хандлага, зан чанар нь Бурханы зан чанарыг хилэгнүүлдэг яг тэр зүйл бөгөөд тэд Бурханы халдаж болохгүй зан чанарт халддаг. Тэдгээр удирдагчийн төгсгөл эцэстээ ямар байсныг бид бүгд мэднэ. Бурханыг хаясан хүмүүсийн тухайд тэд ямар үзэл бодолтой вэ? Тэдний хандлага ямар вэ? Мөн яагаад тэдний үзэл бодол, хандлага нь Бурхан тэдэнтэй ингэж харьцахад хүргэдэг вэ? Үүний шалтгаан нь, Түүнийг Бурхан гэдгийг тэд сайн мэдэж байсан ч гэсэн Түүнээс урвах замыг сонгосон, тийм учраас тэд аврагдах боломжоо бүрэн алдсан. Библид: “Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй” гэж хэлсэнтэй яг адилхан. Та нар одоо энэ асуудлын талаар тодорхой ойлгосон уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 17

Хүмүүсийн хувь заяаг Бурханд хандах хандлагаар нь шийддэг

Бурхан бол амьд Бурхан бөгөөд хүмүүс өөр өөр нөхцөл байдалд өөр өөрөөр авирладагтай яг л адил эдгээр авирт хандах Түүний хандлага өөр өөр байдаг, учир нь Тэр хүүхэлдэй биш, хоосон агаар ч биш. Хүн төрөлхтөн Бурханы хандлагыг мэдэж авахаар эрэлхийлбэл зохино. Хүмүүс Бурханы хандлагыг мэдсэнээрээ Бурханы зан чанарыг хэрхэн бага багаар мэдэж, Түүний зүрх сэтгэлийг ойлгож авч болохыг сурах ёстой. Бурханы зүрх сэтгэлийг бага багаар ойлгоод ирэхийн цагт Бурханаас эмээж, муугаас зайлах нь биелүүлэхэд тийм ч хэцүү зүйл гэж чамд санагдахгүй. Түүнчлэн, чи Бурханыг ойлгох үед Түүний талаар дүгнэлт хийх магадлал бага болно. Чи Бурханы талаар дүгнэлт хийхээ боливол Бурханд халдах магадлал бүр л бага болж, чамайг мэдээгүй байхад Бурхан чамайг Өөрийнх нь талаар мэдлэг олж авахад хөтөлнө; энэ нь зүрх сэтгэлийг чинь Бурханыг хүндлэх сэтгэлээр дүүргэнэ. Тэгээд чи өөрийн эзэмшсэн хоосон сургаал, үсэг, онолын аргаар Бурханыг тодорхойлохоо болино. Харин ч бүх зүйлээс үргэлж Бурханы санаа зорилгыг эрж хайснаар, чи өөрийн мэдэлгүй Бурханы зүрх сэтгэлийн дагуу хүн болно.

Бурханы ажил нь хүмүүст харагддаггүй, хүршгүй боловч Бурханы хувьд, хүн болгоны үйлдлийг, Өөрт нь хандах тэдний хандлагын хамт Тэр ойлгодог төдийгүй, бас Өөрт нь илэрхий байдаг. Үүнийг хүн бүр танин мэдэж, тодорхой ойлгосон байх ёстой. Чи өөрөөсөө үргэлж “Миний энд хийж байгааг зүйлийг Бурхан мэддэг болов уу? Яг одоо миний юу бодож байгааг Тэр мэддэг болов уу? Тэр мэддэг ч байж магадгүй, мэддэггүй ч байж магадгүй” хэмээн асууж байж магад. Хэрвээ чи ийм үзэл бодолтой байж, Бурханыг дагаж, Түүнд итгэдэг боловч, Түүний ажил, Түүний оршин тогтнолд эргэлзэж байвал эрт орой хэзээ нэгэн цагт чи Түүний уур хилэнг хүргэх өдөр ирнэ, учир нь, чи аль хэдийн аюулт хавцлын ирмэг дээр дэнжгэнэж байна. Бурханд олон жил итгэсэн ч гэсэн Бурханы хүслийг ойлгох нь байтугай үнэний бодит байдлыг олж аваагүй хүмүүсийг Би харж байсан. Энэ хүмүүс амь болон биеийн хэмжээндээ ямар ч ахиц гаргахгүй, гагцхүү хамгийн өнгөц хоосон сургаалыг баримталж байдаг. Учир нь, энэ хүмүүс Бурханы үг нь өөрөө амь гэж хэзээ ч үзэж байгаагүй, хэзээ ч Түүний оршин тогтнолтой нүүр тулж, хүлээн зөвшөөрч байгаагүй. Бурхан тийм хүмүүсийг хараад баяр хөөрөөр дүүрдэг гэж чи бодож байна уу? Тэд Түүнийг тайтгаруулдаг уу? Тиймээс хүмүүс Бурханд хэрхэн итгэх нь тэдний хувь заяаг шийддэг. Хүмүүс Бурханыг хэрхэн эрж хайж, Түүнд хэрхэн хандах тухайд бол хүмүүсийн хандлага хамгийн чухал юм. Бодлын чинь мухарт эргэлдэж буй хоосон агаар мэт Бурханыг бүү үл тоомсорло; өөрийн итгэдэг Бурханыг үргэлж амьд, жинхэнэ Бурхан гэж бод. Тэр гурав дахь тэнгэрт хийх юмгүй сууж байгаа юм биш. Харин ч Тэр хүн бүрийн зүрх сэтгэл рүү байнга өнгийж, юу хийх гэж байгааг чинь ажиж, жижиг сажиг үг, үйл хэрэг бүрийг чинь харж, хэрхэн авирлаж байгаа, Түүнд хандах хандлага чинь ямар болохыг байнга харж байдаг. Чи өөрийгөө Бурханд өгөх хүсэлтэй ч бай, үгүй ч бай, бүхий л үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодол, санаа чинь Бурханы өмнө илхэн, Түүнд харагдаж байдаг. Чиний зан авир, үйл хэрэг, Түүнд хандах чиний хандлагаас шалтгаалж чиний талаарх Түүний санаа бодол, чамд хандах Түүний хандлага байнга өөрчлөгдөж байдаг. Би зарим хүнд бага зэрэг зөвлөгөө өгмөөр байна: Бурхан чамайг ухаангүй хайрлах ёстой юм шиг, чамайг хэзээ ч орхиод явж чадахгүй юм шиг, чамд хандах Түүний хандлага хувиршгүй, хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй юм шиг өөрсдийгөө Бурханы гар дээр нялх хүүхэд шиг бүү тавь, мөн мөрөөдөхөө боль гэж Би зөвлөе! Бурхан хүн болгонд зөвт ханддаг, Тэрээр хүмүүсийг байлдан дагуулж, аврах ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Энэ бол Түүний удирдлага юм. Тэрээр хүн болгонд нухацтай ханддаг бөгөөд тоглож наадах гэрийн тэжээвэр амьтан шиг үздэггүй. Хүмүүсийг гэх Бурханы хайр бөөцийлж, эрхлүүлэх хайр биш, хүн төрөлхтөнд үзүүлдэг Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь ч бас өөгшүүлсэн, зоргоор нь тавьсан биш байдаг. Эсрэгээрээ хүмүүсийг гэх Бурханы хайранд амийг энхрийлж, өрөвдөж, хүндлэх багтдаг; Түүний өршөөл, хүлээцтэй байдал тэдэнд тавьсан Түүний итгэл найдварыг илэрхийлдэг бөгөөд хүн төрөлхтөнд амьд үлдэхэд хэрэгтэй зүйл юм. Бурхан амьд бөгөөд үнэхээр оршин тогтнодог; хүн төрөлхтөнд хандах Түүний хандлага зарчимтайн дээр ягшмал бөөн дүрэм огтхон ч биш, бас энэ нь өөрчлөгдөх боломжтой. Хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зорилго цаг хугацааны эрхээр, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, хүн нэг бүрийн хандлагатай хамт аажмаар хувьсан, өөрчлөгдөж байдаг. Иймээс Бурханы мөн чанар хувиршгүй, Түүний зан чанар өөр өөр үед, өөр өөр нөхцөл байдлаас гардаг гэдгийг чи зүрх сэтгэлдээ тов тодорхой мэдэж байх ёстой. Энэ бол ноцтой асуудал гэж чи бодохгүй байж болно, Бурхан юмыг хэрхэн хийх ёстойг төсөөлөхдөө чи үзлээ ашиглаж магадгүй. Гэхдээ үзэл бодлын чинь яг эсрэг нь үнэн байх үе байдаг бөгөөд үзлээ ашиглан Бурханыг хэмжих гэж оролдсоноороо чи Түүнийг хэдийнээ уурлуулсан. Учир нь, Бурхан чиний боддог шиг ажилладаггүй, чиний хэлдэг шигээр энэ асуудалд ханддаггүй. Иймээс чи өөрийн эргэн тойрондоо байгаа юм болгонд хандахдаа болгоомжтой, хянамгай байж, бүх зүйл дээр Бурханы замаар алхах—Бурханаас эмээж, муугаас зайлах зарчмыг дагах талаар суралц гэж Би чамд сануулж байна. Чи Бурханы хүсэл, Бурханы хандлагын асуудал дээр бат ойлголттой болж, энэ талаар чамтай хэлэлцэх гэгээрсэн хүмүүсийг олж, хичээнгүйлэн эрж хайх ёстой. Өөрийн итгэдэг Бурханыг хүүхэлдэй шиг үзэж, дур зоргоороо шүүж, Түүний талаар дураараа дүгнэлт хийж, Түүнд зохих ёсоор хүндэтгэлтэй хандахгүй байж болохгүй. Бурхан чамайг аварч, төгсгөлийг чинь тодорхойлох зуураа чамд өршөөл, хүлээцтэй байдал, эсвэл шүүлт, гэсгээлт хүртээж магадгүй боловч ямар ч тохиолдолд чамд хандах Түүний хандлага өөрчлөгдөшгүй биш юм. Түүнд хандах чиний хандлагаас гадна Түүний талаарх ойлголтоос чинь энэ нь хамаардаг. Бурханы талаарх түрхэн зуурын өрөөсгөл мэдлэг, ойлголтоороо Түүнийг үүрд мөнхөд тодорхойлж болохгүй. Үхсэн Бурханд бүү итгэ; амьд Бурханд итгэ. Үүнийг санаж яв! Хэдийгээр Би та нарын сонсох хэрэгтэй байсан зарим үнэнийг энд хэлэлцсэн боловч та нарын одоогийн байдал, биеийн хэмжээнээс шалтгаалан урам зоригийг чинь мохоохгүйн тулд одоохондоо та нарт илүү их шаардлага тавихгүй. Тэгэх нь зүрх сэтгэлийг чинь хэтэрхий их уйтгараар дүүргэж, Бурханд дэндүү их урам хугарахад хүргэж болно. Үүний оронд, та нар урдах замаараа алхахдаа зүрх сэтгэлдээ байгаа Бурханыг гэх хайр, Бурханыг хүндэлдэг хандлагаа ашиглаж чадна гэж Би найдаж байна. Бурханд хэрхэн итгэх тухай энэ асуудлыг бүү аргацаа; үүнийг байж болох хамгийн том асуултуудын нэг гэж үз. Үүнийг зүрх сэтгэлдээ тээж, хэрэгжүүлж, бодит амьдралтай холбо; зүгээр нэг бүү дүр үзүүл. Учир нь, энэ бол амьдрал, үхлийн асуудал, чиний хувь заяаг тодорхойлох асуудал билээ. Үүнд тоглоом, наргиан шиг бүү ханд! Өнөөдөр та нартай эдгээр үгийг хуваалцсаныхаа дараа та нар толгойдоо хэчнээн их зүйлийг нь ойлгож авсан бол гэж Би гайхаж байна. Өнөөдөр энд Миний ярьсан зүйлийн талаар асуух асуулт та нарт байна уу?

Хэдий эдгээр сэдэв нь бага зэрэг шинэ, та нарын үзэл бодол, ер нь та нарын эрэлхийлж, анхаардаг зүйлсээс бага зэрэг холдсон боловч эдгээрийг та нар хэсэг хугацаанд нөхөрлөвөл Миний энд хэлсэн бүхний талаар та нар нийтлэг ойлголттой болно. Эдгээр сэдэв нь бүгд маш шинэ, та нарын урьд өмнө хэзээ ч эргэцүүлж үзэж байгаагүй сэдвүүд болохоор ямар нэгэн байдлаар та нарын ачааг нэмэхгүй гэж Би найдаж байна. Би өнөөдөр эдгээр үгийг та нарыг айлгахын тулд хэлж байгаа юм биш, бас тэдгээрийг Би та нартай харьцах арга зам болгож ашиглаж байгаа ч юм биш; харин ч Миний зорилго бол бодит үнэний тухай бодит баримтыг ойлгоход та нарт туслах явдал юм. Хүн, Бурханы хоёр хоорондоо ялгаатай учраас хэдийгээр хүмүүс Бурханд итгэдэг ч гэсэн Түүнийг хэзээ ч ойлгож, хандлагыг нь мэдэж байгаагүй. Түүнчлэн хүмүүс Бурханы хандлагад санаа тавихдаа хэзээ ч нэг их урам зоригтой байгаагүй. Харин ч тэд сохроор итгэж, явсан бөгөөд Бурханы талаарх мэдлэг, ойлголтдоо хайхрамжгүй байж ирсэн. Тиймээс Би эдгээр асуудлыг та нарт ойлгомжтой болгож, та нарын итгэдэг энэ Бурхан чинь чухам ямар төрлийн Бурхан бэ, мөн Тэр юу бодож байгаа, янз бүрийн хүмүүст хандахдаа Түүний хандлага ямар байдаг, та нар Түүний шаардлагыг биелүүлэхээс хэр хол байгаа, та нарын үйлдэл болон Түүний шаарддаг стандарт хоёрын хоорондох зөрүү хэр их байгааг ойлгоход та нарт туслахыг хичээж байна. Ийм зүйлсийг та нарт мэдүүлэх нь та нарт өөрсдийгөө хэмжих хэмжүүр өгөх зорилготой бөгөөд ингэснээр явж байгаа зам чинь ямар үр дүн рүү хөтөлж байгааг, энэ зам дээр юу олж аваагүйг, ямар салбарт огт оролцож байгаагүйгээ та нар мэднэ. Та нар өөр хоорондоо хэлэлцэхдээ цар хүрээний хувьд тун явцуу, өнгөцхөн агуулгатай цөөн хэдэн түгээмэл хэлэлцдэг сэдвийн талаар ихэвчлэн ярьдаг. Та нарын хэлэлцдэг зүйл, Бурханы санаа зорилго хоёрын хооронд, мөн та нарын хэлэлцүүлэг болон Бурханы шаардлагын цар хүрээ, стандартын хооронд зай, завсар байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ийнхүү үргэлжлүүлэх нь та нарыг Бурханы замаас улам л хол хазайхад хүргэнэ. Та нар ердөө л Бурханы одоогийн айлдварыг авч, шүтэн мөргөх объект болгож, тэдгээрийг зан үйл, дүрэм журам гэж хардаг. Та нар үүнийг л хийж байгаа! Үнэндээ, та нарын зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй, Тэр та нарын зүрх сэтгэлийг үнэндээ хэзээ ч олж аваагүй. Бурханыг мэдэх маш хэцүү гэж зарим хүн боддог—энэ үнэн. Энэ хэцүү! Хэрвээ хүмүүсээс үүргээ биелүүлж, гаднаа аливаа зүйлсийг хийж, шаргуу ажилла гэвэл Бурханд итгэх маш амархан юм байна гэж тэд бодно, учир нь энэ бүхэн хүний хийж чадах хэмжээнд байдаг. Гэхдээ сэдэв нь Бурханы санаа зорилго болон хүнд хандах Түүний хандлага руу шилжих мөчид хүн болгоны бодлоор юм үнэхээр арай илүү хэцүү болдог. Яагаад гэвэл, үүнд үнэний тухай хүмүүсийн ойлголт, тэдний бодит байдлын оролт хамаардаг, тэгэхээр мэдээж, тодорхой хэмжээгээр хүндрэлтэй байна! Гэсэн ч эхний хаалгаар нэвтэрч, оролтыг олж авч эхэлсний чинь дараа юм аажмаар улам бүр хялбар болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 18

Бурханаас эмээж эхлэх цэг нь Түүнд Бурхан шиг хандах юм

Нэг хүн саяхан нэг асуулт дэвшүүлсэн байна: Бид Бурханыг Иовын мэдэж байснаас илүү сайн мэддэг мөртөө Түүнийг яагаад яагаад хүндэлж чаддаггүй юм бэ? Бид энэ асуудлыг өмнө нь бага зэрэг хөндсөн, тийм үү? Үнэндээ, энэ асуудлын мөн чанарыг ч бас өмнө нь хэлэлцсэн, Иов тухайн үед Бурханыг мэддэггүй байсан ч гэсэн Түүнд Бурхан шиг хандаж, Түүнийг тэнгэр, газар, бүх зүйлийн Эзэн гэж үздэг байсан. Иов Бурханыг дайснаа гэж үзээгүй; харин Түүнийг бүх зүйлийг Бүтээгч хэмээн шүтэн мөргөдөг байсан. Өнөө үед хүмүүс яагаад Бурханыг ийм их эсэргүүцдэг вэ? Тэд яагаад Бурханыг хүндэлж чаддаггүй вэ? Нэг шалтгаан нь тэд Сатанаар гүн завхруулагдсан бөгөөд сатанлаг уг чанар тэдэнд гүн шингэсэн болохоор тэд Бурханы дайсан болсон юм. Тиймээс тэд хэдийгээр Бурханд итгэж, Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч Түүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө Түүний эсрэг тавьж чадсан хэвээр байдаг. Хүний уг чанар үүнийг тодорхойлдог. Нөгөө нэг шалтгаан нь хүмүүс Бурханд итгэдэг ч гэсэн ердөө л Түүнд Бурхан шиг ханддаггүй. Харин ч Түүнийг өөрсдийн дайсан гэж үзээд хүн төрөлхтний эсрэг тавьж, Бурхантай эвлэршгүй гэж санагддаг. Ийм л энгийн юм. Энэ асуудал өмнөх хэлэлцүүлэгт хөндөгдсөн бус уу? Үүнийг бодоод үз: Энэ шалтгаан нь бус уу? Бурханы талаар бага зэрэг мэдлэг чамд байдаг боловч энэ мэдлэг чинь яг юунд хүргэх вэ? Хүн бүрийн яриад байгаа зүйл энэ бус уу? Бурханы чамд хэлсэн зүйл энэ бус уу? Чи үүний онолын болон сургаалын талыг нь л мэддэг, гэвч чи Бурханы жинхэнэ царайг ойлгож байсан уу? Чамд субьектив мэдлэг бий юу? Чамд бодитой мэдлэг, туршлага бий юу? Бурхан чамд хэлээгүй бол чи мэдэж чадах байсан уу? Онолын мэдлэг чинь жинхэнэ мэдлэгийг төлөөлдөггүй. Товчхондоо, хэр их мэддэг, үүнийг хэрхэн мэдэж авсан чинь хамаагүй, Бурханы талаар жинхэнэ ойлголт олж авах хүртэл Тэр чиний дайсан байна, Бурханд үнэхээр Бурхан шиг хандах хүртэл Тэр чамайг эсэргүүцнэ, учир нь чи бол Сатаны биелэл билээ.

Чи Христтэй хамт байхдаа магадгүй чи Түүнд өдрийн гурван хоолоор үйлчилж, цайгаар үйлчилж, Түүний амьдралын хэрэгцээнд санаа тавьж чадах байх; чи Христэд Бурхан шиг хандаж байгаа юм шиг байна. Ямар нэг зүйл тохиолдох бүрд хүмүүсийн үзэл бодол үргэлж Бурханы үзэл бодлын эсрэг байдаг; хүмүүс үргэлж Бурханы үзэл бодлыг ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хүмүүс өнгөн дээрээ Бурхантай сайн харилцаатай байдаг хэдий ч энэ нь тэд Түүнтэй нийцтэй байдаг гэсэн үг биш. Ямар нэгэн зүйл тохиолдмогц хүн төрөлхтний дуулгаваргүй байдлын үнэн төрх ил гарч, ингэснээр хүн болон Бурханы хооронд оршдог дайсагналыг баталдаг. Энэхүү дайсагнал нь Бурхан хүнийг эсэргүүцэж, хүнд дайсагнахыг хүсэж байгаа хэрэг биш, мөн Тэр тэднийг Өөрийнхөө эсрэг тавьж, тэдэнд тэгж хандаж байгаа хэрэг ч бас биш юм. Харин ч Бурханы эсрэг энэхүү мөн чанар нь хүний субьектив хүсэлд, хүний далд ухамсарт нуугдаж байгаа хэрэг юм. Хүмүүс Бурханаас ирдэг бүхнийг өөрсдийн судалгааны объект гэж үздэг болохоор Бурханаас ирдэг зүйлд, Бурхантай хамаатай зүйлд хандах хариу үйлдэл нь юун түрүүнд таамаглаж, эргэлзэн, дараа нь Бурхантай зөрчилдөж, Түүнийг эсэргүүцсэн хандлага сонгох байдаг. Үүний дараа удалгүй тэд сөрөг ааш авир тээн Бурхантай маргалдаж, тэмцэлдэхэд хүрч, бүр ийм Бурханыг дагавал зохих эсэх талаар эргэлзэх хүртлээ дэнддэг. Эрүүл ухаан нь тэдэнд ийм байдлаар үргэлжлүүлж болохгүй гэдгийг хэлдэг боловч тэд өөрийн эрхгүй ингэхээр сонгож, эцсээ хүртэл ямар ч эргэлзээгүйгээр үргэлжлүүлэх болно. Жишээлбэл, Бурханы тухай цуу яриа, гүтгэлэг сонсоод зарим хүний эхний хариу үйлдэл ямар байдаг вэ? Тэдний хамгийн түрүүнд үзүүлдэг хариу үйлдэл нь энэ цуу яриа үнэн, худал эсэх, ийм цуур яриа байдаг эсэх талаар гайхширч, тэгээд харзнах хандлага сонгох байдаг. Тэгээд тэд “Үүнийг магадлах арга алга. Үнэхээр ийм явдал болсон болов уу? Энэ үнэн болов уу, үгүй болов уу?” хэмээн бодож эхэлдэг. Хэдийгээр ийм хүмүүс өнгөн дээрээ харуулдаггүй ч гэсэн зүрх сэтгэлдээ аль хэдийн эргэлзэж, Бурханыг аль хэдийн үгүйсгээд эхэлсэн байдаг. Ийм хандлага, ийм үзэл бодлын мөн чанар нь юу вэ? Энэ нь урвалт бус уу? Тэдэнд ийм асуудал тулгарах хүртэл энэ хүмүүсийн үзэл бодол юу болохыг чи харж чадахгүй; тэд Бурхантай зөрчилддөггүй, Түүнийг дайсан гэж үздэггүй мэт харагддаг. Гэвч асуудал тулгармагц тэд даруй Сатантай хамт зогсож, Бурханыг эсэргүүцдэг. Энэ нь юуг харуулж байна вэ? Энэ нь хүн, Бурхан хоёр бол эсрэг тэсрэг гэдгийг харуулж байна! Бурхан хүн төрөлхтнийг дайснаа гэж үздэг биш, харин хүн төрөлхтний мөн чанар өөрөө Бурханд дайсагнаж байдгаас тэр юм. Хүн Бурханыг хэчнээн удаан дагаж, хэр их төлөөс төлсөн нь хамаагүй, хүн Түүнийг хэрхэн магтаж, Түүнийг хэрхэн эсэргүүцэхээс тэвчиж, бүр Бурханыг хайрлах гэж хэчнээн өөрсдийгөө хүчилдэг ч бай, тэд Бурханд хэзээ ч Бурхан шиг хандаж чадахгүй. Үүнийг хүмүүсийн мөн чанар тодорхойлдог бус уу? Хэрвээ чи Түүнд Бурхан шиг хандаж, Тэр бол Бурхан гэж жинхэнээсээ итгэдэг бол Түүнд эргэлзэж чадна гэж үү? Чи зүрх сэтгэлдээ Түүний тухай ямар нэгэн асуултын тэмдэг тээсээр байж чадна гэж үү? Чадахгүй, тийм үү? Энэ хорвоогийн чиг хандлага маш ёрын муу, энэ хүн төрөлхтөн ч мөн адил; тиймээс чамд яахаараа тэдгээрийн талаар ямар ч үзэл байхгүй байж болох юм бэ? Чи өөрөө тун хорон муу, тиймээс яахаараа чи тэр талаар ямар ч үзэлгүй байдаг юм бэ? Гэтэл хэдхэн цуу яриа, зарим нэг гүтгэлэг л Бурханы тухай тийм том үзлийг бий болгож, маш олон зүйлийг төсөөлөхөд хүргэж чадаж байгаа нь биеийн хэмжээ чинь хэчнээн дутуу дулимаг болохыг харуулж байна! Ердөө л хэдхэн шумуул, хэдхэн балиар ялааны “шунгинаан” чамайг мэхлэхэд хангалттай гэж үү? Энэ ямар гээч хүн бэ? Бурхан ийм хүмүүсийн талаар юу боддогийг чи мэдэх үү? Тэдэнд хандах Бурханы хандлага үнэндээ маш тодорхой. Ийм хүмүүст хандах Бурханы хандлага нь тэдэнд хүйтэн хөндий хандах—тэдэнд ямар ч анхаарал тавихгүй, энэхүү харанхуй бүдүүлэг хүмүүсийг нухацтай авч үзэхгүй байх нь Түүний хандлага юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Түүнд эцсээ хүртэл дайсагнахаар амлалт өгсөн, Түүнтэй нийцтэй байх замыг эрж хайхаар хэзээ ч төлөвлөөгүй тэр хүмүүсийг олж авна гэж Бурхан зүрх сэтгэлдээ хэзээ ч төлөвлөөгүй билээ. Миний хэлсэн эдгээр үг хэдэн хүнийг гомдоож магадгүй юм. Тэгвэл та нарыг үргэлж ингэж гомдоохыг минь та нар хүсэж байна уу? Та нар хүссэн, хүсээгүй, Миний хэлж байгаа бүхэн бодит үнэн! Хэрвээ Би та нарыг үргэлж ингэж гомдоож, шархыг чинь ил болговол зүрх сэтгэлдээ тээдэг та нарын эрхэм дээд Бурханы дүр төрхөд нөлөөлөх үү? (Нөлөөлөхгүй). Тэгэхгүй гэдэгтэй Би санал нийлж байна, учир нь, та нарын зүрх сэтгэлд Бурхан огт байхгүй. Та нарын зүрх сэтгэлд оршдог, та нарын жигтэйхэн өмгөөлж, хамгаалдаг Бурхан бол ердөө л Бурхан биш. Харин хүний төсөөллөөс гарсан зүйл; тэр ердөө оршдоггүй. Иймээс энэ оньсогын хариуг Би ил болгох нь хамаагүй илүү дээр; энэ нь бодит үнэнийг ил болгож байгаа хэрэг бус уу? Жинхэнэ Бурхан бол хүний төсөөлдөг тэр зүйл биш. Та бүхэн энэ бодит байдалтай нүүр тулж чадахын дээр энэ нь Бурханы талаарх мэдлэгт чинь тус болно гэж Би найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 19

Бурханы хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс

Бурхан итгэлийг нь зүрх сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй зарим хүн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан итгэлийг нь сайшаадаггүй учраас энэ хүмүүсийг Өөрийнхөө дагалдагч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хүмүүсийн хувьд, Бурханыг хэчнээн жил дагасан ч гэсэн, тэдний санаа, үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөөгүй; тэд үл итгэгчид шиг үл итгэгчдийн зарчим, аливааг хийх арга зам, тэдний амьд үлдэх хууль болон итгэлийг баримталдаг. Тэд хэзээ ч Бурханы үгийг хүлээн авч амиа болгодоггүй, Бурханы үг бол үнэн гэж хэзээ ч итгээгүй, хэзээ ч Бурханы авралыг хүлээн авах гэж зориогүй, Бурханыг хэзээ ч өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханд итгэхийг нэг төрлийн сонирхогчдын хобби хэмээн харж, ердөө л сүнслэг тэжээл мэт Түүнд ханддаг болохоор Бурханы зан чанар, эсвэл мөн чанарыг ойлгох гэж хичээвэл зохилтой гэж боддоггүй. Жинхэнэ Бурхантай холбоотой бүхэн энэ хүмүүст ямар ч хамаагүй гэж хэлж болно; тэд сонирхдоггүй, анхаарал тавья гэж боддог ч үгүй. Учир нь, зүрх сэтгэлийнх нь гүнд тэдэнд “Бурхан бол харагддаггүй, хүршгүй бөгөөд оршдоггүй” гэж үргэлж хэлж байдаг хүчтэй дуу хоолой байдаг. Ийм Бурханыг ойлгохыг хичээж хүчин чармайлт гаргах хэрэггүй, ингэх нь өөрсдийгөө хуурсан хэрэг болно гэж тэд итгэдэг. Ямар ч бодитой үзэл бодол баримталж, аливаа бодит үйлдэлд өөрсдийгөө зориулахгүйгээр, ердөө л үгээр Бурханыг хүлээн зөвшөөрснөөрөө өөрсдийгөө сүрхий ухаалаг байна гэж тэд итгэдэг. Бурхан энэ хүмүүсийг юу гэж хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг. Зарим хүн “Үл итгэгчид Бурханы үгийг уншиж чадах уу? Тэд өөрсдийн үүргийг биелүүлж чадах уу? ‘Би Бурханы төлөө амьдарна’ гэдэг үгийг хэлж чадах уу?” гэж асуудаг. Тэдний өнгөн дээрээ үзүүлдэг зүйлийг хүмүүс дандаа хардаг; тэд хүмүүсийн мөн чанарыг хардаггүй. Гэтэл Бурхан эдгээр өнгөн талын үзүүлэх байдлыг хардаггүй; Тэр зөвхөн дотоод мөн чанарыг нь л хардаг. Тиймээс энэ хүмүүст Бурхан ингэж хандаж, ингэж тодорхойлдог. Энэ хүмүүс “Бурхан яагаад ингэдэг вэ? Бурхан яагаад тэгдэг вэ? Би энийг ойлгож чадахгүй байна; би тэрийг ойлгож чадахгүй байна; энэ хүний үзэлтэй нийцэхгүй байна; Та надад үүнийг тайлбарлах ёстой …” гэж хэлдэг. Үүний хариуд Би ингэж асуудаг: Эдгээр асуудлыг Би үнэхээр чамд тайлбарлах шаардлагатай юу? Эдгээр асуудал үнэндээ чамд хамаатай юу? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Чи хаанаас ирсэн юм бэ? Чи үнэхээр Бурханд заах шаардлага хангасан уу? Чи Түүнд итгэдэг үү? Тэр чиний итгэлийг хүлээн зөвшөөрдөг үү? Нэгэнт чиний итгэл Бурхантай ямар ч хамаагүйгээс хойш, Түүний хийж буй зүйл чамд ямар хамаатай юм бэ? Чи Бурханы зүрх сэтгэлд хаана нь зогсож байгаагаа мэдэхгүй учраас Бурхантай ярилцах шаардлага хангасан байж чи яаж чадах юм бэ?

Сануулах үгс

Эдгээр сургамжийг сонсоод та нарт таагүй байгаа бус уу? Хэдийгээр та нар эдгээрийг сонсох, хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байж болох ч тэдгээр нь бүгд бодит баримт юм. Ажлын энэ үе шатыг Бурхан гүйцэтгэх учраас хэрвээ чи Түүний санаа зорилгод сэтгэл тавьдаггүй, Түүний хандлагыг хайхардаггүй, Түүний мөн чанар, зан чанарыг ойлгодоггүй бол эцэст нь хохирох хүн бол чи байна. Миний үгийг сонсоход хэцүү байна, мөн урам зоригийг чинь хугалсан гэж бүү буруушаа. Би үнэнийг ярьдаг; Би та нарын урмыг хугалах гээгүй юм шүү. Би та нараас юу шаардах, үүнийг та нар хэрхэн хийх шаардлагатай нь хамаагүй, та нар зөв замаар алхаж, Бурханы замыг дагаж, зөв замаас хазайхгүй гэж найдаж байна. Хэрвээ чи Бурханы үгийн дагуу хийхгүй, Түүний замыг дагахгүй бол Бурханы эсрэг тэрсэлж, зөв замаас төөрсөн гэдэгт чинь эргэлзэхгүй байж болно. Тиймээс та нарт тодруулж өгөх ёстой зарим асуудал байгаа бөгөөд та нарыг ойлгомжтой, тодорхой, өчүүхэн төдий ч тээнэгэлзэхгүйгээр итгэдэг болгож, Бурханы хандлага, Түүний санаа зорилго, Тэр хүнийг хэрхэн төгс болгож, хүний төгсгөлийг ямар арга замаар тодорхойлдог талаар тодорхой ойлголттой болоход чинь туслах ёстой гэж Надад санагддаг. Хэрвээ чи энэ зам дээр гарч чадахгүй байх өдөр ирвэл Би ямар ч хариуцлага үүрэхгүй, учир нь эдгээр үгийг чамд аль хэдийн маш тодорхой хэлчихсэн. Өөрийнхөө төгсгөлийг чи хэрхэн зохицуулах тухайд, энэ асуудал нь бүхэлдээ чамаас хамаарна. Янз бүрийн хүмүүсийн төгсгөлийн тухайд Бурхан өөр өөр хандлагатай байдаг, Түүнд тэдгээрийг дэнслэх Өөрийн гэсэн арга замаас гадна тэдэнд зориулсан Өөрийн гэсэн шаардлагын стандарт байдаг. Хүмүүсийн төгсгөлийг дэнслэх Түүний стандарт нь бүх хүнд шударга байдаг—үүнд эргэлзэх юмгүй! Тиймээс зарим хүн эмээх шаардлагагүй юм. Одоо та нарын сэтгэл амрав уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 20

Үнэн хэрэгтээ Бурханы зан чанар хүн бүрд нээлттэй байдаг ба нуугдмал байдаггүй, учир нь Бурхан аливаа хүнээс хэзээ ч санаатайгаар зайлсхийгээгүй ба хүмүүс Өөрийг нь мэдэх, Өөрийг нь ойлгоход саад хийх гэж Өөрийгөө хэзээ ч зориуд нуух гээгүй. Бурханы зан чанар үргэлж нээлттэй байсаар ирсэн бөгөөд хүн тус бүртэй үргэлж илэн далангүй нүүр тулдаг. Бурханы удирдлагад Бурхан хүн бүхэнтэй нүүр тулан Өөрийн ажлыг хийдэг бөгөөд Түүний ажил хүн нэг бүр дээр хийгддэг. Тэрээр энэ ажлыг хийхдээ зан чанараа тасралтгүй илэрхийлж, хүн нэг бүрийг удирдан чиглүүлж, хангахын тулд Өөрийн мөн чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоо тасралтгүй ашиглаж байна. Эрин үе болгонд, үе шат бүрд нөхцөл байдал сайн эсвэл, муу байгааг үл харгалзан Түүний амь хүнийг байнга, зогсолтгүйгээр хангаж, дэмжиж байдгийн адил Бурханы зан чанар хувь хүн бүрд үргэлж нээлттэй байдаг бөгөөд Түүний эзэмшил болон оршихуй нь хувь хүн бүрд үргэлж нээлттэй байдаг. Гэхдээ зарим хүний хувьд Бурханы зан чанар далд хэвээр үлддэг. Яагаад? Учир нь, энэ хүмүүс Бурханы ажил дотор амьдарч, Бурханыг дагадаг атлаа Бурханд ойртох гэх нь байтугай Бурханыг ойлгох гэж хэзээ ч оролдоогүй, Бурханыг мэдэхийг ч хүсээгүй. Энэ хүмүүсийн хувьд Бурханы зан чанарыг ойлгоно гэдэг нь тэдний төгсгөл ойртсоныг ёрлодог; тэд Бурханы зан чанараар шүүгдэж, яллагдах гэж байна гэсэн үг юм. Ийм учраас тэд Бурханыг болон Түүний зан чанарыг ойлгохыг хэзээ ч хүсээгүй, Бурханы хүслийг илүү гүнзгий ойлгож, мэдэх гэж ер шимтээгүй. Тэд ухамсартай хамтын ажиллагаагаар Бурханы хүслийг ойлгох гэж эрэлхийлдэггүй—тэд зөвхөн хүссэн юмаа цуцалтгүй хийж, түүндээ үүрд сэтгэл хангалуун байдаг; итгэхийг хүсдэг Бурхандаа л итгэдэг; зөвхөн өөрсдийнх нь төсөөлөлд оршдог Бурханд, зөвхөн өөрсдийнх нь үзэлд оршдог Бурханд итгэдэг; мөн өдөр тутмынх нь амьдралд өөрсдөөс нь салшгүй нэгэн Бурханд итгэдэг. Үнэн Бурханы Өөрийн тухайд болохоор тэд огт тоосон шинжгүй байдаг бөгөөд Түүнийг ойлгох, Түүнд анхаарал хандуулах байтугай Түүнд улам ойртох хүсэл тэдэнд бүр ч хомсхон байдаг. Тэд Бурханы илэрхийлдэг үгийг зөвхөн өөрсдийгөө гоёж, сайхан харагдуулахын тулд л ашигладаг. Энэ нь тэднийг аль хэдийн амжилттай итгэгчид, Бурханд зүрх сэтгэл дотроо итгэдэг хүмүүс болгосон гэж тэд боддог. Тэд зүрх сэтгэлдээ өөрсдийн төсөөлөл, өөрсдийн үзэл болон Бурханы тухай өөрсдийн хувийн тодорхойлолтод хүртэл хөтлөгддөг. Нөгөө талаас бол, үнэн Бурханд Өөрт нь тэд огт хамаагүй байдаг. Учир нь, тэд үнэн Бурханыг Өөрийг нь ойлгож, Бурханы жинхэнэ зан чанарыг ойлгон, Бурханд юу байгаа болон Бурхан юу болохыг ойлгосон цагт тэдний үйлдэл, тэдний итгэл, тэдний эрэл хайгуул яллагдана гэсэн үг юм. Ийм учраас тэд Бурханы мөн чанарыг ойлгох дургүй, Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү сайн мэдэх, Бурханы зан чанарыг илүү сайн ойлгохын тулд идэвхтэйгээр эрж хайх, залбирах дургүй, хүсэлгүй байдаг. Тэд Бурханыг зохиомол, хоосон хөндий, тодорхойгүй зүйл байгаасай гэж хүсдэг. Тэд Бурханыг яг л өөрсдийнх нь төсөөлсөнтэй адилхан нэгэн, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гардаг нэгэн, дуусашгүй нөөцтэй, үргэлж бэлэн байдаг нэгэн байхыг хүсдэг. Тэдэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй болоход тэрхүү нигүүлсэл нь байгаач гэж тэд Бурханаас гуйдаг. Тэдэнд Бурханы ерөөл хэрэгтэй болоход тэрхүү ерөөл нь байгаач гэж Бурханаас гуйдаг. Бэрхшээлтэй тулгарахдаа тэднийг зоригжуулж, арын хамгаалалт болооч гэж Бурханаас гуйдаг. Энэ хүмүүсийн Бурханы тухай мэдлэг нь нигүүлсэл болон ерөөлийн хүрээн дотор гацсан байдаг. Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы тухай тэдний ойлголт нь төсөөлөл, бичиг үсэг, хоосон сургаал төдийхнөөр хязгаарлагдаж байдаг. Гэвч Бурханы зан чанарыг ойлгохыг эрмэлздэг, Бурханыг Өөрийг нь жинхэнээсээ харж, Бурханы зан чанарыг болон Бурханд юу байгаа, Бурхан юу болохыг үнэхээр ойлгохыг хүсдэг зарим хүн бий. Энэ хүмүүс үнэний бодит байдал болон Бурханы авралын араас хөөцөлдөж, Бурханы байлдан дагуулалт, аврал, төгс болголтыг хүлээн авахаар эрж хайж байдаг. Тэд Бурханы үгийг уншихдаа зүрх сэтгэлээ ашигладаг, мөн тэдэнд зориулан Бурханы бэлтгэсэн хүн, үйл явдал, юм бүрийг биечлэн мэдрэхэд зүрх сэтгэлээ ашигладаг бөгөөд үнэнчээр залбиран эрж хайдаг. Мэдэх сэн гэж хамгийн их хүсдэг зүйл нь бол Бурханы хүсэл бөгөөд ойлгохыг хамгийн их хүсдэг зүйл нь Бурханы жинхэнэ зан чанар болон мөн чанар юм, тэгснээрээ тэд Бурханыг гомдоохоо больж, Бурханы хайр татам байдал болон Түүний үнэн талыг туршлагаараа дамжуулан илүү их харж болох юм. Мөн ингэснээр тэдний зүрх сэтгэлд жинхэнэ бодит Бурхан оршин тогтнох ба ингэснээр Бурхан тэдний зүрхэнд байраа эзэлж, тэд цаашид төсөөлөл, үзэл, тодорхой бус байдлын дунд амьдрахаа болино. Энэ хүмүүс Бурханы зан чанар болон Түүний мөн чанарыг ойлгох тулгамдсан хүсэлтэй байдгийн шалтгаан бол Бурханы зан чанар, мөн чанар нь хүн төрөлхтний туршлагын турш мөчөөс мөчид хэрэгтэй учраас тэр юм; Түүний зан чанар, мөн чанар хүнийг насан туршид нь амиар тэтгэх зүйл юм. Бурханы зан чанарыг нэгэнт ойлгохоороо тэд Бурханыг илүү хүндэтгэн, Бурханы ажилд илүү сайн хамтран ажиллаж, Бурханы хүсэлд илүү анхааралтай болж чадах ба үүргээ чадлынхаа хэрээр сайн биелүүлнэ. Бурханы зан чанарт хандах хоёр төрлийн хүмүүсийн хандлага ийм юм. Эхнийх нь Бурханы зан чанарыг ойлгохыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанарыг ойлгож, Бурханыг Өөрийг нь мэдэж, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харахыг хүсдэг, Бурханы хүслийг үнэхээр үнэлдэг гэцгээдэг боловч сэтгэлийнхээ гүнд Бурхан байдаггүй нь дээр гэж боддог. Яагаад гэвэл, энэ төрлийн хүмүүс байнга Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг; тэд өөрийн зүрх сэтгэл дэх байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж, Бурханы оршин тогтнолыг үргэлж сэжиглэж, бүр үгүйсгэдэг. Тэд зүрх сэтгэлээ Бурханы зан чанарт буюу бодит Бурханд нь эзлүүлэх хүсэлгүй байдаг. Тэд өөрсдийн хүсэл, төсөөлөл болон санаархлыг хангахыг л хүсдэг. Тиймээс энэ хүмүүс Бурханд итгэдэг, Бурханыг дагаж, мөн Түүний төлөө гэр бүл, ажлаа орхиж болох боловч муу замаа орхидоггүй. Зарим нь бүр тахил хулгайлж, эсвэл үрэн таран хийнэ, зарим нь Бурханыг нууцаар харааж байхад бусад нь өөрсдийгөө ахин дахин гэрчилж, өөрсдийгөө дөвийлгөж, хүмүүс болон байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэхийн тулд байр сууриа ашиглаж байж магадгүй. Тэд өөрсдийгөө шүтүүлэхийн тулд хүмүүсийн сэтгэлийг татаж, хяналтдаа оруулахыг үргэлж хичээн янз бүрийн арга саам хэрэглэдэг. Зарим нь бүр хүмүүсийг санаатайгаар төөрөгдүүлэн өөрсдийгөө Бурхан, тиймээс өөрт нь Бурхан шиг үзэж болно гэж хүмүүст бодуулдаг. Тэд хүнд ялзарсан байна гэдгийг нь, өөрсдийгөө бас ялзарсан, биеэ тоосон гэдгээ, өөрсдийг нь битгий шүт, тэд хэчнээн ч мандаж байх нь хамаагүй, энэ нь Бурханы өргөмжлөлөөс болдог бөгөөд хийх ёстой юмаа хийж байна гэдгээ ямар ч гэсэн хэнд ч ерөөсөө хэлэхгүй л дээ. Тэд эдгээр зүйлийг яагаад хэлдэггүй вэ? Яагаад гэвэл, тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх байр сууриа алдахаас маш их айдаг. Ийм хүмүүс Бурханыг ойлгох гэж хэзээ ч оролдоогүй тул Бурханыг хэзээ ч өргөмжилдөггүй, Бурханд хэзээ ч гэрчлэл хийдэггүй. Тэд Бурханыг ойлголгүйгээр Бурханыг мэдэж чадах уу? Тэгэх боломжгүй! Иймд “Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө” гэх сэдвийн үгс энгийн байж магадгүй боловч хүн бүрд утга учир нь өөр өөр юм. Бурханд үргэлж дуулгаваргүй байдаг, Бурханыг эсэргүүцдэг, Бурханд дайсагнадаг хүний хувьд тэр үгс нь ял зэмийг ёрлодог; харин үнэний бодит байдлыг эрэлхийлдэг, Бурханы хүслийг эрж хайх гэж үргэлж Бурханы өмнө ирдэг хүн тийм үгсийг усанд орсон загас мэт авч үзнэ. Тэгэхээр, Бурханы зан чанар, Бурханы ажлын тухай яриаг сонсоод толгой нь өвдөж, зүрх нь эсэргүүцлээр дүүрч, жигтэйхэн тавгүйтдэг хүмүүс та нарын дунд бий. Гэвч та нараын дунд: Энэ сэдэв надад маш ашиг тустай учраас яг хэрэгтэй зүйл байна. Энэ бол миний амийн туршлагад дутагдаж болшгүй зүйл; энэ бол хамгийн гол чухал зүйл, Бурханд итгэх итгэлийн үндэс бөгөөд хүн төрөлхтний хаяж болохгүй зүйл гэж боддог зарим хүн бий. Та бүгдийн хувьд энэ сэдэв ойрхон бөгөөд хол, мэдэхгүй боловч танил санагддаг байж болно. Гэхдээ ямар боловч энэ нь хүн бүрийн сонсох ёстой, мэдэх ёстой, ойлгох ёстой сэдэв юм. Чи үүнд яаж хандах, үүнийг яаж харах, хэрхэн хүлээж авахаас үл хамааран энэ сэдвийн чухал ач холбогдлыг тоохгүй байж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 21

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн цагаасаа эхлэн Өөрийн ажлыг хийсээр байна. Эхэндээ энэ нь маш энгийн ажил байсан боловч энгийн мөртөө Бурханы мөн чанар болон зан чанарын илэрхийллийг агуулж байв. Хэдийгээр өнөөдрийг хүртэл Эдүгээ Бурханы ажил илүү өргөгдөж, Өөрийг нь дагагч хүн бүр дээрх энэ ажил нь Түүний үгийн агуу илэрхийллийн хамт асар том бөгөөд бодитой болсон байхад Бурханы үнэн бие хүн төрөлхтнөөс тувт нуугдсаар байна. Хэдийгээр Тэр хоёр удаа бие махбодтой болсон боловч Библид тэмдэглэгдсэн үйл явдлын үеэс орчин үеийг хүртэл Бурханы үнэн биеийг хэн ер нь харсан юм бэ? Та нарын ойлголт дээр үндэслэвэл, Бурханы үнэн биеийг харсан хүн ер нь байна уу? Байхгүй. Хэн ч Бурханы үнэн биеийг хараагүй, хэн ч Бурханы жинхэнэ төрхийг үзээгүй гэсэн үг. Энэ бол хүн бүрийн хүлээн зөвшөөрдөг зүйл юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үнэн бие буюу Бурханы Сүнс нь Түүний бүтээсэн Адам, Ева болон Түүний хүлээн зөвшөөрсөн зөв шударга хүн Иовыг оролцуулаад бүх хүнээс нуугдмал байдаг. Тэдний хэн нь ч Бурханы үнэн биеийг хараагүй юм. Харин Бурхан Өөрийн үнэн биеийг яагаад зориуд далдалдаг вэ? Зарим хүн: “Бурхан хүмүүсийг айлгахаасаа эмээдэг” гэнэ. Зарим нь: “Хүн дэндүү жижигхэн, Бурхан дэндүү агуу учраас Бурхан Өөрийн үнэн биеийг нуудаг; хүмүүс Бурханыг харж болохгүй байх, эс бөгөөс тэд үхнэ” гэдэг. Бас: “Бурхан Өөрийн ажлыг өдөр бүр удирдаад завгүй байдаг, хүмүүст Өөрийгөө харуулахаар гарч ирэх цаг Түүнд байдаггүй байх” гэж хэлэх хүмүүс ч бий. Та нар алинд нь ч итгэдэг бай хамаагүй, Надад нэг дүгнэлт байна. Энэ дүгнэлт нь юу вэ? Энэ бол Бурхан зүгээр л үнэн биеэ хүмүүст харуулъя гэж хүсдэггүй гэсэн дүгнэлт юм. Хүмүүсээс нуугдмал байх нь Бурханы зориуд хийдэг зүйл. Өөрөөр хэлбэл, Түүний үнэн бие хүмүүст харагддаггүй нь Бурханы санаа юм. Үүнийг одоо бүгд ойлгосон байх. Бурхан Өөрийн үнэн биеийг хэзээ ч хэнд ч илчлээгүй юм бол Бурханы үнэн бие оршин байдаг гэж та нар боддог уу? (Тэр оршин байдаг.) Мэдээж, Тэр байдаг. Бурханы үнэн бие оршин байдаг нь огт эргэлзээгүй юм. Гэвч Бурханы үнэн бие хэр агуу болох, эсвэл ямар харагддаг тухайд гэвэл, эдгээр асуултыг хүн төрөлхтөн судлах хэрэгтэй юу? Үгүй. Үгүйсгэсэн хариу байна. Бурханы үнэн бие нь бидний судлах хэрэгтэй сэдэв биш бол юу байх юм бэ? (Бурханы зан чанар.) (Бурханы ажил.) Гэвч албан ёсны сэдвийн талаар нөхөрлөхийн өмнө дөнгөж сая хэлэлцэж байсан зүйлдээ буцаж оръё: Бурхан яагаад Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтөнд хэзээ ч харуулаагүй вэ? Яагаад Бурхан Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтнөөс зориуд нуудаг вэ? Үүнд зөвхөн ганц л шалтгаан бий, тэр нь бол: Бурханы бүтээсэн хүн Түүний ажлын хэдэн мянган жилийг туулсан хэдий боловч Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарыг мэддэг ганц ч хүн байхгүй. Ийм хүмүүс Бурханы нүдэнд Өөрийнх нь эсрэг байдаг ба Өөрт нь дайсагнадаг хүмүүст Бурхан Өөрийгөө харуулахгүй. Энэ бол Бурхан хүн төрөлхтөнд Өөрийн үнэн биеийг хэзээ ч харуулаагүй, яагаад Өөрийн үнэн биеийг тэднээс зориуд халхалдгийн цорын ганц шалтгаан юм. Бурханы зан чанарыг мэдэхийн ач холбогдлыг та нар одоо ойлгов уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 22

Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Бурхан Өөрийн ажлыг гүйцэтгэхэд үргэлж бүх анхаарлаа хандуулж иржээ. Хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг хэдий ч Тэр хүн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг залан чиглүүлж, Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухаан, эрх мэдлээр хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон өнөөгийн Хаанчлалын эрин үеийг авчирч, үргэлж хүний дэргэд байсаар байна. Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтний төлөөх Түүний хүсэл нь хүмүүсийг харж, мэдрэг гэж нээлттэй ил байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүн төрөлхтөнд харагдсан Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь цэвэр илэрхийлэл мөн билээ. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажилд ямар арга, эсвэл ямар өнцөг сонгохыг нь үл харгалзан, Тэр хүмүүст үргэлж Өөрийн жинхэнэ ялгамж чанараар хандаж, Өөрт оногдсон ажлыг хийж, хэлэх ёстой үгийг хэлдэг. Бурхан ямар ч өнцгөөс яривч—гуравдагч тэнгэрт зогсож байсан ч, эсвэл махбодод орших юм уу, бүр энгийн хүний байдлаар байсан ч—Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх сэтгэл зүрхнээс, Өөрийн бүх оюун ухаанаар, хуурч мэхлэхгүй, нууж далдлахгүй ярьдаг. Өөрийн ажлыг явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон зан чанарыг илэрхийлж, мөн Түүнд юу байгаа, Тэр юу болохоо юу ч үлдээлгүй илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр залж чиглүүлдэг. Харагддаггүй, баригддаггүй Бурханы удирдамж дор хүн төрөлхтний өлгий эрин болох Хуулийн эрин үеийг хүн ийнхүү туулсан юм.

Хуулийн эрин үеийн дараа Бурхан анх удаа махбод болсон, бие махбодтой болсон нь гучин гурван жил хагас үргэлжилсэн билээ. Хүний хувьд гучин гурван жил хагас гэдэг урт хугацаа юу? (Урт биш.) Хүний насны хэмжээ гучин хэдэн жилээс ер нь хавьгүй урт байдаг тул энэ нь хүний хувьд нэг их урт цаг хугацаа биш. Гэхдээ бие махбодтой болсон Бурханы хувьд энэ гучин гурван жил хагас бол үнэндээ маш урт байсан юм. Тэр Бурханы ажил, Бурханы даалгаврыг үүрсэн хүн,—энгийн хүн болсон. Энэ нь, Тэрээр энгийн хүний хийж чадахгүй ажлыг хариуцахын зэрэгцээ бас энгийн хүний тэсвэрлэж чадахгүй зовлонг давах болсон гэсэн үг юм. Нигүүлслийн эрин үед, ажлынх нь эхлэлээс загалмайд цовдлогдох хүртэлх хугацаанд Эзэн Есүсийн амссан зовлонгийн хэмжээг өнөөдрийн хүмүүс нүдээр үзэж чадахгүй байж болох боловч Библийн түүхээс үүний талаар та нарт бага зэрэг ч гэсэн төсөөлөл авч чадах уу? Эдгээр тэмдэглэсэн баримтад хэчнээн олон нарийн зүйл байдгийг харгалзахгүйгээр ерөнхийдөө, энэ хугацаанд Бурханы ажил бэрхшээл, зовлонгоор дүүрэн байлаа. Ялзарсан хүний хувьд, гучин гурван жил хагас нь урт хугацаа биш; бага зэрэг зовлон амсах нь жижиг асуудал. Гэвч бүх хүн төрөлхтний нүглийг үүрэх, мөн нүгэлтнүүдтэй хамт хооллож, хонож, амьдрах ёстой болсон нь ямар ч өө сэвгүй, ариун Бурханы хувьд бол итгэхийн аргагүй их шаналал байв. Тэрээр Бүтээгч, бүх зүйлийн Захирагч, бүх юмны Эзэн атал энэ ертөнцөд ирж, ялзарсан хүмүүсийн дарлал, харгислалыг тэсвэрлэх хэрэгтэй болсон. Өөрийн ажлыг дуусгаж, хүн төрөлхтнийг тоо томшгүй зовлонгоос аврахын тулд хүнд яллагдаж, бүх хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой байлаа. Түүний туулсан зовлонгийн хэмжээг жирийн хүн төсөөлж, мэдрэх боломжгүй юм. Энэ зовлон юуг төлөөлдөг вэ? Энэ нь хүн төрөлхтнийг гэх Бурханы чин зүрхний хайрыг төлөөлдөг. Энэ нь хүмүүсийг нүглээс золин аврахын тулд, Өөрийн ажлын энэ шатыг дуусгахын тулд Түүний тэвчсэн доромжлол, хүнийг аврахын төлөө Түүний төлсөн төлөөсийг илтгэдэг. Энэ нь бас Бурхан хүн төрөлхтнийг загалмайгаас золин аврах байсан гэсэн үг. Энэ нь бүтээгдсэн амьтан төлж чадашгүй, цусаар, амиар төлсөн төлөөс юм. Учир нь, Түүнд Бурханы мөн чанар байдаг ба Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг эзэмшдэг тул Тэр ийм төрлийн зовлонг дааж, ийм төрлийн ажлыг хариуцаж чадах юм. Энэ бол бүтээгдсэн ямар ч амьтан Түүний оронд хийж чадахгүй байсан зүйл юм. Энэ нь Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажил ба Түүний зан чанарын илчлэл билээ. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг энэ нь илчилж байна уу? Хүн төрөлхтний мэдүүштэй зүйл энэ мөн үү?

Тэрхүү эрин үед хүмүүс Бурханы үнэн биеийг хараагүй боловч Бурханы нүглийн тахилыг хүлээн авч, загалмайгаас Бурханаар золин аврагдсан. Нигүүлслийн эрин үед Бурханы хийсэн ажлын талаар хүмүүс мэдэж магадгүй боловч энэ хугацаанд Бурханы илэрхийлсэн зан чанар болон хүслийн талаар мэддэг хүн бий юу? Хүмүүс ердөө л өөр өөр эрин үед хийсэн Бурханы ажлын нарийн ширийнийг янз бүрийн сувгаар дамжуулан мэддэг, эсвэл Бурханыг ажлаа хийж байх үед гарсан Бурхантай холбоотой түүхүүдийг л мэддэг. Эдгээр баримт, түүх нь Бурханы тухай зүгээр л нэг мэдээлэл, эсвэл домгоос цаашгүй байдаг ба Бурханы зан чанар болон мөн чанарт ямар ч хамаагүй. Иймд хүмүүс Бурханы тухай хэдэн чтүүх мэддэг байвч энэ нь тэднийг Бурханы зан чанар, Түүний мөн чанарын тухай гүнзгий ойлголт, мэдлэгтэй гэсэн үг биш юм. Хуулийн эрин үетэй адилаар, Нигүүлслийн эрин үеийн хүмүүс махбодтой Бурхантай шууд, ойр учирдаг байсан боловч Бурханы зан чанар болон Бурханы мөн чанарын тухай тэдний мэдлэг Хуулийн эрин үед байсан шиг нь бараг үгүй байжээ.

Хаанчлалын эрин үед Бурхан эхний удаа болсон шигээ дахиж бие махбодтой болсон. Ажлынхаа энэ хугацаанд Бурхан мөн л Өөрийн үгийг илэн далангүй илэрхийлж, хийх ёстой ажлаа хийж, Өөртөө юу байгааг болон Өөрийгөө юу болохыг илэрхийлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүний дуулгаваргүй, мунхаг байдлыг тэсэн тэвчсээр байна. Бурхан ажлынхаа энэ хугацаанд ч гэсэн үргэлж Өөрийн зан чанарыг харуулж, Өөрийн хүслийг илэрхийлж байгаагүй гэж үү? Иймд хүнийг бүтээснээс эхлээд одоог хүртэл Бурханы зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, Түүний хүсэл нь хүн бүрд үргэлж нээлттэй байсаар байдаг. Бурхан Өөрийн мөн чанар, зан чанар, эсвэл Өөрийн хүслийг хэзээ ч зориуд нууж байгаагүй. Бурханы юу хийж байгааг, Түүний хүсэл юу болохыг хүн төрөлхтөн тоохгүй байгаа л хэрэг, тийм учраас л Бурханы тухай хүний ойлголт ийм өрөвдөлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн үнэн биеийг нуудаг атлаа Өөрийн хүсэл, зан чанар болон мөн чанарыг үргэлж ил үзүүлэн хором тутамд хүн төрөлхтний дэргэд байж байдаг. Зарим талаар, Бурханы үнэн бие хүмүүст бас нээлттэй байдаг боловч сохор, дуулгаваргүй байдлаасаа болоод тэд Бурханы илрэлтийг харж хэзээ ч чаддаггүй. Иймээс хэрвээ асуудал нь энэ бол Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь ойлгоход хүн бүрд хялбар биш байх биз дээ? Энэ бол хариулахад маш хэцүү асуулт байгаа биз? Та нар үүнийг хялбар гэж хэлж болно, гэхдээ зарим хүн Бурханыг мэдэхээр эрэлхийлдэг атлаа Түүнийг хэзээ ч мэдэж, эсвэл Түүний талаар тодорхой ойлголттой болж чаддаггүй—энэ нь үргэлж бүдэг бадаг, бүрхэг байдаг. Харин та нар үүнийг тийм ч амаргүй гэж хэлбэл энэ нь ч бас буруу юм. Ийм урт хугацаанд Бурханы ажлын субьект байж ирсэн учир хүн бүр туршлагаараа дамжуулан Бурхантай жинхэнэ харьцаатай байсан байх ёстой. Тэд ядаж л Бурханыг зүрх сэтгэлдээ зарим нэгэн хэмжээгээр мэдэрсэн, эсвэл Бурхантай сүнслэг түвшинд хальт учирсан байх ёстой бөгөөд Бурханы зан чанарын талаар ядаж л бага зэрэг ухварлан мэдсэн буюу Түүний тухай зарим ойлголт олж авсан байх ёстой. Бурханыг дагаж эхэлсэн цагаас одоог хүртэл хүн төрөлхтөн хэтэрхий ихийг хүртсэн боловч хүний муу хэв чанар, мунхаглал, дуулгаваргүй байдал болон төрөл бүрийн санаа зорилго гэсэн олон шалтгааны улмаас хүн төрөлхтөн бас үүнээс дэндүү ихийг нь алдсан. Бурхан хүнд хангалттай ихийг аль хэдийн өгчихөөгүй гэж үү? Бурхан хүнээс Өөрийн үнэн биеийг нуудаг ч, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоор, тэр ч байтугай Өөрийн амиар тэднийг хангадаг; Бурханы тухай хүмүүсийн мэдлэг нь зөвхөн одоогийнх шигээ байх ёсгүй юм. Ийм учраас Би Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханы Өөрийн тухай сэдвээр та бүхэнтэй цаашид нөхөрлөх хэрэгтэй гэж бодож байна. Үүний зорилго нь бол, ингэснээр мянга мянган жилийн турш хүнд хүртээсэн Бурханы халамж, анхаарал дэмий өнгөрөхгүй, ингэснээр өөрсдийнх нь төлөөх Бурханы хүслийг хүн төрөлхтөн үнэнээсээ ойлгож, үнэлж чаддаг болгох явдал юм. Ингэснээр Бурханы тухай хүмүүсийн мэдлэг шинээр нэг алхам урагшилж чадна. Энэ нь бас Бурханыг хүмүүсийн зүрх сэтгэл дэх жинхэнэ байранд нь буцаана; өөрөөр хэлбэл, Түүнийг зөв үнэлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 23

Адамд өгсөн Бурханы тушаал

Эхлэл 2:15–17 Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модны жимснээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

Та нар энэ мөрүүдээс ямар нэг зүйл ойлгов уу? Библийн энэ хэсэг та нарт ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Би яагаад Адамд өгсөн Бурханы тушаалын тухай ярья гэж шийдсэн бэ? Бурхан, Адам хоёрын дүр зураг та бүгдийн санаанд байна уу? Та нар ингэж төсөөлөөд үз: Хэрвээ та нар тэнд байсан бол сэтгэлийнхээ гүнд та нар Бурханыг ямар байх байсан гэж боддог вэ? Энэ тухай бодохоор ямар санагдаж байна вэ? Энэ бол сэтгэл хөдөлгөн сэргээх зураглал юм. Энд зөвхөн Бурхан, хүн хоёр л байгаа боловч тэдний ойр дотно харилцаа нь чамд дүүрэн бахдал төрүүлнэ: Бурханы бялхам хайр хүнд харамгүй хүрч, хүнийг хүрээлж байна; хүн гэмгүй, ариун, санаа зовох зүйлгүй байж, Бурханы харцан дор баяр цэнгэлээр дүүрэн амьдарч байна; Бурхан хүнд санаа тавьж, хүн Бурханы хамгаалалт, ерөөл дор амьдарч, хүний хийж, хэлж буй бүхэн Бурхантай нягт холбоотой, салшгүй байна.

Үүнийг Бурхан хүнийг бүтээснийхээ дараа түүнд өгсөн анхны тушаал гэж болно. Энэ тушаал юу тээдэг вэ? Энэ нь Бурханы хүслийг, мөн хүн төрөлхтний төлөөх Түүний сэтгэлийн зовнилыг тээдэг. Энэ бол Бурханы анхны тушаал байсан ба бас хүний төлөө санаа зовдгоо Бурхан анх удаа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг бүтээсэн мөчөөсөө эхлэн хүний төлөө хариуцлага үүрэхээ мэдэрсэн. Түүний хариуцлага юу вэ? Тэр хүнийг хамгаалж, харж хандах ёстой. Хүн Өөрт нь итгэж, үгийг нь дагаж чадна гэж Тэр найддаг. Энэ нь мөн л хүнд тавьж буй Бурханы анхны найдвар юм. Бурхан тийм найдвартайгаар дараах зүйлийг хэлдэг: “Цэцэрлэгийн бүх модны жимснээс чөлөөтэй идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй, учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ”. Эдгээр энгийн үг Бурханы хүслийг төлөөлдөг. Эдгээр нь мөн Бурхан зүрх сэтгэлдээ аль хэдийн хүнд санаа тавьж эхэлснийг илчилдэг. Бүх зүйлийн дотроос зөвхөн Адам л Бурханы дүрээр бүтээгдсэн; Адам бол Бурханы амийн амьсгаатай цорын ганц амьд зүйл байсан; тэр Бурхантай хамт алхаж, Бурхантай ярилцаж чаддаг байв. Тийм учраас Бурхан түүнд ийм тушаал өгсөн. Бурхан энэ тушаалаараа хүн юу хийж болох, юу хийж болохгүйг маш тодорхой зааж өгчээ.

Энэ энгийн хэдэн үгээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг. Харин Бурханы ямар зүрх сэтгэл харагддаг вэ? Бурханы зүрх сэтгэлд хайр байдаг уу? Зовнил байдаг уу? Эдгээр мөрд байгаа Бурханы хайр, зовнилыг хүмүүс үнэлээд зогсохгүй гүнзгий мэдэрч чадна. Зөвшөөрч байна уу? Намайг ингэж хэлсний дараа та нар эдгээрийг зүгээр л хэдэн энгийн үг гэж бодож байна уу? Ер нь тийм ч энгийн биш байгаа биз дээ? Та нар үүнийг өмнө нь мэдэж байсан уу? Хэрвээ Бурхан чамд энэ цөөн хэдэн үгийг биечлэн хэлсэн бол чамд ямар санагдах байсан бэ? Хэрвээ чи хүн чанартай хүн биш байсан бол, хэрвээ чиний сэтгэл цэвдэг байсан бол чи юу ч мэдрэхгүй, Бурханы хайрыг үнэлэхгүй бөгөөд Бурханы зүрх сэтгэлийг ойлгох гэж оролдохгүй байсан. Хэрвээ чи мөс сайтай, хүн чанарын мэдрэхүйтэй хүн байсан бол өөрөөр мэдрэх байсан. Чи дулаан илч мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба аз жаргалыг мэдрэх байсан. Тийм биш гэж үү? Чи эдгээр зүйлийг мэдрэхээрээ Бурханд хэрхэн хандах вэ? Бурханд ээнэгшин дассан мэт санагдах болов уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх болов уу? Зүрх сэтгэл чинь Бурханд улам ойртох болов уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд яг хэр чухал болохыг харж болно. Гэвч хүмүүс Бурханы хайрыг үнэлж, ойлгох нь бүр ч илүү чухал юм. Үнэндээ, Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд иймэрхүү зүйлийг олон хэлдэггүй гэж үү? Бурханы зүрх сэтгэлийг үнэлж үздэг хүн өнөөдөр байна уу? Миний дөнгөж сая ярьсан Бурханы хүслийг та нар ухаарч чадах уу? Бурханы хүсэл ийм тодорхой, бодитой, жинхэнэ байхад та нар үнэлж үнэндээ чаддаггүй. Ийм учраас Би та бүхнийг Бурханы талаар бодитой мэдлэг, ойлголтгүй гэж хэлдэг. Энэ үнэн биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 24

Бурхан Еваг бүтээсэн нь

Эхлэл 2:18–20 Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн огторгуйн бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв. Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, огторгуйн жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.

Эхлэл 2:22–23 Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм, түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй хүн гэж нэрлэх болно” гэжээ.

Библийн энэ хэсэгт нэг чухал мөр бий: “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ”. Тэгэхээр, бүх амьд амьтанд хэн нэр өгсөн бэ? Бурхан биш, харин Адам. Энэхүү мөр нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээхдээ түүнд оюун ухаан өгсөн. Иймд хүний оюун ухаан Бурханаас ирсэн байна. Энэ бол мадаггүй юм. Гэхдээ яагаад? Бурхан Адамыг бүтээсний дараа Адам сургуульд явсан уу? Тэр уншиж чаддаг байсан уу? Бурхан төрөл бүрийн амьд амьтан бүтээсний дараа Адам тэр бүх амьтныг таньж байсан уу? Тэднийг юу гэж нэрлэдгийг Бурхан түүнд хэлж өгсөн үү? Мэдээж, Бурхан түүнд эдгээр амьтныг яаж нэрлэхийг зааж өгөөгүй. Энэ бол жинхэнэ баримт! Тэгвэл тэр эдгээр амьтанд яаж нэр өгөхийг болон ямар нэр өгөхийг яаж мэдсэн бэ? Энэ нь Адамыг бүтээхдээ Бурхан түүнд юу нэмсэн бэ гэдэг асуултад хамаарах юм. Бурхан хүнийг бүтээхдээ Өөрийн оюун ухааныг түүнд нэмсэн гэдгийг уг баримтууд баталж байна. Энэ бол гол чухал зүйл юм, тиймээс анхааралтай сонс. Энд та бүхний ойлгох ёстой бас нэг чухал зүйл байна: Адам эдгээр амьтанд нэр өгсний дараа тэр нэрс нь Бурханы үгсийн санд байршсан. Би яагаад үүнийг дурдаж байна вэ? Яагаад гэвэл, энэ нь мөн Бурханы зан чанарыг агуулдаг ба үүнийг Би цааш нь дэлгэрэнгүй тайлбарлах ёстой.

Бурхан хүнийг бүтээж, түүнд амийн амьсгал үлээж оруулаад, Өөрийнхөө оюун ухаан, Өөрийн чадвар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоосоо заримыг нь өгсөн. Бурхан хүнд энэ бүх зүйлийг өгсний дараа хүн бие даан зарим нэг юм хийж, өөрөө бодож сэтгэж чаддаг болсон. Хэрвээ хүний бодож, хийж байгаа зүйл Бурханы нүдэнд сайн харагдаж байвал Бурхан түүнийг зөвшөөрч, саад болдоггүй. Хүний хийж байгаа зүйл зөв бол Бурхан зүгээр орхидог. Иймээс “Адам амьтан бүрийг нэрлэсэн нь тийнхүү тэдний нэр болжээ” гэсэн өгүүлбэр юуг илтгэдэг вэ? Энэ нь, төрөл бүрийн амьтанд өгсөн нэрээс алийг нь ч өөрчлөх хэрэггүй гэж үзсэнийг илтгэж байна. Адам амьтныг ямраар нэрлэхэд нь Бурхан тухайн амьтны нэрийг батлан “Тийм болог” гэж хэлж байжээ. Тэр хэрэг дээр Бурхан ямар нэг санал бодол илэрхийлсэн үү? Үгүй, Тэр мэдээж тэгээгүй. Та нар эндээс юу олж мэдэв? Бурхан хүнд оюун ухаан өгсөн ба хүн юм хийхдээ Бурханаас заяасан оюун ухаанаа ашигласан. Хэрвээ хүний хийдэг зүйл Бурханы нүдэнд эерэг бол Бурхан ямар ч шүүлт, шүүмжлэлгүйгээр баталж, зөвшөөрч, хүлээн авдаг. Энэ нь ямар ч хүн, ямар ч муу ёрын сүнс юм уу, Сатаны хийж чадахгүй зүйл юм. Та нар эндээс Бурханы зан чанарын илэрхийллийг харж байна уу? Хүн төрөлтөн, нэг ялзарсан этгээд, эсвэл Сатан өөрийнх нь өмнөөс яг хамар дор нь юм хийхийг бусдад зөвшөөрөх байсан уу? Мэдээж, үгүй! Тэд өөрсдөөс нь ялгаатай өөр хүн юм уу, өөр хүчтэй энэ байр суурийн төлөө тэмцэх байсан уу? Мэдээж, тэгэх байсан! Хэрвээ тухайн мөчид нэг ялзарсан этгээд юм уу, Сатан Адамтай хамт байсан бол Адамын хийж байсан зүйлийг лав зөвшөөрөхгүй байх байсан. Тэдэнд бие даан бодох чадвар болон өөрийн онцлог ухвар байгаа гэдгийг батлахын тулд тэд Адамын хийсэн бүхнийг ор тас үгүйсгэн: “Чи үүнийг ингэж нэрлэмээр байна уу? Гэхдээ би энийг ингэж нэрлэхгүй, би үүнийг тэгж нэрлэнэ; чи үүнийг Том гэж нэрлэлээ, харин би Харри гэж нэрлэнэ. Би хэчнээн ухаалаг гэдгээ үзүүлэх хэрэгтэй” гэх байлаа. Энэ ямархуу уг чанар вэ? Энэ нь учиргүй биеэ тоосон зан биш гэж үү? Харин Бурхан ямар вэ? Түүнд тийм зан чанар бий юу? Бурхан Адамын хийж байсан зүйлийг хачин байдлаар эсэргүүцсэн үү? Хариулт нь маргаангүй “Үгүй”! Бурханы илчилдэг зан чанарт маргаанч, биеэ тоосон, эсвэл өөрийгөө зөвтгөдөг зан өчүүхэн төдий ч байдаггүй. Энд энэ нь маш тодорхой байна. Хэдийгээр энэ нь ялимгүй зүйл мэт боловч хэрвээ чи Бурханы мөн чанарыг ойлгохгүй бол, хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан яаж ажилладгийг болон Бурханы хандлага юу болохыг ухаарах гэж хичээхгүй бол чи Бурханы зан чанарыг мэдэхгүй, эсвэл Бурханы зан чанарын илэрхийлэл болон илчлэлийг харж чадахгүй. Тийм биш гэж үү? Миний сая тайлбарласан зүйлтэй та нар санал нийлж байна уу? Адамын хийсэн үйлдлийн хариуд Бурхан “Сайн байна. Чи зөв хийлээ. Би зөвшөөрч байна!” гэж чангаар тунхаглаагүй. Гэвч Бурхан зүрх сэтгэл дотроо Адамын хийсэн зүйлийг сайшааж, үнэлж, магтаж байсан. Энэ бол бүтээлийн цаг үеэс хойш Бурханы төлөө Түүний заавраар хүний хийсэн анхны зүйл байв. Энэ бол Бурханы оронд, Бурханы нэрийн өмнөөс хүний хийсэн зүйл байлаа. Бурханы нүдэнд бол энэ нь Түүний хүнд бэлэглэсэн оюун ухаанаас урган гарсан зүйл байв. Бурхан үүнийг сайн зүйл, эерэг зүйл гэж харсан. Адамын тэр үед хийсэн зүйл нь хүнд байсан Бурханы оюун ухааны анхны илрэл байсан юм. Бурханы үзэл бодлоор бол энэ нь сайн илрэл байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Өөрийн оюун ухаанаас Бурхан хүнд бага сага шингээсэн нь хүнийг Өөрийг нь илэрхийлэн харуулж чадах амьд бүтээл болгох зорилготой байсан юм гэдгийг Би энд та нарт хэлэхийг хүсэж байна. Учир нь, ийм амьд биет Өөрийнх нь нэрийн өмнөөс юм хийх нь Бурханы хүсэн хүлээсэн яг тэр зүйл байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 25

Бурхан Адам, Ева хоёрт арьсан дээл хийж өгөв

Эхлэл 3:20–21 Адам эхнэрээ Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

“Адам ба түүний эхнэрт Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав”. Энэ үзэгдэлд Адам, Ева хоёртой хамт байх үедээ Бурхан ямар үүрэг гүйцэтгэхийг нь бид харж байна вэ? Зөвхөн хоёр хүн амьдардаг ертөнцөд Бурхан Өөрийгөө ямар байдлаар үзүүлсэн бэ? Бурханы үүрэгтэй үзүүлсэн үү? Хонконгийн ах, эгч нар аа, хариулагтун. (Эцэг эхийн үүрэгтэй.) Өмнөд Солонгосын ах, эгч нар аа, Бурхан ямар үүрэгтэй гарч ирсэн гэж та нар бодож байна вэ? (Өрхийн тэргүүний.) Тайваний ах, эгч нар аа, та нар юу гэж бодож байна вэ? (Адам, Евагийн гэр бүлийн гишүүний дүрээр, гэр бүлийн гишүүний дүрээр.) Та нарын зарим нь Бурханыг Адам, Евагийн гэр бүлийн гишүүн, зарим нь Бурханыг өрхийн тэргүүн, бусад нь эцэг эхийн хувиар гарч ирсэн гэж байна. Эдгээр нь бүгд тун тохиромжтой. Гэвч Би юу гэх гээд байгааг та нар ойлгож байна уу? Бурхан энэ хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн ганц гишүүний хувиар Бурхан тэдний амьдралыг анхаарч, хоол, хувцас, оромжинд нь санаа тавьж байлаа. Энд Бурхан Адам, Ева хоёрын эцэг эх болон гарч ирсэн. Бурхан үүнийг хийхэд Бурхан хэр сүрлэг байдгийг нь хүн хардаггүй; Бурханы дээд чанар, Түүний нууцыг болон ялангуяа Түүний уур хилэн, сүр жавхланг хардаггүй. Хүний хардаг нь ердөө л Бурханы даруу байдал, Түүний хайр, хүнд тавих анхаарал, хүний төлөөх хариуцлага, халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь эцэг, эхчүүд хүүхдэдээ хэрхэн анхаарал тавьдагтай ижил билээ. Энэ нь мөн эцэг эх хөвгүүд, охидоо хэрхэн хайрлаж, халамжилж, санаа тавьдагтай адилхан—үнэн бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байдаг. Өөрийгөө өндөр, сүр хүчирхэг байр сууринд өргөхийн оронд Бурхан хүнд хувцас хийх гэж Өөрийн гараар арьс хэрэглэсэн. Энэ арьсан дээл нь тэдний ичингүйрлийг далдлах, эсвэл тэднийг хүйтнээс хамгаалахад зориулсан эсэх нь огт хамаагүй. Юу хамаатай гэвэл, хүний биед нөмөргөсөн энэ хувцсыг Бурхан Өөрийн гараар хийсэн явдал юм. Хүмүүс Бурханыг тэгсэн биз гэж төсөөлдөг байж магадгүй шиг зүгээр л бодоод, эсвэл ид шидийн хүчээр хувцас бий болгохын оронд Бурхан хийхгүй, хийх ёсгүй гэж хүн бодох байсан зүйлийг жинхэнээсээ хийсэн байна. Энэ нь шалихгүй юм шиг санагдаж магадгүй,—зарим хүн үүнийг дурдах шаардлагагүй гэж үздэг ч байж болзошгүй—гэвч энэ нь Бурханыг дагадаг хэрнээ Түүний талаар бүдэг бадаг санаа бодлоор дүүрсэн аливаа хүнд Түүний жинхэнэ агаад хайр татам байдлыг ухаарах, мөн Түүний үнэнч, даруу байдлыг харах боломж олгодог юм. Энэ нь өөрсдийгөө өндөр бөгөөд агуу гэж боддог тэвчихийн аргагүй биеэ тоосон хүмүүсийг Бурханы үнэн бодитой агаад даруу байдлын өмнө ичсэндээ бардам толгойгоо гудайлгахад хүргэдэг. Энд Бурханы үнэн бодитой агаад даруу байдал нь Түүнийг хэчнээн хайр татам болохыг харах боломжийг хүмүүст улам их олгодог. Эсрэгээрээ хүмүүс зүрх сэтгэлдээ агуулдаг “агуу” Бурхан, “хайр татам” Бурхан ба “бүхнийг чадагч” Бурхан нь маш өчүүхэн, муухай, хүрэх төдийд нурж унахаар болсон юм. Чи энэ мөрийг харж, энэ түүхийг сонсоод ийм юм хийснийх нь төлөө Бурханыг дорд үзэх үү? Зарим хүн тэгж магадгүй, гэхдээ бусдынх нь хувьд тэс ондоо байх болно. Тэд Бурханыг жинхэнэ, хайр татам гэж бодох ба Бурханы чухамхүү энэ жинхэнэ байдал болон хайр татам байдал тэднийг хөдөлгөдөг юм. Тэд Бурханы бодит талыг харах тусмаа Бурханы хайр үнэхээр оршин байгааг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы нөлөөг, Тэр мөч бүрд тэдний хажууд байдгийг төдий чинээ их ойлгож чадна.

Одоо бид хэлэлцүүлгээ өнөө үетэй холбоё. Бурхан бүр эхэндээ Өөрийн бүтээсэн хүмүүсийн төлөө ийм янз бүрийн жижиг сажиг зүйлийг, тэр ч байтугай хүмүүсийн бодож ч зүрхлэхгүй, эсвэл хийнэ гэж ч санахааргүй зарим нэг зүйл хийж чадсан юм бол өнөөдрийн хүмүүсийн төлөө ийм зүйл хийж чадах болов уу? Зарим хүн “Тийм!” гэж хэлнэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурханы мөн чанар хуурамч биш, Түүний хайр татам байдал хуурамч биш. Учир нь, Бурханы мөн чанар үнэхээр оршин байдаг бөгөөд бусдын нэмсэн зүйл биш, өөр өөр цаг хугацаа, газар нутаг, эрин үетэй хамт өөрчлөгддөг зүйл лав биш юм. Бурханы жинхэнэ агаад хайр татам байдал нь үнэндээ хүмүүсийн огт сонирхолгүй, шалихгүй гэж үздэг—Бурхан ер нь хийнэ гэж хүмүүс бодох ч үгүй маш өчүүхэн зүйлсийг хийснээр л илрэн гарч чадна. Бурхан дүр үзүүлдэггүй. Түүний зан чанар болон мөн чанарт ямар ч хэтрүүлэг, хуурамч дүр, бардамнал, биеэ тоосон зан байдаггүй. Тэр хэзээ ч сайрхдаггүй, харин Өөрийнхөө бүтээсэн хүмүүсийг үнэнч байдал, чин сэтгэлээрээ хайрлаж, анхаарал тавьж, халамжилж, залж чиглүүлж байдаг. Хүмүүс үүнээс хэр ихийг нь үнэлж, мэдэрч, ойлгож чадах нь хамаагүй, Бурхан үүнийг хийж байгаа нь огтхон ч эргэлзээгүй билээ. Бурхан ийм мөн чанартай гэдгийг мэдэх нь Бурханыг хайрлах хүмүүсийн хайранд нөлөөлөх үү? Бурханаас эмээхэд нь нөлөөлөх үү? Чи Бурханы бодит талыг ойлгохоороо Түүнд улам ойртон, Түүний хайр, хүн төрөлхтнийг гэх халамжийг илүү үнэнээсээ үнэлж чаддаг болохын зэрэгцээ зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний талаар элдэв сэжиг, эргэлзээ тээхээ болино гэж Би найдаж байна. Бурхан бүхнийг хүний төлөө дуугүйхэн хийж, энэ бүхнийгээ Өөрийн чин сэтгэл, итгэмжит байдал, хайраар чимээгүйхэн хийж байдаг. Гэвч хийдэг аливаа зүйлдээ зовниж, харамсах явдал Түүнд ер байдаггүй, Түүнд хэн ч, хэзээ ч ямар нэгэн хэлбэрээр хариу төлөх хэрэггүй, бөгөөд эсвэл хүн төрөлхтнөөс ямар ч юм авах санаа Түүнд огт байхгүй. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго бол хүн төрөлхтний жинхэнэ итгэл, хайрыг хүлээн авах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 26

Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барих заавар өгсөн нь

Эхлэл 6:9–14 Ноагийн үр удам энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Бурхантай хамт явдаг байв. Ноа Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий бас Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхайгаар давирхайд” гэв.

Эхлэл 6:18–22 “Харин Би чамтай гэрээ байгуулна; чи өөрийн эхнээр, хөвгүүд, бэрүүдтэй цуг тэр бүхээгт орно. Мөн өөртэйгөө хамт амьд үлдээхийн тулд чи мах цустай амьтан бүрээс эр, эмийг хосоор нь бүхээгт оруул. Амьд үлдээхийн тулд жигүүртэн шувуудын төрөл төрлөөс, адгуус амьтдын төрөл төрлөөс, газраар мөлхдөг бүхний төрөл төрлөөс хосоороо чам дээр очно. Чи идэх бүх хоол хүнсээ өөртөө авч цуглуул; энэ нь чиний болон тэдний хоол болно” гэв. Ноа тийнхүү үйлдэв; тэрээр Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор нь гүйцэтгэжээ.

Энэ хэсгийг уншсаны дараа та нар Ноа гэж хэн болох талаар ерөнхий ойлголттой болов уу? Ноа ямар хүн бэ? Эх бичигт: “Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс” гэж байна. Орчин үеийн хүмүүсийн ойлголтоор бол тэр үед “шударга” хүн гэж ямар хүн байсан бэ? Шударга хүн бол төгс хүн байх учиртай. Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдэнд төгс хүн үү, эсвэл Бурханы нүдэнд төгс үү гэдгийг та нар мэдэх үү? Энэ төгс хүн нь хүмүүсийн нүдэнд биш, харин Бурханы нүдэнд төгс хүн байх нь эргэлзээгүй. Энэ бол гарцаагүй! Учир нь, хүн сохор бөгөөд харж чадахгүй, зөвхөн Бурхан л газар дэлхийг бүхлээр нь, мөн хүн нэг бүрийг ажиглаж байдаг тул Ноа төгс хүн гэдгийг зөвхөн Бурхан л мэднэ. Иймд дэлхийг үерээр устгах Бурханы төлөвлөгөө нь Ноаг дуудсан мөчөөс эхэлсэн.

………………………

Ноа дуудагдсан нь энгийн нэг баримт боловч бидний ярих гэж байгаа гол зүйл болох энэ тэмдэглэл дэх Бурханы зан чанар, Түүний хүсэл, Түүний мөн чанар нь тйим ч энгийн биш. Бурханы энэ хэдэн талыг ойлгохын тулд бид эхлээд Бурхан ямар төрлийн хүнийг дуудахыг хүсдэг вэ гэдгийг ойлгоод, үүгээрээ Түүний зан чанар, Түүний хүсэл болон мөн чанарыг ойлгох ёстой. Энэ бол маш чухал. Тэгэхээр Бурханы дууддаг хүн Бурханы нүдэнд чухам ямар төрлийн хүн байдаг вэ? Энэ нь Түүний үгийг сонсож, Түүний зааврыг дагаж чаддаг хүн байх ёстой. Үүний зэрэгцээ энэ нь хариуцлагатай агаад Бурханы үгийг биелүүлэхээр хүлээсэн хариуцлага, үүрэг гэж үзэн гүйцэтгэх хүн байх ёстой. Тэгвэл ийм хүн Бурханыг мэддэг хүн байх хэрэгтэй юу? Үгүй. Тэр үед Ноа Бурханы сургаалыг тийм ч их сонсоогүй ба Бурханы ямар ч ажлыг мэдрээгүй байсан. Иймд Ноа Бурханы тухай маш бага мэдлэгтэй байв. Энд Ноаг Бурхантай хамт явдаг байсан гэж бичсэн боловч тэр Бурханы үнэн биеийг ер нь харсан уу? Хариулт нь, яавч үгүй! Яагаад гэвэл, тэр үед зөвхөн Бурханы элч нар л хүмүүсийн дунд ирдэг байсан. Тэд аливааг хэлж, хийхдээ Бурханыг төлөөлдөг байсан ч Бурханы хүсэл, санаа зорилгыг дамжуулдаг төдий байсан юм. Бурхан хүнтэй нүүр тулан үнэн биеэ илчлээгүй. Бичвэрийн энэ хэсгээс бид үндсэндээ энэ Ноа гэдэг хүн юу хийх ёстой байсан, мөн түүнд өгсөн Бурханы заавар юу байсныг хардаг. Тэгэхээр энд Бурханы илэрхийлсэн мөн чанар нь юу байсан бэ? Бурханы хийдэг бүхэн чамбай төлөвлөгддөг. Тэр ямар нэгэн зүйл, үйл явдал үүсэхийг харахдаа Түүний нүдэнд үүнийг хэмжих стандарт байдаг ба энэ стандарт нь үүнийг шийдэх төлөвлөгөө эхлүүлэх эсэхийг, эсвэл энэ зүйл, үйл явдлыг шийдэхдээ ямар арга барилаар хандахыг нь тодорхойлдог. Тэр бүх зүйлд тоомжиргүй, эсвэл хайхрамжгүй байдаггүй. Үнэндээ бүр эсрэгээрээ байдаг. Бурханы Ноад хэлсэн нэг мөр энд байна: “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлнэ”. Бурхан үүнийг хэлэхдээ Тэр зөвхөн хүмүүсийг устгана гэсэн үү? Үгүй! Бурхан мах цустай амьд бүхнийг устгана гэж хэлсэн. Бурхан яагаад сүйрэл хүссэн бэ? Бурханы зан чанарын бас нэг илэрхийлэл энд байна: Бурханы нүдэнд бол, хүний ялзрал, мах цустай бүхний бузар булай, хүчирхийлэл, дуулгаваргүй байдалд хандах Түүний тэвчээрт хязгаар байдаг. Түүний хязгаар юу вэ? Бурханы хэлснээр: “Бурхан ажиглаж харахад дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв”. “Учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв” гэсэн хэллэг ямар утгатай вэ? Энэ нь Бурханыг дагаж байсан, Бурханы нэрийг дуудсан, Бурханд нэгэнтээ шатаалт тахил өргөсөн, Бурханыг үгээр хүлээн зөвшөөрсөн, бүр Бурханыг магтаж байсан хүмүүсийг оролцуулаад бүх амьд амьтан гэсэн үг—нэгэнт тэдний үйлдэл ялзралаар дүүрч, Бурханы нүдэнд өртсөн тул Тэр тэднийг устгах хэрэгтэй болсон юм. Тэр нь Бурханы хязгаар байлаа. Тэгэхээр хүнийг болон мах цустай бүхний ялзралыг Бурхан ямар хэмжээнд хүртэл тэвчсэн бэ? Бурханыг дагагчид ч бай, эсвэл үл итгэгчид ч бай бүх хүн бүгдээрээ зөв замаар явахаа болих хүртэл нь. Хүн зүгээр нэг ёс суртахууны хувьд ялзарч, ёрын муу бүхнээр дүүрснээр үл барам ертөнцийг Бурхан захирдаг, Бурхан хүмүүст гэрэл гэгээ болон зөв замыг авчирч чадна гэдэгт итгэдэг хүн байтугай, Бурханы оршин тогтнолд итгэдэг хүн байхгүй болох хүртэл нь. Хүн Бурханы оршин тогтнолд зэвүүцэж, Бурханы оршин тогтнолыг зөвшөөрөхгүй болох хүртэл нь. Хүн төрөлхтний ялзрал энэ цэгт хүрэхэд Бурхан цаашид тэвчиж чадахаа больсон. Үүнийг нь юу орлох вэ? Бурханы уур хилэн ба Бурханы шийтгэл. Энэ нь Бурханы зан чанарын илчлэлийн нэг хэсэг биш байсан гэж үү? Одоогийн энэ эрин үед Бурханы нүдэнд зөв шударга хүн бас л бий юу? Бурханы нүдэнд төгс хүн бас л бий юу? Энэ эрин үе нь Бурханы нүдэнд бол, газар дээрх мах цустай бүхний үйлдэл ялзарсан үе мөн үү? Эдүгээ Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүсээс, Бурханыг дагаж, Түүний авралыг хүлээн авч чадах хүмүүсээс бусад мах цуснаас бүрдсэн бүх хүн Бурханы тэвчээрийн хязгаарыг сорьж байгаа биш гэж үү? Өдөр бүр энэ ертөнц дээр та нарын хажууд тохиолддог, та нарын нүдээрээ харж, чихээрээ сонсдож, биеэрээ амсдаг бүхэн хүчирхийллээр дүүрэн биш гэж үү? Бурханы үзэхэд, ийм ертөнц, ийм эрин үеийг дуусгавал зохилтой бус уу? Одоогийн эрин үеийн цаад нөхцөл нь Ноагийн үеийн цаад нөхцөл байдлаас огт өөр боловч хүний ялзралд хандах Бурханы мэдрэмж болон уур хилэн нь яг тэр үеийнхтэйгээ адилхан хэвээрээ. Бурхан Өөрийн ажлаас болоод тэвчиж чаддаг боловч бүхий л төрлийн нөхцөл, байдалд бол Бурханы нүдэнд энэ ертөнц аль хэдийн устгагдах ёстой байсан. Нөхцөл байдал нь дэлхийг үерээр устгасан тэр үеийнхээс ч долоон дор байна. Гэхдээ ялгаа нь юу вэ? Энэ нь бас Бурханы зүрх сэтгэлийг хамгийн их гуниглуулдаг зүйл бөгөөд та нарын хэн нь ч үүнийг ухамсарлаж чадахгүй зүйл байж магадгүй.

Бурхан дэлхийг үерээр устгахдаа Ноаг бүхээг барих болон зарим бэлтгэл ажил хийлгэхээр дуудаж чадсан. Бурхан Өөртөө энэ олон зүйлийг хийлгэхээр Ноа хэмээх нэг хүнийг дуудаж чадсан юм. Гэвч одоогийн энэ эрин үед Бурханд дуудах хүн үгүй болжээ. Яагаад ийм байна вэ? Энд сууж байгаа хүн нэг бүр уг шалтгааныг сайн мэдэж, тодорхой ойлгодог байх. Би үүнийг та нарт хэлэх хэрэгтэй юу? Үүнийг чанга хэлбэл та бүхний нүүрийг улайлгаж, хүн бүрийг хямрааж магадгүй. Зарим хүн: “Хэдийгээр бид Бурханы нүдэнд зөв шударга бус, төгс бус хүмүүс боловч хэрвээ Бурхан бидэнд ямар нэг зүйл хий гэж зааварчилбал бид түүнийг нь хийж чадах л юм. Өмнө нь, сүйдтэй гамшиг ирж байгаа тухай Түүнийг хэлэхэд бид гамшгийн үед хэрэг болох хүнс болон бусад зүйлсийг бэлдэж эхэлсэн. Энэ бүхэн нь Бурханы шаардлагын дагуу хийгдээгүй гэж үү? Бид Бурханы ажилтай үнэхээр хамтран ажиллаагүй гэж үү? Бидний хийсэн эдгээр зүйлийг Ноагийн хийсэнтэй харьцуулж болохгүй юм гэж үү? Бидний тэгж хийж байсан нь жинхэнэ дуулгавартай байдал биш гэж үү? Бид Бурханы зааврыг дагаж байгаагүй гэж үү? Бид Бурханы үгэнд итгэдэг учраас л Бурханы хэлснийг хийгээгүй гэж үү? Тэгвэл яагаад Бурхан гунигласаар байна вэ? Дуудах хүн нэг ч алга гэж Бурхан яагаад хэлдэг вэ?”. Та нарын үйлдэл болон Ноагийн үйлдлийн хооронд ялгаа байна уу? Ялгаа нь юу вэ? (Өнөөдөр гамшигт зориулж хүнс бэлдэх нь бидний өөрсдийн санаа байсан.) (Бидний үйлдлүүд “зөв шударга” байж чаддаггүй байхад Ноа бол Бурханы нүдэнд зөв шударга хүн юм.) Та нарын хэлсэн зүйл нэг их хол зөрсөнгүй. Ноагийн хийсэн зүйл нь одоогийн хүмүүсийн хийж байгаа зүйлээс эрс ялгаатай юм. Ноа Бурханы зааврыг дагаж байхдаа Бурханы санаа зорилго юу байсныг мэдээгүй. Бурхан юу биелүүлэхийг хүсэж байгааг тэр мэдээгүй. Бурхан түүнд зөвхөн тушаал өгч, их тайлбарлалгүйгээр нэг юм хий гэж зааварласан бөгөөд Ноа ёсоор болгож, түүнийг нь хийсэн. Тэрээр дотроо Бурханы санаа зорилгын учрыг олох гэж оролдоо ч үгүй, Бурханыг эсэргүүцээ ч үгүй, мөн хуурамч зан гаргаа ч үгүй. Тэр явж очоод л цайлган, эгэл сэтгэлээр зохих ёсоор нь хийсэн. Бурханы юу л хий гэснийг хийсэн бөгөөд дуулгавартай байж, Бурханы үгийг сонссон нь түүний аливааг хийх итгэл үнэмшил байлаа. Бурханы даалгасан зүйлийг тэр ингэж шулуухан, энгийнээр хариуцаж авсан юм. Түүний мөн чанар—түүний үйлдлүүдийн мөн чанар нь, таамаглах, эсэргүүцэх, түүнчлэн хувийн ашиг сонирхлыг болон өөрийн олз, гарзын талаар бодох явдал биш, харин дуулгавартай байдал байсан юм. Цаашлаад, Бурхан дэлхийг үерээр устгана гэж хэлэхэд Ноа хэзээ гэдгийг нь асуугаагүй, эсвэл юу тохиолдохыг асуугаагүй, мөн Бурханаас дэлхийг хэрхэн устгах гэж байгааг лав асуугаагүй. Тэр зүгээр л Бурханы зааварласнаар хийсэн. Бурхан яаж хийхийг, юугаар хийхийг хүссэнчлэн бүхнийг яг Бурханы хэлснээр хийсэн бөгөөд бас даруйхан ажлаа эхэлсэн. Тэр Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүссэн хандлагатайгаар Бурханы зааврын дагуу үйлдсэн. Тэр өөрийгөө гамшгаас зайлуулахын тулд үүнийг хийсэн үү? Үгүй. Бурханаас ертөнцийг сөнөөх хүртэл хэр хугацаа үлдсэнийг асуусан уу? Асуугаагүй. Тэр бүхээг барихад хэр удахыг Бурханаас асуусан уу, эсвэл өөрөө мэдэж байсан уу? Тэр үүнийг бас мэдээгүй. Тэр зүгээр л дуулгавартай байж, сонсож, ёсоор нь хийсэн. Одоогийн хүмүүс ийм биш юм: Бурханы үгээс жаахан л мэдээлэл цухалзмагц, салхинд навчис сэржигнэх төдийхнийг мэдэрмэгцээ хүмүүс юу ч хамаагүй, ямар ч үнээр хамаагүй хожим идэж, уух, хэрэглэх зүйлээ, тэр ч байтугай гамшиг тохиолдоход зугтах замаа ч төлөвлөх гэж гэнэт ирмүүн ажилладаг. Үүнээс ч илүү сонирхолтой нь, энэ чухал мөчид “ажил амжуулахдаа” хүний тархи маш сайн байдаг. Бурхан ямар ч заавар өгөөгүй нөхцөлд хүн юм бүхнийг маш тохиромжтойгоор төлөвлөж чаддаг. Та нар ийм төлөвлөгөөг дүрслэхдээ “төгс” гэдэг үгийг хэрэглэж болох юм. Харин Бурханы хэлдэг зүйл, Бурханы санаа зорилго, Бурханы хүсэж буй зүйлийн талаар бол хэн ч хайхардаггүй ба ойлгох гэж оролддоггүй. Энэ нь одоогийн хүмүүс болон Ноагийн хоорондох хамгийн том ялгаа биш гэж үү?

Ноагийн түүхийн тухай энэ тэмдэглэлээс та нар Бурханы зан чанарын нэг хэсгийг харав уу? Хүний ялзрал, бузар булай, хүчирхийлэлд хандах Бурханы тэвчээрт хязгаар байдаг. Тэрхүү хязгаарт хүрэхэд Тэр цаашид тэвчихээ больж, харин шинэ удирдлага, шинэ төлөвлөгөөгөө эхлэх ба хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн үйл хэргийг болон Өөрийн зан чанарын нөгөө талыг илчилж эхэлдэг. Түүний энэ үйлдэл нь Түүнд хүмүүс хэзээ ч халдаж болохгүй гэдгийг юм уу, эсвэл Тэр эрх мэдэл, уур хилэнгээр дүүрэн гэдгийг харуулахын тулд биш бөгөөд хүн төрөлхтнийг устгаж чадна гэдгийг харуулахын тулд ч биш юм. Энэ нь, Түүний зан чанар болон Түүний ариун мөн чанар нь иймэрхүү хүн төрөлхтнийг Түүний өмнө, Түүний эрх мэдэл дор цаашид амьдрахыг зөвшөөрч, тэвчээд байж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүгдээрээ Түүний эсрэг байж, бүхий л дэлхий дээр Түүний аварч чадах нэг ч хүн байхгүй болоход Тэр ийм хүн төрөлхтнийг цаашид тэвчихээ болих ба ийм хүн төрөлхтнийг устгах Өөрийн төлөвлөгөөг эргэлзэж тээнэгэлзэлгүй хэрэгжүүлнэ. Бурханы энэ үйл нь Түүний зан чанараар тодорхойлогддог. Энэ бол зайлшгүй үр дагавар бөгөөд Бурханы эрх мэдэл дор байгаа бүтээгдсэн зүйл бүрийн үүрэх ёстой үр дагавар юм. Энэ нь, одоогийн эрин үед Бурхан Өөрийн төлөвлөгөөг дуусгаж, Өөрийн аврахыг хүсэж байгаа хүмүүсийг аврахаар тэсэн яддагийг харуулахгүй байна гэж үү? Ийм нөхцөлд Бурхан юунд хамгийн их санаа тавьдаг вэ? Түүнийг огт дагадаггүй хүмүүс, эсвэл Түүнийг юу ч гэсэн эсэргүүцдэг хүмүүс Түүнд яаж хандаж, Түүнтэй яаж мөчөөрхдөг, эсвэл хүн төрөлхтөн Түүнийг яаж гүжирдэж байгаад биш. Зөвхөн Өөрийг нь дагадаг хүмүүс буюу Түүний удирдлагын төлөвлөгөөн дэх авралын бай нь Түүгээр бүрэн төгс болгуулсан эсэх, мөн тэд Түүний сэтгэл ханамжид хүрсэн эсэх талаар л санаа тавьдаг. Түүнийг дагадгаас бусад хүмүүсийн тухайд бол Тэр Өөрийн уур хилэнг илэрхийлэхийн тулд хааяа нэг бага зэрэг шийтгэл үзүүлдэг төдий. Жишээ нь: цунами, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт гэх мэт. Үүний зэрэгцээ Тэр бас Өөрийг нь дагадаг ба Өөрөө аврах гэж байгаа хүмүүсийг хүчтэй хамгаалж, харж ханддаг. Бурханы зан чанар бол энэ: Нэг талаар, Тэр бүрэн гүйцэд болгох гэж байгаа хүмүүстээ туйлын их тэвчээр, хүлээцтэй байж, тэднийг чадах чинээгээрээ удаан хүлээдэг; нөгөө талаар, Өөрийг нь дагадаггүй, Өөрийг нь эсэргүүцдэг Сатаны төрлийн хүмүүсийг туйлгүй үзэн ядаж, жигшдэг. Сатаны төрлийн энэ хүмүүс Өөрийг нь дагаж, Өөрийг нь шүтэн мөргөдөг эсэхийг Тэр тоодоггүй хэдий боловч зүрх сэтгэлдээ тэднийг тэвчихийн хамт тэднийг мөн л зэвүүцдэг бөгөөд Сатаны төрлийн энэ хүмүүсийн төгсгөлийг шийдэнгээ Өөрийн удирдлагын төлөвлөгөөний алхмууд ирэхийг бас хүлээж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 27

Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл

Эхлэл 9:1–6 Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж, “Өсөн үржиж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувууд та нараас айж, та нараас эмээнэ; газар дээрх шавьж бүхэн, далайн бүх загасыг та нарын гарт өгнө. Амьд амьтад та нарын хоол болно; та нарт хүнсний ногоо өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар тэдний махыг амьтай нь буюу цустай нь идэж болохгүй. Та нарын цусыг урсгаж, амийг хөнөөсөн араатан бүрээс, мөн хүний гараас Би амийн цусыг гарцаагүй нэхнэ; хүний ах дүү бүрийн гараас ч Би хүний амийг нэхнэ. Хүний цус урсгасан хэний ч цус хүний гараар урсана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.

Ноа Бурханы зааврыг хүлээн авч, бүхээг барьж, Бурхан дэлхийг үерээр сөнөөж байсан өдрүүдэд амь зогоож, найман хүнтэй гэр бүл нь бүтнээрээ амьд гарсан. Найман ам бүлтэй Ноагийнхаас бусад бүх хүн төрөлхтөн устсан, газар дэлхий дээрх бүх амьд юм устсан. Ноад Бурхан ерөөлөө хайрлаад түүнд болон хөвгүүдэд нь хэдэн үг хэлсэн. Эдгээр үг нь Бурханы түүнд хайрлаж байсан зүйлс, мөн Бурханы түүнд өгсөн ерөөл байсан юм. Энэ бол Түүнийг сонсож, Түүний зааврыг хүлээн авч чаддаг хүнд өгдөг Бурханы ерөөл, амлалт бөгөөд энэ нь бас хүмүүсийг шагнадаг Бурханы арга юм. Өөрөөр хэлбэл, Бурханы нүдэнд Ноа төгс хүн, эсвэл зөв шударга хүн байсан эсэхээс үл хамааран, Бурханы талаар хэр зэрэг мэддэг байснаас үл хамааран, товчхондоо, Ноа ба түүний гурван хүү бүгдээрээ Бурханы үгийг сонсож, Бурханы ажилд хамтарч, Бурханы зааврын дагуу хийх ёстой зүйлээ хийсэн. Үр дүнд нь тэд Бурханы удирдлагын төлөвлөгөөний дараагийн алхамд асар их хувь нэмэр оруулж, дэлхий үерт сүйрсний яг дараа Бурханы төлөө хүмүүс болон төрөл бүрийн амьд зүйлийг эсэн мэнд авч үлдсэн. Хийсэн бүхнийх нь төлөө Бурхан түүнийг ерөөжээ. Өнөөдрийн хүмүүсийн хувьд Ноагийн хийсэн зүйл дурдахын ч хэрэггүй юм байж магадгүй. Тэр ч байтугай: Ноа юу ч хийгээгүй, Бурхан түүнийг үлдээхээр шийдсэн болохоор тэр мэдээж үлдэх байсан. Ололт амжилтынхаа ачаар тэр амь гарсан биш. Бурхан ийм юм болохыг хүссэн, учир нь хүн бол идэвхгүй гэж зарим хүн бодож магадгүй. Гэвч энэ нь Бурханы бодож байсан юм биш билээ. Хүн агуу, эсвэл өчүүхэн байх нь Бурханд хамаагүй, Түүнийг сонсож, тэд Түүний заавар, Түүний даалгасан зүйлд дуулгавартай хандаж, Түүний ажил, Түүний хүсэл, Түүний төлөвлөгөөтэй хамтран ажиллаж чаддаг ба тэгснээр Түүний хүсэл болон Түүний төлөвлөгөө төвөггүй хэрэгжиж байх л юм бол тэдний тийм зан төлөв Түүнд дурсагдахуйц, Түүний ерөөлийг хүртэхүйц байх юм. Бурхан тийм хүмүүсийг эрхэмлэдэг ба тэдний үйлдэл, Өөрийг нь гэсэн тэдний хайр, сэтгэлийг нандигнадаг. Энэ бол Бурханы хандлага юм. Тэгэхээр Бурхан яагаад Ноаг ерөөсөн бэ? Яагаад гэвэл, хүний тийм үйлдэл, дуулгавартай байдалд Бурхан ингэж ханддаг юм.

Бурхан Ноаг ерөөсөн тухайд зарим хүн: “Хэрвээ хүн Бурханыг сонсож, Бурханыг хангалуун болгож байвал Бурхан хүнийг ерөөх ёстой. Энэ нь зүй ёсны хэрэг биш гэж үү?” гэж хэлнэ. Бид ингэж хэлж болох уу? Зарим хүн: “Болохгүй.” гэдэг. Бид яагаад тэгж хэлж болохгүй вэ? Зарим хүн: “Хүн бол Бурханы ерөөлийг эдлэх хувьгүй.” гэж хэлдэг. Энэ яг зөв биш юм. Яагаад гэвэл, хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг болон түүний хийдэг зүйл тэнцэх эсэхийг шүүх стандарт Бурханд байдаг. Бурханы анхаардаг зүйл нь хүний гадна талын үйлдэл биш, харин хүний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийхийг үл харгалзан ямар нэг зүйл хийж л байвал Бурхан хүнийг ерөөх ёстой гэсэн үг биш. Энэ бол Бурханы тухай хүмүүст байдаг буруу ойлголт юм. Бурхан юмны зөвхөн эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах хугацаанд хүний зүрх сэтгэл ямар байгааг болон хүний хандлага ямар байгааг илүү онцлон анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, тоомсор болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг. Тэр үед Ноа Бурханы талаар хэр их мэддэг байсан бэ? Одоо та нарын мэддэг сургаал шиг их байсан уу? Бурханы тухай ухагдахуун болон мэдлэг гэх мэт үнэний талын хувьд тэрээр та нартай адил хэмжээний усалгаа, хариулга хүлээн авсан уу? Үгүй ээ, тэгээгүй! Гэвч энд үгүйсгэхийн аргагүй нэг баримт байна: Одоогийн хүмүүсийн ухамсар, оюун санаа, зүрх сэтгэлийнх нь гүнд байгаа Бурханы тухай ухагдахуун болон хандлага бүдэг бадаг бөгөөд тодорхойгүй. Та нар, хүмүүсийн нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд үгүйсгэсэн хандлагатай байдаг гэж ч хэлж болох юм. Харин Ноагийн зүрх сэтгэл, ухамсарт Бурханы оршин тогтнол туйлын агаад өчүүхэн ч эргэлзээгүй байсан тул түүний дуулгавартай байдал нь хольцгүй байсан ба туршилтыг давж чадсан. Түүний зүрх сэтгэл цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Бурханы үг бүрийг дагахад өөрийгөө итгүүлэхийн тулд түүнд онолын нэг их мэдлэг хэрэггүй байсан ба Бурханы даалгасныг хүлээн авч чадахын тулд, мөн Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байхын тулд Бурханы оршин тогтнолыг батлах олон баримт ч хэрэггүй байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын үндсэн ялгаа ба Бурханы нүдэнд төгс хүн чухам ямар байх тухай жинхэнэ тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг хүсдэг. Тэр бол Бурханы магтдаг, мөн Бурханы ерөөдөг чухам тийм төрлийн хүн юм. Та нар үүнээс гэгээрэл олж авав уу? Хүмүүс хүмүүсийг гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл, мөн чанар юм. Өөрт нь дурамжхан, эргэлзсэн байдлаар хандахыг Бурхан хэнд ч зөвшөөрдөггүй ба мөн Өөрийг нь ямар ч байдлаар сэжиглэх юм уу, туршихыг хүмүүст зөвшөөрдөггүй. Иймээс өнөөдрийн хүмүүс Бурханы үгтэй нүүр тулдаг—Бурхантай нүүр учирдаг гэж хэлж ч болох—атал зүрх сэтгэлийнх нь гүнд байдаг ямар нэг зүйлээс, завхарсан мөн чанар байдгаас, Бурханд дайсагнадаг хандлагаасаа болоод Бурханд итгэх жинхэнэ итгэл нь боогдож, Түүнд дуулгавартай байх нь хаагддаг. Үүнээс болоод Бурханы Ноад хайрласантай адил ерөөлийг олох нь тэдний хувьд маш хэцүү юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 28

Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь

Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

Одоо бид Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон тухай хэсгийг бичвэрээс харцгаая.

Ихэнх хүн солонго гэж юу болохыг мэддэг ба солонготой холбоотой зарим түүх сонссон. Библи дэх солонгын тухай түүхийн хувьд гэвэл, зарим хүн үүнд итгэж, зарим нь үүнийг домог гэж үздэг байхад бусад нь ерөөсөө итгэдэггүй. Ямар ч байсан солонготой холбоотой тохиолдсон бүх үйл явдал нь Бурханы ажил бөгөөд хүнийг удирдах Бурханы удирдлагын үйл явцад болсон билээ. Эдгээр зүйлийг Библид яг нарийн тэмдэглэсэн байдаг. Эдгээр тэмдэглэл нь тэр үед Бурханы ааш аяг ямар байсныг, эсвэл Бурханы хэлсэн эдгээр үгийн цаана ямар санаа зорилго байсныг бидэнд хэлдэггүй. Түүнчлэн Бурхан эдгээр үгийг хэлж байхдаа ямар мэдрэмжтэй байсныг хэн ч мэдэж чаддаггүй. Гэвч энэ бүхэл үйл явдлын талаар Бурханы сэтгэл санааны байдал нь бичвэрийн цаад утгаас илэрч байна. Бурханы тэр үеийн бодол нь Түүний айлдварын үг, хэллэг бүрээр дамжин хуудаснаас даруй тодрон гарч ирэх мэт байдаг.

Бурханы сэтгэл бодол бол хүмүүсийн хамгийн их анхаарах ёстой зүйл бөгөөд мэдэж авах гэж хичээвэл зохих зүйл юм. Учир нь Бурханы бодол нь Бурханы талаарх хүний ойлголттой салшгүй холбоотой бөгөөд Бурханы тухай хүний ойлголт нь хүний амийн оролтод зайлшгүй чухал зангилаа юм. Тэгэхээр эдгээр үйл явдал тохиолдох үед Бурхан юу бодож байсан бэ?

Анх Бурхан Өөрийнхөө үзлээр маш сайн бөгөөд Өөртөө ойр хүн төрөлхтөн бүтээсэн боловч тэд Түүний эсрэг боссоны дараа тэднийг үерээр устгасан. Ийм хүн төрөлхтөн хоромхон зуур ингэж алга болсон нь Бурханыг шаналгасан уу? Мэдээж, шаналгасан! Тэгвэл Тэр энэ зовнилоо юугаар илэрхийлсэн бэ? Энэ нь Библид хэрхэн тэмдэглэгдсэн бэ? Энэ нь Библид ийнхүү тэмдэглэгджээ: “Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй”. Энэ энгийн өгүүлбэр нь Бурханы бодлыг илчилж байна. Дэлхийн энэ сүйрэл Түүнийг маш их шаналгасан. Хүний үгээр бол Тэр маш гунигтай байсан юм. Бид ингэж төсөөлж болно: Нэгэнтээ амиар дүүрэн байсан дэлхий үерт устсаны дараа ямархуу харагдаж байсан бол? Нэгэнтээ хүн төрөлхтнөөр дүүрэн байсан дэлхий тэр үед ямархуу харагдаж байсан бол? Хүний суурьшил үгүй, амьд зүйл үгүй, хаа сайгүй ус, усны гадаргуу дээр жинхэнэ сүйрэл байсан. Бурхан дэлхий ертөнцийг бүтээх үед иймэрхүү дүр зураг Түүний анхдагч санаа зорилго байсан уу? Мэдээж үгүй! Бурханы анхдагч санаа бол бүх газар нутаг даяар амьдрал цэцэглэхийг харах, Түүнийг шүтэн мөргөдөг ганц хүн нь, эсвэл Түүний дуудлагад хариу өгч, даалгасан зүйлийг нь гүйцээдэг ганц хүн нь Ноа биш, харин Өөрийнх нь бүтээсэн хүмүүс Өөрт нь шүтэн мөргөж байхыг харах явдал байлаа. Хүн төрөлхтөн алга болоход Бурхан Өөрийн анх төлөвлөж байсан зүйлийг бус, харин шал эсрэг зүйлийг харсан. Түүний зүрх яаж шаналахгүй байж чадах юм бэ? Иймд Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж байх үедээ Бурхан шийдвэр гаргасан. Тэр ямар шийдвэр гаргасан бэ? Бурхан дахиж хүн төрөлхтнийг үерээр устгахгүй хэмээн амлаж, хүнтэй байгуулсан гэрээ болгон үүлэнд нум (тайлбар: бидний хардаг солонго) хийх шийдвэр. Мөн үүний зэрэгцээ энэ нь хүмүүст Бурхан нэгэн цагт дэлхийг үерээр сөнөөсөн гэдгийг хэлж, Бурхан яагаад ийм зүйл хийснийг хүнд үүрд сануулахын тулд байсан.

Тэр удаа дэлхийг устгах нь Бурханы хүссэн зүйл байсан уу? Бурханы хүссэн зүйл огт биш байсан нь дамжиггүй. Бид дэлхийн сүйрлийн дараа газар дэлхий ямар эмгэнэлтэй байсны өчүүхэн хэсгийг төсөөлөн бодож чадах боловч тэр үед Бурханы нүдэнд ямар дүр зураг харагдаж байсныг дөхүүлэн төсөөлж чадахгүй юм. Дэлхийг үерээр сөнөөсний дараах дүр зургийг хараад Бурханы сэтгэл санаа ямар байсныг одоогийн ч юм уу, эсвэл тэр үеийн хүмүүсээс хэн нь ч төсөөлж, ойлгох чадваргүй гэхэд болно. Хүний дуулгаваргүй байдал Бурханыг ийм юм хийхэд хүргэсэн боловч үерт устсан дэлхийн энэ сүйрлээс болж Бурханы амссан сэтгэлийн шаналал нь нэг ч хүний ойлгож үнэлж эс чадах бодит үнэн юм. Тийм учраас Бурхан нэгэнтээ иймэрхүү юм хийсэн гэдгийг хүмүүст сануулах гэж, мөн Бурхан дахиж ийм маягаар дэлхийг хэзээ ч сөнөөхгүй гэж тэдэнд амлахаар зорьж хүн төрөлхтөнтэй гэрээ байгуулжээ. Энэ гэрээнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг ба хүн төрөлхтнийг устгах үед Бурханы зүрх сэтгэл шаналж байсныг хардаг. Хүний хэлээр бол, Бурхан хүн төрөлхтнийг устгах үедээ, хүн төрөлхтөн алга болж байгааг харах үедээ зүрх нь шимширч, элэг нь эмтэрч байсан. Бид үүнээс илүү дүрсэлж чадна гэж үү? Эдгээр үгийг хүмүүс хүний сэтгэл хөдлөлийг дүрслэхэд хэрэглэдэг ба хүний хэл дэндүү хомсдох боловч Бурханы мэдрэмж, сэтгэл хөдлөлийг дүрслэхэд Надад бол тийм ч муугүй, бас дэндүү хэтрүүлээгүй санагдаж байна. Энэ нь та нарт дор хаяж Бурханы сэтгэл санаа тэр үед ямар байсан тухай маш бодитой, маш тохиромжтой ойлголт өгч байна. Одоо та нар дахиж солонго харахаараа юу бодох вэ? Ядаж л та нар Бурхан нэгэнтээ дэлхийг үерээр сөнөөсөндөө гунигтай байсныг санана. Бурхан энэ дэлхийг үзэн ядаж, хүн төрөлхтөнд зэвүүцэж байсан ч Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлтнийг устгах үедээ Түүний зүрх сэтгэл зовуурилж, зөнд нь хаяж ядан дурамжхан, тэсвэрлэхийн аргагүй болж байсныг та нар санах болно. Түүний цорын ганц тайтгарал нь найман хүнтэй Ноагийн гэр бүл байв. Ноагийн хамтын ажиллагаа нь Түүний бүх зүйлийг бүтээсэн уйгагүй зүтгэлийг талаар болгоогүй юм. Бурханыг зовж байх үед энэ нь л Түүний зовуурийг намдаах ганц зүйл байв. Тэр үеэс Бурхан хүн төрөлхтөнд зориулсан бүх найдвараа Ноагийн гэр бүлд тавьж, тэднийг Түүний хараал дор биш, Түүний ерөөл дор амьдарч чадна гэж найдан, дэлхийг Бурхан дахиж үерээр устгахыг тэд хэзээ ч харахгүй, бас өөрсдөө ч устгагдахгүй гэж найджээ.

Эндээс бид Бурханы зан чанарын аль хэсгийг ойлгох хэрэгтэй вэ? Хүн Түүнтэй дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй хэвээр үлдсэн. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд ноцтой хэмжээгээр дуулгаваргүй хандахад Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг цаашид амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга зам хэрэглэхийг хүртэл хүсэж байв. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан; өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, тэдэнд хүлээцтэй хандсан ч хамаагүй, хүмүүс үүнийг нь ойлгоогүй, үнэлээгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан шаналж байхдаа хүний ухаарч өөрчлөгдөхийг хүлээн хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй билээ. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд ухаарч өөрчлөгдөх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байв. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байсан. Бид үүнээс юу ойлгож байна вэ? Эргэлзээгүйгээр, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь зүгээр нэг дэмжсэн дүр үзүүлэх явдал биш, харин үнэн бодитой гэдгийг ойлгож байна. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, мэдэгдэхүйц бөгөөд бачтай, хуурамч, мэхэлсэн, эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан хайр татам гэдгээ хүмүүст харуулахын тулд хэзээ ч, ямар ч заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд, эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гайхуулахын тулд хэзээ ч хуурамч гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр тал нь хүний хайрыг хүртүүштэй бус уу? Тэдгээрийг шүтэн мөргүүштэй биш гэж үү? Тэдгээрийг нандигнууштай биш гэж үү? Одоо Би та нараас ингэж асуумаар байна: Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээц, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын олон янзын тал нэг бүрийн нарийн ширийн нь ажлаа хийх бүрд нь бодитоор илэрхийлэгдэж, хүнд хандсан Түүний хүсэлд шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхийг үл харгалзан Бурхан хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, сүнсийг сэргээхийн тулд Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийг боломжийн бүх аргаар халамжилж байна. Энэ бол маргаангүй үнэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 29

Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн; тэд ялзарсан эсэхээс, эсвэл Түүнийг дагадаг эсэхийг үл харгалзан Бурхан, хүн төрөлхтнийг Өөрийн хамгийн их нандигнадаг хайртай хүмүүс—буюу хүмүүсийн хэлдгээр Түүний хувьд энхрий дотно хүмүүс—гэж үздэг болохоос биш, Өөрийн тоглоом шиг үздэггүй. Бурхан Өөрийгөө Бүтээгч, хүнийг Өөрийн бүтээл гэж хэлдэг нь тэдний хооронд зэрэг зиндааны жаахан ялгаа байгаа мэт сонсогдож болох боловч бодит байдал дээр хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн бүхэн нь ийм чанарт харилцаанаас хавьгүй илүү давсан байдаг. Бурхан хүн төрөлхтнийг хайрлаж, хүн төрөлхтнийг халамжилж, тэдэнд санаа тавьдгаа үзүүлдгээс гадна мөн хүн төрөлхтнийг тасралтгүй, тогтмол хангадаг. Зүрх сэтгэлдээ Тэр үүнийгээ хэзээ ч нэмэлт ажил, эсвэл маш их гавьяатай зүйл гэж боддоггүй. Мөн Тэр хүн төрөлхтнийг аварч, тэднийг хангаж, тэдэнд бүх зүйлийг өгч байгаагаа хүн төрөлхтөнд асар их хувь нэмэр оруулж байна гэж ч боддоггүй. Тэр зүгээр л хүн төрөлхтнийг Өөрийн арга замаар, Өөрийн мөн чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоороо дамжуулан чимээгүйхэн, дуугүй хангаж байдаг. Хүн Түүнээс хэчнээн их хангамж, хэр их тусламж авч байдаг нь хамаагүй, Бурхан хэзээ ч гавьяа гэж боддог ч үгүй, гавъяа болгох гэж оролддог ч үгүй. Энэ нь Бурханы мөн чанараар тодорхойлогддог ба энэ нь бас Бурханы зан чанарын яг үнэн илэрхийлэл юм. Ийм учраас бид, Бурхан Өөрийн бодлыг илэрхийлснийг Библиэс ч, эсвэл өөр аливаа номоос ч ерөөсөө олж үзэхгүй, түүнчлэн Бурхан эдгээр зүйлийг яагаад хийдэг, эсвэл хүн төрөлхтний төлөө яагаад ингэж их санаа тавьдаг гэдгээ Өөртөө талархуулж, Өөрийгөө магтуулах гэсэн зорилгоор хүмүүст тайлбарласныг нь юм уу, зарласныг нь ерөөсөө олж үзэхгүй. Тэр гомдож, зүрх сэтгэл нь туйлын их шимширч байхдаа ч гэсэн хүн төрөлхтний өмнө хүлээсэн хариуцлагаа, хүн төрөлхтний төлөөх халамжаа хэзээ ч мартдаггүй; энэ бүх зовуурь, шаналгааг Тэр ганцаараа чимээгүйхэн тэсвэрлэж байдаг. Харин ч Бурхан хүн төрөлхтнийг үргэлж хангасан шигээ хангасаар байдаг. Хүн төрөлхтөн Бурханыг байнга магтаж, эсвэл Түүнд гэрчлэл хийдэг ч гэсэн эдгээр явдлын алийг нь ч Бурхан шаардаагүй юм. Учир нь, хүн төрөлхтөнд зориулан хийдэг сайн зүйлсийнхээ нэгийг нь ч талархлаар солих, эсвэл хариу төлөөс авах гэсэн санаа Бурханд ерөөсөө байдаггүй. Нөгөө талаар, Бурханаас эмээж, муугаас зайлдаг, Бурханыг чин сэтгэлээсээ дагадаг, Түүнийг сонсож, Түүнд үнэнч байдаг болон Түүнд дуулгавартай байдаг хүмүүс Бурханы ерөөлийг байнга хүртэх бөгөөд Бурхан ийм ерөөлийг харамгүй хайрлана. Түүнчлэн хүмүүсийн Бурханаас хүртдэг ерөөл нь тэдний төсөөллөөс байнга давсан байдаг ба мөн хүмүүс хийсэн зүйлээрээ, эсвэл төлсөн төлөөсөөрөө сольж чадахааргүй байдаг. Хүн төрөлхтөн Бурханы ерөөлийг эдэлж байхад Бурхан юу хийж байгаа талаар анхаардаг хүн байна уу? Бурханы сэтгэл ямар байгаад санаа тавьдаг хүн байдаг уу? Бурханы шаналлыг ойлгох гэж хичээдэг хүн байдаг уу? Эдгээр асуултын хариулт нь: Хэрхэвч үгүй! Тэр үед Бурханы мэдэрч байсан шаналлыг Ноаг оролцуулаад ямар ч хүн ойлгож чадах уу? Бурхан яагаад тийм гэрээ байгуулсныг хэн нэгэн ухаарч чадах уу? Чадахгүй! Хүн төрөлхтөн Бурханы шаналлыг үнэлдэггүй нь Бурханы шаналлыг ойлгож чаддаггүйгээс болдог бус, мөн Бурхан хүн хоёрын хоорондын зайнаас юм уу, тэдний байр суурийн ялгаанаас ч болдог юм биш; харин хүн төрөлхтөн Бурханы ямар ч мэдрэмжийг огт тоодоггүйгээс болдог. Бурхан бол бие даасан тул хүмүүс Түүнд санаа тавих, Түүнийг ойлгох юм уу, Түүнийг анхаардгаа харуулах нь Бурханд хэрэггүй гэж хүн төрөлхтөн боддог. Бурхан бол Бурхан, иймээс Тэр өвддөггүй, сэтгэлийн хөдөлгөөнгүй; Тэр гуниглахгүй, уй гашууг мэдэрдэггүй, Тэр бүр уйлдаг ч үгүй. Бурхан бол Бурхан, иймээс Түүнд сэтгэл хөдлөлийн ямар ч илэрхийлэл хэрэггүй бөгөөд Түүнд сэтгэл санааны тайтгарал хэрэггүй. Хэрвээ ямар нэг нөхцөлд эдгээр нь Түүнд хэрэгтэй болбол Тэр үүнийг Өөрөө шийдвэрлэх ба хүн төрөлхтнөөс ямар ч тусламж шаардахгүй. Харин ч “сул дорой, төлөвшөөгүй” хүмүүст л Бурханы тайтгарал, хангамж, зоригжуулалт хэрэгтэй байдаг ба Бурхан тэдний сэтгэл хөдлөлийг цаг үргэлж, хаана ч байсан тайвшруулах хэрэгтэй байдаг. Хүн төрөлхтний сэтгэлийн гүнд ийм юм бүгж байдаг: Хүн бол сул дорой; тэднийг Бурхан бүх талаар харж хандах ёстой, Бурханаас авдаг бүх халамжийг тэд хүртэж, өөрсдийнх нь гэж бодож байгаа бүхнээ Бурханаас шаардах ёстой. Бурхан бол хүч чадалтай; Түүнд бүх юм бий, Тэрээр хүн төрөлхтний хамгаалагч, мөн ерөөл хүртээгч байх учиртай. Тэрээр хэдийний Бурхан бөгөөд бүхнийг чадагч учраас хүн төрөлхтнөөс Түүнд хэзээ ч юу ч хэрэггүй байдаг.

Хүн Бурханы ямар ч илэрхийлэлд анхаарал хандуулдаггүй болохоороо Бурханы гуниг, шаналал, баяр баясгаланг хэзээ ч мэдэрч байгаагүй. Тэгэхэд харин Бурхан хүний бүх зан төлөвийг алган дээрээ тавьсан юм шиг мэддэг. Бурхан хүн бүрийн хэрэгцээг цаг үргэлж, хаана ч хангаж, хүн бүрийн хувиран өөрчлөгдөх бодлыг ажиглаж, ингэснээр тэднийг тайтгаруулан ухуулж, чиглүүлэн гэрэлтүүлдэг. Хүн төрөлхтөнд Бурханы хийсэн бүх зүйл, тэдний төлөө Түүний төлсөн бүх төлөөсийг авч үзвэл, Бурхан хүнээс ямар нэгэн юм шаардана гэж тодорхой илтгэсэн нэг хэсгийг Библиэс юм уу, эсвэл эдүгээг хүртэл Бурханы хэлсэн үгээс хүмүүс олж чадах уу? Үгүй! Харин ч хүмүүс Бурханы бодлыг хэчнээн ч үл тоож байсан Тэрээр хүн төрөлхтнийг мөн л ахин дахин замчилж, байн байн хангаж, тэдэнд тусалж, тэдэнд зориулан Өөрийн бэлтгэсэн гайхалтай сайхан хүрэх газарт очиж чадахад нь туслахын тулд Бурханы замыг дагах боломжийг тэдэнд өгдөг. Бурханы тухайд бол, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний нигүүлсэл, Түүний өршөөл, Түүний бүх шагнал нь Түүнийг хайрладаг, дагадаг хүмүүст харамгүй хүртэнэ. Гэвч Тэр Өөрийн амссан шаналал, Өөрийн сэтгэл санааны байдлыг хэнд ч, хэзээ ч харуулдаггүй ба Түүнийг тоохгүй байна гэж, эсвэл Түүний хүслийг мэдэхгүй байна гэж хэнд ч, хэзээ ч гомдоллодоггүй. Тэрээр хүн төрөлхтөн үүнийг ойлгож чадах өдрийг хүлээн энэ бүгдийг зүгээр л чимээгүйхэн тэсэж байдаг.

Би яагаад энд эдгээр зүйлийг хэлж байна вэ? Миний хэлсэн зүйлээс та нар юу ойлгосон бэ? Бурханы мөн чанар болон зан чанарт анзааралгүй өнгөрөхөд дэндүү амархан нэг зүйл буюу агуу хүмүүс, сайн хүмүүс гэж бусдын боддог ямар ч хүн, эсвэл өөрсдийнх нь төсөөллийн Бурханы эзэмшдэггүй, харин гагцхүү Бурханы эзэмшдэг нэг зүйл байдаг. Энэ зүйл юу вэ? Энэ бол Бурханы аминч бус чанар юм. Аминч бус чанарын талаар ярихад чи өөрийгөө ч бас их аминч бус гэж бодож магадгүй, яагаад гэвэл, чи хүүхэдтэйгээ хэзээ ч үнэ хэлэлцэж, наймаалцдаггүй, бас эцэг, эхдээ маш их аминч бус байдаг гэж боддог. Чи юу ч гэж бодож байсан чамд дор хаяж “аминч бус” гэдэг үгийн тухай ухагдахуун байдаг ба чи үүнийг эерэг үг гэж боддог, мөн аминч бус хүн байх нь их бахдам хэрэг гэж боддог. Чи аминч бус байхдаа өөрийгөө дээгүүр үнэлдэг. Гэвч бүх зүйл, хүмүүс, үйл явдлууд, юмсын дунд болон Бурханы ажлаас Бурханы аминч бус чанарыг олж харж чадах нэг ч хүн байхгүй. Яагаад ийм байна вэ? Яагаад гэвэл, хүн хэтэрхий аминчхан! Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хүн төрөлхтөн материаллаг ертөнцөд амьдардаг. Чи Бурханыг дагадаг байж болох боловч Бурхан яаж чамайг хангаж, чамайг хайрлаж, чамд анхаарал тавьдгийг хэзээ ч харж, үнэлдэггүй. Чи юу хардаг вэ? Чамайг хайрладаг, эсвэл жигтэйхэн энхрийлдэг төрөл төрөгсдөө хардаг. Чи өөрийн бие махбодод хэрэгтэй зүйлсийг хардаг ба өөрийн хайрладаг хүмүүс болон зүйлсэд л санаа тавьдаг. Энэ бол хүний аминч бус чанар гэгч нь юм. Гэхдээ ийм “аминч бус” хүмүүс өөрсдөд нь амь хайрладаг Бурханыг хэзээ ч анхаардаггүй. Бурханыхтай харьцуулахад, хүний аминч бус чанар нь нь аминчхан, жигшүүртэй болдог. Хүмүүсийн итгэдэг аминч бус байдал нь хоосон, бодит бус, хуурамч, Бурхантай зохицолгүй, Бурхантай холбоогүй. Хүний аминч бус байдал нь өөрийнхөө төлөө байдаг бол Бурханы аминч бус чанар нь Түүний мөн чанарын жинхэнэ илрэл юм. Бурханы аминч бус чанарын үрээр л хүн Түүнээс тасралтгүй урсах хангалт хүртэж байдаг. Та нарт Миний өнөөдрийн ярьж буй энэ сэдэв тийм ч гүн нөлөөлөөгүй, толгой дохих төдийхөн л зөвшөөрдөг байгаа боловч чи зүрх сэтгэлдээ Бурханы зүрх сэтгэлийг мэдрэх гэж оролдоход өөрийн мэдэлгүй дараах зүйлийг олж мэднэ: Энэ ертөнцөд чиний мэдэрч чадах бүх хүн, үйл хэрэг болон юмсын дундаас гагцхүү Бурханы аминч бус чанар л жинхэнэ агаад бодитой, учир нь чамайг гэсэн Бурханы хайр л ямар нэгэн болзол тавьдаггүй бөгөөд өө сэвгүй байдаг. Бурханыхаас өөр хэний ч аминч бус чанар гэгч нь бүгд хуурамч, өнгөцхөн, жинхэнэ биш; энэ нь нэг зорилго, зарим санаархалтай, нэг тохиролцоо агуулдаг ба шалгуур давж чаддаггүй. Үүнийг бүр бохир, жигшүүртэй гэж хэлж ч болох юм. Та нар зөвшөөрч байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өдөр тутмын Бурханы үг Эшлэл 30

Эхлэл 9:11–13 Би та нартай гэрээ байгуулах ба мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; газар дэлхийг сүйрүүлэх үер дахиад болохгүй. Тэгээд Бурхан: “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь энэ: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондын гэрээний тэмдэг байх болно” гэв.

Ноагийн түүхийн төгсгөлд Бурхан тухайн үеийн Өөрийн сэтгэлийг илэрхийлэхийн тулд ер бусын арга хэрэглэснийг бид хардаг. Энэ бол маш онцгой арга байсан: тэр нь. Бурхан дэлхийг үерээр устгахаа зогсоосныг тунхагласан гэрээ хүнтэй хийх арга байв. Гаднаа бол гэрээ хийх нь маш энгийн зүйл мэт харагддаг. Энэ нь хоёулангийнх нь ашиг сонирхлыг хамгаалахын тулд хоёр талд үүрэг хүлээлгэж, гэрээгээ зөрчихөөс урьдчилан сэргийлэх гэж л үг үсэг ашигласан хэрэг билээ. Хэлбэрээрээ бол энэ нь маш энгийн зүйл боловч Бурхан ийм юм хийж байгаагийн цаад шалтгаан, утга учраас үзвэл, энэ нь Бурханы зан чанар болон сэтгэл санааны жинхэнэ илрэл юм. Хэрвээ чи эдгээр үгийг хойш тавьж, тоохгүй өнгөрвөл, хэрвээ Би та бүхэнд юмсын үнэнийг хэзээ ч хэлэхгүй бол хүн төрөлхтөн Бурханы бодлыг хэзээ ч мэдэхгүй. Чиний төсөөллөөр бол Бурхан энэ гэрээг хийх үедээ инээмсэглэж байсан, эсвэл сүрхий буурьтай дүртэй байсан байж магадгүй, гэвч Бурханы царайд хамгийн энгийн ямар илрэл байсан гэж хүмүүсийн төсөөлөхийг үл харгалзан Бурханы ганцаардлыг байтугай Бурханы зүрх сэтгэлийг, мөн Түүний шаналлыг хэн ч харж чадахгүй байсан билээ. Хэн ч Бурханыг өөртөө итгүүлж чадаагүй буюу Бурханы итгэлийг олж чадахуйц биш, эсвэл Бурхан Өөрийн бодлыг илэрхийлж, Өөрийн шаналлыг уужиртал хэлэх нэгэн болж чадахгүй юм. Тийм учраас Бурхан ийм зүйл хийхээс өөр замгүй болсон. Гадна талдаа Бурхан урьдын хүн төрөлхтнөөс хагацахдаа өнгөрсөн асуудлыг шийдвэрлэж, дэлхийг үерээр устгах явдлаа төгс гүйцэлдүүлэн хялбар зүйл хийсэн. Гэвч Бурхан энэ үеийн шаналанг зүрх сэтгэлийнхээ гүнд булсан юм. Бурхан итгэмжлэх нэг ч хүнгүй байхдаа дэлхийг дахин хэзээ ч үерээр устгахгүй гэж хэлэн хүнтэй гэрээ хийсэн. Солонго татсан нь ийм нэгэн зүйл тохиолдсон гэдгийг хүмүүст сануулж, муу зүйл хийхгүй байхыг тэдэнд анхааруулахын тулд байлаа. Ийм шаналалтай байдалд ч Бурхан хүн төрөлхтнийг мартаагүй ба тэдэнд маш их анхаарал тавьсаар байсан. Энэ нь Бурханы хайр, аминч бус чанар биш гэж үү? Гэтэл хүмүүс зовох үедээ юуны тухай боддог вэ? Энэ нь тэдэнд Бурхан хамгийн хэрэгтэй болдог үе биш гэж үү? Иймэрхүү үед хүмүүс Бурханаар өөрсдийгөө тайтгаруулах гээд Бурханыг үргэлж татан авчирдаг. Хэдийд ч байсан Бурхан хүмүүсийн итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй ба хүмүүсийг хэцүү байдлаас нь үргэлж гаргаж, гэрэлд амьдруулна. Бурхан хүнийг ингэж хангаж байдаг боловч хүний зүрх сэтгэлд Бурхан бол зөвхөн тайвшруулах эм, тайтгаруулах ундаа юм. Зовж байхад нь, зүрх сэтгэл нь шархалсан үед Өөрт нь хань болж, эсвэл Өөрийг нь тайтгаруулах нэг бүтээл юм уу, нэг хүнтэй байна гэдэг бол Бурханы хувьд хэтэрхий сайхан хүсэл юм. Хүн Бурханы сэтгэлийг хэзээ ч анхаардаггүй тул Бурхан Өөрийг нь тайтгаруулж чаддаг хүн байгаач гэж хэнээс ч асуудаггүй, тийм хүн бий гэж боддог ч үгүй. Тэр Өөрийн ааш занг илэрхийлэхийн тулд зүгээр л Өөрийн аргуудыг хэрэглэдэг. Зарим нэг зовлон туулах нь Бурханд сүртэй юм биш гэж хүмүүс үздэг боловч чи үнэхээр Бурханыг ойлгох гэж оролдох үедээ л, Түүний хийж байгаа бүхнээс Бурханы чин сэтгэлийн хүчин чармайлтыг жинхэнээсээ ухаарах үедээ л Бурханы агуу байдал, аминч бус чанарыг мэдэрч чадна. Хэдийгээр Бурхан солонго хэрэглэн хүн төрөлхтөнтэй гэрээ хийсэн боловч Тэр үүнийг яагаад хийснээ болон яагаад энэ гэрээг байгуулснаа Тэр хэнд ч хэлээгүй. Энэ нь Тэр хэнд ч Өөрийн жинхэнэ бодлыг хэлээгүй гэсэн үг юм. Учир нь, Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтөндөө Бурхан ямар их хайртайг ойлгож чадах нэг ч хүн байхгүй ба мөн хүн төрөлхтнийг устгах үедээ Түүний зүрх хэчнээн их шимширснийг ухаарч чадах нэг ч хүн байхгүй юм. Тиймээс Тэр хүмүүст юу мэдэрч байгаагаа хэлсэн ч гэсэн тэд энэ итгэлийг нь дааж чадахгүй. Шаналж байгаагаа үл харгалзан Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг үргэлжлүүлсээр байна. Бурхан үргэлж Өөрийн хамгийн сайн тал, хамгийн сайн зүйлийг хүн төрөлхтөнд өгөөд Өөрөө бүх зовлонг чимээгүйхэн үүрдэг. Бурхан эдгээр зовлонг хэзээ ч ил дэлгэдэггүй. Тэгэхийн оронд тэдгээрийг тэсвэрлэж, чимээгүй хүлээдэг. Бурханы тэвчээр нь хүйтэн цэвдэг, хөшүүн, арчаагүй ч биш, мөн сул доройн шинж ч биш юм. Харин Бурханы хайр болон мөн чанар нь үргэлж аминч бус байсаар байна. Энэ нь Түүний мөн чанар болон зан чанарын төрөлхийн илрэл бөгөөд жинхэнэ Бүтээгч болох Бурханы ялгамж чанарын үнэн бодитой биелэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өмнөх: Хүрэх газар ба төгсгөл

Дараах: Бурханыг мэдэх нь 2

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих