1. Ариун Эцэг, Ариун Хүү, Ариун Сүнс гэх Гурвалд шашны нийгэмлэгийнхэн хоёр мянган жилийн турш тэр аяараа итгэж ирсэн. Гурвал бол бүх Христийн шашны гол номлолуудын нэг, гэтэл та нар яагаад Гурвал гэж шашны ертөнцийн хамаг их гаж онол, ер байдаггүй гэдэг юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Есүс түүнд, ‘Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй. Хэрвээ та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч бас мэдсэн байх ёстой: одооноос эхлээд та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа’ гэжээ. Филип Түүнд, ‘Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай’ гэв. Есүс түүнд, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл “Бидэнд Эцэгийг харуулаач” гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ’ гэв” (Иохан 14:6–11).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдох Бурханы үг:

ГУРВАЛ ОРШИН БАЙДАГ УУ?

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн тэнгэрт Эцэг байдгаар үл барам, мөн Хүү, бүр Сүнс ч байдаг. Тэнгэрт ийм Бурхан буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурвал Бурхан байдаг гэдэг нь хүний уламжлалт үзэл юм. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан, гэхдээ гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд ноцтойгоор заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Энэ гурван хэсгийг нийлүүлсэн нь л Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр Бурхан мөн л бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлд хүмүүс Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй хэмээн итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо шашны бүх итгэгч, бүр та нарын дундах дагалдагч болгон энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг учраас энэхүү итгэл зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй. Хэдий эдгээр нь үзэл боловч та нар зөв, буруу эсэхийг нь мэддэггүй, учир нь шашны үзэл та нарт хэтэрхий ноцтойгоор халдварласан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүн гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор дотор чинь дэндүү гүн нэвчсэн. Тиймээс энэхүү асуудал дээр ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь гурвал Бурхан ердөө оршин байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл, хүний эндүү ташаа ойлголт билээ. Олон зууны туршид, хүний оюун санаан дахь үзлээс бий болсон, хүний зохиосон, урьд нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан Библийн тайлбарлагчид олон байсан боловч гурвал Бурханыг гурван өөр нэгдмэл бодгаль хэмээсэн тийм тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба хүмүүс бүгд Бурханы “бүтцийн” талаар будилдаг. Ямар ч агуу хүн бүрэн гүйцэд тайлбар өгч огт чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон бичиг цаасан дээр шаардлага хангадаг боловч нэг ч хүн үүний утга учрыг тов тодорхой ойлгодоггүй. Яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлдээ хадгалдаг агуу Гурвал ердөө оршин байдаггүй. Учир нь хэн ч Бурханы жинхэнэ төрхийг харж байгаагүй, мөн Бурханы оршдог газарт ямар зүйл байдгийг шинжлэхийн тулд, “Бурханы гэр”-т яг хэдэн арван мянга, хэдэн зуун сая үе удам байгааг тодорхойлохын тулд, эсвэл Бурханы төрөлхийн бүтцийг яг хэдэн хэсэг бүрдүүлдгийг шалгахын тулд Бурханы оршин байгаа газарт зочлохоор дээш гарах хувьтай хүн нэг ч байгаагүй. Үндсэндээ юуг шинжлэх хэрэгтэй вэ гэвэл: Эцэг, Хүү, бас Ариун Сүнсний нас; бодгаль тус бүрийн харагдах байдал; Тэд яг хэрхэн хуваагддаг болон хэрхэн нэг болдог явдал юм. Харамсалтай нь, энэ бүх жилүүдэд нэг ч хүн энэ хэрэг явдлын үнэнийг тодорхойлж чадаагүй. Гурвалын талаар анхаардаг, шашны тэр бүх үнэн сүсэгт, цогтой итгэгчдэд хэрэг явдлын үнэнийг тайлагнахын тулд хэн ч, хэзээ ч тэнгэр лүү зочлохоор дээш гарч, бүх хүн төрөлхтөнд зориулсан “эрэн сурвалжлах тайлантайгаар” буцаж ирээгүй учраас тэд бүгдээрээ зүгээр л таамагладаг. Мэдээж ийм үзлийг бий болгосных нь төлөө хүнийг буруутгаж болохгүй, тэгвэл яагаад Эцэг Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Хүү Есүсийг дагуулж яваагүй юм бэ? Эхэндээ бүгд Еховагийн нэрээр явсан бол энэ нь илүү дээр байх байсан юм. Хэрвээ буруутгах ёстой юм бол, бүтээлийн цаг үед Хүү болон Ариун Сүнсийг Өөрийнхөө өмнө дуудалгүй, харин ч Өөрийн ажлыг ганцаараа хийсэн Ехова Бурханы түр зуурын ташаарлыг л буруутга. Тэд бүгд нэгэн зэрэг ажилласан бол нэг болох байсан бус уу? Хэрвээ бүр эхнээсээ эцсээ хүртэл зөвхөн Ехова гэх нэр байж, Нигүүлслийн эрин үеийн Есүсийн нэр байгаагүй бол, эсвэл тухайн үед Бурхан Ехова гэж нэрлэгдсээр байсан бол хүн төрөлхтний үүсгэсэн энэхүү хуваагдлын зовлонгоос салах байсан бус уу? Мэдээж, энэ бүхний төлөө Еховаг буруутгаж болохгүй; хэрвээ буруутгах ёстой бол олон мянган жилийн турш Ехова, Есүс, тэр ч бүү хэл Ариун Сүнсний нэрээр Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийж, Бурхан гэж яг юу вэ гэдгийг мэдэхээ больтол нь хүнийг будилуулж, төөрөлдүүлсэн Ариун Сүнсийг л буруутга. Хэрвээ Ариун Сүнс Өөрөө хэлбэр дүрс, дүр төрхгүйгээр, түүнчлэн Есүс гэх мэт нэргүйгээр ажиллаж, хүн Түүнд хүрч ч, харж ч чадахгүй, зөвхөн аянгын дууг сонсдог байсан бол ийм төрлийн ажил нь хүн төрөлхтөнд илүү их ач тустай байх байсан бус уу? Тэгвэл одоо юу хийж болох вэ? Хүний үзэл уул шиг өндөр, далай шиг өргөн уудам болж овоорсон ба өнөөгийн Бурхан цаашид тэдгээрийг тэвчиж чадахгүй, яахаа мэдэхгүй байх хэмжээнд очсон. Урьд нь Ехова, Есүс болон Тэдний дундах Ариун Сүнс байх үед хүн яаж учрыг нь олохоо аль хэдийн мэдэхээ больсон байсан ба одоо үүн дээр нэмээд мөн л Бурханы нэг хэсэг гэж хэлэгддэг Төгс Хүчит байгаа. Тэр хэн бэ гэдгийг болон Гурвалын аль бодгальтай Тэр холилдсон, эсвэл хэчнээн олон жилийн турш дотор нь нуугдсан гэдгийг хэн мэдэх билээ? Хүн яаж үүнийг тэвчиж чадах юм бэ? Насан туршдаа тайлбарлахад гурвал Бурхан дангаараа хангалттай байсан атал одоо “дөрвөн бодгаль дахь нэг Бурхан” байна. Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Чи тайлбарлаж чадах уу? Ах, эгч нар аа! Өнөөдрийг хүртэл та нар ийм Бурханд яаж итгэж байсан юм бэ? Би та нарыг биширч байна. Гурвал Бурханыг тэвчих нь аль хэдийн хангалттай байсан; гэтэл та нар дөрвөн бодгаль дахь энэ нэг Бурханд ийм тууштай итгэсээр байж яаж чадаж байна вэ? Та нараас явахыг шаардсан ч та нар татгалздаг. Үнэхээр санаанд багтамгүй! Та нар үнэхээр сүрхий юм! Хүн үнэндээ дөрвөн Бурханд ч гэсэн итгээд, үүнийгээ юман чинээ бодохгүй байж чадна; та нар үүнийг гайхамшиг гэж бодохгүй байна уу? Та нарыг хараад ийм агуу гайхамшиг үзүүлж чадна гэдгийг чинь хэн ч мэдэхгүй! Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч гурвал Бурхан оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг, Хүү хоёр хамтдаа Ариун Сүнсийг хэрэгсэл болгон ашигладаг гэх ухагдахуун ч байхгүй. Энэ бүхэн нь энэ дэлхийн хамгийн гажууд онол бөгөөд огт оршдоггүй! Гэхдээ ийм гажууд онол ч гэсэн эх сурвалжтай байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол үндэслэлгүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, ухаалаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд гажууд онол бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг овжноор олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүсийг ноёлж, тэднийг агуу, алдартай “мэргэжилтний сургаал”-даа итгүүлэхийн тулд зүгээр л таамаглал, төсөөлөл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Ганц ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн турш Бурханыг та нар ийм маягаар хуваасан, энэ нь үеэс үед илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг чинь хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Гарал үүслээ бас л олно гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу буцаан илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэцгээх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Би Бурханыг Өөрийг нь хуваадгийг чинь болиулсан. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг шүтэхээр ширээн дээрээ тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь уу, эсвэл гурав дахь нь уу? Алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэгт үү? Хүүд үү? Аль эсвэл Сүнсэнд үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч үнэндээ уураг тархиндаа л итгэдэг! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм Гурвалууд байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Хэрвээ ажлын гурван үе шатыг Гурвалын тухай энэхүү ухагдахууны дагуу үнэлбэл тус бүрийнх нь хийсэн ажил адилхан байгаагүй болохоор гурван Бурхан байх учиртай. Хэрвээ та нарын дундаас хэн нэг нь Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бодгаль дахь энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тухайн үеийн Еховагийн ажлыг ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнс хийгээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбараар бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бодгаль нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг. Тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи цорын ганц Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр яаж хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Цорын ганц Бурхан байдаг, энэ Бурханд цорын ганц үнэн бие байдаг, цорын ганц Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдарч, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байж чаддаг. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэрээр махбодод, орчлон ертөнцөд, орчлон ертөнцийн дээр нэгэн зэрэг оршиж чадна. Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж бүх хүн хэлдэг тул хэний ч хүслээр хуваагдашгүй ганцхан Бурхан байдаг! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бодгаль; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ чиний хэлдгээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэдний бодгаль өөр, бас мөн чанар нь ялгаатай тул Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй, хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Сүнс мөн гэдэг нь гарцаагүй. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Эцэг, Хүүгийн хоорондох харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болон Эцэгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцэгийн хэрэгсэл юм уу? Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондох харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондох харилцаа юу, эсвэл хүн, Сүнс хоёрын хоорондох харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван бодгалийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр бодгалиуд байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай энэ үзэл баримтлал хамгийн утгагүй! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бодгаль болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Надад хэл дээ, тэнгэр, газар болон бүх зүйлийг Эцэг бүтээсэн үү, Хүү бүтээсэн үү, эсвэл Ариун Сүнс бүтээсэн үү? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн золин аварсан бэ? Ариун Сүнс үү, Хүү юү, эсвэл Эцэг үү? Хүү хүн төрөлхтнийг золин аварсан гэж зарим нь хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн бай, Тэрээр тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү үзэл санаа зүгээр л худал юм. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы Сүнс гэж хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол Түүний ажил Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах байсан уу? Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс эгэл, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй болсон учраас л тэгсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн гадаад төрх нь хэвийн хүнийх байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр эгэл жирийн хүмүүсийн хэвийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, ямартай ч хүний гадаад төрхтэй) байсан юм. Тиймээс Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэрээр бүтээгдсэн хүний өнцгөөс ингэсэн. Та нарт цээжлүүлэх гэж Есүсийн заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа…” Тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Бурханыг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил байр сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дууддаг учраас Есүс Өөрийгөө та нартай адил байр сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзжээ. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь бүтээгдсэн зүйл гэдгээс чинь болж байгаа бус уу? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханыг (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсийг) тийм байдлаар дуудаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг нотолдоггүй. Харин ч Тэр өөр бодгаль байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бодгалийн оршин тогтнол гэдэг нь гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдийн Хаан байсан; Тэрээр алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм. Тэгэхээр чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж болохгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбирлыг заамагц та нар бүгдээрээ Хүү болох бус уу? Хэрвээ та нар одоо ч үнэмшихгүй байгаа бол Надад хэл дээ, та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг явж одсоны дараа Эцэг, Хүү гэх энэ санаа байхаа больсон. Энэхүү санаа нь Есүсийг махбод болсон байх тэр жилүүдэд л тохиромжтой байв; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын тухай энэхүү санаа хэзээ ч байж болохгүй; энэ нь эрин үеүдэд ховорхон харагддаг гажууд онол бөгөөд оршин байдаггүй!

Энэ нь Эхлэл дэх Бурханы үгийг ихэнх хүнд сануулж магадгүй: “Бид өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээцгээе.” “Бид хүнийг Өөрсдийнхөө дүрээр бүтээе” гэж Бурханы хэлснийг авч үзвэл “Бид” гэдэг нь хоёр буюу түүнээс олон гэдгийг илэрхийлж байна; нэгэнт Тэр “Бид” гэж хэлсэн учраас зөвхөн ганц Бурхан байдаггүй. Ийм маягаар хүн өөр өөр бодгалийг хийсвэрээр бодож эхэлсэн бөгөөд эдгээр үгээс Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай санаа төрсөн. Тэгвэл Эцэг ямархуу вэ? Хүү ямархуу вэ? Мөн Ариун Сүнс ямархуу вэ? Өнөөдрийн хүн төрөлхтөн энэ гурвыг нийлүүлсэн нэгний дүрээр бүтээгдсэн юм гэж үү? Тэгвэл хүний дүр Эцэг, Хүү, эсвэл Ариун Сүнснийхтэй адилхан уу? Бурханы эдгээр бодгалийн алиных нь дүрээр хүн бүтээгдсэн бэ? Хүний энэ санаа зүгээр л буруу бөгөөд ямар ч утгагүй! Энэ нь ердөө нэгэн Бурханыг хэд хэдэн Бурхан болгон хувааж л чадна. Дэлхийн бүтээлийн дараагаар хүн төрөлхтөн бүтээгдсэний хойно Мосе Эхлэлийг бичсэн. Хамгийн анх дэлхий ертөнц бий болох үед Мосе байгаагүй. Мосе Библийг их сүүлд бичсэн юм, тэгвэл тэнгэр дэх Бурханы юу хэлснийг тэр яаж мэдсэн байх юм бэ? Бурхан энэ дэлхийг хэрхэн бүтээсэн талаар тэр огт мэдэхгүй. Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буй тухай дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр өөр өөр нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр бодгалийг хэлдэг гэдгийг энэ нь нотолж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Бурханд тоо томшгүй олон бодгаль байх байсан бус уу? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил, Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан ба Түүнийг ярих үед бий болж, Түүнийг тушаах үед биелж байсан. Тэр бол ажлаа гүйцэтгэхээр ирсэн Эцэг гэж Ехова хэзээ ч хэлээгүй, эсвэл хүн төрөлхтнийг золин аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ ч зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд гэвэл, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болсон гэж л хэлсэн байдаг, харин Хүү ирсэн гэж хэлээгүй. Эрин үеүд адилгүй бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил ч бас ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Ийм маягаар, Түүний төлөөлдөг ялгамж чанар ч бас ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ үнэндээ үүнийг Есүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; тэнгэр дэх Эцэг Бид хоёр нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцэгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцэгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бодгаль болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, өөр өөр бодгалийн тухай санаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгодог. Хүн тусдаа бодгалиудын тухай ярих үед, энэ нь Бурханыг материаллаг болгож байгаа бус уу? Хүн бодгалийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний төсөөлөл, лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй бөгөөд туйлын бодит бус! Хэрвээ чи түүнээс: “Хэдэн Бурхан байдаг вэ?” гэж асуувал тэр, Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал буюу ганц жинхэнэ Бурхан юм гэж хэлэх болно. Хэрвээ чи цааш нь: “Эцэг хэн бэ?” гэж асуувал тэрээр: “Эцэг бол тэнгэр дэх Бурханы Сүнс; Тэр бүхнийг хариуцдаг ба тэнгэрийн Эзэн юм” гэж хэлнэ. “Тэгвэл Ехова Сүнс мөн үү?” гэхэд тэрээр “Тийм!” гэж хариулна. Хэрвээ дараа нь чи түүнээс “Хүү хэн бэ?” гэж асуувал мэдээж Есүс бол Хүү гэх болно. “Тэгвэл Есүсийн түүх юу вэ? Тэр хаанаас ирсэн бэ?” гэхэд тэр ингэж хэлнэ: “Есүс Ариун Сүнснээс олдож Мариагаас төрсөн.” Тэгвэл Түүний мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Түүний ажил ч бас Ариун Сүнсний ажлын төлөөлөл биш гэж үү? Ехова бол Сүнс, Есүсийн мөн чанар ч бас адилхан. Одоо эцсийн өдрүүдэд, энэ нь мөн л Сүнс юм гэдгийг хэлэх бүр ч шаардлагагүй; Тэд яаж өөр өөр бодгаль байх юм бэ? Ердөө л Бурханы Сүнс өөр өөр өнцгөөс Сүнсний ажлыг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тийм болохоор бодгалиудын хооронд ялгаа байдаггүй. Есүс Ариун Сүнснээс олдсон, Түүний ажил яг тэр Ариун Сүнснийх байсан нь маргаангүй. Гүйцэтгэсэн ажлынхаа эхний үе шатанд Ехова махбод болоогүй, бас хүнд ч харагдаагүй. Иймээс хүн хэзээ ч Түүний гадаад төрхийг хараагүй. Тэр хэчнээн агуу, хэчнээн өндөр байсан нь хамаагүй, хүнийг анх бүтээсэн Бурхан Өөрөө буюу Сүнс хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, Тэрээр Бурханы Сүнс байлаа. Үүлэн дундаас хүнтэй ярих үедээ Тэр ердөө л Сүнс байсан ба Түүний гадаад төрхийг хэн ч нүдээр үзээгүй; зөвхөн Нигүүлслийн эрин үед Бурханы Сүнс махбодод ирж, Иудейд бие махбодтой болоход л хүн бие махбодтой болсон Бурханыг иудей хүний дүрээр анх харсан. Түүнд Еховагийн гэх юу ч байгаагүй. Гэсэн ч Тэр Ариун Сүнснээс олдсон, өөрөөр хэлбэл, Еховагийн Өөрийн Сүнснээс олдсон бөгөөд Есүс мөн л Бурханы Сүнсний биелэл болон төрсөн билээ. Ариун Сүнс Есүс дээр тагтаа мэт буухыг л хүн анх харсан; энэ нь ганцхан Есүсийн Сүнс байгаагүй, харин ч Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Есүс, Хүү бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс юм бол Тэд яаж нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байв. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажил гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, түүнчлэн бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бодгаль хийж чадахгүй байх байв. Түүний Сүнсийг Ехова, Есүс, түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, бас газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээш өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, бас Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Хэдэн зуун мянган нэрээр нэрлэж болох ч Тэр Өөрөө хэвээр бөгөөд Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнсний шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа бодгалиуд оршин тогтнодоггүй, Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх санаа бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!

Бурханы удирдлагын төлөвлөгөө зургаан мянган жил үргэлжилдэг бөгөөд Түүний ажлын ялгаанд үндэслэн гурван эрин үед хуваагддаг: Эхний эрин үе нь Хуучин Гэрээний Хуулийн эрин үе; хоёр дахь нь Нигүүлслийн эрин үе; гурав дахь нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе юм. Эрин үе болгонд өөр өөр ялгамж чанарыг төлөөлдөг. Энэ нь зөвхөн ажлын ялгаанаас буюу ажлын шаардлагаас болдог. Хуулийн эрин үе дэх ажлын эхний үе шат Израильд явагдсан ба золин авралын ажлыг төгсгөсөн хоёр дахь үе шат нь Иудейд хийгдсэн. Золин авралын ажлын төлөө Есүс Ариун Сүнснээс олдож, цорын ганц Хүү болон төрсөн. Энэ бүхэн нь ажлын шаардлагаас болсон юм. Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж, тэндхийн хүмүүсийг байлдан дагуулахыг хүсдэг, ингэснээр Түүний нэр тэдний дунд агуу болж болох юм. Тэрээр бүх үнэнийг ойлгож, ороход нь хүнийг залж чиглүүлэхийг хүсдэг. Энэ бүх ажлыг нэг Сүнс хийдэг. Хэдий Тэр өөр өөр өнцгөөс ингэж хийдэг боловч ажлын шинж чанар болон зарчим адилхан хэвээр үлддэг. Тэдний гүйцэтгэсэн ажлын зарчим, шинж чанарыг ажигламагцаа энэ бүхнийг нэг Сүнс хийсэн гэдгийг чи мэднэ. Гэсэн ч зарим хүн: “Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болно” хэмээн хэлсээр байж магадгүй. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Эцэг, Ариун Сүнс хоёрыг яаж нэг болгож чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгох тухай ярих нь, нэг бүхэл болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлж байгаа хэрэг биш гэж үү? Гэхдээ бүхэл болгуулахаасаа өмнө Тэд хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол материаллаг зүйл биш, материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүний үздэгээр, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр Сүнс, Ариун Сүнс бас нэг Сүнс юм, тэгээд нэг бүхэл болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нэг болох бус уу? Энэ бол гарцаагүй эндүү ташаа, утгагүй тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа хэрэг биш үү? Яаж Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр шинж чанартай гурван хэсэг биш гэж үү? “Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?” хэмээн хэлдэг хүмүүс бий. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон удирдлагын төлөвлөгөөнийх нь ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Ехова гэж нэрлэгддэг, израильчуудын хоньчин байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод өмссөн байсан учраас махбодын өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би энэ дэлхийд ирэхийн тулд махбод өмссөн тул тэнгэрээс холын хол байна” гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байв. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы Сүнсний эзэмших ёстой зүйл байлаа. Махбодын өнцгөөс Эцэгт залбирч байснаас нь болоод Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм. Хэрвээ Тэр Бурхан Өөрөө байсан юм бол яагаад залбирсан юм бэ гэж хүмүүс гайхдаг. Үүний учир нь, Тэр бол тэнгэр дэх Сүнс биш, харин бие махбодтой болсон Бурхан, махбод дотор амьдарч байгаа Бурхан байсан билээ. Хүний харж байгаагаар, Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд Бурхан. Зөвхөн энэ гурвыг нэг болгосон үед л нэг жинхэнэ Бурхан гэж үзэж болох ба ийм маягаар Түүний хүч чадал ер бусын агуу юм. Ийм маягаар л Тэр бол долоо дахин эрчимжсэн Сүнс мөн гэж хэлдэг хүмүүс бий. Ирснийхээ дараа Хүү залбирах үед Түүний залбирсан зүйл нь тэрхүү Сүнс байсан. Үнэндээ Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс л залбирч байлаа. Махбод бүрэн гүйцэд биш учраас Тэр махбодод ирэх үедээ бүрэн гүйцэд байгаагүй, олон сул талтай байсан, мөн Өөрийн ажлыг махбодоор гүйцэтгэхэд Түүнд ихээхэн төвөг учирсан. Тийм учраас Тэр цовдлогдохоосоо өмнө Эцэг Бурханд гурвантаа залбирсан, түүнчлэн тэрнээс өмнө ч олон удаа залбирсан. Тэр шавь нарынхаа дунд залбирсан; уулан дээр ганцаараа залбирсан; загасчны завин дээр залбирсан; үй олон хүмүүсийн дунд залбирсан; талх хувааж байхдаа залбирсан; мөн бусдыг ерөөхдөө залбирсан билээ. Яагаад тэгсэн бэ? Тэрээр Сүнсэнд хандаж залбирсан; Тэр махбодын өнцгөөс Сүнсэнд, тэнгэр дэх Бурханд залбирч байсан. Тиймээс хүний үзэл бодлоор бол, ажлын тэрхүү үе шатанд Есүс Хүү болсон юм. Гэхдээ энэ үе шатанд Тэр залбирдаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Түүний авчирдаг зүйл нь үгийн ажил бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт юм. Тэр залбирах хэрэггүй, Түүний үйлчлэл бол үг хэлэх явдал билээ. Тэр загалмайд цовдлогдохгүй бөгөөд хүн Түүнийг эрх мэдэлтнүүдэд барьж өгөхгүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Есүс залбирч байх үедээ, тэнгэрийн хаанчлал бууж ирэхийн төлөө, Эцэгийн хүсэл биелэгдэхийн төлөө болон хожмын ажлын төлөө Эцэг Бурханд залбирсан. Энэ үе шатанд тэнгэрийн хаанчлал аль хэдийн бууж ирсэн тул залбирах хэрэг Түүнд байгаа гэж үү? Түүний ажил бол эрин үеийг төгсгөх явдал бөгөөд цаашид шинэ эрин үе гэж байхгүй, иймд дараагийн үе шатны төлөө залбирах хэрэг байгаа юу? Үгүй байх аа!

Хүний тайлбарт олон зөрчилдөөн байдаг. Үнэндээ, эдгээр нь бүгд хүний үзэл юм; та бүхэн цааш нь нарийвчлан судлалгүйгээр тэдгээрийг үнэн зөв хэмээн итгэдэг. Гурвал Бурхан гэх ийм санаа нь хүний үзэл гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Хүний ямар ч мэдлэг бүрэн гүйцэд биш. Үүнд үргэлж хольц байдаг ба хүнд хэтэрхий олон санаа бий; бүтээгдсэн зүйл Бурханы ажлыг тайлбарлаж ер чадахгүй гэдгийг энэ нь харуулдаг. Хүний оюун санаанд хэтэрхий их зүйл байдаг ба эдгээр нь бүгд үнэнтэй зөрчилддөг логик болон бодлоос үүсэн гардаг. Чиний логик Бурханы ажлыг бүрэн гүйцэд задлан шинжилж чадах уу? Еховагийн бүх ажлыг нэвт харж чадах уу? Энэ бүхнийг нэвт шувт хардаг нь хүн чи юү, эсвэл мөнхөөс мөнхөд харж чаддаг нэгэн нь Бурхан Өөрөө юү? Мөнхийн эрт дээр үеэс тэнгэр, газар, бүх зүйлийн үүрд мөнхийг харж чаддаг нь чи юү, эсвэл мөнхийн эрт дээр үеэс ирээдүйн мөнхийг хүртэл харж чаддаг нь Бурхан уу? Чи юу гэх вэ? Бурханыг тайлбарлахад чи яаж тохирох юм бэ? Чиний тайлбар юунд үндэслэдэг вэ? Чи Бурхан уу? Тэнгэр, газар болон бүх зүйлийг Бурхан Өөрөө бүтээсэн. Чи үүнийг хийгээгүй, тэгвэл чи яагаад буруу тайлбар өгч байгаа юм бэ? Одоо чи гурвал Бурханд итгэсээр байна уу? Ингэх нь хэтэрхий ядаргаатай гэж бодохгүй байна уу? Гурав биш ганц Бурханд итгэх нь чиний хувьд хамгийн сайн байх болно. Хөнгөн байх нь хавьгүй дээр, учир нь Эзэний ачаа хөнгөн билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Бурхан бол бүх зүйлийг захирч, удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирдаж, захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний ялгамж чанар юм. Бүх зүйл, байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар нь бүх бүтээлийн Бүтээгч агаад Захирагч мөн. Бурханд байдаг ялгамж чанар нь ийм, Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай, Бурханы бүтээлүүдийн нэг нь ч Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар нэг арга, шалтаг хэрэглэж болохгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүтээлийг захирах чадвартай цорын ганц Нэгэн байдаг нь бидний цор ганц Бурхан Өөрөө билээ. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилждэг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газар дээр гарч чадна. Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцахын зэрэгцээ байгаа бүхнийг захирч бөгөөд байгаа бүхний хувь заяаг болон хаашаа явахыг нь шийддэг. Мөн түүнчлэн, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг замчилж, зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд бүх амьд зүйл шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Өмнөх: 2. Хэдийгээр Төгс Хүчит Бурханы Чуулган сүүлийн жилүүдэд ХКН болон шашны нийгэмлэгийн улайрсан эсэргүүцэл, яллалтад нэрвэгдэж ирсэн ч чуулган Бурханыг гэрчлэх онлайн кино, видеог улам их гаргасаар байгааг би харж байна. Эдгээр кино, видеоны агуулга улам бүр нэмэгдэж, техникийн хувьд улам бүр сайжирч байна. Эдгээр бүтээлийн нөхөрлөдөг үнэн бас хүмүүст гайхалтай сургамж болдог. Шашны нийгэм даяар сүүлийн жилүүдэд Бурханы ажлыг гэрчилсэн үүнтэй эн тэнцэхүйц сайн кино огт хийгээгүй. Одоо бүх шашин, урсгалаас Бурханд үнэхээр итгэдэг олон олон хүн Төгс Хүчит Бурханы Чуулганд нэгдэж байна. Шашны нийгэм тэр чигтээ тэгтлээ эзгүйрч байхад Төгс Хүчит Бурханы Чуулган яагаад цэцэглэн хөгжиж байна вэ?

Дараах: 1. Бидний итгэдэг Католик шашин нь элч нараас уламжлагдан ирсэн бөгөөд бүх шашнаас хамгийн уламжлалт үзэл юм. Төгс Хүчит Бурханы Чуулган Христийн шашинд харьяалагддаг, Христийн шашин бол Католик шашны салаа мөчир билээ. Бид Төгс Хүчит Бурханд итгэвэл Христийн шашинд орcон болохгүй гэж үү? Ингэснээрээ бид Бурханаасаа нүүр буруулахгүй гэж үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих