5. Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?

Холбогдох Бурханы үг:

Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнс байдлаар хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэртэй болоогүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй байдаг. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод үгээ оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүнд үгийг биечлэн хүргэж чадна. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг харж, сонсож, түүнчлэн Түүний үгийг эзэмшиж, үүгээр дамжуулан бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд ганц ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас Сатанд бүрмөсөн олзлогдох байв. Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь уучлагдсан хүмүүсийг нүглээс нь гэтэлгэж, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс ангижруулж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

ЗАВХАРСАН ХҮН ТӨРӨЛХТӨНД БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ АВРАЛ ИЛҮҮ ИХ ХЭРЭГТЭЙ

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс, эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатаны завхралд өртсөн хүн учраас Бурхан махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие завхарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; түүнчлэн, хүн завхралын бай учраас Бурхан авралын ажлынхаа бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон юм. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах Нэгэн бол гагцхүү Бурхан билээ. Иймээс, ажлаа хийхийн тулд, Өөрийнхөө ажлыг илүү дээр үр дүнд хүргэхийн тулд Бурхан хүнтэй адил шинж чанартай махбод болох ёстой. Хүн махан биетэй, мөн нүглийг ялан дийлж, махан биеийг орхих чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар, ялгамж чанараас асар их ялгаатай байдаг ч Түүний гадаад төрх хүнийхтэй адилхан; Тэрээр хэвийн хүний дүр төрхтэй, хэвийн хүний амьдралаар амьдардаг бөгөөд Түүнийг харсан хүмүүс хэвийн хүнээс ялгаж огт чадахгүй. Хэвийн хүн чанараар бурханлаг ажлаа хийхэд нь Түүнд энэхүү хэвийн төрх байдал, хэвийн хүн чанар хангалттай. Түүний махбод нь хэвийн хүн чанараар ажиллах боломж олгон, хүмүүсийн дунд ажлаа хийхэд нь тусалдаг, түүнчлэн хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад нь Түүний хэвийн хүн чанар тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүмүүсийн дунд ихээхэн шуугиан тарьсан ч тийм шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний хэвийн махбодын ажил нь хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрдөггүй хэдий ч Түүний ажил үр дүнд хүрч мөн л чадах ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрдэг. Үүнд эргэлзэх юмгүй. Махбод дахь Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин, эсвэл бүр хэдэн арав дахин ихийг олж авдаг бөгөөд эцэстээ эдгээр үзэл нь бүгд Түүний ажилд залгиулдаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл, Түүний тухай хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хавьгүй их байдаг. Махбодоор хийдэг Түүний ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод махан биетэй ямар ч хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь хэдий адилхан ч мөн чанар нь ижил биш. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг төрүүлдэг ч бас ихээхэн мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба тэр ч бүү хэл адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Учир нь Тэр зүгээр ч нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухан мэдэж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан хүнд үл үзэгдэх Сүнс л байвал Бурханд итгэх нь хүнд маш хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг зөнд нь орхиж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгож чадна. Ийм маягаар, хүмүүс өөрсдийнхөө Бурханы хамгийн дуртай зүйлийг болон хийгээсэй гэж хүсдэг зүйлийг нь ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр, өөрөөс нь өөр хэн ч Бурханд үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад хүмүүс бүгд Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж хүмүүс итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй агаад хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний эрж хайдаг зүйл хоорондоо төдийлөн ялгаагүй бүгд ижилхэн байдаг. Ердөө тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр л өөр боловч мөн чанар нь үнэндээ адилхан.

Хүн Бурханд итгэхдээ хэнэггүй байдаг ба хүссэнээрээ Бурханд итгэдэг. Хүмүүс өөр хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад болж чадахгүй “хүний эрх, эрх чөлөө” юм; энэ бол тэдний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүмүүс энэ өмчийг үнэт эрдэнэс гэж үздэг, харин Бурханы хувьд үүнээс илүү дорд, үнэ цэнгүй юу ч үгүй, учир нь хүний энэ хувийн өмч бол Бурханыг эсэргүүцдэгийн хамгийн илэрхий шинж юм. Бие махбодтой болсон Бурханы ажлаас болоод Бурхан, биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болдог. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүний хүрч, харж болох махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг Бурхадын ихэнх нь хэлбэргүй, бас хэлбэрт үл баригдах, биегүй бурхад байдаг. Ийм маягаар, бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адилаар, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы дайснууд болсон. Хүн үзэлтэй байх нь түүний бодлоос, эсвэл тэрслүү байдлаас болдог юм биш, харин хүний энэ хувийн өмчөөс болж байгаа юм. Чухамдаа энэ өмчөөс болж ихэнх хүн үхдэг ба хүрч, харж болохгүй, бодит байдал дээр оршдоггүй энэхүү тодорхойгүй Бурхан хүний амийг сүйрүүлдэг. Хүний амийг сүйрүүлдэг нь бие махбодтой болсон Бурхан биш, тэнгэрийн Бурхан бүр ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан юм. Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь завхарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш, хүний хэрэгцээнээс болдог бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн ашиг тусын төлөө биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал, эсвэл шагнал гэж үгүй; Тэрээр хожмын ургацыг хураахгүй, харин анхнаасаа Өөрийнх нь байсан зүйлийг хураана. Хүн төрөлхтний төлөө Түүний хийдэг, золиосолдог бүхэн нь асар их шагнал олж авахын төлөө биш, харин гагцхүү хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр махбод дахь Бурханы ажил төсөөлөхийн аргагүй олон бэрхшээл агуулдаг ч эцэстээ хүрдэг үр дүн нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү давдаг. Махбодын ажил ихээхэн бэрхшээл дагуулдаг бөгөөд махбодод Сүнстэй адил агуу ялгамж чанар байдаггүй, Сүнстэй адил ер бусын үйл хэргийг гүйцэтгэж чаддаггүй, Сүнстэй адил эрх мэдэл эзэмшиж бүр ч чаддаггүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махбодын хийсэн ажлын мөн чанар нь Сүнсний шууд хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө бүх хүн төрөлхтний хэрэгцээ юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний хэрэглээний үнэ цэн нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай атал махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд байдаг; мөнх бус хүмүүсийн хувьд үүнийг ухан ойлгоход хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зөвхөн хий хоосон төсөөлөлд түшиглэж л чадна. Гэхдээ махбодын ажил хэвийн, бодит байдалд үндэслэдэг, баялаг мэргэн ухаантай байдаг бөгөөд энэ нь хүний нүдээр харж болох баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг өөрийн биеэр туулах боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын үнэн зөв байдал болон жинхэнэ үнэ цэн мөн. Сүнс хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун ухаантай хүнийг ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэдгээр нь зөвхөн сэтгэл хөдөлгөх юм уу өргөн хүрээтэй утга учраар хангахаас биш, үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгийн нарийн зөв удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Иймээс хүн тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй, таамаглал дэвшүүлэх бүр ч хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил хязгаарлагдмал цар хүрээнд л тохиромжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь Сүнсний ажлаас хавьгүй илүү үнэн зөв, чухал шаардлагатай зорилго болон хавьгүй илүү бодит, үнэ цэнтэй мэдлэгийг хүнд өгдөг. Завхарсан хүний хувьд үнэн зөв үгс, эрэлхийлэх тодорхой зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил л хамгийн үнэ цэнтэй юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Үүнийг бие махбодтой болсон Бурхан л биелүүлж чадна; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдын завхарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс бол Бурханы төрөлх мөн чанар хэдий ч иймэрхүү ажлыг зөвхөн Түүний махбод л хийж чадна. Хэрвээ Сүнс дангаараа ажилласан бол Түүний ажил үр дүнтэй байх боломжгүй байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүн Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгах үед Түүний эсрэг байдаг хүмүүс дайснууд нь байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчлэгчид болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнтэй нийцэлтэй, Түүнээс салшгүй гэрчлэгчид болно. Тэрээр, махбод дахь ажлынхаа ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний бодит үнэ цэнийг хүн мэдэх болно, түүнчлэн энэ махбод бол хүний салж үл түвдэх амийн амьд булаг болно гэдгийг ч мэднэ. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, мөн Түүний бодит байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч Бурханы жинхэнэ дүр төрхгүй, эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэн бөгөөд энэхүү ач холбогдол, үнэ цэнийг хүн ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бүх хүн төрөлхтөн Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, боддогоос үл хамааран махбодын бодит ач холбогдол болон үнэ цэн нь Сүнснийхээс хавьгүй хол давдаг. Мэдээж завхарсан хүн төрөлхтний хувьд л ийм байдаг. Үнэнийг эрж хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүн бүрийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөж, онгодоор хангаж, тайлбарлашгүй, төсөөлшгүй гайхалтай байдлын мэдрэмж, мөн агуу, ер бусын, бишрэм атлаа бүх хүний олж авч, хүрч чадахааргүй мэдрэмжийг л өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, хүн Бурхан хоёрыг үл үзэгдэх заагаар тусгаарласан мэт алсаас л бие биеэ харж чадна. Үнэндээ, Сүнс хүн хоёр нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ нь хүнд Сүнсний өгсөн төөрөгдөл юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй. Махбодын ажил нь хүнд эрэлхийлэх бодит зорилго, тодорхой үгсийг болон Тэр бол бодитой агаад хэвийн, эгэл жирийн агаад даруухан гэх мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айдаг байж болох ч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад тун хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэхүү махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд оршдог учраас хүний хувьд хүрч болохуйц санагддаг бөгөөд хол юм уу ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болохуйц байдаг.

Махан биед амьдардаг бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд эрэлхийлэх зорилго шаардлагатай байдаг бөгөөд Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай байдаг. Хоёуланд нь Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодитой махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох шаардлагатай бөгөөд энэ нь завхарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээс нь зайлуулах ёстой, хүмүүс завхарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас тэд эхлээд завхарсан зан чанараа мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, хаяж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүрээр орлуулж, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдүүлснээр л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн танин мэддэг. Энэ үр дүнд, Сүнсний шууд удирдлага биш, хэн нэгэн хүний сургаал бүр ч биш, харин бие махбодтой болсон Бурхан л хүрч чадна. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурханыг албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзэл бүгд ил болдог. Бие махбодтой болсон Бурхантай сөргүүлэн тавьснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодитой болон хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд махан биетэй ямар ч хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан завхарсан хүнийг Сатаны нөлөөнөөс аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна. Энэ махбод нь хүн бас Бурхан, хэвийн хүн чанартай хүн, бас бүрэн бурханлаг чанартай Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш бөгөөд Сүнснээс асар их ялгаатай ч тэр бол хүнийг авардаг бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, түүнчлэн махбод билээ. Түүнийг юу гэж нэрлэх нь хамаагүй, эцсийн эцэст Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг авардаг. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгашгүй бөгөөд махбодын ажил ч бас Бурханы Сүнсний ажил юм; зүгээр л энэ ажлыг Сүнсний ялгамж чанараар хийдэггүй, харин махбодын ялгамж чанараар хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ нь энхүү ажилд шаардагддаг зүйл бөгөөд завхарсан хүн төрөлхтний шаарддаг зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шатыг л Сүнс шууд хийсэн ба үлдсэн хоёр үе шатыг Сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан хийсэн. Сүнсний хийсэн Хуулийн эрин үеийн ажил нь хүний завхарсан зан чанарыг өөрчлөхтэй хамаагүй, Бурханы талаарх хүний мэдлэгтэй ч хамаагүй байсан. Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы махбодын ажил нь харин хүний завхарсан зан чанар болон Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамаатай бөгөөд авралын ажлын чухал, шийдвэрлэх хэсэг юм. Тиймээс завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй байдаг. Хүн төрөлхтөнд өөрсдийг нь хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Махбод дахь Бурхан л хүний дотнын нэгэн, хүний хоньчин, байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болон өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.

Хүн Сатаны завхралд өртсөн, Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь юм, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы авралын бай бол Сатан биш, харин хүн, аврагдах зүйл бол диавол биш, харин хүний махан бие болон сүнс юм. Сатан бол Бурханы устгах бай, хүн бол Бурханы авралын бай бөгөөд хүний махан биеийг Сатан завхруулсан болохоор эхлээд хүний махан бие аврагдах ёстой. Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий завхарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч байтугай Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ завхарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн завхарсан зан чанартай харьцаж, өөрчлөхөөс илүү хэцүү зүйл гэж үгүй. Сатан хүний махан биед ирж үймүүлдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сүйтгэхийн тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Бурханы дайсан, Сатан болсон юм. Хүнийг аврахын тулд эхлээд байлдан дагуулах ёстой. Үүнээс болж Бурхан мөчөөгөө өгөлгүйгээр, зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол завхарсан хүнийг аварч, Өөрийнх нь эсрэг тэрсэлсэн Сатаныг ялж, устгах явдал юм. Хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Тэрээр Сатаныг ялахын зэрэгцээ завхарсан хүн төрөлхтнийг авардаг. Тиймээс энэ нь хоёр зорилгод нэгэн зэрэг хүрдэг ажил юм. Тэр хүнтэй илүү сайн харилцаж, хүнийг илүү сайн байлдан дагуулахын тулд махбодоор ажиллаж, үг хэлж, бүх ажлаа хийдэг. Бурхан сүүлчийн удаа бие махбод болж, Түүний эцсийн өдрүүдийн ажил махбодоор гүйцэлдэнэ. Тэрээр бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилж, Өөрийн бүх удирдлагыг дуусгаж, мөн махбод дахь бүх ажлаа дуусгана. Газар дээрх бүх ажил нь дуусгавар болоход Тэр бүрэн ялсан байх болно. Махбодод ажиллаж байх үедээ Бурхан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, бүрэн олж авсан байх болно. Энэ нь Түүний бүх удирдлага дуусгавар болно гэсэн үг бус уу? Бурхан махбод дахь ажлаа дуусган, Сатаныг бүрэн ялж, ялалтаа мандуулах үед хүнийг завхруулах боломж Сатанд дахин олдохгүй. Эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь хүнийг нүглээс золин аварч, уучлах явдал байсан. Одоо энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүрэн олж авах ажил юм, ингэснээр Сатан цаашид өөрийн ажлыг хийх аргагүй болж, бүрмөсөн ялагдаж, Бурхан бүрэн ялсан байх болно. Энэ бол махбодын ажил, мөн Бурханы Өөрийн хийдэг ажил юм. Бурханы ажлын гурван үе шатны эхний ажлыг махбод биш, Сүнс шууд хийсэн. Харин Бурханы ажлын гурван үе шатны сүүлчийн ажлыг Сүнс шууд хийдэггүй, бие махбодтой болсон Бурхан хийдэг. Дундах үе шатны золин авралын ажлыг ч бас махбод дахь Бурхан хийсэн. Бүхий л удирдлагын ажлаас хамгийн чухал ажил нь хүнийг Сатаны нөлөөнөөс аврах явдал юм. Гол ажил нь завхарсан хүнийг бүрэн байлдан дагуулж, улмаар байлдан дагуулагдсан хүний Бурханыг хүндлэх анхдагч зүрх сэтгэлийг нь сэргээж, хэвийн хүний амьдрал буюу Бурханы бүтээлийн хэвийн амьдралтай болгох явдал юм. Энэ ажил чухал бөгөөд удирдлагын ажлын цөм нь билээ. Авралын ажлын гурван үе шатанд, ажлын эхний үе шат болох Хуулийн эрин үе нь удирдлагын ажлын цөмөөс хол байсан; үүнд авралын ажил өчүүхэн төдий үзэгдэж байсан ба энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг аврах Бурханы ажлын эхлэл байгаагүй. Хуулийн дор хүн зөвхөн хуулийг мөрдөхөө л мэддэг байсан ба хүнд илүү их үнэн байгаагүй, мөн Хуулийн эрин үе дэх ажил хүний зан чанарыг өөрчлөхтэй бараг хамаагүй, Сатаны эзэмшлээс хүнийг хэрхэн аврах тухай ажилтай бүр ч холбоогүй байсан учраас ажлын эхний үе шатыг Сүнс шууд хийжээ. Тиймээс хүний завхарсан зан чанартай хамаагүй туйлын энгийн ажлын энэ үе шатыг Бурханы Сүнс гүйцэтгэсэн юм. Ажлын энэ үе шат удирдлагын цөмтэй өчүүхэн холбоотой бөгөөд хүнийг аврах албан ёсны ажилтай тийм ч их уялдаа холбоогүй байсан тул ажлаа биечлэн хийхийн тулд Бурхан махбод болох шаардлагагүй байлаа. Сүнсний хийсэн ажил далд утгатай, ойлгошгүй, хүний хувьд ихэд айдас төрүүлэм, ойртохын аргагүй байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийхэд тохиромжгүй, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй байдаг. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр арга зам болгон өөрчлөх явдал бөгөөд өөрөөр хэлбэл, Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн, хэвийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний хувьд үүнээс илүү тохиромжтой арга гэж үгүй. Ажлын энэ гурван үе шатны дундаас хоёр үе шатыг махбодоор гүйцэтгэдэг ба энэ хоёр үе шат нь удирдлагын ажлын гол шат юм. Хоёр удаа бие махбодтой болсон нь харилцан бие биеэ нөхөж, нэг нэгнээ иж бүрэн болгодог. Бурхан бие махбодтой болсон эхний үе шат нь хоёр дахь үе шатны суурийг тавьсан, мөн Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь нэгэн бүхэл болдог ба өөр хоорондоо нийцэлтэй байдаг гэж хэлж болно. Бурханы ажлын энэ хоёр үе шат нь бүхий л удирдлагын ажилд нэн чухал учраас Бурхан үүнийг Өөрийн махбодын ялгамж чанараар гүйцэтгэдэг. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажилгүйгээр удирдлагын бүхий л ажил зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас цаашгүй болох байсан гэж хэлж бараг болно. Энэ ажил чухал эсэх нь хүн төрөлхтний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын хэмжээ болон ажилд саад хийж байгаа байдалд нь үндэслэдэг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажилчны гүйцэтгэсэн ажлын шинж чанар болон чухал байдалд үндэслэн тогтоодог. Энэ ажлын чухал байдлын тухайд бол ажлын ямар арга барил ашиглахтай хамаатайгаар—Бурханы Сүнсний шууд хийдэг ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил, эсвэл хүнээр дамжин хийгддэг ажил—энэ гурвын дундаас эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгддэг ажил бөгөөд ажлын шинж чанарт үндэслэн, Сүнсний ажлын шинж чанарыг махбодынхтой харьцуулан харвал махбодоор хийгддэг ажил нь Сүнсээр шууд хийгддэг ажлыг бодвол хүнд илүү их ач тустай байж, илүү их давуу тал олгодог гэдгийг эцэст нь тодорхойлж болно. Ажлыг махбодоор хийх үү, эсвэл Сүнсээр хийх үү гэдэг нь тухайн үеийн Бурханы бодлоор шийдэгддэг. Ажлын үе шат бүрд ач холбогдол, үндэслэл бий. Тэдгээр нь үндэслэлгүй төсөөлөл биш, мөн тэдгээрийг дураараа гүйцэтгэдэг ч юм биш; тэдгээрт тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм. Ялангуяа бие махбодтой болсон Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллах ийм агуу ажилд Бурханы төлөвлөгөө бүр ч их байдаг. Иймээс Бурханы мэргэн ухаан болон Түүний оршихуй бүхэлдээ, ажиллаж байх үеийнх нь үйлдэл, бодол, санаа бүрд тусгалаа олдог; энэ бол илүү бодит, системтэй Бурханы оршихуй юм. Эдгээр нарийн бодол санааг төсөөлж, итгэхэд, тэр ч бүү хэл мэдэхэд хүний хувьд хэцүү байдаг. Хүний хийсэн ажил нь ерөнхий зарчмын дагуу хийгддэг ба хүний хувьд тун сэтгэл ханамжтай байдаг. Гэсэн ч Бурханы ажилтай харьцуулахад ердөө дэндүү их ялгаа бий; хэдийгээр Бурханы үйл хэрэг агуу, Бурханы ажил өргөн цар хүрээтэй боловч тэдгээрийн ард хүний төсөөлж чадахааргүй олон нарийн, нягт нямбай төлөвлөгөө, зохицуулалт байдаг. Түүний ажлын үе шат бүр зарчмын дагуу явагддагаар зогсохгүй, хүний хэлээр тодорхой илэрхийлэх боломжгүй олон зүйлийг агуулдаг бөгөөд эдгээр нь хүнд үл үзэгдэх зүйлс юм. Сүнсний ажил, эсвэл бие махбодтой болсон Бурханы ажил байх нь хамаагүй, тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулж байдаг. Тэр ул суурьгүй ажилладаггүй, бас ач холбогдолгүй ажил хийдэггүй. Сүнс шууд ажиллах үедээ Өөрийн гэсэн зорилготой байдаг бөгөөд ажиллахын тулд хүн болох үедээ (өөрөөр хэлбэл, гадаад бүрхүүлээ өөрчлөх үедээ) бүр ч зорилготой байдаг. Өөр яах гэж Тэр Өөрийн ялгамж чанарыг дуртайяа өөрчлөх юм бэ? Өөр яах гэж Тэр дуртайяа дорд үзэгдэж, хавчигдах хүн болох юм бэ?

Ажил гэдэг үүднээс яривал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш, бие махбодтой болсон Бурхан билээ. Бурхан хэзээ нэг цагт газар дэлхий дээр ирж, хүмүүст харагдаж, улмаар бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, хэнийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршиж магадгүй гэж зарим хүн итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийвэл шүүлтийн ажил биш. Бүх хүн төрөлхтний завхрал адилхан бус уу? Бүх хүн төрөлхтний мөн чанар ижилхэн бус уу? Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний завхарсан мөн чанар, Сатаны завхруулсан хүний мөн чанар, хүний бүх нүгэл билээ. Хүний ялихгүй, аар саар алдааг Бурхан шүүдэггүй. Шүүлтийн ажил бэлгэдлийн чанартай бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтнийг шүүх ажлыг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Бүлэг хүмүүс дээр Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр махбод дахь Бурхан, бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлүүлэхийн тулд Өөрийг ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн, эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний зөвт бус байдал буюу тухайлбал, Бурханд хандах хүний эсэргүүцэл, Бурханыг хүндэлдэггүй байдал, эсвэл Бурханы ажлыг үймүүлдэг байдал зэргийг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болон үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн бодож төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж буй ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан мөн. Энэ махбод болон Түүний ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтнийг шууд шүүх шүүлт юм—энэ нь зөвхөн Хятадын сонгогдсон хүмүүсийн төлөө байдаггүй, цөөн тооны хүмүүсийн төлөө ч байдаггүй. Махбод дахь Бурханы ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ нь хэдийгээр бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээн дэх ажлыг дуусгасныхаа дараа Тэрээр, Есүсийг амилж, тэнгэр өөд гарсны дараа сайн мэдээ нь бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэхүү ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй өргөжүүлнэ. Сүнсний ажил, эсвэл махбодын ажлын аль нь ч бай, хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг ажил боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд Бурхан, Өөрийн бие махбодын ялгамж чанараар гарч ирж ажлаа хийдэг ба махбод дахь Бурхан бол агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Сүнс юм уу махбод байх нь хамаагүй, шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болон өөр хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгийн талаар үзэл өвөрлөдөг ч бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг шүүж, байлдан дагуулдаг бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хүн энэ талаар юу гэж бодох нь хамаагүй, эцсийн эцэст баримт бол баримт. “Ажлыг Бурхан хийдэг боловч махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил хэдийнээ дууссан тул энэ ажлын дараа хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурхан бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн гүйцэлдүүлсэн бөгөөд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгддэг нэгэн нь махан биеэс бүтсэн, завхарсан хүн болохоос Сатаны сүнс шууд шүүгддэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш, харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн завхралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр тулан уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болоод үр дүн нь тэр даруй харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний завхралыг шүүсэн цагт л Сатаныг бүрэн ялж болно. Хэвийн хүн чанар эзэмшдэг хүнтэй адил байснаар махбод дахь Бурхан хүний зөвт бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал болон Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Бурхан л хүнийг шүүх байр суурьтай байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн болон зөвт байдлыг эзэмшдэг тул хүнийг шүүх чадвартай. Үнэн болон зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр дээд бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх зөвт бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний зөвт бус байдлыг сайн илчилж чадахгүй, ийм зөвт бус бус байдлыг бүрэн ил болгож бүр ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл болон Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөл рүү, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг—эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л хүн аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангалтыг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанараар Бурханы хийсэн ажил биш. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ. Хүн гүн гүнзгий завхарсан учраас бие махбодтой болсон Бурханы ажилд асар их саад болдог. Ялангуяа эцсийн өдрүүдийн хүмүүс дээр хийгддэг ажил асар хэцүү, гаднын орчин муу бөгөөд төрөл бүрийн хүний хэв чанар тун дорд байдаг. Гэсэн ч энэ ажил дуусах үедээ ямар ч алдаа мадаггүйгээр, зохих үр дүнд хүрнэ; энэ бол махбодын ажлын үр дүн бөгөөд энэ үр дүн нь Сүнсний ажлынхаас илүү үнэмшилтэй. Бурханы ажлын гурван үе шат махбодоор гүйцэлдэх бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх ажлыг махбодоор хийдэг бөгөөд хүнийг аврах ажлыг махбод дахь Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөнд, махбод дахь Бурхан нь хүнтэй хамаагүй мэт санагддаг ч үнэндээ энэ махбод нь бүх хүн төрөлхтний хувь заяа, оршин тогтнолтой холбоотой.

Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө хийгддэг бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь Түүний махбод дахь ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болон бүтээгдээгүй зүйлийн Бурхан юм. Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг, мөн энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн ажлаа хийхээр махбод болох бүрдээ Тэр дээд зэргийн бэлгэдлийн чанартай ажлын байг сонгодог; Тэрээр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин махбод дахь ажлынх нь төлөөлөгч байж чадах бүлэг хүмүүсийг ажлынхаа бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал учраас энэ бүлэг хүмүүс сонгогддог бөгөөд Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэгддэг, мөн махбодоор хийх Түүний ажилд зориулан тусгайлан сонгогддог. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу хийгддэг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлж чаддаг байх ёстой. Тухайлбал иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийдэг байлдан дагуулалтыг хүлээн авахдаа хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чаддаг. Иудейчүүд бүх хүн төрөлхтнийг төлөөлдөгт үндэслэл байдаг, хятад хүмүүс Бурханы биечлэн хийсэн байлдан дагуулалтыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлдөгт мөн л үндэслэл бий. Золин авралын ач холбогдлыг иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулалтын ажлын бүрэн гүйцэд байдал болон амжилтыг хятадуудын дундах байлдан дагуулалтын ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг цөөхөн бүлэг хүмүүст л чиглэдэг мэт харагдавч үнэн хэрэгтээ Тэр энэ цөөхөн бүлэг хүмүүсийн дунд бүх орчлон ертөнцийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтөнд хандан үгээ хэлдэг. Махбод дахь Түүний ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс өөрсдийнх нь дунд хийсэн Бурханы ажлыг түгээж эхэлнэ. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр үнэн зөв үгс, захиас болон хүн төрөлхтний төлөөх тодорхой хүслээ Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр Түүний дагалдагчид хожим нь махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбод дахь Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт байж, хамт амьдардаг тухай баримтыг үнэхээр биелүүлдэг. Энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг үзэж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг ч бас дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэрээр хууль болон дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсохгүй, илүү чухал нь, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болон хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахаар эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурхан ажилласны үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед Түүнийг дагадаг хүмүүс оршдог, бас эс оршдог мэт санагддаг тэдгээр зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчихээ больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс махбодоор хийсэн ажлыг нь бүх шашин, урсгалд дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонсдог бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж, сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш, баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүй бол Түүний сайн мэдээ бүх улс орон, бүх газар нутаг даяар түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр зөвхөн хүний төсөөллөөр бол Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд мэдрэгдэшгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь Бурханы хийсэн ажлын талаарх ямар ч нэмэлт баримт, нотолгоог хүнд үлдээх чадваргүй. Хүн Бурханы бодит нүүр царайг хэзээ ч харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэнэ. Хүн Бурханы нүүр царайг хэзээ ч харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл эцсийн эцэст хоосон бөгөөд Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болон Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Хүмүүсийн дунд Өөрийн ажлыг биечлэн хийдэг бие махбодтой болсон Бурхан л тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болон Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурхан хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй. Энэ үе шатыг хүртэл ажлаа хийснээр Бурханы ажил аль хэдийн хамгийн сайн үр дүнд хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийсэн ажил Түүний бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл рүү аваачиж, Өөрийнхөө бүх ажилд дүгнэлт гаргаж, зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн иж бүрэн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон өөр Бурхан гэж байхгүй бөгөөд гурав дахь удаа бие махбодтой болсон Бурханы гайхалтай ажил гэж хэзээ ч байхгүй.

Махбод дахь Бурханы ажлын үе шат бүр бүхий л эрин үеийн ажлыг нь төлөөлдөг бөгөөд хүний ажилтай адилаар тодорхой нэг хугацааг төлөөлдөггүй. Иймээс сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажлын төгсгөл нь Түүний ажил бүрмөсөн төгсгөлдөө очсон гэсэн үг биш, учир нь махбод дахь Түүний ажил бүхий л эрин үеийг төлөөлдөг бөгөөд Өөрийн ажлыг махбодоор хийдэг үеийг нь зөвхөн төлөөлдөггүй. Бие махбодтой байх хугацаандаа Тэр бүхий л эрин үеийн ажлаа төгсгөдөг ба үүний дараа энэ нь бүх газар нутагт түгдэг. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлснийхээ дараа Өөрийг нь дагадаг хүмүүст ирээдүйн ажлаа даалгана. Ийм маягаар, бүхэл эрин үе дэх Түүний ажил тасалдалгүйгээр явагдана. Түүний ажил орчлон ертөнц даяар түгмэгц бие махбодтой болсон бүхий л эрин үеийн ажил бүрэн гүйцэлдсэн гэж тооцож болно. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүний ашигладаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэл дотор байдаг бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй байх байлаа. Хүний хийдэг ажил ердөө л хүний хувьд хийх боломжтой үүргийнх нь хүрээнд байдаг бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээж чадна, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний хэлж байгаа зүйл бие махбодтой болсны ажилтай холбоотой. Энэ удаа бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзэлтэй үл нийцэх ажлын алхмыг хийдэг, дараа нь Тэр хүний үзэлд нийцдэггүй илүү их ажлыг хийдэг. Ажлын зорилго нь хүнийг байлдан дагуулах явдал юм. Нэг талаараа бие махбодтой болсон Бурхан ердөө хүний үзэлтэй нийцдэггүйн дээр хүний үзэлтэй үл нийцэх илүү их ажил хийдэг тул хүн Түүний талаар илүү их шүүмжлэлт үзэл санаатай болдог. Харин Тэр ердөө л Түүний талаар тоо томшгүй олон үзэлтэй хүмүүсийн дунд байлдан дагуулах ажил хийдэг. Тэд Түүнд хэрхэн ханддагаас үл хамааран Түүнийг үйлчлэлээ биелүүлмэгц бүх хүн Түүний эрх мэдэлд захирагдана. Энэ ажлын баримт нь зөвхөн Хятад хүмүүсийн дунд тусгалаа олоод зогсохгүй, бас бүх хүн төрөлхтөн хэрхэн байлдан дагуулагдахыг төлөөлдөг. Энэ хүмүүс дээр хүрсэн үр дүн нь бүх хүн төрөлхтөн дээр биелэх үр дүнгийн анхдагч хэлбэр бөгөөд ирээдүйд Түүний хийх ажлын үр дүн нь эдгээр хүмүүст гарсан үр дүнгээс ч улам давна. Махбод дахь Бурханы ажил сүр дуулиантай байдаггүй, үл ойлгогдох зүйлсээр ч хүрээлэгддэггүй. Энэ нь үнэн бодит, мөн нэг дээр нэгийг нэмбэл хоёр гардаг шиг тов тодорхой ажил юм. Энэ нь хэнээс ч нуугдаж, хэнийг ч мэхэлдэггүй. Хүмүүсийн хардаг зүйлс бодит бөгөөд жинхэнэ зүйлс, хүний олж авдаг зүйлс ч бодит мэдлэг болон үнэн юм. Ажил дуусахад хүн Түүний талаар шинэ мэдлэгтэй болох ба үнэхээр эрэлхийлдэг хүмүүс Түүний талаар ямар нэгэн үзэлтэй байхаа болино. Энэ нь дан ганц хятад хүмүүс дээрх Түүний ажлын үр дүн биш, харин бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах Түүний ажлын үр дүнг ч бас төлөөлдөг, учир нь энэ махбод, энэ махбодын ажил болон энэ махбодын бүх зүйл бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажилд хамгийн их ач тустай байдаг. Тэдгээр нь Түүний өнөөгийн ажилд тустай, мөн Түүний хожмын ажилд ч тустай. Энэ махбод бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авна. Бүх хүн төрөлхтөн Бурханыг харж, Бурханд дуулгавартай байж, Бурханыг мэдэх үүнээс илүү дээр ажил гэж үгүй. Хүний хийдэг ажил хязгаарлагдмал цар хүрээг л хамардаг бөгөөд Бурхан ажлаа хийх үедээ тодорхой нэг хүнтэй ярьдаггүй, харин бүх хүн төрөлхтөнтэй, Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнтэй ярьдаг. Түүний тунхагладаг төгсгөл бол тодорхой нэг хүний төгсгөл биш, харин бүх хүн төрөлхтний төгсгөл билээ. Тэр хэнийг ч тусгайлан харж ханддаггүй, мөн хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, Тэр бүх хүн төрөлхтний төлөө ажиллаж, үгээ хэлдэг. Тиймээс энэ удаа бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг аль хэдийн төрлийнх нь дагуу ангилж, бүх хүн төрөлхтнийг аль хэдийн шүүж, бүх хүн төрөлхтөнд тохирох хүрэх газрыг зохицуулчихсан. Хэдий Бурхан зөвхөн Хятадад Өөрийн ажлыг хийж байгаа ч үнэндээ бүх орчлон ертөнцийн ажлыг аль хэдийн шийдвэрлэчихсэн. Тэрээр бүх хүн төрөлхтний дунд Өөрийнх нь ажил түгсний дараа Өөрийн айлдвар болон зохицуулалтыг алхам алхмаар хийхээр хүлээж тэвчихгүй. Тэгвэл хэт хожимдсон байх бус уу? Одоо Тэр хожмын ажлаа урьдчилан дуусгаж бүрэн чадна. Ажиллаж байгаа Нэгэн бол махбод дахь Бурхан учраас хязгаарлагдмал цар хүрээн дотор хязгааргүй ажил хийж байгаа, үүнийхээ дараа Тэр хүнээр өөрийнх нь үүргийг гүйцэтгүүлнэ; энэ бол Түүний ажлын зарчим юм. Тэр хүнтэй хамт хэсэгхэн зуур л амьдарч чадах бөгөөд бүх эрин үеийн ажил дуусах хүртэл хүнийг дагалдаж чадахгүй. Тэр Бурхан учраас Өөрийн хожмын ажлыг урьдчилан зөгнөдөг. Дараа нь Тэр Өөрийн үгээр бүх хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу ангилж, хүн төрөлхтөн Түүний үгийн дагуу алхам алхмаар явагддаг ажилд нь орох болно. Хэн ч зугтан зайлж чадахгүй ба бүгд үүний дагуу хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ирээдүйд эрин үеийг Сүнс удирдахгүй, харин Түүний үг удирдана.

Махбод дахь Бурханы ажил махан биеэр хийгдэх ёстой. Хэрэв үүнийг Бурханы Сүнс шууд хийсэн бол ямар ч үр дүн гарахгүй. Үүнийг Сүнс хийсэн ч гэсэн тийм ч их ач холбогдолгүй, эцэстээ ямар ч үнэмшилгүй болох болно. Бүтээгчийн ажил ач холбогдолтой эсэх, юуг төлөөлдөг, юуны төлөө хийгддэг, Бурханы ажил эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн эсэхийг болон хамгийн үнэ цэнтэй, ач холбогдолтой эсэхийг бүх бүтээл мэдэхийг хүсдэг. Түүний хийдэг ажил бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө, Сатаныг ялахын төлөө, мөн бүх зүйлийн дунд Түүнд гэрчлэл хийхийн төлөө байдаг. Иймээс Түүний хийдэг ажил асар их ач холбогдолтой байх ёстой. Хүний махан бие Сатанаар завхруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай махан биеэс бүтсэн хүн бөгөөд Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан ч бас хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай хийдэг тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болсон Бурханы ажил тун чухал. Сатан хүний махан биеийг завхруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой байдаг. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоор ажиллах үедээ үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялагддаг нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагддаг нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Бурханы хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг, Өөртэй нь адилхан гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй, Сатанд хорлогдсон хүнийг аварч чадна. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай бол Өөрийнх нь бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил хавьгүй илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж чаддаг, түүнчлэн хүн төрөлхтнийг аварч чаддаг. Хэдий энэ махбод хэвийн агаад бодит боловч ердийн нэг махбод биш: Тэр ердөө л нэг хүн чанартай махбод биш, харин хүн чанартай, бас бурханлаг чанартай махбод юм. Энэ нь Түүний хүнээс ялгарах ялгаа бөгөөд Бурханы ялгамж чанарын тэмдэг билээ. Зөвхөн ийм махбод л Түүний хийхээр зорьдог ажлыг хийж, махбод дахь Бурханы үйлчлэлийг биелүүлж, хүмүүсийн дундах Түүний ажлыг бүрэн гүйцэлдүүлж чадна. Хэрэв ийм байгаагүй сэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, өө сэвтэй байх байлаа. Бурхан хэдийгээр Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч завхарсан хүний хуучин уг чанарыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй бөгөөд Бурханд дуулгаваргүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч Түүний ноёрхол дор орохгүй, өөрөөр хэлбэл, Тэр хэзээ ч хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй билээ. Хэрвээ газар дээрх Түүний ажил шийдвэрлэгдэхгүй бол Түүний удирдлага хэзээ ч дуусгавар болохгүй, бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй. Хэрвээ Бурхан Өөрийн бүх бүтээлтэй хамт амралтад орж чадахгүй бол ийм удирдлагын ажил хэзээ ч үр дүнтэй байхгүй бөгөөд үүний үрээр Бурханы алдар суу алга болно. Хэдийгээр Түүний махбод ямар ч эрх мэдэлгүй ч Түүний хийдэг ажил үр дүндээ хүрсэн байх болно. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглэл юм. Түүний махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай л бол Тэр бол Бурхан Өөрөө мөн. Энэ махбод хэр хэвийн, эгэл жирийн байх нь хамаагүй, хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ махбод бол ердийн нэг хүн биш, харин Бурхан билээ. Хүний хийж чадахгүй ажлыг энэ махбод хийж чаддагийн шалтгаан нь Түүний дотоод мөн чанар ямар ч хүнийхтэй адилгүй бөгөөд Тэр хүнийг аварч чаддагийн шалтгаан нь Түүний ялгамж чанар өөр ямар ч хүнийхээс өөр байдгаас болдог. Тэр бол хүн, үүнээс ч илүүтэйгээр Бурхан учраас, Тэрээр махан биетэй жирийн хүний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг учраас, Өөртэй нь хамт газар дэлхий дээр амьдарч байгаа завхарсан хүнийг аварч чадах учраас энэхүү махбод хүн төрөлхтөнд нэн чухал юм. Хэдий хүнтэй ижилхэн ч гэсэн бие махбодтой болсон Бурхан нь хүн төрөлхтний хувьд ямар ч үнэ цэнтэй хүнээс илүү чухал, учир нь Тэр Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг бөгөөд Бурханы Сүнснээс илүүтэйгээр Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чаддаг, Бурханы Сүнснээс илүүтэйгээр хүн төрөлхтнийг бүрэн олж авч чаддаг. Үүний үр дүнд хэдий энэ махбод хэвийн, эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний оршин тогтнол дахь Түүний ач холбогдол нь Түүнийг ихэд эрхэм нандин болгодог бөгөөд энэ махбодын жинхэнэ үнэ цэн, ач холбогдол ямар ч хүний хувьд хэмжээлшгүй юм. Хэдийгээр энэ махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч гэсэн Өөрийн ажлыг ашиглан хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн ноёрхолд бүрэн захирагдуулж чадна. Бурхан бие махбодтой болсон болохоор Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аварч чаддаг. Тэр Сатаныг шууд устгадаггүй, харин махбод болж, Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг байлдан дагуулах ажил хийдэг. Ийм маягаар Тэр бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж, завхарсан хүн төрөлхтнийг илүү сайн аварч чаддаг. Бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү их гэрчлэл хийдэг, мөн илүү үнэмшилтэй байдаг. Махбод дахь Бурхан, Бүтээгчийг мэдэхэд нь хүнд илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөртөө илүү сайн гэрчлэл хийж чаддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Өмнөх: 4. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй вэ; яагаад Тэр Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой вэ?

Дараах: 6. Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг гэж яагаад хэлдэг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих