11-р бүлэг
Хүний энгийн нүдээр, энэ хугацаан дахь Бурханы айлдваруудад ямар ч өөрчлөлт гараагүй мэт харагддаг, учир нь хүмүүс Бурханы ярьдаг хуулийг ухаарч чаддаггүй, Түүний үгийн нөхцөл байдлыг ойлгодоггүй. Бурханы үгийг уншсаныхаа дараа хүмүүс эдгээр үгэнд ямар нэг шинэ нууц байгаа гэдэгт итгэдэггүй; тиймээс тэд ер бусын шинэлэг амьдралаар амьдарч чаддаггүй, харин зогсонги, үхээнц амьдралаар амьдардаг. Гэхдээ Бурханы айлдваруудад хүн ойлгохын аргагүй, бас хүрэхийн аргагүй илүү гүнзгий түвшний утга учир байгааг бид хардаг. Өнөөдөр хүн Бурханы ийм үгийг унших хувьтай байгаа нь хамгийн агуу ерөөл юм. Хэрвээ эдгээр үгийг хэн ч уншаагүй бол хүн үүрд биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн, өөрийгөө мэдэхгүй хэвээр үлдэж, өөрт нь яг хэр олон дутагдал байгааг мэдэхгүй байх байлаа. Бурханы гүн гүнзгий, ойлгохын аргагүй үгийг уншсаныхаа дараа хүмүүс тэдгээрийг нууцхан биширдэг бөгөөд зүрх сэтгэлд нь худал хуурмагтай холилдоогүй жинхэнэ итгэл үнэмшил байдаг; тэдний зүрх сэтгэл хуурамч бараа биш, харин жинхэнэ эд зүйл болдог. Хүмүүсийн зүрх сэтгэлд үнэхээр ийм зүйл тохиолддог. Хүн бүрийн зүрх сэтгэлд өөрийн гэсэн түүх байдаг. Тэд өөрсдөдөө ийнхүү хэлж байгаа юм шиг байдаг: “Үүнийг бараг Бурхан Өөрөө хэлсэн байх—хэрвээ Бурхан биш бол өөр хэн ийм үг айлдаж чадах юм бэ? Би яагаад тэдгээрийг хэлж чаддаггүй юм бэ? Би яагаад тийм ажил хийж чаддаггүй юм бэ? Бурханы ярьдаг бие махбодтой болсон Бурхан үнэхээр бодитой агаад Бурхан Өөрөө юм шиг байна! Би цаашид эргэлзэхгүй. Эс бөгөөс Бурханы гар ирэх үед харамсахад хэтэрхий оройтсон байх юм шиг байна! …” Энэ нь ихэнх хүмүүсийн зүрх сэтгэлдээ боддог зүйл юм. Бурханыг ярьж эхэлсэн үеэс өнөөдрийг хүртэл Бурханы үгийн дэмжлэг байгаагүй бол бүх хүн унах байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ бүх ажлыг хүн биш, Бурхан Өөрөө хийсэн гэж яагаад хэлдэг вэ? Хэрвээ Бурхан чуулганы амьдралыг дэмжихийн тулд үг ашиглаагүй бол хүн бүр ул мөргүй алга болох байв. Энэ нь Бурханы хүч чадал биш гэж үү? Энэ нь үнэхээр хүний цэцэн цэлмэг үг гэж үү? Хүний гайхалтай авьяас уу? Огтхон ч үгүй! Задлан шинжлэхгүйгээр судсаар нь ямар төрлийн цус урсаж байгааг хэн ч мэдэхгүй байх байсан, өөрсдөд нь хэчнээн зүрх байгааг, эсвэл хэдэн тархи байгааг тэд мэдэхгүй байх байсан ба бүгдээрээ Бурханыг мэддэг гэж бодох байсан юм. Тэдний мэдлэг дотор эсэргүүцэл агуулагдсаар байгаа гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Бурхан: “Хүн төрөлхтний хүн болгон Миний Сүнсний шинжилтийг хүлээн авч, өөрсдийн үг, үйлдэл бүрийг сайтар шинжлэх ёстой, түүнчлэн Миний гайхалтай үйл хэргийг харах ёстой” хэмээн хэлсэнд гайхах юмгүй. Бурханы үг зорилгогүй, үндэслэлгүй биш гэдгийг үүнээс харж болно. Бурхан хэзээ ч, хэнд ч шударга бусаар хандаагүй; тийм их итгэлтэй Иов хүртэл үүнээс хэлтрүүлэгдээгүй—тэр бас задлан шинжлүүлж, ичсэндээ нүүр хийх газаргүй үлдсэн юм. Өнөөдрийн хүмүүсийн тухайд бол хэлэхийн ч хэрэггүй. Тиймээс Бурхан: “Хаанчлал газар дээр буун ирэх үед та нарт ямар санагддаг вэ?” гэж даруй асуусан. Бурханы асуулт бага зэрэг л хамаатай боловч хүмүүсийг будилуулж орхидог: “Бидэнд ямар санагддаг вэ? Хаанчлал хэзээ ирэхийг бид одоо ч мэддэггүй, иймээс бид яаж мэдрэмжийн талаар ярьж чадах юм бэ? Үүнээс гадна, бидэнд ямар ч таамаг байхгүй. Хэрвээ би ямар нэг зүйлийг мэдрэх ёстой бол энэ нь өөр юу ч биш, харин ‘мэл гайхах’ явдал байх сан.” Үнэндээ энэ асуулт нь Бурханы үгийн зорилго биш. Юун түрүүнд “Миний хөвгүүд болон ардууд Миний сэнтий рүү цутгах үед агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийг Би албан ёсоор эхлүүлнэ” хэмээх ганц өгүүлбэр бүхий л сүнсний ертөнцийн хөгжил хөдөлгөөнийг нэгтгэн дүгнэдэг. Энэ хугацаанд Бурхан сүнсний ертөнцөд юу хийхийг хүсэж байгааг хэн ч мэддэггүй ба Бурхан эдгээр үгийг айлдсаны дараа л хүмүүст үл ялиг сэхээрэл төрдөг. Бурханы ажилд өөр өөр алхам байдаг учраас бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы ажил ч бас ялгаатай байдаг. Энэ хугацаанд Бурхан үндсэндээ Бурханы хөвгүүд болон ардуудыг авардаг, өөрөөр хэлбэл, тэнгэрэлчүүдийн хариулсан Бурханы хөвгүүд болон ардууд харьцалт, эвдэлтийг хүлээн авч эхэлдэг, тэд өөрсдийнхөө бодол болон үзлийг албан ёсоор арилгаж, энэ дэлхийн аливаа ул мөртэй салах ёс хийж эхэлдэг; өөрөөр хэлбэл, Бурханы ярьсан “агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт” албан ёсоор эхэлдэг. Энэ нь Бурханы шүүлт учраас Бурхан Өөрийн дуу хоолойг айлдах ёстой—хэдийгээр агуулга нь ялгаатай байдаг ч зорилго нь үргэлж адилхан байдаг. Өнөөдөр Бурханы ярианы өнгөнөөс харвал, Түүний үг тодорхой бүлэг хүмүүс рүү чиглэсэн мэт санагддаг. Үнэндээ юун түрүүнд эдгээр үг бүх хүн төрөлхтний уг чанарт ханддаг. Тэдгээр нь хүний нугас руу шууд нэвтрэн ороод, хүний мэдрэмжүүдийг өршөөдөггүй бөгөөд юу ч орхилгүйгээр, юу ч гаргалгүйгээр түүний мөн чанарыг бүхэлд нь илчилдэг. Өнөөдрөөс эхлээд Бурхан хүний жинхэнэ нүүр царайг албан ёсоор илчилдэг, тийнхүү “Өөрийн Сүнсний дуу хоолойг бүх орчлон ертөнцөд гаргадаг.” Эцэстээ хүрэх үр дүн нь энэ: “Өөрийн үгээр дамжуулан Би тэнгэр газар дахь бүх зүйлийг болон бүх хүнийг цэвэрлэн угаана, ингэснээр газар дэлхий бохир заваан, садар самуун байхаа болиод, харин ариун хаанчлал болно.” Эдгээр үг нь хаанчлалын ирээдүйг буюу Христийн хаанчлалыг бүхэлд нь харуулдаг, яг л Бурханы хэлсэнчлэн “Бүгдээрээ сайн үр жимс, бүгд ажилч хичээнгүй тариаланчид” юм. Энэ нь аяндаа орчлон ертөнц даяар тохиолдох бөгөөд зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй.
Бурханыг ярьж, үйлдэж эхлэх үед л хүмүүс, өөрсдийнхөө үзэлд Түүний талаар бага зэргийн мэдлэгтэй болдог. Анх энэхүү мэдлэг зөвхөн тэдний үзэлд оршдог боловч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүсийн бодол улам бүр хий дэмий, хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй болдог; тиймээс тэд “өөрсдийнхөө ухамсарт бодитой Бурханы орон зайг бий болгох” хэмжээнд Бурханы хэлдэг бүхэнд итгэж эхэлдэг. Хүмүүсийн ухамсарт л бодитой Бурханд зориулсан орон зай байдаг. Гэвч, бодит байдал дээр тэд Бурханыг мэддэггүй, дэмий хоосон үг ярихаас өөрийг хийдэггүй. Гэсэн ч өнгөрсөнтэй харьцуулбал тэд асар их ахиц дэвшил гаргасан, гэхдээ бодитой Бурханаас Өөрөөс нь асар их ялгаатай хэвээр байгаа. Яагаад Бурхан үргэлж “Би хүмүүсийн тасралтгүй урсгал дунд өдөр бүр алхаж, өдөр бүр хүн болгоны дотор ажилладаг” гэж хэлдэг вэ? Бурхан иймэрхүү зүйл хэдий чинээ их хэлнэ, хүмүүс тэдгээрийг өнөөдрийн бодитой Бурханы Өөрийн үйлдлүүдтэй төдий чинээ их харьцуулж чадах тул бодитой Бурханыг бодит байдал дээр илүү сайн мэдэж чадна. Бурханы үгийг махбодын өнцгөөс хэлж, хүний хэлийг ашиглан айлддаг учраас тэдгээрийг материаллаг зүйлтэй харьцуулснаар хүмүүс Бурханы үгийг ойлгож, улмаар илүү их үр дүнд хүрч чаддаг. Үүнээс гадна Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл дэх “Би” болон бодит байдал дээрх “Би”-гийн дүр төрхийн талаар ахин дахин ярьдаг, ингэснээр хүмүүс өөрсдийнхөө зүрх сэтгэл дэх Бурханы дүрийг арилгахыг илүү их хүсэж, тийнхүү бодитой Бурханыг Өөрийг нь мэдэж, Түүнтэй харилцахад бэлэн болдог. Энэ нь Бурханы үгийн мэргэн ухаан билээ. Бурхан ийм зүйлсийг хэлэх тусам, Бурханы талаарх хүмүүсийн мэдлэгт төдий чинээ их ашиг тустай байдаг, тиймээс Бурхан: “Хэрвээ Би махбод болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй байх байсан бөгөөд Намайг мэдэж авсан ч гэсэн тийм мэдлэг нь мөн л үзэл байх бус уу?” хэмээн хэлсэн. Үнэндээ, өөрсдийнхөө үзлийн дагуу Бурханыг мэдэхийг хүмүүсээс шаардсан бол энэ нь тэдний хувьд амархан байх байсан; тэд тайван, аз жаргалтай байж, улмаар Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлд үүрд тодорхойгүй, бодитой бус байх байв, энэ нь Бурхан биш Сатан бүхий л орчлон ертөнцийг ноёрхдог гэдгийг нотлох байсан; тиймээс “Би эрх мэдлээ буцаан авсан” хэмээх Бурханы үг үүрд хий хоосон хэвээр үлдэх байлаа.
Бурханлаг чанар шууд үйлдэж эхлэх үе нь бас хаанчлал албан ёсоор хүний ертөнцөд бууж ирэх цаг юм. Гэхдээ хаанчлал хүмүүсийн дунд хэлбэрээ олохыг биш, харин хүмүүсийн дунд бууж ирэхийг энд хэлсэн—тиймээс өнөөдрийн ярьсан зүйл нь хаанчлал хэрхэн хэлбэрээ олох тухай биш, харин хаанчлалын бүтээн байгуулалт юм. Яагаад Бурхан “Бүх зүйл чимээгүй болдог” гэж үргэлж хэлдэг вэ? Бүх зүйл анир чимээгүй болох юм гэж үү? Өндөр уулс үнэхээр чимээгүй болох юм гэж үү? Тэгвэл яагаад хүмүүс үүнийг огт мэдэрдэггүй юм бэ? Бурханы үг буруу юм гэж үү? Эсвэл Бурхан хэтрүүлж байгаа юм уу? Бурханы хийдэг бүхэн тодорхой орчинд явагддаг учраас хэн ч үүнийг мэддэггүй, эсвэл үүнийг нүдээрээ харж чаддаггүй бөгөөд хүмүүс Бурханы ярихыг сонсож л чадна. Бурханы үйлддэг сүр жавхлангаас болоод Бурханыг ирэх үед тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарсан мэт байдаг; Бурханы хувьд бүх хүн энэ мөчийг ажиглаж байгаа мэт харагддаг. Өнөөдөр баримтууд хараахан гарч ирээгүй байгаа. Хүмүүс ердөө Бурханы үгийн үгчилсэн утгын зарим хэсгийг бага зэрэг мэдэж авсан. Тэд өөрсдийнхөө үзлийг арилгах үеийг л жинхэнэ утга нь хүлээж байдаг; тэр үед л тэд бие махбодтой болсон Бурхан өнөөдөр газар дээр болон тэнгэрт юу хийж байгааг мэдэж авна. Хятад дахь Бурханы ардуудад зөвхөн агуу улаан лууны хор байгаа юм биш. Иймээс тэдэнд бас агуу улаан лууны уг чанар илүү ихээр, илүү тодорхой илчлэгддэг. Гэхдээ Бурхан энэ талаар шууд ярьдаггүй, ердөө агуу улаан лууны хорын талаар бага зэрэг дурддаг. Ийм маягаар Тэр хүний шархыг шууд ил болгодоггүй нь хүний ахиц дэвшилд илүү их ач тустай байдаг. Агуу улаан лууны үр сад, бусдын өмнө агуу улаан лууны үр удам гэж нэрлэгдэх дургүй байдаг. “Агуу улаан луу” хэмээх үг тэдэнд ичгүүр авчирдаг мэт байдаг; тэдний хэн нь ч эдгээр үгийг хэлэхийг хүсдэггүй, тиймээс Бурхан: “Миний ажлын энэ үе шат голчлон та нар дээр төвлөрдөг, энэ нь Хятадад бие махбодтой болсны минь ач холбогдлын нэг тал юм” гэж л хэлдэг. Илүү нарийн хэлбэл, Бурхан агуу улаан лууны үр садын ердийн төлөөлөгчдийг байлдан дагуулахын тулд үндсэндээ ирсэн ба энэ нь Бурхан Хятадад бие махбодтой болсны утга учир юм.
“Намайг хүмүүсийн дунд биечлэн ирэхэд тэнгэрэлчүүд хариулах ажлаа нэгэн зэрэг эхэлдэг.” Үнэндээ, тэнгэрэлчүүд бүх хүний дунд ажлаа эхлүүлэх үед л Бурханы Сүнс хүний ертөнцөд ирдэг гэдгийг үгчлэн хэлээгүй. Харин, энэ хоёр ажил буюу бурханлаг чанарын ажил болон тэнгэрэлчүүдийн хариулга нь нэгэн зэрэг гүйцэтгэгддэг. Дараа нь Бурхан, тэнгэрэлчүүдийн хариулгын талаар бага зэрэг ярьсан. Түүнийг “хөвгүүд болон ардууд бүгд шалгалт, хариулгыг хүлээн аваад зогсохгүй, төрөл бүрийн үзэгдэл тохиолдохыг өөрсдийн нүдээр харж чаддаг” гэж хэлэх үед ихэнх хүмүүс “үзэгдэл” хэмээх үгийн талаар асар их төсөөлөлтэй байдаг. Үзэгдэл гэдэг нь хүмүүсийн төсөөлөл дэх ер бусын үйл явдлуудыг хэлдэг. Гэхдээ ажлын агуулга нь бодитой Бурханыг Өөрийг нь мэдэх явдал хэвээр үлддэг. Үзэгдлүүд бол тэнгэрэлчүүдийн ажилладаг арга барил юм. Тэдгээр нь хүмүүст мэдрэмж юм уу зүүд өгч, тэнгэрэлчүүдийн оршин тогтнолыг ухамсарлуулж магадгүй. Гэхдээ тэнгэрэлчүүд хүнд харагдахгүй хэвээр үлддэг. Бурханы хөвгүүд, ардуудын дунд тэдний ажилладаг арга барил нь тэднийг шууд гэгээрүүлж, гэрэлтүүлэх, үүн дээр нэмээд тэдэнтэй харьцаж, тэднийг эвдэх явдал юм. Тэд хааяахан номлодог. Угаасаа хүмүүсийн хоорондох яриа бол тусдаа хэрэг; энэ нь Хятадын гаднах улс орнуудад тохиолдож байгаа зүйл. Бурханы үгэн дотор агуулагддаг зүйл нь бүх хүн төрөлхтний амьдралын нөхцөл байдлын илчлэл юм—мэдээжийн хэрэг энэ нь үндсэндээ агуу улаан лууны үр сад руу чиглэдэг. Бүх хүн төрөлхтний янз бүрийн байр байдлаас Бурхан үлгэр дуурайл болон үйлчлэх төлөөлөгчдийг сонгодог. Тиймээс Бурханы үг хүмүүсийг нүцгэлдэг ба тэд ямар ч ичгүүр сонжуургүй байдаг, аль эсвэл цацрах гэрлээс нуугдах цаг завгүйгээр, өөрсдийнхөө тоглоомд ялагддаг. Хүний олон ааш маяг бол асар олон тооны дүр зураг бөгөөд Бурхан үүнийг балар эртний үеэс өнөөдрийг хүртэл зурсан, мөн үүнийг Тэр өнөөдрөөс эхлээд маргаашийг хүртэл зурна. Түүний зурдаг бүхэн нь хүний муу муухай байдал: Зарим нь харанхуйд уйлж, нүд нь сохорсонд илт энэлэн шаналж байх шиг байдаг, зарим нь инээж, зарим нь том давлагаанд цохигдож, зарим нь овон товонтой уулын замаар алхаж, зарим нь өргөн уудам цөлийн дунд юм хайж, нумын хөвч татах төдийд цочдог шувуу адил айн чичирч, уулын зэрлэг амьтдад идүүлэхээс ихэд айж байдаг. Бурханы гарт энэ олон муухай ааш маяг нь сэтгэл хөдлөм, амьд мэт зураг болдог, тэдгээрийн дийлэнх нь харахад хэтэрхий аймшигтай, эсвэл хүмүүсийн толгойтой үсийг босгож, тэднийг төөрөлдүүлж, будилуулж орхиход хангалттай. Бурханы нүдээр бол хүнээс харагддаг бүхэн нь гагцхүү муу муухай байдал бөгөөд хэдийгээр өрөвдөх сэтгэл төрүүлдэг боловч энэ нь муу муухай байдал хэвээр юм. Хүн Бурхан хоёрын гол ялгаа гэвэл, хүний сул тал нь бусдад нинжин сэтгэл харуулах хандлагатай байдагт оршино. Гэтэл Бурхан хүнд үргэлж нэгэн ижил хандсан, энэ нь Тэр үргэлж нэгэн ижил хандлагатай байсан гэсэн үг юм. Тэрээр хүмүүсийн төсөөлдгөөр хүүхдүүдээ дандаа эхэнд тавьдаг туршлагатай ээж шиг үргэлж сайхан сэтгэлтэй байдаггүй. Бодит байдал дээр, хэрвээ Бурхан агуу улаан лууг байлдан дагуулахын тулд иж бүрэн арга барил ашиглахыг хүсээгүй бол ийм доромжлолд өртөж, хүний хязгаарлалтад автахгүй байх байсан юм. Бурханы зан чанарын дагуу, хүмүүсийн хийдэг, хэлдэг бүхэн Бурханы уур хилэнг өдөөдөг ба тэд гэсгээгдэх учиртай. Бурханы нүдээр тэдний нэг нь ч стандартад нийцдэггүй бөгөөд бүгдээрээ Бурханаар цохиулах хүмүүс юм. Хятад дахь Бурханы ажлын зарчмуудаас болж, түүнчлэн агуу улаан лууны уг чанараас болж, дээр нь нэмээд Хятад бол агуу улаан лууны улс орон, бие махбодтой болсон Бурханы оршин суудаг газар нутаг хэмээх баримтаас болж Бурхан уураа дарж, агуу улаан лууны бүх үр садыг байлдан дагуулах ёстой; гэсэн ч Тэр агуу улаан лууны үр садыг үргэлж жигшинэ, өөрөөр хэлбэл, агуу улаан луунаас гардаг бүхнийг үргэлж жигшинэ—энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Хэн ч хэзээ ч Бурханы үйлдлийн талаар мэдэж байгаагүй, мөн хэзээ ч юу ч Түүний үйлдлүүдийг харж байгаагүй. Жишээлбэл, Бурханыг Сионд буцан ирэх үед хэн энэ талаар мэдсэн бэ? Тиймээс “Би хүмүүсийн дунд чимээгүй ирж, дараа нь хөвөн оддог. Хэн ер нь Намайг харсан юм бэ?” хэмээх үгс нь хүнд үнэндээ сүнсний ертөнцийн үйл явдлуудыг хүлээн авах эрхтэн байхгүй гэдгийг харуулдаг. Түүнийг Сион руу эргэн ирэх үед “нар төөнөж, сар гэрэлтсэн” байдаг гэж Бурхан урьд нь хэлсэн. Хүмүүс Бурхан Сионд эргэн ирэх талаар санаа тавьсаар байгаа учраас—үүнийг хараахан орхиогүй учраас—хүмүүсийн үзэлд нийцүүлэхийн тулд Бурхан “нар төөнөж, сар гэрэлтсэн” гэх үгийг шууд айлддаг. Үүний үр дүнд, хүмүүсийн үзлийг Бурханы үг цохих үед тэд Бурханы үйлдлүүд маш гайхалтай гэдгийг харж, Түүний үг гүн гүнзгий агаад бүх хүний хувьд ойлгохын аргагүй, тайлахын аргагүй гэдгийг хардаг; тиймээс тэд энэ хэрэг явдлыг бүрмөсөн хойш тавьж, Бурхан аль хэдийн Сионд эргэн ирсэн мэт сүнсэндээ бага зэрэг тодорхой байдлыг мэдэрдэг тул энэ хэрэг явдалд асар их анхаарал хандуулдаггүй. Энэ мөчөөс эхлээд тэд Бурханы үгийг нэгэн зүрх сэтгэл, нэгэн оюун ухаанаар хүлээн авч, Бурханыг Сионд буцан ирсний дараа гамшиг тохиолдох болно гэж түгшихээ больдог. Зөвхөн тэр үед л Бурханы үгийг хүлээн авч, хамаг анхаарлаа Бурханы үгэнд хандуулах нь хүмүүст амархан байх ба тэд өөр юуг ч анхаарах хүсэлгүй болдог.