Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

Бурханы өмнө шагнал хүлээн авч, Бурханаар ивээгдэхийг та нар бүгд хүсдэг; Бурханд итгэж эхлэх үедээ хүн бүр ийм зүйлийг хүсдэг, учир нь хүн бүр илүү өндөр дээд зүйлсийг эрэлхийлэх бодолд автдаг бөгөөд хэн ч бусдаас хоцрохыг хүсдэггүй. Хүмүүс ийм л байдаг. Яг энэ шалтгааны улмаас, та нарын дундаас олон хүн тэнгэр дэх Бурханд тал засахаар байнга хичээдэг ч үнэндээ Бурханыг гэх үнэнч зан, чин сэтгэл чинь өөрсдийгөө гэсэн үнэнч зан, чин сэтгэлээс чинь хавьгүй бага байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь Би Бурханд үнэнч байдлыг чинь огт хүлээн зөвшөөрдөггүй, түүнчлэн та нарын зүрх сэтгэлд оршдог Бурханы оршин тогтнолыг Би үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, та нарын шүтэн мөргөдөг Бурхан, та нарын гайхан биширдэг тодорхойгүй Бурхан огтхон ч оршин тогтнодоггүй. Би үүнийг маш баттай хэлж буйн шалтгаан нь та нар жинхэнэ Бурханаас хэтэрхий хол байдаг. Та нарын үнэнч зангийн шалтгаан нь зүрх сэтгэл дотор чинь байгаа шүтээн юм; харин та нарын агуу гэж үздэггүй, өчүүхэн ч гэж үздэггүй Бурхан Намайг та нар үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Та нар Бурханаас хэтэрхий хол байдаг гэж Би хэлэхдээ, жинхэнэ Бурханаас хол байдаг ч тодорхойгүй Бурхан тун ойрхон байгаа мэт санагддагийг чинь хэлж байна. Би “агуу биш” гэж хэлсэн нь өнөөдөр та нарын итгэдэг Бурхан агуу чадваргүй зүгээр л нэг хүн, тийм ч сүрлэг биш хүн шиг харагддагийг хэлж байгаа юм. Мөн “өчүүхэн ч биш” гэж хэлсэн минь, хэдийгээр энэ хүн салхинд тушааж, бороог захирч чадахгүй ч гэсэн, тэнгэр газрыг доргиох ажлыг хийхийн тулд Бурханы Сүнсийг дуудаж, хүмүүсийг бүрмөсөн гайхшруулж чадна гэсэн утгатай. Гаднаа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг ч мөн чанартаа Түүнд итгэдэггүй, Түүнийг хайрладаг ч үгүй. Өөрөөр хэлбэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжид байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд үнэхээр хайрладаг нэгэн чинь та нарын хэзээ ч биечлэн хараагүй мөртөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христэд хандах та нарын итгэл өчүүхэн төдий бөгөөд та нарын хайр юу ч биш. Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол хүний зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал, бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христийг гэх та нарын итгэл, хайр үүнээс хавьгүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрын тухайд бол, та нар Түүнийг яаж хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг мэдэх нь байтугай, зан чанарыг нь ч ойлгодоггүй, тэгвэл яаж Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг гэх хайрын чинь бодит байдал хаана байна вэ?

Олон хүн өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан. Иймээс өнгөрсөн хэдэн жилд та нар ч бас ихээхэн зүдэрсэн. Би та нарын бүгдийнх нь төрөлх зан авир, зуршлуудыг тов тодорхой ухаарсан; та нартай нэг бүрчлэн харилцахад туйлын хүнд бэрх байсаар ирсэн. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихийг ухаарсан ч та нар Миний талаар юу ч ойлгодоггүй. Та нар төөрөлдөх агшиндаа хүнд мэхлүүлдэг гэж хүмүүсийн хэлдэгт гайхах зүйл алга. Үнэндээ, та нар Миний зан чанарын талаар юу ч ойлгодоггүй, Миний оюун санаанд юу байгааг ухан мэдэж бүр ч чаддаггүй. Өнөөдөр Миний талаарх буруу ойлголт чинь улам нэмэгдэж байгаа бөгөөд Надад итгэх итгэл чинь будилсан итгэл хэвээр үлддэг. Та нар Надад итгэдэг гэж хэлэхийн оронд та нар бүгдээрээ Надад тал засаж, Надад бялдуучлахаар оролдож байна гэж хэлбэл илүү тохирно. Та нарын сэдэл маш энгийн: Бурхан ч бай, эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнаж чадах хэнийг ч би дагана, агуу гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Аль нь ч надад хамаагүй. Та нарын дунд ийм хүн олон байгаа ба энэ байдал маш ноцтой. Хэрвээ нэгэн өдөр, Христийн мөн чанарыг тодорхой мэддэгээсээ болоод та нараас хэд нь Түүнд итгэдгийг харах туршилт явуулбал, та нарын нэг нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна. Иймээс та нар бүгдээрээ энэ асуултыг эргэцүүлж үзсэн нь дээр: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тийм болохоор Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанар тэгвэл юу вэ? Та нар Бурхан гээч зүйлдээ хэдий чинээ итгэнэ, Надаас төдий чинээ холдон явна. Тэгвэл энэ асуудлын мөн чанар юу вэ? Та нараас нэг нь ч энэ асуудлыг эргэцүүлж үзээгүй нь тодорхой, гэхдээ та нар үүний ноцтой байдлыг бодож үзсэн үү? Ийм маягаар үргэлжлүүлэн итгэхийн үр дагаврыг бодож үзсэн үү?

Өнөөдөр та нар олон асуудалтай тулгардаг бөгөөд та нараас нэг нь ч асуудал шийдвэрлэхдээ чадамгай биш. Ийм нөхцөл байдал үргэлжилбэл хохирол амсах хүмүүс нь зөвхөн та нар юм. Асуудлуудыг таньж мэдэхэд чинь Би тусална, гэхдээ тэдгээрийг шийдвэрлэх нь та нараас хамаардаг.

Бусдыг сэжиглэдэггүй хүмүүсийг Би маш их үнэлдэг ба үнэнийг дуртайяа хүлээн зөвшөөрдөг хүмүүс Надад таалагддаг; ийм хоёр төрлийн хүмүүсийг Би асар их халамжилна, учир нь Миний нүдээр бол тэд үнэнч хүмүүс билээ. Хэрвээ чи ов мэхтэй бол бүх хүн, бүх хэрэг явдалд сэрэмжилж, сэжиглэж хандах бөгөөд тиймээс Надад итгэх итгэл чинь хардлагын суурин дээр үндэслэнэ. Ийм итгэлийг Би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Жинхэнэ итгэлгүй болохоор чамд жинхэнэ хайр бүр ч байдаггүй. Хэрвээ чи Бурханд эргэлзэж, Түүний талаар хүссэнээрээ боддог бол гарцаагүй хамгийн зальтай хүн юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг чи таамагладаг: уучилшгүй нүгэлтэй, явцуу сэтгэлтэй, шударга бус, үндэслэлгүй, шударга ёсны мэдрэмж дутмаг, муу арга заль хэрэглэдэг, дотуур тамиртай, зальхай, ёрын муу, харанхуйд дуртай гэх мэт. Хүмүүс ийм бодолтой байдгийн шалтгаан нь тэдэнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүйгээс болдог бус уу? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Түүнчлэн, Миний таалалд нийцдэг хүмүүс бол яг нарийндаа бялдууч, зусарчид бөгөөд ийм чадвар дутмаг хүмүүсийг Бурханы гэрт ч хүлээн авахгүй, тэд тэнд хөлөө олохгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Энэ олон жилийн турш эзэмшсэн мэдлэг чинь энэ үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн ийм буруу ойлголтоор зогсдоггүй; Бурханы Сүнсийг доромжилж, Тэнгэрийг гутаадаг чинь үүнээс ч дор. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл та нарыг Надаас улам холдуулж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэж Би хэлдэг. Олон жилийнхээ ажлаар та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нараас хэр олон нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэний төлөө төлөөс төлөхөд бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Зүрх сэтгэлд чинь зөв шударга бус байдал л байдаг учраас та нар, хэн ч байсан хамаагүй хүн бүр зальтай, шударга бус гэж бодоод, бие махбодтой болсон Бурхан ч гэсэн хэвийн хүнтэй адилаар нинжин сэтгэлгүй, өр зөөлөн хайргүй байж чадна гэж ч итгэхэд хүрдэг. Үүнээс ч илүүтэйгээр, эрхэм дээд ёс жудаг, өршөөнгүй, өр зөөлөн уг чанар тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй бөгөөд зөвхөн харанхуй, ёрын муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол хүмүүсийн сайн, сайхныг гэх хүсэл эрмэлзлээ даатгадаг зүйл, хүний зохиосон үлгэр домгийн нэгэн юм гэж та нар итгэдэг. Та нарын оюун ухаанд, тэнгэр дэх Бурхан бол маш шулуун шударга, зөвт, агуу, шүтэн мөргөж, бишрэхүйц байдаг; харин газар дээрх энэ Бурхан нь тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл төдий байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж болохгүй, Түүнтэй зэрэгцүүлэн үзэж бүр ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал болон нэр хүндийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд харьяалагддаг, харин хүний уг чанар болон завхралын тухайд бол, тэдгээр нь газар дээрх Бурханд ч байдаг шинж чанар юм. Тэнгэр дэх Бурхан мөнхөд сүрлэг байдаг байхад газар дээрх Бурхан мөнхөд ялихгүй, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурхан сэтгэл хөдлөлд автдаггүй, зөвхөн зөвт байдалтай байдаг, харин газар дээрх Бурханд хувиа хичээсэн сэдэл л байдаг ба ямар ч шударга байдал, эрүүл ухаан байдаггүй. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй, мөнхөд итгэмжит байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үргэлж байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм андуу ташаа мэдлэг та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн бас үүрд хадгалагдах байх. Та нар шударга бус хүний байр сууриас Христийн бүх үйл хэргийг авч үздэг ба хорон муу хүний өнцгөөс Түүний бүх ажил, ялгамж чанар, мөн чанарыг үнэлдэг. Та нар ноцтой алдаа гаргасан ба өмнөх үеийнхнийхээ хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Өөрөөр хэлбэл, та нар тэргүүндээ титэмтэй, тэнгэр дэх сүрлэг Бурханд л үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий маш ялимгүй Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь сонгодог жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг. Та нар сүрлэг дүр төрхийг биширч, уран үгээрээ ялгарсан хүмүүсийг хүндэлдэг. Гарыг чинь эд баялгаар дүүргэдэг Бурханд дуртайяа захирагдаж, хүсэл бүрийг чинь биелүүлж чадах Бурханыг ихэд хүсэмжилдэг. Чиний шүтэн мөргөдөггүй Нэгэн бол сүрлэг биш энэ Бурхан; чиний үзэн яддаг цорын ганц зүйл бол хэний ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байх явдал. Хийхийг хүсдэггүй цорын ганц зүйл чинь чамд сохор зоос ч өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх явдал бөгөөд Өөрийг нь хүсэн эрмэлзэхэд чамайг хүргэж чаддаггүй Нэгэн бол энэхүү тааламжит бус Бурхан билээ. Энэ Бурхан нь мэдлэгийн хүрээгээ тэлж, үнэт эрдэнэс олсон мэт санагдах боломжийг чамд олгож чадахгүй, хүсдэг зүйлийг чинь биелүүлж бүр ч чадахгүй. Тэгвэл чи яагаад Түүнийг дагадаг юм бэ? Чи иймэрхүү асуултуудыг бодож үзэж байсан уу? Чиний хийдэг зүйл энэ Христийг гомдоогоод зогсохгүй, үүнээс ч илүүтэйгээр тэнгэр дэх Бурханыг гомдоодог. Энэ нь Бурханд итгэх итгэлийн чинь зорилго биш гэж Би бодож байна!

Та нар Бурханыг баярлуулахыг хүсэн эрмэлздэг мөртөө Бурханаас хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг ч харьцалт, засалтыг нь хүлээн зөвшөөрдөггүй, Түүний зохицуулалт бүрийг хүлээн зөвшөөрч, Түүнд бүрэн итгэлтэй байж бүр ч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол хоосон өндөгний хальс бөгөөд ангаахай бий болгож хэзээ ч чадахгүй. Учир нь итгэл чинь та нарт үнэнийг авчраагүй, эсвэл амийг өгөөгүй, харин ч оронд нь дэмжлэг, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт өгсөн. Бурханд итгэх итгэлийн чинь зорилго үнэн ба амь биш, харин дэмжлэг, найдварын энэхүү мэдрэмж юм. Тиймээс, Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэж болохгүй гэж Би хэлдэг. Ийм итгэлээс яаж ангаахай төрж болох юм бэ? Өөрөөр хэлбэл, ийм итгэл юу биелүүлж чадах юм бэ? Бурханд итгэх итгэлийн чинь зорилго бол өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь Бурханы зан чанарт халддагийн чинь баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгээд, газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг ч Би та нарын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй; ул суурьтай байж, газар дээрх Бурханд үйлчилдэг хүмүүсийг л Би сайшаадаг, харин газар дээрх Христийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаадаггүй. Тийм хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ тэд хорон санаатныг шийтгэдэг Миний гараас зайлахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Христийг хэзээ ч дуртайяа дуулгавартай дагадаггүй ёрын муу хүмүүс юм. Мэдээж тэдний тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс багтдаг. Тэнгэр дэх Бурханд үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэдэг үү? Тэгэх нь буруу! Чи Христийг мэдэхгүй бол тэнгэр дэх Бурханыг мэдэхгүй. Тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх чинь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон яриа, хуурамч дүр эсгэлт юм, учир нь газар дээрх Бурхан нь үнэнийг хүлээн авч, илүү гүнзгий мэдлэгтэй болоход хүнд ач тустайгаар үл барам, хүнийг яллаж, улмаар хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад бүр ч их ач тустай. Чи энд байгаа ашиг тустай болон хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг туулсан уу? Та нар энэ үнэнийг аль болох хурдан ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйлээр гол зүйлийг бүү орлуул. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд улам ойртуулж чадна. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, чи Бурханы зан чанарт байнга халдаж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан чинь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч муу арга зам чинь чиний уг чанарт шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь ч бас ихсэж, улмаар чи Намайг хань хамсаатан шигээ үзэж эхэлбэл өвчин эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Тэгээд чи, оршуулгын чинь бэлтгэл ажил хийгдэхийг л хүлээх үлдэнэ. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлж чадсан ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар зүтгэнэ, учир нь Бурханы зан чанарын эсрэг халдсан чинь энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христэд эгэл жирийн хүн мэт хандах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх цорын ганц сануулга минь билээ.

Өмнөх: Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

Дараах: Тун ноцтой асуудал: Урвалт 1

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих