Бүтээгчийн ялгамж чанартай Бурханд л цор ганц эрх мэдэл байдаг
Сатаныг онцгой ялгамж чанартай болохоор нь маш олон хүн түүний янз бүрийн талын илрэлийг хүчтэй сонирхох болсон. Гайхамшиг үзүүлж, хүн төрөлхтний хийх боломжгүй зүйлсийг хийх чадвартай болохоор нь Сатаныг бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг гэж боддог мунхаг хүмүүс ч олон байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөхийн сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Энэ хүмүүс хөөрхийлөлтэй агаад жигшмээр. Тэд мэдлэггүй учраас хөөрхийлөлтэй ба тэрс үзэл, төрөлхийн ёрын муу мөн чанарынхаа улмаас жигшүүртэй. Одоо та нарт, эрх мэдэл гэж юу болох, энэ нь юуг бэлгэдэж, юуг төлөөлдөг болохыг хэлэх шаардлагатай мэт Надад санагдаж байна. Ерөнхийд нь ярихад, Бурхан Өөрөө эрх мэдэл юм, Бурханы эрх мэдэл Өөрийнх нь дээдийн дээд байдал, мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийн эрх мэдэл нь Бурханы байр суурь, ялгамж чанарыг төлөөлдөг. Ийм байхад Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхэлдэг үү? Мэдээж үгүй! Учир нь Сатан бүх зүйлийг бүтээх чадваргүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээлээс нэг ч атугай зүйлийг бүтээж байсан удаагүй бөгөөд ямар нэг амьтай зүйлийг бүтээж үзээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл байхгүй, Бурханы байр суурь, ялгамж чанарыг хэзээ ч эзэмших боломжгүй бөгөөд энэ нь түүний мөн чанараар тодорхойлогддог. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж үгүй! Сатаны үйл, үзүүлсэн гайхамшгийг бид юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу урсгалыг удирдаж, Бурханы ажлыг бүх талаар үймүүлж, доголдуулж, саад болдог. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, зовоож, хүнийг урхидаж, мэхлэн доройтолд оруулж, хүнийг үхлийн сүүдэрт хөндий рүү явуулахын тулд Бурханыг голоход хүргэснээс бусдаар Сатан хүнд дурсагдаж, сайшаагдаж, нандигнамаар зүйл өчүүхэн төдийхнийг ч хийсэн гэж үү? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг ялзруулах байсан уу? Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтнийг хорлох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл, хүч чадал эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл, хүч чадал байдаггүй болохоор хийдэг бүхнийх нь мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийдэг бүхнийг шалихгүй заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт төдийлөн зохистой биш гэж Би боддог. Хүн төрөлхтнийг ялзруулсан түүний муу үйл нь шалихгүй заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны муу ёрын хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл нь шалихгүй заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал, уул толгодоор хааяагүй таран бэлчсэн Иовын мал сүрэг хормын төдийд үгүй болсон; Иовын их хөрөнгө агшин зуурын төдийд алга болсон. Үүнийг шалихгүй заль мэх төдийхнөөр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхний уг чанар нь хохироох, үймүүлэх, устгах, хорлох, муу ёр, хорлонт байдал, харанхуй гэх мэт сөрөг нэр томьёотой таарч, нийцдэг тул шударга бус, ёрын муу бүх тохиолдол нь Сатаны үйлтэй нягт холбоотой, Сатаны муу ёрын мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн “хүчирхэг” ч бай, хэчнээн давлиун, амбицтай ч бай, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай ч бай, хүнийг ялзруулж, урхидах арга барил нь хэчнээн ч өргөн хүрээтэй бай, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, явуулга нь хэчнээн ч ухаалаг бай, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн ч хувирамтгай бай хамаагүй, тэр хэзээ ч ямар нэгэн амьд зүйлийг бүтээж чадаагүй, хэзээ ч бүх зүйлийн оршин тогтнолын хууль, дүрмийг тогтоож чадаагүй, бас амьтай, амьгүй аливаа эд юмыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Орчлон ертөнц, өргөн уудам газар нутаг даяар, түүнээс төрж, түүнээс болж оршин тогтнодог нэг ч хүн, нэг ч эд юм байхгүй; түүнд захируулж, удирдуулдаг нэг ч хүн, нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы эрх мэдэл дор амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус юм уу элсний ширхэгт хүрэх ч Сатанд хэцүү; Бурханы зөвшөөрөлгүйгээр Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, тэнгисийн загас, хөрс шороон дээрх өтнөөс ч дорд. Бүх зүйлийн дундах түүний үүрэг гэвэл бүх зүйлд болон хүн төрөлхтөнд үйлчилж, бас Бурханы ажил болон удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний уг чанар хэчнээн ч хорлонтой, мөн чанар нь хэчнээн ч ёрын муу бай, Бурханд үйлчлэл үзүүлж, Бурханы товойлгогч байх чиг үүргээ лхариуцлагатайгаар биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амь, хүч чадал, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гар дахь тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!
Олон хүн Сатаны үнэн төрхийг ойлгочхоод, эрх мэдэл гэж юу болохыг бас л ойлгодоггүй, иймээс Би чамд хэлж өгье! Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл, хүч чадал хоёрын аль аль нь эерэг гэдгийг баттай хэлж болно. Эдгээр нь ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдсэн бус ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч чадал нь амь болон амин чанар бүхий ямар ч хэлбэрийн зүйлсийг бүтээх чадвартай бөгөөд Бурханы амь үүнийг тогтоосон байдаг. Бурхан бол амь, иймээс Тэр бол бүх амьд зүйлийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь Бурханы үг бүрийг бүх амьд зүйл дуулгавартай дагадаг болгож чаддаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг. Дараа нь Бурхан бүх амьд зүйлийг захирч, тушаадаг бөгөөд үүрдийн үүрд хэзээ ч гажуудал гарахгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг тул үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн цор ганц байдал билээ. Иймээс “эрх мэдэл” гэх үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар нь уу гэдгээс үл хамааран аль алийг нь Бүтээгчтэй л холбон үзэж болдог, учир нь энэ нь Бүтээгчийн цор ганц ялгамж чанар, мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлдөг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.
Хэдийгээр Сатан Иовыг шунахай харцаар харсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Сатан хэдий төрөлхийн ёрын муу, харгис ч гэсэн Бурханыг тушаал өгсний дараа тушаалыг нь дагахаас өөр сонголт түүнд байгаагүй. Иймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт улангассан байсан ч Бурханы өөрт нь тогтоосон хязгаарыг умартаж зүрхлээгүй, Бурханы тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгийн зарчим болон хязгаарыг давж зүрхлээгүй—энэ баримт биш гэж үү? Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг үүнээс харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрлэг хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы тушаалыг зөрчдөг, учир нь Бурханы үг болгоны ард тушаалыг нь зөрчиж, тэнгэрлэг хуулийг дуулгавартай дагадаггүй хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл агуулагдаж байдаг. Бурханы тушаалыг зөрчвөл Бурханы эрх мэдэлд халдаж, тэнгэрлэг хуулийг эсэргүүцсэнийхээ үр дагаврыг хүртэх ёстойг Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь яг юу вэ? Эдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Сатаны Иовд гаргасан үйлдэл бол хүнийг ялзруулах үйлийнх нь бичил дүр зураг төдий зүйл байсан. Сатаны хэрэгжүүлэх эдгээр үйлдэлд Бурханы тогтоосон хязгаар, Сатанд өгсөн тушаал нь Сатаны хийдэг бүх зүйлийн ард үйлчилдэг зарчмуудын ердөө л бичил дүр зураг нь байсан юм. Үүнээс гадна, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхлээгүйнх нь бичил дүр зураг төдий байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатан байтугай бүх зүйлийн дотроос Бүтээгчийн тогтоосон тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж чадах, эдгээр тэнгэрлэг хууль, зарлигийг зөрчиж зүрхлэх ямар ч хүн болон зүйл үгүй. Учир нь эдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн оноодог шийтгэлийг ямар ч хүн болон эд юм өөрчилж, мултарч чаддаггүй. Бүтээгч л тэнгэрлэг хууль, зарлигийг тогтоож чадна, эдгээрийг хүчинтэй болгох хүч чадал Бүтээгчид л байдаг ба Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн, эд зүйл даван гарч чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлийн дунд дээдийн дээд тул “Бурхан хамгийн агуу нь, Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!
Та нар одоо Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон уу? Нэгдүгээрт, дөнгөж сая дурдсан Бурханы эрх мэдэл болон хүний хүч чадлын хооронд ялгаа бий юу? Ялгаа нь юу вэ? Энэ хоёрыг хооронд нь харьцуулшгүй гэж зарим хүн хэлдэг. Тэр бол зөв! Энэ хоёрыг хооронд нь харьцуулшгүй гэж хүмүүс хэлдэг ч хүн бодол болон үзэлдээ хүний хүч чадлыг эрх мэдэлтэй байнга андуурч, энэ хоёрыг байнга нэг нэгэнтэй нь харьцуулдаг. Энд юу болоод байна вэ? Хүмүүс санамсаргүйгээр нэгийг нь нөгөөгөөр орлуулах алдаа гаргаж байгаа юм биш үү? Энэ хоёр хоорондоо холбоогүй, хооронд нь харьцуулшгүй байхад хүмүүс бас л андуурдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Чи шийдэл үнэхээр олмоор байвал Бурханы цор ганц эрх мэдлийг ойлгож, мэдэх л ганц арга бий. Чи Бүтээгчийн эрх мэдлийг ойлгож мэдсэнийхээ дараа хүний эрх мэдэл, Бүтээгчийн эрх мэдэл хоёрыг эн тэнцүү ярихгүй.
Хүний эрх мэдэл гэж юуг хэлдэг вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь хүний ялзарсан зан чанар, хүсэл, санаархлыг асар ихээр нэмэгдүүлэх юм уу биелэх боломжтой болгодог чадал, чадвар юм. Үүнийг эрх мэдэл гэж үзэх үү? Хүний хүсэл, санаархал хэчнээн маадгар, шунахай байлаа ч тэр хүнийг эрх мэдэл эзэмшдэг гэж хэлж болохгүй; сайндаа л энэхүү додигор байдал, амжилт нь хүмүүсийн дундах Сатаны маазралын илэрхийлэл төдий, сайндаа л энэ нь Бурхан болох гэсэн эрмэлзлээ биелүүлэхийн тулд Сатан өөрөө өөрийнхөө өвөг дээдэс мэт авирладаг инээдтэй явдал юм.
Чи одоо Бурханы эрх мэдлийг яг хэрхэн үзэж байна вэ? Эдгээр үгийн талаар нөхөрлөчихсөн юм чинь чи Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон байх ёстой. Иймээс Би та нараас асууя: Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Бурханы Өөрийн ялгамж чанарыг бэлгэддэг үү? Бурханы Өөрийн хүч чадлыг бэлгэддэг үү? Бурханы Өөрийн цор ганц байр суурийг бэлгэддэг үү? Бүх зүйлийн дунд чи Бурханы эрх мэдлийг юунаас харсан бэ? Яаж харсан бэ? Хүний туулдаг дөрвөн улирлын тухайд, хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдох хуулийг хэн нэгэн хүн өөрчилж чадах уу? Хавар мод нахиалж, цэцэглэдэг; зун навчаар бүрхэгддэг; намар жимс нь ургаж, өвөл навчис унадаг. Энэ хуулийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Энэ нь Бурханы эрх мэдлийн нэг талыг харуулдаг уу? Бурхан “Гэрэл бий болог” хэмээн хэлэхэд гэрэл бий болсон. Энэхүү гэрэл одоо ч оршдог уу? Энэ нь юунаас болж оршдог вэ? Мэдээж Бурханы үг, Бурханы эрх мэдлийн ачаар оршин тогтнодог. Бурханы бүтээсэн агаар одоо ч оршсоор байдаг уу? Хүний амьсгалдаг агаар Бурханаас үүсэлтэй юу? Бурханаас ирдэг зүйлсийг хэн нэгэн булаан авч чадах уу? Эдгээрийн мөн чанар, чиг үүргийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Бурханы хуваарилсан өдөр, шөнийг болон Бурханы тушаасан өдөр шөнийн хуулийг хэн нэгэн сүйтгэх чадвартай юу? Сатан ийм зүйл хийж чадах уу? Чи шөнө унталгүй, шөнийг өдөр гэж үзсэн ч гэсэн шөнийн цаг хэвээр л байна; чи өдөр тутмын хэвшлээ өөрчилж болох ч өдөр шөнө ээлжлэн солигдох хуулийг өөрчлөх чадваргүй—энэ баримтыг ямар ч хүн өөрчлөх аргагүй, тийм биз дээ? Арсланг анжсанд үхэр шиг хөллөөд, газар хагалуулж чадах хүн бий юу? Зааныг илжиг болгон өөрчилж чадах хүн бий юу? Тахиаг бүргэд мэт тэнгэрт дүүлэн нисгэж чадах хүн бий юу? Чоныг хонь мэт өвс идүүлж чадах хүн бий юу? (Үгүй.) Усны загасыг хуурай газар дээр амьдруулж чадах хүн бий юу? Үүнийг хүмүүс хийж чадахгүй. Яагаад чадахгүй гэж? Бурхан усанд амьдар гэж загасанд тушаасан учраас тэд усанд амьдардаг. Тэд газар дээр амьд үлдэж чадалгүй үхнэ; Бурханы тушаалын хязгаарыг давж чадахгүй. Бүх зүйлд оршин тогтнох хууль, хил хязгаар байдаг ба бүгд өөрсдийн гэсэн төрөлх араншинтай байдаг. Эдгээрийг Бүтээгч тушаасан ба ямар ч хүн өөрчилж, даван гарах аргагүй. Жишээлбэл, арслан хүний нийгмээс үргэлж хол, зэрлэг байгальд амьдрах бөгөөд хүнтэй хамт амьдарч, хүний төлөө ажилладаг шар үхэр адил номхон, үнэнч байж хэзээ ч чадахгүй. Хэдийгээр заан, илжиг хоёр хоёулаа амьтан, хоёулаа дөрвөн хөлтэй, агаараар амьсгалдаг бүтээл боловч төрөл зүйл нь ондоо байдаг. Учир нь тэднийг Бурхан өөр өөр төрөлд хуваасан, тэд тус тусын зөн мэдрэмжтэй, иймээс тэд хэзээ ч нэг нь нөгөөгөө орлохгүй. Хэдийгээр тахиа бүргэд шиг хоёр хөлтэй, хос далавчтай боловч хэзээ ч агаарт нисэж чадахгүй; сайндаа л модон дээр гарч чаддаг—энэ нь зөн мэдрэмжээр нь тодорхойлогддог. Энэ бүхэн нь Бурханы эрх мэдлийн тушаалаас үүддэг гэдгийг хэлэх нь илүүц юм.
Өнөөгийн хүн төрөлхтний хөгжлийн хувьд хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжин цэцэглэж яваа гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны эрэл хайгуулын ололт амжилтыг бахдам гэж тодорхойлж болно. Хүний чадвар улам их өсөж байгаа гэж хэлж болох ч хүн төрөлхтөн шинжлэх ухаанаар нээлт хийж чаддаггүй нэг зүйл байдаг: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч болон цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернэт зохион бүтээж, өндөр технологи бүхий амьдралын хэв маягаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьтан бүрийн зөн мэдрэмж, амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй, мөн захирагдахгүй. Одоо, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн ч бай, Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй юм. Энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдал болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг хэмжих чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дэлхий дээр маш олон далай тэнгис байдаг боловч эдгээр нь хэзээ ч хязгаараа давж, хуурай газар дээр дураараа гарч ирээгүй, учир нь Бурхан дор бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; эдгээр нь Түүний хаа тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр ийш тийш чөлөөтэй нүүж чаддаггүй. Эдгээр нь Бурханы зөвшөөрөлгүйгээр бие биедээ халдаж болдоггүй бөгөөд Бурханыг хөдөл гэхэд л хөдөлж чаддаг. Хаа хүрч, хаана үлдэхийг нь Бурханы эрх мэдэл тодорхойлдог.
Шулуухан хэлэхэд, “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Аливаа зүйлийг яаж хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд Тэр хүссэнээрээ л хийдэг. Бүх зүйлийн хууль хүнээс бус, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадахгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы тушаалаар өөрчлөгддөг, энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйл, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы захирамжийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, бас үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа ч өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлээс үүдэн бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас мөхдөг. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Энэ хэрийн зүйл ярьсны дараа чи, Бурханы эрх мэдэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн бэлгэ тэмдэг гэдгийг мэдэрч байна уу? Бурханы эрх мэдлийг аливаа бүтээгдсэн, бүтээгдсэн бус зүйл эзэмшиж чадах уу? Үүнийг ямар нэг хүн, зүйл, эсвэл эд юм дуурайж, хуулбарлаж, орлож чадах уу?
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?