Үнэнийг ойлгох болон хоосон сургаалыг ойлгохын хоорондох ялгаа юу вэ?

2021-03-13

Холбогдох Бурханы үг:

Бурханы үгийн жинхэнэ утга учрыг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол; Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгомогц чинь Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй! Бурханы үгийг чи хэрхэн ойлгож болох вэ? Гол түлхүүр нь тэдгээрийн дотроос үнэнийг эрж хайх явдал юм; тийм маягаар л чи Бурхан юу хэлдгийг үнэхээр ойлгож чадна. Бурхан үг хэлэх болгондоо зүгээр л ерөнхийд нь ярьдаггүй нь мэдээж. Түүний айлддаг өгүүлбэр бүр нь Бурханы үгэнд цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг өөрөөр илэрхийлж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ухан ойлгож чадахгүй. Бурханы айлдварууд маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр ухан ойлгож болохгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний тал бүрийн бүхий л утга учрыг олж илрүүлж чадна; хэрвээ чи ингэвэл, тэдгээрийг туулах зуур чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхийнхээ хэрээр үлдсэн нарийн ширийнийг бүрэн дүүргэж, улмаар энэ бодит байдлын талаарх ойлголтыг чамд өгнө. Нэг хэсэг нь Бурханы үгийг ойлгож, тэдгээрийг уншсанаар тодорхой агуулгыг нь эрж хайх явдал юм. Өөр нэг хэсэг нь Бурханы үгийг туулснаар дамжуулан далд утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Үндсэндээ энэ хоёр арга замаар Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтод хүрдэг. Хэрвээ чи Түүний үгийг үгчлэн тайлбарлаж, эсвэл өөрийн бодол, төсөөллөөр тайлбарлах юм бол хэчнээн уран цэцнээр тайлбарлаж чаддаг байлаа ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт чинь бодитой бус байдаг. Чи Бурханы үгийн утга учрыг хам сэдвээс нь салган, буруугаар тайлбарлаж ч магадгүй бөгөөд ингэвэл бүр ч ярвигтай. Тиймээс Бурханы үгийг мэдсэнээр дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авснаар үнэнийг үндсэндээ олж авдаг. Түүний үгийн үгчилсэн утгыг ойлгох юм уу тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсанд тооцогддоггүй. Хэрвээ чи Түүний үгийн үгчилсэн утгыг л тайлбарлах хэрэгтэй байсан бол Ариун Сүнсний гэгээрэл ямар хэрэгтэй юм бэ? Тэр тохиолдолд чамд тодорхой түвшний боловсрол л хэрэгтэй байх байсан бөгөөд боловсролгүй хүмүүст нэлээд бэрхшээлтэй байх байв. Бурханы ажил бол хүний уураг тархиар ойлгож болох зүйл биш юм. Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголт нь үндсэндээ Ариун Сүнснээс гэгээрэл олж авахаас шалтгаалдаг; энэ нь үнэнийг олж авах үйл явц билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж , үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой

Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг туулж, Түүгээр авхуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг туулж, амьдран харуулах явдал юм; энэ бол Бурханд итгэх итгэлийн чинь цаадах бодит байдал. Хэрэв Бурханд итгэхдээ Бурханы үгийг дотроосоо мэдэрч хэрэгжүүлэхээр эрж хайлгүй зөвхөн мөнх амь горьддог бол та нар мунхаг байна. Энэ нь найрт очсоноо өөрөө огт амсаж үзэлгүйгээр хоолыг нь зөвхөн хараад, амттай зүйлсийг нь цээжилж авахтай адил юм. Ийм хүн тэнэг биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой

Өөрийн гэсэн туршлагатай болсныхоо дараа чи туулсан зүйлээсээ олж авсан мэдлэгийн тухай ярьж чадна. Түүнчлэн, хэнийх нь мэдлэг жинхэнэ, бодитой, хэнийх нь мэдлэг хоосон сургаалд тулгуурласан, үнэ цэнгүй болохыг ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьдаг мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт мэдлэг чинь бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас ялган таних чадвар, хэрсүү ухаантай болж, мэдлэгээ гүнзгийрүүлж, биеэ хэрхэн авч явах тухай мэргэн ухаан, эрүүл ухаанаа арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг хэчнээн сүрлэг байлаа ч хоосон сургаал юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг байж болох боловч сүнслэг асуудлын тухайд ялган салгаж чаддаггүй. Учир нь ийм хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой туршлага огт байдаггүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм. Чи ямар ч төрлийн мэдлэгийг илэрхийлдэг бай, энэ нь чиний оршихуй мөн л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон сургаалын талаар ярьдаг хүмүүс буюу үнэнийг ч, бодит байдлыг ч эзэмшдэггүй хүмүүсийн ярьдаг зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний сургаал гүн эргэцүүллээс урган гарсан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм—гэхдээ энэ нь ердөө л хоосон сургаал, төсөөллөөс цаашгүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний ажил

Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бичиг үсэг, хоосон сургаалыг хэдэн арван мянган удаа хэлж болох ч тэдгээр нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал хэвээрээ байна. Зарим хүн: “Христ бол үнэн, зам, амь” гэж л хэлдэг. Эдгээр үгийг чи хэдэн арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн ямар ч хэрэггүй хэвээр байх болно; үүний утга учрыг чи огт ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Туршлагаараа энэ талаар олж авсан мэдлэгээ чи тайлбарлаж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдал руу орсон уу? Та нарыг үгийг нь туулж, мэдлэгтэй болоосой гэсэндээ Бурхан үгээ айлдсан; зүгээр нэг үг үсэг, сургаал ярих ямар ч хэрэггүй. Чи Бурханы үгийг ойлгож, үүнд орсон цагт л өөрийгөө мэдэж чадна. Хэрэв чи Бурханы үгийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнтэй байх үедээ л чи ялган таньж чадна; үнэн байхгүй бол ялган таньж чадахгүй. Үнэн байгаа үед л хэрэг явдлыг бүрэн дүүрэн ойлгож чадна; үнэн байхгүй бол хэрэг явдлыг ойлгож чадахгүй. Үнэн байгаа үед л өөрийгөө мэдэж чадна; үнэн байхгүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэн байгаа үед л чи зан чанараа өөрчилж чадна; үнэн байхгүй бол зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханы хүслийн дагуу үйлчилж чадна; үнэн байхгүй бол Бурханы хүслийн дагуу үйлчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханд шүтэн мөргөж чадна; үнэн байхгүй бол шүтэн мөргөх чинь шашны зан үйл гүйцэтгэхээс өөрцгүй болно. Энэ бүхэн Бурханы үгээс үнэнийг олж авахаас хамаардаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”

Үнэнийг нэгтгэн дүгнэхдээ та нар хазайсан; энэ бүх дүгнэлтийг хийсний чинь дараа энэ нь зөвхөн дүрэм журмыг л бий болгосон. Та нарын “үнэнийг нэгтгэн дүгнэх” гэдэг нь үнэнээс амийг олж авч, эсвэл зан чанартаа өөрчлөлт гаргахад хүмүүсийг хүргэхийн тулд хийгддэггүй. Харин ч энэ нь үнэн доторх зарим нэг мэдлэг, хоосон сургаалыг хүмүүст эзэмшүүлдэг. Тэд Бурханы ажлын ар дахь зорилгыг ойлгосон мэт харагддаг ч үнэндээ зарим нэг үг болон хоосон сургаалыг л эзэмшсэн байдаг. Тэд үнэний далд утгыг ойлгодоггүй; энэ нь теологи судлах юм уу Библи уншихаас өөрцгүй. Чи энэ номууд, эсвэл тэр материалуудыг эмхэтгэдэг, тэгээд хоосон сургаалын энэ талыг юм уу мэдлэгийн тэр талыг эзэмшдэг. Та нар бол хоосон сургаалын гарамгай илтгэгчид—гэхдээ ярьж дууссаны чинь дараа юу болдог вэ? Хүмүүс дараа нь туршлагажих чадваргүй байдаг, тэдэнд Бурханы ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй, мөн өөрсдийнх нь талаарх ойлголт ч байдаггүй. Эцэстээ тэд нэр томьёо, дүрэм журмыг л олж авсан байх бөгөөд өөр юуны ч талаар биш, тэр цөөн хэдэн зүйлийн талаар л ярьж чаддаг. Хэрвээ Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийсэн бол чи мэддэг бүх хоосон сургаалаа түүнтэй нийцүүлж чадна гэж үү? Чиний тэр зүйлс бол ердөө дүрэм журам бөгөөд чи хүмүүсээр теологийг л судлуулан, Бурханы үг юм уу үнэнийг туулах боломж олгохгүй байна. Тиймээс, чиний эмхэтгэдэг тэр номууд бусдыг зөвхөн теологи болон мэдлэг рүү, шинэ нэр томьёо, дүрэм журам, ёс заншил руу л аваачиж чадна. Тэдгээр нь хүмүүсийг Бурханы өмнө аваачиж чадахгүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы хүслийг тэдэнд ойлгуулж чадахгүй. Ар араас нь асуулт тавиад, дараа нь асуултдаа хариулж, үүндээ зориулан дүгнэлт, тойм бичсэнээр ийм байдлаар ах эгч нартаа ойлгуулна гэж чи бодож байгаа. Эдгээр асуудал санахад амархан байхаас гадна зэрвэс харахад л тодорхой байдаг бөгөөд аливааг ийм маягаар хийх нь гайхалтай гэж чи боддог. Гэхдээ тэдний ойлгож байгаа зүйл бол үнэний жинхэнэ далд утга биш бөгөөд бодит байдалтай таардаггүй—ердөө л үг болон хоосон сургаал юм. Иймээс эдгээр зүйлийг огт хийгээгүй байсан бол дээр байх сан. Ийнхүү хийх нь мэдлэгийг ойлгож, эзэмшихэд хүмүүсийг хөтөлдөг. Чи бусдыг хоосон сургаал руу, шашин руу аваачиж, шашны хоосон сургаал доторх Бурханыг дагаж, Бурханд итгэхэд тэднийг хүргэдэг. Энэ нь зүгээр л Паултай адилхан байгаа хэрэг биш үү? Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, мөн Бурханы үгийн олон хэсгийг цээжээрээ мэдэх нь ч бас чухал гэж та нар боддог. Гэхдээ хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш. Хүмүүс Бурханы олон үгийг цээжилж чаддаг байж, ихээхэн хоосон сургаал ярьж, Бурханы үгэн дотроос олон томьёо олж мэдэж чаддаг байх нь туйлын чухал гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүр дуу нэгтэйгээр ярьж, адилхан зүйл хэлж, адилхан хоосон сургаалын тухай ярьж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө—энэ бол та нарын зорилго. Хүмүүсийг ойлголттой болгохын тулд та нар үүнийг хийж байгаа мэт харагддаг ч эсрэгээрээ, энэ нь хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгийг та нар огт мэддэггүй. Хүмүүсийг үнэний бодит ойлголттой болгохын тулд чи үүнийг бодит байдал болон ажилтай холбож, Бурханы үгийн үнэний дагуу бодит асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Ийм маягаар л хүмүүс үнэнийг ойлгож, бодит байдалд орж чадах бөгөөд ийм үр дүнд хүрэх нь л Бурханы өмнө хүмүүсийг үнэхээр аваачиж байгаа явдал юм. Хэрэв чи сүнслэг онол, хоосон сургаал, дүрэм журмын тухай л ярьж, үгчилсэн үгэнд л хүчин чармайлт гаргадаг бол хүмүүсээр адилхан зүйл хэлүүлж, дүрэм журмыг дагуулж л чадахаас биш, үнэнийг ойлгоход хүмүүсийг замчилж чадахгүй. Тэр тусмаа хүмүүст өөрсдийг нь илүү сайн ойлгуулж, гэмшил, өөрчлөлтөд хүргэж чадахгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”

Үнэнийг ойлгож, хайрладаггүй хүмүүс үнэнийг ихэвчлэн тайлбар, онол гэж үздэг. Тэгвэл тэдэнд юу тохиолддог вэ? Тэд Бурханд олон жилийн турш итгэснийхээ дараа асуудалтай тулгараад үнэхээр юу болохыг нь ойлгож чаддаггүй бөгөөд захирагдаж, үнэнийг эрж хайж ч чаддаггүй. Хүмүүсийг нөхөрлөх үед тэд, “Боль доо—би бүгдийг ойлгож байна. Чамайг хэлд орохоос ч өмнө би номлол хийж байсан юм шүү!” гэх “алдарт мэргэн үгээрээ” хариулдаг. Энэ бол тэдний алдартай үг. Хэрэв тэд бүгдийг ойлгодог юм бол асуудалтай тулгарах үедээ яагаад зохицуулж чаддаггүй юм бэ? Үүнийг ойлгодог юм бол яагаад хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Яагаад чи асуудалд бүдэрч, гацдаг юм бэ? Үүнийг чи ойлгодог юм уу, үгүй юу? Ойлгодог юм бол яагаад дуулгавартай дагаж чаддаггүй юм бэ? Ойлгодог юм бол яагаад хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бэ? Үнэнийг ойлгосны дараа хүмүүс хамгийн түрүүнд яах ёстой вэ? Гагцхүү дуулгавартай дагах ёстой. “Би бүгдийг ойлгож байна. Хэн ч надтай нөхөрлөөд хэрэггүй—надад хэний ч туслалцаа хэрэггүй” гэж зарим хүн хэлдэг. Тэд бусдын тусламжаас татгалзаж болох ч сул дорой байхад нь тэдний мэддэг хоосон сургаал ямар ч нэмэр болдоггүй бөгөөд тэд бүр үүргээ биелүүлэхээ ч больдог. Зарим нь бүр Бурханд итгэх ч хүсэлгүй болдог. Тэд теологийн онол номлож тийм олон жилийг өнгөрөөсөн атлаа нүд ирмэхийн зуурт л итгэлээ орхиж, ухарч буцдаг. Энд биеийн хэмжээ гэж байна уу? (Үгүй). Биеийн хэмжээгүй байна гэдэг амьгүй байна гэсэн үг. Хэрэв чи амьтай байсан бол тийм өчүүхэн асуудалтай тулгарчхаад яагаад зохицуулж чадаагүй юм бэ? Чи ярихдаа гаргууд биш бил үү? Тийм юм чинь өөрийгөө үнэмшүүлэх гээд үз. Өөрийгөө ч үнэмшүүлж чадахгүй юм бол чи яг юу ойлгодог хэрэг вэ? Үнэнийг ойлгодог гэж үү? Үнэн хүмүүсийн бодит асуудлыг шийдвэрлэж чадахын зэрэгцээ хүмүүсийн завхарсан зан чанарыг ч засаж чаддаг. Чиний ойлгодог “үнэн” яагаад өөрийн чинь бэрхшээлийг ч шийдвэрлэж чаддаггүй юм бэ? Чи яг юу ойлгодог юм бэ? Энэ бол хоосон сургаал.

Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (7)”

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Messenger дээр бидэнтэй холбоо барих