Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ

Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ? Хүний уг чанарыг ямар зүйлс бүрдүүлдэг вэ? Чи хүний дутагдал, өө сэв, санаархал, үзэл, сөрөг байдал, дуулгаваргүй байдлын талаар л мэддэг ч хүний уг чанарын доторх зүйлсийг олж илрүүлж чаддаггүй. Чи эх үүсвэрийг нь олж илрүүлж чадалгүй, гаднах давхаргыг л мэддэг ба энэ нь хүний уг чанарын тухай мэдлэгийг бүрдүүлдэггүй. Зарим хүн дутагдал, сөрөг байдлаа хүлээн зөвшөөрч, “Би уг чанараа ойлгож байна. Харж байна уу, би биеэ тоосон зангаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь уг чанараа мэдэж байгаа гэсэн үг биш үү?” гэдэг. Биеэ тоосон зан бол хүний уг чанарын нэг хэсэг гэдэг нь үнэн. Гэхдээ үүнийг онолын үүднээс хүлээн зөвшөөрөх нь хангалттай биш. Уг чанараа мэдэх гэж юу вэ? Үүнийг яаж мэдэж болох вэ? Ямар талаас нь үүнийг мэддэг вэ? Хүний илчилдэг зүйлсээс уг чанарыг нь яг яаж харах ёстой вэ? Юун түрүүнд, хүний сонирхлоос уг чанарыг нь харж болно. Жишээлбэл, зарим хүн алдартай, агуу хүмүүсийг тун их биширдэг, зарим нь ялангуяа дуучид, кино оддод дуртай байдаг байхад зарим нь тоглоом тоглох тун дуртай байдаг. Эдгээр сонголтоос бид энэ хүмүүс ямар уг чанартайг харж болно. Нэгэн энгийн жишээ хэлье: Зарим хүн нэг дуучныг үнэхээр шүтдэг байж болно. Тэд ямар хэмжээнд тэднийг шүтдэг вэ? Энэ дуучныхаа үйл хөдлөл, инээмсэглэл, үг болгонд донтох хэмжээнд. Тэд уг дуучинд анхаарал хандуулж, бүр өмсдөг бүхнийх нь зургийг авч, түүнийг үргэлжлүүлэн дуурайдаг. Хүнийг ийм түвшинд шүтэх нь ямар асуудлыг харуулдаг вэ? Ийм хүний зүрх сэтгэлд өнөөх шүтлэггүй хүний зүйлс л байдаг, тэр хүнд үнэн байхгүй, эерэг зүйлс байхгүй, зүрх сэтгэлд нь Бурхан бүр ч байхгүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ хүний бодож, хайрлаж, эрж хайдаг бүх зүйл Сатаных юм. Эдгээр зүйл энэ хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, уг хүн зүрх сэтгэлээ тэдгээр зүйлд өгдөг. Түүний уг чанар-мөн чанар юу болохыг та нар хэлж чадах уу? Нэг юманд хэтэрхий их дурлах юм бол тэр юм нь хүний амь болж, зүрх сэтгэлийг нь эзэмддэг бөгөөд тухайн хүн Бурханыг хүсдэггүй, харин диаволыг хайрладаг шүтээн шүтэгч гэдгийг бүрэн нотолдог. Тиймээс тухайн хүн диаволыг хайрлаж, шүтэн мөргөдөг, үнэнийг хайрладаггүй, Бурханыг хүсдэггүй уг чанартай хэмээн дүгнэж болно. Энэ нь хүний уг чанарыг харах зөв зүйтэй арга бус уу? Энэ нь бүхэлдээ зөв. Хүний уг чанарыг ийнхүү задлан шинжлэх ёстой. Жишээ нь, зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүст өөрийгөө сонсгож, тэднээр шүтүүлж, хүрээлүүлэх дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр эзлэх дуртай, өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилж үзье. Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ингэж авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; илүү өндөр байр сууринд тэмүүлэн, бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно. Жишээлбэл, зарим хүн бусдыг хохироон байж завшааныг шударга бусаар ашиглах үнэхээр дуртайн дээр бүх зүйл дээр өөрсдийн ашиг сонирхлыг хангах гэж хичээдэг. Тэд юу ч хийсэн өөрсдөд нь ашиг тустай байх ёстой, эс бөгөөс хийхгүй. Өөрсдөд нь тодорхой хэмжээний давуу тал өгөхгүй л бол тэд аливаа зүйлд санаа зовдог ч үгүй, үйлдлийнх нь ард үргэлж далд сэдэл байдаг. Өөрсдөд нь ашигтай хэнийг ч сайнаар ярьж, өөрсдөд нь зусарддаг хэнийг ч дэвшүүлдэг. Өөрийнх нь дуртай хүмүүс асуудалтай байсан ч гэсэн тэдний зөв гэхийн зэрэгцээ тэднийг өмгөөлж, хаацайлах гэж ихэд хичээдэг. Ийм хүмүүс ямар уг чанартай байдаг вэ? Эдгээр зан авираас тэдний уг чанарыг тодорхой харах боломжтой. Тэд үйлдлээрээ дамжуулан завшааныг шударга бусаар ашиглах гэж чармайн, нөхцөл байдал бүрд байнга наймаа хийх гэсэн зан авир гаргадаг бөгөөд тэд бүх зүрх сэтгэлээрээ олз ашигт шунадаг уг чанартай гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэд бүх зүйлийг зөвхөн өөрсдийнхөө төлөө хийдэг. Өөрсдөд нь ашигтай биш л бол тэд эрт босохгүй. Тэд бол хамгийн аминчхан хүмүүс, огт ханаж цаддаггүй. Олз ашигт дурладаг, үнэнийг ер хайрладаггүйгээс нь тэдний уг чанар харагддаг. Зарим эрчүүд хүүхнүүдэд татагдаж, хаа явсан газартаа хүүхнүүдийг эргүүлж байдаг. Ийм хүмүүсийн дурладаг, зүрх сэтгэлдээ хамгийн их эрхэмлэдэг зүйл нь үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд юм. Тэд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн төлөө амиа өгч, бүхнийг золиослоход бэлэн байдаг; тэдний зүрх сэтгэлийг дүүргэж байдаг зүйл бол эмэгтэйчүүд юм. Ийм эрчүүдийн уг чанар нь ямар байдаг вэ? Тэдний уг чанар нь үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хайрлаж, тэднийг тахин шүтэж, ёрын мууг хайрлах явдал. Тэд бол ёрын муу, шунахай уг чанартай завхай эрчүүд юм. Би яагаад үүнийг тэдний уг чанар гэдэг вэ? Үйлдлээрээ тэд шунахай уг чанараа харуулдаг. Энэхүү зан авир нь зүгээр нэг тохиолдлын гэм буруу биш, ийм хүмүүс ердийн хүмүүсээс бага зэрэг муу ч байдаг юм биш, харин ч тэд эдгээр зүйлд бүрэн эзэмдүүлсэн байдаг ба энэ нь тэдний уг чанар, мөн чанар болсон. Тиймээс ийм зүйлс тэдний уг чанарын илрэл болсон юм. Хүний уг чанарын бүрэлдэхүүн хэсгүүд байнга ил болж байдаг. Хүний хийдэг зүйл юу ч байлаа гэсэн, тухайн хүний уг чанарыг илчлэх боломжтой. Хүмүүс хийж байгаа юм болгондоо өөрсдийн гэсэн сэдэл, зорилготой байдаг бөгөөд хүн гэртээ байлгах ч бай, сайн мэдээ номлох ч бай, эсвэл өөр ямар ч ажил байлаа гэсэн тэд өөрийн мэдэлгүй уг чанарынхаа хэсгүүдийг илчилж чадна, учир нь хүний уг чанар бол хүний амь бөгөөд хүмүүс амьдрах хугацаандаа уг чанартаа хөтлөгддөг. Хүний уг чанар хааяа, санаандгүй илчлэгддэггүй; харин ч хүний мөн чанарыг бүрэн төлөөлж чадна. Хүний яс, цуснаас урсан гардаг бүхэн уг чанар болон амийг нь төлөөлдөг. Зарим хүн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хайрладаг. Бусад нь мөнгийг хайрладаг. Зарим нь байр суурийг онцгойлон хайрладаг. Зарим нь нэр хүнд, хувийн дүр төрхөө тун үнэлдэг. Зарим нь ялангуяа шүтээнийг хайрлаж, шүтдэг. Зарим хүн тун биеэ тоосон, ихэрхүү зантай, зүрх сэтгэлдээ хэнд ч бууж өгөлгүй, байр суурийг эрмэлздэг, бусдаас онцгойрч, бусдыг захирах дуртай. Янз бүрийн өөр уг чанар байдаг. Хүмүүсийн уг чанар ялгаатай ч нийтлэг элемент нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах явдал юм. Үүгээрээ тэд бүгд адилхан.

Хүний уг чанар юу болохыг мэдэхийн тухайд гэвэл дахиад хэдэн жишээ харцгаая. Жишээлбэл: аминч занг авч үзье. Аминч занг хүний уг чанарын элемент гэж хэлж болно. Хүн бүрд ийм элемент байдаг. Зарим хүн аймаар аминч, туйлын аминч байдаг бөгөөд бүх зүйл дээр өөрсдийгөө л бодож, ганцхан хувийн ашиг хонжоог хайдаг, өрөөл бусдыг өчүүхэн төдий ч боддоггүй. Тэрхүү аминч зан уг чанарыг нь төлөөлдөг. Хүн бүр бага зэрэг аминч боловч ялгаа бий. Бусадтай харилцахдаа зарим хүн бусдыг анхаарч, халамжилж, бусдад санаа тавьж, хийж байгаа бүхэндээ бусдыг бодож чаддаг. Гэхдээ зарим хүн тийм биш. Энэ хүмүүс тун аминч байдаг бөгөөд ах, эгч нарыг гэртээ байлгахдаа үргэлж өөдгүй зан гаргадаг. Тэд гэрийнхэндээ хамгийн том аягатай, хамгийн сайхан хоолыг өгөөд, ах эгч нарт илүү жижиг аягатай, арай амт муутай хоол л өгдөг. Хамаатан садан нь ирэх үед тэд маш тухтай байлгадаг. Харин ах, эгч нарыг ирэхэд шалан дээр унтуулдаг. Ах, эгч нарыг зочлоход гэртээ хонуулж байгаа нь хангалттай гэж тэд боддог. Ах эгч нар өвдөх ч юм уу өөр бусад бэрхшээл тулгарахад тийм хүн тэднийг бүр огт бодох ч үгүй, анзаараагүй мэт авирладаг. Тийм хүмүүс бусдыг огтхон ч тоодоггүй, бусдын талаар санаа зовнидоггүй. Тэд зөвхөн өөрсдөдөө болон төрөл садандаа л санаа тавьдаг. Тэдний энэхүү аминч уг чанар бусдад санаа тавих хүсэлгүй байдгийг нь тодорхойлдог. Бусдад санаа тавихад алдагдал хүлээдэг, маш төвөгтэй гэж тэд боддог. Зарим хүн “Аминч хүн бусдад хэрхэн санаа тавихаа мэддэггүй” хэмээн хэлж магадгүй. Тэр нь буруу. Хэрвээ яаж санаа тавихаа мэддэггүй юм бол аминч хүмүүс яагаад төрөл садандаа тийм сайн хандаж, хэрэгцээ шаардлагад нь бүрэн санаа тавьдаг юм бэ? Юу дутагдаж байгааг нь, ямар үед юу өмсөж, юу идэхэд тохиромжтойг тэд яагаад мэддэг юм бэ? Тэд бусад хүнд яагаад тэгж хандаж чаддаггүй юм бэ? Үнэндээ тэд бүхнийг ойлгодог боловч аминч, жигшүүртэй байдаг. Энэ нь уг чанараар нь тодорхойлогддог. Аминч хүмүүс бусдад шударгаар хандаж чаддаггүй. Бас ёрын муугийн талтай байдаг. Байнга завхайрдаг хүмүүсийг зайлуулах ёстой гэж Бурханы гэр тогтоосон. Гэхдээ зарим хүний хувьд энэ нь ердөө түр зуурын гэм буруу байсан. Тэднийг байнга завхайрдаг хүмүүстэй яг адилхан зохицуулах ёстой гэж үү? Энэ бол зарчмын асуудал. Хааяа завхайрсан хүмүүсийг ёрын муу уг чанартай гэж үзэж болохгүй. Хүн хаа явсан газартаа эсрэг хүйснийхээ хүмүүстэй байнга аальгүйтдэг, хүний харилцааны хувьд ичгүүр сонжуургүй, ёс суртахуунгүй бол ёрын муу хүн бөгөөд ёрын муу уг чанартай. Тийм хүн ямар ч үйлдэл хийсэн, ямар ч ажил хийсэн уг чанараа илчилнэ. Түүний уг чанар хяналтгүй, зүрх сэтгэл нь ийм бузар зүйлсээр дүүрэн байдаг. Тэд хаашаа ч явсан эсрэг хүйстэнтэйгээ аальгүйтдэг бөгөөд хэсэг хугацаанд болилоо ч гэсэн орчин нь бүрдээгүйгээс, эсвэл тохиромжтой хамтрагч олдоогүйгээс болж ингэдэг. Хүний уг чанарын зүйлс хэдийд ч, хаана ч гарч ирж болно; тэдгээрийг юу ч хязгаарлаж чадахгүй. Зарим хүн хувцас хунар, гоо сайхан, хоосон зүйлд тун их татагддаг; тэд маш нэрэлхүү. Тэд өдөрт хувцсаа хэд хэд сольж, хэн сайхан хувцас өмссөнийг, хэн сайхан хувцасладгийг харж, тэдгээр зүйлийг олж авч чадахгүй бол унтаж чаддаггүй бөгөөд эдгээр зүйлийг олж авахын тулд мөнгө зээлнэ, эсвэл ямар ч хамаагүй төлөөс төлнө. Хэрвээ эдгээр зүйлийг олж авч чадахгүй бол Бурханд итгэх сонирхлоо алдаж, цуглаанд оролцохыг хүсэхээ больж, Бурханы үгийг унших сэтгэлгүй болдог. Эдгээр зүйл бол тэдний оюун ухааныг эзэмддэг бүхэн юм. Тэд өөр юу ч бодож чаддаггүй. Тийм хүмүүс тун нэрэлхүү, жирийн хүмүүсээс хамаагүй илүү нэрэлхүү байдаг. Энэ бол тэдний уг чанар болон ясанд байдаг зүйл юм. Тэдний уг чанар нэрэлхүү. Хүний уг чанар дахь зүйлс агшин зуурын сул дорой байдлаас болж илчлэгддэггүй, харин ч тэдгээр нь тууштай илрэл юм. Хүмүүс юу ч хийсэн, уг чанарынхаа элементийг агуулдаг. Тэдгээр нь гаднаасаа илэрхий биш байсан ч гэсэн дотор нь хольц байсаар байдаг. Хэрвээ ов мэхтэй хүн үнэнч шударгаар ярих юм бол үнэндээ хэлсэн үгийнх нь цаана далд утга нуугдаж байдаг. Тэдний үгэнд ов мэх холилдсон хэвээр байдаг. Ов мэхтэй хүн бол бүх хүнд, бүр хамаатан садан, үр хүүхдүүддээ ч ов мэх гаргадаг. Чи тэдэнтэй хэчнээн ний нуугүй ярилаа ч гэсэн, тэд чамайг залилж мэхэлнэ. Энэ бол тэдний үнэн төрх, чухамдаа тэдний уг чанар бөгөөд үүнийг өөрчлөхөд амаргүй, үргэлж ийм байх болно. Үнэнч шударга хүн заримдаа гажууд, ов мэхтэй үг хэлдэг ч ихэвчлэн үнэнч шударга байж, харьцангуй чин сэтгэлээсээ үйлддэг, бусадтай харилцахдаа далимдуулж ашигладаггүй, юм ярих үедээ бусдыг уруу татахаар оролддоггүй. Тэд бусдад сэтгэлээ нээж, чин сэтгэлээсээ нөхөрлөж чаддаг, бусад бүх хүн тэднийг заль мэхгүй гэдэг. Тэд заримдаа ов мэхтэй үг хэлдэг нь ердөө л завхарсан зан чанар нь гарч ирж буй хэрэг. Тэд ов мэхтэй хүмүүс биш учраас энэ нь тэдний уг чанарыг төлөөлдөггүй. Тиймээс хүний уг чанарын тухайд гэвэл, юу нь тэр уг чанарын элементүүд, юу нь завхарсан зан чанар болохыг чи ойлгох ёстой. Энэ хоёрыг чи тодорхой ялган таньж чаддаг байх ёстой. Одоо хүмүүсээс уг чанараа задлан шинжлэхийг шаардвал зарим нь “Заримдаа би ширүүн ярьдаг”, “Би соёлгүй, яаж авирлахаа мэддэггүй”, эсвэл “Үүргээ гүйцэтгэж байхдаа заримдаа би хольцтой байдаг” гэж хэлнэ, гэхдээ тэд уг чанар нь ямархуу болохыг, хүн чанар нь сайн эсэхийг ярьдаггүй. Тэд тиймэрхүү зүйлээс үргэлж зайлсхийдэг бөгөөд өөрсдийгөө үнэхээр мэддэг байх боломжгүй. Үргэлж нуун далдалж, нэр нүүрээ алдахаас айх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй. Уг чанарт чинь байгаа зүйлийг ухан гаргах ёстой. Ухан гаргаж чадахгүй бол ойлгож чадахгүй, хэрвээ ойлгож чадахгүй бол өөрчилж чадахгүй. Чи өөрийгөө мэдэхийн тулд маш хатуу байх ёстой. Өөрийгөө хуурч болохгүй, мөн энэ асуудал дээр аргацааж болохгүй.

Уг чанараа ойлгоно гэдэг нь үндсэндээ яг ямар хүн бэ гэдгээ ойлгох явдал юм. Ямар хүн байх нь ямар уг чанартайг чинь илтгэдэг. Жишээлбэл: хүнийг ийм тийм хүн гэж хэлэх нь өөрийнх нь уг чанарыг хамгийн сайн илэрхийлдэг. Хүн ямар уг чанартай байх нь ямар хүн болохыг нь тодорхойлдог. Хүний уг чанар бол хүний амь юм. Хүний уг чанар ямар болохыг чи хэрхэн харж болох вэ? Тэр хүнтэй илүү олон удаа холбогдож, ямар хүн болохыг нь ажиглахад цаг зарцуулах ёстой. Түүнээс хамгийн их цухалздаг, мөн чанар, онцлог шинжийнх нь илэрхийлэл болсон юуг ч түүний уг чанар-мөн чанар гэж хэлж болно. Түүний мөн чанарын тэр элементүүд уг чанарыг нь бүрдүүлдэг. Хүнийг үнэндээ ямар хүн бэ гэдгийг нь харах тухайд бол энэ нь илүү үнэн зөв арга зам юм. Хүний мөн чанар ямар байна, уг чанар нь тийм байдаг. Хүний уг чанар ямархуу хүн болохыг нь тодорхойлдог. Жишээлбэл, хэн нэгэн хүн мөнгөнд гойд дуртай бол тэрээр мөнгөнд дуртай хүн гэсэн хэдхэн үгээр түүний уг чанарыг нэгтгэн дүгнэж болно. Хэрэв хүний хамгийн гол онцлог шинж нь эмэгтэйчүүдэд дуртай байдал бөгөөд тэрээр үргэлж хүүхэн эргүүлж байдаг бол тэр хүн ёрын мууд дурладаг, ёрын муу уг чанартай юм. Зарим хүн юм идэх хамгийн дуртай байдаг. Тийм хүнд жаахан сархад, жаахан мах өгвөл чиний талд ажиллана. Тиймээс энэ нь тухайн хүн яг л гахай шиг өлөн ховдог уг чанартай гэдгийг харуулдаг. Хүн бүрд завхарсан зан чанар, хөнөөлт тал байдаг бөгөөд бодит амьдрал дээр завхарсан зан чанар нь тэднийг хянаж байдаг. Тэд энэхүү завхарсан зан чанараар амьдардаг, энэ нь тэдний уг чанарыг төлөөлдөг. Уг чанар нь тэдний хөнөөлт тал гэж хэлж болно—тэдний хөнөөлт тал бол тэдний уг чанар юм. Зарим хүн боломжийн хүн чанартай юм шиг байж, гаднаа ямар нэг томоохон дутагдал гаргадаггүй боловч хамгийн том сул тал нь эмзэг дорой байдал байдаг. Тэдэнд амьдралын зорилго, тэмүүлэл байдаггүй, ердөө л аргацаан амьдарч, ялихгүй бүтэлгүйтэхэд унаж, бэрхшээл тулгарахад сөрөг болдог. Тэд эцэст нь үзэлтэй болж, Бурханд итгэхийг хүсэхгүй болохдоо тулбал хамгийн том сул тал нь эмзэг дорой байдал юм; тэдний уг чанар эмзэг дорой, ямар ч нэмэргүй, яах ч аргагүй. Зарим хүн сэтгэл хөдлөл асар ихтэй байдаг. Өдөр бүр юм ярихдаа, бусадтай харилцахдаа сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг. Тэд энэ ч хүн, тэр ч хүнд сэтгэл татагдаж, сэтгэл хөдлөлд автан өдөр хоногийг өнгөрүүлдэг. Юутай ч тулгарсан, сэтгэл хөдлөлийн ертөнцөд амьдардаг. Тийм хүний үл итгэгч төрөл садан нь нас барахад тэр гурван өдөр уйлна. Бусад нь талийгаачийг оршуулахыг хүссэн ч тэр үүнийг зөвшөөрдөггүй. Тэрээр талийгаачийг бодсоор байдаг, түүний сэтгэл хөдлөл дэндүү хурц. Сэтгэл хөдлөл нь энэ хүний хөнөөлт тал гэж хэлж болно. Тэр бүх хэрэг явдал дээр сэтгэл хөдлөлдөө захирагддаг, үнэнийг хэрэгжүүлэх юм уу зарчмын дагуу үйлдэж чаддаггүй, байнга Бурханы эсрэг тэрслэх хандлагатай байдаг. Сэтгэл хөдлөл бол түүний хамгийн том сул тал, хөнөөлт тал бөгөөд сэтгэл хөдлөл нь түүнийг бүрмөсөн сүйрүүлж, устгаж чадна. Хэт их сэтгэл хөдлөлтэй хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх юм уу Бурханыг дуулгавартай дагаж чаддаггүй. Тэд махан биед санаа тавьдаг, мунхаг, мунгинуу байдаг. Тиймэрхүү хүний уг чанар тун сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд тэд сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг. Тиймээс чи зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэхийг хүсэж байвал уг чанараа мэдэх ёстой. “Тэнгэрийн муухай арилдаг, хүний муухай арилдаггүй.” Уг чанарыг өөрчилж болно гэж бүү бод. Хэрвээ хүний уг чанар хэтэрхий муу бол тэрээр хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд Бурхан түүнийг аврахгүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Үнэнийг хайрладаг хүн Бурханы ажлыг туулангаа Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулдаг. Тийм хүн өөрийнхөө доторх сатаны хорыг цэвэрлэж, завхарсан зан чанараасаа бүрэн ангижирдаг, ингэснээр Бурханы үг болон Бурханы бүх зохион байгуулалт, зохицуулалтад захирагдаж, дахин хэзээ ч Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэхгүй байж чаддаг. Энэ нь зан чанарын өөрчлөлт юм. Хэрвээ хүний уг чанар маш муу бол, хэрвээ тэр ёрын муу хүн бол Бурхан түүнийг аврахгүй, Ариун Сүнс түүний дотор ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь эмч өвчтөнийг эмчилж байгаатай адилхан: Үрэвсэлтэй хүнийг эмчилж болох боловч хорт хавдар туссан хүнийг аврах боломжгүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүн үнэнийг хайрлаж, хүлээн авч чаддаг учраас эцэстээ Бурханд дуулгаваргүй, Бурханыг эсэргүүцдэг уг чанараа мэдэж авна гэсэн үг. Тэгээд тэрээр хүмүүс хэтэрхий гүн гүнзгий завхарсан гэдгийг ойлгож, хүн төрөлхтний утгагүй, ов мэхтэй байдал, ядуу дорой, өрөвдөлтэй байдлыг ухаарч, эцэст нь хүн төрөлхтний уг чанар-мөн чанарыг ойлгож авдаг. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэж, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болдог. Энэ нь Бурханыг мэддэг хүн, зан чанараа өөрчилсөн хүн юм.

Бүх хүн төрөлхтнийг Сатан завхруулсан бөгөөд Бурханаас урвах нь хүний уг чанар юм. Гэхдээ Сатаны завхруулсан бүх хүний дунд Бурханы ажилд захирагдаж, үнэнийг хүлээн авч чаддаг зарим хүн байдаг. Тэд бол үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрч чаддаг хүмүүс юм. Зарим хүн үнэнийг эрэлхийдэггүй, оронд нь зүгээр л олныг дагадаг. Тэд дуулгавартай байж, хэлсэн болгоныг чинь хийнэ, аливааг хаяж, өөрсдийгөө зарлагадаж чадна, ямар ч зовлонг туулж чадна. Тийм хүмүүс багахан мөс чанартай, эрүүл ухаантай байдаг бөгөөд аврагдаж, амьд үлдэх найдлага байдаг ч үнэнийг эрэлхийлдэггүй, хоосон сургаалыг ойлгоод л сэтгэл ханадаг учраас зан чанар нь өөрчлөгддөггүй. Тэд мөс чанараа зөрчих зүйлийг хэлж, хийдэггүй, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чаддаг, ямар ч асуудлын талаарх үнэний нөхөрлөлийг хүлээн авч чаддаг. Гэхдээ тэд үнэнийг эрж хайхаар чин сэтгэлээсээ чармайдаггүй, сэтгэл санаа нь төөрөлдөөд, үнэний мөн чанарыг хэзээ ч ойлгож чаддаггүй. Тэдний зан чанар өөрчлөгдөх боломжгүй. Хэрвээ чи завхралаа цэвэрлэж, амь зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл үнэнийг гэх хайр болон үнэнийг хүлээн авах чадвартай байх ёстой. Үнэнийг хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг вэ? Үнэнийг хүлээн авах гэдэг нь чи ямар ч завхарсан зан чанартай бай, эсвэл агуу улаан лууны буюу Сатаны ямар ч хор уг чанарт чинь байдаг бай, Бурханы үг эдгээр зүйлийг илчлэх үед тэрийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой, өөр сонголт хийж болохгүй, Бурханы үгийн дагуу өөрийгөө мэдэх ёстой гэсэн үг. Энэ нь Бурханы үгийг хүлээн авч, үнэнийг хүлээн авч чаддаг байна гэсэн үг юм. Бурхан юу ч хэлсэн, Түүний айлдвар хэчнээн хатуу ширүүн ч байсан, Тэр ямар ч үг хэрэглэсэн бай хамаагүй, хэлдэг зүйл нь үнэн мөн л бол чи хүлээн авч чадах ба бодит байдалтай нийцэж байгаа л бол үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Бурханы үгийг хэчнээн гүн гүнзгий ойлгодгоосоо үл хамааран чи үүнд захирагдаж чадах бөгөөд Ариун Сүнсний илчилсэн, ах эгч нарынхаа нөхөрлөсөн гэрлийг хүлээн авч, захирагддаг. Ийм хүн тодорхой хэмжээнд үнэнийг эрэлхийлэх үедээ үнэнийг олж авч, зан чанараа өөрчилж чадна. Үнэнийг хайрладаггүй хүмүүс бага зэрэг хүн чанартай, зарим сайн үйлийг хийж чаддаг, Бурханы төлөө хаяж, зарлагадаж чаддаг байлаа ч гэсэн, үнэний тухайд төөрөлдөж, нухацтай ханддаггүй учраас амь зан чанар нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Петр бусад шавь нартай төстэй хүн чанартай байсан боловч үнэнийг гал цогтойгоор эрэлхийлж байснаараа бусдаас ялгарч байв. Есүсийн хэлсэн зүйлээс үл хамааран, Петр үнэн сэтгэлээсээ тунгаан боддог байлаа. Есүс: “Ионагийн хүү Симон оо, чи Надад хайртай юу?” гэж асуухад Петр: “Би тэнгэр дэх Эцэгт л хайртай хэр нь газар дээрх Эзэнийг хайрлаж байгаагүй” гэж үнэнчээр хариулсан. Хожим нь тэр ойлгоод, “Энэ буруу юм байна, газар дээрх Бурхан бол тэнгэр дэх Бурхан юм байна. Тэнгэр, газарт хоёуланд нь ганцхан Бурхан байдаг бус уу? Хэрэв би зөвхөн тэнгэр дэх Бурханыг хайрладаг бол миний хайр бодитой биш юм, би газар дээрх Бурханыг хайрлах ёстой, учир нь тэгж байж л миний хайр бодитой болно” гэж боджээ. Тиймээс Петр Есүсийн асуусан асуултаас Бурханы үгийн жинхэнэ утгыг ойлгож авсан. Бурханыг хайрлахын тулд, энэхүү хайр нь бодитой байхын тулд хүн газар дээрх бие махбодтой болсон Бурханыг хайрлах ёстой. Тодорхой бус, үл үзэгдэгч Бурханыг хайрлах нь бодитой ч биш, баримттай ч биш, харин бодит, нүдэнд харагдах Бурханыг хайрлах нь үнэн билээ. Есүсийн үгээс Петр үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгосон. Бурханд итгэх Петрийн итгэл зөвхөн үнэнийг эрэлхийлэхэд л чиглэж байсан нь тодорхой юм. Эцэст нь тэрээр бодитой Бурхан—газар дээрх Бурханыг гэх хайранд хүрсэн. Петр тун нухацтайгаар үнэнийг эрэлхийлж байсан. Есүс өөрт нь зөвлөгөө өгөх бүрд тэрээр Есүсийн үгийг чин сэтгэлээсээ тунгаан бодож байсан. Ариун Сүнс түүнийг гэгээрүүлж, Бурханы үгийн мөн чанарыг ойлгохоосоо өмнө тэр магадгүй сар жилээр, бүр хэдэн жилээр ч тунгаан бодсон байх. Ийм маягаар Петр үнэнд орж, үүнийх нь дараа түүний амь зан чанар өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бичиг үсэг, хоосон сургаалын талаар хэдэн арван мянган удаа ярьж болох ч тэдгээр нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал хэвээрээ байна. Зарим хүн: “Христ бол үнэн, зам, амь” гэж л хэлдэг. Эдгээр үгийг чи хэдэн арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн ямар ч хэрэггүй хэвээр байх болно; үүний утгыг чи огт ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Туршлагаараа энэ талаар олж авсан мэдлэгээ чи ярьж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдалд орсон уу? Та нарыг үгийг нь туулж, мэдлэгтэй болоосой гэсэндээ Бурхан үгээ айлдсан. Зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал ярих ямар ч хэрэггүй. Чи Бурханы үгийг ойлгож, үүнд орсон цагт л өөрийгөө мэдэж чадна. Хэрэв чи Бурханы үгийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнийг ойлгох үедээ л чи ялган таньж чаддаг болно. Үнэнийг ойлгохгүйгээр ялган таньж чадахгүй. Үнэнийг ойлгох үедээ л хэрэг явдлыг тодорхой харж чадна. Үнэнийг ойлгохгүйгээр хэрэг явдлыг тодорхой харж чадахгүй. Үнэнийг ойлгох үед л чи өөрийгөө мэдэж чадна. Үнэнийг ойлгохгүйгээр өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнийг олж авах үедээ л чи зан чанараа өөрчилж чадна. Үнэнгүй бол зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханы хүслийн дагуу үйлчилж чадна. Үнэнийг олж авахгүйгээр Бурханы хүслийн дагуу үйлчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л чи Бурханд шүтэн мөргөж чадна. Үнэнийг ойлгохгүйгээр Бурханыг шүтэн мөргөлөө ч гэсэн шашны зан үйл гүйцэтгэхээс цаашгүй байна. Үнэнгүй бол юу ч хийлээ гэсэн бодит биш. Үнэнийг олж авснаар, хийдэг бүхэн чинь бодитой байна. Энэ бүхэн Бурханы үгээс үнэнийг олж авахаас хамаардаг. Зарим хүн: “Бурханы үгээс үнэнийг олж авах гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ?” гэж асууна. Энийг үнэхээр асуух шаардлагатай гэж үү? Бүх үнэнийг Бурхан илэрхийлдэг, бүгд Бурханы үгэн дотор байдаг. Бурханы үгийн гадна ямар ч үнэн байхгүй. Бичиг үсэг, хоосон сургаалын талаар ярьж чадна гэдэг нь үнэнийг мэдэж буй хэрэг гэж боддог олон хүн байдаг бөгөөд энэ бол утгагүй зүйл. Чи зүгээр л хоосон сургаал яриад үнэнийг олж авч чадахгүй. Бурханы үгийн үгчилсэн утгын талаар л нөхөрлөх нь ямар хэрэгтэй юм бэ? Чи Бурханы үгийн утга учир, Бурханы үгийн эх сурвалж болон хүрэхээр зорьдог үр нөлөөг ойлгох хэрэгтэй. Бурханы үгэнд үнэн, амь, гэрэл, зарчим, зам агуулагддаг. Бурханы үг болгон олон зүйлийг агуулдаг; тэдгээрийн үгчилсэн утгыг хэлээд л орхичих юм бол хангалтгүй. Би нэг жишээ хэлье. Бурхан: “Ов мэхтэй биш, үнэнч шударга хүмүүс бай” гэж хэлсэн. Энэ үг юу гэсэн утгатай вэ? Зарим хүн: “Энэ нь хүмүүст ов мэхтэй биш, үнэнч шударга байх талаар хэлж байгаа биш үү?” гэдэг. Өөр юу гэсэн утгатай болохыг тэднээс асуувал тэд: “Энэ нь үнэнч шударга хүн байх ёстой, ов мэхтэй хүн байж болохгүй гэсэн үг. Энэ хоёр зүйлийг л хэлж байна” гэж хариулна. Дараа нь тэднээс “Үнэнч шударга хүн байх гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Ямар хүнийг үнэнч шударга хүн гэж тооцох вэ? Үнэнч шударга хүний зан авир юу вэ? Ов мэхтэй хүний зан авир юу вэ?” гэж асуувал тэд “Үнэнч шударга хүн бол үнэнч шударгаар ярьдаг, үг нь худал хуурмагийн хольцгүй, худлаа хэлдэггүй хүн. Ов мэхтэй хүн бол мушгин гуйвуулж ярьдаг, үнэн үг хэлдэггүй, үг нь үргэлж хольц агуулдаг, худлаа ярих дуртай хүн” гэж хариулна. Тэд ингэж л хэлж чадна. Хүний сэтгэлгээ хэтэрхий энгийн. Чи үнэнч шударга хүмүүсийг ийм энгийнээр тайлбарласнаар үнэн-бодит байдалд орж ер нь чадах уу? Бурханы үгэнд үнэнч шударга хүмүүсийн талаар юу гэж хэлдэг вэ? Нэгдүгээрт, үнэнч шударга хүмүүс бусдыг сэжиглэдэггүй, хоёрдугаарт, үнэнч шударга хүмүүс үнэнийг хүлээн авч чаддаг. Энэ нь үндсэн хоёр шинж чанар юм. Бурхан үүгээрээ юу хэлж байна вэ? Бурхан яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы үгээс чи үнэнч шударга хүн байх гэдгийн гүн гүнзгий утга учир, энэ нь юуг хэлдэг, үнэнч шударга хүний тодорхойлолт яг юу болохыг ойлгож чадна. Энэ тодорхойлолтыг үнэн зөв ойлгомогцоо чи үнэнч шударга хүний илрэл юу болох, ов мэхтэй хүмүүс гэж юу болох, ов мэхтэй хүний илрэл юу болохыг Бурханы үгээс харж чадна. Дараа нь чи эдгээр илрэлийг үндэслэн цэгнэх юм бол үнэнч хүн гэж юу болох, ов мэхтэй хүн гэж юу болох, түүнчлэн ов мэхтэй хүмүүс Бурханы үгэнд хэрхэн ханддаг, Бурханд хэрхэн ханддаг, бусад хүнд хэрхэн ханддагийг яг таг ойлгох болно. Ийм маягаар чи Бурханы үгийг үнэхээр ойлгож авч, үнэнч шударга болон ов мэхтэй хүмүүсийн талаарх хүмүүсийн үзэл Бурханы үгэнд хэлдгээс хэчнээн өөр болохыг мэднэ. “Ов мэхтэй биш, үнэнч шударга хүн бай” хэмээх Бурханы үгэнд олон нарийн ширийн зүйл бий. Чи энэ үгийн утга учрыг үнэхээр ойлгох үедээ үнэнч хүн гэж юу болох, ов мэхтэй хүн гэж юу болохыг мэдэх болно. Тэгээд хэрэгжүүлэх үедээ үнэнч хүний илрэлийг гарцаагүй харуулахуйц байдлаар хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэж, үнэнч шударга хүн байх хэрэгжүүлэлтийн зам болон хэрэгжүүлэлтийн зарчмыг тодорхой харж, Бурханы шалгуурт баталгаатай тэнцэнэ. Хэрэв чи эдгээр үгийг үнэхээр ойлгож, хэрэгжүүлбэл Бурханы сайшаалыг хүртэж чадна. Харин эдгээр үгийг ойлгодоггүй бол үнэнч хүн болохгүй бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй. Бурханы үгийг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол, Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгодог бол Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, хүний сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй! Бурханы үгийг чи хэрхэн ойлгож болох вэ? Гол түлхүүр нь тэдгээрийн дотроос үнэнийг эрж хайх явдал юм. Ийм маягаар л чи Бурханы үгийг үнэхээр ойлгож чадна. Бурхан хэзээ ч хоосон үг хэлдэггүй. Бурханы айлддаг өгүүлбэр бүр нь Бурханы үгэнд цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг өөрөөр илэрхийлж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ухан ойлгож чадахгүй. Бурханы айлдварууд маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр амархан ухан ойлгох боломжгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний тал бүрийн бүхий л утга учрыг ойролцоогоор олж илрүүлж чадна. Үлдсэн нарийн ширийн зүйлийг нь дараагийн туршлагынхаа явцад Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан олох ёстой. Нэг талаар, Бурханы үгийг тунгаан бодож, ойлгож, тэдгээрийг уншсанаар тодорхой агуулгыг нь эрж хайх ёстой. Нөгөө талаар, Бурханы үгийг туулснаар утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Энэ хоёр талын байнгын ахиц дэвшлээс чи Бурханы үгийг ойлгож авч чадна. Хэрвээ чи үүнийг үгчилсэн, үсэгчилсэн түвшинд юм уу өөрийнхөө бодол, төсөөллөөр тайлбарлавал гоёмсог, уран яруу тайлбарлалаа ч гэсэн үнэнийг үнэхээр ойлгохгүй хэвээр байгаа бөгөөд энэ нь бүгд хүний бодол, төсөөлөлд үндэслэсэн хэвээр байдаг. Үүнийг Ариун Сүнсний гэгээрлээс олж авдаггүй. Хүмүүс өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханы үгийг тайлбарлах магадлалтай, тэд бүр Бурханы үгийг агуулгаас нь гажуудуулан тайлбарлаж, Бурханыг буруугаар ойлгож, шүүх магадлалтай бөгөөд энэ нь төвөгтэй юм. Тиймээс голчлон Бурханы үгийг ойлгож, Ариун Сүнсний гэгээрлийг хүртсэнээр үнэнийг олж авдаг. Бурханы үгийн үгчилсэн утгыг ойлгож, тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсан гэсэн үг биш. Бурханы үгийн үгчилсэн утгыг ойлгох нь үнэнийг ойлгосон гэсэн үг мөн бол чамд багахан боловсрол, мэдлэг л хэрэгтэй болно, тэгвэл чамд Ариун Сүнсний гэгээрэл яагаад хэрэгтэй гэж? Бурханы ажил нь хүний оюун санаагаар ойлгож болох зүйл мөн үү? Тиймээс үнэнийг ойлгох нь хүний үзэл, төсөөлөлд үндэслэдэггүй. Бодит туршлага, мэдлэгтэй байхын тулд чамд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт, удирдамж хэрэгтэй. Энэ нь үнэнийг ойлгож, олж авах үйл явц, мөн зайлшгүй нөхцөл юм.

Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Хамгийн чухал зүйл бол ертөнцийг үзэх үзэл, амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг таних явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Хүн эд баялгийн төлөө, шувуу хоолны төлөө үхдэг” гэх мэт Сатаны сургаал болон иймэрхүү өөр төөрөгдлүүдээс үүдэн гардаг. Тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн энэ бүх үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүний амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий. Эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын нийлбэр юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай, өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдэн гараагүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Тиймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлийг нь харснаар хүний уг чанар болон хэнд харьяалагддагийг нь харж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь, уг чанар болсон. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэсэн сатаны алдартай үг бөгөөд энэ нь хүний амь болсон. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулж, мэхэлж, завхруулахын тулд улс орон бүрийн уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Зарим хүн хэдэн арван жилийн турш нийгэмд төрийн албан хаагчаар ажилласан. Тэднээс “Та ийм хэмжээнд маш сайн ажиллалаа, ямар алдартай үгийг голчлон баримталдаг вэ?” гэж асуулаа гээд төсөөлөөд үз. Тэд: “Миний ойлгосон нэг зүйл бол ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлнэ. Тэдний албан тушаал ийм сатанлаг гүн ухаанд үндэслэдэг. Эдгээр үг тийм хүмүүсийн уг чанарыг төлөөлдөг бус уу? Албан тушаал олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь тэдний уг чанар болсон бөгөөд албан тушаал, ажил мэргэжлийн амжилт нь тэдний зорилго болсон. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байгаа. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар урсдаг бүхэн Сатаных юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн башир, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, дайсагнасан, Бурханыг эсэргүүцдэг, мөн Сатаны гүн ухаан, хороор дүүрч, үүнд автсан байдаг гэж хэлж болно. Энэ нь тэр чигтээ Сатаны уг чанар-мөн чанар болсон. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог. Ийм маягаар уг чанарыг нь задлан шинжилбэл хүн өөрийгөө амархан мэдэж авч чадна.

Хүмүүс Бурханы зан чанарыг үнэхээр ойлгож, Бурханы зан чанар бодитой, үнэхээр ариун, үнэхээр зөвт гэдгийг олж харж, Бурханы ариун байдал, зөвт байдлыг зүрх сэтгэлээсээ магтаж чадвал тэд Бурханыг үнэхээр мэдэж, үнэнийг олж авсан байх болно. Хүмүүс Бурханыг мэдсэн цагт л гэрэлд амьдардаг. Бурханыг үнэхээр мэдэхийн шууд нөлөө нь Бурханыг үнэн голоосоо хайрлаж, дуулгавартай дагаж чаддаг байх явдал юм. Бурханыг үнэхээр мэдэж, үнэнийг ойлгож, олж авсан хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, амьдралын талаарх үзэл бодолд бодит өөрчлөлт гарч, дараа нь тэдний амь зан чанарт ч бодит өөрчлөлт бий болдог. Амьдралын зөв зорилготой, үнэнийг эрэлхийлж, үнэний дагуу биеэ авч явж чаддаг, Бурханыг туйлын дуулгавартай дагаж, Бурханы үгээр амьдардаг, зүрх сэтгэлийнхээ гүнд амар амгалан, гэрэл гэгээтэй, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байж, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлалтгүй амьдардаг хүмүүс л жинхэнэ хүний амьдралаар амьдардаг, тэр үед л тэд үнэнтэй, хүн чанартай хүмүүс болдог. Үүнээс гадна, чиний ойлгож, олж авсан бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Чи Дээдийн Дээд Бурхан—бүтээлийн Эзэний сайшаалыг хүртэж, бас Тэр чамайг хүний төрхийг амьдран харуулдаг шаардлага хангасан бүтээгдсэн зүйл хэмээн хэлэх үед амьдрал чинь хамгийн их утга учиртай байх болно. Бурханы сайшаалыг хүртэх гэдэг нь чи үнэнийг олж авсан бөгөөд үнэнтэй, хүн чанартай хүн мөн гэсэн үг юм. Сатаны ноёрхдог өнөөдрийн дэлхийд, ядаж л мянга мянган жилийн түүхийн туршид бүх хүн төрөлхтөн дундаас хэн жинхэнэ хүний амьдралыг олж авсан бэ? Хэн ч олж аваагүй. Сатан гүн гүнзгий завхруулсан учраас хүмүүс Сатаны гүн ухаанаар амьдардаг бөгөөд хийдэг бүх зүйл нь Бурханыг эсэргүүцэж, хэл яриа, онол бүр нь Сатаны завхралаас үүдэлтэй байдаг болохоор Бурханы үгтэй шууд зөрчилддөг. Иймээс тэд бол Бурханыг эсэргүүцдэг төрлийн хүмүүс яг мөн юм. Хэрвээ тэд Бурханы авралыг хүлээн авахгүй бол мөхөл, сүйрэл рүү унаж, амьдрал гээд байх юмгүй болно. Тэд нэр хүнд, ашиг хонжоо хөөцөлдөж, ямар нэгэн агуу, алдартай хүн байхыг хичээж, “үеийн үед нэрээ үлдээнэ”, “түүхэнд алдартай” болно гэж найддаг. Энэ бол дэмий хоосон, огт бүтэшгүй зүйл юм. Агуу эсвэл алдар цуутай хүн бүр яг үнэндээ Сатаны төрөл бөгөөд ахин хэзээ ч төрөхгүйгээр, тамын арван найм дахь түвшин рүү аль хэдийн уначихсан. Завхарсан хүн төрөлхтөн энэ хүмүүсийг шүтэж, диаволын үг болон төөрөгдлийг нь хүлээн авах үедээ диавол Сатаны хохирогч болдог. Бүтээгдсэн зүйлс Бүтээгчийг шүтэн мөргөх ёстой. Энэ нь тун жам ёсны, үндэслэлтэй зүйл, учир нь зөвхөн Бурхан л үнэн билээ. Бурхан тэнгэр, газрыг удирдаж, бүгдийг захирдаг. Бурханд итгэхгүй, Бурханыг дуулгавартай дагахгүй бол үнэнийг олж авч чадахгүй. Хэрэв чи Бурханы үгийн дагуу амьдардаг бол зүрх сэтгэлийнхээ гүнд сэргэж, санаа амарч, харьцуулшгүй жаргалыг бас эдэлнэ. Энэ үед чи үнэхээр амьдралыг олж авсан байх болно. Дэлхийн эрдэмтдийн ололт амжилтууд хэчнээн агуу байсан ч гэсэн, үхэх дөхмөгцөө тэд гар хоосноо мэдэрч, юу ч олж аваагүй санагдана. Эйнштейн, Ньютон зэрэг өндөр түвшний сэхээтнүүдэд ч хоосон санагдаж байсан. Учир нь тэдэнд үнэн байгаагүй, Бурханы талаарх жинхэнэ ойлголт байгаагүй. Хэдийгээр тэд Бурханд итгэдэг байсан боловч Бурханы оршин тогтнолд л итгэсэн, харин үнэнийг эрэлхийлээгүй. Тэд шинжлэх ухаан болон судалгаанд тулгуурлан, Бурхан оршин байдаг гэдгийг нээн илрүүлж, нотлохыг л хүссэн. Үр дүнд нь тэд дор бүрнээ юу ч олж авалгүйгээр насан туршдаа судалгаа хийсэн бөгөөд бүх амьдралынхаа туршид Бурханд итгэсэн ч үнэнийг огт олж аваагүй. Тэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийг л эрж хайсан ч Бурханыг мэдэх гэж эрж хайгаагүй. Тэд үнэнийг олж аваагүй, жинхэнэ амийг ч олж аваагүй. Та нарын өнөөдөр алхаж буй зам тэдний алхаж байсан зам биш. Та нар Бурханыг мэдэх гэж, мөн Түүнд хэрхэн захирагдах вэ, Түүнд хэрхэн шүтэн мөргөх вэ, утга учиртай амьдралыг хэрхэн амьдран харуулах вэ гэж эрж хайдаг. Энэ бүхэн тэдний эрж хайж байсан зүйлээс огт өөр. Хэдийгээр тэд Бурханд итгэдэг хүмүүс байсан ч үнэнийг олж аваагүй. Одоо, бие махбодтой болсон Бурхан үнэний бүх талыг та нарт хэлж өгч, үнэн болон амийн замыг өгсөн. Та нар үнэнийг эрэлхийлэхгүй бол мунхаг хэрэг болно.

Одоо үнэний талаарх та нарын ойлголт хангалтгүй байна. Та нар хоосон онол ярьж л чадна. Мөн дутуу дулимаг гэдгээ мэдэрч, ямар ажил хийхээ мэддэггүй. Энэ нь амийн оролт чинь хэтэрхий өнгөц байсныг, үнэнийг хараахан олж аваагүйг чинь харуулдаг. Чи үнэнийг үнэхээр ойлгож, Бурханы үгийн бодит байдалд орох үедээ эрч хүчтэй болж, шавхагдашгүй эрч хүч биеийг чинь дүүргэнэ. Тэр үед дотор чинь улам цэлмэж, хол алхах тусам зам чинь улам гэрэлтэй болно. Өдгөө Бурханд итгэдэг олон хүн хараахан зөв замд ороогүй, үнэнийг ойлгож аваагүй байгаа тул дотор нь хоосон, амьдрал нь зовлонтой, үүргээ биелүүлэх эрч хүчгүй мэт санагддаг. Бурханд итгэгчид зүрх сэтгэлдээ үзэгдэлтэй болохоос өмнө ийм байдаг. Хүмүүс үнэнийг олж аваагүй, Бурханыг хараахан мэддэггүй тул тэдэнд тийм ч таатай санагддаггүй. Ялангуяа та нар бүгд хавчлага амсаж, гэртээ харихдаа бэрхшээл туулсан. Зовох үедээ бас үхлийн талаар бодоод, амьдрахыг хүсдэггүй. Энэ нь махан биеийн сул тал юм. Тэр ч байтугай зарим хүн: “Бурханд итгэх нь таатай байх ёстой. Нигүүлслийн эрин үед Ариун Сүнс хүмүүст амар амгалан, баяр хөөр өгсөн. Одоо амар амгалан, баяр хөөр дэндүү бага байдаг, Нигүүлслийн эрин үеийнх шиг таашаал байхаа больсон. Өнөөдөр Бурханд итгэх нь туйлын ядаргаатай” гэж боддог. Махан биеийн таашаал өөр юунаас ч илүү дээр гэдгийг л чи мэддэг. Бурхан өнөөдөр ямар ажил хийж байгааг чи мэддэггүй. Бурхан зан чанарыг чинь өөрчлөхийн тулд та нарын махан биеийг зовоох ёстой. Махан бие чинь зовсон ч гэсэн чамд Бурханы үг, Бурханы ерөөл байгаа. Чи хүссэн ч үхэж чадахгүй. Чи Бурханыг мэдэхгүй, үнэнийг олж авахгүй байхтай эвлэрч чадах уу? Одоо ихэнхдээ хүмүүс үнэнийг л хараахан олж аваагүй, амьгүй байдаг. Тэд аврал эрж хайх явцдаа байгаа учраас энэ хугацаанд багахан зовох ёстой. Өнөөдөр дэлхий дээрх хүн бүр шалгалт туулж, Бурхан хүртэл зовж байгаа учраас та нар зовох нь зүйтэй биш гэж үү? Агуу гамшгийн цэвэршүүлэлт байгаагүй бол жинхэнэ итгэл байж чадахгүй, үнэн, амийг олж авах боломжгүй. Шалгалт, цэвэршүүлэлт байхгүй бол болохгүй. Петрийг л хар—тэрээр эцэст нь долоон жилийн шалгалт туулсан (тавин гурван настай болсныхоо дараа). Тэрхүү долоон жилийн хугацаанд Петр хэдэн зуун шалгалт туулсан. Тэрээр хэдэн өдөр тутамд энэ шалгалтуудын нэгийг туулах ёстой байсан бөгөөд бүх төрлийн шалгалтыг туулсныхаа дараа л амийг олж авч, зан чанартаа өөрчлөлт гаргасан юм. Чи үнэхээр үнэнийг олж авч, Бурханыг мэдэх үедээ Бурханы төлөө амьдрах ёстой гэдгээ мэдэрнэ. Бурханы төлөө амьдрахгүй бол харамсалтай; чи үлдсэн амьдралаа үхтлээ харамсаж, дээд зэргээр харуусаж өнгөрөөнө. Чи үхэж ч чадахгүй. Чи нударга зангидан, шийдэмгийгээр үргэлжлүүлэн амьдрах ёстой. Бурханы төлөө амьдрах ёстой. Хүмүүс дотроо үнэнтэй байх үедээ ийм шийдвэртэй байдаг бөгөөд үхэхийг дахиад хэзээ ч хүсдэггүй. Үхэл чамд заналхийлэх үед чи “Өө Бурхан минь, би үхэхийг хүсэхгүй байна. Би Таныг мэдэхгүй хэвээр байгаа. Би Таны хайрыг хариулаагүй л байгаа. Таныг сайн мэдэх хүртлээ би үхэж чадахгүй” гэж хэлнэ. Та нар одоо ийм хэмжээнд хүрсэн үү? Хараахан үгүй, тийм үү? Зарим хүн гэр бүлийн шаналалтай нүүр тулж, зарим нь гэрлэлтийн зовлон шаналалтай тулгарч, зарим нь хавчигдан зовж, амьдрах ч газаргүй байдаг. Тэд хаашаа ч очсон, тэр нь өөр хүний гэр бөгөөд тэд зүрх сэтгэлдээ шаналж зовдог. Та нарын яг одоо туулж буй зовлон шаналал Бурханы туулсан зовлон шаналал биш үү? Та нар Бурхантай хамт зовж байгаа бөгөөд Бурхан зовлон шаналалд нь хүмүүсийг дагалддаг. Та нар бүгдээрээ Христийн өнөөдрийн гай зовлон, хаанчлал, тэсвэр тэвчээрийг хуваалцдаг ба эцэст нь алдрыг олж авна! Энэ зовлон утга учиртай. Тийм биз дээ? Чи ийм хүсэлгүй байж болохгүй. Чи өнөөдрийн зовлонгийн утга учрыг, мөн яагаад ингэж их зовдгоо ойлгох ёстой. Үнэнийг эрж хайж, Бурханы хүслийн талаарх ойлголтод хүрэх ёстой, тэгвэл зовох хүсэлтэй болно. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгодоггүй, зүгээр л зовлонгийн талаар боддог бол энэ талаар бодох тусам улам тавгүйтэж, улам сэтгэлээр унаж, амьдралын зам чинь төгсөж буй мэт санагдана. Чи үхлийн тарчлааныг амсаж эхэлнэ. Хэрвээ чи зүрх сэтгэл, бүх хичээл чармайлтаа үнэнд зориулдаг, үнэнийг ойлгож чаддаг бол зүрх сэтгэл чинь цэлмэж, таашаалыг мэдэрнэ. Чи амьдралдаа зүрх сэтгэлээсээ амар амгалан, баяр хөөрийг олж, өвчин тусах юм уу үхэл ойртох үед “Би үнэнийг хараахан олж аваагүй учир үхэж болохгүй. Би Бурханы төлөө сайн зарлагадаж, Бурханыг сайн гэрчилж, Бурханы хайрыг хариулах ёстой. Би эцэстээ хэрхэн үхэх нь хамаагүй, учир нь би сэтгэл хангалуун амьдралаар амьдарсан байх болно. Юу ч боллоо гэсэн би хараахан үхэж болохгүй. Би тууштай амьдарсаар байх ёстой” гэж хэлнэ. Чи одоо энэ асуудлыг тодорхой мэдэж байх ёстой, эдгээр зүйлээс үнэнийг ойлгох ёстой. Хүмүүс үнэнтэй байх үедээ хүчтэй байдаг. Үнэнтэй байх үедээ биеийг нь дүүргэдэг шавхагдашгүй эрч хүчтэй байдаг. Үнэнтэй байх үедээ шийдэмгий байдаг. Үнэнгүй бол хүмүүс илжирсэн ногоо мэт зөөлөн; үнэнтэй байх үедээ ган төмөр мэт хатуу болдог. Юмс хэчнээн гашуун байсан ч огтхон ч гашуун санагдахгүй. Та нарын багахан зовлон хэр хэмжээтэй гэж бодож байна? Бие махбодтой Бурхан одоо ч зовсоор байгаа! Та нар бол Сатаны завхруулсан, Бурханаас урвадаг уг чанартай хүмүүс. Та нар Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцэх олон зүйлийг өөрийн мэдэлгүй хийсэн бөгөөд шүүлт, гэсгээлт туулах ёстой. Яг л өвчтэй хүмүүс эмчлэгдэх ёстой байдагтай адил, тэдний хувьд зовлонгоос айх нь зохистой юу? Та нар завхарсан зан чанартай, тиймээс огт зовж шаналалгүйгээр зан чанараа өөрчилж, амийг олж авч чадна гэж бодож байна уу? Та нарын зовлон завхарсан зан чанараас чинь үүдэлтэй. Энэ зовлонг хүртэх ёстой, туулах ёстой. Энэ нь гэм зэмгүй ч биш, Бурханаас оноосон зүйл ч биш. Та нарын одоо туулдаг зовлон үүргээ гүйцэтгэхээр ийш тийш гүйж, шаргуу ажиллахаас цаашгүй. Заримдаа чи завхарсан зан чанар чинь огт өөрчлөгдөөгүй болохыг олж хардаг, тиймээс жаахан цэвэршүүлэлт туулдаг. Заримдаа чи Бурханы үгийг ойлгодоггүй, эсвэл уншихад шаналгаатай үгийг ойлгодоггүй, тиймээс Бурханы үгэн дэх цэвэршүүлэлтээс болж бага зэрэг зовдог. Эсвэл магадгүй бодит ажлаа тааруу хийгээд, үүрэгтээ алдаа гаргасаар, ажлаа хийж чадахгүй байгаагийнхаа төлөө өөрийгөө буруутгаж, үзэн яддаг бөгөөд үүнээсээ болж жаахан зовдог. Магадгүй бусад хүн ахиц гаргаж байхад чиний ахиц дэндүү удаан явагддаг, Бурханы үгийг ойлгохдоо хэтэрхий удаан ахиц гаргадаг, хэтэрхий бага гэрэлтэй гэдгээ чи харж, эдгээр зүйл чамд зовлон учруулдаг байх. Заримдаа агуу улаан лууны баривчилгаа, хавчлагаас үүдэн хатуу ширүүн орчны заналхийлэлд өртдөг учраас чи үргэлж сандарч, тайван бус, айдастай амьдарч, энэ нь чамд зовлон учруулдаг. Энэ зовлонгоос гадна өөр ямар зовлон туулсан бэ? Та нараар хүнд хүчир биеийн хүчний ажил хийлгээгүй, зодож, загнадаг дарга, босс ч та нарт байхгүй, хэн ч та нарт боол шиг ханддаггүй. Та нар тийм зовлон туулдаггүй. Үнэн хэрэгтээ та нарын туулдаг эдгээр хүндрэл бэрхшээл бол үнэхээр бэрхшээл биш. Бодоод үз дээ. Тийм биш гэж үү? Та нар Бурханы төлөө зарлагадахын тулд гэр бүлээ орхихын ач холбогдол юу болохыг, яагаад үүнийг хийж байгаагаа ойлгох ёстой. Үнэн болон амийг эрэлхийлэхийн сацуу үүргээ гүйцэтгэж, Бурханы хайрыг хариулахын тулд үүнийг хийдэг бол энэ нь тун зөв шударга юм. Энэ нь эерэг зүйл, тун жам ёсны, үндэслэлтэй бөгөөд чи үүндээ хэзээ ч харамсахгүй. Гэр бүлд чинь юу ч тохиолдсон, чи зүгээр орхиж чадна. Хэрвээ чи энэ ач холбогдлыг тодорхой ойлгодог бол огт харамсахгүй, сөрөг болохгүй. Чи Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрийгөө зарлагаддаггүй, зүгээр л ерөөл хүртэхийн тулд өөрийгөө зориулдаг бол энэ нь утга учиргүй. Энэ асуудлыг нэвт шувт хармагц чинь асуудал шийдвэрлэгдэж, чи гэр бүлийнхэндээ санаа зовох шаардлагагүй болно. Бүх зүйл Бурханы гарт байдаг. Одоо та нар бүгд зарим нэг шалгалт туулсан. Зарим хүн бага зэрэг үнэнийг олж авсан ч зарим нь зүгээр л хоосон сургаалыг ойлгосон, гэхдээ ямар ч үнэнийг олж аваагүй. Зарим нь сайн хэв чанартай тул харьцангуй гүн гүнзгий ойлгодог, хэв чанар муутай зарим хүн харьцангуй өнгөц ойлголттой байдаг. Ойлгох чадвар чинь гүн гүнзгий юм уу өнгөц байх нь хамаагүй, зарим үнэнийг ойлгож, шалгалтын үеэр гэрчлэлдээ бат зогсож чаддаг л бол зовлон чинь утга учир, үнэ цэнтэй. Хэрвээ чи аливааг Бурханаас хүлээн авч чаддаггүй, юманд үргэлж хүний үзэл, төсөөллөөр ханддаг бол хэчнээн их зовсон ч хэзээ ч жинхэнэ туршлагын гэрчлэлтэй болохгүй. Чи үнэнийг олж аваагүй учраас чиний зовлон ямар ч үнэ цэнгүй байх болно.

Чи бүх зүйлээс Бурханы хүслийг эрж хайх хэрэгтэй, бүх зүйлээс үнэнийг эрж хайх ёстой. Жишээлбэл: хоол хүнс, хувцас хунар, хувийн амьдралын асуудал гэх мэт юмсаас чи хэрхэн үнэнийг эрж хайдаг вэ? Эдгээр зүйлд эрж хайх үнэн байдаг уу? Зарим хүн: “Чи Бурханд итгэдэг ч бай, үгүй ч бай, аз жаргал бол сайн хооллож, сайхан хувцаслах явдал. Ингэхгүй бол бүх юм зовлон” гэж хэлдэг. Энэ нь үнэнтэй нийцэж байна уу? Сайн хооллож, сайхан хувцаслаж, махан биеийн таашаалд шунаж, элбэг дэлбэг амьдралаар амьдардаг олон хүн бий. Тэд үнэнийг амархан хүлээн авч, хэрэгжүүлэхгүй, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхино гэж бүр ч байхгүй. Тийм төрлийн хүн Бурханы сайшаалыг хүртэхгүй, эцэст нь бүгд гамшигт унаж, уйлж, шүдээ хавирна. Тийм хүн аз жаргалтай байж чадах уу? Олон хүн ажилчин, тариачны гэр бүлд төрж, багаасаа л нэлээд их зовсон. Хэрвээ тэд үнэнийг ойлгож чаддаг бол үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэхэд амархан бөгөөд тэд зовлонгоос айхгүйгээр золиос гаргаж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж чаддаг. Тэд Бурханы даалгаварт бүрэн үнэнч байж чаддаг, зарим нь бүр Бурханы төлөө амиа өгч ч чадна. Тийм хүнийг Бурханы гэрт үнэлдэг. Олон хүн махан биеийн таашаалд онцгой анхаарал хандуулдаг. Сайхан хоол хүнс, хувцас хунартай байх нь үнэндээ чухал гэж та нар хэлэх үү? Огтхон ч үгүй. Хэрвээ хүн Бурханыг мэдэж, үнэнийг олж авч үнэхээр чаддаг бол тэр хүн хийдэг бүхнээрээ Бурханд гэрчлэл хийж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг. Тийм хүн хэчнээн муу хооллож, тааруу хувцасласан ч амьдрал нь үнэ цэнтэй хэвээр байдаг, мөн тэрээр Бурханы сайшаалыг хүртэж чадна. Энэ хамгийн утга учиртай зүйл бус уу? Сайн хооллосон ч, сайхан хувцасласан ч ерөөгдөнө гэсэн баталгаа байхгүй. Бурханд дуулгаваргүй байж, буруу замаар явбал бас л хараагдана, харин ноорхой хувцаслаж, муухан хооллодог ч үнэнийг олж авсан хүн ялгаагүй л Бурханаар ерөөгдөнө. Тиймээс хоол, хувцасны асуудалд хэрхэн хандах талаар эрж хайх үнэн гэж бий, үүргээ гүйцэтгэхэд хэрхэн хандах талаар эрж хайх үнэн бүр ч их бий. Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь туйлын чухал, маш ноцтой асуудал юм. Хэрэв чи Бурханы хүмүүст даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Бурханы өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлэх ёстой. Хүмүүс Бурханы даалгасан ямар ч даалгаврыг гүйцэлдүүлэх ёстой гэдэг нь тун жам ёсны, үндэслэлтэй зүйл. Энэ нь хүний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг. Ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино. Хүмүүс Бурханы даалгасан зүйлд хэрхэн хандах талаар нэгд нэггүй ойлгох ёстой бөгөөд хүнд даалгадаг Бурханы даалгаврууд нь Бурханы өргөмжлөл, онцгой ивээл, хамгийн алдар цуутай зүйлс гэдгийг ядаж ухамсарлах ёстой. Бусад бүх зүйлийг орхиж болно. Хүн амиа золиослох хэрэгтэй болсон ч гэсэн Бурханы даалгаврыг мөн л биелүүлэх ёстой. Харж байна уу, эрж хайх үнэн энд байхгүй гэж үү? Зан чанарын өөрчлөлтөд хүрэх нь эцэстээ үнэнийг эрж хайхтай холбоотой байдаг! Хэрвээ чи, хүмүүс яагаад амьдардаг, амьдралыг ямар өнцгөөс харах ёстой тухай үнэнийг ойлговол амьдралын талаарх үзэл бодол чинь өөрчлөгдөх бус уу? Энд эрж хайх үнэн бүр ч их бий. Бурханыг хайрлахаас ямар үнэнийг олж авч болох вэ? Хүмүүс яагаад Бурханыг хайрлах ёстой вэ? Бурханыг хайрлахын ач холбогдол юу вэ? Хүн Бурханыг хайрлах тухай үнэнийг тодорхой ойлгож, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг хайрлаж, багахан ч болов Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болж чадвал жинхэнэ амьдралтай болж, хамгийн их ерөөгдсөн хүмүүсийн нэг болдог. Бүх зүйлээс үнэнийг эрж хайдаг хүмүүсийн амь хамгийн хурдан өсөж, зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна. Бүх зүйлээс үнэнийг эрж хайдаг тэр л хүмүүсийг Бурхан хайрладаг. Үзэл, хоосон сургаалд найдаж, эсвэл бүх зүйл дээр хууль дүрэм дагадаг бол хүн ахиц гаргахгүй. Тэрээр хэзээ ч үнэнийг олж авахгүй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаягдана. Бурхан ийм хүнийг хамгийн их үзэн яддаг.

1999 оны хавар

Өмнөх: Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл

Дараах: Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих