3. Загалмай дээр Эзэн Есүс “Биелэгдлээ(Иохан 19:30) хэмээн хэлж, ийнхүү хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дууссан болохыг нотолсон. Бид Эзэн Есүст итгэдэг болохоор нүгэл маань аль хэдийн өршөөгдөж, итгэлээрээ зөвтгөгддөг. Эзэн ирэхэд бид шууд тэнгэрийн хаанчлалд өргөгдөх болно. Бурхан яагаад үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлыг хийсээр байх ёстой юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).

“Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй” (Еврей 10:26–27).

“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48).

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).

“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).

Холбогдох Бурханы үг:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, бас хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн салгахын тулд улам их ажил хийхийг Бурханаас шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагддаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодын тусламжтайгаар хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болж үйлчлэхгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Энэ нь уучлагдсан хүмүүсийг нүглээс нь гэтэлгэж, бүрэн ариусгаж, мөн зан чанарын өөрчлөлтөд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс ангижруулж, Бурханы сэнтийн өмнө буцаан авчрахын тулд хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан чинь үнэн. Чи Бурханы авралаас үүдэн нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа боловч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нь нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй байдаг мөртөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгээр л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин авралаас цаашгүй байсан боловч хүний доторх хорт уг чанарыг таягдан хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан өөрийнхөө доторх бохир, завхарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг; үгийн шүүлт, гэсгээлт, мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь уучилсан тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч махан биед амьдардаг хүн нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Хүн төрөлхтний ихэнх нь өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, уг чанарынхаа үндсэн дээр өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн төгсгөлийг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Гэсгээлт, шүүлтээр л бүх бүтээлийн төгсгөлийг илчилж болно. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы эрх мэдэлд харьяалагдаж болох юм. Энэ бүх ажил зөв шударга гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Энэ зан чанар л мууг ил болгож, улмаар зөв шударга бус бүхнийг хатуу шийтгэж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Эцэст нь Бурханаар авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг ариусгаж, эцсийн амралтад нь тэднийг бэлдэхийн төлөө байдаг; тэгж цэвэрлэхгүй бол хүн төрөлхтнөөс нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дуулгаваргүй элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдлэхээр хүн төрөлхтний илүү өндөр байр байдалд орно; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдрийг эхлүүлж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдаж, Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханд үйлчлэл үзүүлсэн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд хорон муу байдлынхаа улмаас, дуулгаваргүй байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдуулж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь бүхий л зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр цэвэр ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан хорон мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан бүх хүн төрөлхтнийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн гүйцэд биш юм. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүхэлдээ ариун болно; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Өмнөх: 2. Илчлэлийн номд зөгнөсөн Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг шүтлэггүй хүмүүст зориулагдсан гэдэгт бид итгэдэг. Эзэн ирэхэд Түүнд итгэдэг хүмүүс тэнгэрт өргөгдөж, дараа нь Эзэн шүтлэггүй хүмүүсийг устгахын тулд гамшиг буулгана. Энэ бол Агуу цагаан сэнтийн шүүлт, гэтэл эцсийн өдрүүдийн Бурханы шүүлт аль хэдийн эхэлсэн гэж та нар гэрчилдэг. Тэгвэл шүтлэггүй хүмүүсийг устгахын тулд Бурхан гамшиг буулгасныг бид яагаад хараагүй байдаг билээ? Энэ яаж Агуу цагаан сэнтийн шүүлт байж болох юм бэ?

Дараах: 4. Хэрэв бид Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол цэвэрлэгдэхгүй бөгөөд ингэснээр Бурханы хаанчлалд ороход тохирохгүй болно гэж та нар хэлдэг. Бид үүнд итгэхгүй байна. Хэдийгээр бид нүгэл үйлдэх чадвартай, махан биед хүлэгдсэн хэвээр байгаа ч Библид “Нүд ирмэхийн зуур, нэг агшинд сүүлчийн бүрээн дуугаар: учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах руу амилуулагдаж, бид өөрчлөгдөх болно” (1 Коринт 15:52) хэмээн тун тодорхой өгүүлсэн байдаг. Бурхан бол төгс хүчит гэдэгт бид итгэдэг: Бурханы ганц л айлдвар тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, Бурханы ганц айлдвар хүмүүсийг үхэгсдээс амилуулж чадна. Бурхан ирэх үедээ бидний хэлбэрийг тэр дор нь өөрчилж, тэнгэрийн хаанчлалд өргөж чадна. Тиймээс бидэнд Бурхан эцсийн өдрүүдэд махбод болж, үнэнийг илэрхийлж, шүүлт, ариусгалын ажлыг гүйцэтгэх хэрэггүй.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих