Бурхан бол хүний амийн эх сурвалж
Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс хариуцлагаа биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүрэг ролио гүйцэтгэж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний гарал үүсэл ямар байх, урд чинь ямар аян хүлээж байх нь хамаагүй, товчхондоо, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй, хэн ч өөрийн хувь заяаг хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм ажил хийх чадвартай. Хүн оршин тогтнох болсон үеэс хойш Бурхан ажлаа үргэлж ийм маягаар гүйцэтгэж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хууль болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы амттан, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүй Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл, сүнс Бурханы атганд байдаг бөгөөд амьдралынх нь бүх зүйл Бурханы нүдэн дээр байдаг. Энэ бүхэнд итгэх эсэх чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэж, алга болдог. Ийм маягаар Бурхан бүх зүйлийг захирдаг.
Шөнийн харанхуй сэмхэн ойртож байхад хүн мэддэггүй, учир нь шөнө хэрхэн нөмөрдгийг ч тэр, хаанаас ирдгийг ч тэр хүний зүрх сэтгэл ухамсарлаж чаддаггүй юм. Шөнө сэмхэн дайжин одоход хүн өдрийн гэрлийг угтан авдаг боловч гэрэл хаанаас ирснийг, шөнийн харанхуйг хэрхэн хөөснийг мэддэг ч үгүй, мэдэрдэг ч үгүй. Ээлжлэн солигдох өдөр, шөнө хүнийг нэг үеэс нөгөөд, түүхийн нэг нөхцөлөөс нөгөөд аваачихын хажуугаар цаг үе болгон дахь Бурханы ажил болон эрин үе бүрд зориулсан Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлж ирсэн. Хүн энэ бүх өөр өөр цаг үед Бурханыг даган алхсан хэр нь Бурхан бүх зүйл болон амьд бодгалийн хувь заяаг захирдгийг мэддэггүй, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний цаг үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг ухаараагүй явжээ. Үүний шалтгаан нь, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал байдагт бус, Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханаас хэтэрхий холдож, Бурханыг дагаж байхдаа ч Сатанд үйлчилсээр байх хэмжээнд хүрсэн бөгөөд үүнийгээ ч мэддэггүйгээс болж байгаа юм. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ дэлхий, энэхүү ёрын муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэм журамд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох Сатаны илжрэлд түшиглэхэд бэлэн байдаг. Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс нь хүний Сатанд өргөн барьдаг өргөл, Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, мөн зүй ёсны тоглоомын талбай болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайхаа, эсвэл Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг ч, Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн анх өөрт нь байсан үндсийг алддаг: Энэ бол энэхүү хүн төрөлхтний эмгэнэл билээ. Чухамдаа гэвэл, бүр эхнээсээ өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтөнд зориулан эмгэнэлт жүжиг тайзнаа тавьсан бөгөөд хүн үүний гол дүр төдийгүй хохирогч нь юм. Тэгээд энэхүү эмгэнэлт жүжгийн найруулагч нь хэн болохыг хэн ч хариулж чаддаггүй.
Өргөн уудам ертөнцөд тоо томшгүй олон удаа далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирдаг. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэ хүн төрөлхтний төлөө хүчин чармайлт гаргаж, бэлтгэл базаах “хүчирхэг нэгэн” гэж үгүй, энэ хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, газар дэлхийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч үгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйн төлөө халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж буцахгүй зам руу алхам алхмаар явж байгаад шаналдаг. Хэн ч, хэзээ ч үүнийг бодож үзээгүй: Бурханы зүрх сэтгэлийг тэр чигт нь эмтрүүлж, Түүнийг хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй хүн төрөлхтөн аль чиглэлд явж буй бол? Яг энэ шалтгааны улмаас хэн ч Бурханы уур хилэнг мэдрэхээр оролддоггүй, хэн ч Бурханы таалалд нийцдэг замыг эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж оролддоггүй, үүнээс ч илүүтэйгээр Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч оролддоггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжид явсаар, Бурханаас үргэлжид холдсоор, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байх юм бол, Өөрийг нь дээд зэргээр басамжилдаг энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хэн ч үүнийг мэддэггүй, Бурхан хүн төрөлхтөнд удаа дараа сануулж, ятгадгийн шалтгаан нь Тэрээр гартаа урьд хожид үзэгдээгүй аюул гамшгийг бэлдсэн, үүнийг хүний махан бие, сүнс тэсвэрлэхийн аргагүй, ердөө махан биеийн шийтгэл төдий ч биш, харин хүний сүнсийг онилсон байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, сануулга, ятгалгыг нь хариулахгүй байх үед Бурхан ямархуу уур хилэн гаргах бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд өмнө нь мэдэрч, мэдэж байгаагүй зүйл байх болно. Иймээс энэ аюул гамшиг нь урьд өмнө үзэгдэж байгаагүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлдэг. Учир нь Бурханы төлөвлөгөө бол хүн төрөлхтнийг ганцхан удаа л бүтээж, хүн төрөлхтнийг ганцхан удаа л аврах явдал юм. Энэ бол эхний бөгөөд эцсийн удаа юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аврах Бурханы уйгагүй санаа зорилго, тэсэж ядсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.
Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд оршихуй болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь тэтгэдэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа ба өөрсдийнх нь амийн зөн совин л өсөлтийг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн совин хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдрал үргэлжлэхийн үндэс, шийдэмгий байдал бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амин зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л тэд мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, ийм маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс болон хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг. Хүний амийн үүсэл ба үргэлжлэлтэй холбоотой нууцуудыг хэн ч, хэзээ ч судалж үзээгүй. Энэ бүхнийг ойлгодог Бурхан л, Өөрөөс нь бүх зүйлийг хүлээн авсан мөртөө талархдаггүй хүний учруулдаг шаналал, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Амийн авчирдаг бүхнийг хүн жам ёсны зүйл шиг эдэлдэг ба тийм ч болохоор Бурханаас урваж, Бурханыг мартан, Бурханаас сүрдүүлэн авдаг нь “мэдээжийн хэрэг” билээ. Бурханы төлөвлөгөө үнэхээр тийм чухал юм гэж үү? Хүн гэдэг, Бурханы гараас гарсан энэхүү амьд бодгаль үнэхээр тийм чухал юм гэж үү? Бурханы төлөвлөгөө мэдээж чухал; гэвч Бурханы гараар бүтээгдсэн энэхүү амьд бодгаль Түүний төлөвлөгөөний төлөө оршин тогтнодог. Иймд Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсандаа төлөвлөгөөгөө гаргуунд нь гаргачхаж чадахгүй. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон Өөрийн гаргасан амьсгалын төлөө, хүний махан бие бус, хүний амийн төлөө л бүх зовлон шаналлыг тэвчдэг билээ. Тэрээр хүний махан биеийг бус, амьсгалсан амиа буцааж авахын тулд л ингэдэг юм. Энэ бол Түүний төлөвлөгөө юм.
Энэ дэлхийд ирсэн хүн бүхэн амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэдний ихэнх нь үхэл, дахин төрөлтийн мөчлөгөөр дамжин өнгөрсөн. Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ. Энэ бүхэн нь амьд бодгаль болгонд зориулан Бурханы зохицуулсан амийн замнал билээ. Гэвч энэ замнал, энэ мөчлөг яг нарийндаа хүнд Бурханы харуулахыг хүсдэг баримт юм: хүнд Бурханы өгсөн амь эцэс төгсгөлгүй, махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Олон хүн хүний амь Бурханаас ирсэн гэж боддоггүй байж болох ч Бурханы оршин тогтнолд итгэдэг ч бай, үгүйсгэдэг ч бай, Бурханаас ирдэг бүхнийг хүн зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхий дээр оршдог бүхнийг эргүүлэн авахыг хүсэж, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно. Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй баримт, эдгээр ойлгохын аргагүй баримт бол яг таг Бурханы амийн хүчний илрэл, гэрчлэл билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгох аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: Бүх бүтээл амийн хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байх нь хамаагүй, амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг; чи ямар ч төрлийн амьд биет байсан, Бурханы тогтоосон амийн тойрог замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу хичээж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн, хүртэх учиртай бүхнээ хүртэж чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг. Амийнх нь үнэ цэнийг дэмий үрдэг хүний ийм санаа амар байдлыг Бурхан яаж зөвшөөрч чадах юм бэ? Өмнө нь Миний хэлсэнчлэн, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг нандигнаж чадахгүй бол Бурхан анх өгсөн зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй, Өөрийнхөө өгсөн бүхний үнийг хүнээр хоёр нугалан төлүүлнэ.
2003 оны 5 дугаар сарын 26