10.10. Хэрхэн Бурханыг хайрлахаар эрж хайх тухай
436. Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх биш; бас хүнээр хайрлуулах явдал юм. Гэвч Бурханд итгэдэг олон хүн энэ “нууцыг” олж мэдэх чадваргүй байдаг. Хүмүүс Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, Түүнийг хайрлах гэж хичээдэг ч үгүй. Бурханд хайр татам зүйл маш олон байгааг тэд хэзээ ч олж мэдээгүй; Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан, Тэр бол хүнээр хайрлуулах ёстой Бурхан гэдгийг тэд хэзээ ч олж мэдээгүй. Бурханы хайр татам байдал Түүний ажлаас илэрдэг: Бурханы ажлыг туулсан үедээ л хүмүүс хайр татам байдлыг нь олж мэдэж, бодит туршлагаараа л Бурханы хайр татам байдлыг ойлгож чаддаг бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий боловч Түүнтэй бодитоор харилцахгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүмүүс бодитоор Түүнтэй харилцаж чадахгүй байх байсан. Хэрэв тэд бодитоор Түүнтэй харилцах чадахгүй байсан бол Түүний ажлыг бас мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайр ихээхэн худал хуурмаг болон төсөөллөөр сэвтэх байлаа. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлахтай адил бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг өөрсдийн нүдээр харж, биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр төсөөлөл дээр нь үндэслэн бий болсон байдаг. Бурхан газар дээр ирэх үед хүмүүс Түүний бодит үйл хэрэг, хайр татам байдлыг харж чаддагийн дээр тэд Түүний бодитой болоод хэвийн зан чанарыг бүгдийг нь харж чадна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс хэдэн мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, энэ хайранд бодитой зүйл юу ч байхгүй, хүмүүний санаагаар дүүрэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; өчүүхэн бага байлаа ч гэсэн, жинхэнэ юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийгөө мэдүүлдэг бөгөөд уг мэдлэгээр дамжуулан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Есүсийг гэх үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүнтэй хамт амьдардаг бөгөөд хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна
437. “Хайр” гэж цэвэр, өө сэвгүй сэтгэл хөдлөлийг хэлдэг бөгөөд хайрлах, мэдрэх, хайхрамжтай байхад зүрх сэтгэлээ ашиглахыг хэлдэг. Хайранд ямар ч болзол, саад бэрхшээл, зай гэж үгүй. Хайранд ямар ч сэжиг, хууран мэхлэлт, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч наймаа, хольц үгүй. Хэрэв чи хайрладаг бол мэхлэхгүй, гомдоллохгүй, урвахгүй, тэрслэхгүй, шалж шаардахгүй, эсвэл ямар нэг зүйлийг олж авахаар, тодорхой хэмжээгээр олж авахаар эрэлхийлэхгүй. Хэрэв чи хайрладаг бол өөрийгөө баяртайяа зориулж, бэрхшээлийг баяртайгаар туулж, Надтай нийцэлтэй байж, Миний төлөө өөрт байгаа бүхнээ хаяж, гэр бүл, ирээдүй, залуу нас, гэрлэлтээ орхино. Эс тэгвээс, чиний хайр ердөө ч хайр биш, харин хууран мэхлэлт, урвалт байх болно! Чиний хайр ямар хайр вэ? Жинхэнэ хайр мөн үү? Эсвэл хуурамч уу? Чи хэр ихийг хаясан бэ? Чи хэр ихийг өргөн барьсан бэ? Чамаас Би хэр их хайр хүлээн авсан бэ? Чи мэдэх үү? Зүрх сэтгэл чинь ёрын муу, урвалт, хууран мэхлэлтээр дүүрэн байдаг—ийм байхад та нарын хайрын хэчнээн нь хольцтой байх вэ? Та нар Миний төлөө аль хэдийн хангалттай ихийг орхисон гэж боддог; Намайг гэх хайр чинь аль хэдийн хангалттай гэж боддог. Тэгвэл үг, үйлдэл чинь яагаад үргэлж тэрслүү, хуурамч байдаг юм бэ? Та нар Намайг дагадаг мөртөө Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч дараа нь Намайг хаядаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа Миний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг мөртөө хэн бэ гэдэгт минь тохируулж Надад ханддаггүй, цаг ямагт Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч бүх хэрэг явдал дээр Намайг хуурч, мэхлэхээр хичээдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Надад үйлчилдэг хэрнээ Надаас эмээдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг бүх талаар, бүх зүйл дээр эсэргүүцдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар ихийг зориулсан нь үнэн ч Миний шаарддаг зүйлийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. Үүнийг хайр гэж үзэж болох уу? Хянуур тооцоолол нь, Намайг гэх хайрын өчүүхэн ч сэжүүр та нарын дотор байдаггүй гэдгийг харуулдаг. Маш олон жилийн ажил болон энэ бүх үгээр хангасны минь дараа та нар үнэндээ хэр ихийг олж авсан бэ? Өнгөрснөө анхааралтай харвал зохистой бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн
438. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий хичээл гэж үгүй бөгөөд насан туршдаа итгэхдээ хүмүүсийн авдаг сургамж нь Бурханыг хэрхэн хайрлах тухай байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг хайрлах ёстой. Чи Бурханд итгэдэг л болохоос Түүнийг хайрладаггүй, Бурханы тухай мэдлэгийг олж аваагүй, зүрх сэтгэлийн гүнээс гардаг жинхэнэ хайраар Бурханыг хэзээ ч хайрлаж байгаагүй бол Бурханд итгэх итгэл чинь ямар ч үр ашиггүй юм; хэрвээ чи Бурханд итгэхдээ Бурханыг хайрладаггүй бол чи хий дэмий амьдарч байгаа бөгөөд амьдрал чинь тэр чигээрээ бүхий л амьдралаас хамгийн дорд байдаг. Чи бүх амьдралынхаа туршид Бурханыг хэзээ ч хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж байгаагүй бол амьдрахын хэрэг юу байна? Мөн чи Бурханд итгэхийн хэрэг юу байна? Энэ чинь хүчин чармайлтын гарз бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол төлөөс төлөх ёстой. Гаднаа тодорхой нэг байдлаар үйлдэх гэж оролдохоос илүүтэйгээр зүрх сэтгэлийнхээ гүнээс жинхэнэ мэдлэг ухааныг эрж хайх хэрэгтэй. Хэрвээ чи урам зоригтойгоор дуулж, бүжиглэдэг боловч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол Бурханыг хайрладаг гэж чамайг хэлж болох уу? Бурханыг хайрлахад Бурханы хүслийг бүх зүйлээс эрж хайхыг шаарддагийн дээр ямар нэгэн зүйл тохиолдох үед сэтгэлийнхээ гүнээс эрж хайн, Бурханы хүслийг ухаарч ойлгохыг оролдож, хэрэг явдлаас Бурханы хүсэл юу болох, чамайг юунд хүрээсэй гэж Тэр хүсдэг, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйг харах гэж оролдохыг шаарддаг. Жишээ нь: Зовлон бэрхшээл туулахыг шаардсан ямар нэг зүйл тохиолдоход Бурханы хүсэл юу болох, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйгээ чи ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш тавь. Махан биеэс илүү жигшүүртэй юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлж, үүргээ биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэ хэрэг явдал дээр Бурхан чамд онцгой гэгээрэл авчирч, зүрх сэтгэл чинь бас тайтгарлыг олох болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг
439. Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сүнсний аврал болоод махан биеийн сайн сайхны төлөө биш, мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан амьдралаа баяжуулах гэх мэт ч биш гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн сайн сайхны төлөө, эсвэл түр зуурын таашаалын төлөө Бурханыг хайрладаг бол эцэст нь Бурханыг гэсэн хайр чинь оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүмүүс биш, харин амар хялбар амьдралд шунадаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь албадсан, сэтгэлийн баяр хөөрийн төлөөх эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чиний хайр ямар төрлийн хайр нь вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын чинь хайр дээр дурдсантай адил байдаг. Ийм хайр нь зөвхөн тухайн байдлыг л хадгалдаг; энэ нь хувиршгүй байж чаддаггүй, мөн хүнд үндэслэж ч чаддаггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимслэлгүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи нуран унана. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ л Бурханыг хайрлаж, дараа нь амь зан чанар чинь өөрчлөгдөөгүй хэвээр бол чи харанхуйн нөлөөний бүрхүүлээс зугтаж чадахгүй хэвээр байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй байх болно. Тийм ямар ч хүн Бурханаар бүрэн авхуулж чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Бурханаар бүрэн авхуулж чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, өөрөөр хэлбэл, Сатан руу буцан очих бөгөөд Бурханаас ирэх шийтгэлийн дараагийн алхмыг хүлээн авахын тулд гал болон хүхэрт нууранд унана. Бурханаар авхуулсан хүмүүс нь Сатаныг орхиж, эзэмшлээс нь зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардын тоонд оруулна. Ингэж л хаанчлалын ард бий болдог билээ. Чи ийм хүн болохыг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж, Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу, эсвэл хаанчлалын ардын тоонд орсон уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ
440. Хүн үргэлжид харанхуйн нөлөөний нөмрөг дор, Сатаны нөлөөнд хүлэгдэн, мултарч чадахгүй амьдарч ирсэн бөгөөд түүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн болохоор улам бүр ялзарсаар байдаг. Хүн үргэлж ялзарсан сатанлаг зан чанартаа автан амьдарч, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаггүй гэж хэлж болно. Ийм болохоор хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон, ихэрхүү зан гэх мэт Сатаны зан чанарт харьяалагддаг бүхнээсээ ангижрах ёстой. Эс бөгөөс, түүний хайр бохирдсон, сатанлаг хайр бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж яасан ч чадахааргүй хайр юм. Ариун Сүнс шууд төгс болгож, харьцаж, эвдэж, засаж, сахилгажуулж, цохиж, цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй
441. Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдож, зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн эргүүлж чаддаг болох үе бол Бурханыг гэх хүний хайрын эхний алхам юм. Бурханыг хайрлахыг хүсдэг бол эхлээд зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлж чаддаг байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг бүхэн чинь Бурханыг хайрлаж, олж авахын төлөө байх тэр үе юм. Зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн гэдгийг чинь энэ харуулдаг. Зүрх сэтгэлд чинь Бурхан болон Түүний үгээс өөр бараг юу ч (гэр бүл, эд хөрөнгө, эхнэр, нөхөр, үр хүүхэд гэх мэт) байхгүй. Байлаа ч гэсэн тийм зүйлс зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадахгүй бөгөөд чи хэтийн ирээдүйгээ бодох бус, харин зөвхөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг. Тийм л үед чи зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн байх болно. Чи зүрх сэтгэлдээ өөртөө зориулсан төлөвлөгөөг гаргасаар л, үргэлж өөрийн хувийн ашиг хонжоог хөөж: “Би хэзээ Бурханаас жаахан зүйл хүсэж болох бол? Гэр бүл минь хэзээ чинээлэг болох вэ? Би яаж хэдэн аятайхан хувцастай болох вэ?…” хэмээн үргэлж боддог гэж үзье. Хэрвээ чи ийм байдалд амьдарч байгаа бол зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргээгүй байгааг энэ нь харуулдаг. Чи зүрх сэтгэлдээ зөвхөн Бурханы үгийг тээж, яг л Бурхан чамд маш ойр байгаа мэт, яг л Тэр чиний дотор, чи Түүний дотор байгаа мэт хэзээд ч Бурханд залбирч, ойр байдаг болсон бол, хэрэв чи ийм төлөв байдалд байгаа бол зүрх сэтгэл чинь Бурханы өмнө байна гэсэн үг юм. Чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, мөн чуулганы ажлыг байнга боддог, Бурханы хүсэлд анхаарал тавьж, Түүнийг жинхэнээсээ, сэтгэлээсээ хайрлаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагдана. Хэрвээ зүрх сэтгэлийг чинь өөр олон зүйл эзэмддэг бол Сатанд эзэмдүүлсэн хэвээр л байгаа бөгөөд Бурхан руу үнэхээр эргээгүй байна. Хүний зүрх сэтгэл Бурхан руу үнэхээр эргэсэн бол Бурханыг чин сэтгэлээсээ, аяндаа хайрлаж, Түүний ажлыг анхаарч чаддаг болдог. Тэдэнд мунхаглаж, эрүүл ухаангүй загнах үе гарсаар байх хэдий ч тэд Бурханы гэрийн ашиг сонирхол, Түүний ажил болон өөрсдийн зан чанарын өөрчлөлтөд анхаарал тавьдаг бөгөөд сайхан сэтгэл өвөрлөж явдаг юм. Зарим хүн юм болгоныг чуулганы төлөө хийдэг гэдэг боловч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажиллаж байдаг. Ийм хүмүүс буруу санаа зорилготой юм. Тэд бол шударга бус, ов мэхтэй бөгөөд хийдэг ихэнх зүйл нь хувийн ашиг хонжооны төлөө байдаг. Ийм хүн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэггүй; зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдсан хэвээр байж, Бурхан руу эргэж чаддаггүй. Тиймээс Бурхан ийм хүнийг олж авах ямар ч аргагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг
442. Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гаднаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүр, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл хэрэг, хүмүүсийн хөндлөнгийн оролцоо байсан. Та нарт хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—энэ бүгдийн ард тэмцэл байдаг. Жишээлбэл, ах эгч нараа алагчилж үздэг бол Бурханд таалагдахгүй болов уу гэж чамд санагддаг, хэлэхийг хүсдэг үг байх боловч хэлэхгүй бол чиний дотор таагүй санагдаж, энэ мөчид чиний дотор тэмцэл эхэлнэ: “Би хэлэх үү, болих уу?” Энэ бол тэмцэл. Иймээс чамтай тулгардаг бүх зүйлд тэмцэл байдаг, чиний дотор тэмцэл байх үед, чи бодитоор хамтран ажиллаж, бодитоор зовсны ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи сэтгэл доторх асуудлыг хойш тавьж чаддаг болж, уур бухимдал аяндаа намждаг. Энэ бол Бурхантай хамтран ажилласны чинь үр дүн юм. Хүмүүс бүх зүйлийг хийхэд хүчин чармайлтдаа тодорхой хэмжээний төлөөс төлөх шаардлагатай болдог. Бодит зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй болох тэр цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад чамайг хог хаягдал гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст тохиолддог бүхэн нь Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох хэрэгтэй үед нь тохиолддог. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн болгон Бурханд гэрчлэл хийх асуудал байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд мэдлэг ухаан байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүсэлд санаа тавьж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг үнэхээр хайрлаж байгаад тооцно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг
443. Чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, төдий чинээ их үнэнтэй болно; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханы хайрыг төдий чинээ их олж авна; чи үнэнийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, Бурханаар төдий чинээ их ерөөгдөнө. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл яг л Петр Бурханыг мэдэж авсантай адилаар чамайг гэх Бурханы хайр чамд аажмаар харуулна: Бурханд тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй, бас хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан бий гэж Петр хэлсэн. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох, Өөрийн хайрыг хүмүүст өвлүүлэх чадварынхаа улмаас хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэсэн. Мөн хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл Түүнд байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн болохоор л хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэж үү? Танд илүү их хайр татам зүйл бий. Та бодит амьдрал дээр үйлдэж, хөдөлдөг, Таны Сүнс сэтгэлийг минь хөдөлгөж, Та намайг сахилгажуулж, зэмлэдэг—эдгээр зүйл чинь хүмүүсийн хайрыг бүр ч илүү хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ чи Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, бодит амьдрал дээр эрж хайж, судлах ёстойн дээр махан биеэ хаяхад бэлэн байх хэрэгтэй. Чи ийм шийдвэр гаргах ёстой. Чи залхуурч, махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө бус харин Бурханы төлөө амьдарч бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах шийдэмгий хүн байх ёстой. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй үе байж болно. Яагаад гэвэл чи Бурханы хүслийг ойлгодоггүй учраас тэр юм; дараагийн удаа, чамаас илүү их хүчин чармайлт шаардах байсан ч гэсэн чи махан биеийг бус Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой. Ийм маягаар туршлагажвал чи Бурханыг мэдэж авах болно. Бурхан тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээж чадсан, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй бодитоор харилцаж чадаасай гэсэндээ Тэр махбод болсон, Тэр хүмүүсийн дунд алхаж чаддаг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, цээрлүүлэлт болон ерөөлийг мэдрэх боломж олгодгийг чи харна. Хэрвээ чи үргэлж ийм маягаар туршлагажвал бодит амьдрал дээр Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа боливол чи зэмлэл хүртэж, гэмшиж чаддаг болно. Бурхантай хэвийн харилцаатай байхдаа чи Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэрвээ нэг өдөр л Бурхан чамайг орхино гэдгээ хэлбэл чи айж, Бурханд хаягдсанаас үхсэн нь дээр гэж чи хэлнэ. Чамд ийм сэтгэл хөдлөл төрмөгц Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрнэ, ийм маягаар чи үндэс суурьтай болж, Бурханы хайрыг жинхэнээр нь эдэлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна
444. Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой зүйлс юм. Бурхан газар дээр ирээд хүнд хийсэн, хүнд харуулсан бүхэн нь хүнээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийгөө мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн Бурханы төлөө зовж, өдий хүрч чадсан нь нэг талаар Бурханы хайраас, нөгөө талаар Бурханы авралаас болдог; түүнчлэн энэ нь хүний дотор Бурханы хийдэг шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог. Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүй бол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэхээр хайрладаггүй юм байна. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртай нь төдий чинээ илэрхий байдаг бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ жинхэнээсээ хайрлаж чаддаг. Чи Бурханыг хэрхэн хайрлаж сурах вэ? Тарчлаан, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, мөн түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, олиггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөр өөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
445. Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон дээд цэгтээ хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг, бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэнэ гэдгээ мэдэрнэ; түүнчлэн, чи Бурханыг хангалуун байлгах чадваргүй байх бөгөөд Бурханы хүсэл хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг, мөн Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи: “Миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг, Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй—би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханыг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их ерөөж, Бурханыг гэх хайр чинь төдий чинээ хүчтэй байдаг; иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж, Бурханыг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурханыг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь сульдаж, олон бодит зовлонд ороогдох үе байдаг боловч тийм үеүдэд чи Бурханд үнэхээр найдах бөгөөд сүнсэн дотроо тайтгарч, итгэлтэй байж, түшиглэх ямар нэгэн зүйл чамд байгааг мэдэрнэ. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурханы талаар гомдоллохгүй. Харин дуулж, бүжиглэж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурханы зохицуулдаг бүх хүн, хэрэг явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурханыг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй бус, харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы талаар гомдоллоно, мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шударга бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө эрэлхийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурханыг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас хийдэг бүхэн нь Бурханыг хангалуун байлгах чадвартай—бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханыг гэх хайраа ашиглах явдал юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсэж, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
446. Гашуун цэвэршүүлэлтийн үеэр хүн Сатаны нөлөөнд хамгийн амархан ордог. Тэгвэл ийм цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи хүсэл зоригоо дайчилж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, үлдсэн цаг хугацаагаа Түүнд зориулах ёстой. Бурхан чамайг яаж ч цэвэршүүллээ гэсэн, чи Бурханы хүслийг хангахын тулд үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой бөгөөд өөрөө Бурханыг эрж хайж, ярилцахаар эрэлхийлэх ёстой. Ийм үед чи хэдий чинээ идэвхгүй байна, төдий чинээ сөрөг болж, ухарч буцахад улам амархан болно. Чи чиг үүргээ биелүүлэх шаардлагатай үед тэрийгээ сайн биелүүлдэггүй хэдий ч чадах бүхнээ хийж, Бурханыг хайрлах хайраараа л хийдэг; бусад хүмүүс юу хэлэх нь хамаагүй, тэд чамайг сайн хийсэн, муу хийсэн гэх нь хамаагүй, Бурханы өмнөөс үйлдэж байгаа учраас санаа зорилго чинь зөв байдаг бөгөөд чи өөрийгөө зөвтгөдөггүй. Бусад хүн чамайг буруугаар ойлгох үед чи Бурханд залбирч: “Өө Бурхан минь! Бусад хүн намайг тэвчээсэй, надад сайн хандаасай гэж би гуйхгүй, намайг ойлгож, сайшаагаасай ч гэж гуйхгүй. Би зүрх сэтгэлээрээ Таныг хайрлаж чаддаг, сэтгэл минь амгалан, мөс чанар минь сэвгүй байгаасай л гэж гуйж байна. Бусад хүн намайг сайшааж, хүндлээсэй гэж би гуйхгүй; би зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгах л гэж чармайж, чадах бүхнээ хийж үүргээ гүйцэтгэдэг; хэдийгээр би мулгуу, тэнэг, муу хэв чанартай, сохор боловч Таныг хайр татам гэдгийг мэднэ, байгаа бүхнээ Танд зориулахад би бэлэн байна” хэмээн хэлж чадна. Чамайг ингэж залбирмагц Бурханыг гэсэн хайр чинь бий болж, зүрх сэтгэл чинь илүү уужирна. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэдэг энэ юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
447. Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Бурханы цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөхийн тулд гэж Түүнийг хайрлахаар шийдсэнээр: Цэвэршүүлэлтийн үеэр дотроо тарчилж, зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт байдаг ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр чи Түүнийг сэтгэл хангалуун болгохыг хүсдэг бөгөөд махан биеэ анхаарахыг хүсдэггүй. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлдэг. Дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрсэн ч чи Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Дотор минь харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Таныг надад хайраа илүү их зориулаасай гэж би хүсэх байна” хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг. Энэ бол цэвэршүүлэлтийн үеийн хэрэгжүүлэлт юм. Бурханыг гэх хайрыг сууриа болговол цэвэршүүлэлт чамайг Бурханд илүү ойртуулж, Бурхантай илүү ойр дотно болгож чадна. Бурханд итгэдэг учраас чи зүрх сэтгэлээ Бурханд өргөн барих ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний өмнө дэлгэвэл цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Түүнийг орхин явах боломжгүй байх болно. Ингэснээр Бурхантай харилцах харилцаа чинь улам ойр дотно, улам хэвийн болж, Бурхантай улам ойр ойрхон ярих болно. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор илүү их цагийг өнгөрөөж, зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч, мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ. Бурханы шалгалт гэнэт чам дээр буух өдөр ирэх үед чи Бурханы дэргэд байж чадах төдийгүй Түүнд гэрчлэл хийж чадна. Тэр үед чи Иов болон Петр шиг байна. Бурханд гэрчлэл хийснээрээ Түүнийг үнэхээр хайрлаж, Түүний төлөө баяртайгаар амиа өгнө; чи Бурханы гэрч, Бурханы хайртай нэгэн байх болно. Цэвэршүүлэлт туулсан хайр сул дорой биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалт туулуулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүхнийг дуртайяа хөсөр хаяж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчиж чадваас хайр чинь цэвэр ариун, итгэл чинь бодитой байх болно. Тэгсэн цагт л чи үнэхээр Бурханаар хайрлагдсан нэгэн, үнэхээр Бурханаар төгс болгуулсан нэгэн байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
448. Өөрийнхөө ажлын шаардлагаар, түүнчлэн хүнд хэрэгтэй учраас Бурхан хүнийг гэсгээж, шүүдэг. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба ингэснээр л Бурханыг гэх хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн үнэмшсэн боловч өчүүхэн төдий бүтэлгүйтэл тулгарахад асуудалд ордог; биеийн хэмжээ чинь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй. Өнөөдөр та нар Бурханд зарим нэг талаар хүндэтгэлтэй ханддаг, Бурханаас эмээдэг ба Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг мэддэг ч цэвэр ариун хайранд хүрэх нь байтугай, Түүнийг гэх тийм их хайр ч та нарт байдаггүй; мэдлэг чинь хэтэрхий өнгөц, биеийн хэмжээ чинь мөн л хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нар мөн л гэрчлэл хийгээгүй, оролтын чинь дэндүү багахан нь санаачилгатай байдаг ба хэрхэн хэрэгжүүлэхээ огт мэддэггүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд зөвхөн Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг, гэхдээ тэдэнд хэрэгжүүлэх арга зам байдаггүй, өөрсдийнх нь зорилго юу болохыг ч тодорхой мэддэггүй. Төгс болгуулсан хүмүүс хэвийн хүн чанартай байдгаар үл барам, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас илүү өндөр дээд үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад мөс чанараа ашигладгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам, хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, мөн хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн өөрийн эрхгүй Бурханыг хайрладаг гэдгийг харсан! Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг гэх хайр нь хувийн хүсэл тэмүүллээ биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханыг мэддэгээсээ болоод л Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгах төдийд л сэтгэл ханадаг. Тэд Бурхантай наймаа хийдэггүй, мөн “Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй” гэх мөс чанараар Бурханыг гэх хайраа хэмждэггүй. Төгс болгуулсан хүмүүс: “Бурхан бол Бүтээгч бөгөөд бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх надад байгаа тул би утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлж, Түүнийг хангалуун болгох ёстой” гэж үргэлж боддог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
449. Амьдралдаа Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, олон хүнд сорилтыг амссан. Энэхүү цэвэршүүлэлт Бурханыг хайрлах дээдийн дээд хайрынх нь суурь, бүхий л амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон юм. Тэр дээдийн дээд хайраар Бурханыг хайрлаж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлая гэсэн шийдвэрээс нь болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэ зовлон нь Бурханыг хайрлах замд түүний хөтөч болж, хамгийн дурсамжтай зүйл нь болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахдаа цэвэршүүлэлтийн шаналлыг амсахгүй бол хайр нь өө сэвээр дүүрэн, өөрийн дураар хайраа сонгодог; иймэрхүү хайр Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангаж огт чаддаггүй. Бурханыг хайрлая гэж шийдэх нь Бурханыг үнэхээр хайрлахтай адилгүй. Сэтгэл дотроо тэд Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахыг л бодож, бодол санаа нь хүний ямар ч санааг агуулаагүй мэт, бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч бодол санааг нь Бурханы өмнө аваачихад Бурхан сайшааж ерөөдөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгож, бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн үүнийг Бурханыг хайрлаж буйн шинж, энэ хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй. Хүмүүс олон үнэнийг ойлголоо ч гэсэн цэвэршүүлэлтийг туулахгүйгээр эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний бодит утга учрыг ойлгож, тэр үед л эдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чаддаг; тэр үед хүний санаа бодол нь цөөрч, завхрал нь багасаж, сэтгэл хөдлөл нь багасдаг; тэр үед л хэрэгжүүлэлт нь Бурханыг хайрлах хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Зүгээр нэг амаараа хүлээн зөвшөөрч, оюун санаагаараа хүссэнээр Бурханыг хайрлах үнэний үр дүнд хүрдэггүй, мөн тэр үнэнийг зүгээр нэг ойлгосноор ч хүрч чадахгүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсах шаардлагатай бөгөөд тэгсэн цагт л хайр нь ариун болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу болдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
450. Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр: “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдарсан бол Таныг гэх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн юм. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ: “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ; надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр би Таны төлөө үхэж, Таны төлөө загалмайд цовдлогдох боломжтой байгаа нь намайг тайвшруулж, санааг минь амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгаж, Танд өөрийгөө өгч чаддаг байж, Танд амиа өргөн барихаас илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдруулсан бол би Таныг хайрлахад бүр ч бэлэн байх байлаа. Амьд байгаа цагтаа би Таныг хайрлана. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд Таны зөвт зан чанар надад бүр ч илэрхий болдог. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгодог учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн хангалуун болгож чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас одоо ч сэтгэл ханахгүй байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгч чадаагүй; би мөн ч хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход би Танд маш их өртэйгөө мэдэрч байгаа бөгөөд бүх алдаагаа болон Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөд энэ мөчийг л ашиглаж чадна.”
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
451. Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү өндөр дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэх илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ л амьдрал юм; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг талд идэвхтэйгээр орох идэвх санаачилга гаргахад төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү нарийн ширийн, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө дуулгавартайяа зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй. Нэг л мэдэхэд амьдрал чинь урсаад өнгөрнө; үүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүний хувиар, Бурханыг эрэлхийлдэг хүний хувиар чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгох ёстойгоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгах ёстойгоо болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай бодолцон үзэж чаддаг байх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
452. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсвэл Бурханы хайр татам байдлыг амсаж, харах ёстой; ингэсэн цагт л Бурханыг хайрлах сэтгэл, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр өгөхийг зоригжуулах зүрх сэтгэл тэдэнд төрөх болно. Бурхан үг хэллэг, эсвэл төсөөллөөр нь дамжуулан хүмүүсээр Өөрийгөө хайрлуулдаггүй, Өөрийгөө хайрлуулахаар хүмүүсийг албаддаггүй. Харин Тэр өөрсдийнх нь хүслээр тэднээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийн ажил, айлдвараараа хайр татам байдлаа харуулснаар Бурханыг хайрлах хайр тэдэнд бий болдог. Зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурханд үнэхээр гэрчлэл хийж чадна. Хүмүүс бусдаар шаардуулж, бас түр зуурын сэтгэлийн хөөрлөөс болж Бурханыг хайрладаг юм биш. Тэд Бурханы хайр татам байдлыг, хүмүүсийн хайрлууштай маш их зүйл Түүнд байдгийг харсан учраас, мөн Түүний аврал, мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харсан учраас Бурханыг хайрладаг—тийм учраас тэд Бурханыг үнэхээр магтаж, хүсэмжилж, Бурханыг олж авахгүйгээр амьдарч чадахгүй юм шиг тийм оргилсон сэтгэл тэдэнд төрдөг. Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд цангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн шалтгаан нь тэдний гэрчлэл Бурханыг гэх жинхэнэ мэдлэг болон жинхэнэ хүсэл тэмүүлэлд суурилдагт оршино. Ийм гэрчлэлийг сэтгэл хөдлөлөөр биш, харин Бурхан болон Түүний зан чанарын талаарх мэдлэгийн дагуу хийдэг. Тэд Бурханыг мэдэж авсан учраас Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэмжилдэг бүх хүнд Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдал, бодитой байдлын талаар мэддэг байх ёстой гэдгээ мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл хар аяндаа бий болдог бөгөөд бодитой, бодит ач холбогдолтой, үнэ цэнтэй байдаг. Энэ нь идэвхгүй, хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийн амьдрал хамгийн үнэ цэнтэй, утга учиртай байдаг, зөвхөн тэд л Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь энэ хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдарч чаддагаас болдог. Учир нь тэд харанхуйд биш, харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш, харин Бурханы ерөөсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулахын тулд байдаг, Тэрээр бүх хүний хайрыг хүртэх эрхтэй боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханыг гэрчилж, Бурхантай хамт эрх барьж чадахгүй. Тэд Бурханыг гэрчилж, Бурханы ажилд бүхий л хүчин чармайлтаа зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр эрх мэдэл эзэмшиж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн бөгөөд өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр боловч оршихуй нь нэгэн адил утга учиртай; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдвэртэй, адилхан хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханыг гэрчилдэг хүмүүс орчлон ертөнц даяар аялж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Түүний гэрэлд амьдрах болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна