Эзэн эргэн ирэх тухайд хэний үгийг сонсох ёстой вэ?

2021-01-31

Ханмэй, Бирм

Эзэнийг ирэхэд нь угтан авах гол түлхүүр юу вэ? Эзэн Есүс ингэж хэлсэн: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог(Иохан 10:27). “Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ(Матай 25:6). Илчлэлд зөгнөхдөө: “Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно(Илчлэл 3:20). “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун(Илчлэл 2:7) гэсэн. Эдгээр зөгнөлөөс харахад, Эзэнийг угтан авах гол түлхүүр бол Бурханы дуу хоолойг сонсох юм. Бурханы дуу хоолойг сонсох нь цорын ганц арга зам. Гэхдээ пастор, ахлагчид Библи мэддэг, бас байнга Библи тайлбарладаг болохоор ийм чухал юмыг тэд л мэддэг байх ёстой гэж маш олон итгэгч боддог. Иймээс тэд Эзэн эргэж ирсэн гэх гэрчлэл сонсох үедээ үүнийг судалдаггүй, Төгс Хүчит Бурханы үг үнэн гэдгийг ойлгосон ч үл ойшоодог. Тийм хүмүүс Бурханд итгэдэг үү, пасторт итгэдэг үү? Эзэн ирэх тухайд бид хэний үгийг сонсох ёстой вэ? Бурханы дуу хоолойг сонсох ёстой юу, пасторуудаа сонсох ёстой юу? Урьд нь итгэхдээ би энэ асуудлыг огт ойлголгүй, сохроор пасторынхоо үгэнд л ороод Эзэнийг эргэн ирэхэд нь угтан авах боломжоо алдах шахсан.

Эзэн эргэн ирэх тухайд хэний үгийг сонсох ёстой вэ?

2017 оны 6-р сард би Германд байдаг Лиу эгч, Дуань ах хоёртой Фэйсбүүкээр танилцлаа. Тэдэнтэй ярилцаад Библийн талаар цэвэр ойлголттой, нөхөрлөл нь гэгээрэлтэй, даруу төлөв, итгэл даахуйц хүмүүс гэдгийг нь би харсан, их ч юм олж авсан. Тэр хоёртой хэдэн удаа цуглаан хийгээд жинхэнэ итгэл, жинхэнэ гэмшил гэж юу болох, Бурханыг дагаж, захирагдана гэж юу болох, хүмүүсийг дагаж, хүмүүст захирагдана гэж юу болох, фарисайчууд Эзэн Есүсийг эсэргүүцдэгийн мөн чанар, уг үндэс, яаж Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авах гэх мэт урьд нь огт ойлгоогүй маш олон үнэнийг олж мэдсэн. Үүнээс их хангалт олж авсан санагдаж, зүрх сэтгэл цэлмэлээ. Ийм цуглаан сайхан байсан шүү. Нэг цуглаан дээр Дуань ах Библийн хоёр эшлэл уншлаа: “Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ Тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно(Лук 17:24-25). Тэгээд эцсийн өдрүүдэд Эзэн дахиад хүний Хүүгийн бие махбодоор ирж, ажилладаг, энэ зөгнөл хэсэг хугацааны өмнө биелсэн гэлээ. Ах хэлэхдээ, “Эзэн бие махбодтой Төгс Хүчит Бурхан болж эргэн ирээд, үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийж байна. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж, аврах бүх үнэнийг илэрхийлсэн, энэ нь зүүн зүгээс их гэрэл цахилахтай адил, энэ бол Зүүний ‘аянга’” гэлээ. Үүнийг сонсоод би бага зэрэг цочирдож, “Эзэн Есүс аль эрт эргээд ирсэн гэнэ ээ?” гэж бодлоо. Тэгээд Бурхан махбодоор эргэж ирсэн гэж Зүүний Аянга л гэрчлэл хийдэг, гэхдээ Эзэн Есүс л Христ учраас бид үүнд итгэх ёсгүй гэж пастор, ахлагчдын хэлдэг зүйл дараа нь санаанд орсон. Дараа нь үнэхээр сэтгэл тавгүйтэж, Дуань ахын нөхөрлөлд анхаарал төвлөрсөнгүй. “Пастор, ахлагчид Эзэнд үйлчилдэг, Библийг ч сайн мэддэг. Ийм чухал юмны талаар бүгдийг нь мэдэх ёстой, иймээс эхлээд явж тэднээс асууя” гэж бодогдлоо.

Тэр ням гарагт чуулганд очоод пастороос асуутал, “Төгс Хүчит Бурханд итгэгчдийн номлодог зүйлд үнэ цэн бий, гэхдээ тэд Эзэнийг махбод дахь Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн гэж гэрчилдэг. Тийм байх боломжгүй. Эзэн Есүс л бие махбодтой болсон Бурхан байсан, тэгэхээр тэд хүнд итгэдэг. Тэдний чуулганыг Хятадын Коммунист засгийн газар хяхаж хавчдаг, Зүүний Аянгад итгэх нь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг” гэж пастор хэллээ. Үүнийг сонсоод хамаг бие айдаст автаж, хэрэв тийм бол Лиу эгч, Дуань ах хоёр Эзэнээс төөрөлдсөн байж таарна гэж бодоод, тэдэнд эргэлзэж эхлэн, сэрэмжлэх болж, тэдэнтэй дахин уулзахыг хүсээгүй юм. Гэхдээ Эзэн Есүс эргэж ирсэн гэх тэдний гэрчлэлийн талаар бодоод би тээнэгэлзэж, хэрэв энэ үнэн байтал үүнийг судлахгүй бол Эзэн намайг хаях биш үү? Гэхдээ Төгс Хүчит Бурхан бие махбодтой болсон Бурхан мөн юм бол пастор яагаад хүлээн зөвшөөрөхгүй, тэднийг хүнд итгэдэг гэж хэлэх юм бэ? Пастор Библи мэддэг, надаас ихийг ойлгодог болохоор би төөрөлдөхгүйн тулд тэднээс зай барьсан нь дээр гэж бодлоо. Гэхдээ гэртээ харьсны дараа үнэхээр байж суух газраа олохгүй, сандарч, бас шаналж, дотор харанхуйлж байлаа. Тэгээд Эзэнд ингэж залбирсан: “Өө Эзэн минь, би өнөөдөр пасторын үгийг сонсоод одоо Лиу эгч, Дуань ах хоёрт эргэлзэж эхэллээ. Зүүний Аянгыг цааш судлахаас айж байна. Эзэн минь, Таныг эргээд ирээсэй гэж хүсэж байгаа ч буруу замаар орж, Танаас урвахаас айж байна. Яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна. Намайг зөв бурууг таньж мэддэг болгон гэгээрүүлж, замчлаач дээ” гэсэн.

Залбирсныхаа дараа аажмаар тайвширч, Лиу эгчийн нэг удаа нөхөрлөсөн зүйл санаанд орлоо: Бидний итгэлд Бурхан хамгийн чухал байдаг, бүх зүйл, тэр дундаа үнэн замыг судлах шиг чухал зүйл Бурханы үгэнд үндэслэх ёстой. Бүх зүйл дээр зүгээр л бусад хүний үгийг сонсож, хүмүүст итгэж, хүмүүсийг дагавал Эзэний замаас төөрөлдөнө гэсэн. Би өөрийгөө эргэцүүлж эхэллээ. Эзэн эргэж ирсэн гэж сонсоод би Эзэний хүслийг эхлээд эрж хайж, Эзэний үгэнд энэ талаар юу гэж хэлснийг, энэ нь Бурханаас гаралтай эсэхийг хараагүй. Харин ч пасторыг шүтэж, пасторын үгэнд орсон. Энэ Эзэний хүсэл биш. Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүдтэй уулзах болгонд тэдний нөхөрлөл гэгээрэлтэй, Библид нийцэлтэй, бас Бурханы хүслийн талаарх тайлбар нь тодорхой байсан. Би хэдхэн цуглаанаас л урьд нь хэзээ ч мэддэггүй байсан маш олон үнэнийг ойлгож, Бурхантай ойр дотно болж, итгэл минь нэмэгдсэн мэт санагдсан. Энэ нь Бурханаас ирсэн, Ариун Сүнсний ажилтай гэдэг нь илт байсан. Гэхдээ би тэр Чуулганд Ариун Сүнсний ажил, үнэний хангалт байгаа эсэхийг хараагүй. Зүгээр л пастор Библийг сайн мэддэг гээд Эзэн Есүс эргэж ирээгүй гэх пасторт итгэсэн. Төгс Хүчит Бурханы Чуулганд үнэн болон Ариун Сүнсний ажил байгааг баттай мэдсэн ч үүнийг мөн л судлаагүй. Энэ нь пасторт итгэсэн хэрэг биш үү? Үүнийг яаж Бурханд итгэж, Бурханыг дагаж байна гэх юм бэ? Би Эзэн Есүс гарч ирж, ажилласан үеийг бодлоо. Сүмд Бурханд үйлчилж байсан ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд бүгд Судрыг, хуулийг нэгд нэггүй мэддэг байсан мөртөө Эзэн Есүс бол Мессиа гэдгийг таниагүй. Харин ч Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаж, цовдолсон шүү дээ. Тэгээд би, Библи сайн мэддэг байлаа гээд Бурханыг мэдэхтэй адилгүй, хэрвээ сохроор пасторын үгэнд орвол Бурханы хүслээс зөрж, Бурханыг эсэргүүцэж магад гэдгийг ухаарсан юм! Би Лиу эгч, Дуань ах хоёртой хамт цуглаанд үргэлжлүүлэн оролцоод, Төгс Хүчит Бурхан бол эргэж ирсэн Эзэн гэдгийг тогтоовол хүлээн зөвшөөрч, дагана гэж шийдсэн.

Дараачийн цуглаан дээр би тэдэнд будилаанаа хэллээ. Дуань ах ингэж хэлсэн: “Төгс Хүчит Бурханы Чуулган хүнд итгэдэг гэж пасторын чинь хэлсэн үг үндэслэлтэй юу? Танай пастор Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, ажлыг нь судалсан уу? Чуулганыг ингэж ялласнаараа Бурханыг эсэргүүцэх вий гэж тэр айхгүй байна уу? Фарисайчууд Эзэн Есүсийг зүгээр л эгэл хүн гэж үзсэн. Эзэний илэрхийлсэн үнэнийг сонсолгүй, Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаад эцэстээ Эзэнийг цовдлохоор хуйвалдаж, Бурханаас шийтгэл хүртсэн шүү дээ. Өнөөдрийн пастор, ахлагчид Төгс Хүчит Бурханы үг үнэн эсэхийг, Бурханы дуу хоолой мөн эсэхийг хардаггүй, зүгээр л үгүйсгэж, ялладаг. Энэ нь фарисайчуудын алдааг давтаж байгаа хэрэг биш үү?. Төгс Хүчит Бурхан үнэхээр бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс мөн эсэхийг шашны ертөнц, засгийн газрын зөвшөөрлөөр тогтоодог юм биш. Бид Төгс Хүчит Бурханы үг үнэн эсэхийг, Бурханы ажлыг хийдэг эсэхийг харах ёстой. Гол түлхүүр нь энэ” гэлээ. Бие махбодтой болох тухай илүү сайн тайлбарлахын тулд Дуань ах надад Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг уншиж өгсөн. “‘Бие махбодтой болох’ нь Бурхан махбодоор илрэх явдал; Бурхан Өөрийн бүтээсэн хүн төрөлхтний дунд махбодын дүрээр ажилладаг. Иймээс, бие махбодтой болохын тулд Бурхан эхлээд махбод буюу хэвийн хүн чанартай махбод байх ёстой; энэ нь хамгийн үндсэн урьдач нөхцөл юм. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир нь Бурхан махбодод амьдарч, ажилладаг бөгөөд чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болдог(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар). “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр хүний хүрэх боломжгүй Бурханы мөн чанар болон Бурханы зан чанарыг, мөн ажлаа хийх мэргэн ухааныг эзэмшсэн байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хэрэгжүүлж, гүйцэлдүүлэхдээ Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дээрх Бурханы ажлыг зүй ёсоор гүйцэтгэж, Бурханы зан чанарыг илэрхийлж, Бурханы сайн төлөөлөл байж, хүнийг амиар хангаж чаддаг учир хүссэн хүн бүр үүнийг орлочхож чадахгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна). “Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг).

Дараа нь Дуань ах ингэж нөхөрлөсөн: “Бие махбодтой болсон Бурхан бол махбод өмссөн Бурханы Сүнс юм. Тэр эгэл хүн болж, хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр үг хэлж, ажилладаг. Бие махбодтой болсон Бурхан маш хэвийн, эгэл жирийн харагддаг, хэвийн хүн чанартай, яг л бусад шиг идэж ууж, хувцасладаг, хэвийн хүний сэтгэл хөдлөлтэй байдаг. Гэхдээ Түүний мөн чанар бурханлаг. Тэр хаана ч, хэзээ ч хүнийг хангах үнэнийг илэрхийлж чаддаг. Бурханы ажлыг хийж, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлдэг. Ямар ч бүтээгдсэн зүйл ингэж чадахгүй. Энэ нь, эгэл хүн шиг харагдаж байсан ч үнэнийг илэрхийлж, гэмшлийн зам авчирсан Эзэн Есүстэй яг адил. Эзэн хүний нүглийг уучилж, Бурханы өршөөл, энэрэлт зан чанарыг илэрхийлсэн. Өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөж, 5000 хүнийг таван талх, хоёр загасаар хооллож, тэнгисийг ганцхан үгээр намжааж, үхэгсдийг амилуулах гэх мэт олон тэмдэг, гайхамшиг үзүүлж, Бурханы хүч чадал, эрх мэдлийг харуулсан. Эцэст нь Эзэн загалмайд цовдлогдож, хүн төрөлхтнийг нүглээс золин аврах ажлаа гүйцэлдүүлсэн юм. Эзэн бол бие махбодтой болсон Бурхан, Христ байсан гэдгийг бид ажил, үг, илэрхийлсэн зан чанараас нь харж болно. Бурхан эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан болж дахин нэг удаа махбод боллоо. Яг л Эзэн Есүсийн адилаар гаднаа хэвийн хүн шиг харагддаг. Үнэхээр хүн төрөлхтний дунд амьдардаг, огтхон ч ер бусын биш, гэхдээ Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг илэрхийлдэг. Хүн төрөлхтнийг нүглээс ариусгаж, бүрэн аварч, биднийг Бурханы хаанчлал руу хөтлөхөөр Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийдэг. Төгс Хүчит Бурханы үг хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг тайлдаг. Хууль, Нигүүлсэл, Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын гурван үе шатны үнэн, тэдгээр нь юу биелүүлдэг, Бурханы нэрс, Бурхан бие махбодтой болохын нууц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдол, Бурхан яаж эрин үеийг төгсгөж, хүмүүсийг төрлөөр нь ангилдаг, янз бүрийн хүмүүсийн төгсгөл, Христийн хаанчлал газар дээр яаж биеллээ олох гэх мэт багтдаг. Бас Төгс Хүчит Бурхан биднийг Сатан завхруулсан тухай үнэн, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарыг маань илчилсэн, ингэснээр бид биеэ тоосон, ов мэхтэй, үнэнийг жигшдэг сатанлаг зан чанараа харж чадна. Тэр бас Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг бидэнд илчилж, зан чанараа өөрчлөх тодорхой зам гэх мэтийг бидэнд харуулсан. Бурханаас өөр хэн үнэнийг илэрхийлж, Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцыг илчилж чадах юм бэ? Өөр хэн хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах шүүлтийн ажил хийж чадах юм бэ? Өөр хэн Бурханы зөвт, халдашгүй зан чанарыг илчилж чадах юм бэ? Бас өөр хэн хүмүүсийн төгсгөлийг тодорхойлж чадах юм бэ? Хүн төрөлхтний авралын төлөөх иймэрхүү бодит ажлыг махбод дахь Бурхан л хийж чадна. Төгс Хүчит Бурханы ажил, үг бүгд Эзэний золин авралын ажлын суурин дээр хийгддэг. Энэ бол ажлын илүү шинэ, өндөр дээд үе шат юм. Энэ нь Эзэний зөгнөлийг бүрэн биелүүлдэг: ‘Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана(Иохан 16:12-13).” “‘Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш, харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно(Иохан 12:47-48). Төгс Хүчит Бурханы илэрхийлдэг үнэн, шүүлтийн ажил, харуулдаг зан чанар бүгд Төгс Хүчит Бурхан бол махбод дахь Бурхан, эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг нотолдог. Тэр бол эцсийн өдрүүдийн Христ. Христ мөн эсэхийг тогтоохдоо бид гадаад төрхийг харж болохгүй. Үнэнийг илэрхийлдэг эсэх, хүн төрөлхтнийг золин аварч, бас аварч чаддаг эсэх нь гол юм” гэлээ.

Дуань ахын нөхөрлөл надад үнэхээр урам өгсөн. Бие махбодтой болсон Бурхан бол эгэл хүний махбод өмссөн тэнгэр дэх Бурхан юм байна. Тэр бусадтай яг адилхан харагддаг ч Бурханы мөн чанартай. Бас үнэнийг илэрхийлж, Бурханы ажлыг хийж чаддаг. Ямар ч хүн ийм юм хийж чадахгүй. Надад Библийн ийм эшлэл бодогдсон: “Бурханы зүйлийг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэдэхгүй” (1 Коринт 2:11) гэдэг. Бие махбодтой болохын нууцыг бие махбодтой болсон Бурханаас өөр хэн ийм тодорхой тайлбарлаж чадах юм бэ? Төгс Хүчит Бурханы үнэнийг уншилгүйгээр Христийг гаднаас нь эгэл хүн байна гэж андуурч болох ч тэгэх юм бол Бурханыг голж, эсэргүүцэж магадгүй!

Дараа нь Лиу эгч нөхөрлөл хийлээ. Эгч ярихдаа, “Төгс Хүчит Бурханы илрэлт, ажил Библийн зөгнөлийг бүрэн биелүүлдэг. Тэр бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн. Олон урсгалын маш олон жинхэнэ итгэгч Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, үнэн байна, Бурханы дуу хоолой байна гэдгийг нь харж, Төгс Хүчит Бурхан руу эргэсэн. Бурханы ажил, үг шашны ертөнцийг тэр аяар нь донсолголоо. Пастор, ахлагчид энэ талаар сонссон нь лавтай, гэтэл тэд яагаад үүнийг судалж, Төгс Хүчит Бурханы үгийг уншихгүй байгаа юм бэ? Яагаад үүнийг эсэргүүцэх гэж зүтгээд байгаа юм бэ? Эзэн Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөж, гэмшлийн замыг номлосон, энэ нь Бурханаас ирсэн гэдгийг фарисайчууд мэдэж байсан ч Эзэнийг албаар үгүйсгэж, Тэр бол Назарынх, мужааны хүү гэцгээсэн. Тэгээд Эзэнийг улайран эсэргүүцэж, яллаж, Ромын засгийн газартай хуйвалдан Эзэнийг цовдлуулсан. Тэд Христийг үгүйсгэж, ялласан, Христийн дайснууд, Бурханы ажлаар ил болсон антихристүүд байсан. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан гарч ирсэн, Тэр үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийдэг гэдгийг одоо пастор, ахлагчид мэднэ. Тэд үүнийг судлахаас татгалзаад зогсохгүй, Төгс Хүчит Бурханыг үгүйсгэж, яллах цуу яриа тараадаг. Тэгээд чуулгандаа Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүжирдсэн ХКН-ын цуу яриа, худал хуурмагийг түгээж, Түүнийг эсэргүүцэхэд бурхангүй үзэлт Намтай хүч хавсардаг. Эзэн Есүсийг эсэргүүцсэн фарисайчуудаас тэд юугаараа ялгаатай юм бэ? Библид, ‘Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн’ (2 Иохан 1:7). ‘Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс болгон Бурханаас ирээгүй, энэ бол антихристийн сүнс юм. Та нар түүнийг ирэх ёстой гэж сонссон ба тэр одоо аль хэдийн дэлхийд байна’ гэсэн байдаг (1 Иохан 4:3). Пастор, ахлагчид Христийг үгүйсгэж, эцсийн өдрүүдийн Христийг яллаж, Бурханыг гөжүүдлэн эсэргүүцдэг. Тэд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгдсэн антихристүүд биш үү?” гэлээ.

Лиу эгчийн нөхөрлөлийг сонсоод миний болгоомжлол эцэст нь ариллаа. Пастор, ахлагчид Христийн талаар, бие махбодтой болох талаар юу ч мэддэггүйг би ухаарсан. Тэд Эзэн Есүст итгэдэг ч мөн чанарыг нь огт мэддэггүй. Эзэн Есүс эргэж ирээд махбодоор ажиллаж, маш олон үнэнийг илэрхийлж байхад тэд судалдаггүй, бүр Түүнийг хүлээн зөвшөөрдөг ч үгүй. Зүгээр л бодлогогүйгээр яллаж, эсэргүүцдэг. Тэд бол Бурханы дайснууд! Би цаашид тэднийг дагалгүй, Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы мөрийг дагах ёстойгоо мэдэж байлаа. Пастор маань юу ч хийсэн бай, би Төгс Хүчит Бурханыг дагахаар сэтгэл шулуудсан.

Төд удалгүй пастор Төгс Хүчит Бурханд итгэдгийг минь олж мэдсэн. Тэгээд шууд л дүрсхийн уурлаж, Төгс Хүчит Бурханд итгэсэн гэж намайг загналаа. Пастор намайг хүнд итгэж байна, ингэх нь буруу гээд нөхрөөр минь ятгуулах гэж оролдлоо. Манай нөхөр пасторын худал үгийг огт ялган таниагүй болохоор итгэлийн минь замд хөндөлсөж эхэлсэн. Яг л өөр хүн шиг байсан шүү. Намайг цуглаанд оролцсоныг олж мэдэх бүрдээ дүрсхийн уурлаж, юм хум шидэлж, миний итгэлийг хүчээр болиулахын тулд гэр бүлийн бизнесээ ч орхигдуулсан. Үүнд нь би үнэхээр их шаналсан. Пасторын эхнэр ч бас намайг болиулахаар оролдож, манай гэрт ирээд хэдэн цагаар сууна, би хамт байх ёстой учраас Бурханы үгээ уншиж чаддаггүй, бүр гэр орны ажлаа ч амжуулж чадахгүй байлаа. Энэ бүгд үнэхээр түгшүүртэй байсан.

Пасторын үйлдэлд үнэхээр уур хүрсэн шүү. Өөрөө Эзэн Есүс эргэн ирсэн талаар судлахгүй байж, намайг худал үгээрээ мэхэлж, үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд минь саад хийх гэсэн. Надад саад болохын тулд нөхрийг минь хүртэл ашиглаж, Бурханы авралыг алдуулах гэсэн нь хэчнээн жигшүүртэй гээч! Эзэн Есүс фарисайчуудыг илчилж, яллаж байсныг би бодсон юм: “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй(Maтай 23:13). Орчин цагийн пастор, ахлагчид яг тийм санагдсан. Тэд Бурханы дуу хоолойг сонсож, Эзэнийг угтан авахгүй, бас Эзэнийг угтан авч, Бурханы хаанчлалд орох хүсэлтэй бидэнд саад болох гэж худал хуурмаг тараадаг. Тэд биднийг там руу явуулж, өөрсөдтэй нь хамт шийтгүүлж, хамт булагдаасай гэж хүсээд, хаанчлалд хүрэх замд маань бул хар чулуу болдог. Тэд бол сүнс залгигч антихрист, чөтгөрүүд! Яг л Төгс Хүчит Бурханы хэлдгээр, “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Би пасторын хоёр нүүртэй, үнэнийг үзэн яддаг мөн чанарыг нэвт хараад Төгс Хүчит Бурханыг дагахыг улам их эрмэлзэх болсон. Би пасторуудыг үргэлж шүтдэг байсан ч Библийг мэддэг, Бурханд үйлчилдэг энэ хүмүүс үнэндээ Бурханы хаанчлалд ороход нь итгэгчдэд саад болдог үнэнийг үзэн ядагч антихристүүд гэж огт төсөөлөөгүй явсан. Хэрвээ Төгс Хүчит Бурхан гарч ирж, махбодоор ажиллаж, чуулганд нуугдсан энэ муу зарц, антихристүүдийг илчлээгүй бол өөрөө ч мэдээгүй байхад минь пастор намайг сүйрүүлэх байж. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн минь Бурханы өршөөл, аврал!

Дараа нь би Бурханд түшиглэж, гэрчлэл хийж, нөхөр минь надад саад болохоо больсон. Одоо би ах эгч нартай хамт цуглаанд ороолцож, чуулганд үүргээ биелүүлээд, амар амгалан, баяр баяслаар дүүрэн байна. Төгс Хүчит Бурханд талархъя!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Би гэртээ ирлээ

Чу Кийнь Пон, Малайз Би Эзэнд арав гаруй жил итгэсэн бөгөөд чуулганд хоёр жил үйлчилж, дараа нь ажиллахаар гадаад явахдаа чуулганыг орхисон...

Messenger дээр бидэнтэй холбоо барих