Шашны зан үйлд оролцох гэж юу вэ?
Холбогдох Бурханы үг:
Хэвийн сүнслэг амьдрал нь залбирах, магтан дуу дуулах, чуулганы амьдралд оролцох, Бурханы үгийг идэж, уух гэх мэт хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй. Харин ч энэ нь шинэ, эрч хүчтэй сүнслэг амьдралаар амьдрахтай холбоотой. Хэрхэн хэрэгжүүлдэг чинь биш, харин хэрэгжүүлэлт чинь ямар үр дүнд хүрдэг нь чухал юм. Тийм хэрэгжүүлэлт үнэндээ ямар нэг үр нөлөөтэй эсэх, жинхэнэ ойлголтод хүргэдэг эсэхээс үл хамааран залбирах, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух, эсвэл тунгаан бодох нь хэвийн сүнслэг амьдралтай зайлшгүй холбоотой гэж ихэнх хүн итгэдэг. Ийм хүмүүс үр дүнг нь огтхон ч бодолгүйгээр өнгөц журмыг дагахад анхаардаг. Тэд бол шашны зан үйлэнд амьдардаг хүмүүс болохоос чуулган дотор амьдардаг хүмүүс биш бөгөөд хаанчлалын ардууд бүр ч биш юм. Тэдний залбирал, магтан дуу дуулах, Бурханы үгийг идэж, уух нь бүгд ердөө л шахалт шаардлагаар, чиг хандлагаас хоцрохгүйн тулд дүрэм журам дагаж байгаа болохоос дуртайяа, бас зүрх сэтгэлээсээ ч хийж байгаа биш юм. Энэ хүмүүс хэчнээн их залбирч, дуулсан ч хичээл зүтгэл нь ямар ч үр дүнгүй болно, учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл нь ердөө л шашны зан үйл, дүрэм журам байдаг, тэд үнэндээ Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа юм биш. Тэд хэрхэн хэрэгжүүлж байгаагаа сүр болгоход л анхаардаг бөгөөд Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм гэж авч үздэг. Ийм хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлэхгүй байгаа, зүгээр л махан биеийн хүслийг хангаж, бусад хүмүүст харуулах гэж гүйцэтгэж байгаа. Эдгээр шашны дүрэм, зан үйл бүгд Бурханаас биш хүнээс гаралтай. Бурхан дүрэм дагадаггүй, ямар нэг хуульд ч захирагддаггүй. Харин ч Тэр өдөр бүр шинэ зүйл хийж, бодитой ажил бүтээдэг. Өдөр бүр өглөөний үйл ажиллагаанд оролцох, үдшийн залбирал болон хоолны өмнөх талархлын залбирал өргөх, бүх зүйлд талархах гэх мэт хэрэгжүүлэлтээр өөрсдийгөө хязгаарладаг Гурван-Өөрөө Сүмийн хүмүүс шиг тэд үүнийгээ хэчнээн их, хэчнээн удаан хийсэн ч тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хүмүүс дүрэм журам дунд амьдарч, зүрх сэтгэл нь хэрэгжүүлэлтийн арга барил дээр төвлөрсөн байх үед Ариун Сүнс ажиллаж чадахгүй, учир нь тэдний зүрх сэтгэл дүрэм журам, хүний үзлээр дүүрэн байдаг. Иймээс Бурхан хөндлөнгөөс оролцож, тэдэн дээр ажиллах боломжгүй байдаг ба тэд зөвхөн хууль дүрмийн хяналт дор үргэлжлүүлэн амьдарч л чадна. Ийм хүмүүс Бурханы магтаалыг хүртэж үүрд чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэвийн сүнслэг амьдралын талаар
Хэрвээ хүмүүс итгэхдээ үнэнийг дагаж мөрдөх дүрэм журам хэмээн үздэг бол тэдний итгэл шашны зан үйл болж болзошгүй юу? Ийм шашны зан үйл болон Христийн шашны хоорондох ялгаа юу вэ? Тэдний хэлдэг зүйл илүү гүн, илүү дэвшилтэт байж болох ч итгэл нь ердөө л цогц дүрэм журам, нэг төрлийн зан үйл болсон бол Христийн шашин болсон гэсэн үг бус уу? (Тийм ээ, тэгсэн үг.) Хуучин болон шинэ сургаалын хооронд ялгаа байдаг боловч хэрвээ сургаал нь нэг төрлийн онолоос цаашгүй бөгөөд зүгээр л хүмүүст зориулсан нэг төрлийн зан үйл, хоосон сургаал болсон бол—түүнчлэн тэд үүнээс үнэнийг олж авч, эсвэл үнэний бодит байдалд орж чадахгүй бол тэдний итгэл Христийн шашинтай яг адилхан бус уу? Мөн чанартаа энэ нь Христийн шашин биш үү? (Тийм ээ, мөн.) Тиймээс та нар үйлдэл, үүргийн гүйцэтгэлдээ ямар зүйл дээр Христийн шашинд итгэгчидтэй адилхан юм уу төстэй үзэл бодолтой, байр байдалтай байдаг вэ? (Дүрэм журам мөрдөхдөө, үг сургаалаар зэвсэглэхдээ.) (Сүнслэг, сайн ааш авиртай, үнэн сүсэгтэй, даруухан харагдахад анхаарлаа төвлөрүүлэхдээ.) Гаднаа чи сайн зан авиртай байхаар хичээж, нэг төрлийн сүнслэг төрхтэй дүр үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, сүнслэг сургаал хэлж, сүнсний хувьд зөв зүйл хэлж, хүний үзэл төсөөлөлд харьцангуй магтууштай байдаг зүйл хийж, сайн санаатай дүр үзүүлдэг. Та нар өндрөөс үг үсэг, хоосон сургаал хэлж, сайныг хий, сайн хүмүүс бол, үнэнийг ойлго гэж хүмүүст сургадаг; та нар өөрсдийгөө сүнслэг хэмээн дөвийлгөж, хэлдэг хийдэг бүхэндээ өнгөцхөн сүнслэг байдал гаргадаг. Гэвч хэрэгжүүлэлтдээ та нар үнэнийг хэзээ ч эрж хайгаагүй; асуудалтай тулгармагцаа бүхэлдээ хүний хүслийн дагуу үйлдэж, Бурханыг хойш тавьдаг. Та нар үнэний зарчмуудын дагуу хэзээ ч үйлдээгүй, үнэнд юу ярьдгийг, Бурханы хүсэл юу болохыг, хүнээс шаарддаг Түүний стандарт юу болохыг хэзээ ч ойлгоогүй—эдгээр асуудлыг хэзээ ч ноцтойгоор авч үзээгүй, эсвэл эдгээрийг анхаараагүй. Хүмүүсийн ийм гадна талын үйлдэл, дотоод байдал буюу энэ төрлийн итгэл нь Бурханаас эмээж, муугаас зайлж байгаа явдал мөн үү? Хүмүүсийн итгэл, үнэний эрэл хайгуулын хооронд ямар ч холбоо байхгүй бол тэд Бурханд итгэдэг үү, эсвэл үгүй юу? Үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч холбоогүй байсан хүмүүс Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, чин сэтгэлээсээ Бурханаас эмээн хүндэлж, жинхэнээсээ муугаас зайлж үнэхээр чадах уу, үгүй юу? (Чадахгүй.) Тэгвэл ийм хүмүүсийн гаднах зан авир ямар байдаг вэ? Тэд ямархуу замаар алхаж чадах вэ? (Фарисайчуудын замаар.) Тэд юугаар өөрсдийгөө зэвсэглэн өдөр хоногийг өнгөрөөдөг вэ? Үг үсэг, онолоор зэвсэглэдэг биш үү? Тэд фарисайчуудтай, Бурханд үйлчилдэг гэгддэг хүмүүстэй улам адилхан болж, улам сүнслэг болох гэсэндээ өөрсдийгөө үг үсэг, онолоор зэвсэглэн гоёж, өдөр хоногоо өнгөрөөдөг бус уу? Энэ бүх аргын үндсэн шинж нь яг юу юм бэ? Бурханыг шүтэн мөргөх үү? Түүнд итгэх жинхэнэ итгэл үү? (Үгүй, тийм биш.) Тэгвэл тэд юу хийж байгаа юм бэ? Тэд Бурханыг мэхэлж байна; тэд ердөө л үйл явцын алхмуудыг туулж, шашны зан үйл үйлдэж байгаа юм. Тэд итгэлийн туг дарцаг хийсгэн, шашны зан үйл үйлдэж, ерөөгдөх зорилгодоо хүрэхийн тулд Бурханыг мэхлэхээр оролдож байгаа. Тэд Бурханыг огт шүтэн мөргөдөггүй. Эцэстээ ийм бүлэг хүмүүс чуулган доторх Бурханд үйлчилдэг гэгддэг, мөн Бурханд итгэж, Бурханыг дагадаг гэгддэг хүмүүсийн яг адилаар төгсөх бус уу?
Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”
Чи шашны хэдэн зан үйл мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж, өөрийнхөөрөө хийж байсан бэ? Бурханы ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг эрэлхийлдгээсээ болоод чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Чи Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Өөрийн бүх үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай, гэхдээ энэ нь дүрэмд баригдах юм уу зөвхөн нүд хуурахын тулд арай ядан хийх явдал биш; харин Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Ийм хэрэгжүүлэлт л Бурханыг хангалуун байлгадаг. Бурханы таалалд нийцэх аливаа үйл ажиллагаа нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ. Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай байдаг. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч ар хударгаар нь үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Тэд шашны фарисайчууд биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэнтэй хүн нь Бурханд үнэнч нэгэн боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэл хийдэггүй. Орчин нөхцөл ямар ч байсан хамаагүй, асуудал үүсэх үед тэрээр мэргэн ухаанаа харуулдаг, үйл хэрэгтээ зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг; тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд ямар өртэй тухайгаа надад хэлж болох уу?” гэж асуувал тэд хэлэх үггүй болно. Хэрвээ чи Бурханд үнэнч бол гаднаа энэ талаар бүү ярь; харин бодит хэрэгжүүлэлтээр Бурханыг гэх хайраа харуулж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай үг хэлээрээ, хааш яаш л харьцдаг хүмүүс бол бүгд хоёр нүүртнүүд! Зарим нь залбирах болгондоо Бурханд өртэйгөө ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлтэй байдаг; тэд ийм зан үйл, үзлээр амьдран, ийм үйлдлийг Бурхан таалдаг, бас өнгөц сүсэг бишрэл, гунигт нулимс бол Бурхан таашаадаг зүйл гэдэгт үргэлж итгэдэг. Ийм хөгийн хүмүүсээс ямар сайн юм гарах билээ? Зарим нь даруу байдлаа харуулахын тулд бусдын дэргэд ярих үедээ журамтай дүр үзүүлдэг. Зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудад тохирох төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын ардууд цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байж, эрх чөлөөтэй амьдардаг байх ёстой. Тэд жудагтай, нэр төртэй, хаашаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг байх ёстой; тийм хүмүүсийг Бурхан болон хүмүүсийн аль аль нь хайрладаг. Шинээр итгэж байгаа хүмүүс гадаад талын хэт олон хэрэгжүүлэлттэй байдаг; тэд эхлээд харьцалт, эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гаднаа бусдаас ялгардаггүй, гэвч үйлдэл болон үйл хэрэг нь бусдад магтууштай байдаг. Ийм хүмүүсийг л Бурханы үгийг амьдран харуулж байна гэж үзэж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч эцсийн эцэст дүрэм, сургаал дотор амьдарч байгаа бол Бурханд алдрыг авчирч чадахгүй. Ийм хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой
Хүний оролтын явцад амьдрал ямагт уйтгартай байж, залбирах, Бурханы үгийг идэж уух, цуглаан хийх гэх мэт сүнслэг амьдралын нэгэн хэвийн элементээр дүүрэн байдаг тул хүмүүст Бурханд итгэх нь их баяр баясал огт өгдөггүй мэт цаг ямагт санагддаг. Ийм сүнслэг үйл ажиллагаа нь Сатаны завхруулсан, хүн төрөлхтний анхдагч зан чанарт үндэслэн явагддаг. Хүмүүс зарим үед Ариун Сүнсний гэгээрлийг хүртэж чаддаг ч анхдагч сэтгэлгээ, зан чанар, амьдралын хэв маяг, зуршил нь тэдний дотор үндэслээтэй хэвээр байдаг тул уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг. Хүмүүсийн хийдэг мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг ч олон хүн тэдгээрийг мөн л орхиж чадалгүй, ийм мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан зарлигдсан гэж бодож байдаг бөгөөд өнөөдөр ч тэдгээрээс хараахан бүрэн ангижраагүй байна. Хурим найр, сүйт бүсгүйн хувцас сэлтэд зориулан залуучуудын хийдэг бэлтгэл; мөнгө бэлэглэх, оройн зоог барих гэх мэтээр баярт үйл явдлыг тэмдэглэдэг арга зам; уламжлагдаж ирсэн эртний заавар; үхэгсэд болон тэдний оршуулгын үйлд зориулан хийдэг мухар сүсэгт утгагүй бүх арга хэмжээг Бурхан бүр ч их жигшдэг. Мөргөлийн өдөр ч (шашны ертөнцийн тэмдэглэдэг Амралтын өдрийг оролцуулан) Бурханд жигшүүртэй байдаг; мөн хүн хооронд өрнөдөг нийгмийн харилцаа, дэлхий ертөнцийн холбоо сүлбээг Бурхан бүр ч их жигшин голдог. Хүн бүхний мэдэх цагаан сар, зул сарын баяр байтугай эдгээр баяр наадамд зориулсан тоглоом, чимэглэл болох хоёр мөрт шүлэг, салют, дэнлүү, Ариун Зоог, зул сарын бэлэг, зул сарын баяр наадмыг ч Бурхан зарлигдаагүй—эдгээр нь хүмүүсийн оюун ухаан дахь шүтээн бус уу? Амралтын өдрөөр талх хуваах, дарс, нарийн маалинга бол шүтээн гэдэг нь бүр ч гарцаагүй. Лууны толгой өнгийх өдөр, луун завины баяр, намрын дунд сарын баяр, Лаба наадам, шинэ оны баяр гэх зэрэг Хятадад алдартай бүхий л уламжлалт баяр наадмын өдөр, мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, зул сарын баяр гэх зэрэг шашны ертөнцийн баяр наадмууд, энэ бүх үндэслэлгүй баярыг олон хүн эрт цагаас өнөө үед бэлтгэж, уламжилсан. Хүн төрөлхтний баялаг төсөөлөл, уран яруу үзлээс үүдэн эдгээр нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь өө сэвгүй харагддаг ч үнэндээ хүн төрөлхтөнд гаргадаг Сатаны заль мэх байдаг. Сатанууд бөөгнөрсөн газар байх тусмаа хоцрогдмол, хуучинсаг, бурангуй нийгмийн ёс заншилд улам гүн автсан байдаг. Эдгээр зүйл хүмүүсийг чанга хүлчхээд хөдлөх ямар ч боломж өгдөггүй. Шашны ертөнцийн олон баяр наадам ихээхэн өвөрмөц байдлыг харуулж, Бурханы ажилд хүрэх гүүр болж буй санагддаг ч үнэндээ тэдгээр нь хүмүүсийг хүлж, Бурханыг мэдэж авахад нь саад хийдэг Сатаны үл үзэгдэх хүлээс бөгөөд бүгд Сатаны зальхай явуулга юм. Үнэндээ Бурханы ажлын нэг үе шат дуусахад тухайн үеийн хэрэгсэл, хэв маягийг Бурхан аль хэдийн ямар ч ул мөр үлдээлгүй устгасан байдаг. Гэвч “үнэн сүсэгт итгэгчид” өнөөх биет материаллаг зүйлсийг үргэлжлүүлэн шүтэхийн зэрэгцээ Бурханд юу байгааг чухалчилж үзэхээ болин, цааш үл судалдаг бөгөөд үнэндээ Бурханыг аль эрт гэрээс хөөн гаргаж, Сатаныг шүтээний ширээндээ залсан атлаа Бурханыг гэх хайраар бялхаж буй мэт санагддаг. Хүмүүс Есүс, Загалмай, Мариа, Есүсийн баптисм, Сүүлчийн Зоогийн хөргийг Тэнгэрийн Эзэн хэмээн дээдлэх зуураа “тэнгэрлэг Эцэг, Эзэн минь” гэж удаа дараа дуу алддаг. Энэ бүхэн хөгийн хэрэг бус уу? Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний дунд өвлөгдөж ирсэн ийм олон үг хэллэг, зан үйлийг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурханы өмнөх замд ноцтой саад хийхийн зэрэгцээ хүн төрөлхтний оролтод асар их хүндрэл үүсгэдэг…
Хүний зүрх сэтгэлийн чанад дахь гүнээ хордсон хэсгийг анагаан, хүмүүст сэтгэлгээ, ёс суртахуунаа өөрчилж эхлэх боломж олгох нь хүний зан чанарыг өөрчлөх хамгийн сайн арга юм. Энэ бүх шашны зан заншил, үйл ажиллагаа, жил сар, баяр наадмыг Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс юун түрүүнд тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээд бурангуй нийгмийн сэтгэлгээний эдгээр хүлээсээс мултарч, мухар сүсэгт гүнээ дурладаг бүхий л ул мөрөө арилгах ёстой. Энэ бүгд хүн төрөлхтний оролтод багтдаг. Бурхан хүн төрөлхтнийг шашны бус ертөнцөөс юунд гаргадаг, мөн дүрэм журмаас юунд холдуулдгийг та нар ойлгох ёстой. Та нарын орох үүд хаалга энэ бөгөөд эдгээр зүйл сүнслэг туршлагатай чинь огт хамаагүй боловч Бурханыг мэдэхэд чинь саад хийн, оролтыг чинь хааж буй хамгийн том саад юм. Эдгээр нь хүмүүсийг урхиддаг торыг бүрдүүлдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 3-aaс эш татав
Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?