1. Хүн төрөлхтөн яагаад Бурханд итгэх ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Бурхан тэнгэр, газрыг бүтээжээ” (Эхлэл 1:1).

“Бурхан, ‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан гэрлийг харахад энэ нь сайн байв: тэгээд Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Үдэш болоод өглөө болсон нь эхний өдөр байсан юм” (Эхлэл 1:3–5).

“Бурхан, ‘Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг’ гэв. Бурхан огторгуйг бүтээж, огторгуйн доор байсан усыг огторгуйн дээр байсан уснаас салгасан ба энэ нь ёсоор болов” (Эхлэл 1:6–7).

“Бурхан, ‘Тэнгэрийн доорх ус нэг дор цуглаж, хуурай газар гарч ирэг’ хэмээхэд энэ нь ёсоор болов. Ингээд Бурхан хуурай газрыг Газар; хурсан их усыг Тэрээр Далай хэмээн нэрлэв: Бурханыг харахад тэр нь сайн байлаа. Бурхан, ‘газар нь ногоон өвс, үрт ургамал ногоо болон газарт үрээ гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуулаг’ гэхэд хэлсэн ёсоор нь болов” (Эхлэл 1:9–11).

“Бурхан, ‘Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйн мандалд гэрэлтүүлэгчид бий болог; эдгээр нь тэмдэг, улирал, өдөр ба жилд зориулагдаг: Тэдгээр нь газрыг гэрэлтүүлдэг огторгуйн мандал дахь гэрэл байг’ хэмээв, тэгэхэд хэлсэн ёсоор нь боллоо” (Эхлэл 1:14–15).

“Бурхан, ‘Уснууд амьд амьтдаар бялхаж, жигүүртэн шувууд газар дээгүүр, тэнгэр огторгуйд нисэг’ гэв. Тэгээд Бурхан аварга загас ба усанд үржин амьдардаг бүхий л амьтдыг төрөл төрлөөр нь бүтээгээд дараа нь жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв: Бурханыг харахад энэ нь сайн байлаа” (Эхлэл 1:20–21).

“Бурхан, ‘Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь бий болгож, мал амьтан, мөлхөгчид, зэрлэг араатан амьтдыг төрөл төрлөөр нь бий болгог’ гэсэнд тэр нь ёсоор болов. Дараа нь газрын араатан амьтад төрөл төрлөөрөө бүтээгдэж, мал адгуус, газар дээр мөлхдөг хорхой шавж төрөл төрлөөрөө бүтээгдэв. Бурханыг харахад тэр нь сайн байлаа” (Эхлэл 1:24–25).

“Бурхан, ‘Бид өөрсөдтэйгээ адилаар, өөрсдийн дүр төрхөөр хүнийг бүтээцгээе. Тэдэнд далайн загас, огторгуйн шувууд, мал амьтад, бүх газар дэлхий, газраар мөлхдөг бүх мөлхөгчийг захируулъя’ гэв. Ингээд Бурхан хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээж, Бурханы дүр төрхөөр түүнийг бүтээжээ; эрэгтэй, эмэгтэй хүнийг Тэр бүтээв” (Эхлэл 1:26–27).

Холбогдох Бурханы үг:

Бурхан бол бүх зүйлийг захирч, удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирдаж, захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Түүний ялгамж чанар юм. Бүх зүйл, байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар нь бүх бүтээлийн Бүтээгч агаад Захирагч мөн. Бурханд байдаг ялгамж чанар нь ийм, Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай, Бурханы бүтээлүүдийн нэг нь ч Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар нэг арга, шалтаг хэрэглэж болохгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүтээлийг захирах чадвартай цорын ганц Нэгэн байдаг нь бидний цор ганц Бурхан Өөрөө билээ. Тэр бүх зүйлийн дунд амьдарч, шилждэг; Тэр бүх зүйлийн дээр, хамгийн өндөр газар дээр гарч чадна. Тэр даруухнаар хүн болж, мах, цуснаас бүрддэг хүмүүсийн нэг болж, хүмүүстэй нүүр тулан уулзаж, тэдний баяр гунигийг хуваалцахын зэрэгцээ байгаа бүхнийг захирч бөгөөд байгаа бүхний хувь заяаг болон хаашаа явахыг нь шийддэг. Мөн түүнчлэн, Тэр бүх хүн төрөлхтний хувь заяаг замчилж, зүг чигийг нь залж чиглүүлдэг. Ийм Бурханд бүх амьд зүйл шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг мэдэх хэрэгтэй. Иймээс хүн төрөлхтний дунд чи ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Түүний захиргааг хүлээн зөвшөөрч, хувь заяаг чинь зохицуулах Бурханы зохицуулалтыг хүлээн зөвшөөрөх нь ямар ч хүн, аливаа бүх амьд зүйлийн хувьд цорын ганц, зайлшгүй сонголт юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьдарч буй хүмүүс нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг юм бэ? Яагаад бид үхэх ёстой юм бэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн хувь заяагаа үнэхээр хянадаг уу? … Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн эдгээр асуултыг тасралтгүй асуусан. Харамсалтай нь, хүн эдгээр асуултад донтох тусмаа шинжлэх ухаанаар улам их ангах болжээ. Шинжлэх ухаан нь хүний махан биед богино хугацааны бахдал, түр зуурын таашаал өгдөг ч сэтгэлийнх нь гүнд байдаг ганцаардал, тусгаарлагдмал байдал, чадан ядан нуусан айдас, арга мөхөс байдлаас нь хүнийг ангижруулахад огтхон ч хангалттай биш. Хүн төрөлхтөн зүрх сэтгэлээ мэдээгүйжүүлэхийн тулд энгийн нүдээр харж, уураг тархиараа ойлгож чадах шинжлэх ухааны мэдлэгийг ашигладаг төдий. Гэсэн ч шинжлэх ухааны тийм мэдлэг нь нууцыг шинжлэн судлах гэсэн хүн төрөлхтнийг болиулахад хангалтгүй. Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрүүдийн дээр мөнхөөс мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж аваагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн юм—гэсэн ч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтнийг хангаж, тэжээдэг, хүнийг оршин тогтнуулдаг Нэгэн; мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн Нэгэн юм. Түүнчлэн амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний найддаг цорын ганц Нэгэн Тэр билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дэх бүх амьд оршихуйг удирддаг. Тэрээр дөрвөн улирлыг хянаж, салхи, хяруу, цас, бороог дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уулс, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьд зүйлсээр хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг, Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд дор бүрнээ Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Хэн Түүний дээд эрхээс өөрийгөө чөлөөлж чадах вэ? Хэн Түүний зохицуулалтаас өөрийгөө салгаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байж, бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж бүр ч чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл хамааран чиний хувь заяаг Бурхан тодорхойлдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийг захирна гэдэгт эргэлзэх юмгүй. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн танин мэдэж, ойлгох эсэхээр тогтоогддоггүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, төд удалгүй хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор амьдарч, нас бардаг. Хүн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүд анихдаа ч бас энэхүү удирдлагын төлөө нүд аньдаг. Хүмүүс ахин дахин нааш цааш ирж, буцдаг. Энэ нь бүгд ялгаагүй Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага хэзээ ч зогсоогүй; энэ нь үргэлжид урагшилж байгаа. Тэрээр хүн төрөлхтөнд Өөрийн оршин тогтнолыг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд буцаан аваачна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд садар самуун уг чанартай болж, жигшүүрт доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхий дээр сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөвт үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг зөв шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглахаас өөрийг хийдэггүй, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Ертөнцийн өргөн уудам чөлөөнд ахин дахин, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн аль чиглэлд явж буйг хэн ч, хэзээ ч бодож үзээгүй. Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариулахгүй байх үед Бурхан яаж уурсаж, хилэгнэх бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд нь мэдэрч, сонсож байсантай адилгүй байх болно. Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлнэ. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аварч байгаа Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд бодгаль болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь дэмждэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа ба хүний амийн зөн мэдрэмж өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн итгэдэг. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөд амийн зөн мэдрэмж хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, уйгагүй хичээл зүтгэл бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг. Хүний амийн үүсэл ба үргэлжлэлийн нууцуудыг хэн ч, хэзээ ч судалж үзээгүй. Энэ бүхнийг ойлгодог Бурхан л, Өөрөөс нь бүх зүйлийг хүлээн авсан мөртөө талархдаггүй хүний учруулдаг шаналал, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Амийн авчирдаг бүхнийг хүн жам ёсны зүйл шиг эдэлдэг ба тийм ч болохоор Бурханаас урваж, Бурханыг мартан, Бурханаас сүрдүүлэн авдаг нь “мэдээжийн хэрэг” билээ. Бурханы төлөвлөгөө үнэхээр тийм чухал юм гэж үү? Хүн гэдэг, Бурханы гараас гарсан энэхүү амьд бодгаль үнэхээр тийм чухал юм гэж үү? Бурханы төлөвлөгөө мэдээж чухал; гэвч Бурханы гараар бүтээгдсэн энэхүү амьд бодгаль Түүний төлөвлөгөөний төлөө оршин тогтнодог. Иймд Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсандаа төлөвлөгөөгөө гаргуунд нь гаргачхаж чадахгүй. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон Өөрийн гаргасан амьсгалын төлөө, хүний махан бие бус, хүний амийн төлөө л бүх зовлон шаналлыг тэвчдэг билээ. Тэрээр хүний махан биеийг бус, амьсгалсан амиа буцааж авахын тулд л ингэдэг юм. Энэ бол Түүний төлөвлөгөө юм.

Энэ дэлхийд ирсэн хүн бүхэн амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэдний ихэнх нь үхэл, дахин төрөлтийн мөчлөгөөр дамжин өнгөрсөн. Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ. Энэ бүхэн нь амьд бодгаль болгонд зориулан Бурханы зохицуулсан амийн замнал билээ. Гэвч энэхүү замнал, энэ мөчлөг бол Бурханы хүнд яг харуулахыг хүссэн үнэн юм: Бурханы хүнд хайрласан амь хязгааргүй бөгөөд махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Хүний амь Бурханаас ирсэн гэдэгт олон хүн итгэдэггүй байж болох ч Түүний оршин тогтнолд итгэдэг ч бай, үгүйсгэдэг ч бай ялгаагүй, Бурханаас ирдэг бүхнийг хүн зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхий дээр оршдог бүхнийг эргүүлэн авахыг хүсэж, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно. Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй үнэн бөгөөд эдгээр ойлгох аргагүй үнэн бол Бурханы амийн хүчний яг жинхэнэ илрэл, гэрчлэл билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээл ойлгох аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: Бүх бүтээгдсэн зүйлийн хувьд амийн хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байсан ч хамаагүй, амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг; чи ямар ч төрлийн амьд бодгаль байсан ялгаагүй Бурханы тогтоосон амийн замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг. Амийнх нь үнэ цэнийг дэмий үрдэг хүний ийм санаа амар байдлыг Бурхан яаж зөвшөөрч чадах юм бэ? Өмнө нь Миний хэлсэнчлэн, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг нандигнаж чадахгүй бол Бурхан анх өгсөн зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй, Өөрийнхөө өгсөн бүхний үнийг хүнээр хоёр нугалан төлүүлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээс эмээдэг. Тэд тусламж, дэмжлэггүй байдаг атлаа нүдээ аних дургүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр өөрийн сүнсийг мэдэрдэггүй махан биед өөдгүйгээр оршин тогтнохын тулд өөрсдийгөө хатамжилдаг. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна. Одоог хүртэл, ухаан алдсан хүмүүст ийм итгэл биеллээ олоогүй. Гэсэн ч хүмүүс ингэж хүсэн эрмэлзсээр байдаг. Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухаан алдсан энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамайг цаашдаа өлсөж, цангахгүй байгаасай гэсэндээ чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна. Тэр хажууд чинь чамайг ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж, хэдийд ч юм “эцэгтэй” болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит үргэлж ажиглаж, эргэн ирэхийг чинь маш урт удаан хугацаанд хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байна. Тэрээр цөхөрсөн мөрөөсөлтэйгөөр ажигласаар, хариултгүй хариуг хүлээсээр ирсэн. Түүний ажиглалт, хүлээлт үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг. Энэхүү ажиглалт, хүлээлт тодорхой бус хугацаатай байж магадгүй, мөн төгсгөлдөө хүрсэн байж ч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэл болон сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт

Өмнөх: 3. Католик шашинтнууд тахилч нарыг, тахилч нар нь хамба ламыг, хамба лам нь Пап ламыг сонсдог. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг та нар хэчнээн сайн нөхөрлөлөө гээд, Пап лам болон тахилч нар Эзэн ирснийг зарлахгүй л бол бид үүнийг хүлээн авч чадахгүй—Католик шашинтнууд бид тахилч болон Пап ламыг сонсдог.

Дараах: 2. Зарим хүн Бурханыг хараагүй учраас дэлхий дээр Бурхан байдаггүй гэж хэлдэг бол зарим нь хувийн туршлагаа ашиглан Бурхан байдаг гэдгийг гэрчилдэг. Бурхан үнэхээр байдаг эсэхийг бид мэдэхгүй учраас Бурхан байдаг эсэхийг бид хэрхэн тодорхойлж болох вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих