2. Эцсийн өдрүүдийн эргэж ирсэн Бурханыг Төгс Хүчит Бурхан гэж нэрлэдэг гэж та нар гэрчилдэг. "Төгс Хүчит Бурхан" гэдэг нэр нь Бурханы төгс хүчинг хэлдэг болохоос Бурханы шинэ нэр биш гэдэгт бид итгэдэг. Та нар яагаад “Төгс Хүчит Бурхан” гэдэг нь Бурханы шинэ нэр гэж хэлнэ вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12).

“‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8).

“Тэд Бурханы зарц Мосегийн дууг болон Хурганы дууг дуулан, ‘Таны үйлс агуу болоод гайхалтай, Төгс Хүчит Эзэн Бурхан минь; үндэстнүүдийн Хаан Таны замууд шударга агаад үнэн’ гэв” (Илчлэл 15:3–4).

Холбогдох Бурханы үг:

Сионы магтаалын өдөр ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Бүх ард түмний магтдаг суу алдарт ариун нэр түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан минь! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнцийн дээр сүр жавхлантай, эрхэмсгээр сүндэрлэдэг Сион уулнаа мандсан гэрэлт Нар билээ…

Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бүх ард түмэн энэ уул руу цуварна. Бүх ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы үй олон ардыг усалж, тэжээдэг. Амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга ил болж, зөв хүмүүс дотор илэрдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай ярилцаж, бүх зүйлийг удирдах дээд эрхийг Бурханд өгдөг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрлийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүртээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид өөрсдийнхөө шүүлтэд ордог газар болох Христийн суудлын өмнө амьдарч байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы дээд эрхийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэн тэмцэх ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь мандан бадрах болно.

Одоо, Ариун Сүнс бидний сэргэлтийн төлөө тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшсэнийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгож болох юм. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт өсөн хөгжиж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг

Төгс Хүчит Бурхан—хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ. Бурханы илрэлт Хятадад гэрчлэгдээд зогсохгүй, Төгс Хүчит Бурханы нэр бүх улс үндэстэн, бүх газар нутагт гэрчлэгдсэн юм. Тэд бүгд энэ ариун нэрийг дуудаж, боломжтой бүх аргаар Бурхантай нөхөрлөхийг эрмэлзэж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулган дотор уялдаа холбоотой үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтайгаар ажилладаг.

Янз бүрийн улс үндэстний хэл нэг нэгээсээ ялгаатай байдаг боловч цорын ганц Сүнс бий. Энэ Сүнс орчлон ертөнц даяарх чуулгануудыг нэгтгэдэг бөгөөд өчүүхэн ч ялгаагүйгээр Бурхантай туйлын нэг юм, энэ бол эргэлзэх аргагүй зүйл билээ. Ариун Сүнс одоо тэднийг дуудаж байгаа бөгөөд Түүний дуу хоолой тэднийг сэрээж байна. Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой юм. Тэд бүгд Төгс Хүчит Бурханы ариун нэрийг дуудаж байна! Тэд бас магтаал өргөж, дуулдаг. Ариун Сүнсний ажилд ямар нэг гажуудал огтхон ч байх боломжгүй бөгөөд энэ хүмүүс зөв замын дагуу урагшлахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг, тэд эргэж буцдаггүй ба гайхамшгууд нь ар араасаа овоордог. Энэ бол хүмүүс төсөөлөхөд хэцүү, таамаглах боломжгүй зүйл юм.

Төгс Хүчит Бурхан бол орчлон ертөнц дэх амийн Хаан билээ! Тэрээр алдар суут сэнтийд заларч, дэлхийг шүүж, бүгдийг ноёлж, бүх улс үндэстнийг захирдаг. Бүх хүн Түүнд өвдөг сөгдөж, Түүнд залбирч, Түүнд ойртож, Түүнтэй ярилцдаг. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, байр суурь чинь хэчнээн өндөр ч бай, зэрэг зиндаа чинь хэчнээн дээгүүр ч бай, зүрх сэтгэлдээ Бурхантай сөргөлдөх юм бол шүүгдэх ёстой бөгөөд Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, шаналалтайгаар гуйх чимээ гаргах ёстой; энэ нь үнэндээ өөрийнхөө үйлдлийн үр жимсийг хурааж байгаа хэрэг юм. Энэхүү уйлах дуу чимээ бол гал ба хүхэрт нуурт тарчилж буй дуу бөгөөд Бурханы төмөр саваагаар гэсгээгдэж буй хашхираан мөн; энэ нь Христийн суудлын өмнөх шүүлт билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 8-р бүлэг

Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханаа дууддаг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй. Хүн төрөлхтний хувьд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Маш олон үг! Ийм хязгаарлагдмал үгсийн сан нь Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг ч дүрслэх чадваргүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өөр олон хүн, өөрсдийнх нь доторх оргилсон сэтгэлийг илүү сайн дүрсэлж чадна гэж бодсон үгийг нэмсэн: Бурхан маш агуу! Бурхан маш ариун! Бурхан маш хайр татам! Өнөөдөр хүний иймэрхүү үг хэллэг оргилдоо хүрсэн атал хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд, Бурхан олон нэртэй атлаа нэг ч нэргүй байдаг, учир нь Бурханы оршихуй маш элбэг арвин агаад хүний хэл тун хомсхон. Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, тэгвэл Тэрээр тогтсон нэг нэртэй байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд цаг хугацааны ач холбогдол бүхий энэхүү тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм. Тэгсэн ч гэсэн сүнслэг туршлагатай агаад Бурханыг биечлэн харсан олон хүнд, энэхүү тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—аяа, үүнийг яах ч аргагүй—иймээс хүн Бурханыг ямар нэг нэрээр нэрлэхээ больж, Түүнийг зүгээр л “Бурхан” гэж дууддаг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн мөртөө бас зөрчилдөөнд автсан мэт байдаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг тул үүнийг ердөө дүрслэх аргагүй. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хүн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би түүнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлнэ. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Бурханы зан чанарын хамгийн шилдэг товч илэрхийлэл биш гэж үү? Ийм байтал та нар яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргадаг юм бэ? Ганц нэрийн төлөө яагаад тархиа гашилгаж, нойр, хоолоо умартана вэ? Бурханыг Ехова, Есүс, Мессиа гэж нэрлэхгүй өдөр ирнэ—Тэр зүгээр л Бүтээгч байх болно. Тэр үед, газар дээр Түүний авсан бүх нэр төгсгөл болно, учир нь газар дээрх Түүний ажил дуусчихсан байх бөгөөд үүний дараа Түүний нэрс байхаа болино. Бүх зүйл Бүтээгчийн эрх мэдэл дор очих үед туйлын зохистой атлаа бүрэн бус нэр Түүнд ямар хэрэгтэй байх юм бэ? Чи одоо ч Бурханы нэрийн араас хөөцөлдсөөр байна уу? Чи Бурханыг гагцхүү Ехова гэж нэрлэж болно гэж хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно хэмээн хэлж зүрхэлсээр байна уу? Бурханыг доромжилсон нүглийг чи үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэж байх ёстой. Түүнд хийх ажил байсан ба хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй болсон учраас л Тэр нэг, хоёр, эсвэл олон нэртэй болсон юм. Түүнийг ямар ч нэрээр нэрлэсэн бай—үүнийг Тэр Өөрөө чөлөөтэйгээр сонгоогүй гэж үү? Өөрийн бүтээлийн нэг болох чамаар Тэр үүнийг шийдүүлэх хэрэгтэй юу? Бурханыг нэрлэдэг нэр нь хүний ойлгож чадах зүйлтэй, мөн хүн төрөлхтний хэлтэй нийцдэг нэр боловч энэ нэр бол хүний нэгтгэн дүгнэж чадах зүйл биш юм. Тэнгэрт нэг Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу хүч чадалтай, маш ухаалаг, маш өргөмжит, тун гайхалтай, тун нууцлаг, үнэхээр төгс хүчит Бурхан Өөрөө юм гэж л чи хэлж чадна, тэгээд өөр юу ч хэлж чадахгүй; мэддэг бүхэн чинь ийм жаахан байдаг. Тийм болохоор ганцхан Есүсийн нэр Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Эцсийн өдрүүд ирэхэд Бурхан ажлаа хийж байгаа хэвээр хэдий ч Түүний нэр өөрчлөгдөх ёстой, учир нь энэ бол өөр эрин үе билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

Өмнөх: 1. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд эргэж ирсэн, Төгс Хүчит Бурхан гэх шинэ нэртэй болсон гэж та нар гэрчилдэг. Яаж тийм байж болдог юм бэ? Библид: “Өөр хэний ч дотор аврал үгүй: учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доорх хүмүүсийн дунд байхгүй” (Үйлс 4:12). “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэж тодорхой хэлсэн байдаг. Эзэн Есүсийн нэр хэзээ ч өөрчлөгдөж болохгүй, Эзэн эргэж ирэхдээ өөр ямар ч нэрээр дуудагдах аргагүй гэдэгт бид итгэдэг.

Дараах: 3. Ехова, Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан нь бүгд өөр өөр эрин үе дэх Бурханы нэрс гэж та нар гэрчилдэг. Бурхан яагаад өөр өөр эрин үед өөр өөр нэртэй болдгийг би асуумаар байна. Үүний ач холбогдол нь юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих