3 дахь сэдэвчилсэн хэлэлцүүлэг: Ноа, Абрахам нар хэрхэн Бурханы үгийг дуулгавартай дагаж, Түүнд захирагдсан тухай (II хэсэг)

Сүүлийн цуглаанаар бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн арав дахь зүйл болох “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог” гэдгийн талаар нөхөрлөсөн. Бид яг ямар нарийн ширийн зүйлийн талаар нөхөрлөсөн бэ? (Бурхан голчлон Бурханы үгэнд хэрхэн хандах талаар нөхөрлөсөн.) Энэ нь арав дахь зүйлтэй холбоотой юу? (Тийм. Яагаад гэвэл, “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог” гэсэн зүйлд антихристүүдийн зан авируудын нэг нь тэд Христийн хэлдэг зүйлийг зүгээр л сонсдог боловч дуулгавартай дагадаг ч үгүй, дуулгавартай байдаг ч үгүй. Тэд Бурханы үгийг дуулгавартай дагадаггүй, бас Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэггүй. Сүүлийн цуглаанаар Бурхан Бурханы үгэнд хэрхэн хандах, Бурханы үгийг хэрхэн дуулгавартай дагах, дараа нь Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, гүйцэтгэх талаар нөхөрлөсөн.) Бүгдийг нь ойлгосон биз дээ? Өмнөх цуглааны үеэр Би хоёр түүх ярьсан: Нэг нь Ноагийн түүх, нөгөө нь Абрахамын түүх байсан. Эдгээр нь Библийн хоёр сонгодог түүх юм. Олон хүн эдгээр түүхийг мэддэг, ойлгодог боловч ойлгосныхоо дараа Бурханы үг болон шаардлагад хэрхэн хандахыг мэддэг хүн нь маш цөөн. Тэгвэл энэ хоёр түүхийн талаар нөхөрлөсний маань гол зорилго юу байсан бэ? Тэр нь хүмүүст хүн болон бүтээгдсэн зүйлийнхээ хувьд Бурханы үг болон шаардлагад хэрхэн хандах ёстойг мэдүүлэх—мөн Бурханы шаардлагатай тулгарах үедээ, Бурханы үгийг сонсох үедээ бүтээгдсэн зүйл ямар байр суурь эзлэх ёстой, ямар хандлагатай байх ёстойг мэдүүлэх юм. Эдгээр нь гол зүйлүүд. Энэ бол өнгөрсөн удаа бид энэ хоёр түүхийн талаар нөхөрлөх үед хүмүүст мэдүүлж, ойлгуулахаар зорьсон үнэн юм. Тэгвэл энэ хоёр түүхийн талаар нөхөрлөсний дараа Христэд хэрхэн дуулгавартай байж, Түүний үгийг дуулгавартай дагах талаар, Христэд болон Христийн хэлсэн үгэнд хүмүүс ямар хандлагатай байх ёстой, ямар үзэл бодол, байр суурьтай байх ёстой талаар, түүнчлэн Бурханаас ирдэг үг болон шаардлагад хүмүүс хэрхэн хандах ёстой, үүн дотор байгаа ямар үнэнийг ойлгох ёстой талаар та нар одоо тодорхой ойлгодог болсон уу? (Нэгт, Христэд чин сэтгэлээсээ хандах, хоёрт, Христийг хүндэлж сурах, гуравт, Түүний үгийг дуулгавартай дагаж, Бурханы үгийг зүрх сэтгэлээрээ сонсох.) Та нар дүрмийг санаж байгаа. Хэрвээ Би эдгээр дүрмийн талаар хэлээгүй бол та нар Миний ярьсан хоёр түүхээс эдгээрийг гаргаж авч чадах байсан уу? (Бидний дүгнэн хэлж чадах ганц зүйл бол Бурханы хэлсэн юуг ч бай бид дуулгавартай дагах ёстой.) Та нарын гаргаж авч чадах бүхэн бол энгийн, хоосон сургаалын болон онолын арга замаар үйлдэх юм; та нар хүмүүсийн эрж хайж, ойлгох ёстой үүний доторх үнэнийг ойлгож, мэдэх чадваргүй хэвээр байна. Тиймээс Ноа, Абрахам нарын түүхийг дэлгэрэнгүй нөхөрлөцгөөе.

I. Бурханы үгэнд хандах Ноагийн хандлага

Эхлээд Ноагийн түүхийн талаар ярилцъя. Сүүлийн цуглаанаар бид Ноагийн түүхийн шалтгаан, үр дагаврыг ерөнхийд нь авч үзсэн. Бид яагаад илүү нарийвчлаагүй вэ? Яагаад гэвэл, ихэнх хүн энэ түүхийн шалтгаан, үр дагавар, нарийн ширийн зүйлийг аль хэдийн мэддэг. Хэрвээ та нарт тийм ч тодорхой биш нарийн ширийн зүйл байгаа бол тэрийг Библиэс олж болно. Бидний нөхөрлөж байгаа зүйл бол энэ түүхийн нарийн ширийн зүйл биш, харин түүхийн гол дүр болох Ноа Бурханы үгэнд хэрхэн хандаж байсан, үүнээс хүмүүс үнэний ямар талыг ойлгох ёстой, мөн Ноагийн хийсэн алхам бүрийг харсныхаа дараа Бурханы хандлага ямар байсан, Тэр юу бодсон, Ноаг хэрхэн үнэлсэн тухай юм. Эдгээр нь бидний нөхөрлөх ёстой нарийн ширийн зүйлс юм. Ноад хандах Бурханы хандлага болон Ноагийн хийсэн зүйлийг үнэлсэн Түүний үнэлгээ нь Бурхан хүн төрөлхтнөөс, Түүнийг дагадаг хүмүүсээс, Түүний авардаг хүмүүсээс яг ямар стандарт шаарддагийг бидэнд хэлж өгөхөд хангалттай юм. Үүнд эрж хайх үнэн бий юу? Эрж хайх үнэн байгаа бол үүнийг задлан шинжилж, тунгаан бодож, нарийвчлан нөхөрлөх нь үнэ цэнтэй. Бид Ноагийн түүхийн нарийн ширийн зүйлийг ярихгүй. Өнөөдөр бидний нөхөрлөх зүйл бол Бурханд хандах Ноагийн янз бүрийн хандлагаас эрж хайх үнэн, түүнчлэн Ноаг үнэлсэн Бурханы үнэлгээнээс хүмүүсийн ойлгох ёстой Бурханы шаардлага болон санаа зорилго юм.

Ноа бол Бурханыг шүтэн мөргөж, дагадаг хүн төрөлхтний жирийн нэгэн гишүүн байсан. Бурханы үг түүн дээр ирэх үед түүний хандлага удаан хөдөлж, хойш суух, эсвэл назгайрах байгаагүй. Үүний оронд тэр Бурханы үгийг маш нухацтай сонсож, Бурханы айлдвар бүрийг асар их анхааралтай, хичээнгүйлэн сонсон, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг чин сэтгэлээсээ сонсож, тогтоохыг хичээж байсан бөгөөд өчүүхэн төдий ч хайхрамжгүй хандаж зүрхлээгүй. Бурханд болон Бурханы үгэнд хандах түүний хандлагад Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байсан бөгөөд энэ нь Бурхан түүний зүрх сэтгэлд байр суурьтай байсныг, мөн тэр Бурханд дуулгавартай байсныг харуулсан. Тэрээр Бурханы хэлсэн зүйл, Бурханы үгийн агуулга, Бурханы өөрөөр нь хийлгэхээр хүссэн зүйлийг сайтар сонссон. Тэрээр анхааралтай сонссон—дүн шинжилгээ хийгээгүй, харин хүлээн авсан. Түүний зүрх сэтгэлд татгалзал, дургүйцэл, эсвэл тэвчээргүй байдал байгаагүй; харин тэр Бурханы өөрөөс нь шаардсан үг, хэрэг явдал бүрийг зүрх сэтгэлдээ чимээгүйхэн, анхааралтай, нямбай тэмдэглэж авсан. Бурхан түүнд зааварчилгаа бүрийг өгсний дараа Ноа Бурханы өөрт нь хэлсэн, даалгасан бүхнийг сайн дураар, нарийвчлан тэмдэглэж авсан. Дараа нь тэр өөрийн ажлыг хойш тавьж, хуучин амьдралынхаа дэглэм, төлөвлөгөөг эвдэн, Бурханы хийлгэхээр даалгасан бүхнийг болон бариулахыг хүссэн бүхээгт нь шаардлагатай бүх хэрэгцээт зүйлийг бэлтгэж эхэлсэн юм. Тэрээр Бурханы ямар ч үгийг, Бурханы шаардсан нэг ч зүйлийг, Бурханы үгэнд түүнээс шаардаж байсан ямар ч нарийн ширийнийг огоорч зүрхлээгүй. Бурханы өөрөөс нь шаардсан, өөрт нь даалгасан бүхний гол санаа, нарийн ширийн зүйлийг бүгдийг нь тэр өөрийн арга барилаар тэмдэглэн аваад, дараа нь тэдгээрийг ахин дахин тунгаан бодож, эргэцүүлсэн. Дараа нь Ноа Бурханы бэлтгээрэй гэж хүссэн бүх материалыг хайхаар явсан. Бурханы түүнд өгсөн зааварчилгаа бүрийн дараа тэрээр өөрийнхөө арга барилаар, Бурханы түүнд даалгасан, зааварчилсан бүгдэд зориулсан нарийвчилсан төлөвлөгөө, зохицуулалт гаргаад, дараа нь өөрийн төлөвлөгөө, зохицуулалт болон Бурханы хүссэн зүйлийн нарийн ширийн, тодорхой шат тус бүрийг алхам алхмаар хэрэгжүүлж, гүйцэтгэсэн. Том жижиг эсэхээс, хүний нүдэнд гайхамшигтай харагдах эсэхээс үл хамааран тэр бүх үйл явцын турш Ноагийн хийсэн бүхэн нь Бурханы хий гэж өөрт нь зааварчилсан, хэлсэн, шаардсан зүйл байсан юм. Бурханы даалгаврыг хүлээн авсныхаа дараа Ноагийн илэрхийлсэн бүхнээс харахад Бурханы үгэнд хандах түүний хандлага сонсохоос цаашгүй байсан юм биш, эдгээр үгийг сонссоныхоо дараа Ноа сэтгэл санаа нь сайхан, орчин нөхцөл тааламжтай, эсвэл хэрэгжүүлэхэд цаг хугацаа нь тохиромжтой үеийг сонгосон ч юм биш гэдэг нь илэрхий юм. Харин тэр өөрийн бүх ажлыг хойш тавьж, амьдралынхаа хэвшлийг эвдэн, Бурханы тушаасан бүхээг барих ажлыг түүнээс хойших өдөр тутмын амьдрал, оршин тогтнолынхоо хамгийн том тэргүүлэх зүйл болгож, үүнийг зохих ёсоор хэрэгжүүлсэн. Бурханы даалгавар болон Бурханы үгэнд хандах түүний хандлага хөнгөмсөг, хааш яаш, эсвэл олон ааштай байгаагүй, голж татгалзсан хандлага бүр ч байгаагүй; үүний оронд тэр Бурханы үгийг анхааралтай сонсож, түүнийг тогтоох, тунгаан бодоход зүрх сэтгэлээ зориулсан. Бурханы үгэнд хандах түүний хандлага нь хүлээн авах болон дуулгавартай байх хандлага байв. Бурханы хувьд зөвхөн энэ л жинхэнэ бүтээгдсэн зүйлээс Түүний шаарддаг Түүний үгэнд хандах хандлага юм. Энэ хандлагад эсэргүүцэл, хааш яаш байдал, дур зоргоороо байдал эсвэл бодлогогүй байдал байгаагүй бөгөөд хүний хүсэл ч холилдоогүй байв; энэ нь бүрэн дүүрэн, төгс төгөлдөр бүтээгдсэн хүнд байх ёстой хандлага байсан юм.

Бурханы даалгаврыг хүлээн авсныхаа дараа Ноа Бурханы өөрт нь даалгасан бүхээгийг хэрхэн хийх талаар төлөвлөж эхэлсэн. Тэрээр бүхээг барихад шаардлагатай янз бүрийн материал, хүн хүч, багаж хэрэгслийг хайж олсон. Мэдээж үүнд маш олон зүйл орсон; энэ нь бичвэрт гардаг шиг тийм ч амар хялбар, энгийн байгаагүй. Бүх зүйлийг гараар, биеийн хүч хөдөлмөрөөр хийдэг байсан аж үйлдвэржилтийн өмнөх тэр эрин үед тийм бүхээг, тийм аварга том зүйлийг барьж, Бурханы даалгасан бүхээг барих даалгаврыг гүйцэлдүүлэх нь хэчнээн хэцүү байсныг төсөөлөхөд бэрх биш. Мэдээж хэрэг, Ноа хэрхэн төлөвлөж, бэлтгэж, загвар гаргаж, материал, багаж хэрэгсэл зэрэг янз бүрийн зүйлийг хэрхэн олсон нь энгийн хэрэг байгаагүй бөгөөд магадгүй Ноа тийм нүсэр том усан онгоцыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй байх. Энэхүү даалгаврыг хүлээн авсныхаа дараа Бурханы үгийн цаад санааг уншиж, Бурханы хэлсэн бүхнээс дүгнэхэд, энэ нь энгийн хэрэг биш, амар хялбар ажил биш гэдгийг Ноа мэдэж байв. Энэ нь энгийн юм уу амар хялбар ажил байгаагүй—үүний цаадах утга учир юу байв? Нэгдүгээрт, энэ даалгаврыг хүлээн авсны дараа Ноагийн мөрөн дээрээ хүнд ачаа ирнэ гэсэн үг. Түүнчлэн Бурхан Ноаг биечлэн дуудаж, бүхээгийг хэрхэн барихыг биечлэн зааварласнаас нь дүгнэвэл энэ нь жирийн нэг зүйл, жижиг хэрэг биш байсан. Бурханы хэлсэн бүхний нарийн ширийн зүйлээс дүгнэвэл энэ нь ямар ч жирийн хүний үүрч чадах зүйл биш байв. Бурхан Ноаг дуудаж, бүхээг барихыг түүнд даалгасан нь Ноа Бурханы зүрх сэтгэлд чухал байр суурь эзэлдэг байсныг харуулдаг. Энэ хэрэг явдлын тухайд бол, Ноа мэдээж Бурханы зарим нэг санаа зорилгыг ойлгож чадсан. Тэгснээр Ноа ирэх жилүүдэд ямархуу амьдралтай нүүр тулахаа ухаарч, тулгарах зарим бэрхшээлийг мэдэж байсан. Хэдийгээр Бурханы даалгасан зүйл асар хэцүү гэдгийг, мөн өөрт нь тулгарах бэрхшээл хэчнээн их байхыг Ноа ухаарч, ойлгосон ч татгалзах ямар ч санаагүй байж, харин ч Ехова Бурханд гүнээ талархсан. Яагаад Ноа талархсан бэ? Яагаад гэвэл, Бурхан санаандгүй байдлаар тийм чухал зүйлийг өөрт нь даалгаж, нарийн ширийн юм бүрийг биечлэн хэлж, тайлбарлаж өгсөн юм. Хамгийн чухал нь, Бурхан яагаад бүхээг барих гэж байгаа талаарх бүрэн түүхийг эхнээс нь дуустал Ноад бас ярьж өгсөн. Энэ нь Бурханы Өөрийн удирдлагын төлөвлөгөөний асуудал, Бурханы Өөрийн ажил хэрэг байсан ч Бурхан энэ асуудлын талаар өөрт нь хэлсэн тул Ноа үүний ач холбогдлыг мэдэрсэн. Товчхондоо, энэ янз бүрийн шинж тэмдгүүдээс, мөн Бурханы ярианы өнгө аяс болон Бурханы Ноад хэлж өгсөн янз бүрийн зүйлээс дүгнэхэд Бурханы өөрт нь даалгасан бүхээг барих ажлын чухлыг Ноа мэдэрч, үүнийг зүрх сэтгэлдээ ухаарч чадсан бөгөөд үүнд хөнгөмсөг хандаж зүрхлээгүй, мөн ямар ч нарийн ширийнийг орхигдуулж зүрхлээгүй юм. Тиймээс, Бурхан зааварчилгаагаа өгч дуусмагц Ноа төлөвлөгөөгөө боловсруулж, бүхээг барих бүх зохицуулалтыг хийж, хүн хүч хайж, бүх төрлийн материалыг бэлтгэж, Бурханы үгийн дагуу янз бүрийн амьтдыг бүхээгт аажмаар цуглуулах ажилдаа орсон.

Бүхээг барих бүхий л үйл явц бэрхшээлээр дүүрэн байв. Ноа ширүүн салхи, төөнөсөн нар, аадар бороо, аагим халуун, тасхийм хүйтэн болон жилээс жилд ээлжлэх дөрвөн улирлыг хэрхэн давж гарсныг түр хойш тавья. Бүхээг барих нь ямар нүсэр ажил байсан, тэрээр янз бүрийн материалыг хэрхэн бэлтгэсэн, мөн бүхээг барих явцад түүнд тулгарсан тоо томшгүй олон бэрхшээлийн талаар эхлээд ярилцъя. Эдгээр бэрхшээлд юу багтсан бэ? Хүмүүсийн төсөөллөөс эсрэгээр зарим нэг биеийн хүчний ажил үргэлж эхний оролдлогоор бүтдэггүй байсан бөгөөд Ноа олон удаагийн бүтэлгүйтлийг туулах шаардлагатай болсон. Ямар нэг зүйл хийж дууссаныхаа дараа, хэрвээ буруу харагдвал тэрээр түүнийг салгаж, салгаж дууссаныхаа дараа материал бэлтгээд, дахиад л эхнээс нь хийх хэрэгтэй болдог байв. Энэ нь хүн бүр бүх зүйлийг цахилгаан төхөөрөмжөөр хийдэг, нэгэнт тохируулчихвал тогтоосон программын дагуу ажил хийгддэг орчин үе шиг байгаагүй. Өнөөдөр ийм ажлыг хийхэд механикжсан байдаг бөгөөд машиныг асаасан л бол тэр ажлыг хийж дуусгаж. Гэвч Ноа эртний нийгмийн эрин үед амьдарч байсан бөгөөд бүх ажлыг гараар хийдэг байсан ба бүх ажлыг өөрийн хоёр гараар, нүд, оюун ухаан, өөрийн хичээл зүтгэл, хүч чадлыг ашиглан хийх ёстой байв. Мэдээж хэрэг, хамгийн гол нь хүмүүс Бурханд найдах хэрэгтэй байсан; тэд хаа сайгүй, цаг үргэлж Бурханыг эрж хайх хэрэгтэй байлаа. Бүх төрлийн бэрхшээлтэй тулгарах үйл явцад, бүхээг барихад зарцуулсан өдөр шөнүүдэд Ноа энэхүү нүсэр ажлыг гүйцэтгэх үед гарсан янз бүрийн нөхцөл байдалтай төдийгүй эргэн тойрныхоо янз бүрийн орчин, түүнчлэн бусдын тохуурхал, гүтгэлэг, хэл амаар доромжлох явдалтай нүүр тулах хэрэгтэй болсон. Хэдийгээр бид тэр үйл явдал болох үед биечлэн туулаагүй ч Ноад тулгарч, туулсан янз бүрийн бэрхшээл, түүнд тулгарсан янз бүрийн сорилтын заримыг төсөөлөх боломжтой биш гэж үү? Бүхээг барих явцад Ноагийн хамгийн түрүүнд нүүр тулах ёстой байсан зүйл нь гэр бүлийнхэн нь түүнийг ойлгохгүй, үглэж янших, гомдоллох, тэр ч байтугай гүтгэн доромжлох явдал байв. Хоёрдугаарт, эргэн тойрныхон нь—хамаатан садан, найз нөхөд болон бусад бүх төрлийн хүмүүс түүнийг гүтгэж, тохуурхаж, шүүж байсан явдал юм. Гэвч Ноад ганцхан хандлага байсан бөгөөд энэ нь Бурханы үгийг дуулгавартай дагаж, эцсийг нь хүртэл хэрэгжүүлж, үүнээсээ хэзээ ч ганхахгүй байлаа. Ноа юу гэж шийдсэн бэ? “Би амьд байгаа цагт, хөдөлж чадаж л байгаа цагт Бурханы даалгаврыг орхиж болохгүй.” Энэ бол бүхээг барих агуу үйл хэргийг хэрэгжүүлэх түүний сэдэл, түүнчлэн Бурханы тушаал өгөгдөх үеийн болон Бурханы үгийг сонссоны дараах түүний хандлага байсан юм. Бүх төрлийн саад бэрхшээл, хүнд хэцүү нөхцөл байдал, сорилттой тулгарах үедээ Ноа ухарч няцаагүй. Түүний зарим арай хэцүү инженерийн ажил байнга бүтэлгүйтэж, эд зүйлс эвдэрч гэмтэх үед ч, хэдийгээр Ноагийн зүрх сэтгэл хямарч, түгшиж байсан ч Бурханы үгийг бодох үедээ, Бурханы түүнд тушаасан үг бүрийг болон Бурхан түүнийг өргөмжилснийг бодох үедээ тэрээр ихэвчлэн маш их урам зориг авдаг байв: “Би бууж өгч болохгүй, Бурханы надад тушаасан, даалгасан зүйлийг би хаяж болохгүй; энэ бол Бурханы даалгавар, би үүнийг хүлээн авсан учраас, Бурханы айлдсанн үг болон Бурханы дуу хоолойг сонссон учраас, мөн үүнийг би Бурханаас хүлээн авсан учраас би туйлын дуулгавартай байх ёстой бөгөөд энэ нь хүний хүрэх ёстой зүйл.” Тиймээс тэр ямар ч бэрхшээлтэй тулгарсан, ямар ч тохуурхал, гүтгэлэгтэй нүүр тулсан, бие нь хэчнээн их туйлдаж, ядарсан ч Бурханы өөрт нь даалгасан зүйлийг орхиогүй бөгөөд Бурханы хэлсэн, тушаасан үг бүрийг үргэлж санасаар байв. Түүний орчин нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн ч, түүнд тулгарсан бэрхшээл хэчнээн том байсан ч эдгээрийн аль нь ч үүрд үргэлжлэхгүй, гагцхүү Бурханы үг л хэзээ ч алга болохгүй бөгөөд зөвхөн Бурханы хийхийг тушаасан зүйл л гарцаагүй биелнэ гэдэгт тэр итгэж байв. Ноад Бурханд итгэх жинхэнэ итгэл болон түүнд байх ёстой дуулгавартай байдал байсан бөгөөд тэрээр Бурханы түүнээс барихыг шаардсан бүхээгийг үргэлжлүүлэн барьсаар байв. Өдрөөс өдөрт, жилээс жилд Ноа хөгширч байсан ч түүний итгэл буураагүй бөгөөд Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх түүний хандлага, шийдвэрт ямар ч өөрчлөлт гараагүй. Хэдийгээр бие нь ядарч туйлдах, өвдөх, зүрх сэтгэлдээ сул дорой болох үеүд байсан ч Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж, Бурханы үгэнд захирагдах түүний шийдвэр, тууштай байдал сулраагүй. Ноа бүхээг барьсан жилүүдийнхээ туршид Бурханы хэлсэн үгийг сонсож, түүнд дуулгавартай байхыг хэрэгжүүлж байсан бөгөөд бүтээгдсэн зүйл болон жирийн хүн Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэх чухал үнэнийг ч бас хэрэгжүүлж байсан юм. Гаднаас нь харахад бүх үйл явц нь үнэндээ ганцхан зүйл байсан: бүхээг барих, Бурханы өөрт нь хэлсэн зүйлийг сайн, бүрэн дүүрэн гүйцэтгэх явдал байв. Гэхдээ энэ зүйлийг сайн хийж, амжилттай гүйцэлдүүлэхийн тулд юу шаардлагатай байсан бэ? Үүнд хүмүүсийн хичээл зүтгэл, уриа лоозон, тэр ч бүү хэл түр зуурын сэтгэл хөдлөлөөр өгсөн тангараг, мөн Бүтээгчийг бишрэх бишрэл гэж хүмүүсийн нэрлэдэг зүйл ч шаардлагагүй байсан. Үүнд эдгээр зүйл шаардлагагүй байсан. Ноагийн бүхээг барих явдлын өмнө хүмүүсийн бишрэл гэж нэрлэдэг зүйл, тэдний тангараг, хичээл зүтгэл, сүнслэг ертөнцдөө Бурханд итгэх тэдний итгэл, энэ бүгд огт хэрэггүй; Ноагийн Бурханд итгэх жинхэнэ итгэл болон жинхэнэ дуулгавартай байдлын өмнө хүмүүс маш өрөвдмөөр, ядуу тарчиг харагддаг бөгөөд тэдний ойлгодог цөөн хэдэн хоосон сургаал нь маш хөндий, цонхигор, үхээнц, сул дорой санагддаг—ичгүүртэй, жигшүүртэй, бузар булай гэдгийг дурдахын ч хэрэггүй.

Ноа бүхээг барихад 120 жил зарцуулсан. Энэ 120 жил нь 120 хоног, аль эсвэл 10 жил, 20 жил байгаагүй, харин өнөөгийн хэвийн хүний наслалтаас хэдэн арван жилээр урт удаан хугацаа байв. Цаг хугацааны урт, үүнийг гүйцэтгэх хүндрэл бэрхшээл, орох инженерчлэлийн цар хэмжээг харгалзан үзэхэд хэрвээ Ноа жинхэнэ итгэлгүй байсан бол, хэрвээ итгэл нь ердөө л бодол, найдварын тасархай, хичээл зүтгэл, нэг ёсны тодорхойгүй, хийсвэр итгэл төдий байсан бол бүхээг ер нь дуусах байсан гэж үү? Хэрвээ Ноагийн Бурханд дуулгавартай байдал үгээр өгсөн амлалтаас цаашгүй байсан бол, хэрвээ энэ нь зүгээр л өнөөдрийн та нарын хийж байгаатай адилхан үзгээр бичсэн тэмдэглэл байсан бол бүхээг барьж чадах байсан гэж үү? (Үгүй.) Хэрэв Бурханы даалгаврыг хүлээн авах Ноагийн дуулгавартай байдал нь хүсэл, шийдвэр, эрмэлзлээс цаашгүй байсан бол бүхээг барьж чадах байсан гэж үү? Хэрвээ Ноагийн Бурханд дуулгавартай байдал зүгээр л хаях, зарлагадах, төлөөс төлөх, эсвэл зүгээр л илүү их ажил хийх, илүү том төлөөс төлөх, онолын хувьд юм уу уриа лоозонгийн үүднээс Бурханд үнэнч байх хэлбэрдэлт төдий байсан бол бүхээг барьж чадах байсан уу? (Үгүй). Барихад дэндүү хэцүү байх байсан! Хэрэв Бурханы даалгаврыг хүлээн авах Ноагийн хандлага наймааны шинжтэй, зүгээр л ерөөгдөж, шагнуулахын төлөө байсан бол бүхээг барьж чадах байсан уу? Яавч үгүй! Хүний зүтгэл 10, 20 жил, аль эсвэл 50, 60 жил үргэлжилж болох ч тэд үхэх дөхөж, юу ч олж аваагүйгээ хараад Бурханд итгэл алдрах болно. 20, 50, аль эсвэл 80 жилийн турш тууштай байдаг энэ зүтгэл нь дуулгавартай байдал юм уу жинхэнэ итгэл болдоггүй. Энэ нь маш эмгэнэлтэй. Харин Ноад байсан жинхэнэ итгэл, жинхэнэ дуулгавартай байдал бол өнөөгийн хүмүүст дутагдаж байгаа зүйл яг мөн бөгөөд чухамдаа өнөөгийн хүмүүсийн харж чаддаггүй, жигшиж, зэвүүцэж, тэр ч бүү хэл дургүйлхдэг зүйл юм. Ноа бүхээг барьсан түүхийг ярихад үргэлж асар их хэлэлцүүлэг өрнөдөг. Хүн бүр энэ тухай ярьж чаддаг, хүн болгон хэлэх үгтэй байдаг. Гэхдээ Ноад юу байсан, ямар хэрэгжүүлэлтийн замтай байсан, Бурханы хүсдэг ямар төрлийн хандлага, Бурханы тушаалын талаарх үзэл бодол түүнд байсан, Бурханы үгийг сонсож, хэрэгжүүлэх тухайд ямархуу ёс жудагтай байсан гэдгийг хэн ч бодож үздэггүй, мөн олж мэдэх гэж хичээдэггүй. Тиймээс Би өнөөгийн хүмүүс Ноагийн түүхийг ярихад тохирохгүй гэж хэлдэг, учир нь хэн нэгэн энэ түүхийг ярих үедээ Ноаг домогт хүн, тэр ч бүү хэл цагаан сахалтай ердийн нэг өвгөнөөс цаашгүй мэт үздэг. Тэд үнэхээр тийм хүн байсан эсэх, тэр үнэндээ ямархуу байсанд оюун ухаандаа эргэлздэг ба Ноа Бурханы даалгаврыг хүлээн авсныхаа дараа яаж тэр илрэлүүдийг харуулах болсныг ойлгох гэж оролддоггүй. Өнөөдөр, Ноа бүхээг барьсан тухай түүхийг эргэн санавал энэ нь томоохон үйл явдал байсан уу, аль эсвэл жижигхэн үйл явдал байсан уу? Энэ нь ердөө л эрт цагт нэг хөгшин эр бүхээг барьсан тухай жирийн нэг домог уу? (Үгүй ээ.) Бүх хүний дотроос Ноа бол даган дуурайхад хамгийн зохистой, Бурханаас эмээж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлсэн хүн байсан; тэр бол Бурханд сайшаагдсан, өнөөдөр Бурханыг дагаж байгаа хэн бүхэнд үлгэр дуурайл болохуйц нэгэн юм. Тэгвэл түүний юу нь тийм онцгой байсан юм бэ? Тэр сонсоод хүлээн авах, хүлээн аваад дуулгавартай дагах, мөн үхэн үхтлээ дуулгавартай дагах гэсэн нэг л хандлагаар Бурханы үгэнд ханддаг байсан. Бүхнээс эрхэм энэ хандлага л түүнийг Бурханы сайшаалыг хүртэхэд хүргэсэн юм. Бурханы үгийн тухайд, тэр хааш яаш хандаагүй, хэлбэрдээгүй, толгой дотроо Бурханы үгийг шинжилж, дүн шинжилгээ хийж, эсэргүүцэж, голж, дараагаар нь бодлынхоо мухар луу чулуудаагүй; харин ч чин сэтгэлээсээ сонсож, зүрх сэтгэлдээ бага багаар хүлээн авч, дараа нь тэдгээрийг мушгин гуйвуулахгүйгээр анхны санаа зорилгынх нь дагуу хэрхэн хэрэгжүүлж, гүйцэтгэж, биелүүлэх вэ хэмээн тунгаан бодсон. Бурханы үгийг тунгаан бодож байхдаа тэр өөртөө нууцхан “Эд бол Бурханы үг, зааварчилгаа, даалгавар, би хариуцлага үүрч, дуулгавартай дагах ёстой, ямар нэг нарийн ширийнийг орхигдуулж, ямар нэг байдлаар Бурханы хүслийг сөрж болохгүй, Түүний хэлсэн зүйлийн аль ч жижиг хэсгийг анзааралгүй өнгөрч бүр ч болохгүй, эс бөгөөс би хүн гэж дуудуулахад тохирохгүй, Бурханы даалгавар, өргөмжлөлийг хүртэх эрхгүй болно. Бурханы надад хэлж, итгэж даалгасан бүхнийг гүйцэлдүүлж үл чадвал энэ амьдралдаа би маш их харамсаж хоцорно; түүгээр ч зогсохгүй өөрийгөө Бурханы даалгавар, өргөмжлөлийг хүртэх эрхгүй болж, Бүтээгчийн өмнө буцаж очих нүүргүй болно” гэж хэлсэн. Ноагийн зүрх сэтгэлдээ бодож, эргэцүүлсэн бүхэн, харах өнцөг, хандлага, энэ бүхэн нь эцэстээ Бурханы үгийг хэрэгжүүлж, бодит байдал болгож, үр дүнд хүргэх, шаргуу ажлаараа дамжуулан биелүүлж, гүйцэлдүүлснээрээ Бурханы даалгаврыг талаар өнгөрүүлэхгүй байх чадахад хүргэсэн юм. Ноагийн бодсон бүхэн, зүрх сэтгэлд нь төрсөн санаа бүрээс болон түүний Бурханд хандах хандлагаас дүгнэвэл, Ноа Бурханы даалгаварт зохистой, Бурханы итгэлийг хүлээсэн, Бурханы тааллыг хүртсэн нэгэн байжээ. Бурхан хүмүүсийн үг, үйл хэрэг бүрийг ажиглаж, бодол, санааг нь ажигладаг. Бурханы нүдээр бол, Ноа ингэж бодож чадаж байна гэдэг нь Бурхан буруу сонголт хийгээгүй гэсэн үг; Ноа Бурханы даалгавар болон Бурханы итгэлийг хүлээж чадсан, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж чадсан: Бүх хүн төрөлхтний дундах цорын ганц сонголт тэр байлаа.

Бурханы нүдээр бол бүхээг барих ийм агуу үйл хэргийг гүйцэлдүүлэх цорын ганц сонголт нь Ноа байв. Тэгвэл Ноагаас юуг олж харсан бэ? Хоёр зүйл: жинхэнэ итгэл болон жинхэнэ дуулгавартай байдал. Бурханы зүрх сэтгэлд эдгээр нь хүмүүсээс Түүний шаарддаг стандарт юм. Энгийн байгаа биз? (Тийм.) “Цорын ганц сонголт” нь маш энгийн энэ хоёр зүйлийг эзэмшдэг байсан—харин Ноагаас өөр хэнд ч эдгээр нь байгаагүй. Зарим хүн: “Яаж тийм байх юм бэ? Бид гэр бүл, ажил кареераасаа татгалзсан, ажил төрөл, ирээдүй, мэдлэг боловсролоо орхисон, хөрөнгө мөнгө, үр хүүхдээ хаясан. Бидний итгэл хэчнээн агуу болохыг, бид Бурханыг хэчнээн их хайрладгийг хар л даа! Бид яахаараа Ноагаас дор байх юм бэ? Хэрвээ Бурхан биднээс бүхээг барихыг шаардвал—за, орчин үед аж үйлдвэр өндөр хөгжсөн байна, бид мод, хангалттай олон багаж хэрэгсэл ашиглах боломжтой бус уу? Бид ч бас машин техник ашиглавал халуун наран дор ажиллаж чадна; бид ч бас үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж чадна. Иймхэн жижиг ажлыг гүйцэлдүүлэхэд сүртэй юм юу байна? Ноа 100 жил зарцуулсан, харин бид Бурханы санааг зовоохгүйн тулд үүнээс бага хугацаанд хийнэ—бид ердөө 10 жил л зарцуулна. Та Ноаг цорын ганц сонголт байсан гэж хэлсэн, гэхдээ өнөөдөр төгс нэр дэвшигч олон байна; гэр бүл, ажил кареераа орхисон, Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй, өөрсдийгөө үнэхээр зарлагаддаг бидэн шиг хүмүүс—бүгд төгс нэр дэвшигчид. Та яаж Ноаг цорын ганц сонголт байсан гэж хэлж чадаж байна аа? Та биднийг дэндүү басамжилж байгаа юм биш үү?” гэж хэлдэг. Энэ үгэнд асуудал байна уу? (Байна.) Зарим хүн: “Ноагийн үед шинжлэх ухаан, технологи маш муу хөгжсөн байсан, түүнд цахилгаан, орчин үеийн машин техник, тэр ч байтугай хамгийн энгийн цахилгаан өрөм, хөрөө, бүр хадаас ч байгаагүй. Тэр яаж бүхээг барьж дөнгөсөн юм бэ? Өнөөдөр бидэнд энэ бүхэн байна. Энэ даалгаврыг гүйцэлдүүлэх нь бидэнд маш амархан байх биш үү? Хэрвээ Бурхан тэнгэрээс бидэнтэй ярьж, бүхээг барь гэж хэлбэл нэгийг байтугай арвыг ч төвөггүй барьж чадна. Энэ юу ч биш, ядах юмгүй. Бурхан минь, Та юу хүссэнээ бидэнд тушаа. Танд юу шаардлагатай байна, бидэнд хэл. Бид ийм олуулаа байхад бүхээг барих нь огтхон ч хэцүү биш! Бид арав, хорь, бүр зууг ч барьж чадна. Та хэдийг хүснэ, төдийг барина” гэдэг. Юм ийм энгийн гэж үү? (Үгүй.) Ноа бол цорын ганц сонголт байсан гэж Намайг хэлмэгц зарим хүн Надтай сөргөлдөхийг хүсдэг, тэд үнэмшдэггүй: “Эртний хүмүүс энд байхгүй болохоор Та тэднийг сайн гэж боддог. Өнөөгийн хүмүүс Таны хамар дор байхад тэдний тийм сайн зүйлсийг Та харж чаддаггүй. Өнөөгийн хүмүүсийн хийсэн бүх сайн зүйл, тэдний бүх сайн үйл хэргийг Та хардаггүй. Ноа ердөө ганцхан жижиг зүйл хийсэн; тэр үед аж үйлдвэр гэж байгаагүй, бүх биеийн хүчний ажил хүнд байсан болохоор Та түүний хийсэн зүйлийг дурсан санах үнэ цэнтэй гэж бодон, түүнийг үлгэр дуурайл, загвар гэж үзээд, өнөөгийн хүмүүсийн зовлон зүдүүр, Таны төлөө бидний төлдөг төлөөс болон өнөөдрийн бидний итгэлийг хардаггүй юм биш үү?” гэдэг. Энэ үнэн үү? (Үгүй.) Эрин үе, цаг хугацаанаас үл хамааран, хүмүүсийн амьдарч буй орчин ямархуу нөхцөлтэй байхаас үл шалтгаалан эдгээр материаллаг зүйл болон ерөнхий орчин бол ямар ч үнэ цэнгүй, чухал биш юм. Юу чухал вэ? Хамгийн чухал нь чи ямар эрин үед амьдарч байгаа, эсвэл ямар нэгэн технологи эзэмшсэн эсэх, мөн чи Бурханы үгээс хэр ихийг уншиж, сонссон явдал биш юм. Хамгийн чухал нь хүмүүст жинхэнэ итгэл байгаа эсэх, жинхэнэ дуулгавартай байдал байгаа эсэх юм. Энэ хоёр зүйл хамгийн чухал бөгөөд аль нь ч дутуу байж болохгүй. Хэрвээ та нарыг Ноагийн үед аваачсан бол та нараас хэн чинь энэ даалгаврыг гүйцэлдүүлж чадах байсан бэ? Та нар бүгд хамтран ажилласан ч үүнийг гүйцэлдүүлж чадахгүй байсан гэж Би зоригтой хэлж чадна. Та нар бүр талыг нь ч хийж чадахгүй байсан. Бүх хэрэгцээт зүйлийг бэлтгэж дуусаагүй байхад л та нарын олонх нь Бурханд гомдоллож, Түүнд эргэлзээд зугтах байсан. Та нарын цөөн хэд нь арай ядан тэсэж үлдэж, өөрсдийн тууштай байдал, хичээл зүтгэл, бодол санааныхаа хүчээр тэсвэрлэж чадах байсан. Гэхдээ та нар хэр удаан тэсвэрлэж чадах байсан бэ? Үргэлжлүүлэхийн тулд та нарт ямар сэдэл хэрэгтэй вэ? Жинхэнэ итгэл, жинхэнэ дуулгавартай байдалгүйгээр та нар хэдэн жил тэсэх байсан бэ? Энэ нь зан араншингаас хамаарна. Зан араншин арай сайтай, бага зэрэг мөс чанартай хүмүүс найм юм уу арван жил, хорь юм уу гучин жил, магадгүй бүр тавин жил ч тэсэж болох юм. Гэхдээ тавин жилийн дараа тэд дотроо: “Бурхан хэзээ ирэх юм бэ? Үер хэзээ буух юм бэ? Бурханы өгсөн тэмдэг хэзээ гарч ирэх юм бэ? Би бүх насаараа ганц л зүйл хийлээ. Хэрвээ үер буухгүй бол яах вэ? Би амьдралынхаа туршид маш их зовлоо, тавин жил тэсвэрлэлээ—энэ хангалттай, хэрэв би одоо бууж өгвөл Бурхан үүнийг санахгүй, эсвэл яллахгүй. Тиймээс би өөрийнхөөрөө амьдаръя. Бурхан ярьдаггүй, хариу үйлдэл үзүүлдэггүй. Би өдөржингөө хөх тэнгэр, цагаан үүл ширтээд юу ч хардаггүй. Бурхан хаана байна вэ? Нэгэн цагт аянга мэт дуугарч, ярьж байсан Нэгэн—тэр Бурхан байсан уу? Энэ хий үзэгдэл байсан юм уу? Энэ хэзээ дуусах юм бэ? Бурхан санаа тавьдаггүй. Би тусламж гуйн хэчнээн их хашхирсан ч чимээгүй байдлаас өөр юу ч сонсдоггүй, залбирах үед Тэр намайг гэгээрүүлж, залж чиглүүлдэггүй. За больё!” гэж бодно. Тэдэнд жинхэнэ итгэл байсаар байх уу? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд эргэлзэж эхлэх нь гарцаагүй. Тэд өөрчлөлт хийх талаар бодож, гарах зам хайж, Бурханы даалгаврыг хойш тавьж, түр зуурын хичээл зүтгэл, түр зуурын тангаргаа орхих болно; өөрсдийнхөө хувь заяаг хянаж, өөрсдийнхөөрөө амьдрахыг хүсэж, Бурханы даалгаврыг бодлынхоо мухар луу чулуудна. Тэгээд нэг л өдөр Бурхан биечлэн ирж, тэднийг шавдуулж, бүхээг барих ажлын явцын талаар асуухад тэд “Өө! Бурхан үнэхээр оршдог юм байна! Тэгэхээр үнэхээр Бурхан байдаг байх нь. Би барьж эхлэх ёстой!” гэж хэлнэ. Хэрвээ Бурхан ярихгүй, тэднийг яаруулахгүй бол тэд үүнийг яаралтай хэрэг гэж үзэхгүй; хүлээж болно гэж бодно. Ийм хувирамтгай бодол санаа, дурамжханаар аргацаах ийм хандлага—энэ нь жинхэнэ итгэлтэй хүмүүсийн гаргах ёстой хандлага мөн үү? (Үгүй.) Ийм хандлагатай байх нь буруу бөгөөд энэ нь тэдэнд жинхэнэ итгэл, цаашлаад жинхэнэ дуулгавартай байдал байхгүй гэсэн үг юм. Бурхан чамтай биечлэн ярих үед чиний түр зуурын хичээл зүтгэл Бурханд итгэх итгэлийг чинь илтгэх боловч Бурхан чамайг хойш тавьж, шавдуулахгүй, хянахгүй, эсвэл юу ч асуухгүй үед итгэл чинь алга болно. Цаг хугацаа өнгөрч, Бурхан чамтай ярихгүй, эсвэл чамд харагдахгүй, ажилд чинь ямар нэгэн шалгалт хийхгүй үед итгэл чинь бүрмөсөн алга болно; чи өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөө ажил хэргийг хийхийг хүсэх бөгөөд Бурханы даалгавар бодлын чинь мухарт мартагдана; тэр үеийн хичээл зүтгэл, тангараг, шийдвэр чинь юу ч биш болно. Бурхан ийм хүнд агуу үйл хэргийг даатгаж зүрхэлнэ гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Тэд найдваргүй.) Яг зөв. Ганцхан үг: найдваргүй. Чамд жинхэнэ итгэл байхгүй. Чи найдваргүй. Тиймээс Бурхан чамд ямар нэг зүйл даалгахад чи тохирохгүй. Зарим хүн: “Би яагаад тохирохгүй гэж? Бурхан надад ямар ч даалгавар даалгаж өгсөн би хэрэгжүүлнэ—хэн мэдлээ, би үүнийг гүйцэлдүүлж чадах ч юм билүү!” гэдэг. Чи өдөр тутмын амьдралдаа аливаа зүйлийг хайхрамжгүй хийж болох бөгөөд үр дүн нь бага зэрэг дутуу дулимаг байсан ч хамаагүй. Гэхдээ Бурханы даалгасан зүйлс, Бурханы гүйцэлдүүлэхийг хүсдэг зүйлс хэзээ энгийн байсан юм бэ? Хэрвээ тэдгээрийг тэнэг, эсвэл мэхлэгч хүнд, хийдэг бүхэндээ хааш яаш ханддаг хүнд, даалгавар хүлээн авсныхаа дараа хаа сайгүй, хэзээ ч хамаагүй хуурмаг сэтгэлээр үйлдэх магадлалтай хүнд даалгавал энэ нь агуу үйл хэргийг хойшлуулахгүй гэж үү? Хэрвээ та нараар сонгуулбал, хэрвээ та нар хэн нэгэнд томоохон үйл хэргийг даалгах байсан бол ямар хүнд даалгах байсан бэ? Чи ямар хүн сонгох байсан бэ? (Найдвартай хүн.) Хамгийн наад зах нь энэ хүн найдвартай, ёс жудагтай байх ёстой бөгөөд цаг хугацаа ямар байхаас, эсвэл ямар их бэрхшээлтэй тулгарахаас үл хамааран тэд чиний даалгасан зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд бүх зүрх сэтгэл, эрч хүчээ зориулж, чамд тайлагнах болно. Хэрвээ хүмүүс даалгавар өгөхдөө ийм хүн сонгодог юм бол Бурханы хувьд бүр ч илүү тийм байх нь гарцаагүй! Тэгвэл үерээр дэлхийг устгах энэхүү томоохон үйл явдлын хувьд, бүхээг барихыг, мөн амьд үлдэхэд зохистой хэн нэгнийг шаардсан үйл явдлын хувьд Бурхан хэнийг сонгох байсан бэ? Нэгдүгээрт, онолын хувьд Тэр үлдэхэд тохирох, дараагийн эрин үед амьдрахад тохирох хэн нэгнийг сонгох байсан. Бодит байдал дээр, юу юунаас илүүтэйгээр энэ хүн Бурханы үгийг дуулгавартай дагаж чаддаг байх ёстой, тэр Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байх ёстой бөгөөд Бурхан юу ч хэлсэн бай—энэ нь юутай холбоотой байх нь хамаагүй, өөрийнх нь үзэлтэй тохирч байгаа эсэх, таашаалд нийцэж байгаа эсэх өөрийнх нь хүсэлтэй зохицож байгаа эсэхээс үл хамааран—Бурханы үг гэж авч үзэх ёстой. Бурхан түүнээс юу хийхийг шаардсан ч тэр Бурханы ялгамж чанарыг хэзээ ч үгүйсгэх ёсгүй, өөрийгөө үргэлж бүтээгдсэн зүйл гэж үзэх ёстой бөгөөд Бурханы үгийг дуулгавартай дагахыг үргэлж зайлшгүй үүрэг гэж авч үзэх ёстой; ийм л хүнд Бурхан энэхүү онцгой үйл хэргийг даатгадаг. Бурханы зүрх сэтгэлд Ноа яг тийм хүн байсан. Тэрээр шинэ эрин үед үлдэхэд зохистой хүн байгаад зогсохгүй, хүнд хариуцлага үүрч чадах, Бурханы үгэнд буулт хийлгүйгээр эцсийг нь хүртэл захирагдаж чадах, Бурханы өөрт нь даалгасан зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд амиа зориулах хүн байв. Энэ нь Түүний Ноагаас олж харсан зүйл байлаа. Ноа Бурханы даалгаврыг хүлээн авсан мөчөөс эхлээд өөрт нь даалгасан даалгавар нэг бүрийг гүйцэлдүүлэх мөч хүртэл—энэ бүх хугацаанд Ноагийн итгэл болон Бурханд дуулгавартай байхх түүний хандлага туйлын шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн; энэ хоёр зүйлгүйгээр ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан бөгөөд энэхүү даалгавар гүйцэлдэхгүй байх байсан.

Хэрвээ Бурханы даалгаврыг хүлээн авах явцад Ноад өөрийн гэсэн санаа, төлөвлөгөө, үзэл байсан бол бүхэл бүтэн үйл хэрэг хэрхэн өөрчлөгдөх байсан бэ? Нэгдүгээрт, Бурханы түүнд хэлж өгсөн нарийн ширийн зүйл бүртэй—материалуудын техникийн үзүүлэлт болон төрөл, бүтэн бүхээгийг барих арга хэрэгсэл болон арга барил, мөн бүтэн бүхээгийн хэмжээс, хэмжээтэй—нүүр тулаад, энэ бүхнийг сонсох үедээ Ноа: “Ийм том зүйлийг барихад хэдэн жил шаардагдах бол? Энэ бүх материалыг олоход хэчнээн их хүчин чармайлт, бэрхшээл шаардагдах бол? Би туйлдах нь ээ! Ийм их ядаргаа миний насыг богиносгох нь гарцаагүй, тийм биз дээ? Намайг хэр хөгшин гэдгийг хар л даа, гэтэл Бурхан намайг амраахгүй, надаас ийм хүнд зүйл хийхийг шаардаж байна—би үүнийг тэсвэрлэж чадах уу? За, би хийе, гэхдээ надад нэг арга байна: Би зүгээр л Бурханы хэлснийг ерөнхийд нь хийнэ. Бурхан ус нэвтэрдэггүй төрлийн нарс ол гэж хэлсэн. Би тийм мод олж болох нэг газрын талаар сонссон, гэхдээ тэр нь нэлээн хол, бас нэлээн аюултай. Үүнийг хайж олоход маш их хүчин чармайлт шаардагдах тул ойр хавиас орлуулж болох төстэй төрлийг, бараг л адилхан нэгийг олвол яасан юм бэ? Энэ нь эрсдэл багатай, хүчин чармайлт бага шаардана—энэ ч бас зүгээр биз дээ?” гэж бодох байсан уу? Ноад ийм төлөвлөгөө байсан уу? Хэрвээ байсан бол энэ нь жинхэнэ дуулгавартай байдал мөн үү? (Үгүй.) Жишээлбэл: Бурхан бүхээгийг 100 метр өндөр барь гэж хэлсэн. Үүнийг сонсоод тэр: “Зуун метр гэдэг хэтэрхий өндөр байна, хэн ч тэрэн дээр гарч чадахгүй. Дээшээ авирч, дээр нь ажиллах амь насанд аюултай биш гэж үү? Тиймээс би бүхээгийг арай намхан болгоё, 50 метрээр хийе. Энэ нь аюул багатай, хүмүүс гарахад илүү хялбар байх болно. Энэ нь зүгээр биз дээ?” гэж бодох байсан уу? Ноад ийм бодол төрөх байсан уу? (Үгүй.) Тэгвэл хэрвээ түүнд ийм бодол төрсөн бол Бурхан буруу хүнээ сонгосон байх байсан гэж та нар бодож байна уу? (Тийм.) Ноагийн Бурханд итгэх жинхэнэ итгэл болон дуулгавартай байдал нь өөрийнх нь хүслийг хойш тавиулсан; хэдийгээр түүнд ийм бодол төрсөн байлаа ч тэр хэзээ ч үүний дагуу үйлдэхгүй байх байсан. Энэ тал дээр Бурхан Ноаг найдвартай гэдгийг мэдэж байв. Нэгдүгээрт, Ноа Бурханы заасан нарийн ширийн зүйлд ямар ч өөрчлөлт оруулахгүй, өөрийн гэсэн ямар ч санааг нэмэхгүй, цаашлаад өөрийн хувийн ашиг тусын тулд Бурханы заасан нарийн ширийн зүйлийн алиныг нь ч өөрчлөхгүй байх байсан; харин ч тэр Бурханы шаардсан бүхнийг үгчлэн хэрэгжүүлэх байсан бөгөөд бүхээг барих материал олох хэчнээн хэцүү байхаас үл хамааран, ажил хэчнээн хүнд, зүдэргээтэй байхаас үл хамааран тэр үүнийг зохих ёсоор гүйцэлдүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, бүх эрч хүчээ дайчлах байв. Энэ нь түүнийг найдвартай болгосон зүйл биш гэж үү? Мөн энэ нь Бурханд хандах түүний жинхэнэ дуулгавартай байдлын бодит илрэл байсан уу? (Тийм.) Энэхүү дуулгавартай байдал бүрэн төгс байсан уу? (Тийм.) Мөн энэ нь ямар ч зүйлээр бохирдоогүй, өөрийнх нь ямар ч дур хүслийг агуулаагүй, хувийн төлөвлөгөө, тэр ч бүү хэл хувийн үзэл, ашиг сонирхолтой холилдоогүй байсан; харин энэ нь цэвэр, энгийн, бүрэн төгс дуулгавартай байдал байв. Үүнд хүрэхэд амархан байсан уу? (Үгүй.) Зарим хүн санал нийлэхгүй байж магадгүй: “Үүнд тийм хэцүү зүйл юу байна? Энэ нь зүгээр л бодож сэтгэхгүй, робот шиг байж, Бурханы хэлсэн бүхнийг хийх явдал биш үү—энэ чинь амархан биш үү?” гэдэг. Үйлдэх цаг ирэхэд бэрхшээл гарч ирдэг; хүмүүсийн бодол үргэлж өөрчлөгдөж байдаг, тэдэнд үргэлж өөрсдийн гэсэн дур хүсэл байдаг тул Бурханы үг гүйцэлдэж чадах эсэхэд тэд эргэлзэх магадлалтай; Бурханы үгийг сонсох үед тэдэнд хүлээн авахад амархан байдаг ч үйлдэх цаг ирэхэд хэцүү болдог; бэрхшээл эхэлмэгц тэд сөрөг болох магадлалтай бөгөөд тэдний хувьд дуулгавартай байх нь амар биш байдаг. Тэгэхээр Ноагийн зан араншин, түүний жинхэнэ итгэл болон дуулгавартай байдал нь үнэхээр даган дуурайх үнэ цэнтэй гэдэг нь илэрхий байна. Тэгвэл Бурханы үг, тушаал, шаардлагатай тулгарах үедээ Ноа хэрхэн хариу үйлдэл үзүүлж, дуулгавартай дагасан талаар одоо та нарт тодорхой болсон уу? Энэ дуулгавартай байдал хувийн санаагаар бохирдоогүй байсан. Ноа өөрөөсөө замаасаа хазайлгүй, заль мэх хэрэглэлгүй, ухаантай царайлалгүй, өөрийгөө дээгүүр үнэлэхгүйгээр, Бурханд санал дэвшүүлж, Бурханы тушаалд өөрийн санааг нэмж болно гэж бодохгүйгээр, мөн өөрийн сайн санаа зорилгыг оруулахгүйгээр Бурханы үгэнд бүрэн төгс дуулгавартай байж, дуулгавартай дагаж, хэрэгжүүлэхийг шаардсан юм. Бүрэн төгс дуулгавартай байдалд хүрэхийг хичээх үед үүнийг л хэрэгжүүлэх ёстой биш гэж үү?

Бурхан түүнд тушаасны дараа Ноа бүхээг барихад хэр хугацаа зарцуулсан бэ? (Зуун хорин жил.) Энэ 120 жилийн хугацаанд Ноа ганцхан зүйл хийсэн: Тэр бүхээг барьж, янз бүрийн амьтдыг цуглуулсан. Хэдийгээр энэ нь олон янзын ажил биш, ганцхан зүйл байсан ч энэ ганц зүйл нь асар их хэмжээний ажлыг хамарсан. Тэгвэл үүнийг хийх зорилго юу байсан бэ? Тэр яагаад энэ бүхээгийг барьсан бэ? Үүнийг хийхийн зорилго, ач холбогдол юу байсан бэ? Энэ нь Бурхан дэлхийг үерээр устгах үед амьтны төрөл бүрээс амьд үлдэхийн тулд байв. Тиймээс, Бурхан дэлхийг устгахаас өмнө амьтны төрөл бүрийг амьд үлдээхэд бэлтгэхийн тулд Ноа хийх ёстой зүйлээ хийсэн. Бурханы хувьд энэ нь маш яаралтай хэрэг байсан уу? Бурханы ярианы өнгө аяс болон Бурханы тушаасан зүйлийн мөн чанараас Ноа Бурханы тэвчээргүй байгааг, санаа зорилго нь яаралтай байгааг сонсож чадсан уу? (Тийм.) Жишээлбэл, та нарт “Цар тахал ирж байна. Гадаад ертөнцөд тархаж эхэллээ. Та нарын хийх ёстой нэг зүйл байна, хурдхан шиг хийгээрэй: Хурдан явж хоол хүнс, амны хаалт худалдаж ав. Ингээд л болоо!” гэж хэллээ гэж бодъё. Та нар үүнээс юу сонсож байна вэ? Энэ яаралтай юу? (Яаралтай.) Тэгвэл үүнийг хэзээ хийх ёстой вэ? Та нар ирэх жил, түүний дараа жил, эсвэл хэдэн жилийн дараа болтол хүлээх ёстой юу? Үгүй—энэ бол яаралтай ажил, чухал хэрэг. Бусад бүх зүйлийг хойш тавьж, эхлээд үүнд санаа тавь. Эдгээр үгээс та нарын сонсож байгаа зүйл энэ мөн үү? (Мөн.) Тэгвэл Бурханд дуулгавартай байдаг хүмүүс юу хийх ёстой вэ? Тэд урдаа байгаа ажлыг тэр даруй хойш тавих ёстой. Өөр юу ч чухал биш. Бурхан дөнгөж сая хийхийг тушаасан зүйлдээ маш тэвчээргүй байна; Бурханы хувьд яаралтай байгаа, Бурханы санааг зовоож байгаа энэ ажлыг хийж, хэрэгжүүлэхэд тэд цаг алдах ёсгүй; тэд бусад ажлыг хийхээсээ өмнө үүнийг гүйцэлдүүлэх ёстой. Энэ бол дуулгавартай байдал гэсэн үг юм. Гэхдээ хэрвээ чи: “Цар тахал ирж байна гэж үү? Тархаж байна аа? Тархаж байгаа бол тархаж л байг—бидэнд халдаагүй байна. Хэрвээ халдвал тэр үед нь зохицуулна. Амны хаалт, хоол хүнс худалдаж авах аа? Амны хаалт үргэлж олддог. Бас зүүсэн, зүүгээгүй ялгаагүй. Одоо бидэнд хоол хүнс байсаар байтал үүнд санаа зовоод яах юм бэ? Юунд нь яарсан юм бэ? Цар тахал энд иртэл хүлээ. Одоо бидэнд хийх өөр зүйл байна” гэж бодон дүн шинжилгээ хийвэл энэ нь дуулгавартай байдал мөн үү? (Үгүй.) Энэ юу вэ? Үүнийг ерөнхийд нь тэрслүү байдал гэж нэрлэдэг. Илүү тодорхой хэлбэл, энэ нь хайхрамжгүй байдал, эсэргүүцэл, дүн шинжилгээ, хяналт шалгалт бөгөөд зүрх сэтгэлдээ басаж, энэ хэзээ ч тохиолдохгүй гэж бодон, үүнийг бодит гэдэгт итгэхгүй байгаа явдал юм. Ийм хандлагад жинхэнэ итгэл байна уу? (Үгүй.) Тэдний ерөнхий байдал ийм байдаг: Бурханы үг болон үнэний тухайд тэд үргэлж хойш суусан, хайхрамжгүй, хэнэггүй хандлагатай байдаг; зүрх сэтгэлдээ тэд үүнийг огт чухал гэж үздэггүй. Тэд: “Үнэнтэй холбоотой Таны хэлсэн зүйл болон Таны эрхэм дээд номлолыг би сонсоно—мартахгүйн тулд би эдгээрийг эргэлзээгүйгээр тэмдэглэж авна. Гэхдээ хоол хүнс, амны хаалт худалдаж авах тухай Таны хэлсэн зүйлс үнэнтэй холбоогүй тул би тэдгээрээс татгалзаж болно, зүрх сэтгэлдээ тэдгээрийг тохуурхаж болно, мөн би Танд хайхрамжгүй, үл тоомсорлосон хандлагаар хандаж болно; би чихээрээ сонсоход л хангалттай, харин зүрх сэтгэлдээ юу бодох нь Танд хамаагүй, Таны хэрэг биш” гэж боддог. Энэ нь Бурханы үгэнд хандах Ноагийн хандлага байсан уу? (Үгүй.) Тэр ийм байгаагүйг юу харуулдаг вэ? Бид энэ талаар ярих ёстой; Бурханд хандах Ноагийн хандлага тэс өөр байсныг чамд заах болно. Үүнийг батлах баримтууд ч бий.

Аж үйлдвэржилтийн өмнөх тэр эрин үед бүх зүйлийг гараар хийж, гүйцэлдүүлэх ёстой байсан бөгөөд гар ажил бүр маш хүнд хүчир, цаг их шаарддаг байв. Ноа Бурханы даалгаврыг, Бурханы тодорхойлсон бүх зүйлийг сонсох үедээ энэ хэргийн чухлыг болон нөхцөл байдлын хүнд хэцүүг мэдэрсэн. Бурхан дэлхийг устгана гэдгийг тэр мэдсэн. Тэгвэл Бурхан яагаад үүнийг хийх гэж байсан бэ? Яагаад гэвэл хүмүүс маш ёрын муу, Бурханы үгэнд итгэдэггүй, бүр Бурханы үгийг үгүйсгэдэг байсан бөгөөд Бурхан тэр хүн төрөлхтнийг жигшсэн. Бурхан тэр хүн төрөлхтнийг ганц хоёрхон өдөр жигшсэн гэж үү? Бурхан сэтгэлийн хөөрлөөр: “Өнөөдөр Би энэ хүн төрөлхтөнд дургүй байна. Би энэ хүн төрөлхтнийг устгах болно, тиймээс ажилдаа орж, Надад бүхээг барьж өг” гэж хэлсэн үү? Ийм байдаг уу? Үгүй. Бурханы үгийг сонссоныхоо дараа Ноа Бурханы юу хэлэх гэснийг ойлгосон. Бурхан тэр хүн төрөлхтнийг ганц, хоёр өдөр жигшсэн юм биш; хүн төрөлхтнийг шинээр эхлүүлэхийн тулд Тэр үүнийг устгахаар тэсэн ядаж байв. Гэхдээ энэ удаад Бурхан дахин өөр хүн төрөлхтнийг бүтээхийг хүсээгүй; үүний оронд Тэр Ноаг азтайгаар амьд үлдэж, дараагийн эрин үеийн эзэн, хүн төрөлхтний өвөг дээдэс болгохгэж байв. Бурханы санааны энэ талыг ойлгож мэдмэгцээ Ноа Бурханы яаралтай санаа зорилгыг зүрх сэтгэлийнхээ угаас мэдэрч, Бурханы яаруу байгааг ойлгож ухаарч чадсан—тиймээс Бурханыг айлдах үед Ноа анхааралтай, нухацтай, хичээнгүйлэн сонсохоос гадна зүрх сэтгэлдээ ямар нэг зүйлийг мэдэрсэн. Тэр юу мэдэрсэн бэ? Яаруу байдал буюу Бүтээгчийн яаралтай санаа зорилгыг ухамсарласны дараа жинхэнэ бүтээгдсэн зүйлийн мэдрэх ёстой тэрхүү сэтгэл хөдлөлийг мэдэрсэн. Тэгвэл Бурхан түүнд бүхээг барихыг тушаамагц Ноа зүрх сэтгэлдээ юу гэж бодсон бэ? Тэрээр: “Өнөөдрөөс эхлэн бүхээг барихаас илүү чухал зүйл байхгүй, үүн шиг чухал, яаралтай зүйл үгүй. Би Бүтээгчийн зүрх сэтгэлээс гарсан үгийг сонссон, би Түүний яаралтай санаа зорилгыг мэдэрсэн, тиймээс би хойшлуулж болохгүй; би Бурханы хэлсэн, шаардсан бүхээгийг маш яаралтай барих ёстой” гэж бодсон. Ноагийн хандлага ямар байсан бэ? Үл тоомсорлож зүрхлэхгүй хандлага. Тэгээд тэр бүхээг барих ажлыг ямар байдлаар гүйцэтгэсэн бэ? Хойшлуулалгүйгээр. Тэрээр Бурханы айлдсан, зааварласан зүйлийн деталь бүрийг огтхон ч хааш яаш хандалгүйгээр хамаг эрч хүчээрээ, маш яаралтай хэрэгжүүлж, гүйцэтгэсэн. Товчхондоо, Бүтээгчийн тушаалд хандах Ноагийн хандлага бол дуулгавартай байдал байв. Тэр үүнд хүйтэн хөндий хандаагүй бөгөөд зүрх сэтгэлдээ эсэргүүцээгүй, мөн хайхрамжгүй байгаагүй. Үүний оронд тэр деталь бүрийг цээжлэхийн сацуу Бүтээгчийн санаа зорилгыг ойлгохыг хичээнгүйлэн чармайсан. Бурханы яаралтай санаа зорилгыг ойлгож мэдмэгцээ тэр хурдаа нэмж, Бурханы өөрт нь хэлж өгсөн зүйлийг маш яаралтай гүйцэлдүүлэхээр шийдсэн. “Маш яаралтай” гэдэг нь юу гэсэн үг байсан бэ? Энэ нь өмнө нь нэг сар шаардагдах байсан ажлыг аль болох богино хугацаанд, магадгүй төлөвлөснөөс гурав юм уу тав хоногийн өмнө, огтхон ч хойш суулгүй, өчүүхэн төдий ч хойшлуулалгүйгээр хийж дуусган, харин бүтэн төслийг чадах чинээгээрээ урагшлуулна гэсэн үг байв. Мэдээж хэрэг, ажил бүрийг гүйцэтгэхдээ тэрээр гарз хохирол, алдаа дутагдлыг аль болох багасгаж, ямар ч ажлыг дахин давтаж хийхэд хүрэхгүй байхаар хийхийг бүх чадлаараа хичээх байсан; тэрээр мөн ажил, үйл явц бүрийг хуваарийн дагуу гүйцэтгэж, чанарын баталгаатай сайн хийх байсан. Энэ бол хойш суудаггүйн жинхэнэ илрэл байв. Тэгвэл түүний хойш суухгүй байж чадсаны урьдач нөхцөл юу байсан бэ? (Тэр Бурханы тушаалыг сонссон.) Тийм ээ, энэ бол үүний урьдач нөхцөл, суурь нөхцөл байсан. Тэгвэл Ноа яагаад хойш суухгүй байж чадсан бэ? Зарим хүн: “Ноад жинхэнэ дуулгавартай байдал байсан” гэж хэлдэг. Тэгвэл тийм жинхэнэ дуулгавартай байдалд хүрэх боломжийг олгосон ямар зүйл түүнд байсан бэ? (Тэр Бурханы зүрх сэтгэлийг харгалзан үздэг байсан.) Яг зөв! Зүрх сэтгэлтэй байна гэдэг нь энэ юм! Зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханы зүрх сэтгэлийг харгалзан үзэж чаддаг; зүрх сэтгэлгүй хүмүүс бол хоосон хальс, тэнэгүүд бөгөөд тэд Бурханы зүрх сэтгэлийг харгалзан үзэхийг мэддэггүй. Тэдний сэтгэлгээ нь: “Бурханд энэ нь хэчнээн яаралтай байх нь надад хамаагүй, би өөрийнхөө дураар л хийнэ—ямартай ч би зүгээр суугаагүй, эсвэл залхуураагүй байна” гэдэг. Ийм төрлийн хандлага, ийм төрлийн сөрөг байдал, огтын санаачилгагүй байдал нь—энэ нь Бурханы зүрх сэтгэлийг харгалзан үздэг хүнийх биш, мөн тэд Бурханы зүрх сэтгэлийг хэрхэн харгалзан үзэхийг ч ойлгодоггүй. Ийм тохиолдолд тэдэнд жинхэнэ итгэл байх уу? Мэдээж байхгүй. Ноа Бурханы зүрх сэтгэлийг харгалзан үзсэн, түүнд жинхэнэ итгэл байсан, тиймээс Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж чадсан. Тиймээс, зүгээр л Бурханы даалгаврыг хүлээн авч, бага зэрэг хүчин чармайлт гаргахад бэлэн байх нь хангалтгүй юм. Чи бас Бурханы санаа зорилгыг харгалзан үзэж, бүхнээ зориулж, үнэнч байх ёстой—энэ нь чамаас мөс чанар, эрүүл ухаантай байхыг шаарддаг; энэ бол хүмүүст байх ёстой зүйл бөгөөд Ноад байсан зүйл юм. Та нар хэл дээ, тэр үед тийм том бүхээг барихад, хэрвээ Ноа хойш сууж, ямар ч яаруу байдал, түгшүүр, үр бүтээмжгүй байсан бол хэдэн жил шаардагдах байсан бэ? Үүнийг 100 жилийн дотор дуусгаж чадах байсан уу? (Үгүй.) Үүнийг тасралтгүй барихад хэд хэдэн үеийнхэн шаардагдах байсан. Нэг талаар, бүхээг шиг бат бөх зүйл барихад олон жил шаардагдана; түүнчлэн, бүх амьд амьтдыг цуглуулж, асран хамгаалахад ч бас тийм хугацаа шаардагдах байв. Эдгээр амьтныг цуглуулах амархан байсан уу? (Үгүй.) Амархан байгаагүй. Тиймээс Бурханы тушаалыг сонсож, Бурханы яаралтай санаа зорилгыг ойлгож мэдсэний дараа энэ нь амар хялбар, шулуун дардан байхгүй гэдгийг Ноа мэдэрсэн. Бурханыг сэтгэл хангалуун, санаа амар байлгахын тулд, Бурханы ажлын дараагийн алхмыг саадгүй үргэлжлүүлэхийн тулд үүнийг Бурханы хүслийн дагуу хийж, Бурханы өгсөн даалгаврыг гүйцэлдүүлэх ёстойгоо тэр ухаарсан. Ноагийн зүрх сэтгэл ийм байв. Тэгвэл энэ нь ямархуу зүрх сэтгэл байсан бэ? Энэ бол Бурханы санаа зорилгыг харгалзан үздэг зүрх сэтгэл байв. Бүхээг барьсан Ноагийн зан авираас дүгнэхэд тэр гарцаагүй агуу итгэлтэй хүн байсан бөгөөд зуун жилийн турш Бурханы үгэнд огтхон ч эргэлзээгүй. Тэр юунд найдсан бэ? Тэр Бурханд итгэх итгэл болон Түүнд дуулгавартай байх байдалдаа найдсан. Ноа туйлын дуулгавартай байж чадсан. Түүний туйлын дуулгавартай байдлын нарийн зүйл нь юу вэ? Түүний харгалзан үзэх байдал. Та нарт ийм зүрх сэтгэл бий юу? (Байхгүй.) Та нар хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирч чаддаг ч хэрэгжүүлж чаддаггүй, бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханы тушаалыг биелүүлж чаддаггүй. Ярих үедээ та нар маш тодорхой ярьдаг боловч бодитоор хэрэгжүүлэх болоход, ямар нэг бэрхшээлтэй тулгарахад сөрөг болж, бага зэрэг зовох үедээ гомдоллож эхлэн, зүгээр л бууж өгөхийг хүсдэг. Хэрэв найм, арван жилийн турш аадар бороо орохгүй бол та нар сөрөг болж, Бурханд эргэлзэх болно, хэрэв дахиад 20 жил аадар бороо орохгүй өнгөрвөл та нар үргэлжлүүлэн сөрөг байна биз дээ? Ноа бүхээг барихад 100 гаруй жилийг зарцуулахдаа хэзээ ч сөрөг болж, Бурханд эргэлзээгүй, зүгээр л бүхээгээ үргэлжлүүлэн барьсаар байсан. Ноагаас өөр хэн үүнийг хийж чадах байсан бэ? Та нарт юу дутагдаж байна вэ? (Бидэнд хэвийн хүн чанар юм уу мөс чанар байхгүй.) Яг зөв. Та нарт Ноагийн ёс жудаг байхгүй. Ноа хэчнээн олон үнэнийг ойлгодог байсан бэ? Тэр та нараас илүү олон үнэнийг ойлгодог байсан гэж та нар бодож байна уу? Та нар маш олон номлол сонссон. Бурханы бие махбодтой бололтын нууц, Бурханы ажлын гурван үе шатны бодит түүх, Бурханы удирдлагын төлөвлөгөө; эдгээр нь хүн төрөлхтөнд илэрхийлсэн хамгийн дээд, хамгийн гүн гүнзгий нууцууд бөгөөд энэ бүхнийг та нарт тодорхой ойлгуулсан байтал та нар яагаад Ноагийн хүн чанарыг эзэмшээгүй, Ноагийн хийж чадсан шиг хийж чадахгүй хэвээр байна вэ? Та нарын итгэл, хүн чанар Ноагийнхаас хамаагүй дорд юм! Та нарт жинхэнэ итгэл, эсвэл хүн чанарт байх ёстой наад захын мөс чанар, эрүүл ухаан байхгүй гэж хэлж болно. Хэдийгээр та нар олон номлол сонсож, өнгөн дээрээ үнэнийг ойлгодог мэт харагддаг ч илүү олон номлол сонссоноор, эсвэл үнэнийг ойлгосноор хүн чанар болон завхарсан зан чанар чинь шууд өөрчлөгдөж чадахгүй. Эдгээр зүйлийг ялган таних чадваргүйгээр хүмүүс өөрсдийгөө эртний гэгээнтэн хүмүүсээс нэг их дордохгүй гэж үзэж: “Бид одоо бас Бурханы даалгаврыг хүлээн авч, Бурханы Өөрийнх нь амнаас гарсан Бурханы үгийг сонсож байна. Бид бас Бурханы биднээс шаардсан зүйл бүрд нухацтай хандаж байгаа. Хүн бүр эдгээр зүйлийн талаар хамтдаа нөхөрлөж, дараа нь төлөвлөх, хуваарилах, хэрэгжүүлэх ажлыг хийдэг. Бид эртний гэгээнтэн хүмүүсээс юугаараа өөр юм бэ?” хэмээн дотроо боддог. Одоо та нарын харж байгаа ялгаа том байна уу, үгүй юу? Энэ нь асар том бөгөөд голчлон ёс жудгийн хувьд. Өнөөгийн хүмүүс маш завхарсан, аминч, жигшүүртэй! Тэд өөрсдөд нь ашиг тусгүй л бол хуруугаа ч хөдөлгөдөггүй! Сайн зүйл хийж, сайн үйл бэлдэх нь тэдний хувьд маш хүнд хэцүү байдаг! Тэд үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдаг ч хүсэл зориггүй, тэд зовоход бэлэн байдаг ч тэсвэрлэж чаддаггүй, тэд төлөөс төлөхийг хүсдэг ч хийж чаддаггүй, тэд үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ч биелүүлж чаддаггүй, мөн тэд Бурханыг хайрлахыг хүсдэг ч үүнийгээ амьдрал дээр хэрэгжүүлж чаддаггүй. Надад хэл дээ, ийм төрлийн хүн чанар хэчнээн их дутагдалтай байна вэ! Үүнийг нөхөхийн тулд хэчнээн их үнэнийг ойлгож, эзэмшсэн байх ёстой вэ?

Бид сая Ноа Бурханы санаа зорилгыг харгалзан үздэг талаар нөхөрлөсөн бөгөөд энэ нь түүний хүн чанарын үнэтэй хэсэг байсан. Бас өөр нэг зүйл бий—тэр нь юу вэ? Бурханы үгийг сонссоныхоо дараа Ноа нэг баримтыг мэдсэн; мөн Бурханы төлөвлөгөө юу болохыг ч бас мэдсэн. Төлөвлөгөө нь зүгээр л дурсгал болгон бүхээг барих, эсвэл зугаа цэнгэлийн парк байгуулах, эсвэл таних тэмдэг болгон ямар нэг том барилга барих байгаагүй—ийм байгаагүй. Бурханы хэлсэн зүйлээс Ноа нэг баримтыг мэдсэн: Бурхан хорон муу байсан энэ хүн төрөлхтнийг жигшиж, энэ хүн төрөлхтнийг үерийн усаар устгахаар шийдсэн байв. Харин дараагийн эрин үе рүү амьд үлдэх хүмүүс энэ бүхээгийн ачаар үерээс аврагдах байв; энэ нь тэдэнд амьд үлдэх боломжийг олгох байлаа. Тэгвэл энэ баримтын гол асуудал нь юу байсан бэ? Бурхан дэлхийг үерээр устгах бөгөөд Тэр Ноагаар бүхээг бариулан, амьд үлдээж, мөн бүх төрлийн амьд амьтдыг амьд үлдээж, харин хүн төрөлхтнийг устгахыг зорьсон явдал байв. Энэ нь том зүйл байсан уу? Энэ бол гэр бүлийн ялихгүй асуудал, эсвэл хувь хүн юм уу овог аймагт хамаарах жижиг хэрэг байгаагүй; харин том үйл ажиллагааг хамарч байв. Ямар төрлийн том үйл ажиллагаа вэ? Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой үйл ажиллагаа. Бурхан бүх хүн төрөлхтнийг хамарсан, Түүний удирдлага, хүн төрөлхтөнд хандах Түүний хандлага болон хүн төрөлхтний хувь заяатай холбоотой том зүйл хийх гэж байв. Энэ бол Бурхан энэ үйл хэргийг өөрт нь даалгах үед Ноагийн мэдсэн гурав дахь мэдээлэл байв. Бурханы үгээс энэ тухай сонсох үед Ноагийн хандлага ямар байсан бэ? Итгэх хандлага уу, эргэлзэх хандлага уу, эсвэл огт итгэхгүй байх хандлага байсан уу? (Итгэх.) Тэр хэр зэрэг итгэсэн бэ? Түүний итгэснийг ямар баримтууд баталдаг вэ? (Бурханы үгийг сонсмогцоо тэрээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Бурханы хэлснээр бүхээгийг барьсан нь Бурханы үгэнд хандах түүний хандлага итгэх хандлага байсан гэсэн үг юм.) Бурханы өөрт нь даалгасан зүйлийг хүлээн авсны дараах гүйцэтгэл, хэрэгжүүлэлтийн түвшнээс эхлээд эцсийн дүнд гүйцэлдүүлсэн зүйлийн баримт хүртэл Ноагийн харуулсан бүхнээс дүгнэхэд Ноа Бурханы айлдсан үг бүрд туйлын итгэлтэй байсан нь харагддаг. Яагаад тэр туйлын итгэлтэй байсан бэ? Яаж эргэлзээгүй юм бэ? Яагаад тэр дүн шинжилгээ хийхийг оролдоогүй, зүрх сэтгэлдээ үүнийг шинжлээгүй юм бэ? Энэ нь юутай холбоотой вэ? (Бурханд итгэх итгэлтэй.) Яг зөв, энэ бол Бурханд итгэх Ноагийн жинхэнэ итгэл байсан юм. Тиймээс Бурханы хэлсэн бүх зүйл болон Түүний үг бүрийн тухайд Ноа зүгээр л сонсоод, хүлээн авсан юм биш; харин зүрх сэтгэлийнхээ угт жинхэнэ мэдлэг, итгэлтэй байсан. Хэдийгээр Бурхан үерийн ус хэзээ ирэх, хэдэн жилийн дараа болох, эсвэл энэ үерийн цар хүрээ ямар байх, Бурхан дэлхийг устгасны дараа ямар байх зэрэг янз бүрийн нарийн ширийн зүйлийг түүнд хэлээгүй ч Бурханы хэлсэн бүхэн аль хэдийн баримт болсон гэдэгт Ноа итгэж байв. Ноа Бурханы үгэнд үлгэр, эсвэл домог, эсвэл ямар нэгэн хэлц үг, эсвэл ямар нэг бичвэр мэт хандаагүй, харин Бурхан үүнийг хийх гэж байгаа бөгөөд Бурханы гүйцэлдүүлэхээр шийдсэн зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй гэдэгт зүрх сэтгэлийнхээ угт итгэж, баттай мэдэж байлаа. Бурханы үг болон Бурханы гүйцэлдүүлэхийг хүссэн зүйлд хүмүүс ганцхан хандлагатай байж чадна, тэр нь энэ баримтыг хүлээн авч, Бурханы тушаасан зүйлд дуулгавартай байж, Бурханы хийхийг шаардсан даалгаврыг сайн гүйцэтгэх гэж Ноа мэдэрсэн—түүний хандлага ийм байв. Ноад яг ийм хандлага байсан учраас—дүн шинжилгээ хийхгүй, шинжлэхгүй, эргэлзэхгүй, харин зүрх сэтгэлийнхээ угаас итгэж, дараа нь Бурханы шаардсан зүйлийг гүйцэтгэж, Бурханы гүйцэлдүүлэхийг хүссэн зүйлд өөрийн хувь нэмрийг оруулахаар шийдсэн—чухам үүний улмаас л бүхээг барьж, бүх төрлийн амьд амьтдыг цуглуулан амьд үлдээх баримт биелсэн юм. Хэрвээ Бурхан дэлхийг үерээр устгана гэдгээ хэлэхийг сонсох үедээ Ноа эргэлзсэн бол; хэрвээ тэр үүнийг хараагүй, мөн хэзээ болохыг нь мэдэхгүй, олон тодорхойгүй зүйл байсан учраас үүнд бүрэн итгэж зүрхлээгүй бол бүхээг барих талаарх түүний бодол санаа, үнэмшил нөлөөлөлд автаж, өөрчлөгдөх байсан уу? (Тийм.) Яаж өөрчлөгдөх байсан бэ? Бүхээг барьж байхдаа тэрээр ажлыг хялбарчилж, Бурханы нарийвчилсан шаардлагыг үл ойшоож, эсвэл Бурханы хүссэнээр бүхээг дотор бүх төрлийн амьд амьтдыг цуглуулахгүй байж болох байсан; Бурхан нэг эр, нэг эм байх ёстой гэж хэлсэн, харин Ноа: “Заримынх нь хувьд зүгээр л эм байхад хангалттай. Би заримыг нь олж чадахгүй байна, тиймээс тэднийг мартъя. Дэлхийг устгах үер хэзээ болохыг хэн мэдлээ” гэж хэлж болох байв. Бүхээг барьж, бүх төрлийн амьд амьтдыг цуглуулах үйл хэрэг 120 жил шаардсан. Хэрвээ Бурханы үгэнд итгэх жинхэнэ итгэл байгаагүй бол Ноа энэ 120 жилийн турш тууштай байх байсан уу? Яавч үгүй. Гадаад ертөнцийн хөндлөнгийн оролцоо, гэр бүлийнхнийх нь янз бүрийн гомдолтой тулгарахад Бурханы үгийг баримт гэдэгт итгэдэггүй хүний хувьд бүхээг барих үйлийг гүйцэлдүүлэх нь маш хэцүү байх байсан, 120 жил шаардагдана гэвэл бүр ч боломжгүй байх байсан. Өнгөрсөн удаа Би та нараас 120 жил гэдэг урт хугацаа юу гэж асуусан. Та нар бүгд тийм гэж хэлсэн. Би та нараас та нар хэр удаан тэсэх байсан бэ гэж асуусан, сүүлдээ би 15 хоног тэсэж чадах эсэхийг чинь асуухад та нарын хэн нь ч чадна гэж хэлээгүй, тэгэхэд Миний урам хугарсан. Та нар Ноагаас хамаагүй дорд юм. Та нар түүний толгой дээрх нэг ширхэг үстэй ч дүйцэхгүй, та нарт түүний итгэлийн аравны нэг ч байхгүй. Та нар ямар өрөвдмөөр юм бэ! Нэгдүгээрт, та нарын хүн чанар, ёс жудаг дэндүү дорд юм. Хоёрдугаарт, үнэний эрэлхийлэл та нарт үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Тиймээс та нар Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгох чадамжгүй, та нарт жинхэнэ дуулгавартай байдал ч байдаггүй. Тэгвэл та нар яаж өдийг хүртэл тэсэж чадсан юм бэ—Намайг нөхөрлөж байхад та нар яагаад тэнд суугаад сонссоор байдаг юм бэ? Та нарт хоёр тал бий. Нэг талаар, та нарын ихэнх нь сайн байхыг хүссээр байна; та нар муу хүн байхыг хүсдэггүй. Та нар сайн замаар явахыг хүсдэг. Та нарт иймхэн шийдвэр бий, иймхэн сайн хүсэл эрмэлзэл бий. Үүний зэрэгцээ та нарын ихэнх нь үхлээс айдаг. Та нар үхлээс хэр зэрэг айдаг вэ? Гадаад ертөнцөд бага зэрэг гай зовлонгийн шинж тэмдэг илрэх үед үүргээ гүйцэтгэхэд онцгой хүчин чармайлт гаргадаг хүмүүс та нарын дунд бий; байдал намжих үед тэд тав тухдаа ташуурч, үүрэгтээ хамаагүй бага хүчин чармайлт гаргадаг; тэд үргэлж махан биедээ анхаарч байдаг. Ноагийн жинхэнэ итгэлтэй харьцуулахад та нарын харуулж буй зүйлд жинхэнэ итгэл байна уу? (Байхгүй.) Би ч бас тэгж бодож байна. Бага зэрэг итгэл байлаа ч гэсэн тэр нь өрөвдмөөр өчүүхэн бөгөөд шалгалтуудын сорилтыг тэсвэрлэж чадахгүй.

Би хэзээ ч ямар нэгэн ажлын зохицуулалт гаргаж байгаагүй, гэхдээ тэдгээрийн өмнөх үг нь иймэрхүү байдгийг Би олонтаа сонсож байсан: “Яг одоо янз бүрийн улс орнууд ноцтой эмх замбараагүй байдалд орж, ертөнцийн чиг хандлага улам бүр хорон муу болж байна, иймээс Бурхан хүн төрөлхтнийг шийтгэнэ; бид тийм, тийм зүйл хийснээр үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэж, Бурханд үнэнч байдлаа өргөх ёстой.” “Сүүлийн үед тахал улам бүр газар авч, орчин нөхцөл улам бүр доройтож, гамшиг улам бүр ноцтой болж, хүмүүс өвчин эмгэг, үхэлтэй нүүр тулж байна, бид Бурханд итгэж, Бурханы өмнө илүү их залбирч байж л тахлаас зайлсхийж чадна, учир нь гагцхүү Бурхан л бидний хоргодох газар юм. Өнөө үед, ийм нөхцөл байдал, ийм орчинтой тулгараад бид тийм, тийм зүйл хийж сайн үйл бэлдэх ёстой, тийм, тийм зүйл хийж өөрсдийгөө үнэнээр зэвсэглэх ёстой—энэ бол зайлшгүй чухал.” “Энэ жилийн хортон шавжийн нүүдэл онцгой ноцтой байсан, хүн төрөлхтөн өлсгөлөнтэй нүүр тулж, удахгүй дээрэм тонуул, нийгмийн тогтворгүй байдалтай тулгарах тул Бурханд итгэдэг хүмүүс Бурханы өмнө байнга ирж залбиран, Бурханы хамгаалалтыг гуйх ёстой, чуулганы хэвийн амьдрал болон хэвийн сүнслэг амьдралыг хадгалах ёстой” гэх мэт. Тэгээд өмнөх үгийг хэлмэгц тодорхой зохицуулалтууд эхэлдэг. Эдгээр өмнөх үг нь хүмүүсийн итгэлд цаг үргэлж цаг үеэ олсон, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэгвэл, хэрвээ эдгээр өмнөх үг, мэдэгдлийг хийгээгүй бол ажлын зохицуулалт хэрэгжихгүй байх байсан гэж үү хэмээн Би гайхдаг. Эдгээр өмнөх үггүйгээр ажлын зохицуулалт нь ажлын зохицуулалт биш байх байсан гэж үү? Тэдгээрийг гаргах шалтгаан байхгүй байх байсан гэж үү? Эдгээр асуултын хариулт гарцаагүй “үгүй” юм. Одоо Миний мэдэхийг хүсэж байгаа зүйл бол, хүмүүс ямар зорилгоор Бурханд итгэдэг вэ? Тэдний Бурханд итгэх итгэлийн ач холбогдол яг юу вэ? Бурханы гүйцэлдүүлэхийг хүсэж буй баримтуудыг тэд ойлгодог уу, үгүй юу? Хүмүүс Бурханы үгэнд хэрхэн хандах ёстой вэ? Бүтээгчийн шаардсан бүхэнд тэд хэрхэн хандах ёстой вэ? Эдгээр асуулт нь тунгаан бодох тийм чухал уу? Хэрвээ хүмүүсийг Ноагийн стандартаар хэмжвэл нэг нь ч “бүтээгдсэн зүйл” гэж нэрлүүлэх эрхгүй гэж Би үздэг. Тэд Бурханы өмнө очих эрхгүй байх байсан. Хэрвээ өнөөгийн хүмүүсийн итгэл болон дуулгавартай байдлыг Ноад хандах Бурханы хандлага, Ноаг сонгосон Бурханы стандартаар хэмжвэл Бурхан тэдэнд сэтгэл хангалуун байж чадах уу? (Үгүй.) Тэд маш хол дутна! Хүмүүс Бурханд итгэж, шүтдэг гэж үргэлж хэлдэг боловч энэ итгэл, шүтлэг тэдний хувьд хэрхэн илэрдэг вэ? Үнэндээ энэ нь Бурханаас хараат байдал, Түүнээс шаардах шаардлага, түүнчлэн Түүний эсрэг тэдний жинхэнэ тэрслүү байдал, тэр ч бүү хэл бие махбодтой болсон Бурханыг үл тоомсорлох байдлаар илэрдэг. Энэ бүхнийг хүн төрөлхтөн үнэнийг үл хүндэтгэж, зарчмыг ил тод зөрчиж байгаа хэрэг гэж үзэж болох уу? Үнэндээ тийм л байдаг—энэ бол үүний мөн чанар юм. Ажлын зохицуулалтад эдгээр үг багтах бүрд хүмүүсийн “итгэл” нэмэгддэг; ажлын зохицуулалт гарах бүрд, хүмүүс ажлын зохицуулалтын шаардлага, ач холбогдлыг ухаарч, тэдгээрийг хэрэгжүүлж чадах үедээ дуулгавартай байдлынх нь түвшин нэмэгдсэн, одоо өөрсдөд нь дуулгавартай байдал байгаа гэж итгэдэг—гэвч үнэн хэрэгтээ тэдэнд итгэл болон жинхэнэ дуулгавартай байдал үнэхээр байдаг уу? Тэгвэл Ноагийн стандартаар хэмжихэд энэхүү итгэл, дуулгавартай байдал гэгч нь яг юу вэ? Үнэндээ бол нэг төрлийн наймаа юм. Үүнийг яаж итгэл болон жинхэнэ дуулгавартай байдал гэж үзэх боломжтой вэ? Хүмүүсийн энэхүү жинхэнэ итгэл гэгч нь юу вэ? “Эцсийн өдрүүд ирлээ—Бурхан удахгүй хөдөлнө гэж найдаж байна! Бурхан дэлхийг устгах үед би энд байж, аз таарч амьд үлдэн, сүйрлийн гай гамшигт өртөхгүй байх нь ямар их ерөөл вэ. Бурхан маш сайн, Тэр хүмүүст маш их хайртай, Бурхан маш агуу! Тэр хүнийг маш их өргөмжилсөн, Бурхан үнэхээр Бурхан мөн, гагцхүү Бурхан л ийм зүйл хийж чадна.” Тэгвэл тэдний жинхэнэ дуулгавартай байдал гэгч нь юу вэ? “Бурханы хэлсэн бүхэн зөв. Түүний шаардсан бүхнийг хий; тэгэхгүй бол чи гамшигт унаж, чиний хувьд бүх зүйл дуусаж, хэн ч чамайг аварч чадахгүй.” Тэдний итгэл нь жинхэнэ итгэл биш, дуулгавартай байдал нь ч бас жинхэнэ дуулгавартай байдал биш—эдгээр нь худал хуурмагаас өөр юу ч биш юм.

Өнөөдөр дэлхийн бараг бүх хүн Ноагийн бүхээг барьсныг мэддэг, тийм биз? Гэхдээ хэдэн хүн жинхэнэ түүхийг нь мэддэг вэ? Хэдэн хүн Ноагийн жинхэнэ итгэл болон дуулгавартай байдлыг ойлгодог вэ? Мөн Ноаг үнэлсэн Бурханы үнэлгээ ямар байсныг хэн мэдэж, хэн тоодог вэ? Үүнд хэн ч анхаарал хандуулдаггүй. Энэ юуг харуулж байна вэ? Хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй, эерэг зүйлийг хайрладаггүй гэдгийг харуулж байна. Өнгөрсөн удаа Намайг энэ хоёр хүний түүхийг нөхөрлөсний дараа хэн нэгэн Библийг эргэн сөхөж эдгээр түүхийг нарийн дэлгэрэнгүй уншсан уу? Ноа, Абрахам, Иов нарын түүхийг сонсоод та нарын сэтгэл хөдөлсөн үү? (Тийм.) Та нар энэ гурван хүнд атаархдаг уу? (Тийм.) Та нар тэдэн шиг байхыг хүсэж байна уу? (Тийм.) Тэгвэл тэдний түүх болон зан авирынх нь мөн чанар, Бурханд хандах хандлага, тэдний итгэл болон дуулгавартай байдлын талаар та нар нарийн дэлгэрэнгүй нөхөрлөл хийсэн үү? Ийм төрлийн хүмүүс шиг байхыг хүсдэг хүмүүс хаанаас эхлэх ёстой вэ? Би Иовын түүхийг анх маш эрт уншсан бөгөөд Ноа, Абрахам нарын түүхийн талаар ч бас тодорхой ойлголттой байсан. Энэ гурван хүний харуулсан зүйл, Бурхан тэдэнд юу хэлж, юу хийсэн, мөн тэдний янз бүрийн хандлагын талаар уншиж, зүрх сэтгэлдээ бодох бүрд нулимс гарах шахдаг—сэтгэл минь хөдөлдөг. Тэгвэл тэдгээрийг унших үед та нарын сэтгэлийг юу хөдөлгөсөн бэ? (Бурханы нөхөрлөлийг сонсоод Иов шалгалтаа туулж байхдаа Бурхан өөрийнх нь төлөө шаналж байна гэж бодож, Бурханыг шаналаасай гэж хүсээгүй тул өөрийн төрсөн өдрийг хараасан гэдгийг би эцэст нь мэдэж авсан. Үүнийг унших бүрдээ би Иов Бурханы санаа зорилгыг үнэхээр харгалзан үзсэн гэдгийг мэдэрч, сэтгэл минь маш их хөдөлсөн.) Өөр юу байна? (Ноа бүхээг барихдаа тийм их бэрхшээл туулсан хэрнээ Бурханы санаа зорилгыг харгалзан үзэж чадсан. Абрахам 100 настайдаа хүүхэдтэй болж, баяр хөөрөөр бялхаж байсан ч Бурхан хүүхдээ өргөхийг түүнээс хүсэх үед тэр дуулгавартай байж, дуулгавартай дагаж чадсан, харин бид тэгж чадахгүй. Бидэнд Ноа, Абрахам нарынх шиг хүн чанар, мөс чанар, эрүүл ухаан байхгүй. Тэдний түүхийг унших үедээ би гүнээ биширдэг, тэд бол бидний даган дуурайхүлгэр дуурайл.) (Та өнгөрсөн удаа нөхөрлөхдөө Ноа бүхээг барихдаа 120 жилийн турш тууштай байж чадсан, Бурханы тушаасан зүйлийг төгс гүйцэлдүүлж, Бурханы хүлээлтийг хөсөрдүүлээгүй гэж дурдсан. Үүнийг үүрэгтээ хандах миний хандлагатай харьцуулж үзвэл надад ямар ч тууштай байдал байхгүй гэдгийг би харж байна. Энэ нь намайг гэмшихэд хүргэж, бас сэтгэлийг минь хөдөлгөжбайна.) Та нарын бүгдийнх нь сэтгэл хөдөлсөн биз дээ? (Тийм.) Бид энэ сэдвээр түр зуур нөхөрлөхгүй; Ноа, Абрахам нарын түүхийг дуусгасныхаа дараа энэ бүхний талаар ярилцах болно. Аль хэсэг нь Миний сэтгэлийг хөдөлгөснийг Би та нарт хэлнэ, тэр нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн хэсэгтэй адилхан эсэхийг харцгаая.

Бид сая Бурханд итгэх Ноагийн жинхэнэ итгэлийн талаар нөхөрлөсөн. Тэр бүхээг барьсан гэх нотлогдсон баримт нь түүний жинхэнэ итгэлийг харуулахад хангалттай юм. Ноагийн жинхэнэ итгэл нь түүний үйлдэл бүрээр, түүний бодол санаа бүрээр, мөн Бурханы тушаасан зүйлд хандсан үйлдэлдээ баримталдаг түүний хандлагаар харагддаг. Энэ нь Бурханд итгэх Ноагийн жинхэнэ итгэл—огтын эргэлзээгүй, хольцгүй итгэлийг харуулахад хангалттай юм. Бурханы өөрөөр нь хийлгэхээр шаардсан зүйл өөрийнх нь үзэлтэй нийцэж байсан эсэхээс үл хамааран, амьдралдаа хийхээр төлөвлөж байсан зүйл нь мөн байсан эсэхээс үл хамааран, мөн амьдрал дахь зүйлстэй нь хэрхэн зөрчилдөж байснаас үл хамааран, тэр байтугай энэ даалгавар хэчнээн хэцүү байсан ч түүнд ганцхан хандлага байсан: хүлээн авч, дуулгавартай дагаж, хэрэгжүүлэх. Эцэст нь Ноагийн барьсан бүхээг амьд амьтдын зүйл бүрийг, түүнчлэн Ноагийн өөрийнх нь гэр бүлийг аварсан гэдгийг баримтууд харуулдаг. Бурхан үер буулгаж, хүн төрөлхтнийг устгаж эхлэх үед бүхээг Ноагийн гэр бүл болон төрөл бүрийн амьд амьтдыг тээвэрлэн, усан дээр хөвж байв. Бурхан дөчин өдрийн турш агуу үер буулгаж дэлхийг устгасан бөгөөд зөвхөн Ноагийн найман хүнтэй гэр бүл болон бүхээгт орсон төрөл бүрийн амьд амьтад л амьд үлдэж, бусад бүх хүн, амьд зүйл устгагдсан юм. Эдгээр баримтаас юу харагдаж байна вэ? Ноад Бурханд итгэх жинхэнэ итгэл болон жинхэнэ дуулгавартай байдал байсан учраас—Ноа Бурхантай жинхэнэ ёсоор хамтран ажилласнаар—Бурханы хийхийг хүссэн зүйл биелсэн; энэ нь бодит байдал болсон юм. Бурхан Ноагийн энэ зүйлийг таашаан үзсэн бөгөөд Ноа Бурханы урмыг хугалаагүй; тэр Бурханы өөрт нь өгсөн чухал даалгаврыг биелүүлж, Бурханы даалгасан бүхнийг гүйцэлдүүлсэн. Ноа Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж чадсан нь нэг талаар Бурханы тушаалын улмаас байсан бөгөөд үүний зэрэгцээ Бурханд хандах Ноагийн жинхэнэ итгэл, туйлын дуулгавартай байдлаас ихээхэн шалтгаалсан юм. Ноад энэ хоёр хамгийн үнэтэй зүйл байсан учраас л тэр Бурханд хайрлагдсан; Ноад жинхэнэ итгэл, туйлын дуулгавартай байдал байсан учраас л Бурхан түүнийг үлдэх ёстой хүн, амьд үлдэх зохистой хүн гэж үзсэн. Ноагаас бусад бүх хүн Бурханы жигшдэг бай байсан бөгөөд энэ нь тэд бүгд Бурханы бүтээл дунд амьдрах эрхгүй байсан гэсэн үг юм. Ноа бүхээг барьснаас бид юуг харах ёстой вэ? Нэг талаар бид Ноагийн эрхэм ёс жудгийг харсан; Ноад мөс чанар, эрүүл ухаан байсан. Нөгөө талаар бид Бурханд итгэх Ноагийн жинхэнэ итгэл болон жинхэнэ дуулгавартай байдлыг харсан. Энэ бүхэн нь даган дуурайхад үнэ цэнтэй юм. Бурханы даалгаварт хандах Ноагийн итгэл, дуулгавартай байдлын улмаас л Ноа Бурханы нүдэнд хайрлагдсан, Бурханы хайрладаг бүтээгдсэн зүйл болсон—энэ нь аз завшаантай, ерөөлтэй хэрэг байв. Ийм хүмүүс л Бурханы царайны гэрэлд амьдрахад тохирно; Бурханы нүдээр бол тэд л амьдрахад тохирно. Амьдрахад тохирох хүмүүс: энэ нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы хүн төрөлхтөнд хайрласан эдэлж болох бүхнийг эдлэхэд зохистой, Бурханы царайны гэрэлд амьдрахад зохистой, Бурханы ерөөл, амлалтыг хүртэхэд зохистой хүмүүсийг хэлдэг; ийм хүмүүс Бурханд хайрлагддаг, тэд бол жинхэнэ бүтээгдсэн хүмүүс бөгөөд Бурханы олж авахыг хүсдэг хүмүүс юм.

II. Бурханы үгэнд хандах Абрахамын хандлага

Одоо хойч үеийнхний даган дуурайхад зохистой Абрахамд байсан зүйлсийг харцгаая. Абрахамын Бурханы өмнөх гол үйл хэрэг нь хойч үеийнхний маш сайн мэддэг, сайн танил болсон зүйл буюу Исаакийг өргөсөн явдал байлаа. Энэ хэрэг явдалд Абрахамын харуулсан бүх тал—зан араншин, итгэл, эсвэл дуулгавартай байдлын алийг ч бай—хойч үеийнхэн даган дуурайхад зохистой юм. Тэгвэл даган дуурайхад зохистой түүний харуулсан тодорхой илрэлүүд нь яг юу байсан бэ? Мэдээж, түүний харуулсан эдгээр янз бүрийн зүйл нь хоосон байгаагүй, хийсвэр бүр ч байгаагүй бөгөөд мэдээж хэн нэгний зохиосон зүйл биш байсан, энэ бүх зүйлд нотлох баримт бий. Бурхан Абрахамд нэг хүү хайрласан; Бурхан энэ тухай Абрахамд биечлэн хэлсэн бөгөөд Абрахамыг 100 настай байхад түүнд Исаак хэмээх хүү төрсөн. Энэ хүүхдийн гарал үүсэл нь жирийн биш, тэр бусадтай адилгүй байсан нь тодорхой бөгөөд түүнийг Бурхан биечлэн хайрласан юм. Хүүхдийг Бурхан биечлэн хайрласан үед Бурхан түүн дээр гарцаагүй ямар нэгэн агуу зүйл хийнэ, Бурхан түүнд ямар нэгэн агуу зүйл даалгана, Бурхан түүн дээр ер бусын үйл хэрэг бүтээнэ, Тэр хүүхдийг онцгой нэгэн болгоно гэх мэтээр хүмүүсийн боддог эдгээр зүйл нь Абрахам болон бусад хүмүүсийн өндөр найдлага тавьж байсан зүйлс байв. Гэвч хэрэг явдал өөрөөр эргэж, хэний ч санаанд оромгүй зүйл Абрахамд тохиолдов. Бурхан Абрахамд Исаакийг хайрласан бөгөөд өргөл өргөх цаг болоход Бурхан Абрахамд: “Чи өнөөдөр юу ч өргөх хэрэггүй, зөвхөн Исаакийг л өргө—тэр нь хангалттай” гэж хэлсэн. Энэ нь ямар утгатай байсан бэ? Бурхан Абрахамд нэг хүү өгсөн бөгөөд энэ хүүг дөнгөж өсөж том болж байхад нь Бурхан түүнийг буцааж авахыг хүссэн. Бусад хүмүүсийн энэ талаарх үзэл бодол нь: “Исаакийг өгсөн Нэгэн нь Та байсан. Би үүнд итгэхгүй байтал чи энэ хүүхдийг өгнө гэж зүтгэсэн. Одоо Та түүнийг тахил болгон өргөхийг шаардаж байна. Энэ чинь Та түүнийг буцааж авч байгаа хэрэг биш үү? Та хүмүүст өгсөн зүйлээ яаж буцааж авч чадаж байна аа? Хэрвээ Та түүнийг авахыг хүсэж байгаа бол ав л даа. Та зүгээр л чимээгүйхэн буцаагаад авчихаж болно шүү дээ. Надад ийм шаналал, зовлон авчрах хэрэггүй. Та яаж намайг өөрийн гараар түүнийг тахил болгож өргө гэж шаардаж чадаж байна аа?” гэх байсан. Энэ нь маш хэцүү шаардлага байсан уу? Энэ нь туйлын хэцүү байсан. Энэ шаардлагыг сонсоод зарим хүн: “Энэ үнэхээр Бурхан гэж үү? Ингэж үйлдэх нь дэндүү үндэслэлгүй юм! Исаакийг өгсөн нь Та байсан, харин одоо Та түүнийг буцааж нэхэж байна. Та үнэхээр үргэлж зөв байдаг гэж үү? Чиний хийдэг бүхэн үргэлж зөв байдаг уу? Тийм байх албагүй. Хүмүүсийн амь нас Таны гарт байдаг. Та надад хүү өгнө гэж хэлээд, яг тэгсэн; Танд тийм эрх мэдэл бий, яг л түүнийг буцааж авах эрх мэдэл Танд байдгийн адилаар—гэхдээ чиний буцааж авч байгаа арга барил болон энэ хэрэг явдал бага зэрэг зөвтгөх аргагүй биш гэж үү? Та энэ хүүхдийг өгсөн юм чинь түүний өсөж том болж, агуу зүйл хийж, Таны ерөөлийг харахыг зөвшөөрөх ёстой. Та яаж түүнийг үхүүлэхийг шаардаж чадаж байна аа? Түүнийг үхүүлэхийг тушаахын оронд надад өгөөгүй нь дээр байсан юм! Тэгвэл Та яагаад түүнийг надад өгсөн юм бэ? Та надад Исаакийг өгчихөөд, одоо намайг түүнийг өргө гэж хэлж байна—энэ чинь Та надад илүү их шаналал учруулж байгаа бус уу? Намайг хүнд байдалд оруулж байгаа хэрэг биш үү? Тэгвэл анхнаасаа Та надад энэ хүүг өгсний утга учир юу байсан юм бэ?” гэж хэлэх байсан. Тэд хэчнээн хичээсэн ч энэ шаардлагын цаадах логикийг ойлгож чаддаггүй; яаж ч тайлбарласан энэ нь тэдэнд үндэслэлгүй сонсогддог бөгөөд хэн ч үүнийг ойлгох чадваргүй байдаг. Гэвч Бурхан Абрахамд үүний цаадах учир шалтгааныг хэлсэн үү? Тэр түүнд үүний шалтгаан, Түүний санаа зорилго юу байсныг хэлсэн үү? Тэгсэн үү? Үгүй. Бурхан зөвхөн “Маргаашийн тахилын үеэр Исаакийг өргө” гэж хэлсэн, өөр юу ч хэлээгүй. Бурхан тайлбар өгсөн үү? (Үгүй.) Тэгвэл эдгээр үгийн уг чанар юу байсан бэ? Бурханы ялгамж чанарын үүднээс үзвэл эдгээр үг нь хэрэгжүүлэх ёстой, дуулгавартай дагаж, дуулгавартай байх ёстой тушаал байв. Гэвч Бурханы хэлсэн зүйл болон хэрэг явдлынх нь үүднээс үзвэл, хүмүүст хийх ёстой зүйлээ хийх нь хэцүү байх биш үү? Хийх ёстой зүйл нь үндэслэлтэй байж, хүний сэтгэл болон хүн төрөлхтний нийтлэг мэдрэмжид нийцэх ёстой гэж хүмүүс боддог—гэвч энэ бүхний аль нэг нь Бурханы хэлсэн зүйлд хамаатай байсан уу? (Үгүй.) Тэгвэл Бурхан хүмүүст ойлгуулахын тулд тайлбар өгч, Өөрийн бодол, Өөрийн утга санааг илэрхийлж, эсвэл үгийнхээ цаад санаанд юу хэлэх гэснээ бага ч гэсэн илчлэх ёстой байсан уу? Бурхан үүний аль нэгийг хийсэн үү? Тэр тэгээгүй, тэгэхээр ч төлөвлөөгүй. Эдгээр үгэнд Бүтээгчийн шаардсан зүйл, Түүний тушаасан зүйл болон хүнээс хүлээсэн зүйл агуулагдаж байв. Энэхүү маш энгийн үгсийг, энэхүү үндэслэлгүй үгсийг—хүмүүсийн мэдрэмжийг харгалзан үзээгүй энэ тушаал, шаардлагыг—бусад хүмүүс, энэ дүр зургийг харсан ямар ч хүн ердөө л хэцүү, бэрх, үндэслэлгүй гэж бодох байсан. Гэвч үүнд бодитоор оролцсон Абрахамын хувьд үүнийг сонссоны дараах түүний анхны мэдрэмж нь зүрх шимшрэм шаналал байв! Тэр Бурханы хайрласан энэ хүүхдийг хүлээн авч, түүнийг өсгөх гэж тэр олон жилийг зарцуулан, тэр олон жилийн турш гэр бүлийн баяр баясгаланг эдэлсэн боловч Бурханы ганцхан өгүүлбэр, ганцхан тушаалаар энэ аз жаргал, энэ амьд хүн үгүй болж, авагдан одох байлаа. Абрахамд тулгарсан зүйл нь зөвхөн гэр бүлийн энэ баяр баясгаланг алдах явдал бус, харин энэ хүүхдийг алдсаны дараа мөнхөд ганцаардах, үгүйлэн санах шаналал байв. Настай хүний хувьд энэ нь тэвчихийн аргагүй зүйл байлаа. Ийм үгийг сонсоод ямар ч жирийн хүн нулимс асгаруулан уйлах байсан, тийм биз дээ? Түүнчлэн тэд зүрх сэтгэлдээ Бурханыг харааж, Бурханд гомдоллож, Бурханыг буруугаар ойлгож, Бурхантай маргалдахыг оролдох байсан; тэд хийж чадах бүхнээ, өөрсдийн бүх чадварыг, мөн өөрсдийн бүх тэрслүү, бүдүүлэг, ухаангүй байдлыг харуулах байв. Гэтэл Абрахам адилхан шаналж байсан хэдий ч тэр тэгээгүй. Ямар ч хэвийн хүний адилаар тэр уг шаналлыг даруй мэдэрч, зүрх нь зүсэгдэх мэт мэдрэмжийг тэр даруй туулж, хүүгээ алдахын ганцаардлыг тэр даруй мэдэрсэн. Бурханы эдгээр үг хүний мэдрэмжийг харгалзан үзээгүй, хүмүүст төсөөлөхийн аргагүй, хүмүүсийн үзэлтэй нийцэхгүй байсан бөгөөд хүний мэдрэмжийн үүднээс хэлэгдээгүй; тэдгээр нь хүний бэрхшээл юм уу хүний сэтгэлийн хэрэгцээг хайхраагүй бөгөөд мэдээж хүний шаналлыг огтхон ч хайхраагүй. Бурхан эдгээр үгийг Абрахам руу хүйтнээр чулуудсан—эдгээр үг түүнд хэчнээн шаналгаатай байсныг Бурхан тоосон гэж үү? Гаднаас нь харахад Бурхан хайхрамжгүй, санаа тавьдаггүй мэт санагдсан; түүний сонссон ганц зүйлнь Бурханы тушаал, Түүний шаардлага байв. Ямар ч хүний хувьд энэ шаардлага нь хүний соёл, тогтсон хэм хэмжээ, мэдрэмж, тэр ч байтугай хүний ёс суртахуун, ёс зүйтэй нийцэхгүй мэт санагдах байсан; энэ нь ёс суртахуун, ёс зүйн хязгаарыг давж, хүний нийгмийн хэм хэмжээ болон хүмүүстэй харилцах дүрэм журам, түүнчлэн хүний мэдрэмжийн эсрэг байсан. Тэр бүү хэл зарим хүн: “Эдгээр үг нь үндэслэлгүй, ёс суртахуунгүйгээс гадна—түүгээр ч барахгүй, зүгээр л ямар ч шалтгаангүйгээр төвөг удаж байна! Эдгээр үгийг Бурхан яаж айлдаж чадаж байна аа? Бурханы үг үндэслэлтэй, шударга байх ёстой бөгөөд хүнийг бүрэн үнэмшүүлэх ёстой; тэдгээр нь ямар ч шалтгаангүйгээр төвөг удах ёсгүй бөгөөд ёс зүйгүй, ёс суртахуунгүй, эсвэл логикгүй байх ёсгүй. Эдгээр үгийг үнэхээр Бүтээгч айлдсан гэж үү? Бүтээгч ийм зүйл хэлж чадна гэж үү? Бүтээгч Өөрийн бүтээсэн хүмүүст ингэж хандаж чадна гэж үү? Тийм байх боломжгүй” гэж итгэдэг. Гэвч эдгээр үг үнэхээр Бурханы амнаас гарсан. Бурханы хандлага болон Түүний үгийн өнгө аясаас дүгнэвэл Бурхан юу хүсэж байгаагаа шийдсэн байсан бөгөөд хэлэлцэх ямар ч зай байхгүй, хүмүүст сонгох ямар ч эрх байхгүй байв; Тэр хүнд сонгох эрх өгөөгүй. Бурханы үг нь шаардлага байсан, тэдгээр нь Түүний хүнд өгсөн тушаал байв. Абрахамын хувьд Бурханы эдгээр үг нь хувиршгүй, маргаангүй зүйл байсан; тэдгээр нь Бурханы түүнээс шаардаж байсан хувиршгүй шаардлага байсан бөгөөд хэлэлцэх асуудал биш байв. Тэгвэл Абрахам ямар сонголт хийсэн бэ? Энэ бол бидний нөхөрлөх гол зүйл юм.

Бурханы үгийг сонссоныхоо дараа Абрахам шаналж, асар хүнд ачаа түүнийг дарж байх шиг мэдрэмжтэйгээр бэлтгэлээ хийж эхэлсэн. Тэр зүрх сэтгэлдээ чимээгүйхэн: “Эзэн минь, Бурхан минь. Таны хийдэг бүхэн магтуулууштай; энэ хүүг Та өгсөн, хэрвээ Та түүнийг буцааж авахыг хүсэж байгаа бол би түүнийг буцааж өгөх ёстой” хэмээн залбирсан. Абрахам шаналж байсан ч эдгээр үгээс түүний хандлага тодорхой байсан биш үү? Хүмүүс эндээс юу харж чадах вэ? Тэд хэвийн хүн чанарын сул дорой байдал, хэвийн хүн чанарын сэтгэлийн хэрэгцээг, түүнчлэн Абрахамын ухаалаг тал болон Бурханд хандах жинхэнэ итгэл, дуулгавартай байдалтай талыг нь харж чадна. Түүний ухаалаг тал нь юу байсан бэ? Исаакийг Бурхан өгсөн, Бурхан түүнд Өөрийн хүссэнээр хандах хүч чадалтай, хүмүүс үүнд ямар нэгэн шүүмжлэл хэлэх ёсгүй, Бүтээгчийн айлдсан бүхэн Бүтээгчийг төлөөлдөг, мөн хүнд үндэслэлтэй санагдах эсэхээс, хүний мэдлэг, соёл, ёс суртахуунтай нийцэх эсэхээс үл хамааран Бурханы ялгамж чанар болон Түүний үгийн уг чанар өөрчлөгддөггүй гэдгийг Абрахам сайн ухамсарлаж байв. Хэрвээ хүмүүс Бурханы үгийг ойлгож, ухаарч эсвэл учрыг нь олж чадахгүй бол тэр нь тэдний л хэрэг бөгөөд Бурхан эдгээр үгийг тайлбарлах, эсвэл тодруулах ямар ч шалтгаан байхгүйг, мөн хүмүүс Бурханы үг болон санаа зорилгыг ойлгосон үедээ л дуулгавартай дагах ёсгүйг, харин нөхцөл байдлаас үл хамааран Бурханы үгэнд сонсох, тэгээд хүлээн авах, дараа нь дуулгавартай байх гэсэн ганцхан хандлагатай байх ёстойг тэр тодорхой мэдэж байсан. Энэ бол Бурханы өөрөөр нь хийлгэхээр хүссэн бүхэнд хандах Абрахамын тодорхой харагдахуйц хандлага байсан бөгөөд үүнд хэвийн хүн чанарын ухаалаг байдал, түүнчлэн жинхэнэ итгэл, жинхэнэ дуулгавартай байдал агуулагддаг. Бүхнээс илүүгээр Абрахам юу хийх хэрэгтэй байсан бэ? Бурханы үгийн зөв бурууг шинжлэхгүй байх, түүнийг тоглоомоор хэлсэн үү, эсвэл Абрахамыг шалгах гэж хэлсэн үү, эсвэл өөр зүйл үү гэдгийг нягтлахгүй байх явдал байв. Абрахам ийм зүйлсийг нягтлаагүй. Бурханы үгэнд хандах түүний шууд хандлага юу байсан бэ? Энэ нь Бурханы үгийг логикоор учирлан тайлбарлаж болохгүй—үндэслэлтэй байсан ч, үгүй ч Бурханы үг бол Бурханы үг бөгөөд Бурханы үгэнд хандах хүмүүсийн хандлагад сонголт хийх зай, нягтлан шалгах явдал байх ёсгүй гэсэн хандлага; хүмүүст байх ёстой эрүүл ухаан, тэдний хийх ёстой зүйл бол сонсож, хүлээн авч, дуулгавартай дагах юм. Абрахам зүрх сэтгэлдээ Бүтээгчийн ялгамж чанар, мөн чанар юу болох, мөн бүтээгдсэн хүн ямар байр суурь эзлэх ёстойг маш тодорхой мэдэж байв. Абрахам ийм ухаалаг байдал, ийм төрлийн хандлагатай байсан учраас л хэдийгээр асар их шаналал тээж байсан ч Исаакийг ямар ч эргэлзээ, тээнэгэлзээгүйгээр Бурханд өргөж, Түүний хүссэнээр Бурханд буцааж өгсөн юм. Бурхан шаардсан учраас тэр Исаакийг Түүнд буцааж өгөх ёстой бөгөөд Түүнтэй маргалдахыг оролдох, эсвэл өөрийн гэсэн хүсэл, шаардлагатай байх ёсгүй гэж тэр бодсон. Энэ бол бүтээгдсэн зүйл Бүтээгчид хандахдаа гаргах ёстой яг тэр хандлага юм. Үүнийг хийхэд хамгийн хэцүү байсан зүйл нь Абрахамын хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл байв. Бурханы хэлсэн эдгээр үг нь үндэслэлгүй бөгөөд хүний мэдрэмжийг харгалзан үзээгүй байсан—хүмүүс тэдгээрийн учрыг олж, эсвэл хүлээн авч чаддаггүй бөгөөд ямар ч эрин үед, хэнд ч ийм зүйл тохиолдсон бай эдгээр үг нь утгагүй, биелүүлэх боломжгүй байдаг—гэсэн ч Бурхан үүнийг хийхийг шаардсан хэвээр байв. Тэгвэл юу хийх ёстой вэ? Ихэнх хүн эдгээр үгийг нягтлан шалгах бөгөөд хэдэн өдөр тэгснийхээ дараа тэд өөрсдөдөө: “Бурханы үг үндэслэлгүй байна—Бурхан яаж ингэж үйлдэж чадаж байна аа? Энэ чинь нэг төрлийн эрүү шүүлт биш гэж үү? Бурхан хүнийг хайрладаггүй гэж үү? Тэр яаж хүмүүсийг ингэж тарчлааж чадаж байна аа? Хүмүүсийг ингэж тарчлаадаг Бурханд би итгэхгүй, мөн би эдгээр үгэнд дуулгаваргүй байхыг сонгож чадна” гэж бодох байсан. Гэвч Абрахам тэгээгүй; тэр дуулгавартай байхыг сонгосон. Хэдийгээр Бурханы хэлсэн, шаардсан зүйл буруу байсан, Бурхан хүмүүст ийм шаардлага тавих ёсгүй байсан гэж хүн бүр итгэдэг ч Абрахам дуулгавартай байж чадсан—энэ нь түүний хамгийн үнэ цэнтэй зүйл байсан бөгөөд яг л бусад хүнд дутагддаг зүйл юм. Энэ бол Абрахамын жинхэнэ дуулгавартай байдал. Түүнчлэн, Бурхан түүнээс юу шаардаж байгааг сонссоныхоо дараа Бурхан үүнийг тоглоомоор хэлээгүй, энэ нь тоглоом биш гэдэгт тэр хамгийн түрүүнд итгэлтэй байсан. Бурханы үг ийм зүйлс биш байсан юм бол юу байсан бэ? Бурханы хийх ёстой гэж тогтоосон зүйлийг ямар ч хүн өөрчилж чадахгүй, Бурханы үгэнд тоглоом, сорилт, эсвэл тарчлаан зовоох зүйл байдаггүй, Бурхан найдвартай бөгөөд Түүний хэлсэн бүхэн үндэслэлтэй санагдах эсэхээс үл хамааран үнэн гэдэгт Абрахам гүнээ итгэж байсан. Энэ нь Абрахамын жинхэнэ итгэл байгаагүй гэж үү? Тэр: “Бурхан надад Исаакийг өргө гэж хэлсэн. Исаакийг авсныхаа дараа би Бурханд зохих ёсоор талархаагүй—Бурхан миний талархлыг шаардаж байгаа юм болов уу? Тэгвэл би талархлаа зохих ёсоор илэрхийлэх ёстой. Би Исаакийг өргөхөд бэлэн байгаагаа, Бурханд талархахад бэлэн байгаагаа, Бурханы нигүүлслийг мэдэж, санаж явдгаа, мөн Бурханы санааг зовоохгүй гэдгээ харуулах ёстой. Бурхан намайг шалгаж, сорихын тулд эдгээр үгийг хэлсэн нь эргэлзээгүй тул би хэлбэрдэх ёстой. Би бүх бэлтгэлийг хангаад, дараа нь Исаактай хамт нэг хонь авч яваад, тахил өргөх үед Бурхан юу ч хэлэхгүй бол би хонийг нь өргөнө. Зүгээр л хэлбэрдэхэд хангалттай. Хэрвээ Бурхан надаас Исаакийг өргөхийг үнэхээр шаардвал би түүгээр тахилын ширээн дээр дүр эсгүүлэх хэрэгтэй; цаг нь ирэхэд Бурхан надад хүүхдээ биш, хонь өргөхийг зөвшөөрч магадгүй” гэж хэлсэн үү? Абрахам ингэж бодсон уу? (Үгүй.) Хэрвээ тэр тэгж бодсон бол зүрх сэтгэлд нь ямар ч шаналал байхгүй байх байсан. Хэрвээ тэр ийм зүйл бодсон бол түүнд ямархуу ёс жудаг байх байсан бэ? Түүнд жинхэнэ итгэл байх байсан уу? Түүнд жинхэнэ дуулгавартай байдал байх байсан уу? Үгүй, байхгүй байх байсан.

Исаакийг тахил болгон өргөх хэрэг явдал дээр Абрахамын мэдэрч, бий болгосон шаналлаас дүгнэвэл тэр Бурханы үгэнд туйлын итгэж байсан, Бурханы хэлсэн үг бүрд итгэж, Бурханы хэлсэн бүхнийг яг л Бурханы хэлсэн утгаар нь зүрх сэтгэлийнхээ угаас ойлгож, Бурханыг огтхон ч сэжиглээгүй нь тодорхой байна. Энэ нь жинхэнэ итгэл мөн үү, үгүй юу? (Мөн.) Абрахам Бурханд жинхэнэ итгэлтэй байсан бөгөөд энэ нь Абрахам үнэнч шударга хүн байсан явдлыг харуулдаг. Бурханы үгэнд хандах түүний цорын ганц хандлага нь дуулгавартай дагах, хүлээн авах, дуулгавартай байх байсан—тэр Бурханы хэлсэн юуг ч бай дуулгавартай дагах байв. Хэрвээ Бурхан ямар нэг зүйлийг хар өнгөтэй гэж хэлбэл, Абрахамд хар өнгөтэй харагдахгүй байсан ч Бурханы хэлсэн зүйлийг үнэн гэж итгэж, хар гэдэгт нь үнэмших байсан. Хэрвээ Бурхан түүнд ямар нэг зүйлийг цагаан өнгөтэй гэж хэлбэл тэр цагаан гэдэгт нь үнэмших байсан. Энэ нь ердөө л ийм энгийн. Бурхан түүнд хүүхэд хайрлана гэж хэлэхэд Абрахам дотроо “Би хэдийнэ 100 настай ч Бурхан надад хүүхэд өгнө гэж хэлж байгаа бол би Эзэн, Бурхандаа талархаж байна!” гэж бодсон. Тэр өөр олон зүйл бодоогүй, зүгээр л Бурханд итгэсэн. Энэхүү итгэлийн мөн чанар юу байсан бэ? Тэр Бурханы мөн чанар болон ялгамж чанарт итгэсэн бөгөөд Бүтээгчийн талаарх түүний мэдлэг бодитой байв. Тэрээр Бурханыг төгс хүчит бөгөөд хүн төрөлхтний Бүтээгч гэж итгэдэг гэж хэлдэг хэрнээ зүрх сэтгэлдээ “Хүн үнэндээ сармагчнаас үүссэн юм болов уу? Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдэг ч хүмүүс үүнийг өөрсдийн нүдээр хараагүй шүү дээ” гэх мэт эргэлзээ тээж явдаг тэр хүмүүс шиг байгаагүй. Бурхан юу ч хэлсэн бай, тэр хүмүүс үргэлж итгэл, эргэлзээ хоёрын дунд байдаг бөгөөд аливаа зүйл үнэн, худал эсэхийг тодорхойлохын тулд харж байгаа зүйлдээ найддаг. Тэд нүдээрээ харж чадахгүй ямар ч зүйлд эргэлздэг тул Бурханы айлдахыг сонсох бүрдээ Түүний үгийн ард асуултын тэмдэг тавьдаг. Тэд Бурханы дэвшүүлсэн баримт, хэрэг явдал, тушаал бүрийг анхааралтай, хичээнгүй, болгоомжтойгоор нягтлан шалгаж, дүн шинжилгээ хийдэг. Тэд Бурханд итгэх итгэлдээ эдгээр үг үнэхээр үнэн мөн эсэхийг харахын тулд Бурханы үг болон үнэнийг шинжлэх ухааны судалгааны хандлагаар нягтлан шалгах ёстой, эс бөгөөс мэхлэгдэж, хууртагдах магадлалтай гэж боддог. Гэвч Абрахам ийм байгаагүй, тэр Бурханы үгийг цэвэр зүрх сэтгэлээр сонссон. Гэсэн хэдий ч энэ удаад Бурхан Абрахамаас цорын ганц хүү Исаакаа Өөрт нь тахил болгон өргөхийг шаардсан. Энэ нь Абрахамд шаналал авчирсан ч тэр урьдын адил дуулгавартай байхыг сонгосон. Бурханы үг өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы үг бодит байдал болно гэдэгт Абрахам итгэсэн. Бүтээгдсэн хүмүүс Бурханы үгийг зүй ёсны хэрэг мэт хүлээн авч, дуулгавартай дагах ёстой бөгөөд Бурханы үгийн өмнө бүтээгдсэн хүмүүст сонгох эрх байхгүй, тэр байтугай Бурханы үгэнд дүн шинжилгээ хийх, эсвэл түүнийг нягтлан шалгах бүр ч ёсгүй. Энэ бол Бурханы үгэнд хандах Абрахамын хандлага байв. Абрахам асар их шаналж байсан ч, мөн хүүгээ хайрлах хайр, хүүгээсээ салахыг хүсэхгүй байх нь түүнд туйлын их дарамт, шаналал авчирсан ч тэр хүүхдээ Бурханд буцааж өгөхөөр сонгосон хэвээр байв. Тэр яагаад Исаакийг Бурханд буцааж өгөх гэж байсан бэ? Бурхан Абрахамаас үүнийг хийхийг шаардаагүй байхад тэр санаачилгаараа хүүгээ буцааж өгөх шаардлагагүй байсан, гэвч Бурхан шаардсан учраас тэр хүүгээ Бурханд буцааж өгөх ёстой байсан, ямар ч шалтаг хэлээгүй бөгөөд тэрээр Бурхантай маргалдах гэж оролдох ёсгүй—энэ бол Абрахамын баримталсан хандлага байлаа. Тэр ийм цэвэр зүрх сэтгэлээр Бурханд дуулгавартай байв. Энэ бол Бурханы хүссэн зүйл, энэ бол Бурханы харахыг хүссэн зүйл байв. Исаакийг тахил болгон өргөх хэрэг явдал дээр Абрахамын зан авир болон түүний хүрсэн зүйл нь яг л Бурханы харахыг хүссэн зүйл байсан бөгөөд энэ хэрэг явдал нь Бурхан түүнийг шалгаж, баталгаажуулж буй хэрэг байсан юм. Гэсэн хэдий ч Бурхан Ноад хандсан шигээ Абрахамд хандаагүй. Тэр Абрахамд энэ хэрэг явдлын цаадах шалтгаан, үйл явц, эсвэл үүнтэй холбоотой бүх зүйлийг хэлээгүй. Абрахам ганцхан зүйлийг мэдэж байсан нь Бурхан түүнээс Исаакийг буцааж өгөхийг хүссэн—тэгээд л болоо. Тэрээр үүнийг хийхдээ Бурхан өөрийг нь сорьж байгааг мэдээгүй бөгөөд энэ сорилтыг туулсны дараа Бурхан түүнээс болон түүний үр удмаас юу гүйцэлдүүлэхийг хүсэж байсныг ч ойлгоогүй. Бурхан Абрахамд алийг нь ч хэлээгүй бөгөөд зүгээр л энгийн нэг тушаал, хүсэлт тавьсан. Бурханы эдгээр үг маш энгийн бөгөөд хүний мэдрэмжийг харгалзан үзээгүй байсан ч Абрахам Бурханы хүсэж, шаардсаныг хийснээрээ Бурханы хүлээлтийг биелүүлсэн: Тэр Исаакийг тахилын ширээн дээр тахил болгон өргөсөн. Түүний алхам бүр нь тэрээр Исаакийг өргөхдөө хэлбэрдээгүй, хааш яаш хийгээгүй, харин чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлийнхээ угаас хийсэн гэдгийг харуулсан. Хэдийгээр тэр Исаакаас салахыг тэсэхгүй байсан ч, хэдийгээр энэ нь түүнийг шаналгаж байсан ч Бүтээгчийн шаардсан зүйлтэй тулгарах үедээ Абрахам өөр ямар ч хүний сонгохгүй тэр арга барилыг сонгосон: Бүтээгчийн шаардсан зүйлд туйлын дуулгавартай байж, ямар ч тохиролцоогүйгээр, ямар ч шалтаггүйгээр, ямар ч нөхцөлгүйгээр дуулгавартай дагахыг сонгосон бөгөөд яг л Бурханы шаардсанаар үйлдсэн. Бурханы шаардсан зүйлийг хийж чадахад Абрахамд юу байсан бэ? Нэг талаар түүний дотор Бурханд итгэх жинхэнэ итгэл байсан; Бүтээгч бол Бурхан, өөрийнх нь Бурхан, өөрийнх нь Эзэн, бүх зүйлийг захирч, хүн төрөлхтнийг бүтээсэн Нэгэн гэдэгт тэр итгэлтэй байв. Энэ бол жинхэнэ итгэл байсан. Нөгөө талаар түүнд цэвэр зүрх сэтгэл байсан. Тэр Бүтээгчийн айлдсан үг бүрд итгэж, Түүний айлдсан үг бүрийг энгийнээр, шууд хүлээн авч чадсан. Мөн өөр нэг талаар Бүтээгчийн шаардсан зүйл хэчнээн хэцүү байсан ч, энэ нь түүнд хэчнээн их шаналал авчрах байсан ч түүний сонгосон хандлага нь Бурхантай маргалдахыг оролдох, эсэргүүцэх, эсвэл татгалзах бус, харин бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай байдал байсан бөгөөд Бурханы шаардсан зүйлийн дагуу, Түүний үг бүр болон Түүний өгсөн тушаалын дагуу үйлдэж, хэрэгжүүлсэн. Яг л Бурханы шаардаж, харахыг хүссэнчлэн Абрахам Исаакийг тахилын ширээн дээр тахил болгон өргөж, түүнийг Бурханд өргөсөн бөгөөд түүний хийсэн бүхэн Бурхан зөв хүнээ сонгосон гэдгийг, мөн Бурханы нүдээр тэр зөвт байсан гэдгийг баталсан юм.

Бурхан Абрахамаас Исаакийг өргөхийг шаардах үед Бүтээгчийн зан чанар, мөн чанарын ямар тал илчлэгдсэн бэ? Бурхан Өөрийнхөө зөвт, зохистой гэж үзсэн хүмүүст бүхэлдээ Өөрийнхөө шаардсан стандартын дагуу ханддаг бөгөөд энэ нь Түүний зан чанар, мөн чанартай бүрэн нийцдэг. Эдгээр стандартад тохиролцоо байж болохгүй; тэдгээрийг ойролцоогоор хангаж болохгүй. Эдгээр стандартыг яг таг биелүүлэх ёстой. Абрахамын өдөр тутмын амьдралдаа хийдэг зөвт үйлсийг харах нь Бурханд хангалтгүй байсан бөгөөд Бурхан Өөрт нь хандах Абрахамын жинхэнэ дуулгавартай байдлыгхараагүй байсан тул энэ шалтгаанаар Бурхан хийсэн зүйлээ хийсэн юм. Яагаад Бурхан Абрахамаас жинхэнэ дуулгавартай байдлыг харахыг хүссэн бэ? Яагаад Тэр Абрахамыг энэхүү эцсийн сорилтод оруулсан бэ? Яагаад гэвэл, бидний мэдэж байгаачлан Бурхан Абрахамыг олон үндэстний эцэг болгохыг хүссэн. “Олон үндэстний эцэг” гэдэг нь ямар ч жирийн хүний үүрч чадах нэр цол мөн үү? Үгүй. Бурханд Өөрийн гэсэн шаарддаг стандарт байдаг бөгөөд Өөрийн хүсэж, төгс болгодог хэнээс ч, мөн зөвт гэж үздэг хэнээс ч Түүний шаарддаг стандарт нь адилхан байдаг: энэ нь жинхэнэ итгэл болон туйлын дуулгавартай байдал юм. Бурхан Абрахамаас ийм агуу зүйл гүйцэлдүүлэхийг хүссэн атлаа түүнээс энэ хоёр зүйлийг харалгүйгээр үүнийг яаран хийх байсан уу? Яавч үгүй. Тиймээс Бурхан түүнд хүү хайрласны дараа Абрахам ийм сорилтыг туулах нь гарцаагүй байсан; энэ нь Бурханы хийхээр тогтоосон зүйл, мөн Бурханы хэдийнэ хийхээр төлөвлөсөн зүйл байв. Бүх зүйл Бурханы хүссэнээр болж, Абрахам Бурханы шаардлагыг хангасны дараа л Бурхан Өөрийн ажлын дараагийн алхмыг хийхээр төлөвлөж эхэлсэн: энэ нь Абрахамын үр удмыг тэнгэрийн од, далайн эргийн элс мэт олон болгож—түүнийг олон үндэстний эцэг болгох байлаа. Бурхан Абрахамаас Исаакийг тахил болгон өргөхийг шаардсаны үр дүн тодорхойгүй, хараахан биелээгүй байх үед Бурхан яаран үйлдэхгүй байсан; гэвч энэ нь биелмэгц Абрахамд байсан зүйл Бурханы стандартыг хангасан, энэ нь Бурханы түүнд зориулан төлөвлөсөн бүх ерөөлийг тэр хүлээн авах ёстой гэсэн үг байв. Тэгвэл Исаакийг өргөсөн явдлаас харахад Бурхан хүмүүс дээр ямар ч ажил хийсэн, эсвэл Өөрийн удирдлагын төлөвлөгөөнд тэднээс ямар ч үүрэг роль шаардсан, эсвэл ямар ч даалгавар хүлээн авахыг шаардсан Түүнд хүмүүсээс хүлээх хүлээлт, шаарддаг стандарт байдаг нь харагдаж байна. Хүмүүст тавих Бурханы хүлээлтэд хоёр төрлийн үр дүн байдаг: Нэг нь, хэрвээ Түүний чамаас шаардсан зүйлийг чи хийж чадахгүй бол таягдан хаягдана; нөгөө нь, хэрвээ чамайг чадах юм бол Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу гүйцэлдүүлэхийг хүсэж байгаа зүйлээ чам дээр үргэлжлүүлэн гүйцэлдүүлнэ. Бурханы хүмүүсээс шаарддаг жинхэнэ итгэл болон туйлын дуулгавартай байдал нь үнэндээ хүмүүсийн хувьд хүрэхэд тийм ч хэцүү биш. Гэхдээ тэдгээр нь амархан, эсвэл хэцүү байхаас үл хамааран, Бурханы хувьд эдгээр нь хүмүүст заавал илрэх ёстой хоёр зүйл юм. Хэрвээ чи энэ тал дээр тэнцэж чадвал Бурхан чамайг стандартад нийцсэн гэж үзэх бөгөөд Бурхан өөр юу ч шаардахгүй; хэрвээ чи чадахгүй бол тэр нь өөр хэрэг. Бурхан Абрахамаас хүүгээ өргөхийг шаардсан явдал нь Абрахамын өнөөг хүртэл эзэмшиж байсан Бурханаас эмээх сэтгэл, Түүнд итгэх жинхэнэ итгэл нь шаардлагатай бүх зүйл, их бага хэмжээгээр хангалттай гэж Тэр үзээгүйг харуулдаг. Энэ нь Бурханы шаардлагын арга барил яавч биш байсан; Тэр Өөрийн арга барилаар, хүмүүсийн хүрч чадах зүйлийн дагуу шаардлага тавьдаг бөгөөд үүнийг тохиролцох боломжгүй. Энэ нь Бурханы ариун байдал биш гэж үү? (Мөн.) Бурханы ариун байдал ийм л байдаг.

Цэвэр ариун, жинхэнэ итгэлтэй, ухаалаг Абрахам шиг сайн хүн хүртэл Бурханы шалгалтыг хүлээн авах ёстой байсан—тэгвэл хүн төрөлхтний нүдээр энэ шалгалт нь зарим талаараа хүний сэтгэлийг харгалзан үзээгүй хэрэг биш гэж үү? Гэвч хүний сэтгэлийг ингэж харгалзан үзэхгүй байх нь яг үнэндээ Бурханы зан чанар, мөн чанарын биелэл бөгөөд Абрахам ийм төрлийн шалгалтыг туулсан юм. Энэ шалгалтад Абрахам Бүтээгчид хандах өөрийн хувиршгүй итгэл, хувиршгүй дуулгавартай байдлаа Бурханд харуулсан. Абрахам шалгалтыг давсан. Ердийн үед Абрахам амьдралын ямар ч өгсөлт, уруудлыг туулж байгаагүй, гэхдээ Бурхан түүнийг ингэж шалгасны дараа түүний ердийн итгэл, дуулгавартай байдал нь жинхэнэ болох нь батлагдсан; энэ нь өнгөц зүйл байгаагүй, уриа лоозон байгаагүй. Бурхан ийм үг хэлж, түүнд ийм шаардлага тавьсны дараа—ийм нөхцөл байдалд Абрахам хувиршгүйгээр дуулгавартай дагаж чадсан хэвээр байсан нь нэг зүйлийг лавтай илтгэсэн: Абрахамын зүрх сэтгэлд Бурхан бол Бурхан байсан бөгөөд үргэлж Бурхан байх болно; ямар ч хүчин зүйл өөрчлөгдсөн бай Бурханы ялгамж чанар, мөн чанар хөдөлшгүй байв. Түүний зүрх сэтгэлд хүн үүрд хүн байх бөгөөд Бүтээгчтэй тэмцэлдэх, маргах гэж оролдох, эсвэл өрсөлдөх эрхгүй, мөн Бүтээгчийн хэлсэн үгэнд дүн шинжилгээ хийх эрхгүй байлаа. Бүтээгчийн үг, эсвэл Бүтээгчийн шаардсан ямар ч зүйлийн тухайд хүмүүст сонгох эрх байхгүй; тэдний хийх ёстой ганц зүйл нь дуулгавартай байх гэдэгт Абрахам итгэж байв. Абрахамын хандлага маш ихийг өгүүлж байв—тэр Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй байсан бөгөөд энэхүү жинхэнэ итгэлээс жинхэнэ дуулгавартай байдал төрсөн, тиймээс Бурхан түүнд юу ч хийсэн, түүнээс юу ч шаардсан, эсвэл Бурхан ямар ч үйл хэрэг хэрэгжүүлсэн бай, энэ нь Абрахамын харсан, сонссон, эсвэл биечлэн туулсан зүйл байсан ч хамаагүй, эдгээрийн аль нь ч түүний Бурханд итгэх жинхэнэ итгэлд нөлөөлж чадаагүй, Бурханд хандах дуулгавартай хандлагад нь бүр ч нөлөөлж чадаагүй. Бүтээгч хүний сэтгэлийг харгалзан үзээгүй зүйл, хүнээс үндэслэлгүй шаардлага тавьсан зүйл хэлэхэд хэчнээн олон хүн эдгээр үгэнд дургүйцэж, тэдгээрийг эсэргүүцэж, тэдгээрт дүн шинжилгээ хийж, тэдгээрийг нягтлан шалгаж, тэр ч бүү хэл тохуурхан шоолсон ч Абрахамын хандлага гадаад ертөнцийн орчин нөхцөлд үймрээгүй хэвээр байв. Түүний Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал өөрчлөгдөөгүй бөгөөд тэдгээр нь зүгээр л амнаас гарсан үг, эсвэл хэлбэрдэлт байгаагүй; үүний оронд тэрээр өөрийнх нь итгэдэг Бурхан бол Бүтээгч, өөрийнх нь итгэдэг Бурхан бол тэнгэр дэх Бурхан мөн гэдгийг батлахын тулд баримт ашигласан юм. Абрахамын харуулсан бүхнээс бид юу хардаг вэ? Бид түүний Бурханд эргэлзэх эргэлзээг хардаг уу? Түүнд эргэлзээ байсан уу? Тэр Бурханы үгийг нягталсан уу? Тэр тэдгээрт дүн шинжилгээ хийсэн үү? (Үгүй.) Зарим хүн: “Хэрвээ тэр Бурханы үгийг нягтлаагүй эсвэл дүн шинжилгээ хийгээгүй юм бол юундаа тэгтлээ шаналсан юм бэ?” гэж хэлдэг. Чи түүнийг шаналахыг зөвшөөрөхгүй байна уу? Тэр маш их шаналсан ч дуулгавартай дагаж чадсан хэвээр байсан—чи шаналаагүй үедээ ч дуулгавартай дагаж чаддаг уу? Чамд яг хэр их дуулгавартай байдал байдаг вэ? Тийм шаналал, өвдөлт Абрахамын дуулгавартай байдалд ямар ч нөлөө үзүүлээгүй нь энэ дуулгавартай байдал жинхэнэ байсан, худал байгаагүй гэдгийг баталдаг. Энэ бол Сатаны өмнө, бүх зүйлийн өмнө, бүх бүтээлийн өмнө бүтээгдсэн хүний Бурханд хийсэн гэрчлэл байсан бөгөөд энэ гэрчлэл маш хүчирхэг, маш үнэ цэнтэй байв!

Ноа, Абрахам нарын түүх болон Иовын түүхэнд Бурханы үг, үйл хэрэг тэдэн дээр ирэх үеийн тэдний зан авир, үг яриа, мөн тэдний хандлага, үг, үйлдэл бүрд хойч үеийнхний сэтгэлийг хөдөлгөсөн яг юу байдаг вэ? Бурханы үгэнд хандах энэ гурван хүний хандлага, мөн Бурханы үгийг сонссоны дараах, Бурханы тушааж, шаардсан зүйлийг сонссоны дараах тэдний хандлага, үг, үйлдэл бүрийн тухайд хүмүүсийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг зүйл бол Бурханд, Бүтээгчид хандах тэдний чин сэтгэл ямар цэвэр ариун, тууштай байсан явдал юм. Өнөөгийн хүмүүсийн хувьд энэхүү цэвэр ариун, тууштай байдлыг тэнэглэл, хэт авталт гэж хэлж болох юм; гэвч Миний хувьд, тэдний цэвэр ариун, тууштай байдал нь тэдний талаарх хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, сэтгэлд хүрсэн зүйлс байсан бөгөөд цаашлаад бусад хүний хувьд хэзээ ч хүршгүй мэт санагддаг зүйлс байв. Эдгээр хүнээс Би сайн хүн ямар байдгийг үнэхээр гүнээ ухаарч, харсан; тэдний зан авир, ярианаас, түүнчлэн Бурханы үгтэй тулгарах үеийн болон Бурханы үгийг сонсох үеийн тэдний хандлагаас Би Бурханы зөвт бөгөөд төгс гэж үздэг хүмүүс ямар байдгийг хардаг. Тэгээд эдгээр хүний түүхийг уншиж, ойлгосны дараа Надад төрдөг хамгийн гүн сэтгэгдэл юу вэ? Энэ нь эдгээр хүнийг гүнээ дурсан санах, тэдэнд татагдах, тэднийг бишрэн хайрлах явдал юм. Энэ нь сэтгэл хөдөлсөн мэдрэмж биш гэж үү? Надад яагаад ийм мэдрэмж төрдөг вэ? Хүн төрөлхтний урт удаан түүхийн туршид энэ гурван хүний түүхийг тэмдэглэх, магтан алдаршуулах, түгээхэд төвлөрсөн түүхийн ном хэзээ ч байгаагүй, мөн хэн ч тэдний түүхийг хойч үеэ сургахад ашиглаж, тэднийг хойч үеийнхний даган дуурайх хүмүүс гэж үзэж байгаагүй. Гэвч дэлхийн хүмүүсийн мэддэггүй нэг зүйл бий: Өөр өөр цаг үед энэ гурван хүн тус бүр Бурханаас өөр зүйл сонсож, тус бүр Бурханаас өөр даалгавар хүлээн авч, тус бүрд нь Бурхан өөр шаардлага тавьж, тус бүр Бурханы төлөө өөр зүйл хийж, Бурханы тэдэнд даалгасан өөр өөр ажлыг гүйцэлдүүлсэн—гэсэн ч тэдэнд нийтлэг нэг зүйл байсан. Тэр нь юу байсан бэ? Тэд бүгд Бурханы хүлээлтэд нийцсэн. Бурханы ярихыг сонссоныхоо дараа тэд Бурханы өөрсдөд нь даалгасан болон шаардсан зүйлийг хүлээн авч чадсан бөгөөд үүний дараа Бурханы хэлсэн бүхнийг дуулгавартай дагаж, Бурханы өөрсдөөс нь шаардсан гэж сонссон зүйл нэг бүрд дуулгавартай байж чадсан юм. Тэд Бурханы хүлээлтэд нийцсэн ямар зүйл хийсэн бэ? Бүх хүн төрөлхтний дунд тэд Бурханы үгийг сонсож, хүлээн авч, түүнд дуулгавартай байхын, мөн Сатаны өмнө Бурханд хүчтэй гэрчлэл хийхийн үлгэр жишээ болсон. Тэд бол хүмүүсийн даган дуурайх ёстой хүмүүс мөн, учир нь Бурханы нүдээр тэд төгс бөгөөд зөвт юм. Тэгвэл эцсийн эцэст, энэ нь бидэнд хамгийн чухал ямар мэдээллийг хэлж өгдөг вэ? Энэ хүмүүс бол Бурханы хүсдэг төрлийн хүмүүс буюу Бурханы хэлдгийг ойлгож чаддаг, Бүтээгчийн үгийг зүрх сэтгэлээрээ сонсож, ухамсарлаж, ухаарч, ойлгож, түүнийг дуулгавартай дагаж, хэрэгжүүлж чаддаг хүмүүс; ийм хүмүүсийг Бурхан хайрладаг гэдгийг хэлж өгдөг. Бурхан тэдний зөвт үйлсийг батлахаасаа өмнө тэднийг хэчнээн агуу сорилт, шалгалтад оруулсан ч хамаагүй, тэд Бурханд хүчтэй гэрчлэл хиймэгцээ Бурханы мутар дахь хамгийн үнэ цэнтэй зүйл болж, Бурханы нүдэнд үүрд амьдрах хүмүүс болдог. Энэ бол бидэнд хэлж өгдөг баримт нь юм. Энэ бол Ноа, Абрахам нарын түүхийн талаарх нөхөрлөхөөр дамжуулан Миний та нарт хэлэхийг хүсэж буй зүйл, мөн та нарын ойлгох ёстой зүйл. Үүний цаад санаа нь Бүтээгчийн үгийг ойлгодоггүй хэвээр байгаа, мөн Бүтээгчийн үгийг сонсох нь өөрсдийнх нь хариуцлага, үүрэг хариуцлага, үүрэг мөн гэдгийг мэддэггүй хэвээр байгаа, түүнчлэн Бүтээгчийн үгийг хүлээн авч, дуулгавартай дагах нь бүтээгдсэн хүмүүст байх ёстой хандлага гэдгийг ухаардаггүй хүмүүс Бурханыг хэчнээн олон жил дагасан нь хамаагүй—ийм хүмүүс Бурханаар таягдан хаягдах болно гэсэн үг юм. Бурхан ийм хүмүүсийг хүсдэггүй, Тэр ийм хүмүүсийг жигшдэг. Тэгвэл эцсийн эцэст хэр олон хүн Бүтээгчийн үгийг сонсож, хүлээн авч, дуулгавартай дагаж чадах вэ? Хэдэн хүн чадна, төдий тооны л байна. Бурханыг олон жил дагасан атлаа үнэнийг жигшсээр, зарчмуудыг улайм цайм зөрчсөөр байдаг, мөн Бурханы үг махбодын ертөнцөд ч, сүнсний ертөнцөд ч хэлэгдсэн бай, түүнийг хүлээн авч, дуулгавартай дагах чадваргүй хүмүүс эцсийн эцэст таягдан хаягдах гэсэн ганц л үр дагавартай нүүр тулах болно.

Бурхан бие махбодтой болж, газар дээр ажиллахаар ирснээс хойш одоо гучин жил болж байна. Тэрээр олон үг хэлж, олон үнэнийг илэрхийлсэн. Тэр хэрхэн ярьдаг ч бай, ярихын тулд ямар арга барил ашигладаг ч бай, хэчнээн их агуулгаар ярьдаг ч бай хамаагүй, Түүнд хүмүүсээс шаардах ганц л шаардлага байдаг нь тэд сонсож, хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаг байх юм. Гэвч энэхүү хамгийн энгийн шаардлагыг ухамсарлаж, эсвэл хэрэгжүүлж чаддаггүй олон хүн бий. Энэ нь маш төвөгтэй бөгөөд хүн төрөлхтөн маш гүнзгий завхарсан, үнэнийг хүлээн авахад асар их бэрхшээлтэй, мөн амархан аврагдаж чадахгүй гэдгийг энэ нь харуулж байна. Хүнийг Бурхан бүтээсэн гэдгийг, мөн махбод дахь Бурхан бол Бурхан Өөрөө мөн гэх баримтыг хүмүүс хүлээн зөвшөөрдөг нөхцөл байдалд ч гэсэн өнөөг хүртэл хүмүүс Бурханыг эсэргүүцэж, сөрөн зогссоор, Бурханы үг болон Түүний шаардлагыг голсоор байна. Бүтээгдсэн зүйлс Бурханы үгэнд хэрхэн хандах ёстой болон Бурханы үгэнд ямар хандлагатай байх ёстойгоо ойлгохгүй байж тэд бүр бие махбодтой болсон Бурханы хэлсэн үгийг нягталж, тэдгээрт дүн шинжилгээ хийж, тэдгээрийг голж, хайхрамжгүй ханддаг. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй. Одоо хүртэл хүмүүс өөрсдийнхөө хэн болохыг, ямар байр сууринд зогсох, эсвэл юу хийх ёстойгоо мэддэггүй. Зарим хүн бүр Бурханд байнга гомдоллож: “Бурхан яагаад ажилдаа үргэлж үнэнийг илэрхийлдэг юм бэ? Яагаад Тэр биднээс үнэнийг хүлээн авахыг үргэлж шаардаж байдаг юм бэ? Бурхан үг хэлж, ажиллахдаа бидэнтэй зөвлөлдөх ёстой, Тэр үргэлж бидэнд хүндрэл учруулах ёсгүй. Бид Түүнийг туйлын дуулгавартай дагах шалтгаан байхгүй, бид хүний эрх, эрх чөлөөг хүсэж байна, Бурханы бидэнд тавьдаг шаардлагууд дээр бид гар өргөж санал өгөх ёстой, мөн бид бүгд хэлэлцүүлэг өрнүүлж, зөвшилцөлд хүрэх ёстой. Бурханы гэр ардчиллыг тогтоох ёстой, хүн бүр эцсийн шийдвэрийг хамтдаа гаргах ёстой” гэж хэлдэг. Одоо хүртэл олон хүн ийм үзэл бодолтой байдаг бөгөөд хэдийгээр тэд үүнийгээ ил тод хэлдэггүй ч зүрх сэтгэлдээ тээж явдаг. Хэрвээ Би чамаас юу ч шаардах эрхгүй юм бол, хэрвээ Би чамаас Миний хэлснийг дуулгавартай дагахыг шаардах, мөн Миний хэлсэн зүйлд туйлын дуулгавартай байхыг шаардах эрхгүй юм бол, тэгээд хэн эрхтэй юм бэ? Хэрвээ чи тэнгэр дэх Бурхан үүнийг хийх эрхтэй, мөн тэнгэр дэх Бурхан тэнгэрээс аянга цахилгаанаар дамжуулан чамтай ярих эрхтэй гэж итгэдэг бол маш сайн байна! Энэ нь Би тэвчээртэй, чин сэтгэлтэй байж, эсвэл чамтай ярих гэж үгээ гарздах шаардлагагүй гэсэн үг—Би чамд өөр юу ч хэлэхийг хүсэхгүй байна. Хэрвээ чи тэнгэр дэх Бурхан тэнгэрээс, үүлсэн дундаас чамтай ярих эрхтэй гэж итгэж байгаа бол, тэгээд явж сонс, явж Түүний үгийг хай—тэнгэр дэх Бурхан тэнгэрт, үүлсэн дунд, гал дунд чамтай ярихыг хүлээ. Гэвч чиний тодорхой мэдэх ёстой нэг зүйл бий: Хэрвээ тэр өдөр үнэхээр ирвэл чиний үхэх цаг ирсэн байх болно. Тэр өдөр ирэхгүй байсан нь дээр. “Тэр өдөр ирэхгүй байсан нь дээр”—энэ үг ямар утгатай вэ? Бурхан газар дээр хүнтэй нүүр тулан биечлэн ярьж, хүмүүсийн хийх ёстой бүхнийг хэлж өгөх үнэнийг илэрхийлэхийн тулд хүн болсон боловч хүмүүс тохуурхан шоолж, хөнгөмсөг ханддаг; тэд зүрх сэтгэлдээ Бурханыг нууцаар эсэргүүцэж, Түүнтэй өрсөлддөг. Тэд сонсохыг хүсдэггүй бөгөөд газар дээрх Бурханд хүмүүсийг захирах эрх байхгүй гэж боддог. Хүмүүст байдаг энэ хандлага Бурханыг баярлуулдаг уу, эсвэл бухимдуулдаг уу? (Бухимдуулдаг.) Тэгвэл Бурхан бухимдах үедээ юу хийх вэ? Хүмүүс Бурханы уур хилэнтэй нүүр тулна—та нар үүнийг ойлгож байгаа биз дээ? Бурханы сорилт биш, Бурханы уур хилэн; энэ хоёр бол тусдаа ойлголт юм. Бурханы уур хилэн хүмүүс дээр буух үед тэд аюулд ордог. Бурхан Өөрийн хайрладаг хүмүүст уурладаг гэж та нар бодож байна уу? Тэрээр Бурханы царайны гэрэлд амьдрах үнэ цэнтэй хүмүүст уурладаг уу? (Үгүй.) Бурхан ямар төрлийн хүнд уурладаг вэ? Түүнийг олон жил дагасан атлаа Түүний үгийг ойлгохгүй хэвээр байгаа, Бурханы үгийг сонсох ёстой гэдгээ мэдэхгүй хэвээр байгаа, Бурханы үгийг хүлээн авч, дуулгавартай дагах ухамсаргүй хүмүүст, Бурхан ийм хүмүүст зэвүүцэж, тэднийг жигшдэг бөгөөд тэднийг аврахыг хүсдэггүй. Үүнийг ойлгож байгаа биз дээ? Тэгвэл Бурханд, бие махбодтой болсон Бурхан болон үнэнд хандах хүмүүсийн хандлага ямар байх ёстой вэ? (Бид сонсож, хүлээн авч, дуулгавартай дагах ёстой.) Яг зөв. Та нар сонсож, хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Үүнээс илүү энгийн зүйл гэж үгүй. Сонссоныхоо дараа зүрх сэтгэлдээ хүлээн авах ёстой. Хэрвээ ямар нэг зүйлийг хүлээн авч чадахгүй байвал бүрэн хүлээн авах чадвартай болох хүртлээ тасралтгүй эрж хайх ёстой—тэгээд, хүлээн авмагцаа дуулгавартай дагах ёстой. Дуулгавартай дагана гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь хэрэгжүүлж, гүйцэтгэнэ гэсэн үг юм. Ямар нэг зүйлийг сонссоныхоо дараа бүү хэрэгсэхгүй орхи; гаднаа хийнэ гэж амлаж, тэмдэглэн авч, цаасан дээр буулгаж, чихээрээ сонсдог ч зүрх сэтгэлдээ хүлээж авахгүй, үйлдэх цаг нь болоход зүгээр л хуучин арга барилаараа үргэлжлүүлж, хүссэнээ хийж, бичиж авсан зүйлээ бодлынхоо мухар луу чулуудан, чухал биш мэтээр бүү ханд. Энэ бол дуулгавартай дагааж байгаа хэрэг биш. Бурханы үгэнд хандах жинхэнэ дуулгавартай байдал гэдэг нь түүнийг зүрх сэтгэлээрээ сонсож, ухаарч, үнэхээр хүлээн авах—зайлсхийж болшгүй хариуцлага гэж хүлээн авахыг хэлнэ. Энэ нь Бурханы үгийг хүлээн авдаг гэж зүгээр нэг хэлэх хэрэг биш; харин өчүүхэн төдий ч гажихгүйгээр Түүний үгийг зүрх сэтгэлээсээ хүлээн авч, хүлээн авснаа бодит үйлдэл болгон хувиргаж, Түүний үгийг хэрэгжүүлэхийг хэлдэг. Хэрвээ чиний боддог зүйл, чиний хийхээр зорьдог зүйл, мөн чиний төлдөг төлөөс бүгд Бурханы шаардлагыг хангахын төлөө байдаг бол тэр нь Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа явдал юм. “Дуулгавартай байдал” гэж яг юуг хэлдэг вэ? Энэ нь хэрэгжүүлж, гүйцэтгэж, Бурханы үгийг бодит байдал болгохыг хэлдэг. Хэрвээ чи Бурханы хэлдэг үг болон Түүний шаардлагыг тэмдэглэлийн дэвтэрт бичиж, цаасан дээр буулгадаг боловч зүрх сэтгэлдээ тэмдэглэдэггүй, тэгээд үйлдэх цаг нь болоход хүссэнээрээ хийдэг, мөн гаднаас нь харахад Бурханы шаардсан зүйлийг хийсэн мэт харагддаг ч өөрийнхөө хүсэл зоригийн дагуу хийсэн бол, тэгвэл энэ нь Бурханы үгийг сонсож, хүлээн авч, дуулгавартай дагаж байгаа хэрэг биш, энэ бол үнэнийг жигшиж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоож байгаа хэрэг юм. Энэ бол тэрслүү байдал юм.

Нэг удаа Би хэн нэгэнд нэг зүйл хийхийг даалгасан юм. Намайг түүнд даалгаврыг тайлбарлаж өгөх үед тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ маш анхааралтай тэмдэглэж авсан. Хэчнээн анхааралтай тэмдэглэж авч байгааг нь Би харсан—тэрээр уг ажлын төлөө ачаа үүрч, хянамгай, хариуцлагатай хандаж байгаа санагдсан. Ажлыг түүнд хэлж өгчихөөд Би мэдээ хүлээж эхэлсэн; хоёр долоо хоног өнгөрсөн ч тэр хариу ирүүлээгүй л байлаа. Тиймээс Би Өөрөө түүнийг олж уулзаад, Миний өгсөн даалгавар хэрхэн явагдаж байгааг асуусан юм. Тэрээр: “Өө, нээрээ—би тэр талаар мартчихаж! Юу байсныг нь дахиад хэлээд өгөөч” гэж хэлсэн. Түүний хариулт та нарт ямар санагдаж байна? Ажил хийх үедээ тэр иймэрхүү л хандлагатай байсан. Би: “Энэ хүн үнэхээр найдваргүй юм. Надаас хурдан холдож үз! Би чамайг дахиж хармааргүй байна!” гэж бодсон. Надад тэгж л санагдсан. Тиймээс, Би та нарт нэг баримт хэлье: Та нар Бурханы үгийг заль мэхтний худал үгтэй хэзээ ч холбож болохгүй—тэгэх нь Бурханд жигшүүртэй байдаг. Зарим хүн өөрсдийгөө хэлсэндээ хүрдэг, тэдний хэлсэн үг бол тэдний амлалт гэж хэлдэг. Хэрвээ тийм бол, Бурханы үгийн тухайд тэд эдгээр үгийг сонсох үедээ хэлснээр нь хийж чаддаг уу? Тэд хувийн ажил хэргээ хийдэг шигээ тийм анхааралтай түүнийг хэрэгжүүлж чаддаг уу? Бурханы өгүүлбэр бүр чухал. Тэр тоглоом шоглоомоорярьдаггүй. Түүний хэлсэн зүйлийг хүмүүс хэрэгжүүлж, гүйцэтгэх ёстой. Бурхан үг хэлэхдээ хүмүүстэй зөвлөлддөг үү? Тэр гарцаагүй тэгдэггүй. Тэр чамаас сонголт олонтой асуулт асуудаг уу? Тэр мэдээж тэгдэггүй. Хэрвээ чи Бурханы үг болон даалгавар бол тушаал, хүн тэдгээрийн хэлсний дагуу хийж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг ухаарч чадвал, тэгвэл чи тэдгээрийг хэрэгжүүлж, гүйцэтгэх үүрэгтэй. Хэрвээ чи Бурханы үгийг зүгээр л тоглоом, хүн хүссэнээрээ хийж ч болох—эсвэл хийхгүй ч байж болох—зүгээр л нэг энгийн үг гэж бодож, түүнд тэгж ханддаг бол, тэгвэл чи ихэд эрүүл ухаангүй бөгөөд хүн гэж дуудуулахад тохирохгүй. Бурхан чамтай дахиж хэзээ ч ярихгүй. Хэрвээ хүн Бурханы шаардлага, Түүний тушаал болон Түүний даалгаврын тухайд үргэлж өөрийнхөө сонголтыг хийж, тэдгээрт хааш яаш хандлагаар ханддаг бол, тэгвэл тэр бол Бурханы жигшдэг төрлийн хүн юм. Миний чамд шууд тушааж, даалгасан зүйлс дээр хэрвээ Би үргэлж чамд хяналт тавьж, чамайг шахаж шаардаж, даган хянах хэрэгтэй байдаг бол, үргэлж Миний санааг зовоож, асууж сураглахад хүргэдэг бол, алхам тутамд чиний өмнөөс Би бүх зүйлийг шалгах шаардлагатай байдаг бол, тэгвэл чи таягдан хаягдах ёстой. Бурханы гэрээс одоо таягдан хаягдсан хүмүүсийн дунд ийм төрлийн хүн олон бий. Би тэдэнд цөөн хэдэн зүйл зааварлаад, дараа нь тэднээс: “Та нар энэ бүхнийг тэмдэглэж авсан уу? Энэ ойлгомжтой юу? Та нарт асуух зүйл байна уу?” гэж асуудаг. Тэд үүнд: “Бид бүгдийг нь тэмдэглээд авчихсан, ямар ч асуудалгүй, санаа зовох хэрэггүй!” гэж хариулдаг. Тэд эдгээрийг хийхээр маш амархан зөвшөөрдөг бөгөөд бүр зүрхэн дээрээ гараа тавиад Надад тангарагладаг. Гэвч тэд зөвшөөрснийхөө дараа үнэхээр эдгээр зүйлийг хэрэгжүүлдэг үү? Үгүй, тэд зүгээр л ор мөргүй алга болдог бөгөөд тэднээс дахиж мэдээ ирдэггүй. Тэд дуртай зүйлээ шууд л хийж, түргэн, шийдэмгий хөдөлдөг. Тэд Миний даалгасан зүйлийг хурдан зөвшөөрдөг ч дараа нь зүгээр л үл тоодог бөгөөд хожим нь Би энэ хэрэг явдлын талаар тэдэнтэй эргэж холбогдоход тэд юу ч хийгээгүй байсныг Би олж мэддэг. Ийм төрлийн хүнд ямар ч мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Тэд бол ямар ч хэрэггүй амьтад бөгөөд үүрэг гүйцэтгэх эрхгүй. Тэд гахай, нохойноос ч дор. Хүн хоточ нохой тэжээх үед эзнээ эзгүй хойгуур гаднын хүн ирэхэд нохой нь гэр, хашаагаа манахад тусалж чаддаг. Аливаа зүйл хийхдээ нохойноос ч дор олон хүн байдаг. Зарим хүн өчүүхэн жаахан үүрэг гүйцэтгэхдээ хүртэл үргэлж хэн нэгнээр хянуулж, ямар ч зүйл хийхийн өмнө үргэлж хэн нэгнээр засуулж, харгалзуулж байх ёстой байдаг. Энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг мөн үү? Энэ хүмүүс бол худалч нар! Хэрвээ тэд үүнийг хийхээр төлөвлөөгүй юм бол яагаад зөвшөөрсөн юм бэ? Энэ нь хүмүүсийг санаатайгаар мэхэлж байгаа хэрэг биш гэж үү? Хэрвээ тэд даалгаврыг хэцүү байх нь гэж бодсон юм бол яагаад эртхэн тэгж хэлээгүй юм бэ? Яагаад тэд үүнийг гүйцэтгэнэ гэж амлачихаад, дараа нь хийгээгүй юм бэ? Хэрвээ тэд өөр хүмүүсийг мэхэлбэл хүмүүс тэдэнд юу ч хийж чадахгүй, харин Бурханыг мэхэлбэл үр дагавар нь юу байх вэ? Ийм төрлийн хүнийг цэгцэлж, таягдан хаях ёстой! Үнэнийг жигшиж, зарчмуудыг улайм цайм зөрчдөг хүмүүсийг муу хүмүүс гэж та нар бодохгүй байна уу? Тэд бүгд муу хүмүүс, тэд бүгд чөтгөрүүд бөгөөд тэднийг таягдан хаях ёстой! Энэ хүмүүс дур зоргоороо авирлаж, зарчмуудыг зөрчиж, тэрслүү, дуулгаваргүй байж, өөрсдийн хаанчлалыг байгуулдаг учраас, мөн тэд залхуу, хариуцлагагүй байдгаасаа болоод чуулганд асар их хохирол учруулсан! Ийм хохирлыг хэн нөхөн төлж чадах вэ? Хэн ч ийм хариуцлага үүрч чадахгүй. Энэ хүмүүс засуулах үедээ гомдоллож, итгэхгүй, сэтгэл дундуур үлддэг. Энэ хүмүүс эрүүл ухаангүй чөтгөрүүд биш гэж үү? Тэд үнэхээр авралгүй болсон бөгөөд аль хэдийн таягдан хаягдах ёстой байсан!

Өнөөдөр бидний нөхөрлөсөн Ноа, Абрахам нарын түүхийн гол санаа юу болохыг та нар ойлгож байна уу? Хүнд тавьдаг Бурханы шаардлага өндөр үү? (Үгүй.) Бурханы хүнээс шаарддаг зүйл бол бүтээгдсэн хүнд байх ёстой хамгийн үндсэн зүйл юм; Түүний шаардлага огтхон ч өндөр биш бөгөөд хамгийн бодитой, хамгийн бодит байдаг. Бурханд сайшаагдахын тулд хүмүүс жинхэнэ итгэл болон туйлын дуулгавартай байдлыг эзэмших ёстой; энэ хоёр зүйлийг эзэмшсэн хүмүүс л үнэхээр аврагддаг. Гэвч гүнзгий завхарсан, үнэнийг жигшдэг, эерэг зүйлсэд зэвүүцдэг хүмүүсийн хувьд, мөн үнэнд дайсагнадаг хүмүүсийн хувьд энэ хоёр зүйлээс илүү хэцүү зүйл гэж үгүй! Үүнд зөвхөн Бурханд хандах цэвэр ариун, нээлттэй зүрх сэтгэлтэй, хүн чанар, эрүүл ухаан, мөс чанартай, мөн эерэг зүйлсийг хайрладаг хүмүүс л хүрч чадна. Эдгээр зүйл та нарт бий юу? Тэгээд Бурхантай харилцах харилцаанд хүмүүсийн эзэмших ёстой тууштай, цэвэр ариун байдал хэнд байдаг вэ? Насны хувьд, энд сууж байгаа та нар бүгд Ноа, Абрахам хоёроос залуу хэдий ч цэвэр ариун байдлын хувьд та нар тэдэнтэй харьцуулагдахгүй. Цэвэр ариун байдал, оюун ухаан, мэргэн ухаан та нарт байдаггүй; нөгөөтээгүүр, жижиг сажиг заль мэхээр бол дутагдана гэж байдаггүй. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Бурханы шаардлагыг хангах ямар нэг арга зам байна уу? Зам байна уу? Хаанаас эхлэх вэ? (Бурханы үгийг сонсохоос.) Яг зөв: сонсож, дуулгавартай дагаж сурснаар. Зарим хүн: “Заримдаа Бурханы хэлдэг зүйл үнэн биш байдаг, дуулгавартай дагахад амар байдаггүй. Хэрвээ Бурхан цөөн хэдэн үнэн үг хэлсэн бол дуулгавартай дагахад амар байх байсан” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? (Үгүй.) Өнөөдөр бидний ярьсан Ноа, Абрахам нарын түүхээс та нар юу олж мэдсэн бэ? Бурханы үгийг дуулгавартай дагаж, Бурханы шаардлагад дуулгавартай байх нь хүний зайлшгүй үүрэг юм. Хэрвээ Бурхан хүний үзэлтэй нийцэхгүй зүйл хэлбэл хүн түүнд дүн шинжилгээ хийж, түүнийг нягтлах ёсгүй. Бурхан хэнийг ч яллаж, таягдан хаясан бай, хэчнээн олон хүнд үзэл, эсэргүүцэл төрүүлсэн ч Бурханы ялгамж чанар, Түүний мөн чанар, Түүний зан чанар, Түүний байр суурь үүрд хувиршгүй байдаг. Тэр бол үүрдийн Бурхан юм. Тэр бол Бурхан мөн гэдэгт чи эргэлздэггүйгээс хойш чиний цорын ганц хариуцлага, чиний хийх ёстой ганц зүйл бол Түүний хэлснийг дуулгавартай дагаж, Түүний үгийн дагуу хэрэгжүүлэх явдал юм; энэ бол хэрэгжүүлэлтийн зам. Бүтээгдсэн зүйл Бурханы үгийг нягталж, дүн шинжилгээ хийж, хэлэлцэж, голж, сөрж, тэрслэж, эсвэл үгүйсгэх ёсгүй; үүнийг Бурхан жигшдэг бөгөөд энэ нь Түүний хүнээс харахыг хүсдэг зүйл биш юм. Бурханы үгэнд яг хэрхэн хандах ёстой вэ? Чи хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Энэ нь үнэндээ маш энгийн: түүнийг дуулгавартай дагаж сур, түүнийг зүрх сэтгэлээрээ сонс, зүрх сэтгэлээрээ хүлээн ав, зүрх сэтгэлээрээ ухаарч, ойлго, тэгээд явж, түүнийг зүрх сэтгэлээрээ хэрэгжүүлж, гүйцэтгэ. Зүрх сэтгэлдээ сонсож, ухаарсан зүйл чинь чиний хэрэгжүүлэлттэй нягт холбоотой байх ёстой. Энэ хоёрыг бүү салга; бүх зүйл—чиний хэрэгжүүлдэг зүйл, чиний дуулгавартай дагадаг зүйл, чиний өөрийн гараар хийдэг зүйл, чиний араас нь гүйж хөөцөлддөг бүх зүйл—Бурханы үгтэй хамааралтай байх ёстой, тэгээд чи Түүний үгийн дагуу хэрэгжүүлж, үйлдлээрээ дамжуулан түүнийг гүйцэтгэх ёстой. Бүтээгчийн үгэнд дуулгавартай байна гэдэг нь энэ юм. Энэ бол Бурханы үгийг хэрэгжүүлэх зам билээ.

2020 оны 7 дугаар сарын 18

Өмнөх: 10-р зүйл: Тэд үнэнийг басамжилж, зарчмуудыг улайм цайм зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (IV хэсэг)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих